Categories
энтертаймент-ертөнц

“Америкийн топ модел” телевизийн шоу хаагдлаа

“Дэлхийн хамгийн их үзэгчтэй “Америкийн дараагийн топ модель” шоу
нэвтрүүлэг ирэх оноос дахин эфирт цацагдахгүй” хэмээн тус шоуны
санаачлагч, топ модель Тайра Бэнкс мэдэгдлээ. Тус шоу 22 улирлын турш
үзэгчдэд хүрч, олон залуусын модель болох мөрөөдлийг биелүүлсэн зорилтот
шоу нэвтрүүлэг юм. Дэлхийн 37 улсад цацагддаг тус шоу хаагдах болсон
шалтгаан тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Гаалийн байцаагчийн хүүг өнөөдөр шүүнэ

ГЕГ-ын байцаагч
С.Норжинсүрэнгийн хүү Б.Бадралыг өнөөдөр Баянгол, Хан-Уул,
Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 13.30 цагаас шүүнэ. Түүнийг Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 192.1, 188.2-т зааснаар буруутган шүүхээр болжээ.
Тус зүйл ангиудад мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл,
бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан,
хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь
дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш
зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ /192.1/, хар тамхи, мансууруулах буюу
хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол
Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих
ял шийтгэнэ /188.2/ гэж заажээ. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд
Б.Бадрал нь гадуур батлан даалтад гаран шалгагдаж байсан юм байна.
Ийнхүү хоёр жил шалгагдсаны эцэст өнөөдөр шүүгдэхээр болоод байна.

Categories
мэдээ нийгэм

”Тэнүүн-Огоо” ХХК-ны автобус хүүхэд дайрчээ

ХУД-ийн нутаг
Ажилчдын гудамж, Саруул тэнгэр-2 н урд замд “Тэнүүн огоо” ХХК-ны Daewoo
Bs-106 маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 16 настай эрэгтэй
Т-г мөргөж гэмтээсэн байна.

Мөн ХУД-ийн нутаг Ажилчдын гудамж “Монфреш” ХХК-ны баруун замд Т.Маrk-2
маркийн авто машины жолооч Э нь Т.Kluger маркийн Н жолоочтой, D. Altis
маркийн Ж жолоочтой, Т.Corolla маркийн Т жолоочтой 29 настай эрэгтэй Ж
нарын 6 хүн гэмтсэн байна. Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл
хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооджээ.

Хөдөө орон нутагт гарсан зам тээврийн ослын талаар Дорноговь аймгийн
Сайншанд сумаас Улаанбаатар хот чиглэлд 29 километрт хатуу хучлагтай
асфалтан замд N.Condor маркийн авто машины жолооч М нь Howo маркийн Э
жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй М нас барсан
байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 12-нд бүх нийтээр амарна

Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 12-ны
пүрэв гаригт тохиож байна. “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт
өдрүүдийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн
тэргүүн сарын шинийн 1-нд энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр
буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ. Чингис
хаан-Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан
морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн
тогтоож, ёслон тэмдэглэж байх болсон. Хуульд зааснаар энэ өдөр бүх
нийтээр амрах юм.

Categories
мэдээ спорт

Пара хөнгөн атлетикчид ДАШТ-ийг зорилоо

Катарын Доха хотноо аравдугаар сарын
26-31-ний өдрүүдэд зохиогдох пара хөнгөн атлетикийн Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд манай улсаас пара хөнгөн атлетикийн F-57 ангилалд
шидэлтийн төрлөөр “РИО-2016” паралимпийн наадамд эрх авсан тамирчин
Г.Цогтгэрэл, F-41 ангилалд шидэлтийн төрлөөр Ц.Баттулга нар оролцох гэж
байна. Тамирчид өчигдөр Доха хотыг зорьжээ. Тэдний дасгалжуулагчаар
Ц.Нэргүйбаатар ажиллах бол баг тамирчдыг Ц.Одонбаяр ахалж байна.

ДАШТ-ээс “РИО-2016” паралимпийн наадмын эрх олгогдох ба 2015 оны
чансааг шинэчлэн гаргах юм. Манай улсаас пара хөнгөн атлетикийн ДАШТ-д
2013 оноос хоёр дахь удаагаа оролцож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д зорчих иргэдийн эрхийг хамгаалахаар болжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө
газрын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Буриад
Улсын Улаан-Үд хот дахь ОХУ-н Монополийн эсрэг холбооны алба болон
Иргэдийн сайн сайхан байдал ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын
албанд ажлын айлчлал хийжээ.

Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй
зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш хойд хөршид зорчих манай
улсын иргэд, бизнес эрхлэгчдийн урсгал нэмэгдсэн билээ. Тэгвэл хойд
хөршид зорчих иргэд, бизнес эрхлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах,
шударгаар бизнес эрхлэх нөхцөлийг нь бүрдүүлэх асуудлыг Т.Аюурсайхан
холбогдох байгууллагуудын удирдлагуудтай ярилцаж тохиролцсон байна. Хойд
хөршид зорчиж буй иргэд эрх нь зөрчигдвөл ОХУ-ын Иргэдийн сайн сайхан
байдал ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын албаны тухайн орон нутаг
дахь салбарт хандаж, тус байгуулагын зүгээс манай улсын иргэдийн гомдлыг
түргэн шуурхай шийдвэрлэж байхаар болжээ.

Түүнчлэн иргэд, бизнес эрхлэгчид маань
ОХУ-ын хилийг нэвтрэхдээ хүнд суртал, чирэгдэлгүй түргэн шуурхай нэвтэрч
байх нөхцөлийг бүрдүүлэх талаар ШӨХТГ-аас холбогдох албаныхантай
ярилцаж, уг ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр болсон байна. Үүний
зэрэгцээ ШӨХТГ нь ОХУ-ын Монополийн эсрэг холбооны албатай хяналт
шалгалтын ажлын туршлага болон мэдээлэл солилцох ажлаа бодит үр дүнтэй
үргэлжлүүлэхэд талууд санал нэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Чингис хааны түүхийн музей Манжуурт нээгджээ

Манжуур хотноо хаш чулуугаар урласан Чингис хааны түүхийн музей
нээгджээ. Чингис хаан их хатан Бөртэ Үжиндээ Хаш чулуун сийлбэртэй
гоёлын зүүсгэл бэлэглэж байсан түүхээс улбаалж энэ музейг бүтээсэн аж.
Тус музейг байгуулахад 50 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийсэн байна.
400 гаруй үзмэрийг гурван жилийн хугацаанд урлаж, нийтдээ 100 тонн хаш
чулуугаар хийжээ. Нэг хаш чулуун үзмэрийг долоо хоногийн хугацаанд
сийлдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

09.00 цагт:
“Олон улсад BIM нэвтрүүлсэн тэргүүн туршлага” олон улсын эрдэм
шинжилгээний хурал, семинар Бишрэлт зочид буудлын хурлын танхимд болно.
Семинарт Барилга хот байгуулалтын яам, Их Британий Монгол дахь элчин
сайдын яам, болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцоно. Семинарын үеэр
Их Британи, ОХУ, БНСУ, Сингапур зэрэг улсуудад BIM нэвтрүүлсэн туршлага
хуваалцаж, BIМ дэмжигч програмууд дээр ажиллаж үзүүлэх бөгөөд үр дүнг
хэлэлцэнэ. Утас: 99044295


09.00 цагт:
МҮХАҮТ-ын дэргэдэх Барилга, Дэд бүтцийн зөвлөлөөс та бүхэндээ зориулж
цаг үеийн асуудлуудын нэг болох эдийн засгийн ил тод байдлын хууль
батлагдсантай холбогдуулан уг хуулийн төслийг санаачлагч МҮХАҮТ-ын
Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважавтай хийх уулзалт
ярилцлага МҮХАҮТ-ын 5 давхарын хурлын танхимд болно. Утас: 324394,
77113333


09.00 цагт:
“Номын сангийн үйлчилгээний уламжлал ба шинэчлэлт, хэтийн төлөв”
сэдвийн дор онол практикийн бага хурал Д.Нацагдоржийн нэрэмжит
Улаанбаатар хотын төв номын санд болно. Утас: 70116809, 99814424


09.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй нийтлэг асуудал, бэрхшээлийг тодорхойлж, оролцоог нэмэгдүүлэх
арга замыг эрэлхийлэх зорилгоор “Материаллаг бус оюунлаг залуусын
төлөө” уриан дор Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын
“Бид хамтдаа” өдөрлөг “Парк” зочид буудлын хурлын заалнд зохион
байгуулна. / Жуковын талбайн хойно/ Өдөрлөгт ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ,
БЗД-ийн ИТХ-ийн дарга Ц.Батхүү нар оролцоно. Утас: 99971556


10.00 цагт:
Их буянтан гэсэр ламтан Ц.Чүлтэмжамц, агримба Р.Санжайжав нарыг
Архангай аймагт нь залахаар болсон тухай хэвлэлийн хурал Ханбүргэдэй
төвийн 11-р давхарт болно. Архангай аймгийн Цахир сумын нутгийн
зөвлөлөөс зохион байгуулж байгаа энэ хуралд Монголын сүм хийд, шашин
судлалын төлөөлөгчдөөс гадна ШУА-ын эрдэмтэн, судлаачид болон бусад
холбогдох хүмүүс оролцоно. Утас: 88081261, 99115550


11.00 цагт:
Монгол Улсын гавьяат тамирчин С.Дамдиншарав Мехико хотноо болсон зуны
19-р олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэж, Монгол
Улсын алтан соёмбот далбаа олимпийн тэнгэрт анх мандсан энэ өдөрт
зориулсан хэвлэлийн бага хурал Спортын төв ордны IV давхрын хурлын
зааланд болно.


11.00 цагт:
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14
давхарт болно. Хуралдаанаар Агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоох,
бүсэд нийлүүлэгдэх түлшний татаасын тухай, Тэргүүний тохижилт
үйлчилгээтэй эрүүл мэндийн байгуллага, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн,
ажилтнуудыг шалгаруулж, урамшуулах тухай, Хүүхдэд ээлтэй Улаанбаатар
хөтөлбөр, Багахангай дүүрэгт гар аргаар алт олборлож буй иргэдийн талаар
асуудлыг хэлэлцэнэ.


11.00 цагт: Монгол
улсын төсөв хэлэлцэж буйтай холбогдуулан “Хавдрын эсрэг хамтдаа”
Facebook группээс хавдартай өвчтөн, тэдгээрийн гэр бүлийг төлөөлөн
УИХ-ын гишүүдэд хандаж чухал мэдээлэл хүргүүлнэ. Арга хэмжээ Хэвлэлийн
Хүрээлэнд болно.


11.00 цагт:
БСШУЯ CDIO олон улсын байгууллагын Азийн бүсийн төв, Сингапур улсын
Политехникийн институттэй хамтран ажиллах, цуврал сургалтууд зохион
байгуулах талаар хамтын ажиллагааны санамж бичигт БСШУ-ны сайд
Л.Гантөмөр, Сингапурын Политехник Институтын захирал Лим Пенг Хун нар
тус тус гарын үсэг зурна. Тус арга хэмжээ ШУТИС-ийн номны сангийн 5
давхарт болно. Утас: 98119897


14.00 цагт:
“Ухаалаг Улаанбаатар” хөгжлийн хорооны хуралдаан НЗДТГ-ын А танхимд
болно. Хуралдаанаар Их дээд сургууль, мэргэжлийн коллеж, сургалт
үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутан нийтийн тээврийн цахим төлбөрийн
карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам, Ахмад настан хөгжлийн
бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн
карт олгох журам, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжийн үйл
ажиллагааны зардлыг батлах тухай, Нийтийн тээврийн машин цагийн зардлын
тариф батлах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.


14.00 цагт: “Мэдээллийн цаг” арга хэмжээ Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд болно. Утас: 88080619, 89010515


14.00 цагт:
Австралийн Холбооны улсын Ерөнхий сайд асан Кевин Митчелл Рудд МУИС-ийн
“Хүндэт доктор” цол олгох ёслол МУИС-ийн дугуй зааланд болно. Утас:
89008869


14.00 цагт:
1945 оны 10 дугаар сарын 20-нд болсон бүх нийтийн санал асуулгаар БНМАУ
тусгаар тогтнолоо батжуулсаны түүхт 70 жилийн ойн арга хэмжээний
хүрээнд МАХН-аас “Ардчилсан хувьсгалт сонголтын өдөр” намын гишүүн
элсүүлэх арга хэмжээ МҮЭСТО-д болно.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Даваасүрэн: Ард түмэн ирэх сонгуулиар улс төрийн шинэ сонголт хийж болзошгүй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-УИХ-аар ирэх жилийн төсвийг хэлэлцэж эхэлнэ. Ямархуу төсөв болно гэж төсөөлж байгаа вэ. Сангийн сайдын хувьд танаж болох бүхий л урсгал зардлуудаа танасан гэж байсан?

-Шийдвэр гаргах түвшинд төсвийн хэт тэлэлтийг хүлээн зөвшөөрч бууруулах хандлага гарч буй нь сайн зүйл. Тэр талаас нь харвал зарим дэвшилттэй хандлага энэ төсөв дээр байгаа. Б.Болор сайд сүүлийн жилүүдэд манай байнгын хорооны төсвийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд төсөв дээр ямар асуудал байгааг мэдэж байгаа. Тэр талаасаа хандсан байх. Зардлын бүтцийг оновчтой, хэмнэлттэй болгохыг оролдож байгаа нь сайн зүйл. Харин хэр оновчтой сонголт хийж танав гэвэл бас ярих зүйл бий. Жишээ нь, хямралтай үед хавтгайруулж цалин бууруулах тухай ярих бус хэрэггүй яамдаа оны эхнээс татан буулгаж төсөв хэмнэх тухай яривал хүн зөв ойлгоно, үр дүн гарна. Хөрөнгө оруулалтын арга хэмжээг харахад зарим ач холбогдолгүй шинэ барилга байгууламж, арга хэмжээ харагдаж байна лээ. Тиймээс УИХ-аас томилогдох ажлын хэсэг энэ чиглэлд анхаарах биз. Зайлшгүй нэмэгдэх зардал гэж бас бий. Тухайлбал, төрөлт нэмэгдээд хүүхдийн тоо өсөөд шинэ сургууль, цэцэрлэг хэрэгтэй болж тэнд ажиллах орон тоо нэмэгдэж байгаа нь буруу зүйл биш.

-МАН-ын бүлэг ирэх жилийн төсвийн орлогыг бодитой биш гэж дүгнэсэн. Орлого зохиомол гэдэг нь үнэн үү. Бидэнд төсвийн орлогоо нэмэгдүүлэх ямар, ямар боломж байгаа вэ?

-Манайд орлого нэмэгдүүлэх асар их бодит боломж байгаа. Гадагш ачуулж буй баялгаа, экспортын орлогын өсөлтөө харъя л даа. Тухайлбал, экспортын хэмжээ 2013 онд 4269.1 сая ам.доллар байсан бол 2014 онд 5774 сая.ам доллар болж өссөн байна. Тэгвэл яагаад экспорт өсөөд байхад валютын нөөц буурч, ханш өсөж, эдийн засаг хямарч өр зээлдээ баригдав. Шалтгаан нь маш энгийн. Экспортод ачуулсан баялгийнхаа 5-24 хувийг л бид буцааж хүртэж байна. Оюу толгой дээр орж ирэх татвараасаа өр зээлэндээ суутгуулаад борлуулалтын орлогын тавхан хувийг л бид авч үлдэж байгаа. Түүхий нефть дээр дөнгөж хорь гаруй хувиа л авч үлдэнэ. Ийм байхад бид яаж ч зардлаа хасаж тэвчээд хямралаас гарч чадахгүй. Харин энэ томоохон ордуудынхаа гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээгээ харилцан үр ашигтай болгож алдаж байгаа орлогоо олж авч байж бид хямралгүй амьдарна.

-Өнгөрсөн жил та манай сонинд ярилцлага өгөхдөө хэт тэлэлтийг бууруулж чадсан төсөв баталлаа хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл энэ жил нөхцөл байдал арай л өөр байх шиг?

-2011-2012 онуудаас төсвийг үндэслэлгүйгээр хэт тэлснээс болж 2000 онтой харьцуулахад 16 дахин, 2009 онтой харьцуулахад гурав дахин өссөн юм. Сүүлийн хоёр жилд төсвийг өмнөх онтой нь харьцуулахад бууруулж баталж ирлээ. Тодруулбал, төсвийн өсөлтийг зогсоож, зардлыг бууруулж баталсан. 2010-2012 оны төсвийг харахаар урсгал зардал жилд дунджаар 22-43 хувиар өсөж байсан бол 2013 оноос 10 хувь болтлоо буурсан байна. Тухайлбал, 2014 оны төсөв өмнөх жилийн тодотгосон төсөвтэйгөө харьцуулахад өсөлтгүй, тэр түвшинд батлагдсан. 2015 оны төсөвт урсгал зардлыг 118 тэрбум төгрөгөөр бууруулан баталж илүүдэл орон тоог 900 гаруйгаар цөөрүүлсэн. Боловсрол, эрүүл мэндийн салбараас бусад салбарт их засварын зардлыг нэг жилээр тэвчсэн гээд зардал бууруулсан олон жишээг дурдаж болно. Өмнөх жилүүдэд эхлүүлээд өнөөдрийг хүртэл дуусгаж чадахгүй, бизнес, банк санхүүгийн салбарт хүндрэл авчирч байсан хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгах зорилго тавьж, үндэслэлгүйгээр шинэ хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхийг хязгаарласан. Дээрээс нь урсгал зардлыг хэт тэлж байгаа зүйл бол салбар салбараар нь нэмэгдүүлж байгаа яамдын төсөв. Эвслийн нэртэй Засгийн газарт хэрэггүй, зардал нэмэгдүүлсэн, ач холбогдолгүй яамд олноор бий болсны хамгийн тод жишээ бол Дэд бүтцийн яам дөрөв болж задарсан явдал юм. Улс төрийн шийдэл учраас хамгаалагдаад өнөөг хүртэл яаж ч чадахгүй явна. Жишээ нь, өнгөрсөн жил яамдын тоог бууруулчихаад 14 хоногийн дараа МАНАН-гийн Засгийн газар гарч ирэнгүүтээ буцаагаад нэмсэн.

-Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах тухай яригдаж байна. Цалин бууруулахгүйгээр асуудлыг шийдэх боломж байгаа юу?

-Наадах чинь ёстой популист хандлага юм биш үү. Улстөрчдийн цалин гэхээр гоё сонсогдоно гэсэн шиг. Харин тэр бялуу хуваарилалтаар бий болсон яамдыг сонгуулийн дараа гэхгүйгээр татан буулгаад орон тоо хэмнэвэл дор хаяж дөрвөн тэрбум төгрөг хэмнэнэ.

-Мөн ДНБ буюу эдийн засаг, экспорт ирэх онд өсөлттэй харагдана. Энэ нь Оюу толгойн борлуулалттай холбоотой. Ирэх онд Оюу толгой 3.9 их наяд төгрөгийн борлуулалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ хэмжээгээр эдийн засаг, экспортын өсөлтөд нөлөөлнө гэж хэлж байсан. Гэтэл эдийн засгийн өсөлт гурав орчим хувь байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-2014 онд манай улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд эхний тавд багтсан. Гэтэл өрийн эрсдэлээр хамгийн өндөр 10 улсаар нэрлэгдсэн. Ирэх онд ч гэсэн эдийн засаг өсөхөөр байна. Гэтэл яагаад хямраад байна вэ. Хоёулаа үүнийг тайлбарлавал бүх зүйл тодорхой болж чиний асуултын хариу гарна. Тэгэхээр түрүүн бид хоёр экспорт өсөж байгаа талаар ярилаа. 2014 онд экспорт 5.7 тэрбум ам.долларт хүрч өссөн байна. Энэ чинь Оюу толгой ашиглалтад орж Эрдэнэтээс 2-3 дахин их баяжмал экспортолж Тамсагийн нефтийн экспортлох хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой юм. Мөн 2016 оны нэгдсэн төсөв 6.9 их наяд гээд бодъё. Гэтэл Оюу толгойн борлуулалт 3.9 их наяд гэдэг чинь манай төсвийн 56 хувьтай дүйцэж байна. Гэтэл энэ их орлогын дөнгөж таван хувь нь л Монголдоо үлдэж байгаа. Жишээ нь, 2016 онд Оюу толгойгоос орох татвараас өр зээлийн суутгалаа хасаад тооцоход төсвийн орлогын дөнгөж 2.6 хувийг л Оюу толгой бүрдүүлнэ гэсэн үг юм. Энэ бол хангалттай тайлбар байх.

-Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах саналд та гарын үсгээ зурсан. Уг нь бид байж болох бүх хувилбараар Засгийн газраа бүрдүүлж үзсэн. Хэрэв одоогийн Засгийн газрыг огцруулбал дараа нь хэрхэн бүрдүүлэх вэ?

-Саяхан Шийдлийн Засгийн газрын зургаан сайдыг бүрдүүлэхэд сайд болох сонирхолтой хүмүүс мундахгүй юм байна гэдгийг та, бид хангалттай харлаа. Өөрөөр хэлбэл, дараагийн хоолонд орох сонирхолтой хүмүүс гараад л ирнэ.

-Ер нь Засгийн газрыг огцруулах хэнд ашигтай вэ. Монголчуудад ямар ашигтай вэ?

-Бидний хэсэг гишүүдийн хувьд Дубайн гэрээг залруулахын тулд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барих гарын үсэг цуглуулж эхэлсэн. Мөн энэ Засгийн газар нь дараагийн Дубайн хувилбар гаргаж ирэх магадлалтай байгаа учраас огцруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Уг нь Засгийн газар тогтворгүй байх нь сайн зүйл биш.

-Та өмч хувьчлалыг эсэргүүцдэг. Ямар учиртай вэ?

-Улс орноо тэжээж байгаа, стратегийн ач холбогдол бүхий томоохон объектуудыг хувьчлахыг би дэмждэггүй. Харийнхан үүнийг худалдаад авчихвал эдийн засгийн эрх чөлөө боймлогдож эхэлнэ биз дээ. Ер нь одоо цэрэг, танк орж ирүүлэхээсээ илүүтэй үнэ цэнтэй зүйл, амьдралын эх үүсвэрийг чинь худалдаад авчихна шүү.

-Ирэх жилийн сонгуулиар аль нэг намд элсэх үү. Эсвэл бие даагч статусаараа цаашид улс төрд хүч үзнэ гэж бодож байгаа юу?

-Одоогоор сонгогч түмний итгэлийг биелүүлж бие даагчийн үүргээ гүйцэтгээд явж байна. Цаашид хэрхэх талаар тэднээсээ асууна. Түүний дараа сонголтоо хийнэ.

-Ирэх жилийн сонгуулиар аль нам ялалт байгуулах магадлал өндөр вэ?

-Одоогийн улс төрийн намууд олон түмний итгэлийг алдсан байна. Ялангуяа энэ Засгийн газарт оролцож байгаа улс төрийн намуудын хувьд хүнд болж байх шиг байна. Хариуцлагыг хамтарч л хүлээж таарна. Хоёр том улс төрийн хүчний аль нэг нь нөхцөл байдлыг ухаараад, олон түмнээсээ уучлалт гуйгаад, амжиж шинэчлэлт хийж, олны итгэлийг олж чадвал ялалт байгуулах боломжтой. Гэхдээ ийм алхам бараг л хийж чадахгүй биз. Тиймээс ирэх сонгуулиар улс төрийн шинэ сонголтыг ард түмэн хийж болзошгүй.

-Та энэ сонгуулийн жилд тойрогтоо ямар, ямар томоохон ажил хийв. Ард түмэн хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Бие даагчийн хөтөлбөрөө хэрэгжүүлчихсэн. Аймаг маань нийслэлтэй засмал замаар холбогдчихлоо. Дулааны станц ашиглалтад орж орон сууцжуулалтыг эхлүүлэх дэд бүтэц бүрдлээ. Иж бүрэн оношлогооны төв, 50 ортой төрөх эмнэлэг, Эрүүл мэндийн шинэ төв, багшийн хөгжлийн ордонтой болсон гээд олон зүйлийг дурдаж болно. Тухайлбал, хоёр бүрэн эрхийнхээ хугацаанд боловсролын салбарт 30 орчим шинэ объектын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж өгсөн байна лээ. Энэ бүхэн 120 мянга гаруй хүнийг төлөөлж буй миний үүрэг. Зарим нь албан тушаал ашиглаж нутагтаа хөрөнгө оруулалт хийлээ гээд шүүмжилж л байдаг юм. Сонгуулиар бүгд л тэгж амладаг хойно өөр яах ч билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс 331 бие даасан ханлиг улстай боллоо

Саяхан нэг муугийн муу мэдээлэл цацагдлаа. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим дугаарын дагуу өргөдлөөр олгосон ч орон нутгийн зүгээс 90 хувь нь татгалзсан хариу өглөө гэсэн. Сумын дарга нарын эрх мэдэл Засгийн газраас хол давсан юм байна. Ойрын хугацаанд ам.долларын ханш буухгүй юм байна. Уул уурхай, эрдэс баялгийн салбарт л гадны хөрөнгө оруулалт бодитой орж байж ам.доллар сулрахаас биш бусад шалтгаан нь худлаа шүү дээ. Долларын ханш сулрах, чангарахыг Монголын 331 сумын малчин иргэд, тэднээс сонгогдсон Иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид, дээр нь сумын Засаг дарга нөхөр, ийм л хүмүүс мэддэг цаг үе иржээ.

Энэ өдрүүдэд ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотголыг УИХ хэлэлцэж байна. Үүнд ирэх оны төсөвт хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөөс тэдэн тэрбумыг олно хэмээн ярьцгааж байна. Гэтэл хаа байна тэр хайгуулын тусгай зөвшөөрлөөс орох орлого чинь. 331 сумыг даргалж байгаа нөхдийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийн чинь 90 хувийг будаа болгосон байна. Засгийн газраасаа хол давсан сумын засаг захиргааны бүтэц хуулиар бий болсныг одоо л хүмүүс анзаарч байх шиг. “Яаж байгаа юм чи” гээд аль нэг сумын Засаг даргыг зандрах захирах чадал, хуулиар олгогдсон эрх Ерөнхий сайдад байна уу. Сайндаа гуйж гувших байх даа. Хариуд нь өнөө сумын дарга ямар ч айдасгүйгээр “Манай суманд захиргааны ордон барьж өг” гэж тулган шаардана. Нэг их наядаар төсөв нь тасарчихсан төсвийн ерөнхийлөн захирагч бээр уул уурхайн компанийн захирлыг дуудаад цаад сумандаа хоёр давхар байшин бариад өгчихөө гэж гуйна. Эсвэл унааг нь шинэчлээд өгчих, хүүхдийнх нь сургалтын төлбөрийг даачих гэнэ дээ. Ингэхгүй л бол Иргэдийн нийтийн хурлаас гарсан шийдвэрээ гээд гэдийгээд суучихна шүү дээ. Монголын төр өдөр ирэх тусам ямар аймшигтайгаар суларч, жижгэрч, хүчгүйдэж байна вэ.

Өнгөрсөн хугацаанд нутгийн өөрөө удирдах ёс гэж дээр доргүй хичнээн чалчлаа. Ингэж их бурсны үр дүнд орон нутагт бүх эрх мэдлийг шилжүүлэхийг хуульчилсан. Төсвийн захиран зарцуулалтыг Засаг дарга нь мэдэхээр болсон. Ашигт малтмалын бүх зөвшөөрлийг сумын Иргэдийн нийтийн хурал ард иргэдээсээ санал авч байж шийднэ гэсэн солиотой хуулийн заалт бий болсон. Ингээд иргэдээсээ асуусан чинь зөвшөөрсөнгүй ээ гэсэн “сайхан” үг бий боллоо. Энэ үгийг хэзээ ч, хаана ч, хэнд ч түгдрэлгүй хэлдэг болсон нь өөрөө асуудал. Хэдийд нь иргэдээсээ асуусан байхав! Ашигт малтмалын гайгүйхэн ордтой сумдын Засаг дарга нар ланд 200, 570-ыг хөлөглөдөг болсон. Томхон хэмжээний сум 500 өрхтэй, 2000 орчим иргэнтэй. Тэдний дийлэнх нь сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ИТХ-ын төлөөлөгчдийн хамаатан садан байдаг. Суманд бол төрд алба хашиж байгаа нь отог омог дотроо нөлөөтэй нь байдаг. Энэ нөлөөгөө орон нутагт үйл ажиллагаа явуулах уул уурхайн компанийг шантаажлахад ашигладаг болсон нь сумын удирдлагуудын дийлэнхийн байр байдлаас харагдах боллоо. Ийм нэг жалгын удирдагч, сум хэмээх ханлигийн эзэн болох эрх зүйг нь УИХ хуулиар баталгаажуулж өгчээ. Ийм дархлаатай болсон 331 сумын дарга нарт халдах гэвэл нутгийн өөрөө удирдах ёс, бие даасан байдлын тухай хуулийг нэгд нэгэнгүй өөдөөс ярина. Ингэхээр тусгаар тогтносон Монгол Улсын нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагт 331 ширхэг бие даасан ханлиг улс нэгэнт бий болжээ. Тэдний амнаас гарах болсон “Ард нийтийнхээ саналыг асуусан чинь зөвшөөрсөнгүй ээ” гэдэг үг бол төрийнхөө өмнөөс “хуц” гэж хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хэлж байгаа ханлигийн эзний үг гэж ойлгох хэрэгтэй. Дорноговь аймгийн Айраг сумын нэгэн дарга саяхан ярилцлагадаа “Орон нутагт ийм сайхан эрх мэдлийг хуулиар олгосон өнөөдрийн төр засгийн удирдлагууддаа баярлалаа” гэж цоглог хэлж байна лээ. Ханлигийн эзэд айдасгүй, амташсан байдалтай хэдүйн болчихсон байна лээ дээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл дээр ханлигийн эзэд хатуу чанга, арга чарга ихтэй байгааг баримтаар дурдъя л даа. Аймгуудын уул уурхайн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтнууд иймэрхүү мэдээлэл өгч байна. Булган аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Бумбаяр: “Манай аймагт Ашигт малтмалын газраас 38 хайгуулын тусгай зөвшөөрөл ирсэн. Гэтэл орон нутаг нэгэнд нь ч зөвшөөрсөн хариу өгсөнгүй. Сумдын Иргэдийн нийтийн хурал ард иргэдээсээ авсан саналын үр дүн ийм байдалтай байна. Иргэд зөвшөөрсөнгүй. Түүнээс гадна сумдын Иргэдийн нийтийн хурал багагүй талбайг тусгай хамгаалалтад авчихаад байна. Үнэндээ бодит амьдрал дээр сум, орон нутгийн удирдлагууд хуулийн дагуу иргэдээсээ асуусан эсэх нь ч тодорхойгүй болчихоод байна. Бас нэг асуудал нь сумдын Иргэдийн нийтийн хурлууд хоорондоо холбогдоод, танай сум хайгуулын тусгай зөвшөөрлийг хэрхэн олгож байна вэ, манайх ийм шалтгаанаар зөвшөөрөөгүй гэхчилэн ярьж, тохирох асуудлууд гарч байна. Үр дүнд нь сумдаас нэг хэвэнд цутгасан юм шиг шийдвэрүүд гарч байна. Мөн санаатай гэж хардахаар Дашинчилэн, Рашаант сумдад тусгай хамгаалалтад авсан газрууд нэмэгдчихлээ” гэсэн юм. Тэгвэл Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Уул уурхай хариуцсан мэргэжилтэн Э.Ганхуяг: “Хайгуулын 84 лиценз хүссэн өргөдөл манай аймагт ирсэн. Дийлэнхэд нь орон нутгаас татгалзсан хариу ирсэн. Дийлэнх аж ахуйн нэгж талбайгаа авч чадахгүй, хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар хохирч, шүүх цагдаа дээрээ тулж байна” гэлээ. Харин Төв аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Ж.Баттогтох “Манай аймаг хайгуулын 179 тусгай зөвшөөрлийн өргөдлийг ажлын хоёр өдрийн хугацаанд хүлээж авсан. Холбогдох материалуудыг сумдын Иргэдийн нийтийн хурал руу явуулсан. Сумдын Иргэдийн нийтийн хурал 30 хоногийн дотор орон нутгийн иргэдээсээ санал авна. Дараа нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орно. Энэ нь тэгээд хугацаандаа амжих эсэх нь эргэлзээтэй” гэсэн хариу өглөө. Бүх л хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрлийг өнөөх л иргэдээсээ асууна гэсэн үгээр Засаг дарга нар нь буцаажээ. Ямар ч арга байхгүй, ийм л хуультай. Гэхдээ ханлигийн эзэд иргэдээс асууж ч болно, асуухгүй байсан ч болно. Асуусан чинь ийм хариу өглөө гэж өөрийнхөөрөө хэлнэ, асуугаагүй байсан ч ийм хариу өглөө гэж өмнөөс нь протокол үзүүлж болно. Ерөөсөө ханлигийн эзний мэдэх асуудал.

Өнөөдрийн сумын төвд захиргаа, сургууль, эмнэлэг, Хаан банк ийм дөрвөн л газар байгаа. Ийм газарт Монголын нийт хүн амын 45 хувь нь амьдарч буй. Иргэд нь лааны гэрэлд амьдарч, сардаа нэг усанд ордог сумд олон бий. Эдийн засгийн утгаараа бол өдөрт 500 ширхэг талх зарагддаггүй сумын төв дээр томоохон үйлдвэр байгуулаад бүгдийг ажлын байртай болгоно гэж байхгүй. Гэхдээ ийм хэсэг бүлэг хүмүүсийг хөдөөд сум нэрийн дор байлгах сонирхол УИХ-ын гишүүдэд байдаг. Ийм нэг нэг бие даасан сумдыг устгах гэвэл өнөө УИХ-ын гишүүд чинь хамаг саналаа алдана гэсэн үг. Хэн эдгээр 331 тусгаар тогтносон улсыг татан буулгаж хамаг саналаа алдахыг хүсэхэв. Сумын төвд амьдрах 50 гаруй өрх нь бүгд төрийн албан хаагчийн гэр бүл. Бүгдээрээ сумынхаа иргэдийг гартаа атгасан. Сумын даргатай, эмчтэй, нийгмийн даатгалын байцаагчтай, банкны эрхлэгчтэй, цагдаатай… бүгдтэй нь тэрхүү сумын 1000 иргэн ойр байж, үг сургаалыг нь дагаж мөрдөж байхгүй л бол баларна. Өвдвөл яана, зээл хэрэгтэй болбол яана, малаа хулгайд алдвал яана, тэтгэврээ авч чадахгүй бол яана… энэ бүхэн тэднийг харцаараа хөдөлгөж байх нээнтэг болдог. Ийм орчин нөхцөлийг сумын удирдлагууд бүрэн ашигладаг. Сум хэмээх бие даасан ханлиг улсын эздэд “Уул уурхай, ашигт малтмал” гэдэг үгс бөөн мөнгө гэж сонсогддог. Тийм болохоор бие даасан ханлиг байх, жалгандаа “улс орон” болж тоглохоо өдрөөс өдөрт ойлгож амташсан нөхдүүд. Тэдний энэ байдал газар авсаар өнөөдөр улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх, бул хар чулуу болох хэмжээнд очсоныг хайгуулын тусгай зөвшөөрлийн 90 хувийг буцааснаас харж болно.

Хууль эрхзүйн хүрээнд 331 хэсэг улс болон хуваагдсан Монголын эдийн засаг (өнөөдөр Засгийн газар огцрох эсэх нь иргэн Доржид ямар ч хамаагүй, түүний хувьд ажилладаг байгууллага нь л ашиг орлоготой, тогтвортой үйл ажиллагаатай байх нь чухал) цаашид яах вэ. Ирээдүйд энэ улсын эдийн засгийн гол сэргэлт болох Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн сумын нутаг дахь Өвөржаргалантын хөндийд буй дэлхийн хамгийн чанартай занарыг ашиглах эсэхийг эдгээр сумын Иргэдийн нийтийн хурал гээчээс нь асууж шийдэх үү. Дэлхийд занарын хувьсал ид явагдаж байна, Монголын энэхүү хүхэргүй, хорт хийгүй, органикийн өндөр агуулгатай занарын ордыг дэлхий дуу алдан харж байна шүү дээ.

Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийн топ арвын нэгд аль хэдийнэ орчихлоо. Ураны нөөц ингэж огцом өссөн гол шалтгаан нь Францын “Арева”-гийн Монголд арваад жил хийсэн хайгуулын үр дүн. Дорноговийн нутаг дахь Дулаан-Уул, Зөөвч-Овоогийн нөөц дэлхийн ураны 20 жилийн хэрэгцээг хангахаар байна. Гэтэл “Арева”-гийн охин компани “Кожи говь” хайгуулын өрөмдлөгөө сая зогсоочихлоо. Өнөөх л сумын Иргэдийн нийтийн хурлын шийдвэр, Иргэний хөдөлгөөнүүдийн дарамт шахалтаас болоод тэр. Монгол Улсын 331 сум тус бүрдээ ийнхүү бие даасан ханлиг улс болон шийдвэр гаргаж, эдийн засгаа хорлоод эхлэхээр монголчуудыг ирээ­дүйд ямар хувь заяа хүлээнэ вэ. Монгол орны хөгжил дэвш­лийн тухай яриад ч хэрэггүй боллоо. Тэмүжин гуай тэртээх зуунд 81 ханлиг аймгийг нэгтгэх гэж ухамсарт амьдралынхаа 20 жилийг зориулж хүчирхэгжсэн байдаг. Өнөөдрийн удирдагчид 331 ханлигийг хэрхэн нэгтгэж улс орноо хөгжүүлэх юм бол доо.