Categories
мэдээ нийгэм

Харвони эм ирэх сард борлуулагдана

Элэгний хепатит өвчний эсрэг
хэрэглэгддэг Харвони эмийг борлуулалтынх нь үнээс бараг ес дахин хямд
үнээр монголчууд худалдан авах боломжтой болсон гэдгийг Г.Шийлэгдамба
сайд мэдэгдэж байлаа. Тухайн эмийг нь өнгөрөгч таван сард манай улсын
эмийн бүртгэлд бүртгэсэн. Ирэх сард Харвони эм манай улсад орж ирнэ.

Энэ эм нь элэгний хепатит С вирустай
хүмүүст шаардагдах уг эм нь зах зээлд 9400 долларын үнэтэй. Харин энэ
эмийг нэг сарын эмчилгээ нэг хайцаг нь 28 шахмал эмээс бүрдэх эмийг
дөрвөн зуун доллараар авах боломжийг олгоно гээд байгаа. Гурван сар буюу
курсээр нь уухад 1200 доллар шаардагдах юм. Бараг жил орчим яригдаж
өмнөх сайд болон дэд сайдынх нь хооронд маргалдаан бий болж байсан эм
ирэх сард манай улсад орж ирнэ.

Одоогоор хепатит С вирусийг эрт үед нь
онцлохоор хот хөдөөгийн 140 орчим эмч эмнэлгийн ажилтнуудыг хоёр удаа
давтан сургалтанд хамруулсан. Америкийн нэгдсэн улсаас монгол улсад
эхний ээлжинд харвоны эм нь 1600 хүнийг курсээр эмчлэх тун орж ирэх юм
байна.

Харвони гэх эм ямар ч байсан эрүүл мэнд
спортын салбарын сайд нарын тайлагнадаг нэг ажил болж хувирлаа. Эхний
ээлжинд 1600 хүн, дараагийн ээлжинд хоёр мянган хүн, цаашид эмчлэх хүнээ
нэмэгдүүлээд явна гэсэн. Тухайн эмийг түгээх нийт 22 эмийн сан
сонгогдсон гэж албаныхан мэдээлсэн.

Эмчлүүлэгч нь эмчийн зааврын дагуу
шинжилгээг тухай бүрт нь өгөх учиртай. Эм бүр тухайн өвчтөнд зориулсан
тусгай кодтойгоор олгогдоно. Харвони эмийг ууж байхдаа ургамлын гаралтай
эм бэлдмэл тан нэмэлт бүтээгдхүүн хэрэглэхгүй байх ёстой гэж салбарын
сайд хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр – Дэлхийн хүнсний өдөр

“Дэлхийн хүнсний өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 16-нд буюу НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага үүсгэн байгуулагдсан өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Нийгмийн хамгаалал ба хөдөө аж ахуй: Хөдөөгийн ядуурлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Манай улсад ч ядуурлыг бууруулахад чиглэсэн нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. “Монгол дахь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, үр шим хүртэгчдийн байдалд хийсэн дүн шинжилгээ” тайлангаас харахад нийт нийгмийн халамжийн сангийн зарцуулалтын 56 хувь нь амжиргааны түвшнээс доогуур орлоготой буюу эмзэг бүлгийн өрхийн гишүүдийн 40 хувьд ногддог бол, дундаж түвшний амьдралтай өрхийн 40 хувь нь нийгмийн халамжийн шилжүүлгийн 28 хувийг хүртдэг гэсэн үзүүлэлт гарчээ.

Гэсэн хэдий ч ядуурлын түвшин дорвитой буурахгүй байна. Статистикийн үндэсний хорооны 2014 оны тайланд дурдсан ядуурлын түвшинд 21.6 хувь байгаагаас хөдөөд 26.4 хувь нь ногдож байгаа юм. Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай оронд зуд турхан тохиолдсон үед энэ тоо огцом өсдөг болох нь 2009 онд 49.6, 2010 онд бүр 56.1 хувьд хүрч байсан үзүүлэлтүүд харуулж байгаа билээ. Тэр үед олон мянган өрх амьжиргааны гол эх сурвалж болсон мал сүргээ алдаж хөдөөд ядуурал бодитой нүүрлэж байсан юм. Тэгвэл энэ жил ихэнх нутгаар гантай зун болж, ирэх өвөл цаг агаар хүндрэх төлөвтэй байгаа нь биднийг асуудалд анхаарлаа нухацтай хандуулж, өвөлжилтийн бэлтгэлээ дорвитой хийхийг шаардаж байгаа юм. Дэлхийн хүнсний өдөрт зориулсан энэхүү нээлттэй хэлэлцүүлэг нь дээрхи асуудлыг талуудын оролцоотойгоор хамтран хэлэлцэх зорилгоор зохион байгуулагдаж байна.

Энэ өдрийг тохиолдуулан “Нийгмийн хамгаалал ба хөдөө аж ахуй: Хөдөөгийн ядуурлыг буурулах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр “Чингис” зочид буудлынхурлын танхимд зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “МУ-ын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл хамтран явуулж буй.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл мэдээлэл хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
мэдээлэл хийхээр 11.00 цагт хэвлэлийн хурал товложээ. Тэрбээр НИТХ дахь
МАН-ын бүлгийн өргөн мэдүүлсэн өөрийг нь огцруулах саналын талаар байр
сууриа илэрхийлж, тайлбар өгөх аж.

НИТХ дахь МАН-ын бүлэг хотын дарга Э.Бат-Үүлийг төсвийн мөнгийг үр
ашиггүй зарцуулсан, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжүүлэгчийг
сонгон шалгаруулахдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан шалтгаанаар огцрох
ёстой хэмээн үзэж буй юм. Тэд хотын даргыг огцруулах албан бичгээ
НИТХ-ын дарга Д.Баттулгад өргөн мэдүүлсэн. Харин Д.Баттулга МАН-ын
бүлгийн саналыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэдгээ өчигдөр
мэдэгдсэн юм. Учир нь Э.Бат-Үүлийг огцруулах бичигт гарын үсэг зурсан
МАН-ын бүлгийн гишүүдийн тоо хуулийн шаардлагыг хангахгүй байгаа аж.

Categories
мэдээ спорт

Маргааш энэ намрын анхны хишиг барилдаан болно

Энэ намрын анхны хишиг барилдаан энэ сарын 17-нд буюу бямба гарагт өдөр Бөхийн өргөөнд болно.

Хан-Уул
дүүргийн түүхт 50 жилийн ойд зориулсан уг барилдаанд өнөө үеийн шилдэг
хүчтэнгүүд хүчээ сорин барилдах юм. Энэхүү барилдааныг Хан-Уул дүүргийн
ЗДТГ МҮБХ-той хамтран зохион байгуулна. Барилдааны үеэр уламжлал ёсоор
хагас саятан хоёр, 50000 төгрөгийын азтан хоёр үзэгчийг тодруулна.

Мөн 10 дугаар
сарын 18-ны 12 цагаас Нийтийн монгол болон өсвөр бөхчүүдийн намрын
нээлтийн барилдаан болох бол 24-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн
ээлжит барилдаан, 25-нд Начин цолны хүндэтгэлийн барилдаан тус тус болох
юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд УИХ-д мэдээлэл хийнэ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 10 ДУГААР
САРЫН 16-НЫ ӨДӨР /БААСАН ГАРИГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ
АСУУДАЛ


09.00 цагаас:

1.Монгол Улсын
2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний
хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн
төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:

2.Монгол Улсын
нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны
төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;
  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцуулна.

3.Монгол Улсын
2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай,
Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг
дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;
  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцуулна.

4.”Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.СОДБИЛЭГ танилцуулна.

5.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.ЗОЛЖАРГАЛ танилцуулна;
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна.

6.Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ танилцуулна;
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

7.Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэнд, спортын сайд Г.ШИЙЛЭГДАМБА танилцуулна;
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны
    санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

8.Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна;
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны
    санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

9.Нэмэгдсэн
өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф,
гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;
  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

10.Монгол Улсын Их
Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их
Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна;
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.

11.Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.

12.Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.НЯМДОРЖ танилцуулна.

13.Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА танилцуулна;
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.

14.Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нарын 13 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.

14.00 цагаас:

  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хүнд дөхөх” баяр

Нэг. Яав?

Хэдэн жилийн өмнөх явдал. Монголын хувьд л хэдхэн жилийн өмнөх боловч машинд дотоод шаталтын хөдөлгүүр ашиглаж туршсанаас хоёр зууны дараа болсон хэрэг. Бас Форд Т суудлын тэргийг дамжлагын аргаар, хиам шиг бөөнөөр нь гаргаж эхэлснээс нэгэн зуунаар хожимдсон явдал. Түүнчлэн залуу техникчдийн ордны багачууд моторт загвар угсарч, Залуучуудын соёлын төвийн сонирхогчид “Тахь” хэмээх гар хийцийн тэргээ Замын цагдаад журамлуулж байснаас ч хожуу явдал.

Юу болсон гэхээр, монгол хүн машин хийсэн байв. (Угсарсан нь ойлгомжтой боловч хийсэн гэж үзэх нь нийтэд таалагдаж байлаа)Монгол хүн атлаа хонь төхөөрөх, айраг исгэх, боодог шарахын оронд харин ч техниктэй ноцолджээ. Барьж аваад задлах эвдэхийн оронд угсарч босгосон учраас манай улсын бүхий л зурагт түүнийг бахдан харууллаа.

Тэрхүү “зохион бүтээлт” нийслэлийн төв талбайд тавигдаж Засгийн газар бүрэн бүрэлдхүүнээрээ хүрэлцэн ирэв.

Тухайн үеийн ерөнхий сайд бээр “машин ба зохион бүтээгч”-ийг зүйл бүрээр магтсан боловч өөрөө боловсролтой, тооны ухааны профессор хүн учраас бөөнөөр үйлдвэрлэх чиглэл хараахан өгсөнгүй.

Улмаар, Хөдөлмөрийн сайд нь түүнээс ч илүү зориг гаргаж, кинонд гардаг Сю Шүжаны чийчаан шиг эрээн мяраан машинд суулаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг тээсэн төмөр хүлэг хэсэг газрыг осол эндэгдэлгүй туулж билээ. Ерөнхий болон Хөдөлмөрийн сайдын эдгээр үйлдлийг ухвар мөчид зарим хүн улстөржсөн хэрэг, хаа хол яваа сонгуулийн суртчилгаа мэтээр буруу тайлбарласан явдал бий.

Үнэн хэрэгтээ монгол хүн өөрийн хүч чадлаа нураах зогсоох, хаах болиулах, эсэргүүцэн гацаах үйлсэд зориулахын оронд бүтээх, угсран босгоход чиглүүлсэн явдлыг Засаг төр нь сайшаасан утгатай байлаа.Ийм учраас анхны машиныг хэзээ хийсэн, монголчууд түүнээс хэдэн зуунаар хожимдсон зэрэг нь огт хамаагүй байсан хэрэг.

Ганцхан машин техник “дахин зохион бүтээх” дээр ч гардаг үзэгдэл биш. Олон юман дээр яригдана, жишээлэхэд “монгол хүн ингэж чадлаа”, “тэнд ажилд орж дөнгөлөө л” гэнэ. Монгол хүн Майкрософтод ажилд орж гэнэ гээд энд бэсрэг наадам зохиохдоо тулж байсныг санаж байна. Бидний охь манлай болсон азтан маань тэндхийн дарга, жолооч, манаач жижүүр юу байх нь хамаагүй байв.Уул нь энэтхэг, хятадаас эхлээд хорвоогийн бүхий л үндэстэн тэрхүү аварга компанид дүүрэн байгаа л даа.

Ингээд зогсохгүй “Монгол хүн Билл Гэйтсийн компанид ажиллаж байгаа явдал нь Оюу толгойн далд уурхайг манайхан бие даан ашиглаж чадахын жишээ” гэсэн гаргалгаа ч үзэгдэж байлаа.

Хоёр. Яагаад?

…Хориннэгдүгээр зуун гараад 15 он үдсэн ч гэсэн, ардчилал, чөлөөт зах зээлээр замнаад 25 жил болсон ч гэсэн өнөөгийн нийгмийн уур амьсгалыг өнгөрсөн үеийн дурсамж тодорхойлсоор байна. Өнгөрсний сүүдэр хувьсгалаар арилдаггүй, харин хуучин цагийн сэтгэлгээ, итгэл үнэмшлийг тээгчид нийгэмд нөлөөлөхөө болихоор арилдаг бололтой.

Бид нүүдэлчин гэдгээ далд ухамсартаа мэдэрч, иргэншсэн ертөнцөөс олон юмаар дутуугаа ухаарч шаналдаг. Тэгээд иргэншсэн улсын хүний бүтээдэг наад захын зүйлийг хийчихвэл түүнийгээ хүний зэрэгт буюу иргэншсэн нийгэмд дөхөж байгаа баяр болгон хардаг. Ийм учраас өрнөдийнхөн зуун зууны тэртээ хийгээд хуучирсан технологийг ч болов бие даан давтаж чадвал бахаддаг. Энэ бахдал бодитой бөгөөд зүйтэй юм. Соёлт ертөнцийн инээдийг хүргэсэн ийм үйлдлүүд манай үндэстэн алхам алхмаар урагшилж байгааг бидэнд харуулдаг. Ард түмэн үргэлж цэцэн мэргэн байдаг. Гагцхүү түүнийг олж харах хэрэгтэй.

Бас мянга мянган жил ан гөрөө, дайн тулаан гээд сүйтгэлийн үйлсээр хэт мэргэжсэнээ мэдэрч эмзэглэдэг. Тийм учраас бага ч болов бүтээн байгуулалтыг тоож үзэн, тэр бүү хэл ямар ч утга учиргүй, огтоос үнэ цэнгүй байсан ч хамаагүй бахаддаг. Ийм учраас л униа угаачихаад шинэ гэрийн найр хийж, улстөрчид нь барилгын хаалгыг сольчихоод түүнээ нээх ёслол үйлдэн тууз хайчилдаг. Манайхан “дарга нар тууз хайчлах нь хэтэрлээ” хэмээн шоолдог. Үнэн хэрэгтээ ард түмэн юунд дуртайг тэд мэдэж байгаагаас болдог.

Зуун зуунаар хожимдсон ч байг хамаагүй иргэншсэн ертөнцийнхний чаддагийг дуурайсан, үнэ цэнгүй ч байг хамаагүй давтаж нотолсон дээрх үйл явдлууд бол өчигдрийн нүүдэлчин малчид орчин үеийн хүн рүү дөхсөнийг, тэднийг тасралгүй нэхэн хөөж байгааг нотолсон баяр юм. Мөн тэднийг гүйцэж түрүүлэхгүй юм гэхэд мөр зэрэгцэхийг бэлгэдсэн, сэтгэлийн тэнхээ хайрласан баяр бөлгөө.

Гурав дахь хүчин зүйл бол арай өөр. Уул нь 1959 онд улс даяараа хувийн өмчгүй болсноор арилж эхлэх учиртай малчин нүүдэлчний сэтгэлгээ өнөө хүртэл амьд сэрүүн яваатай холбоотой. Энэ сэтгэлгээ “нүүдэлчний амьдралд хэрэгтэй жаахан юмсаа 100 хувь айл гэртээ, дотроо үйлдвэрлэх”-ээс өөр аргагүй байдлаас үүдэлтэй. Дээл хийх нэхийгээ өөрөө элдэж боловсруулан, тэрлэгээ өөрсөө оёно. Малын ширийг өөрдөө боловсруулж сур хийнэ. За тэгээд мал аж ахуйн бүх тоног хэрэгслээс аваад ахуйн жаахан зүйлс болох хогийн шүүрийг ч өөрөө л өвс түүж үйлдэнэ.

Ийм учраас эх эцэг нь хүүхдээ бүхнийг хийдэг болгож хүмүүжүүлнэ. Хүмүүжлийн гол зарчим “хүний гар харахгүй байх” гэсэн ганцхан заалттай.

Уул нь, зөвхөн нэхий сайн элдэж сураад түүгээр бизнес хийж болмоор. Ногт чөдөр, дэрсэн шүүрээс эхлээд хэрэгтэй бүхнээ нэхийгээр худалдаад авч баймаар санагдана. Гэвч болдоггүй. Нэгдүгээрт элдсэн нэхийг нь авах учиртай бусад хүн зуун уул, мянган горхины цаана нүүж яваа. Хойноос элдээд очлоо гэхэд өөрөө нэхийгээ элдээд, өөрөө дээлээ оёод, өөртөө өмсүүлчихсэн сууж байна. Бас худалдан авах учиртай шүүрийг хийгээгүй, бусдад илүүчлэх чөдөр ногтгүй байх жишээний. Ийм хорвоод өөртөө л найдаж, бүхнийг өөрөө л хийж сурахаас өөр замгүй. Амьдралын ийм технологийг “Хүний гар харахгүй амьдрах” хэмээнэ.

Гэтэл суурин ертөнцийнхөн хөдөлмөрийн хуваарьтай түүнийгээ “хүнийхээ хүнийхээ дэмэнд амьдрах” хэмээн томъёолжээ. Өөртөө хэрэгтэй бүхнээ өөрөө хийх үүргээс чөлөөлөгдсөн хувь хүн авьяасаа хөгжүүлж гутландаа санаа зовохгүйгээр ярьдаг утас бүтээж, машин угсарч, сансарт хөөрчээ. Бас тэдний амьдрал айлаасаа хамааралтай, өөрөөр хэлбэл “хүний гар харж амьдардаг” болохоор бусдынхаа эрх ашгийг дээдэлдэг, хууль ёсыг хүндэлдэг нийгмийг цогцлоож чадсан ажгуу.

Харин өөрт хэрэгтэй бүхнээ өөрөө хийдэг нүүдэлчинд шинийг бүтээх ямар ч зав байсангүй. Нэгэнт өөрт нь хэрэгтэй юм хийдэггүй ондоо этгээдийн эрх ашгийг ойлгох, дундын сонирхлыг хүндлэх чадвар олигтой суусангүй.

Чухам эндээс “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих”, “Үндэсний үйлдвэрээ тэтгэх”, “Өөрөө бүхнийг хийх” өнөөгийн хийрхэл эхтэй. Хориннэгдүгээр зууны даяаршсан дэлхий дээр “нэхийгээ өөрөө элдэж, дээлээ өөрөө оёод өөртөө өмсгөх” гээд байгаа хэрэг. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, өөрийн хэрэгцээний тариаг зөвхөн дотооддоо тарих зэрэг нь бидний малчин сэтгэлгээний л үргэлжлэл.

Гурав. Яах вэ?

Хориннэгдүгээр зуун тоон утгаараа эхлээд удсан ч гэсэн бид ХХ зуун түүнээс ч өмнөх үеийн сэтгэлгээгээрээ амьдарч байгаагийн учир шалтгаан энэ бөлгөө. Хоньчин айл шиг бүхнийг өөрөө, гэртээ хийж сурах гэж оролдсоор байхын цагт бид өнгөрсөн үедээ л суусаар байна. Харин бид юуг хийж сурвал дээр болохыг эрж хайхын цагт, түүнээ олохын цагт шинэ зуун эхэлнэ. Бас бид “хүний гар харахгүй амьдрах”-аас татгалзаж, дэлхий ертөнцтэй “дэм дэмэндээ” оршин тогтнох ёсыг ухааран авсан цагт тэр үе эхэлнэ. Хүмүүс чамд хэрэгтэй байгаа цагт чи хүний ертөнцийн нэг хэсэг болно. Тэр утгаараа, хүмүүс чиний ертөнцийн нэг бүрдэл болно.

Аяа, XХI зуун. Чиний ирэх хэзээ вэ?

Categories
мэдээ нийгэм

Морь унавал түрүү булчирхай өвдөхгүй

Монголчууд морь унадаг байхдаа энэ өвчнөөр өвддөггүй байж. Морио мотоцикльтой сэлгэж унадаг болсноор түрүү булчирхайн өвчин үзэгдэж эхэлсэн байдаг. Одоо бүр мориноосоо холдсоноор энэ өвчин өдөр хоногоор өсч тэлэх боллоо. Энэ өвчний нэг хэцүү нь эхнэрээс нь эхлээд ойр хавьд нь байдаг эмэгтэй хүмүүс дагаж хямраад байдгаараа аюултай хэмээн мэргэжлийн эмч нар яриад байх юм. Яахаараа ч тэгдэг юм. Тэгэхээр эмч нар юу гэж зөвлөж байна гэхээр төв суурингийн эрчүүд энэ өвчинд эхнээсээ нэрвэгдэхгүй байх арга бол ядаж амралтын өдрөөрөө морь унаж байх явдал гэнэ. Амралтынхаа өдрөөр уул хаданд явган нүцгэн тэнэж явахаар хотын ойролцоох морины баазуудад захиалга өгөөд очиж морь унан өдөрт дор хаяж 2-3 цаг явж байвал түүн шиг сайн эмчилгээ байхгүй ажээ. Морь унаж яваа хүний бүх булчин хөдөлж байдгийг шинжлэх ухаан тогтоосон байна. Гэхдээ морь унахдаа бүр монгол модон эмээл тохох хэрэгтэй гэнэ. Тэрнээс орчин үежсэн, барууны эмээл тохох нь булчинд нөлөөлөх байдлаараа монгол эмээлийг гүйцдэггүйг тогтоожээ. За тэгээд монгол морь унах хэрэгтэй гэж байгаа юм. Учир нь жижигхэн монгол адуу дороо их язганасан хөдөлгөөнтэй учраас хүний бүх булчинг ажилд оруулдаг, харин том биетэй гадны үүлдрийн адуу түшүүрэг сайтай учраас зүйрлэвэл жийпэнд сууж яваатай адилхан ажээ. Энэ мэтээр эрчүүддээ энэ талын дуулсан сонссоноосоо зөвлөөд байвал дуусашгүй их цуваа болох учир бодитой хоёр жишээгээр төгсгөе. Жишээ нь олны танил хүмүүсээс морь сайн унадгууд гэвэл Санжийн Баяр, Норовын Алтанхуяг хоёр юм. С.Баяр тэр жил “Макс”-ийн уяан дээр морь унаж давхиад нуруугаа гэмтээсэн нь зүгээр ч нэг саваагүй эрийн зан биш, угаасаа морь унадаг эр гоомойдсон хэрэг. Н.Алтанхуяг бол амралтын өдрөөрөө мориноос буудаггүй эр. Энэ хоёрыг тэгээд харж байгаа биз дээ, эр хүнийхээ хувьд исгэлэн залуу байгааг.

П.Хашчулуун

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрнэ

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө хүйтэрч 3-5 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг.
Нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө үүл багасна. Хур тунадас
орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр
секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. Хүйтэрч Баян-Өлгийн нутаг, Завханы
хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2
градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 1-6
градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус
хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас
орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд
12-14 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн,
өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5
градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур
тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим
газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга
шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6
градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 7-12 градус дулаан
байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи
баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд
16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-2
градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11
метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон
шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 5-10
градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан
байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Засгийн газраа унагаад шинийг байгуулбал наадмын комисс томилохоос өөрийг хийж амжихгүй шүү” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдлээ. Өнөөдрийн дугаарыг тоймлон хүргэе. Монголчууд хэдэн малтай хэрнээ махаа үнэтэй идэж байна гэсэн шүүмжлэл явдаг. Үнэхээр ч үнэтэй идэж байна. Ойрын өдрүүдэд махны үнэ огцом унаж, 2500 төгрөг хүрлээ. Гэвч хоолны газруудын үнэ хямдарсангүй. Энэ талаар “Хонины мах кг нь 8500 хүрэхэд 800 төгрөг болсон хуушуурын үнэ буухгүй байна” өдрийн сурвалжлагыг хүргэж байна. Нэг, 11 дүгээр нүүрээс уншаарай. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн “Өрсөлдөгчтэйгөө нийлж өөрийнхнөө намнадаг улс төр л явж байна” ярилцлагыг өнөөдрийн дугаараас онцлох ёстой юм. Тэрбээр хамаатан садандаа орон сууц өгсөн гэх мэдээлэл цацагдаж, энэ талаар өөрийн цахим хуудсаар няцаалт өгч олон нийтийн анхаарлыг татаад авсан. Манай сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа тайлбар хийв. Мэдээж, түүний ярилцлагын гол сэдэв нь ганц энэ ч биш юм. Тэрбээр АН-ын залуу лидерийн хувьд намдаа өрнөж буй асуудлууд, хагарал, хэрүүл зөрчлийн талаар байр сууриа илэрхийлж, “Ардчилсан нам дотор таагүй, дэмжиж боломжгүй нэг зүйл байгаа нь үнэн. Тэр нь юу вэ гэхээр Ардчилсан нам нэг нэгэндээ маш гүнзгий шарх сорви үлдээдэг” гэв. Мөн цааш нь манай сэтгүүлчийн нэг асуултад хариулахдаа “…хуулийн шинэчлэл хүнд, тэр дундаа жирийн иргэнд зориулсан шинэчлэл. Үүнийг би цагдаад, тэр дундаа дарга нарт нь зориулж хийгээгүй. … Иргэнд зориулсан энэ шинэчлэлт өөрчлөлт зарим нэг хүнд таалагдахгүй нь тодорхой…” гэжээ. Түүний ярилцлагыг нэг, дөрөв, зургадугаар нүүрээс уншаарай. Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт нийтлэлч Э.Энэрэлийн “Засгийн газраа унагаад шинийг байгуулбал наадмын комисс томилохоос өөрийг хийж амжихгүй шүү” нийтлэл хэвлэгдэж гарлаа. Олон улсын циркчдийн фестивальд оролцсон Б.Үржинбадамын ярилцлага 13 дугаар нүүрт гарлаа. Тэрбээр дэлхийн циркт нэгэн шинэ хуудас нээж, анх удаа гурван эргэлттэй үзүүлбэр үзүүлсэн юм. Тэрбээр уншигч та бүхэнд амжилтаасаа хуваалцаж байна. Мөн дуурийн дуучин У.Уранцэцэгийн “Дэлхийгээр хэсч дуулж явдаг хүн дээ, би” ярилцлага болон “Монгол ноолуураар гангарсан Жеймс Бонд” зэрэг олон сонирхолтой материалуудыг өнөөдрийн дугаараас унших боломжтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ярилцлага өглөө

“Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн ярилцлага гарч байна.

Х.Тэмүүжин гишүүн хамаатан садандаа орон сууц өгсөн гэх мэдээлэл цацагдаж, энэ талаар эрхэм гишүүн өөрийн цахим хуудсаар няцаалт өгч олон нийтийн анхаарлыг татаад авсан. Манай сонины маргаашийн дугаарт гарч байгаа ярилцлагадаа энэ тухайгаа тайлбар хийв.

Мэдээж, түүний ярилцлагын гол сэдэв нь ганц энэ ч биш юм. Тэрбээр АН-ын залуу лидерийн хувьд намдаа өрнөж буй асуудлууд, хагарал, хэрүүл зөрчлийн талаар байр сууриа илэрхийлж, “Ардчилсан нам дотор таагүй, дэмжиж боломжгүй нэг зүйл байгаа нь үнэн. Тэр нь юу вэ гэхээр Ардчилсан нам нэг нэгэндээ маш гүнзгий шарх сорви үлдээдэг” гэв.

Мөн цааш нь манай сэтгүүлчийн нэг асуултад хариулахдаа “…хуулийн шинэчлэл хүнд, тэр дундаа жирийн иргэнд зориулсан шинэчлэл. Үүнийг би цагдаад, тэр дундаа дарга нарт нь зориулж хийгээгүй. … Иргэнд зориулсан энэ шинэчлэлт өөрчлөлт зарим нэг хүнд таалагдахгүй нь тодорхой…” гэжээ.

Мөн улс төрд сандал ширээний хэрүүл их явж байгааг хэлээд, өршөөлийн хууль дээр үзэл бодлоо хуваалцлаа.

“Өдрийн сонин”-ы дугаарыг шуудангийн бүх салбар, сонин борлуулах цэгүүдээр худалдаалж буйг дуулгая. Хэрвээ захиалга өгөхийг хүсвэл 9911-2954 дугаарт хандаарай.