Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Реклам

Арилжааны телевизүү­дийн хувьд хоолоо олж иддэг зүйл нь реклам сурталчилгаа. Тухайн өдөр болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг мэдээ мэдээллийн хөтөлбөрөө гаргадаг цаг нь хүмүүсийн буйдан дээрээ тухлан гэр бүлээрээ тойрч суухтай давхацдаг.

Энэ үед хүмүүс хоол ундаа идчихсэн, өдрийн алжаалаа тайлж хөлөө амраадаг мөч нь. Яг энэ үеэр, эсвэл киноны дундуур элдэв хоол, чихэр, ундааны рекламуудаа “чихэж” өгнө. Хоолоо идээд дуусчихсан, шүдээ угаачихсан хүмүүсийн юм идэх дурыг ингээд л хөдөлгөж эхэлнэ.

Эхний рекламыг шүлсээ залгиад өнгөрөөчихнө. Дараагийнхыг ч бас. Тэгээд гурав дахь удаагийн рекламны зайгаар хүүхдээ орц болон гудамжны дэлгүүр рүү гүйлгэнэ. Унтахын өмнөхөн гаазтай ундаа, шүдэнд наалдах чихэр, зайрмаг, шоколад идэцгээнэ.

Орой бүр ингэж амттан шимттэнээр хооллож буруу хэвшилтэй болчихсон айл зөндөө бий. Хүмүүсийн буруу гэж байхгүй. Хоолоо идээд цадчихсан байхад нь амттай юм харуулж байгалиас заяасан хариу үйлдлийг сэдрээн өдөж байгаа нь рекламны буруу. Телевизийнхэн идэх уух юмны рекламыг арай өөр цагаар гаргаж байхгүй бол рекламны өдөөлтөөр буруу хооллодог гэр бүлүүд улам л нэмэгдэх болно. Оргил цагаараа амттаны реклам явуулахгүй хоёр хоноход л хичнээн айл хүүхдээ үдэш оройгоор дэлгүүр рүү гаргахгүй, байн байн хөргөгчний хаалгаа татахгүй амар тайван унтах бол оo.

Таргалалтын нэг том шалтгаан нь орой амттан идэж, ундаа уудаг буруу хооллолт гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгэхээр телевизүүд хэдий орлогоо бодох ёстой ч үүргээ бас ухамсарлаж рекламны цагтаа жаахан л зохицуулалт хийчихэд ард түмний эрүүл мэндэд томоохон тус хүргэх нь байна шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Тонгоруу үйлдэл” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар уншигчдынхаа гарт хүрээд байна. Манай өнөөдрийн дугаарт “Тонгоруу үйлдэл” хэмээх нийтлэл баримт, үзэл бодлын гуравдугаарт нүүрт хэвлэгдлээ. Уг нийтлэлээр авто худалдааны төвүүдийг хотоос гаргах нь хэр ухаалаг шийдэл болохыг нухацтай авч үзсэн байна. Мөн саяхан Баянгол дүүргийн III хороололд байрлах “Макс” төвийн нэгдүгээр давхарт “Бургер Кинг” сүлжээ ресторан нээлтээ хийсэн. Дэлхийд 14000 орчим салбартай тус түргэн хоолны рестораны бургерийн амтыг үзэхээр нийслэлийнхэн шуурч байгаа аж. Тэндээс хийсэн сонирхолтой сурвалжлагыг нэг болон долдугаар нүүрээс сонирхоорой. Энэ өдрийн дугаарт НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалантай хийсэн “Хотын дарга 410 тэрбум төгрөгөөр “гараа угаагаагүй” гэдгээ батлах ёстой” хэмээх ярилцлага нийтлэгдсэн. Түүнчлэн Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүхтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг уншиж сонирхоорой. Тэрээр уг ярилцлагадаа өөрийн улс төрийн үзэл бодол болоод цаг үеийн олон үйл явдалтай холбогдуулан илэн далангүй ярилцжээ. “Шүүхийн захирамж, мэргэжлийн хяналтын газрын тогтоолыг зөрчсөн “Жинлиань” компани гурван иргэний үхэлд буруутай юу?” хэмээх Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан материалын үргэлжлэл нийтлэгдсэн 11 дүгээр нүүрт юм. Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай Ёлт хэмээх газраас тус сумын багийн дарга, байгаль хамгаалагч зэрэг долоон хүн улаан номонд орсон хүрэн баавгай агнаад явж байхдаа хилийн цэргийнхэнд баригджээ. Энэ талаар материалыг мөн 11 дүгээр нүүрээс унших боломжтой. Бурханхалдун ууланд гарахаар явсан таван залуу сураггүй алга болоод ес хонож байна. Харин тэдний араас Хэнтий аймгийн аврах ангийн зургаахан аврагч явсан аж. Энэ талаар материал баримт үйл явдлын долдугаар нүүрт хэвлэгдээд байна. Мөн тус нүүрт Мобикомын зарим дугаарт Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хэдэн хүн хуйвалдан авах гэж байна гэсэн утгатай мессэж очсон талаар албаны хүнээс авсан тодруулга багтсан болно. Одоогоос 70 жилийн тэртээ БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах бүх ард түмний санал асуулга болсон билээ. Үүнтэй холбогдуулан түүхийн ухааны доктор П.Дэлгэржаргалтай хүүрнэсэн сонирхолтой ярилцлагыг 12 дугаар нүүрээс уншаарай. Энэ мэтчилэн улс төр, гадаад мэдээ, дотоодын үйл явдал, хэвлэлийн хурал зэрэг цаг үеийн олон мэдээлэл багтсан болно.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ерөнхий сайдыг төөрөхөд бужигнасан онцгойгийнхон таван залуу сураггүй болоход зургаан аврагчаа түлхжээ” материал “Өдрийн сонин”-д гарлаа

Сүүлийн үед залуус Бурханхалдун уулнаа мөргөхөөр гарах нь олширсон. Гэвч хүйтний улирал ирсэн энэ үед утасны сүлжээ ч барьдаггүй уг газрыг зорихдоо бэлтгэлтэй байхгүй бол горьгүй. Энэ сарын 10-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сум, цаашаа Бурханхалдун, тэндээсээ Ононгийн халуун рашаан хүрэх маршруттай байсан таван залуу сураггүй алга болоод байгаа. Гэвч тэднийг эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын зүгээс тун ч хойрго хандаж буй юм. Тодруулбал, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын зургаахан аврагч замд гарсан гэнэ. Уг газарт өдгөө нутаглаж байгаа хүн үгүй бөгөөд уугуул иргэдийн яриагаар утасны сүлжээ ч барихгүй, шавар намагтай тун ярвигтай нөхцөл байдал бий болсон байгаа аж. Уг үйл явдлын эргэн тойронд болоод өмнө нь төрийн дээд албан тушаалтан холбоо тасрахад хэрхэн сүржин явдал болж байсныг жишсэн материал “Өдрийн сонин”-д хэвлэгдэж байна. Маргаашийн дугаараас уншаарай.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд зочид буудлын менежерүүдэд зориулсан сургалт болж байна

Ирэх 2016 оны долдугаар сард Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажил өрнөж байна. Уг бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр, маргааш хоёр өдөр хүндэт зочдод үйлчлэх эрх авсан зочид буудлын ерөнхий болон ахлах менежерүүдэд зориулсан сургалт “Корпорейт нэг”зочид буудалд болж байгаа юм. Нийт 44 зочид буудал АСЕМ-ийн төлөөлөгчдөд үйлчлэх эрх аваад байгаа билээ.

Дэлхийн тавь гаруй орны Төрийн тэргүүн, Ерөнхий сайд болон бусад өндөр түвшний зочдод үйлчлэх ажлыг гардан зохион байгуулах менежерүүдэд зориулсан сургалтыг дипломатчид болон Төрийн ёслолын албаны удирдлагууд хөтлөн явуулж байна.

Сургалтын хөтөлбөрт Зочдыг угтах, үдэх соёл, Хүлээн авалт, зоог, дайллага, цайллагын үйлчилгээний протокол, Зочид буудлын менежмент, үйлчилгээний технологийн орчин үеийн асуудлууд, Зочдын дунд биеэ авч явах ёс зүй, Ёслолын арга хэмжээнд оролцох хувцаслалт зэрэг сэдвүүд багтжээ.

Categories
мэдээ спорт

“Hakuho cup” тэмцээний бүртгэл эхэллээ

Мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” сүмо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 08-нд болохоор товлогджээ. “Хакүхо цом” өсвөрийн сүмочдын тэмцээнийг “Хакүхо сан”-гаас санаачлан зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Их аваргын ивээл дор явуулдаг, “Эрүүл монгол хүүхэд”-ийн төлөө уриатай тэмцээнийг “Хакүхо сан”, Их Шавийн дээд сургууль хамтран зохион байгуулах бөгөөд Спортын төв ордны А зааланд болно.

Тэмцээнд оролцогчид 8, 9, 10, 11, 12, 13-15 гэсэн зургаан насны ангиллаар өрсөлдөнө. 13-15 насны ангилалд 2000 оны 2 сараас хойш төрсөн хүүхдүүд оролцох боломжтойг анхаараарай.

Тэмцээнд өрсөлдсөн өсвөрийн тамирчдаас Текниктэй бөх, Дайчин бөх, Уран барилдааны шагналтан тодруулна. Улмаар нас насны ангилалд медальт байр эзэлсэн болон амжилттай барилдсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулж, 2016 оны хоёрдугаар сард Японы Токио хотноо зохиогдох “HAKUHO CUP” олон улсын тэмцээнд оролцох найман хүүхдийг сонгон шалгаруулах юм.

Тэмцээний бүртгэл өнөөдөр эхэлж байна. Бүртгэл аравдугаар сарын 19-нөөс арваннэгдүгээр сарын 07-ны хооронд Их шавийн дээд сургуульд явагдана. Тэмцээний техникийн зөвлөгөөний хурал 2015 оны арваннэгдүгээр сарын 07-нд 15:00 цагтаас Их шавийн дээд сургуулийн байранд болно.

Тэмцээнд оролцох тамирчид төрсний гэрчилгээ эх хувь, 2х3 хэмжээтэй 2% цээж зурагтай ирнэ. Бүртгэлийн хураамж авахгүй.

Categories
мэдээ спорт

Бүх аймгийг хамарсан “Үндэсний цом” тэмцээн эхэллээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулж буй 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ.

Эхний тоглолт Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Улсын гарьд М.Баяржавхлан нараар удирдуулсан Дархан-Уул болон Завхан аймгуудын хооронд болов. Уг тоглолтод Дарханы шигшээ баг өрсөлдөгчөө нэмэлт цагт 84:80-аар буулган авч, хэсгийн эхний хожлоо байгууллаа.

Тэднээс Г.Ихбаяр багаа тэргүүлэн, 22 оноо, зургаан удаа самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэсэн бол О.Ууганбаяр 13 оноо, 7 удаа самбараас бөмбөг авчээ. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын хувьд энэ тоглолтод 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэжээ. Харин эхний тоглолтдоо харамсалтай хожигдол хүлээсэн Завхан аймгийн шигшээ багаас А.Гансүх 24 оноо 10 самбар, Н.Нямдорж 17 оноо, гарьд М.Баяржавхлан 3 самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэсэн байна.

“Үндэсний цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа багт тухайн аймгийн харьяат, олны танил алдартнууд багтаж буйгаараа онцлог бөгөөд “Үндэсний супер лиг”-т тоглодог дөрвөн тоглогч, нутгийнхаа залуустай нэгдэн, нэг баг болон өрсөлдөж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Эрх бүхий албан тушаалтнууд байгаль хамгаалагчтай хамтран баавгай агнажээ

Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт орших тусгай хамгаалалттай Ёлт гэх газраас энэ сарын 12-нд хүрэн баавгай агнасан хэрэг гарсан байна.Тус хэргийг Алтай сумын байгаль хамгаалагч Б, Ёлтын тусгай хамгаалалттай газрын улсын байцаагч С, Алтай сумын засаг дарга Ш болон тус сумын иргэн М,С,Д нар хамтран үйлджээ. Тэд улсын тусгай хамгаалалттай газраас баавгай агнаснаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэдгээр хүмүүсээс “Сайга”, “Карбин”, “СКС” маркийн буу, баавгайн арьс, махыг хураан авч Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.

Categories
мэдээ спорт

Манай тамирчид алт медалаараа тэргүүлжээ

Гүрж улсын Батуми хотод 2015 оны аравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд болсон Байт харвааны 11 дэх удааагийн Олон Улсын тэмцээнд манай шигшээ багийн тамирчид амжилттай оролцжээ. Тэмцээнд 12 орны эрэгтэй 52, эмэгтэй 32 тамирчин оролцсон бөгөөд тэмцээний өдрүүдэд бороотой, цаг агаар төдийлөн тааламжтай байгаагүй гэнэ. Гэвч манай тамирчид тун ч олзтой байсан байна. Тодруулбал, эмэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Н.Ариунбилэг алтан медаль, эрэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль тус тус хүртсэн байна. Түүнчлэн тэмцээний гуравдахь өдөр болсон холимог болон эрэгтэй, эмэгтэй багийн шигшээ харваанд монголын баг тамирчид мөн амжилттай оролцож бүх харваанд алтан медаль авлаа. Холимог багийн төрөлд ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Д.Мирослава нар харвасан бол эрэгтэй багийн төрөлд ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Отгонболд, эмэгтэй багийн төрөлд ОУХМ Д.Мирослава, ОУХМ Н.Ариунбилэг, Спортын мастер Ч.Оюунтунгалаг нар тус тус харвасан байна.

Categories
мэдээ нийгэм

Элэгний С вирус тоолох шинжилгээ авч эхэллээ

АНУ-ын “Gilead Sciences” компани нь элэгний С вирусийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол улсад “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлон, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэхээр болсон.

2013 оны байдлаар манай улсад элэгний С вирустэй 200 гаруй мянган иргэн байдаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээрээс архаг өвчтэй буюу яаралтай эмчилгээ шаардлагатай 52 мянган хүн байгааг элэгний эмч нар онцоллоо. Харвони эмийг хэрэглэснээр элэгний өвчлөл эдгэрч С вирус бүрэн устах юм байна.

Тус эмийг энэ оны тавдугаар сард Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн юм. Зах зээл дээр нэг курс нь 94.000 мянган ам.доллараар борлуулагддаг эмийг 1200 ам.доллараар Монголд борлуулах санамж бичиг байгуулаад байгаа. Энэ хүрээнд ирэх сарын дундуур манай улсад оруулж ирэх юм байна.

Улсын хэмжээнд Хепатит С вирусын оношилгоо эмчилгээний хүрээнд хот хөдөөгийн 140 эмч мэргэжилтнийг хоёр удаагийн сургалтад хамруулж, батламжийн дагуу гэрээ хийсэн лабораториудад тодорхой төлбөртэйгээр С вирус тоолох шинжилгээнд хамруулаад байгаа аж. Шинжилгээнд өнөөдрийн байдлаар 2500 хүн хамрагдсанаас 1300 орчим нь С вирустэй гарчээ. С вирусийн эмийг албан ёсоор сонгогдсон 22 эмийн сангаар борлуулах юм байна.

Элэгний С вирусын оношилгоо хийх эмнэлгүүд:

Элэгний төв

Грандмед

Интермед

Сонгдо эмнэлэг

Гялс анагаах ухааны төв

Хаппи веритас

Мед-аналитик

Онкоген

Стандлаб

Итгэл эрүүл мэндийн төв гэсэн 10 байгууллага багтаж байна.

Categories
мэдээ нийгэм

Автомашинтай залуус сураггүй алга болжээ

Улаанбаатар хотоос Төв аймгийн Мөнгөнморьт сумын Бурхан халдун, Ононгийн халуун рашаан чиглэлд таван иргэн Ланд-80, Ланд-200 загварын хоёр автомашинтай энэ сарын 10-ны өдөр гараад сураггүй болсон байна.

Энэ тухай дуудлагыг 18-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:00 цагт зогсоож, өнөөдөр өглөө 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Түүнчлэн Дорноговь аймгийн Мандах сумын Баянхошуу багийн малчин У-ийн гэрээс 31 настай эрэгтэй 18-ны өдрийн 01:00 цагийн үед гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг тухайн өдрийн 07:20 цагт хүлээн авч тус сумын иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж сумаас хойш 1 км-ийн газраас мөн өдрийн 21:45 цагт эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.