Categories
мэдээ улс-төр

Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэх шаардлагагүй гэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэх юм. Уг хуулийн зарим зүйл заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр чуулганыг хаалттай горимд шилжүүлж магадгүй гэсэн яриа гарсан юм.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Өршөөлийн хуулийн хоригтой холбоотой асуудлын эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна. Үүнийг хаалттай хэлэлцэх шаардлагагүй. Тэртээ, тэргүй хориг хүлээж авах нь нээлттэй, хориг хүлээж авсантай холбогдуулаад байнгын хороонд ямар зүйл заалтыг нь авах уу, ямар зүйл заалтыг нь өршөөх үү, өршөөхгүй явах уу гэдэг асуудлууд нээлттэй явсан. Өнөөдөр Монгол Улс даяараа энэ өршөөгдөх, өршөөгдөхгүй юм байна гэдгийг мэдчихсэн. Хаалттай явуулах ямар ч шаардлага байхгүй. Нуугаад байх зүйл байхгүй. Нэмэлт өөрчлөлтөөр авлига, албан тушаалтай холбоотой хэргүүдийг өршөөх үү, өршөөхгүй юу гэсэн асуудлыг ярина. Тийм учраас нээлттэй ярих ёстой” гэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч И.Гаук нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ганцаарчилсан уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч И.Гаук нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

лбан ёсны хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрхэмсэг ноён холбооны Ерөнхийлөгч И.Гаук таныг Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэнд гүн талархал илэрхийлье. ХБНГУ бол Европ дахь манай гол түнш орон гэж үздэг. Таны айлчлал Монгол Улсад анх удаа ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой тохиосон жилд болж байна. Хоёр орны хоорондох дээд хэмжээний айлчлал хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, найрсаг уур амьсгалыг улам гүнзгийрүүлэхэд онцгой үүрэгтэй гэж үзэж байна. Таны энэ айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэгтэй юм” гэлээ.

ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч И.Гаук хариу хэлсэн үгэндээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэндээ миний бие туйлын их баяртай байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сайн хөгжиж байгаад баяртай байдаг. Монгол Улс ардчиллын төлөө тууштай тэмцэж ирсэнд бид мөн талархаж байдаг” гээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Хоёр талын харилцаа соёл, боловсрол, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа зэрэг олон талд суурилан амжилттай хөгжиж байгааг албан ёсны хэлэлцээний үеэр талууд тэмдэглэлээ.

Албан ёсны хэлэлцээнд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Сангийн дэд сайд С.Пүрэв, Германы талаас ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга Давид Гилл, Холбооны эдийн засаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Маттиас Махниг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн, Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн захирал, Элчин сайд Лизелорэ Цюрус, Холбооны Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Иоханнес Штурм нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Categories
энтертаймент-ертөнц

“Playboy” сэтгүүл нүцгэн эмэгтэйн зураг нийтлэхгүй

Өчигдөр АНУ-ын эрчүүдэд зориулсан “Playboy” сэтгүүлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Тэрээр энэ үеэр, 2016 оны гуравдугаар сараас хойш сэтгүүлийн нүүртээ эмэгтэйчүүдийн нүцгэн зураг нийтлэхгүй гэж мэдэгдсэн байна. Тус сэтгүүлийн гүйцэтгэх захирал Скот сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ “Анх хэвлэгдсэн 1953 оны улс төр, орчин одоогийнхоос өөр байсан. Бид улс төр, секс, соёл зэргийг чөлөөтэйгөөр нийтэлж болдог байсан. Хэдийгээр гаднах нүүртээ нүцгэн зураг нийтлэхгүй ч, сэтгүүлийн үндсэн утга агуулга өөрчлөгдөхгүй” хэмээн тэмдэглэжээ. Мөн тэрээр хэлэхдээ, сэтгүүлийн тэргүүн нүүрт нүцгэн зураг нийтлэх нь хоцрогдсон хэмээсэн байна. “Playboy” сэтгүүл оргил үедээ буюу 1975 онд 5.6 сая ширхэг худалдаанд гарч, борлуулагдаж байсан бол эдүгээ 800 мянга болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар бие даасан тоглолтоо хийнэ

Сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн наадмын тэргүүн байраас гадна “Гран При” шагналыг бахархалтайгаар хүртсэн Монгол Улсын дуурийн гоцлол дуучин Г.Ариунбаатар ирэх сарын 10-нд алдарт Их театрын тайзнаа дуулах болсоныг бид та бүхэнд мэдээлж байсан. Тэгвэл тэрбээр, Их театрын тайзнаа Елена Обрацовагийн дурсгалд зориулсан хүндэтгэлийн концертод алдартнуудтай нэг тайзан дээр дуулах нь. Улмаар ирэх 12 сард эх орондоо бие даасан тоглолтоо толилуулахаар төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хорооны даргыг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 80.4 хувийн дэмжлэг хүлээснээр тус байнгын хороог Д.Ганбат гишүүн удирдахаар болж, батлагдлаа.

Эл асуудал дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага аваад байсан нь өнөөдөр албан ёсоор дууссан юм. Тус бүлгээс Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Ганбатыг сонгуулахаар болж, нэр дэвшүүлээд байв.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 74.1 хувийн саналаар “хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Мөн Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай УИХ-ын 1999 оны зургадугаар сарын 3-ний өдрийн тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд 61.1 хувийн саналаар дэмжин, хэлэлцэхээр боллоо.

Харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлццэхийг дэмжсэнгүй, буцаалаа.

Одоо УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байгаа бөгөөд үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. Үдээс хойшхи хуралдаан Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэнээр эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Гурван хүн шороонд даруулж амиа алдав

Хууль бусаар ашигт малтмал олбордож байсан гурван иргэн уурхайн шороонд дарагдаж амь насаа алдсан харамсалтай хэрэг Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Сайрын худаг” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Монгол Болгар Гео” ХХК-ийн ашиглалтын талбайд болжээ. Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэд нь 5 метр ухсан нүхэнд ороод байхдаа шороонд дарагдаж нас барсан байна.

Уг ослын дуудлагыг энэ сарын 14-ний өдрийн 20:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, нэг автомашинтай ажиллаж иргэн 39 настай, эрэгтэй М, 31 настай, эрэгтэй Г, 30 настай эрэгтэй А нарын цогцсыг 15-ны өглөөний 05:57 цагт гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Баттулга мэдээлэл хийнэ

НИТХ-ын дарга Д.Баттулга хэвлэлийн хурал хийх зар тараалаа. Уг хурал 13.00 цагт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд болно. Хурлаар хотын дарга Э.Бат-Үүлийг огцруулах НИТХ дахь МАН-ын бүлгийн хүсэлтэд хууль эрхзүйн тайлбар өгөх гэнэ. МАН-ын бүлгээс өчигдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналыг НИТХ-ын дарга Д.Баттулгад өргөн барьсан юм. МАН-ын бүлгээс хотын дарга Э.Бат-Үүлийг төсвийн мөнгөнд үрэлгэн хандаж, үр ашиггүй зарлагадсан учраас огцрох ёстой хэмээн үзэж буй юм.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж, И.Гаук нар ганцаарчилсан уулзалт хийлээ

Албан ёсоор угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нар Төрийн ёслол хүндэтгэлтийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн энэхүү айлчлал Монгол Улсад ардчилсан, анхны чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой, баруун, зүүн хоёр Герман нэгдэж ХБНГУ байгуулагдсаны 25 жилийн ой тохиож буй 2015 онд хэрэгжиж буйгаараа онцлог юм гэдгийг талууд тэмдэглэж байв. ХБНГУ нь Монголын ардчиллыг анхнаас нь дэмжсэн орны нэг бөгөөд Европ дахь гол түнш юм.Хоёр орны хооронд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалтын үеэр тэмдэглэн ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Шатахуун ачиж явсан машин онхолджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Айдасын даваа” гэдэг газар хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт “Интер транс” ХХК-ийн эзэмшлийн 35-25 УН… улсын дугаартай шатахуун ачсан автоцистерн онхолдсон осол гарчээ. Ослын газарт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтай түлш асгарсан хөрсөн дээр шороо асгаж, автоцистернийг татаж босгосон байна. Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУХ-ын жижүүрийн бүрэлдэхүүн ажиллажээ. Ослын улмаас хүний амь насанд хохироогүй байна.

Categories
мэдээ улс-төр

ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгчийг угтах ёслол боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Иоахим Гаук Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирсэн билээ. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим аук, түүний гэргий хатагтай Даниела Шадт нарыг албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд болов.

онгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт Чингисийн талбайд ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук, гэргий Даниела Шадт нарыг албан ёсоор хүндэтгэн угтаж авлаа. Угтах ёслолд хоёр талын албаны хүмүүс оролцов.

Хоёр орны төрийн дуулал эгшиглэсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаук нар хүндэт харуул, угтан авсан хүмүүстэй мэндчилсэн юм. Эрхэмсэг зочдод монгол үндэсний дээлтэй хүүхдүүд цэцгийн баглаа барилаа.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Х.Болормаа, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаук, гэргий Даниела Шадт нар Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Мөн Төрийн ордны “Баганат“ танхимд Германы Ерөнхийлөгч хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа хоёр орны Төрийн тэргүүн гэргий нарын хамт дурсгалын зураг татууллаа.

Үүгээр угтах ёслолын хэсэг өндөрлөж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нар Төрийн ёслол хүндэтгэлтийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийж байна. Ганцаарчилсан уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ—ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нар албан ёсны хэлэлцээ хийнэ.