Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгалаа

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2015.10.20/ үдээс хойш дахин хуралдаж Монгол
Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах
тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Хуралдааны үеэр дээрх хуулийн зүйл заалт Төрийн албаны тухай хуультай
зөрчилдөж байгаа эсэх асуудлаар Сангийн яамны Хууль, худалдан авах
ажиллагааны бодлогын газрын дарга Э.Хангай тайлбар хийсэн. Тэрбээр,
“Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-д, Улсын Их Хурал
төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох
бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ
гэж заасан байдаг. Үүний 7 дугаар хэсэгт, төрийн санхүү, зээл, албан
татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн
чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын
төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах онцгой бүрэн эрхтэй хэмээн
заасан. Түүнчлэн Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Засгийн
газар нь улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж, УИХ-д
өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан
байдаг. Өөрөөр хэлбэл төсөв боловсруулж батлах нь Засгийн газар, УИХ-д
Үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрх бөгөөд энэхүү бүрэн эрхийг
ердийн болон органик хуулиар хязгаарлах боломжгүй гэж үзсэн. Учир нь
Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Үндсэн
хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт
байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж
хуульчилсан тул Үндсэн хуульд нийцээгүй буюу Үндсэн хуулиар төрийн эрх
бүхий байгууллагад олгосон бүрэн эрхийг хязгаарласан хуулийг хэрэглэх
боломжгүй гэж үзсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3-т,
Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл
тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй
бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан
байдаг. Төсвийн тухай хууль 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
батлагдсан. Төрийн албаны тухай хууль 2002 оны зургадугаар сарын 28-ны
өдөр батлагдсан. Төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг
тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд
оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах,
батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон
харилцааг Төрийн албаны тухай хуулиар бус Төсвийн тухай хуулиар илүү
нарийвчлан зохицуулж байгаа юм. Иймд Төрийн албаны тухай болон Төсвийн
тухай хуулийн заалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд тухайн асуудлыг буюу
төсвийн харилцааг илүү нарийвчлан зохицуулж байгаа Төсвийн тухай
хуулийг хэрэглэх нь илүү зүйтэй байна” гэж тайлбарласан.

Үүний дараа гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор
санал хураалт явуулан, хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн
талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо
хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шатахууны нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны
нөөцийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хавсралтаар 2016 онд
газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн
нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг баталжээ.

Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
компанийн нөөцийг 84720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх
хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг ирэх оны гуравдугаар сарын 1-ний дотор
зохион байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Р.Жигжидэд Засгийн
газраас даалгасан байна.

2015 онд 16 аж ахуйн нэгж А-80 автобензин 8.155.0 тонн, АИ-92
автобензин 21.505.0 тонн, дизелийн түлш 50.030.0 тонн, ТС-1 онгоцны түлш
3.660.0 тонн компанийн нөөцтэй байх үүрэг хүлээн Засгийн газрын
тогтоолд заасны дагуу нийт дүнгээр 83.350.0 тонноос доошгүй хэмжээнд
барьж ажиллаж буй аж.

2014 оны наймдугаар сараас энэ оны наймдугаар сар хүртэлх хугацаанд
хавсралтад заагдсан 16 компанийн импортлосон шатахууны хэмжээ
1.051.337.7 тоннд хүрчээ. Иймд эдгээр компаниудын импортлосон шатахууныг
төрөл тус бүрээр 30 хоногийн хэрэглээний нөөцтэй байхаар тооцож, 2016
онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээг гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёр сая 663.4 мянган толгой малыг даатгалд хамруулав

Малын индексжүүлсэн даатгалын 2015 оны борлуулалтын дүнгээр арван мянга
346 малчинтай гэрээ байгуулж, нэг тэрбум 317 сая төгрөгийн хураамж
төвлөрүүлсэн байна. Хөдөө аж ахуйн давхар даатгалын компанийн мэдээлж
байгаагаар энэ оны эхний хагаст хийгдсэн даатгалын үйлчилгээ нь малын
индексжүүлсэн даатгалын 10 дахь борлуулалт, харин тус компанийн анхны
борлуулалтын улирал байжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас долдугаар сарын
15 хүртэлх хугацаанд “Бодь”, “Монгол”, “Монре”, “МИГ”, “Практикал” болон
“Тэнгэр” зэрэг даатгалын компаниудын 1805 даатгалын төлөөлөгчөөр
дамжуулан малчдын даатгалыг хийсэн байна. Ингэснээр даатгуулсан малчин
өрх нь нийт малчин өрхийн 6.9 хувийг эзэлжээ.

Хоёр сая 663.4 мянган толгой малыг малын индексжүүлсэн даатгалд
хамруулсан нь Монгол Улсын нийт малын 5.1 хувийг эзэлж байна. Малчдын
дийлэнх нь хонь, ямаан сүргээ даатгуулах сонирхол өндөр байжээ.

Даатгалд хамрагдсан малын 42.7 хувийг хонин сүрэг, 47.6 хувийг ямаан
сүрэг үлдсэн 6.7 хувийг үхэр сүрэг, 2.7 хувийг адуун сүрэг, 0.23 хувийг
тэмээн сүрэг эзэлж байна. 2014 онд нэг малчин өрхийн төлсөн дундаж
хураамжийн дүн 95.8 мянган төгрөг байсан бол 2015 онд 127.3 мянган
төгрөг болж, өссөн байна.

Гэхдээ даатгалын төлөөлөгчийн дундаж борлуулалт 1.4 сая төгрөгтэй
байгаа нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 200 мянган төгрөгөөр буурчээ.
Нийт борлуулалтын гол цөмийг буюу 61.3 хувийг “Монгол даатгал” болон
“Бодь даатгал” хийсэн бол 12.5 хувийг “Тэнгэр даатгал”, 15.2 хувийг
“Практикал даатгал”, 2.9 хувийг “Монре даатгал” тус тус хийжээ.

Categories
мэдээ улс-төр

МУГЖ Ц.Төмөрбаатар МАХН-д элслээ

Өнөөдөр
МАХН-д гишүүн элсүүлэх ёслол болж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн
Ж.Сүхбаатар тэргүүтэй 10 орчим залуу МАН-аас гарч МАХН-д албан ёсоор
элслээ. Мөн АЖ Д.Самбуу, МУГЖ Ц.Төмөрбаатар нар МАХН-д элсэж, намын
батлахаа гардаж авав.

Categories
мэдээ нийгэм

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төслүүдийг концессоор гүйцэтгүүлнэ

Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад төрийн үйлчилгээг цахим
хэлбэрт шилжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг нэмж, төслүүдийн шууд
гэрээний хэлэлцээг эхлүүлэх болон концесс олгох уралдаант шалгаруулалтыг
зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат
болон Хөрөнгө оруулалтын газарт даалгалаа.

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төслийн зорилго нь мэдээлэл,
харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглах замаар төрийн
байгууллагуудын өгөгдлийн санг цахимжуулан төрийн үйлчилгээний цахим
системд холбох, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, үйлчилгээний
чанарыг сайжруулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар
хэрэгжүүлэхэд оршино. Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний цахим
машинаар 17 үйлчилгээ, цахим системээр 25 үйлчилгээг хүргэж байгаа юм.
Цаашид 125 үйлчилгээг хэд хэдэн багцад хуваан цахим хэлбэрт шилжүүлэн www.ezasag.mn портал сайтаар дамжуулан иргэдэд хүргэх ажлыг концессоор хэрэгжүүлэх юм.

Өнгөрсөн хугацаанд ТҮЦ машинаар 1.3 сая иргэн үйлчлүүлж, 2015 оны хагас
жилийн байдлаар улсын төсөвт 37 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Улсын
төсвөөс хөрөнгө оруулалт шаардахгүйгээр дотоодын аж ахуйн нэгж,
байгууллагуудыг татан оролцуулах замаар төрөөс иргэдэд үзүүлэх төрийн
цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын
өгөгдлийн санг цахимжуулах ажлыг концессийн хэлбэрээр хийж гүйцэтгэх
бөгөөд “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ач
холбогдолтой юм.

Төслийг төрийн үйлчилгээг цахимжуулахад шаардагдах өгөгдлийн санг
цахимжуулах, тухайн үйлчилгээ бүрт тохирсон кодчилол, дүрмийг хөгжүүлэх,
төрийн үйлчилгээний цахим системд холбож, иргэдэд хүргэх бөгөөд гарсан
зардлаа тодорхой хугацаанд үйлчилгээний хөлснөөс авч нөхсний дараа төрд
буцаан шилжүүлэх “Систем хөгжүүлэх-Ашиглах-Шилжүүлэх” гэсэн шинэ
концессийн төрлөөр хэрэгжүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Эм хэрэгслийн тухай хуулийг өргөн барина

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд
эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагын үүрэг
хариуцлагыг тодорхой зааж, эмийн бүртгэл, чанарын хяналтын лабораторид
тавигдах шаардлагыг боловсронгуй болгох, эмийг зах зээлд гарсны дараах
эмийн аюулгүй байдлын тандалт, судалгаа хийх, эргүүлэн татах, буцаах эрх
зүйн орчныг бий болгохоор тусгажээ. Мөн эмийн зохистой хэрэглээг
төлөвшүүлэх зорилгоор хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг тусгасан байна.
Эмийг зах зээлд таниулах үйл ажиллагааны зарим хэсэг хуулиар
зохицуулагддаггүй байсныг цогц байдлаар зохицуулж, эмнэлгийн эмийн
сангийн үйл ажиллагааг өргөтгөх болон антибиотикийн зохистой хэрэглээтэй
холбоотой зохицуулалтыг нэмжээ. Эмийн үнийн ил тод байдлыг хангах,
үнийн хөөрөгдлөөс сэргийлэх, иргэдийн эм худалдан авах боломжийг
нэмэгдүүлэх талаар шинэ зохицуулалт оруулсан байна. Хууль батлагдан
гарснаар эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээ төлөвшиж, эмийн
хангамж, хүртээмж сайжрахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Занданшуулсан шарил Итгэлт хамбатай увидасаар адил гэв

Сонгинохайрхан дүүрэгт айлын хашаанаас олдсон лам хүний занданшуулсан
шарилыг сэргээн засварлах ажлыг Гандантэгчинлэн хийдэд хийж дууссан
байна. Энэхүү онгоныг Цэвээн-Арашийн Чүлтэмжамц /ард олноо “Өвгөн Гэсэр
лам” хэмээн өргөмжлөгдсөн хувилгаан/-ын баруун гарын шавь цорж аграмба
Р.Санжайжав болохыг тогтоожээ. Эдгээр лам нар нь эрдэм ухаан
увидасаараа түмэн олныг бишрүүлж, нутаг орноо гадны элдэв халдлагаас
хамгаалж, өвчин зовлонгоос түмэн олноо аварч байсан бодит жишээ олон
байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, Ц.Чүлтэмсүрэн, аграмба Р.Санжайжав нарын
занданшуулсан шарилын увидас Итгэл хамбынхтай адил байсныг өнөөдөр
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц онцолж, эрдэмтэн
судлаачид энэ талаар мэдээлэл хийлээ. Улмаар монголчууд одоо Итгэл
хамбыг зорих шаардлагагүй болж, дотооддоо гадны жуулчдыг татах бүрэн
боломж нээгдсэн гэсэн үг. Ийнхүү олон төрлийн увдистай багш, хамба лам
нарын шарил гарч ирсэн нь хүн арддаа адис жанлаваа хайрлах цаг нь
бүрдсэний шинж гэж тэргүүн хамба лам Д.Чойжамц тайлбарлав.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт ажлын байр их, ажиллах хүч хомс байна гэв

МЗХ-ны
дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж “Ажилтай орлоготой залуу
бүрийн төлөө” гэсэн уриатайгаар үйл ажиллгагаа тасралтгүй явуулсаар
ирсэн билээ. Залуучуудын хөдөлмөрийн төв биржид одоогоор 40 гаруй
төрлийн 60 орчим түр ажлын байр зарлагдсан байна. Үүнд улирлын чанартай
барилгын туслах, замын туслах, газар тариалангийн ажил ховордож
борлуулалт, амталгаа сурталчилгаа, үйлдвэрийн туслах, судалгаа,
үйлчилгээний ажилтан, ном борлуулалт, бичиг хэргийн ажлууд зонхилж
байгаа аж.

Өдөрт
дунджаар 40 гаруй байнгын ажил хайгч бүртгүүлж 60 орчим хувь нь 300
гаруй ажлын байрнаас өөрт тохирсон ажлын байранд зуучлагддаг ба ихэнх
хүмүүс нь ажлын туршлагагүй болон ажил олгогчийн шаардлагыг хангадаггүй
байна. Түүнчлэн хөдөө орон нутагт ажиллах ажлын байрны захиалга их
байдаг боловч ажиллах хүч хомс байдаг ба ихэнх залуучууд хөдөө орон
нутагт ажиллахаасаа илүү хотод ажиллах сонирхолтой байдаг гэнэ.

Харин
цагийн ажлын хувьд өдөрт 80 гаруй оюутан залуус бүртгүүлж 90 орчим хувь
нь өөрийн хүссэн ажлын байранд зуучлагддаг байна. Дийлэнх оюутан
залуус бүтэн өдрөөр бус хичээлийнхээ хажуугаар өдөрт 3-5 цаг ажил хийх
хүсэлтэй байдаг боловч өнөөгийн нөхцөлд өдөрт 3-5 цаг ажиллуулах ажил
олгогч ховор бөгөөд цагаар бус өдрөөр ажиллуулах сонирхолтой байдаг
байна.

Categories
мэдээ нийгэм

БНАСАУ-д мах экспортлох талаар санал солилцлоо

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд БНАСАУ-аас Монгол
Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдын зөвлөх Чве Хё Сен-ийг
хүлээн авч уулзлаа.

БНАСАУ манай улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлохоор сонирхож
байгаа бөгөөд мал эмнэлгийн хорио цээр, ариун цэвэр, махны үйлдвэрүүдийн
хүчин чадал, итгэмжлэлийн талаар уулзаж ярилцсан юм. МХЕГ-ын дарга
Ш.Раднаасэд “БНАСАУ-д мах экспортлох асуудлаар сонирхож, бидэнд хандаж
байгаад талархаж байгаа бөгөөд мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээртэй
холбоотой бүх мэдээллийг гарган өгч, дэмжин ажиллана” гэв.

Малын халдварт өвчний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, махны
үйлдвэрүүд, мал эмнэлгийн ариун цэвэр, хорио цээрийн шаардлага хангаж
байвал БНАСАУ-д мах экспортлох боломжтой болох аж.

Categories
энтертаймент-ертөнц

Селена хайраа илчлэв

Дуучин Селена Гомез өчигдөр “ABS” телевизийн “Watch What Happens Live” шоунд оролцож, холливуудын эрэгтэй алдартнуудаас хэн нь таалагддаг болохыг хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүнд “Ахмад Америк” цувралын од, жүжигчин Крис Эванс таалагддаг гэнэ. Селена “Тэр үнэхээр царайлаг. Надад таалагддаг. Энэ залуутай болзоход бэлэн байна” гэж хэлжээ.

Хөтлөгч дуучнаас “Крисийн аль хэсэг нь чамд таалагддаг вэ” гэж асуухад “Надад түүний төрх таалагддаг. Сахалтай Крис надад таалагддаг. Энэ ярилцлагын дараа бүх зүйл тодорхой болно. Тэр надад таалагддаг. Харин би түүнд таалагддаг эсэхээ мэдэхгүй байна” гэж хариулсан байна.

Дуучин бүсгүй мөн экс найз залуу Жастин Биберийн талаар “Надад таалагдахгүй байна. Үнэхээр. Түүнтэй нэг тайзан дээр ч гармаагүй байна” гэжээ.