Categories
мэдээ нийгэм

“1000 төгрөг” төсөлд 65 сая төгрөг цуглажээ

“25 дугаар суваг” телевизээс санаачлан хэрэгжүүлж байгаа “1000 төгрөг” төсөлд өнөөдрийн байдлаар 65 сая төгрөг цуглажээ. Цугласан хандивын дийлэнх нь жирийн иргэд та бүхний илгээсэн 1000 төгрөгөөс бүрджээ. Тиймээс төслийн багийнхан иргэддээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна.

Одоо ажлын нэг хагас өдөр болон амралтын хоёр өдөр л үлдлээ. Дахиад 45 сая төгрөг цуглаж байж Түлэнхийн тасгийнханд хоёр төхөөрөмж авч өгж чадна. Тиймээс сайхан сэтгэлт Монголчуудыгаа хандиваа үргэлжлүүлэн идэвхитэй өргөөрэй. Өчигдөр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ажилчид өөрсдийн цалингаасаа нийт 20 гаруй сая төгрөгийг хандивлаж өвчиндөө шаналж байгаа бяцхан үрсэд тусламжийн гараа сунгажээ. “Эрдэнэт үйлдвэрийн” ХХК-ийн Хуулийн хэлтсийн А.Цэрэнсодном дарга санаачлан Д.Төгсбаяр, Д.Эрдэнэсувд, Ч.Оюундарь нарын хамт олон шуурхай зохион байгуулж бүх ажилчдаасаа зөвшөөрөл авч гарын үсэг цуглуулаад ийнхүү Түлэнхийн төвийнхөнд туслаж байгаад чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

“1000 төгрөг” төсөл нь ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт нэн шаардагатай байгаа хоёр тоног төхөөрөмжийг худалдан авч өгөх 110 сая төгрөгийг цуглуулах зорилготой. Авч өгөхийг зорьж байгаа төхөөрөмж нь арьс зүсэгч цахилгаан төхөөрөмж, хиймэл арьс болон донор арьс хадгалагч хөргөгч юм. Арьс зүсэгч автомат төхөөрөмжийг авч өгснөөр бага арьсаар түлэгдсэн их талбайг нөхөх боломж бүрдэнэ, арьс хуулсан хэсэгт сорви бага үлдэнэ. Түлэгдсэн хүүхдийн түлэнхийн хэсэгт өөрийнх нь арьснаас авч нөхөхөд гар төхөөрөмжөөр одоо арьсыг нь хуулдаг. Биеийнхээ 20,30 хувийг түлчихээд дахиад арьснаасаа хуулуулна гэхээр биед нь эрүүл хэсэг дэндүү бага үлддэг. Хэрэв цахилгаан төхөөрөмж авчихвал бага арьсаар их талбайг нөхөх боломж бүрдэнэ гэж байгаа нь их ач холбогдолтой.

“1000 төгрөг” төслийн авч өгөх хоёр дахь төхөөрөмж нь хиймэл болон донор арьс хадгалагч хөргөгч. Одоогоор монголд хиймэл арьс болон хөргөгч нь байдаггүйгээс их хэмжээний түлэгдэлттэй хүмүүс гадаад руу эмчилгээнд явж 150-400 сая төгрөг төлөх болдог. Гадаад руу явж хиймэл арьс нөхөх хагалгаанд орж чадаагүй нь Монголдоо өөрийн арьснаасаа авч нөхүүлнэ, их сорвитой эдгэнэ, зарим тохиолдолд амиа ч алддаг. Мөн донор арьсны нөөцтэй болъё, гадаадаас хиймэл арьс авчрая гэхээр хадгалах хөргөгч нь байхгүй. Тиймээс л энэ хөргөчийг Түлэнхийн нөхөн сэргээх тасагт авч өгснөөр Монголдоо хиймэл арьс нөхөх хагалгаанд орох боломж бүрдэж, тулгамдсан үед хэрэглэх донор арьсны нөөц бүрдүүлэх боломжтой болно.

“1000 төгрөг” төсөл нь аравдугаар сарын 12-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл долоо хоног үргэлжлэх аяны ажлын өдрүүдэд ийнхүү 65 сая төгрөг цуглалаа. Түлэгдэж зовсон багачуудад дахиад 45 сая төгрөг хэрэгтэй байна. Та 1000 төгрөгөө хандивлаарай. Хандивын дансны дугаар

Голомт банк 3305102570

ХХБ 452587362

Ханн банк 5077353961

Төрийн банк 106900461020

Хүлээн авагч А.Намуужин

Categories
мэдээ нийгэм

Хуульчдын холбоо мэдэгдэл гаргалаа

Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл
ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг
хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулах зорилго
бүхий байгууллагын хувьд Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит
чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх Монгол Улсын 2016 оны төсвийн
төсөлд шүүхийн төсөв, шүүгчдийн цалинг илт бууруулахаар тусгасантай
холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шүүх эрх мэдлийн хүрээнд дэвшүүлсэн
санаачлагыг Улсын Их Хурал дэмжиж, Шүүхийн тухай багц хуулийг батлан
гаргасан нь манай улсад ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, шүүх эрх
мэдлийг бэхжүүлэх, иргэн бүр үндсэн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх
эрх зүйн орчинг бүрдүүлэхэд түүхэн алхам болсон юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт
“шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж
заасныг үндэслэн Шүүхийн тухай багц хуулиар шүүхийн бие даасан, шүгчийн
хараат бус байдлыг бэхжүүлэн хамгаалж, ялангуяа шүүхийн эдийн засгийн
хараат бус байдлыг хамгаалсан цогц зохицуулалтыг хийсэн билээ. Үүний үр
дүнд улсын нэгдсэн төсөвт шүүхийн төсвийн эзлэх хувь сүүлийн жилүүдэд
0.33-аас 0.85 хувь болж өссөн байна. 2014 оны төсвийн тухай хуулиар
шүүгчдийн цалингийн санг нэмэгдүүлсэн нь тэдний нийгмийн өмнө хүлээх
хариуцлага, ёс зүйг өндөржүүлж, Монгол Улсад хуулийн засаглалыг
тогтооход үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Гэтэл Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016
оны төсвийн тухай хуулийн төсөлд шүүхийн төсвийг эрс бууруулах, түүний
дотроос шүүгчдийн цалинг 60 орчим хувиар багасгах, шүүхийн төсвийн болон
шүүгчдийн цалин хөлстэй холбоотой хууль зүйн хувьд хамгаалсан
зохицуулалтуудыг хүчингүй болгохоор заасан нь шүүхийн бие даасан,
шүүгчийн хараат бус байдалд халдсан, Үндсэн хуулийн зөрчилд
хамаарахаар байна.

Иймд Улсын Их Хурал шүүгчийн хараат бус байдлын гол баталгаа болсон
шүүгчийн цалин хангамж, нийгмийн баталгааг хангаж, Үндсэн хууль,
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу шүүгчийн цалин,
шүүхийн төсвийг бууруулахгүй байхыг шаардаж байна.

2015 оны 10-р сарын 16.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОХУ-ын тусгай албаныхан Монгол Улсын иргэнийг хууль бусаар байцаахад Алтанбулагийн гаалийнхан зуучилсан уу?

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь гаалийн газрын байранд ОХУ-ын тусгай албаныхан манай улсын хоёр иргэнд гїйцэтгэх ажиллагаа явуулж, гурван цагийн турш хууль бусаар байцаажээ. Хууль бусаар гэхийн учир нь Буриадын Дотоод явдлын яамны харьяа Эрїїгийн хэргийн мєрдєн байцаах албаны хоёр алба хаагч Монгол Улсын хууль хяналтын байгууллагын зєвшєєрєлгїйгээр манай улсын иргэдээс мэдїїлэг авчээ. Їїнд Алтанбулаг дахь гаалийн газрын удирдлагууд тусалж, байцаалт авах єрєє гаргаж єгсєн байна. Болсон їйл явдлыг нэхэн сурвалжиллаа.

ОХУ-ЫН ХУУЛИЙНХАН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЮУНЫ УЧИР БАЙЦААХ БОЛОВ

Алтанбулаг дахь гаалийн газрын зуучлагч ажилтай Г өнгөрсөн наймдугаар сард найзуудтайгаа Улаан-Үдэд амарчээ. Түүний эхнэр Э ч хамт явжээ. Эхнэр нь мөн гаалийн газарт зуучлагчаар ажилладаг юм байна. Улаан-Үдэд тэд Г-ийн эзэмшлийн цагаан өнгийн жийп машинтай аялсан аж. Тэднийг буцсаны дараа ОХУ-ын Буриадын иргэн цагдаагийн байгууллагадаа гомдол гаргажээ. Ингэхдээ амарч явсан монголчуудын нэг өөрт нь хүч хэрэглэсэн тухай гомдол мэдүүлжээ. Уг хэргийн сэжигтэн байж мэдэх хүн нь гадаад улс руу явсан аж. Буриадын Эрүүгийн хэргийн мөрдөн байцаах албаныхан хэргийг шалгахаар манай улсад орж ирсэн бололтой юм. Тэгэхдээ ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр Г, Э нараас гурван цагийн турш гэрчийн мэдүүлэг авчээ. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гаригт ОХУ-аас ногоон өнгийн “УАЗ-Патриот” маркийн машинтай, Эрүүгийн хэргийн мөрдөн байцаах албаны алба хаагч, дэд хурандаа цолтой Ц, өөр нэг дээд тушаалын офицерын хамт Монгол Улсад ирж, Гаалийн газрын байранд манай улсын иргэдийг дуудаж, шөнө орой болтол байцаажээ.

АЛТАНБУЛАГИЙН ГААЛИЙН УДИРДЛАГУУД ГАДААДЫН ТУСГАЙ АЛБАНЫХАНД ЮУНЫ УЧИР ХӨЛ АЛДАВ

Эх сурвалжийн мэдээлс­нээр ОХУ-ын тусгай албаныхан манай улсын иргэдээс байцаалт авахад хуулийн ямар нэгэн байгууллагаас зөвшөөрөл аваагүй. Ердөө л Алтанбулаг дахь гаалийн газрын дарга Д.Батбаатартай уулзаж, ажилтнуудаа дуудахыг үүрэгджээ. Тэр дагуу нь Алтанбулаг дахь гаалийн газрын удирдлагууд хөл алдаж, сандраад хоёр зуучлагчаа дуудаж, загнаж зандраад сүйд болжээ. Бүр нэр төр, алдар хүндэд нь халдаж элдвээр доромжилсон тухай ч мэдээлэл байна. Цаашлаад ОХУ-ын тусгай албаныханд байцаалт авах өрөө гаргаж өгсөн аж. Хүний урманд Алтанбулагийн гаалийн газрын удирдлагууд зуучлагчаар ажилладаг, байгууллагынхаа алба хаагчдын эрхийг хамгаалах үүднээс өмгөөлөгч байлцуулах талаар үг ч цухуйлгаагүй аж. Харин ч ажилтнуудаа элдвээр загнаад, тусгайлан бэлтгэсэн өрөөнд түлхэх шахуу оруулсан аж. Бид ОХУ-ын хуулийнханд байцаалт өгсөн Э-тэй утсаар холбогдоход “Бид сэтгэл зүйн хувьд гүн хямралд орсон. Маш их дарамттай байна. Өнгөрсөн хугацаанд олон байгууллагад тайлбар, мэдүүлэг өглөө. Мэдээлэл өгөх үнэхээр боломжгүй байна” гэсэн юм.

ҮНДСЭН ХУУЛЬТАЙ, ТУСГААР УЛСЫН ИРГЭНИЙГ БАЙЦААХ ЭРХ ГАДНЫХАНД БИЙ ЮУ

Монгол Улс бол Үндсэн хуультай, тусгаар улс. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг. Хүний эрхийг хангах олон улсын гэрээ конвенцид нэгдсэн. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци манай улсад хууль адил үйлчилдэг билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно” гэж заасан байдаг. ОХУ-ын хуулийнхан мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар манай улсад ирж, тусгайлан бэлтгэсэн өрөөнд гурван цагийн турш Монгол Улсын хоёр иргэнээс байцаалт авсан. Энэ нь иргэнээ байцаа, шалга гээд гадны улсад хүлээлгэж өгч байгаатай адил аж. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т ”Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. ОХУ-ын эрүүгийн байцаан шийтгэх хууль манай улсын нутаг дэвсгэр дээр үйлчлэхгүй. Тиймээс манай улсын нутаг дэвсгэр дээр ОХУ-д үйлчилж байгаа хуулийн дагуу, дур мэдэн байцаалт авч, гурван цагийн турш эрх чөлөөг нь хязгаарлах эрх гадныханд байхгүй гэсэн үг.

Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлд “Монгол Улсын иргэнийг эрүүгийн хэрэгт мөрдүүлэх буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гадаад улсад шилжүүлж өгөхгүй” гэж тодорхой заасан байдаг. Тэгэхээр төрийн байгууллагын хэн нэг албан тушаалтан Монгол Улсын иргэнийг гадаадын тусгай байгууллагад хүлээлгэж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл байж мэдэх аж.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тавдугаар зүйлийн 5.1.1“байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч” гэж хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийг хэлнэ гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, эдгээрээс өөр албан тушаалтан Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулах эрхгүй гэсэн үг. Гэтэл ОХУ-ын хуулийнхан Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулжээ. Мөн хуулийн аравдугаар зүйлийн 10.1 “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч гэмт хэрэгт сэрдэн баривчилж болохгүй” гэж заасан. Монгол Улсын нутаг дэвсгэрт хэн нэгнийг байцаах бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг л мөрдөх учиртай. Өөр улсад мөрдөж байгаа ижил төстэй хууль манай улсын нутаг дэвсгэрт үйлчлэхгүй гэсэн үг.

Тэгэхээр гадаад улсын хуулийн байгууллагад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, манай улсын иргэнийг зөвшөөрөлгүй байцаах эрх байхгүй.

ГАДНЫХАНД ЗУУЧИЛЖ, ИРГЭНЭЭ БАРЬЖ ӨГСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХ БОЛОЛТОЙ

ОХУ-ын хуулийнхан Мон­голд ирээд манай улсын хоёр иргэнээс хэдэн цаг байцаалт авсан нь маш олон хууль зөрчсөн үйлдэл аж. Гадаадын хуулийнхан манай улсын хуулийнхантай хамтран ажиллах тухай хэ­лэл­цээр, гэрээ бий. Гэхдээ албан ёсоор хандаж, харил­цан зөвшөөрсний үндсэн дээр хамтарч ажилладаг. Гэтэл ОХУ-ын тусгай бай­гууллагынхан дур мэдэж, манай улсын иргэнээс бай­цаалт авсан, үүнд нь гаалийн байгууллагын удирдлагууд тусалж, зуучилсан нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал аж. Тиймээс уг хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Мөн Цагдаагийн ерөнхий газраас Гадаад хэргийн яамаар дамжуулж Буриадын эрүүгийн хэргийн мөрдөн байцаах албаныханд ханджээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар Алтанбулаг дахь Гаалийн газрын удирдлагуудыг гадаад улсын тусгай байгууллагатай ямар шалтгаанаар хамтран ажиллаж, иргэнээ хүлээлгэж өгсөн бэ гэдэг үндэслэлээр шалгаж эхэлжээ. Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Төрийн албанд ажилладаг эрх бүхий албан тушаалтнууд ОХУ-ын тусгай байгууллагатай хамтран ажилласан нь эх орноосоо урвасан гэж үзэх үндэслэл болох бололтой. Гэхдээ субьектив санаа зорилго нь ямар байснаас хэргийн мөрдөн байцаалт бас хамаарах бололтой.

ГАДНЫХАН ИРГЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ ӨӨР УЛСЫН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙХАД МАНАЙХАН …

Монгол Улсын хоёр иргэнийг гадаадын тусгай байгууллагын алба хаагчид хууль бусаар, өмгөөлөгчгүйгээр гурван цагийн турш байцаасан нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал гэдгийг хуулийнхан ярьж байгаа. Гэтэл УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга өчигдрийн байдлаар мэдээгүй байв.

Гадныхан иргэнийхээ эрх ашгийг хамгаалахын төлөө өөр улсад очиж, хууль зөрчин байж мэдүүлэг авч байхад иргэндээ үйлчлэх үүрэгтэй төрийн алба хаагчид тал засаад хүнээ бариад өгч байгааг юу гэх вэ. Өнгөрсөн оны долдугаар сард Тувад манай улсын иргэнийг зэрлэгээр хөнөөж, машинтай нь шатаасан хэрэг гарсан. Манай сонин “Тувад монгол бүсгүйг хөнөөсөн хэргийн мөрөөр…” цуврал нийтлэл бичиж байсан билээ. ОХУ-ын хуулийнхан хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хаачихсан байгаа. Талийгаачийн ар гэрийнхэн Улсын ерөнхий прокурор, Гадаад хэргийн яам, Кызыльд суугаа Монгол Улсын Ерөнхий консулд хандаад ч тусыг олоогүй. Арга ядахдаа “Өдрийн сонин”-д хандаж ярилцлага өгч байсан билээ. Талийгаачийн ээж манай сонинд ярилцлага өгөхдөө “Монголын төр Тува руу хулгайлагдсан малынхаа араас хөөцөлддөг атлаа хүнээ нэхэхгүй байна” гээд уйлж байсан. Тэрбээр “Ерөнхий прокурорт Наймдугаар сард уулзах хүсэлт тавиад өрөөнд нь ороход “Өдрийн сониноос л ийм хэрэг болсныг мэдлээ. Прокурор томилж өгнө” гэсэн. Аймагт очиход прокурор “Ерөнхий прокурор үүрэг өгсөн. Гэхдээ бид хил гарвал сөрөг тагнуул гэж хардагддаг учраас Тувад очих боломжгүй” гэсэн. Дараа нь Гадаад хэргийн яамны Консулын газрын даргад бичгээр хүсэлт өгсөн. Сарын дотор хариу өгөх үүрэгтэй гэсэн ч өнөөг хүртэл хариу алга. Хариугаа нэхээд очихоор “Цаанаас албан бичиг ирээгүй. Ирэхээр нь та нарт хариу өгнө. Өөр арга байхгүй. Та нар хувийн шугамаар дараа дараачийн арга хэмжээгээ авбал ав” гэдэг. ОХУ-ын хуулийн байгууллага хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд байгааг Гадаад хэргийн яаманд өгчихөж болдоггүй юм болов уу гэж бодох юм. Ингээд л бид мухардчихаад байна” гэж ярьсан билээ.

Мөн өнгөрсөн сард Улаан-Үдэд манай улсын иргэд дээрэмдүүлж, нэг нь буудуулсан хэрэг гарсан. Хохирогчид зам дээр зогсч байгаад нутаг нэгтнүүдтэйгээ таарч, цагдаагийн байгууллагад хүргэгдсэн. Ингэхдээ Монгол Улс руу буцаж эмнэлгийн тусламж авмаар байгаагаа хэлэхэд цагдаа нар “ОХУ-ын нутагт гарсан хэрэг учраас заавал энд байцаалт өгөх ёстой” гээд хэдэн өдөр байлгасан. Гэвч сэжигтнүүдийг өнөөг хүртэл олоогүй байгаа.

Categories
мэдээ улс-төр

Гишүүд цөөхүүлээ төсвийн тодотгол хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2015 оны
төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн
2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн
даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Гэтэл Төсвийн тодотгол хэлэлцэж байхад Засгийн газрын сайд нарын ирц
хангалтгүй, хуульд зааснаар 39 гишүүн оролцож байж ирц 50 хувьд хүрэх
ёстой ч 32 гишүүнтэйгээр хуралдсан нь сөрөг хүчний гишүүдийн бухимдлыг
төрүүллээ. Энэ нь ч аргагүй биз.

  • УИХ-ын гишүүн Ё.ОТГОНБАЯР

-Танхимд сууж байгаа гишүүдийн тоо 32 байна, ирцгүйгээр улсын төсөв
хэлэлцдэг юм уу. Р.Гончигдорж дарга та УИХ-ын гишүүдийн эрхэнд халдаж юу
асуух, юу асуухгүйг заагаад байх юм. Засгийн газарт улсын төсөв
хэрэггүй юм уу, үгүй юм уу. Гишүүд чинь Балжинням, Дашнямтай өдөр гээд
хуриманд явчихсан юм уу.

  • УИХ-ын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР

-76 гишүүнээс 33 нь чуулганы хуралдаанд оролцож, ирц 43.2 хувьтай
байхад та хууль хэлэлцэж байна шүү, хурал даргалагч аа. Ерөнхий сайд энэ
танхимд орж ирээд татвар нэмэхгүй гэж хэлснээс хойш тав дахь татвараа
нэмэхээр оруулж ирлээ. Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ
гурав дахин уначихсан байхад Засгийн газар Онцгой албан татварыг
нэмэхээр оруулж ирлээ. Үүнд хариулт авъя гэхээр орж ирэхгүй байна. Хурал
даргалж байгаа Р.Гончигдорж та үнэхээр шог байна. Та бидний эрхэнд
халдаж байна, үг хэлж байхад дундуур орж ирээд битгий сонин юм хийгээд
бай. ЖИЧ: УИХ-ын хурлын дарга З.Энхболд БНХАУ-ыг албан ажлаар
зорьсон тул чуулганы нэгдсэн хуралдааныг дэд дарга Р.Гончигдорж даргалж
байгаа юм.

  • Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД

-Нефтийн бүтээгдэхүүний үнэтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр,
С.Бямбацогт нар асуулга тавьж, бичгээр хариулт өгсөн. Засгийн газраас
баримталж ирсэн бодлогоо илэрхийлсэн. Дэлхийн зах зээлд нефтийн
бүтээгдэхүүний үнэ унасан учраас татвараар зохицуулт хийсэн. Олон улсын
судалгааны байгууллагын дүгнэлтийг бид ажиглаж байна. Ирэх дөрвөн
улиралд нефтийн үнэ өсөх магадлалтай байгаа.

  • Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

-Ч.Хүрэлбаатар гишүүн ээ, зугтсан юм байхгүй шүү, уулзалтуудаа
зохицуулаад орж ирлээ. Энд бидний бодлогын ялгаа байгаа. Өнөөдрийн орж
ирж байгаа төсөв дээр нефть бүтээгдэхүүнд хөдөлгөөн байхгүй. Нефтийн үнэ
тогтвортой байх нь зөв сонголт. Ард түмэн амьдрал гэдэг юмныхаа яриаг
түр арагш нь тавьчихая. Нефтийн үнэ гурав дахин буурлаа гэдэг юм ярьсан.
Дэлхийн зах зээлийн үнэтэй адилхан нефтийн бүтээгдэхүүний үнийг
буулгахад эцсийн хэрэглэгч дээр очиж байгаа бүтээгдэхүүний үнэ
буудаггүй. Харин нэмэгдэхэд бусад бараа нь дагаад өсдөг учраас
тогтвортой байх нь зах зээлд эерэг дохио өгч байгаа.

  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.БЯМБАЦОГТ

-Чуулганы хуралдаанд 31 гишүүн оролцож байна, та ирцээ хар. Эрх барьж
байгаа бол ачаагаа үүрсэн шиг үүрээд ирцээ бүрдүүл. Та нарын өмнөөс ачаа
үүрээд бид өчигдөр Төсвийн хүрээний мэдэгдлийг батлуулсан. Танай
гишүүдийн ирц хангалтгүй, ирц хуульд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа
учраас манай 15 гишүүн хуралдаанд оролцохгүй.

  • УИХ-ын дэд дарга Р.ГОНЧИГДОРЖ

-Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хуралд оролцохгүй байхын үр дагавар нь юу вэ гэдгийг уншиж өг.

  • УИХ-ын гишүүн С.ДЭМБЭРЭЛ

-Гончигоо суудлаа хар. Ирцээ бүрдүүлчих л дээ. Арай дэндүү байна шүү дээ…


Гишүүд энэчлэн хуралдааны эхэнд бухимдлаа илэрхийллээ. Харин яг одоо Төсвийн тодотголтой холбогдуулан, саналаа хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

5.3 тонн самар нууцаар хотруу нэвтрүүлэхийг завджээ

Энэ сарын 12-13-ны шилжих шөнө 5.3 тонн
самрыг хууль бусаар Улаанбаатар хот руу нэвтрүүлэх гэж байсан этгээдийг
саатуулжээ. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын ойролцоо зорчиж
явсан “Х.Truek” маркийн 39-04 улсын дугаартай авто машины жолооч А их
хэмжээний самар хотруу нэвтрүүлэх гэж байсныг цагдаа нар илрүүлсэн
байна. Тэд их хэмжээний энэхүү самрыг 12 тонн ноосон дунд нуусан
байжээ. Хэргийг Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн хэсэгт шалгаж
байна.

Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлага өнөөдрөөс эхэлж байна

Нийслэлийн
Засаг даргын А/753 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн
жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч,
түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт
цэрэг элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ сарын 18-ныг хүртэл
үргэлжилнэ.

Нийслэлийн
хэмжээнд зарлан дуудах хуудсыг 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар
цэргийн насны залуучуудын 93.8 хувьд тараажээ. Зарлан дуудах хуудсаа
авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн
даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны
холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно
гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс
мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нэг хүн нас барж таван хүн гэмтсэн ноцтой осол гарчээ

2015 оны 10
дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын
ЖШУХ дээр нийт 460 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн
ослын 340 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 16
бүртгэгдэж 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган
зорчигч-14, зорчигч-4. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 5 үүнээс
сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 5, согтууруулах ундааны зүйл
хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсонжолооч 1, явган зорчигч 5.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг журамлан гарч
болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Тухайлбал: СБД-ийн нутаг Нарны зам,
Саруул худалдааны төвийн арын замд Т.Voltz маркийн авто машины жолооч Х
нь явган зорчигч 25 настай эрэгтэй С-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч
С нь согруулууах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож
явсан байна.

Мөн СБД-ийн нутаг Их тойруугийн гудамж,
100-н айлын замд Нийслэлийн зорчигч тэээвриийн нэгтгэл ОНӨААТҮГ ын
Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Д нь Х. Fit маркийн Э жолоочтой
авто машинтай мөргөлдөж зорчигч 27 настай эрэгтэй Б нарын 2 хүн
гэмтсэн аж.

Түүнчлэн Сэлэнгэ аймаг Сайхан сум Номгон
3-р багийн нутаг Дарханаас Эрдэнэтийн чиглэл явах 31-32 километр замд
Т.Приус маркийн авто машины жолооч М нь Х.Сонота маркийн Т жолоотой авто
машинтай шүргэлцэж 2 машин замын хажуу руу онхолдон Т.Приус маркийн
авто машин дотор зорчиж явсан зорчигч 52 настай эмэгтэй Г нас барж, 32
настай эмэгтэй М нарын 5 хүн гэмтжээ.

Categories
мэдээ цаг-үе

Э.Бат-Үүл: Алдагдсан эрх мэдлээ олж авахаар олигархиуд надтай үзэлцэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

Муу мэдээ сайнаасаа хамаагүй хурдан, хол цацагддаг

-Танайхантай холбоотой маш олон сөрөг мэдээлэл цацагдаж байгаа. Энэ бүхэн дээр танаас хариулт авчихъя. Тухайлбал, смарт картны компанийн сонгон шалгаруулалтаар багагүй мөнгө цохьсон гэж буруутгаж байгаа. Бага үнийн санал хэлсэн дотоодын компанийг биш Солонгосынхыг нь шалгаруулсан нь ямар учиртай юм бэ?

-Би түрүүнд дурдсан. Зохион байгуулалттай гүжир гүтгэлгийг зорилготойгоор цацаж байгаа гэж. Би одоо хүмүүстээ хэлээд байгаа. Яг ийм зорилготой худал мэдээллийг цацаж байгаа хүмүүсийг шүүхэд өгөх хэрэгтэй. Тэгж шүүхээр үнэн мөнийг тогтоолгох хэрэгтэй байна. Манайхан гүжир гүтгэлгийн эсрэг тайлбар, мэдээлэл өгч байгаа хэдий ч хүмүүс сайнаасаа мууд нь илүү итгэж байна. Угаасаа ч үүнийг социологийн шинжлэх ухаанаар тогтоочихсон байдаг юм. Сайн үгнээс муу үг илүү хурдтай, илүү хол тардаг гэж. Германы Хамбургийн хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд алдаатай гүжир гүтгэлгийн мэдээлэл гаргасан бол залруулгаа яг тэр зай талбай дээрээ 12 удаа гарга гэсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, муу мэдээлэл үнэн үгээс 12 дахин хурдтай тардаг байх нь ээ дээ. Нийслэлээс зарцуулж байгаа төсөв мөнгийг бид ил тод зарлаж, сайтдаа тайлагнаж байхад хэн ч тоож хардаггүй, сонирхдоггүй хэрнээ үүнийг гуйвуулаад, худлаа мэдээлэл болгон цацаад ирэхээр үнэмшдэг.

-Шилэн дансны хууль хэрэгжиж эхлэхээс өмнө танайхан зарцуулсан төсөв мөнгөө сайт дээр ил тавьдаг байсныг санаж байна шүү?

-Харин тийм. Манайх хаана хэдэн төгрөг зарцуулснаа бүгдийг нь ил тавьдаг л байсан. Хэн ч сонирхож байгаагүй, бас хэн ч санахыг хүсэхгүй байгаа нь нөгөө худлаа мэдээлэл үнэнээсээ хүчтэй байдагт байгаа юм.

-Та сард долоон сая төгрөгөөр утсаар ярьдаг юм уу?

-Өнөөдрийн цагт олон ажлыг утсаар амжуулдаг гэдэгтэй хүмүүс санал нийлэх байх аа. Гэхдээ намайг буруутгаад байгаа тэр долоон сая төгрөг бол Иргэд хүлээн авах төвийн зардал байгаа юм. Нийслэлийнхээ иргэдийн санал хүсэлтийн дагуу тэдэнтэй холбогддог, нэг ёсондоо иргэн, хот хоёрын холбоог ойртуулдаг арга хэрэгслийн нэг л дээ. Гэтэл Бат-Үүл долоон сая төгрөгөөр утсаар ярилаа гээд шуугиад байгаа. Одоо тэр мөнгө Иргэд хүлээн авах төвийн зардал юм байна гэдэг бодит мэдээллийг өгсний дараа хараарай. Хол явахгүй дээ. Угаасаа ийм л байдаг.

Тойрогт ажиллах төсвийг болихоор бол хаа хаанаа л зогсоох хэрэгтэй

-НИТХ-ын гишүүд тэгж их урамшуулал авдаг юм уу. Та бүхнийг УИХ-ын дарга хүртэл шүүмжилсэн шүү дээ?

-Яг үнэнийг хэлэхэд дэлхийн бусад хотуудад иргэдийн төлөөлөгчид нь урамшуулал авдаг юм. Харин манайд энэ нь төлөөлөгчдөд өгдөг урамшуулал биш. Зөвхөн тойрогтоо ажиллахад нь зориулагддаг төсөв байдаг. Гэтэл УИХ-ын дарга “Тэр урамшууллаа болиорой” гэсэн. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах төсөвтэй байдаг шиг тойргоос сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөд зориулсан төсөв нь энэ. Тэгж яривал энэ зүйл анх УИХ-аас л гарч ирсэн гээд мэтгээд байвал бас болох. Иргэдийн төлөөлөгчид зарцуулсан зардлаа бүгдийг нь тайлагнадаг. Хувь хүнийхээ тухайд би энэ төсөвт тийм ч таатай ханддаггүй л дээ. Гэхдээ үүнийг болихдоо хүрвэл УИХ нь ч, нийслэл ч аль аль нь болих нь зөв юм. Хуулиар алагчилж болохгүй учраас нэгийг нь үлдээгээд нөгөөг нь авч үлдвэл буруу болно.

-Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид мэдэгдэхдээ “Бид энэ урамшууллыг авахгүй” гэхээр АН-ынхан олонхиороо хүч түрээд “авна” гэж шийдээд байдаг” гэж ярих юм билээ. Та нар авахгүй гээд байхад нь өгнө гээд байдаг нь ямар учиртай юм бэ?

-Энэ урамшуулал гэгдээд байгаа тойрогт ажиллах төсөв нь анхнаасаа МАН-ын үед гарч байсан, МАН-ынхан санаачилсан эд шүү дээ. Тэр нь өдийг хүртэл явж ирлээ. Инфляц, ханшийн өөрчлөлт зэргээс шалтгаалаад нэрлэсэн үнэ нь хуучнаасаа өндөр сонсогдож байж магадгүй. Үнэндээ тэр МАН-ын нөхдүүд чинь энэ мөнгийг хамгийн дуртай авдаг юм шүү дээ. Бразил явах санаа хүртэл МАН-ынхнаас л гарсан. Даанч өөрсдөө буруутаад ирэхээрээ “бид тэгээгүй” гэдэг болохоос.

-НИТХ дахь МАН-ын гишүүд таныг огцруулах өргөдлийг өргөн барьчихлаа…?

-МАН-ынхан яагаад ингэтлээ бачимдаад байгааг би дээр хэлсэн дээ. Тэд алдагдсан эрх мэдлээ олж авахын төлөө, нийслэлд тэдний хийгээгүйг манай АН хийж байгаа учраас, иргэдийн өмнө хариулах үггүй болчихоод байгаадаа ингэж байна гэж. Харин манай намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нийслэлийн намаа муулж, шүүмжилж ярьсны дараа НИТХ дахь МАН-ын бүлэг огцруулах асуудал тавьж байгаа нь хамгийн хачирхалтай санагдаж байна.

-Хотын татвар бас л шүүмжлэл дагуулж байгаа. Ард иргэдийн амьдрал иймхэн байгаа үед нэмж татвар татаас авах хэрэг байсан юм уу?

-Өмнө хүмүүсээс татвар аваад л байдаг. Тэр мөнгө яг хаашаа орсон нь мэдэгдэхгүй, юу болсон нь тодорхойгүй төсвийн орлого руу шингээд алга болдог байсан. Хүмүүс ч ийм тохиолдолд татвар өгөх дургүй байдаг. Замын татвар гээд л аваад байдаг хаана байна гэж асуудаг байсан даа. Гэтэл хүмүүс “Зам ингэж өөрчлөгдөж байгаа юм чинь би татвараа дуртай өгнө өө” гэдэг болжээ. Тэгж өөрчлөгдсөн байна. Одоо хотын татварын мөнгийг яг юунд зарцуулж, ямар ажилд зориулж байгаа нь мэдэгддэг болох юм. Хуучин иргэдээс авсан татвараараа хүнд суртал үйлдвэрлэдэг байсан явдал өөрчлөгдөнө.Тухайлбал, бид зочид буудлын төлөөллүүд оролцуулсан удирдах зөвлөл байгуулаад тэндээс орж ирсэн татвараараа хамтраад юу хийхээ ярьдаг болно гэсэн үг юм. Гэх зэргээр чиглэл чиглэлээрээ хамтарч, удирдах зөвлөл байгуулаад, шийдэлд хүрснээ ИТХ-аар шийдүүлээд явна.

Нэг нь шилэн, нөгөө нь харанхуй хоёр нам байж байг л дээ

-Түүхэндээ анх удаа төрийн гурван өндөрлөг нь АН-ынх, хотын захиргаа нь бас АН-ын мэдэлд ирсэн ийм цаг үед танай нам төр барьж байна. Сүүлийн үед АН-ынхан хоорондоо таарамж муутай байгаа гэж ярилцах боллоо. Та энэ намын нэг лидерийн хувьд үүн дээр юу гэж хэлэх вэ. Байдаг л зүй тогтол уу эсвэл…

-АН-ыг шилэн нам гэж болно. Ямар ч цаг үед манай намын үйл хэрэг, дотоод байдал ил л байсан. Зарчмын зөрүүтэй санал гарвал манайхан ил үзэлцэнэ. Даргаа шүүмжлэхээс айдаггүй. Сая хүртэл би намынхаа даргын талаар ярьчихаж л байгаа биз дээ. Энэ бол бидэнд байдаг л зүйл. Ингэж байж бид эрүүл байдаг. Үүнийг хортой гэж бодох хэрэггүй. Хүмүүс ч АН-ынхан зөрчилтэй байна гэж шүүмжилдэг мөртлөө үүнд нь дуртай байх шиг байдаг. Үзэгдэл нь ил, үйл хэрэг нь ил байх нь хүмүүст таалагддаг.

-АН-ынхан хэзээнээс ийм гэдгийг мэдэх ч эрх баригчид хоорондоо эв түнжингүй байх нь зөв биш харагдах юм. Нөгөө нам чинь атгасан гар шиг л гэж өөрсдийгөө онцолдог шүү дээ…

-Үгүй. Харин ч эрх баригчид болох тусмаа илүү шилэн байх ёстой юм шүү. Энэ нь илүү зөв, ард түмэнд ашигтай. МАН хэзээнээс дотоодын зөрчлөө нуусаар ирсэн нам ш дээ. Хэзээний л нууцлаг, хэзээний л хаалттай нам. Өөрчлөх гээд ч нэмэргүй. Нэг нь харанхуй нууцлаг, нөгөө нь шилэн ийм хоёр нам байж байг л дээ. Хүмүүс аль нь дээр гэж үзэж байна тэр итгэл үнэмшлээрээ сонголтоо хийг.

Надтай хүний, өөрийнгүй л үзэцгээж байна

-Танай намынхан ил шударга гээд нэгийгээ шүүмжлээд байдаг нь бүхэлдээ нэгийнхээ хийсэн ажлыг үгүйсгээд байгаа мэт харагддаг. Саяхан гэхэд л Ж.Батзандан гишүүн танайхныг буруутгаж дөрвөн зүйл заалт бүхий шаардлага хүргүүлсэн байх аа?

-Нэг зүйлийг та бүхэн анзаарч байгаа болов уу. Сүүлийн үед над руу дайрч улс төрийн карьераа өсгөгсөд олширсон. Надаар байлж байгаад улс төрийн нэр хүндээ өсгөх боллоо. МАН-ын Ж.Мөнхбат намынхаа хурлын өмнө миний эсрэг баахан гүжир гүтгэлгийн материал бэлдэж гаргаад шагналд нь намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга болж байсан. Түүний тараасан мэдээлэл худлаа гэдэг нь нотлогдож, надаас уучлалт гуйсан ч харамсалтай нь энэ үнэн түүний тараасан гүжир гүтгэлэг, муу мэдээ шиг өргөн далайцтай хүрээгүй. Мөн МАН-ын Г.Аюурсайхан гээд нөхөр их тодорлоо. Дараа нь Д.Дэмбэрэл гишүүн байна. Уг нь өөр намынхан л намайг ингэж муулж, гүжирдэж байж улс төрд тодордог байсан бол энэ халдвар нь манай нам руу шилжиж байх шиг байна. Ж.Батзандан над руу энэ аргаар дайрч, тодрох гэж ядаж байна уу даа. Гэхдээ би Ж.Батзандан гишүүний хэлээд байгаа дутагдал нь юу болох, түүнийг арилгахын тулд юу хийж болох вэ гэдгийг тодорхой болгож ажилла гэсэн үүрэг даалгаврыг Тамгын газартаа өгчихсөн.

-Чин үнэнийг хэлэхэд эрх мэдэлтэй байгаа намын хүндээ асуудал барьж орж ирдэг, тэрийг нь бүтээхгүй бол дайсан болж үлддэг явдал манай төрд хэзээнээс л байж ирсэн. Танд энэ мэт байдлууд хэр асуудал үүсгэж байгаа вэ?

-Илэн далангүй хэлэхэд надтай ганц МАН-ынхан үзээд байгаа юм биш. Ерөөсөө бүгд л үзэж байна. Намбарын Энхбаяр гэхэд л хувийн нам, хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гээд байгаа бүгдээ миний эсрэг турхирч, дайчлан ажиллаж байна. Э.Бат-Үүл үгүй болоосой гээд л тулалдаж байх шиг байна. Бас нэг бүлэг хүмүүс байна. Энэ бол олигархиуд. Би өмнөх дарга нартай нь адилхан биш учраас тэд надад дургүй байна. Өмнө нь тэд мөнгөө төлчихөөд дарга нараар асуудлаа шийдүүлчихдэг байжээ. Дарга мөнгийг нь авна, тэдэнд үйлчилдэг байж. Харин одоо тийм боломж гарахаа байсан учраас хүний өөрийнгүй намайг унагахын төлөө аян дайнд мордож байна даа. Тэд алдагдсан засгийн эрх мэдлээ авахын төлөө тулалдаж байна. Миний эсрэг тулж байгаа тэр хүмүүс бүгд хөрөнгө мөнгө арвинтай улсууд. Одоо тэр болгоноо нийлүүлж байгаад үзэж байх шиг байна. Бүхий л хэвлэл мэдээлэл миний эсрэг боллоо доо, үндсэндээ. Би ухуулах хуудас нааж, Дотоод явдлын яаманд баригдаж, цаазаар авахуулах ял уншуулахдаа хүрээд явж байсан тэр цагаас хойш үхэхээс бусдыг үзлээ. Тийм учраас намайг нугалж дийлж чадахгүй шүү гэдгийг хэлмээр байна. Би тэдний эсрэг тэмцэж, хэрэгтэй бол жагсч босоход ч бэлэн байгаа. Даргад үйлчилсэн ийм төр, эрх мэдлээ ашиглан төрийн мөнгөөр хувийн бизнес хийдэг энэ байдлыг таслан зогсоох цаг ирээд байна.

Олигархиуд шургаадаа гаргуун

-Таныг шударга шулуухан хүн гэдгийг хүмүүс нэгэнт мэднэ. Та өөрөө олигархиудын хүслээр ажиллахгүй гээд үзээд байж болно. Тантай хамт ажиллаж байгаа баг тань, таны удирдлагад ажиллаж байгаа хүмүүс яг тийм байж чадаж байгаа болов уу. Та үүнд хэр итгэлтэй байгаа вэ?

-Миний бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө манай баг үнэхээр нойр хоолгүй зүтгэж байгаа. Янз бүрийн хов живийн яриа явж байгааг үгүйсгэхгүй. Хуучин цагт үүнийг шургаа гэдэг байсан юм даа. Хэн нэгний талаар шургаж, буруу зөрүү ойлголт үүсгэх гэж үздэг. Үүндээ олигархиуд гаргуун. Ийм шургаа зөндөө явдаг. Гэхдээ би багийнхныгаа ажлын үр дүнгээр дүгнэнэ. Би тэдэнд хууль бус үйлдэлд нэр холбогдож, ашиг сонирхлын зөрчилтэй гэгдвэл ханддаг газар нь хандаж, нэрээ цэвэрлэж аваарай. Хэрэв хандахгүй бол та нарын нэр холбогдоод байгаа хэрэг үнэн гэж үзнэ шүү гэж анхааруулдаг. Энэ бол миний баримталдаг зарчим. МАН-ын залуус намайг АТГ-т өгч байх шиг байна. Би ажилтнуудаасаа шаарддагийн адил өөрөө ч шалгуулах хүсэлтээ өгнө.

Ер нь үнэн зөвийг тогтоодог газар л үнэнийг тогтооно. Түүнээс би харын өвчин туссан юм шиг багийнхандаа итгэхгүй бол ажил урагшлахгүй шүү дээ. Тэр тусмаа олигархиудын шургаа газар авсан энэ үед.

Би өөрт чинь нэг зүйл ярья л даа. Нэг нөхөр олон нийтийн газар, бас ч олон хүний дунд “Би Э.Бат-Үүл даргыг шударга хүн гэж боддог байлаа. Их ч хүндэлдэг байлаа. Сая очоод нэг юм гуйхад “Шийдээд өгье. Гэхдээ 30 сая төгрөг өг” гэж нэхлээ. Миний дотор харлаад явчихлаа” гээд их чанга дуугаар ярьсан байгаа юм. Энэ яриаг нь сонссон хүмүүс намайг яадаг хөгийн амьтан бэ гэж бодож байгаа ш дээ. Шургаа гэж үүнийг хэлж байгаа юм. Ядахад тэр нь ямар хурдтай, ямар бядтай тархана гээч. Гадныхан бол хэзээ ч хэн нэгний талаар хов живийн чанартай яриа гаргадаггүй. Тэр нь нэг мундагтаа, соёлтойдоо ч биш. Нөгөө хүн нь дуулсан бол шүүхэд өгчихдөг, дагаад хариуцлага нь ирдэг учраас тэгж ярьж явдаггүй хэрэг. Хүнийг худлаа гүжирдэнэ гэдэг улаан нүүр рүү нь цохиж зодож байгаа хэрэг шүү дээ. Манайд худал хэлсэндээ хариуцлага хүлээдэг жишиг байхгүй учраас шургаа тахал шиг тархаж, мань мэт нь учир зүй нь ч олдохгүй өртөөд явчих юм даа.

Үе үеийн хотын удирдлагуудаас бараг хамгийн бага төсөвтэй нь бид

-Саяхан Д.Баттулга дарга та хоёр ил захидалдаа “Харамсалтай нь ардчиллаар овоглосон ч ардчиллын тухай огтхон ч ойлголтгүй зөвлөлт маягийн сэтгэлгээнээсээ салаагүй эрх мэдлийн шуналтай зарим сайд нар алхам бүртээ эрх мэдэл цуглуулахаар улайрах нь хэрээс хэтэрлээ” гэж онцолсон байна лээ. Яг юун дээрээс болж ингэх болов. Хэнийг тэгж хэлээд байна вэ?

-Сүүлийн үед төсвийн ачааллаа орон нутагт үүрүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг булааж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төсөв санхүүгийн эрхийг хязгаарладаг муу зуршил тогтсоныг бид шүүмжилсэн юм.

2013 оноос өмнө Хүн ам, нийгмийн хөгжлийн сайдын багцад тусган баталдаг нийгмийн халамжийн сангийн зардлаас 2013 онд 76.6 тэрбум, 2014 онд 83.8 тэрбум, 2015 онд 92.2 тэрбум төгрөгийг хуульд өөрчлөлт оруулах замаар нийслэл рүү шилжүүлсэн. Жилээс жилд өсөн нэмэгддэг нүсэр ажлаа үүрүүлэхэд нь бид харж л байсан. 2014 онд салбар бүрийн сайдын багцаас санхүүждэг байсан оюутан, сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлын нөхөн олговор болох 53.1 тэрбум төгрөгийг 2015 оны нийслэлийн төсвөөс гаргуулах болсон гээд яривал их зүйл бий. Биднийг нэг их төсөвтэй гэж ойлгоод байгаа ч үнэндээ үе, үеийн хотын удирдлагуудаас хамгийн бага төсвөөр ажиллаж байгаа нь бид юм шүү. Ханшийн зөрүүнээсээ мөнгөний хэмжээ өссөн мэт харагдаж байгаа ч тэр үед талх хэд байлаа, шатахуун хэд байлаа гээд нарийн тооцоог нь гаргаад ирэхээр өөр дүн харагдаж байгаа юм. Тэгээд харахаар бид М.Энхболдыг хотын дарга байх үеэс 30 хувь, Ц.Батбаяр, Г.Мөнхбаярын үеэс даруй 10 хувийн бага төсөвтэй ажиллаж байгаа. Гэтэл ийм төсөвтэй хэрнээ өнгөрсөн гурван жилийн дотор юу, юуг бид хийж байгаа билээ дээ. Ийм учраас бид ил захидал бичсэн. Яг нэр цохож хэлээд байгаа юм байхгүй. Бид хүнийг нь гэхээсээ зарчмыг нь хэлж байгаа юм. Ардчиллын нэр барьсан мөртлөө захиргаадалтын арга барилаар ажиллаж байгааг шүүмжилсэн хэрэг. Ардчиллаар овоглосон мөртлөө социалист сэтгэлгээнээсээ салаагүй хүмүүс бидний дунд захаас аваад байна. Тэд ардчиллын тухай ойлгодог ч үгүй юм.

-Та түрүүнд хэрэгтэй бол жагсахад ч бэлэн гэлээ. Та нар залуу цагтаа жагсч, хувьсгал хийж ардчилсан нийгмийг байгуулж байсан. Одоо дахиад хувьсгал хийх хэрэгтэй гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Би өнөөдрийн залуучуудад хандаж, ерээд онд бидний хийж байсан шиг хувьсгалыг та нар эхлүүлэх цаг болсон гэж хэлмээр байна. Бүр тэгж уриалмаар байна. Ийм уруу дорой байж болохгүй. Та нар жагс, цугла. Гэхдээ зорилго чинь тодорхой байх ёстой. Төрийн эрх мэдлээр бизнес хийдэг ийм ангийн эсрэг тэмцэх цаг болсон. Үүнийг өөрчлөхөөс аргагүйд хүрчихээд байна. Ардчилсан хувьсгалыг бид хийсэн ч өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд төрийн эрх мэдлийг авч явсан хүмүүсийн дарга шүтдэг тэр уламжлал нь бүр боловсронгуй болоод өнөөдрийн байдалд хүргэлээ. Би энэ талаар бүр УИХ-д байхдаа ч хэлдэг байсан. Тэгээд нэг удаа үүнийг өөрчилье гээд жагсаал зарлахад арав гаруй хүн цуглаж, амьтны элэг доог болж л явлаа. Даргад үйлчилсэн төрийн тогтолцоо нь эцэстээ Монгол Улсыг элгээр нь хэвтүүлнэ гэдгийг түрүүлж хэлээд ойлгохгүй болохоор энэ өөрчлөлтийг хотоосоо эхэлье гэж шийдээд ирсэн нь энэ юм шүү дээ.

-Эрх баригч намын гишүүн, тэр дундаа хотын дарга хүн “Болохгүй байна, тэмц бос” гэж байгаа нь надад үнэндээ гайхаш төрүүлж байна. Үнэхээр тийм бол ингэж чадаж байгаагийн төлөө танд талархмаар л байна…

-Би нэг юмыг байнга хэлдэг. Даргын албан тушаал бол миний хувьд хөдөлмөрийн багаж хэрэгсэл. Хүмүүс дарга болох гээд үхэлдээд байх юм. Ийм хүмүүс ардчиллыг сульдааж, ардчиллыг гутааж байна. Төр нь иргэндээ хүнд буулга дараа болдог биш үйлчилдэг гэдгийг харуулахын тулд хотоос эхлэхээр өнгөрсөн жилүүдэд ажиллалаа.

Энэ хотыг иргэндээ үйлчилдэг хот болгох гэж хичээж байна. Яг л гар утасны оператор компани шиг, банкны теллер шиг түргэн шуурхай үйлчилдэг болгомоор байна. Барилгын зөвшөөрлийг түргэн гаргаж өгдөг зэргээс эхлээд хотод сайжирсан зүйл байгаа л байх. Гэхдээ би чамласаар л байгаа. Үнэндээ даргад түшиглэсэн тогтолцоог өөрчлөх нь өргөс авахтай адил амар биш юм. Гэвч тэгж өөрчилж гэмээнэ ардчилал маань улам төгс болно. Энэ зорилгыг минь биелүүлэхэд, тэгж өөрчлөхөд туслахгүй юм бол энэ даргын албан тушаал шиг хэрэггүй зүйл надад алга. Төрийг өөрөө өөртөө үйлчлүүлдэг үе үеийн дарга нарын хэрээс хэтэрсэн байдал улам бүр ихэссээр л байвал маргааш бүх зүйл утгагүй болно. Үүнийг би залуучуудад хэлж байгаа юм. Та нар өнөөдөр тогтчихоод байгаа увайгүй үйлдлийг зогсоож чадахгүй юм бол маргааш та нарын эрх энэ хүмүүсийн эрхээр хязгаарлагддаг болно шүү. Та нарын амьдралын сайхан байдал дарга нарын шуналаар хязгаарлагддаг болно шүү. Өөрийгөө үгүй юм гэхэд үр хүүхдээ бодоорой. Үүний төлөө зүтгэх хэрэгтэй. Дарга нар хэзээ ч ийм нийгмийг байгуулахыг хүсэхгүй.

-Та хэдийг анх гарч ирсэн цагаасаа төрд олон жилээр зайдагналаа. Залуучууддаа боломж өгөхгүй байна гэж нэр зааж ирээд шүүмжилдэг. Та үүн дээр юу гэж хэлэх вэ?

-Манай зарим залуус ингэж их ярьдаг байсан л даа. Тухайлбал, Х.Тэмүүжин. Одоо та нарын үе дууссаан, бид байх ёстой гэж. Харамсалтай нь манай залуус өөрсдийнхөө юу хийж чадах тухай биш, эрх мэдэлтэй болох тухай л ярьдаг байсан. Ийм явцуу улс төр хол явдаггүй юм. Эрх мэдэл, бялуу ярьсан улс төрөөр замнасан хүмүүс бүгдээрээ шившгээ хутгаж дуусдаг. Г.Уянгыг хар л даа. Гудамжинд байхдаа юу ярьдаг байлаа. Одоо төрийн эрхэнд гарсан хойноо “Бүх зүйл хууль ёсных байх ёстой шүү” гэдэг номлогч болон хувирснаас цааш хэтэрсэнгүй. Ямар байснаа юу болж байна. Эргээд харахад зүгээр эрх мэдэл булаалдсан тэмцэл хийж байсан нь харагдаж байгаа биз.

Харин одоогийн залуус эрх мэдлийн ээлж дугаарын ярианаас залхсан байх гэж би найдаж байна. Нэг даргыг нөгөөгөөр солиод сайжирдаггүйг мэдсэн байх. Тэд амьдралынхаа аюулгүй байдлын төлөө зовниж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Залуус сайн сайхан амьдралынхаа боломжийг дарга нарын гайгаар алдаж байгаа гэдгээ ойлгосон учраас дарга шүтсэн тогтолцоог өөрчлөх зориг бий байх.

Ерөнхийлөгчийн жижиг албан тушаалыг сонирхохгүй гэж хэлье дээ

-УИХ-ын гишүүний суудлаас буухаар өөр мэдрэмж төрдөг үү. Өөр гэдэг нь одоо байгаа гишүүд танд ихэмсэг дээрэнгүй ханддаг тал байна уу гэж асуух гээд байна л даа. Ц.Нямдорж гишүүнтэй иймэрхүү утгатай маргаан хийснийг санаад байна…

-УИХ-ын зарим гишүүд өөрсдийгөө улсын эзэн болсон шиг санаад байх шиг байдаг юм. Хуучин Улс төрийн товчоо гээд есөн хаантай байсан бол одоо 76 эзэнтэй болсон юм уу даа. Уучлаарай, УИХ-ын гишүүд бол иргэдийг төрд төлөөлөх зарц байх ёстой юм. Дарга биш зарц нар. Ц.Нямдорж “төрөө дээдэл, төрөө шүтдэг ард түмэн бий” гээд байдаг. Цаад утгаараа өөрийгөө л шүт гээд байгаа санаа юм уу даа. Надад тэгж санагддаг. Гэтэл иргэндээ үйлчилдэггүй, иргэнээ хүндэтгэдэггүй төрийг шүтээд яах юм бэ. Иргэнээ хуурч мэхэлдэг төрөөр золигоо хийх вэ дээ.

-Сүүлийн үед Засгийн газрыг унана, дараагийн Ерөнхий сайд тэр, энэ болно гэсэн таамаглал их явж байна л даа. Энэ хэр ортой бол?

-Засгийн газрыг унагах яриа гарах нь сайн юманд хүргэхгүй ээ гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлээд байдаг үнэн л дээ. Ингэж үе, үе Засгийн газрыг унагах тухай яриа гаргаж, Ерөнхий сайд хэн болох вэ гэцгээж байгаа нь нөгөө л эрх мэдэлтэнд үйлчилдэг төрд дараагийн ээлжийн дарга, үйлчилгээг нь авахаар дугаарлагсдын оролдлого идэвхжсэнийх байх. Түүнээс биш мундаг Ерөнхий сайд болоод бодлого гаргаж хэрэгжүүлье гэсэн нь юу л бол. Гэхдээ ийм юм байдаггүй юм, тийм хөтөлбөр ч байхгүй.

-Таны нэр Ерөнхий сайд болох хүмүүсийн дунд яригдаж байна лээ?

-Би Улаанбаатар хотоо зорьж байгаа шигээ хөгжүүлмээр байна. Нийслэлээ Сөүл шиг ч юм уу нэг сайхан хот болгочихмоор байна. Гэр хороололд шинэ сайхан Улаанбаатар хот сүндэрлүүлэхийг харах гээд завгүй байна, би. Миний хүсэл мөрөөдөл ердөө л энэ. Сөүлийн Хан мөрнөөс урагш хэсэг нь ерээд оноос өмнө манай гэр хороолол шиг байсан юм билээ. Тэгээд иргэд нь газраараа хоршиход банкууд нь зээл өгч, шинэ цагийн Сөүлийн өнгө төрх бий болсон байдаг. Нөгөө Ганнам дүүрэг тэгж л гэр хороололд боссон байдаг. Түүн шиг манай Баянхошуу яагаад тийм Ганнам болж болохгүй гэж. Уулс дундаа, тийм гоё байгальтай. Чингэлтэй яагаад Саппоро шиг болдоггүй юм. Бүрэн боломжтой. Иргэдэд зээлийг нь өгчихөд ганц зуны дотор хотхоноо барьчихна даа. Иргэд өөрсдөө дандаа ухаалаг шийдвэрээ гаргаж байдаг. Ногоон хөгжил гэж яриад байлтгүй хүмүүс приус машинаа худалдаж аваад унаж байна шүү дээ. Шинэ Улаанбаатараа гэр хороололдоо босгох нь, метрогоо барих нь миний мөрөөдөл болохоос юун Ерөнхий сайд, юун Ерөнхийлөгч.

-Хэдийгээр та 2017 оны сонгуульд нэр дэвшихгүй гэж мэдэгдсэн ч яригдаад л байдаг сэдэв. Үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй юу?

-Дахиад л хэлье. Би өөр мөрөөдөлтэй. Ерөнхийлөгч гэдэг жижиг албан тушаал дээр очихгүй ээ. Ийм жижиг албан тушаал сонирхдог хүн би биш. Байн байн асуугаад байдаг болохоор ингэж л хариулъя даа. Надад илүү том мөрөөдөл байна.

-Метро гэснээс хэдийд баригдах бол?

-Уг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарчихсан. Японы тал бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлчихсэн байдаг. Гэтэл Засгийн газрын түвшинд жаахан дэмжлэг тааруухан байна даа.

-Та чинь Засгийн газрын үйл ажиллагаа болохгүй байвал гарч ирээд шүүмжилчихдэг биз дээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Н.Энхбаяртай гэрээ хийлээ гээд шүүмжилж байсан. Одоо Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг шүүмжлэх зүйл алга уу?

-Би хувь хүнийхээ хувьд Ч.Сайханбилэгт сайнаар ханддаг юм. Өөрөө хувийн менежмент сайтай, асуудлыг дандаа эв дүйгээр шийдэх гэж оролддог. Түүнээс сайн үлгэр жишээ авах хэрэгтэй гэдгийг би байнга ярьж явдаг. Мэдээж, шүүмжлэх зүйл гарвал хэлэлгүй л яахав. Манай нам шилэн нам гэдгийг баахан ярьсан даа. Хэн нэг нь үнэхээр буруу зүйл хийсэн бол хэлээд, шүүмжлээд гараад ирдэг. Шаардлагатай бол тэмцэл ч хийдэг. Энэ мэт ажлын төлөөх маргаан бол хагарал биш. Харин ажлаа улам сайжруулах оролдлого байдаг.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг та хоёр нэг ангийнх байх аа. Та түүнийг тэгж шүүмжилснийхээ дараа ойлголцсон уу, ер нь ажил хэргийн маргаан гэдгийг хүмүүс хэр ойлгодог бол?

-Н.Алтанхуяг намын эрх мэдэл рүү шууд халдсан учраас шүүмжилсэн юм. Сонгуульд хэнийгээ нэр дэвшүүлэхээ мэддэг намын дээд эрх мэдлийн өмнүүр орж, Н.Энхбаяртай нийлээд тойрог хуваасанд дургүйцсэн. МАХН бол Н.Энхбаяр гэдэг хүний хувийн өмчийн нам байж болно. Харин АН бол тийм биш. Иймээс хэлэхээс аргагүйд хүрсэн. Гэхдээ манай намынхны онцлог учраас нэг нь шүүмжлээд гараад ирэхэд бүгд ойлгож хүлээж авдаг байх.

-Таны ярианаас ардчиллын нэр хүнд унаж яваад ихэд бухимдаж байгаа нь анзаарагдлаа…

-Өмнө ч хэлсэн. Одоо ч хэлье. Дарга нарыг шүтсэн энэ тогтолцооноосоо салахгүй удаан явбал дарга шүтсэн мафийн төр бий болох аюул байдаг. Одоо л бид үүнийг ойлгож зогсоохгүй бол тэр бүгдийн ард ардчилал маань амь тавих гээд байна. Ардчиллаа аварч үлдэхийн төлөө би бүгдийг хийхэд бэлэн. Н.Энхбаярын нам, тэдний байдлыг харахад даргад үйлчилдэг тогтолцооны тод жишээ шууд харагдана. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд, хэрэв жирийн иргэн ял авч, хэрэгт буруутгагдсан бол ингээд зүгээр явж байх юм уу. Шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд хамаа алга. Үнэндээ шүүхийн шийдвэр гараагүй байхад Н.Энхбаяр руу дайрч, барьж, хориход нь “Ингэж болохгүй” гэдгийг би хэлж байлаа. Уучлаарай, харин одоо өөр. Шүүхээс шийдвэр нь гарсан. Н.Энхбаяр хоригдох ялтай хүн. Гэтэл Төрийн ордонд Засгийн газрын асуудал шийднэ гээд явж байна шүү дээ. Үнэхээр хуулиас гадуур хүн юм. Даргад үйлчилдэг төр байгаагийн илрэл энэ юм биш үү.

Categories
мэдээ цаг-үе

Сая хүнтэй хотод сонин борлуулах цэгээ гадуурхдаг болжээ

-Хүмүүст сонин унших хэрэгцээ байгаа ч худалдах газруудын ихэнхийг нь хаасан байв-

Манай нэгэн уншигч сонин хайж Баруун дөрвөн замаас Төв шуудан хүртэл явсан тухайгаа цахим хуудсандаа бичсэн нь олны анхаарлыг татаж байна. Сэтгүүлчдэд ч “Танай сонинд тийм сайхан материал нийтлэгдсэн гэнэ. Нэг сонин надад хадгалж болох уу” гэсэн хүсэлт, гуйлт тавих нь ихсээд байгаа. “Зар мэдээ” сонины борлуулалтын албаныхан “Өмнө нь хотод сонин худалдаалдаг 300 гаруй цэг байсан. Одоо хэдэн бүхээг, дэлгүүр, худалдааны төвд сууж байгаа сонин борлуулагчид нийлээд 50 гаруйхан болчихсон” гэсэн юм. Иймээс сонины үүргийн худалдааны нөхцөл ямар байгааг бид сурвалжиллаа.

Өчигдөр өглөөний 06:50 цагийн орчимд Үйлдвэр урлалийн дээд сургуулийн замын эсрэг талд байрлах сонин түгээх бирж дээр очлоо. Гадна талд нь ганц суудлын тэрэг зогссоныг эс тооцвол эл хуль ноёлох аж. Түгээлтийн ажилтнууд “Өмнө нь “АВМ” гэдэг компани байлаа. Өнөө “Монголньюс” гэсэн цэнхэр бүхээгүүдийг түрээслэдэг байсан шүү дээ. Түүнийг нийслэлийн зүгээс өнгө үзэмж, тохирохгүй, стандартад нийцээгүй шалтгаанаар хавчсаар байгаад өнгөрсөн хавар татан буулгасан юм. Ихэнх бүхээгийг компани нь татчихсан юм билээ. Заримыг нь ажиллуулж байсан хүнд нь 300 мянган төгрөгөөр худалдсан гэсэн. Гэвч манай борлуулагч нарыг дүүргүүд нь хөөгөөд байдаг юм билээ. Ялангуяа Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн төрийн албаныхан сүрхий хөөж, зарим бүхээгийг шөнөөр бараатай нь ачаад явчихдаг. Өдөр ирэх бүр л борлуулагчид багасч байна.

Одоо ирэхээр нь та нар харна даа” гэсээр угтлаа. Энэ зуур “Үгийн сүлжээ” сонины түгээгч “Манайх 1500 төгрөгөөр худалддаг сонингоо хямдруулж 1000 төгрөг болгосон. Гэвч үүргийн худалдаа алга болж байгаагаас сонин хэвлэх ашиггүй болж байна даа. Ер нь борлуулах цэгүүд олон байхад настайчууд, хүүхдүүд сонин аваад автобус унаагаар яваад ч зарчихдаг байлаа. Хүмүүс ч зам зуур дайралдахад худалдаад авчихдаг байсан. Одоо тэр хүмүүс хаанаас авахаа мэдэхгүй байгаа хэрэг” хэмээв. Ерөнхийдөө 07:30 минутын орчимд сонин борлуулдаг хүмүүс цуварч эхлэх аж. Гэвч хэдэн жилийн өмнөх шиг олон хүн сонин борлуулахаа байсан нь илт мэдэгдэж байв.

“Ардын эрх”-ийн автобусны буудал дээр нэлээд хэдэн жил сонин борлуулж байгаа Дашлэгцэг хуучин цэнхэр бүхээгээ худалдаж авсан байна. Тэрээр “Өмнө нь сарын 60 мянган төгрөгөөр түрээсэлдэг байсан юм. Тэгээд компани нь татан буугдахад худалдаж авсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогзолмаа ирээд “Та нар энд байх ёсгүй. Хотын захиргаа үүнийг чинь зөвшөөрөхгүй” гээд хөөгөөд байгаа. Автобусны буудал дээр байсан ТҮЦ-үүдийн тоо нэмэгдээд байхад сониныг л хөөгөөд байх юм. Тэгээд хэлэхээр “Эд нар зөвшөөрөлтэй. Та нарыг зөвшөөрөхгүй” гэдэг. Сонин муудчихаараа хүний гэдэс өвтгөх хүнсний бараа биш шүү дээ. Хэрвээ би сонин худалдахаа больчих юм бол Шар хаднаас Сансарын хойд замаар III, IV хороолол хүрэх замд сонин борлуулах цэг таарахгүй” гэв.

АСЕМ-ийн уулзалт өнгөртөл сонин борлуулах зөвшөөрөл өгөхгүй гэжээ

Нэгэнт л борлуулах цэг байхгүй болсон болохоор борлуулагчид “Зар мэдээ” сонинд хандаж эхэлсэн гэнэ. Тэр дагуу нь хуучнаас арай том бүхээг хийжээ. Гэвч дүүргүүд стандарт батлаагүйн дээр ирэх жил АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болох тул нэг ч зөвшөөрөл өгөхгүй гэж байгаа аж. “Зар мэдээ” сонины борлуулалтын менежер Л.Мөнхгэрэл “Өдөр тутмын сонин, зарын сонингууд хүмүүсийн хэрэглээнд хэвшиж эрэлт хэрэгцээтэй болсон. Хуучин цэнхэр бүхээгүүдийг хавчсанаас сонины үүргийн борлуулалт 40 хувиар буурчихаад байгаа. Ажлын байраа хураалгасан олон хүн манайд хандсан. Ажил маань борлуулалтын цэгүүдтэй шууд холбоотой болохоор манайх чадлаараа бүхээг барихаар шийдсэн. Бид ямар журмаар бүхээг үйлдвэрлэж байгаа талаар боломжуудыг хайж нийслэлийн Худалдаа үйлчилгээний хэлтэстэй уулзсан. Стандарт загварыг нийслэлээс шийдэхдээ хүнсний ТҮЦ, сонин хэвлэлийн бүхээг хоёрын ялгааг гаргаагүй. Нэг ерөнхий журам гаргаад хүнснийхийг голлоод барьчихсан байгаа юм. Тэгтэл гэнэт сонин хэвлэлийг шахаад эхлэхээр дүүрэгтээ хандтал тэд аль хэдийнэ олгодог талбайгаа олгочихсон гэх зэргээр харьцаж эхэлсэн. Дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсүүд сонин борлуулах цэгүүд стандарт хангахгүй гэдэг. Стандарт нь ямар байх ёстой юм гэхээр “Батлаагүй” гэнэ. Бид өөрсдөө загвар гаргаад ийм байж болох уу гэхээр “Ойрын хоёр жилдээ батлахгүй. АСЕМ-ийн чуулган болох гэж байгаа учраас зам дагуу сонины бүхээг байх ёсгүй” гээд байгаа. Нийслэлийн Захирагчийн албаны Худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргүүдэд эрхийг нь шилжүүлсэн гэж тайлбарладаг. Өнгөрсөн зунжингаа л дүүрэг болгон дээр очиж Худалдаа үйлчилгээний хэлтэстэй уулзсан. Хүнсний ТҮЦ-ийг харж байгаад адилхан бор өнгөтэй, арай том хийлээ гэхээр хангалттай сайн болоогүй байна гэдэг. Ямар загвартай байх ёстойг асуухаар батлагдаагүй, хэзээ батлах нь тодорхойгүй гэсэн хариу авч байна. Арваад бүхээг хийчихээд дүүргүүдээс гуйж заримыг нь аваачаад тавьчихсан. Байнга л хөөж байна даа. Ачиж явчих гээд байнгын дарамттай байна” гэв.

Мөн “Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг ард иргэдийн амьжиргаа талаас харсан уу тэгэсхийгээд тавьчих, гэхдээ найдвартай биш шүү, нэг л өдөр хөөгөөд явуулах боломжтой гэсэн. Баянзүрх дүүрэг өргөдлөө өгчих гээд өгөхөөр ерөөсөө шийдэж өгдөггүй. Баянгол дүүрэг шууд ачна гэж байнга айлгадаг. Олон борлуулагч ажлын байр бэлдээд өгөөч гээд байгаа. Түрээсээр л өгөхгүй бол ТҮЦ-үүд шиг шууд худалдаад авчих хүн байхгүй. Дандаа ядарсан хүмүүс шүү дээ. Сонин худалдаад 20 хувийг нь л авдаг хүмүүс шүү дээ. Маш олон хүн ажлын байраараа хохирч байна даа. Дүүргүүдийн хувьд та нар биднээс зөвшөөрөл аваагүй цагт тавихгүй гэсэн дээрэнгүй өнгөөр л харьцаж байгаа” гэж ярилаа.

Энэ зуур борлуулагчид “Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэнэтхэн л “АВМ” компанийнхан татан буугдаж байгаа. Бүхээгээ авна гээд эхэлсэн. Бараг л харвах шахаж байгаа юм. 8-25 жил сонин зарж л талхаа олж байсан хүмүүс шүү дээ. Харин “Зар мэдээ”-гийнхэн нэг юм хийх гээд байх шиг байна” гэлцэж байв. “Зар мэдээ” сонины хувьд Хан-Уул дүүрэгт дөрөв, Баянгол дүүрэгт дөрөв, Баянзүрх дүүрэгт хоёр, Чингэлтэй дүүрэгт хоёр бүхээгээ тавьсан гэнэ. Тодруулбал, “Тэнгис” кинотеатрын автобусны буудлын урд, Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хойно, III, IV хорооллын эцэст, Москва рестораны өмнө, 120-ийн автобусны буудал, Үйлдвэр комбинатын 19 дүгээр буудлын хоёр талд, Заводын автобусны буудал, “Жаран” дэлгүүрийн өмнө, “Мөнгөнзавьяа”-гийн өмнө тус, тус тавьсан байна. Дээр нь хуучин бүхээгээ худалдаж авсан 20 гаруй хүн байдаг байна. Тэд бүгд хэзээ ачаад явах нь мэдэгдэхгүй нөхцөлд байгаа аж. Эдгээр бүхээгүүдэд суусан хүмүүс нь ч дүүргийнхээ Худалдаа, үйлчилгээний хэлтэс, хорооны дарга нараасаа айгаад элдвийн юм ярихгүй байя гэж боддог бололтой.

Дөрөвдүгээр сараас хойш гадаа цаасан хайрцаг дэвсэж сонин худалджээ

Сонин түгээх биржээс гараад Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хойд тал, “Тэнгис” кинотеатрын автобусны буудал, “Мөнгөнзавьяа” дэлгүүрийн урд талын шинээр тавьсан сонин борлуулах цэгүүдээр орлоо. Хуучин хааш хаашаа нэг алхам цэнхэр бүхээгүүдийг бодвол нэлээд том юм. 1.8/1.2 метрийн харьцаатай аж. Сонин борлуулагчид “Өмнөхөө бодвол зайтай аятайхан юм. Үүнээс том бол бидэнд хэрэггүй л дээ. Бид удаан байсан газартаа захиалагчтай болчихдог. Танай сониноос 13-ыг захиалчихсан байна” гэх зэргээр үзүүлж байлаа.

Харин “Теди” төвийн дэргэдэх цэнхэр бүхээгийн борлуулагч Хулан “Намайг энэ өвөл, хавартаа байж болно гэсэн. Харин АСЕМ-ийн уулзалттай учраас түүнээс цааш байлгахгүй гэж байна лээ” хэмээж байлаа. Сонин борлуулах цэгүүдийн зай үнэхээр хол юм. УИД-ээс Чингисийн талбайн урд буудал хүртэл явахад “Мөнгөнзавьяа” дэлгүүрийн өмнө ганцхан сонин борлуулах цэг дайралдав. Чингисийн талбайн урд автобусны буудлын киоск ажиллахгүй байлаа. Харин тэр буудал дээр ширхгийн бараа зардаг настай эмэгтэй “Өдрийн сонин”-ы дугаараас гурвыг барааныхаа дэргэд тавьсан байсан юм. Тэрээр “Хүмүүс сонин борлуулах цэг ажиллаж байгаа эсэхийг асуугаад байдаг болохоор ганц нэгийг хүүд захиж авчруулдаг юм. Авчирсан даруйдаа л зарагдчихдаг” хэмээж байлаа.

Баянзүрх захын автобусны буудал болон XIII хорооллын автобусны буудал дээр байсан хоёр сонин борлуулах бүхээгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны шөнө дотор нь байсан бараатай нь дүүргээс хүмүүс ирээд ачаад явчихжээ. Түүнээс хойш Баянзүрх захын автобусны буудал дээр сонин борлуулдаг Д.Бямбасүрэн Цамбагаравын тэнд нэг ТҮЦ хөлсөлж хэсэг сууж үзжээ. Гэвч хүмүүс авахгүй болохоор нь буцаж ирээд цаасан хайрцаг дээр сонингоо худалдаалж эхэлсэн байна. Ардаа эмийн сангийн хананд “Сонин борлуулах цэг. Захиалга авна” гэсэн зарлал хадчихаж. Ойр орчмын үйлчилгээний газруудын хүмүүс “Сонин худалдаж аваад амар л байдаг юм. Заримдаа цагдаа нар ирж ил задгай сонин худалдаж болохгүй гээд хөөгөөд байдаг. Цаасан хайрцгийг нь өшиглөж тараагаад явчихаж байсан ч удаатай” хэмээж байв. Харин Д.Бямбасүрэн “Дөрөвдүгээр сараас хойш л гадаа сууж байна. Цагдаа нар хаа нэг хөөж л байдаг юм. Би оюуны бүтээл зараад сууж байна хог шороо зараагүй гэхээр гайгүй байдаг. Цагдаа нар сонин болохоор торгох нь гайгүй. Гэхдээ таван мянгаас дээш төгрөгөөр л торгодог юм. Сонин худалдаад олох орлого бага шүү дээ. Энэ хавьдаа дасчихсан болохоор байнга сонин авдаг хүмүүстэй. Тэгээд л ингэж сууна. Бороо орохоор сониноо аваад цайны газар орчихдог. Одоо өдөр богиносоод хүйтрээд л байна. Бид чинь настай хүмүүс болохоор өөр ажил ч олдохгүй шүү дээ” хэмээж байв. Энэ автобусны буудал дээр таван ТҮЦ байлаа. Гурав нь сүүлд тавигдсан шинэ ТҮЦ шиг харагдах аж. Гэвч сонин борлуулж байгаа ганц хүн нь хөөгдөж туугдан гадаа, газар сууж байх юм.

Харин XIII хорооллын автобусны буудал дээр сонин борлуулдаг Н.Цэцэгмаа бүхээгээ хураалгаснаасаа хойш ХААН банкны үүдний хоёр хаалганы завсар сонингоо зарж байгаа аж. Банкныхан үүдэндээ ломбард оруулах гээд гарахыг нь хүлээж байгаа гэнэ. Тэрээр “Өнгө үзэмжгүй гээд л киоскийг минь аваад явчихсан. Одоо үзэмжтэйг нь тавья гэхээр төв замд юм тавиулахгүй гээд байгаа. Уг нь төв замаа дагаж байж л сонин хүний гарт хүрнэ шүү дээ. Би арваад жил энд сонин борлуулж байна. Танай “Өдрийн сонин” сайн зарагддаг юм. Бас би танай сониныг захиалдаг арав гаруй захиалагчтай. Энэ байраа сарын 100 мянган төгрөгөөр түрээслээд сууж байна. Бүхээгээ хураалгасныхаа дараа Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Халиунаа дээр очоод газар зааж өгч ажлын байрыг минь үргэлжлүүлж өгнө үү гэтэл “Таны ажлын байр биш шүү дээ” гэсэн. Тэр ажлын байр биш юу байсан юм бол доо. Энд суухаар хүмүүс мэдэхгүй борлуулалт буураад байна. Сонин захиалдаг хэдэн хүнээ бодоод энэ хавиас явж чаддаггүй ээ. Автобусны буудал дээр энд байгаагаа мэдэгдэж гурвалжин зарлал тавьсан юм. Гэвч хүмүүс хардаггүй бололтой. Орж ирээд нуугдмал газар суулаа гээд загнадаг хүн ч бий. Биднийг хөөснийхөө дараа хүнсний ТҮЦ тавьчихсан. Сониныг л ад үзээд байх юм. Сонинг хүнд борлуулж болдоггүй юм уу. Соёлт хүний хэрэгцээ шүү дээ. Хашааны буланд нэг юм тавиулъя гэж бодож байгаа. Гэхдээ аваад явчих вий гэж айх юм. Одоо энд ломбард оруулна, таны түрээсийг хэд нугалж өгнө гэсэн гээд байгаа. Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Халиунаа “Зар мэдээ”-гийнхэнд “Та нар тэр Э.Бат-Үүлээсээ бичгээ аваад ир гэсэн байна лээ. Э.Бат-Үүл нь яаж олдох вэ дээ. Энд суугаад сонины борлуулалт хоёр дахин багассан” гэж ярилаа.

Бид цааш Кино үйлдвэрийн автобусны буудал хүртэл явсан боловч нэг ч сонин борлуулах цэг тааралдсангүй. Харин автобусны буудал болгон дээр хүнсний ТҮЦ л шинээр нэмэгдсэн нь анзаарагдаж байлаа. Нуугдаж, хөөгдөж, айж мэгдэж суугаа хэдхэн хүнийг эс тооцвол төв зам дагуу сонин худалдаж байгаа газар алга байв. Сая гаруй хүнтэй нийслэл хотод сонин борлуулах цэг хайвал амар олдохгүй болжээ.

Ж.БАЯРСАЙХАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хүн төрөлхтнийг байгалийн хүчин зүйл бус өөрсдийнх нь бүтээсэн төгс робот устгана гэв

Хүн төрөлхтөн ирээдүйд устаж үгүй болох олон хувилбарыг эрдэмтэд дэвшүүлж байна. Энэ дунд хамгийн эрсдэлтэй нь өөрсдийн гараар бүтээж буй техникийн дэвшил. Гар утас гэх харилцаа холбооны хэрэгсэлгүй байсан үе саяхан. Гэтэл өнөөдөр таны хэрэглэж буй гар утас хийх гэж буй үйлдлийг тань урьдаас мэдэрч, хариу урвал үзүүлдэг болтлоо асар хурдацтай хөгжсөн байна. Товчхондоо техник, технологийн хөгжил хүний оюун ухаанаас бусдыг өөртөө аль хэдийнэ шингээчихээд байна. Хүн оюун ухаантайгаараа амьтдаас ялгаатай гэдэг. Тэгвэл оюун ухаан гээч зүйлээ сэтгэн бодох, анализ хийж, бусадтай халуун дотно харилцаа үүсгэж чадахаас бусдыг хийж буй роботод өгчихвөл яах бол. Нэг ёсондоо роботыг хиймэл оюун ухаантай болгох нь зөв үү, буруу юу гэсэн асуудал сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн анхаарлыг нэлээд татах боллоо. Мэдээж роботод хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх зэрэг ололттой тал олон бий. Гэвч робот хүнтэй адил оюун ухаантай болчихвол эргээд хүн төрөлхтнийг устгаж ч мэдэх юм гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлэх болжээ.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН ГЭЖ ЮУ ВЭ?

Хиймэл оюун ухаан буюу англи хэлээр Artificial Intelligence гэдэг нь өөрийгөө хөгжүүлж байдаг төгс программ. Тодруулбал шинээр бүтээж буй техник, компьютерийн программ хангамжид суурилуулахыг зорьж буй зүйлийг хэлээд байгаа юм. Энэ чиглэлийн судлаачид “ухаалаг агент” ч гэж нэрлэх нь бий. Ухаалаг агентыг орчноо танин мэдэж тохирсон үйлдлийг гүйцэтгэхдээ амжилтад хүрэх магадлалаа дээд зэрэгт хүргэхийг эрмэлздэг систем гэж тодорхойлсон байдаг. Одоохондоо робот бол зөвхөн зохиогчийн бүтээсэн программчлал буюу алгоритмын дарааллаар ажилладаг. Хэрвээ төгс хиймэл оюуныг зохион бүтээх юм бол хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн зүйлд устаж үгүй болох магадлалтай гэнэ. Учир нь хиймэл оюун дүн шинжилгээ хийж хариултыг өөрийнхөөрөө илэрхийлж, өөрийн алдааг олж, илүү сайжруулах, хүний сэтгэхүйгээс илүүг сэтгэх давуу чанаруудтай болох байна.

РОБОТУУДЫН ХУВЬД ХҮН ЗӨВХӨН ХООЛ, ТЭЖЭЭЛ БОЛЖ ХУВИРНА

Хиймэл оюун ухааны талаар таагүй мэдээллүүд цацагдах болсон. Хүн төрөлхтнийг мөхөлд хүргэж болох эрсдэлүүдэд судалгаа шинжилгээтэйгээр хандаж ажилладаг “Global Challenges Foundation” байгууллагаас хүн төрөлхтнийг мөхөлд хүргэж болзошгүй хэд хэдэн зүйл дурдсан байсны нэг нь хиймэл оюун ухааны талаарх мэдээлэл. Тус мэдээлэлд компьютер, роботын хөгжил нь хүн төрөлхтний хөгжлөөс давж алхах боломж бөгөөд хэт ухаантай болж байгаа нь эргээд бүхнийг өөрсдөө удирдаж, хүн төрөлхтнийг зөвхөн энергийн эх үүсвэр болгон ашиглаж магадгүй талаар онцолсон байв. Түүнчлэн энэ бүхний дараа хүн роботын эсрэг тэмцэх аваас бидний амьд үлдэх магадлал 0-10 хувь хэмээн судалгаандаа дурджээ. Тэгэхээр хүн роботуудын хувьд зөвхөн хоол, тэжээл болж хувирах бололтой.

ХИЙМЭЛ ОЮУНЫГ БИЕЭР МЭДЭРСЭН СТИВЕН ХОКИНГТОЙ ЭРДЭМТЭД САНАЛ НЭГДЖЭЭ

Эрдэмтдийн хувьд хиймэл оюун ухааны эсрэг ээлж дараалан байр сууриа илэрхийлэх болсон. Нэрт эрдэмтэн, онолын физикч Стивен Хокинг “BBC” агентлагт ярилцлага өгөхдөө хиймэл оюун хүн төрөлхтөнийг устгана гэдгийг хэлсэн байсан. Учир нь тэрээр роботын хөгжлийн хурдцыг өөрийн биеэр мэдэрч яваа нэгэн. Өвчний улмаас биеийнх нь ихэнх хэсэг хөдөлгөөнгүй болсон тэрээр сүүлийн 40 гаруй жил хүмүүстэй роботын тусламжтай харилцаж байгаа билээ. Ярьж ч чадахгүй тэрээр “Intel” компанийн өөрт нь зориулж бүтээсэн ярианы системээр ийнхүү хүмүүстэй харилцаа тогтоодог. Энэхүү систем нь түүний юу бодож, ярихыг урьдаас мэдэрдэг гэсэн үг. Энэ бол хиймэл оюун ухааны энгийн хэлбэр. Иймэрхүү туслагчийг Microsoft, Apple, Google зэрэг томоохон компаниуд илүү дэвшилтэт байдлаар зохион бүтээх ажлыг өрнүүлсээр байгаа аж. Түүний ярианы систем нь чадвараа ахиулах онцлогтой бөгөөд хэрвээ хязгаар тогтоохгүй бол эрсдэлтэй гэдгийг Стивен Хокинг хэлсэн. Үүнийг хиймэл оюун ухаан сөрөг нөлөөтэй болохын хамгийн чухал нотолгоо гээд хэлчихэд болно. Тэрээр өгсөн ярилцлагадаа “Технологи хүний чадавхитай эн тэнцэх аваас, энэ нь өөрийгөө программчилж, улам бүр л өөрийгөө сайжруулах болно. Удаан хугацааны биологийн эволюциар хязгаарлагдсан хүмүүс хиймэл оюунтай өрсөлдөж чадахгүй, хүчин мөхөсдөнө. Хиймэл оюуныг бүрэн хөгжүүлэх нь хүн төрөлхтний мөхлийг дуудна” хэмээн шуудхан хэлсэн байдаг.

Шведийн философич Ник Бостром хиймэл оюун ухааныг олон жил судалж буй нэгэн. Тэрээр энэ чиглэлээр ном хүртэл гаргасан нь дэлхий нийтийг цочролд оруулаад байгаа. Ник Бостром “Супер оюун ухаан” (Superintelligence) нэртэй номондоо дэлхий ирээдүйд технологийн маш өндөр хөгжилд хүрнэ. Гэвч үр шимийг нь хүртэх хүн үлдэхгүй. Учир нь роботууд хүнээс давсан оюун ухаантай болсон цагт эргээд биднийг устгах арга зам эрэлхийлнэ хэмээн бичжээ. Зөвхөн эрдэмтэн судлаач гэлтгүй зохиолч Жэймс Баррат хүртэл хиймэл оюун ухааны талаар бүтээл туурвисан бөгөөд уг бүтээлээ Хиймэл оюун ухаан ба Хүмүүний эриний төгсгөл” (Our Final Invention: Artificial Intelligence and the End of the Human Era) гэж нэрлэжээ.

УХААЛАГ РОБОТ ЭРТ ҮЕЭС УЛБААТАЙ

Хиймэл оюун ухаан гэдэг нэр томъёо саяхан гарч ирсэн юм биш. Сэтгэх чадвартай хиймэл оюун ухаант биетүүд ард түмнийг хамгаалж ирсэн тухай олон үлгэр домог бий. 1818 онд анх хэвлэгдсэн Английн зохиолч Мэри Шелли гэх эмэгтэйн “Франкенштейн буюу Орчин үеийн Прометей” зохиолыг ч дурдаж болно. Ер нь эртний түүхтэй. Харин “Хиймэл оюун ухаан”-ы шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээг 1950-иад оноос Алан Туринг, Жонн Мккарти, Мервин Мински зэрэг олон эрдэмтэд хийж эхэлсэн байна. Ингэхдээ судалгааны ажил 1970-1990 хүртэл бараг зогсонги байдалд оржээ. Жинхэнэ сэргэн мандалтын үе нь 1997 онд “DeepBlue” гэдэг программ гарч ирсэн явдал юм. Энэхүү программ нь шатар тоглоход зориулагдсан бөгөөд дэлхийн шатрын аварга Гарри Каспаровыг ялж цоо шинэ нээлтийг хийсэн. Түүнчлэн 2011 онд телевизийн алдарт асуулт хариултын шоунд зориулагдсан прог­рамм гарсан гээд мэдээж өнгөрсөн хугацаанд хиймэл оюун ухааныг нутагшуулах зорилготой алхмууд, нээлтүү­дийг ээлж дараалан хийж байлаа. Гэхдээ өгсөн даал­гаврыг эсэргүүцдэг, өөрийгөө ча­давхижуулж, үйлдлээ хя­наж чаддаг, зорилгоо тодор­хойл­дог болчихвол хүн төрөлхтөнд заналхийлэл бүрэн утгаараа ирж болзошгүй аж.

ЗЭВСЭГТ ХҮЧИН, ЭМНЭЛГИЙН САЛБАРТ РОБОТЫГ ТҮЛХҮҮ АШИГЛАЖ БАЙНА

Дайны зориулалтаар ашиглах техник, зэвсгийн дэвшлээр Америк дэлхийд толгой цохиж байлаа. Харин энэ ноёллыг өдгөө Хятад улс гартаа оруулчихаад байна. Тив алгасдаг сөнөөгч пуужин бүтээсэн хэмээн дэлхий нийтэд зарлаж танилцуулсан. Иймэрхүү хүнгүй жолоодлого хийх автомат сөнөөгч пуужин, сөнөөгч онгоцыг хүчирхэг гүрнүүд төвөггүйхэн бүтээж байна. Энэ нь нэг талаараа сөрөг талтай. Удирдлага нь атгаг санаатай нэгний гарт орвол яах вэ. Эсвэл роботжсон дайны зэвсэг хүний удирдлагаас гарч хүн төрөлхтнийг хиаруулах ч магадлалтай. Учир нь байгаа устгах, үгүй хийх программаар командлагдсан байдаг шүү дээ. Сайшаалтай нь хараахан бүрэн хиймэл оюун ухааныг тэдэнд нутагшуулж амжаагүй байна. Иймэрхүү хиймэл оюун ухааны төгс хэлбэрийг эрэлхийлж яваа роботын төлөөллийг эрүүл мэндийн салбарт ашиглаж буй орон олон байдаг аж. Тухайлбал, өвчний тухай, эмчлэх эмчилгээний заавар зэргийг программчлан бүрэн суулгасан байдаг учраас робот өвчтөнийг үзээд оношийг нь тогтоож, шаардлагатай эмчилгээг хүртэл хийдэг байна. Тиймээс эрдэмтэд хиймэл оюун ухааныг роботод нутагшуулсан тохиолдолд эерэгээр ашиглагдах программтайгаар бүтээх гарц хайж байгаа бололтой. Үүний тод жишээ бол Tesla, SpaceX компаниудыг үүсгэн байгуулагч Элон Маскийн уриалга юм. Тэрээр хиймэл оюун ухаан бол хүн төрөлхтний хамгийн том аюул. Цөмийн зэвсгээс ч аюултай гэж эсэргүүцлээ илэрхийлжээ. Орчин үеийн техник, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, санхүүжүүлдэг түүний хувьд ийм тайлбар хэлсэн нь олныг гайхшралыг төрүүлээд авчээ. Маск “Хиймэл оюун ухааныг хүн төрөлхтөнд ашигтай байдлаар нэвтрүүлэх нь” гэх судалгааны ажилд их хэмжээний мөнгө хандивласан удаатай. Тэрээр “Би хиймэл оюун ухааныг эсэргүүцсэндээ биш. Хязгаар тогтоохыг хүсч байна” гэсэн байна. Тийм ч учраас робот үйлдвэрлэж буй зарим компанид мөн санхүүжилт хийсэн байна. Энэ нь роботын хөгжлийн түвшинг хянаж байх зорилготой аж.

РОБОТ ТӨГС ОЮУН УХААНТАЙ БОЛОХ ҮЕИЙН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ

Роботтой холбоотой бидний ирээдүйг зөгнөсөн олон кино байдаг. Ихэнхдээ робот бүтээх явцдаа эрдэмтэн алдаа гаргаж, түүний бүтээсэн робот эргээд эзэн, цаашлаад дэлхийг сүйрүүлдэг талаар өгүүлсэн байдаг. Алдарт жүжигчин Арнольд Шварцнегерийн тоглосон “Хөнөөгч” буюу “Терминатор II” киног үзсэн л биз дээ. Ирээдүйд Скайнэт хэмээх хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг цөмийн бөмбөгөөр мөхөөж ертөнц дээрх амьтай болгоныг устгаж байгаагаар кинонд гардаг. Энэхүү уран зөгнөлт кино шинжлэх ухааны үндэслэлтэй арван киноны нэгээр нэрлэгддэг байна. Яг иймэрхүү дүр зураг хүн төрөлхтнийг хүлээж болох юм. Мөн нэгэн хэлбэрийн боолчлол дэлхийд ноёрхож ч магад. Хиймэл оюун ухаанаас гадна хүмүүс өөрсдөө киборг буюу амьд робот болох үндэслэл ч бий гэнэ. Хиймэл гар, хөл суулгалаа гэдэг. Энэ нь эцэстээ төгсөрч зүрх, уушги хүртэл бүтээж нэг ёсондоо хүн бүрэн робот болон хувирахыг үгүйсгэхгүй. Нотлох баримтгүй ч нэрт зөгнөгч Ванга 2046 он гэхэд хүний бүх эрхтэнг сольж болно. 2111 он гэхэд хүмүүс амьд робот буюу киборг болно гэж зөгнөсөн байдаг. Ирээдүйд юу тохиолдохыг хэн ч тааварлашгүй.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ БҮРЭН УСТГАЖ БОЛОХ УУ?

Хиймэл оюун ухаан гэдэг биет зүйл биш учраас бүрэн устгах боломжгүйг эрдэмтэд хэлж байна. Хэрвээ робот төгс оюун ухаантай болчихвол хүний тархин дахь мэдээллийг программчилж, улмаар ой санамж, дурсамжийг устгаж, хийх гэж буй үйлдлийг урьдчилан мэдэж, бидний хяналтаас бүрэн гарна. Ийм тохиолдолд хүн гэдэг амьтан оюун ухаанаараа нэг алхам ухарч, робот хүний оюун ухаанаас хол давж төгсөрнө. Харин хүн тархиндаа чиптэй, хянах удирдлагагүй хүүхэлдэй болж хувирахыг судлаачид сэрэмжлүүлсээр байна. Тиймээс бүрэн устгаж чаддаггүй юм аа гэхэд тодорхой хязгаарт барих санааг эрдэмтэд дэвшүүлсэн байна. Математикч, зөгнөлт зохиолч Винг хиймэл оюун ухаан аль ч салбарт хүнээс илүү гарах боломжтой гэжээ. Иймээс хамгийн оновчтой хувилбар бол хиймэл оюун ухааныг ашиглахад хязгаарлалт тавих гэдгийг эрдэмтэд дуу нэгтэй уриалжээ.