Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цэрэг татлага дуусна

Энэ сарын 16-нд буюу өнгөрсөн баасан гаригт эхэлсэн цэрэг татлага
өнөөдөр дуусна. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг 10 дугаар
сарын 13-ны өдрийн байдлаар цэргийн насны залуучуудын 93.8 хувьд
тараажээ. Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх,
цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын
дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж,
дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улайсгасан төмрөөр хайрч тамгалах нь мал тамлаж байгаа хүнлэг бус зан үйл юм

Монголчууд өөрсдийгөө таван хошуу малын буян хүртэж байгаа ард түмэн гэж ярьдаг. Сүүлийн үед малчдын буянт малдаа хандаж байгаа хандлага, хоцрогдсон зан үйл зэргээс хараад байхад монголчууд малын хараал хүртэхээр болжээ гэж бодоход хүргэв. Шуудхан ингэж хэлэх болсон хэд хэдэн шалтгаан байгаа юм. Дээр нь нэмэхэд малчдын хувийн өмч болсон таван хошуу малыг хамгаалдаг хуультай болж, малчдыг хариуцлагатай, хүнлэг болгох шаардлагатай байна.

АДУУГ ТАМГАЛАХАА БОЛИОД ЧИП, GPS СУУЛГАДАГ БОЛСОН

Жил бүрийн намар аргын тооллын бар өдөр адуутай айл болгон унагаа тамгалдаг. Ингэхдээ өөрсдийн учир бэлгэдэл болсон янз бүрийн хэлбэр дүрс, утга санаа агуулсан тамга хэмээн нэрлэх төмрийг галд час улаан болтол нь улайсгаж байгаад унаганы хаа, гуя, зоон дээр шархийтэл дарчихдаг. Улайсгасан төмрөөр хайрч, үс, арьсыг нь түлж таних тэмдэгтэй болгож байгаа нь амьтныг тамлаж байгаа нэг хэлбэр. Мөн эм тэмдэг гээд янз бүрийн хэлбэр дүрс гаргаад чихийг нь хайчилдаг. Үүнийгээ сайхан үйл хийж байгаа мэт малчид төдийгүй, хүнлэг чанартай, соёлч боловсон гэгддэг төрийн түшээд, хууль санаачлан батлах эрх мэдэлтнүүд бие биеэсээ өрсөн цахим хаягтаа “Унагаа сайхан тамгаллаа. Тод гарсан байна уу, манайхан” гэж тамгалсан унаганыхаа зургийг тавьж сайрхан гайхуулахыг нь яана.

Мал тамлах зан үйл үүгээр дуусахгүй, цааш хөвөрч өгнө. Хавар эхээс төрөөд хоёр сар болоогүй нялх ишиг, хургаа хөнгөлнө гэж хэцүү зан үйл бий. Ингэхдээ засаачин гэх нөхөр тусгайлан бэлтгэсэн төмөр хутгаар зүсч, төмсгийг нь суга татаад авчихдаг. Зүссэн арьсаа эргүүлэн гараараа чимхэж наагаад “Өднөөс хөнгөн, сумнаас хурдан эдгэх болтугай” гэж хэлээд шүлсээрээ түй гэж нулимаад л болчихож байгаа юм. Бяруу, үрээг хөнгөлөхдөө хүртэл ялгаа байхгүй. Малд бага хэмжээний мэс ажилбар хийж байгаа мөртлөө зүссэн шархыг ариутгана гэх ойлголт огт байхгүй. Бүр нөгөө малаа хорлож байгаа юм шиг олон мал хөнгөлж, өтөг бууц, шороо болж бохирдсон хутгаараа хэдэн зуугаар нь хөнгөлдөг. Үүнээс болоод хөнгөлүүлсэн малын зүсэлт хийсэн хэсэгт бохир орж хавдаж, өт батганадаа баригдчихаад байхад малчид огт тоохгүй. “Хөнгөлсөн хэдэн үрээ хойд энгэрт бүрзийчихсэн зогсож байна” гэж ярина. Үнэндээ шарх нь бохирдсоноос болж хавдаж, халуураад явж чадахгүй болчихоод зогсож байгаа юм. Монгол зэрэг цөөн хэдэн оронд энэ мэт хоцрогдсон аргаар малаа хөнгөлж байна. Гэтэл барууны орныхон хөнгөлөх гэж байгаа малаа тариа хийж унтуулаад тусгайлан бэлтгэсэн бодисоор ариутгасны дараа хөнгөлж байна.

Мөн малыг тамлаж, шалзлан байж таних тэмдэг хийх ямар ч шаардлагагүй болчихсон. Гаднын орнуудад бар код бүхий чип суулгаад л болчихдог. Чипээ уншуулаад л тухайн малын удмын сангийн мэдээлэл хүртэл гараад ирнэ. Хулгайч нараас урьдчилан сэргийлэх тал дээр ч асуудалгүй.

МАЛЫН ӨВЧИН ТАРААЖ, ОЛОН МЯНГАН МАЛ УСТГУУЛААД УЛСЫН ТӨСӨВ ХООСОЛЖ БАЙНА

Малчид өвөлжөө бууцаа сайн цэвэрлэж, үхсэн малынхаа сэг зэмийг мал эмнэлгийн аргаар устгалд оруулахгүй байгаагаас сүүлийн жилүүдэд гоц халдварт өвчин тасарсангүй. Малчдын буруутай үйлдлээс болж олон мянган малыг жил бүр устгалд оруулдаг гэсэн үг. Тусгай багаж хэрэгсэл, хувцас өмссөн мал эмнэлгийн ажилтнууд хэдэн мянган малыг буудаад гүнзгий ухсан нүхэнд хийж шатаагаад булж байна. Хэрэв малчид аливаа зүйлд хариуцлагатай ханддаг, хэнэггүй зангаа засч чадсан бол малын халдварт өвчний улмаас хэдэн мянган малыг устгаж, газарт булахгүй. Малчид ингэж хариуцлагагүй хандаж байхад хэн ч тэдэнд хариуцлага хүлээлгэхгүй өнгөрөөдөг. Хариуцлага хүлээлгэх хуулийн заалт ч байхгүй. Хариуцлага хүлээлгэх нь битгий хэл улсаас хохирлыг нь барагдуулж устгалд орсон малынх нь тоогоор мал өгөх нь энүүхэнд. Нэг хүний буруугаас болж сум, аймгийн олон мянган малыг устгаж байхад хохирлыг нь улсын төсвөөс гаргаад л сууж байдаг. Үүнийг нь хэн ч асуудал болгодоггүй, нэг ч малчинд хариуцлага тооцдоггүй.

Дараагийн нэг харгислал гэвэл залхуугаасаа болж малыг өлсгөж, турааж алдаг явдал. Малчид зун, намартаа найр наадам хэсээд алга болчихдог. Отор хийж малаа таргалуулахын талаар яриад ч хэрэггүй. Зарим нь нэг ч боодол өвс бэлтгэж авалгүй өвөлтэй золгодог. Олон хавар нэгэндээ гэгчээр нэг л шөнө цас нэвсийтэл дараад орчихдог. Гаднаасаа хүйтэнд хайрагдаж, идэх өвс, тэжээлгүй болсон мал хэдэн өдөр болоод турж үхдэг. Хэрэв эзэн нь намартаа айраг, архи эргүүлж явахын оронд өвс тэжээл бэлтгэчихсэн бол мал үхэхгүй нь тодорхой. Төр засаг малчдыг залхуурлаа гэж шагнаж байгаа юм шиг улсын төсвөөр бэлтгэсэн өвс, тэжээлийг үнэ төлбөргүй хүргэж өгч, эрхлүүлдэг. Үнэн хэрэгтээ эд хөрөнгийнхөө эзэн нь юм бол хариуцлагатай байх ёстой шүү дээ. Хашаа хороо, саравчаа олигтойхон дулаалж янзлаагүйн улмаас мал хөлдөж үхдэг. Хотонд нь мал хөлдөж үхэж байхад малчин зуухныхаа бөөрийг улайстал гал түлчихээд дулаан гэртээ цээж нүцгэн сууж байдаг нь худлаа биш.

ЗУД БОЛНО ГЭСЭН ЦУУ ҮГЭНД ОЛОН МЯНГАН МАЛ НЯДЛАГДАХ БОЛОВ

Энэ намар мал, махны үнэ навс унав. Сүүлийн арав гаруй жил ингэж хэд дахин хямдарсан тохиолдол байхгүй. Махны үнэ хямдарч байгаа шалтгаан нь малчдын дунд “Энэ жил зуд болно гэсэн” гэх цуу яриа гарсантай холбоотой. Өвс тэжээл бэлтгэхээс залхуурсан малчид онд орохгүй байж магадгүй гэсэн мал болгоноо хийж байна. Малчдын залхуурлаас болж олон мянган мал мах болон хүнсний захын лангуун дээр зарагдахгүй хэвтэж байна. Зуд болно гэсэн цуу ярианы уршиг олон мянган малын хувь тавиланг хэрчиж орхилоо. Зөвхөн малчдын малдаа хүнлэг бус шуналын сэтгэлээр хандаж байгаа талаар товч дурдахад ийм байна.

Хүн, мал ялгаа байхгүй л байгалийн амьтан. Бурханы бүтээсэн бодгаль хийгээд бэлэг. Дэлхийн хүн төрөлхтөн зэрлэг амьтныг хамгаалах асуудлыг дээд зэрэгт тавьж байна. Хэрэв зэрлэг амьтныг агнах, тамлаж зовоох юм бол өндөр төлбөр төлж, хорих ялаар хүртэл шийтгүүлж байна, зарим улсад. Зэрлэг амьтныг ингэж хамгаалж байхад хэдийгээр хэн нэгний хувийн өмч ч гэсэн малд яагаад ингэж хатуу харгис хандах ёстой гэж. Социализмын үед малыг тэнэгүүд малладаг гэж үздэг байв. Тэр үед ямар ч мэдлэг боловсролгүй, сургуульд огт явж байгаагүй хүмүүс мал дээр гардаг байлаа. Тэгвэл өдгөө мал адгуулж хариулж, маллана гэдэг тэнэг хүний хийдэг ажил биш. Мал хариулахад боловсрол хэрэгтэй.

Оюун ухааны өндөр хөгжилд хүрч, бүх зүйлс боловсронгуй болсон өнөө цагт амьдралын эх үүсвэр болсон малаа тамлан зовоож, харгис зан үйлээр хандаж байгааг хуулиар зогсоох хэрэгтэй байна. Мал хувийн өмч мөн ч гэсэн байгалийн амьтан. Тиймээс мал аж ахуйн хариуцлагын хууль батлагдах хэрэгтэй байгаа нь амьдралаас урган гарч байна. Хуулийг дагаж малчид хариуцлагатай болно. Үүнийгээ дагаад бусармаг, үеэ элээсэн хуучинсаг зан үйл болон арга барил ор мөргүй алга болох юм. Хууль батлагдсанаар бусад зэрлэг амьтантай ялгаагүй адилхан байгалийн амьтан болох таван хошуу малыг хамгаалж чадна. Өв уламжлалд ч бас бодож, засаж залруулах зүйл байдаг юм.

Categories
мэдээ цаг-үе

Иргэд хувийнхаа хөрөнгөөр диализийн төв байгуулжээ

Саяхан “Lux” диализийн төв нээгджээ. Бөөрний дутагдалтай хүмүүсийн амин чухал зүйл бол гемодиализийн аппарат. Тус аппарат манай улсад тийм ч олон биш бөгөөд нэгдүгээр эмнэлэг, гуравдугаар эмнэлэг болон “Ulaanbaatar med” зэрэг хуруу дарам цөөн эмнэлэгт л бий. Ингэхдээ хавсарга бүхий гемодиализийн тасгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн ганц нэг аймагт цөөн ширхгээр байдаг аж. Тэгвэл Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд “Lux” диализийн цогц төв нээгдээд удаагүй байна. Тус төв “Люкс Хаус-3”-ын хоёр давхарт байрлах бөгөөд биднийг очиход хараахан үйлчлүүлэгчид ирээгүй байсан юм. Төд удалгүй тэдэнд хандах хүмүүс ар араасаа цувж эхлэв. Эмчилгээ хийлгэхээр эмчдээ үзүүлээд цаг захиалаад явж байгаа нэгэн байхад зөвлөгөө аваад гарч байгаа хүмүүс ч таарав. Зөвхөн өвчтөнүүдэд зориулсан учраас бүх үйлчилгээг нэг дороос бүрэн авах боломжийг бүрдүүлжээ.

Үйлчлүүлэгч мэдээллийн ажилтанд бүртгүүлээд их эмч Х.Бумдэлгэртэй уулзаж анхан шатны шинжилгээ өгөх юм байна. Ингэхдээ эмч тухайн өвчтөний биеийн онцлог, өөр ямар суурь өвчтэй зэрэг олон судалгаа, шинжилгээ авсны эцэст эмчилгээний цагийн хуваарьт орох нөхцөл бүрдэх юм байна. “Lux” диализийн төв есөн ширхэг гемодиализийн аппараттайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хоногт 27 өвчтөн гурван ээлжээр хүлээн авах хүчин чадалтай аж. Хоёрхон хоногийн дотор 20 гаруй хүн эмчлүүлэхээр захиалга өгчээ. Ихэнх хувийн эмнэлэгт 139 мянган төгрөг байдаг. Харин тус эмнэлэг 130 гаруй мянган төгрөгийн үнэтэй юм байна.

Бөөр нь хүний амин чухал хос эрхтэн. Биеийн жингийн 0.3 хувьтай тэнцэх ба минутад 1.2 литр цус шүүдэг байна. Бөөрний архаг үрэвсэл нь бөөрний дутагдалд хүргэдэг болохыг эмч нар хэлж байсан. Бөөрний архаг дутагдалд орсноор эцэстээ эмийн эмчилгээ үр дүнгүй болж гемодиализийн аппаратад ордог. Эсвэл бөөр шилжүүлэн суулгах хувилбарыг сонгодог байна. Харин энэ төрлийн аппарат нь улсын хэмжээнд 100 хүрэхгүй тооны байдаг учраас эрүүл мэндийн салбарын өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа аж.

Б.Бэхболд гэх хижээл насны эр 27 настай хүүгийнхээ хамт их эмч Х.Бумдэлгэрийн өрөөнд орж ирэв. Түүний хүү бөөрний архаг дутагдалд ороод жил гаруй хугацаа өнгөрчээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Таны хүү бөөрний архаг дутагдалд ороод жил гаруй хугацаа өнгөрсөн гэлээ. Энэ хугацаанд гемодиализийн эмчилгээ хийлгэж байсан гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Энэ аппаратны тусламжтайгаар л миний хүү өнөөдрийг хүртэл амьдарч явна.

-Та энэ эмнэлэгт хэзээ хандсан бэ?

-Одоо л ирж байна. Манай хамаатны нэг хүн диализийн бүр том төв нээгдсэн гэж надад хэлээд хаягийг нь хүртэл зааж өгсөн юм. Үнэхээр тааламжтай санагдаж байна.

-Юу нь?

-Юм бүхэн нь. Би хүүгээ хөтлөөд жил гаруй хугацаанд эмнэлгийн үүд сахиж, эмч нарыг царайчилж ирсэн. Хувийн эмнэлэгт өртөг өндөртэй. Улсын эмнэлэг болохоор бидэнд олдохгүй. Ганц хоёр аппаратад ороод л дахиад хүлээж авах боломжгүй гэдэг. Би хэд хоногийн өмнө бүр аргаа бараад Эрүүл мэндийн яаманд очсон. Нэг өвчтэй хүүтэй, нэг оюутан хүүхэдтэй. Гэр бүлээ тэжээмээр байдаг. Оюутан хүүхдийнхээ төлбөрийг хийчихмээр байдаг, өвчтэй хүүгээ ямар үхэхээс өөр сонголт байхгүй гээд хаялтай биш. Хоёулаа л миний мах цусны тасархай. Гэтэл би өнгөрсөн хугацаанд байсан болгоноо хүүгийнхээ эмчилгээнд зориулаад дууссан. Арай л гэр бүлээрээ гадаа хоночихгүй явна. Тиймээс хүүд минь туслах ямар нэг арга хэмжээ байна уу гэж яаманд хандсан. Хувийн эмнэлэгтээ ч хэдэн төгрөгөө өгч барахаа байлаа шүү дээ.

-Яамны зүгээс ямар хариу өгсөн бэ?

-Анх удаа хандаж байгаа нь та биш. Манай яамны үүдэнд бөөрний архаг дутагдалтай гэх оноштой 95 хүн байна. Ямар ч эмчилгээ үзүүлэх боломжгүй гэсэн. Шулуухан хэлэхэд эдгээр хүмүүс донор олдтол, эсвэл хэн нэгнийг үхэхээр бөөрийг нь горьдоод сууж байна.

-Хувийн эмнэлэгт хэдэн төгрөгөөр эмчилгээ хийлгэж байсан бол?

-Өдрийн 170 мянган төгрөгөөр гемодиализийн аппаратад орж байсан.

-Тэгэхээр та дахиад хувийн эмнэлэгт хандахаас өөр сонголтгүй болжээ?

-Өөр яахав. Энд нэг өдрийн эмчилгээ нь 139 мянган төгрөг юм байна. Ядаж л хямдхан. Бас үйлчилгээ сайтай санагдлаа. Ямар ч байсан эмчээсээ зөвлөгөө авлаа. Их сайхан дэлгэрэнгүй ойлгомжтой зөвлөгөө ч өглөө.

-Долоо хоногт хэдэн удаа эмчилгээ хийлгэх үү?

-Ийм өвчтэй хүн долоо хоногт гурван удаа аппаратад орох ёстой юм билээ. Гэхдээ мөнгө төгрөгийн бололцоо хомс байгаа учраас яаж ийгээд долоо хоногт хоёр удаа орох бодолтой байна гэв. Тэрээр “Миний хүү насан туршдаа ийм давтамжтайгаар дээрх эмчилгээг авна шүү дээ. Гэтэл өдрөөс өдөрт бидэнд мөнгө олдох нөхцөл улам л хумигдаад байна. Төр засаг энэ төрлийн өвчнийг эрүүл мэндийн даатгалаар зохицуулж өгвөл үнэхээр магнай тэнийх гээд байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Х.Бумдэлгэр эмчийн ярьснаар бол стандартын дагуу бөөрний архаг дутагдалтай хүмүүс насан туршдаа долоо хоногт гурван удаа гемодиализийн аппаратны эмчилгээнд орох ёстой гэсэн. Нэг удаа орохдоо дөрвөн цаг эмчлүүлж цусаа шүүлгэж, бүрэн сэлбэдэг байна. Хэрвээ аппаратны эмчилгээнд орохгүй бол бие сульдах, амьсгаадах, нойргүйдэх, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Энэ тохиолдолд зохих арга хэмжээ авахгүй бол шууд л амь насанд нь нөлөөлдөг байна. Тэрээр Улсын нэгдүгээр эмнэлэгт бөөрний чиглэлээр олон жил ажилласан туршлагатай эмч бөгөөд уг өвчин олон жилийн туршид бугшсаар нэг өдөр архаг болтлоо хүндэрсэн байдаг гэдгийг онцлов.

Энэхүү диализийн цогц төвийг хувь хүн өөрийнхөө хөрөнгөөр байгуулжээ. Ингэхдээ ашгийн бус зөвхөн хүний төлөө гэсэн тайлбарыг хэлж байсан. Тус төвийн үүсгэн байгуулагч Т.Пунцаг Америкт амьдардаг юм байна. Тэрээр “Люкс Хаус” компанийн захирал Н.Төрбаттай хамтран энэхүү төвийг байгуулжээ. Т.Пунцаг “Би нефтийн мэргэжилтэн. Эрүүл мэндийн салбарт “А” ч үгүй. Анх уг төвийг байгуулах санаа 2011 онд төрсөн. Би Америкт олон жил амьдарсан. Одоо ч амьдарч байна. Гэхдээ би олон эмч найзтай. Тэднээс болон Монголынхоо тухай сонин, сэтгүүлээс бөөрний өвчлөлийн талаарх мэдээллийг нэлээд уншсан. Тэгээд энэ өвчнөөр шаналж яваа хүмүүст туслах арга зам хайж эхэлсэн. Ингээд эм тариа, ширхэг гуурс байсан ч ямар зориулалтаар ашигладаг болоод энэ өвчлөл Монголд хэрхэн газар аваад байгаа талаар олон судалгаа хийж том төсөл хүртэл бичсэн. Үүний дараа гемодиализийн аппаратыг судлаад Америкийн “Davita Village Trust” нэртэй ашгийн бус сайн дурын олон улсын байгууллагад хандсан. Тэд намайг болон Монголын нөхцөлийг маш нарийн судалсны үндсэн дээр хамтарч ажиллахаар болж энэхүү аппаратуудыг нийлүүлсэн” гэв. Түүний хувьд эмнэлгийн зураг төслөө гаргажээ. Тэрээр “Люкс Хаус” компанийн захирал Н.Төрбат бид хоёр эртний танил. “Бид ашиг хараагүй. Гол нь энэ өвчнөөр шаналж буй мянга мянган хүн, тэдний гэр бүлд бага ч гэсэн аз жаргал бэлэглэх зорилго нэгтэй” гэсэн юм. Н.Төрбат захирал барилгын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ч эрүүл мэндийн салбарт санаа зовниж явдаг нэгэн гэнэ. Тиймээс өөрийн хөрөнгөөр Улсын нэгдүгээр эмнэлэгт 100 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивласан болохыг ажилчид нь хэлж байлаа.

Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн ар гэрийнхэн нь аппаратных нь эмчилгээг тасалдуулахгүйн тулд байр, машин, ээмэг зүүлт, төрөл төрөгсдийнхөө эд хөрөнгийг зарж дууссан талаар олон ч тохиолдол дурдсан. Диализ эмчилгээ тасралтгүй хийлгээд 16 жил болсон хүн ч байдаг гэнэ. Тиймээс диализийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалд хамрагдуулж өгөх нь олон мянган бөөрний дутагдалтай өвчтөний амийг авраад зогсохгүй тэдний ар гэрийнхний нуруун дээрх ачааг бага ч гэсэн хөнгөвчлөх байна. Ингэхдээ эмчилгээний тал хувийг өвчтөн өөрөө гаргаж, үлдсэн хувийг нь даатгалаас гаргадаг тогтолцоотой болох нь чухал гэдгийг тус төвийнхөн онцолж байсан. Диализийн аппаратаас илүүтэйгээр дагалдах шүүлтүүр, холбох аппарат нь үнэтэй тусдаг гэнэ. Монгол Улсад 2007 оны байдлаар зөвхөн Улсын нэгдүгээр эмнэлгийн судалгаагаар 100 мянган хүн тутмын 110 нь бөөрний архаг дутагдалд орсон байсан бол таван жилийн дотор энэ тоо дөрөв дахин өсчээ. Энэ төрлийн өвчлөл Монголд эхний гуравт бичигддэг байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

У.Уранцэцэг: Би дэлхийгээр хэсч, дуулж явдаг ажилтай

Дэлхийн дуучин У.Уранцэцэгийн гургалдай хоолой ДБЭТ-ын тайзнаа эгшиглэж байна. Түүний эгч жүжигчин У.Уранчимэгийг хүмүүс мэднэ дээ. Эвлэгхэн дуулдаг, гурван эгч дүүсийн нэг өдгөө дэлхийн театруудаар уригдан дуулдаг дуурийн дуучин болжээ. Италийн нэрт хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттигийн “Лучиа ди Ламмермур” дуурь энэ сарын 17, 18-нд анх удаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдоно. Дуурийн найруулагчаар БНСУ-ын найруулагч Ан Ху Вон ажиллаж байна лээ. Уг дуурийн гол дүр болох Лучиад У.Уранцэцэг тоглохоор ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамт бэлтгэл хийж байлаа. “Лучиа ди Ламмермур” нь сопрано хоолойтнуудын хүч, авьяасыг сорьдог дэлхийд алдартай бүтээл юм. Бэлтгэл завсарлах үеэр У.Уранцэцэгтэй ярилцлаа.

-Монголын ДБЭТ-ын тайзан дээр анх удаа дуулж байгаа гэсэн?

-16 жилийн дараа театрынхаа урилгаар ирж байгаадаа баяртай байна. Үнэнийг хэлэхэд өмнөх дуурийн театрын дарга нар намайг уриагүй. Энэ удаа Ч.Мөнхзул дарга намайг урьсанд баяртай байгаа.

-Таны тоглох дуурийн тухайд юу хэлмээр байна?

-Монголд энэ дуурь анх удаа тавигдаж байгаа юм. Түүнээс биш дэлхийд алдартай дуурь. Энэ дуурийг тэр бүр театрууд зориг гарган тавьдаггүй. Маш хүнд дуурь учраас. Монголын театр зориглон тавьж байгаад баярлаж байна. Том юм хийж байж л их юм сурна шүү дээ. Доницеттигийн дуурийг тавьснаар залуу уран бүтээлчид жаахан ч гэсэн юм сурч байгаад олзуурхаж байна. Энд бас миний хайртай хөгжмийн зохиолчийн, хайртай дуурь маань тавигдсанд бас дуртай байсан л даа. Яг энэ дүрдээ би дөрөвдүгээр сард Эстонид дуулна.

-Таныг Италид ажиллаж амьдардаг дуучин гэдэг?

-Намайг янз бүрээр ярьдаг л даа. Өөрийгөө дэлхийн дуучин гэж хэлнэ. Энд тэнд очоод дуулдаг учраас Италид ажиллаж амьдардаг гэж болохгүй. Амьдрахын хувьд би Итали улсын Милан хотод амьдраад 17-18 жил болж байна. Ажиллахын хувьд дэлхийгээр хэсээд явж байдаг хүн дээ.

-Дэлхийн театруудаар ихэнх цагаа өнгөрөөдөг болохоор жинхэнэ нүүдэлчин амьдралын хэв маягтай хүн шиг санагдлаа?

– Бидний амьдрал ерөөсөө тийм. Заримдаа долоо хоногт хоёр, гурван улсад очиж дуулах жишээтэй. Их ядардаг. Яахав ажил болгон өөрийн гэсэн онцлогтой шүү дээ. Онгоцны буудал, зочид буудал, таксинд ихэнх цагаа зарцуулдаг.

-Таны очих дуртай нутаг орон, театр аль нь вэ?

-Би Германд ажиллах дуртай. Асар их зохион байгуулалт сайтай хүмүүс. Аливаа улсуудын хотын төв театруудад ажиллах дуртай. Аль эртнээс хуваарь нь гараад ажил нь жигдэрчихсэн байдаг. Миний зүгээс ямар ч стрессгүй ажиллах боломж олддог болохоор аятайхан.

-Орчин үед дуурийн дуучид хамгийн их даяаршсан хүмүүс болжээ?

-Монголын систем өөр. ДБЭТ-т гоцлол дуучин гэсэн орон тоо байдаг. Дэлхийн ихэнх дуурийн театрыг орон тооны дуучин байдаггүй. Итали, Испани, Франц, Бельги, Нидерланд гээд ихэнх оронд өөрийн гэсэн орон тооны дуучин байдаггүй. Зөвхөн оркестр, хоорын дуучин гэж байдаг. Систем нь өөр. Тийм учраас нэг дуурь хийлээ гэхэд ертөнцийн өнцөг булан бүрээс дуучид цугларч дуурь босгодог. Хоёр сар шахам хугацаанд “нүдээд” дуурь босчихно.

-Олон орны хүмүүс хамт ажиллахад зохицох, ойлголцохоос авахуулаад бэрхшээл байдаг уу?

-Бүгд ажлаа мэддэг учраас хүмүүс зохицоод л явна.

-Та энд тэнд явж байхдаа Монголынхоо уран бүтээлчидтэй таарч байв уу?

-Болгарт ажиллаж амьдардаг монгол дуучин байдаг юм билээ. Германы театрт очиж дуулахад тэндхийн ажилтнууд “Энд бас нэг монгол дуучин ирнэ ш дээ” гэж байсан. Болгарт байдаг Баясгалан гээд дуучин байдаг юм билээ. Түүнээс биш өөр уран бүтээлчтэй таарч байгаагүй.

-Эгч дүү гурван Урнаа дуулдаг байсныг санаж байна. “Вансэмбэрүү” гээд л дуулдаг байлаа?

-Багаасаа л уран бүтээл хийгээд тайзан дээр дуулж байсан. Тэр үед өөр цаг үе байлаа. Тэгж дуулснаар их юм сурч авсан гэж боддог. Наад зах нь тайзан дээр биеэ авч явж сурсан.

-Багадаа дуучин болно гэж боддог байсан уу?

-Ерөө­сөө л дуучин болно гэж боддог байсан.

-Эгч дүүс хэр холбоотой байдаг вэ?

-Холбоотой байлгүй яах вэ. Дөнгөж сая хүргэж өгчихөөд явлаа. Миний хамгийн чухал эрдэнэ эгч дүүс маань.

-Монголд ямар төлөвлөгөөтэй ирсэн бэ. Дуулах, бэлтгэл хийхээс гадна хаагуур юу амжуулах вэ?

-Одоогийн байдлаар надад амжуулж байгаа юм алга. Дуурийн театр дээр өглөөнөөс орой хүртэл бэлтгэл, сургуулилт хийж байна. Арванхоёр­дугаар сард бас ирж магадгүй. Бас нэг тоглолт яригдаад байгаа. Би 18-нд дуулчихаад, маргааш нь буцна. 21-нд Италид тоглолттой болохоор энд удаан байх боломжгүй. Ээж аавдаа ч цаг гаргаж чадахгүй байна. Өглөөнөөс авахуулаад тайзан дээр дуулаад орой ядарсан амьтан усанд ороод унтаж байгаа.

-Алдарт Лучано Павароттитой хамтарч дуулсан гэсэн. Таныг яагаад сонгосон юм бол?

– Монголын дуучин гэхээр өөрт нь их сонирхолтой сонсогдсон гэсэн. Миний хийсэн ажилтай танилцаад, дуулж байгааг маань сонсоод таалагдсан юм билээ. Тэгээд өөрийнхөө зохион байгуулсан тоглолтод урьсан. 20 орноос дуучин ирсэн байлаа. Түүнд нь Монголоо төлөөлж дуулсан. Сайхан дурсамжтай мөч л дөө. Нас барахаас нь тав зургаан жилийн өмнө юм уу даа.

-Хүү чинь бас дуулдаг уу?

-Одоогоор авьяас өвлөсөн тухай ярихад эрт. Хүү маань жижигхэн. Дөрөвхөн настай. Монгол нэрийг нь Анар гэдэг юм. Нөхөр Андрей маань инженер мэргэжилтэй хүн байдаг.

-Нөхөр чинь таны шүтэн бишрэгч үү. Монголд танилцсан гэж сонссон?

-Нөхөр маань Монголд хоёр жил ажилласан. Би оюутан байхдаа орчуулагч, телевизэд нэвтрүүлэгч хийдэг байлаа. Хоёр ажил давхар хийдэг байсан. Итали хэлний орчуулагчийн ажлаа хийж явахдаа нөхөртэйгөө танилцаж байв. Маш зөөлөн сайн хүн. Би өөрөө ааштай, зарчимч. Манай хүн маш дөлгөөн.

-Олон хэлээр дуулах шаардлагатай болдог байх?

-Таван хэлээр ярьдаг. Хэлтэй бол хөлтэй гэдэг. Залуу дуучдад захиж хэлэхэд гадаад хэл маш сайн сурах хэрэгтэй. Залуу насыг алдаж болохгүй. Монголчууд маань залхуу байна. Өөртөө сэтгэл ханасан байдаг юм байна. Тэр нь харамсалтай санагдлаа.

-Монголын дуурийн дуучид ямар түвшинд байна вэ?

-Сайн дуучид байна. Надтай цуг дуулж байгаа Э.Амартүвшин гээд залуу байна. Үнэхээр чадварлаг дэлхийн стандартын түвшинд очиж дуулахаар Ч.Энхтайван гэж дуучин байгаа. Хоолой нь надад маш их таалагдаж байгаа. Ур чадварын хувьд дэлхийд гологдохгүй дуучид.

-Дуулахаас бусад үед эх орондоо ирдэг үү?

-Нөхөр хүүхэдтэйгээ зун ирээд буцдаг. Зуны амралтаар 20-21 хоногийн хугацаатай ирдэг. Миний аав ээж ная гарч байгаа хоёр хөгшин бий. Тэдэндээ өөрийгөө харуулах хэрэгтэй.

-Монголынхоо залуу уран бүтээлчдэд хандсан ажил хийх бодол байдаг уу?

-СУИС, ХБК-той хамтраад материалтай, авьяаслаг залууст юм хэлээд өгчихье гэж бодолгүй яахав. Давчуу хугацаатай, бэлтгэл ихтэй учраас цаг гаргаж чадахгүй байгаадаа харамсаж байна. Надтай хамтарч ажилладаг австри, герман, франц гурван агентлаг байдаг. Тэд миний бүтэн жилийн ажлын хөтөлбөрийг гаргачихдаг. Чемоданаа барьж очиж дуулчихаад, сар, сар хагас болоод ирдэг. Энэ удаа 11 хоногийн хугацаатай ирлээ.

Categories
мэдээ нийгэм

1700 иргэн дулаан тохилог ажлын байраар хангагдлаа

Нийслэлийн Баянгол дүүрэгт 1700 иргэнийг ажлын байраар хангасан, 19000 м2 талбай, 700 автомашины зогсоол, зоорийн долоон давхар барилга бүхий гурав дахь Хархорин шинэ худалдааны төвийн нээлтээ хийлээ. Нээлтэнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөрэрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа нар оролцсон.

Нээлтийн үеэр нийслэлийн удирдлагууд “Ил задгай худалдаагхорин жил эрхэлж, өвлийн хүйтэнд даарч, зуны халуунд халж ар гэрээ авч яваа олон худалдаа эрхлэгчдийн хүчээршинэ худалдааны төв боссонд баяртай байна.

Энэхүү худалдааны төв нь цэвэр бохир усны системд бүрэн холбогдсон бөгөөд нийт барилга байгууламжид 38 тэрбум, гаднах тохижилтондоо 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь эдийн засаг хүндэрсэн үед иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн төлөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт болсон” гэдгийг онцолсон. Хотын Ерөнхий менежер Б.Бадрал” Нийслэлийн зүгээс орц гарцыг шийдэх талаар ярилцаж байгаа” гэдгийг хэллээ.

Түрээслэгчид 2015 онд шат дараатайгаар 2 худалдааны төв ашиглалтанд оруулсан. Одоо гурав дахь төвийн нээлтээ хийж байгаад баяртай байна. Биднийг дулаан тохилог орчинд ажиллах нөхцөл бололцоогоор хангасан захын удирдлагууддаа баярлалаа” гэж хэллээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Багануур дүүргийн засаг даргын сонгууль маргааш болно

Нийслэлийн ИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан билээ. Налайх хотын засаг даргаар тус дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан сонгогдсон юм.

Харин Багануур хотын засаг даргын сонгууль аравдугаар сарын 18-ны өдөр буюу ням гарагт болох бөгөөд Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Б.Ганбаатар, Ц.Цогбаяр нар бие даан нэр дэвшиж байна. Багануурын иргэд 07.00-22.00 цагийн хооронд харьяа хороон дээрээ сонгуулиа өгнө.

Categories
мэдээ спорт

Кэндогийн аварга шалгаруулна

Япон Улсаас Монгол Улсад суух ЭСЯ-аас энэ сарын 18-ны өдөр Кэндогийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээг тус яам болон Монголын Кэндогийн холбоо хамтран зохион байгуулж байгаа аж.

Тэмцээнд оролцогчид хүүхдийн, эрэгтэй болон эмэгтэй тамирчдын, мөн багийн төрлүүдээр өрсөлдөхөөс гадна Монголд оршин суудаг япон тамирчид монгол тамирчидтай нөхөрсөг тулаан хийж, Японы Кэндогийн холбооны багш дасгалжуулагчид үзүүлбэр үзүүлэх юм байна.

Ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчин JENESYS 2.0 хөтөлбөрийн шугамаар Япон улсад аялах эрхээр шагнуулах аж. Тэмцээн “Шинэ Монгол” сургуулийн биеийн тамирын зааланд маргааш эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Газар доорх авто зогсоолуудын хэмжээг нэмнэ

“Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын дагуу Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 28 байршилд тохижилт бүхий газар доорх авто зогсоолыг төлөвлөөд байна.

Эдгээр байршлуудад иргэн, хуулийн этгээдийн оролцоотойгоор газар доорх авто зогсоолууд бий болгосноор оршин суугчдад эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх авто замын түгжрэл бууруулах ач холбогдолтой юм.

Төлөвлөсөн байршилд газар доорх авто зогсоолыг барьж байгуулахдаа газрын төвшнөөс дээш гаргалгүй батлагдсан зураг, зориулалтын дагуу хийж гүйцэтгэх бөгөөд газрын эрх нь журмын дагуу тухайн дүүргийн Засаг даргын тыамгын газарт хадгалагдах аж.

Categories
гадаад мэдээ

Ирак улсад булчин задрах тахал дэгджээ

Ирак улсын Хойд Курдийн бүс нутагт булчин задрах тахал өвчний анхны шинж тэмдгүүд илэрч эхлээд байна. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдэж байгаагаар Ирак улсад нийтдээ ойролцоогоор 1400 орчим хүн булчин задрах тахал өвчин туссан болох нь тогтоогджээ. Өвчний шинж тэмдэг илэрсэн иргэдийг Хойд Курдийн бүсэд орших Дохук хотын эмнэлэгт хүргэн, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа юм. Дохук хотын төв эмнэлгийн эмч, доктор Мохаммед Сеерван хотынхоо усны хангамжийн байгууллагад хандан оршин суугчдын ундны усны хлорийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг тавьсан байна. Тэрээр тухайн өвчний тархалтыг нэмэгдүүлэх гол хэрэгсэл нь ундны ус болохыг анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Дугуйн парадад 75 настай өвөө оролцож байна

МЗХ-ны “Спирт үү? Спорт уу” аяны хүрээнд хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй унадаг дугуйн аялал өнөөдөр болж буй.

Жил ирэх бүр дугуйн парадад оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд энэ удаад 1000 орчим дугуйчид хамрагджээ. Оролцогчид Чингэсийн талбайгаас замдаа гарчээ.

Дугуйн парад зохион байгуулах нь их хотын иргэд спортоор амьсгалж, гэр бүл, найз нөхөд, хосоороо, хамт олонтойгоо унадаг дугуйгаар зугаалах таатай боломжийг олгодгоороо онцлогтой юм. Түүнчлэн сүүлийн үед парад гэхээсээ илүүтэй дугуйчдын наадам болон өргөжиж байгаа нь олон хүний талархлыг хүлээж байна. Өнөдрийн дугуйчдын парадад хамгийн өндөр настан болох 75 настай Гэндэн гуай оролцож байгаа нь олон залууст үлгэр дуурайллыг үзүүлж байна.