Categories
мэдээ цаг-үе

Ч.Хосбаяр: Өршөөлийн хууль олон улсын гэрээ, конвенци зөрчсөн

Өнгөрөгч долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Өршөөлийн хууль нь олон улсын гэрээ, конвенциудыг зөрчсөн талаар мэдээлж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байгаа тухай ярьсан билээ. Энэ талаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн тэнхимийн шүүгч Ч.Хосбаяртай ярилцлаа.

-Өнгөрөгч долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Өршөөлийн хууль олон улсын гэрээ, конвенциудыг зөрчсөн талаар мэдээлж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байгаа тухай хэлж байсан. Та уг шүүх хуралд илтгэгчээр орсон. Чухам ямар гэрээ, конвенциудыг зөрчихөөр байгаа юм бол?

-Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг өнгөрөгч лхагва гаригийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Өршөөлийн хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргасан Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн хяналтын шатны 2015 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаар тогтоолын талаар мэдээлэл хийсэн. 28 дугаар тогтоол бүрэн эхээрээ шүүхийн цахим хуудсанд тавигдсан байгаа боловч Өршөөл үзүүлэх тухай хууль олон улсын ямар гэрээ, конвенци зөрчсөн талаар олон нийт тодорхой ойлголтгүй байх шиг байна. Би энэ талаар тайлбар хийе л дээ.

Дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдал болон сайн сайханд аюул заналхийлэл учруулж буй онц ноцтой хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгтэй ганц улс үндэстэн биш дэлхийн хэмжээнд улс үндэстнээрээ тэмцье, аль аль тал нь дээрх төрлийн гэмт хэргийг өршөөж уучилдаггүй, хөөн хэлэлцэх хугацаа тоолдоггүй байх олон улсын хэд хэдэн гэрээ, конвенцид манай улс нэгдэн орсон.

Нэгдүгээрт, 1958 онд Женевийн 1,3,4 дүгээр конвенци, 1966 онд “Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай” конвенци, 2002 оны дөрөвдүгээр сард Ромын дүрэм гэдэг олон улсын конвенцид тус тус нэгдэн орсон. Ромын дүрэм нь олон улсын Эрүүгийн шүүхийн дүрэм л дээ. Уг дүрэмд мөн хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүд орсон байдаг. Ромын дүрмийн удиртгал хэсэгт ”Тэдгээр хүнд ноцтой гэмт хэрэг нь дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдал, сайн сайханд аюул заналхийлэл учруулж байгааг хүлээн зөвшөөрч, олон улсын нийт хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээж байгаа хамгийн хүнд ноцтой гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх ёсгүй бөгөөд тэдгээрийг жинхэнэ ёсоор мөрдөн шалгах явцыг хангах арга хэмжээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар хангах ёстой болохыг батлан илэрхийлж ийм хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэлгүй байх явдлыг эцэс болгосон. Ингэснээрээ тийм төрлийн гэмт хэргээс урдьчилан сэргийлэх талаар тус тус дөхөм үзүүлэхэд шийдвэр төгс байж олон улсын гэмт хэрэг үйлдсэний төлөө хариуцлага хүлээх этгээдэд өөрийн улс орны эрүүгийн шүүхийн шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх нь улс бүрийн үүрэг болохыг умарталгүй санаж” гэж заасан байдаг.

Гэтэл Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 297, 298, 299, 300, 301, 302 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд, Цэргийн албаны эсрэг Эрүүгийн хуулийн 293, 296 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийг үйлдсэн хүнийг энэ Өршөөлийн хуулиар бүрэн өршөөн хэлтрүүлэхээр болчихоод байгаа юм.

Хоёрдугаарт, Монгол Улс нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” нэгдсэн конвенци, 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын нэгдсэн конвенци, 1988 оны “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг” нэгдсэн конвенцид тус тус нэгдэн орсон бөгөөд гишүүн улсууд нь 1988 оны “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг” конвенцийн гуравдугаар зүйлд заасан тодорхой үйлдлүүдийг үндэсний хууль тогтоомжоор гэмт хэрэгт тооцож, ял шийтгэл оногдуулах үүрэг хүлээсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.2, 194 дүгээр зүйлийн 194.2 дахь хэсэгт заасан хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх, бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг үйлдсэн хүн өршөөлд бүрэн хамрагдахаар байна.

Гуравдугаарт, Монгол Улс 2003 онд Терроризмыг санхүүжүүлэхийг хориглох тухай олон улсын конвенцид нэгдэн орсон ба 2004 онд Ази Номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэгт /APG/ элсэн орсон бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулиар Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялаас бүрэн өршөөн хэлтрүүлж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан нь Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихөд хүргэж байгаа юм.

-Хүн төрөлхтний аюулгүй байдал болон цэргийн албаны эсрэг гэмт хэргүүдээр манайд шийтгүүлсэн хүмүүс байдаг юм уу?

-Яг энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлсэн хүн байхгүй. Тэр утгаараа манайхан энэ тал дээр тайван хандаад байгаа юм. Дээр дурдсан гэмт хэргүүд нь universal jurisdic­tion буюу гэмт хэрэг гарсан газар, холбогдсон этгээдийн харьяаллаас үл хамаарч аль ч улсын үндэсний шүүх шууд харьяалан шийдвэрлэх “түгээмэл харьяалалтай бөгөөд Монгол Улсын шүүх энэ харьяаллын үүргийг хүлээсэн болно. Өөрөөр хэлбэл дээрх гэмт хэрэг үйлдсэн хүн манай улсад баригдсан тохиолдолд Монголын шүүх тухайн хүнийг өршөөлийн хуулиар өршөөн хэлтрүүлэх нөхцөл бүрдчихээд байгаа юм.

-Хэрэв Өршөөлийн хууль энэ чигтээ батлагдаад явчих юм бол цаашдаа ямар, ямар хориг тавигдах юм бэ?

-Нэгэнт гэрээгээ зөрчсөн бол гэрээнд заасан хариуцлагаа хүлээнэ. Үүнийгээ кодолсон байдаг тул ямар ч хариуцлага хүлээж болно. Олон улсын хориг арга хэмжээнд янз бүрийн хариуцлага байдаг. Эхний ээлжинд гэрээ, конвенцийн дагуу өршөөлд хамруулахгүй байх талаар хуулиа шинэчилж тогтоох шаардлагыг ирүүлж болох юм. Биелүүлээгүй тохиолдолд дараа дараагийн арга хэмжээг авч болно. Хатуу дипломат бодлого ч хэрэгжүүлж болох юм. Үүгээр зээл тусламж үзүүлэхээ больж, хориг тавьж ч болно. Авлигатай тэмцэх үүргээ хангалтгүй биелүүлбэл магадгүй хар жагсаалтад бүртгэж болно. Авлигын индексжүүлэлтээс эхлээд олон арга хэмжээ байгаа.

-Өршөөлийн хуульд ноцтой заалтууд орсон гэдгийг Улсын дээд шүүх хэзээ мэдсэн юм бэ. Хууль хэрэглэж эхлэх үед мэдсэн үү. Одоо бол Улсын дээд шүүх эртхэн үүнийгээ мэдээлэх байсан юм гэдэг зүйл яригдаад байгаа?

-Хууль албан ёсоор нийтлэгдсэний дараа шүүх хэрэглэж эхэлдэг. Шүүх хууль санаачилж, хуулийн төсөл өргөн барих эрхгүй. Тодорхой хэргийг шийдвэрлэх үед Өршөөлийн хуулийн зарим заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байсан. Анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд ялаа эдлээд явж байхад, удаа дараа ял шийтгүүлж байсан, хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүн өршөөгдөхөөр нөхцөл бий болсон. Хүн бүр шүүх хуулийн өмнө эрх тэгш байх, шударга ёсонд нийцсэн эсэх талаар асуудал сөхөгдсөн. Өршөөлийн хуулийг олон цаг сууж нэгд нэгэнгүй үзтэл олон улсын хэд хэдэн гэрээ, конвенц зөрчсөн байсан.

-Өршөөлийн хууль батлагдвал мөн ялтан солилцох гэрээг хэрэглэх боломжгүй болно гэсэн…

– Одоогоор манай улс БНСУ, БНХАУ, Канад, ОХУ, Польш, Турк, Куба зэрэг улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан байна. Гэрээ мэдээж удаан хугацаанд түвэгтэй байдалд үргэлжилдэг.

Дээрх улсуудтай хийсэн гэрээний хоёр, гурав дахь заалтад тухайн улс оронд үйлдсэн гэмт хэргээр Өршөөлийн хууль гарсан эсхүл Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байгаа бол ялтныг буцаан улс оронд нь өгөхгүй гээд заачихсан. Жишээлбэл БНХАУ-тай 1997 оноос хойш ялтан шилжүүлэх гэрээ байгуулахаар хоёр тал хэлэлцээр хийсээр байгаад 2015 онд байгуулсан. Энэ гэрээний гуравдугаар зүйлийн шилжүүлэх өгөхөөс татгалзах үндэслэлд хүсэлт хүлээн авагч талын хууль тогтоомжийн дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өршөөгдсөн зэрэг эрх зүйн үндэслэлээр шилжүүлэн өгөхийг хүссэн этгээдийг хариуцлага, эсхүл ял шийтгэлээс чөлөөлсөн бол өгөхгүй гээд заачихсан. Тиймээс гадаадад ял эдлэж байгаа монгол иргэнээ ялтан шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авах боломжгүй болчихоод байна. Өмнөх Өршөөлийн хуулиуд гарахад ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүй байсан. Одоо бол харин нөхцөл байдал өөр болсон. Хэрэв ялтнаа өгчихвөл тэр хүн нутагтаа очоод ял эдлэхгүй шууд гарчих байхгүй юу. Тиймээс тухайн улсдаа ялаа эдэлнэ гэсэн үг.

-Европын зөвлөлд элсэхэд хүндрэл учирч болзошгүй талаар ярьсан. Энэ талаар тодруулна уу?

Монгол Улсын Засгийн газар 2015 оны тавдугаар сарын 11-ний өдөр “Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцэж Улсын Их Хуралд танилцуулснаар 2015 оны долдугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хурал Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох нь ач холбогдолтой гэж үзэн, саналыг дэмжиж хуулийн төсөл боловсруулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Монгол Улс энэ конвенцид нэгдсэнээр Европын зөвлөлийн 47 улс, гишүүн бус 19 улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй болж эх орондоо ялаа эдлэхийг хүссэн иргэдээ шилжүүлэх эрх зүйн үндэс бий болох юм. Конвенцийн хоёрдугаар заалтад ялтныг хүлээн авахыг хүссэн улсад тухайн гэмт хэрэгт өршөөл үзүүлсэн бол ялтныг шилжүүлэхгүй гээд заасан тул Өршөөл үзүүлэх тухай хууль нь энэ чигээрээ батлагдвал Монгол Улс энэхүү конвенцид нэгдэн орох эсэх асуудал дээр хүндрэл гарахыг үгүйсгэхгүй л дээ.

-Өршөөлийн хуулийг санаачлан Их хуралд өргөн барьсан Ц.Оюунбаатар гишүүний хувьд Улсын дээд шүүх Өршөөлийн хуулийг эсэргүүцэж байна гэсэн өнгө аяс бүхий зүйл ярьсан. Мөн хар тамхины хэргийг өршөөлд хамруулаагүй байхад хамруулчихлаа гээд байна гэдэг зүйл ярьсан?

– Өршөөлийн хууль хүний эрхийг хамгаалах хүрээнд гарч байгаа болохоор шүүх хүний эрхийг хамгаалагч гэдгээрээ үргэлж дэмжинэ. Ганцхан Үндсэн хууль зөрчсөн болохоор хүндрэл гарч байна. Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.4, 192 дугаар зүйлийн 192.3-т заасан гэмт бүлэглэлийн гишүүн, зохион байгуулалттай бүлэг хар тамхийг зөөвөрлөсөн, хэрэглэсэн, улсын хил нэвтрүүлсэн хэргүүдийг Өршөөлийн хуулиар хаасан нь үнэн. Гэхдээ Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.2, 194 дүгээр зүйлийн 194.2-т заасан хар тамхи болон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах хэрэгт ял шийтгүүлсэн этгээд өршөөлийн хуульд бүрэн хамрагдаж байгаа юм.

-О.Баасанхүү гишүүн Улсын дээд шүүх хууль хэрэглэх үүрэгтэй болохоос ҮХЦ-д гомдол гаргах эрхгүй гэдэг зүйлийг ярьсан. Үүн дээр тайлбар хийгээч?

-Шүүх хууль хэрэглэх үүрэгтэй нь үнэн. Гэхдээ шүүх Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэх эрхгүй гэж Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасан бөгөөд Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргана гэж хуулиар зохицуулсан байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тонгоруу үйлдэл

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд нийслэлд өрнөж байгаа үйл явдал бол хуучин машин зардаг захуудыг хотын төвөөс нүүлгэх. Машины захуудыг хотоос гаргавал түгжрэл багасна гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргаж одоо хэрэгжих шатандаа үргэлжилж байгаа. Хотын баруун хаяанд барьсан төвлөрсөн шинэ зах руу нүүх, нүүхгүй гэсэн хэл ам ч өдгөө тасраагүй байна. Зарим нь аль хэдийнэ очоод төвхнөсөн байхад зарим нь тийм хол явж чадахгүй, зогсоол нь үнэтэй байна, тэр хол хэн очиж машин авах юм гэж гөжүүдэлж буруу хараад суучихаж.

Машины захуудыг нүүлгэх шийдвэр нэг талаас нь харахад зөв ч юм шиг санагддаг. Тэнд л хүмүүс цугларч бөөн түгжрэл үүсгэж байгаа болохоор ард түмний талд орсон, тэдэнд хэрэгтэй шийдвэр гаргасан мэт харагдана. Заримдаа харин ч энгийн борчуудын эсрэг шийд гаргаа юу даа гэмээр.

Дэлхийн аль ч оронд шинэ, хуучин машины захууд байдаг. Тэд энэ асуудлаа яаж шийдсэн байдаг юм бол гээд сонирхож үзлээ. Ялангуяа бидний дагаж дуурайдаг өндөр хөгжилтэй орнууд хотдоо машины зах байлгадаггүй юм болов уу гэтэл огт өөр зураг харагдаж байна.

Хүн төрөлхтөнд аль хэдийнэ нэр алдар, чадал чансаагаараа гайхагдсан “Форд”, “Тоёота”, “Бенз”, “Волксваген”, “Хонда”, “БМБ”, “Хьюандай” гэх мэт луугаруудын үйлдвэр бол хотоосоо нэлээн хол төвхнөсөн байдаг ажээ. Манайхаар бол Баянчандманийн хавьцаа бууриа засаж, үйлдвэрлэлээ явуулж, тэндээ машинаа борлуулдаг байх жишээтэй. Яагаад тэд алсхан газар бууриа засдаг вэ гэхээр компанийн нийгмийн хариуцлагаа биелүүлж буй хэрэг. Эдгээр том үйлдвэрийг ажиллуулж буй эрхмүүд хотын агаар, ус, хөрсийг бохирдуулахгүй гэж, хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг бүрдүүлэх гэж төвөөсөө зугтдаг юм байна. Төр нь ч тийм шаардлага тавьдаг.

Нөгөөтэйгүүр дөнгөж үйлдвэрээс гарсан шинэ машин худалдаж авах чадал чансаатай хүнд 60, 70 км давхиж хүрэх нь асуудал биш болохоор машины үйлдвэрүүд хотынхоо гадна байдаг. Харин хуучин машины зах нь хот дотроо байрладаг. Манай Шархадны орчим шиг тийм зайд манайхтай адилхан л баарцаглаж шавааралдаад оршин байдаг. Яагаад гэхээр хуучин машиныг хэр тааруу орлоготой хүн л авна. Явган хүн бол алхаж очоод, арай хол байдаг нь нийтийн тээврээр сүнгэнэж давхиж очоод машинтай болчихно. Тэр хол, хотоос гадагш давхих эдийн засгийн боломж бололцоо нь хязгаарлагдмал. Тиймээс шинэ машины зах нь хотынхоо гадна талд, хуучин нь хот дотроо байдаг. Ард түмэнд хэрэгтэй амьдралд ойрхон шийдвэр гэж үзээд ийм шийдэлд хүрчээ.

Хөгжилтэй орныхтой харьцуулах юм бол манайх яг тонгоруу үйлдэлтэй. Хуучин машины захыг хотоосоо хөөж гаргаж байна. Дундчууд, ядуус хотоосоо гарч байж сая нэг юм хөл дүүжлэх унаатай болох нь. Харин хөрөнгө мөнгөтэй, нийгмийн хариуцлага хүлээх үүрэгтэй компаниуд нь болохоор хотын төвдөө том том газар авч, гял цял байшин бариад шинэхэн машинуудаа зарж байна. “Ниссан”-ы шилэн хорго, “Бенз”, “Волксваген”, “Тоёота”-гийн гээд барилгууд хотын төвдөө хаяа хатгах шахам зайд бий. Эднийг хөрөнгөтэй бийлэгжүү хүмүүс зорьдог. Эдгээр шинэ машины захууд хотын гадна байвал үйлчлүүлэгчид нь холхон шиг зайд төмөр хүлгийнхээ хурдыг шалгасан шигээ давхихад бүр ч илүү сэтгэл ханамж авмаар санагдана. Дээр нь тухайн компани хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад ч санаа тавьж нийгмийн хариуцлагаа биелүүлэх учиртай.

Бид хөгжинө гээд тусдаа хөтөлбөр зохиож санаагаа чилээгээд байх юмгүй санагддаг. Бидэнд хөгжлийн загвар, чиг хандлага, жишээ алдаа оноотойгоо, алдар гавьяатайгаа бэлээхэн байна. Хэдэн зуун жилийн соёл иргэншилтэй, өндөр хөгжилтэй хотуудын хамгийн сайн, манайд тохирохыг нь өөрийн хөрсөндөө буулгаад, түүнийгээ дагаж мөрдөхөд л бид хөгжинө. Яагаад гэвэл бид тэдний араас яваа шүү дээ. Тэд туулдгаа туулаад, хамгийн сайныг нь сонгож аваад хөгжчихсөн улс.

Ингээд бодохоор хуучин машины захыг хотоос хөөдөг нь буруу л шийдвэр бололтой дог шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Энэ А.Мөнхбат залуучуудыг зүгээр байлгахгүй юм байна

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат бол уг нь энэ улсын мэдээлэл технологийн салбарыг өнөөдөр удирдан зохион байгуулж, төрд хүчээ өгч явах ёстой хүн. Аль эрт 2004 онд мэдээлэл технологийн салбарын төрийн бүтцийг анх бий болгож өнөөдрийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хамтран удирдаж байсан юм. Тэгсэн юу болсон юм мэдэхгүй, гэнэт л 2012 онд төрийн ажлаа өгөхөө мэдэгдэж залуучуудын ТББ удирдаж эхэлсэн. З.Энхболд, Н.Алтанхуяг… бүгдтэй нь ойр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёртой анд нөхөд хүн шүү дээ. Энэ өнцгөөс нь хардаг хүмүүс түүнийг төрийн нэг өндөр алба заавал хаших ёстой залуу гэж үздэг. Гэтэл тэдний үүдээр хавьтсан ч үгүй, өөрийнхөөрөө явчихлаа.

А.Мөнхбат Залуучуудын холбоог авангуутаа Паркийн газрыг хүүхэд залууст эргүүлж өг хэмээн бизнесийн томчуултай дайсагналцав, нийслэлээс дугуйн зам нэхэж хотын томчуудын уурыг барав. Залуус авлигын эсрэг аян өрнүүлж дарга нарын дургүйг ихэд хүргэлээ. Эдгээр нь бүгдээрээ хана мөргөсөн юм байлгүй Хар-Цагаан жагсаалт зарлаж, хөдөлгөөн өрнүүлээд эхэллээ.

“Хар-Цагаан жагсаалт” гэсэн үг өдөр ирэх бүр нийгэмд газар авч байгаа нь мэдрэгдэж байна. Энэ эрчээрээ бол магадгүй ирэх 2016 оны бүх шатны сонгууль энэхүү жагсаалтын эргэн тойронд болж магадгүй нь. Тогтож анзаарсан хүнд бол энэхүү Хар-Цагаан жагсаалтын гол философи нь “хар”-уудыг зарлан таниулж төрд ойртуулахгүй байх нь чухал бус харин цагаануудаа нийгэмд таниулж, өнөөх хар нөхдүүдэд уусгуулчихгүй цааш нь авч явахад оршиж байх шиг байна.

Б.НЯМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д нийтлэлч Баабарын “Гахай бүр илүү тэгш эрхтэй” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрэнд “Арагагүйн эрхэнд орхигдуулсан хөрөнгөө ил гаргавал өршөөе гэж байгаа юм” нэртэй Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсантай хийсэн ярилцлага хэвлэгджээ. Үргэлжлэлийг арванхоёрдугаар нүүрнээс уншаарай. Манай сонины өмнөх дугаарт Ононгийн халуун рашаан орохоор энэ сарын 10-нд Улаанбаатар хотоос хөдөлсөн таван иргэнтэй ар гэрийнхэн нь холбоо тогтоож чадахгүй байгаа талаар нийтлэгдсэн. Тэгвэл тэднийг Төв болон Хэнтий аймгийн онцгой байдлын ажилчид олсон байна. Энэ тухай нэг, арваннэгдүгэр нүүрнээс унших боломжтой.

Иргэд хувийнхаа хөрөнгөөр диализийн төв байгуулсан талаар “Өдрийн сонин” онцолж “Өдрийн сурвалжлага”-аар бэлтгэн уншигчдад хүргэж байна. Та дэлгэрэнгүйг VII нүүрнээс уншаарай. Уламжлалт “Нэг анги” буланд “Ангиараа онц сурдаг 50 дугаар саргуулийн “А” бүлгийн төгсөгчид” орлоо. Эдний ангийнханы тухай нийтлэл VI нүүрэнд хэвлэгджээ. Мөн “Герман Монголын худалдаа гурван сая ам.долларын худалдаа хийнэ” гэсэн гэгээтэй мэдээг “Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулга” уулзалтаас хийсэн сурвалжлаганаас уншаарай.

Харин “Улс төр” нүүрт Д.Ганбатын “Өршөөлийн хууль гэрээ, конвенци зөрчсөн бол зохих шатны байгууллагад хандах хэрэгтэй” ярилцлага, Б.Шаравсамбуугийн “Монголын улс төр мухардалд орох аюул нүүрлэж байна” ярилцлага, Засгийн газрын хуралдаан, Байнгын хороо, Шинзо Абэ Монголд айлчлах талаар болон улс төрийн цаг үеийн мэдээ, мэдээлэл хэвлэгджээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Баабарын “Гахай бүр илүү тэгш эрхтэй” нийтлэл хэвлэгдсан байна.

Баримт, үйл явдал нүүрэнд ХӨСҮТ-ийн захиарл асан, анагаах унхааны доктор, дэд профессор Д.Нямхүүгийн “Намайг хийж бүтээгээд явж байхад тэр Г.Шийлэгдамба гэж нөхөр хаагуур юу хийж явсан юм бэ” ярилцлага нийтлэгджээ.

Хүмүүс буланд “Авьяаслаг монголчууд” шоунд 0819 дугаартай оролцсон Т.Пүрэвбаатарын тухай нийтлэгдсэн байна. Үзэгчид, шүүгчдийн сэтгэлийн зүй ёсоор хөдөлгөсөн лимбэчин залуу маань хоёр хөлгүй, нэг гаргүй. Тэрээр сэтгэлийн хатаар өөрийнхөө авьяасыг олонд дэлгэж чадсан юм. Мөн залуу үзэгчид дунд хайр сэтгэлийн нандин холбоог харуулсан билээ. Тэрээр мэргэжлийн зураач бөгөөд лимбэ тоглох нь түүний хобби юм байна. Т.Пүрэвбаатарын талаарх дэлгэрэнгүй түүхийг XIII нүүрнээс уншаарай.

Сонин хачин буланд “Ирээдүй рүү аялсан нь” кинонд мөнхлөгдсөн өдрийн талаар сонирхолтой бичлэгийг уншаарай. Эрүүл мэнд нүүрд сүүлийн үед хүмүүсийн ихээр өвдөх болсон ходоодны шархны талаар нийтлэгджээ. Мөн XVI нүүрт захидал ирлээ булан хэвлэгдлсэн байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Гахай бүр илүү тэгш эрхтэй” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы уншигчид маргааш Баабараа
унших нь ээ. Түүний “Гахай бүр илүү тэгш эрхтэй” нийтлэл манай сонины
маргаашийн дугаарт хэвлэгдэж байна. Энэ нийтлэл гарсан даруйдаа уншигчдыг ёстой
л нэг “байлдан дагуулна” гэгч болсон юм. Нийтлэлийн зарим хэсгээс
сонирхуулахад: “Бүх амьтан тэгш эрхтэй, зарим амьтан илүү тэгш эрхтэй”, “Ямар ч
тохиолдолд Наполеоны зөв” гэсэн алдарт афоризмыг өдгөө соёлжсон хүн болгон
мэддэг, ардчилал утгаа алдаж эхэлж буйг ёгтлон хэлдэг хэлц үг болжээ. Наполеон
гэдэг нь мөнөөх амьтны фермийн их хурлынх нь дарга гахайн нэр. Манайхаар бол
Нямдорж юм болов уу даа” гэхчилэн бичсэн байдаг. Энэхүү сонирхолтой нийтлэлийг
бүрэн эхээр нь “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарын гуравдугаар нүүрээс
уншаарай. Дашрамд дурдахад, манай сонины гуравдугаар нүүр бол нийгмийн оюун
санааг залж байдаг, сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гол нүүр. Тиймээс ч
Монголын өнөө цагийн хамгийн шилдэг нийтлэлчид л материалаа хэвлэх эрхтэй байдаг
юм. Та манай дугаарыг шуудангийн салбар, сонин худалдаалах цэгээс авахаа
мартуузай. Хэрэв захиалга өгөхийг хүсвэл 9911-2954 дугаарт хандаарай.

Categories
мэдээ нийгэм

Монголд суугаа гадаадын иргэдийг бүртгэнэ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Монгол Улсад гэр
бүлийн болон цагаач, хувийн болон бусад зорилгоор оршин суугаа гадаадын
иргэдийг бүртгэж эхэлсэн байна. Гадаад иргэдийн бүртгэл арваннэгдүгээр
сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд гадаадын иргэдэд хандан
тооллогод идэвхтэй оролцохыг уриалжээ. Энэхүү тооллогыг хийснээр орон
нутагт үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон олон улсын төрийн бус
байгууллагын төлөөлөгчийн газар, Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар
цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэн,
харьяалалгүй хүний нэгдсэн бүртгэл, хяналт илүү сайжрах юм.

Categories
мэдээ соёл-урлаг

АЖ Н.Жанцанноровын “Монгол аялгуу” Токиод эгшиглэнэ

Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын
бүтээлүүдээс бүрдсэн “Монгол аялгуу” тоглолт энэ сарын 24-нд Япон улсын
Токио хотноо эгшиглэх ажээ. Монгол-Японы уран бүтээлчдийн хамтарсан
энэхүү тоглолтыг “Дэлхийн морин хуурын холбоо”, “Жанцанноров сан”,
Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ -аас гурав дахь удаагаа зохион
байгуулж байгаа аж. Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч ийнхүү
яруу тансаг Монгол хөгжмийн гайхамшгийг Японы сонсогч үзэгчдэд мэдрүүлж,
эх орныхоо соёлын өвийг дэлхийн том хотод сурталчлах юм байна.

Categories
мэдээ спорт

Дэлхийн шилдэгт өрсөлдөх 23 хөлбөмбөгчний нэр тодорлоо

ФИФА-аас жил бүр шалгаруулдаг Ballon d’Or буюу оны шилдэг хөлбөмбөгчинг
шалгаруулдаг. Тэгвэл энэ удаад дэлхийн шилдгийн төлөө өрсөлдөх 23
хөлбөмбөгчний нэр гарсан байна. Жилийн жилд шилдгийн төлөө хүчтэй
өрсөлддөг Леонел Месси, Кристиано Роналдо нараас гадна Уэльсийн Гарет
Бэйл, Бельгийн Эдин Азар, Чилийн Алексис Санчез нарын шилдгүүд 23-д
багтсан байна. Мөн Байерн Мюньхэний хаалгач Мануэл Нойер, Барселонагийн
хагас хамгаалагч Хавиер Маширано зэрэг хөлбөмбөгчид шилдэг 23-д үлджээ.
Нийт 23 тоглогчоос 11 нь Испанийн Ла Лигийн тамирчид байгаа бол
Бундеслигээс зургаа, Английн премьерлигээс 3, Италийн Сери А-аас 2,
Францын Лиги-1-ээс нэг тамирчин байна. Богино листэд орсон эдгээр 23
тамирчнаас оны эцсээр шилдэг 3 нь үлдэж, улмаар дэлхийн шилдэг
хөлбөмбөгчин буюу Ballon d’Or шагналын эзнийг тодруулах юм.

Шилдэг 23 тамирчны нэр:

Sergio Aguero (Argentina/Manchester City)

Gareth Bale (Wales/Real Madrid)

Karim Benzema (France/Real Madrid)

Cristiano Ronaldo (Portugal/Real Madrid)

Kevin De Bruyne (Belgium/VfL Wolfsburg/Manchester City)

Eden Hazard (Belgium/Chelsea)

Zlatan Ibrahimovic (Sweden/Paris Saint-Germain)

Andres Iniesta (Spain/FC Barcelona)

Toni Kroos (Germany/Real Madrid)

Robert Lewandowski (Poland/FC Bayern Munich)

Javier Mascherano (Argentina/FC Barcelona)

Lionel Messi (Argentina/FC Barcelona)

Thomas Muller (Germany/FC Bayern Munich)

Manuel Neuer (Germany/FC Bayern Munich)

Neymar (Brazil/FC Barcelona)

Paul Pogba (France/Juventus)

Ivan Rakitic (Croatia/FC Barcelona)

Arjen Robben (Netherlands/FC Bayern Munich)

James Rodriguez (Colombia/Real Madrid)

Alexis Sanchez (Chile/Arsenal)

Luis Suarez (Uruguay/FC Barcelona)

Yaya Toure (Côte d’Ivoire/Manchester City)

Arturo Vidal (Chile/Juventus/FC Bayern Munich).

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл мэдэгдэл гаргалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдэгдэл гаргажээ. Түүнд,
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаанаар иргэдийн саналыг
үндэслэн Багануур хотыг Багануур дүүрэгт, Налайх хотыг Налайх дүүрэгт
байгуулах шийдвэр гарсан. Ингэснээр нийслэлийн эдийн засгийн дэд бүтэц
тэнцвэртэй хөгжиж, хүн амын хэтийн төвлөрлийг багасган хотын хангамж,
үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн
асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах боломж
бүрдэх билээ.

Налайх хотын Захирагчийг сонгох
сонгуулийг энэ оны 5 дугаар сард анх удаа улстөрийн намуудын
оролцоогүйгээр амжилттай зохион байгуулж, иргэдийн сонголтыг
баталгаажуулсан. Үүний адилаар Багануур хотын Захирагчийн сонгуулийг
өнгөрөгч долоо хоногт зохион байгууллаа.

Гэтэл Багануур хотын Захирагчийн
сонгуулийн дүнг тус дүүргийн МАН-аас өөрсдийн ялалт мэтээр иргэдийг
төөрөгдүүлсэн мэдээлэл тараах ажлыг олон нийтийн сүлжээгээр зохион
байгуулсан гэх гомдлыг тус хотын иргэдээс ирүүлж байна. Хотын үндсэн
дүрмийн дагуу хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшигчид бие дааж
сонгуульд оролцсон байх ёстой.

Аль нэг улс төрийн нам хотын Захирагчийг
өмчлөх гэсэн, хотын Захирагч нь аль нэг улс төрийн намд үйлчлэх
хандлага огт байх ёсгүй. Миний хувьд ч хот байгуулах, хотын захирагчаа
сонгох асуудал зөвхөн иргэд, оршин суугчдын чин хүслийн илэрхийлэл тул
улс төрөөс, намаас ангид байх ёстой гэсэн зарчмыг хатуу баримтлах болно.

Хэрэв сонгуульд улс төрийн нөлөөлөл
орсон байвал сонгогдсон Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулахгүй
бөгөөд шинэ сонгууль зарлах нөхцөл үүснэ гэдгийг мэдэгдэж байна гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хот хоорондын тээврийн үйлчилгээний зардлыг бууруулжээ

Автотээврийн
үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлээ
нэмэгдүүлж Улаанбаатар – Замын-Үүд, Замын-Үүд – Улаанбаатар чиглэлийн
нийтийн тээврийн автобусаар иргэддээ үйлчилж эхэллээ.

Тус чиглэлд
2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн өдөр бүрийн 20:00 цагаас
иргэдэд үйлчлэх бөгөөд тасалбарын үнэ том хүн 39000 төгрөг, 6-12 насны
хүүхэд 19500 төгрөгийн үнэтэй байхаар тооцжээ

Тэгвэл
өнөөдрөөс эхлэн Мандалговь – Улаанбаатар хот хооронд зорчигч тээврийн
үйлчилгээ эрхэлдэг “Хараацайн жигүүр”, “Говийн хараацай” ХХК 13 мянга
200 төгрөг байсан зорчих тасалбарын үнээ 8800 төгрөг болгон бууруулжээ.
Харин хүүхдийн зорчих тасалбарын үнэ 4600 төгрөг болсон байна.

Тус компаниуд
Мандалговь, Улаанбаатар хот хооронд том оврын автобусаар өдөрт хоёр
удаа зорчигч тээвэрлэдэг бөгөөд 2012 онд Мандалговь, Улаанбаатарын
чиглэлийн авто зам ашиглалтад орсноор суудлын автомашинууд зорчигч
тээвэрлэх нь олширч, автобусаар зорчих зорчигчдын тоо 36 хувиар буурсан
байна.