Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой”-н ажилчдын суулт үргэлжилж байна

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид удирдлагуудынхаа гаргасан шийдвэрийг эсэргүүцэж өнгөрсөн баасан гарагаас эхлэн жагсаал зохион байгуулж, суулт зарлаад байгаа. Учир нь тус компанийн 200 гаруй ажилчныг Хятадын компанид шилжүүлэх гэрээ хийсэн. Гэвч гэрээг одоо болтол ажилчдад танилцуулаагүй тул өөрсдөө 100 гаруй хуудас гэрээг олж авсан. Үүнд, шилжүүлэг хийсний дараа Хятад компани ганцхан жилийн л ажлын баталгаа өгсөн, эсвэл бүр хөдөлмөрийн гэрээгээ цуцлах ч боломжтой заалт бий гэв. Тэдний хувьд ажлын таван өдөр суулт хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Өчигдрийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд суулт зарласан ажилчидтай 16:00 цаг орчимд уулзсан ч шийдэлд хүрээгүй, нааштай хариу өгөөгүй, гэрээг танилцуулаагүй хэвээр байна гэв.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.10.20/ хуралдаанаар Монгол
Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах
тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн
төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Хадгаламж, зээлийн
хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулах арга хэмжээний хүрээнд төрд
төвлөрүүлсэн 15.6 тэрбум төгрөгийг Хууль зүйн сайдын багцад тусган,
тэдгээр хүмүүсийн хохирлыг барагдуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа
илэрхийлээд, дээрх мөнгөөр хохирлын хэдэн хувийг барагдуулах боломжтой
вэ гэж тодруулсан. Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэлийн хариулснаар, энэ
мөнгөөр хохирлыг барагдуулснаар хохирол барагдуулалт 90 хувьд дөхөж очих
аж. Хохирогчдын дунд 1-2 сая төгрөгийн авлагатай, өндөр настан олон
байгаа бөгөөд тэдний дунд өвчтэй хүмүүс ч байгааг дэд сайд дуулгасан.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, терроризмтой тэмцэх багаж хэрэгслийг худалдан
авахад зарцуулах мөнгө тусгагдсан эсэх, ирэх жил болох дээд хэмжээний
уулзалтаас өмнө шаардлагатай хэрэгслийг авч чадах үгүйг лавласан. Ажлын
хэсгээс, терроризмтой тэмцэх багаж, хэрэгслийг худалдан авах гэрээ
хийгдэн 30 хувийн урьдчилгааг төлсөн хэмээсэн. Техник хэрэгсэл 6 тасарч
ирсэн бөгөөд одоо үлдэгдэл 800 гаруй сая төгрөгийг төлөхөөр байгаа аж.
Төсвийн тодотголд тусгасан мөнгө дээрх төлбөрийг барагдуулахад 80 саяар
дутаж байгаа гэж Ажлын хэсгээс тодруулсан юм.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр орон нутагт төсвийн санхүүжилт хэвийн хийгдэж
байгаа эсэхийг тодруулаад цахилгаанаа таслуулсан сумын Тамгын газар
байсан хэмээсэн. Ажлын хэсгээс хариулснаар, эрүүл мэнд, боловсрол,
хүчний байгууллагын түлш шатахуун, цахилгаан, дулаан, цалингийн зардлыг
саадгүй олгож байгаа бөгөөд тавилга, эд хогшил худалдан авах, томилолтын
зардалд тодорхой хэмжээгээр хяналт тавьж байгаа юм байна. УИХ-ын гишүүн
Ц.Нямдорж төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг ашиглалтад оруулах
асуудал ямар шатанд явааг асуусан. Эмнэлгийн барилгын ажлыг гүйцэтгэх
ажлыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн Эрүүл мэндийн
яаманд шилжүүлсэн гэж Ажлын хэсгийн гишүүд хариулсан юм. УИХ-ын гишүүн
Д.Ганбат төрийн албан хаагчдын цалинг 30 хувь бууруулбал одоо авч буй
цалин нь хэд орчим болохыг тодруулж асуусан. Ажлын хэсгээс, нийт төрийн
албан хаагчид бус төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудал
яригдаж байгаа гэж хариулсан юм.

УИХ-ын гишүүн З.Энхболд, Төсвийн тодотголыг бид ярьж байна. Энэ хүрээнд
жирийн эргүүлийн цагдаа, хянагчийн цалинг хасах асуудал яригдаагүй.
2900 даргын цалинг бууруулах тухай л ярьж байгаа. Энэ талаар хүмүүст зөв
мэдээлэл өгөх хэрэгтэй гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ
авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн
албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин
хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах
үндэслэл болохгүй гэж Төрийн албаны тухай хуульд заасан байгаа. Гэтэл
цалинг бууруулах асуудлаар Байнгын хороогоор ярьж санал хураалт явуулах
гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэлээ. Тиймээс энэ асуудлаар Засгийн
газраас тодруулах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

Түүний энэ саналыг Байнгын хорооны гишүүд хүлээн авч Засгийн газраас
тодруулга авах хүртэл асуудлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа.

Categories
энтертаймент-ертөнц

Оскар Писториус гэрийн хорионд ял эдэлнэ

Өмнөд
Африкийн нэрт тамирчин Оскар Писториус сүйт бүсгүй Рива Стинкэмпийг
хөнөөсөн хэмээн буруутгагдаж, таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн
билээ. Өнөөдөр тамирчинг хоригдож байсан шоронгоос нь суллаж, гэрийн
хорионд шилжүүлсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр жил орчим
хоригдсон бөгөөд үлдсэн дөрвөн жилээ гэрийн хорионд өнгөрүүлэхээр
болжээ.

Тамирчны өмгөөлөгч Бэрри Роукс өнгөрсөн
оны долоодугаар сард шүүхэд дээрх саналыг гаргасан юм. Тусгай комисс
хохирогч Рива Стинкэмпийн гэр бүлтэй тохиролцож, үлдсэн ялыг нь гэрийн
хорионд өнгөрүүлэхээр болжээ.

Писториус хоригдож байх хугацаандаа
сэтгэл зүйн эмчилгээ хийлгэснээс гадна нийгмийн ажилд идэвхитэй оролцох
юм. Шүүхээс тамирчинг галт зэвсэг ашиглах, архи болон мансууруулах
бодис хэрэглэхийг хатуу хориглосон байна.

Categories
мэдээ нийгэм

Филармонийн 44 дэх үзвэрийн жилийн нээлт боллоо

Улсын Филармони үзэгч олон нийтийн хөгжмийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд “СОНГОДОГ ХӨГЖИМ” төслийг хэрэгжүүлж дэлхийн суут хөгжмийн зохиолчдын шилдэг, сор бүтээлийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор сонгодог концертуудыг энэ 4-р улиралд үзэгчдийн хүртээл болгож эхлэлээ. Уг төслийн нээлтийн тоглолтууд энэ сарын 15,16,17-ны өдрүүдэд амжилттай тоглогдож өнгөрлөө.

Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдээс шигтгээ болгон толилуулсан тус тоглолтууд “Дэлхийн хөгжмийн дээжис” нэртэй Морин хуурын чуулгын тоглолтоор эхлэж, тоглолтын хоёр дахь өдөр Баян Монгол жазз найрал хөгжмийн “Coconuts Baby” классик жазз тоглолтоор үргэлжилж, тоглолтын гурав дахь өдрөө Симфони найрал хөгжмийн “Дэлхийн хөгжмийн дээжис” сонгодог тоглолтоо үзэгч сонсогчдодоо өргөн барьж үзвэрийн 44 дэхь жилийн аялгуун хөшгөө нээлээ.

Морин хуурын чуулгын “Дэлхийн хөгжмийн дээжис” сонгодог тоглолтонд суут хөгжмийн зохиолч В.А.Моцарт, Д.Шостакович, Витторио Монти, Жорже Бэн нарын бүтээлүүд тоглогдсон бол, Баянмонгол жазз найрал хөгжмийн классик жазз тоглолтонд дэлхийн жазз урсгалын томоохон төлөөлөгчид болох Billy Strayhorn, W.C.Handy, John Kander, Frank B.Foster, John dizzy Giliispie нарын бүтээлийг онцлон тоглосон юм. Мөн тоглолтынхоо төгсгөлд П.И.Чайковскийн “Nutcracker” буюу “Цөмөөхэй” жазз сюитыг тоглосон нь үзэгч, сонсогчдыг суудлаас нь өндийлгөж байлаа. Симфони найрал хөгжим “Дэлхийн хөгжмийн дээжис” тоглолтод А. Вивальди, В.И. Моцарт, Л. Бетховен, Дж.Россини, Дж. Верди, И. Брамс, А. Бородин, М. Равель, Дж. Гершвин нарын ард иргэдийн сэтгэлд хоногшсон хөгжмүүдийг тоглож үзэгчдийг сонгодог хөгжмөөр уяруулж чадсан үдшүүд байлаа.

Сонгодог урлагийг дэмжигч UNITEL групп Улсын Филармонийн “Сонгодог хөгжим” төслийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд Юнителийн хэрэглэгчид тоглолтын тасалбарыг GG оноогоор хямдруулан авч мөн Юнивишний IPTV- ийн 88 – р сувгаар тоглолтыг шууд үзэх боломжыг олгожээ. Үзэгчдийн талархалыг хүлээсэн үйлчилгээ байлаа.

Улсын Филармонийн дараагийн тоглолтууд 11 сарын 13-нд Морин хуурын чуулгын “Carmen suite”, 11 сарын 20-нд Баян Монгол жазз найрал хөгжмийн ”City swing”, 11 сарын 27-нд симфони найрал хөгжмийн “В.А.Моцартын бүтээлүүд” тоглолтоор үргэлжилнэ. Нэгдсэн тоглолт 12 сарын 24-нд шинэ жилийн хөгжмөөр уярсан “Snow melody” тоглолтууд байх гэнэ. Улсын Филармонийн “Сонгодог хөгжим” төсөлд та ч бас нэгдээрэй.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн замтай болно

Олон улсын олимпийн хороо, Олон улсын олимпийн хорооны дэргэдэх Олимпийн эв санааны нэгдэл, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны буцалтгүй тусламжаар барьж байгаа хөнгөн атлетикийн олон улсын стандартад нийцсэн 400 метрийн тойрог замын резинэн бүрээс, дагалдах бусад тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх, агуулахын хадгалалт, тээврийн зардалд зарцуулах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө. Энэхүү 400 метр тойрог замыг Нийслэлийн Налайх дүүрэгт байгуулахаар Олон улсын хөнгөн атлетикийн холбоотой тохиролцож, 2014 оноос тойрог замын суурийн ажлыг эхлүүлж, 2016 оны 6 дугаар сард бүрэн дуусгахаар ажиллаж байна. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны итгэмжлэгдсэн Итали улсын Мондо компани 320.000 ам.долларын үнэ бүхий стандартын резинэн замыг манай улсад оруулж ирсэн бөгөөд олон улсын мэргэжилтнүүдийн удирдлага дор нааж, тоног төхөөрөмжийг суурилуулах ажил үлдээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Цалинг бууруулах асуудлаар шүүгчид гомдол гаргажээ

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль”-ийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан төсөлд “шүүгчдийн цалингийн санг 35 хувиар тус тус бууруулахаар тооцож, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг зэрэгцүүлэн өргөн барьсан байна. Энэхүү “шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус” байдалд ноцтой сөрөг нөлөө бүхий тулгамдсан асуудлаар “Монголын шүүгчдийн холбоо” ТББ Олон улсын шүүгчдийн холбоонд International Association of Judges www.iaj-uim.org | ханджээ.

Categories
мэдээ нийгэм

Газрын тосны нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хавсралтаар 2016 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг баталлаа. Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нөөцийг 84720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2016 оны 3 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Р.Жигжидэд даалгалаа.

2015 онд 16 аж ахуйн нэгж А-80 автобензин 8.155.0 тонн, АИ-92 автобензин 21.505.0 тонн, дизелийн түлш 50.030.0 тонн, ТС-1 онгоцны түлш 3.660.0 тонн компанийн нөөцтэй байх үүрэг хүлээн Засгийн газрын тогтоолд заасны дагуу нийт дүнгээр 83.350.0 тонноос доошгүй хэмжээнд барьж ажиллаж байна. 2014 оны 8 дугаар сараас 2015 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд хавсралтад заагдсан 16 компанийн импортлосон шатахууны хэмжээ 1.051.337.7 тоннд хүрчээ. Иймд эдгээр компаниудын импортлосон шатахууныг төрөл тус бүрээр 30 хоногийн хэрэглээний нөөцтэй байхаар тооцож, 2016 онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээг гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Шонхор шувууг хууль бусаар хил давуулахыг оролдов

Монголын үндэсний бахархалт шувуу болсон шонхор шувууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан иргэдийг хилчид илрүүллээ. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр ногоон өнгийн ПАРАДО маркийн 20-70 УБӨ, цэнхэр өнгийн ПОРТЕР 23-73 СЭА улсын дугаартай автомашинтай иргэд Хөвсгөл аймгийн Ханх сум руу сэжигтэй ачаа ачиж явсан талаар иргэдээс мэдээлэл өгсөн байна. Тус мэдээллийн дагуу Хилийн 0257 дугаар ангийн тусгай томилгоот бүлэг үзлэг шалгалт явуулан Ханх сумын иргэн Н гэх айлын гадаа дээрх автомашинтай иргэд байхад нь саатуулан, Н-ийн гэрт үзлэг шалгалт хийхэд байшингийн дээврийн хонгилоос 47 шонхор шувуу нуусан байсныг олжээ. Уг шонхор шувууг Украйн улсын иргэн А-тай Сэлэнгэ аймгийн харьяат иргэн М, Н нарын иргэд хамсан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ. Эдгээр иргэдийг холбогдогдох хуулийн байгууллагад шилжүүллээ.


Categories
мэдээ улс-төр

Дэд сайдыг цомхотгохыг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ.

Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ дэд сайд нарыг цомхотгох, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг бууруулах, нефтийн бүтээгдэхүүний ОАТ-ыг нэмэх, татварын өр авлагыг барагдуулах зэрэг хэд, хэдэн асуудлыг хөндөж оруулж ирсэн юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Дэмбэрэл нар “Хэдэн дэд сайд нарыг цомхотгоод амьдрал сайжрахгүй. Төрийн тансаглалын золиос нь энэ хэдэн дэд сайд биш. Үүнийхээ оронд Засаглалын тогтолцоогоо өөрчлөх ёстой” гэсэн санал хэлж, мөн Н.Алтанхуяг гишүүн дэд сайд нарыг цомхотгүй байх санал гаргасан ч олонхийн дэмжлэг хүлээсэнгүй. Санал хураалтад 18 гишүүн оролцсоноос 14 нь дэд сайд нарыг цомхотгох нь зүйтэй гэж үзлээ.

Төсвийн тодотголтой холбогдуулж УИХ-ын дэд дарга М.Энхболд нефтийн бүтээгдэхүүний ОАТ-ыг нэмэгдүүлэх, мөн татварын өрийг барагдуулж 300 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо хийсэн нь энэ хүнд үед дарамт болохгүй юу. Засгийн газар орлого олох боломжоо зөв тооцохгүй байна. Үүнийхээ оронд гадаад руу аяладаг урсгалаа танаж, энэ чиглэлийн зардлаа хэмнэх ёстой гэлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын тайлбараар бол нефтийн бүтээгдэхүүний ОАТ-ыг нэмэх болсон нь өнгөрсөн хугацаанд энэ төрлийн бүхий л татварыг бууруулж, заримыг нь 0 болгосон байсан. Гэвч нефтийн бүтээгдэхүүний үнэ буугаагүй. Мөн нефтийн бүтээгдэхүүний ОАТ-ыг нэмсэнээр энэ төрлийн бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхгүй. Тийм учраас Засгийн газар татвараар дамжуулж тодорхой хэмжээний зохицуулалт хийхээр болсон нь энэ. Харин татварын өрийн тухайд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын танилцуулснаар энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 646 тэрбум төгрөгийн татварын өр үүссэн. Үүнээс 326 тэрбум төгрөгийн татварын өрийг барагдуулж, оруулж ирэх үүрэг авсан. Одоогоор 100 тэрбум төгрөгийн татварын өр барагдсан. Он дуусахад үлдэж байгаа 226 тэрбум төгрөгийн татварын өрийг барагдуулахаар ажиллаж байгаа. Эхнээсээ үр дүн гарсан гэж үзэж байна.

Улмаар байнгын хороо Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусган санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Төрийн 125 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ

Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг нэмж, төслүүдийн шууд гэрээний хэлэлцээг эхлүүлэх болон концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон Хөрөнгө оруулалтын газарт даалгалаа.

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төслийн зорилго нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглах замаар төрийн байгууллагуудын өгөгдлийн санг цахимжуулан төрийн үйлчилгээний цахим системд холбох, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэхэд оршино. Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний цахим машинаар 17 үйлчилгээ, цахим системээр 25 үйлчилгээг хүргэж байгаа юм. Цаашид 125 үйлчилгээг хэд хэдэн багцад хуваан цахим хэлбэрт шилжүүлэн www.ezasag.mn портал сайтаар дамжуулан иргэдэд хүргэх ажлыг концессоор хэрэгжүүлэх юм.

Өнгөрсөн хугацаанд ТҮЦ машинаар 1.3 сая иргэн үйлчлүүлж, 2015 оны хагас жилийн байдлаар улсын төсөвт 37 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Улсын төсвөөс хөрөнгө оруулалт шаардахгүйгээр дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудыг татан оролцуулах замаар төрөөс иргэдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын өгөгдлийн санг цахимжуулах ажлыг концессийн хэлбэрээр хийж гүйцэтгэх бөгөөд “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ач холбогдолтой юм.

Төслийг төрийн үйлчилгээг цахимжуулахад шаардагдах өгөгдлийн санг цахимжуулах, тухайн үйлчилгээ бүрт тохирсон кодчилол, дүрмийг хөгжүүлэх, төрийн үйлчилгээний цахим системд холбож, иргэдэд хүргэх бөгөөд гарсан зардлаа тодорхой хугацаанд үйлчилгээний хөлснөөс авч нөхсний дараа төрд буцаан шилжүүлэх “Систем хөгжүүлэх-Ашиглах-Шилжүүлэх” гэсэн шинэ концессийн төрлөөр хэрэгжүүлэх юм.