Categories
мэдээ цаг-үе

Тэмүүллээр хөглөгдсөн ЛИМБЭЧИН

Өнгөрсөн амралтын өдрөөр “Монгол HD” телевизээр “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгийн тав дахь дугаар цацагдсан билээ. Энэхүү дугаараар шүүгчдийг төдийгүй үзэгчдийг лимбэ хөгжмийн тоглолтоороо уярааж, гайхшруулж чадсан оролцогч бол 0819 дугаартай Т.Пүрэвбаатар байсан юм. Т.Пүрэвбаатар төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй нэгэн. Тодруулбал, хоёр хөлгүй, нэг гаргүй бөгөөд насан туршдаа тэргэнцэртэй яваа хүн. Гэвч шоуны шүүгчид түүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж өрөвдөхөөс илүүтэйгээр лимбэ хөгжмийг хэрхэн эзэмшиж, түүгээр ямар сайхан аялгуу тоглож чадаж байгааг олж харсан юм. Тиймээс шүүгчид дуу нэгтэй тэнцэх товчийг дарсан. Тэрээр тайзан дээр “Үүрд хамт байгаач ээж ээ” дууны аяыг эгшиглүүлэхэд үзэгчдийн дунд нулимсаа барьж чадалгүй уйлж суугаа олон ч хүн харагдсан. Телевизээр үзсэн хүмүүс ч өөрийн эрхгүй нулимс унагасан талаар гадуур ярих боллоо. Түүний авьяасыг бахдаж шоуны шүүгч хийлч Ч.Дэлгэрцэцэг “Энэ тайзан дээр ийм л авьяастнуудыг гаргаж ирэхийн төлөө бид энд сууж байгаа” хэмээн дуу алдсан бол шүүгч ая зохиогч, дуучин Ц.Чулуунбат “Би чамайг ерөөсөө ч өрөвдөхгүй байна. Харин чамаар бахархаж байна. Эхнэрээр чинь бүр их бахархаж байна” гэж хэлээд авсан. Харин үзэгчид сэтгэлээсээ хөглөсөн лимбэ хөгжмөөр ямар гайхалтай аялгууг гаргаж байгааг ихэд бахдаж байлаа. Мэдээж түүний авьяас тэргүүн зэргийн онцлох. Харин Т.Пүрэвбаатараас амьдралын үнэ цэн, итгэх итгэл, хайр сэтгэл, хүсэл тэмүүлэл гэрэлтэж байсан нь тэр чигээрээ гайхамшиг байлаа. Тэрээр “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож ийн тайзан дээр гарч олны өмнө зогссон нь ч түүний бас нэгэн хүсэл мөрөөдлийн илэрхийлэл байсан юм. Шоуны шүүгч залуу дуучин, реппер Rokit Bay буюу О.Баярсайхан “Та амьдралд юу чухал, юу үнэтэй вэ гэдгийг өнөөгийн залууст харуулж чадлаа. Хүн төрөлхтөнд итгэх итгэл минь сэргэлээ гэдэг үг энэ л байх даа” гэсэн нь үзэгчдийг ч нэгийг бодож, хоёрыг тунгаахад хүргэсэн болов уу. Энэ эрхмийн амьдрал ихэд гэрэл гэгээтэй дурсамжаар дүүрэн. Насаараа био үйлдвэрт ажилласан Д.Бизъяа болон Ж.Төмөрчөдөр нар долоон хүүхэдтэй. Нэг нь Т.Пүрэвбаатар. Хүү нь хорвоод мэндлэхдээ л хоёр хөл, нэг гаргүй төрсөнд эцэг, эх нь ихэд сэтгэлээр унаж байсан ч нэгэнт бурханаас заяасан үрээ ямар хаялтай биш гээд бусад хүүхдийнхээ л адил юугаар ч дутаалгүй өсгөж өндийлгөжээ. Хүүгээ бусдад адлагдах вий гэж сургуульд хүртэл оруулахгүй гэсэн бодлоо ч эцэг, эх нь өөрчилж түүнийг боловсролтой, мэргэжилтэй нэгэн болгож нийгмийн дунд оруулсан байна.

ХУВЬ ТАВИЛАН

Амьдралд эрээнтэй, бараантай зүйл олон тохиолддог боловч тэр болгонд зовлон тоочиж, хөгжлийн бэрхшээлтэйгээрээ шалтаглаж хүний гар харж суусангүй. Найзынхаа гэрээр орж, гарах болгонд тусалж, дэмжиж, хүссэн газарт нь хүргэж өгдөг охин хожмоо хорвоог хамт туулах хань, хүч, хөдөлгүүр нь байсныг хэн мэдэхэв. Мөнхтуул гэх бүсгүй өөрт нь дурлаж, үрийн зулай үнэрлүүлж, бүр өдийг хүртэл асарч халамжилж байгааг Т.Пүрэвбаатар ёстой л бурханы зурсан зураг, хувь тавилан гэж бодож талархаж явдаг тухайгаа нэгэн ярицлагадаа хэлсэн байдаг. Үхлээс өөр юу ч биднийг салгаж чадахгүй хэмээн ам гарч явсан хосууд нэгийгээ осолд ороод тахир, дутуу болонгуут хумсын чинээ ч нинжин сэтгэл гаргалгүй хаяад оддог нь ч бий. Тийм атал Пүрэвбаатар шиг хувьтай хүн ховор шүү гэх хүн олон байна. Ёстой л зурсан хувь тавилан гэдэг энэ байх. Анх эхнэртэйгээ суухад хадмууд нь Т.Пүрэвбаатарыг эрс эсэргүүцэж байсан гэдэг. Тэрээр “Яаж ийм хүнд охиноо даатгаад өгөөд явуулахав. Хэн ч байсан л тэгнэ. Гэхдээ одоо над шиг сайн хүргэн байхгүй шүү” хэмээн хошигнож байсан удаатай. Аав, ээж нь зөвшөөрөхгүй болохоор охиныг нь аваад оргож, мар­гааш нь эгчийгээ дагуулаад хадаг тавьж эхнэрээ болгож байсан сайхан түүх тэдэнд бий. Энэ бол 1999 он. Гэвч хайр, дурлалаар жигүүрлэсэн хосуудын амьдралд ууган үрээ мэндлэх үеэр нэгэн зүйл ихэд сэтгэл зовоож байсан аж. Учир нь хүүгээ өөртэйгөө адилхан төрөх вий гэж хэдэн ч өдөр, хэдэн ч шөнө нойргүй хоносон юм бүү мэд. Харин одоо эрүүл саруул П.Амартүвшин, П.Энхтүвшин гэх хоёр хүү, П.Цэлмүүн гэх нэг охинтой эцэг хүн болжээ. Пүрэвбаатар өнгөрсөн жил нэгэн нэвтрүүлгээр “Миний хань зөөлөн сайхан сэтгэлтэй, тусч, ажилч хичээнгүй сайхан эмэгтэй. Би том хүүхэд нь шүү дээ. Дөрвөн хүнийг халамжилж, хайрлана гэдэг амаргүй ажил. Би үнэхээр азтай хүн” хэмээн эхнэрээрээ бахархан ярьж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр түүний эхнэрээр монголчууд бахархаж байна. Үнэхээр энэ олон жил ханийнхаа дэргэдээс алхам ч холдолгүй, урам зориг хайрлаж бусдын л адил хүн гэдгийг нь мэдрүүлж амьдрах итгэлийг нь бадрааж яваа эмэгтэй.

УУЛ ШИГ НӨМӨРТЭЙ ААВ

Түүний аав, ээж өөд болоод олон жил өнгөрч байгаа аж. Тиймээс анх эхнэртэйгээ өрх тусгаарлахдаа л дүү нарыгаа хажуудаа авчээ. Хадмынхаа хашаан дахь хуучин амбаарт гал голомтоо бадрааж байсан залуу хосууд хүүхдүүддээ санаа тавихын зэрэгцээ дүү нараа хүний зэрэгтэй амьдруулах гэж их л хичээж, ажиллаж байсан аж. Эхнэр нь гурван хүүхдээсээ гадна нөхрөө халамжлах чухал үүрэгтэй учраас өөр ажил хийгээд явах зав байсангүй. Тиймээс гэр бүлээ тэжээхийн тулд мэргэжлээрээ ажиллахаас өөр зам байсангүй. Тиймээс хүний хөрөг зэрэг олон төрлийн зураг зурж хэдэн төгрөг олдог байж. Мөн “Меркури” захын гадаа долоо хоногийн 2-3 өдөр зогсч нэг ёсондоо гудамжинд лимбэ хөгжмийн тоглолт хийдэг байжээ. Хоногийн хоолоо залгуулахаас гадна дүү нарынхаа сурч боловсроход анхаарал тавина. Ингэж явсаар дүү нарынхаа гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачит том ах юм. Тиймээс дүү нар нь түүнийг тулж түших аав гэж хүндэтгэдэг байна.

МЭРГЭЖЛИЙН ЗУРААЧ

Тэрээр 2002-2007 онд ДУДС-ийг дүүргэсэн мэргэжлийн зураач. Харин лимбэ бол түүний хобби. Хүүхэд байхын л лимбэ тоглох хорхойтой байсан гэдэг. Түүний сурагч ахуй цагт “Хонгилдон” кино ид хүчээ авч, хүүхэд бүр түүн шиг зодоонч болохыг хүсдэг байсан бол Т.Пүрэвбаатар кинонд гардаг лимбэ хөгж­мийг ихэд сонирхож, өнөөг хүртэл энэ сонирхлоо хөгжүүлж яваа нэгэн. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Галсантогтох өөрийнхөө лимбийг дурсгаж байсан удаатай гэсэн. Түүнчлэн лимбэ хөгжмийн аялгуутай “Хэрвээ хүмүүс” хэмээх цомог хүртэл гаргаж байсан аж. Өдгөө 39 настай залуу хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, өөрийгөө алхам бүрт хөгжүүлж яваа бололтой. Гэр бүл нь түүний хувьд амьдрах утга учир, шалтгаан. Харин зураг зурна гэдэг амьдралынх нь баяр баясал гээд хэлчихэж болно. Тэрээр 2013 онд бие даасан зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байжээ. Энэхүү үзэсгэлэнгээ гаргахад нь багын найз Баатар гэх залуу тусалсан байдаг. Ихэнхдээ авангард, хөрөг, байгаль гэсэн гурван төрлөөр уран бүтээлээ туурвидаг аж. Сумогийн их аварга Д.Дагвадоржоос эхлээд олон нэр алдартай хүний хөргийг зурсан байна.

ОД ГИЙСЭН ОН ЖИЛҮҮД

Өнгөрсөн 2014 он түүний амьдралд олон дэвшил гарсан нь уран бүтээлийн цомог, үзэсгэлэн байсан. Үүнээс гадна А.Гантулга, Т.Гэрэлт-Од хэмээх сайн санаат хүмүүсийн ачаар лимбэчин гэр бүлийнхэнтэйгээ тохилог дулаахан орон сууцанд амьдрах болжээ. Учир нь түүний гэр бүлд “Буянт-Ухаа” хороололд хоёр өрөө байр авч өгсөн байна. Мөн “Айст Монголиа” телевиз 2014 оны “Онцлох” мэдээгээр түүний тухай мэдээллийг нэрлэжээ. Энэхүү шалгаруулалтыг Оросын үзэгчдийн хандалтаар тодруулдаг юм байна. Ер нь түүний ойр дотнынхон Пүрэвбаатарыг их бүтээлч, өөдрөг үзэлтэй нэгэн болохыг ярьж байсан. Ямартай ч амжилт бүтээлээр дүүрэн яваа Т.Пүрэвбаатар “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоноор өөрийн болоод бусдын амьдралд сайн сайхан олон өөрчлөлт авчирч, мянга мянган залуу гэр бүлд үлгэр дуурайл болж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Ирээдүй рүү аялсан нь” кинонд мөнхлөгдсөн өдөр

Америкийн нэрт найруулагч Стивен Спилберг болон Роберт Земекис нарын найруулсан “Back to the Future буюу “Ирээдүй рүү аялсан нь” гэх уран сайхны киног үзээгүй хүн бараг байхгүй биз ээ. Гэр бүлийн, зөгнөлт, адал явдалт болон инээдмийн гээд аль аль жанрт багтах уг киноны нэгдүгээр ангийг 1985 онд хийсэн бөгөөд тухайн үедээ кино шүүмжлэгчид, үзэгчдийн зүгээс маш өндөр үнэлгээ авч байсан гэдэг. Гучин жилийн өмнө бүтээгдсэн хэдий ч ирээдүй рүү аялагчдын үнэ цэн өдгөө ч хуучраагүй хэвээр үзэгчдийн хамгийн дуртай кинонуудын жагсаалтад багтсаар байна. Энэхүү киноны хоёрдугаар ангийг 1989 онд гаргасан бол 1990 онд гуравдугаар ангийг хийж үзэгчдийн хүртээл болгосон юм.

Алдартай киноны гол дүрүүдэд Майкл Джей Фокс, Кристофер Ллойд нар тоглосон юм. Киноны нэгдүгээр ангид залуу хүү Мартин Макфлай хөгшин найз доктор Брауны цаг хугацааны машинд санамсаргүй сууж 1985 оноос 1955 он буюу өнгөрсөн үе рүү буцсанаар эхэлдэг. Тэрбээр эцэг эхийгээ өсвөр насны охид, хөвгүүд байх үед ирнэ. Аавыг нь санамсаргүй машинаар мөргөж танилцан, түүнд дурлаж өөрийг нь төрүүлэх ёстой байсан ээж нь ирээдүйн хүүтэйгээ түрүүлж танилцан дурласнаар киноны адал явдал цааш үргэлжилдэг билээ.

Харин хоёрдугаар ангид цаг хугацаагаар аялагч хөгшин, залуу хоёр найз 1955 оноос техник технологи өндөр хөгжсөн ирээдүй рүү буюу 2015 оны аравдугаар сарын 21-ний өдөр рүү ирдэг. “Ирээдүй рүү аялсан нь” кинонд тэмдэглэн мөнхлөн үлдээсэн энэ өдөр өнөөдөр болж байгаа юм.

Нэрт найруулагч Стивен Спилберг болон Роберт Земекис нар 2015 оныг тухайн үедээ хэрхэн төсөөлж, зөгнөн бичиж найруулсныг эргэн нэг дурсацгаая. “Ирээдүй рүү аялсан нь” кинон дээрх 2015 он бодит байдал дээр өнөөгийн цаг үе, нийгэмтэй хэрхэн нийцэж, тохирч байна вэ?

Тус киноны хоёрдугаар ангид өсвөр насны хөвгүүнээс залуу эр болсон Мартин Макфлай болон түүний найз охиныг галзуу доктор Эммет Браун цаг хугацааны машинаараа дагуулан ирээдүй рүү очдог. Энэ удаад тэд хөгширсөн Мартин болон түүний гэр бүлийнхнийг аврахаар ирнэ. Гэвч дунд сургуульд байхаасаа Макфлайд дургүйлхэн гадуурхдаг байсан дээрэнгүй Бифф Таннен хөгширсөн хэдий ч залуу Макфлайг таньж түүнийг яагаад 60 жилийн өмнөх шигээ залуу болсон учрыг олохоор мөрдөж эхэлдэг. Үүний учир нь цаг хугацааны машинд байгааг Бифф ойлгож мэдээд уг машиныг хулгайлж өнгөрсөн үе рүү очино. Ингэснээр үйл явдал цааш өрнөдөг билээ.

Кинон дээр 2015 онд ирсэн Мартин Макфлай болон түүний найзууд жинхэнэ “соёлын шок”-нд ордог. Тэднийг ирээдүйд ирэхэд автозам үгүй болж бүх машинууд тэнгэрээр сүлжилдэн ниснэ. Хүмүүс нь сансрын нисгэгч юм уу жидайн баатрууд шиг сонин хувцас өмссөн байх бөгөөд янз бүрийн бэлдмэлийн хүчээр супер хүчтэй болсон байна. Гэр орон, ахуйн хэрэглэлүүд нь бүхэлдээ автоматжуулсан байх бөгөөд хаалгаа онгойлгох, хог соруулах, зурагт, гэрэл асааж унтраах, хувцас угаах тэр битгий хэл нохойгоо ч хөтөлж салхилуулах шаардлагагүй болсон байдаг. “Ирээдүй рүү аялсан нь” кинонд зөгнөснөөр нохойнд тань зүүсэн автомат хүзүүвч агаарт хөөрөн явж нохойг чинь салхилуулах болно. Хоол хүнс хүртэл өөрч­лөгдөж аяга шиг жижигхэн пиццаг халаагчид хийхэд энгийн том пицца болон гарч ирнэ.

Ямар ч хүн өмссөн таардаг, өөрийгөө хатаадаг өмд, цамц, өөрөө үдэгддэг гутал, дэлгэцэн дээр зам заадаг шил, малгай гээд бүх хувцас ухаалаг болно хэмээн “Ирээдүй рүү аялсан нь” киноны зохиолч, найруулагчид төсөөлөн бичиж байжээ. Түүнчлэн алхаж явах ч шаардлагагүй болж агаар дээр хөөрдөг скэйбоардаар залуус нь зугаалж байх аж. Энэ мэтчилэн Стивен Спилберг болон Роберт Земекис нарын уран төсөөллөөр 2015 оны аравдугаар сарын 21 гэхэд хүмүүсийн хэрэглэж буй бүхий л эд зүйлс, хувцас хэрэглэл, хоол хүнс ухаалаг, технологижсон болсон байх юм.

Өнөөдрийн нийгэмд “Ирээдүй рүү аялсан нь” кинонд гардаг шиг нийтээрээ нисдэг машин унадаг, бүрэн технологижсон байшинд амьдрах хараахан болоогүй байна. Гэвч ийм нийгэм тун удахгүй ирэхийг асар хурдацтай өөрчлөгдөж буй техник технологийн хөгжлөөс харж болно. Тус кинон дээр гардаг шиг эд зүйлсийг бүгдийг нь хийх боломжтойг эрдэмтэд, зохион бүтээгчид аль хэдийнэ баталчихсан. Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудад янз бүрийн ухаалаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байгаа билээ.

Тухайлбал, саяхан л гэхэд Японд ямар ч хүний хөлд таардаг гутал, хамгийн жижиг тээврийн хэрэгсэл болох “walk car“ буюу явдаг хавтан хийж танилцуулж байсан. Энэхүү хавтан нь “Ирээдүй рүү буцсан нь” кинон дээр гардаг нисдэг скэйбоардтай бараг адил гэж хэлж болно. Мөн “Apple”, “Samsung” тэргүүтэй олон улсын томоохон компани, корпорациуд янз бүрийн чадамжтай, хүний ажлыг хөнгөвчилсөн ухаалаг утас, цаг, таблет зэргээ танилцуулсан бол хүний биеийн халуун хэмжиж, сахарын хэмжээ, физиологийн онцлогийг тодорхойлдог ухаалаг ор, нисдэг машин, жолоочгүй онгоц болон машин, хүн шиг сэтгэл хөдлөлтэй роботууд, ургамал, ногоог автоматаар ургуулдаг кабин гэх зэргээр тоолж барамгүй олон шинэ технологийн бүтээлүүд гарч байгаа.

Мөн ирээдүйд анагаах ухааны салбар нано­технологи, биотехнологийн хүчээр илүү хөгжиж хүмүүс хөгширдөггүй болно гэж яригдах болжээ. Эдгээр шинэ төхөөрөмжүүдийг цөөн ширхгээр үйлдвэрлэж, үнэтэй худалдаалж байгаа учраас нийтийн хүртээл болж чаддаггүй гэж ярьдаг. Гэхдээ зөгнөлт кинон дээр гардаг шиг агаараар нь машин сүлжилдсэн, робот хүн хоёр хамтран ажилласан нийгэм удахгүй ирэх нь цаг хугацааны л асуудал билээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Сэр-Од: Ходоодны шархтай хүн хеликобактериа заавал эмчлүүлэх шаардлагатай

“Анжел” эмнэлгийн дотрын их эмч Ц.Сэр-Одтой ходоодны шарх яаж үүсдэг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө авлаа.

-Ходоодны шархаар хэр олон хүн өвддөг юм бол, өвчлөлийн шалтгаан юу вэ?

-Ходоодны шархлаа, ходоодны хеликобактерийн халдвар буюу хеликобактерийн үрэвсэл Монголд тархалт ихтэй өвчний тоонд ордог. Хеликобактери ходоодны үрэвсэл болоод цаашлаад ходоодны шарх үүсгэх аюултай. Энэ өвчин тодорхой үүсгэгчтэй учраас халдварын гаралтай өвчинд тооцогддог. Эрүүл хүн хеликобактеритэй хүнээс халдвар авдаг гэсэн үг. Халдвар наад зах нь бидний амьдралын буруу зуршил буюу хүүхдээ амнаасаа хооллосноос болж халдварлана. Мөн нэг алчуураар арчих, нэг аяга тавагнаас хооллох, гар угаах, бие засах газар эрүүл ахуйн дэглэм баримтлаагүйгээс халддаг байна. Хеликобактери ходоодонд ормогцоо идэвхтэй үржиж салстыг гэмтээж эхэлдэг.

-Ходоодны шархтай бол шинж тэмдэг нь яаж илэрдэг юм бэ?

-Ихэнх үед хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа цээж хорсох, дотор эвгүйрэх, гашуун зүйлээр огиулах, өтгөн хатдаг байна. Хоолонд хэт их ховдоглох хуурай аргуун хоол идэх, архи кофе хэтрүүлж ууснаас ходоодны хүчил нэмэгдэж цээж хорсдог. Ходоодны хүчил хэт ялгарснаас цээж хорсож ходоод гэдэсний хямрал үүсдэг. Хүмүүст илрэх шинж нь ходоод гэдэсний хямрал гэхээсээ илүү зүрхээр өвдөх мэт санагддаг. Хэрэв хэвтэхэд өвдөлт мэдрэгдэж байвал цээж хорсолт байж болно. Байнга эсвэл удаан хугацаагаар цээж хорсдог бол ходоодны шархлаа байж болох юм. Удаан хугацаагаар ходоодны хүчил нэмэгдэх нь ходоод, нарийн гэдэсний архаг шархлаа үүсгэдэг. Энэ шинж тэмдгүүд илэрвэл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

-Ямар хоол хүнс ходоодны шарх үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг вэ?

-Мах махан бүтээгдэхүүн, хиам, сосиск, халуун ногоо, хийжүүлсэн ундаа, архи, тамхи хэрэглэх нь ходоодыг цочроож ходоодны салст бүрхэвчний хамгаалалтыг бууруулдаг. Ходоодонд хэт их цочрол өгснөөр энэ өвчнийг үүсгэх гол нөлөөлөл болно.

-Ходоодны шарх бүрэн эдгэрдэг үү?

-Ходоодны шарх эдгэрдэг өвчин. Шархыг бүрэн гүйцэд эмчлүүлэхгүй бол сэдрэх тохиолдол бий. Тиймээс шархтай болсон бол мэргэжлийн эмчээр эмчлүүлэн дараа нь тодорхой хугацаанд хяналтад байх хэрэгтэй. Оношилгоо, эмчилгээ эмчтэй холбоотой ч бусад бүх зүйл эмчлүүлэгчээс хамаардаг. Хувь хүнээс болдог учраас хоолны дэгийг сайн барих хэрэгтэй.

-Ходоодны шархыг эмчлэхгүй удаан явбал ямар эрсдэлтэй вэ?

-Шархаа удаан эмчлүүлэхгүй явбал хавдар болох аюултай. Мөн ходоодны шарх задарч цус алдах уршиг бий.

-Ходоодны шархтай болсон бол ямар эмчилгээ хийлгэх вэ?

-Хамгийн түрүүнд хеликобактерийн шинжилгээ өгч, эмчлүүлэх шаардлагатай. Түүний дараа ходоодны шархны эмчилгээг хийнэ гэсэн үг. Эмчлүүлэгчийн шарх том, багаас шалтгаалж эмчилгээ өөр өөр байна. Хүмүүс өөрсдөө эмийн сангаас хеликобактерийн эм дур мэдэн авч ууснаас бактер нь эмэндээ дасал болчихдог. Тэрнээс болоод эмэнд дарагдахгүй сөрөг нөлөө гардаг.

-Ходоодоо эрүүл байлгахад хоолоо хэрхэн тохируулах вэ?

-Дээр үед нэг хүн нэг аяга, халбагатай байдаг байсан нь хеликобактери дамжихаас сэргийлдэг байж. Харин одоо энэ байдал алдагдсан учир аяга, тавгаа сайн ариутгаж, цэвэрлэх шаардлагатай болсон. Хамгийн чухал нь зөв хооллох шаардлагатай. Архи, дарс, өөх тос, хайрч шарж болгосон гээд ходоодны шүүрлийг ихэсгэдэг хоолноос аль болох татгалзах хэрэгтэй.

-Ходоодны шархаа яаж оношлуулдаг вэ?

-Ходоодны шархыг дурангаар оношилно. Мөн сүүлийн үед эхогоор хардаг болсон байна лээ. Гэхдээ түүнийг туршлагатай эмч нар харах байх. Дурангийн шинжилгээ хийлгэхээр шарх сэдэрнэ, шархгүй байсан бол шархална гэх мэтээр ярьдаг нь худлаа зүйл. Олон улсад 40-өөс дээш насны хүнд ходоодны хавдар тохиолддог боловч Монголд 20-30 насныханд тохиолдож байна. Тэгэхээр ходоодны шинжилгээг зайлшгүй хийлгэж байх хэрэгтэй.

Уламжлалт анагаах ухаанаар шархыг анагаах нь

Уламжлалт анагаах ухааны эмч нар эмчлүүлэгчдэдээ ургамлын тан өгдөг бөгөөд хоолны дэглэм сайн барих зөвлөгөө өгдөг байна. Тухайлбал, исгэлэн зүйлүүд, архи, дарс, айраг, ундаа, гаазтай ундаа, халуун ногоо, кимчиг хорьдог ажээ. Мөн хоолны хэмжээг тохируулж, бага багаар идэхийг зөвлөдөг байна. Уламжлалт анагаах ухаанаар эмчилгээ хийхэд махан хоол идэхийг хорихгүй ч өөх, тостой зүйлийг хэтрүүлж хэрэглэхийг сэрэмжлүүлдэг байна. Мөн эмчилгээ хийх үед оюун санаагаа тайван байлгахыг зөвлөдөг байна.

Зөгийн балтай ширгээсэн усны шид

Эмчилгээний хувьд хойлгийн мах, ходоодыг хатааж нүдсэн борцыг буцалсан усанд нэг халбага хийж уухыг зөвлөдөг аж. Энэ бэлдмэлийг өдөрт гурван удаа 14 хоног уухад нөлөөлдөг байна. Мөн манай орны хаа сайгүй ургадаг таван салааг хандалж уух, чацарганын тосыг хоолны халбагаар өдөрт гурван удаа уух зэрэг нь ходоодны шарханд сайнаар нөлөөлдөг гэнэ. Ходоодны шархны архаг өвчтэй хүн нэг амны халбага ургамлын тос балгаж гаатай чихэр хүлхдэг байна. Түүнийгээ залгиж болохгүй бөгөөд 10 минут байлгаад өтгөрсөн тосыг асгаж амаа зайлдаг байна. Энэ эмчилгээг өглөө өлөн элгэн дээрээ мөн орой унтахын өмнө хийвэл 10-20 хоногт үр дүнгээ үзүүлдэг ажээ.

Ширгээсэн усанд зөгийн бал хийж уух нь шарх эдгээх сайн эм болдог ажээ. Энэ мэт ардын эмчилгээнд хүмүүс янз бүрийн арга хэрэглэдэг юм байна.

Ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх

Олны дунд дэлгэрсэн ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх аргыг хүргэж байна. Эм бэлтгэх жор, арга: – 20 гр нунтаг хушга – 1/2 стакан, буцламгай усанд нэг ц/х зөгийн бал хийнэ. Хандлах хугацаа 30 минут байхад болно. Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд зөгийн балаа нэмж хутгана. Уух журам: Өдөрт нэг удаа десертний (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай. Бэлдмэлийг хэрэглэснээр ходоодны шархыг сайн аниулна, ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хаадаг байна. Мөн цусны шүүрлийг зогсоож, ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасдаг аж. Хушга өөрөө маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг. Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш тустай байдаг ажээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Генийн инженерчлэлийн аргаар гаргасан хоол хүнсийг хүлээж авах уу?

Олон орны иргэдийн хувьд болгоомжтой хандах энэхүү асуултад монголчууд за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Нэгэнт хүлээн зөвшөөрөөгүй учраас Монголд энэ төрлийн бүтээгдэхүүн орж ирээгүй гэсэн үг огт биш. Мэргэжлийн хүмүүс генетик инженерчлэлийн аргаар гаргасан хоол хүнсийг хортой гэдгийг батлаагүй бөгөөд улам бүр өсөн нэмэгдсээр байгаа дэлхийн хүн амыг хоол тэжээлийн дутагдлаас аврах гол арга зам гэх мэтээр тайлбарладаг. Хортой гэдэг нь хараахан батлагдаагүй болохоос биш огт хоргүй гэсэн үг биш. “Нутгийн шийдэл” сангийн санаачилгаар орчуулагдаж хэвлэгдсэн “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага”-д энэ талаар сонирхолтой мэдээлэл дурдагдсан байна. “Ихэнх генийн инженерчлэлд орсон үрийг химийн хор, бордоо үйлдвэрлэдэг байсан үйлдвэрүүд хийж байгаа бөгөөд мөн тэр компаниуд зарж борлуулж байна. Энэтхэгийн Карнаката муж улсад амьдардаг хөвөн тариалагчид химийн хор илүү их хэрэглэдэг, хөрс муутгадаг гэсэн үндэслэлээр генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан хөвөнгөөс татгалзаж тариалангийн талбайгаа шатаасан гэнэ.Эрдэмтэд ургамал амьтны генийг лабораторид өөрчилдөг. Хүссэн ургамлын шинж чанарыг гарган авахын тулд будаа, эрдэнэшиш гэх мэт тэс өөр хоёр ургамлын генийг хамтруулдаг. Амьтны генийг ч ургамлын гентэй хольдог аж. Цаас хийхэд зориулагдсан зөөлөн мод, мууддаггүй улаан лооль, хэвийн хэмжээнээс том загас, гахай зэрэг нь сонсоход мундаг ч байгалийн жамын эсрэг гэдэг утгаараа шүүмжлэл хүлээж байна. Генийн инженерчлэлд орсон хүнс нь харшил, химийн хордлого, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэсэн таамаглал явдаг ч ийм төрлийн бүтээгдэхүүнд онцгойлсон хаяг шошго тэр бүр байдаггүй, шинжилгээнд хамруулах арга байдаггүй нь бэрхшээл учруулдаг. Хоол хүнсийг генетикийн инженерчлэлд оруулсан эсэхийг мэдэхийн тулд генетикийн шинжилгээ хийлгэх учиртай. Одоохондоо манайхан гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнийг ге­нийн өөрчлөлттэй эсэхийг шинжлэхийн тулд биш гадаг­шаа гаргаж байгаа будаагаа генийн өөрчлөлтөд оруулаагүй гэдгээ батлахын тулд шинжилгээ хийлгэдэг юм билээ. Хэрвээ хөршүүд маань генийн өөрчлөлтийг тоодоггүйсэн бол юунд шинжилгээ, баталгаа шаардах билээ. Харин монголчууд хэнэггүй хэвээрээ хэр хол явах бол?

Б.Янжмаа

Categories
мэдээ нийгэм

Тооно одтой, цагаагчин хонь өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 22. Бархасвадь гариг, Билгийн тооллын 9. Тооно одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 07:45 цагт мандан, 19:07 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу тул аливаа үйлд хянамгай ханд. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​”Өдрийн сонин”-оос “Монголын 37 ронин” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн уншигч таны гарт хүрлээ. Манай сурвалжлах хэсэг Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын ажилтай газар дээр нь очиж танилцлаа. Одоогоор барилгын ажил 70 хувьтай явж байгаа бөгөөд санхүүгийн хүндрэл гарахгүй бол ирэх зургадугаар сард ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөх боломжтой аж. Энэ талаарх дэлгэрэнгүйг “Өдрийн сурвалжлага” буландаа орууллаа.

Түүхийн жимээр буланд “Монголын 37 ронин” хэмээх сонирхолтой материал орлоо. Холливудад өнгөрсөн жил нээлтээ хийн ашиг орлогоороо тэргүүлсэн “47 Ronin” уран сайхны кинонд 1701-1072 оны Японы 47 дайчин эрсийн баатарлаг гавъяа, эр зоригийг өгүүлсэн бөгөөд тэд үхнэ гэдгээ мэдсэн ч өөрсдийн шударга ёсны төлөөх тэмцлийг шантралгүй үргэлжлүүлсээр, зорьсондоо хүрч чаддаг. Тэгвэл XX зууны эхэнд, эр зориг, хүч чадлаараа тэдэнтэй дүйхээр Гэндэн гүний 37 цэргийн талаарх сонирхолтой баримтыг 12 дугаар нүүрнээс уншаарай.
Манай сонины долдугаар нүүрт Хятадын харъяат, өмнөд монгол иргэнээс 50 сая төгрөг нэхэж, барьцаалсан гэгдээд байгаа Баянзүрх дүүргийн иргэн Г.Түмэнжаргалын ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр гадаадын иргэнээс мөнгө нэхэж барьцаалсан биш, харин ч эсрэгээрээ 50 сая төгрөгөө Хятадын иргэнд хулхидуулсан гэдгээ өөрийн ярилцлагадаа дурдсан юм. Гуравдугаар нүүрт Төрийн соёрхолт, нэрт сэтгүүлч Б.Цэнддоогийн “Тэнэг Үүл (Бат)” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.
Энэмэтчилэн цаг үеийн сонирхолтой нийтлэл, мэдээ мэдээллүүд өнөөдрийн дугаарт багтлаа.

Categories
мэдээ нийгэм

​УИХ-ын гишүүн Г.Уянга “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө

Улсын төсвийг хэлэлцэж байгаа өнөө үед УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Ойрын хугацаанд эдийн засгаа тэлнэ гэвэл худлаа. Хэт хөөсөрч хөөсөн эдийн засаг бодит байдалтайгаа л нүүр тулах л асуудал манайд бий. Бодитойгоор эдийн засгаа тэлье урт хугацааны системтэй бодлого, ялангуяа үйлдвэржүүлэх бодлого хэрэгтэй байна … Наанадаж цалин тэтгэврээ тавьж чадаж байна уу, яажшуухан эдийн засгийн тэнцвэрээ хадгалж байгаад төсвөө батлуулах вэ … гээд тэр чигээрээ бужигнаж байна. Эхлээд үүнийг цогцоор шийдэхгүйгээр тулхтай, ул суурьтай урт хугацааны бодлого ийм парламент, төрөөс гарахгүй …” гэжээ.

Маргаашийн дугаараас үргэлжлүүлэн унших биз ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Тэнэг Үүл (Бат)” нийтлэлийг уншаарай

Төрийн шагналт, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Тэнэг Үүл (Бат)” фельетон “Өдрийн сонин”-д нийтлэгдлээ. Нийтлэлээс цухасхан цухуйлгахад “Бат-Үүлээ , чиний хамгийн тэнэг нь юу вэ гэхээр ийм бана. Байранд орсон гэр хорооллынхон, шинэ замаар давхих машинтайчууд, мөрөөдөлтэй, итгэлтэй болгосон хотын иргэд чинь чамайг хамгаална гэж итгэж байна уу? Чадвал алдагдсан эрх мэдлээ эргүүлж авах, чадахгүй бол хотынг чамтай хамт нураах гэж байгаа “улаан хамгаалагч” залуусаас тэд чамайг өмөөрнө гэж бодож байна уу. Ээ дээ юу л бол доо…” хэмээн бичжээ.

Нийтлэлийг бүрэн эхээр нь манай сонины маргаашийн дугаарын гуравдугаар нүүрнээс уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Ази, Номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн нэгдсэн хуралдаан маргааш болно

Ази, Номхон далайн аюулгүй байдлын хамтын
ажиллагааны зөвлөлийн (CSCAP) 10 дахь удаагийн нэгдсэн хуралдаан “Ази, Номхон далайд итгэлцэл бий болгох
нь: XXI зууны аюулгүй байдлын тогтолцоо” сэдвээр Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлсэн. Тус арга хэмжээг
CSCAP-ийн Монгол дахь Нарийн бичгийн дарга нарын газар болохҮндэсний аюулгүй
байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн(ССХ) зохион байгуулж байгаа
бөгөөд нэгдсэн хуралдаанд 20 орны 150 төлөөлөгч оролцож байна.

CSCAP бол бүс нутгийн аюулгүй байдлын орчин,учирч
буй сорилтын талаарэрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлт, санал,
санаачилгыг төр, засгийн
холбогдохбайгууллагад зөвлөмж болгон хүргэх,аюулгүй байдлын хамтын ажиллагааг
хөгжүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллага юм. Тус байгууллага
Еврази, Америк, Австрали тивийн улсыг эгнээндээ нэгтгэж жил ирэх бүр хүрээгээ
тэлж байна. Монгол Улс тус байгууллагад 1996 онд элссэн ч өнгөрсөн хугацаанд
зөвхөн судалгааны багт оролцсон байдаг. Энэ удаагийн нэгдсэн хуралдаан маргааш 09.00 цагаас “Чингис” зочид буудлын хурлын танхимд болно

Categories
энтертаймент-ертөнц

Охидын хамтлагтай баяраа тэмдэглэсэн Ким Чен Ун

Умард Солонгосчууд саяхан Ажилчдын нам байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн Пхеньян хотод сүрт цэргийн парад зохион байгуулагдаж, армийн зэр зэвсгийг олон нийтэд дэлгэн үзүүлсэн юм. Үүний дараа Пхеньянаас тус улсын удирдагч Ким Чен Уны баярын үйл ажиллагаанд оролцох үеийн гэрэл зургуудыг нийтэлжээ.

Тэрээр гэргий Ри Сол Жүгийн хамт хүндэтгэлийн концерт үзсэн бөгөөд Умардын залуу удирдагчийг тойроод Морабонг гэх Хойд Солонгосын охидын хамтлагийн гишүүд суусан байв.