Categories
мэдээ нийгэм

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Нийслэлийн 376 жилийн ойг угтан маргааш буюу 10 сарын 17-нд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдан оролцох юм.

Их цэвэрлэгээг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуу хийнэ. Энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх юм. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг гарган ачихаас гадна замын нуух, автобусны буудал, ТҮЦ-ийн орчныг цэвэрлэнэ.

Нийслэл, дүүргээс хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд, гэр хорооллын болон орон сууцны дунд байрлах хог хаягдлын түр хогийн цэгүүдийн хог хаягдлын зайлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавьж гаднах орчныхоо цэвэрлэгээг зохион байгуулаагүй болон хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцох юм. Нийслэлээс дүүргүүдийн цэвэрлэгээний явцад хяналт тавина гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайдын мэдээлэл хаалттай болж байна

УИХ-ын
чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын
дэд дарга М.Энхболд удирдан явуулж, УИХ-ын гишүүдэд Ерөнхий сайдын
мэдээллийг сонсоно гэдгийг хэллээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь гэсэн сэдвээр мэдээлэл хийх юм.

Түүний
мэдээллийг хаалттай горимоор сонсоно гэдгийг хуралдааныг даргалагч
дуулгаад чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Цочмог цусархаг суулгалтын хам шинжийн тохиолдол ихэсчээ

Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд бүртгэгдсэн хам шинжийн дотор цочмог цусархаг суулгалтын хам шинжийн тохиолдол өмнөх долоо хоногоос 6 тохиолдлоор өссөн байна. Олон жилийн дунджаас цочмог халууралт, тууралттай өвчний хамшинжийн тохиолдол 5.4 дахин өндөр, өмнөх 7 хоногоос 12 тохиолдлоор их, харин цочмог халууралт, цэврүүт тууралттай өвчний хамшинж олон жилийн дунджаас 1.6 дахин өндөр, өмнөх 7 хоногоос 30 тохиолдлоор ихэсчээ.

Харин энэ 7 хоногт Улаанбаатар хотод нийт 12 төрлийн халдварт өвчний 169 тохиолдол бүртгэгдснээс цусан суулга- 83, шар-15, салхинцэцэг-19, улаанбурхан-8 гарчээ. Улсын хэмжээнд 40-р 7 хоногт нийт 124,178 хүн амбулаторид үзүүлсний 5,602(4.5%)ньТТТӨ-тэй гэж оношлогджээ. Өвчлөгсдийн 89.3%-ийг 15,71.6%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Шинжилгээгээр томуугийн вирус илрээгүй байна.

Энэ 7 хоногт нийт 7 төрлийн халдварт өвчний хамшинж, сэжигтэй 219 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх 7 хоногоос 80 тохиолдлоор бага байгаа бөгөөд 46.1%-ийг цочмог цусархаг суулгалтын хамшинж, 20.1%-ийг цочмог халууралт, тууралттай өвчний хамшинж, 19.2%-ийг цочмог халууралт, цэврүүт тууралттай өвчний хамшинж зонхилон эзлэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Батчимэг гишүүний зөвлөх З.Пагмажавд холбогдох хэргийг хэлэлцэнэ

Энэ сарын 22-ны пүрэв гаригт Давж заалдах шатны шүүхэд УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавд холбогдох хэргийг хэлэлцэх аж.

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр З.Пагмажав Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж, 16 жилийн ял оноосон юм. Гэвч З.Пагмажав уг шийдвэрийг эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс зөвлөхөөр нь ажилласан юм. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байжээ.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл шүүхэд хандахаа мэдэгдлээ

Нийслэлийн
Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр өөрийнх нь эсрэг зохион байгуулалттай
гүтгэлэг, дайралтууд хийж байгаа учир шүүхэд хандах болсноо мэдэгдлээ.

Тэрбээр “НИТХ
дахь МАН-ын бүлэг намайг огцруулах асуудлыг НИТХ-д тавьсан. Энэ үйл
ажиллагаатай зэрэгцээд намайг санаанд багтамгүйгээр, хүний ёсноос гадуур
гүтгэн, гүжирдэх ажил өрнөж байна. Эрүүгийн болон эрүүгийн байцаан
шийтгэх хуульд заагдсан байдаг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэн,
гүжирдэж байна.

МАН-ын бүлгийн
дарга Д.Амарбаясгалангийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “410 тэрбум
төгрөгөөр Засаг дарга гараа угаасан” гэж хэлсэн байсан. Энэ нь асар их
хэмжээний мөнгийг шамшигдуулсан гэсэн үг. Сайтуудад өгсөн ярилцлагадаа
“Бат-Үүл шиг их хэмжээний мөнгөөр гараа угааж байгаа хүн цөөхөн шүү”
гэсэн байсан. Мөн хүүгийнхээ компанийг 5.1
тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ялуулсан гэж ярьсан байна. Асар их
хэмжээний мөнгийг албан тушаалаа ашиглан шамшигдуулсан гэж гүтгэсэн.

Тиймээс би
Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу холбогдох
хууль хяналтын байгууллагад хандаж, гомдол гаргана. Мөн энэ гүжир,
гүтгэлгийг маш их хэмжээгээр цацаж, надад болон миний гэр бүлд эдийн бус
хохирол учруулсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ хохирлоо мөнгөн
хэлбэрээр нэхэмжлэх болно. Миний зөвлөх, хуульчдын баг мөнгөн дүнг
гаргахаар ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт хэдээр үнэлэхийг тодорхой
болгоод надад танилцуулна.

Түүнчлэн хэвлэл
мэдээллийнхэн, цахим ертөнцөд байдаг жиргээчид, фэйсбүүкчидээс
мэдээллийг тэнцвэртэй явуулаач гэж хүсмээр байна. Би хувьдаа ажил
амждаггүй болохоор твиттер, фэйсбүүк ашиглаж мэддэггүй. Ийм технологийн
боломжийг ашиглаж гүжир, гүтгэлэгийг зохион байгуулалттай тарааж
байна.

Манай хүү
Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хувиараа
бизнес эрхэлдэг.Бизнесийн үйл ажиллагаанд нь төрийн алба хашиж байгаа
миний бие аль болохоор оролцохгүй байхыг хичээдэг. Ер нь оролцдоггүй.
Амгалангийн 12 дугаар хороонд хэрэгжсэн дахин төлөвлөлтийн уралдаанд
манай хүү оролцож шалгарсан. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд би шийдвэр
гаргахад оролцдоггүй. Тус хорооны иргэдийн саналаар дахин төлөвлөлт
хэрэгжүүлэх компани шалгардаг. Шалгараад ирсэн компанийг журмын дагуу би
албажуулдаг. Тухайн үед улс төрийн мушгин гуйвуулах үйл ажиллагаанд
өртөөд байсан учраас би тухайн хорооны иргэд дээр очоод өөр компани
сонгооч ээ гэж уулзаж байсан. Иргэд хүлээж аваагүй. Мөн АТГ-т энэ нь
ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулахаар хандаж, зөрчилгүй гэсэн
шийдвэрийг гаргасан байдаг” гэх мэдээллийг хийлээ.

Categories
гадаад мэдээ

800 мянган хуурамч ам.доллар илрүүлжээ

Перу улсын
цагдаагийн байгууллагынхан 800 мянга гаруй ам.долларын үнийн дүнтэй
хуурамч мөнгөн тэмдэгт хил гаргах гэж байсныг илрүүлжээ.

Цагдаагийнханы тогтоосноор эдгээр хуурамч дэвсгэртүүдийг АНУ-ын Нью-Йорк хотруу илгээхээр төлөвлөж байсан аж.

Перу улсын 3
иргэн мөн Италийн нэг иргэн хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэсэн хэргээр
баривчлагдсан бөгөөд Лима хотын ард иргэдэд хуурамч доллар гүйлгээнд
гаргасан байж болзошгүй гэдгийг сануулаад байгаа юм.

Цагдаагийн
байгууллагынхны мэдэгдснээр мөнгөн тэмдэгтийг ингэж хуурамчаар бэлтгэн
нийлүүлж, хил давуулдаг тусгай бүлэглэл байж магадгүй хэмээн мөрдөн
шалгах ажлыг эхлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хөрөнгийн бирж өөрийгөө зохицуулах байгууллага боллоо

Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар Монголын Хөрөнгийн биржийг өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэх шийдвэр гаргажээ.

Монголын Хөрөнгийн бирж өөрийгөө зохицуулах байгууллагын статустай
болсноор өөрийн гишүүн үнэт цаасны компани, бүртгэлтэй хувьцаат
компаниудад нэгдсэн стандарт мөрдүүлж, хариуцлага хүлээлгэж болно. Мөн
олон улсын байгууллагатай хамтран ажиллах бүх боломж нээгдэж байгаа гэж
Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээлж байна.

Хөрөнгийн биржийн сүүлийн зургаан жилийн үйл ажиллагаанд СЗХ-ноос
шалгалт хийж, шалгалтын дүнг хорооны хуралдаанаар авч хэлэлцсэний дүнд
энэхүү дүгнэлтэд хүрчээ. Шалгалтын дүгнэлтүүдээс харвал СЗХ-ны хянан
шалгагчид бирж дээр хийгдэж байгаа арилжаа, бүртгэл нь шударга, ил тод,
хүнд сурталгүй, зах зээлийг урвуулан ашиглахаас хамгаалагдсан байх
үндсэн зарчмууд бүрэн хангагдаж чадахгүй байна гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн олон тэрбум төгрөгийн өртөгтэй авсан арилжааны систем нь
Монголын нөхцөлд арилжаанд оролцогчидтой мэдээллээ солилцох модульгүй,
анхдагч арилжааны систем учраас шинэ модуль нэмж цогц болгох хэрэгтэй
байгаа ажээ. Тиймээс Монголын Хөрөнгийн биржтэй яриа хэлэлцээрийг
идэвхжүүлэх, өртөг зардлыг богино хугацаанд шийдвэрлэх зэрэг ажлыг хийх
зөвлөмж гарчээ. Төрийн өмчийн хувьцааг Хөрөнгийн биржээр арилжих
бэлтгэлийг бүрэн хангаж, ирэх 3-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажлыг мөн
ач холбогдлоор нь эрэмблэн бизнес төлөвлөгөөгөө шинэчлэн баталж
ажиллахыг биржид даалгасан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан намар 2015” наадам болно

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос “Алтан намар 2015 ” хөгжмийн
наадмыг зохион байгуулах талаараа мэдээлэл хийлээ. 34 дахь удаагаа
зохион байгуулагдаж байгаа уг наадам энэ сарын 21-25-ны өдрүүдэд
үргэлжлэх юм байна.

“Алтан намар 2015” наадмын нээлт энэ сарын 21-ний 18.00 цагт
УДБЭТ-ын концертын танхимд болно. Энэ удаагийн наадамд 21 хөгжмийн
зохиолчдын 30 гаруй бүтээл тоглогдох юм байна. Хөгжим бүжгийн
коллежийн оюутнууд симфони найрал хөгжимд зориулсан төгөлдөр хуурын
гоцлол бүтээлүүдээр оролцож буйгаар онцлогтой аж. Улсын филармоний
симфони найрал, үлээвэр найрал хөгжмийн цөөхүүл зэрэг мэргэжлийн
хөгжмийн байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээр оролцохоор болжээ.

Наадмын хүрээнд хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн мэндэлсний 100
жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Мөн хөгжмийн зохиолч
Ц.Чинзоригийн хөгжмийн долоо хоног, эрдэм шинжилгээний бага хурал, дан
хөгжмийн болон дууны концертийг арваннэгдүгээр сарын 9-14-ны өдрүүдэд
зохион байгуулах аж.

Төр засаг хямралтай байгаа учраас “Алтан намар 2015” наадмыг төсөв,
санхүүжилтгүй, зөвхөн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж
байгааг МХЗХ-ний захирал Х.Алтангэрэл хэлсэн юм.

Хөгжмийн наадмын хүндэтгэлийн тоглолт 25-ний 17.00 цагт Улсын филармоний концертын танхимд болно.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын үдээс хойших чуулганаар Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны
төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн
2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн
даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаад завсарлалаа.

Одоо УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах бөгөөд үдээс хойших
чуулганаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм. Тэрээр Цацраг идэвхт
ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар.мэдээлэл хийх аж.

Categories
мэдээ улс-төр

Дарамт болсон төсөв оруулж ирж байна гэж МАН-ынхан шүүмжлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016
оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Өнөөдрийн
хуралдаанд сөрөг хүчнийхэн буюу МАН мөн ИЗНН-ынхан хуралдаа маш идэвхтэй
оролцож байна. Харин эрх барьж байгаа Ардчилсан намаас Засгийн хэдэн
сайдуудаас бусад нь хуралдаа оролцсонгүй. Улс төр хийх болохоороо нүд,
шүд нь гялалзаад ирдэг Ардчилсан намын шударгуу улстөрчид төсвийн
хэлэлцэх асуудалд идэвхтэй оролцохыг сөрөг хүчнээс шүүмжилсэн юм.

Л.БОЛД:

-Сонгууль хийгээ л хоорондоо байлдах шахаад л байшингаа шатаагаад явж
байсан. Олимпод оролцох тамирчдаа төсвөөрөө дэмжээд явмаар байна. Энэ
бол хэдэн тамирчдын асуудал биш, нийт монголчуудын эрүүл мэнд, эв
нэгдлийн асуудал яригдаж байгаа шүү дээ. Үүнийг шийдэж өгөөсэй гэж хүсч
байна. Олон спортын холбоо байдаг юм. Тэд нь хөөцөлдөөд ирэхээр эндээ
хүнд суртал гаргачихдаг. Бид нар ирэх хавар гэхэд хөнгөн атлетикийн
анхны замтай болох гээд байгаа юм. Үүнийг нь засаг дэмжээд өгөөч.

САНГИЙН САЙД Б.БОЛОР:

-Болд гишүүнээ та бид хоёр энэ асуудлаар нэлээд ярьсан. Гэхдээ би
өнөөдөр шийдчихэж чадах асуудал биш. Ирэх жил олимпод оролцох тамирчдын
мөнгөнд багагүй хөрөнгө төсөвлөсөн. Бид олимпод оролцох тамирчдаа
дэмжээд явж байгаа.

Ё.ОТГОНБАЯР:

-Мах экспортолно гээд байсан чинь улсаас “Мах экспо” компани
байгуулчихлаа. Одоо тэгээд хувийн хэвшлийнхний хийж байсан ажлыг нэг
тамга барьсан нөхөр суугаад шийддэг болох нь байна шүү. Энэ танхимаа хар
л даа, эрх барьж байгаа нам мөртлөө сайдуудаас нь өөр хүн алга байна.
Р.Гончигдорж гишүүнээ, та энд хуралдаан зохион байгуулж байгаа болохоос
их сургуулийн танхимд математик зааж байгаа юм биш шүү. Та сүүлийн үед
хуралдаадын дэгийг зөрчиж байгаа шүү. Болсон болоогүй төрийн далбааны
өндөрлөх, зөвлөгөө өгөх төв энэ тэр барьж байхаар та нар тэр Хавдрын
эмнэлэг тонографик аваад өгөөч. Далд эдийн засгаас хэдэн төгрөг орж ирнэ
гэж төсөвт тооцсон юм бэ?

Б.БОЛОР:

-Отгонбаяр гишүүн энэ талаар олон асуулаа. Асуулт нь ч өөрчлөгдөхгүй,
миний хариулт ч өөрчлөгдөхгүй юм даа. Далд эдийн засгаас орж ирэх
мөнгийг багаар тавьсан. Өсвөл сайн л байна. Та миний асуултад яг нэг
асуулт өгөөд байх юм. Бид нарын яриад байгаа нь төсвийн төсөөлөл чинь
зөв үү гэдгийг л лавлаад байгаа юм шүү дээ. Хоёр хөршийн эдийн засгийн
өсөлт буурч байхад манай өснө гэдэг зөв төсөөлөл мөн үү?

Ө.ЭНХТҮВШИН:

-Төсвийг ойлгож, зардлаа багасгая гэдгийг дэмжиж байгаа. Гэхдээ цалинг
хасна, тэтгэвэр нэмэхгүй гэсэн хэрнээ, нөгөө талдаа 100 гаруй тэрбум
төгрөгөөр шинэ объектийг шинээр барина гэхээр гайхаад байна. Уучлаарай
,зуун тэрбум биш урсгал завсар энэ тэрээ нэмбэл 900 тэрбум болно.

Цалинг хасна гэж хэлчихээд Эрдэнэт хотод хаалга барихаар ярьж байна.
Тэтгэврийн насыг нэмнэ, тэтгэврийн мөнгийг нэмэхгүй гэсэн мөртлөө
Нийгмийн даатгалаас 30 тэрбумаар барилга барьж өгөх гээд байгаа юм бэ.
Энэ тэгээд “ядарсан” төсөв мөн үү. 2016 онд хэзээ бүтээн байгуулалт явж
байсан юм бэ. За тэр их хурлын цалинг хасдаг юм байгаа биз. Би хувьдаа
зөвшөөрч байна.

С.ДЭМБЭРЭЛ:

-Дараагийн хэлэлцүүлгийн үеэр би Засгийн газрын өрийн хэмжээг өнөөгийн
үнэ цэнээр нь болон нэрлэсэн үнээр нь тооцсон судалгааг сонсоно. Сайд
нар хариулахад сая нэг зүйл ажиглагдлаа. Өмнө нь ширээ тавьж өгөөч,
хөдөлмөрлөх нөхцөлийг нь бүрдүүлж өгөөч.

Ж.ЭНХБАЯР:

-Миний үг хэлэх эрхийг та битгий за, би дэмжихгүй үг хэлнэ. Макро эдийн
засгийн суурь үзүүлэлтийг зөв тооцоод, орлогоо бүрдүүлээд зөв
хуваарилах ёстой. Ирэх оны төсвийг Монгол Улсын иргэн бүр анхааралтай
хандаж байгаа. Экспортын чиг баримжаагаа буруу тооцсон. Эдийн засгийн ил
тод байдлын тухай хуулиа буруу тооцсон.Данхайсан төрийн албан хаагчдаа
цалинтай болгох гээд жирийн иргэддээ дарамт болсон төсөв оруулж ирж
байна. Төсвөө алдагдалгүй батлаад ирэх онуудад өр төлөх нөхцөлийг
бүрдүүлэх ёстой. Санхүүгийн сахилга бат алдагдсан төсөв орж ирж байна.
Ард түмнээ битгий хуур. Эдийн засаг дампуурч байгаагаа хэл, валютын
нөөцөө шавхсанаа хэл. Оросод өргөн хэрэглээний үнэ асар хямдарсан.
Шатахууны үнэ хямдарсан, үр тарианы үн хямдарсан, барилгын материал
хямдарсан. Шатахуунаа нөөцөлсөн байх ёстой. Данхайсан төрөө тэжээх, зам,
байшин барьж дундаас нь хувь авах явдал чинь байна. Баахан өр авлага
хийсэн. Үүнийгээ засаач ээ

Ч.ХҮРЭЛБААТАР:

-Эдийн засгийн өсөлтөө дураараа тавьсан. Ирэх жил эдийн засаг энэ
жилээс улам хүндэрнэ. Төсвийн орлогынхоо 50 хувийг өр, өрийн үйлчилгээнд
төлж байгаа. Үүнийг зогсоох гол арга бол төсвийн алдагдлыг тэглэх.
Гэтэл төсвийн алдагдлыг 575 тэрбумаар нэмээд ороод ирсэн байна. Тэвчих
зардал төсөвт олон байна. Хасах зардал их байна. Ард түмний гэдэс чинь
тасрах нь. Үүнийгээ татаж аваад зөв болгоод оруулаад ирвэл сайн байна.
Та нар тэгж чадахгүй л дээ. Үүнийгээ засъя. 2015 оны төсвийг алдагдалгүй
болгоод баталъя.

Ё.ОТГОНБАЯР:

-Төсвийн төсөл дээрээ анхаараач ээ. Төсөв өөдрөг байна, энийгээ буулга
гээд байгаа нь “муухай” байлгах гээд байгаа юм биш. Тансаглалыг чинь
бууруулах гээд байгаа юм шүү дээ. Бүтэц данхар болох нь зөв. Яахлаараа
та нар дараагийн засгийнхаа бүрэн эрхэнд халддаг юм. Та нар өөрсдөөсөө
цомхотголоо эхлүүл. Яахаараа хүний дээлигй хасдаг юм, өөрсдийнхөө
дээлнээс хас.

Б.ГАРАМГАЙБААТАР:

-Үнэхээр яриад байга ашиг бүх юм харлачихсан юм уу гэтэл үгүй юм.
Бидэнд өөдрөг сэтгэл алга болсон юм биш үү. Энэ оны төсөв арай шинэлэг
юм орж ирж байгаа гэж харж байна. Засгийн газрыг дараагийн засгийн
эрхэнд халдлаа, малдлаа гэж ярихгүй. Хамгийн харамсалтай нь, Ардын намын
гишүүд хэтэрхий харлуулж байна.

Уг асуудлаар санал хураалт явуулж, 38 гишүүн буюу 73 хувийн саналаар
хэлэлцэх нь зүйтэй гэж хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд
шилжүүллээ. Үүний дараагаар гишүүд УИХ-ын даргын өрөөнд даргын зөвлөлийн
хуралд оролцох юм. Үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг
сонсоно.