Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар хайрга олборлосон компаниудыг шалгаж байна

Байгаль орчны улсын байцаагчид “Шаргалжуутын эргээс хайрга олборлоод байна” гэсэн гомдол иргэдээс иржээ. Тус гомдол дагуу шалгалт явуулахад голын эргээс 50 см зайд, 44 метр урт, хоёр метр гүн карьер ухсан байсан аж. Эл хэрэгт “Шаргалжуут” рашаан сувилал компани болон Шаргалжуут тосгонд эмнэлгийн барилга барьж буй “Алтайн хүч” компанийнхан холбогджээ.

Шалгасан байгууллагууд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс багагүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно. Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал олборлох, элс, хайрга, чулуу авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Тиймээс эхний ээлжинд хуулийн дагуу дээрх компаниудад тус бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулжээ. Мөн торгуулиас гадна хохирлыг тооцон, нөхөн төлүүлэхээр Цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Categories
энтертаймент-ертөнц

“Төмөр нар” монголын уран сайхны кино удахгүй нээлтээ хийнэ

“Төмөр нар” монголын уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ тун удахгүй гарах гэж байна. Энэхүү кинонд ерөнхий найруулагч Л.Ган-Эрдэнэ, зохиолч продюсер Ж.Буянтөгс, продюсер П.Бэрхээдэй, продюсер С.Орхонтуул нарын баг хамт олон ажилласан байна.

Энэхүү кинонд хүүхэд насны алдаа оноо, гэнэн томоогүй үйлдэл болон одоогийн нийгмийн бодит байдлыг харуулдаг. Тодруулбал хүүхдийн хорих газрын эрээн бараантай амьдралыг харуулахаас гадна ухаарал, амьдралын утга учир, эрх чөлөөний үнэ цэнийг илэрхийлэх болсноороо онцлог гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Сонгуульд улс төрийн нөлөөлөл орсон байвал сонгогдсон Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулахгүй гэв

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаанаар иргэдийнх нь саналыг үндэслэн Багануур хотыг Багануур дүүрэгт, Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах шийдвэр гарсан. Ингэснээр нийслэлийн эдийн засгийн дэд бүтэц тэнцвэртэй хөгжиж, хүн амын хэтийн төвлөрлийг багасган хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах боломж бүрдэх билээ.

Налайх хотын Захирагчийг сонгох сонгуулийг энэ оны 5 дугаар сард анх удаа улстөрийн намуудын оролцоогүйгээр амжилттай зохион байгуулж, иргэдийн сонголтыг баталгаажуулсан. Үүний адилаар Багануур хотын Захирагчийн сонгуулийг өнгөрөгч долоо хоногт зохион байгууллаа.
Гэтэл Багануур хотын Захирагчийн сонгуулийн дүнгтус дүүргийн МАН-аас өөрсдийн ялалт мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл тараах ажлыг олон нийтийн сүлжээгээр зохион байгуулсан гэх гомдлыг тус хотын иргэдээс ирүүлж байна. Хотын үндсэн дүрмийн дагуу хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшигчид бие дааж сонгуульд оролцсон байх ёстой.
Аль нэг улс төрийн нам хотын Захирагчийг өмчлөх гэсэн, хотын Захирагч нь аль нэг улс төрийн намд үйлчлэх хандлага огт байх ёсгүй. Миний хувьд ч хот байгуулах, хотын захирагчаа сонгох асуудал зөвхөн иргэд, оршин суугчдын чин хүслийн илэрхийлэл тул улс төрөөс, намаас ангид байх ёстой гэсэн зарчмыг хатуу баримтлах болно.
Хэрэв сонгуульд улс төрийн нөлөөлөл орсон байвал сонгогдсон Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулахгүй бөгөөд шинэ сонгууль зарлах нөхцөл үүснэ гэдгийг мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Занданшуулсан шарилыг энэ сарын 24-нд Архангай аймагт зална гэв

Өнгөрсөн нэгдүгээр сард Сонгинохайрхан дүүрэг дэх айлын хашаанаас занданшуулсан шарил олдсон бөгөөд ЦЕГ-аас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 200 жилийн настай болохыг нь тогтоосон. Түүнчлэн маш сайн хадгалагдсан гэх уг шарил 1826-1905 оны үед амьдарч байсан гэгээнтэн, аграмба Равсалын Санжайжавынх гэдгийг шинжээчид баталсан юм.

Тэгвэл уг шарилыг төрөлх нутаг болох Архангай аймагт энэ сарын 24-ний өдөр залж, бунхлахаар болжээ. Үүнд зориулж Засгийн газраас 164 сая төгрөг зарцуулахаар болсныг ч бид өмнө мэдээлж байсан. Харин шарилыг орон нутагт залахаас өмнө буюу өнөөдөр, маргааш хоёр өдөр Гандантэгчилэн хийдэд дэлгэн үзүүлж, нийслэлчүүдийг мөргүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Төмс, хүнсний ногооны хураалт бараг дуусчээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ургац хураалтын явц, буудай, гурилын хүрэлцээ, хангамжийн урьдчилсан төлөв, импортын буудай, гурилын талаар мэдээлэл хийв.

Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийжээ. Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч гурил үйлдвэрлэлд 186.3 мянган тонн буудай нийлүүлэх төлөвтэй байгаа аж.

Энэ сарын 16-ний байдлаар нийтдээ 225.3 мянган га-гаас 176.2 мянган тонн үр тариа, үүнээс 169.3 мянган тонн улаанбуудай, 12.1 мянган га-гаас 147.8 мянган тонн төмс, 6.5 мянган га-гаас 68.9 мянган тонн хүнсний ногоо, 24.9 мянган га-гаас 34.7 мянган тонн тэжээл, 22.7 мянган га-гаас 11.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 75.8 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 98.0-99.6 хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-аас авто захуудыг нүүлгэх шаардлагыг үндэслэлгүй гэв

Өнөөдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Авто замын газар болон ШӨХТГ зэрэг байгууллагуудын төлөөллүүд авто худалдааны бизнес эрхлэгчидтэй уулзаж, захуудыг нүүлгэх, Авто цогцолборт шилжүүлэх зэрэг асуудлаар олон талт уулзалт хийх байсан ч энэ арга хэмжээ болсонгүй.

Хуралдаанд ШӨХТГ, Худалдаа аж үйлдвэрийн танхим, авто худалдаа эрхлэгчдийг төлөөлсөн хүмүүс ирсэн бөгөөд ШӨХТГ-ын зүгээс авто захуудыг хотын төвөөс нүүлгэх шаардлагыг “Тодорхой үндэслэлгүй” гэж үзэж байгаа аж. Худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс “Хууль, журмын дагуу дагуу үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Захуудыг байгаль орчин бохирдуулсан, орчин тойрондоо хор нөлөөтэй гэх шинжилгээ, нотолгоо байхгүй” гэж үзэж байгаа ажээ.

Худалдаа эрхлэгчдийн хувьд бол эртнээс “Хотын зах руу нүүхгүй” гэсэн байр суурь илэрхийлж, үүнийгээ удаа дараа танилцуулаад буй.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон таван иргэнийг өчигдөр нисдэг тэргээр Улаанбаатарт авчиржээ

Ононгийн халуун рашаан орохоор энэ сарын 10-нд гэрээсээ “Ланд 200”, “Ланд 80” машин хөлөглөн гарсан таван залуус гэрийнхэндээ 15-нд буцаж ирнэ гэсэн байна. Ирнэ гэсэн хугацаасаа хэтэрч, холбоо барилгүй гурав хоносон учраас 18 буюу өнгөрсөн ням гаригт ар гэрийнхэн нь Онцгой байдлын ерөнхий газарт энэ тухай мэдээлсэн. Ийнхүү тухайн өдөр ОБЕГ-аас Төв аймгийн онцгой байдлын газартай холбогдож, тэднийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн билээ. Тэднийг өчигдөр 16 цагийн үед Ононгийн халуун рашаанаас Хэнтий аймгийн Батширээт сум орох замд нь онцгой байдлын албаныхан олсон байна. Бороо хур их орж, намаг шавар ихтэй байсан учраас тэд замдаа бага зэрэг саатсанаас бус машин тэрэг нь эвдэрч, бензин шатахуун нь дуусч, элдэв осолд өртөөгүй болохыг эх сурвалж мэдээлсэн юм. Сураг тасраад байсан иргэдийг өчигдөр 18 цагийн үед гэрийнхэн нь нисдэг тэргээр Улаанбаатар хотод авчирсан байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Маралмаа амаржиж, хүүтэй болжээ

Дөрвөн настай охины үхэлд буруутгагдан шүүхээс 24 жилийн хорих ял сонссон Г.Маралмаа амаржиж хүүтэй болжээ. Одоогоор ээж, хүү хоёрын биеийн байдал сайн байгаа аж. Шүүхээс түүний ялыг эдлүүлж, хүүхдийг нь нэг ой хүрэхээр асран хамгаалагчид нь өгөхөөр болоод байгаа юм.

Түүнийг дөрвөн настай охины амь насанд санаатай хүрсэн хэргээр шүүхээс 24 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Мөн түүний нөхөр Т.Цогт буюу талийгч охины төрсөн эцэг Т.Цогтод мөн 24 жилийн хорих ял оноосон юм. Ингэхдээ Т.Цогтын таван жилийн хорих ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан бол Г.Маралмаагийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11-д зааснаар бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн, 91.2.12-д зааснаар онц харгис хэрцгий аргаар, 91.2.15-д зааснаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, 100.1-д зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэх зүйл ангиар буруутган ялласан юм.
Г.Маралмаагийн хувьд давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдох учиртай. Тиймээс Г.Маралмаа дөнгөж мэндэлсэн хүүхдийнхээ хамт 461 дүгээр хорих ангид хоригдох нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хөгжсөн хүн өнөөдрийн нийгэмд мөнгөнөөс үнэтэй

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХОЁРДУГААР ХОРООНЫ ИРГЭН Ж.ГАРАВ

Монголчууд бид нийгмийн тогтолцоогоо өөрчилж, ардчиллын замд тууштай орсон.

Харин хуулиа чандлан сахиж чадахгүйгээс өнгөрсөн 20 гаруй жилд нийгэм хүсээгүй зам руугаа эргэлээ. Саяхан төвийн нэг хэвлэлд хашир улс төрч “Нийгэм таашгүй замаар орон, танигдашгүй болтлоо өөрчлөгдлөө” гэж халагласан байна билээ. Улс орны амьдрал, хөгжилд эдийн засгийн чадавхи зайлшгүй чухал нь ойлгомжтой. Гэвч өнөөгийн нийгмийн тэр тусмаа улаанбаатарчуудын амьдралд юу юунаас илүү чухал нэг асуудал байна. Нийслэлчүүдийн маань хөгжил, хүмүүжил, соёл зарим талаараа ихэд доройтжээ. Хүмүүсийн зан авир, ааш араншин муудаж хэг ёг яриатай, хэдэр ёдор харьцаатай хүн хааяагүй тааралдана. Тэгэхээр “хүн эрдэнэ”-ээ хайрлах, хамгаалах, хөгжүүлэх нь өнөөгийн нийгэмд нэн эрхэм зүйл болоод байна. Бүдүүлэг зан авир, ёс зүйгүй явдал газар авч болохгүй. Өнөөдөр олон нийтийн болон худалдаа арилжааны газарт, гудамж талбайд, автобусанд ч хүмүүсийн зан харилцаа, соёл үнэхээр доройтсон харагдана. Дуртай газраа нус цэрээ хаядаг, байшин барилга, хашаа хорооны булан тохойд “морь хардаг”, дайрчих шахан зөрдөг, нэгэндээ зам тавиад өгчих ухаан хомс, яльгүй юман дээр хэрүүл өдсөн, бүдүүлэг, хэрцгий, харгис авиртай хүн цөөнгүй тааралдах болжээ. Баярлалаа, уучлаарай гэж хэлдэг, инээмсгэлэсэн, найрсаг харьцаатай нь ховордож, харин ууртай, уцаартай догшин ширүүн нь нэмэгдээд байна уу? Залуус нь ахмад буурлууудаа хүндэтгэх нь багасаж, зарим хөгшид нь бусдын өмнөөс өтөлчихсөн юм шиг авирлах болжээ. Бурхан шашин, үзмэрч зурхайч, бөө удганд илүү итгэх залуус ч өссөөр байна.

Сүүлийн үед архичдын эгнээ залуусаар өргөжөөд байх шиг. Улаанбаатар хотын хаа сайгүй архичдын сүрэг бий болчихоод байна уу даа? Гадны улс орнуудын төр засгийн тэргүүн, зочид төлөөлөгчид монголчуудын нэн ялангуяа нийслэлчүүдийн хөгжил, соёлыг илүү ажиглана. Ингэхээр иргэдийнхээ мэдлэг соёл хүмүүжилд онцгой анхаарч, соёл хүмүүжлийн ажлыг бодлого, төлөвлөгөөтэй зохион байгуулах. Энэхүү ажлынхаа үр дүнг нь тооцож, үнэлж байх хэрэгтэй болжээ. Соёл, хүмүүжил сайтай иргэдтэй газарт л амжилт бүтээл ундарч, сахилга хариуцлага сайжирч байдаг. Монголчууд бидэнд уламжлалт сайхан ёс суртахуун, дэг жаяг бий. Тиймээс бид бурхан ухаант өвөг дээдсийнхээ сургаал, уламжлалыг гээж, уландаа гишгэх ёсгүй. Нийслэлийнхээ соёл хөгжлийг залуус нь уриалан дагуулж, ахмадууд нь ноён нуруу түшиг тулгуур нь байцгаая. Төр нь иргэдийнхээ хүмүүжил, хөгжлийн төлөө зарах хөрөнгө хүчиндээ гар бүү татаасай, зардал төсвөө бүү харамлаасай.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл
бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

Categories
мэдээ нийгэм

Нөгөөдөр эхлэх нийслэлийн өдрийн ёслолын арга хэмжээний хөтөлбөр

10 дугаар сарын 23 Баасан гараг

12:00-14:00 “Ирээдүйн одод” хүүхдийн урлагийн тоглолт
Хаана: Монголын Хүүхдийн ордонд

10 дугаар сарын 25 Ням гараг

10:00 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Нийслэл өргөө” дартсын тэмцээн
Хаана: Нийслэлийн төр захиргааны III дугаар байранд

10 дугаар сарын 26 Даваа гараг

9:00 “Салбарынхаа түүхийг хэн сайн бичих вэ?” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал
Хаана: Хангарди ордны 14 давхарын хуралдааны танхимд

10 дугаар сарын 27 Мягмар гараг

11:00 “Хоггүй гудамж-хоггүй хороо” болзолт уралдааны шагнал гардуулах ажиллагаа
Хаана: Чингисийн талбайд

14:00 “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ёслолын ажиллагаа
Хаана: НЗДТГ-ын Б зааланд

10 дугаар сарын 28 Лхагва гараг

10:00 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа
Хаана: НЗДТГ-ын А зааланд

12:00 ОХУ-ын гавьяат зураач Юрий Мандагановын уран бүтээлийн үзэсгэлэн
Хаана: Уран зургийн галерейд

15:00 “Эх орны эх орон” хүндэтгэлийн концерт
Хаана: Соёлын төв өргөөнд

19:00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах, шагнах ёслолын ажиллагаа
Хаана: Шангри-Ла Улаанбаатар олон улсын зочид буудлын “Ballroom” ресторанд

10 дугаар сарын 29 Пүрэв гараг

11:30 “Их хотын хямдрал-376” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг Нийслэл, дүүргүүдэд зохион байгуулах
Хаана: Чингис хааны талбайд

11:40 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол
Хаана: Шангрилагын урд талын цэцэрлэгт хүрээлэнд

11:40 “Нийслэлийн өөрчлөлт-миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
Хаана: Шангрилагын урд талын цэцэрлэгт хүрээлэнд

12:00 Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа
Хаана: Чингис хааны талбайд

14:30 “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт
Хаана: Соёлын төв өргөөнд

14:00-17:00 Парад зохион байгуулах

Хаана: Улсын Их дэлгүүр –Цэцэг төвийн уулзвар- Анкарагын гудамж-Чингисийн талбай

10 дугаар сарын 30 Баасан гараг

14:00 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатарын тэмцээний хаалт, шагнал гардуулах ажиллагаа
Хаана: Худалдаа аж үйлдвэрийн танхимд