Categories
мэдээ нийгэм

Гадаад хэргийн яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын уулзалт болно

Гадаад хэргийн яаманд Монгол Улсын Гадаад хэргийн яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын ээлжит аравдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр болно. Уулзалтад Монголын талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, АНУ-ын талаас тус улсын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон Далайн асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Монгол Улс, АНУ-ын харилцаа, бүс нутаг, олон улсын сонирхсон асуудлуудаар зөвлөлдөж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ойрын зорилт, төлвийн талаар санал солилцоно.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ДАШТ-нд 450 орчим тамирчин оролцож байна

Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд өчигдөр эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-д 120 гаруй орны 450 орчим тамирчин өрсөлдөнө. Өнөөдөр, маргааш сонгомол бөхийн дэлхийн аваргын медальтнууд тодорно.

Чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Батцэцэг, ОУХМ С.Бямбацэрэн, Б.Шоовдор, Г.Наранчимэг нар дэвжээнд гарна.

Энэ удаагийн ДАШТ-ий эхний зургаан байрт шалгарсан тамирчид олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авах юм.

Лас Вегаст болж буй тус тэмцээнд оролцох Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, ОХУ-ын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Мамиашвали нарт АНУ-д зорчих виз олгоогүй гэсэн мэдээлэл байна.

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын хамтарсан баг ажлын айлчлал хийж байна

Халдварт бус өвчний(ХБӨ) Дэлхий дахины стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Монгол Улсад халдварт бус өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд техникийн туслалцааг өргөжүүлэх зорилгоор НҮБ-ын хамтарсан баг энэ өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна. Тэд өчигдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон газар, хэлтсийн дарга нартай уулзлаа.

Тус айлчлалын үеэр төлөөлөгчид ХБӨ-ний чиглэлээр бусад салбаруудын авч буй арга хэмжээ, тухайлбал тамхины хяналт, архины хор уршиг, замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ болон тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлст анхаарлаа хандуулж ажиллах аж. Мөн түүнчлэн дээрх чиглэлээр салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах, тэдгээрийг хэрэгжүүлэх сан бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой гэдгээ салбарын сайдад уламжилсан. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа ХБӨ өвчлөл ихсэж байгаа. Монгол Улс чихрийн шижин, зүрх судасны өвчлөл, хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашид олон нийтэд суурилсан иргэдийг оролцоог дэмжсэн үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх нь чухал байна. НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын энэ удаагийн ажлын айлчлалд амжилт хүсье. Цаашид энэ чиглэлээр амжилттай хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэв.

М.ЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Дуучин Ч.Бадрал эх орондоо ирлээ

Олон улсын Дуурийн дуулаачдын уралдааны гурван удаагийн Гран при, мөн гурван удаагийн Дэд байрын шагналт, “Мөнгөн мод” шилдэг уран бүтээлч шалгаруулах уралдааны Шилдэг дуучин ЦДБЭЧ-ын дуучин Ч.Бадрал эх орондоо ирлээ. Тэрбээр ОХУ-ын Москва хотод бие даасан уран бүтээлийн тоглолтоо өргөн барьсан билээ. Түүнийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, ЦДБЭЧ-ын хамт олон болон Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн угтлаа.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүх өлсгөлөн зарлана

Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх энэ сарын 10-нд хэлэлцэхээр товлосон. Шүүх хуралдааныг хүртэл шүүгдэгчдийг цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Мөн дараагийн хуралдааныг Урьдчилан хорих 461 ангид хийхээр болсон. Цагдан хорьсон болон шоронд шүүх хуралдааныг хийх тов гаргасныг Л.Гансүх эсэргүүцэн өлсгөлөн зарлахаар шийджээ. Учир нь шүүх хуралдааныг телевизээр шууд дамжуулах хүсэлтийг шүүгдэгчид гаргаад байсан. Гэтэл энэ боломжийг хааж байна гэж тэд үзэж байгаа аж. Энэ талаар өмгөөлөгчид нь өнөөдөр мэдээлэл хийхээр товложээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёр хөршийн арми хүчирхэгжих, тэдний зэр зэвсэг сайжрах нь бидэнд баяр бахдал төрүүлэх зүйл мөн үү

Хоёр хөрш маань ялалтын баяруудаа нижгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Өнгөрсөн хавар Улаанталбайд Оросын цэрэг армийн парад болсон бол хэдхэн хоногийн өмнө урд хөршийнхөн маань парадлав. Олон мянган цэрэг дайчид оролцсон сүрт жагсаал, сүүлийн үеийн ололтот технологийг ашиглан бүтээсэн техник, танк, онгоцны цуваагаа харууллаа. Парадаар цэрэг армиа хичнээн мянган хүнтэй вэ, ямар аугаа хүчин чадалтай танк, онгоцтой юм гэдгээ гайхуулав.

БНХАУ-ын ялалтын парадын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон билээ. Монголын хувьд хоёр том хөршийн дунд оршин тогтнодог тусгаар улс болохоор урилгынх нь дагуу очиж оролцох нь дипломат ёсон.

Монгол Улс ингэхээс ч арга байхгүй. Ёстой нөгөө хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэдэг үг байдаг. Харин манай хэвлэл мэдээллийнхэнд бол тэнд болж байгаа цэрэг зэвсгийн жагсаалыг хэлэх үгээ олохгүй хүний өмнөөс хөөр хөс болж магтах нь илүү зан мэт санагдах юм. Тэд парадыг орон даяар шууд дамжуулж, “Парад смирно”, “Ли жэн“ гэх дуу хадаан наана эфирт мэргэжлийн гэх тодотголтой хүмүүс нь тайлбар хийж парадыг дэргэд нь байгаа мэт олон түмэнд хүргэдэг болсон. Парадыг шууд дамжуулж байгаа, үйл явдлыг газар дээрээс нь мэдээлж буй, наана нь орчуулан тайлбарлаж байгаа гээд бүгд л уулга алдацгаан цэрэг арми, зэр зэвсгийнх нь мундгийг магтацгаав.

“Хүн төрөлхтний дайн байлдааны зэвсгийн хамгийн сүүлийн үеийн загварыг эндээс л харж байна”, “Армата” танк бол цель буюу байгаа зуун хувь устгадаг. Дэлхийн армиудын мөрөөдөл болсон бүтээл”, “Сүүлийн үеийн баластик пуужин 8-12 мянган км-ын тусгалтай, АНУ-ын баруун эрэг, Гуамын арал дээр байгаа байг юу ч үлдээхгүй зуун хувь устгаж чадна”, “Сөнөөгч дуунаас хурдан үл үзэгдэгч онгоц бол хүн төрөлхтний хувьд армийн салбарт бүтээсэн том ололт” ч гэх шиг эфир дүүрэн баяр хөөртэйгөөр орилж, буу, пуужинг магтан дуулсан нь хэр зөв зүйл бол оо. Үүгээрээ Хятад, Оросын цэрэг армийн хүч АНУ-ыг устгах чадалтай гээд байгаа бололтой юм. Энийг мэдэж байх нь бидэнд тийм чухал юм уу.

Дэлхий дахин ардчиллаас өөр сонголт одоохондоо байхгүй байна аа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ардчиллын эх орон нь Америк буюу барууныхан байгаа. Манайх ч ардчиллыг сонгоод олон жил болж байна. Эдгээр тайлбарлагч сэтгүүлчид яахаараа заавал Америкийг устгаж чадна гэж хөөр хөс болоод байгааг ойлгохгүй юм. Яагаад ардчиллыг устгахыг тэгж их хүсээд байна вэ.

Хятадаас эсвэл Оросоос орчуулга хийхдээ өөрийн орны үнэт зүйл, үзэл баримтлалд халдахгүйгээр уусгаж олон түмний сонорт хүргэдэг. Гэтэл урд эсвэл хойно хашгирсан хүмүүний яриаг цуурай мэт даган төрөлх хэлээрээ давтан орилох нь өөрийн ухаантай хүний үйлдэл мөн үү.

Тэр магтан дуулаад байгаа целиэ зуун хувь устгадаг танк, тив алгасагч пуужин, үл үзэгдэгч онгоцны алсын тусгалтай бууны ам нэг л өдөр бидэн рүү чиглэхгүй гэх баталгаа хаана байна. Зуун хувь, юу ч үлдэлгүй устгагдах бай нь бид ч болж мэдэхийг хэн үгүйсгэх юм бэ. Яагаад гэвэл бид тэр орны иргэд биш шүү дээ. Бид оросын ч хятадын ч харьяаны улс биш. Бид туурга тусгаар хил хязгаартай бүрэн эрхт бүгд найрамдах улс.

Хөндлөнгийн аль нэг орны өөрийн үндэстнээс өөр л бол хэнийг ч ялгалгүй алахаар бэлтгэж бүрэн цэнэглээд агсчихсан байгаа үхлийн хөнөөлт тэр зэр зэвсгийг амаа олохгүй магтах нь бодолтой хүний явдал биш. Манай хэвлэл мэдээлэлд өөрийн гэх ухаан санаа байна уу. Нэгэнт чиглэсэн бууны аман дээр цагаан тагтаа суулгаад, уяраагаад, цаасан шувуу өмнөөс нь нисгээд ч зогсохооргүй тийм үзэл цаана чинь байна. Хүүхдүүд ч тэгж дуулахаа больчихсон.

Цэрэг армийн жагсаал, танк, хуягт, байлдааны онгоц сүлжилдсэн энэ мэт дайныг сурталчилсан парад манай Монголын залууст яавч сайны үлгэр болохгүй. Ийм парад ойр ойрхон болж байна гэдэг нь залуусыг дайнч, байлдаанч үзэл рүү чангааж байгаа далд санаа байхыг үгүйсгэхгүй. Бид шинэ залуу үеэ тийм зүйлээс хол байлгаж, дайн гэхээр цус нь хөөрдөггүй, эрдэм мэдлэгээр цэнэглэгдсэн, түүхээрээ бахархдаг, энх тайван амьдралыг эрмэлздэг хүнлэг нийгмийн энэрэнгүй эзэд болгохын төлөө хичээж байгаа. Тэгвэл ийм ч сайн дэлхийд байхгүй хүчирхэг танк тийм ч хол тусч амьдралыг орвонгоор нь хуу арчин хаях пуужин, тийм ч чадалтай цэргүүд жагсаж очоод амьд амьтан үлдээхгүй хядаж, хүчиндэж, дээрэмдэж чадна гэж хөөрлөх нь тэгээд тэдний өмнөөс ингэж бахархах нь хэнд хэрэгтэй зүйл байна аа.

АНУ ялалтын баяраа тэмдэглэдэг. Дайнд оролцож явсан гэх хэдэн авгай, хөгшчүүл хэд гурваараа сугадалцаад л жийпнийхээ ард тэр үед ашиглаж байсан бололтой хуучирч муудсан их буу, зэв болчихсон танк хуягт энэ тэрээ чихчихсэн үзүүлэн болгон харуулж байдаг. Манай аль нэг байгууллагын ойн баярын хэмжээний л юм болоод өнгөрдөг. Дайны тэр гашуун гаслан зовлон, хагацал гунигийг хэзээ ч баяр бахдал байсан хэмээн үздэггүй, аль болох даруухнаар гэхдээ тэр үед дайтаж байсан ахмадаа хүндлэх гавьяаг нь дурсан хүндлэх гэсэн үзлээр тэмдэглэдэг.

Монгол Улс бол ардчиллыг сонгосон. Дайн байлдааны эсрэг, энх тайвныг эрхэмлэн, мөнх тэнгэрийн дор хамтаар энх амгалан оршихыг эрмэлздэг улс. Үүнийг телевизүүд, хэвлэлийнхэн анхаарч жаахан ч гэсэн ухаантай, бодлоготой хандах хэрэгтэй.

Хоёр хөрш маань хүчирхэгжихийн хэрээр бидэнд айдас болгоомжлол заавал төрж байх ёстой. Барууныхан, Америк, Япон, Солонгос маань л адилхан хүчирхэг байгаасай гэж залбирч байхаас өөр зам бидэнд байхгүй. Бидний тусгаар тогтнолын баталгаа баруун буюу гурав дахь хөрш гэдгийг манай өвөг дээдэс мэдэхийн цаагуур мэдэж байсан.

Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн тухайн үедээ хаант оросод айлчилж байхдаа цаагуураа гуравдагч хөршийн эрэлд гарсан байдаг. Тусгаар тогтнолоо аль болох олон оронд зөвшөөрүүлэх хүсэлтэй байгаагаа дуулгахад Хаант Орос эрс эсэргүүцэж, дэмжээгүй. Гэсэн ч тэрээр өөр ямар нэг хүчирхэг гүрний дэмжлэгийг эрэлхийлж, хөөцөлдсөөр Японоос ирсэн Комада гэх япон хүнтэй энэ талаар ярилцаж байсан тухай түүхийн сурвалжуудад тэмдэглэгдсэн нь бий. Харанхуй шөнөөр хувцсаа солин өмсөж гурав дахь хөршийн эрэлд гаран гүйж яваад оросуудад баригдан буцаан хүргэгдэж байсан юм гэнэ лээ.

Хоёр хөрш маань ингэж л биднийг чанга гараар барьж байсан.

Хэлмэгдэлтийн үед Дилав хутагт Жамсранжав баруунд зугтааж гарснаараа амьд үлдсэн ганц монгол хутагт байсан гэдгийг та мэддэг үү. Бусад хутагт хувилгаад бүх лам нараа бид бүгдийг нь хядаад дуусгасан түүхтэй.

Хэрвээ Монгол Улсад тэр үед гуравдагч хөршийн харилцаатай ямар нэгэн орон байсан бол гучаад оны их хэлмэгдүүлэлтээр 45-55 мянган иргэнээ хядчихгүй байх байсан. Яагаад гэвэл амьд хүн байна даа, гадагшаа дүрвэхийг бодно шүү дээ. Энэ олон монгол хүн баруунд дүрвэн гарсан бол одоо тэнд шинэ цагийн монгол үндэстэн үүсэн бий болчихсон байх байлаа.

Ийм хатуу төмөр хөшигний дотор амьдрах гэж шар махтайгаа хатаж байсан үндэстэн бид. Ардчилал ялаад бид дэлхийд гарах цонх хаалга нээгдсэн гэж үздэг. Тиймээс ардчиллын өлгий орныг цөмийн пуужингаар сөнөөж чадна гэж эндээс тэр хүний өмнөөс хийрхэх ч дээ. Үнэт зүйлсийнхээ өөдөөс нулмих нь зөв биш шүү.

Алив зүйлд цаад утга санаа, гогцоо гэж бий. Бичгийн хүмүүс цэг, таслал тавихдаа хүртэл сэтгэл зүрхээ чагнадаг. Үүнтэй адил Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч, мэдээллийн байгууллагууд энэ мэтийг бодож тунгаан, хэлэх, ярихаа бодолцон сэтгэлийн хөөрөл, бусдыг дагаж хийсдэг, туг мэт хөнгөн зан, хамхуул шиг салхины аясаар өнхөрдөг үйлдлээ болих хэрэгтэй.

Ядаж л энгийнээр бодоход олон нийтийн газар ханцуйгаа шамлан хутга бариад яваа хүнийг хараад хэн ч “Ээ энэ хүү яасан сайхан том, хурц хутгатай юм бэ. Тэрний хоолойг яг хэрчиж чадна” гэж магтаж шагшаан шуугиан болдоггүй биз дээ, монгол хүн.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Аз жаргал мэдрүүлдэг “Sugar”

“Maroon 5” хамтлагийн “Sugar” гэж дуу бий. Хэмнэлтэй хөнгөн аятай энэ дууг дагаж дуулсаар ажилдаа ирэхэд цаанаа л нэг аз жаргалтай. Таарсан хүн бүр рүү сайхан инээмсэглэмээр тийм нэг таатай мэдрэмж төрүүлдэг юм. Угаасаа дууны клипэн дээр ч хуримлаж буй хос дээр очиж гэнэтийн бэлэг барьдаг тухай гардаг. Амьдралынх нь хамгийн чухал өдөр хайртай хамтлагийнхан нь ирж гэнэтийн бэлэг барихад хэрхэн аз жаргалд умбаж буйг өгүүлдэг юм. Нэг ёсондоо сайхан дуу тийм хүчтэй гэсэн үг. Дэлхийн хөгжмийн ертөнцийг бүтэн хоёр сарын турш байлдан дагуулсан энэ дууг “Youtube” сайтаас 712 сая хүн үзсэн байна лээ. Яг үүн шиг нэг сонсоод л сэтгэл сэргээд, цоглог болгодог дууг манайхан гаргадаг болмоор байна. Сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүдийг сонсоод байхад дандаа л гансарсан, шаналсан утгатай байх юм. Эс бөгөөс хаягдаж бүтэлгүйтсэн хайрын тухай дуулна. Нэг нэгийгээ магтаж, талархаж, хайрлан дуулж болдоггүй юм байх даа. Магтвал гагцхүү адууны тухай л дуу зохиох ажээ. Адгуусыг өөд уруугүй магтан дуулахын оронд хүний тухай ганц сайхан дуу зохиож болмоор санагдана. Тэрийгээ хит болгож олон нийтэд хүргээсэй. Тухайлбал, дээр өгүүлсэн “Мaroon 5” хамтлагийн “Sugar” дууны хэсгийг өөрийнхөө хэмжээнд орчуулбаас

Би зүгээр л чамтай хамт баймаар байна

Тиймээс чи айх хэрэггүй

Надад гялалзсан зүйл хэрэггүй

Нүүрээ будах хэрэггүй, хонгор минь

Над дээр ирээч хайрт минь

Яагаад гэвэл надад хайр, энхрийлэл хэрэгтэй байна

Чи надад сайхан хайрыг мэдрүүлээч

Амьдралд минь гэрэл гэгээ хэрэгтэй байна… гэдэг юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 14 хэм дулаан

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 0- 5 градус хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна..

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө 3-5 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

2015 оны 9 дүгээр сарын 09-нөөс 9 дүгээр сарын 13-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи 9-11-нд говь, талын нутгаар, 12-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. 11-нээс нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-оос Л.Гансүхийн шүүхийнхэнд хандаж бичсэн захидлыг уншаарай

Үндэсний өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар танд хүрч байна. Энэ дугаар 16 нүүрээр хэвлэгдлээ.

Өдрийн сурвалжлагаар 94 жилийн түүхтэй Гуравдугаар сургуулийн нээлтийн үйл ажиллагааг хүргэж байна. Гурван жил өөр сургуулийн байрыг хуваалцан хичээллэж байсан “Монгол 3” өчигдөр сурагчдаа хүлээж авсан юм. Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-оос уншаарай.

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн үйл ажиллагаа сонины тэргүүн нүүрт нийтлэглээ. Арав гаруй хоногийн хугацаатай хуралдах уг чуулганаар Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг, зургаан сайдыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Мөн энэ тухай АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын дэлгэрэнгүй ярилцлагыг Улс төр нүүрнээс уншаарай.

Нийтлэлийн бодлогоороо нийгэмд жин дардаг Баримт, үзэл бодол нүүрт “Өршөөлийн хууль батлагдсанаар улстөр эрүүлжинэ” нийтлэл хэвлэгдлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгуудаар ажилласан. Энэ тухай томилолтыг сонины дөрөвдүгээр нүүрээс дэлгэрүүлэн уншаарай.

Баримт, үйл явдал нүүрт Л.Гансүхийн шүүхийнхэнд хандаж бичсэн захидлыг нийтэллээ. Тэрбээр захидалдаа юу гэж өгүүлснийг зөвхөн “Өдрийн сонин”-оос унших боломжтой. Мөн энэ нүүрт ноцтой гэмт хэргийн талаарх мэдээллийг сэрэмжүүлжээ. Таксины үйлчилгээ үзүүлж байсан иргэний хоолойг нь зүсээд машиныг нь аваад зугтсан ноцтой хэрэг гарсан байна.

Дэлхий мэдээ нүүрт Украины Ерөнхийлөгч П.Порошенкогийн “Америкийн дуу хоолой”-д өгсөн ярилцлагыг нийтэллээ. Тэрбээр “Бид эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэж байгаа юм” гэж ярьжээ. Энэ нүүрнээс Кишиневт эсэргүүцлийн цуглаан үргэлжилсээр байна, BBC Хойд Солонгос руу нэвтрүүлгээ цацахаар болсон зэрэг дэлхий дахинд өрнөсөн үйл явдлуудыг уншаарай.

Эрүүл мэнд нүүрт адууны кальцийг үйлдвэрлэгч “Монхимо” компанийн захирал М.Ариунаагийн ярилцлагыг тольдоорой. Кальци нөхөх энэхүү бүтээгдэхүүн нь үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнгээс гран при шагнал хүртжээ. Энэхүү адууны кальцийг Япон, Хятадууд гэр бүлийнхэндээ бэлэглэхээр ихээр авдаг байна.

Энэ дугаарын онцлох нийтлэлийн нэг бол жүжигчин О.Бат-Өлзийгийн ярилцлага байгаа. Тун удахгүй түүний “Маш нууц” кино нээлтээ хийх гэж байгаа аж. Эрхэм жүжигчний амьдрал уран бүтээлийн сүүлийн үеийн мэдээллийг энэ ярилцлагаас тольдоорой.

Лааз, шил түүдэг далан настай өвгөн хөрөнгийн зах зээл дээр тоглоод зөвхөн хувьцааны ашгаараа хоёр сард гурван сая төгрөг олдог байна. Хөрөнгийн зах зээл дээр аль ерээд оноос тоглосон түүний жилийн ашиг нь арав гаруй сая төгрөг аж. А.Чулуун гэхээр хөрөнгийн захынхан андахгүй. Түүний сонирхолтой ярилцлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөрөнгийн зах зээлийн тоглогч А.Чулуун гуайн сонирхолтой ярилцлагыг “Өдрийн сонин”-оос уншаарай

Лааз, шил түүж, амьжиргаагаа залгуулдаг 70 гаруй настай хөгшин тэтгэврийн мөнгөө цуглуулж байгаад хувьцаа худалдаж авдаг байна. Тэрбээр бль 90-ээд оноос хойш хөрөнгийн зах зээл дээр тогложээ. Эдийн засагт мэргэжилтэй бөгөөд уншсэн ном нь тоогоо алдсан гэсэн. Түүнийг А.Чулуун гэдэг. Өвгөн аль социализмын үед ажлаасаа халагдаад самар түүж, тарваганы арьс өвчиж, ундаа зарж, юм юм л үзэж. Мань эр ажилгүй болчихоод Төв хорооны дарга Төмөр-Очирын орчуулсан “Мөнгө” гэдэг номыг уншсан гэж байгаа. Өнөө номонд нь хөрөнгийн зах зээлийн талаар гардаг юм байна л даа. “Мөнгөө өсгөх хүнд энэ зах чинь уг нь их дажгүй юм, даанч манай нийгэмд байхгүй юм даа” гэж бодож суусан өвгөнд ардчилал ялж, Хөрөнгийн бирж байгуулагдсан нь том олз байлгүй хаачихав. Брокер дээр харайж очоод данс нээлгүүлчихэж. Бичиг баримтаа гээчихсэн, регистрийн дугаараа мэдэхгүй учраас анхандаа хэцүү байсан гэдэг. Брокерууд хувьцааных нь ашгийг идэхээс эхлээд шантармаар тохиолдлууд гарч байсан ч хөрөнгийн захаас урваагүй өдий хүрчээ. Энэ эрхэмийн туулж ирсэн амьдрал хэрхэн хөрөнгийн зах зээл дээр тоглодог арга таны сонирхолыг өөрийн эрхгүй татаж байгаа биз. Тэгвэл А.Чулуун гуайн ярилцлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай. Түүний хувьцааны жилийн ашиг нь 10 гаруй сая төгрөг гэнэ. Тэрбээр дор хаяж 300 сая хүрэхээр хүссэн зүйлдээ зарцуулна гэж боддог ажээ.