Categories
мэдээ спорт

Нийслэл аэробикийн аваргаа шалгаруулж байна

Нийслэл хот байгуулагдсаны 373 жилийн ойд зориуласан хотын аэробикийн аварга шалгаруулах
нээлттэй тэмцээн болж байна.
Тэмцээнд 6-8, 9-11, 12-14, 15-17, 18-аас дээш гэсэн насны ангилалаар эрэгтэй,
эмэгтэй, холимог, хос, гурвалсан төрөл, багийн төрөл, штептэй багийн дасгараар тамирчид өрсөлдөж байна.
Энэ удаад нийт 200 гаруй тамирчид оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Төр ахмадын бодлогын хэрэгжилтээ хэлэлцэж байна

ХАХНХЯ-наас өнөөдөр Төрийн ордонд “Ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” Үндэсний
хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнийг дэмжигч байгууллагаар Хөдөлмөрийн яам, ЭМСЯ, НЗДТГ, Төрийн банк ажиллаж байгаа юм. Монгол Улсын хувьд нийт хүн амын 10
шахам хувийг ахмад настнууд эзэлдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Урьдчилан сэргийлэх тарилгад 35 мянган мал хамруулжээ

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт энэ сарын 2-ны өдөр малын халдварт өвчний шинж тэмдэг илэрлээ гэх мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу үзлэг шинжилгээ хийхэд шүлхий өвчин байж болзошгүй гэх урьдчилсан онош гарсан байна.

Энэ дагуу цаг алдалгүй тус аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч, оношийг баталгаажуулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах, дээж авах, аймгийн онцгой комиссыг хуралдуулах зэрэг яаралтай арга хэмжээ авчээ.

Мөн Мал эмнэлэг, үржлийн газраас шаардлагатай 111,0 мянган тун шүлхийгээс сэргийлэх хос цэнэт вакцин, 100 хос халдвар хамгааллын нэг удаагийн хувцас, 30 килограмм ариутгал, халдваргүйтгэлийн бодисоор хангасан байна. Энэ сарын 15-ны байдлаар урьдчилан сэргийлэх тарилгад 20 өрхийн 34711 мал буюу нийт малын 42,1 хувийг хамруулжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Single ladies-2” нээлтээ хийнэ

Жүжигчин Г.Ундармаагийн “U film” кино компанийн ээлжит шинэ бүтээл өнөөдөр нээлтээ хийнэ.

Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан.

Тэгвэл кино багийнхан энэхүү бүтээлээ үргэлжлүүлэн хоёрдугаар ангийг хийсэн бөгөөд “Single ladies-2” киноны нээлт өнөөдөр болно. Уг киноны гол дүрүүдэд жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай нар тогложээ. Түүнчлэн зохиолч А.Миеэгомбо, найруулагч, продюсерээр нь жүжигчин Г.Ундармаа өөрөө ажиллажээ.

Categories
мэдээ спорт

“Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад эхэллээ

МЗХ-ны “Спирт үү? Спорт уу” аяны хүрээнд хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр Чингисийн талбайгаас замдаа гарлаа.

Жил ирэх бүр дугуйн парадад оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд энэ удаад 1000 орчим дугуйчин хамрагдаж байгаа юм.

Дугуйн парад зохион байгуулах нь их хотын иргэд спортоор амьсгалж, гэр бүл, найз нөхөд, хосоороо, хамт олонтойгоо унадаг дугуйгаар зугаалах таатай боломжийг олгодгоороо онцлогтой юм. Түүнчлэн сүүлийн үед парад гэхээсээ илүүтэй дугуйчдын наадам болон өргөжиж байгаа нь олон хүний талархлыг хүлээж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт цаг агаар ихэнх нутгаар хүйтэн байна

Ойрын өдрүүдэд говь талын нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна.

-ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ 4 ГРАДУС ДУЛААН-

Өнөөдөр нийт нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 2-4 градус дулаан байна.

-ИРЭХ ДОЛОО ХОНОГТ НИЙТ НУТГААР 4-9 ГРАДУС ДУЛААН БАЙНА-

Харин энэ сарын 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлага үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын А/753 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар цэргийн насны залуучуудын 93.8 хувьд тараажээ. Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙР

Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг – “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль
Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Батбаатар: 15 цагт ОХУ-ын мөрдөн байцаагч нар дүрэмт хувцастай гаалийн хяналтын бүсээр машинтайгаа орж ирсэн байдаг

-Тэр хүмүүс хилийн онцгой бүсэд таван цаг саатсан-

ОХУ-ын Буриадын Дотоод явдлын яамны харьяа Эрүүгийн хэргийг мөрдөн байцаах албаны хоёр албан хаагч Монгол Улсын хууль хяналтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь гаалийн газрын байранд манай улсын иргэдээс мэдүүлэг аваад буцсан байдаг. Энэ нь манай улсын хоёр иргэнд гүйцэтгэх ажиллагаа явуулж, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон олон улсын гэрээ конвенцийг зөрчсөн гэж үзэж байгаа. Тэдний хууль бус ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байж болох манай зарим албан тушаалтныг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгах ноцтой байдал үүсээд байгаа билээ. Иймд Хууль зүйн яамнаас Гадаад харилцааны яамаар дамжуулж ОХУ-ын Дотоод яаманд ноот бичиг илгээхээр болсон юм. ОХУ-ын Буриадын Дотоод явдлын яамны харьяа Эрүүгийн хэргийг мөрдөн байцаах албаны хоёр албан хаагчид байцаалт өгсөн гэх Э-тэй холбогдож зарим нэгэн зүйлийг асуулаа.

“Буцаад надад ямар дарамт ирэхийг та нар мэдэхгүй”

-Таныг гурван цаг гаран ОХУ-ын байцаагч нар байцаасан гэж байна. Энэ хэрэг Алтанбулаг дахь гаалийн газрын байранд болсон юм уу?

-Гурван цаг гаруй байцаагдсан. Үүнээс болж сэтгэл санаа хүнд байна. Тэгээд ч би өөрөө хувийн байгууллагад ажилладаг ч гэсэн Гаалийн байгууллагатай холбоотой ажилладаг гэсэн үг. Гаалийн зуучлагчийн ажил хийдэг. Тэгэхээр хэн нэгнийг буруутгаж ярихын оронд намайг хэн хамгаалах ёстой гэдгийг л асуумаар байна.

-Таныг Алтанбулаг дахь Гаалийн газрын дарга Д.Батбаатар гэдэг хүн дуудаж тэр байцаагч нартай уулзуулсан юм биш үү. Эсвэл өөр хүмүүс дуудаж байцаалт өгүүлэв үү. Юунаас болов?

-Энэ талаар надад ярихад үнэхээр хүнд байна. Ярилцлага өглөө гээд буцаад надад ямар дарамт ирэхийг та нар мэдэхгүй шүү дээ.

-Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно” гэсэн байдаг.Таныг гадаадын мөрдөн байцаагч нартай уулзуулсан хүн өөрөө асуудалд орохоор ноцтой хэрэг үйлдсэн байх магадлалтай. Энэ асуудал ноцтой байдал үүсгээд байгаа юм?

-Хууль зөрчсөн эсэхийг би яаж мэдэх вэ. Энэ талаар холбогдох газрууд нь шалгаад тогтооно биз. Надад энэ талаар яриад байх зүйл үнэндээ алга гэлээ.

“Намайг гурван цаг саатуулж тайлбар авсан”

Харин Буриадын Эрүүгийн хэргийн мөрдөн байцаагч нарт гаалийн зуучлагч Э, Г нараас байцаалт авахад тусалж мэдүүлэг авах байраар хангаж өгсөн гэгдээд буй Алтанбулаг дахь гаалийн газрын дарга Д.Батбаатараас болсон явдлын талаар юу гэж ярихыг нь сонирхсон юм.

-Тэр өдөр танай гаалийн газрын байранд юу болсон юм бэ?

-Манай гаалийн байгууллага эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Энэ талаар цагдаагийнхан надаас асууж тодруулсан зүйл байгаа. Намайг гурван цаг саатуулж асуусан. Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис болон Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцад энэ талаар хандаж албан бичиг хүргүүлсэн. Гаалийн байгууллага хаанаас хэн орж ирээд явж байгааг мөрдөж шалгадаг байгууллага биш. Хэн орж ирээд юу хийж явааг бид яаж мэдэх юм бэ. Үүнийг хянадаг хилийн тагнуул, хилийн шалган нэвтрүүлэх байгууллага гээд олон газар бий. Манай байгууллагын чиг үүрэг өөр шүү дээ.

-Та Г, Э нарыг гадаадын мөрдөн байцаагчтай уулзуулсан юм биш үү?

-Энэ надад хамаагүй асуудал. Би гадаадын мөрдөн байцаагч орж ирээд ийм хүнтэй уулзмаар байна гэхээр нь дуудаад уулзуулна гэж юу байх вэ. Надад ямар ч хамаагүй асуудлыг намайг хийсэн мэтээр яриад байна. Хүний нэр хүндэд хамаагүй халдаж болдоггүй биз дээ. Энэ тухай л холбогдох хүмүүст нь албан бичиг хүргүүлсэн.

-Тэр өдөр тан дээр хэн нэгэн хүнийг сурж хүн ирээгүй юм уу?

-Тэр өдөр намайг ажлынхаа өрөөнд сууж байхад хоёр хүн орж ирсэн. Тэд танайд “Гаалийн байцаагч Мөөгий гэж хүн байна уу” гэж асуусан. Тийм нэртэй хүн байхгүй гээд гаргасан. Тэгээд би гаалийн байцаагч Ням-Эрдэнэ рүү утасдаж “Наагуур чинь хоёр хүн яваад байна. Хөөж гаргаарай, газрын байраар сэлгүүцээд явах вий” гэж анхааруулсан. Ням-Эрдэнэ харин тэднийг хөөж гаргасан байдаг юм. Өөр хэн ч над дээр орж ирж хэн нэгнийг сураагүй. Ийм л зүйл болсон. Би өөрийгөө өмөөрөх гэж ийм зүйл яриагүй. Шалгадаг газар нь шалгаж тогтооно биз.

-Тэр хүмүүс ямархуу төрхтэй харагдсан. Яагаад та байцаагчдаа тэр хүмүүсийг гаргаарай гэж хэлсэн юм бэ?

-Цэргийн дүрэмт хувцастай явсан болохоор нь би гайхаж байсан юм. Тэгээд юмыг яаж мэдэх вэ, энэ хавиар дэмий нэг эргэлдээгүй хүмүүс байх гэж бодсон.

-Орж ирэхдээ өөрсдийгөө хэн гэж танилцуулсан бэ?

-Орж болох уу, гэж хэлээд шууд Мөөгий гэж байцаагч байна уу гэсэн. Ярианых нь байдлаас би өөр зорилготой яваа хүмүүс юм биш байгаа гэж бодоод гаалийн байцаагчдаа “Наад хүмүүсээ гаалийн байрнаас гарга” гэсэн. Хүнд нэг тийм сэтгэгдэл төрдөг шүү дээ. Тэр утгаар нь “гарга л” гэж хэлсэн юм.

-Таны хэлж байгаагаар Г,Э нарыг өөр хүмүүс уулзуулж өгсөн гэсэн үг үү?

-Өөр хэн нэг нь Г, Э нартай уулзах боломжийг өгсөн байх. Хэн гэдгийг нь мэдэхгүй юм. Дараа нь тагнуул, цагдаагийнхан надаас тайлбар авахад ярианых нь өнгөнөөс тэр хүмүүсээс ОХУ-ын байцаагч нар мэдүүлэг авсан юм байна гэдгийг ойлгосон. Тэр ч бүү хэл Г өөрөө сайн дураараа байцаалт өгч ингэхдээ эхнэрээ байлцуулах хүсэлт гаргаад Э-г ирсний дараа мэдүүлэг өгчээ гэж ойлгосон. Г өөрөө эхнэр рүүгээ утасдаж авчирсан юм билээ. Би тэднийг мэдүүлэг өгөхөд нь байраар хангаж өгөөгүй.

-Таныг энэ хэргийн гол буруутан. Бусдыг гадаадын мөрдөн байцаагч нарт “барьж” өгсөн гэж эх сурвалжууд хэлж байна?

-Хэрэв мэдүүлэг авахад нь ажлын байраар хангаж, дээрээс нь Г,Э нарыг уулзуулсан бол миний буруу. Ийм зүйл болсон, би оролцсон бол өөрийгөө хамгаалаад байх зүйл байхгүй. Хамгийн гол нь энэ явдлын гол буруутан өөрийн бусармаг үйлдлээ гааль руу чихэж, гаалийн нэр хүндийг унагаад байгаад миний дургүй хүрч байна. Тайлбар өгснийхөө дараа тэр хүмүүсийг хэзээ хилээр орж ирсэн, яасан гэдгийг би судалсан. Тэр өдөр 15 цагт ОХУ-ын мөрдөн байцаагч нар дүрэмт хувцастай гаалийн хяналтын бүсээр машинтайгаа орж ирсэн байдаг.15 цаг 31 минут гэхэд тэдний унаж явсан машин зэргийг нь гаалийн хяналтынхан шалгаад явуулсан. Тэгээд тэр хүмүүс хилийн онцгой бүсэд удаан саатсан байгаа юм. Тэднийг тэнд удаан байхад юу нөлөөлж, хэн туслав. Энэ бол шалгах ёстой асуудал.

-Тэр машин удаан саатсан гээд байгаа. Эх сурвалжаас авсан мэдээллээр таван цаг болсон гэсэн. Визгүй зорчдог болсон учир бичиг баримт шалгах явдалд ер нь өөрчлөлт гарсан уу?

-Эхлээд Иргэний бүртгэл мэдээллийн ажилтан бичиг баримт зохих журмын дагуу байгаа эсэхийг шалгадаг. Дараа нь гааль шалгадаг. Гэтэл тэр машин Алтанбулагийн боомтод таван цаг зогссон байдаг. Хожим нь би үүнийг олж мэдсэн юм. Хилийн цэргийнхэн хөөж гаргах ёстой байсан. Хилийн тагнуулынхан ч үүнийг анхаарах ёстой.

-Яагаад?

-Боомтод машин ингэж удаан зогсох ёсгүй байдаг юм. Удаан зогсоод байвал шалгаад хөөж гаргах ёстой.

-Гадаадынхан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь өөрөө ноцтой асуудал. Гэтэл тэдэнд тусалсан албан тушаалтанг мэдээж зүгээр өнгөрөөхгүй байх. Тэгэхээр та хэнийг, аль байгууллагыг буруутай гэж үзэж байна вэ?

-Энд нэг л зүйлийг хэлье. Эмнэлгийн орон дээр хэвтэж байсан хүнд өвчтөн нас барчихвал түүнийг сахиж байсан сахиурыг буруутгадаггүй биз дээ. Түүнийг эмчилж байсан эмчийг буруутгадаг. Гэтэл энэ удаагийн хэрэг сахиурыг буруутгаж байгаатай агаар нэг байгаа юм. Ингэж л хэлэх байна.

-ЦЕГ болон ТЕГ-ын дарга нарт яагаад албан бичиг өгөх болов. Агуулгыг нь дэлгэрүүлэх боломж байна уу?

-Албан бичигтээ намайг хуулийн ажилтнууд хууль бусаар саатуулсан. Хэрэв энэ хэрэг чинь үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал юм бол яагаад танай ажилтнууд тэр нууцыг задруулаад байгаа юм бэ. Би үүнийг ойлгохгүй байна. Тэр үед хилийн тагнуул, хилийн цэргийнхэн юу хийж байсан бэ үүнийг шалгаж нэр төрийг минь сэргээж өгөөч гэсэн утгатай л зүйл бичсэн.

-Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн үү?

-Намайг саатуулж гурван цаг тайлбар авсан. Мэдүүлэг биш. Эрүүгийн хэрэгт шалгаж хэрэг үүсгэсэн бол надад хамаарах зүйл ангийг сануулах учиртай тэгээгүй. Эрүүгийн хэрэг үүсгээгүй.

Д.Маргад

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хонины мах кг нь 8500 хүрэхэд 800 төгрөг болсон хуушуурын үнэ буухгүй байна

Монголчууд олон сая малтай хэрнээ махаа үнэтэй идэж байна гэсэн шүүмжлэл үе үе гардаг байлаа. Энэ жилийн хувьд махны үнэ өндрөө авсангүй. Харин ч сүүлийн саруудад өдөр өдрөөр хямдарч эхэлсэн байна. Манай сурвалжлах баг өчигдөр “Шонхор”, “Нарантуул II” худалдааны төвүүдээс сурвалжлага бэлтгэсэн юм. Ерөнхийдөө хямдарч байсан махны үнэ өнгөрсөн сарын сүүлээр бүр огцом буурч эхэлсэн байна. Хонины махны бөөний үнэ кг нь 2500-2700 төгрөгийн ханш дээр арваад хоног тогтоод уржигдраас нэмэгдэж өчигдрийн байдлаар 2800-3300 төгрөг болсон аж. Худалдаачид “Өнгөрсөн жилийн өдийд хонины махны бөөний үнэ 5000 төгрөгөөс буухгүй байлаа. Гэтэл одоо бараг талд нь л байна. Одоо идэшний цаг эхлэх дөхлөө. Тэгэхээр улам хямдрах нь дамжиггүй” гэлцэж байв.

Махны жижиглэнгийн үнийн хувьд өчигдөр их үдийн байдлаар “Шонхор” захад үхрийн ястай мах нэг кг нь 6000-6500, цул нь 6800-7000, адууны ястай мах 4500, цул мах 4300, хонины ястай мах 4500, цул мах 5200, ямааны ястай мах 4200, цул мах 5000, тэмээний мах 4500 төгрөгийн ханштай байлаа. Харин тахианы гуя кг нь 6500 төгрөг бол мөч нь 6800 төгрөг, нуруутай гуя 6200 төгрөгийн үнэтэй аж. Харин “Нарантуул II” худалдааны төвд зарим малын махны жижиглэнгийн үнэ арай хямдхан байв. Үхрийн ястай мах кг нь 5300, цул мах 5800, адууны ястай мах 4500, цул мах 4500, хонины ястай мах 4500, цул мах 5000, ямааны ястай мах 3600, цул мах 4300, тэмээний мах 4500 төгрөгийн үнэтэй байв. Худалдаачдын яриагаар бол хүмүүс “Шонхор” захаар ороод буцаад явах нь их байдаг аж. Тиймээс “Нарантуул II” төвд ажиллаж буй жижиглэнгийн худалдаачид жаахан татуу үнээр худалдаж буй нь энэ гэнэ. Түүнчлэн автобусны шинэ маршрут ч худалдаанд нь нөлөөлж байгааг ярьж байлаа. Одоо Дэнжийн 1000-ын чиглэлд “Зайсан-Согоотын гудамж”, “Улиастай-Дэнжийн 1000” чиглэлийн хоёр автобус л явдаг болсон гэнэ. Өмнө нь III, IV хороолол, вокзалын чиглэлүүдээс автобус ирдэг байхад арай дээр байсан хэмээж байв. “Нарантуул II” захын худалдагч Н.Цэцэгмаа “Автобусны чиглэл олон байхад зорьж ирээд хоолныхоо махыг аваад явчихдаг хүмүүс олон байсан. Одоо хоёрхон чиглэлийн автобус ирж байгаа нь нөлөөлж байна. Гэхдээ хүмүүсийн худалдан авалт ч муудчихаад л байна шүү дээ. Ерөнхийдөө би өмнө нь өдөрт долоон хонины мах зарчихдаг байсан. Одоо гурвыг аваад л үлдэгдэлтэй бууж байна” гэлээ. Тэрээр хонины хаанаас дунд чөмгийг салгаад богтос чөмөг, далтай нь ястай мах гээд худалдахаар тавьчихаж. Түүнийгээ заагаад “Хүмүүс ястай мах авахгүй болохоор нь нэг ясыг нь авчихсан юм. Ингээд байхад л авах нь нэмэгдэхгүй л байна” гэв. Бөөний худалдаачид малын тарган туранхайгаас шалтгаалан үхрийн махыг 3000-4200, хониныхыг 2800-3300, ямааныхыг 2700-3000, адууныхыг 2700-3000, тэмээнийхийг 2300-2500 төгрөгөөр худалдаж байгаа аж.

“Малчид үнээ хэлээд ав гэдэг болсон”

Махны үнэ буурч байгаа талаар “Шонхор” захын бөөний худалдаачин Н.Цогтбаатар “Махны үнэ үнэхээр буурчихсан шүү дээ. Өнгөрсөн хавар хоёр сая төгрөгийн үнэ хүрч байсан үхэр одоо бол сая төгрөг ч барихгүй шүү дээ” хэмээн зогсоно. Тэрээр “Борлуулалт муутай болохоор ченжүүд хөдөөгүүр явж мал мах авахаа больсон. Харин малчид өөрсдөө нядлаад ороод ирж байгаа юм. Хурим найрын ч үе болж байна. Дээр нь хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гээд банкнаас зээл авчихсан байдаг гэсэн. Тэгээд банкны л өрийг төлөх гээд малаа нядлаад ирдэг юм. Хүйтэрч эхлээгүй байгаа болохоор ченжүүд бөөнөөр нь авахгүй, тухайн өдөрт худалдахаа л авна шүү дээ. Тэгэхээр хөдөөнөөс ирсэн энд таних хүнгүй улс олигтой ч үнээр өгч чадахгүй буцах болдог. Өглөө махаа худалдаж чадаагүй малчид өдөр тийш сандраад “Үнээ хэлээд авчих” гээд л зогсож байгаа нь харагддаг. Миний хувьд энэ зах дээр олон жил малчдаас мах авч байна. Намайг таньдаг хүмүүс шууд авчраад л өгчихдөг юм. Хэд хоногийн дараа мөнгийг нь араас нь явуулдаг. Жижиглэнгийн худалдаа хийдэг хүмүүст махаа зээлээр өгөөд дараа нь мөнгөө аваад явуулдаг хэрэг л дээ. Жижиглэнгийнхэн ч цааш нь таньдаг хүмүүстээ зээлээр их өгдөг болсон юм шиг байна лээ. Өрийн сүлжээ үүсчихсэн. Би өмнө нь өдөрт таван үхэр зардаг байсан. Одоо ганцыг л зээлээр өгч байж аргалж худалдаж байна. 250 кг үхрийн мах кг нь ихдээ л 4000-4500 төгрөг хүрч байх жишээтэй” гэж ярилаа.

Ийн ярилцаж байтал хонины мах бөөнөөр худалдаалдаг н.Батсайхан “Хөгшчүүд, группт байдаг хүмүүс тэтгэвэр тэтгэмжээ буухаар ирж хонины гулууз мах авч байна. Мөн ресторан, цайны газрууд бий. Тэд л хөдөөнөөс ирж байгаа махыг шингээж байна даа. Ажил төрөлтэй залуучууд бол бүгдээрээ байрны лизингээс эхлээд янз бүрийн зээлтэй байдаг шиг билээ. Гулуузаар нь битгий хэл талаар нь ч авахаа больсон. Ирж хараад л сайхан хямдхан байгааг нь гайхаж байгаад явдаг. Хонины 30 кг-тай сайхан гулууз мах 100 мянган төгрөг л болж байна шүү дээ. Тэгэхэд авч чадах хүн ховор болчихсон” гэв. Малчид махаа зарж чадахгүй зах дээр өөрсдөө машинтайгаа зогсдог болсон тухай худалдаачид ярьсан боловч өчигдөр алга байлаа. Ерөнхийдөө өглөө ченжүүдэд өгөхдөө үнэ тохирч чадахгүй өөрсдөө худалдах болдог байна. Ингээд орой болоход мах нь зарагдахгүй бол кг тутамд нь 400-500 төгрөг татаад хурдхан шиг борлуулахыг боддог гэнэ. Ингэж үнэ унагадаг нь ченжүүдэд таалагддаггүй бололтой. Нэлээд ам муутай байх аж. Өчигдрийн байдлаар бөөний худалдаачид “Шонхор” зах дотор машин дээрээс үхрийн махыг салгаж худалдаж байсан. Тэд “Уг нь ингэж бага багаар нь худалддаггүй л юм. Гэхдээ ингээд ч гэсэн бөөний үнээр салгаж зарахгүй бол муудчихна шүү дээ” гэж байв. Хүмүүс аравдугаар сарын сүүлээр идшээ бэлтгэж эхэлдэг. Гэхдээ ченжийн гар дамжсан өндөр үнэтэй мах авахгүйн тулд хөдөөнөөс авахыг урьтал болгодог. Түүний дээр идэшний үеэр л худалдахгүй бол цаашаа мал авах хүн олдохгүй. Малчдын дийлэнх нь хотод нэг болон түүнээс дээш оюутантай. Тэднийхээ хэрэглээний мөнгө болоод сургалтын төлбөрийг нь төлөх гэж банкнаас авсан зээлийнхээ хэдэн сарын урьдчилгааг чухам л идэшний цагаар малаа худалдаж олохоос аргагүй. Иймээс махны үнэ улам ч хямдардаг тухай худалдаачид ярьж байсан юм.

Бусад зардал буурахгүй болохоор үнээбуулгахгүй гэнэ

Махны үнэ хямдраад байгаа хэр нь хуушуурын үнэ буухгүй байгааг шүүмжлэх нь бий. Учир нь энэ хоолонд мах хамгийн их ордог. Тиймээс махны үнэтэй шууд хамааралтай байх учиртай. Өмнөх жилүүдэд хонины мах 8500 төгрөгт хүрч байхад хуушуурын үнэ нэмэгдэж ширхэг нь 800 төгрөг болж байлаа. Өнгөрсөн зуны наадмаар 1000 төгрөгт хүрсэн хуушуурын үнэ одоо ч тэр хэвээрээ газрууд олон байна. СУИС-ийн баруун талын цайны газруудын хувьд оюутнууд, сургуулийн сурагчид ордог болохоор хоолны үнэ арай хямд байдаг аж. Хуушуур, бууз, пирошки, мантуун бууз, ороомог нь 700 төгрөгийн үнэтэй байв. Харин тавгийн хоолнуудын үнэ 3800-4500 төгрөгийн хооронд байлаа.

“Гоё бууз, гоё гоймон” хэмээх цайны газраар орлоо. Цайны газрын эзэн “Махны үнэ буурсан ч хоолныхоо үнийг буулгах боломж байхгүй. Гурил, цахилгааны төлбөр, шатахуун гээд бусад зардал нь буураагүй байна шүү дээ. Гурилын үнэ улам л нэмэгдээд байна. Дээрээс нь ялангуяа сургуулийн хүүхдүүд гэртээ хоол бэлдэж ирээд цай аваад иддэг болсон. Тавагтай хоол авдаг байсан хүмүүс чанасан гоймон идэж байна. Чанасан гоймон идэж байсан хүмүүс нь ширхгийн пирошки, мантуун бууз идэж байна шүү дээ. Нэг бэлэн гоймонгоос 500 төгрөгийн ашиг унадаг гэж бодъё. Өдөржин зогсоо зайгүй 200 гоймон чанаад зарлаа гэхэд 100 мянган төгрөг болно. Дөрвөн тогоочдоо өгөх цалинд ч хүрэхгүй. Цахилгаан, дулаан, цэвэрлэгээ үйлчилгээний зардал гарахгүй дээ. Цайны цагаар л гэхээс хүмүүс цөөнтэй болчихсон” хэмээж байсан юм. Өөр хэд хэдэн цайны газраар ороход мөн л адил зүйл хэлэх аж. “Нарантуул II” захын хашааны үүдэнд байрлах цайны газрын эзэн “Хоолныхоо үнийг буулгаад хаанаас ашиг олох юм бэ. Махны үнийн хэлбэлзлийг дагаж цэсээ өөрчилж чадахгүй. Энэ цэсийг дахиж хэвлүүлэх гэвэл 60 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм” гээд хоолны үнийн талаар асуусанд дургүйцсэн өнгөтэй хариулж байна.

Тэндээсээ Бага тойруугийн хэдэн ресторануудаар орж үзлээ. Эзэд нь өөрсдөө байдаггүй болохоор ажилчид нь хоолны үнэдээ тайлбар өгч чадахгүй юм. Гэхдээ Итали Монгол хоолны ресторанд өдөр ороход нэг ч хүн алга. Арваад минут суухад хэн ч орж ирсэнгүй. Өнөө хуушуураа сонирхоход дөрвөн ширхэг нь 8500 төгрөгийн үнэтэй байв. Үндэсний хоолны томоохон сүлжээ ресторанаар ороход тав, зургаахан хүн байлаа. Зөөгч нар нь хоолны цэсээ гартаа эргүүлж, бөөгнөрөн хоорондоо юм ярьсан шиг цаг нөгцөөж харагдана. Хуушуур энд 12900 төгрөгийн үнэтэй. Бусад хоолнуудын хувьд 7500-99000 төгрөг аж. Хоолны газрууд гурил, бензиний үнэтэй барьцсан зүйл ярьж үнээ буулгах сонирхолгүй байгаагаа хэлж байлаа.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Малайзын онгоцыг пуужингаар буудан сүйрүүлжээ

Украины нутаг дэвсгэрт нисч яваад сүйрсэн Малайзын MH17 дугаар нислэгийн онгоцны ослын шалтгааныг тодруулжээ. Тодруулбал, өнгөрсөн оны долдугаар сарын 14-нд Украины нутаг дэвсгэрт нисч явсан Малайзын Иргэний агаарын тээврийн Боинг 777 онгоц учир битүүлэг сүйрч, 298 зорчигчийг хойноос дэлхий нийтээрээ эмгэнэн гашуудаж байв. Өдийг хүртэл нууцлаг байсан эл ослын шалтгааныг Нидерландын шинжээчид тайлжээ.

Шинжээчид ямар дүгнэлт гаргав

Нидерландын шинжээчид дүгнэлтдээ дараахь дөрвөн зүйлийг чухалчилсан байна.

1. Украины зүүн бүс нутагт нисч явсан Малайзын агаарын тээврийн MH17 дугаар нислэгийн онгоцыг ОХУ-д үйлдвэрлэсэн “бук” загварын пуужингаар харваж сөнөөсөн.

2. Газраас харвасан пуужин онгоцны зүүн өмнөд хэсгийг оножээ. Амиа алдсан нисгэгчдийн цогцсыг шинжлэхэд пуужингаас үүсэлтэй тэсрэх бөмбөгний хэлтэрхий олдсон байна. Хамгийн түрүүнд жолоодлогын хэсэгт сууж явсан жолооч нар амиа алдсан.

3.Боинг 777-200ER онгоцыг сөнөөсний дараа Украины нутаг дэвсгэр дээгүүр 160 орчим олон улсын нислэг нисч өнгөрчээ. Аюултай нөхцөл байдал үүссэн байхад Украины тал агаарын хилээ хаагаагүй гэж Нидерландын шинжээчид буруутгаж буй.

4. Хамгийн гол нь пуужинг хаанаас, хэн буудсан нь тодорхойгүй байна. Харин бук пуужинг үйлдвэрлэгчид “Хэрэв Бук M1 пуужингаар Боинг онгоцыг хөнөөсөн нь баттай бол ОХУ-д үйлдвэрлэсэн 9M38 төрлийн пуужингийн систем байх боломжтой” гэсэн дүгнэлт гаргажээ.

MH17 онгоц ямар учраас, хэрхэн осолдов?

Нидерландын нийслэл Амстердамааас Малайзын Куала-Лумпурын чиглэлд MH17 нислэг хийж байсан Boeing 777-200ER онгоцыг “Бук” гэх пуужингаар сөнөөсөн тухай Нидерландын шинжээчид өнгөрсөн мягмар гаригт мэдээлсэн юм.

Бионг 777-ER200 онгоцыг ийм пуужингаар харважээ

Тус улсын Аюулгүйн зөвлөлийн дарга Тьиббе Яустра “Бук пуужинг ОХУ-д үйлдвэрлэснийг батлах боломжгүй гэж Оросын талаас мэдээлсэн. Шинжээчид уг онгоцыг 9Н314M цэнэг бүхий 9М38 пуужин сөнөөсөн гэж онцолж байгаа. Пуужин онгоцны нисгэгч нарын бүхээгийн зүүн дээд талд дэлбэрсэн бөгөөд үүний улмаас хамгийн түрүүнд онгоц удирдлагаа алдаж, задрахад хүрчээ. Улмаар Украины зүүн хэсгийн бүс нутагт хэсэг хэсгээрээ бутран унасан. Пуужинг Украины зүүн бүсийн нутаг дэвсгэрийн аль нэг цэгээс буудсан байх боломжтой” гэж мэдэгджээ. “Пуужин дэлбэрэхэд багийн гурван нисгэгч тэр даруй амиа алдсан байна. Мөн бусад бүх зорчигч амиа алдсан. Онгоцны хэсгүүд 50 кв.км талбайтай газарт тархан унасан” хэмээн тэр нэмэн хэлэв. Өмнө нь ослын талаар албаны хүмүүс “Онгоцон дотор дэлбэрэлт гарсны улмаас онгоц сүйрсэн байж болзошгүй” гэсэн таамаг дэвшүүлж байсан юм. Тэгвэл эл таамаг ташаа байсан нь ийнхүү батлагдлаа.

Мөн Нидерландын Аюулгүйн зөвлөлийн дарга Тьиббе Яустра “Пуужин яг хаанаас харвасан гэдгийг нарийн тогтоох хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

Аюултай нөхцөл байдалд Украины тал агаарын хилээ хаагаагүй

Боинг 777-200ER онгоцыг сөнөөсний дараа Украины нутаг дэвсгэр дээгүүр 160 орчим олон улсын нислэг нисч өнгөрчээ.

“Украины зүүн өмнөд хэсгийн агаарын орон зайг урьдчилан сэргийлж, сэрэмжлүүлэх үүднээс яаралтай хаах ёстой байсан юм. Гэтэл үүнийг Украины нисэхийн удирдлага хийгээгүй” гэж илтгэлийг танилцуулж байхдаа Яустра мэдэгдэв.

“Мөн нислэгийг хийлгэсэн орныхоо хувьд Нидерланд нь Malaysia Airlines эсвэл Kuala Lumpur Malaysia компаниудтай нислэгийн чиглэлийн талаар зөвлөлдөж, ямар нэгэн хариуцлагатай алхам хийгээгүй” гэж мэдэгджээ.

Хэргийн хариуцлагыг хэн хүлээх вэ?

Онгоцны ослын шалтгааныг тодруулсан ч, хэрэгтэн нь тодорхойгүй. ОХУ болон Украины тал эл хэргээс үүдэн нэг нэгэн рүүгээ хуруу чичилцгээж байна.

Украины Засгийн газар болон барууны зарим шинжээчид эл пуужинг Украиныг эсэргүүцэгч талууд ОХУ-аас зөөвөрлөн авчирсан хэмээн үзэж байгаа аж. Харин Оросын талаас үүнийг нь эрс эсэргүүцсэн бол Нидерландын эрх баригчид “Одоогоор хэн нэгнийг яаран буруутгах хэрэггүй” гэх мэдэгдэл хийсэн байна. Тэдний зүгээс эл хэргийн мөрдөн байцаалтыг цаашид илүү нарийвчлан шалгахаа мэдэгдсэн бөгөөд үүнд Оросын тал хамтран ажиллахыг Нидерландын ерөнхий сайд уриалжээ.

Нидерландын ерөнхий сайд Марк Рютте “ Орос сүйрлийн илтгэлд хүндэтгэлтэй хандан хамтран ажиллах хэрэгтэй. Эл хэрэг хоёр орны харилцаанд маш их нөлөөлж буй. Энэ хэрэгт хамаатай хүмүүс шийтгэлгүй өнгөрөхийн эсрэг бид боломжийн бүх зүйлийг хийх ёстой” гэдгийг онцолжээ.

Ямартай ч “Бук” пуужинг Украины зүүн бүс нутгийн тодорхой нэг цэгээс, 320 ам дөрвөлжин радиус бүхий газраас илгээсэн байна гэж шинжлэн дүгнэжээ. Гэхдээ энэ нь яг тийм нэртэй газраас, тэгж буудсан гэсэн баттай нотолгоо биш аж.

Боинг 777-200ER онгоцны ослыг эргэн сануулахад

Амстердамаас (Нидерланд) Куала- Лумпурын (Малайз) чиглэлд MH17 нислэгийг хийж байсан Малайзын иргэний агаарын тээврийн (Malaysia Airlines) зорчигч тээврийн Boeing 777-200ER онгоц Донецк мужийн зүүн хэсэгт 2014 оны долдугаар сарын 14-нд сүйрсэн юм. Онгоцонд нийтдээ арван улсын 283 иргэн зорчиж явсан. Мөн хөлгийн багийн 15 гишүүн байсан бөгөөд бүгд амь үрэгдсэн. Мөн зорчигчид дунд 80 хүүхэд байсан юм.

Ослын мөрдөн байцаалтын явцад тус хөлгийг “газар-агаар”, “агаар-агаар” ангиллын пуужингаар сөнөөсөн байж болзошгүй гэсэн санал дэвшүүлж байсан билээ.