Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн гар угаах өдөр-2015” өнөөдөр тохиож байна

Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой тэмдэглэлт өдрүүдийн нэг нь “Дэлхийн гар угаах өдөр” юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2008 оныг ‘Олон улсын Ариун цэврийн жил’ болгосонтой холбогдуулан жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглаж дэлхий даяар эрүүл ахуйн дадлыг сайжруулахыг уриалсан.

“Дэлхийн гар угаах өдөр” нь дэлхийн олон сая хүмүүсийг гараа савандаж угаах явдлыг хөхүүлэн дэмжиж, олон нийтийн оролцоог дэмжсэн бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулдаг тэмдэглэлт өдөр юм. Иймд “Дэлхийн гар угаах өдөр 2015”-ийг “ЦЭВЭР ГАР- АМЬДРАЛЫГ АВАРНА” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Дэлхий дээрх тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог суулгалт болон амьсгалын замын өвчин нь бохир гараар дамжин халдварладаг бөгөөд жил бүр 2.2 сая гаруй хүүхэд эдгээр өвчлөлүүдийн улмаас нас барж байгаа аж.

Суулгалт халдварыг үүсгэгч эмгэг төрүүлэгч нянгууд нь хүний ялгадсаар бохирдсон гар, бохир ус, угаагаагүй хүнсний ногоо, сав суулга, хувцсаар дамжин халдварладаг. Энэхүү суулгалт халдвараас гадна хүн амын дунд элбэг тохиолддог халдварт өвчин болох ханиад, томуу зэрэг амьсгалын замын өвчнүүд, вируст гепатит А, Е, цусан суулга, вирусийн гаралтай суулгалт халдварууд, балнад, иж балнад, булчин задрах тахал, хоолны хордлого, бэтэг, цагаан хорхойтох зэрэг өвчнүүдийн 90 орчим хувь, халдварт бус өвчин үүсгэгч химийн бохирдлын тодорхой хувь нь бохир гараар дамжин халдварладаг байна.

Бага насны хүүхдүүдийн өвчин эндэгдлийн голлох шалтгаан болсон дээрх өвчнүүдээс сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд хямд төсөр арга бол гараа савандаж угаах явдал юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхий дахины анхаарлын төвд байж, олон мянган хүний аминд хүрсэн Эбола болон бусад халдваруудаас өөрийгөө болон бусад хүмүүсийг урьдчилан сэргийлэх гол аргуудын нэг нь гараа савандаж угаах болохыг Эбола вируст халдвар бүртгэгдэж буй улс орнуудад ажилласан эмч, эмнэлгийн ажилтнууд нь нийт хүн ам ялангуяа эрсдэлт бүлгийн хүмүүст гараа хэрхэн зөв угаах талаарх мэдээллийг тогтмол өгч, сургалт, суртачилгаа хийж, зөв дадал хэвшилд суралцахыг зөвлөж, уриалсан байна.

Хүн бүр гараа ямар нэг хэмжээгээр угаадаг боловч маш цөөхөн хувь нь л гараа тогтмол савандаж угаадаг байна. Угаалгүй 6 цаг болсон гарт 10х107 –ээр тоологдох нян байдаг ба угаасны дараа уг нянгийн тоо 7-10 дахин цөөрдөг байна. Гараа тогтмол савандаж угааснаар суулгалт халдвараар өвдөх эрсдлийг 31 хувиар, дархлалын систем суларснаас суулгалт халдвараар өвчлөх эрсдлийг 58 хувиар, ханиад, томуу зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөх эрсдлийг 21 хувиар тус тус бууруулах боломжтой гэж үздэг ,2.

Түүнчлэн гараа савандаж угаах нь арьсны өвчнүүд, трахома зэрэг нүдний өвчин, хялгасан болон туузан хорхойн өвчнүүдээр өвчлөх эрсдлийг бууруулдаг бууруулдаг байна. Хэрэв гараа савандаж угаах дадлыг хүн бүр эзэмшиж, ахуй амьдралдаа хэвшүүлж чадвал бохир гараар дамждаг олон өвчнөөр бид өвдөхгүй байх бүрэн боломжтой төдийгүй гараа савандаж угааснаар гурав нь хүүхэд тутмын нэг нь суулгалт халдвараас, зургаан хүүхэд тутмын нэг нь амьсгалын замын халдварт өвчин болох уушгины үрэвсэлт өвчнөөс өөрийгөө сэргийлэх боломжтой ажээ.

Categories
мэдээ цаг-үе

СОНИН гэрт байвал гамшгийн үед хэрэг болно гэв

НҮБ-ын Ерөнхий ассамб­лейн
шийдвэрээр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос
хойш жил бүрийн аравдугаар сарын 13-нд тэмдэглэдэг болжээ. Энэ жил дэлхий даяар
“Аюулгүй амьдрах мэдлэг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлээд байгаа аж. Уг өдрийн хүрээнд
гамшгийн үед хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас
урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяр, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн
дарга Н.Болормаа нар өчигдөр мэдээлэл хийлээ.

Хурлын үеэр ОБЕГ-ын
Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяр “Газар хөдлөлтийн үед чичиргээнийх
нь үеэр гүйж болохгүй. Чичиргээ дууссаны дараа барилгаас гарах ёстой. Мөн гэр ахуйдаа
тавилга сонгохдоо бөх батыг нь харж байх нь зүйтэй юм. Газар хөдлөлтийн үед хамгийн
түрүүнд ширээн доогуураа орох хэрэгтэй. Эсвэл тавцан нь хангалттай даацтай бол орон
доогуураа орсон ч болно. Хана нурлаа гэхэд ширээ, оронд тулж гурвалжин зай гарна.
Энэ зайг амьдралын гурвалжин ч гэдэг” хэмээн ярив. Түүнчлэн “Байгалийн гамшгийн
үед 15 төрлийн эд зүйл байх ёстой. Цэвэр ус, долоо хоног хэрэглэх хоол унд, гар
чийдэн, батерей хэрэгтэй. Мөн айлд сонин, гялгар уут, тор байх ёстой. Тухайлбал,
аюул гамшгийн дараа хүмүүст халуун шөл тараалаа гэхэд сониноо гурвалжилж нугалан
аяга хийж болно. Түүн дотроо жижиг гялгар уут хийгээд халуун шөл, цай зэргийг ууж
болох юм. Сонингийн цаасыг хуйлахад хатуурдаг. Түүгээр хэрэв гар хугарсан бол чиг
тавиад мөн л гялгар уутаар боочихно. Гялгар торыг ч сэнжнээс эхэлж цуулаад сойлт
болгон ашигладаг. Энэ мэтчилэн газар хөдлөлт, байгалийн гамшгийн үед гар доорх материалыг
ашиглахад анхаарах хэрэгтэй” хэмээв.

Харин бусад шаардлагатай
эд зүйлсийн талаар “Газар нурангид дарагдлаа гэхэд шүдэнз зураад гал гаргаж болохгүй
шүү дээ. Галын аюулгүй байдлаа бодсон ч тэр. Тиймээс гар чийдэн зайлшгүй хэрэгтэй
юм. Мөн гэрлээр нь дохио ч өгч болно. Нөөцний хоол ундаа ч аль болох муудахгүйг
сонгох нь чухал. Бичиг баримтаа нэг гялгар уутанд хийж хадгалах ёстой. Газар хөдлөхөд
тэнд байгаа эрүүл мэндийн дэвтэр, өөр газар байгаа үнэмлэхээ хайгаад байж болохгүй
шүү дээ. Барилга байшин дор дарагдсан тохиолдолд шүдээ тогшсон ч болно. Орчин үеийн
аврах хайгуулын багаж хэрэгсэл их доор байгаа дуу чимээг ч мэдэрдэг болсон. Гэртээ
хатуу цаасан хайрцаг хадгалж байгаад тавилгынхаа дээд талаар нугалаад хийчихвэл
чичирхийллийн үед унахгүй зэрэг олон зүйл бий” хэмээн сонирхуулав.

Мэдээллийн үеэр “Иргэд
аюулт үзэгдэл, осол, гамшгаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дутмаг
байна” хэмээн онцолж байлаа. Зөвхөн энэ он гарсаар эхний есөн сарын байдлаар манай
улсын хэмжээнд 4148 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож түүний улмаас 170 хүн
амь насаа алдан 49.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. ОБЕГ-аас төв, орон
нутгийн Онцгой байдлын анги байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран үйл
ажиллагаа явуулж байгаа гэнэ. Мөн www.ontsgoi.cov.mn сайтад, иргэдийн болзошгүй
аюул ослоос урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл байршуулж эхэлжээ. Түүнчлэн газар
хөдлөлтийн үеийн сургалтыг явуулж байгаа аж. Улаан загалмайн нийгэмлэгийн зүгээс
“Өвөлд бэлэн үү” нэг сарын аяныг зохион байгуулж байгаа юм байна.

ЦАС ИХ ОРСОН ҮЕД:

Хэрвээ хээр талд эсвэл ойд байхад
цас орвол намдахыг нь хүлээх, ойролцоох тодорхой шинж тэмдэг бүхий зүйлээр баримжаалан
зүг чигээ олох хэрэгтэй. Түүнчлэн аюулгүй газар очих боломжгүй тохиолдолд цас ухаж
түр хорогдох байр нүх, хонгил, агуй, овоохой зэргийг хийж хорогдох нь салхи, хүйтэн,
цасны хунгараас хамгаалдаг. Цасанд удаан хугацаагаар гадаа байхад хүний нүд гэмтэж
болзошгүй учраас нарны шилтэй явахад илүүдэхгүй.

ЦАСАН ШУУРГЫН
ҮЕД:

Өвлийн улиралд хол замд гарахдаа
цаг агаарын мэдээ харж хэвших нь чухал юм. Харин замд гарсан тохиолдолд чухал бичиг
баримт, хоёроос дээш хоног хадгалж болох илчлэг хоол, хүнс, ус, түлш, анхны тусламжийн
болон ариун цэврийн хэрэгсэл, лаа, шүдэнз, гар чийдэн, холбооны хэрэгсэл авч гарах
хэрэгтэй юм. Хэрэв автомашинтай явж байхдаа цасан шуургатай таарсан бол тусламж
иртэл машинаасаа буухгүй байх хэрэгтэй. Машин эвдэрч саатсан бол антенндаа тод өнгийн
даавуу уях, дуут дохио дуугаргах, гэрэл асаах зэргээр дохио, тэмдэг өгөх нь чухал.
Нойтон хувцас нь дулаан хадгалах шинж чанараа алдаж, биеийн дулаан алдагдуулдгийг
санаарай. Тиймээс осголт хөлдөлтийн шинж илэрч буй эсэхийг анхааралтай ажиглаж,
норсон хувцсийг сольж, биеийн дулаан алдагдахаас сэргийлэх хэрэгтэй.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ улс-төр

Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 70.6 хувийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг Монгол Улсын Их хурлаас 2015 оны хоёрдугаар сард, Япон улсын парламент тавдугаар сард тус тус соёрхон баталсан юм. Тус хэлэлцээр нь хоёр тал харилцан ноот бичиг солилцсоноор хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт импортлох болон экспортлох бараа бүтээгдэхүүнд нэн тааламжтай болон хөнгөлөлттэй тариф хэрэглэх, эдийн засаг, худалдааны бодлого хэрэгжүүлэхэд импортын барааны гарал үүслийн улсыг тодорхойлох асуудал чухал байр суурийг эзэлдэг. Гаалийн тухай хуульд 2012 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн хуулиар орсон нэмэлт, өөрчлөлтөөр гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах бичиг баримтаас “Гарал үүслийн гэрчилгээ”-г хассанаар одоогийн байдлаар мэдүүлэгчийн мэдүүлсэн гарал үүслийн улсыг хүлээн зөвшөөрөх төдийд буюу хангалтгүй байдлаар хэрэгжиж байгаа аж.

Гарал үүслийн дүрэмтэй холбоотой хүндрэлтэй асуудал гараагүй байгаа боловч, Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхэд “хөнгөлөлттэй тариф”-ын хувь, хэмжээг мөрдөхтэй холбоотойгоор гарал үүслийн дүрэмтэй холбоотой олон асуудлууд гарч ирэх тул Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “гарал үүслийн гэрчилгээг” шаардах хэрэгтэй болж буй юм байна.

Энэхүү хуулийг баталснаар нэмэлт хөрөнгө, зардал шаардагдахгүй, харин импортын барааны гарал үүслийг хуульд нийцүүлэн тодорхойлох боломжийг олгоно. Импортоор орж ирж байгаа барааны гарал үүслийг нотлон холбогдох баримт бичгийг бүрдүүлснээр хөнгөлөлттэй тариф хэрэглэх боломж бүрдэх ажээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Эрх чөлөөний талбайд эдийн засгийн ил тод байдалтай холбоотой зөвөлгөө өгнө

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж буйтай холбоотойгоор тус хуулийг олон нийтэд таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөг өнөөдөр Эрх чөлөөний талбайд 11.00 цагаас эхэлнэ. Өдөрлөгийн үеэр татвар, нийгмийн даатгал, улсын бүртгэл, гааль болон Сангийн яамны холбогдох ажилтнууд зөвлөгөө мэдээлэл өгч, нэг цэгийн үйлчилгээ ажиллана. Та татварын албанд бүртгүүлж цахим татварын нэвтрэх нууц дугаар шууд авах боломжтой.

Өдөрлөгийн үеэр та ил тодын хуультай холбоотой хаана? юуг? хэрхэн? ил болгосноор ямар хуулийн хариуцлагаас чөлөөгдөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна татвар, санхүү, нийгмийн даатгалын тайлангаа хэрхэн өгөх, бүртгүүлэх талаар ч зөвлөгөө авах боломжтой.

Энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тус хуулийн зорилго нь хувь хүн, хуулийн этгээд бүртгэлээс гадуурх нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөд оршиж байна. Энэхүү хууль хэрэгжсэнээрээ сүүдрийн эдийн засгийг бууруулж, хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах, бизнес эрхлэгчдэд шударгаар үйл ажиллагааг явуулах боломж, эхлэлийг тавих давуу талууд бүрдэнэ.

Хуулийн хүрээнд хувь хүн, хуулийн этгээд нь:

• 2015.04.01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг;

• 2015.12.31-ний өдрийн дотор сайн дурын үндсэн дээр ил болговол

• Хуулиар тогтоосон хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөх юм.

• Хариуцлагаас чөлөөлөгдөх хуулиуд:

• Нийгмийн даатгалын тухай хууль;

• Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль;

• Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;

• Гаалийн тухай хууль;

• Захиргааны хариуцлагын тухай хууль.

• Татварын ерөнхий хууль;

• Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль;

Энэхүү хуульд хамрагдан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа ил болгосон хувь хүн, хуулийн этгээдийн холбогдох мэдээлэл нь нууц байх бөгөөд ийнхүү мэдүүлснээрээ ямар нэг хариуцлагад татагдахгүй юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чонон сүлд” -ийг Оскарт өрсөлдүүлэхгүй гэв

БНХАУ-ын зохиолч Зян Рун-ы зохиолоос сэдэвлэсэн “Чонон сүлд” бүрэн хэмжээний уран сайхны кино энэ оны эхээр олон улсад нээлтээ хийж, үзэгчдийн зүгээс ч чамгүй үнэлгээ авсны зэрэгцээ Оскарт хүртэл нэр дэвшиж байгаа гэх мэдээлэл цацагдаад байсан билээ.

Тэгвэл Оскарт нэр дэвшүүлсэн “Чонон сүлд” кино нь шаардлага хангаагүй тул өөр бүтээлээр сольсон хэмээн Хятадын “China Film News” сонинд тухай мэдээлжээ. Хятадын кино хороо Оскарын наадмыг зохион байгуулагчдаас ийм хариу авсан байна. Тэнцээгүй гол шалтгаан нь тухайн бүтээлийг хийхэд нэр дэвшүүлсэн улсынх нь иргэд голлох үүрэгтэй оролцоогүй гэжээ. Уг киноны жүжигчид нь хятад хүмүүс.

Харин киног бүтээсэн багийн гишүүдийн 90 хувь гадаадын иргэн байжээ. Өөрөөр хэлбэл, найруулагч Жан Жак Анно болон түүний баг уг киног бүтээсэн тул Хятадын нэрийн өмнөөс Оскарт нэр дэвших боломжгүй болсон гэсэн үг. Дээрх киноны оронд “Go away Mr.Tumor” (Зайл! Ноён хавдар!) нэртэй, өөдрөг үзэлтэй нэгэн эмэгтэйн хорт хавдартай тэмцэж байгаа түүхийг харуулдаг романтик инээдмийн киног дэвшүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Гэр хорооллын 7241 хүн амыг хамруулсан газар шинэчлэн зохион байгуулалт хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд барилгын компаниудын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.

Гэр хорооллын орон сууцжуулах төслөөс иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 77,260 иргэнийг хамруулсан 2744 удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулж, 21,983 иргэнийг хамруулсан 1099 Иргэдийн бүлэг байгуулж, хамтран ажиллаж байгаа юм байна.

“Газар шинэчлэн зохион байгуулах” гэдэг нь иргэн болон аж ахуйн нэгжүүд өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтад шаардлагатай газрыг хувь нийлүүлэн гаргаж орчин нөхцөлөө сайжруулах үйл ажиллагааг тэдний хүсэлт, оролцоо, шийдвэрт үндэслэн төсөл болгон хэрэгжүүлэхийг хэлдэг.

Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн мэдээгээр, Чингэлтэй дүүргийн 17-р хороо, СХД-ийн 11-р хороо, Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Баянзүрх дүүргийн 27-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Баянзүрх дүүргийн 19-р хороо, Хан-Уул дүүргийн 9-р хорооны нийт 109 га талбайд 7241 хүн амыг хамруулсан иргэдийн түр зөвлөл наймыг байгуулж, газар шинэчлэн зохион байгуулах замаар орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Эдгээр иргэдийн ихэнх нь инженерийн шугам сүлжээнд холбогдож амины орон сууц барих санал ирүүлсэн бол газраа тохирсон үнээр худалдах, эсвэл шууд орон сууцаар солих иргэд ч бас цөөнгүй байгаа аж. Тиймээс иргэн тус бүрээс санал авч тухайн нэгж талбарт амины орон сууц, нийтийн орон сууц гэх маягаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт хийж байгаа юм байна.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга орон сууц, барилгын компаниудын удирдлагуудтай уулзаж энэхүү төсөлд хамтран ажиллахыг уриаллаа. Түүнчлэн иргэд бол та бүхэнд ажил олгогчид. Тиймээс иргэдийн сонгосон компани нь иргэдийн хүсэж байгаа төлөвлөлтийн дагуу ажлаа хийх ёстой. Харин хот шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг хуулийн дагуу олгох болно гэдгийг онцлов.

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс өвлийн бүсчлэлд шилжлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийж байна. Үүний дагуу 10 сарын 15-ны өдрөөс дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжих бөгөөд тус бүсэд зарим замыг хассан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ.

Холбооны Ерөнхийлөгчийг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авав. Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн энэхүү айлчлал Монгол Улсад ардчилсан, анхны чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой, хоёр Герман Улс нэгдсэний 25 жилийн ой тохиож буй энэ онд хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн айлчлал 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Одоо түүнийг угтан авах албан ёсны ажиллагаа Чингисийн талбайд болох гэж байна.

Төрийн айлчлалын үеэр Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Холбооны Ерөнхийлөгчид бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалынхаа хүрээнд Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Хархорин дахь археологийн малтлагын “Монгол-Германы Хархорин экспедици” төслийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Монгол, Германы хамтарсан Технологийн их сургуульд зочлох аж.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Цагаан таягтны өдөр”

Дэлхийн “Цагаан таягтны өдөр” буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхий даяар аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригт тэмдэглэдэг уламжлалтай. Уг өдрийн хүрээнд өнөөдөр БСШУЯ, Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болжээ.

“Хараагүй хүмүүсийн олон улсын холбоо”-ны санаачилгаар анх 1979 онд уг өдрийг тэмдэглэсэн байна. Энэ өдөр хараагүй иргэд өөрийн үзэл бодол дуу хоолойгоо төр, засаг, олон нийтэд хүргэн, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж, шийдвэрлэх арга замуудыг хайсаар иржээ.

Дэлхийн хэмжээнд 37 гаруй сая хараагүй иргэн амьдардаг байна. Харин манай оронд 15 гаруй мянган хараагүй иргэн амьдардаг аж

Categories
мэдээ эдийн-засаг

Доллар 2002 төгрөг байна

“Найман шарга” зах дээр нэг долларыг 1998 төгрөгөөр, харин арилжааны банкууд 2000-2002 төгрөгөөр зарж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр валютын ханш өдөр ирэх тусам өсч, харин төгрөгийн ханш он гарсаар 30 хувиар унажээ. Ирэх оны төсвийн төсөлд нэг ам.долларыг 2030 төгрөгөөр тооцоод байгаа юм.