Categories
мэдээ улс-төр

“Сяншань”-ны форумд илтгэл тавьжээ

БНХАУ-ын Бээжин хотноо бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаарх 6 дахь удаагийн “Сяншань”-ны форум энэ сарын 16-18-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Хятадын Цэргийн шинжлэх ухааны нийгэмлэг болон Олон улсын стратеги судалгааны нийгэмлэгээс зохион байгуулсан бөгөөд 16 орны Батлан хамгаалахын сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд оролцов.

Монголын талаас Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож бүс нутгийн талаар Монгол Улсын баримталж буй бодлого, байр суурь, оролцооны талаар илтгэл тавьсан юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тавьсан илтгэлдээ “Монгол Улс тус бүс нутгийн орнуудтай аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагаагаа өндөр төвшинд хөгжүүлж ирсэн. Цаашдаа “АСЕАН”-ы бүсийн чуулганы гишүүн орны хувьд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож байна. Ази, Номхон далайн аюулгүй байдал, хамтын ажиллагааны зөвлөл дэх оролцоогоо батжуулахыг тууштай эрмэлзэнэ.

Зүүн Ази түүний дотор Зүүн Хойд Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизм бий болгоход чиглэсэн бүс нутгийн орнуудын бодлого, үйл ажиллагааг идэвхтэй дэмжинэ” гэж онцолжээ. Харин БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, хурандаа генерал Фан Чанлун хэлсэн үгэндээ “Манай улс Ардын чөлөөлөх армийнхаа бие бүрэлдэхүүнийхээ тоог 300 мянгаар багасгахаар шийдвэрлэсэн нь Хятад улс энх тайван хөгжлийн замаар тууштай замнах бодлого баримталж байгааг харуулж байгаа юм. Сүүлийн үед олон улсын зүгээс Өмнөд Хятадын тэнгист явуулж буй Хятадын арал байгуулах бүтээн байгуулалтанд ихээхэн анхаарч, энэ үйл ажиллагаа нь тус далайн бүсд чөлөөтэй аялахад сөргөөр нөлөөлнө хэмээн болгоомжилж байна. Үнэн хэрэгтээ эдгээр бүтээн байгуулалт нь иргэний зориулалттай төдийгүй Өмнөд Хятадын тэнгист аялах таатай нөхцлийг бүрдүүлнэ. Хэдхэн хоногийн өмнө Хуа Ян, Чигуа аралд байгуулсан гэрэлт цамхаг нь бусад улсуудын хөлөг онгоцуудад навигацын үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Хятад улс аливаа зөрчил зөрөлдөөнийг энх тайван замаар шийдвэрлэхийг тууштай дэмжинэ” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн хуулийн төслийг яаравчлах шаардлагатай гэв

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр
хуралдаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай болон төсвийн тухай хуулиудыг хэлэлцлээ.

“2016 оны сонгууль болох дөхөж байна. Энэхүү
сонгуулийг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг нь улс төрийн намуудын өмнө
тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн төслийг нэн
яаралтай хэлэлцэж, батлах хэрэгтэй” хэмээн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллээ.

Мөн тэрээр “УИХ-аас байгуулагдсан Сонгуулийн
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын
хэсэг олон сар ажилласан ч тодорхой шийдэлд хүрээгүй байна. Түүнчлэн ажлын
хэсгээс боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төслийг тун удахгүй өргөн
барихаар төлөвлөөд байна. Өнөөдөр бүлгийн хуралдаанаар сонгуультай холбоотой
хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийг өргөн барьсаны дараа нарийн
хэлэлцэх болно.

2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн
төслийг судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулан байгуулсан.
Ажлын хэсэг энэ долоо хоногт төсөвт оруулах санал, дүгнэлтээ боловсруулж,
Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо” гэв.

Хэвлэлийн бага хурлын дараа “Шударга ёс”
эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж
байгаа юу?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон гэдэгт
бид санал нэгдсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бүх ард түмний санал
асуулгаар шийдвэрлэх хэрэгтэй.

-Төсвийн тухай хуулийн хүрээнд яригдаж
байгаа 3000 хүнийг цомхотгох, бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг дэмжих үү?

-Манай бүлгээс байгуулсан ажлын хэсэг энэ долоо
хоногт санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Одоогоор төсвийн төслийн талаар олон нийт
ямар байр суурьтай байгаа талаар судалгаа явуулж байна. Цаашдаа 2015 оны
төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн төслийн зүйл заалт бүрийг нарийн судлах
болно.

-Сонгуулийн тухай хуульд ажлын хэсгийн
гишүүд 2-3 асуудалд санал нэгдэж чадахгүй байгаа учраас өргөн барих боломжгүй
гэж Р.Бурмаа гишүүн хэлж байсан. Та Сонгуулийн тухай хуульд ямар байр суурьтай
байна вэ?

-УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн ахалсан ажлын хэсэг
бол том ажлын хэсэг. Энэ ажлын хэсэг холимог системд өөрчлөлт оруулах уу, намын
жагсаалтаар сонгох бол ямар байх вэ гэдэг дээр өөрчлөлт оруулахаар ярьсан.
Бидний хувьд сонгогч ямар ч тохиолдолд хүнээ сонгоно гэсэн байр суурьтай
байгаа. Сонгогч намын рейтэнгийг тодорхойлно гэдэг байр суурийг ч дэмжиж
байгаа. Засгийн газраас санал авахаар өргөн барьсан Сонгуулийн хуульд найман зүйл
заалтын санал хүргүүлсэн. Хяналтын тооллого хийх, төрийн байгууллагуудын
ажиллах эрх хэмжээ, нэр дэвшүүлэх тухай, төрийн албан хаагчийн оролцооны тухай
нийт найман зүйл заалтад өөрчлөлт оруулах санал хүргүүлээд байна.

МҮАН-ын тухайд орон даяар нэгж бүр дээр
гишүүнчлэлтэй байхыг зорилт тавьдаггүй. Намын төв байрандаа ирээд манай ажилд
идэвхтэй оролцоод явах бололцоотой. Хувь хүний хувьд ч би намын гишүүнчлэлийн
батлах барьж гүйхээс илүү идэвхтэй оролцоод явахыг дэмждэг. Хэт хавтгайрсан
улстөржилт сайн зүйлд хүргэдэггүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МОХ өнөөдрөөс төв талбайд ажиллана гэв

Өнөөдөр Монголын оюутны холбооноос нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа цахим картыг эсэргүүцэн мэдээлэл хийлээ. Тэдний хэлж байгаагаар “U money” үйлчилгээ нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд энэ асуудлыг шийдэж өгөх хүртэл Чингисийн талбай дээр ажлын байраа байршуулна гэв. Уг нь Нийслэлээс оюутнуудад өдөрт хоёр удаа үнэгүй зорчих эрх бүхий цахим картыг тарааж байгаа юм. Гэвч өдөрт хоёр удаа зорчих нь тэдний хувьд хангалтгүй байгаа бөгөөд карт авах гэж хэтэрхий их зардал, чирэгдэл болох болсон тухай мэдээллээ.

Мэдээллийн үеэр Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр

“Монгол улс 1995 оноос хойш улс орон эдийн засгийн хямралтай эсэхийг үл харгалзан эрдэм, боловсрол эзэмшиж байгаа оюутан залуусаа дэмжин, тэднийг сургууль руугаа саадгүй очдог байх, хичээлээсээ буцаад саадгүй харьдаг байх дэмжлэгийг олгосон. Боловсролын тухай, Авто тээврийн тухай энэ хуулинд зааснаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6.51 гэсэн тогтоол гарч, түүгээр нийслэлийн нийтийн тээврээр зайлшгүй зорчиж байж сургуульдаа явах сурагч, оюутнуудыг нийтийн тээврээр зорчуулах журам 2010 онд баталсан. Энэ журам одоо хүртэл мөрдөгдөж байгаа. Энэ журмын дагуу өглөө гэрээсээ гараад сургууль, сургуулиасаа гараад гэрлүүгээ явдаг байх. Мөн БСШУ-ны сайдын тушаалаар тухайн жил хэдэн оюутан нийтийн тээврээр үнэгүй зорчих тоо нь гардаг. Энэ жилийн хувьд улс орны эдийн засгийн хүндрэлтэй байгааг бид мэднэ. Тиймдээ ч оюутнууд бид улс орондоо аль болох дарамт болохгүйн тулд карт авдаг оюутныхаа тоог цөөлж, олон дамждаг, ар гэрийн амьдрал тааруу, дотуур байранд амьдардаггүй оюутнуудыг л хамруулах болсон.

онголын оюутны холбоо энэ зунжин ажиллаж 64.000 оюутны картыг хэвлэж, бэлэн болгосон. Гэтэл одоо үүгээр зорчуулахгүй гэнэ. Хууль, дүрэм, журмаа эргээд харвал энэ картаар зорчино. Гэтэл гэнэт л нийтийн тээврийн шинэчлэл гэсэн нэрийн дор өөр бас нэг карт гараад ирлээ. Нэг ёсондоо хууль, дүрэм, журмууд нь хоорондоо зөрчилдөж, энэ бүхнээс нь болж оюутнууд хохирч байна.

Өнөөдөр “U money” нэртэй энэхүү карт оюутнуудыг “та гэрээсээ гараад сургууль руугаа нэг удаа дөх, хичээл тараад гэр лүүгээ нэг удаа дөх” гэж хэлж байна. Мөн нэмээд энэ картыг нь авахад маш хүндрэлтэй. Нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих карт зарим оюутнуудад одоо болтол очоогүй байгаа. Оршин суугаа газрын тодорхойлолт шаардаж байна. Хөдөө гадаанаас ирсэн, нийтийн байранд амьдарч буй оюутнуудыг байрны эзэн нь дагаад хороон дээр очихгүй л болов уу. Энэ мэт зохицуулалтыг оюутны байгууллагаас эсэргүүцэж байна. Хэрвээ Нийслэлийн удирдлагууд энэ асуудлаа шийдэж чадахгүй бол огцор. Бид өнөөдрөөс эхлэн байгууллагынхаа оффис дээр биш Чингисийн талбай дээр байрлаж ажиллана. Шаардлагатай бол өлсгөлөн зарлана. Магадгүй биднийг цагдаа сэргийлэхийнхэн бариад явах байх. Бид оюутан залуусынхаа өмнөөс үүрэг хүлээсэн учир үүнээс айхгүй. Гомдол гаргаж байгаа оюутнуудын тоо тасрахгүй, оффис дээр багтахгүй байна” гэж байв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гарамгайбаатар: Ардчилсан намд ямар нэгэн задрал явагдаагүй

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар төсөв тойрсон асуудлуудыг ярилцсан байна. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Төсөвтэй холбоотойгоор АН-ын бүлгээс байгуулсан Ажлын хэсгийн ахлагч мэдээлэл хийжээ. Мөн Тариалангийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. Засгийн газар Гацууртын ордтой холбоотой гэрээ хэлцлийн талаар Сентерра Гоулд компанитай тохиролцоонд хүрсэн тухай Ерөнхий сайд мэдээлэл хийжээ. АН-ын бүлгээс Гацууртын ордыг ашиглах тухай хуулийн төслийг өргөн барихдаа Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барихыг үүрэг болгожээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ыг задарч, 2-3 нам шинээр байгуулагдаж байгаа тухай мэдээлэл гарсан. АН-ын бүлгийн даргын хувьд АН задраагүй, өөр нам, эвсэл байгуулагдаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Нам байгуулж, АН-аас гарч байгаа гэх нэр нь яригдаж байгаа гишүүдээс бүлгийн даргын хувьд тодруулахад тийм асуудал огт байхгүй гэсэн мэдээлэл надад өгсөн.

Төсвийн ажлын хэсгээс Төрийн захиргааны албан хаагчдын цалинг хасах асуудал нэлээд маргаан дагуулж байгаа тухай мэдээлэлдээ дурьдсан. АН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан төслөөр нь батлахад анхаарах болно. Төсөв хувийн хэвшлийн татвараас бүрддэг. Төрийн захиргааны албан хаагдчын цалинг 10 хувиар хасах нь хувийн хэвшлийн ажиллах боломжийг нээж байгаа юм. Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор 3000 хүн ажлаас чөлөөлөгдөж байгаа. АН эдгээр хүмүүсийг давтан сургалтад хамруулах, хувийн хэвшилд ажиллах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. МАН өмнө нь төрийн албан хаагчийн тоо өссөн талаар шүүмжилж байсан бол өнөөдөр 3000 мянган хүнийг ажилгүй болголоо хэмээн улс төрийн суртал, ухуулга хийж байна. Бүтцийн асуудлыг 2016 оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ энэ асуудал 2015 оны төсвийн тодотголтой давхар өргөн мэдүүлсэн. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, “Тодотголтой хамт өргөн мэдүүлснээр 2016 оны төсөвт хүндрэл учруулахгүй байх боломжийг бүрдүүлэх зорилготой. Тиймээс АН-ын бүлэг үүнд өөрчлөлт оруулахгүйгээр анх өргөн мэдүүлсэн төслөөр нь дэмжих хэрэгтэй” хэмээн тайлбарласан. Үүнд бүлэг санал нэгдсэн.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Бүтцийн өөрчлөлтөөр ажилгүй болох 3000 хүнийг сургалтад хамруулна гэхээр дахин зардал гарахын биш үү. Нөгөө талаар хувийн хэвшлийхэн ажилчдаа цөөлж байхад шинэ ажилтан авч чадах уу?

-Төсвийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Бүтцийн өөрчлөлтөд зайлшгүй 3000 орчим хүн хамрагдана гэсэн тооцоо гарсантай холбоотойгоор ийм асуудал ярьж байгаа юм. Шийдлийн Засгийн газар, үүний өмнөх Засгийн газрыг байгуулж байхад төсөв хэтрүүллээ, маш олон хүнийг ажилд авч байна, яам тамгын газруудад танил талаа харж олон хүнийг ажилд авч байна, энэ нь төсөв хүндрүүлээд байна гэж сөрөг хүчингүүд ярьж байсан. Энэ нь алдаа байгаад, үүнийгээ засч залруулъя, бүтцийн өөрчлөлт хийе гэхээр 3000 хүнийг ажилгүй болголоо гэх юм. Тэгэхээр бүтцийн өөрчлөлтөд хамрагдах эдгээр хүнийг зүгээр ажилаас нь чөлөөлөөд орхих биш, давтан сургалтад хамруулах юм. Үүнд төсвөөс мөнгө гарахгүй. Хувийн хэвшилд шилжүүлнэ гэдэг нь эдгээр хүн зах зээлийн жам ёсоор хувийн хэвшилд ажиллах боломж бий гэсэн саналыг хэлж байгаа юм.

-Яг ямар албан тушаалтан цомхотголд орж байгаа вэ?

-Төрийн захиргааны албан хаагчдын асуудал яригдаж байгаа. Мөн давхардсан албан тушаалууд орж байна. Улс төрийн албан тушаалтангуудын цалинг 30 хувиар хасч байгаа.

-Төсөв хүнд байна, таналт хийх ёстой гэж 3000 төрийн албан хаагчийг цомхотгоно гэж ярьж байна. Тэгсэн хэрнээ, Оюутолгойн гэрээнд зөвөлгөө авахад төлбөрийг төсвийн тодотголд оруулж ирсэн байна. Энэ төлбөрийн мөнгийг яагаад ингээд дахин дахин оруулж ирээд байгаа юм бэ?

-Оюутолгойн асуудлыг өнөөдрийн бүлгийн хурал дээр ярьсангүй. Энэ талаарх мэдээллийг Ерөнхий сайд өгсөн нь илүү дээр байх. Ямар ч байсан Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Аль аль тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Тэр хуулийн хүрээнд л явж байгаа.

-Халх голд чөлөөт бүс байгуулах асуудал дээр танай намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-ХХАА-ын яам өнгөрсөн долоо хоногт Халх голоор тусгайлан хэлэлцүүлэг явуулсан. Тэрэн дээр илүү тодорхой мэдээлэл өгсөн байх гэж бодож байна. Өнөөдөр бүлэг дээр Халх голтой холбоотой асуудал яриагүй.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр танай намын бүлгийн гишүүдээс гарын зурсан хүн байгаа юу

-Надад байгаа мэдээллээр 14 гишүүн гарын үсэг зурсан гэсэн. АН-аас нэг гишүүн гарын үсэг зурсан байгаа.

-Танай намын зарим гишүүд нам байгуулж тусдаа гарсан гэсэн асуудал яригдаад байна. Энэ үнэн үү?

-Хэвлэлээр Ардчилсан намыг гурав задарчихсан гээд бичээд байна. Өнөөдрийн байдлаар нэр заагдсан хүмүүстэй бүлгийн даргын хувиар уулзсан. Ямар нэгэн өөр нам байгуулж, зохион байгуулалтад орсон зүйл байхгүй. Тийм учраас АН-д ямар нэгэн задрал явагдаагүй гэдгийг албан ёсоор хэлье.

-Гацууртын ордын асуудал Их хурал дээр хоёр, гурван удаа орж ирээд буцаагдсан. Засгийн газраас дахин өргөн барих гэж байгаа юм байна. Үүнийг бүлэг дэмжиж байгаа юу. Дахин, дахин өргөн барих гээд байгаа шалтгаан юу юм бол. Ард нь ямар нэгэн ашиг сонирхол яваад байгаа юм биш үү.

-Гацууртын орд байнгын хардлага явж байдаг. Гацууртыг түрүүчийн УИХ-ын чуулганаар батлах гэж байхад нь сэтгүүлчид Гацуурт руу бүгд явсан. Түүнээс хойш ямар түвшинд байгааг сэтгүүлчид хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр гаргасан. Энэ асуудлыг дахиад эдийн засгийн хүнд байдал руу шилжүүлэхгүйн тулд зайлшгүй ашиглах ёстой гэдэг нь тодорхой байгаа юм. Засгийн газар, Бороо гоулд компанитай УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу гэрээ хэлцэлд ороод асуудал нь тохиролцоонд хүрсэн гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Тиймээс УИХ-д энэ асуудлыг эргэж оруулж ирэх шаардлагатай болсон гэсэн. Үүнийг АН-ын бүлэг дэмжиж байгаа. Нэг ёсондоо Гацууртын уурхайг ашиглахыг дэмжиж байна. Үүнтэй хамтраад Ноён уулыг тусгай хамгаалалтад авах хуулийн төслийг хамт оруулж ирэх шаардлага тавьсан.

-Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээр оруулж ирж чадахгүй байгаа юм бэ. Наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэхээр дараагийн Засгийн газрын үйл ажиллагааны эрхэнд халдсан үйлдэл болохгүй юу?

-Нэг ёсондоо дараагийн Засгийн газрын үйл ажиллагаанд халдаж байна гэсэн шүүмжлэлийг нэг талааараа хүлээж авах боломжтой. Нөгөө талаар хүлээж авахгүй байх нөхцөл бүрдсэн байна. 2016 оны төсвийн төсөл дээр бүтцийн асуудал яригдаагүй. Саяын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын өгч байгаа мэдээлэлээр 2015 оны төсвийн тодотголыг дагаж бүтцийн өөрчлөлт орж ирж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдээд явчихвал өөр бүтцээр ажиллах боломжийг бүрдүүлж байна гэж тайлбарлаж байна. Нэгдүгээр сарын 1-нээс өөрчөлж болох эсэх асуудлыг Ардын нам яриад эхэлчихсэн. Энэ бол цэвэр тоглолт явагдаж байгаа. Ерөнхий сайдын өгсөн мэдээллээр бид энэ хуулийг батлан гаргасны дараагаар хэрэгжих хугацаа болтол зохион байгуулалтын зайлшгүй цаг хугацааг шаардаж байна гэсэн. Үүнтэй холбогдуулан наймдугаар сараас хэрэгжиж эхэлбэл илүү боломжтой юм гэсэн тайлбарыг өгсөн.

Categories
мэдээ эдийн-засаг

“Оюу толгой” компани цахилгаан дамжуулах томоохон дэд бүтцийг төрийн өмчлөлд шилжүүллээ

“Оюу толгой” ХХК өөрийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймаг дахь “Оюу толгой” уурхайн цогцолбороос Монгол улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлэх, ашиглалт засвар үйлчилгээг хариуцах хоёр гол гэрээнд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Занданхүү, “Оюу толгой” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Стив Дугган нар өнөөдөр Эрчим хүчний яаман дээр гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, “ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Рио Тинто группийн Монгол дахь суурин төлөөлөгч С.Мөнхсүх оролцлоо.

Өмнөговь аймгаас БНХАУ-ын хил хүртэлх өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам 96 км урттай, хоёр хэлхээт 220 кВ-ын өндөр хүчдэлийн шугамыг 2011 онд барьсан бөгөөд 2012 оны 7 дугаар сараас ашиглаж эхэлсэн. Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд цахилгаан дамжуулах шугам 100 хувь бүрэн хүчин чадлаараа ажиллаж, найдвартай байдал нь 99.8 хувьд хүрчээ. Ингэснээр өмнийн бүсийн хэрэглэгчид найдвартай цахилгааны эх үүсвэрт холбогдож, ашиг тусыг нь хүртэх боломж нээгдэж байна. Цаашилбал Монгол улс, БНХАУ-ыг холбосон Монгол улсын эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой шугам болох юм.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийндарга Д.Дэлгэрцогт хэлэхдээ “Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний салбарт чухал өдөр тохиож байна. Уг шугамыг шилжүүлэн авснаар манай улсын эрчим хүчний сүлжээ найдвартай, өндөр чанартай дэд бүтцээр хөрш хоёр орны эрчим хүчний сүлжээнд холбогдож, дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг хангахын сацуу урт хугацаанд цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох зорилтыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Өнгөрсөн онд байгуулсан “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-ний дагуу цаашид бид “Оюу толгой” компанитай хамтран Өмнийн говийн хэрэглэгчдийг эрчим хүчний найдвартай сүлжээнд холбох стратеги бодит ажил хэрэг болох нөхцөл бүрдэж байна.” гэлээ.

Дараа нь “Оюу толгой” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Стив Дугган “Бид Монгол улсын Засгийн газарт өндөр чанартай дэд бүтцийн байгууламжийг шилжүүлэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буйдаа баяртай байна. Нөгөөтэйгүүр өнөөдрийн үйл явдал нь үр ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх компанийн стратеги бодитоор хэрэгжиж буйн нотолгоо юм. Цахилгаан дамжуулах агаарын шугам нь зөвхөн Оюу толгой төдийгүй, бүс нутгийн хөгжлийн хурдасгуур юм.” хэмээн хэллээ.

Дашрамд тодруулахад Оюу толгой уурхайн үйл ажиллагааг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор дээрх шугамыг 2011 онд барьж байгуулсан юм. Өнөөдөр гарын үсэг зурсан гэрээгээр цахилгаан дамжуулах агаарын шугамыг Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүллээ. Үүнээс өмнө 2014 онд Монгол улсын Засгийн газар, “Оюу толгой” компани “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” байгуулж, өмнөд бүсэд эрчим хүчний нийлүүлэлтийг бий болгох, Монголын эрчим хүчний сүлжээг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Нэг удаад дөрвөн эцэг эхийг сургуулийн эргүүлд гаргана

НИТХ-ын хуралдаанаар “Сургуулийн эргүүл”-ийн ажиллах журмыг хэлэлцэн баталжээ. Журамд Ерөнхий боловсролын сургуулийн захирал болон сургуулийн орчинд ажиллах “Сургуулийн эргүүл”-ийн үйл ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллагын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгсөн байна.

Тодруулбал, “Сургуулийн эргүүл” нь нэг удаад дөрвөн эцэг эхийг эргүүлд гаргах бөгөөд хоёр эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах, хоёр эргүүл нь сургуулийн ойр орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг тус тус гүйцэтгэнэ гэсэн байна.

Мөн тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага сургуулийн удирдлага, эргүүлд ажиллаж байгаа сурагчдын эцэг эхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэлд шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллана гэжээ.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн захирал сургуулийн орчинд ажиллах “Сургуулийн эргүүл”-ийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлага зохион байгуулалтаар хангаж хяналт тавьж, тасралтгүй явагдах нөхцөлийг бүрдүүлж ажиллах ба тухайн сургуулийн жижүүр нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар нэгдсэн ойлголт өгч ажиллана.

Дашрамд дурдахад, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлжээ.

Төсөл хэрэгжиж эхэлснээр сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг, зам тээврийн ослын тоо буурсан гэж холбогдох газруудаас мэдээлж байгаа төдийгүй энэхүү төсөл хөтөлбөр хөдөө орон нутагт хэрэгжиж эхэлсэн байна. Гэхдээ School police төслийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлөөс гаргасан удирдамжийн дагуу зохион байгуулж ирсэн бөгөөд энэхүү ажлыг илүү үр дүнд хүргэхийн тулд албан ёсны эрх зүйн акт болгох зайлшгүй шаардалгатай болжээ.

Түүнчлэн сургуулийн орчинд “Сургуулийн эргүүлийн” үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгоно, “Сургуулийн эргүүл”-ийг амжилттай хэрэгжүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан сургуулийн захирал, нийгмийн ажилтан, ангийн багш ,эцэг эхийн эргүүлийг Монголын сурагчдын холбооны дэргэдэх “Сургуулийн цагдаа” төвийн санал, мэдээлэл, тайланг үндэслэн төрийн болон төрийн бус байгууллагын зүгээс урамшуулна гэсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид суулт хийж байна

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 гаруй ажилтан өнөөдөр 10.00 цагаас эхлэн төв байран дээрээ суулт зарлажээ. Ажилчдын мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүүн цанхид Австралийн компани гэрээтээр олборлолт явуулдаг байсан аж. Харин эдгээр суулт хийж буй ажилчдын хувьд Австралийн компанийн удирдлага дор ажилладаг байжээ. Хэдийгээр Австралийн компанийн удирдлагад ажилладаг ч “Эрдэнэс Тавантолгой” компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэдэг байсан гэв. Гэтэл өнгөрөгч даваа гаригт “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс ажилтнууддаа “Австралийн компани Монголоос гарч оронд нь Хятадын компани орсон. Тиймээс Хятадын компани руу та нарыг шилжүүлсэн” гэж мэдэгджээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н эдгээр ажилчдын зүгээс “Ажилчдаа худалдаж байгаагаас ялгаагүй асуудал” хэмээн үзэж ийнхүү өлсгөлөн зарлаж байгаа аж. Одоогоор 30 гаруй хүн өлсгөлөн зарласан, орон нутгаас нэмэгдэж 100 орчим ажилтан ирэх гэнэ.

Харин компанийн ТУЗ-өөс өнөөдөр эдгээр ажилтнуудын төлөөлөлтэй уулзалт хийхээр болжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд мэдээлэл хийж байна

Төрийн ордонд Улсын Их Хурал дахь намуудын бүлгийн хуралдаанууд болж байна. Ардчилсан намын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцож, мэдээлэл хийж байна. Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар өөр 2015 оны төсвийн тодотгол болон 2016 оны төсвийг хэлэлцэхээр болжээ. Харин Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд танхимд болж буй бөгөөд ямар асуудал хэлэлцэж буй нь тодорхойгүй байна. Тэгвэл УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд болж, 2016 оны төсвийг хэлэлцэж буй аж.

Categories
мэдээ спорт

“Үндэсний цом-2015” эхэлнэ

Сагсан бөмбөгийн “Үндэсний цом-2015” тэмцээн өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Тэмцээн 21 аймгийг хамрах бөгөөд аймаг бүрийн шигшээ багууд цомын төлөө өрсөлдөх юм. Тэмцээн Спортын тев ордонд тав хоногийн турш үргэлжилнэ.

Өнөөдөр Архангай-Өвөрхангай, Сэлэнгэ-Төв, Дорноговь-Хөвсгөл, Баянхонгор-Өмнөговь, Ховд-Увс багууд хоорондоо тоглох хуваарьтай байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа 12.00 цагаас болно.


Тэмцээний гол онцлог гэвэл тухайн аймгийн харьяат, олны танил алдартнууд багийнхаа бүрэлдэхүүнд багтсан байгаа гэнэ. Мөн тухайн нутгийн “Үндэсний супер лиг”-т тоглодог дөрвөн тоглогч, нутгийнхаа залуустайгаа нэгдэн, нэг багт болж өрсөлдөх юм.

21 аймгийн аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээнд оролцох Увс аймгийн багийг Монгол Улсын аварга С.Мөнхбат удирдаж байна. С.Мөнхбат аварга шаггүй холбон тоглогч гэдгээ “Бөхчүүдийн аварга шалгаруулах тэмцээн”-д олонтаа нотолсон сагсан бөмбөгч. Түүнчлэн Архангай аймгийн багт “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаатар, Өвөрхангай аймгийн багт улсын арслан Д.Ганхуяг, Төв аймгийн багт Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Дорнод аймгийн багт Гавьяат тамирчин Б.Наранбаатар нар өрсөлдөх гэнэ.

Сагсан бөмбөгчдийн өлгий Дархан-Уул аймгийн багийг саяхан төрөлх нутагтаа “Бага олимп” зохион байгуулсан Хөдөлмөрийн баатар, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар ахалж, ОУХМ Д.Гүржав дасгалжуулж, ОУХМ Г.Ихбаяр ахлахаар болжээ.

21 аймгийн аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээнд оролцох Хөвсгөл аймгийнхан багаа “Тэргүүн тоглогчид”-ын баг хэмээн нэрлэж байна. Тэдний бүрэлдэхүүнд ОУХМ Ж.Майбаяр, Д.Бат-Эрдэнэ /Дандий/, Б.Пүрэвдорж, Г.Наранбаатар, Т.Санчир нар багтаж байна.

Сагсан бөмбөгчдийн өлгий Дархан-Уул аймгийн багийг саяхан төрөлх нутагтаа “Бага олимп” зохион байгуулсан Хөдөлмөрийн баатар, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар ахалж, ОУХМ Д.Гүржав дасгалжуулж, ОУХМ Г.Ихбаяр ахлахаар болжээ.

Баруун хязгаар Ховд аймгийн багт 2013-2014 оны улирлын “Үнэ цэнэтэй тоглогч”, ОУХМ Б.Билгүүн, Ц.Азбаяр, Ц.Пүрэвдорж нарын тоглогчид байгаа бол сагсан бөмбөгийн анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал Ховд аймгийн багаа дасгалжуулахаар болжээ. Дорноговь аймгийн багийг Үндэсний шигшээ багийн төвийн тоглогч ОУХМ С.Өрнүүнбилэг удирдаж, залуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн байна. Дорноговь аймагт дасгалжуулагч Ж.Отгондарь, Б.Баярбат, Батмөнх, Батжавхлан нарын ид үедээ тоглож байгаа олон шилдэг сагсан бөмбөгчид бий.

Өмнөговь аймгаас төрөн гарсан ОУХМ, сагсан бөмбөгч Б.Мөнхболд энэ тэмцээнд багаа ахлах бол Завхан аймгийн баг Үндэсний аварга, “Альянс Тех Харцага” багийн дасгалжуулагч А.Алтан-Очир, Залуучуудын шигшээ багийн тоглогч А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр зэрэг тоглогчдоос бүрдсэн жигдхэн хүчтэй баг байх нь ээ.

Орхон аймгийн багийг “Танан гарьд” багийн төвийн тоглогч Д.Дорждагва удирдаж байна. Харин 21 аймгийн аварга шалгаруулах Б зэрэглэлийн тэмцээнд дэд аварга болсон Сүхбаатар аймгийн багт Залуучуудын шигшээ багийн тоглогч Б.Батзолбоо, “Ирвэсүүд” багийн Эрдэнэдалай, Дөлгөөн Сүхбат зэрэг “Супер лиг”-ийн тоглогчид хүч нэмжээ. “Үндэсний цом”-ын Б зэрэглэлийн тэмцээний аварга, “Спрайт хөгжлийн лиг”-ийн аварга Хэнтий аймгийн багт өнгөрсөн наадмын түрүү бөх, улсын арслан Э.Оюунболд хүч нэмэх сураг байна.


Categories
энтертаймент-ертөнц

Д.Ангараг “Марко Пологийн дурлал” кинонд ерөнхий зураглаачаар ажиллана

МУСТА, кино зураглаач, гэрэл зурагчин Д.Ангараг өнгөрсөн жил Америкийн Кино зураглаачдын холбооны шугамаар The OSCARS 2014 | 86th Academy Awards шагнал гардуулах ёслолын бүх арга хэмжээнд оролцох урилга авч байсан. Тэгвэл энэ жил тэрээр Paramount pictures”-ийн бүтээл “Марко Пологийн дурлал” хэмээх нэгэн кинонд ерөнхий зураглаачаар ажиллахаар урилга хүлээн авчээ. “Тэрбээр Лос-Анжелес дахь төлөөлөгчөөрөө дамжуулан шалгаруулалтад оролцсон бөгөөд энэ сарын 28-нд Холливудыг зорино. “Марко Пологийн дурлал” хэмээх тус киноны продюссерээр жүжигчин Энзо Зелооччи, гол дүрд Аль Пачино, Чо Юнь Фат, Мила Кунис, Дуэйн Жонсон нар тоглохоор болсон юм байна. Киноны зураг авалтыг Америк болон Хятадад авах бөгөөд 2018 онд нээлтээ хийнэ гэсэн товтой байгаа аж.

Д.Ангараг Монголдоо бидний сайн мэдэх “Дэв”, “Бодлын хулгайч”, “Ану хатан”, “Эх орон дуудаж байна” зэрэг кинонуудад ажиллаж байсан билээ.