Categories
мэдээ цаг-үе

Н.Батцэцэг: Би юу эсийг үзэж, юу эсийг эдэлсэн билээ

Үндэсний
кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойн нээлттэй өдөрлөгийн үеэр “Гэрлэж
амжаагүй явна”, “Суварган цэнхэр уулс”, “Эх бүрдийн домог” зэрэг олон сайхан
киноны дүрээрээ үзэгчдийн сэт­гэлд хоногшсон Монгол Улсын гавьяат
жүжигчин, “Монгол­жин” студийн захирал Н.Батцэцэгтэй ярилцлаа.

-Хүмүүс Богд, хатан хоёртой зургаа
авахуулж, гарын үсгийг нь авах гэж дараалалд зогслоо. Та­ны хувцас Богдын
музейд бай­даг жинхэнэ хувцастайгаа адилхан харагдаж байна шүү?

-Кино хүнд хүчтэй
хүрдэг урлаг. Хоёрдугаарт хувцас, биднийг чимээд хүмүүсийн сонирхлыг илүү их
татаад байна. Түүнээс биш намайг гудамжинд явж байхад оволзоод байхгүй шүү дээ.
Богд хаантан маань хажууд сууж байна. Хэзээнээсээ манайхан төр засаг, дуучид
киноныхноо хүндэлдэг. Бидний хувцсыг “Уран гоёл” гэдэг компани урласан. Дэлгэцэнд юм олон дахин томорч харагддаг.
Тийм учраас жинхэнэ хэрэглэж байсан эд зүйлстэй нь маш адилхан хийхгүй бол
гологдоно. “Уран гоёл”-ынхон их
гялалзаад байхгүй хэрнээ алтан утастай
юм шиг материал олох гэж их зовсон гэсэн. Товч нь алт шиг байх
учиртай. Богд хаантных шүр шиг том.
Хэмжээ нь ч нарийн байх ёстой. Малгайны
орой дээрх очир энэ тэрийг ч дүйцүүлсэн. Донж тун нь таарна гэдэг их учиртай
шүү. Хувцас энэ бүхэн амилсан өдөр байлаа. Дөнгөж зүүнээсээ гарсан хувцас
өмсөөд, киноныхоо 80 жилийн өдөрлөгт оролцох сайхан байна. “Монгол кино
нэгтгэл” ойдоо зориулаад олон арга хэмжээ хийж байгаа. Тэрний нэг нь нээлттэй
өдөрлөг. Монгол киноны дуу ямар сайхан билээ гэдгийг эргэж санаад, сэтгэл нь
хөглөгдөж, хичнээн сайхан жүжигчид байдаг билээ гэдгийг харж нүд хужирласан сайхан өдөр байлаа. Хүмүүс ч маш их ирсэн байна.

-Та зохион байгуулалтын ажилд оролцож
байгаа юм уу?

-Би Кино урлагийн
дээд сургуульд багшилж байгаа. Уран бүтээлч хүний хувьд зүрх сэтгэлээрээ
жигүүрлээд, эрвийх дэрвийхээрээ энд
гүйж байгаа шүү дээ, бид.
Уран бүтээлийн үед, ойн үеэр бие биетэйгээ уулзана гэдэг бидэнд давхар
баяр байдаг. Жишээлбэл гавьяат жүжигчин
Ш.Дэлгэржаргал эгч миний тоглосон анхны кинонуудын дууг хийсэн. Би чинь дуу
хийх чадваргүй нөхөр орж ирж байлаа.
(Н.Батцэцэг гавьяатыг ингэж хэлэхэд дэргэд нь сууж байсан Тунгалаг Тамирын Дулмаа эгч “Наадах чинь өөр мэргэжил
эзэмшсэн, Улсын их сургуулийн Орос хэлний ангийн оюутан байсан юм чинь” хэмээн
тайлбарлав) Киноны дуу оруулалт гэдэг
тухайн дүрийн 50 хувийг шийддэг гэдэг. Амилуулж өгнө гэсэн үг. Эднийгээ харах надад давхар баяр
болдог.

-Өдөрлөгийн үеэр таны тоглосон олон
киноны хэсэг дэлгэцэнд гарлаа. “Гэрлэж амжаагүй явна”, “Суварган цэнхэр уулс”
гээд хуучны сайхан кинонуудын хэсгээс эргэн харахад сайхан байлаа. Ялангуяа та
сурвалжлагч эмэгтэйн дүр бүтээсэн хүн. Сурвалжлагч Солонго “Хунгийн дуу” дуулдаг хэсэг байдаг. Амьдрал
дээр та хэр дуучин бэ?

-Би дуучин. Гэхдээ хоолойгоороо биш сэтгэлээрээ.
Миний дотор дандаа аз жаргалын сайхан аялгуу эгшиглэж байдаг. Тэр киноноос эхлэлтэй. Дэргэд маань намайг
сайхан хөг аялгуугаар цэнэглэдэг уран бүтээлчид маань байдаг. Зарим өдөр гуньдаг. Энд ороод
ирэхэд баяр баясгалан эрч хүч авдаг.

-Сурвалжлагч Солонгын дүрээр зарим хүн
сэтгүүлчдийг төсөөлөөд байдаг. Та сурвалжлагчийн ажил амьдралыг хэр судалж
байв?

-Багадаа сэтгүүлч юм уу хэлмэрч болно гэж боддог
байлаа. Багаасаа дүр төрхийг нь гадна
талаас нь төсөөлдөг. Яг хийдэг ажлыг нь сайн ухамсарлаагүй байлаа. Кинонд
тоглох болсноороо сурвалжлагчийн
хөдөлмөрийг жаахан гадарлах болсон. Хүн
байнга л суралцаж байдаг. Одоо ч би тантай ярилцаж байхдаа сурвалжлагчийн ажил
ямар их тэвчээр шаарддагийг мэдэрч
байна. Яагаад гэвэл та намайг түрүүнээс хойш
удаан хүлээлээ.

-Таныг
хатны хувцастай алхахыг хараад Богдын хатан ингэж л намс намс алхдаг
байсан болов уу гэж санагдсан. Та угийн
ингэж алхдаг уу. Эсвэл хатны алхааг өөртөө суулгасан уу?

-Би чинь өглөө босуутаа тогонд залгасан юм шиг гүйдэг хүн
шүү дээ. Ажил ундарч байдаг учраас амжихын тулд
биед амар хувцас өмсөөд, машиндаа год хийж гүйж ороод хурдхан шиг
асаагаад алга болно. Өнөөдөр Богдынхоо дэргэд яваа хатан юм чинь яалаа гэж
хурдлах вэ.

-Гэнэнпил Богдын хат­наар шилэгдэж,
тэнгэрийн од шүүрсэн юм шиг мөртлөө
эмгэнэлтэй төгссөн бүсгүй. Тэр эмэгтэйн хувь заяаны талаар та
эрэгцүүлсэн байх?

-Тэр бол асаж
дүрэлзээд унтарсан гал. Бусдыг гэрэл­түүлье гэвэл өөрөө дүрэлз гэдэг. Хүч­тэй эр хүний дэргэдэх эмэгтэй
чухал үүрэгтэй байдаг. Тэр эр хүн тодорсны
нууц нь дэргэдэх эмэгтэйдээ ч
байж магадгүй. Богино хугацаанд асаад өнгөрсөн гал дөл, гэрэл гэгээг харуулахад
хажууд байсан уран бүтээлчид маань нөмөр нөөлөг болсон. “Хааны сүүлчийн хатан” гэдэг бол “Монгол кино
нэгтгэл”-ийн захирал Ж.Солонгын бүтээл.
2000 онд бүтээгдсэн, хальсны бөгөөд хамгийн олон мэргэжлийн уран бүтээлчийг
нэгтгэсэн кино байлаа. Энэ кинон дээр Гэнэнпил хатан хэлдэг юм. “Би юу эсийг
үзэж, юу эсийг эдэлсэн гэх билээ” гэдэг. Тийм залуухандаа буцаж байгаа ч
амьдралд сэтгэл нь ханачихсан. Харамсах юмгүйгээр явж байгаа хүн. Энэ үгэнд их дуртай.
Амьдралд, өөртөө өег байх хэрэгтэй.

-“Эх бүрдийн домог” киноны
Нарангарвуу хэмээх эмзэг танхил охиноос
авахуулаад хэчнээн олон эмэгтэйн дүрд та хувирав. Энэ бүхний эцэст та юутай
үлдсэн бол?

-Амьдралын баялаг
туршлага үлдсэн. Зөөлөн сэтгэл, гэгээрэл
үлдсэн. Хүүхэд байхдаа гэнэн томоогүй, юмыг өөрийнхөө бодсоноор шийддэг нөхөр
явлаа. Амьдрал надад маш их ухаарал өгсөн.

-Нарангарвуугаа одоо харахад юу бодогдох вэ?

-Миний 18 нас.
Хамгийн томоогүй, юу ч хийж чадахаар
гэнэн дүр төрх үлдсэн. Би маш их
өөрчлөгдсөн. Миний залуу нас үлдсэн дэлгэцэндээ хайртай байлгүй яахав.

-Одоо бол та ямар уран бүтээл хийхийг
хүсч байна вэ?

-Үр хүүхдээ зөв
гишгэж, сайн уран бүтээл хийхэд нь ивж, түшиж явна. Нас ахиад ирэхээр би тийм уран бүтээл хийнэ
гээд асаасан танк шиг явдаг маань жаахан саарч байна. Кинондоо хайртай. Энэ
тойргоос нүд аньтлаа гарч чадахгүй. Манай гэрт гурван найруулагч байна. Би
ганцхан эмэгтэй жүжигчин. Уран бүтээлч гэр бүл дэх ганц Гэнэнпил хатан нь.

– Та
олон дүрд хувирлаа. Харин хэзээ өөрийгөө олсон бэ?

-Кинон дотроос би өөрийгөө олж авсан. Кино
намайг зүлгүүрдэж, уран бүтээлчийн хувьд
ирлэсэн ч миний өөг мөлийлгөж өгсөн.
Цаашдаа хүүхдүүдээ сайн уран бүтээлч болгоод, тоогдсоор байх юм бол
кинондоо чадах хэрээрээ оролцож явна. Энэ амьдралдаа сэтгэл хангалуун байгаа.

-Сайхан бүсгүй байх хэцүү юу?

-Баярлалаа. Бүтэн
нэртэй, бүлээн зүстэй явна гэдэг сайхан.
Бусдын хайр хүндлэлийг хүлээж, сайхан үг
сонсч явна гэдэг сайхан. Энэ бол киноны хишиг.

-Дэлгэцийн сайхан бүсгүйг харж байхдаа
хүмүүс “Энэ сайхан бүсгүйн араас эрчүүд
хуйлардаг байх” гэж боддог байх. Амьдрал дээр ямар байсан бэ?

– Амьдрал дээр
бол хүн намайг эргүүлж байгааг мэддэггүй. Хүнээс захиа авна гэж мэддэггүй байсан. Тэр үед нарийн ширийн юм мэддэггүй. Одоогийнх
шиг мессеж, интернэт гэж байсан биш. Миний хойноос амьтан
нэг их сүрхий яваад шаваад байсныг мэдэхгүй.

-“Анхны амьдрал нь бүтээгүй юм гэнэ
лээ” гэж хүмүүс ярьж байхыг сонссон?

-Миний анхны хань
сайн залуу таарсан. Одоо бурхан болсон. Бид хоёр ерөөлгүй л байсан. Түүнээс биш
хоёр биендээ сайн байлаа. Ажил явдал дээр нь очсон. Ивээл жилтэй төрсөн ч,
ижилсэхийн заяагүй амраг минь гэдэг шиг л хамт амьдрах хувьгүй байсан юм
билээ. Сайхан андууд болоод үлдсэн дээ.
Амьдралд ийм юм байдаг юм байна. Амьдрал сайхан л байна. Бурхан сайхан зурсан
байна. Намайг ухаажуулах эхний алхмуудыг хийж өгсөн.

-Яаж сайхан хэвээрээ залуу нас, гоо
үзэсгэлэнгээ хадгалж үлдэх вэ гэдэг бүсгүй болгоны хүсэл байх. Та энэ талаар
зөвлөөч?

-Юугаа хэлдэг юм
бэ. (Инээв) Хүмүүс ярих нь “Бүтэн
нойртой, сэтгэл амар бай” л гэдэг. Сэтгэл амар байх хэрэгтэй. Сайн унтаж байх
хэрэгтэй. Сайхан унтаад босоод ирэхээр
зан хүртэл сайхан болчихдог. Царай тунгалаг болчихдог.

-Та нэг хэсэг гадаадад амьдарч байсан.
Гадаадад амьдарч байхад эх орноо ямраар
мэдэрдэг вэ?

-“Элэг зүрхнээс
уяатай”-г сонсоод нулимс бөмбөрөөд
байдаг. Гадагшаа очоод удахаар ертөнцийн жижигхэн буланд байгаа халуун
дулаан хайртай улсуудаа мөрөөддөг.

Categories
мэдээ цаг-үе

“Макс”-ын Д.Ганбаатарын сарт хээр АНУ-д болох дэлхийн аваргад уралдана

“БРИДЕРС КАП”-ИЙН
ТҮРҮҮ ХҮЛЭГ ДУНДЖААР 1-6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛТАЙ

Монгол Улсын тод ман­лай
уяач Дагвадоржийн Ган­баатарын цэвэр англи цусны сартай хээр зүсмийн ажнай хүлэг
Америкт болох дэлхийн аваргын дэвжээнд тоосоо өргөх гэж байна. Тодруулбал энэ сарын
30, 31-нд Америкийн Кентаки мужийн Лэксинтон хотод морин урал­дааны дэлхийн аварга
шалгаруулах “Бридерс кап” тэмцээн болох юм. Наяад оны эхэн үеэс дэлхийн аваргын
уг тэмцээн АНУ-д зохиогдож ирсэн бөгөөд Францын Триумфальная Арка, Арабын
Дубайн цом, Австралийн Мельбурны цом, Америкийн Эпсомийн Дебри, Японы цом зэрэг
уралдаануудад бахдам амжилт гаргасан дэлхийн шилмэл хурдан хүлгүүд хурд хүч, ир
бяраа сорьдог ажээ.

Дээрх цомын тэмцээнүүдэд
түрүүлсэн моринд дунджаар 1-6 сая ам.долларын шагнал олгодог байна. Энэ нь өндөр
шагналд тооцогдох нь мэдээж. Мөн цэнгэлдэх хүрээлэнд морин уралдааныг үзэн сонирхож
буй бизнесмэн, тив, дэлхийн нөлөө бүхий эрхмүүд, моринд хорхойтой үзэгчид бооцоо
тавьж сэтгэ­лийн цэнгэл эдэлдгийг бид мэдэх юм. “Бридерс кап” морин уралдааны дэлхийн
аваргын дэвжээнд өмнө нь араб, будённый, тракен, ахал­тек, дон, кабардин,
орловын хатирч, англи-араб, англи-будённы, англи-кабардин, англи-крачеев,
англи-тракен, англи-терский үүлдрийн шил­мэл хүлгүүд шандсаа сорьж ирсэн түүхтэй
юм. Одоогоос гурван жилийн өмнөх намар “Бридерс кап” уралдаан АНУ-ын Калифорни
мужийн Санта Анита цэнгэлдэхэд болж байсан. Тэрхүү уралдаанд хурдан морь
сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээдэг таван сая долларын шагна­лын сантай классик
гараанд төдийлөн нэрд гараагүй Форт Ланед гэдэг америкийн халтар соёолон гараан
дээрээс өнгөлсөөр түрүү маг­найд хурдалж спортын нэвтрүүлгийн олон улсын сувгаар
хүн төрөлхтөнд хүрч байсан удаатай. Энэ удаагийн “Бридерс кап” тэмцээнд хоёр өдрийн
турш нийт 13 төрөлд ажнай хүлгүүд уралдах гэнэ. Нийт шагналын сан нь 26 сая ам.доллар
аж. Монгол Улсын нэрийн өмнөөс уралдаж байгаа тод манлай уяач Д.Ганбаатарын “Mongolian saturday” морины уралдах turf
sprint буюу богино зайн төрлийн шагналын сан нь нэг сая ам.доллар юм байна.

“МАКС” ГАНБААГИЙН
“Mongolian saturday” БУЮУ САРТАЙ ХЭЭР ТАВАН НАСТАЙ АДУУ

Д.Ганбаатар манлайн
дэлхийн дэвжээнд тоосоо өргөх гэж буй сартай хээр морь өнөө жил таван нас хүрч байгаа
аж. Уг ажнайг дааган настай байхад нь дэлхийд зартай “Keenland”-ын дуудлага худалдаанаас Монгол Улсын
тод манлай уяач, гавьяат малчин Д.Онон, алдарт уяач Э.Ганбат нар цаашид хурдлах
зартай хүлэг болно гэх эрмэлзлээр авч байсан гэдэг. Онон манлай монгол угшлын адуунаас
гадна цэвэр цусны эрлийз адууг хүртэл гарамгай таньдаг гэдгээ “Макс” Ганбаагийн
сарт хээр дээр нотолсон гэж хэлж болох юм. Биеийн хийц галбир сайтай, тухайлбал,
эрүү түүш урт, магнай тэнэгэр, дөрвөн мөч
тэгш, гол ясны бяртай гэх онцгой хурдан адуунд байх олон шинж зэрэг бүрдсэн хэмээх
яриа тухайн үед уяачдын дунд хөвөрч байв. “Америкийн уралдаануудад удахгүй Монголын
нэрийг гаргасан адуу дуурсагдана. Онон манлайгаар шинжүүлж Максын Ганбаа дэлхийн
баячууд үнэ хаялцдаг талбараас хурдын удмын адуу худалдаж авчээ. Дэлхийн зангарагтай эрчүүдтэй Монголын
уяачид эн зэрэгцэж эхэллээ” хэмээх жиг жуг дуулдаж л байсан. Д.Ганбаатар манлай
эртнээсээ л хурдан адууны үүлдэр угсааг сонирхож, төрсөн ах тод манлай уяач Цэрэнжигмэдийн
хамтаар Макс угшил гэдгийг бий болгохоор зорьсон. Түүний хүсэл мөрөөдөл ийнхүү эхнээсээ
биелж “Макс”-аар нь овоглосон, Монголын нэрийг дуурс­гасан ажнай хүлэг тив, дэлхийн
шилдгүүдтэй Америкийн хамгийн алдартай уралдаанд ийнхүү шандсаа сорих гэж байна.
“Mongolian saturday” хэмээх нэртэй сарт хээр морь өнөө жил арваад тэмцээнд уралдахдаа
хоёр удаа түрүү магнай болж, гурван удаа аман хүзүүнд давхиж, мөн хоёр удаа гурвалсан
амжилтаар “Бридерс кап”-ийн ойрын зайн төрөлд дэлхийн алтан тууртуудтай хүч үзэх
болзлыг хангасан байна.

“Mongolian
saturday” буюу сарт хээрийн албан ёсны хуудсанд ингэж бичсэн байна. Түүний эцэг
нь “any given saturday” аж. Үүнийг монголчилбол байдаг л нэгэн бямба гариг гэсэн
утгатай үг болно. Харин эх нь “miss hot salsa” гэж байгаа. Мөн л хошин маягаар монголчилбол
“Хатагтай, халуухан салса” гэж бууна. Тэгэхээр “Макс” Ганбаагийн сарт хээр халуухан
Салса “хатагтай”-гаас төрсөн, байдаг л нэгэн “бямба гариг”-ийн үр төл ажээ. Байдаг
л нэгэн бямбын үр төл ийнхүү “Монголын бямба” болж, Чингисийн удмынхны өмнөөс Америкийн
дэвжээнд шандсаа сорихоор болсон түүх энэ буюу.

“МАКС”-ЫН УГШЛЫН
АДУУНУУД ХЭРХЭН АМЖИЛТ ГАРГАВ

Шинэ монгол адуу
үүсэж хөгжихөд үлэмж хувь нэмрээ оруулж яваа ах дүү тод манлай уяачдыг бид
“Жигүүр хул”, “Асгат саарал”, “Зандан хүрэн”, “Дэлт хээр” зэрэг энэ цагийн
хурдан хүлгүүдээр нь мэднэ. “Макс”
угшлын бага насны адуунууд 2006 оны
“Тамирын хурд”-д онцгой амжилт гарган хээр даага, халтар шүдлэн, сартай зээрд
соёолонгууд тус тус түрүүлж байсан. Цэрэнжигмэд манлайн зээрд үрээ тэр жил Алтан-Овооны
тахилгад айрагдаж байсан удаатай. Шинэ монгол
адууны гол төлөөлөл болох уг зээрд үрээний эцэг
нь ОХУ-аас авчирсан Будённый азарга бөгөөд эх нь 2003 оны улсын их баяр
наадамд зургаагаар давхиж, Архангайн 80 жилийн ойн даншиг, 2004 онд болсон
“Монгол азарганы бооцоот уралдаан”-д тус тус түрүүлсэн алдарт Зандан хүрэн
азарганы дүү гүү юм. Зээрд үрээ ардын
хувьсгалын 88 жилийн ой төрийнхөө их баяр наадмын хязаалангийн уралдаанд аман хүзүүдэж , Ламын гэгээн
Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 370 жилийн ойн Хангайн бүсийн даншиг
наадамд магнайдаа тоосгүй ирж олныг гайхшруулж байсан. Америкийн морин тойруулгын
шилдэг хүлгүүдийг нэг хэсэг Монгол Улсын тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуяг
сойж байсан удаатай. Түүнийг эрлийз морьдын уяагаар гаршсан нэгэн гэдэг.

Тэрээр “Макс” үүлдрийн
шинэ монгол адууг бий болгоход хувь нэмрээ оруул­сан. Хоёр жилийн өмнө хурдан морьдын
дуудлага худалдаа зохион байгуулагдахад тод манлай уяач С.Ганхуяг өнөө жилийн дэлхийн
аваргын тэмцээн болох гэж байгаа АНУ-ын Кентаки мужийн дуудлага худалдаанаас авч
Монголд оруулж ирсэн цэвэр цусны англи үүлдрийн “Withheld” нэртэй гүүг зарахаар
болсон. Түүний санал болгосон гүү 35
мянган америк доллараар анх дуудуулж, моринд дуртай олны дунд шуугиан тарьж байсан
түүх бий. Гэвч Ганхуяг манлайн 35 мянган ам.долларын үнэтэй англи цусныг гүүг үнэ
цохиж авах хүн тухайн цагт гараагүй юм.

Монголын уяачид дундаас
олон улсад морь уях албан ёсны эрхийг Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул Монгол
Улсын алдарт уяач Энэбишийн Ганбат авсан байдаг. Тэрээр С.Ганхуяг манлайтай хамт
нэг хэсэг “Макс” Ганбаагийн морьдыг Америкт уяж байсан юм. Тэрээр “Дэлхий дээр
цэвэр цусны Англи адуу хамгийн хурдан байдаг. Энэ адууг хүн төрөлхтөн бий
болгоод 300 гаруй жил болж байна. Гэтэл монгол адуу хэдэн мянган жилийн
түүхтэй. Бид хурдан адууны удмын бичиг гаргамаар байна. Монгол хүмүүс бид
өөрсдийнхөө таван үеэ мэдэхгүй байхад англи адуу 20 үеийн удмын бичигтэй байна.
Цэвэр цусны англи адууг зөвхөн уралдуулах зорилгоор олон жилийн үржил селекцийн
нөр их хөдөлмөрийн үр дүнд гаргаж авсан. Уналга, ачлага, ан гөрөө, мал
хариулахад хэрэглэдэггүй, цэрэг дайны зориулалтгүй, махыг нь хүнсэнд
ашигладаггүй. Энэ адуу чухам ямархуу үнэ
цэнтэйг дараахь жишээ харуулна. Алдарт Нортерн Дансер азарга нэг сая долларын
ханштайгаар гүү гишгэдэг байсан. Монгол адуу 20-25 километрт 40км/цаг хурдтай
давхидаг бол шинэ монгол адуу 46 км/цаг хурдтай давхиж байна. Англи адуу 200
метрийн таранд 75 км/цаг хурдтай, 2400 метрийн уралдаанд 60 км/цаг хурдтай
давхидаг” хэмээн өгүүлж байсныг энд сонирхуулахад илүүдэхгүй биз ээ. Э.Ганбат уяач
албан ёсны эрхийнхээ дагуу эдүгээ Америкт ажиллаж амьдарч морин тойруулгын морьдыг
сойж байгаа билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.БАТ-ҮҮЛ: Хуучин цагт нам бэртэгчин үйлдвэрлэдэг байсан бол одоо муу хүмүүсийг, араатнуудыг үйлдвэрлэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

Дахин төлөвлөлтийн зөвшөөрлийг би биш иргэд гаргадаг

-Хотын даргатай уулзаж байгаагийнх ярилцлага маань нийслэл хоттой холбоотой сэдвээр эхлэх ёстой байх. Гэхдээ тантай илүү өргөн хүрээнд ярилцах хүсэлтэй байна. Өнгөрсөн сонгуулиар гэр хорооллын барилгажилт танай багийн гол барьж гарч ирсэн туг нь байсан. Энэ ажил хэр явж байна даа. Одоо сонгууль ч дөхлөө. Үүнийг бид бүтээлээ гээд харуулах зүйл хэр байгаа вэ?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хариуцсан хороог Д.Баттулга даргалж байгаа. Гүйцэтгэх удирдлагыг нь миний орлогч дарга С.Очирбат хариуцаж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хүмүүсийнхээ хийсэн ажилд дүн тавь гэвэл би онц дүн тавина. Үнэндээ гэр хорооллын дахин төлөвлөлт бол хэн хүний хэрээс хэтэрсэн ажил юм шүү. Энэ бол яах ийхийн зуургүй амархан бүтээд, нүдэн дээр босоод байдаггүй. Японд гэхэд 6.7 га газар дээр дахин төлөвлөлт хийх гэж 16 жилийг зарцуулсан байдаг. Газрынхаа эзэдтэй хөрөнгө оруулагч тал нь тохироход 12 жилийг зарцуулж, үлдсэн дөрвөн жилд нь барилгажилтаа хийсэн байх жишээтэй. Сөүлд гэхэд ийм ажилд таваас доошгүй жил зарцуулдаг гэдэг. Үүн­тэй манай хоёр даргын хийсэн ажлыг харьцуулаад үзэхээр үнэхээр хурдтай, дээ­рээс нь сайн байгаа юм. Улаан­баатарын гэр хорооллыг дахин төлөвлөх энэ ажлын дундуур МАН-ын Д.Сумьяабазар орж ирээд, гутаах гэж хичнээн оролдов доо. Ажил урагшилж байхад голоор нь их муухай хор гүйлгэсэн. Уг нь газрын эзэн, бизнесийн байгууллага хоорондын тохиролцоо явж байхад хэн ч дундуур нь орох ёсгүй юм. Нарантуул зах дээр хоёр хүн наймаа хийж байхад хажуугаас нь Д.Сумьяабазар ч юм уу, МАН ч юм уу гүйж ороод байвал утгагүй шүү дээ. Нэг нь газраа үнэтэй өгөх гээд, нөгөөх нь хямд авчих гээд аль аль тал нь сэтгэл хангалуун үлдэхэд амаргүй ийм наймааг хөндлөнгөөс хэн нэгэн үймүүлэх эрхгүй юм. Наймаа тохирч байгаа хүмүүс өөрсдөө л шийдэх асуудал.

-Тэр олон хүнтэй тохиролцож, газрыг нь аваад байшин барина гэдэг ихээхэн эрсдэл дагуулсан, хөдөлмөр зарцуулсан ажил байх шүү?

-Та бүхэн санаж байгаа бол анхны санаа маань иргэд хамар хашаагаараа хоршиж, газраа барьцаалж зээл аваад газар дээрээ байшин барих тухай байлаа. Гэхдээ тэр үед газрын үнэ үнэхээр бага. Баянхошуунд гэхэд 5-8 сая төгрөг, Дамбадаржаад 2-5 сая гэх жишээтэй л байсан. Газар өөрөө барьцаалбар болох чадваргүй байлаа. Тэгэхээр нь компаниудыг өнөөдөр хэрэгжиж байгаа хэлбэрийн дахин төлөвлөлтийн ажил руу уриалаад оруулсан. Үнэндээ ч компаниуд маш их эрсдэл хүлээж үүн рүү орсон. Тооцоогүй уруу татагдаад орсон гэнэн компаниуд ч бий. Нэгжийн талбар дээр тэдний газар ч байхгүй, нэг газрын эзэн өөр юм хэлээд суухад л ихээхэн эрсдэл хүлээхээр ийм ажил руу тэр компаниуд орчихсон. Харин тэдний харанхуй эр зоригийн үр дүнд нь газрын үнэ эрс өссөн юм. Байршлаасаа шалтгаалаад янз янз байгаа ч зарим газар 250 сая ч гэж байна, зарим нь 80 саяар яригдаж байна. 20-30 саяын ч газар байгаа. Ямар ч байсан барьцаа болох боломжгүй байсан газруудын үнэ дунджаар 10 дахин өссөн юм. Өнөөдөр иргэд тэр бүр газраа зарах бодолгүй хүлээзнэж байгаа нь үнэ цэн нь өссөнийх. Харин одоо анх ярьж байсан ажлаа хэрэгжүүлэх боломжтой болж байна. Чингэлтэй дүүрэгт есөн айл газраа нийлүүлээд тэндээ 56 айлын орон сууц барих гэж байна. Есөн айл нь байрандаа ороод үлдсэнээ зарах нь байна шүү дээ. Ийм боломж бий болж байна. Санаанд нь буухгүй байсан зүйлс эхнээсээ биелж байна.

-Үнэндээ ч анх сонгуулиар ярьж байхад үнэмшилгүй санагдаж байсан л даа?

-Хүмүүс их энгийн асуултыг өөрсдөдөө тавьдаггүй юм. Өөр нэг хувийн компани Яармагт газар аваад барилга барьж болдог, харин бид яагаад газар дээрээ хотхон байгуулаад орж болдоггүй юм бэ гэдэг асуултыг өөрсдөдөө тавьж чаддаггүй. Том компанийн ажил нь өөдрөг байж болдог, харин биднийх ийм уруу дорой байна гэж хүлээн зөвшөөрөөд байгаа юм шиг. Би анх үүнийгээ хүмүүст тайлбарлаж ойлгуулах гэж үсэрч дэвхцэхээс наагуур зүйл болж байлаа шүү дээ. Угаасаа миний ярьж байгааг эхэндээ хүмүүс хүлээж авдаггүй, үнэмшдэггүйд нь сурчихсан юм. Анх монгол хүнийг гадаадад зорчих чөлөөт паспорттой болгоно гэхэд гайхаж, малыг малчдад өгнө гэхэд галзуу солиотой зүйл ярилаа гэдэг байлаа. Гэвч биеллээ олсон, хэнд ч гайхам сонин байхаа больж. Одоо газраа барьцаалж зээл аваад байшингаа барих боломжтой болж байна.

-Тэгэхээр яг хэдийд шийдэгдэнэ гэсэн үг үү. Хэдийгээр явц нь удаан байдаг гэж байгаа ч нэг багцаа хэрэгтэй байна л даа?

-Одоо бид Азийн хөгжлийн банкнаас эхлээд банкуудтай ид ярьж байна. Хөрөнгө оруулалтын сан байгуулах талаар урьдчилсан байдлаар ярьж байна. Зээл өгч байгаа талд алдах зүйл юу ч байхгүй. Хэрэв зээлээ өгч чадахгүй байвал тэр 56 айлын орон сууцыг нь авна л гэсэн үг ш дээ. Алдах юм огт байхгүй. Гэхдээ иргэд маань үүнийг хүлээгээд суулгүй яаж хоршихоо тохирч, байшингийнхаа эскизээс эхлээд ажлын зураг гаргах том ажлуудаа хийх нь чухал байна. Энэ бүгдийгээ биднийг хүлээлгүй зэрэгцүүлээд хийж байгаарай гэдгийг иргэддээ хэлээд байгаа юм. Сан байгуулахаар л эхэлнэ гээд хойш суувал оройтно шүү.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр хотын удирдлагууд мөнгө угааж байна гэдэг шүү дээ. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хувьд барилгын компаниуд хөрөнгө мөнгө байхгүйгээс ажил зогсчихоод байна. Өнөөдөр угаалгаад байх мөнгө хаана ч байхгүй. Дээрээс нь тэнд шийдвэрийг дарга нар биш иргэд гаргадаг. Би энэ асуудлыг нугалж авч яваа орлогч дарга С.Очирбатдаа байнга хэлдэг юм. Хэрэв энэ мэт яриа хөөрөө гарах юм бол шууд шүүх хяналтын байгууллагад хандаж учрыг нь олуул аа. Энэ бол чиний ч асуудал биш гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг том бодлогыг гутааж байгаа хэрэг юм шүү гэж. Та нар анзаарч байгаа байх. Өмнө нь МАН хэзээ ч ингэж аль нэг хүний, хүчний эсрэг улайрч тэмцэж байгаагүй. Гэтэл одоо шатаж байна шүү дээ. Үнэхээр атаархаж хорсч байна. Учир нь тэднээс нийслэлчүүд “Та нар урьд нь асуудлуудыг яагаад ингэж шийдэж байгаагүй юм бэ” гэдэг асуулт тавивал юу гэхээ мэдэхгүй улалзах учраас өнөөдөр бидний хийж байгааг юу ч байсан хамаагүй гутаан доромжилж байна. Тэр асуулт Ардын намынхны хувьд хамгийн хүнд тусах, сэтгэл өвтгөсөн тулгалт юм.

МАН-ынхны шээс нь гоожих дөхсөн учраас сөрөг зүйлс явуулж байна

-Танай нам засаглаж байгаа сүүлийн гурван жил гаруйн хугацааг эс тооцвол нийслэлийг дандаа МАН-ынхан удирдаж байсан юм байна шүү?

-МАН-ынхан ерэн жилийн турш нийслэлийг удирдаж байлаа шүү дээ. Бид засаглаж байх хугацаандаа зам барих дээд амжилтыг тогтоолоо. Хүй долоон худгийн 8.2 км замыг 22 хоногийн дотор тавьсан. Социализмын үед ч ингэж хийж байгаагүй. Замынхандаа хандаж “Та нар рекорд тогтоолоо доо” гэхэд “Эвдэнэ ээ” л гэцгээж байсан. Одоо зуслангийн дөрвөн урсгалтай том хэмжээний замыг хоёр сар гаруйн хугацаанд тавьж байна. Үнэхээр тэд өнгөрсөн хугацаанд замын салбарт гарсан амжилтыг эвдэж байгаа нь энэ. Хүмүүс энэ бүгдийг нүдээрээ харж байна, бас хийж болдог л байсан юм байна гэж өөр хоорондоо ярилцаж байна. Нийтийн тээвэр хуучин ямар байсан билээ дээ. Одоо хүмүүс хэн нэгэнд загнуулж, чимхүүлэлгүй, урд хаалгаараа ороод хойд хаалгаараа буудаг соёлтой үйлчилгээг авч байна. Смарт картыг хэрэглээнээс нь авч хаях боломжгүйгээр бид соёлтой үйлчилгээнд дасал болж байна. Сүлжээ төлөвлөлтөө өөрчилснөөр захын хороолол руу автобус хүрдэггүй байсан бол одоо очдог боллоо. Ингэж хүн ачдаг байсан нийтийн тээврийг хүнд үйлчилдэг нийтийн тээвэр болгон шинэчилж байна. Тийм учраас л энэ бүгдийг өмнө нь яагаад хийж болоогүй юм бэ гэдгийг МАН-ынхнаас асуухаар шээс нь гоожихоо алдахдаа сөрөг мэдээлэл, элдэв гүжир гүтгэлэг цацаад амь тэмцэж байна. Сая цас ордог өдөр автобусныхан урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт ажил хаяхад МАН-ын төлөөлөгч нөхөр дунд нь хутгаад л гүйж байсан. Тэр нөхөр бусдад ямар хохирол учрах вэ гэдгийг боддог байгаа даа. Тэр хүн өөрөө өмнө нь нийтийн тээвэрт байсан. Тэр үедээ нийтийн тээврийг сайжруулахгүй яасан юм, хэн гарыг нь барьж хориод байсан юм бэ. Гэтэл одоо иргэдээ бодохгүй, өөрсдийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө бусдыг хохироож байна. Ийм хүмүүс байгаа нь харамсалтай.

-Шинэчлэл хийж байгаа нь сайн ч автобусанд дамжин суух хүмүүст үзүүлэх хөнгөлөлтийн асуудлыг түргэн шийдэхгүй байгаагаас чирэгдэл учруулж байна. Эсвэл шинээр оруулж ирсэн урт автобус нь салаад уналаа гэх мэтийн жижиг зүйлүүдээс болоод том ажлууд чинь унаад байгаа юм биш үү?

-Энэ бол жижиг зүйлээс болж унаад байгаа юм биш л дээ. Зүгээр зохион байгуулалттай гүжир гүтгэлгийн улмаас тэгж ойлгогдоход хүрээд байгаа юм. Нөгөө оруулж ирсэн урт автобус нь салаад, хуваагдаад унаж гэнэ гэдэг цуурхал сошиалаар дүүрэн явсан. Энэ бол огт үндэслэлгүй гүтгэлэг. Өөр улс оронд байсан бол бүтээгдэхүүний нэр хүндэд халдсан хэргээр Беларуссын талд бид төлбөр төлөхөөр болчихсон байгаа. Хорлоод ч байгаа юм шиг, тоглоод, шоглоод ч байгаа юм шиг үнэндээ байж суух газраа олохгүй л байх шиг, Ардын намынхан. Бид анхнаасаа хагас цагийн дотор дараагийн автобусанд шилжиж суухад үнэгүй зорчих нөхцөлийг судална гэдгээ хэлсэн шүү дээ. Эхлээд шинэ сүлжээндээ шилжих хэрэгтэй, тэгээд нэгээс нөгөө рүү шилжин сууж байгаа хүмүүсийн тоо хэмжээг гаргаж, хэр хэмжээний төсөв хэрэгтэй байгаа судалгааг гаргах ёстой болно. Ийм нэг хүлээх үе байна шүү гэдгийг анхнаас нь хэлж байсан. Одоо тооцоогоо нягтлаад бид ажиллаад байж байна. Хүмүүс нийтийн тээврийн үйлчилгээ сайжрах юм бол түгжрэл байхгүй болно гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм. Дэлхийд түгжрэлийн эсрэг цорын ганц арга хэмжээ бол нийтийн тээврийн үйлчилгээ гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр аль болох бага төлбөртэй байх нь чухал.

Манай нийгэмд дарга нарт л асуудал байна

-Хоттой холбоотой танд тавих асуултууд байна аа. Гэхдээ одоо өөр асуулт асуумаар байна. Ардчилсан хувьсгалыг хийхэд гар бие оролцсон хүний тань хувьд, ардчиллын төлөө тэмцэж ирсэн тэмцэгч, энэ нэрийг тэгтэл хамгаалж хайрладаг хүний тань хувьд ардчилал маань юу болчихоод байна вэ. Ардчиллын нэр хүнд, мөн чанар хааччихаа вэ гэж асуумаар байна?

-Ардчилал маань өнөөдөр юу болчихоод байна вэ, бид цаашид ардчиллыг авч явж чадах уу гэдэг нь бидний ярих сэдэв мөн. Эртний их сэтгэгч Платон гэхэд ардчиллын өөрийнх нь мөн чанарын талаар тэртээ олон зуун жилийн өмнө хэлж байжээ. Тэрбээр ардчиллын нэг гажиг бол сонгогчид хэнийг сонгоно түүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог. Сонгогчид хулгайч, луйварчныг сонгосон бол түүнийхээр л явахаас аргагүй гэдгийг хэлж байжээ. Өнөөдрийн хувьд манай ардчилалд яг тэр гажиг нь илэрчихээд байна. Хуучин бид төр нэрийн дор дарга нарын эрх ашигт үйлчилдэг тэр нийгмийг буруутгаж тэмцэж байсан. Тэгээд ардчилсан хувьсгал хийж тэр болгоныг өөрчилж байлаа. Гэтэл өнөөдөр эргээд л дарга нарын төлөө үйлчилдэг тийм төртэй болчихлоо. Одоо хэн бүхэн дарга болно л гэдэг болсон. Нэг үгээр хэлбэл дарга болох дуртай синдром бий болчихсон. Гэхдээ тэр үеийн дарга нараас илүү муухай жигшүүртэй нь юу гээч. Тэр үеийн дарга нар одоогийнх шиг бизнестэй байгаагүй, төрийн нэрээр хувийнхаа бизнесийг явуулдаггүй байсан юм. Энэ байдлаас болж ардчилал үзэшгүй, ой гутам төрхтэй болж байна.

Барилгын компаниудад дарга нар газрыг нь өгөөд тэд байшин бариад орлого олж болоод байдаг. Энгийн иргэд нь болохоор болдоггүй. Ийм алагчлал гэж байж болох уу. Ингэж ардчиллыг зэрэмдэглэж болох уу. Компанид өгдөг эрхийг нь тэр иргэнд өг л дөө. Үнэндээ манай нийгэмд дарга нарт асуудал нь байна. Ийм дарга нар ардчиллыг гутаагаад хаячихлаа. Элий балай болгочихлоо. Одоо хүмүүс ардчиллыг үзэн ядаж, ардчиллын эсрэг асар том хөдөлгөөн бий болох гээд байна шүү дээ.

-Төрд орж эрх мэдэлтэй болж, өөрийнхөө бизнесийг явуулдаг олон хүн байна. Тэднийг хараад ингэдэг юм байна гэсэн залуус ч цүнхийг нь бариад өөрсдийгөө бэлдээд явж байна шүү дээ…

-Нийтийн алба гэдэг нэрийг нь бодоод нэг үзээрэй. Нийтийн төлөө үйлчилнэ гэсэн үг. Гэтэл төрийн алба, өөрийгөө төр гээд бодсон хүмүүс олон байна. Дарга болоод бизнес хийгээд байх хэрэггүй. Бизнесээ хиймээр байвал албаа өгөөд хувиараа ажиллаж болно. Улс төр хүнийг их эвддэг болсон. Жинхэнэ муу хүмүүсийг үйлдвэрлэдэг газар боллоо. Хуучны цагт нам бэртэгчин үйлдвэрлэдэг байсан бол одоо муу хүмүүсийг, араатан үйлдвэрлэдэг болжээ. Найз нөхөд байсан хүмүүс тэнд орохоороо нэгэнтэйгээ тулалдаж эхэлнэ. Дотуур байранд боорцог булаалдаж байгаа хүүхдүүд шиг л байх юм даа. Том зорилгогүй улс төр хийж, өөрийгөө бодож байгаа хүмүүс ийм л байдаг. Юундаа ингэнэ вэ. Зөндөө л боломж өмнө чинь байна шүү дээ. Муу улстөрч, нүгэлтэй лам хоёр яг адилхан. Сахил санваар хүртчихээд нүгэл үйлдээд явдаг лам нар байдаг даа. Үүний нөгөө талд гэгээрсэн лам нийтийнхээ төлөө явах хүсэлтэй улстөрчид бас адилхан юм.

-Манайд ч нүгэлтнүүдийн тоо гэгээнтнээсээ хэдийнэ давчихсан л даа…

-Юун гэгээнтэн. Гэгээнтэн гэж байхгүй байна шүү дээ. Бүгд ардчиллыг гутаагаад амьтны элэг доог болгоод явж байна. Гэхдээ үүнд сонгогчдын хариуцлагыг салгаж ойлгохын аргагүй. Тэд л өнөөдрийн энэ хүмүүсийг сонгосон. Нутгийн минь хүү гээд л хулгайч луйварчдыг сонгочихдог энэ байдлыг Платон аль эрт хэлчихсэн юм.

Аав нь хотын дарга байхад хүү нь бизнес хийж болохгүйг ойлгосон

-Дарга нар эрх мэдлээ ашиглаж болохгүй, бизнес хийж болохгүй талаар та хэлсэн. Таны хүү Б.Чулуудайг аавынхаа нэр хүндийг ашиглаж барилгын бизнес хийж байна гэсэн шүүмжлэл ер тасрахгүй байгаа. Та үүн дээр юу гэж хэлэх вэ?

-Б.Чулуудайн “Гранд лайн” компанийн жишээ миний хувьд тун амаргүй жишээ юм. Хүү маань надад “Аав аа би ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүн. Би бусдын адил бизнес хийх эрхтэй, бас аавынхаа эхлүүлж байгаа ажилд тусалмаар байна” гээд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил руу гадна дотнын хөрөнгө оруулагч хүмүүстэй ярьж байгаад орсон юм. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүү маань “Аавынхаа ажил албаас болоод бизнес хийх эрхгүй болбол хэцүү байна” гэхэд нь “Тийм ч юм уу” гэж бодсон нь миний алдаа байжээ.

Үүнийг эхлээд биш явцын дунд ойлгосон нь миний буруу. Аав нь хотын дарга байдаг, хүү нь барилга барина гэдэг ямар ч зөвтгөл байхгүй юм байна, нийгэм үүнийг ойлгохгүй юм байна гэдгийг ойлгосон. Дахин төлөвлөлтийн шалгаруулалт дээр таван компани өрсөлдөөд “Гранд лайн” шалгарсан. Уг нь энэ шалгаруулалтыг би биш газрын нэгж эзэд буюу иргэд өөрсдөө шалгаруулдаг юм ш дээ. Тэд энэ компаниар хийлгэмээр байна гээд шийдвэрээ гаргасны дараа би тэдэн дээр очоод “Шийдвэрээ өөрчилж өгөөч ээ, дахин төлөвлөлтийн ажлыг маань гутаах гээд байна” гэж хүртэл хэлэхэд тэд “Гранд лайн”-аар хийлгэнэ л гэсэн. Иргэд нь энэ компанийг сонгосон. Тиймээс би бүх үйл ажиллагаагаа ил тод байлгахыг тэднээс шаардаж, тэд ч ил тодоор ажлаа явуулсан. Үнэндээ тэр ил тод байгааг нь хэн ч сонирхдоггүй юм билээ. Харин сөрөг хүчнийхэн маань үүнийг зуудаг нохой шиг л хав зуугаад авсан. Буруу талаас нь тайлбарлаад эхлэхээр үүн шиг сонирхол татсан асуудал байхгүй болж хувирсан. Эцэстээ ашиг сонирхлын зөрчил гэдгээр ойлгогдох болсон доо.

-Эцэг хүний хамгийн их итгэх нь хүү, хүргэн хоёр гэж манай өвгөцүүл ярьдаг. Тэр утгаараа хүү тань энэ ажил руу орсныг буруутгах аргагүй мэт. Хамгийн сайн хийнэ гэж өөрөө ч бодсон байх, та ч итгэсэн байх. Гэвч болсонгүй. Хүү тань алдаа гаргав уу?

-Би алдаа гаргасан гэж хэлэхгүй. Төслийг нь харж байхад хамгийн сайн төлөвлөлт хийжээ гэдэг нь харагдаж байсан. Аавынхаа ажилд ч тусална, бизнесээ ч хийнэ гэж бодож байсан байх. Гэхдээ нэг зүйл яагаад ч байж болохгүй нь аав нь дарга байхад хүү нь бизнес хийж болохгүй юм байна. Төсөл нь сайн, алдаа гаргаагүй, гүйцэтгэл нь мундаг байсан ч гэсэн нийгмийг бурууд уруу татсан, зохисгүй зүйл юм байна гэж үзээд би хүүгээ энэ төслөөс нь татан гаргасан. Дээр хэлж байсанчлан буруу тогтолцоог зөвтгөсөн мэт харагдуулж байсан учраас би ажиллаж болохгүй гэдгийг хүүдээ хэлсэн. Үнэнийг хэлэхэд аав, хүү хоёрын хооронд бяцхан тэмцэл болсон.

-Гэхдээ таныг хотын дарга болохоос өмнө танай хүү барилга барьдаг байсан байх аа. Таныг төслөөс нь гаргасанд гомдож байгаа болов уу?

-Уг нь ч тийм. “Эрдэнийн төгөл” гээд хотхон барихад нь би газар дээрээ эзэд нь нийлж барилга барьж болох юм байна гэдгийг ойлгоод үүнийгээ сонгуульд ярьж явж байлаа. Уг нь би даргын хувьд газар өгөөгүй, хүүгийнхээ компаниар ажил хийлгэх зөвшөөрөл өгөөгүй. Хэрэв тэгсэн бол адгийн ёс зүйгүй хэрэг болох байв. Иргэд нь шийдэж, иргэд нь газар дээрээ бариулна гэсэн. Хүү ч би танаас зөвшөөрөл аваагүй, газар аваагүй гэж л байлаа.

Гомдохын тухайд бизнес хийх урмыг нь хугалсан явдал болсон байх даа.

-Туркуудын гаргаад байгаа яриа ямар учиртай юм бол доо?

-Энэ бол цэвэр Чулуудай эсвэл туркуудаас нь асуух асуулт. Хоёр талын маргаан дундаас нь би ороод ярих юм бол жинхэнэ ёс зүйгүй хэрэг болно. Дарга гээд юу дуртайдаа дундаас нь ороод өөрийнхөө зүгээс тайлбар өгөөд байх нь утгагүй. Хувьдаа улс төрийн нөхцөл байдал нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хүнд дөхөх баяр” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр уншигчдынхаа гарт хүрч байна. Энэ удаагийн дугаарын баримт, үйл явдлын буланд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хүнд дөхөх баяр” нийтлэл хэвлэгдлээ. Хориннэгдүгээр зуун тоон утгаараа эхлээд удсан ч бид хорьдугаар зуун, түүнээс ч өмнөх үеийн сэтгэлгээгээрээ амьдарч байгаагийн учир юу вэ. Хоньчин айл шиг бүхнийг өөрөө, гэртээ хийж сурах гэж оролдсоор байхын цагт бид өнгөрсөн үедээ суусаар л байна. Энэ тухай дэлгэрэнгүйг өнөөдрийн дугаараас уншаарай.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УИХ-ын даргад хаяглаж захидал бичсэн байна. Мөн өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хороон дээр жинтэй үг хэллээ. Тэрбээр “Эрхийг хэн нэгэн дарга гахайд өгч болохгүй” гэлээ. Учрыг улс төрийн нүүрнээс унших боломжтой. Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай төсвийн талаар ярилцсан юм. Тэрбээр ирэх онд төмөр замаа барьж, том төслүүдээ хөдөлгөе гэсэн байр суурьтай байгаагаа ярилаа.

Чөлөөт хэвлэлийг олон түмэнд хүргэх нэгэн шугам болох сонин борлуулах цэгүүд хаагдахдаа тулжээ. Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг нэг болон 11 дүгээр нүүрээс сонирхоорой. Түүнчлэн манай сонинд дэлгэцийн урлагт олон жинтэй дүр бүтээсэн жүжигчин Т.Кармагийн ярилцлага хэвлэгдээд байна.

ОХУ-ын тусгай байгууллагынхан манай улсад ирж хоёр иргэнээс хууль бусаар мэдүүлэг авчээ. Энэ нь үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдаж байгаа аж. Уг үйл явдлын эргэн тойронд юу болж буйг баримт үйл явдлын долдугаар нүүрээс уншаарай. Мөн “Хархорин” зах гуравдугаар ээлжийн байраа ашиглалтад оруулж 1400 орчим худалдаачид тохитой орчинд үйл ажиллагаагаа явуулж буй. Тус худалдааны төвөөс хийсэн сурвалжлага 14 дүгээр нүүрт хэвлэгдээд байна.
Шинжлэх ухаан, гадаад мэдээ болон цаг үеийн бусад мэдээ мэдээллүүд манай өнөөдрийн дугаарт гарлаа.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Уучилна бас дахиад уучилна

Хаяад явж байгаа эр хүний араас сүү өргөөд хоцордог монгол эмэгтэйн философийг ойлгодоггүй үе байлаа. Хараагаад зүхээд, тангараг тасраад хоцорлоо гэхэд юу үлдэх билээ. Урвасан бүхнийг, гомдоосон бүхнийг, өр рүү өшиглөсөн бүхнээс өшөө авна гэвэл, хариуг нь барина гэвэл өөрөө дэндүү их шархалж үлдэх вий. Уурлаад доромжлоод байгаа нэгэнтэй ухаалаг харьцах хэцүү л дээ. Гэхдээ л “Хэн намайг үгээр доромжилно, хэн намайг үйлдлээр гутаана, хэн намайг сэтгэлээр хорсоно, тэр бүхэн гэгээрэх болтугай” гэсэн үгийг олж харснаас хойш тэсч үлдэхэд хялбар санагдана. “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут цэцэглэнэ” гэдэг. “Зөөлөн нь хатуугаа элээнэ” ч гэж бий. Уучилж өршөөхөөс өөр арга үгүй гэдгийг өвөг дээдэс маань аль хэдийнэ ухаарч байж.

Өшөө авалт, үзэн ядалтаар дүүрэн киног үзэхэд хүртэл хүнд байхад амьдралаа ийм хэмнэлд оруулна гэдэг арай л хэтэрсэн хэрэг. Гэхдээ л ийм сэдэвтэй кинонд ч бас сургамжтай зүйл байдаг нь өшөө авагчийн хүрэх өрөвдөлтэй, ганцаардмал бас шархалсан ирээдүй. Хэн ч нэгнээ өршөөдөггүйсэн бол энэ хорвоо сөрөг энергиэр эргэж хүчрэхгүй биз. Өршөөж уучлахыг сургах гэж бяцхан тэнгэрийн элч нар, хүүхдүүд хорвоод мэндэлдэг буй за. Хүүхдүүд мянган удаа хэрэг тарьсан ч мянган удаа уучлахаас өөрийг ээжүүд үл мэднэ. Эцэст нь би ч төгс биш шүү дээ. Намайг алдаа гаргахад өршөөж уучлах хэн нэгэн байдаг учраас хорвоо дэндүү гайхамшигтай бус уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гөлгөө яалаа?!

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Сүхийг хүрэлдэж, Хүрэлийг сүхдэж байна, цаана чинь! Сүхийг хойд солонгосчууд хүрэлдэнэ. Харин манайх чаддагаараа Хүрэлийг сүхдэх шив.

Хүрэлсүхийг би их харддаг. Хадгаламж банкны тэр их луйвраас хүртэхгүй хаачив л гэж. Социалист залуу луйварчдын холбоог цэвэр гараар л удирдаж байв гэж. Ганц би төдийгүй олон хүн ингэж боддог. Аягүй бол нийт ард түмнээрээ ингэж харддаг. Гэхдээ хэнийг ч хардлагаар шийтгэж болохгүй. Ардчилсан нийгмийн гол тулгуур зарчмын нэг энэ. Үзүүлэн болгож хүн шийтгэж болохгүй. Энэ бол бүр том зарчим. Хүрэлсүхийг цагдаа, прокурор, шүүх баахан хардсан. Яг л надтай адил. Тэгээд юу ч олоогүй. Гэхдээ юу ч гэсэн шийтгэж орхилоо. Уг нь Хүрэлсүхэд би ч, шүүх ч дургүй л дээ, гэхдээ энэ бол түүнийг шоронд хийх хангалттай байтугай хангалтгүй ч нөхцөл бишсэн. Өгөх ялаа тогтчихоод шүүх хурал хийж болохгүй л дээ, уг нь.

Шаравдорж гэж нэг адаг гар байх. Хөөр болчихсон өрөөндөө хэвлэлийн бага хурал зохиож байна. Хананд нь улсын Ерөнхийлөгч мань хүний энгэрт төмөр тэмдэг зүүж байгаа зургийг ширээний хэртэй томоор угаалгаад жаазлан өлгөжээ. Хэдхэн жилийн өмнө мань эрийг Дээд шүүхийн даргад нэрийг нь дэвшүүлэхэд “УИХ бол өмхий самхай газар, би эндээс бушуухан салж нэрээ цэвэрлэмээр байна” гэж ёслол төгөлдөр мэдэгдэж байж билээ. Тэгэхэд солих гонжоомгүй арчаагүй нэгэн байсансан. Харин энэ удаа мөн л парламентыг харааж буй тэрээр Монголын хамгийн чинээлэг эрсийн нэг болжээ. Хүрэлсүхийг бодвол хороолол хорооллоор нь байшин босгож, лиценз дамладаг их гарын панзчин. Өөрөөр хэлбэл илүү хардуулах гавьяатай нэгэн. Нэр эндүүрсэн сэтгүүлчтэй шүүхдээд л нохой шуугиулж давхина, гэхдээ энэ нь Шаравдорж хулгайч биш гэсэн баталгаа биш шүү дээ. Саяхан л олон жил хамт ажилласан нөхрөө казиногийн хэрэгт хутган гүтгэж шоронд хийн амь насаар нь тоглож явсан тэрээр одоо өөрөө хэн нэгнээс шан хүртсэн бололтой казино сурталчилж амьтны зараалаар амьтан болчихсон боргож гүйнэ. Үнэндээ хүний ул шагайж матаас бичиж, амьтан гүтгэж гүйхээс өөр юу ч чадахгүй, амьдралдаа хөдөлмөр эрхэлж үзээгүй нэгэн. Монголын хууль тогтоох институцийг байнга гутаан тогоо руугаа нулимах мөртөө амьдралыг нь залгуулдаг энэ байгууллагаас гарах тун дургүй. Хулгай хийх бололцоо ингэж өргөн олгодог өөр газар олж чадахгүй аж. Хүрэлсүхийг аль хэдийнэ эрхийг нь түдгэлзүүлээд шоронд нь явуулчих байсан юм гэсэн санаагаа аминдаа их л уран маягаар, “хуульчлан” тайлбарлаж баяр хөөрөө нуух гэж ихэд хичээнэ. “Анхан шатны шүүхийн шийдвэр жинхэнэ шийдвэр биш” ч гэх шиг, хуулийн мэргэжлийн хүн сонсвол чих нь хуурч унамаар тайлбар тавина. Үнэндээ энэ ажлыг санаачилсан Эзэний зураг ар хананд нь өлгөөтэй аж.

Бид ардчилсан нийгэм байгуулаад хориод жил болж байна. Энэ бол нэр төдий зүйл биш бүхэл бүтэн зарчим, бүхэл бүтэн процесс, бүхэл бүтэн механизм. Эрх мэдлүүд ч хуваарилалтгүй, журамтай, аль болох нэг хүнээс үл хамаарсан тогтолцоо. Хууль бол заазуур гэж “заазуур” Нямдорж ярих дуртай. Энэ нь үнэний талтай боловч хил хязгаар давах гэхээр нь шугам татаж байгаад заазуурдах болохоос хаа хамаагүй тэнэж хэн нэгний хүсэл болон захиалгаар хэний ч магадгүй толгой хяргаж байдаг яргын хэрэгсэл биш. Хил хязгаарыг нь хууль тогтоох байгууллагаас шугамдан тодорхойлж өгдөг. Нийгмийн эрх ашгийн үүднээс энэ хязгаарыг хэн ч давж болохгүй гэдгийгээ урьдчилан тунхаглаж зааж өгдөг. Тэрийг бид хууль гэж ойлгоно.

Шүүх болгон эцсийн шийдвэр гаргана, хариуцлагаа шүүгч хүлээнэ. Үүнийг л шүүхийн бие даасан чанар гэж нэрлэдэг. Дээд шатны шүүх бол доод шатны шийдвэрийг засан өөрчлөгч биш, өршөөл үзүүлэгч ч биш. Ер нь дээд доод гэж нэрлэдэг нь ч буруу. Адгийн муу нь дүүргийн шүүгч болдог, цоорчихсон нь Дээд шүүхэд тухалдаг юм биш шүү дээ. Хууль нь өөрөө шударга ёстой илэрхий таарахаа больчихсон тохиолдолд Дээд шүүх эх хуульд нь өөрчлөлт оруулахын тулд хэргийг татан авдаг. Энэ бол ердөө л зарчим. Ингэхээр хуулийг юун түрүүн “хуульчдаас” чөлөөлөх хэрэгтэй байна. Хууль зөрчигчид шийтгэл хүлээнэ, тэр нь ямархуу байх нь хүнд хөнгөнөөр ангилагдана. Хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй гэдэг нь хэн нэгэнд зориулсан хөнгөлөлт болоод хүндрүүлэг байж болохгүйг хэлж буй хэрэг. Ижил хэрэгт ижил ял ноогдох ёстой. Өөрөөр хэлбэл 10 мянган төгрөг хулгайлсан ядуу бүсгүй, 14 сая доллар хулгайлсан залуу луйварчин хоёр адилхан 10 жил авч болохгүй л гэсэн үг. Эсвэл 10 сая төгрөгийн хандив авсан Хүрэлсүх хоёр жил авдаг юм бол 100 сая төгрөг хандивлуулсан намын нарийн нь 20 жил авах ёстой гэсэн үг. Олон түмний санаа бодолд тохируулж хүн цээрлүүлж бас болохгүй. Наадамд түрүүлсэн морийг харанхуйд харалгүй дайрсан жолоочид 7 жилийн ял өгч байсан шүүгч буруутай. Хуулийн адикват чанар гэж бий. Зоригийн аллагад холбоотой гэж хүнийг баривчилж авчирч жил шоронд хатаачихаад эцэст нь хуурамч диплом авсан байна гэж ялласан шүүгчийг өөрийг нь хууль завхруулсны төлөө шийтгэх ёстой.

“Ёстой” юм ч мөн олон байна даа. Гэтэл бүгд л ёсгүйгээр яваад байгаа болохоор манай нийгмийг “ардчилсан” гэж тодорхойлж болох уу? Ардчилсан нийгмийн үндсэн суурь зарчим нь голлох эрх мэдлүүд тусдаагаас гадна хэнээс ч үл хамаарсан байх ёстой. Нөгөөтэйгүүр ардчилал гэдэг бол зөвшил. Олонхи шийдвэр гаргана, цөөнхийн хүсэл эрмэлзэл хүндлэгдэнэ. Өөрөөр хэлбэл үзэл бодлоосоо болж хэн ч өчүүхэн ч цээрлэл хүлээх ёсгүй. Нөгөө талаасаа цөөнхийн цөөнх болсон ганц хүн эсвэл ганц гэр бүл нийгмийн хандлагыг тодорхойлж дураараа дургиж болохгүй гэсэн үг. Гэтэл манайд ингэж чадаж байна уу?

Улаан Ерөнхийлөгч болохоор санаархжээ. Өөрийнхөө тухай клип хийлгэчихсэн зурагт болгоноор цацаад л алийгаа алдсан л даа. Үүнээс болж “гаалийн Баатарын хэрэг” гэгч мандан хэдэн нөхөд дээлээ нөмрөв. Улаан биш шар дээл дээш намирах учиртай юм байж. Эзэн маань тэнд биш энд байнаа! Уул нь гэмт хэргийг мэдсээр байж олон жил нуун дарагдуулж болохгүй л дээ. Тэгээд өрсөлдөгчөө дарахын тулд баримтыг нь “алдаж” байх жишээтэй. Нямдорж хөнжил дотроо хууль засдаг нь ёстой болохгүй зүйл. Гэхдээ энэ гэмт хэргийг нуун далдалж байгаад “цаг нь болохоор” дэлгэнэ гэдэг хууль бус хэрэг шүү дээ. Нямдорж Их хурлын дарга болсныгоо улсын эзэн болчихлоо гэж эндүүрсэн нь түүний л тэнэгийнх. Үүнээсээ болоод 31 сая төгрөгийн хэрэгт унаваа. Эзэн маань тэнд биш энд байнаа! Эзэний маань зэвүүг хүргэсэн зарим нь буруугаа хүлээж өрөөнд нь мөлхөж орон нус нулимстайгаа холилдсон нь хувь хүний зүгээс өршөөж болохуйц факт боловч хууль ингэж мөрдөгдөж болохгүй л дээ. Хадгаламж банк, Худалдаа хөгжлийн банк, Хадгаламж зээлийн хоршоо гээд олон дуулиантай хэргийн нэг муу бээлий гутал нь шийтгэгдээд өнгөрөх биш санаачилсан, зохион байгуулсан удирдан чиглүүлсэн этгээд юун түрүүн цээрлэгдэх ёстой баймаар. Хүрэлсүхийг бусдыг гэмт хэрэгт уриалан түлхсэн хэргээр шийтгэж байгаа юм гэнэ. Гэтэл тэр хөөрхий гэмт хэргийн бүхэл бүтэн цогцолборын ердөө л нэг эрэг шураг. Эрэг зэвэрсэн учраас Эзэн маань сольж байгаа юм. Шинэ зууны эхээр Эзэн маань төрийн албыг хандивын мөнгөөр дамлан борлуулах ажлыг өөрөө гарддаг байсан бол өдгөө бусдаар хийлгээд дараа нь гэрчийг устгадаг болжээ. Баярын ярьж буйтай харьцуулахад энэ л уг нь жинхэнэ төгөлдөршил юм даа.

Бид л юм болгоныг Үндэсний аюулгүй байдал гэж гөрддөг болохоос энэ нь тогтсон ойлголт юм. 1.Улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал. 2.Хүн амын аюулгүй амгалан байдал. 3.Төрийн институцийн гацаагүй тасралтгүй функциональ үйл ажиллагаа гэж үздэг юм байна. Манайд Үндэсний аюулгүйн зөвлөл гэж байх. Гол үүрэг нь дээрх зүйлстэй холбоотой асуудлыг хэлэлцээд шийдвэр гаргах институцид зөвлөмж гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл энэ зөвлөгөө өгөх газар одоо юу хийдэг гээч? Төрийн бие даасан бүх институциудийн гаргах гэж байгаа шийдвэрүүдийг хурааж аваад “Үндэсний аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэнэ” хэмээн нэргүй хориг тавьдаг. Эндээс зөвлөлгөө авах үйлтэй зуу зуун шийдвэр оочироо хүлээгээд жил сараар хэвтсээр. Төрийн институцийн гацаагүй тасралтгүй функциональ үйл ажиллагаа нь Үндэсний аюулгүй байдлын гол бүрэлдэхүүн байдаг учраас үнэн чанартаа Үндэсний аюулгүйн зөвлөл нь үндэсний аюулгүй байдалд нөхөж баршгүй хохирол учруулдаг нэгж болжээ. Товчоор хэлэхэд Монголын Үндэсний аюулгүй байдлын дайсан байгууллага. Монгол хүний зарчмын саналын ард хувийн ядарсан санаархал нуугддаг ном ёсоор Эзэн маань өөрийн персоныг жинхэнэ эзэн гэдгийг бүх нийтэд мэдрүүлэх гэж л ингэж дайсагнаж байгаа хэрэг шүү дээ.

Төрийн дээд эрх мэдэл биенээсээ үл хамаарсан, бие даасан байдлаар хуваагдах нь ардчилсан тогтцын гол зарчмын нэг. Шүүгч томилдог буруу механизмаас болоод дуртайгаа сүхдэж унагадаг нь зарчим алдагдаж буйн хэрэг. Хууль тогтоогчдыг шантаажлах замаар хууль тогтоох институцийг параличд оруулан сүрдүүлж чадаж байгаа нь ч механизм буруу үйлчилж буй илрэл. Гүйцэтгэх засагт чиглэл өгөх тухай Үндсэн хуульд нэг сонин өгүүлбэр бий. Хувааж захирах тухай л лав хэлээгүй баймаар. Мал төрийн хамгаалалтад гэдэг шиг хачин өгүүлбэр. Гэтэл Монголын баялаг гэнэт үнэ оруут өнөөхийг нь тэвэрч аваад л дэлхийн улс орноор хэсэн гардан наймаа хийдэг нэгэн болжээ, Эзэн маань! Монголд төрийн том шийдвэр гарах механизм нэлээд төвөгтэй, ойлгоход хэцүү, гэхдээ үндсэн зарчим нь институци хоорондын зөвшлөөр шийдэгддэг. Иймээс Эзэний маань бие юу ч шийдвэрлэж чадахгүй боловч юуг ч самарч чадах бололцоотой. Бололцооны ашиглалт харин дүүрээд халина. Хэдийгээр гадныханд амласан үг нь биелэхгүй гэдгээ мэдэж байгаа ч гэсэн гол нь эзэн хэн бэ гэдгийг ясанд нь ойлгуулах нь л чухал. Амласнаа эргэж ирээд өөрөө самарч байгаад унагаж орхино. Эзэн маань тэнд биш энд байна!

Улсын Ерөнхийлөгч төлөөлөх үүрэгтэй. Харин энэ үндсэн ажлаа Эзэн маань тэр олон ажлынхаа завсар зайгаар халтуурддаг юм. Яагаад гэвэл эзэн болохоос ямар үзүүлэнгийн хүүхэлдэй биш. Үзүүлэн бол Хүрэлсүх, Нямдорж…. гэх мэт. Эзэнд маань өс өвөрлөвөл, Эзэнийг маань гомдоовол, Эзэний маань тэргийг эвдвэл ингэдэг юм гэх мэт. Эзэний маань ивээлд үл сагсуурч, өчүүхэн гавьяандаа эрдэхгүй аваас есөн ноцтой гэмт хэрэг тарихад өршөөгддөг юм. Тэр байтугай төмөр тэмдгээр пинжээкээ мялааж цол гуншин ахьдаг юм. Үүний үзүүлэн бол Шаравдорж… гэх мэт. Эзэн маань тэнд биш энд байна. Aюутугай, дагатугай,!

Жич: Эзэний маань ивээл гэнэт цээрлэл болон хувирдаг. Хэзээ, яагаад гэдгийг хэн ч мэддэггүй. Учир нь эзэн маань хэтэрхий хардамтгай. Ингэхээр эцсийн бүлэгт тойрон хүрээлж гэмт хэрэг үйлдэгсэд эрт орой алин боловч цээрлэл хүртэнэ. Ингээд бодохоор шударга ёс гэж байдаг л юм байна. Баригдана даа, та нар баригдана, Гөлгөө яалаа?

2008.3.24

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн ярилцлагыг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаарт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн ярилцлагын үргэлжлэл нийтлэгдлээ. Лхагва гаригийн 250 (5202) дугаарт нийслэлийн хотын дахин төлөвлөлтөөс авахуулаад хүүгийнхээ компанийн үйл ажиллагааны талаар, улс төр, нийгмийн өнөөгийн байдлын талаар үзэл бодлоо хуваалцаж, байр сууриа илэрхийлсэг билээ. Харин маргаашийн дугаарт гарах ярилцлагадаа метро төслийн талаар болоод хотын ирээдүйн хөгжил түүнд тулгарч байгаа бэрхшээлүүдийн тухай бодлоо хуваалцсан байна. Түүнчлэн өөрийн улс төрийн үзэл баримтлал, өнөөгийн эрх баригчид, дарга удирдлагуудын байр байдлыг юу гэж үзэж буйгаа илэн далангүй илэрхийлжээ. Энэхүү сонирхолтой ярилцлага “Өдрийн сонин”-ы нэг, дөрөв, тавдугаар нүүрт хэвлэгдлээ.

Манай сонины дугаарыг шуудангийн бүх салбар, сонин борлуулах цэгүүдээс худалдан аваарай.

Categories
мэдээ улс-төр

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн талаар хэлэлцэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Эрчим хүчний яам хамтран
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаар өнөөдөр /2015.10.14/
хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн,
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч
А.Тлейхан, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Д.Сарангэрэл нар
болон Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд, тус салбарын эрдэмтэн,
судлаачид оролцож санал бодлоо солилцсон юм.

Ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан хэлэлцүүлгийн эхэнд хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн юм.

Тэрээр 2012 оноос Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж
байгаа нь хурдацтай өсөж байгаа барилга, уул уурхайн салбарын өсөлтийг
сааруулж, эдийн засгийн өсөлтийг удаашруулах сөрөг хүчин зүйл болж
байна. 2013 оны байдлаар Улаанбаатар хотод 14 мянган айлын орон сууц,
оффисын барилга шинээр баригдсан бөгөөд тэдгээрийн заримыг нь дулаан,
цахилгаанд холбох боломжгүй байна.

Иймд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад эрчим хүчний
шинэ эх үүсвэр барихын зэрэгцээ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил,
үйлчилгээний эрчим хүчний зарцуулалтыг үндэслэл сайтай тооцож, үр
ашигтай, хэмнэлттэй хэрэглэх нь хамгийн үр өгөөжтэй арга хэрэгсэл мөн
гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд
ихээхэн ач холбогдол өгч байна.

Эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх нь улс орны эдийн засгийн өрсөлдөх
чадварыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, зүй
зохистой хэрэглээг төлөвшүүлэх, ард иргэдийн ая тухтай амьдрах орчныг
сайжруулах зэрэг эдийн засаг, нийгмийн суурь салбаруудад хамааралтай
асуудал юм. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөлд Улсын Их Хурал,
Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, эрчим хүч хэмнэлтийн
талаар нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэг бүхий эрчим
хүч хэмнэлтийн зөвлөл, эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх
байгууллага /аудитын байгууллага, аудитор, эрчим хүчний үр ашгийн
үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага/, үүрэг хүлээсэн хэрэглэгч,
эрчим хүч хэмнэлтийн менежер болон тэдгээрийн хоорондын харилцааг
зохицуулахаар тусгасан тухай танилцуулав.

Мөн Эрчим хүчний яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын орлогч
дарга Г.Энхтайван эрчим хүчний дэлхийн нийтийн чиг хандлагын талаар
мэдээлэл өгч АНУ, Энэтхэг, Япон Улсын туршлагыг жишээгээр тайлбарлан
үзүүлсэн юм. Мөн тэрээр хуулийг хэрэгжүүлэх механизм, хамрах хүрээ,
хуулийг хэн, хэрхэн, яаж хэрэгжүүлэх болон хэрэгжүүлснээр гарах үр
дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид хуулийн төсөлд тусгах санал болон
одоо өргөн баригдаад байгаа хуулийн төсөлд тусгагдсан зүйл заалтууд
бүрээр саналаа хэлж, асуулт, хариулт явагдлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

Тавантолгойн цахилгаан станц төслийн барилгын ажлыг ирэх хавар эхлүүлэх үүрэг өглөө

Ерөнхий сайдын “Шийдлийн цаг” уулзалтад
Монгол Улсын сайд М.Энхсайхан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх
захирал Б.Бямбасайхан нар оролцож, мега төслүүдийн үйл явцын талаар
ярилцлаа.

“Тавантолойн цахилгаан станц” бол тэрбум
долларын төсөл. Оюутолгойн том хөрөнгө оруулагч “Turquoise Hill
Resources” компани Тавантолгойн цахилгаан станцыг барих, хөрөнгө
босгоход зориулж 15 жилийн хугацаатай, нэг тэрбум ам.долларын санхүүгийн
баталгаа гаргаж өглөө гэсэн мэдээллийг Монгол Улсын сайд М.Энхсайхан
уулзалтын эхэнд өглөө.

Энэ нь том төсөл том төслийг төрүүлдэг
гэдгийн нэг жишээ болж байна. Мөн “Тавантолгойн цахилгаан станц” төслийн
санхүүгийн баталгаа нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад
“Turquoise Hill Resources” компани итгэлтэй байгаагийн илэрхийлэл гэж
М.Энхсайхан сайд хэллээ.

Засгийн газраас эрчим хүчний салбарт
томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлээд байгаа. Ерөнхий сайдын Хятадад
хийсэн ажлын айлчлалын үеэр Бөөрөлжүүт болон Тэвшийн говийн цахилгаан
станцын хөрөнгө оруулалтын асуудлууд мөн урагшилсан. Тавдугаар цахилгаан
станцын худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, ажил нь эхэллээ.
Багануурын станцын хөрөнгө оруулалт нааштайгаар шийдэгдэж байна. Өмнийн
говьд босох “Тавантолгойн цахилгаан станц” төслийн талаар өнөөдөр таатай
мэдээ ирж, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч санхүүгийн баталгаа
гаргаж өгсөн нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг улам
нэмэгдлүүлж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

“Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий
захирал Б.Бямбасайханд энэ боломжийг тооцож, ажиллах шаардлагатайг
Ерөнхий сайд анхааруулаад үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж, ирэх хавар
Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалт, станцаа барьж эхлэх
чиглэлд анхаарч ажиллахыг Монгол Улсын сайд М.Энхсайханд үүрэг болголоо.

Оюутолгойн гүний уурхайн санхүүжилт,
бүтээн байгуулалтын төлөвлөгөөний дагуу ажлууд явж байна. Энхсайхан
сайдын мэдээлснээр Turquoise Hill Resources” компани санхүүгийн баталгаа
гаргаж өгсөн нь Тавантолгойн цахилгаан станц төслийн санхүүжилтийн
өртөг буурах, төсөл ашигтай байх боломжийг хөрөнгө оруулагчдад олгож
байгаа нь бас нэг давуу тал гээд Оюутолгойн төслийн санхүүжилтийн тал
дээр өнгөрсөн долоо хоногт ахиц гарч, төслийн санхүүжилт эцсийн шатанд
буюу банкуудад очиж байга гэж “Эрдэнэс монгол”-ын захирал Б.Бямбасайхан
хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Бадарсан: Сүхбаатар дүүрэгт тав, зургаан газар цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барина

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсантай ярилцлаа.

-Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийн асуудал нийслэлчүүдийн эмзэг сэдвийн нэг. Харин Сүхбаатар дүүрэг өөрийн хөрөнгө оруулалтаар хоёр цэцэрлэг ашиглалтад оруулсан нь сайн мэдээ байлаа. Төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг сургууль барихад хүнд боллоо. Орон нутагт, хувийн хэвшлийнхэнд нөөц бий юу?

-Бид саяхан хоёр цэцэрлэг ашиглалтад орууллаа. 600-800 орчим хүүхэд цэцэрлэгт явах бололцоотой болж энэ хэрээр гэртээ цоожтой үлдэх хүүхдийн тоо багасав. Олон ээж ажил хийж, өрхийн орлого нэмэгдэх бололцоо бий болно. Улсын хэмжээнд манай дүүрэг анх удаа орон нутгийн хөрөнгө оруулалтаар хоёр цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан. Эцэг эхчүүд баяртай байгаа. 2013 оноос “Ямар зүйлд төсвөө зарцуулбал зүйтэй вэ” гэж иргэддээ захидал бичиж, хариу авдаг болсон. Иргэдээс ирж байгаа саналд сургууль, цэцэрлэгийн асуудал жин дардаг. Зарим сургууль гурван ээлжээр хичээллэж, зарим эцэг эх хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй байна. Хамгийн хүнд байгаа хоёр хороонд цэцэрлэг барьсан юм.

– Дахиад дотоод нөөц бололцоогоо ашиглах, олон улсын байгууллага, хувийн хөрөнгө оруулалтыг энэ чиглэлд төвлөрүүлэх бололцоо байгаа юу?

-Ирэх жил нэмж дөрвөн цэцэрлэг барих төлөвлөгөөтэй байгаа. 2017 он гэхэд сургууль, цэцэрлэгт хүүхдээ бүрэн хамруулахаар төлөвлөсөн. Нэг хоёрыг нь дүүргийн, үлдсэнийг нь нийслэлийн хөрөнгө оруулалтаар барихаар зорьж байгаа. Сүүлийн жилүүдэд 13 сургууль цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсон. Нэмж хоёр сургуулийн өргөтгөлийн ажил явж байна. Дараа жил нийслэлээс сургууль, цэцэрлэгийн цогцолбор хоёрыг барихаар төлөвлөсөн.

-Гуравдугаар сургууль Европ стандартын барилгатай боллоо гэж мэдээлэгдсэн. Үүнд дүүргийн хувь нэмэр хэр их байв?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан сургууль. Орон нутгаас хуучин барилгыг буулгах зардлыг гаргасан юм. Үүнээс гадна бид сургууль, цэцэрлэгт тоног төхөөрөмж нийлүүлж, олон ажил хийлээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд аюулгүй орчин бүрдүүлэхээр Хяналтын камерын систем тавьж өгсөн.

-Дүүрэг бүхэлдээ камерын хяналтын нэгдсэн системд орох бололцоо байгаа юу. Камержуулсан нөхцөлд гэмт хэрэг, ослын гаралт ч буурдаг гэдэг?

-Нийслэл автобусны буудал дагуух төв зам, уулзваруудаа хянаж байгаа. Дүүргийн хувьд хороолол доторх, орон сууцны гаднах талбайд 300 орчим хяналтын камер суурилуулсан. Сургууль, цэцэрлэгийн хувьд цагдаа биш сургууль нь өөрсдөө хянаж байгаа. Сүүлийн гурван жил дараалан бид “Боловсролд ээлтэй дүүрэг” болсон.

-Аюулгүй орчин гэснээс саяхан Улаанбаатарт газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдлээ. Төвийн дүүрэгт насжилт ихтэй байрууд олон. Хэрэв газар хөдөлбөл хуучны байрууд хэдэн баллыг тэсэх вэ гэдэг асуудалтай. Үүнд анхаарч байгаа юу. Та Японд сурч байсан юм билээ. Тэнд энэ асуудалд анхаарал хандуулдаг байлгүй?

-Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх тухай бид ярьж байгаа. Дунд ангийн сурагчдад жилд хоёр удаа дүүргийн Онцгой комиссоос газар хөдөлбөл юу хийх талаар мэдээлэл, сургуулилт хийхээр болсон. Сургуулилт хийхэд шаардагдах мөнгийг төсөвтөө суулгасан. Онцгой байдлын хэлтсээс 270 сургагч багш бэлтгэсэн. Жишээ нь намайг Японд сурч байхад жилд хоёр удаа энэ төрлийн сургалт хийдэг байсан. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д газар хөдлөлтийн асуудлыг хөндөж мэдээлэл хийлээ. Улаанбаатар хот газар хөдлөлтийн бүсэд байдаг. Манай дүүрэг ялангуяа өндөр барилга ихтэй. Сүүлийн үед баригдаж байгаа барилгууд газар хөдлөлтийг тэсвэрлэх норм стандартыг тусгаж баригдсан гэж ойлгож байгаа. Стандарт шаардлагад нийцэхээ больж байгаа хуучны орон сууцнуудыг буулгаж, дахин төлөвлөх журмыг баталсан. Би бас нийслэлийн иргэдийн төлөөлөгч л дөө. Манай IV, VI хорооны хуучин барилгууд энд багтсан. Хувийн хэвшлийнхэн оршин суугчидтай тохирч, нийслэлийн зүгээс баталгаажуулаад дахин төлөвлөлтийн ажил явах учиртай. Үүний зэрэгцээ болзошгүй эрсдэлд бид байнга бэлэн байх учиртай. Хэчнээн мундаг байшин барьж орсон ч асуудалгүй гэж тайвширч болохгүй л дээ.

-50 жилийн ойн хүрээнд дүүргийн иргэдийн спортын наадам хийж байгаа юм билээ. Спортын наадам тэмцээн хийх нэг хэрэг. Төрийн зүгээс иргэдийнхээ эрүүл амьдралын хэв маягийг дэмжих учиртай. Оршин суугчдынхаа явган алхах, дугуйгаар явах нөхцөлийг бий болгоход анхаардаг уу?

-Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгөөр 80 орчим байрны гадна ногоон байгууламж бий болголоо. Үлдсэн 30 орчим байрны гадна талбайг дараа жил ногооруулна, тохижуулна. Гэр хороололд тохижилтын ажил хийж байгаа. Нэг том бэрхшээл байдаг нь гэр хороололд газар олддоггүй. Орон сууцны хороололд нийтийн эзэмшлийн талбайд авто машины зогсоол, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, ахмадууд нарлах, хүүхдээ салхилуулах талбайг байгуулж болдог. Гэр хорооллын иргэд хашаагаа сунгаад тулгаад барьчихдаг нь чирэгдэл учруулдаг. Ирэх жил Дамбын чиглэл, XV, XVI, XVII хорооны нутаг дэвсгэрт 3-4 км урт дугуйн зам, замын нөгөө талаар явган хүний зам хийхээр зургийг нь гаргасан. 400 гаруй сая төгрөг шаардагдах юм байна. Үүнийг бид хийнэ. Бид бас хоёр га гаруй газарт дүүргийн Тамгын газрын нэр дээр газрыг нь аваад баталгаажуулчихсан. Жижиг цэцэрлэгт хүрээлэн, хөл бөмбөг, сагсны талбайтай, дугуйн замтай, иргэд амрангаа аяга цай уух, мах шараад идэх талбайтай амралтын талбайн зураг төсөв гаргасан. Хийх ажил их байна.

-Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын үеэр ирээдүйн хотын чиг хандлагын тухай ярьсан л даа. Замын түгжрэлийг бууруулахын тулд зам нэмж бариад л байх юм бол машин ихэсдэг юм байна. Манайхны мөрөөдөөд байгаа давхар замыг тэд 40-50 жилийн турш барьж байгуулаад одоо заримыг нь нурааж явган хүний зам, дугуйн зам барьж эхэлсэн тухай яригдсан. Нийслэлийн хувьд дахин төлөвлөлт хийж байгаа газрууддаа ногоон байгууламж хийх боломж байгаа тухай зарим нь зөвлөж байсан?

-Манай долдугаар хорооллын дахин төлөвлөлтийн ажил явж байгаа. Цонхоор харагдаж байна. Хойд талд өндөр байшингууд баригдчихсан. Сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаад ашиглалтад орсон. Энэ хороолол 200 -гаад га газрыг хамарсан, гурав дөрөвдүгээр хорооллын дайны гэсэн үг. Энэ ажил гурав дөрвөн жилийн дараа цэгцэрч дуусна. Хуучин байсан Ногоон нуурыг ашиглаад, том цэцэрлэгт хүрээлэн төлөвлөсөн. Хороо болгонд биш юм аа гэхэд том хорооллууд дундаа ногоон байгууламж бий болгох юм. Хойд талдаа газраа нөөцөлсөн байгаа гэж түрүүн хэлсэн. XII, XIII хороонд амины орон сууцны хороолол төлөвлөсөн. Сүхбаатар дүүрэгт нийтдээ тав, зургаан газар том цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болгох юм. Мэдээж түгжрэл их байна гээд машинтай байхыг хориглох боломжгүй. Хот доторх бүх зам манай Сүхбаатар дүүргийг дайрч гардаг. Маш ачаалалтай, стресстэй. Зарим замыг заавал төв хэсгээр дайруулахгүйгээр гадна талаар нь тойруулж болно. Хотын төвд ажиллаж амьдардаг хүмүүс заавал машинаар явахгүйгээр явган алхаад ажлаа амжуулах боломжтой. Сургууль цэцэрлэг амрангуут замын хөдөлгөөн эрс багасдаг. Тэгэхээр сургуулийн автобусны маршрутыг сайжруулчихвал нэг ангийн 25 хүүхдийг өрх бүр тусдаа машинаар зөөх биш, нэг автобусаар сургуульд нь хүргэж, авах боломжтой. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах замаар нийслэлчүүд ажил сургуульдаа автомашинаар бус автобусаар зорчих боломжийг бий болгох нь хотын замын түгжрэлийг сааруулахад нэмэр болно.

-Долоон буудлыг орчин үеийн төв болгоно гээд нэлээд ярьсан, хэзээ шинэчлэгдэх вэ. Долоон буудлын Должид эмгэн гээд жишээ татаад байдаг. Долоон буудлын эмээ нарын амьдралын хэв маяг ч өөрчлөгдөх байх?

-Бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөх ёстой. Хотын төвд шавах биш Сэлбэ дэд төв, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх Хан-Уул дэд төв гэх мэтээр хот тойрсон найман дэд төв байхаар төлөвлөлт хийсэн. Сэлбэ төвийн ажил эхэлсэн. Тэнд байгаа хүмүүс орон сууцанд орох учиртай. Агаар, хөрсний бохирдол зэрэг нийслэлийн олон асуудал үүнийг дагаад шийдэгдэх юм.

-Гэр хорооллын гуу жалгыг цэвэрлэдэг иргэдийн бүлэг бий болсон гэсэн. Хотыг хогноос салгахад иргэдийг оролцуулах нь үр дүнтэйгээс гадна ажлын байр бий болгожээ?

-2012 онд иргэдээс авсан санал асуулгыг харвал ерөөсөө хогоо цэвэрлэ гэсэн байгаа. Өмнөх онд авсан санал асуулгад хог гэсэн асуудал дурдагдахаа байсан байна лээ. Хороолол доторх цэвэрлэгээг иргэд өөрсдөө хийж байна. Бид бололцооны цалин өгч байгаа.

-Ахмадын Сүхбаатар сувилал ашиглалтад оржээ. Монголчуудын дундаж наслалт нэмэгдэж, үүнийгээ дагаад ахмадын сувилал, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар дутагдалтай болсон?

-УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн санаачилгаар сувиллын барилгыг бариулсан. Дүүргийн зүгээс 200 гаруй сая төгрөг гаргаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг авч өгсөн юм. Сувилал нэг ээлжиндээ 60, жилдээ 1500 ахмадад үйлчлэх боломжтой. “Улаанбаатар”, “Оргил” рашаан сувилалд очих гээд дараалал хүлээж байхаар манай ахмадууд “Сүхбаатар” сувилалдаа очих бүрэн боломжтой. Дээр нь ахмадын амралтын газар маань дүүргийн настнуудад үйлчилдэг. Хороо болгонд байдаг Иргэний танхимдаа өглөө ахмадууд маань “Өдрийн сонин” бусад хэвлэлээ уншиж, хийн дасгал хийцгээдэг. Бид 50 жилийн ойгоороо бөх барилдуулж өндөр шагнал өгөхийн оронд иргэдийнхээ дунд спортын наадам зохион байгуулсан. 8000 гаруй иргэн явган аялал, спортын тэмцээн уралдаанд хамрагдсан байна лээ.

-Ямар ажлыг түрүүлж хийх талаар иргэдээс санал авдаг гэлээ. Жил бүр иргэдээс ирдэг хүсэлт өөрчлөгддөг үү?

-2012 онд авсан санал асуулгаар хог хаягдал их байна гэдэг байсан бол 2013 онд гэрэлтүүлэг, камер хий гэсэн. Гэр хорооллынхон бол намагтай гудамжиндаа хайрган хучилттай зам, орон сууцныхан авто зогсоол хүсч байсан. Хороо болгоны асуудал өөр байдаг. Энэ жил XVI хороонд цэцэрлэгийн асуудал шийдэгдсэн учраас дараа жил “Дугуйн зам тавь” гэх мэтээр өөр шаардлага тавих байх л даа. Хөгжих гэдэг амбицийг дагасан зөв чиг хандлагыг бид бий болгох ёстой. Сүхбаатар дүүргийн маань 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ 50 жилд үе үеийн дүүргийн удирдлагууд, албан хаагчид, иргэдийн хамтын зүтгэлийн үр дүнд манай дүүрэг өнгө засч, хөгжсөн. Сүхбаатар дүүрэг төвийн оюунлаг дүүрэг. Ерөнхий боловсролын сургуулиуд, томоохон их сургуулиуд, соёл урлагийн ихэнх байгууллага манайд байдаг. 50 жилийн ойгоороо бид иргэдтэйгээ хамтарч олон ажил төлөвлөлөө. Иргэдийн хурлын төлөөлөгчид маань ойн хүрээнд хийх ажлын төсвийг дэмжиж баталсан. Өнөөдөр бид ирээдүйд дүүргээ, эх орноо авч явах иргэдийнхээ амьдрах, сурах орчныг сайжруулахаар олон ажил хийж, ойгоо угтаж байна. Оны туршид үргэлжлэх ажил бий. Нийт иргэддээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.