Categories
мэдээ нийгэм

МУБИС-ийн хичээлийн байрыг хаах шаардлагатай гэв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас
нийслэл, аймаг, томоохон хот, суурин газрын барилга, байгууламжуудад хяналт
шалгалт хийжээ. Шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн
өмчит ерөнхий боловсролын 656 сургууль, 686 цэцэрлэг хамрагдсан байна. Газар
хөдлөлтийн тэсвэрлэх чадварт дүгнэлт хийхэд 1970 оноос өмнө ашиглалтад орсон,
газар хөдлөлтийн арга хэмжээгүй баригдсан 164 сургууль, 148 цэцэрлэг
байгаа нь тогтоогдлоо. 1970 оноос хойш ашиглалтад орсон, газар хөдлөлтийг
тооцож барьсан ч холбогдох норм, дүрмийн шаардлага хангахгүй 78 сургууль, 103
цэцэрлэг байна.

Улаанбаатар хот дахь төрийн өмчит 14 их, дээд
сургууль, 34 коллежийн хичээлийн байр, оюутны дотуур байрны 20 барилгыг
шалгахад 13 хичээлийн байр, 12 дотуур байр газар хөдлөлтөд тэсвэргүй нь
тогтоогдсон байна. Ялангуяа
Боловсролын их сургуулийн “Г” байр, ШУТИС-ийн II дотуур байрны ашиглалтыг нэн даруй
зогсоож, Соёл урлагийн их сургуулийн хичээлийн төв байрны барилгын үндсэн хийц,
бүтээцийг яаралтай бэхэлж, хүчитгэх шаардлагатай гэж үзжээ.

Categories
мэдээ цаг-үе

А.Гансүх: Хувь хүний хийх улс төрөөс үнэтэй Монгол төрийн эрх ашиг гэж байна

Зам, тээврийн сайд асан, УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүхтэй уулзаж ярилцлаа.

-Сайдын ажлаа өгснөөс хойш хэвлэлд огт ярьсангүй. Энэ хооронд УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхөөр томилогдсон, бас Хонконгийн арбитрийн шүүхэд заргаа авлаа, АН-ын генсек болох гэж байна, дахиад Зам, тээврийн сайдаар томилогдох гэнэ, ЗГХЭГ-ын дарга болох гэнэ гэх мэт олон мэдээлэл сонсогдсон. Ярих зүйл ихтэй л байгаа биз дээ?

-Сайдын ажлыг өгөөд нэг жил болж байна. Ярья гэвэл ярих зүйл байна аа. Арбитрийн шүүхийн ялалтын хувьд энэ бол би ажлаа хуулийн дагуу зөв хийж байсны л баталгаа юм.

-Тэгвэл АН-ын генсект өрсөлдсөн талаар чинь сонирхмоор байна л даа. Ямар нэг улс төр орчихов уу, яг юу болсон бэ?

-Би энэ албан тушаалд өрсөлдөхгүй гэж нэрээ татсан.

– Яагаад?

-Би ажилтай хүн. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын даргын хуулийн бодлогын зөвлөх гэдэг бол их чухал ажил. Тиймээс энэ ажлыг үр дүнтэй хийх нь зүйтэй гэж үзсэн. -Таныг дахиад Зам, тээврийн сайдаар томилох нь гэж бодож байлаа. Танай салбарынхан ч гэсэн тэгж ярьж, хүлээлт үүссэн байсан. Гэтэл үгүй байжээ?

-Таны энэ асуултанд би хариулт өгчихсөн.

-Би ажилтай хүн гээд үү. УИХ-ын даргын зөвлөх хүн ямар зөвлөгөө өгдөг вэ?

-УИХ-ын даргад өгдөг зөвлөгөөг хэвлэлд ярих боломжгүй. Ажлын онцлог тийм. Харин Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа юу хийсэн талаар асуувал яасан юм бэ.

-За тэгье. Та Зам, тээврийн сайдаас огцорч ажлаа өглөө. Өөрийгөө зам, тээврийн салбарт юу бүтээсэн гэж дүгнэх вэ?

-Би огцроогүй. Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийгдэж би сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Энэ бол зарчмын ялгаа. Нөгөө талаар би хийсэн ажлаа тайлагнах нь л зүйтэй болов уу. Сайдын ажлыг УИХ дүгнэдэг. Харамсалтай нь ажлаа өгөхдөө УИХ дээр ажлаа тайлагнах боломж гарсангүй.

-Та салбарын сайдаар ирэхдээ ийм, тийм юм хийе гэсэн бодол, төлөвлөгөөтэй л байсан биз….

-Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийснийхээ дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг олон нийтэд хийсэн мэдэгдэлд зам, тээврийн салбарын амжилтын тухай тодорхой дурдсан. Эндээс харахад миний удирдсан яамны ажил гайгүй дүгнэгдээд байх шиг байгаа юм.

-Тухайлбал…

Тэр бүхнийг багтааж ярина гэвэл сонины зай хүрэхгүй л болов уу. Ганцхан жишээ хэлье. Тухайлбал, 2012 онд Зам, тээврийн яам байгуулагдахад Монгол Улс нийт 2699 км хатуу хучилттай авто замтай байсан. 2013, 2014 онд нийт 2655 км хатуу хучилттай авто зам баригдсан. Үүнээс Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар гэсэн зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбосон. Мөн аймгийн төвийг нийслэлтэй холбох ажлын хүрээнд 28 сум хатуу хучилттай замаар гол замтайгаа холбогдсон. Ингэснээр Монгол Улсын хатуу хучилттай авто замын нийт урт нь 5354 км болсон. Түүхэн амжилт шүү.

-Таныг ажил авах үед Монгол Улс 2699 км хатуу хучилттай замтай байж. Таныг сайдаар ажилласан хоёр жилийн хугацаанд 2655 км зам баригдаж гэж ойлгож болох уу?

-Нэгдүгээрт, манай замчид үнэхээр хичээж хөдөлмөрлөсөн. Хоёрт, ЗТЯ-наас долоо хоног тутам зам дээр очиж байнгын хяналт тавьж ажилласан. Би л гэхэд өөрөө сар тутам бүх замын ажлыг биечлэн очиж шалгаж байсан. Гуравт, санхүүжилтийг богино хугацаанд шийдэж, ЭЗХЯ, Сангийн яам, Хөгжлийн банктай нягт хамтран ажилласан. Дөрөвт, нэг компани чадахгүй байж урт замын ажил гэрээлж авчихаад энд тэндгүй дуусаагүй ажилтай олон жил болдог байсныг болиулж техникийн хүчин чадалд нь таарсан ажлыг өгөх болсон. Тавд, хугацаандаа замаа барьж дуусахгүй нь тодорхой болсон компанийн гэрээг хугацаа алдахгүй цуцалж, дараагийн гүйцэтгэгчийг яаралтай оруулдаг зохицуулалтыг хийсэн. Хамгийн гол нь надад 2008 оноос хойш хамт явсан ажлаа мэддэг мэргэжлийн баг байсан. 2012-2014 онд авто зам барьсан рекорд үзүүлэлтийг цаашид удаан хугацаанд дахиж давтаж чадахгүй.

-Яагаад?

-Өөрөө харж байгаа биз дээ. Шийдлийн Засгийн газар 2015 онд нэг ч аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто зам барьж чадсангүй. 2012 онд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газрын ЗТЯ бол залгамж чанараа хадгалсан ганцхан яам байсан. Манай баг 2008 оноос ажиллаж хүрсэн амжилтаа 2012 оноос ахиулаад цаашаа явсан. Бусад яам харьцангуй шинээр эхэлж байсан.

-Танай баг ЗТЯ-нд буцаж ирлээ гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Жинхэнэ төрийн мэргэшсэн албан хаагчид шүү дээ. Н.Төмөрхүү сайдын үед ажлаас чөлөөлсөн байсныг М.Зоригт сайд буцааж томилсон байна лээ. Буруу биш биз дээ. Тэдгээр хүмүүс ямар ч улс төрийн намын гишүүн биш, тэгээд ч хамгийн сайн ажиллаж байсан. Тэд муу ажиллаад халагдсан биш, улс төрийн шалтгаанаар ажлаасаа халагдсан байсан. Тийм чадварлаг багтай ажиллаж байсандаа бахархдаг. М.Зоригт сайд болон энэ мэргэшсэн баг ирээд замын ажил эрчимжиж байна. Одоо аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох замын ажил эрчимжиж, баригдана гэсэн итгэл төрж байна. М.Зоригт сайд өөрөө биечлэн замаар явж шалгаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна. Энэ их чухал.

-Авто зам ийм байдаг юм байж, МИАТ-тэй холбоотой шүүмжлэл их гардаг?

-МИАТ-ийн удирдлагыг нь олон жилийн турш улс төрийн бялуу хуваах зарчмаар дарга нь томилдог байсан. Энэ л шүүмжлэл үүсгэдэг шалтгаан. Зөвхөн 2005-2012 онуудад “МИАТ” ХК-ийн ТУЗ нь 5-6 удаа өөрчлөгдсөн бөгөөд дээрх хугацаанд компанийн бүтцийг 12 удаа, гүйцэтгэх захирлыг зургаан удаа өөрчилж байсан байна. Би сайд болоод улс төрийн бус мэргэжлийн шалгуураар үе дамжсан гавьяат нисгэгч хүнийг захирлаар томилсон. Ашгүй одоо ч ажлаа хийж байна. Энэ нь “МИАТ” компанийг улс төрийн томилгооноос салгах гэсэн оролдлого юм. Төрийн өмч буюу ард түмний өмч болсон “МИАТ” компанийн үйл ажиллагааг дэмжиж, зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлэх, түүний үнэлэмжийг дээшлүүлэх олон ажил хийгдсэн. Засгийн газар албан ёсоор тогтоол гаргаж үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгосон. Мөн 2013 оны нэгдүгээр сард олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Английн “Skytrax” байгууллагын үнэлгээгээр “МИАТ” компанийн үйлчилгээ гурван одын зэрэглэлд хүрснийг албан ёсоор зарласан. Энэ үнэлгээг гаргахын тулд 800 гаруй үзүүлэлтээр нарийвчилсан чанарын үнэлгээ хийж зэрэглэл тогтоодог. Амжилт байгаа, түүнийг олж харах хэрэгтэй. Гэхдээ МИАТ бол агаарын тээврийн салбарын нэг хэсэг. Энэ салбарт олон шинэчлэл хийгдсэн. Агаарын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого баримт бичгийг 2011 онд ЗТБХБ-ын дэд сайд байхдаа ажлын хэсгийг нь ахлан боловсруулсан бөгөөд салбар хариуцсан сайдын ажлыг аваад УИХ-аар 2013 оны нэгдүгээр сард батлуулсан. Энэ бодлого батлагдсанаар Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн шинэ үе эхэлсэн гэж хэлж болно. Ингэхэд авто замаас гадна агаарын шинэ замууд тавигдсан шүү дээ.

-Агаарын зам гэдгээ тайлбарлаач?

-2012 онд намайг сайд болоход Монгол Улсаас найман чиглэлд (Москва, Бээжин, Хонконг, Сөүл, Токио, Осака, Берлин, Хөх хот, Иркутск) нислэг үйлдэж байсан бол 2013-2014 онд Монгол Улсаас нэмж найман чиглэлд (Шанхай, Бангкок, Сингапур, Франкфурт, Парис, Манжуур, Хайлаар, Эрээн) олон улсын нислэгийн шугам нээсэн. Өөрөөр хэлбэл, агаарт найман чиглэлд шинэ зам тавьсан гэж бас хэлж болно. Гэхдээ эдийн засгийн шалтгаанаар эхнээсээ зогсч байх шиг байна. Дандаа ийм байхгүй биз дээ. Агаарын тээвэр бол ирээдүйгээ олон жилийн өмнөөс бэлтгэдэг онцлогтой салбар. Дэлхийн бусад оронтой агаарт хийсэн өрсөлдөөн гэж хэлж болно.

-Сингапурын нислэг нээгдлээ гэсэн, удалгүй зогсоосон байсан. Та их л ажил болж байж энэ эрхийг авсан гэсэн?

-Намайг ажлаа өгснөөс хойш зогсоосон байна лээ. Харамсалтай шийдвэр. Нэгд, Сингапур ниснэ гэдэг бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон зорилт байсан. Хоёрт, Засгийн газар ч аялал жуулчлалыг дэмжинэ гэдэг бодлого барьж байсантай уялдаж байсан. Гуравт, Бээжингээс зорчигч авах эрхтэй нислэг байсан. Үүнийг тавдугаар эрх гэдэг. Тэгээд ч 1.3 тэрбум хүнтэй Хятад, жилд 50 сая зорчигч хүлээн авдаг Сингапурын хооронд 100 суудалтай онгоц дүүргэж чадахгүй байна гэдэг бол МИАТ-ийн маркетинг муу байна л гэсэн үг. Бурууг бид өөрсдөөсөө хайж сурах хэрэгтэй.

-МИАТ дахиад хоёр шинэ онгоц авна гэсэн юу болж байгаа бол?

-Би авна гэдэг байр суурьтай байсан. Одоо харин яах гэж байгаа юм бол доо. Шинэ сайдаас нь асуух хэрэгтэй байх. Дашрамд шинэ “БОИНГ” онгоцыг “Чингис” бондын мөнгөөр авсан гэдэг ташаа ойлголтыг залруулах нь зүйтэй байх. Уг онгоцыг АНУ-ын “ЭКЗИМ” банкны урт хугацааны зээлээр авсан. Энэ зээлийг авахад АНУ-аас Монгол Улсад сууж байсан элчин сайд, хатагтай А.Кэмпбэлл улс төрийн асар их дэмжлэг үзүүлснийг дурдах нь шударга болно.

-Төмөр замын асуудлаар улстөржсөн шүүмжлэл, улс төрийн тоглолт маш их хийгдэж байна. Та тайлбар хэлэх үү?

-Өнөөдрийг хүртэл хийгдсэн ажил нүдэнд ил учир шууд хэлье. Баримт нотолгоо нь байгаа учир гүтгээд ч нэмэргүй биз ээ. Төмөр зам бариагүй зургаан жил боллоо гэдэг. 2010 оны зургадугаар сарын 24-нд УИХ-аас Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтыг баталсан. 2010 оны арваннэгдүгээр сард төмөр зам барих эрхийг Монголын төмөр зам ХК (МТЗ)-д олгосон. 2011 оны наймдугаар сард 55 сая долларыг Хөгжлийн банкнаас олгох шийдвэр гарсан ч энэ мөнгө олгогдоогүй. Харин 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар өмнө нь өгнө гээд өгөөгүй 55 сая долларыг олгохоор 2013 оны нэгдүгээр сард шийдвэрлэсэн. Дараа нь 2013 оны гуравдугаар сард ЗГ тогтоол гарган Чингис бондоос 400 сая доллар олгохоор шийдвэрлэн мөн оны тавдугаар сараас эхлэн 200 сая долларыг үе шаттай олгож эхэлсэн. УИХ бодлогын бичиг баримтыг баталснаас хойш гурван жилийн дараа 2013 онд л шинэ төмөр зам барих төсөл эхнийхээ санхүүжилтийг авч ажлаа эхлүүлсэн гээд бод доо. Энэ мөнгөөр нэг жилийн хугацаанд шинээр барих нийт 1800 км шинэ төмөр замын ажлын зургийг бүрэн хийлгэж дуусгалаа. Намайг 2014 оны аравдугаар сард ажлаа өгөхөд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын нийт барилгын ажлын 44.98 хувийг, газар шорооны ажлын 77.3 хувийг хийсэн.

-Өнгөрсөн онд болсон хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалын чухал сэдэв нь төмөр замын салбартай холбоотой байлаа. Хоёр хөршийн айлчлалаар та чухал гэрээнүүд байгуулсан тухай сонирхмоор байна л даа…

-Тийм ээ. Тэр гэрээнүүд чинь одоо манай дарга нарын хаана ч очсон ярьдаг сэдэв болоод байгаа. Харин онцлон хэлэхэд төмөр замын салбар нь зөвхөн эдийн засгийн агуулгатай биш, улс орны ирээдүйн хөгжилд чухал үүрэгтэй геополитикийн салбар гээд ярихаар намайг мөн ч олон хүн шүүмжилж байсан даа. Гэхдээ хоёр хөршийн тэргүүнүүдийн Монгол Улсад хийсэн айлчлалын гол сэдэв төмөр зам байсан, улс гүрний тэргүүнүүд нүүр тулан уулзаж зөвшилцөлд хүрч байж шийдэгдэж байгаа нь би буруу яриагүйн баталгаа болсон болов уу. Ер нь юм юм л болсон доо.

-Ер нь юу болсон гэж? Одоо тэр талаараа ярьж болох уу?

-Улс орны эрх ашигтай холбоотой ярьж болох болохгүй зүйл, ярих цаг хугацаа гэдэг нэг зүйл байна.

-Гэхдээ болоод өнгөрсөн зарим зүйлийг тайлбарлахгүй бол мушгин гуйвуулах, буруу ойлголт өгөхөөс эхлээд асуудал бий шүү дээ. Тэгэхээр ярих боломжтойгоос нь ярьчихаж болохгүй юу?

-За яахав. Жишээ нь, Хоёр хөрштэйгөө төмөр зам, транзит тээвэр талаар баримтлах чиглэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс (ҮАБЗ) тогтоож хэлэлцээр хийх үүргийг надад өгсөн байсан. ҮАБЗ, УИХ-аас өгсөн чухал үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж гадаад оронтой хэлэлцээр хийж байхад учирч байсан хамгийн хүндрэлтэй нь хэлэлцээр хийгч тал биш, харин дотоодын улстөрчид байсан нь харамсалтай. Тэд хэлэлцээрт улс төрийн дэмжлэг үзүүлээгүй атлаа саад болж байсан нь хамгийн их урам хугалж байсан. Гэхдээ би болон манай баг байр сууриа хатуу хамгаалж чадсан. Үр дүнд нь ҮАБЗ-ийн удирдамжийг хэрэгжүүлж Монгол Улсын ирээдүйн хөгжлийг хангасан хэлэлцээрүүд хоёр хөрштэй байгуулж чадсан.

Энэ хэлэлцээрүүдийг хийх боломжийн төлөө ямар тэмцэл болсныг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, ЭЗБХ-ны гишүүд, УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний өдрийн чуулганы хаалттай хуралдаанд оролцсон Их хурлын гишүүд мэдэж байгаа. Хоёр хөрштэй гэрээ хэлэлцээрийг хийхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхийлөгчийн баг болох П.Цагаан, Зөвлөх Л.Пүрэвсүрэн (одоо ГХ-ийн сайд) ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, ажлын албаны дарга О.Очиржав, референт Ё.Жаргалсайхан, Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг (одоо ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга), Бээжин дэх элчин сайд Ц.Сүхбаатар нарын дэмжлэг болон чуулган дээр байр сууриа илэрхийлж үг хэлсэн УИХ-ын гишүүн М.Энхболд, Л. Цог, Н.Энхболд, Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, Р.Амаржаргал, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Ж.Энхбаяр, Д.Батцогт, С.Дэмбэрэл, Д.Дэмбэрэл, О.Баасанхүү зэрэг нэр бүхий УИХ-ын гишүүдийн дэмжлэг үнэлж баршгүй тус болсон болохыг онцлон тэмдэглэе. Ямар ч байсан Зам, тээврийн сайдын хувьд миний баримталж байгаа байр суурь зөв гэдгийг УИХ баталсан. Чуулганд оролцсон нийт 53 гишүүн бүгд миний байр суурийг дэмжиж саналаа өгсөн.

-УИХ урд чиглэлийн төмөр замын царигаа нарийн байхаар шийдсэн. Ер нь энэ царигийн маргааны талаар та байр сууриа илэрхийлээч..

-Би олон удаа хэлсэн. Одоо дахин хэлье. Энэ асуудлаар хэн нэгэн улстөрчийн, аль нэг намын байр суурь гэж байх ёсгүй. Төрийн бодлого байх ёстой гэж би үздэг. Учир нь улс орны ирээдүйн урт хугацааны хөгжлийн маш чухал асуудал. Тийм ч учраас би Зам, тээврийн сайд байхдаа баримтлах удирдамж боловсруулж ҮАБЗ-д танилцуулсан. ҮАБЗ хаалттай хэлэлцээд дэмжиж, маш тодорхой удирдамж гарсан байгаа. Хэвлэлээр олон нийтэд мэдээлэх боломжгүй.

-Та бас өмнө нь хэвлэлд иймэрхүү хариулт өгч байсан. УИХ-ын хаалттай хуралдаан дээр яригдсан гээд тодорхой бус байдаг.

-Мэдээж яригдсан. Mанай хоёр хөрш их гүрнүүд, улс төр, эдийн засгийн тодорхой бодлоготой. Тиймээс бид ч бас төрийн бодлоготой байх ёстой. “Хар хайрцагны бодлого” ч гэдэг. Тэр бодлогын дагуу бүх шийдвэр гарч байгаа. Тэр тухай та асуугаад ч би хариулахгүй.

-Та УИХ-д өргөн барьсан төмөр замын тогтоолд гарын үсэг зурахгүй гэсэн гээд тухайн үед шуугьж байсан. Тэр шалтгаанаа одоо хэлж болох уу?

-Энэ асуудлыг мартаагүй байгаа юм уу? Маш ойлгомжтой шалтгаантай. 2014 оны гуравдугаар сарын 18-ны өдөр ҮАБЗ хуралдаж, төмөр замын асуудлаар хоёр хөрштэй хэлэлцээр хийхэд баримтлах чиглэл удирдамж баталсан. Түүнийг хэрэгжүүлэх үүргийг надад даалгасан. Үүний дагуу хоёр хөрштэй хэлэлцээр хийж эхэлсэн. Гэтэл хэлэлцээр дуусаагүй байхад буюу 2014 оны зургадугаар сард Ерөнхий сайд асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр намайг гарын үсэг зур гэсэн. Гэтэл ҮАБЗ-өөс болохоор хэлэлцээрийн үр дүнд үндэслэн УИХ-д өргөн мэдүүл гэдэг чиглэл өгсөн байсан. ҮАБЗ-өөс өгсөн чиглэл, удирдамж зөрчигдөх учраас би өргөн мэдүүлэх нөхцөл бүрдээгүй байна гэдэг үндэслэлээр гарын үсэг зураагүй. Учир нь хоёр хөрштэй хийж байгаа хэлэлцээр дуусаагүй байсан.

-Тэр үед таныг танхимынхаа эсрэг ажилладаг, үгэнд ордоггүй гэх шүүмжлэл нэлээд явсан байх аа?

-Би хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг мөрдөж ажилласан. Салбар хариуцсан сайдын хувьд яагаад гарын үсэг зурахгүй шалтгаан, түүний хуулийн үндэслэл, цаашид гарах үр дагаврыг Ерөнхий сайдад баримт, нотолгоотой тайлбарлаж хэлсэн. Ажиллах хугацаандаа би аливаа хууль зөрчсөн үйлдэл дээр санал нийлдэггүй байсан. Тэгээд ч хууль зөрчиж шийдвэр гарга гэдэг шахалтыг хүлээж авахгүй, тиймээс үгэнд ордоггүй байсан гэвэл үнэн.

-Энэ хугацаанд бэрхшээл нэлээд байжээ гэж ойлголоо…

-Бэрхшээл үргэлж байдаг л юм. Харин зохион байгуулалттай дарамт, шахалт, эсэргүүцэл байсан нь харамсалтай. Тэр ч бүү хэл сайдын албан тушаалаасаа огцор гэдэг дарамт ирж байсан. Гэхдээ төмөр замын асуудал яригдаж байх 2013 он болон 2014 оны эхний хагаст болсон үйл явдлууд, зарим нэг улстөрчдийн хандлага надад эргэлзээ, болгоомжлол төрүүлж, зүгээр орхиод явж болохгүй юм байна гэж бодох болсон. Тийм ч учраас 2014 оноос эхэлсэн олон удаагийн дарамт, шаардлагад автаж сайн дураараа чөлөөлөгдөх огцрох өргөдөл өгөөгүй юм.

-Улс төрийн дэмжлэг үзүүлээгүй гэж ойлгогдож байна?

-Ямар нэгэн үл ойлгогдох шалтгаанаар салбарын ажилд саад учруулж эхэлсэн.

-Тодорхой жишээ хэлж болох уу?

-Засгийн газраас шинэ төмөр замыг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн 400 сая долларын үлдэгдэл 200 сая долларыг өгөхгүй байгаагаас шалтгаалан төмөр замын барилгын ажил зогссон. Мөн шинэ төмөр замын төслийг санхүүжүүлэхээр гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас ирүүлсэн 600 сая долларын саналыг ЗГ-аар хэлэлцүүлэхээр 2014 оны зургадугаар сарын 5-нд хүргүүлсэн хэдий ч Засгийн газрын хуралдаанд ч оруулж өгөөгүй.

-Мөнгө олоод ирж байхад уу?

-Баримт нь байгаа. Хэрэв Засгийн газар бондын санхүүжилтийн үлдэгдэл 200 сая долларыг МТЗ компанид өгөөд, гадаадын банк санхүүгийн байгууллагаас санал болгож байсан 600 сая долларын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээд өгсөн бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам энэ онд баригдаж дуусах байлаа.

-Төмөр замыг гацаасан, их хэмжээний хөрөнгө мөнгө идсэн уусан гэдэг хардлага байдаг?

-Улс төрийн зорилготой зориуд тарааж байгаа хар пиар. Гацааж байсан юм бол сөрөг хүчин болох МАН-ын сайд Н.Төмөрхүү миний дараа энэ албан тушаалыг аваад 10 сар ажиллахдаа тэр гацааг гаргаад явна биз дээ. Гэтэл нэг хүрз шороо ч нэмэрлэж чадаагүй. Н.Төмөрхүү сайдын буруу биш. Төмөр замын ажлыг гацаах эрх мэдэл нь Зам тээврийн яам дээр байхгүй. Гацаа нь өөр газар буюу Засгийн газар дээр байсан. Хэн, яагаад гэдгийг ч хэлж чадна. Хөрөнгө мөнгө завшсан гэх асуудлыг АТГ шалгаад үгүй гэдгийг тогтоосон. Гэхдээ миний өөрийн хүсэлтээр шалгасан. Харин гүтгэсэн хүн нь шүүхээр ял авсан. Ер нь төмөр замын бүтээн байгуулалтын мөнгө Зам, тээврийн яамаар дамжаагүй, мөнгө яаманд хамаагүй байдаг. Мөнгөний асуудал Сангийн яам, Хөгжлийн банк, Монголын төмөр зам компанийн хооронд л явагддаг. Тэгээд ч миний дараа 2014 оны аравдугаар сараас хойш өөр намын сайд энэ албан тушаалд очлоо. Тийм л луйвар байгаа юм бол илрүүлээд гаргаад ирэх хугацаа хангалттай боллоо шүү дээ. Миний сонссон дам яриагаар бол Н.Төмөрхүү сайдыг томилогдсоны дараа Их хурлын зарим гишүүн төмөр замтай холбоотой бүх материалыг хуулбар хийж авч тэр луйврыг хайсан гэсэн. Тэгж тэгж мухардсан. Луйвар хийсэн бол би ингээд байж байх уу.

-Төмөр зам барина гээд шороон далан барьсан гэдэгт тайлбар өгнө үү?

-Юуны өмнө даланг шороогоор барьдаг гэдгийг хэлье. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын даланг Солонгосын “Samsung” компани барьж, түүний хяналтыг Германы төрийн өмчит “Германы төмөр зам” (Deutsche Bahn) компанийн герман инженерүүд хянаж ажилласан. Тиймээс ямар ч алдаа гараагүй, олон улсын түвшинд хийгдсэн. Ямар ч луйвар байхгүй. Тухайн үед Ерөнхий сайд Н. Алтанхуяг газар дээр нь очиж үзсэн. УИХын дарга бас очсон. Саяхан шинэ сайд М. Зоригт очсон байсан. 1000 сонсохоор нэг очиж үзэх нь зүйтэй. Энэ асуудлаар хаана ч, хэний ч өмнө би шалгуулахад бэлэн гэдгийг хариуцлагатай хэлье.

-Таван толгой ордыг ашиглахтай холбоотой Хөрөнгө оруулалтын гэрээний талаар та дүгнэлт бичиж, шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн. Яагаад?

-Миний бичсэн санал, дүгнэлтийг дахиад уншаад үзвэл та яагаад гэдэг асуултын хариултаа олно доо. Маш товч хэлье. Учир нь энэ талаар маш их зүйл ярьж болно. УИХын 10 гишүүнтэй ажлын хэсгийн гаргасан 90 хуудас дүгнэлтэд тодорхой бичигдсэн байгаа. Энэ гэрээг бэлтгэсэн хүмүүс Монгол Улсын эрх ашгаас урвасан гэж УИХын ажлын хэсгийн дарга Л.Эрдэнэчимэг гишүүн хэлсэн. Би санал нийлж байгаа.

-Арай хатуу хэлж байгаа юм биш үү?

-УИХ-ын 10 гишүүний гаргасан дүгнэлтийг үндэслэж хэлсэн үг шүү дээ. Үгүй гэдгээ тэгвэл тэр хүмүүс батлах хэрэгтэй. Ер нь Тавантолгойн ордыг авах гэсэн улс төр, бизнесийн бүлэглэл төмөр замын бүтээн байгуулалтыг гацаасан. Монгол Улс өөрөө энэ төмөр замыг барьж эзэмших боломжийг л зогсоох үйл ажиллагааг тэд л явуулсан. Хэрэв Засгийн газар 2014 оны зургадугаар сард олон улсын санхүүгийн байгууллагаас миний босгосон 600 сая ам. долларын зээлийн санхүүжилтийг шийдвэрлээд өгчихсөн бол Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил энэ онд дуусах байсан гэдгийг дахин онцлон хэлье.

-Төмөр замын хувьд ямар байх нь зүйтэй вэ?

-Монгол Улсад шинээр баригдах төмөр замыг төрийн өмчит Монголын төмөр зам компани өмчлөх ёстой гэдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010, 2011 онд төмөр замын асуудлаар гаргасан зөвлөмжүүд, Засгийн газрын 2012 оны 121, 2013 оны 28 дугаар тогтоолтой нийцэж байгаа. Монгол төрийн эдгээр шийдвэрүүдийг би сайд байхдаа хийж гүйцэтгэсэн. Н.Төмөрхүү сайд үргэлжлүүлсэн. Одоо шинэ сайд М.Зоригт ч бас үргэлжлүүлэх ёстой.

АН-ын Н. Төмөрхүү сайд зам бариагүй гэдэг шүүмжлэл гарсан?

-Аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох авто замтай холбоотой яригдсан байх. Энэ яахав ээ, барьж болно. Гэхдээ төмөр замын асуудлаар Н.Төмөрхүү сайд Үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, удирдамжийг баримтлан улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж ажиллаж чадсанд баяр хүргэх хэрэгтэй. Зарим нэг сонирхлын бүлэг бодохдоо Н.Төмөрхүү сайдыг ятгаж, хүссэн шийдвэрээ гаргуулж чадна гэж бодсон байх.

-Ямар эрх ашиг?

-Хууль зөрчсөн гэрээгээр Тавантолгойн ордыг төмөр замтай нь авах гэсэн эрх ашиг.

-Төмөр замд аудит оруулж шалгах хэрэгтэй, гэтэл шалгуулахгүй байна гэдэг шүүмжлэл байгаа. Та юу гэх вэ?

-Шалгуулсан. Би хоёр жил сайд хийхэд ЗТЯыг Үндэсний аудитын газар жил бүр шалгасан. Тэр шалгалтын дүнг УИХ-д тухай бүр танилцуулсан. Одоо ч шалгаж байгаа. Хэн ч саад хийгээгүй. Үндэсний аудитын газраас очоод мэдээлэл авахад нээлттэй.

-Та тэгээд тухай бүр тайлбар хийхгүй, удаан дуугүй явж хардуулж, элдвээрээ хэлүүлэх хэрэг байсан юм уу. Өөрийгөө хамгаалсан улс төрөө хийж шуугиан тарьж болох л байсан юм биш үү?

-Миний улс төр хийх нь зөвхөн хувь хүний хэрэг. Гэтэл түүнээс үнэтэй Монгол төрийн эрх ашиг гэж чухал зүйл бас байна. Хэвлэлийнхэн та нар олон зүйлийг мэдэхгүй, шуудхан хэлэхэд мөсөн уулын оройг л харж байгаа.

-Та тэгвэл хэлээд өг л дөө?

-Надад тийм эрх байхгүй. Ингээд яриагаа дуусгая. Цагийн юм цагтаа гэдэг байх аа.

Categories
гадаад мэдээ

Дайны үеэр салсан хоёр Солонгосын иргэд өчигдөр уулзалджээ

Хоёр солонгосын дайны үеэр салсан 400 хүн Өмнөд Солонгост цугларчээ. Тэд аравдугаар сарын 20-26-ны хооронд уулзалдах юм. Уг уулзалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах аж. Хуваагдсан гэр бүлүүдийн гишүүд өдөрт хоёр, хоёр цагаар нийтдээ зургаан цаг орчим уулзах боломжтой болж байгаа юм байна. Хамгийн сүүлд ийм төрлийн уулзалтыг 2014 оны сүүлчээр зохион байгуулж байсан ч Солонгосын хойгийн асуудлаас болж хоёр талын харилцаа хурцадмал байдалд шилжсэн. Тиймээс дээрх уулзалтыг түр хугацаагаар зогсоогоод байсныг ийнхүү дахин сэргээхээр болсон байна.

1950-1953 оны Солонгосын дайнаас болж Өмнөдийн 68 мянган гаруй иргэний төрөл төрөгсөд хуваагджээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Умард Солонгосын Кымгансан уулын амралтын газарт Улаан загалмайн нийгэмлэгийн оролцоотойгоор хоёр тал хэлэлцээг амжилттай явуулсан байна. Энэ удаагийн уулзалтад оролцогсдод сугалаа сугалуулах замаар ийм эрх олгосон аж.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Өлзийсайхан: Монголын улс төрийн тогтолцоо дэлхийн хамгийн ядуу 10 орныхтой ижил байна

Монгол Улсын их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Ч.Өлзийсайхантай ярилцлаа.

-МУИС-ийн багш нар судалгаа хийгээд манай улсын улс төрийн тогтолцоо дэлхийн хамгийн ядуу орныхтой адил байна гэж дүгнэсэн. Ямар үзүүлэлтээр ингэж дүгнэж байгаа вэ?

-МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрдэмтэн багш нар дэлхийн хамгийн баян болон ядуу орны улс төрийн тогтолцоонд дүгнэлт хийсэн. Судалгааны явцад манай улс төрийн тогтолцоо дэлхийн хамгийн ядуу орныхтой ижил байгаа нь анзаарагдлаа. Манай төрийн бодлого яагаад ард түмний талд гарахгүй байна вэ, яагаад хөгжил дэвшилд хөтлөхгүй байна вэ зэрэг асуудлын учир шалтгааныг судлаач бүр өөр өөрийн өнцгөөс олж харахыг хичээдэг. Улс төрд манлайлж байгаа хүмүүсийн чадвараас уу, элит бүлэглэлийн амиа хичээсэн байдлаас уу, эсвэл ард түмний улс төрийн соёлоос болж байна уу гэх мэтээр янз бүрийн талаас нь л харж байна. Ер нь бол улс төрийн тогтолцоог харьцуулан авч үзэх явдал бол улс төрийн шинжлэх ухаанд өргөн хийгддэг судалгаа. Харин хамгийн ядуу, хамгийн баян орнуудын улс төрийн тогтолцоог сонгож улсынхаа төрийн тогтолцоотой харьцуулсан судалгааг өнөө хэр хийгээгүй байсан. Төрийн бодлогын хувьд анализ хийх нь улс төр судлаач бүрийн л хийж байдаг ажил. Үндсэн ажлаа хийх явцад аяндаа энэ асуудал руу орсон. Жишээ нь, улс төр судлалд либерал, консерватив, социал демократ гэх мэт үзлүүдийн онцлог, түүхэнд хэрэгжиж ирсэн байдал манай улсын онцлогт тохирох уу гэдгийг судалдаг. Тэгэхээр манай төрийн тогтолцоо дэлхийн хамгийн ядуу орнуудын тогтолцоотой адилхан гэдэг нь яах аргагүй үнэн. Яахав зарим нэг ялгаа байх нь байгаа. Гэхдээ л ерөнхий байдлаараа их төстэй.

-Улс төрийн тогтолцоо сайтай улс орнууд ямар байдаг вэ. Манайх яг юугаараа ингэж доогуур үнэлэгдэж байна вэ?

-Дэлхий дээр нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ Катар, Люксембург, Арабын нэгдсэн Эмират, Норвеги, Сингапур, АНУ, Швейцарь, Нидерланд, Ирланд, Австри зэрэг улс эхний аравт жагсаж байгаа. Эдгээр улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 91-39 мянган ам.доллар. Дээрх улсыг харахаар талаас илүү нь эзэн хаантай, тэдгээр нь удам угсаагаараа улс орон ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж эзний ёсоор улс орноо удирдаж байдаг. Заримд нь хааныхаа эрх мэдлийг Үндсэн хуулиар тодорхой хэмжээгээр хязгаарласан, зарим нь хэмжээгүй эрхт хаант засаглалтай орон. Хаанд нь хэн нэг бизнесмэн, үндэстэн дамнасан корпораци хахууль өгч өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулна гэх ойлголтгүй болтлоо хөгжсөн тогтолцоотой. Нөгөө нэг хэсэг баян улс нь хоёр танхимтай парламенттай, дээд танхим нь хууль тогтоох доод танхимаа хянаж байдаг. Швейцарь гэхэд хоёр танхимтай мөртлөө ард нийтийн санал асуулгаар хуулийг өөрчлөх, батлуулах боломжтой. Ерөөсөө улс төрийн тогтолцоо нь ийм байгаа юм. Гэхдээ заавал ардчилсан системтэй улс баян байгаад байгаа хэрэг биш. Катар, Арабын нэгдсэн Эмитарад өнөөдрийн бидний ардчилал гэж яриад байдаг зүйл байхгүй. Сонгуулийн эрхийг хязгаарласан, улс төрийн бодлогыг шүүмжлэх эрхгүй байдаг. Сингапур гэхэд хөгжлийн өндөрлөгт хүрэхдээ авторитари буюу улс төр судлалын үүднээс бол дарангуйлал бүхий улс төрийн системээр дамжин хөгжсөн байдаг. Юутай ч энэ улсууд нэг бол эзэнтэй, нэг бол парламентын гишүүддээ авлига өгч шийдвэр гаргуулж чадахгүй хэмжээнд хүрсэн олон парламентын гишүүнтэй байгаа нь үнэн.

Манай улсын тухайд 1992 онд Үндсэн хуулиа батлах үедээ бид өөрсдөө ийм сонголт хийсэн үү, эсвэл гадны нөлөөллөөр ийм хууль баталчихав уу гэдгийг судалж байна. Тухайн үед гадныхнаас зөвлөгөө их авсан нь үнэн. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлыг өнөөдрийн хэмжүүрээр шүүмжлэх нь буруу байх. Бид ардчилсан төр засгийг эмхлэн байгуулах гэж нэгэнт шийдсэн учраас туршлага, зөвлөгөө хэрэгтэй байсан. Харин улс орныхоо хэтийг, өнө удаан хугацааны хөгжил дэвшлийг урьдчилан харж чадаагүй нь монголчууд бидний буруу. Одоо ч гэсэн бид манайх жижиг улс учраас ийм, тийм бодлоготой байх ёстой гэж ярьцгаадаг. Гэтэл улс орон том жижгээсээ үл хамааран аюулгүй оршин тогтнох, өөрсдийн хөгжил дэвшлийг баталгаатай хангах бодлогыг зөв сонгох гэсэн адилхан зорилготой байдаг шүү дээ.

-Улс төрийн буруу тогтолцоотой, манайхтай ижил түвшинд үнэлэгдэж байгаа ямар улсууд байна вэ?

-Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийн улсуудыг тэргүүлж байгаа улс болон хамгийн хүчирхэг том эдийн засагтай улс орнуудын төрийн тогтолцоотой манай улсынх адилгүй. Бүр ойр гээд хэлчихээр зүйлгүй байдаг. АНУ, Хятад, Япон, Герман, Франц, Их Британи, Энэтхэг, Бразил, Итали, Канад улсууд бас л хаантай эсвэл хоёр танхимтай, олон гишүүдтэй парламенттай учраас лоббид өртөх магадлал багатай нь анзаарагддаг. Газар нутгийн хувьд манайхаас том ч байна, жижиг ч улс байна. Гэхдээ л биднээс өөр, хариуцах эзэнтэй, авлигад өртөх магадлалыг багасгасан тогтолцоотой. Харин Монгол Улсын сонгож авсан төрийн тогтолцоо нь дэлхийн хамгийн ядуу 10 орны наймтай нь тун адилхан байгаа. Энэ 10 улсын хоёр нь буюу Буркина Фасо, Бурунди хоёр нийгмийн хямралт байдалтай байж, байж саяхнаас л шилжилтийн үеийн засаг төрөө байгуулж байгаа улс. Хаа очиж тэр хоёр улс нь хоёр танхимтай парламенттай тогтолцоог авсан юм билээ. Үр дүн нь ямар байхыг одоогоор хэлэхэд хэцүү ч, ямартай ч хяналтын тогтолцоог бий болгох чиглэлд зөв алхам хийсэн нь харагдаж байна.

-Харин бусад орнуудын тухайд?

-Харин Конго, Нигери, Мозамбек, Чад, Либери, Сьерра Леон, Төв Африкийн БНУ, Гвиней зэрэг хамгийн ядуу орнууд буюу нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийн улс орны сүүлийг мушгиж байгаа. Тэд манай улсын төрийн тогтолцоотой адилхан нэг танхимтай парламенттай. Тэр нь цөөхөн хүнтэй, парламентын гишүүдийн шийдвэр гаргах хэмжээний хүмүүсийг худалдан авчихаж болохуйц тоотой харагдаж байна. Эдгээр улс байгалийн баялаг ихтэй мөртлөө ард түмэн нь урт удаан хугацаанд ядуу дорой амьдардаг, авлигад идэгдчихсэн, гадаад өр зээлийн хэмжээ нь их гэхчилэн байдлыг нь авч үзвэл манай улсын өнөөдөр болон ирээдүйтэй төстэй дүр төрх харагдаад байгаа юм. Манай улс эдгээр улстай төстэй тогтолцоогоор явж байгаа нь судлаачдын анхаарлыг татаж, санааг зовоож байна. Ашигт малтмалын тухайд баримталж буй бодлого, хуулийн заалтууд, ард түмний өнөөгийн амьдрал, гадаад өрийн хэмжээ зэрэг асуудал анхаарал татахгүй байхын аргагүй. Өрийн тухайд ядуу дорой улс дундаас өрнөөсөө арайхийж салсан нь хөгжлийн замд илүү хурдан гарч ирдэг. Манайхны яриад байгаа шиг нэг өр шинээр авч нөгөөгөө дардаг нь улам хүнд байдалд шилжиж байгаа нь анзаарагдаж байна. Уг нь улс төрийн эдийн засгийн сонгодог төлөөлөгчид өрх гэрийн хувьд ойлгомжтой бодлоготой, төрийн бодлого адилхан явагдах ёстой гэж үзсэн байдаг юм билээ. Манай улстөрчид эсрэгээр нь яваад байдаг. Улс орны эдийн засаг улам муудаад, өөрсдийнх нь амьжиргаа дэлхийн баячуудын түвшинд хүрч байгаа нь яалт ч үгүй буруу тогтолцоотой холбоотой.

Categories
мэдээ улс-төр

Японы ерөнхий сайд маргааш Монгол Улсад айлчилна

Маргааш Япон Улсын ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад дөрвөн цагийн хугацаатай айлчлах гэж байна. Айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж хоёр орны Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Энэ удаагийн айлчлал Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал болох бөгөөд 1990 оноос хойших Японы Ерөнхий сайдын 5 дахь удаагийн айлчлал болж байгаа юм. Дашрамд тэмдэглэхэд өмнө нь Ерөнхий сайд Т.Кайфү 1990 онд, К.Обүчи 1999 онд, Ж.Коизүми 2006 онд, Ш.Абэ 2013 онд тус тус Монголд айлчилж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Шүүгчид Олон улсын шүүгчдийн холбоонд ханджээ

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль”-ийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан төсөлд “шүүгчдийн цалингийн санг 35 хувиар тус тус бууруулахаар тооцсон.

Улмаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг зэрэгцүүлэн өргөн барьсан билээ.Түүнтэй холбогдуулан “Монголын шүүгчдийн холбоо” ТББ-аас “шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус” байдалд ноцтой сөрөг нөлөө бүхий тус асуудлаар Олон улсын шүүгчдийн холбоонд (International Association of Judges www.iaj-uim.org) ханджээ.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймагт 4 ихэр тугал мэндэлжээ

Хэнтий аймгийн Батширээт сумын малчны хотонд дөрвөн ихэр тугал гарчээ. Есдүгээр сарын 29-ний өдөр Хурган багийн малчин Я.Цэрэндоржийн хотонд ихэр тугал гарсан байна. Харамсалтай нь төрөөд удаагүй хоёр тугал нь осгосноос энджээ. Одоогоор хоёр тугал нь мэнд бойжиж байгаа аж.

Я.Цэрэндоржийн хотонд өмнө нь хоёр ихэр л гардаг байснаас дөрвөн ихэрлэсэн анхны тохиолдол юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаад худалдааг хөнгөвчлөх семинар эхэллээ

МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Швед улсын Гадаад Яамны Үндэсний Худалдааны Газар, Монгол улсын Аж Үйлдвэрийн Яамтай хамтран “ДХБ-ын Эрүүл ахуй хорио цээрийн хэлэлцээр” ба “Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээр”- ийн тухай болон “ЕХ-ны зах зээлд экспортлох боломж” сэдэвт семинаруудыг 2015 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэхүү семинарт Швед улсын Гадаад Яамны Үндэсний Худалдааны Газрын худалдааны бодлогын зөвлөх, ахлах зөвлөх нар ДХБ-ын “Эрүүл ахуй хорио цээрийн хэлэлцээр” ба “Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээр”-ийн тухай танилцуулга, хэлэлцээрийн ерөнхий зарчим, Европын Холбоо ба Швед улсын зах зээлд экспортлоход анхаарах асуудлууд, мөрдөх журам, зах зээлийн боломжууд, Монгол улсаас арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн, жамц давс экспортлох ерөнхий шаардлага, ЕХ-ны орнуудтай бизнес эрхлэх туршлагууд зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийх болно.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн хөлбөмбөгчид Хөх хотод өрсөлдөнө

“Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо” үзэсгэлэн, яармаг энэ сарын 23-27-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болно.

Энэ үеэр ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Хөлбөмбөгийн холбоо, Спортын захиргаа, Бүс нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн газар хамтран хоёр орны 15 хүртэлх насны ангиллын хөлбөмбөгчдийн тэмцээн зохион байгуулах юм. Тэмцээнд Монголын дөрөв, БНХАУ-ын дөрөв, нийт найман баг хүч үзэхээр болжээ.

МХБХ-ноос энэ жил дотооддоо өндөр амжилт үзүүлсэн “ДМЮ”, “Монголын тэмүүлэл”, “Хараацай”, “Дэрэн” клубийн 15 хүртэлх насны багийг Хөх хотод болох тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцуулахаар болсон байна. Тамирчид өчигдөр урд хөршийг зорилоо.

Categories
мэдээ цаг-үе

Л.Балхжав: Монгол яруу найрагч, хөгжмийн зохиолчийн дууг монголоороо дуулах гэдэг өөр

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн,
хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд
2015” тайлан
тоглолт ирэх 22
24ний өдрүүдэд “UB palace”ийн концертийн
их танхимд болно. Энэ талаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр хөгжмийн
зохиолчтой ярилцлага хийлээ.

-Та “Миний дуунууд” тоглолтоо
17 дахь жилдээ үзэгч, сонсогч түмэндээ хүргэх гэж байна. Энэ оны тоглолт юугаараа
онцлог байх вэ?

-Жил жилийн тоглолт бүр онцлогтой.
Энэ жилийн хувьд “Ахмадын Золбоо”, “Харанга”, “Хурд” тэргүүтэй амьд хөгжмийн хамтлагууд
түлхүү оролцож байна. Дээрээс нь ОХУ-ын Буриадаас Чингис Раднаев, урд хөршөөс Б.Цэцэгмаа
гээд хоёр том дуучин төлөөлөл болон оролцож байгаагаараа онцлог юм уу даа.

-Энэ тоглолтод хамтлаг дуучид зөвхөн
таны дуунуудыг дуулдгаараа онцлог байдаг. Чингис Раднаев, Б.Цэцэгмаа хоёр ямар дуунуудыг
тань дуулах бол?

-Б.Цэцэгмаа маань урд нь “Зүүдэнд
ирсэн хонгорхон ижий”, “Талын монгол айл”, “Монгол эх орон” гээд дуунууд дуулж байсан.
Харин энэ жил “Хатан тэнгэр ижий” гээд цоо шинэ уран бүтээлийг маань дуулж хүргэнэ.
Чингис Раднаев “Улаанбаатарын дагина” гээд шинэ дуугаараа оролцох гэж байна.

-“Сэтгэлийн хөг” нэртэй анхны уран
бүтээлийн тайлан тоглолт тань өнөөдрийн “Миний дуунууд” тоглолтын эхлэл болсон гэлээ.
Анхны тоглолтынхоо талаар дурсаач?

-Миний хамгийн анхны дуу 1977 онд
зохиосон “Амин нутаг” дуу байгаа юм. Уран бүтээлээ туурвиж эхэлсэн анхны он жилүүд
бол хөгжим бүжгийн дунд сургуульд сурч байсан тэр үе. Тэрнээс хойш 20 гаруй жилийн
турш уран бүтээлээ хийж, нөөцөлж яваад найз нөхөд, дүү нарынхаа санаачилгаар
1999 онд “Сэтгэлийн хөг” нэртэйгээр анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн.
Маш олон хүний сэтгэлийн хөг орсон сайхан тоглолт болж байв. Өнөөдрийн олон гавьяатууд,
төрийн соёрхолтууд тэр үед бүгдээрээ уран бүтээлээ дөнгөж эхэлж байгаа залуус байсан.
Мөн тэр үеийн Монголын сор болсон уран бүтээлчид анхны тоглолтод орж байснаас зарим
нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тухайлбал, манай нэрт хөтлөгч, сэтгүүлч,
найруулагч, дуучин агсан Б.Бадрууган, Болгарт дөнгөж сургууль төгсч ирчихээд уран
бүтээлээ хийж байсан нэрт рок попын дуучин агсан Эрдэнэцэцэг оролцож байлаа. Одоо
ч эдгээр алдартнуудын уран бүтээл ард түмний сэтгэлд эгшиглэж байгаа.

-Тухайн үед хичнээн дуучин оролцож
байсан нь өнөөдөр хэд болтлоо өсөөд байна?

-“Сэтгэлийн хөг” тоглолтод оролцож
байсан дуучид, хамтлагуудыг би тодоос тод санаж байна. МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ
Т.Ариунаа, МУГЖ Сарантуяа, “Камертон”, “Хурд”, “Чингис хаан” гээд тэр үеийнхээ бүхий
л шилдэг хамтлаг дуучид оролцож байсан. Эд нар маань өнөөдөр ч оролцож байна. Миний
тоглолтод 17 жил тасралтгүй оролцож, би эд нарынхаа хүчээр өдий зэрэгтэй явж уран
бүтээлээ туурвиж байна.

-Хэзээнээс “My songs” буюу “Миний
дуунууд” гэж нэрлэх болов. Яагаад ингэж нэрлэх болов?

-2008 оноос “My songs” гэж нэрлээд
явчихсан юм. Өмнө нь “Сэтгэлийн хөг”, “Цагаан шөнө”, “Best and New” гэх маягаар
жил бүрийнхээ онцлогийг тусгасан нэрээр нэрлэж байсан. Жил бүр олон шинэ дуу нэмэгдээд
ирэхээр ерөөсөө оноороо нэрлээд явчихъя гэж шийдсэн. Нэгэнт 1999 оноос хойш
2007 он хүртэл тогтмол тоглоод явчихсан, цаашдаа ч үргэлжлэх нь ойлгомжтой байсан.
Оноороо нэрлэснээр нөгөө талаар жил бүр шинэ уран бүтээл үзэгчдэд хүргэх, гаргах
том хариуцлагыг шаардаж байгаа юм.

-Энэ жилийн тоглолтод зориулж хичнээн
шинэ уран бүтээл хийгээд байна?

-Тоглолтын бараг 50-60 хувь нь шинэ
уран бүтээл.

-Сая Жи энтертайментын продюссер
Д.Ганболд “Энэ хүн 17 жил тоглолтоо хийхдээ нэг ч удаа өөрөө үзэгчдийн танхимаас
үзэж байгаагүй нь хамгийн бахархалтай хэдий ч харамсалтай хэрэг юм” гэж хэллээ.
Таны хувьд өөрөө өмнө нь суугаад үзэх юмсан гэх хүсэл хэр төрж байв?

-Миний тэвчээр хүрэхгүй босч харайгаад,
хүмүүсийн дургүйг хүргэх байх. /инээв/ Түүний оронд хөшигний ард уран бүтээлчидтэйгээ
хамтдаа цэнэглэгдээд нэг агаараар амьсгалж байсан нь дээр. Бүгдээрээ л уран бүтээлээ
тайлагнаж байгаа юм чинь өөрөө үзэгч болж гол дүрд нь тоглоод яахав.

-Мөн зөвхөн таны дуугаар хийж буй
“Му voice” гээд шоу нэвтрүүлэг гарч байна. Энэ нэвтрүүлгийг яагаад хийх болов?

-Энэ нэвтрүүлгийг 2004 онд анх
“Хийморь тэтгэсэн Улаанбаатар”, 2007 онд “New star” нэртэй зохион байгуулж байсан.
Тэр уламжлалаараа зохион байгуулж байгаа. Онцлог нь “Му voice” нэрээр гурав дахиа
зохион байгуулж байна. Уран бүтээлийн сан хөмрөг мэдээж 2004, 2007 оноос өнөөдрийг
хүртэл нэмэгдсэн.

-Энэ жилийн хувьд хичнээн хүн бүртгүүлж,
оролцоод байна. Тэдгээрээс хэд нь хоёрдугаар шатанд үлдээд байна вэ?

-300 гаруй залуус оролцсоноос хоёрдугаар
шатанд 130 хүүхэд үлдсэн байгаа.

-Нэвтрүүлгийг үзэж байхад тэр болгон
олны хүртээл болж танигдаагүй дуунууд их гарч байна. Та ер нь урын сандаа нийт хэчнээн
бүтээлтэй вэ?

-Давхардсан тоогоор зөвхөн дууны
ая нь 800 гараад явчихдаг юм. Дээрээс нь аяз, киноны хөгжим, морин хуурын чуулгатай
хамтарсан уран бүтээлүүд, симфони, хөгжмийн номеруудтайгаа мянга дөхчих байхаа.
Мэдээж дуу болгон бүгд аманд орохгүй. Шилдэг гэсэн 240 дуугаараа “Миний дуунууд”
нэртэй дууны үгтэй, ноттой ном гаргасан. Цаашид цуврал болгох зорилготой.

-“Му voice” тэмцээний ялагчийг ямар
ирээдүй хүлээж байгаа бол?

-Дууны тэмцээн учраас ялагчийг дууны
эрдэмд суралцуулж, нэртэй сайн дуучин болгох ирээдүй л хүлээж байгаа. Шүүгч нартаа
их баярлаж байгаа. Н.Ганхуяг, Ч.Ичинхорлоо, Б.Чинбат гээд Монголын орчин үеийн хөгжмийн
урлагийг нуруун дээрээ авч явж байгаа, телевизийн урлагийн нүүр царай болсон хүмүүс
шүүж байгаа учраас жинхэнэ авьяастныг тодруулж чадна гэж бодож байна. Шалгарсан
хүүхдийг “World Korea” групп Солонгосын Соёлын дээд сургуулийнхаа дуулаачийн ангид
үнэ төлбөргүй гурван жил байр, хоолтой нь дааж сургана.

-”Universe best songs”-ийн ялагч,
“My voice” хоёрын ялагч юугаараа ялгаатай байх бол?

-“Му voice” анх зохиогдохдоо л Балхжавын
уран бүтээлийн сангаас хийнэ гэснээрээ уламжлал болоод явж байна. Би үүндээ харамсдаггүй.
Миний уран бүтээлийн 50-60 хувь нь эх орны сэдэвтэй дуу байдаг. Хэрвээ монголынхоо
гайхалтай яруу найрагчдын зохиосон эх орноо бахдан дуулсан шүлгийг миний аялгуугаар
амилуулснаар дуулах юм бол нэг ч гэсэн залуу эх оронч сэтгэлгээгээр хүмүүжиж, эх
орноороо бахархах сэтгэл төрөх болов уу. Ингэж байвал энэ уралдааны үр дүн юм. Гадаад
дууг сайхан дуулна гэдэг бол даяаршсан ертөнцөд дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж
байна гэсэн үг. Монголынхоо яруу найрагчийн, хөгжмийн зохиолчийн дууг монголоороо
дуулна гэдэг бол цаанаасаа өөр л дөө.

-“Universe best songs” олон жил
дараалж, өдөр болгон цацагдаад ирэхээр үзэгчид цөөрч эхэлсэн. Харин “Мy voice” шоу
нэвтрүүлгийг үзэгчдийг уйдаахгүй шинэлэг түвшинд гаргахын тулд ямар арга хэмжээ
авсан бэ. “Авьяаслаг монголчууд” шоунаас санаа авсан байна гэх хүн ч байна?

-Телевизийн олон гоё нэвтрүүлэг
өөр өөрийн хувь заяагаар төрөөд л явдаг. Энэ тэмцээн маань анхны удаа зохиогдсон
бол янз янзын яриа гарч магадгүй. Бүр 2003 оноос санаачлаад гарчихсан учраас эргээд
өмнөх нэвтрүүлгээ үзэх юм бол яг л энэ маягаар явж байгаа. Ингэж л хийдэг байсан.
Тэгэхээр бүх телевизийн контент брэндүүд өөр өөрийн хувь заяатай, өөр өөрийн сэтгэлгээрээр
явж байгаа.

-Тэмцээний явцад таны сонирхлыг
илт татсан, өөд нь татаад явчих юмсан гэсэн оролцогч гарч ирэв үү?

-Улсын наадамд түрүүлчихсэн морийг
Их хурдад яах бол гэх сонирхол үзэгчдэд байдаг. “Universe best songs”-ийн гран при
авчихсан Билгүүн гээд хүүхэд оролцож байна, шилдэг 25-д орсон хүүхдүүд эргээд уралдаж
байна. Мэдээж үнэхээр хурдтай бол ямар ч наадамд ороод түрүүлдэг, аман хүзүүддэг
чадвартай л байх ёстой. Анх удаа оролцож байгаа, өмнө нь ороод ялж байсан хүүхэд
хоёрын дунд их зай байгаа ч гэсэн зохиогчийн хувьд бүх хүүхдийг дуулахад нь сэтгэл
хөдлөөд, баярлаад, доголон нулимстай харж сууна.

-Дуу уушиг эрүүл болгож, хоолой
чангалж, зүрхний цохилтыг хэвийн байлгадаг гэх мэт олон сайн талтай гэж хурлын үеэр
сонирхууллаа. Та насаараа дуу дуулж, дуучдыг төрүүлж байгаа хүний хувьд дууны ач
гавьяаг юу гэж үнэлдэг вэ?

-Гадна талаасаа хүнийг хөгшрүүлдэггүй
гэх юм бол мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан дуу хууртай ойртсон хүмүүсийн сэтгэлгээ
залуу байж чаддаг. Дуу дуулснаар бурууддаг юм огт байхгүй. Б.Явуухулан гуай
“…Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь
vзэх гэж

Дуунд тийм чадал шингэж байдгийг
мэдээд

Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах
гэсэн юм би…
” гэж шүлэглэсэн байдаг. Амьдралын хүнд жилүүд байдаг бол дуу хөгжмийн
ачаар давж байсан гэхэд тэрэнд би зуун хувь итгэнэ. Хүүхдээ бүүвэйлэх, малд явахаас
авахуулаад л Монголын ард түмэн дуугаар хүмүүжиж, дуунд уярдаг. Адуунд явахдаа исгэрнэ,
найр хурим, ялалт гээд дуу хуургүй юм байхгүй. Ялалт байгуулчихаад уухайлна гэдэг
чинь л дууны нэг элемент. Дуу хөгжмийн ач холбогдол маш их.

-“Миний дуунууд” тоглолт цаашид
хичнээн жил үргэлжлэх бол?

-Хичнээн жил үргэлжлэх талаар өмнө
нь нэг хариулт хэлээд загнуулсан. Цаашид хичнээн жил үргэлжлэхийг би үнэндээ таашгүй.
Хэрвээ үнэхээр том жигүүртэй, сайн уран бүтээл бол ардын дуу болтлоо ард түмэнд
үлддэг. Өнөөдрийн дуулаад байгаа ардын дуу хэн нэгэн зохиогоод зохиогч нь мартчихсан
дуу л байгаа. Ний нуугүй хэлэхэд “Талын Монгол айл”-ыг 50 жилийн дараа ардын дуу
гээд дуулж байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь үе үеэрээ уран бүтээлийнхээ түүхийг
бичээд л явж байх хэрэгтэй.