Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Монгол Улс 331 бие даасан ханлиг улстай боллоо” нийтлэл нийтлэгджээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Тус сонины тэргүүн нүүрт “Танайд өнжье” буланд энэ удаа уран дархан Пүрэвсүрэнг онцолжээ. Тэрээр олон жил уран дархан хийсэн бөгөөд түүний амьдралын хэв маяг, ажлын сонин хачин гээд бүхий л зүйлийг унших боломжтой. “Танайд өнжье” булангийн үргэлжлэлийг XII, XIII нүүрнээс уншаарай.

Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт гуравдугаар нүүрт энэ удаа “Монгол Улс 331 бие даасан ханлиг улстай боллоо”гэсэн нийтлэл нийтлэгдлээ. Ц.Даваасүрэн гишүүн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх гол асуудал болж буй төсвийн талаар “Оюу толгой дээр орж ирэх татвараасаа өр зээлэндээ суутгуулаад борлуулалтын орлогын тавхан хувийг л бид авч үлдэж байгаа. Түүхий нефть дээр дөнгөж 20 гаруй хувиа л авч үлдэнэ. Ийм байхад бид яаж ч зардлаа хасаж тэвчээд хямралаас гарч чадахгүй” гэж ярьжээ. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай. Өнгөрөгч долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Өршөөлийн хууль нь олон улсын гэрээ, конвенциудыг зөрчсөн талаар мэдээлж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байгаа тухай ярьсан билээ. Энэ талаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн тэнхимийн шүүгч Ч.Хосбаяртай хийсэн ярилцлага өгчээ. Түүнчлэн энэ дугаар соёл урлаг, спорт, цаг үеийн олон сонирхолтой мэдээлэл оржээ. Мөн залуу жүжигчин Дөлгөөний ярилцлага орсон байна. Тэрээр “Мөрөөдлийн театр”-аас гарч Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчээр ороод байгаа юм. Манай сонины дугаарыг шуудангийн бүх салбар, сонин борлуулах цэгүүдээс аваарай.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөнгө хэмнэж утаагаа багасгах боломжтой гэнэ

Саяхан нийслэлийн
Засаг дарга Э.Бат-Үүл Новосибирск хот орж социализмын үед Улаанбаатар хотод баригдсан
угсармал орон сууцыг дулаалах гэрээ байгуулсан. Энэ нь цахилгаан станцаас гарч байгаа
дулааныг хэмнэх чухал алхам юм. Харин нийслэлийн утааны голомт болсон гэр хорооллынхон
нүүрс хэмнэх боломж байгааг германы байгууллага зөвлөж байна. Тус байгууллагын хийсэн
судалгаагаар монгол гэр маш их дулаан алддаг гэнэ. Гэрээ сайн дулаалбал нүүрсийг
арван хувь, үүдний амбаартай бол дахин таван хувь хэмнэх боломжтой. Ингэснээр түлэх
нүүрс 15 хувиар буурч, тэр хэрээр мөнгө хэмнэж, утаа буурна. Социализмын үед нэг
өрх жилдээ нэг машин буюу дөрвөн тонн нүүрс түлдэг байсан. Харин нүүрс үнэд орж,
хэмнэлттэй зуух нэвтрүүлснээр өнөө цагт дулаан жил хоёр, хүйтэн жил гурван тонн
л нүүрс түлж байгаа гэнэ. Хэрэв энэ хэмжээгээ 15 хувиар бууруулж чадвал утаа тэр
хэмжээгээр багасна. Бага оврын ачааны машин нүүрс 150 орчим мянган төгрөгийн үнэтэй.
Энэ жил хүйтэрнэ гэж тооцоод 300 мянган төгрөгөөр нүүрс авлаа гэж тооцъё. 15 хувийг
хэмнэхэд 45 мянган төгрөг болно. 180 шахам мянган өрх энэ хэмнэлтийг хийж чадвал
арав шахам тэрбум төгрөг иргэдийн халаасанд үлдэнэ.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн тэнхимийн шүүгч Ч.Хосбаяртай хийсэн ярилцлагыг

“Өдрийн
сонин”-оос уншаарай Өнгөрөгч долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан
дээр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Өршөөлийн
хууль нь олон улсын гэрээ, конвенциудыг зөрчсөн талаар мэдээлж, үндэсний
аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байгаа тухай ярьсан билээ. Энэ талаар Улсын
дээд шүүхийн Эрүүгийн тэнхимийн шүүгч Ч.Хосбаяртай хийсэн ярилцлагыг “Өдрийн
сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө

Ц.Даваасүрэн гишүүн УИХ-ын намрын
чуулганаар хэлэлцэх гол асуудал болж буй төсвийн талаар “Оюу толгой дээр орж
ирэх татвараасаа өр зээлэндээ суутгуулаад борлуулалтын орлогын тавхан хувийг л
бид авч үлдэж байгаа. Түүхий нефть дээр дөнгөж 20 гаруй хувиа л авч үлдэнэ. Ийм
байхад бид яаж ч зардлаа хасаж тэвчээд хямралаас гарч чадахгүй” гэж ярьжээ. Мөн
тэрээр Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан тухайгаа “Энэ Засгийн
газар нь дараагийн Дубайн хувилбар гаргаж ирэх магадлалтай байгаа учраас
огцруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Уг нь Засгийн газар тогтворгүй байх нь сайн
зүйл биш” хэмээжээ. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь “Өдрийн сонин”-ы
маргаашийн дугаараас уншаарай. Манай сонины дугаарыг шуудангийн бүх салбар,
сонин борлуулах цэгүүдээс аваарай.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн цаг уур судлалын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдаж байна

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс
үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдлийн үед өндөр технологийн шийдлийг
ашиглах шаардлага нэмэгдэж байна. Энэ долоо хоногт Белги улсын Брюссель
хотноо зохион байгуулагдаж байгаа дэлхийн цаг уур судлалын үзэсгэлэн
яармагийн зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар нисэх онгоцны буудал,
тээврийн болон бусад салбарт энэ чиглэлээр ажиллах компанийн тоо жилээс
жилд олширч байгаа юм.

Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж байгаа
гэх сүүлийн жишээ нь саяхан олон оронд нүүрлэсэн усны үер, цасан шуурга
зэрэг юм. Ийнхүү жил ирэх тусам олноор нүүрлэх болсон байгаль, цаг уурын
гамшигт үзэгдлийг урьдчилан тооцоолох, сэргийлэх зорилгоор дэлхийн
өнцөг булан бүрийн зохион бүтээгчид Брюссель хотноо очин, хамгийн
сүүлийн үеийн технологиудаа танилцуулж байна. Хэдийгээр 5 дахь жилдээ
зохион байгуулагдаж байгаа ч оролцогч байгууллагуудын тоо 100 хол
давсныг зохион байгуулагчдын зүгээс онцолж байгаа юм. Германы нэг
компаниас шуурга гарч, хохирол учруулж болзошгүй газрын байршлыг
тодорхойлох төсөлд хөрөнгө оруулалт хийжээ.

Уг төслийнхний сэдсэн төхөөрөмж нь
байршил тодорхойлох системийг ашиглан секундын нарийвчлалтайгаар аюул
учирч болзошгүй газрын байрлалыг тогтоон төв мэдээллийн сан руу
илгээснээр гарч болзошгүй аюулаас гамшгаас урьдчилан сэргийлэх
зорилготой юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэгт тооцогдоно

Гудамжинд
эхнэрээ, эсвэл хэн нэгний хүүхдийг алгадаал орхивол шууд гэмт хэрэг
болно. Тэгвэл гэртээ эхнэрээ зодох, мөн адил хүүхдээ балбахад ямар ч
хариуцлага хүлээлгүй өнгөрдөг. Айл хөрш нь дуудлага өгч, хорооны цагдаа
ирсэн болж нөхрийн тайвшруулаад, эхнэртэйгээ эвлэр гэж хэлээд л буцна.
Согтуу бол тэр өдөрт нь барьж эрүүлжүүлэхэд хийчихээд маргааш нь
буцаагаад явуулна. Зодуулсан эхнэр нь ч нөхрийгөө баривчлуулахгүйн тулд
бүх аргаа хэрэглэхгүй бол сүүлд ингээгүйнхээ төлөө дахин зодуур амсана.
Ихэнх хөршүүдийн хувьд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг үйлдэгдэж
байна, түүнийг мэдээллэх ёстой гэж боддоггүй. Тэдний хувьд “Эр, эмийн
хооронд илжиг бүү жороол” гэх итгэл үнэмшил л байдаг. Үр дүнд нь, эцэг
эхдээ тамлуулсан хохирогчдын бие сэтгэлийн хохирол л нэмэгдэнэ.

Тэгвэл
энэ бүх сэтгэлгээ, хандлага, хуулийн хариуцлагыг өөрчлөх нэгэн хуулийн
төсөл УИХ-д хэлэлцүүлэгт орж ирсэн нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
тухай хууль юм. Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг
хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ.

Монгол
Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай байсан уу гэвэл байгаа. Уг
хуулийг 2004 онд баталснаас хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх,
урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, Улсын Дээд шүүхээс тус хуулийн
зарим зүйл заалтыг нэг мөр ойлгож, хэрэглэх тухай тайлбар, ХЗДХЯ, ЭМЯ,
НХХЯ-аас хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмуудыг
батлан хэрэгжүүлж байгаа. Гэвч хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь
нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих
болжээ. Тухайлбал, зөвхөн сүүлийн гурва жил найман сарын хугацаанд гэр
бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1505 бүртгэгдсэн бөгөөд 49 хүн амь насаа
алдаж, 1180 хүн гэмтсэн байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй
болон захиргааны зөрчилд тооцогдон арга хэмжээ авагдсан хүчирхийллийн
тоо үүнээс даруй 5 дахин их байгааг энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг
ТББ-уудын судалгаа харуулж байгаа аж. Мөн хууль хэрэгжиж эхэлснээс
хойших 8 жил гаран хугацаанд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах 41
шийдвэрийг шүүх гаргасан ч тэдгээр шийдвэрийн нэг нь ч хэрэгжээгүй
байна. Хэрэгждэггүй шалтгаан нь хуулийн зохицуулалт оновчтой бус,
ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид
байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг
хамгаалах процедурыг орхигдуулсантай холбоотой гэнэ.

Иймд
шинэ хуулиар эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн
тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх,
хариуцлага гарцаагүй байх зэрэг зарчмын зохицуулалт орсон аж.
Тодруулбал, Хуулийн төсөлд хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэсэн бүлэг
нэмэгдэж байгаа бөгөөд хүүхдүүд хүчирхийлэлд өртсөнөө төдийлөн мэддэггүй
тул тухайн хүүхдийг хүчирхийлэлд өртсөнийг хэн нэгэн мэдвэл уг асуудлыг
мэдээлэх нь иргэний үүрэг байхаар зааж. Хүүхэд хүчирхийлэлд өртөж байхыг харсан хүн холбогдох газарт мэдээлэх ёстой. Хэрвээ
иргэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцно. Эр, эмийн
хооронд жороолохгүй хэмээсэн нөхдөд хариуцлага ярина гэсэн үг аж.

Мөн
төсөлд хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний зохицуулалтыг
цогц байдлаар томьёолж, үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар
гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдэнд үзүүлэх дэмжлэгийн
хэлбэрүүдийг шинээр оруулахаар мөн тусгасан байна. Уг хуулийн төсөл нь
улс төржилгүйгээр дэмжигдэх магадлал өндөр бөгөөд өмнө Монгол Улсын
Ерөнхийлөгч “Боолчлол гэр бүлийн хүрээнд үлдэж. Хүчирхийлэлд өртөгчдийн
80 гаруй хувь нь бага насны охид, бүсгүйчүүд, өсвөр насны охид,
эмэгтэйчүүд байна. Манай улсын 3 өрх тутмын нэг гэр бүлд хүчирхийллийн
ямар нэгэн хэлбэр оршиж байна. Охидоо хамгаалж чадахгүй бол Монголоо
хамгаалж чадахгүй, Хүнээ хамгаалж чадахгүй бол хүнлэг нийгмээ хамгаалж
чадахгүй” гэж онцолж байсан аж.

Ийнхүү Засгийн
газар, Ерөнхийлөгчийн институц, олон нийтийн зүгээс дэмжлэг хүлээгээд
байгаа хуулийн төсөл хууль тогтоогчдын ширээн дээр очлоо. Агуулгыг нь ч дэмжинэ гэдгээ УИХ-ын гишүүд илэрхийлчихлээ. Одоо хэлбэр, дүрс дээр л суух үлдэж байна. Ямартаа ч энэ хууль батлагдсанаар “гэрийн бугнууд”-ыг номонд нь оруулах биз.
Тэднийг хүчирхийлэл үйлдвэл хэлэх хүн, ногдуулах хариуцлага, сурган
хүмүүжүүлэх сургалт, архины хамаарлаас гаргах гаргах хөтөлбөр гээд
тодорхой зүйлс хүлээж байна шүү дээ.

Categories
мэдээ спорт

Байт харваачид амжилт гаргав

Монгол Улсын байт харвааны шигшээ багийнхан Гүржийн Батуми хотод
аравдугаар сарын 14-17-нд болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо.

Нийт 12 орны эрэгтэй 52, эмэгтэй 32 тамирчин онч мэргэнээ сорьсон
тэмцээний үеэр бороотой, цаг агаар тааламжгүй байсан ч энэ нь манайхныг
медалийн хур буулгахад саад болж чадсангүй.

Эмэгтэйчүүдийн хувийн шигшээ харваанаас ОУХМ Н.Ариунбилэг алт,
эрэгтэйчүүдийн хувийн шигшээ харваанаас ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль
хүртсэн нь эхлэл байв. Тэмцээний гурав дахь өдөр болсон бүх харваа
манайхны ноёрхол дор болж, холимог багийн төрөлд ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ
Д.Мирослава, эрэгтэйчүүдийн багийн төрөлд ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ
Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Отгонболд, эмэгтэйчүүдийн багийн төрөлд ОУХМ
Д.Мирослава, ОУХМ Н.Ариунбилэг, СМ Ч.Оюунтунгалаг нар алтан медаль
хүртлээ.

Монголын байт харваачид өдгөө Азийн аварга шалгаруулах тэмцээнд
амжилттай оролцож, “Рио-2016” олимпийн наадмын эрх авахыг зорьж байна.

Categories
гадаад мэдээ

Сэргээшийн шинжилгээг хариуцахыг “WADA”-гаас хүсчээ

Швейцар улсын Лозанна хотод ОУОХ-ны Төв
байранд тус байгууллагын ерөнхийлөгч Т.Бахын удирдлага дор болсон дээд
хэмжээний 4 дэх хуралдаанаар, Олимпийн хөдөлгөөнийг хөгжүүлэх стратегийн
“Agenda 2020” хөтөлбөрийн 15 дугаар зөвлөмжинд заасан сэргээш
хэрэглэдэггүй тамирчдыг хамгаалах зорилгыг ажил хэрэг болгох үүднээс
сэргээшийн шинжилгээг спортын холбоодоос хараат бус бүтцээр хийлгэж байх
тухай асуудлыг хэлэлцэн тодорхой шийдвэр гаргажээ.

Хуралдаанаас гаргасан мэдэгдэлд, “Agenda 2020” хөтөлбөрийн холбогдох
зөвлөмжийг биелүүлэх үүднээс сэргээшийн шинжилгээг спортын байгууллагаас
ангид, хараат бус бүтцээр хийлгэж байх шийдвэрийн гаргалаа. Иймд
сэргээшийн шинжилгээг олон улсын тавцанд явуулж байх хариуцлагыг өөртөө
авахыг Дээд хэмжээний хуралдаанаас WADA, Сэргээшийн эсрэг олон улсын
агентлагт хандан хүсэж байна. Иймд WADA, олимпийн хөдөлгөөний бүх
сонирхогч талууд, ОУОХ-ны гишүүн орнуудын төлөөлөгчдийг багтаасан Ажлын
хэсэг байгуулж дээрх асуудлыг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ” гэж
онцлон дурдсан байна.

Өөрөөр хэлбэл, спортын холбоодод сэргээшийн шинжилгээ хийлгэхийг
хориглож байна. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард болсон ОУОХ-ны Онц
чуулганаар олимпийн наадмын зардлыг багасгах, зохион байгуулагчдад
зардал, хотын дэд бүтцийг хөгжүүлэх зардлыг эн тэнцүү хариуцуулах,
олимпийн зурагтын суваг бий болгох, залуучуудын дотор спортыг хөгжүүлэх
стратегийг боловсруулах, ОУОХ-ны соёлыг бодлогыг тодорхой болгох,
ОУОХ-ны удирдлагыг боловсронгуй болгох, ивээн тэтгэх үйл ажиллагааны
стратегийг төгөлдөржүүлэх, гишүүн элсүүлэх журмыг шинэчлэх зэрэг 40
зөвлөмж бүхий Олимпийн хөдөлгөөнийг хөгжүүлэх стратегийн “Agenda 2020”
хөтөлбөрийг батлан гаргасан билээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Чулууны аялгуу” үзэсгэлэн нээлтээ хийжээ

ОХУ-ын гавъяат зураач Буриад
улсын ардын зураач Төрийн соёрхолт Юрий Мандагановын “Чулууны аялгуу”
уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийжээ.

Урлаг сонирхдог хэн бүхэн энэхүү үзэсгэлэнг зорин очсоноор түүний
байгалийн чулуугаар хийсэн шигтгэмэлийн сонирхолтой бүтээлүүдийг шимтэх
боломжтой аж.

Үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд болж байна.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын тэргүүн Сирийн дүрвэгсдийн талаар онцлов

Сирийн иргэний дайны улмаас дөрвөн сая гаруй хүн гэр орноо орхин дүрэвсэн тухай НҮБ-ын тэргүүн Пан Ги Мун сэтгүүлчдэд мэдээлэв.

Дүрвэгсдийн урсгалд Иордан, Турк, Ливан, Ирак хамгийн их нэрвэгджээ.
“Одоо Ливаны хүн амын 25 хувь нь Сирийн дүрвэгсэд эзэлж байна. Туркт
хоёр сая гаруй хүн очсон байгаа болИорданд 1,5 сая дүрвэгч байгаа ажээ.
Харин Иракт тэдний тоо 300 мянга хүрсэн талаар тэрбээр мэдээлэлд
дурьджээ.

Сирид байгаа найман сая хүнд яаралтай тусламж хэрэгтэй байгааг тэр мөн
дуулгалаа. Энэ цаг үеийн дүрвэлт Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хүн
амын дүрвэж, зугтах байдлыг харуулсан хамгийн үзэгдэл болж бөгөөд
Дэлхийн хамтын нийгэмлэгт томоохон дарамт учруулж байна. Дэлхий даяар
нийтдээ 60 сая хүнийг дүрвэгсэд гэж тооцож болохоор байна хэмээн Пан Ги
Мун онцлов.