Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгчид бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай оронд төрийн айлчлал хийж байгаа ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бараалхлаа.

ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч манай оронд төрийн айлчлал хийж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлээд энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. ХБНГУ-ыг бид Европ дахь гол түншээ хэмээн үзэж харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглээд иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан өргөжүүлэх боломж бий гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч олон жилийн нягт хамтын ажиллагаатай Монгол оронд төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна гээд хоёр орны төрийн тэргүүнүүдийн харилцан хийж байгаа айлчлалууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нөлөөлнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Циркчин монгол бүсгүй дэлхийн дээд амжилт эвджээ

Циркийн агаарын үзүүлбэрт монгол эмэгтэй дэлхийн дээд амжилт эвдсэн байна. Тэрбээр агаарт гурав эргэж, дөрвөн метрийн өндөр сандал дээр гарчээ. Ийм үзүүлбэрийг эмэгтэй циркчин анх удаа хийснийг Монголын үндэсний циркийн багийнхан хэлж байна.

Манай циркчдийн хувьд түрүүлэхэд хоёр оноогоор дутжээ. Түүнчлэн манай циркчид тэмцээнд хамгийн хүнд үзүүлбэрүүдийг үзүүлж, монголчууд нугарахаас гадна агаарын үзүүлбэрүүдийг ч хийж чаддаг гэдгээ харуулсан байна.

БНХАУ-ын Хэбэй мужид болсон энэ тэмцээн хоёр жилд нэг удаа болдог. Герман, Орос, Мексик, Канад, АНУ гээд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жүжигчид оролцдог наадам юм. Тэднээс хамгийн хүчирхэг, чадварлаг нь монголчууд байсныг олон улсын циркийн багийнхан онцолсон байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн есдүгээр сард Оросын Москва хотод болсон олон улсын циркчдийн уралдаанд н.Номуунбаатар ахлагчтай Монголын циркчид оролцож, мөнгөн цомын эзэн болжээ.

Categories
мэдээ улс-төр

Х.Тэмүүжин гишүүн асуудлыг шалгуулна гэжээ

ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Э.Зоригт Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг хамаатан садандаа яамны нэрийн өмнөөс тушаал гаргуулж байр өгсөн хэмээн мэдээлсэн. Тэрбээр “Хөнгөлөлттэй үнээр байр олгох Х.Тэмүүжин сайдын тушаалд байрны 1 метр квадратыг нь 900.000 төгрөгийн 30 хувиар бодож олгосугай гэж заасан байсан. Ингэхээр байрны 1 метр квадрат нь 270.000 төгрөгөөр бодож олгосон гэсэн үг. Уг байрыг ШШГЕГ өөрийн нөөц бололцоог ашиглан барьсан бөгөөд орон сууцаа ажилчдадаа хямд үнээр олгодог.

Яамны зүгээс газрын асуудал, барилга барих зөвшөөрөл зэрэгт дэмжлэг үзүүлдэг учраас цөөн тооны байрны квот авдаг юм. Тийм хямд байранд олон жил ажилласан, байрны дарааллын эхэнд байсан ажилчид орж чадаагүй, хэнд байр өгөөд байгаа талаар мэдээллийг ажилчдад өгөхгүй байсан учраас ажилчид хэд хэдэн удаа гомдол гаргасан байдаг. Энэ бол буруу үйлдэл, дор хаяж л яамны дотоод журмыг зөрчсөн” гэсэн билээ.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин энэ асуудлыг шалгуулахаар болжээ. Тэрбээр “Хамаатнууддаа хуурамч бичиг баримт бүрдүүлж байр өгсөн” гэх асуудлыг шалгуулахаар зохих байгууллагад нь хандлаа” хэмээн цахим хуудастаа бичсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 1.1 сая ам.доллар нийлүүллээ

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1989.00-1994.21 төгрөгийн ханшаар 2.65 сая ам.доллар, 312.51-313.30 төгрөгийн ханшаар 14.15 сая юань худалдан авах, 314.19 төгрөгийн ханшаар 4.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 1.1 сая ам.долларыг 1994.00 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлэв.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 25.0 сая ам.доллар худалдах ам.долларын форвард болон 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал мөн 12.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг биелүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Т.Уранцэцэг: Энэ өршөөл тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө шүү

УИХ-ын Хууль
зүйн байнгын хорооны хурал дээр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн тэнхимийн
тэргүүн, шүүгч Т.Уранцэцэг маш ноцтой мэдээлэл хийсэн. Улсын Ерөнхийлөгчөөс авахуулаад
олон нийт, улстөрчид авлига, албан тушаалын хэрэг дээр анхаарлаа хандуулсан
болохоос түүнээс ч илүү хор хохиролтой үр дагавар үүсэхийг анхаараагүй байжээ.
Энэ чухам юу гэдгийг, Улсын дээд шүүх ямар учраас өршөөл үзүүлэх тухай хуулийг
хэрэглэхээс татгалзаж Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар тэрээр ярилаа. Түүний
ярьсныг доорх бичлэгээс үзнэ үү.



Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өршөөлийн хуулиар завсарлага авлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан товлосон хугацаанаасаа 1 цаг орчмоор хоцорч эхэллээ.

Уг чуулганаар Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Үүнтэй холбогдуулан хуулийн төслийг хаалттай хэлэлцэх ёстой гэсэн горимын саналыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон гаргасан бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Нээлттэй хэлэлцэх ёстой. Хаалттай хэлэлцвэл ард түмний дунд улам л хардлага төрүүлнэ. Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэж эхэлсэн үеэс УИХ нээлттэй горимоор хэлэлцсэн. Нээлттэй хэлэлцэх ёстой” гэсэн юм. Дээрх саналтай УИХ-ын гишүүн С.Бямбацогт санал нэг байгаагаа илэрхийлж, нээлттэй хэлэлцэхийг хүслээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва бүлгээс чиглэл ирлээ, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг тав хоногийн завсарлага хүсч байна гэсэн юм.

Үүний дараа УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгт тав хоногийн завсарлага өглөө

Categories
мэдээ нийгэм

Эдийн засгийн ил тод байдлын хуулийг танилцуулах өдөрлөг болж байна

Засгийн газар өнгөрсөн долоодугаар сарын 3-ны өдөр “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийг боловсруулан өргөн барьсныг УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан билээ.

Энэхүү хууль нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлтийг үзүүлэх зорилготой юм. Нөгөө талаасаа сүүдрийн эдийн засгийг бууруулж, хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах, бизнес эрхлэгчдэд шударгаар үйл ажиллагаа явуулах боломж олгож байгаагаараа давуу талтай.

Тэгвэл тус хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан олон нийтэд таниулах ажлын хүрээнд өнөөдөр ТЕГ-аас Ялалтын талбайд нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан юм. Өдөрлөгт Сангийн яам, ТЕГ, УБЕГ, ГЕГ, НДЕГ оролцож, иргэдэд татварын талаар мэдлэг олгох сургалтыг газар дээр нь зохион байгуулж, зөвлөгөө, лавлагаа өгөв. Энэхүү арга хэмжээ 17:00 цагт хүртэл үргэлжилнэ.

-ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД ЯМАР БОЛОМЖ ОЛГОЖ БАЙГАА ВЭ-

Монгол улсад татвар төлж буй иргэн та өмнө нь ямар нэгэн байдлаар татварын тайлангаа Татварын ерөнхий газарт хүргүүлж амжаагүй бол “Эдийн засгийн ил тод байлын тухай хууль”- ийн дагуу нэг удаа нөхөн татвар, торгууль төлөлгүй тайлагнах боломж бүрдлээ. Үүнд, 2015 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлэх, улсын бүртгэлд шинээр бүртгүүлэх боломжтой юм.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл даргыг огцруулах саналыг хэлэлцэхгүй гэв

НИТХ дахь МАН-ын бүлгээс хотын дарга
Э.Бат-Үүлийг огцруулах хүсэлтийг өчигдөр Д.Баттулгад өргөн мэдүүлсэн юм. МАН-ын
бүлгийнхэн хотын дарга Э.Бат-Үүлийг төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, мөрийн
хөтөлбөртөө тусгасан ажлууд нь хэрэгжээгүй зэрэг үндэслэлүүдийг тавьж, огцрох
ёстой хэмээн үзсэн юм. Мөн тэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэгчийг
сонгохдоо ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх үндэслэлийг ч дурдсан байв. Тэгвэл
энэ асуудлаар НИТХ-ын дарга Д.Баттулга мэдээлэл хийж, тайлбар өгөв. Тэрбээр
хотын дарга Э.Бат-Үүлийг огцруулах асуудлыг хэлэлцэх боломжгүй гэсэн тайлбарыг
өглөө. Учир нь Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулийн 32.6-д “хурлын төлөөлөгчдийн 1/3-ээс доошгүй нь Засаг даргыг
огцруулах саналд гарын үсэг зурж, хурлын даргад өргөн мэдүүлсэн 15 хоногийн
дотор уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Харин
МАН-ын бүлгээс ирүүлсэн албан бичигт тус бүлгийн нийт 14 төлөөлөгчийн 12 нь
гарын үсгээ зурсан. МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн гарын үсэг хуулийн шаардлагыг
хангахгүй байгаа учраас энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй хэмээн тайлбарлав.
НИТХ-ын дарга Д.Баттулга “Би хоёр л зүйлийг хэлье. Нэг бол QI муутай хүн үүнийг
бичсэн. Нөгөө бол улаанбаатарчуудыг юу ч мэддэггүй учраас яаж ч бичсэн итгэнэ
гэж бодсон байх. Бас хотын удирдлагуудыг муулж л байвал юу ч бичсэн хамаагүй
гэсэн үндэслэл байна лээ. 95 тэрбум төгрөгөөр цэцэг тарьсан гэдэгт ямар ч эрүүл
ухаантай хүн итгэхгүй. Бид 2013 онд 230 сая, 2015 онд 250 сая төгрөгөөр цэцэг
тарьж, хотод тохижилт хийсэн. Гурван жилийн хугацаанд нэг тэрбум төгрөг ч
хүрэхгүй мөнгөөр цэцэг тарьж, тохижилт хийсэн. Рейлбуст 8 орчим тэрбум төгрөг
зарцуулсан гэж байгаа. Хотоос 600 сая төгрөг л гаргасан. Бусдыг нь төмөр зам
шийдсэн шүү дээ. Огцруулах үндэслэлүүдийн талаар хотын удирдлагууд дараа
дэлгэрэнгүй тайлбар хийнэ” гэж мэдээллийн үеэр хэлэв.

Categories
мэдээ улс-төр

Герман улсад зэсийн баяжмал нийлүүлэх гэрээ байгууллаа

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Хэвлэлийн хурлын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Миний урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахам Гаук манай улсад төрийн айлчлал хийж байна. Энэ айчлал Монгол Улсад ардчилсан чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойн үеэр тохиж байна. ХБНГУ Монгол Улсын ардчилсан хувьсгалыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд үргэлж талархаж явдгаа илэрхийлмээр байна” хэмээн онцдлон тэмдэглэв.

Тэрбээр, Энэ долоо хоногт Монгол, Германы харилцааг өргөжүүлэх олон үйл ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Монгол, Германы эдийн засгийн хорооны хуралдаан амжилттай болсон. Мөн Ашигт, малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн дөрөвдүгээр хуралдаан болж байна. Ирэх долоо хоногийн даваа гарагт Монгол, Германы Засгийн газар хоорондын хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт болно.

Дөнгөж сая би эрхэм Ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцлоо. Энэ айлчлалын үеэр хоёр улсын Шинжлэх ухааны байгууллагууд хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан. Мөн Германы талаас Монгол Улсын хувийн аж ахуйн нэгжүүдтэй зэсийн баяжмал нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэ бол чухал хэлэлцээ болж байна. Тос, тосолгооны материалын үйлдвэр байгуулах талаар хоёр улсын аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулж байгаа. Энэ бол маш чухал гэрээ.

Эрхэм Ерөнхийлөгч Иоахим Гаук Монголын Ерөнхий сайд болон бизнес эрхлэгчидтэй уулзалт хийхээр төлөвлөж байгаа. Мөн Монгол Улсын анхны нийслэл Хархоринд зочлохоор төлөвлөсөн. Тус газарт хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор археологийн судалгаа, шинжилгээ явуулдаг. Мөн Монгол, Германы хамтарсан технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцана.

Эрхэм Ерөнхийлөгчийг Монгол Улсад тавтай морилохыг урьж байна. Таны айлчлалд амжилт хүсье” гэлээ.

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук, Миний бие Монголд айлчлал хийж байгаадаа туйлын байртай байна. Сайхан сэтгэл гаргаж, зочломтгой хүлээж авсанд талархаж байна. Өнөө өглөө Монгол Улсын Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийсэн. Уулзалт амжилттай болж өнгөрсөн.

Намайг 2012 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч болсны дараа миний анхны төрийн зочин бол Монгол Улсын Ерөнхийлөгч байсан юм. Энэ оны гуравдугаар сард 2 дахь удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах сайхан завшаан тохиосон. Үүний хариуд би Монгол Улсад өнөөдөр төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үр дүнд хоёр улсын найрамдалт харилцаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэж байна. Монгол, Герман улс найрамдалт харилцаанаас гадна үндэсний үнэт зүйлсээр холбогдсон ард түмэн гэж бодож байна. Тухайлбал, энэ жил хоёр Герман нэгдсэний 25 жилийн ой тохиож байна. Мөн Монгол Улс тайван замаар ардчилсан нийгэмд шилжсэний 25 жилийн ой тохиож байгааг дурьдаж болно.

Монгол Улсад ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оруулсан хувь нэмрийг Герман улс ихээхэн өндрөөр үнэлдэг. Эрхэм Ерөнхийлөгч манай улсад маш өндөр нэр хүндтэй.

Монгол, Герман улс олон талт хамтын ажиллагаатай. Тэр дундаа соёл, шинжлэх ухаан, эдийн засгийн хамтын ажиллагааг дурьдаж болно. Мөн харилцан айлчлал хийх, аялах хүмүүсийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байна. Өнгөрсөн жил Монгол, Германы технологийн дээд сургууль байгуулагдсан. Энэ сургууль Монгол Улсад зайлшгүй шаардлагатай байгаа залуу мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Өнөөдөр би энэ сургуулийн үйл ажиллагаатай танилцана.

Манай хамтын ажиллагааны өөр чухал салбар бол соёлын салбар. Хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хамтарсан археологийн баг олон жил үйл ажиллагаа явууллаа. Маргааш миний бие Монголын хуучин нийслэл Хархоринд зочилж, археологчидтай уулзах болно.

Хоёр орны ард түмний ирээдүйг баталгаажуулахын тулд шинжлэх ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэх нь маш чухал. Тиймээс хоёр улсын шинжлэх ухааны байгууллагууд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан. Зарим салбарт бид хамтын ажиллагаагаа өргжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд нийт худалдааны эргэлтийг өсгөх боломж их бий. Үүнийг хоёр улсын холбогдох албаны хүмүүс санаачилга гарган, судлах хэрэгтэй.

Намайг дагалдаж Германы томоохон бизнес эрхлэгчид явж байгаа. Хоёр улсын бизнес эрхлэгчид хуралдаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж, гаргалгааг гаргана гэдэгт найдаж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх чиглэлээр зарим гэрээнд гарын үсэг зурахаар ХБНГУ-ын Холбооны эдийн засаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Матиас Махниг хүрэлцэн ирсэн.

Хоёр улсын төрийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын оролцоог цохон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна. Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчин, Германы зэвсэгт хүчний баг хамтран ажиллаж байна.

Төгсгөлд нь хэлэхэд Герман улс Монгол Улсыг ихээхэн хүндэтгэж байгаагаа илэрхийлмээр байна. Монгол Улс хоёр хүчирхэг орны дунд байгаа хэрнээ нийгмийн өөр замналыг сонгосон. Тиймээс Монгол Улсыг хүндэтгэхгүй байхын аргагүй. Монголчууд эрх чөлөө, ардчилсан нийгмийг дээдэлж, тууштай хөгжиж байгаа нь биднээс өндөр үнэлгээ авсан юм. Монгол Улсын цаашдын замналд Герман улс үргэлж дэмжлэг үзүүлэх болно” гэлээ.

Хоёр орны Ерөнхийлөгч мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явуулаад 25 жил болж байна. Хоёр Герман нэгдээд мөн 25 жил боллоо. Тэгэхээр эрхэмсэг Ерөнхийлөгч Иоахим Гаук та манай хоёр улсад 25 жил хөгжиж буй ардчиллын үнэт зүйлсийг хэрхэн харж байна вэ?

-ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаук: Социалист нийгмээр хөгжиж байсан орнууд ардчилалд шилжихдээ маш олон ээдрээтэй асуудлыг даван туулж байсан. Монгол улс 25 жилийн хугацаанд ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэж, ардчиллын зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж ирснийг өндрөөр үнэлдэг гэдгээ онцгойлон тэмдэглэмээр байна. Хөгжлийн шатанд авлигал, албан тушаалаа урвуулан ашиглах гэх хэрэг гардаг. Харин Монгол Улс энэ бүхнийг эсэргүүцэн, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлж чадсан гэж дүгнэж байна. Шүүх, эрх мэдлийн салбарт итгэлцэл бий болгож, олон нийтийн улс төрийн оролцоо өндөр байгаагаас гадна хэвлэлийн эрх чөлөөг бүрэн хэрэгжүүлж чадсан. Одоо бусад орнуудад ардчилсан нийгмийг хөгжүүлэх туршлагаасаа хуваалцах хэмжээнд хүрсэн байна. Тиймээс би Монгол Улсыг ардчилсан нийгмийг илүү сайн хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Монгол Улс түүхий эдийн асар их нөөцтэй. Танай хоёр хөрш ч мөн түүхий эдийн хэрэгцээ ихтэй. Тэр утгаараа гуравдагч хөрш оронтой хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Гуравдагч орноос Монголд хөрөнгө оруулалт орж ирэх нь сайн гэж бид үздэг. Энэ бол манай үндэсний эрх ашигтай нийцсэн алхам юм гэдгийг тэмдэглэн хэлэх нь зөв. Герман улсаас аливаа хөрөнгө оруулалт авахад болгоомжлох зүйл байхгүй. Харин илүү их хөрөнгө оруулалт орж ирвэл сайн. Гуравдагч орноос хөрөнгө оруулалт орж ирэх нь хөрш улсуудаас хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг ч нэмэгдүүлнэ. Эрхэм Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон уулзалт болж байна. Манай хоёр орны хооронд хүний нөөц хангалттай бий. Өөрөөр хэлбэл, Германд боловсрол эзэмшсэн Монгол хүн олон. Энэ бол хоёр улс амжилттай хамтран ажиллах нэг түлхэц.

Categories
мэдээ улс-төр

Шинзо Абэ Монголд нэг өдрийн айлчлал хийх сурагтай

Японы Ерөнхий сайд Шинзо Абэг энэ сарын 22-нд Монголд айлчилна гэсэн мэдээлэл байна. Тэрбээр нэг өдрийн айлчлал хийгээд буцах товтой байгаа аж. Айлчлалынхаа үеэр Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, хоёр орны эдийн засгийн түншлэлийг хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг хурдасгах талаар санал солилцох гэнэ. Тэрээр ирэх саруудад Өмнөд Солонгос, Хятад улстай гурван талт хэлэлцээрийн уулзалт хийхээр төлөвлөөд байгаа юм.