Categories
мэдээ нийгэм

Хорих 461 дүгээр ангийн шүүх танхимыг татан буулгахаар болжээ

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид гэмт хэрэгт сэжиглэгдсэн болон ял сонсон хорих ангид хуваарилагдахаар хүлээгдэж буй иргэдийг цагдан хорьдог. Энэ хорих ангийг ашиглалтад оруулсанаар дотор нь шүүх хуралдааны танхимыг ч шинээр байгуулсан юм. Ингэхдээ олон шүүгдэгчтэй хэрэг, онц хүнд гэмт хэргийн ялтнууд гээд хорих ангид шийдвэрлэж болох хурлуудыг шүүн тасалдаг байв. Тэгвэл уг ангийн шүүх танхимд дахин шүүх хурал хийхгүй байх шийдвэр гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Шүүхээс дугуй түгжих үйлчилгээг хууль бус үйлдэл гэж үзсэн байна

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан өнөөдөр мэдээлэл хийж, зориулалтын дугуй түгжигч ашиглах журмыг илт хууль бус зүйл байсныг шүүхийн шийдвэр тогтоосон гэв. Өөрөөр хэлбэл, тус журмыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс илт хууль зөрчсөн үйлдэл гэж үзжээ. Тэрээр “НИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн дагуу өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны байдлаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234.9 сая төгрөгийн орлогыг хууль бусаар төвлөрүүлж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан болохыг ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон” гэв.

Иргэд өөрт учирсан хохирлоо барагдуулахаар шүүхэд хандахад зардал мөнгөнөөс эхлээд хүндрэлтэй тул ШӨХТГ нь иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд “Шударга төрийн төлөө” ТББ болон “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулж байгаагаа дуулгалаа.

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны зургадугаар 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулахаар гаргасан нэхэмжпэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Тиймээс, ШӨХТГ-аас НИТХ-ын тэргүүлэгчдийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хууль бусад тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Цэрэнтогтох хүүд буцалтгүй тусламж үзүүлэв

Гэрт нь гарсан гал түймрийн аюулаас төрсөн дүүгээ аварч, биеийнх нь 80 хувь түлэгдээд байсан Г.Цэрэнтогтох хүү Улаанбаатар хотын ГССҮТ, БНСУ-ын Хангасү эмнэлэгт эмчлүүлэн эрүүл саруул болсон билээ. Г.Цэрэнтогтох болон түүний ээжийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Нэргүй нар хүлээн авч уулзав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс өмнө нь Сонгинохайрхан дүүргийн удирдлагатай ярилцан амьдрах газрын асуудлыг нь шийдэж өгсөн бол өнөөдөр гэр, хашаа авахад нь зориулан буцалтгүй тусламж үзүүлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Харь гариг”-ийн бие хамгаалагч

АНУ-ын Тусгай алба Ерөнхийлөгч Барак Обамагийн аюулгүй байдлыг хангахын тулд 24 цагаар ажилладаг. Ерөнхийлөгч нь халдлагад өртөн нас барж, тус улсын тусгай багийнхны нэр хүнд нэг хэсэг газарт унасан ч өнөө үед Ерөнхийлөгчийнхөө аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг улсуудыг АНУ тэргүүлж байна.

Зэвсэглэл, машин тэрэгний тоноглолыг нь ярилтгүй. Сум нэвтэрдэггүй машинтай. Машиных нь шатахууны сав нь гал гарвал гал унтраагч, хөөстэй, дугуй нь бууны суманд сийчигдсэн ч 180 км цагийн хурдтай явахад ямар нэг асуудал гардаггүй. Мөн Ерөнхийлөгчид ямар нэг золгүй явдал тохиолдвол сэлбэх донор цусны нөөц машинд нь бэлэн байдаг. Энэ мэтээр Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байдаг бөгөөд аливаа нэг айлчлалд 250-400 зэвсэглэсэн тусгайгийн ажилтан, бие хамгаалагч зэрэг хэд хэдэн бүлэг дагалддаг.

АНУ-ын гурван Ерөнхийлөгч халдлагад өртөж амь насаа алдсанаас Ерөнхийлөгчийг хамгаалах тусгай алба үүссэн гэдэг. Энэ албанд бие хамгаалагчдыг сонгохдоо маш нарийн шалгуураар авна. Ажиллагааны үеэр хамгаалагчид хоорондоо бараг ярьдаггүй. Зөвхөн харцаараа ойлголцоно. Тус тусын үүрэгтэй цэгт очиж харцаараа эргэн тойрноо хянана. Чихэндээ дуу авиаг энгийн хүнийхээс хэд дахин илүү мэдрэх төхөөрөмжтэй. Энгийн хүмүүс бие хамгаалагч гэдгийг нь төдийлөн анзаарахгүй. Хамгаалагчид гэх лут биетэй эрчүүлийг ийм байдлаар ажилладгийг та бид кино сэлтээс олонтаа харсан.

Гэтэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хамгаалагчдын нэг нь олон хүний анхаарлыг татдаг. Тэр хамгаалагчийнх нь тухай элдэв янзын цуу яриа түгж, цахим ертөнцөд түүний талаар элдэв сэтгэгдэл хөвөрдөг.

Барак Обама олон улсын хурал дээр үг хэлэх үеэр түүний урдхан талд хоёр бие хамгаалагч зогсч байв. Наана зогсох хар арьст, гялайн толгойтой, бадриун эр заал руу харж зогсоод эргэн тойрноо нүд салгахгүй харна. Нүдээ гүйлгэж биш мөрөн дээгүүрээ харах тэр эр зурагтын бичлэгт ийн үлджээ. Тэр хамгаалагчийн толгойн хэлбэр нь энгийн хүнийхээс өөр, харь гаригийн хэмээн ярьдаг хүнийхтэй төстэй. Удалгүй өнөөх бие хамгаалагч хуралд оролцогчдын хойно гарч зогсоод өнөөх л байдлаар эргэн тойрноо сэжигтэйгээр харна. Нүднийх нь харц хүйтэн тэр эр анх харсан хэнд ч аймшигтай сэтгэгдэл төрүүлнэ. Хэн нэгэн санамсаргүйгээр эвгүй хөдөлгөөн хурдан хийвэл шууд л буудаж мэдэхээр бэлэн байдалтай байгаа нь анзаарагдана. Тухайн хурлаас хойш тэр бие хамгаалагчийн зураг, бичлэг мэдээллийн хэрэгслүүдээр дахин гараагүй юм. Тухайн үед бичлэгт үлдсэн тэр хамгаалагчийг чухам хэн байсныг мэдэх гэж эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг сэтгүүлчид хөөцөлдсөн ч ямар нэг зүйл олж илрүүлээгүй.

Бичлэгт үлдсэн тэр эр хэн байв? Юутай ч эзэлсэн байршлаас нь үзвэл нэгдүгээр зэрэглэлийн хамгаалагч, 32-35 орчим насны, биеийн байдлаас нь үзвэл зодоон, бие хамгаалах урлагаар бэлтгэгдсэн, толгойны хөдөлгөөн болоод нүдний харц шилжилт нь түүнийг мэргэн буудагч гэдгийг нотолно гэж тухайн үед мэргэжлийн шинжээчид ярьж байжээ. Хэвлэл мэдээллийнхэн тэр үл мэдэгдэх бие хамгаалагчийг “Мөлхөгч”, “Шилжигч”, “Харь гаригийн хүн” гэх мэтээр нэрлэж байлаа.

Нүдний ухархай нь гүн, духны яс нь урагш түрсэн байдал нь түүнийг зарим хүнд хэвлээр явагч мөлхөгч амьтан мэт харагдуулсан нь түүнийг ийн “Мөлхөгч” гэж дуудуулсан юм. Мөн гэрэлтэй үед энгийн хүн шиг харагдаж байснаа гэрэлтүүлэг буурах үед харь гаригийн хүн мэт үзэгдсэнээс нь үндэслээд түүнийг “Шилжигч” хэмээж байжээ. Юутай ч нэг хэсэг Обамагийн нууцлаг бие хамгаалагч гэгдэж олон хүний анхаарлыг татаж байсан тэр залуу дахин ямар нэгэн бичлэгт үлдээгүй юм. Харин түүний талаар Тусгай албанаас няцаасан мэдээлэл өгч “Тэр зүгээр л манай нэг ажилтан байсан. Юун харь гаригийн хүн. Хэтрүүлэг. Видео бичлэгийг яаж л бол яаж өөрчилдөг болсон цаг” гэсэн тайлбарыг хийж байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай хамгаалалтын албанд олон жил ажилласан Р.Делла гэх эр өөрийн ажил мэргэжлийнхээ тухай “35-аас доош насны 175-190 см өндөртэй, 75-90 кг жинтэй, тусгай бэлтгэгдсэн залуусыг манай албанд авдаг. Төрийн тэргүүний бие хамгаалагч сэтгэл зүйн өндөр чадвартай, аюулыг урьдчилан мэдэрч түүнээс сэргийлж чаддаг байх хэрэгтэй. Бие хамгаалах төрөл бүрээс 30 янзын мэх эзэмшсэн, зэвсгийн бүх төрлийг ашиглах чадвартай байдаг. Ерөнхийлөгчийг айлчлах улс орны хотуудын авто замыг нэг бүрчлэн судалж, мэдсэн байх ёстой. Мөн аливаа хорт бодисыг ялгадаг байх зэрэг 80 гаруй чадварыг эзэмшсэн байх шаардлагатай” хэмээн ярьжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг хамгаалах бие бүрэлдэхүүн дунд явсан тэр үл мэдэгдэх залууг хэвлэл мэдээллийнхэн ийнхүү элдэв янзаар оролдсон ч чухам хэн байсныг мэдэж чадаагүй. Тэр залуу дахин олны нүдэнд гарч ирээгүй ч цахим ертөнцөд төлбөртэй сэтгэгдэл бичигчид буюу троллчид “оролдсоор” л байгаа. “Обама өөрийгөө харь гаригийнхнаар хамгаалуулдаг. Харь гаригийн хүн мэт царайтай тэр эр аягүй бол робот ч байж мэднэ. Магадгүй Обама ч харь гаригийнх байхыг таашгүй” хэмээн бичсээр буй.

Д.САРУУЛ

Categories
мэдээ улс-төр

Ил тод байдлын хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангагджээ

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн бэлтгэл холбогдох яамдад бүрэн хангагдсан талаар өнөөдөр Сангийн яамнаас мэдээллээ.


Хэвлэлийн хуралд Сангийн дэд сайд С.Пүрэв, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Гаалийн ерөнхий газрын дара О.Ганбат, Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Батбаатар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч /МҮХАҮТ/ Б.Лхагважав нар оролцсон юм.

Энэ үеэр Сангийн дэд сайд С.Пүрэв “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль энэ оны наймдугаар сарын 7-нд батлагдсан. Хуулийн зорилго нь төрийн байгууллага, албан тушаалтны илрүүлж чадахгүй байгаа, бүртгэлээс гадуурх хөрөнгө, орлого, үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хариуцлагаас нэг чөлөөлөхөд оршиж байгаа” гэв.

Хуульд зааснаар нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа 10 дугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд сайн дураар ил болгох учиртай. Тиймээс энэ ажлыг хангах үүднээсhttp://iltod.mta.mn сайтыг нээн ажиллуулж байгаа юм.

Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн бэлтгэлийг хангах үүднээс холбогдох дөрвөн агентлагийн 8000 гаруй мэргэжилтнүүд ажилласны дүнд үндсэндээ жигдрээд байна. Энэ намрын чуулганаар багагүй хууль, журамд өөрчлөлт орно. Тэгвэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлснээр санхүү, бүртгэлийн системээ шинэчлэх боломж бүрдлээ хэмээн харж байна” гэв.


Ямартай ч албаны хүмүүсийн онцолсноор иргэн, аж ахуйн нэгжид мэдээлэл түгээж, зөвлөгөө өгөх ажил өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Ингэснээр иргэд дараах утсаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг ил болгохтой холбогдсон асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авч болох юм байна.

Харин нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааны мэдээллээ 2016 оны 12 дугаар сарын 31-ний 24.00 цагийн дотор багтаан ирүүлэх ёстой ажээ.

МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УТАС:

  • Татварын асуудлаар 18001288
  • Нийгмийн даатгалын асуудлаар 328030-309, 18001289
  • Улсын бүртгэлийн асуудлаар 18001890
  • Гаалийн асуудлаар 18001281
  • Санхүүгийн тайлангийн талаар 263069, 264966
Categories
мэдээ нийгэм

ФОТО: Супер сар

игдөр супер сар гарлаа. Өөрөөр хэлбэл, сар дэлхийд хамгийн дөт зайд тулж ирэв. Олон улсын сансар судлалын сайтуудад мэдээлснээр энэхүү үзэгдлийг өнгөрсөн 20 жил тохиогоогүй гэж буй. 1900 оноос хойш гэхэд л нийтдээ таван удаа “супер сар” гарчээ. Тухайлбал, 1910, 1928, 1946, 1964, 1982 онуудад сар дэлхийтэй хамгийн ойр орших тойрог замаар явж өнгөрсөн байх нь.

нь дэлхийгээс сар хүрэх зай дунджаар 384000-384600 км. Харин дэлхийд ойртох үедээ ойролцоогоор 36300 км, алсрахдаа 405696 км болдог байна. Тэгвэл өчигдөр гарсан сар 356880 км болж дэлхийд дөхөж ирэв. Ингээд супер сар дэлхийн улс орнуудад хэрхэн харагдсаныг доорх зургуудаар харуулъя.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд их хэмжээний цас орсноор иргэд цасанд боогджээ

Хөвсгөл аймагт их хэмжээний цас орсноор өнгөрөгч бямба гарагт тус нутагт явсан тээврийн хэрэгслүүд зорчих боломжгүй болж, иргэд цасанд боогджээ.

Улмаар аймгийн Онцгой байдлын газраас тусламж дуудаж, гаргуулсан байна.
Мөн тус аймгийн Ханх сумын Цураг багийн нутаг “Их сант”-ын даваанд /Ханх сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ дөрвөн автомашин, 19 зорчигч цасанд боогдож явах боломжгүй байсныг аймгийн Онцгой байдлын 12 алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлэн, ар гэрт нь хүргэж өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Ахмад дайчдыг шагнана

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиож буй билээ. Ойн хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголын ахмад дайчдын алдар гавьяаг үнэлж, талархал дэвшүүлэн манай таван ахмад дайчинд ойн медаль гардуулахаар болжээ.

Энэхүү шагналыг зөвхөн Монголын ахмад дайчдад гардуулж буйг аж. Ойн медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 17:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд болно.

Categories
мэдээ нийгэм

Дунд голын нүхэн гарц нээгдлээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, Энхтайваны гүүрний ачааллыг багасгах зорилгоор Энхтайвны гүрний зүүн талд Дунд гол дээгүүр тавьж буй 58 метр урт гүүрны ажил өчигдөр дууссан байна. Түүнчлэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хөрөнгөөр тус дугуйн зам тавих ажил хийгдэж буй.Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох 1.5 км авто зам, 48.6 урт метр хайрцаган дам нуруутай төмөр бетон гүүр, 9.58 урт метр хавтан дам нуруутай төмөр бетон гүүр болон 20 метр урт төмөр зам доогуурх жижиг тэрэг гарах нүхэн гарцын ажил дууслаа.

Долоон метрийн өргөнтэй энэ нүхэн гарцаар зөвхөн 2.3 метр болон түүнээс доош өндөртэй тээврийн хэрэгсэл зорчих боломжтой аж. Шинэ нүхэн гарц ашиглалтад орсноор Энхтайваны гүүр, нарны гүүр, замын цагдаагийн призер гарцын ачаалал 30 орчим хувиар багасна гэсэн төлөвлөгөөтэй байна. Мөн хараагүйчүүдийн нийгэмлэгээс Энхтайвaны гүүрэн доогуур тавигдах туслах зам нь хоёр эгнээ долоон метр өргөн тавигдахаар болсон. Ингэснээр нарны гүүрийг давалгүй паркийн баруун урд уулзвар хүртэл явах боломж бүрдэх юм.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл танайд-өнжье туслах-ангилал

“Завхан”-ы БАТСҮХИЙНХ

“Завхан”-ы С.Батсүх гавьяатынд
өнжихөөр утас цохилоо. Hi tone-оор өөрийнхөө дуулдаг “Хайрлаарай” дууг
сонгожээ. Зорилгоо хэлтэл “За хө найр, хуримын урилга заллагатай өнөөдөржин
завгүй байх болов уу. Чи юу ч гэсэн хүрээд ирэх үү” гэж уриалгахан зөвшөөрөв. Гавьяатынх
Гандангийн хойд талын өндөр дэнж дээр сүндэрлэх “Очир” хотхоны гурван өрөө
сууцанд амьдардаг юм байна. Бид Батсүх дуучинтай хагас цаг хууч хөөрөх
“виз”-тэй. Хурим, найрын ёслол дууссаны дараа дахин уулзах тохироотойгоор яриа
хөөрөөгөө эхэллээ. Гэрийн эзэгтэйг кофе чанах зуур нутаг ус, удам судрыг нь
сонирхов. Дуучны төрсөн сум нь Завханы Алдархаан гэдгийг уншигчид андахгүй
байх. Батсүх дуучин ханийнхаа бэлдэж өгсөн байхууг оочлонгоо “Явуухулан
найрагчийн аав Бэгз гуайн өвөлжөөний урд аманд өссөн хүн дээ, би. Донойн
хөндийн хажуугийн тэр ууланд Явуухулан, Ванган, Дорж генерал, жүжигчин
Бадамгарав гээд олон алдартан төрсөн. Тэр нутагт их учир байх шиг санагддаг”
гэж хуучлав. Удамд нь урлагийн хүн байхгүй ч ээж нь их гоё дуулдаг хүн байж.
Гавьяат аав, ээжээс наймуулаа гэнэ. Ер нь ах, дүүгээрээ л дуулж хуурддаг улс юм
байна. Ертөнцийг үзэх үзлээ Дэндэр гэж үлгэрч эмээгээс авснаа ярилаа. Олон айл
дамжиж амьдарсан тэр эмээгийн үдэш бүр ярьж өгдөг байсан үлгэрүүдийг
“Өнөөгийнхөөр жишвэл аймшгийн кино ч юм шиг, уянгын драм ч юм шиг элдэв өнгийн
мэдрэмж төрнө” гэж зүйрлэснээ “Тэндээс л би мөрөөдөх чанараа олсон байх.
Үлгэрээ сонсчихоод зүүдэндээ умбана даа, харин ч нэг. Бага ангид байхдаа
концерт үзсэн юм. Тэр үед Зангад гуайн дууг сонсчихоод яг ийм хүн болохсон гэж
мөрөөддөг болов оо. Би их сонин хүүхэд байсан. Ганцаараа байх дуртай. Хонинд
явахдаа хүртэл ганцаараа явна. Тэгээд хадат цохион дээр хонинуудынхаа өмнө гарч
зогсоод дуулна. Дараа нь өнөө гоё хүн шиг ёсолно. Зангад гуай болж байгаа нь
тэр. Завханы театрт тохиолдлоор орж хоёр жил ажиллачихаад барилгын техникумд
явдаг юм билүү гэсэн бодлоосоо ухрахад хүрсэн шалтгаан нь мөн л энэ
мөрөөдөмтгий чанар маань. Хөдөлмөрийн баатар Намхайнямбуу гуайн “Москва,
Ленинград хоёр чинь миний хотон дотор байсан юм байна” гэсэн ярилцлагыг
сониноос уншаад бодлоо өөрчилчихсөн. Намхайнямбуу гуай хонио хариулж явахдаа их
том мөрөөддөг хүн байсныг уншаад яг надтай адилхан санагдсан” гээд яриагаа
үргэлжлүүлэв. Ингээд л театртаа үлдэж олонд танигдах эхлэлээ тавьсан гэнэ.
Лутбаяр, Жамъян, Цэвээнравдан, Бавуудоржтойгоо нийлж байгаад дуугаар “өвчилсөн”
түүх нь эндээс эхлэлтэй аж.

Завханы театрынхан гэж хэсэг
нөхөд “Тэс мөрөн ээж”, “Дорнын намуун Отгонтэнгэр”, “Хань минь”, “Дуут нуур”,
“Аав уул”, “Бадар хундага”-ыг зохиож, тэр дуунууд нь Монгол даяар дуулагдаад
эхэлж. Батсүх гавьяат л гэхэд “Тэс мөрөн ээж”, “Дорнын намуухан Отгонтэнгэр”,
Долоовор хуруундаа зүүний сорвитой гэж ирээд эхэлдэг “Хань минь” гээд нэлээд
дуунд ая хийснийг уншигчид андахгүй. Гавьяат тэр үеэ “Бидний таван үгний дөрөв
нь дууны тухай байсан шүү. Хийж байгаа дуунуудаа хэнд зориулаад хаана хүргэх нь
тодорхой биш. Тэгсэн хэрнээ л дуугаараа амьдарсан сайхан он жилүүд” гэж дурсав.
Байсхийгээд Лутбаярыгаа ярих юм. “Манай Лутбаяр чинь Сүхбаатарынх. Завханы
хүргэн болоод манай аймагт ирсэн юм. Дулаахан энергитэй хөөрхөн шар залуу ирж
байлаа. Хүн татдаг сайхан энергитэй улс байдаг даа. Яг л тийм хүн. Тал нутгийн
залуу Завханд анх ирээд Завханы тухай олон дуу хийсэн дээ. Завхан олон яруу
найрагчтай. Гэхдээ дууны шүлэг рүү хошуураагүй байсан юм. Өдөөгч нь яах аргагүй
Лутбаяр. “Аав уул” нь их гоё. Ургуулан ургуулан бодоход минь уул шиг нөмөртэй
аав минь ээ, Нутгийн тахилгатай овоодын нуруутай жаахан Зотол минь, Торниж
өсөөд хүү чинь тос даасан бор уул болно оо, Тал талдаа толгод ургуулсан тан
шигээ нөмөртэй уул болно оо гээд уншихаар их сайхан. Лутбаяр зүрхнээс гарснаа
шууд бичдэг. Гоё үг хайж бичдэггүй, тийм салхитай яруу найрагч. Бидний дундаас
гавьяат аваагүй ганц нь Лутбаяр маань” гэж гунигтай өнгөөр дуугарав.

Биднийг ид ярилцаж суутал
гэрийн эзэгтэй “Цаг боллоо. Хувцсаа өмсөх үү” гэсээр орж ирэв. Гавьяат
ханьтайгаа цагаан дээлээр ижилсэхээр болжээ. Гэрийн эзэгтэй нөхрийнхөө дээлийг
нь өмсүүлж, үсийг нь засч бүх л зүйлийг нь нямбай гэгчийн бэлдэж өгөх юм.
Гавьяат “Би чинь Пагмагүй бол хэцүүдэх хүн байгаа юм. Тоглолтын өмнө миний бүх
л юмыг бэлдэнэ шүү дээ. Би гарч дуулах л үүрэгтэй. Нэг удаа Бөхийн өргөөнд
тоглолттой болоод ганцаараа явахаар болов оо. Тэгсэн чинь хоёр өөр гуталтай
очиж паакталсан” гэж хэлээд хөгжилтэй инээхэд гэрийн эзэгтэй санаа зовсон
бололтой “Гэрэл бүдгэрүүлээд харагдуулаагүй биз дээ” гэж байна. Нөхөр нь
жуумалзсанаа “Тайзан дээр гараад ирсэн чинь гэрэл бүдгэрээд явчихсан тал ч бий
шүү” гээд дотно харцаар ханиа ширтэнэ. Эзэгтэй нөхөртөө малгайг нь өмсгөнгөө
“Ядаж байхад хүмүүсийн урдуур хэчнээн ч явдаг юм, шалавхан ороосой гэж яс
хавталзаад сууж чадахгүй нэлээд юм болсоон” гэж инээмсэглэн хэлээд өөрийгөө
бэлдэхээр цааш эргэв. Дээрээ очиртой, орой дээрээ мөнгөлж алтадсан хээтэй,
урдаа соль түлхүүртэй, ур гаргасан нь илт чамин малгай юм. Бадар хундага руу
явахдаа захиалж хийлгэжээ. Гэрийн эзэн “Цаг ч дөхөж байна л даа. Гэхдээ сая
нутаг явснаа нэг ярьчихъя. Өвөлжөөндөө буусан үед гэрээсээ гарахаар Отгонтэнгэр
харагддаг байлаа. Аав надад “Хүү минь тэр хайрханы тал дунд тавь гарч байж
очоорой. Үүнээс наана бэлээр нь амьдраад явах ёстой шүү” гэж захьсан юм. Би
тавь гараад Даянгийн орой дээр гарсан. Хэдхэн хоногийн өмнө Бадар хундага дээр
очоод ирлээ. Бадар хундага гэж дуулаад байснаас биш очиж үзээгүй. Очих тэр үед
танил хүнтэйгээ уулзсан юм шиг нэг тийм дотно мэдрэмж төрсөн” гэж хуучлаад
дараагийн ажилдаа яарав.

Оройхон товлосон цагтаа
гавьяатын гэрт эргэж ирэхэд мөн л Завханаар овоглодог Х.Оюунцэцэг гавьяат
ирчихсэн бужигнаж байна. Гэрийн эзэгтэй зочныхоо авчирсан адууны махыг
чаначихсан уран бүтээлийн яриа ид өрнөж байхад нь яваад орчихов. Завханы театрт
байхаасаа нөхөрлөж өнөөг хүрсэн найзууд аж. Нэг нь Завханд, нөгөө нь
Улаанбаатарт ч гэлээ үзээгүй киногоо бие биедээ ярьж өгөхөөс эхлээд утсаар бол
хачин ойрхон амьдардаг хоёр бололтой. Нэг нь “Манай Оюунаа чинь театрыг
мэргэжлийн талаас нь сүрхий авч явсан. Бас Цагаан дуганы гэгээд тоглосон” гэж
магтана. Нөгөө нь “Би найзынхаа олон сайхан дууг дуулсан. Манай Батсүх чинь их
дайчин. Мундаг хүн дээ” гэж зөрүү барина. Хөдөөгийн театрынхан жүжиглэнэ,
бүжиглэнэ, дуулна гээд бүх л номерт ордог онцлогтой. Хоёр найз бүжиг, жүжигтээ
маруухан, Батсүх нь жүжигт үнэн голоосоо дургүй байсан гэнэ. Оюунцэцэг гавьяат
нэг сүрхий инээд алдсанаа “Би та нарт их сонин юм ярьж өгье. Бид хоёр чинь
“Алтан үст охин”-д гол үүрэг гүйцэтгэсэн ш дээ. Алтан фондод орсон болохоор
хүүхдийн баяраар гардаг юм. Хүмүүст ингэж хэлэхээр хоороос өөр хэсэгт гардаггүй
шүү дээ гэнэ л дээ. Алтан үст охиныг айлгаад байдаг нохой, аалзан дотор чинь
бид хоёр байгаа” гэж хэлээд гэрийн эзэн, эзэгтэй хоёрын инээдийг барав.

Зочны өрөө бусад айлын л
жишгээр ханын шүүгээ, буйдан, ширээтэй. Ханын шүүгээнд нь нэлээд хэдэн хөөрөг
харагдав. “Таныг хөөрөг цуглуулдаг гэж дуулсан. Энд ямар хөөрөгнүүд байна” гэж
сонирхоход “Уг нь цуглуулах сонирхолтой. Хүмүүс сонирхохоор өгчихдөг гэм бий”
гээд суудлаасаа өндийв. Далайн шүрэн, бразилийн нил ягаан болор зэрэг ховор
сонин чулуун хөөрөг хэд хэд байна. Гэрийн эзэн чамин юм цуглуулах дуртай гэнэ.
Бугуйвч, гинж их сонирхдог бололтой. Зааныг төрөл бүрээр нь эгнүүлчихэж. Сүүлд
тодорсон Жалханз хутагтын бэлэглэсэн эрхи эдний ханын шүүгээнд байгаа нандин
эдийн нэг аж. Бадар хундага руу явахдаа урлуулсан малгайгаа бас хүндэтгэн
залжээ.

Унтлагын өрөөний хажуугийн нар
руу харсан цонхтой өрөө гавьяатын өглөө бүр тухалдаг газар нь юм байна. Нэг
хана нь тэр чигтээ бурхан тахил юм. Шүтлэгтэй айл гэдэг нь харваас илт. Аав,
ээжийнхээ хөргийг энэ өрөөнд хүндэтгэн залжээ. Төгөлдөр хуур, морин хуур,
гитар, хуучны ятга, тогдгор Галсантогтохын бэлэглэсэн лимбэ бас энэ өрөөний
чимэг. Гэрийн эзэн цонхны хажуугийн сандал дээр сууснаа “Би өглөө бүр яг эндээс
нар руу харж суугаад өөрийнхөө хэн байсан, хаанаас эхлэлтэйгээ боддог. Ээжийгээ
дурсдаг өрөө. Кофе, цай уунгаа өөртэйгөө ярилцдаг. Хөдөө чинь их өөр. Өөртэйгөө
уулзах цаг их. Над шиг мөрөөдөх дуртай хүнд таатай шүү дээ. Хотод тийм зав
олдохгүй. Тэгээд л өглөөний нарнаар өөртэйгөө уулзах цаг гаргадаг юм” гэж
ярилаа.

Энэ үеэр эзэгтэй хоол бэлэн
болсныг дуулгав. Бууз, цайтай оройн хоолны үеэр гэрийн эзэн амьдралаа ярилаа.

“Цэргээс дөнгөж ирсэн үе. Өвөлдөө жижиг гэрт ээжтэйгээ өвөлждөг
байсан юм. Нэг өвөл хойд талынхаа жижиг байшинд техникумын гурван охиныг
суулгалаа. Ээж Хөвсгөлийн охинтой нь суу гэж ятгана. Тэгээд танилцлаа. Том
хүүгийн минь ээж л дээ. Хөвсгөлд байдаг хүүг минь монголчууд мэднэ. Тэр маань
сургуулиа төгсөөд хүний гарт шахуу хөгшчүүлтэй гээд нутаг явсан. Би театртаа
ажиллана гээд үлдсэн. Хүүгийн маань хойд аав их сайн хүн. Дархан хүн байдаг юм.
Түүнээс хойш арав гаруй жил олон сайхан охид, бүсгүйчүүдтэй үерхэхээс
хэтрээгүй. 35-тайдаа театрынхаа хөгжимчинтэй гэрлэсэн. Биеэ их сайхан авч явдаг
цэмцгэр бүсгүй. Тэр маань Очир-Эрдэнэ, Очирхуяг гэж хоёр сайхан хүү төрүүлж
өгсөн. Би хот руу орж ирэхээр болж, хөвгүүдийн маань ээж тэндээ амьдарна гээд
хоёр тийш болсон. Хотод ирээд Пагматайгаа ханилсан даа. Пагма маань Завханы
Тэсийнх. Хоёр хүүгийн маань нэг нь Японд, нөгөө нь энд сурч байна. Манай хүн
өдөр бүр ярьж анхаарал тавьдаг юм” гэж байна. Хүүдээ орон сууц авч өгсөн гэнэ.
Том хүүг нь Анхболд гэдэг аж. “Тантай адилхан, их гоё дуулдаг залуу гэцгээдэг.
Одоо хаана амьдардаг вэ” гэхэд ”Саяхан ирсэн дуулдсан. Хэд хэдэн удаа өөр
дээрээ авах гэж үзсэн. Пагма байсхийгээд гэртээ авчирна аа. Даанч буруу тийшээ
далийгаад болохгүй юм. Хэзээ нэгэн цагт сайхан үе ирэх байх аа. Өөрийн үр л
хойно сайн явбал дэмжээд амьдрахсан гэж боддог” гээд дуугаа
хураав.

Гэрийн эзэгтэй Ренчинпагма их
дуу цөөтэй юм. Асуултнаас “Манай хүн их сайн ярьдаг юм аа. Миний хань ярьчих”
гээд бултчих янзтай. Кофе чанах зуур нь товчхон яриа өрнүүллээ. Гэрийн эзэгтэй
их шүтлэгтэй аж. Завханы Тэсийнх учраас Ажиа гэгээнийг шүтдэг гэнэ. Гэрийн эзэн
биднийг шашин шүтлэгийн тухай яриа өрнүүлэх зуур “Манай хүн ч жинхэнэ шүтлэгтэй
шүү. Сайхан санагддаг. Би бол тийм ч айхтар шүтлэгтэй хүн биш шиг байгаа юм.
Бид хоёр саяхан нэг хувилгаан дээр очлоо. Гэтэл тэр хувилгаан “Нөхрөө дахиад
авчраад хэрэггүй байх аа” гэсэн байна лээ” гэж ярианд оролцов. Эзэгтэй кофе
аягалангаа “Аав маань насаараа жолооч хийсэн сайхан хүн. Ээж оёдлын мастер. Би
аав, ээжээсээ дөрвүүлээ. Ханийнхаа ар талыг сайн дааж явах юмсан гэж хүсдэг дээ.
Би ч өөр юу ярих вэ дээ” гээд бидэнд сонирхуулах зургийн цомгоо авчрахаар нөгөө
өрөө рүү оров.

Зургийн цомогт нь Далантай,
Түвшинтөгс, Лутбаяр, Адарсүрэн, Бавуудорж, Жамъян гээд дууны урлагт нэр нь тод
эрхмүүдтэй авахуулсан зураг өчнөөн юм. “Таны дуунуудыг сонсоод байхад шүлэг нь
их гоё байдаг. Шүлгэндээ их анхаардаг уу” гэж асуухад “Би ер нь шүлэг их
голдог, дураараа өөрчилдөг хүн. Манай Лутбаярын шүлгүүд гоёчлоогүй, сэтгэлээс
гарсан байдаг гэж өмнө хэлсэн дээ. Бавуудорж болохоор их бодож бичнэ. Энэ хоёрын
шүлгийг нэг их өөрчлөх шаардлагагүй байдаг. Зарим шүлгийг бүр танигдахгүй
болтол өөрчилж дуулах үе гардаг. Сая фэйсбүүкээр Болорцэрэн гэдэг бүсгүй их гоё
шүлэг явуулсан. Эр хүнийг орлож бичдэг сэтгэл зүй тэр бүсгүйд байна аа. Хонин
борлогоороо сундлаад жимсэнд явсан намрыг, хоёул хамтдаа хуучлаад нэрсгүй
буцсан намрыг, одоо очоод нэг харахсан… гараад ирэхгүй амрагаа гадаа нь
хүлээгээд хономоор оо” гээд их хөөрхөн үгтэй. Дуу хийгээд Машбатаараа дуулуулж
эхэлж байна. Уншингуут дуулчихсан. Ая нь шууд ороод ирсэн л дээ. Хөхнийх нь
товчийг имэрсэн ч биш дээ гээд Бавуудоржийн шүлгийг бас шууд хараад дуулсан.
Ямар ч засваргүйгээр ая хийсэн. Бавуудорж гэж урт үстэй дуугүй залуу энэ
шүлгийг анх авчирч өгөхөд төрх янз нь яруу найрагч хүн шиг биш, араншин нь ч тэр
зүгийн биш болохоор их гайхаж байлаа. Энэ хүнээс ийм шүлэг гардаг аа гэж
гайхаад. Дараа нь “Өвлийн зөөлөн цас заамаар урсахаар өвснөөс өөрцгүй тансгаа
мэдэрдэг дээ”, ”Сэтгэлийн тооноор уул минь гэрэлтэнэ, сэмээрхэн дотогшоо нулимс
бөмбөрнө өө“ гээд олон гоё дуу хийсэн. Бавуу маань төрийн соёрхол аваад бүр
даруу болсон байна лээ. Их дотогшоо хүн. Тэнгэртэй уяатай юм шиг гоё бичдэг
найрагч. Хэн нэг нь хэлээд бичүүлээд байгаа юм шиг” гэж ирээд баахан ярив.
Батсүх гавьяат таалагдсан шүлэг бүрээ цээжилчихдэг бололтой. Дууны яруу
найргийн тухай яриа бараг хоёр цаг хэртэй өрнөхөд өчнөөн шүлгийг тэрүүхэндээ
донжтой уншина лээ. Өөрийгөө хөгжмийн зохиолч биш ая зохиогч гэж тодорхойлов.
“Ардын дууг энгийн хүмүүс зохиосон байдаг. Би шүлэгнүүд харж байгаад дуулчихдаг.
Нийтийн дуу гэдэг бол ардын дууны үргэлжлэл. Ая зохиогч нарын хийснийг нийтийн
дуу гэдэг байх. Би бол ая зохиогч. Нийтийн дуу зохиолын дуу шиг хөгжмийн онолд
баригдалгүй, зүрхнээс ундарснаа гоёчлолгүй гаргадаг учраас хүнд амархан хүрээд
байдаг болов уу” хэмээн яриагаа үргэлжлүүлэв.

Зургийн цомгийн багагүй хэсгийг
гэр бүлээрээ гадагшаа аялсан зургууд эзэлжээ. Жилд нэг удаа аялах нь эдний гэр
бүлийн хувьд уламжлал гэнэ.

Гэрийн эзэгтэй гэнэт нэгийг
санав бололтой “Батсүх ээ, нөгөө БНМАУ-аа яриач” гэж шавдуулахад гэрийн эзэн
хөгжилтэй инээснээ “Би багадаа авдар, хувцас, дэрний уут гээд бүх зүйл дээрээ
БНМАУ-ын Батсүх гэж бичдэг байсан юм. Тухайн үедээ товчилж бичихэд амар гэж
бодсон байж магадгүй. Гэхдээ их сонин санагддаг юм. Сэтгэлдээ байшин зурвал тэр
нь бүтдэг гэдэг шиг л юм болсон шиг санагддаг. Намайг сонсох дуртай хүмүүсийн
алга ташилт их урам өгдөг. Яг сэтгэл рүү алга ташаад байх шиг санагддаг.
Үзэгчидтэйгээ ойртож ярьж дуулж сурсных юм болов уу гэж боддог юм. UB палас-т
ирсэн 3000 хүн зэрэг дуулахаар бас их гоё. Ер бусын. Сэтгэлээсээ гаргаж эхэлж
дуулсан дууг минь олон түмэн дуулахаар сайхан санагддаг” гэж ярив.

Биднийг байх үед хамаатан
садных нь хоёр, гурван хүн эзэгтэй рүү ярьж зөвлөгөө авна лээ. Хэн нэг нь ургац
хураасан ногооноосоо өгнө гэж утасдсаныг гэрийн эзэгтэй нөхөртөө дуулгав. Энэ
үгийг сонссон гавьяат “Хүний амьдралд хань их чухал. Тэр дундаа уран бүтээлч
хүнд. Уран бүтээлчид сайн ханьтай байж амжилт гаргадаг. Би их азтай хүн. Дандаа
сайхан хүмүүстэй таарсан. Хоёр хүүгийн минь ээж намайг гавьяат жүжигчин болтол
ар талыг минь авч явсан. Пагма маань нийтийн дууны зах зээлийн жижиг ч гэсэн
орон зайд намайг аваад явж байна. Хоёр талын ах дүү бүгд Пагма руу ярина шүү.
Манай хүн ч зохицуулна гэж сүрхий. Манай ах дүү нар надтай ярихгүй. Пагма руу л
ярина. Утас нь болохгүй бол над руу залгаад Пагма байна уу гэдэг юм” гэж ярив.

Яриа өрнөсөөр нэг л мэдэхэд
оройны 21.40 цаг болсон байлаа. Гэрийн эзэн “Би амьдралынхаа эхний гурван
давааг залуу насны аагаар давсан. Зориг эрч хүчээр. Гурвын даваанд төрөөс цолыг
нь дуудчихангуут онгирч давхиад шинэ зодог шуудаг өмсөөд гарчихсан. Ингээд элэг
бүс сулраад дөрвийн даваанд өөрөө өөрийнхөө мэхэнд уначих гээд их зүдсэн. Өргөн
түмэн түшиж байж дөрөв давуулсан. Тавын даваанд өөрөө ам угтуулаа авсан учраас
давсан. Зургаагийн даваанд толгойгоороо барилдах ёстой гэж бодож байна. Найм
давчих байх гэж бодож байгаа” гэсээр биднийг үдэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН