Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн циркчдээс агаарт анх удаа гурван эргэлт хийсэн эмэгтэй нь би

Саяхан БНХАУ-ын Хэбэй мужийн
Шижиажуан хотод “ВУЧИАО” олон улсын циркийн фестиваль болж манай циркчид мөнгөн
цом хүртсэн билээ. Энэхүү тэмцээн нь олон улсын хэмжээнд “А” буюу нэгдүгээр
зэрэглэлийн гэгдэх цөөхөн тэмцээний нэг юм байна. Тус тэмцээнд Герман, Орос,
Хятад, Мексик, Канад, Америк, Франц, Хойд Солонгос, Монгол зэрэг 20 гаруй орны
шилдэг циркчид ур чадвар, авхаалж самбаагаа сорьсон байна. Монголын циркчид
шидэх банзны төрөлд гайхамшигтай үзүүлбэрийг толилуулж анх удаа эмэгтэй циркчин
агаарт гурван удаа эргэлт хийж буусан нь дэлхийн циркийн түүхэнд тэмдэглэгдэн
үлдлээ. Ингээд тус эргэлтийг гүйцэтгэж дэлхий нийтийг шуугиулсан жүжигчин
Б.Үржиндуламтай ярилцлаа.

-Таны хувьд хоёр ч үзүүлэлтээр
дэлхийн циркийн урлагийн түүхэн амжилтыг эвдсэн гэсэн. Энэ талаараа
тодруулахгүй юу?

-Бидний энэ удаагийн үзүүлбэр
болон трүкний тавилт үнэхээр гоё болсон. Манай уран бүтээлчид Монголын болоод
дэлхийн циркийн урлагийн олон дээд амжилтыг тогтоогоод ирлээ. Миний хувьд
дэлхийн дээд амжилт буюу зургаан давхар хүн дээр эмэгтэй хүн анх удаа дан
эргэлт хийж гарсан бөгөөд анх удаа агаарт гурван удаа эргэлт хийсэн гээд олон
сайхан амжилт гаргалаа.

-Агаарт гурван удаа бүтэн эргэх
үзүүлбэр өмнө нь дэлхийн циркийн урлагт тохиолдож байгаагүй юм уу?

-Эрэгтэй циркчдийн хувьд агаарт
гурав эргэсэн тохиолдол бий. Гэхдээ ховор. Харин би дэлхийд анх удаа агаарт
гурван удаа эргэлт хийсэн эмэгтэй хүн боллоо. Эмэгтэй циркчдийн хувьд ихэнхдээ
дээд тал нь хоёр эргэсэн амжилтыг үзүүлсэн байдаг юм билээ.

-Тэгэхээр та нэлээд эрсдэлтэй
хэрнээ зоригтой алхмыг хийжээ?

-Агаарт гурван удаа бүтэн
эргэнэ гэдэг маш амаргүй л дээ. Ганц, хоёр бол эргэчиж болох зүйл. Энэ амжилт
хамтлагийн уран бүтээлчдийн амжилт. Шидэх банзны үзүүлбэр бол багийн тоглолт.
Бүх хүний үүрэг, гүйцэтгэл нэгнийхээ амжилтад нөлөөлж байдаг. Тиймээс
хамтлагийн уран бүтээлчдэд баярлалаа. Та нар ч гэсэн мундаг байсан шүү гэдгийг
хэлэх байна.

-Гурав эргэж сурахад хэцүү
байсан уу. Биеийн жин зэрэг нөлөөлөх хүчин зүйлүүд бий юу?

-Хэцүү. Эхлээд нэг эргэдэг
байсан бол хоёр эргэж сурна. Хоёр эргээд сурчихаар гурав эргэх боломж байгаа
гэдэгт итгэл төрөөд ирнэ. Агаарт гурван удаа эргэхэд мэдээж маш чадвар
хэрэгтэй. Миний биеийн жин 55 кг. Байнга бэлтгэл хийж байгаа болохоор яг л энэ
жингээ барьдаг. Агаарт хүчтэй шидэгдээд гурван метрийн өндөрт байрлах сандал
дээр суухын тулд бүх зүйл тооцооллын дагуу явагддаг. Тухайлбал, агаарт хүчтэй
шидэгдээд гурван метрийн сандал дээр 55 кг жинтэй хүн дунжаар 160 кг жингээр
бууна гэж тооцоолж үзүүлбэрээ бэлдэх жишээтэй. Ерөнхийдөө дүүжин бүхий банзны
нэг өнцгөөс агаарт шидэгдэж буухдаа гурван метрийн өндөрт байрлах сандалд ямар
ч өөгүй буух нь чухал. Энэ хооронд л би гурван удаа бүтэн эргэх ёстой.

-Хэзээ гурав эргэж сурсан бэ?

-Сүүлийн гурван сар тасралтгүй
бэлтгэл хийж сурсан.

-Та хэзээнээс эхэлж циркийн
урлагт хөл тавив?

-Би 21 дүгээр сургуулийг
төгсөөд Монголын үндэсний циркт жүжигчнээр орсон. 21 дүгээр сургуулийн
нэгдүгээр ангид орохдоо л спортын гимнастикийн гүнзгийрүүлсэн ангид суралцсан.
Тиймээс төгсөөд шууд циркийн урлагийг сонгосон гэж болно.

-Өөр ямар үзүүлбэр үзүүлж чадах
вэ?

-Өнгөрсөн хугацаанд агаарын
цагариг, газрын цагариг зэрэг олон үзүүлбэрийг хийж ирсэн. Харин шидэх банзны
төрлөөр хичээллээд жил болж байна.

-Та нэлээд эрсдэлтэй
үзүүлбэрээр хичээллэдэг санагдлаа. Ер нь бэртэж гэмтэнэ биз. Бэлтгэлийн үед
хамгаалалтын хэрэгсэлтэй байдаг уу?

-Бэлтгэл хийхдээ хамгаалалтын
бүстэй ажилладаг. Гэмтэж бэртэх тохиолдол бол зөндөө ш дээ. Ялангуяа өндрөөс
өндөрт байрлуулсан сандал дээр сууж буухад нуруу, хөл, гуя хавьцаа их гэмтэнэ.
Хөхөрнө, хавдана, няцарна. Заримдаа бүр мэдээгүй болчихдог байсан.

-Тэгээд шантрахгүй ээ?

-Үгүй. (инээв) Тэр болгонд
манай уран бүтээлчид зүгээр ээ, хурдан эдгэчихнэ, эдгэнэ гэж урам өгдөг.

-Танай гэр бүлийн хүн бас
циркийн жүжигчин гэв үү?

-Тийм ээ. Д.Пүрэвсамбуу гээд
Монголын үндэсний циркийн жүжигчин. “Есөн өрлөг” хамтлагийн уран бүтээлч
байгаа. Сая тэмцээнд хамт оролцоод ирсэн. Бид 2010 онд Тайванд гэрээгээр
тоглолт хийх үеэр танилцсан. Одоо бидний гүнж гурван настай. Манай нөхөр Модон хөлт
өмсөөд дээрээ сандал авч байгаад өндрөөс хүн тосч авдаг гэх үү дээ. Үзүүлбэрийг
нь энгийнээр тайлбарлавал.

-Гэр бүлээрээ циркийн урлагт
хүчин зүтгэж яваа гээд бодохоор бахархмаар. Нөгөөтэйгүүр хэзээ ч эрсдэл учирч
болох үзүүлбэрийг хийдэг гээд бодохоор халширмаар санадаг юм…

-Зарим хүмүүс үнэхээр тэгж
хэлдэг. Гэхдээ аав, ээж, гэр бүлийнхэн маань биднийг их сайхан дэмждэг.
Тоглолтоор гадагшаа явах бүрт л санаа тавьдаг. Гэхдээ эрсдэл амьдралыг илүү
амттай болгодог юм шиг. Үзүүлбэрээ үзэгчдэд сонирхолтой болгохын тулд илүү
эрсдэл рүү л тэмүүлдэг. Энэ нь бидний мэргэжлийн онцлог. Бас гайхамшиг.

-Монголд иймэрхүү үзүүлбэрийг
хийдэг циркчид бий юу?

-Саяхан ОХУ-ын Москва хотноо
зохиогдсон “ИДОЛ” олон улсын тэмцээнээс мөнгөн цом хүртсэн шидэх банзны
Т.Номуунбаатар ахлагчтай Монголын үндэсний циркийн жүжигчид байна.

-Таны хэтийн зорилго юу вэ.
Магадгүй агаарт дөрөв эргэх үү?

-Магадгүй. “Монти Карло” гээд
циркчдийн хувьд олимп гэж болохоор тэмцээний алтын төлөө манай хамтлагийнхан
зүтгэж байна.

Б.Золбаяр:
Биднийгмаш олонхэвлэл, мэдээллийнхэнонцолж байсан

Монголын үндэсний циркийн
дэргэдэх “Есөн өрлөг” хамтлагийн ахлагч, Соёлын тэргүүний ажилтан Б.Золбаяраас
зарим зүйлийг тодрууллаа.

-Юуны өмнө танай уран
бүтээлчдэд дэлхийн циркийн урлагт олон дээд амжилт тогтоосонд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Хичнээн төрлөөр дээд амжилт
тогтоосон юм бэ?

-Энэ удаа манай уран бүтээлчид
шидэх банзны төрлөөр олон сайхан амжилтад хүрлээ. Тодруулбал, Монголын циркийн
түүхэнд анх удаа жүжигчин Л.Тэлмэн агаарт 1080 градусаар давхар гурван эргэлт
хийж бичигдсэн. Мөн Тэлмэн дэлхийн хэмжээнд хамгийн хүнд үзүүлбэрт тооцогддог
хөндлөн перштэй сандал руу агаарт хойшоо гурав эргэж гарсан. Бас Тэлмэн маань
урагшаа стеркасат дөрөв салито хийсэн. Б.Үржиндулам Монголын циркийн түүхэнд
анх удаа колон руу 720 градусаар бланш хийсэн байгаа. Дэлхийн дээд амжилт буюу
зургаан давхар хүн дээр эмэгтэй хүн анх удаа гарсан гээд үнэхээр сайхан
амжилттай оролцлоо.

-Ерөнхий продюсероор ямар хүн
ажилласан бэ?

-Т.Буд найруулагч продюсероор
ажилласан. Манай уран бүтээлчид 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэхүү тэмцээнд
оролцсон байгаа.

-Яг хичнээн орны циркчид
өрсөлдсөн бэ?

-Давхацсан тоогоор 36 орны
циркийн уран бүтээлчид хоорондоо өрсөлдсөн байгаа. Ерөнхийдөө төрөл төрлөөрөө
хоорондоо өрсөлддөг л дөө. Шидэх банзны үзүүлбэрийнхэн бусад орны шидэх банзны
үзүүлбэртэй өрсөлддөг гэсэн үг. Бүх зүйлийг төгс гүйцэтгэх ёстой. Ялимгүй алдаа
ч гаргаж болохгүй. Энэ бүхэн оноотой холбоотой. Ер нь фонограмм хэрэглэж
болдоггүй ганц урлаг шүү дээ.

-Бэлтгэлээ хэрхэн хангасан бэ?

-Бид таван сарын өмнө Хятадын
нэг хотод гэрээгээр тоглолт хийж байсан. Зөвхөн нэг үзүүлбэрээр өдөрт нэг удаа
тоглолтод оролцож байсан. Тиймээс Хятад улсад бэлтгэлээ хангасан байгаа.

-Үзүүлбэрт ашиглах эд материал
нь зориулалтынх байдаг уу. Монголд байдаг уу?

-Зориулалтын хулс модоор хийсэн
банз ашигладаг. Гаднаас захиалж авдаг. Нимгэн зузаан нь ямар байх уу гээд
захиална л даа.

-Ер нь циркийн агаарын
үзүүлбэрийн төрөлд аль орны циркчид чадварлаг вэ?

-Шидэх банзны төрөлд
чадвараараа манай улс дэлхийд гуравт бичигдэж байна. Орос, Хятад, Хойд Солонгос
гээд маш олон улс энэ төрлөөр чадварлаг л даа.

-Тэмцээний үзүүлбэр тийм байх
ёстой гэсэн шаардлага тавьдаг уу?

-Сэдэв бол чөлөөтэй. Хугацааны
хувьд манай хамтлагт есөн минут өгсөн. Тиймээс есөн минутын дотор гүйцэтгэлээ
сайн хийх ёстой. Гол нь үзэгчдээс оноо авах нь чухал. Хувцаслалт, нүүр будалт,
үзэгчидтэй хэрхэн харилцах гээд олон шалгуурыг хардаг.

-Гадныхан та бүхний үзүүлбэрийг
үнэхээр шагшиж байсан гэсэн?

-Үзэгчид, шүүгчид ийм гайхалтай
үзүүлбэрийг яаж гүйцэтгэж чадаж байнаа гэж магтаж байсан. Өдөр болгон 2-3
телевиз ирж ярилцлага авч байлаа. Бүр бэлтгэл хийж байхад хүртэл монголын
циркчид ингэж бэлтгэл хийдэг гэж харуулсан нэвтрүүлэг хүртэл бэлтгэж байгаа. Ер
нь Хятадын сонин, сайтууд нэг хэсэгтээ л манай уран бүтээлчдээр амьсгалж байлаа
шүү дээ. Алтан цом хүртсэн Оросын багаас ердөө хоёрхон онооны зөрүүтэй байсан.

Categories
мэдээ цаг-үе

Зуйван бөмбөгийн эздийн тухай

Сэргэн мандалтын үеэс хойших дэлхийн хөгжлийг бид тодорхойлсон, бидний хийж бүтээж зохиосон намтраар энэ замбуулин хөгжиж байгаа гэж англичууд боддог, ярьдаг юм билээ. Зарим зүйлтэй нь санал нийлж болохын нэг жишээ нь хөлбөмбөг ба регби юм. Дэлхийн номер нэг спорт болох хөлбөмбөг, түүнтэй адил төстэй дүрэмтэй регби нь яах аргагүй Англиас үүсэлтэй, тэнд л анхных нь дүрэм батлагдаж эхний тоглогчид, анхны мэргэжлийн баг, клубууд нь бүрэлдсэн түүхтэй. Түүх гэснээс регби яаж хөлбөмбөгөөс салж өөрийн давтагдашгүй замналаараа хөгжсөн тухай батлагдаагүй баримтыг жаахан өгүүлье. Англид Rugby гэдэг жижигхэн хот байдаг юм байна. Энэ хотын дунд сургуулийн сурагч Уильям Уэбб Эллис 1823 онд хөлбөмбөг тоглож байгаад өөрт ирсэн бөмбөгийг хөлөөрөө өшиглөлгүй гараараа тэвэрч гүйн эсрэг талынхаа хаалганд оруулснаар регби гэдэг спортын эхлэлийг тавьсан гэлцэх юм. Үнэн худал нь 100 хувь батлагдаагүй ч тэр залууг яах аргагүй регби хэмээх спортын эцэг гэж үздэг нь үнэн тул одоо зохиогдож байгаа ДАШТ-ий түрүүлсэн багт олгодог шаргал цомыг Уэбб Эллисийн цом хэмээн өргөмжилдөг. Регбиний үүсэл хөгжил хөл бөмбөгөөс гаралтай боловч түүнээс ялгарах нэлээн хэдэн онцлог бий. Юуны өмнө эдгээр ялгаануудаас нүдэнд тусах онцгой онцлог нь нөгөө зуйван бөмбөг бөлгөө. Аливаа том хэмжээний ойдог бөмбөгнүүд дотроо хийлдэг хаймран хүүдийтэй, гадна талаараа ширэн гэртэй байдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэгвэл регбиний бөмбөгийг холын тэртээх XIX зуунд тэр бүр резинэн хаймраар хийх боломж байсангүй. Хийлж болох нийтэд хүртээлтэй хямдхан материал нь тэр үедээ гахайн давсагны хүүдий байсан тул түүнийг цэвэрлэж үлээгээд ширэн уутанд хийж тоглодог байжээ. Ийм уут мэдээж давсагны хүүдийгээ дагаад бөөрөнхий биш зуйвандуу хэлбэр үүсгэдэг байж л дээ. Гэхдээ ийм зуйван бөмбөгийг тэвэрч гүйхэд гараас мултардаггүй, эвтэйхэн байсан нь хожмоо дасал болж улмаар өөр ямар ч хэлбэртэй бус ийм л зуйван байх шинж рүү шилжсэн гэнэ. Бас нэмээд бичихэд регбинээс хуулбарлаж өөрийн ая жаягаа шингээсэн Америкийн хөлбөмбөг бас ийм зуйван бөмбөгөөр тоглодог.

Регби дотроо Регби-15, Регби-7, Регбилиг гэх мэтчилэн бага сага бүрэлдэхүүний өөрчлөлттэй хувилбаруудтай бөгөөд эдгээр нь бүгд Олон Улсын Регбиний зөвлөл (IRB)-д харьяалагдана. IRB-ийн ивээл дор зохиогддог тэмцээнүүдийн оргил нь одоо Их Британид болж байгаа ДАШТ (найм дахь удаагийн) билээ. Энэ тэмцээн дөрвөн жилд нэг удаа зохиогддог, 1987 онд анхных нь болж, Шинэ Зеландын шигшээ баг аваргалж байжээ. Регби хэдийгээр Английн “салбар” улсууд болон Английн колони байсан орнуудад илүү идэвхтэй хөгжсөн ч гэлээ Гүрж, Япон, Аргентин, Румын зэрэг улсуудад англи-саксон уламжлалтай улсуудаас дутахааргүй өргөн дэлгэрсэн спорт юм билээ. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн улсууд болох ӨАБНУ, Австрали, Шинэ Зеланд, Номхон далайн арал-улсуудад “галзуурлын” хэмжээнд хүртлээ дэлгэрсэн спорт бол яах аргагүй регби юм. Шинэ Зеландад амьдардаг танил маань тэднийд яг одоо тус улсын шигшээ баг тоглох үед улс нь хоёр цагийн хугацаанд “Халтар царайт” үзэж байгаа адил чимээгүй болж байгаа хэмээн хэлсэн. Арлынхан энэ спортоос жинхэнэ эрчүүдийг олж хардаг, бага сага бэртлийг үл харгалзан бух мэт мөргөлдөж, шаардлагатай үед нударга зөрүүлчихдэг эдгээр залуус тухайн спортыг эр хүн шиг эрчүүдийн наадам болгож байна хэмээн үздэг юм билээ. Дүрмийн хувьд нэг их нарийн ширийн зүйл үгүй, зуйван бөмбөгөө хөлөөрөө, гараараа зөөж гүйсээр эсрэг багийнхаа нүүрний шугам давуулж чадвал оноогоо авдаг учиртай.

Зарим үндсэн дүрмийг дурдвал:

*100х70 метрийн талбайд тоглох бөгөөд Н маягийн хаалгатай, хаалганы хэмжээ нь 5,6 метрийн зайтай хоёр шон гурван метрийн өндөрт хөндлөн холбогддог.

*Нэг үедээ 40 минутын хугацаатай хоёр үе тоглодог. Энэхүү 80 минут нь “цэврээр“ тооцогдох бөгөөд хөлбөмбөгөөс ялгаатай нь ямар нэгэн байдлаар тоглогч гэмтэх, будлиан гарах үед талбайн шүүгч үндсэн цагийг зогсоодог.

*Хасагдах шатны тоглолтын үед үндсэн цаг тэнцээнээр дуусвал нэмэлт хоёр үеийг 10, 10 минутаар сунгаж тоглодог.

*Талбай дээр ерөнхий шүүгчээс гадна хоёр туслах шүүгч ажиллана. Томоохон тэмцээний үед бичлэг үзэж хяналтыг давхар явуулдаг дөрөв дэх шүүгч ажиллана.

*Нийт 15 регбичин талбайд тоглодог бөгөөд тоглолтын явцад долоон удаа сэлгээ хийхийг зөвшөөрдөг.

*Довтолж байгаа багийн тоглогч бөмбөгөө зөвхөн өөрийнхөө шугамаас хойно байгаа хүнд гараараа шидэж дамжуулдаг бөгөөд урагш дамжуулсан тохиолдолд отон тоглолт хэмээн үзэж эсрэг багт бөмбөгийг шилжүүлдэг.

*Урагш дамжуулахдаа гараараа биш хөлөөрөө өшиглөхийг зөвшөөрдөг.

*Хэрвээ довтолж буй багийн тоглогч эсрэг багийнхаа нүүрний шугамыг бөмбөгтэйгөө давж чадвал таван оноо авна. Нэмээд торгуулийн цохилтоор хоёр оноо авах боломж бүрдүүлнэ.

*Тоглолтын явцад, шүүгч чөлөөт цохилт хийх боломж олгоход газар тавьсан бөмбөгийг хаалганы хөндлөвч дээгүүр давуулсан тохиолдолд гурван оноо авдаг бөгөөд тоглолтын явцад шууд бас өшиглөж гурван оноо авах боломж бий.

*Хамгаалж буй багийн тоглогч, довтолж буй багийн тоглогчийг зогсоохдоо хүзүү, толгойн хэсгээс бусад биетээс тэвэрч саатуулах боломжтой ба хөлөөрөө дэгээдэх, түлхэх зэргийг хориглоно.

*Рак буюу хоёр багийн хэсэг тоглогчид мөрөөрөө тулж түлхэлцэх үед бөмбөгийг зөвхөн хөлөөрөө арагшаагаа дамжуулах ёстой

Үндсэндээ гол дүрмүүд нь ийм бөгөөд тоглох явцад бэртсэн тоглогч эмнэлгийн тусламж аваад буцаж талбайд гарч болно, бөмбөгөө газар буулгалгүй удсан тохиолдолд рак буюу тулах байрлалыг заана гэх мэтчилэн өөр дүрмүүд бас бий.

Үүнээс гадна улаан хуудас авбал талбайгаас хөөгдөнө, шар хуудас авбал арван минутын хугацаатайгаар талбайг орхино, тоглогч ойчсон тохиолдолд шууд л бөмбөгөө газар тавих ёстой, бөмбөгөө газардуулалгүй удсан тохиолдолд бөмбөг эсрэг багт шилжинэ гэх мэт дүрмүүд бий. Ер нь ганц хоёр удаа тэмцээнийг нь үзээд дүрэм журмыг нь ойлгочихоор энгийн спорт шүү дээ. Бөх, бокс, хөлбөмбөг зэргийг холиод дундаас нь гаргачихсан мэт энэ спорт сүүлийн үед дэлхийд их алдаршиж хүрээгээ тэлж байгаа гэдэг. 1987 онд зохиогдсон анхны ДАШТ-ийг давхардсан тоогоор 300 сая орчим хүн телевизээр үзсэн гэдэг бол сүүлчийн 2011 оны Шинэ Зеландын ДАШТ-ий дээрх тоо баримт дөрвөн тэрбум болтлоо өөрчлөгдсөн байх юм. Регби 1900-1924 онуудын хооронд зуны олимпийн хөтөлбөрт багтан аваргаа шалгаруулж байсан ч өргөн олныг хамарч чадалгүй хасагдсан түүхтэй. Гэхдээ дараа жилээс дахин олимпийн наадмын эгнээнд багтана.

Регбиг үзээд байхад монголчууд тоглож болохоор бидэнд нэлээн ойр дөхүү байж магадгүй спорт санагддаг. Монголд регбиг хөгжүүлэх гэж гарьд Цэрэнпунцаг нэг хэсэг оролдсон ч хол явалгүй чимээ алдарсан гэж байгаа. Уг нь манайханд зохиж магадгүй мэт харагддаг ч гэлээ багийн спорт Монголд хэзээ ч хөгжихгүй гэдэг үнэн болж үлдэх болов уу.

Д.Бат-Эрдэнэ


Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 3 хэм дулаан

Өнөө маргаашдаа говь талын нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Баян-Өлгий, Завханы нутаг, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газраа унагаад шинийг байгуулбал наадмын комисс томилохоос өөрийг хийж амжихгүй шүү

Засгийн газрыг унагах ээлжит хуйвалдаан эхлээд басчиг удлаа. Манай сонин энэ талаар “Цөөврүүд дахин улилдаж эхэллээ” хэмээн бичиж байсан. Намнаж идэх амьтнаа дагаад л, хаанаас ч юм бүү мэд цөөврүүд ганц нэгээрээ нэмэгдээд байдаг даа. Үүний адилаар Засгийн газрыг огцруулах нөхдийн тоо өөр өөрийн эрх ашгийн хүрээнд нэмэгдсээр л байгаа дуулдана. Яг үнэндээ тэрхүү сүрэгт нарийн бодож тунгаасан, төлөвлөж тооцоолсон зүйл алга. Зүгээр л гарын үсгээ зурна, зурахгүй гэж богино зайн тоглолт хийж байгаад ганц нэг тендер авах, шийдүүлэх асуудлаа зүтгүүлэх бодол байх шиг. Энэ бол цөөврүүдийн бодит зураг. Харин тэр цоохор сүргийг турхираад сууж байгаа эзэд нь сөрөг хүчин МАН. Тэдний хувьд АН-ын ээлжит Засгийн газрыг унагачихвал өрсөлдөгч намынх нь нэр хүнд улам бүр унаж, нөгөө талд нь хонжоо олно гэж тооцоолж байж болох юм. Магадгүй 2000-2004 онд дөрвөн Засгийн газрын нүүрийг үзүүлж байсантай нь харьцуулахад нэгийг унагаад нэгтэй явж байгаа нь чамлалттай санагдаж байгаа байх. Гэвч цаг үе өмнөхөөс өөр болжээ. Үүнийг МАН-ынхан зөв тооцоолох хэрэгтэй. Өнгөрсөн сонгуулиас хойш улс төрийн намуудын рейтинг унасаар ирснийг тэр дундаа хоёр том нам болох АН, МАН-ын рейтинг хосоороо шааригдсаар уруудаж орхисныг бид бүгд мэднэ. МАН-ын нарийн бичгийн дарга болох нэг бүсгүй “Ард иргэдийн дэмжлэг манай нам руу эргэлээ” хэмээн мөрөөдөнгүй ярилцлага өгсөн нь үнэндээ амьдрал дээрхтэй нийцэж чадахгүй л байлаа. Эрх баригч АН-ын нэр хүнд унахын хэрээр хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байгаа МАН-ын нэр хүнд буусан янзаараа л байна.

Тэгэхээр Засгийн газрыг унагалаа гэхэд Засгаа эвдүүлсэн АН-ын рейтинг унахаас гадна МАН-ынх ч бас бууна. Бүр дагаад Монголд парламентат засаглалын нэр хүнд, итгэл үнэмшил хог дээр үсэрнэ дээ. Төлөөллийн ардчилал, парламентат тогтолцоо бол үндсэндээ Монголын тусгаар тогтнолын баталгаа юм. Гэтэл парламентын засаглалд итгэх ард олны итгэл үнэмшил байхгүй болчихвол юу болох билээ дээ. Энэ парламентыг ажиллаж эхэлсээр юуг ч хийсэнгүй, юуг ч амжуулсангүй гэж шүүмжилж байгаа. Дуусахад ганц намар, ганц хаврын чуулган үлдчихээд байхад хийсэн ажлын 60 хувь нь Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудал байлаа хэмээн буруутгадаг. Хэрэв дахиад нэг Засгийн газрыг боомилохоор болбол хийсэн ажлынх нь 80 хувь нь Засгийн газрын хувь тавилангаар тоглох ажил байжээ хэмээн түмэн олон дүгнэнэ. Уучлаарай, гэхдээ энэ парламент миний эсвэл хэн нэгэн Дорж, Дулмаа сууж байгаа парламент биш, харин АН, МАН-ын гишүүн таны дийлэнх нь сууж байгаа парламент шүү дээ. Та бүхний холыг хараагүй шийдвэрүүд чинь эргээд Монгол дахь парламентын засаглалыг үгүйсгэхэд хүргэх аюул бий учраас ийн улиглаж байгаа юм.

Засгийн газрыг огцруулах нь заан тугаллахаас удаан. Үнэнийг хэлэхэд Засгийн газрыг огцруулах бас тэгээд шинийг томилох үйл явц багагүй цаг авч таарна. Шийдлийн Засгийн газрыг огцруулахаар боллоо гэхэд үндэслэлээ гаргаж, өргөн барьж, тэр дунд нь завсарлага энэ тэр авсаар байгаад шинэ жил болгож таарна. Эргээд шинийг байгуулна гэж тэрнээсээ бүүр удна. Тэрний тэр, энэний энэ. Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө, өөрчилнө. Тэгсээр байгаад Мартын 8 хүргэж эмхэлбэл дээдийн заяа. Дунд нь УИХ-ын чуулган завсарлаж таарна, ээлжит бус зарлана, үгүй гэсээр байгаад шинэ Засгийн газрыг байгуулах гэж багагүй цаг гарзадна. Сонгуультай зэрэгцэж байгуулагдсан Засгийн газар юу хийж чадах вэ дээ. Зуу хоногоо дүгнэх, зулай битүүрлээ гэж ярихыг ч саналтгүй. Их сайндаа Үндэсний их баяр наадмаа ёслон өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах наадмын комиссыг томилно биз. Үнэндээ өөр юуг ч хийж амжихгүй. Тийм байтал ингэж тулсан цаг хугацаанд Засгийн газрыг огцруулах тухай ярина гэдэг амиа хорлосноос ялгаагүй. Ялангуяа хоёр том нам болох АН, МАН-ын хувьд. Бусдын хувьд бага сага хонжоо гарч болох л юм. Арай дөнгүүрт итгэж байсан МАН, АН-ын нөхдийг ийнхүү амиа егүүтгээд өөрсдийгөө хорлоод хаячихвал сонгогчид бусдад итгэж саналаа өгч таарна. Аливаа үймээн самууны үеэр хонжоо хайж явдаг үхэшгүй мөнхийн хувилгаан Цамба энэ тэр ч билүү баахан амьтад тодордог шиг 2016 оны сонгуулийн дараа баахан бие даагч, баахан популист гараад ирчихвэл гайхах юм алга. Улс төрийн нам болж төлөвшөөгүй, үзэл баримтлал, үнэт зүйл гэж байхгүй баахан нөхрийн цуглуулга, эргээд хариуцлага хүлээх чадваргүй баахан бие даагч гараад ирчихвэл хэцүү л юм даа.

Тэр үед одоогийн сэхээний ширээн дээр дусал залгуулаад хэвтэж байгаа Монголын эдийн засаг жинхнээсээ цааш харах болно. Одоо бол бас ч гэж Оюутолгойгоос орж ирэх хөрөнгө оруулалт, Тавантолгойн төсөл, энд тэндээс орж ирэх хөрөнгийн эх үүсвэрийн сураг арай ч үхүүлчихгүй дэм болж байна. Энэ үедээ том намууд нэг нэгнээ дэмнээд, байгаа Засгийн газраа багалзуурдчихын оронд чиглүүлээд зүтгүүлээд бас хамтарч шахаад ажиллуулаад үзвэл аль ч утгаараа дээр юм. УИХ дахь бие даагч Ц.Даваасүрэн гишүүний нэг хэлсэн үг бий. Тэрбээр “Та нар эх орондоо амьдрахгүй АНУ руу гараад зугтчихна гэж бодож байна уу. Тэндээс чинь та нарыг авчраад шүүх болно. Бид шударга төр, шударга засгийг тогтооно” гэсэн. Энэ бол эрх баригчдад ч юм уу, АН-д ч юм уу. Эсвэл Оюутолгойн ТУЗ-ийнхөнд хэлээд байгаа үг биш юм. МАНАН-д зориулж хэлж байгаа үг. Ерээд оноос хойш өдийг хүртэл ээлжилж, хамтарч засгийн эрхийг толгойлж байсан бүх хүчнүүдэд, хүмүүст зориулж хэлсэн үг. Хуулийн хүрээнд ажиллах хуульт засаг гэж байхаас шударга засаг гэж юусан билээ. Хуульд захирагдалгүй өөрсдийн шударга гэж бодсоноороо тэрхүү шударга засгийг тогтоох нь коммунист засаглалаас ялгаа ч юу байхав. Ийм хүмүүсийн гарт Засгийн эрх очвол, парламентат засаглалд хүмүүс итгэхээ байгаад өөрийг илүүд үзвэл ямар аймшигтай вэ. Тэр үед эдийн засаг сайжирсан муужирсан гэж яриад ч хэрэггүй. Монгол Улсын хувь заяаны талаар ярих болж таарна. Олон жил нэг даргын, нэг намын буулганд байж ирсэн хүмүүс үнэндээ тийм засаглалыг хүсэхгүй байна. Үйл явц нь удаан зовиуртай ч ардчилалтайгаа, хэрүүлтэй ч гэсэн хариуцлага хүлээх улс төрийн хүчинтэйгээ байх нь дээр байна. Тиймээс Засгийн газрыг унагах гэж төлөвлөж яваа, шордож байгаа улс төрийн хүчин, түүний гишүүд жаахан хазаар татаж өнөөдрийн жаахан хонжоо яахав, маргаашийн ирэх үр дагаврыг бодож, хэлэх үг, хийх үйлдлээ анхаарна уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д нийтлэлч Э.Хүрэлбаатарын “Улайсгасан төмрөөр хайрч тамгалах нь мал тамлаж байгаа хүнлэг бус зан үйл юм” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Иргэд хувийнхаа хөрөнгөөр диализийн төв байгуулсан талаар “Өдрийн сонин” онцолж “Өдрийн сурвалжлага”-аар бэлтгэн уншигчдад хүргэж байна. Та дэлгэрэнгүйг VII нүүрнээс уншаарай. Уламжлалт “Нэг анги” буланд “Ангиараа онц сурдаг 50 дугаар саргуулийн “А” бүлгийн төгсөгчид” орлоо. Эдний ангийнханы тухай нийтлэл VI нүүрэнд хэвлэгджээ. Мөн “Герман Монголын худалдаа гурван сая ам.долларын худалдаа хийнэ” гэсэн гэгээтэй мэдээг “Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулга” уулзалтаас хийсэн сурвалжлаганаас уншаарай.

Харин “Улс төр” нүүрт УИХ-ын чуулганы талаарх сурвалжлага, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хуралдлаа зэрэг цаг үеийн мэдээ мэдээлэл нийтлэгджээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Э.Хүрэлбаатарын “Улайсгасан төмрөөр хайрч тамгалах нь мал тамлаж байгаа хүнлэг бус зан үйл юм нийтлэл хэвлэгдлээ.

Баримт, үйл явдал нүүрэнд Ц.Мөнхбөатын “Өршөөлийн хуулийг нээлттэй хэлэлцэхийг шаардлсаны төлөө торгуулсан” тодруулга болон мэдээллийг сонирхоорой. “Уран бүтээлч” буландаа Ц.Уранцэцэгийн “Би дэлхийгээр хэсч, дуулж явдаг ажилтай” гэсэн сонирхолтой ярилцлага нийтлэгдсан байна. Та энэ ярилцлагыг “Өдрийн сонин”-ы IX нүүрнээс уншаарай.

Өдрийн сонины амралтын өдрийн уламжлал болсон “Амрах агшин”, “Хэлэх эрхийн индэр”, “Ном ярьж өгөе”, “Гал тогоо” зэрэг нүүрнүүд бэлгэгдэн уншигч таны гарт хүрлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Чулууны аялгуу” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Маргааш “Монголын уран зургийн
галлерей”-д ОХУ-ын гавьяат зураач, Буриад улсын Ардын зураач, Төрийн
соёрхолт Юрий Мандагановын “Чулууны аялгуу” үзэсгэлэн нээлтээ хийх гэж
байна. Тус үзэсгэлэнгийн онцлог дан байгалийн чулууг ашиглаж
бүтээснээрээ онцлог ажээ.

Үзэсгэлэн маргааш 15.00 цагт дэлгэгдэх юм.

Categories
мэдээ спорт

Х.Баянмөнх аваргын нэрэмжит барилдаан болно

ХХ зууны
манлай, монгол бөх, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Дархан аварга
Х.Баянмөнх аваргын нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой 224 бөхийн
барилдаан ирэх сарын 07-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Зуунд, мянганд,
магадгүй хэдэн мянганд нэг төрөх аугаа их аваргатай бид нэгэн он цагт
хамт амьдарч, наадмынхаа тугийг өргүүлж, найрынхаа ерөөлийг хэлүүлдэг
хувьтай хүмүүс билээ.

Барилдааныг
бөхийн “Увс нуур” гал зохион байгуулж буй бол хамтран зохион
байгуулагчаар Увс аймгийн нутгийн зөвлөл, Монголын үндэсний бөхийн
холбоо ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Галзуу өвчнөөс сэргийлье

Галзуугаар өвчилсөн мал, амьтанд
уруулах, ноцуулах, шүлсдүүлэх үед Галзуугийн вирус хүний биед гэмтсэн
арьс, салстаар нэвтрэн орж, төв мэдрэлийн системийг гэмтээн, улмаар
үхэлд хүргэдэг зоонозын өвчин юм.

Иймээс иргэн та галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулсан бол
харьяалах эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж, эмнэлгийн тусламж,
үйлчилгээг хугацаа алдалгүй авч эмчийн зааврын дагуу вакцины бүрэн тунг
тариулах шаардлагатайг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс
анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Залуучуудын ДАШТ-д Монголын 17 жүдоч өрсөлдөнө

Аравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби
хотноо жүдо бөхийн залуучуудын ДАШТ зохион байгуулагдах гэж байна.
Өнөөдөр тус тэмцээнд оролцох баг, тамирчдад хувцас хэрэглэл гардуулан
өгсөн бөгөөд олон улсын А зэрэглэлийн шүүгч Баасанжав Ууганбаатар
шүүлтийн тал дээр заавар зөвлөгөөг өглөө.

Энэ удаагийн залуучуудын ДАШТ-д өнгөрсөн оны “Майами-2014” залуучуудын
ДАШТ-ий мөнгөн медальт ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ
Цэнд-Очирын Цогтбаатар, хүрэл медальт Женко клубийн тамирчин ОУХМ
Баяраагийн Амартүвшин, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн бөх ОУХМ
Ганбаатарын Баттулга нарын бөхчүүд хүч үзнэ. Тэднийг Монголын жүдо
бөхийн холбооны дэргэдэх Жүдо Академийн багш Дамдинсүрэнгийн Батсайхан
болон Хүч спорт хорооны дасгалжуулагч Намсрайн Баатарболд нар удирдана.
Харин эмэгтэй тамирчдыг гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа
удирдахаар болжээ.

Тус тэмцээнд манай улс хамгийн өндөр амжилтаа өнгөрсөн жил үзүүлсэн
бөгөөд 1 алт, нэг мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн түүнээс өмнө
ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг залуучуудын ДАШТ-ээс хошой мөнгөн медаль
хүртэж байсан бол Цэнд-Аюушийн Наранжаргал нэг мөнгө, Баттулгын Тэмүүлэн
нэг хүрэл медалийг хүртэж байсан түүхтэй.

Залуучуудын ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй:

  • 55кг: Б.Амартүвшин (Женко), Энхтайваны Ариунболд (Жүдо Академи)
  • 60кг :Ц.Цогтбаатар (ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо), Г.Баттулга (Ховд)
  • 66кг: Н.Мөнхбаяр (Женко),
  • 73кг: Г.Балсанлүндэв (Хангарьд)
  • 81кг: Б.Бат-Эрдэнэ (ОБЕГ-ын “Аврагч”), Д.Сандуйжав (Жүдо Академи)
  • 90кг: Д.Цэрэнням (Хэнтий аймаг)
  • -100кг: Г.Болдням (Жүдо Академи)

Эмэгтэй:

  • 44кг: Г.Наранцэцэг (Женко)
  • 48кг: Э.Гэрэлмаа (ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо)
  • 52кг: П.Буянхишиг (Женко) , Батсүхийн Алтанцэцэг (Женко)
  • 63кг: Б.Ганхайч (Спортын дунд сургууль)
  • 70кг: Б.Хулан (Женко)
  • +78кг: Г.Одонжаргал (Спортын дунд сургууль)

Багийн ахлагч: Б.Мөнхболд

Дасгалжуулагч:

  • Д.Батсайхан (Жүдо Академи, “Алдар” спорт хороо),
  • Н.Баатарболд (Хүч),
  • Ш.Цэвэлмаа (Женко)
Categories
мэдээ нийгэм

Жингээ огцом хасах нь цөсний чулуу үүсэх эрсдэл дагуулдаг

Сүүлийн үед цөс чулуужих өвчин маш их
залуужиж байгаа ажээ. Энэ өвчин юутай холбоотойгоор үүсдэг талаар
н.Дугархүү эмч цахим хуудастаа ингэж бичсэн байна. Нэгдүгээрт, өөх тос
огт идэхгүй болсонтой холбоотой. Учир нь, өөх тос идэхгүй тохиолдолд цөс
ялгарах процесс эрчимжихгүй учраас цөсний хүүдийд цөс зогсонгишин
өтгөрч, цөсний чулуу үүсэхийг нэмэгдүүлдэг байна. Иймд тодорхой хэмжээнд
өөх тосыг хэрэглэх шаардлагатай болсныг ойлгож мэдэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, цөс чулуужих өвчин үүсэх нь
биеийн жингээ огцом хассантай холбоотой ажээ. Хүн турлаа гээд хоолоо
маш их сойдог энэ нь цөсний үйл ажиллагааг зогсонгошилд оруулж өтгөрүүлж
аяандаа элсэрхэг чулуунуудыг үүсгэдэг байна. Тийм учираас өдөрт 5 удаа
бага багаар хөнгөн хооллож, сард 1-2 кг-аас дээш жин хасахгүй байх нь
эрүүл туралт гэж ДЭМБ зөвлөж байна.

Гуравдугаарт, цөс чулуужих өвчин биеийн
жингийн илүүдэл буюу бүсэлхийн тойрог 90 см-ээс дээш хүмүүст их
тохиолдож байна. Учир нь, дотор өөхлөлт их болсонтой холбоотойгоор
цөсний нугаларал үүсч, цөс зогсонгиших нөхцлийг бүрдүүлдэг. Мөн өөх
тосны солилцоонд алдагдал гарч, холестериний чулуу үүсэхийг дэмжиж
байна.