Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүдэд уриалга хүргүүлсэн байна

“Хавдрын эсрэг хамтдаа” фэйсбүүк группийн гишүүд хэвлэлийн хурал
хийлээ. Уг хурлаар ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын төсвийг 2016 оны
төсөвт суулгаж батлахыг УИХ-ын дарга, гишүүдэд уриалж буйгаа мэдэгдлээ.

Уг групп нь хавдраар өвчилсөн болон хавдраар дотны хүнээ алдсан
хүмүүсийг танилцуулж, туршлага судалж мэдэх, урьдчилан сэргийлэх мэдлэг
түгээх зорилгоор 2013 онд үүсгэн байгуулагджээ. Группын 3000 гишүүд
нэгдэж, ХСҮТ-д компьютер томографи аппарат суурилуулж, өргөтгөлийн
барилгын хөрөнгийг 2016 оны улсын төсөвт оруулахыг УИХ-ын гишүүдэд
уриалж байгаа аж.

“Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор орны хүлээгдэл эрс багасч
оношлогоо, эмчилгээний хүртээмж сайжирч, Монгол хүний алтан амийг цаг
алдалгүй аврах боломж бүрдэнэ. Мөн гадагшаа урсах мөнгөний урсгалыг
багасган эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж бид үзэж байна” гэж
группын үүсгэн байгуулагч Э.Сувдмаа хэлж байв.

“Хавдрын эсрэг хамтдаа” фэйсбүүк группын гишүүд, сэтгүүлч
Л.Мөнхбаясгалангийн санаачилсан “Цензургүй яриа хавдрын эсрэг” аяныг
дэмжин оролцож байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаан болов

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төслүүдийг концессоор гүйцэтгүүлнэ

Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад төрийн үйлчилгээг цахим
хэлбэрт шилжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг нэмж, төслүүдийн шууд
гэрээний хэлэлцээг эхлүүлэх болон концесс олгох уралдаант шалгаруулалтыг
зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат
болон Хөрөнгө оруулалтын газарт даалгалаа.

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төслийн зорилго нь
мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглах замаар төрийн
байгууллагуудын өгөгдлийн санг цахимжуулан төрийн үйлчилгээний цахим
системд холбох, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, үйлчилгээний
чанарыг сайжруулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар
хэрэгжүүлэхэд оршино. Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний цахим
машинаар 17 үйлчилгээ, цахим системээр 25 үйлчилгээг хүргэж байгаа юм.
Цаашид 125 үйлчилгээг хэд хэдэн багцад хуваан цахим хэлбэрт шилжүүлэн www.ezasag.mn портал сайтаар дамжуулан иргэдэд хүргэх ажлыг концессоор хэрэгжүүлэх юм.

Өнгөрсөн хугацаанд ТҮЦ машинаар 1.3 сая иргэн үйлчлүүлж, 2015 оны
хагас жилийн байдлаар улсын төсөвт 37 сая төгрөг төвлөрүүлсэн байна.
Улсын төсвөөс хөрөнгө оруулалт шаардахгүйгээр дотоодын аж ахуйн нэгж,
байгууллагуудыг татан оролцуулах замаар төрөөс иргэдэд үзүүлэх төрийн
цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын
өгөгдлийн санг цахимжуулах ажлыг концессийн хэлбэрээр хийж гүйцэтгэх
бөгөөд “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ач
холбогдолтой юм.

Төслийг төрийн үйлчилгээг цахимжуулахад шаардагдах өгөгдлийн санг
цахимжуулах, тухайн үйлчилгээ бүрт тохирсон кодчилол, дүрмийг хөгжүүлэх,
төрийн үйлчилгээний цахим системд холбож, иргэдэд хүргэх бөгөөд гарсан
зардлаа тодорхой хугацаанд үйлчилгээний хөлснөөс авч нөхсний дараа төрд
буцаан шилжүүлэх “Систем хөгжүүлэх-Ашиглах-Шилжүүлэх” гэсэн шинэ
концессийн төрлөөр хэрэгжүүлэх юм.

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох,
шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хавсралтаар
2016 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн
нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг баталлаа.
Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
компанийн нөөцийг 84720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх
хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2016 оны 3 дугаар сарын 1-ний дотор
зохион байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Р.Жигжидэд
даалгалаа.

2015 онд 16 аж ахуйн нэгж А-80 автобензин 8.155.0 тонн, АИ-92
автобензин 21.505.0 тонн, дизелийн түлш 50.030.0 тонн, ТС-1 онгоцны түлш
3.660.0 тонн компанийн нөөцтэй байх үүрэг хүлээн Засгийн газрын
тогтоолд заасны дагуу нийт дүнгээр 83.350.0 тонноос доошгүй хэмжээнд
барьж ажиллаж байна. 2014 оны 8 дугаар сараас 2015 оны 8 дугаар сар
хүртэлх хугацаанд хавсралтад заагдсан 16 компанийн импортлосон шатахууны
хэмжээ 1.051.337.7 тоннд хүрчээ. Иймд эдгээр компаниудын импортлосон
шатахууныг төрөл тус бүрээр 30 хоногийн хэрэглээний нөөцтэй байхаар
тооцож, 2016 онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээг гаргасан байна.

Олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн замтай болно

Олон улсын олимпийн хороо, Олон улсын олимпийн хорооны дэргэдэх
Олимпийн эв санааны нэгдэл, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны
буцалтгүй тусламжаар барьж байгаа хөнгөн атлетикийн олон улсын
стандартад нийцсэн 400 метрийн тойрог замын резинэн бүрээс, дагалдах
бусад тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар
төлөх, агуулахын хадгалалт, тээврийн зардалд зарцуулах хөрөнгийг Засгийн
газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө. Энэхүү
400 метр тойрог замыг Нийслэлийн Налайх дүүрэгт байгуулахаар Олон улсын
хөнгөн атлетикийн холбоотой тохиролцож, 2014 оноос тойрог замын суурийн
ажлыг эхлүүлж, 2016 оны 6 дугаар сард бүрэн дуусгахаар ажиллаж байна.
Олон улсын хөнгөн атлетикийн холбооны итгэмжлэгдсэн Итали улсын Мондо
компани 320.000 ам.долларын үнэ бүхий стандартын резинэн замыг манай
улсад оруулж ирсэн бөгөөд олон улсын мэргэжилтнүүдийн удирдлага дор
нааж, тоног төхөөрөмжийг суурилуулах ажил үлдээд байгаа юм.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд
эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагын үүрэг
хариуцлагыг тодорхой зааж, эмийн бүртгэл, чанарын хяналтын лабораторид
тавигдах шаардлагыг боловсронгуй болгох, эмийг зах зээлд гарсны дараах
эмийн аюулгүй байдлын тандалт, судалгаа хийх, эргүүлэн татах, буцаах эрх
зүйн орчныг бий болгохоор тусгажээ. Мөн эмийн зохистой хэрэглээг
төлөвшүүлэх зорилгоор хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг тусгасан байна.
Эмийг зах зээлд таниулах үйл ажиллагааны зарим хэсэг хуулиар
зохицуулагддаггүй байсныг цогц байдлаар зохицуулж, эмнэлгийн эмийн
сангийн үйл ажиллагааг өргөтгөх болон антибиотикийн зохистой хэрэглээтэй
холбоотой зохицуулалтыг нэмжээ. Эмийн үнийн ил тод байдлыг хангах,
үнийн хөөрөгдлөөс сэргийлэх, иргэдийн эм худалдан авах боломжийг
нэмэгдүүлэх талаар шинэ зохицуулалт оруулсан байна. Хууль батлагдан
гарснаар эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээ төлөвшиж, эмийн
хангамж, хүртээмж сайжрахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Авто замын тухай хуулийн төсөл боловсруулна

Авто замын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжээд
хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар
хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа. Авто замын
тухай хууль 1998 онд батлагдаж, өнгөрсөн хугацаанд 8 удаа нэмэлт,
өөрчлөлт оржээ. Энэ хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд
ихээхэн өөрчлөлт орж, уг хуулийг одоогийн байгаагаар дагаж мөрдөхөд
дутагдалтай, зохицуулалт нь хуучирсан, хуулиар зохицуулах харилцаанд
өөрчлөлт орохоор байгаа тул хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинээр
томъёолох шаардлагатай болжээ.

Манай улсын нийт ачаа эргэлтийн 65, зорчигч тээвэрлэлтийн 98.8 хувь
нь авто замын тээврээр гүйцэтгэгдэж байна. Ачаа, зорчигч тээвэрлэлтийн
үр ашигтай, аюул осолгүй, найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангахад
авто замын дэд бүтцийн сүлжээний чанар, стандарт, бүтэц чухал үүрэг
гүйцэтгэх юм.

Монгол Улс нийт 49179.4 км авто замын сүлжээтэйгээс 12652.4 км нь
олон улс, улсын чанартай авто замын сүлжээ юм. Олон улс, улсын чанартай
авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын урт 2010 онд 2442.6 км
байсан бол 2015 онд 5354.57 км болж өсчээ.

Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд авто замын салбарын оруулах
хувь нэмрийг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төрийн
бодлогын хэрэгжилтийг хангах, олон улс, бүс нутгийн авто замын
коридоруудыг хөгжүүлэх, бусад салбарын хөгжлийг хангах үр ашигтай,
найдвартай, хүрээлэн буй орчинд ээлтэй, хөдөлгөөний аюулгүй байдлыг
хангасан, тогтвортой авто замын дэд бүтцийг хөгжүүлэх, авто замын
сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөлийг бүрэн хангахад одоо байгаа хууль,
эрх зүйн орчныг боловсронгуй, тодорхой, ойлгомжтой болгох шаардлага гарч
байгаа юм.

Товч мэдээ

-Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан
“Жилийн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн
төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Азийн хөгжлийн банкнаас
2015-2016 онд манай улсад нийт 272 сая ам.долларын холимог буюу
хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгийг хуваарилжээ.
Тус банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 25 жил,
үүнээс эхний 5 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба 2 хувийн хүүтэй
байна.

– Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн
бүрэлдэхүүний тухай Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын
хавсралтаар баталсан Усны үндэсний хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн
тогтоолоо.

– Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй төрийн
байгууллага хооронд балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн
жагсаалт болон нээлттэй дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх
хөрөнгийн жагсаалтыг тус тус баталлаа.

– Бүгд Найрамдах Казахстан Улсад “Ирээдүйн эрчим хүч” сэдвээр 2017
онд зохион байгуулагдах “Дэлхийн экспо Астана-2017”-д оролцох тухай
тогтоолын төслийг хэлэлцээд уг тогтоолыг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Дэлхийн Экспод оролцох Хэсгийн ерөнхий комиссараар Эрчим хүчний сайд
Д.Зоригтыг томилсон тухай Олон улсын үзэсгэлэнгийн товчоонд мэдэгдэхийг
Гадаад хэргийн сайдад даалгалаа.

– “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр
журам батлах тухай” Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолын
хавсралтад стратегийн хүнсийг экспортлох, импортлох нэг цонхны бодлогыг
хэрэгжүүлэх үүднээс зарим нэмэлт орууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд суулт зохион байгуулав

Монголын оюутны холбооноос цахим карттай холбоотойгоор эсэргүүцлээ
илэрхийлж, өлсгөлөн зарлаж, суулт зохион байгуулна гэдгээ өчигдөр
хэвлэлийн бага хурал хийх үедээ мэдэгдсэн. Тэгвэл тус холбооныхон
Чингисийн талбай дээр суулт хийж байна. Суулт хийхээр болсон шалтгаанаа
“Нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих карт зарим оюутнуудад одоо болтол
очоогүй байгаа. Оршин суугаа газрын тодорхойлолт шаардаж, өдөрт хоёр
удаа үнэгүй явах гэх мэт зохицуулалт хүндрэлтэй байгаа. Гомдол, хүсэлт
гаргасан оюутнууд ажлын байран дээр багтахаа байсан тул Чингисийн
талбайд ажиллана” гэсэн юм. “Монголын оюутны холбоо энэ зунжин ажиллаж
64.000 оюутны картыг хэвлэж, бэлэн болгосон. Гэтэл одоо үүгээр
зорчуулахгүй гэнэ. Хууль, дүрэм, журмаа эргээд харвал энэ картаар
зорчино. Гэтэл гэнэт л нийтийн тээврийн шинэчлэл гэсэн нэрийн дор өөр
бас нэг карт гараад ирлээ. Нэг ёсондоо хууль, дүрэм, журмууд нь
хоорондоо зөрчилдөж, энэ бүхнээс нь болж оюутнууд хохирч байна” гэж тэд
үзэж байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Уран дархан Д.ПҮРЭВСҮРЭН: Баянаа аварга миний урласан малгайгаар хөшөөнийхөө нээлтэд гоёсон

Урт цагааны баруун урд талд “Хөөрөг” нэртэй урлангийн газар бий. Энд олноо уран Пүүжээ гэж алдаршсан Д.Пүрэвсүрэн ажилладаг. Түүнтэй уулзаж хөөрөг, алт мөнгөн аяга, даалин тэргүүтэй уламжлалт эд зүйлстэй холбоотой яриа өрнүүлэхээр гэрт нь очлоо. Эднийх Нүхтийн аманд хоёр давхар хувийн орон сууцанд амьдардаг ажээ. Гэрийн эзэгтэй үүдээ нээж өгөөд зочны өрөө рүүгээ дагуулан оров. Мэнд усаа мэдэлцэн ширээний ард сууж байтал Д.Пүрэвсүрэн дээд давхраасаа бууж ирээд мэндэлж байна. Гэхдээ зүгээр нэг “За сайн байцгаана уу. Ажил төрөл өндөр үү” гэсэнгүй. Монгол түмний эртнээс нааш уламжилж ирсэн ёсоор хөөрөглөж “Тарган тавтай сайхан намаржиж байна уу” гэж мэндчилэв. Мэнд усаа мэдэлцэх хооронд гэргий нь цай аягалж тавгийн идээ тавьжээ.

Д.Пүрэвсүрэн Архангай аймгийн Эрдэнэбулган уулын өвөрт төржээ. Бага байхад нь гэрийнхэн нь хот руу нүүж ирснээр Дарь-Эхийн хүүхэд болсон байна. Хүүхэд байхын л юм юманд гарын уртай байсан бөгөөд дархан болоход ээжийнх нь нөлөө их байсан гэнэ. Түүний ээж гар урлалын үйлдвэрт чимэглэгч хийдэг байж. Хааяа нэг ээжийгээ дагаж ажил дээр нь очих үед монголын шилдэг дархчуул гайхалтай бүтээл туурвин суудаг байсан гэнэ.

Түүнийг нь харж сонирхсоор дархан болох мөрөөдөлд автжээ. Тухайн үед дунд сургуулийн сурагч байсан хэдий ч алх, дөшний чимээ дотно санагдах болсон байна. Улмаар наймдугаар ангиа төгсөөд 16-хан настай байхдаа Монгол Улсын начин, улсын алдарт уяач Гарамжавын Ганхүүгийн гарын шавь болжээ. Дархан хүмүүс аливаа зүйлд тун хүндэтгэлтэй ханддаг учраас билигт сайн өдрийг хүлээн алд цэнхэр хадагтай очиж байсан нь Д.Пүрэвсүрэнгийн сэтгэлд өнөө хэр тод дурсагддаг гэсэн. Урт цагаанд байрлалтай багшийнхаа ажлын өрөөнд анх очиж уулзахад “Гартаа овоо эвтэй хүүхэд байна” гэсээр шавиа болгожээ. Багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг түргэн шуурхай мөртлөө нягт нямбай гүйцэтгэдэг байсан болохоор овоо тоогддог байж. Ажилд ороод удаагүй байхад багш нь өрөө цэвэрлэх, хоол хийлгэх, дэлгүүр явуулах гэхчилэн ойр зуурын ажилд байнга дайчилна. Тэгэхээр нь дотроо “Хар бор ажилд л зараад байх юм” гэж дурамжхан маягтай боддог байсан ч энэ нь цаагуураа аливаа зүйлд тууштай, шантрахгүй байхыг сургасан нэг төрлийн хичээл байсныг ухаарчээ. Ингэж ойр зуурын ажилд дайчлахын зэрэгцээ мөнгө давтах, эд зүйл өнгөлүүлэх зэргээр сургаж эхэлсэн байна. Хамт ажиллаж байх үедээ “Дархан хүн алх, дөшөө эрхэмлэх хэрэгтэй” гэх юмуу “Дархан хүнийг мөнгөө хэрхэн давтаж буйгаар нь шинждэг” гэхчилэн сургааль хэлнэ. Тэгсэн нэг өдөр 80 ширхэг мөнгөн бугуйвч хийх захиалга орж иржээ. Мөнгөө хайлаад ажлаа эхлүүлж байтал захиалагч талынхан “Бугуйвчаа болилоо. Аяга хийлгүүлье” гэжээ. Ингээд хамгийн анхныхаа мөнгөн аягыг хийж байсан түүхтэй. Энэ цагаас хойш мөнгөн аягаар мэргэшин нэг хэсэг “аяганы” Пүүжээ гэдэг хочтой болсон гэнэ. Гэтэл удалгүй Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн малгайн оройг титэмтэй болгож цолоор нь ялгая гэсэн санал гарчээ. Улмаар бөхчүүдийн малгайн титмийг хийж эхэлжээ. Анхны малгайн титэм О.Балжинням аваргынх байсан гэнэ. Тухайн үед О.Балжинням аварга арслан цолтой байж. Бөхчүүд ч аварга, арслан гэлтгүй бүгд нэг ижил загвартай жанжин малгай өмсдөг байв. Үүнийг шинэчлэн аваргууд дөрвөн талдаа хангарьдтай малгай өмсдөг байя гэж тогтжээ. Улмаар эрийн гурван наадамд алдар суугаа бадруулан цолонд хүрсэн хүмүүсийн малгайн оройны титэм хийж эхэлсэн байна. Энэхүү ажлыг Г.Ганхүү багш нь санаачилж, загварыг нь гаргаж байсан гэнэ. Тэр цагаас хойш “Хөөрөг” урлангийн дархчуулаар улсын цолонд хүрч байгаа бөхчүүд, уяачид, сур, шагайнхан бүгдээрээ эднийд ирж малгайн титмээ хийлгэх болжээ. Улсын баяр наадам дууслаа л бол бөхчүүд, сур, шагайнхан хамгийн түрүүнд эднийхийг зорьдог юм байна. Тэрээр аливаа зүйлд нухацтай, нягт нямбай, шударга ханддагаа гэр бүлийнхээ хүмүүжилтэй холбон тайлбарлаж байна лээ. Түүний өвөө нь Лхагвасүрэн гэж нутаг усандаа нягт нямбай, цэвэрч, шударгаараа алдартай хүн байсан гэнэ. Дээл хувцсаа цэвэрхэн өмсдөг болохооор нутгийнхан нь ганган Лхагвасүрэн гэж хүндэтгэдэг байжээ. Өвөө нь Д.Пүрэвсүрэнгээр гуулин данхаа байнга өнгөлүүлнэ. Нүүрээ тольдож болох хэмжээнд өнгөлүүлдэг байсан нь түүнийг дархан болоход нөлөө үзүүлсэн гэж ярьж байна лээ. Бас хүүхэд байхын л гар хурдтай, аливаа зүйлийн эвийг олохдоо чадамгай байж. Тиймээс багш нь яаралтай, эсхүл нарийн хийцтэй аливаа ажлыг Д.Пүрэвсүрэнд даатгадаг байсан гэнэ. Тухайн үед багшийнх нь өрөөгөөр халхын сайхан аваргууд байнга зочилдог байжээ. Тэд малгай, бүснээс эхлээд хөөрөг, мөнгөн аяга хийлгэхээр ирнэ. Ирэх бүртээ сайхан яриа хөөрөө дэлгэн сууна. Дарийн Дамдин, Жигжидийн Мөнхбат тэргүүтэй аваргууд багшийнх нь өрөөнд хүрч ирээд идээ будаа, архи дарс болно. Аваргууд нэг уухаараа ганц, хоёр шил архиар тогтохгүй. Арав, хорин шилээр нь уудаг байж. Өглөө нь ирээд багшийнхаа өрөөг цэвэрлэн хоосон архины шилийг тушаахад ямартай ч хоолны мөнгөтэй болчихдог байжээ. Бас банкны захирал тэргүүтэй алдар цуутнууд байнга хүрч ирнэ. Өрөөгөөр шагайхад дүүрэн хүнтэй л сууж байдаг байжээ. Тэр хэрээр өдөрт л нэг бүтээл төрдөг байсан гэнэ. Түүнийг нь харсаар багш шигээ олонтойгоо байдаг дархан хүн болох юм шүү гэсэн бодол Д.Пүрэвсүрэнд суужээ.

Ийн хуучлах хооронд гэргий Б.Гэрэлчимэг борцтой будаатай цай чанав. Эднийх дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айл. Том охин П.Номинчимэг арваннэгдүгээр анги. Аав ээжийгээ эзгүйд дүү нарынхаа хичээлийг давтуулах, гэр орноо цэвэрлэх зэрэг үүрэг хүлээнэ. Дүү нарыг нь П.Түмэндэмбэрэл, П.Энхномин, П.Отгонтэнгэр гэдэг ажээ. Гурван том нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бол отгон хүү П.Отгонтэнгэр цэцэрлэгт явдаг юм байна. Тэрээр аавынхаа улаан фэн гэсэн. Аав нь хөх өнгөтэй дээл өмсвөл яг ижлийг хийлгээд өг гэж ээжээсээ гуйна. Хар өнгийн хослол өмссөн өдөр нь бас л дуурайж хувцасладаг гэсэн. Аавынхаа урлан дээр хааяа нэг очихоороо “Би яг тан шиг ийм мундаг хүн болно” гэдэг ажээ. Гэргий Б.Гэрэлчимэг нь нөхөртэйгөө хамт “Хөөрөг” урландаа ажилладаг юм байна. Тэрээр урлангийнхаа менежерээр ажилладаг гэсэн. Д.Пүрэвсүрэн, Б.Гэрэлчимэг хоёрын танилцсан түүх ч ажил, мэргэжилтэй нь холбоотой. Б.Гэрэлчимэг өөрийнхөө төрсөн өдрөөр ээмэг хийлгүүлэхээр Д.Пүрэвсүрэн дээр иржээ. Захиалсан ээмэг нь түүний сэтгэлд ихэд нийцсэн болохоор төрсөн өдрийнхөө баярт Д.Пүрэвсүрэнг урьжээ. Улмаар нэг нэгэндээ сэтгэл алдарч Д.Пүрэвсүрэнгийнх гэх айлын өрхийг хамтдаа татсан түүхтэй. Гэр бүл зохиогоод удаагүй байхдаа хоёр талынхаа аав ээжийнд нэг хэсэг амьдарч байгаад Дарь-Эхэд гэр барьж тусдаа гарчээ. Гэрт амьдарч байхдаа өвлийн хүйтэнд “Чи орондоо хэвтэж бай, би босож галаа түлье” гэлцэн даарч хөрч байсан хөгжилтэй түүхээсээ хуваалцлаа. Дарь-Эхэд тав, зургаан жил амьдарч байгаад банкны зээлээр “Баянмонгол” хороололд орон сууц худалдан авч нэг хэсэг амьдарч байгаад өнгөрсөн жил одоогийн амьдарч буй газраа нүүн иржээ. Анх айл гэр болон гал голомтоо бадрааж байхад нэгэн ахынх нь бэлэглэсэн морин хуур эдний гэрийн нандин өв болж хойморт нь залагджээ. Д.Пүрэвсүрэн “Үнэтэй цайтай эд зүйл гэхээсээ хүний сэтгэл шингэсэн бэлэг эрхэм санагддаг” гэж байв.

Дархан хүн аливаа нэгэн бүтээл эхлэхдээ луу өдрийг сонгодог ажээ. Луу өдөр дарх хийхэд сайн гэсэн лусын буулттай байдаг юм байна. Тиймээс чухал, нандин зүйл урлахдаа өдөр судраа нарийн хардаг гэсэн. Бас сэтгэл зөвтэй байж гэмээнэ сайн бүтээл төрдөг гэнэ. Бүтээл урлаад эхэлсэн л бол муу зүйл ярихгүй, хүнтэй муудалцахгүй байхыг эрхэмлэнэ. Бас багшийнхаа захьсан “Хүнд эд зүйл хийж өгөхдөө нүнжигтэй хандаж байгаарай. Эдэлгээ даахгүй, хэтэрхий нимгэн зүйл хийвэл буян заяанд чинь муу” гэх захиасыг байнга дагадаг гэсэн. Түүнчлэн хүний эд зүйл хийж өгөхдөө материалыг нь хольж сольж болохгүй гэх зарчмыг хатуу баримталдаг юм байна. “Манай ээжийн алтан ээмэгний өрөөсөн нь энэ. Үүгээр хөөрөгний нуух хийлгэе” гэх зэргээр ирэх хүн олон. Тэр бүрт тухайн хүний авчирсан материалыг заавал өөрийнх нь захиалсан зүйлд шингээнэ. Учир нь үнэт эдлэл маш их энерги дагуулж байдаг болохоор тун хариуцлагатай хандахгүй бол болдоггүй гэсэн.

Д.Пүрэвсүрэн эхээс тавуул. Нэг ах, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Тэд бүгдээрээ “Хөөрөг” урланд ажилладаг юм байна. Эднийхэн бүгдээрээ нийлж олон сайхан бүтээл туурвиснаас өнгөрсөн цагаан сараар Хакухо аваргад зориулан хийсэн аягыг онцлон ярив. Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал хөдөлмөрийн баатар болоход Ч.Санжаадамба тэргүүтэй үеийн найзууд нь хаш аяга хийлгэжээ. Уг аягыг Д.Пүрэвсүрэн “Монгол дархны ур ухаан харагдахаар хийнэ” гэж тооцоолжээ. Ингээд Их наран улсын бэлгэ тэмдэг нарыг бадмаараг эрдэнийн чулуугаар төлөөлүүлж, 69 дэх аварга болсон бэлгэдэлт тоог нь арга, билгээр хослуулан танаар хийжээ. Монгол төрийнхөө алтан соёмбыг алтан дээр суулган, мөнхөд ноён байхын бэлгэдэлтэй ноён сэврээ хийцтэй сүүн цагаан сэтгэл, найз нөхдийн бэлгэдэл болсон хаш аяга урлажээ. Энэ мэт олон бүтээл туурвисан. Өнгөрсөн зун гэхэд дархан аварга Х.Баянмөнхийн малгайн чимгийг бүтээж өгчээ. Х.Баянаа аварга Увс аймгийнхаа 90 жилийн ойд зориулан дөрвөн хүчтэнтэй малгай хийлгэсэн байна. “Увсын 90 жилийн ойн үеэр Баянаа аваргын хөшөөний нээлт болсныг сүүлд мэдсэн. Тэгэхээр аварга маань миний урлаж өгсөн малгайгаар гоёж хөшөөнийхөө нээлтэд очжээ” хэмээн инээмсэглэв.

Хөөрөг түүх болж үлддэг. Асашёорюү Д.Дагвардоржид манлай баатар Дамдинсүрэнгийн хар хас хөөрөг байдаг гэнэ. А.Сүхбат аваргад “Даян халтар” хөөрөг байдаг. Архангайн Хотонтоос гаралтай тэрхүү хөөрөг үнэхээр аварга хүнд байхаар хийцтэй сайхан хөөрөг гэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Билэгт хар обсиден буюу хувилгаан эрдэнийн хас хөөрөгтэй. Тэрхүү хөөрөг хар өнгөтэй мөртлөө долоон өнгөөр солонгорч харагддаг тун ховор чулуутай гэсэн. Ингэж гоё хувирдаг чулуу дэлхий дээр тийм ч олон байдаггүй юм байна. Харин сүүлийн үед монголчууд хөөрөг цуглуулах сонирхолтой болж байгаа ажээ. Да.Ганболдын цуглуулгад 300 орчим хөөрөг байдаг гэнэ. Хөөрөгний үнэ цэн чулуу, хийцэндээ ч бий. Эдэлж хэрэглэж байсан эзэндээ ч байдаг гэнэ. Ардчилсан нийгэм гарахаас өмнө хөөрөгний үнэ цэн тийм ч өндөр байгаагүй байжээ. Хүмүүс өв уламжилж ирсэн хөөрөгнийхөө үнэ цэнийг сайн мэдэхгүйгээс болоод урд хөршийнхөнд нэлээд зарж байсан гэнэ. 1990-ээд оны эхээр ч гэсэн аав, өвөөгийнхөө эдэлж хэрэглэж байсан хөөргийг Эрээн рүү гаргаад хэдэн шуудай оймсоор сольдог байж. Тэр үед буюу 1994 онд Д.Пүрэвсүрэн ах, дүү нартайгаа нийлэн мөнгөн аяга хийж хар зах дээр гарган худалддаг байв. Нэг аягыг 50 мянган төгрөгөөр зарна. Тэгсэн нэг өдөр Балган гэж өвгөн томоо модны дор гадил жимс идэн сууж байгаа мичний дүрстэй халтар манан хөөрөг 200 мянган төгрөгөөр зарж байсныг худалдан авчээ. Уг хөөргөө 10 гаруй жил хадгалж байгаад 2005 онд нэгэн танилдаа зарж байсан гэнэ.

Түүний яриан дунд “Хүнд хөөрөг, аяга тэргүүтэй үнэт эдлэл хийж өгөхдөө чин сэтгэлээ шингээж маш сайн чанартай хийх ёстой” гэх зарчим байнга гарч ирж байв. “Үнэт эдлэл, тэр дундаа хөөрөг бол монголчуудын уламжлалт хэрэглээний зүйл. Манайхаас өөр эрдэнийн чулуугаар мэнд мэддэг газар хаа ч байхгүй. Англи, Итали гээд олон улсад хөөрөг сонирхдог хүмүүс бий. Гэхдээ тэд манайхан шиг уулзсан хүмүүстэйгээ хөөргөө зөрүүлэн мэндэлдэггүй. Зүгээр л цуглуулдаг. Дэлхийд ганцхан соёл, уламжлалыг тээж яваа агуу түүхтэй ард түмэн шүү дээ бид” гэлээ. Чанар, чанар гэх түүний яриаг сонсож суухад уран Пүүжээ биш, чанар Пүүжээ гэж нэрлэмээр санагдаж байлаа. Угаасаа ч түүний “Хөөрөг” урлан “Дэлхийд ганцхан монгол дархны ухаанаар цор ганцыг бүтээв” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн. Мөн тэрээр бүтээл бүрээ “Монгол хийморь, монгол нүнжиг” гэж бодон ур ухаан, мэдлэг чадвараа шавхан хийдэг ажээ. “Та Монголын алдар цуутай ямар, ямар хүнд үнэт эдлэл урлаж өгөв” гэж асуухад “Төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, монгол бөхийн аварга, арслан, алдар цуутай уяачид гээд олон хүн бий. Надаар юм хийлгүүлсэн гэхээсээ хийлгээгүй хүнийг тоолбол амархан биз” гэж байна лээ. Ийн хуучлаад Д.Пүрэвсүрэн­гийнхээс явах боллоо. Тэрээр “Монгол дархчуудын маань хараа хурц, үйл нь уран, дөш нь дуутай байх болтугай” гэж ерөөсөөр хоцорсон юм.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Дэлгэржаргал: Монголын тусгаар тогтнол ямар их үнээр олдсон бэ гэдгийг сануулах түүхэн өдөр

Одоогоос 70 жилийн өмнө буюу 1945 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах бүх ард түмний санал асуулга болсон түүхэн өдөр юм. Уг санал асуулгын талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор П.Дэлгэржаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-1945 онд болсон бүх ард түмний санал асуулга нь түүхийн талаасаа ямар үйл явц болж өнгөрсөн юм бэ. Түүхэнд үүнийг Монголын анхны ардчилсан санал хураалт байсан гэж тодорхойлдог?

-1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр бол Монгол Улсын тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал хураалт явагдсан түүхэн өдөр. Ямар учраас түүхэн үйл явдал болов гэдгийг уншигчид мэдэж л байх хэрэгтэй чухал үйл явдал л даа. Одоогийн Монгол Улс буюу тухайн үеийн БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө явуулсан, олон жилийн нөр их тэмцлийн эцсийн үр болсон санал хураалт байсан. 1945 оны хоёрдугаар сард Ялтад болсон ЗХУ, АНУ, Их Британийн төрийн тэргүүнүүдийн уулзалтаар БНМАУ-ын статусыг одоогийн байгаагаар нь хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг ЗХУ-аас холбоотон гүрнүүдэд тавьсан байгаа юм.

Холбоотон гүрнүүд энэ хурлаар Германыг бууж өгсний дараах дэлхийн ертөнцийн байдал, дэлхийн газрын зураг ямар байх тухай асуудлыг хэлэлцэж байсан. Тэр хурал дээр холбоотон гүрнүүдийн зүгээс ЗХУ-д Герман бууж өгсний дараагаар Японы эсрэг дайнд орохыг санал болгосон. Энэхүү саналын хариуд ЗХУ хэд хэдэн болзол тавьсны нэг нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх. Тэр болзлыг АНУ болон Их Британи хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Ийнхүү Монгол Улсын тусгаар тогтнол олон улсын түвшинд баталгаажих үйл явц дайны төгсгөл үеэс эрчимтэй өрнөж эхэлсэн. 1945 оны тавдугаар сард Герман бууж өгсөн. Үүний дараачаас Японы эсрэг дайнд ЗХУ оролцох асуудал яригдаж эхэлсэн. 1945 оны Ялтын гэрээний үед Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх үүргийг АНУ өөртөө авсан. АНУ нэг талаас тохирсон тохироог дэмжихийг шаардсан байж таарна. ЗХУ болон И.В.Сталины зүгээс Хятадад их хэмжээний дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Хэлэлцээр Москвад болсон. Тухайн үеийн Дундад иргэн улс буюу Гоминданы Засгийн газар шүү дээ. Чан Кайшигийн Засгийн газар болон И.В.Сталины хооронд болсон хэлэлцээрт Хятадын тал Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэдгийг ерөөсөө хүлээж авахгүй байсан гэдэг. Автономит болгоё, өөр байдлаар тохиръё гэх мэтээр олон санал тавьсан ч И.В.Сталин үүн дээр тууштай байр суурьтай хандсан юм билээ. И.В.Сталины гол санаа нь юу байсан бэ гэхээр БНМАУ-ын тусгаар тогтнол нь манай аюулгүй байдал, гео стратегитай холбоотой учир Монголд бид өөрийн эрхийг олж авах ёстой гэсэн. Зөвлөлтийн аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас шууд шахалт үзүүлсэн. Тиймээс бид Монголд өөрийн эрхийг тогтоох гээд байгаа юм гэдэг асуудлыг тавьж байсан.

Ийнхүү Зөвлөлтийн гео политикийн ашиг сонирхол, монголчуудын тусгаар тогтнох ашиг сонирхол нэгдсэнээр Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх үйл явц нааштайгаар шийдэгдсэн гэж үзэж болно.

-Бүх ард түмнээрээ тусгаар тогтнолоо зөвшөөрч байгаа санал хураалтыг гадны улсууд нэлээд анхаарч харж байсан байх даа?

-Тэр нь тодорхой шүү дээ. Эцэстээ явж явж 1945 оны наймдугаар сард Зөвлөлт, Хятад хоёр тохирсон байгаа юм. Чан Кайши уг тохиролцоог хүлээн зөвшөөрөхдөө “Хэрвээ БНМАУ-ын ард иргэд өөрсдөө тусгаар улс болно гэдгээ батлах юм бол бид БНМАУ-ын тусгаар байдлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна” гэсэн байдаг. Ийм утга, учиртай хэлэлцээр байгуулаад Японы эсрэг дайнд ЗХУ орсон юм. ЗХУ Японд дайн зарласнаас нэг өдрийн дараа БНМАУ мөн Японд дайн зарласан нь манай улс өөрийгөө дэлхийд тусгаар улс гэдгээ харуулах зорилготой байсан. Монгол Улс бол холбоотон, Нэгдсэн үндэстний талд дайны эхний өдрөөс ЗХУ-ын холбоотон болж тусалж дэмжиж байсан. Дэлхийн дайны төгсгөлд Өвөр Монгол, Хятадыг чөлөөлөх дайнд Японы эсрэг оролцсон гэж олон улсын түвшинд өөрсдийгөө мэдрүүлж чадсан. Япончууд Хятадыг 1933 оноос Манжуураас эхэлж эзэлж авсаар байгаад 1939 он гэхэд Халхын голд тулаад ирчихсэн байсан. 1945 он гэхэд Хятадыг бараг тэр чигээр нь эзэлчихсэн. Хятадын зүүн тал, зүүн хойд, хойд тал тэр чигээрээ эзлэгдсэн. Хятадад баруун болон баруун өмнөд гэсэн стратегийн ач холбогдолгүй газрууд нь л үлдчихсэн байлаа.

Хятад яагаад ЗХУ-ын шахалтаар Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм гэхээр Японы эсрэг дайнд өөрсдөө япончуудыг дийлэхгүй байсан байхгүй юу. Тэгэхээр Зөвлөлтийн цэргийн хүч Хятадыг чөлөөлөхөд зайлшгүй хэрэгтэй болоод байсан юм. Хоёр сая гаруй хүнтэй Квантуны армитай олон жил байлдаад хятадууд дийлээгүй. Байлдах тусам улам л газар нутгаа алдаад байсан. Тэгэхээр Хятадад ЗХУ-ын саналыг хүлээж авахаас өөр сонголт байгаагүй. Энэ нь монголчуудад ашигтай санал болж хувирсан.

-Бүх ард түмний санал асуулгын талаар ухуулга хуудас тарааж, олон нийтэд энэ талаар маш сайн сурталчилсан байдаг юм билээ. Санал асуулгын өглөө санал хураах гэрийн гадаа хүмүүс хэдийнэ ирж цувраад зогсчихсон байсан гэдэг?

-БНМАУ-ын Улсын бага хурлын тэргүүлэгчид 1945 оны есдүгээр сарын 21-ний өдөр “БНМАУ-ын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгыг аравдугаар сарын 20-нд явуулах” шийдвэр гаргаж тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндээр ахлуулсан санал хураалтын төв комиссыг байгуулсан. Тэр комисс зохион байгуулалтын ажлыг богино хугацаанд маш сайн зохион байгуулсан л даа. Хөдөө, орон нутгийн салбар комисс гэж байгуулж, төр, засгийн удирдлагын олон хүн ажилласан. Нөгөө талаар бичиг үсэг мэдэхгүй хүн олон байсан. Тэр улсууд эрхий хурууныхаа хээг дарсан. Бичиг үсэг мэддэг хүмүүс нь гарын үсэг зурсан. Энэ үйл ажиллагааны бүх бичиг баримт Монгол Улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байна.

Олон газар цуглаан зохион байгуулж, ухуулга сурталчилгаа зурагт хуудсууд, тараах материал хэвлэж санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалж байсан.

-Сонгуулийн ирц, хувь нь хэд байсан юм бол?

-Тухайн үеийн баримталж байсан албан ёсны мэдээллээр сонгуулийн насны бүх иргэдийн 98.4 хувь нь буюу 487409 хүн оролцсон гэдэг. Оролцсон хүмүүс бүгд зуун хувь тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн. Татгалзсан ганц ч санал өгөөгүй.

-Санал хураалтын ирц, үр дүн нь монголчууд тухайн үед тусгаар улс болохыг чин сэтгэлээсээ хүсч байжээ, бүгд нэгдэхэд бэлэн нэгдмэл байжээ гэдгийн илэрхийлэл болжээ?

-Тухайн үед нам, ард түмэн гэж ярина уу, төр, ард түмний гэдэг юм уу нэгдмэл илэрхийлэл, хүсэл зоригийг илэрхийлсэн ийм л зүйл болсон л доо. Ганцхан өдрийн дотор бүх хүний саналыг тээвэр холбоо хөгжөөгүй, утас шөрмөсгүй тэр үед 98.4 хувьтай цуглуулна гэдэг түүхэн том амжилт. Тэр үед энэ санал хураалтыг маш сайн зохион байгуулсан гэдэг нь ингэж харагдаж байгаа юм. Одоо үед санал хураахад 50 хувиа дөнгөж давж байна гэдэг шүү дээ.

-Ажиглагчаар аль улсаас төлөөлөгчид ирж байсан бол оо?

-Санал хураалтыг ажиглахаар Гоминданы Засгийн газрын төлөөлөгчид ирсэн. Улмаар 1945 оны арваннэгдүгээр сарын 10-нд Улсын бага хурлын тэргүүлэгчид санал хураалтын дүнг ЗХУ болон Дундад иргэн улсын Засгийн газарт албан ёсоор мэдэгдсэн байдаг. Энэ санал хураалтын үр дүнг үндэслэж 1946 оны нэгдүгээр сард Дундад иргэн улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа ЗХУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр манай тусгаар байдлыг хоёр хөрш маань албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь түүхэн үйл явдал болсон. Үүний дараа социалист системийн орнууд, шинээр тусгаар тогтносон орнууд гэх мэт олон орон манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөөр байсан.

Ялангуяа хоёр хөршөөрөө тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг нь маш чухал. Бид 1911 он, 1921 онд өөрөө өөртөө тусгаар тогтносон орон болоод л яваад байсан. Тэгэхэд дэлхий биднийг хүлээн зөвшөөрөхгүй байсан шүү дээ. НҮБ-д бид 1961 он болоход л арай гэж элссэн. НҮБ-д элсэх саналаа хүргүүлсээр 15 жилийн дараа нааштай хариу авсан. Тусгаар тогтнол гэдэг ийм л олон саад бэрхшээлийг даван туулж байж бидэнд ирсэн чухал зүйл. Энэ өдөр бол Монголын тусгаар тогтнол ямар их үнээр олдсон бэ гэдгийг хүмүүст сануулж байх өдөр л дөө. Олон жилийн тэмцлийн үр дүнд, бүх нийтээрээ саналаа өгсний эцэст хятадууд арга буюу шахалтад ороод хүлээн зөвшөөрсөн. ЗХУ, АНУ, Англи гэсэн холбоотон гүрнүүдийн шахалтаар л Хятадын тал хүлээн зөвшөөрсөн хэрэг.


Categories
мэдээ цаг-үе

О.Дөлгөөн: Жульеттагийн дүрд тоглох мөрөөдөл маань биелж байна

Жүжигчин Г.Ундармаагийн “U film” кино компанийн ээлжит шинэ бүтээл “Single Ladies 2” кино өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийсэн юм. Уг киноны гол дүрүүдэд жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай нар тогложээ. Түүнчлэн зохиолч А.Миеэгомбо, найруулагч, продюсероор нь жүжигчин Г.Ундармаа ажилласан байна. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин О.Дөлгөөнтэй ярилцлаа.

-“Single Ladies 2” киноны нээлт амжилттай боллоо баяр хүргэе. Өмнөх ангиасаа юугаар ялгаатай вэ?

-Баярлалаа. Киноны багийнхан маань нэгдүгээр ангиасаа туршлагажиж, өмнөх амжилтаа ахиулахыг хичээсэн. Гурван эмэгтэй анх яаж танилцаж байсан гээд хоёрдугаар анги маань нэгдүгээр ангийнхаа өмнөх хэсгийг сонирхолтой байдлаар харуулна. Энэ кинонд инээдмийн, аймшгийн, уянгын, адал явдалт, тулаантай хэсэг гээд бүх л төрөл гардгаараа онцлог.

-Анх яагаад энэ кинонд тоглохоор болсон юм бэ?

-Г.Ундармаа эгч маань анх санал тавьж байсан. Энэ кинонд 20, 30, 40 насны үе үеийн гурван бүсгүйн хайр сэтгэлийн талаар өгүүлдэг шүү дээ. Над руу залгаад “20 насны эмэгтэйд нь хэнийг тоглуулах вэ гэж бодсон чи л санаанд буулаа. Чи заавал ороорой” гэсэн. Би Г.Ундармаа жүжигчинтэй өмнө нь нэг кинонд хамтарч ажиллаж байсан болохоор зөвшөөрсөн. Их түшигтэй байдаг болохоор хамтарч ажиллах сайхан байдаг. Би энэ кинонд 20 насны эмэгтэйн дүрд тоглосон. Энэ дүр сэргэлэн цовоо, нүүрэмгий, өөртөө итгэлтэй охины дүрийг илтгэсэн байдаг.

-Жульеттагийн дүрд тоглохыг хүсдэг гэж ярьж байсныг чинь санаж байна. Мөрөөдлөө удахгүй биелүүлэх нь байна. Ямар санагдаж байна вэ?

-19 жилийн дараа Монголын гурав дахь Жульетта болно гэж бодохоор сайхан байна. Би СУИС-д орохоосоо өмнө төгсөх курсийнхэн дипломын ажлаа шалгуулж байгааг харж байлаа. Тэр үед “Ромео Жульетта” жүжгийг тавьж байсан юм л даа. Тэгэхэд Жульеттагийн дүрд тоглох юмсан гэж хүссэн учраас СУИС-д орсон хэрэг. Миний мөрөөдөл биелж байх шиг байна. Хүн мөрөөдөлдөө хүрэхийн тулд шат ахиж явдаг. Би анхнаасаа мөрөөдлөө зөв чиглүүлсэн юм болов уу. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд өмнөө зорилго тавиад алхам алхмаар ойртсоор л байна.

-Анхны алхам мэдээж зөв байвал цаашдаа том зүйл рүү чиглээд явах байх. Яагаад “Мөрөөдлийн театр”-аас гарсан юм бэ?

-Тэгэлгүй яахав. Анх гуравдугаар курст байхад “Мөрөөдлийн театр”-т орох уу гэсэн санал аваад орсон байдаг юм. Оюутан байхад минь намайг голохгүй тайзны уран бүтээлд оруулсан ах нартаа маш их баярладаг. УДЭТ-т орсон маань сонгодог урлагт хүч үзье гэж бодож гаргасан шийдвэр. Энэ шийдвэрээ хамтлагийнхандаа хэлсэн л дээ. “Мөрөөдлийн театр”-ынхан миний саналыг дэмжсэн. Тэд дэмжсэн учраас УДЭТ-т шалгалт өгөөд тэнцчихээд мөрөөдлөө биелүүлэх гэж байна.

-УДЭТ-т орохын өмнө тоглосон “Учрал” киног “Ромео Жульетта” гэж нэрлэж байсан байх аа?

-Би “Учрал” киног орчин цагийн “Ромео Жульетта” гэж боддог. Амьдрал хүмүүсийн харилцааг харуулсан уран бүтээл болсон шүү. Кинондоо Намуун гэдэг охины дүрд тоглож байсан. “Аврора” филмсийн залуустай хамтарч ажиллах сайхан байсан.

-Дөлгөөн хэзээ сургуулиа төгссөн юм бэ. Анх яаж олны танил болж байв?

-2012 онд СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. Анх Үндэсний телевизийн “Амьдралд тавтай морил” гээд 80 ангит киноны Золоогийн дүрээр олонд танигдаж байлаа. Тэр киноны багийнхандаа маш их баярлаж явдаг. Энэ кинонд тоглосноор “Мөрөөдлийн театр”-тай хувь заяагаа холбож байсан.

-Анхны тоглосон дүрүүд жүжигчдэд хэцүү байдаг. Харин таны хувьд ямар байв?

-Миний хөлс хүч бүх уран бүтээлд маань шингэсэн учраас би бүх дүрдээ хайртай. Хамгийн анхны тоглож байсан дүр гэвэл долдугаар ангидаа “Хана” аймшгийн кинонд тоглосон байдаг юм.

Миний анхны тайзны уран бүтээл бол Мөрөөдлийн театрын “Миний нууц хүү” жүжиг. Тус жүжигт тоглохдоо би оюутан байсан. Анх удаа том тайзан дээр гараад мэргэжлийн жүжигчидтэй хамт тоглоно гэдэг амаргүй байсан. Маш олон үзэгч намайг хараад сууж байхад нэг л сонин мэдрэмж төрж ичих шиг болдог юм билээ. Хүмүүс сайхан зүйл үзэхийг л хүсч ирсэн болохоор хэдий сандарсан ч хичээсэн. Микрофон байхгүй тайзан дээр гараад юу болоод байгаагаа мэдэхгүй салганасаар байгаад эхний нээлтийн тоглолтыг дуусгаж байлаа. Тоглолтын дараа урмын үг их ирж байсан ч шүүмжлэх хүмүүс олон гарсан. Энэ шүүмжүүд нь бүгдээрээ миний төлөө байсан болохоор цаашдын дүрүүдэд минь сургамж болсон байдаг юм.

-Хүмүүст танигдсаны дараа гудамжаар явахдаа хүртэл өөрийгөө цэнэж эхлэх байх. Өөрөө биеэ авч явах тал дээр хэр анхаардаг вэ?

-Олны нүдэнд байнга харагдаж явдаг хүн учраас өөрийгөө зөвөөр авч явахгүй бол хүмүүс янз янзаар ярих тохиолдол их. Тэгэхээр хаана ч гэсэн биеэ аятайхан л авч явах шаардлага гардаг.

-Цахим ертөнцөд хэр идэвхтэй вэ?

-Фэйсбүүк, инстаграм гээд цахим ертөнцөд идэвхтэй. Би ч гэлтгүй бүх хүмүүсийн салшгүй хэрэглээ болчихжээ. Дээрээс нь миний мэргэжилтэй уялддаг юм шиг санагддаг шүү. Хүмүүстэй илүү ойр харьцдаг. Олон хүн надаас юм асуудаг. Тэр болгонтой уулзаж чадахгүй болохоор фэйсбүүкээр хариу өгдөг.

-Уншигчдадаа нөхөр, хүү хоёроо танилцуулахгүй юу?

-Манай нөхөр Гадаад харилцааны менежер мэргэжилтэй Очирпүрэв гэдэг залуу бий. Одоогоор хувиараа бизнес эрхэлж байгаа. Харьцангуй урлагаас хол, урлагийн хүн биш ч гэсэн намайг маш сайн ойлгож дэмждэгт нь баярлаж явдаг. Цаг наргүй ажилладаг намайг ойлгодогт ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна.

Хүүг маань Ивээлт-Од гэдэг. Нэрний хувьд Очирпүрэвийн О үсэг, Дөлгөөний Д үсгийг нийлүүлээд ямар ч байсан Од-той нэр өгнө гэж бодож байсан. Тэгээд л хоёулаа ярилцаж байгаад Ивээлт-Од гэж нэр өгч байсан.

-Нөхөртэйгөө анх яаж танилцаж байв?

-Манай нөхөр “Next electronics”-т гадаад харилцааны менежер хийдэг байсан юм. Би “Next electronics”-ын нүүр царай нь болоод гэрээтэйгээр ажилладаг байхад нэг залуу байнга намайг хараад байдаг байсан. Тэр үед танилцсан даа.

-Охид бүсгүйчүүдэд сонин байх болов уу. Өндөр, жин, биеийн харьцаагаа хэлээч. Охид биедээ их анхаардаг болсон шүү дээ?

-Би 49 кг жинтэй, өндөр 163 см. Сүүлд үзэхэд өгзөгний тойрог маань 90 см байсан шүү.

-Тайз, дэлгэцийн уран бүтээлийн ялгааг юу гэж боддог вэ?

-Киноны зураг авалтын үеэр алдаа гаргахад дахин зураг авч болдог. Харин тайзан дээр үзэгчдэд уран бүтээлээ хүргэж байгаа тохиолдолд алдаа гаргах эрхгүй. Хэрвээ ямар нэг алдаа гаргахад дахин тавих боломжгүй учраас жүжигчдээс илүү ур чадвар шаарддаг юм болов уу. Гэхдээ энэ нь дэлгэцийн бүтээл муу тайзных сайн гэж хэлж байгаа юм биш л дээ. Тайзан дээр гарсан тохиолдолд жүжигчин тухайн дүрээ амилуулах, амьдруулахын тулд бүхий л авьяас чадвараа гаргадаг. Тиймээс илүү чадварлаг уран бүтээлчид тайзны бүтээлд тоглодог гэж боддог юм. Мэргэжлийн бус жүжигчид тайзны бүтээлд тоглодоггүй шүү дээ.

-Залуу хүний хувьд үеийнхнийгээ ямар байгаасай гэж боддог вэ?

-Залуу байгаа дээрээ завгүй байгаасай. Завгүй байвал маш их зүйлийг амжуулдаг юм шиг санагддаг. Миний хувьд бүх юм амжихгүй юм шиг мөртлөө гүйгээд байхаар их зүйл амжуулчихсан байдаг. Тэгэхээр ид эрч хүчтэй, энергитэй байгаа дээрээ завгүй амьдраарай. Эргээд харахад залуу насаа харамсахааргүй өнгөрөөх хэрэгтэй шүү дээ.

-УДЭТ-т ороод өөр жүжигт тоглов уу?

-Н.Ганхуяг найруулагчийн “Бүүвэй” жүжигт Хулан эгчийн

тоглодог хэсэгт оролцсон.

Мөн хөдөө болсон бригадад энэ дүрд тоглосон. Арваннэгдүгээр сарын эхээр “Ромео Жульетта” жүжиг маань нээлтээ хийх байх. Одоогоор бэлтгэл ажилдаа ороод явж байна.

Categories
мэдээ цаг-үе

Төсвийн мөнгөөр баригдаж байгаа дутуу барилгууд

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурч, дэлхий сөнөх гэж байгаа тухай коммунистууд шуугьж байна. Баабарын хэлснээр бол гадаад нөхцөл монголын эдийн засагт гай тариагүй. Бид өөрсдөдөө л уршиг учруулж байна. Саяхан Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо цалин нэмэх шаардлага тавьжээ. Сонгууль дөхсөн болохоор энэ шаардлага хүний чихэнд таатай тусна. Энэ байгууллагын хөрөнгийг 3.8 тэрбум гээд гээд сонссоноо хэлтэл учир мэдэх хүмүүс “Тийм ядуу байгууллага юм уу” гэж асуув. Сонирхолтой нь энэ байгууллагын хөрөнгийн хэмжээ нууц юм байна. Барилга хот байгуулалтын яамнаас энэ тухай асуухад “Мэдэхгүй” гэв . Төр хэр хэмжээний өмчтэй тухай хэн ч мэдэхгүй. Харин Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв гэдэг байгууллагаас Барилгын мэдээллийн эмхэтгэлийн 2015 оны VII сарын тусгай дугаарт Эрүүл мэнд спортын яам,Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Барилга хот байгуулалтын яамны харьяа дутуу барилгуудын жагсаалтыг ажлын явц, хөрөнгө оруулалт, байршил зэргийг зурагтай хаягтай, гүйцэтгэгчтэй нь нийтэлжээ. Эндээс харвал БСШУЯ-ны харьяа 218, БХБЯ-ны 39, ЭМСЯ-ны 68 дутуу барилга байна. Энэ нь VII сарын мэдээ тул үүнээс хойш ганц барилга ашиглалтад орсон байж магадгүй юм. Мөн ЭМСЯ, БСШУЯ-ны харьяа байсан барилгууд БХБЯ-нд шилжиж ирсэн. Нийт 325 дутуу барилгаас 283 нь ямар нэгэн хэмжээгээр баригдаж байгаа, 34 нь орон нутагт эрх шилжсэн, 42 нь энэ онд санхүүжилт зогссон байна.

Мөн эдгээрээс 131 нь сургууль цэцэрлэгийн барилга, өргөтгөл, 72 соёлын төв, спорт цогцолбор, спорт танхим, 66 дотуур байр, эмнэлэг, нэг номын сан, хоёр усан бассейн зэрэг барилгууд байна. Улсын хэмжээнд нийт 69 цэцэрлэгийн, 36 соёлын төвийн дутуу барилга байх юм. Эндээс харвал 69 цэцэрлэгээ бариагүй байж 36 соёлын төв бариад эхэлсэн байх жишээтэй. Мөн 41 эмнэлгийн дутуу байшин байхад 72 соёлын төв, спорт цогцолбор эхлүүлсэн байна. Энэ удаад спортын салбарт оруулсан зарим хөрөнгө оруулалтыг танилцуулж байна.

Жишээлбэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд баригдаж байгаа Усан бассейны барилга 2014 оны долдугаар сарын 5-наас 2015 оны арванхоёрдугаар сарын 1-нд баригдаж дууссан байх төлөвлөгөөтэй. Энэ барилгын захиалагч нь ЭМСЯ, гүйцэтгэгч нь “Сайн констракшн” ХХК. Өнөөгийн байдлаар ажлын гүйцэтгэл 55 хувьтай байгаа аж. 3.75 тэрбум төгрөгийн төсөвтэй энэ төсөлд 1.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн техник хяналтын зардал гэж 27 шахам сая төгрөг шилжүүлсэн байх юм. Энэ жилийн төсөвт тэрбум шахам төгрөг төсөвлөсөн. Гэхдээ хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй байна. Шинжээчдийн багийн гаргасан санал нь үлдсэн санхүүжилтийг 2016 оны төсөвт суулгах.

Дээрх суманд баригдаж байгаа бас нэг барилга бол 700 хүний суудалтай, 1.3 төрбум төгрөгийн төсөвтэй Соёл, спорт цогцолборын барилга. Ажлын гүйцэтгэл 40 хувьтай ч санхүүжилтийнхээ 89 хувийг авчихсан. 2010-2012 онд баригдах ёстой энэ барилгыг “Лайт капитал хаус” ХХК барьж байгаа. Шинжээчдийн дүгнэлтээр барилгын нэгдүгээр давхрын хучилтыг борооны уснаас хамгаалаагүй тул их хэмжээгээр ус хуримтлагдан доошоо нэвтэрч мөөгөнцөртсөн. Барилгын суурийн хөрсний суултыг тооцоолоогүйгээс шал цөмөрсөн. Барилга угсралтын ажил зогссон. Шинжээчдийн дүгнэлтээр бол дүгнэлт гаргуулж, гэрээг цуцлах.

Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж байгаа Усан бассейны барилга 70 хувийн гүйцэтгэлтэйгээр зогссон байна. Гүйцэтгэгч нь “Жаанар” ХХК. Энэ барилга нь 5.6 тэрбумын төсөвтэй. Техник хяналтын зардалд 45 сая төгрөг гаргасан. 2011-2014 онд баригдах төлөвлөгөөтэй ч 2015 оны тавдугаар сард ажлаа эхлүүлсэн. 3.1 тэрбум төгрөгөө авчихсан. Шинжээчдийн дүгнэлтээр барилгын бодит гүйцэтгэл төсвөөсөө 15 хувиар нэмэгдсэн. Одоо төсвөөс дахин 3.1 тэрбум төгрөгийг шийдэж дуусгах.

Бас нэг сонирхолтой төсөл бол Ховд аймгийн Манхан суманд баригдаж байгаа хагас тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй Соёл, спорт цогцолборын барилга. Энэ сум дөрвөн мянга гаруйхан хүн амтай. Энэ барилгыг барьж байгаа компани нь “Жаргалант луу”. Төлөвлөгөөгөөр бол 2012 оны наймдугаар сарын 7-ноос 2012 оны арваннэгдүгээр сарын 15-нд ашиглалтад орох учиртай. Хугацааны хувьд хэвлэлийн алдаа байх. Төсвийнхөө 92 хувийг авсан боловч ажил 25 хувьтай.Инээдтэй нь шинжээчид 2015 онд төсөвт суулгасан 800 шахам сая төгрөгийг олгож ажлыг дуусгах санал тавьжээ. Ингэсэн тохиолдолд тус барилгын төсөв гурав дахин нэмэгдэнэ. Барилга 1.4 төгрөгөөр баригдаж дуусна. Энэ Манхан сумын нэг иргэнийг соёлжуулж, спортжуулахын тулд татвар төлөгчид 3.5 сая төгрөг гаргасан гэсэн үг юм.

Гэхдээ дээрх барилгууд 325 дутуу барилгын нэг хувь нь гэсэн үг. Төсөвт суулгасан мөнгө нь 11 тэрбум. Дахиад хагас тэрбумыг нэхэж байгаа. Дутуу барилгын нэг хувь нь 11 тэрбум бол 100 хувь нь нэг их наяд гаруй төгрөг байж болох юм. Энэ нь өнөө жилийн төсөвт сох дутаж байгаа нэг их наяд төгрөгтэй тэнцэх мөнгө.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Дэжидийн Жигжид агсны охин Навч: аавыг минь монгол киноны тэргүүн жанжин гэдэг дээ

Монгол Улсын тєрийн шагналт, ардын жүжигчин Дэжидийн Жигжид агсны охин Навчтай ярилцсанаа хүргэж байна.

-Танай аав Дархадын хотгороос тодорсон нэрт найруулагч. Хэдэн жилийн өмнө танай гэр бүлийнхэн 90 насных нь ойг нэр төртэй тэмдэглэж байсан санагдана?

-Тэр чинь 2009 он шүү дээ. Ерэн насных нь ойг амьхандаа л өргөн дэлгэр тэмдэглэх гэж багагүй зүтгэцгээсэн. “Аавын минь нөмөр” хэмээх ном бичиж хэвлүүлсэн. Манай аав чинь 1919 онд төрсөн хүн юм. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумынх. Миний бие аавынхаа нутагт хэд хэдэн удаа очиж байлаа. Харин аавтайгаа хамт очиж байгаагүй. Хорьдол Сарьдагийн нуруу, Шишгэдийн гол зэрэг дархад зоны нутаг, олон уул даваагаа кинонууддаа үлдээсэн байдаг. Радиогоор дархад дуу явахад “Алив миний охин чангалаарай” гэдэгсэн. Өөрөө бол дуу хуурт тааруу. Аав минь ээжээрээ овоглосон. Аавыгаа огт мэддэггүй гэдэг. Манай эмээ таван хүүхэд төрүүлсэн юм билээ. Тэгээд гурвыг нь амьдралын эрхээр хүнд өргүүлжээ. Аав отгон нь. Би эмээгээ үзээгүй. Ээж ч үзээгүй. Эр хүн шиг гүжирмэг, бяр чадалтай, шулуун шударга зоримог зантай хүн байсан гэж аав ээжид ярьж байхыг нь сонссон. Аавын ямар ч ажлын цаана гарах гэж шантаршгүй зүтгэдэг дайчин, зоримог чанар эмээгээс эхтэй болов уу.

-Хэдэн онд нутгаасаа гарч, сургууль соёлын мөр хөөсөн бэ?

-Сумынхаа бага сургуулийг дүүргээд хот руу багшийн сургуульд явах болжээ. Эмээ авдраа уудалж, эвхэж хадгалсан тавьтын хуучин дэвсгэрт гаргаж ирэн аавд өгөөд “Миний хүү аян замдаа сайн явж, эрдэм ном сураад ирээрэй” хэмээгээд баруун хацрыг нь үнсээд хоцорсон гэдэг. Хотод нэг жил суралцахдаа аав нөгөө мөнгөндөө гар хүрэлгүй байсаар зуны амралтаар нутаг буцахдаа гэрийн цагаан бүрээс худалдаж аваад явж байсан тухайгаа хуучилдаг юм. Тухайн үеийн багш бэлтгэх сургуулийн оюутан байхад нь Монголкино үйлдвэр анх байгуулагдаж, оросын мэргэжилтнүүд үйлдвэрт ажиллах авьяастай хүүхдүүдийг сонгон авахад аав багтсан юм билээ. Ингэж аав минь 16 настайгаасаа Монголкино үйлдвэрийн босгыг алхаж, алдар замналыг нь үргэлжлүүлсэн түүхтэй.

-Анхны бүтээл нь “Цогт тайж” гэдэг байх аа, Тарич гэж алдарт найруулагчтай хамтарч ажилласнаа Жигжид гуай дурссан нь бий?

-Аав зураг зурах дуртай, үсэг дармалдан бичих авьяастай, ялангуяа монгол бичгээр сайхан бичдэг байсан. Тиймээс кино үйлдвэрт анх зураглаачаар орсон байдаг. Анхны бүтээл нь “Цогт тайж” кино юм. Өмнө нь “Норжмаагийн зам” анхны монгол кинонд туслах оператороор ажиллаж байгаад 1945 онд “Цогт тайж” кинонд ерөнхий оператороор ажилласан . Оросын шилдэг найруулагч Юрий Тарич гуайтай аав гар нийлж ажилласан. Тэрхүү түүхэн кинонд алтан үеийн бүх сайхан жүжигчид хамт ажиллаад 24 насандаа урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулж байв. Дараа нь “Сэрэлт” кинонд мөн ерөнхий оператороор ажилласан. Анхны найруулсан кино нь “Ардын элч”. 1959 онд дэлгэцэнд гарсан бүтээл шүү дээ. Түүнээс хойш “Үер”, “Хөдөөгийн баясгалан”, “Өглөө”, “Өнөр бүл”, “Улаанбаатарт байгаа миний аав”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Хүргэн хүү”, “Хөх ногооны униар”, “Жаргал даахгүй зовлон”, “Ард Аюуш” гээд 20 гаруй уран сайхны кино, 70 гаруй баримтат кино бүтээсэн байдаг. Монгол киноны түүх яалт ч үгүй аавтай минь холбоотой. Аав минь хэрхэн цар хүрээтэй, мундаг найруулагч байсныг уншигч олон надаар хэлүүлэлтгүй мэднэ. Монголын кино урлагийн жинхэнэ сод бүтээлүүд аавын минь гараас гарсан. Гэвч мэргэжлийн дипломгүй хүн. “Аав нь киноны сургуульд явж болох л байсан. Гэвч та нарыг л бодоод яваагүй” гэдэг байсан. Өөрөө мэргэжлийн сургууль төгсөөгүй болоод тэр үү, дүүг минь (УГЗ Биндэрийг хэлж байна) Москвагийн киноны дээд сургуулийг төгсөөд ирэхэд аав ихэд баярлаж билээ.

-Нэг кино бүтээгээд хэдэн төгрөг авдаг байсан бол. Ер нь аавынхаа нөмөрт эрхэлж явсан дурсамж гэвэл барагдахгүй дээ?

-Чухам хэдэн төгрөг авдаг байсныг сайн мэдэхгүй байна.”Аав нь сайдын хэмжээний цалинтай хүн шүү” гэдэг байв. Тэгэхээр их л мөнгө авдаг байсан байх. Киноны мөнгө бид хэдийн хувцас хунар, хоол хүнсэнд л таардаг байсан биз ээ. Өнөөдөр манайх гурван хүүхдээ амьдралтай залгуулах гэж сандарч л байна.Тэгтэл ижий аав хоёр минь арван хэдэн хүүхдийг бүрэн бүтэн явуулах гэж бусдын хэлдгээр “хуруу хумсаа хуйхалж” байж өдий зэрэгт хүргэсэн нь мэдээж. 1970 онд “Үер”, “Өглөө”, “Тэмцэл” зэрэг шилдэг бүтээлүүдээрээ төрийн шагнал хүртсэн юм. Шагналынхаа мөнгөөр дэлгүүрээс хоёр гоё хивс аваад үүрээд ирж байсныг санаж байна. Харин идэх дуртай зүйлийнх нь нэг жимс байсан. Алимыг том томоор нь хазаж, амтархан иднэ. Их сайхан шүдтэй хүн байсан шүү дээ. Насан туршдаа тэрхүү сайхан шүдтэйгээ байсаар өнгөрсөн. Нэг удаа Ардчилсан Солонгос улс руу яваад ирэхдээ том авдраар дүүрэн алим авчирч, айл айл руу бид хэдээр тараалгаж байсан юм. Ээжтэй нийлэхээс өмнө гэр бүлтэй байсан юм билээ. Найман жил болоход хүүхэд гараагүй гэдэг. Тэгээд ээжтэй нийлээд би төржээ. Намайг анхны үр гээд амь шигээ л хайрладаг байв. Гэхдээ надад эрхлэх хугацаа бага олдсон. Араас олон дүү нар минь залгаж төрөөд.

-Хүүхдүүддээ хэр ширүүн ханддаг байв. Зураг авалтын үеэр нэртэй жүжигчид Жигжид гуайгаас айдаг байсан тухайгаа дурсдаг?

-Ээж минь 12 хүүхэд төрүүлснээс нэг дүү маань багадаа эндчихсэн. Бид арваннэгүүлээ өссөн дөө. Олуулаа өсөх бужигналдаад сайхан ч хоол унд, хувцас хунар нь дийлдэхгүй хэцүү. Аав үдэш хүүхдүүдийнхээ өрөөстэй гутлуудыг хараад нэг хэсэг шинжинэ. Тэр бол нэгд, хэн гэртээ байгаа, хэн эзгүй байгааг бүртгэж байгаа хэрэг. Энэ үед байгаагүй бол яггүй асуудалтай тулгардаг байв. Хоёрт, хэний гутал муу тослогдсоныг шалгаж байгаа хэрэг. Хэн нь заваан залхуугаа шалгуулчихна. Хамгийн гол нь хэний гутал муудсан, хэнд гутал авах шаардлагатайг үзэж байгаа хэрэг. Энэ үед гутал нь муудсан хүний нүүрэнд баясал тодорно шүү дээ. Аав ээжийг гэртээ байхад манайх нам гүм, эзэнгүй юм шиг байдагсан. Аав минь хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хүн байсан. Өөрийнхөө зөв гэж бодож байгаа зүйл дээр хэнтэй ч хамаагүй маргана. Тийм шударга, зарчимч, аливаа зүйлийн үнэний талд зогсож чадаж байснаараа аав минь өөрийнхөө хүрэх ёстой өндөрлөгт хүрсэн гэж боддог. Гэхдээ аавд шударга бус зүйлийн өмнө сөхөрч байсан үе бий. Нэг удаа аав ээж хоёр аминчхан яриа өрнүүлж суусныг би чих тавин сонссон юм. Ээж “Чамайг шоронд хийчихгүй байгаа даа” гэхэд нь би ихэд гайхан цочиж билээ.

-Юунаас үүдэн тийм яриа гарав?

-Хожим ойлгох нь ээ, “Түмний нэг” киноны хоёрдугаар ангиас болсон юм билээ. Энэ тухай сэтгүүлч Д.Хатанбаатарын “Монгол киноны тэргүүн жанжин” номонд тодорхой бий. “Түмний нэг” киноны хоёрдугаар анги “Хүний мөр” гарсны дараа 1963 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Намын төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглан түүнийг уран бүтээлч нөхдийн нь хамт дуудан “Уран бүтээлдээ улс төрийн алдаа гаргасан тул арга хэмжээ авч, төлбөр төлүүлнэ” хэмээн түгшээж байжээ. Хуралдаан дээр үг хэлсэн дарга болгон аавын шинэ киног амьдралаас тасархай болсон, намын удирдах роль харагдахгүй байна, үндэсний үзлийг номлосон байна, “Нууц товчоо”-г харуулсан байна. Гол дүрийг гаднаас нь харахад Б.Ринченг санагдуулаад байна. Энэ киног ер нь ямар санаатай хийсэн юм гэцгээж байв гэнэ. Харин Цэдэнбал дарга дуугүй сууж байснаа “Жигжээд танайх хэдэн хүүхэдтэй болж байна” гээд зохиолоо өөрчлөх, дахиад батлуулах, хоёрдмол утгатай санааг цөмийг нь хасахыг үүрэгджээ. Аав энэ тухайгаа хэзээ хойно бидэнд цухас дурдахдаа “та нар минь л намайг аварсан шүү” гэдэг байлаа. Аливаад шударга, үнэнч байхыг өөрөөрөө үлгэрлэн алхам тутам сургаж байсан нь өнөө ч үр хүүхдүүдийнх нь ажил амьдралын мөрдлөг болж явна.

Categories
мэдээ нийгэм

Ш.Абэ Монголд дөрвөн цаг айлчилна

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол
Улсад энэ сарын 22-ны өдөр айлчлахаар болжээ. Энэ удаагийн айлчлал ердөө
дөрвөн цаг үргэлжлэх бөгөөд айлчлалын зорилго, ач холбогдол нь нууц
байгаа аж.

Энэ нь Ерөнхий сайд Шинзо Абэгийн хувьд
Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал юм. Тэрээр хоёр жилийн өмнө
манай улсад ажлын айлчлал хийж байсан билээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг Японд айлчлах үеэрээ Монгол, Японы Эдийн засгийн
түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулсан нь түүхэн үйл
явдал байсан. Харин Ш.Абэгийн Монгол дахь энэ удаагийн богино хэмжээний
айлчлалын үр дүн ихээхэн анхаарал татаж байна.

Categories
мэдээ нийгэм

5 хүүхэд осолд өртсөн байна

2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Замын
цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 427 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн
авснаас зам тээврийн ослын 347 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс
ХАБАЖЭГХэрэг 14 бүртгэгдэж 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1,
явган зорчигч-11, зорчигч-7. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 6 үүнээс
сургуулийн өмнөх насны 5, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл
хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 жолоочийг журамлан гарч
болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.