Categories
мэдээ нийгэм

Ангийн хүүхэд нь маажсаныг багшийг нь болгож гүжирдсэн гэв

Өнгөрөгч амралтын
өдрүүдээр Сонгинохайрхан дүүргийн 119 дүгээр цэцэрлэгийн багш О.Цэцгээ ангид нь
элсэн орсон хоёр настай хүүхдийг зодсон талаарх мэдээлэл цахим ертөнцөд багагүй
шуугиан дэгдээсэн. Багшдаа зодуулсан гэх хүүхдийн хөхөрсөн нуруу, гар болон
хумсны сорви бүхий хүзүүний зураг цэцэрлэгийн багшийнх нь харгис, балмад
үйлдлийг шүүмжилсэн сэтгэгдлүүдийн хамт фейсбүүк хуудаснаа богино хугацаанд
олон хүнд хүрсэн. “Есдүгээр сарын 1-нд манай найзын хүүхдийн бугалга хэсэг
хөхөрсөн гэртээ ирсэн бол есдүгээр сарын 2-нд чихнийх нь ард хэсгийг урсан
байсан гэнэ. Гэтэл өчигдөр (есдүгээр сарын 3-нд) гуяны дотор тал, гэдэс, нуруу
нь хөхөрсөн, чихэн дээрээ хумсны сорви болсон байна гээд ангийн багшид нь хэлэхэд
хандив өгч ороогүй юм байж битгий олон юм яриад бай. Агуулж хадгалж байгаад
баярлаж яв гэсэн байна. Цэцэрлэгийнх нь арга зүйчид хэлэхэд хүүхдээ аваад зайл
гэжээ …” хэмээн охины ээжийнх нь найз өөрийн фейсбүүк хуудаснаа бичжээ. Уг
мэдээллийн мөрөөр нийслэлийн боловсролын газраас тус цэцэрлэгт шалгалт хийхээр
болсон байна.

Болсон явдлын
талаар тодруулахаар өчигдөр 119 дүгээр цэцэрлэг дээр очсон юм. Зодуулсан гэх
охиныг Н.Нандин-Эрдэнэ гэдэг бөгөөд тус цэцэрлэгийн О.Цэцгээ багштай бага “А”
хэмээх бүлэгт хэдхэн хоногийн өмнө элсэн оржээ. Биднийг тус анги руу орох үед
О.Цэцгээ туслах багш П.Эрхэмболорын хамт хүүхдүүдэд өдрийн хоолыг нь өгч байсан
юм. О.Цэцгээ “Би энэ цэцэрлэгт сүүлийн 30 гаруй жил багшилж байна. Өнгөрсөн
хугацаанд ганц би бүү хэл манай цэцэрлэгийн хэмжээнд иймэрхүү асуудал огт гарч
байгаагүй. Энэ удаагийн үүсээд байгаа асуудал ч цахим ертөнцөд цацагдаж, хэвлэл
мэдээллийн хэрэгслээр олонд мэдээлэгдээд байхаар ноцтой асуудал биш. Өнгөрсөн
баасан гаригт Н.Нандин-Эрдэнийн ээж н.Номин-Эрдэнэ гэх эмэгтэй ирээд “Цэцэрлэгт
явуулаад долоо ч хоноогүй байхад хүүхдийн минь бугалга хөхөрч, чихнийх нь ар
хэсэг уруулж, нуруу нь хөхөрсөн байна” хэмээн гомдоллосон. Тухайн үед түүний
яриад байгаа шиг тэгтлээ аймаар хавдаад, хөхөрсөн зүйл байгаагүй. Есдүгээр
сарын 1-нд бугалга нь хөхөрсөн байсан гээд байгаа. Гэтэл тэр өдөр бараг хичээл
ороогүй шүү дээ. Ганц хоёрхон цаг болоод л эцэг эхчүүд хүүхдээ ирээд авцгаасан.
Эцэг эхээсээ анх удаагаа холдож байгаа нялх амьтад чинь дууд дуугаа аваад
үйлалдчихдаг юм шүү дээ. Харин нуруун дээр нь хурууны өндөгний дайтай хоёр
хөхөрсөн байсан. Гэхдээ хоорондоо хол зайтай. Хэрэв чимсэн бол хоорондохь зай
нь ойр, дээрээс нь андашгүй байна биз дээ. Нэг ой долоон сартайгаас хоёр нас
хүртлэх 30 гаруй хүүхдэд хоёрхон багш цаг минут тутамд анхаарал тавьж,
хараандаа байлгаж чадахгүй учраас хүүхдүүд нэгнээ санамсаргүй түлхэн унагаах,
ирмэгтэй зүйлээр цохих явдал байгнга биш ч гэсэн хааяа гардаг. Тэр бүү хэл
өөрөө гүйж яваад ч нуруугаа ширээ, сандлын буланд цохисон байхыг үгүйсгэхгүй. Бас
ангийнхаа н.Тэлмэн хэмээх охинд чихнийхээ ар хэсгийг маажуулчихсан байсан.
н.Тэлмэнгийн ээжид болсон явдлыг хэлээд, хүүхдийнхээ хумсыг авахыг сануулсан.
Гэтэл намайг маажсан гээд н.Номин-Эрдэнэ гүтгэсэн. Яаж ч бодсон тэр нялх
амьтдын хүзүү гарыг урж маажих нь бүү хэл чангахан ч атгаж зүрхэлдэггүй хүн
чинь юу боллоо гэж цус гарч, улайтал нь маажих билээ. Учраа мэдэхгүй нялх
хүүхдүүд нэгнийгээ маажих явдал байнга биш ч гэсэн хааяа тохиолддог. Тэглээ ч
чи энэ цэцэрлэгтээ сүүлийн 30 гаруй жил тасралтгүй багшилж байна. Өөрийнхөө ач
зээ шиг алгын чинээ нялх хүүхдийг хөх няц болтол нь зодно гэж юу байх билээ.
Хүсвэл та нарт хөх няц болтлоо зодуулсан гээд байгаа охиныг харуулж болно” гээд
танхим руугаа орсон юм. Цамцыг нь сөхөж нуруун дээр хөхрөлт болон чихний арын
сорвийг нь харууласан юм. Чихний арын өнгөж сорви бараг харагдааргүй болжээ.
Нуруунынх нь дунд болон доод хэсэгт хумсын толион чинээ хөх толбо үл мэдэг
харагдав. Тэрээр “Бодит байдал дээр байхад намайг хэвтэрт ортол нь зодож нүдсэн
мэтээр яриад байгааг би ойлгохгүй байна” гэв.

Түүнээс “Хандив
өгч ороогүй байж битгий олон юм яриад бай” гэж хэлсэн эсэхийг лавлахад “Би тэгж
хэлээгүй. Хүүхдээ 17 цаг 30 минутаас хэтрэлгүй, цаг нь ирээд авчихаж бай. Нас
өндөр болохоор эцэг эхчүүдийг нь хичээлийн дараа ирэхийг нь хүлээх хэцүүхэн л
байна шүү” гэж учирлаж хэлтэл өөдөөс “Мөнгө төлж ороогүй болохоор ингэж
гадуурхаад байгаа юм уу. Хичээлээ тараад шууд наашаа ирлээ. Бүх эцэг эхчүүд 17
цагаас өмнө хүүхдээ аваад, манай хүүхэд ганцаараа үлдчихээд байна уу” гээд
уурласан. Ингэж н.Номин-Эрдэнэ хэлчихээд сүүлд нь бид нарыг хэлсэн болгож,
ярьсан хэлснээ гуйвуулж байгаад харамсаж байна” гэв.

Н.Номин-Эрдэнэтэй
утсаар холбогдоход “Цэцэрлэгт явуулж эхэлсэн эхний өдрөөс л чихнийхээ ар хэсэгт
уруулж, гар нь хөхөрсөн байсан. Хичээлийн анхны өдөр багштай нь хэл ам хийгээд
хэрэггүй биз гэж бодтол 2 болон 3-нд нуруу, гуяны дотор хэсэг нь хөхөрчихсөн
ирсэн. Охиныхоо бие ийм болсныг хувцсыг нь солихдоо мэдсэн юм. Ингээд өнгөрсөн баасан гаригт О.Цэцгээд хэлэхэд
хүүхдүүдтэй хөөцөлдөж байгаад л тэгчихсэн биз. Юун сүртэй юм. Эсвэл өөр
цэцэрлэгт явуулж болно шүү дээ” гээд тоогоогүй. Яаж ч бодсон хүүхдүүд нэг
нэгнийгээ тэгж маажиж, цохихгүй. Тэгэхээр нь аргазүйч Ц.Батцэцэг дээр орж учраа
хэлтэл “Хүүхдээ аваад явахгүй юу даа” гэсэн. Миний охиныг цэцэрлэгэс нь хөөх
болсон шалтгаанаа бичээд өгчих. Тэр бичгийг чинь аваад би шалгуулах ёстой
газарт нь хүргэж өгье гэсэн чинь аргазүйч Ц.Батцэцэг надаас уучлал гуйсан.
Харин ангийнх нь багш О.Цэцгээ уучлал гуйгаагүй. Өмнө нь охиноо авах гээд
ялимгүй хоцроод очиход илүү цагийн хөлс мөнгийг нь өгөөрэй гэж загнаж байсан.
Илүү мөнгө нэхдэг шигээ хүүхдийг минь харахгүй л байгаа юм. Хэд хоногийн өмнө
охиноо авах гээд ангийнх нь шатаар өгстөл охин маань шатны ирмэг дээр зогсож
байсан. Багш нарын хэн нэг нь гарч ирээд авах нь уу гээд таван минут хэртэй
зогссон. Хэн нь ч гарч ирээгүй. Хоёрхон настай охин шатну уруу унасан бол хэн
хариуцлагыг нь хүлээх юм. Охиноо орой авахад шээсэн өмдтэйгөө л зогсож байдаг.
Дотуур өмд ч өмсгөөгүй байдаг. Энэмэтчилэн ярьвал их асуудал бий. Юутай ч
өнөөдрийг (өчигдөр) хүртэл охиноо хуучин ангид нь явуулж байгаа. Нийслэлийн
боловсролын газар зэрэг холбогдох байгууллагууд учир зүйг нь олсны дараа охиноо
энэ цэцэрлэгт явуулах эсэхээ шийднэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Эрхээ хасуулсан жолооч нар шалгалт өгөхгүйгээр эрхээ сэргээлнэ

Өршөөлийн хуульд долдугаар сарын 1-нээс өмнө жолооны эрхээ хасуулсан жолооч нарыг хамруулж байгаа. Ингэснээр жолооч нар Лицензийн төв дээр бичиг баримттайгаа очоод шалгалт өгөхгүйгээр эрхээ сэргээлгэж болох аж.

Мөн эрх сэргээлгэх үйл ажиллагаа нь ямар нэгэн хугацаагүй учраас бөөн бөөнөөрөө ирж очер дараалал үүсгэхгүй байхыг Лицензийн төвөөс анхааруулж байна. Өчигдөр мянга гаруй жолооч эрхээ сэргээлгэжээ.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо З.Баянсэлэнгэ, М.Зоригт нарыг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Барилга хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгийг томилох асуудлыг хэлэлцэж 100 хувь дэмжлээ. Мөн Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн М.Зоригтыг дэмжив.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Чинзориг: Тариаланчдын хэлж байгаа үнээр буудай худалдаж авбал талхны үнэ 500 төгрөгөөр нэмэгдэнэ

Монголын
Гурил үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Милл хаус” компанийн
гүйцэтгэх захирал Ж.Чинзоригтой ярилцлаа.

-Тариаланчид
гурилын үйлдвэрийнхнийг хөнгөлөлттэй зээл зэрэг өчнөөн дэмжлэг авдаг хэрнээ бидний буудайг тоодоггүй, гаднаас
буудай авах сонирхолтой байдаг гэж ирээд шүүмжилдэг. Энэ тал дээр танд хэлэх үг
бий байх?

-Байнга өрнөдөг
яриа л даа. Газар тариалангийн салбар хөл дээрээ тогтоод дотоодын хэрэгцээг
зуун хувь хангаад явбал сайн.Бүр цаашлаад экспортод буудай, гурил гаргах улмаар ургац алдсан тохиолдолд нөөцтэй болох хэмжээнд очих хэрэгтэй. Гэтэл харж байгаа биз
дээ, ганцхан жил ургац алдахад гурилын хомсдол үүсэх аюултай болоод байна. Ер нь тухайн жилийнхээ улаанбуудайн
хэрэгцээг зуун хувь хангасан тохиолдол
ховор. Тийм учраас жил бүр буудайн импортыг ярихаас аргагүйд хүрдэг. Мэдээж
хоёр дахь асуудал нь буудайн чанар. Жишээ нь: 400 мянган тонн буудай авлаа
гэхэд хэчнээн тонн нь гурилын стандартад нийцэж байна вэ гэдгийг нарийн гаргах
ёстой. Дотоодын бүх буудай чанартай,нөөц
хангалттай байдаг бол хэн ч импортын буудайг бэлэн мөнгө
төлж авахыг хүсэхгүй.

-Энэ жилийн
хувьд буудайн чанар ямархуу байна?

-Шинэ ургацын
буудай гарах болоогүй байна. Ургац
алдсан буудайн болц хойшилсон гэх байдлаар есдүгээр сарын аравдаас хойш тариа хураалт эхлэх болов уу. Тэгэхээр
будааны чанарыг хэлэхэд эрт.

-Буудайн чанар муу байгаа нь сортоосоо болдог уу?

-Сорт, бордоо,
техникийн хүчин чадал, хөрсний үржил шим,тухайн жилийн нар, бороо хур гэх мэт
байгалийн нөлөөллийн олон шалтгаантай.
Энэ бүхэн нийлж байж буудайн чанар буюу цавуулаг гэдэг асуудал яригддаг.

-Тариаланчид
намар бүр “Бидний буудайг хямд үнээр авдаг” гэсэн яриа үүсгэдэг. Үнэхээр тийм
хямдхан аваад байдаг хэрэг үү?

-Өнгөрсөн жил бид
нэг тонн буудайг 500-550 мянган төгрөгөөр авсан. Хөрш улсын буудайн үнэ ч
ойролцоо байсан. Тэрнээс өндөр үнээр авбал Оросоос импортын гурил орж ирээд
гурил үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлөх аюултай. Тэгэхээр буудайн үнийг
тогтоохдоо гадаад зах зээлийн үнэ ямар байгааг харахаас аргагүй. Ер нь Монголд
ургасан буудай зуун хувь зарагддаг. Өнгөрсөн жилийн ургацаас гэхэд гурилын стандартад нийцсэн буудай зарагдаад дуусчихсан.Өнгөрсөн нэгдүгээр сард импортын буудайны асуудал
яригдаж байсан. Гурилын чанар буудайн чанараас хамаарах учраас яригдахаас аргагүй асуудал л даа. Буудайн
нөөцтэй ч хамаатай. Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс нөөцөө тооцож үзээд тодорхой
хэмжээний буудай оруулж ирэх эрэлт байна гэж үзээд импортын квотын хүсэлт
яаманд гаргасан. Гэтэл элдэв эсэргүүцэлтэй тулаад арваадхан мянган тонн буудай
оруулж ирсэн.Та санаж байгаа бол талбай дээр баахан буудай асгаад л бөөн асуудал үүсээ биз дээ.

Үүнээс болж гурилын үйлдвэрүүд буудайгүй
зогсчихоод байна. Хэрвээ нэгдүгээр сард буудай
оруулаад ирчихсэн байсан бол гурилын үйлдвэрүүд өнөөдөр хэвийн ажиллаад
явах бололцоотой байсан.

-Гурилын
үйлдвэрийнхэн гурилынхаа үнийг бодит бусаар нэмдэг гэсэн гомдлыг тариаланчид
хэлдэг. Хэр ортой шүүмжлэл вэ?

-Өнгөрсөн жил бид
550 мянгаар буудайгаа авъя, гурилаа 850 төгрөгөөс дээшгүй үйлдвэрийн үнээр
заръя гэсэн гэрээ хэлцэл хийсэн. Энэ тохироо маань наймдугаар сарын 15 хүртэл
хэрэгжээд явж байгаа. Гэхдээ өрсөлдөөн их байсан учраас өнгөрсөн хугацаанд бид үйлдвэрлэсэн гурилаа 700-750 төгрөгөөр
зарсан. Үүнээс хожсон улс нь хэрэглэгчид. Гурилын үйлдвэрүүд ашиг хийгээгүй.
Харин саяхан ургац алдлаа, буудайн үнэ өсөх нь гэсэн сургаар ченжүүд их
хэмжээний гурил авсан тал бий. Мэдээж гурил авч байгаа хүнийг боль гэхгүй нь
ойлгомжтой. Түүнээс биш гурилын үнийг замбараагүй нэмсэн асуудал байхгүй.

-Өнгөрсөн жил
тариаланчдаас авсан буудай хэзээ дууссан бэ?

-Аль дөрөвдүгээр сард дууссан.Чанарын шаардлага
хангахгүй үлдэгдэл буудайгаар үйлдвэрлэл явуулж болохгүй байснаас дөрөвдүгээр
сарын сүүлээс “Гацуурт” компаниас тонн тутмыг нь 600 мянган төгрөгөөр буудай
авч байгаа. Ингэж авсан буудайгаар хийсэн гурилаа 700-750 төгрөгийн хооронд
борлуулсан. Ашиггүй, бараг хасах шахуу. 600 мянга гэдэг чинь газар дээр нь авч
байгаа үнэ. Бараг 630 мянган төгрөгөөр
Улаанбаатарт орж ирсэн гэсэн үг.

-Тариаланчид
буудайн үнийг чөлөөлөх хэрэгтэй, бид
гурилын үйлдвэрийнхэнтэй үнээ тохирч чадна гэсэн тайлбар хэлдэг. Энэ тал дээр
та ямар бодолтой байна?

-Үнийг чөлөөлбөл
аль, аль талдаа хэрэгтэй.Чөлөөлнө гэдэг маань буудай ихтэй үедээ үнэ тогтоогоод
ховордсон үед нь өндөр үнээр зарах эрхтэй болгоно гэсэн үг биш л дээ.Импортын
хориг, квотоо ч бас чөлөөтэй өгч байж үнэ бодитой болно гэсэн ойлголт болов уу.
Тариаланчид, гурилын үйлдвэрийнхэн аль аль нь зах зээлийнхээ бодит үнээр
бүтээгдэхүүнээ борлуулна. Хэрэглэгчид зах зээлийн бодит үнээр бүтээгдэхүүн авч хэрэглэнэ. Импортын
гурил, буудайны үнээс шалтгаалан үнэ тогтоно гэсэн үг. Импортын буудайны үнэ
ямар байгааг харж байж дотоодын буудайны үнэ тогтоно.Түүнээс биш өөрсдийн
хураасан ургацын хэмжээ зах зээлийн эрэлт хоёрын зөрүүгээр үнээ хөөрөгдөж
болохгүй болов уу. Улаанбуудайн том экспортлогч хөрш улс байхад хэрэглэгчид
өндөр үнээр гурил хэрэглэж болохгүй.

Оросоос 500 мянган төгрөгөөр буудай оруулж
ирэх боломж байхад бид дотоодын буудайг 700 мянгаар авахгүй нь тодорхой. Ийм
үнээр буудайгаа ав гэсэн шаардлага тавибал хэрэглэгчид л хохирно. 300 мянган
тариаланч гэж их ярьдаг. Тэгвэл энэ асуудлын цаана гурван сая хэрэглэгчийн эрх
ашиг гэж том юм бий. Тийм учраас аль болох боломжийн үнээр буудайгаа ав,
боломжийн үнээр гурилаа зар, аль болох өсгөхгүй бай гэсэн бодлого хэрэгждэг.

-Гурилын
үйлдвэрүүдэд буудайгаа зээлээр өгчихдөг, буцаагаад мөнгөө авах гэхээр өгдөггүй
гэж тариаланчид шүүмжилдэг. Гурилын үйлдвэрүүд ашиг багатай ажилладаг учраас
ийм төвөгтэй байдал үүсээд байна уу?

-Жил болгон л
гардаг яриа. Бид тариаланчдын буудайг намар шууд авдаг. Багтаж байгаа нь
савандаа, багтахгүй нь сав түрээслэн байж буудайг нь авчихдаг. Ингэж авсан
буудай бүтэн жилийн хэрэгцээнд хүрч байгаа эсэх нь тусдаа том асуудал. Манай
компани өнгөрсөн жил гэхэд ургац хураалт дуусах үеэр 35 мянган тонн буудай
авсан. 35 мянган тонн буудай гэдэг манай үйлдвэрийн дараа жилийнх нь
зургадугаар сар хүртэлх хэрэгцээ. Ийм хэмжээний буудайн тухайн үеийн ханш нь 18 тэрбум төгрөг болсон.
18 тэрбум төгрөгийг бэлнээр өгөөд буудай авна гэдэг хэцүү. Хоёрдугаарт олон
сарын хэрэглээ шүү дээ. Тэр дор нь үйлдвэрлэж
гурил болгоод мөнгө нь ороод ирдэг эд биш. Үүнийг тариаланчид ойлгож байгаа.
Нөгөө талаас гурилын үйлдвэрүүд
тариаланчдыг буудайгаа хадгалах зардал ,борлуулалт зэрэг хүнд ажлаас салгаад
өгчихдөг. Мөнгийг нь ингэж төлнө гээд график гаргаж байгаад тохиролцдог. Ингэж
тохирч за зүй гэчихээд буудайгаа нийлүүлсний маргаашнаас мөнгөө нэхээд утасдаж
эхэлдэг. Мэдээж бид өөрсдөдөө байгаа дөрөв, таван тэрбум төгрөгийг урьдчилж
өгөөд авсан. Үлдсэн арваад тэрбумын буудайг зээлээр авахаас аргагүй байдаг.
Өнөөдөр гэхэд манай компани тариаланчдад буудайн өргүй. Мэдээж тариаланчдад
түлш, тоног төхөөрөмж, банкны зээл гээд олон бэрхшээл бий. Бид ч ялгаагүй.
Банкны зээлтэй. Гурил борлогдохгүй бол мөнгө өгөхөд хэцүү. Өвөлжингөө склад
дүүрэн гурилтай байсан шүү дээ. Сая л хомсдол үүсч магадгүй гэсэн шуугианаар
складууд хоосорч тариаланчдын мөнгийг өгч дуусгалаа. Бүх л үйлдвэр ялгаагүй,
ийм зарчмаар явдаг.

-Оросоос улаан буудай оруулж ирэхдээ наанаа чанартай гэсэн шошго зүүдэг
ч, цаанаа гахайн тэжээл шахуу муу буудай авчирч мөнгө угаадаг гэсэн шүүмжлэл сонсогддог.
Тариаланчдын энэ яриа хэр ортой вэ?

-Мушгин гуйвуулж байгаа хэрэг. Өнгөрсөн жил Эба гэж тариа тарьдаг залуу
Оросоос оруулж ирж байгаа буудай төмрийн хольц ихтэй, тэрийг нь шалгадаг
лаборатори Монголд байхгүй гэж ярьсан. Лаборатори байхгүй юм бол хаана
шалгачихсан юм. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэг шиг зүйл өрнөөд
байна л даа. Орос экспортын буудайн
дээрээ өндөр стандарт тавьдаг. Тэрийгээ ч дагаж мөрддөг улс. Монгол руу гаргаж байгаа хэмжээ Оросын
буудайн өчүүхэн хэсэг нь. Тэгтлээ анхаарахаар хэмжээ биш шүү дээ. Гурилын
үйлдвэрүүд мөнгөө төлж байгаа учраас аль болох сайн буудай авахыг хүсч таарна.
Хэн ч малын тэжээл, хэдэн жил нөөцөнд байсан буудай авахгүй. Ингэх ямар ч үндэсгүй. Муу буудай авбал
бидний хийсэн гурил зарагдахгүй. Ямар ч бизнест ийм гэнэн зүйл байж таарахгүй л
дээ. Энэ намар импортын буудай авч болохгүй, тариаланчдын
буудайг ав гэсэн яриа дахиад гарна. Бид дотоодын буудайг 100 хувь авах нь
ойлгомжтой.Цаашдаа бүтэн жил ажиллахын тулд импортын асуудал гарч ирнэ.Гэтэл
буудайн хомсдолоор үнээ нэмэх гэсэн сонирхолтой
хэсэг бүлэг хүмүүс импортын
буудайг эсэргүүцнэ. Ийм процесс сүүлийн жилүүдэд тогтмол явагдаж байна.Эндээс
алдаж буй нь нийт хэрэглэгчид гэдэгт л асуудал байгаа юм. Ченжүүд биднээс 850
төгрөгөөр гурил авч 1000 төгрөгөөр зарж байгаа нь тэдний буруу биш. Гурил
хомсдуулах, гурилын үнэ нэмэгдэх шалтгааны үндсийг тариаланчдын төлөөлөл гэсэн
хэсэг хүмүүс л тавьсан. Нэгдүгээр сард
буудай оруулаад ирсэн бол наймдугаар сард гурилын үнэ өсөхгүй байсан.

-Тариаланчдын хэлээд байгаа шиг ургац өндөр хувиар алдагдсан нь үнэн үү.
Хэрвээ тийм бол гурилын хомсдол үүсэх
үү?

-Энэ жил 200 гаруй мянган тонн буудай авна гэсэн ургацын эхний баланс
гарсан байгаа. Энэ хэмжээний буудай хурааж авбал гурилын хомсдол үүснэ. Ургацын
50 хувь нь байхгүй болохоор хомсдол үүсэх нь ойлгомжтой. Ургац энэ хэмжээгээр
алдагдах нь тодорхой болсон. Тэгэхээр импортоор буудай оруулж ирж байж л бид
дараа жил гурилтай, талхтай амьдарна.

-Одоо байгаа, удахгүй хураах буудайгаа тооцоод үзэхээр нэг жилийн
хэрэглээгээ өлхөн хангана гэсэн тайлбар бий…?

-Импортын буудайг оруулж ирэхгүй гэсэн санаагаар л гарсан яриа. Тэртэй
тэргүй хоёр, гуравдугаар сар гээд буудайн нөөц дуусна. Тариаланчид мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Буудай оруулж
ирдэггүй юм гэхэд Оросоос импортын гурил ороод ирнэ. Гурил үйлдвэрлэгчид,
тэдний ард байгаа хэдэн мянган ажилчид хохирно. Үндэсний үйлдвэрүүд нь
дампуурвал улс өөрөө л хохирно. Яг одоо ТЭДС-г эс тооцвол хаана ч гурилын
стандартад нийцэх буудай байхгүй.
“Гацуурт” компанид багахан
хэмжээний буудай байгаа болов уу.

-Нийслэлд гурилын хэчнээн үйлдвэр ажилладаг вэ?

-Улсын хэмжээгэр 70 гаруй үйлдвэр
гэсэн тоо бий. Цаасан дээр байдаг тоо л доо. Томхон гэж онцолбол арваад
үйлдвэр байгаа. Монголын гурилын хэрэгцээг зуун хувь хангахаар хүчин чадалтай
үйлдвэрүүд. Тоног төхөөрөмж технологи нь ч орчин үеийнх. Гурилын үйлдвэр олон
болох хэрээр өрсөлдөөн бий болж үр дүнд нь хэрэглэгчид л хожно. Өрсөлдөөн ихсэх
тусам үнэ буурдаг нь жам. Буудайгаа зарах газар олон байх нь тариаланчдад өөрсдөд
нь бас ашигтай. Гурилын үйлдвэрт хөнгөлөлттэй зээл олголоо гэдэг. Үнэн хэрэгтээ
тэр мөнгө буудайн төлбөр болж тариаланчдад л очсон.

-Тариаланчид буудайгаа хэдээр зарна гэж байгаа бол, сонссон дуулсан юм
байна уу?

-Цандэлэг саяхан өгсөн ярилцлагадаа энэ жил буудайгаа 850 мянган
төгрөгөөр зарна гэсэн байсан. 850 мянган төгрөгөөр авсан буудайгаар хийсэн
гурил 1100 -1200 төгрөг болно. 1100-1200 төгрөгийн гурилаар хийсэн талх 1500
төгрөг болж таарна.

Дахиад хэлье, хохирогчид нь хэрэглэгчид. Ингэснээс хөрш улсаас хямд
буудай оруулж ирээд гурил хийвэл талхны үнэ ингэж өсөхгүй,гурилын үйлдвэрүүд нь
ажилтай байх болно. Бодлогын яам нь тодорхой шийдвэрээ зоригтой гаргаад явах
хэрэгтэй.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо Б.Болорыг Сангийн сайдаар томилохыг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар
өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Болорыг Сангийн сайдаар томилуулах тухай асуудлыг
хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ын гишүүн Б.Болор нь 1997 онд Бельгийн вант
улсын Европын Их сургууль, 2012 онд ШУТИС-ийг төгссөн, эдийн засагч
мэргэжилтэй юм байна. Ажлын гараагаа 1997-2000 онд Төрийн өмчит “НИК”
компаний гадаад харилцааны мэргэжилтнээр эхэлж, 2001-2006 онд “Гарьд Тур”
ХХКомпаний ерөнхий захирал, 2006-2008 онд “Тиара Монголиа” төслийн удирдагч,
2008-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан байна.

2012 оны УИХ-ын сонгуульд Архангай аймагт нэр
дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2014 оны
арванхоёрдугаар сараас УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж
байгаа аж.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд
Сангийн сайдад нэр дэвшигчид хандан асуулт тавьсангүй, УИХ-ын гишүүн Ч.Улаан
санал хэллээ. Тэрээр “ Төсвийн орлого их хэмжээгээр тасарч, 2015 оны эцсээр 1
их наяд төгрөгт хүрэх магадлалтай байна. Энэ бол эдийн засгийн хямралын шинж
тэмдэг юм. Манайхан хямрал үүсч байна гэж ярьж байгаа ч хэрхэн ажиллахаа
мэдэхгүй байна. Төсвийн орлогод тааруулж, зарлагаа төлөвлөх ажил Сангийн сайдын
толгойнд бууна. Орлогогүй байхад төлөвлөсөн зардлаа бүгдийг нь гаргахаар
зүтгээд байвал маш том “нүхэнд” унана. Тиймээс энэ бүхнийг нарийн мэдэрч
ажиллах хэрэгтэй. Төсвийн байнгын хороо ч энэ ажилд тань туслах болно. Түүнчлэн
эдийн засгийн хүндрэлтэй энэ үед төрийн мэргэшсэн албан хаагчид танд л түшиг
болно. Томилогдоод л халаа сэлгээ хийх бус мэргэшсэн албан хаагчидаа түшиж
ажиллах нь зөв юм шүү” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Монос”-ын эм л сайн юм гэх хэрэглэгчдийн үг бидэнд 25 жил хөдөлмөрлөх хүчийг өгсөн

Монголын Эрүүл Мэнд, Гоо сайхны үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос Группийн 25 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Манай улсын шилдэг 50 аж ахуйн нэгжийн тоонд зүй ёсоор тооцогддог тус групп өдгөө 12 салбар компанитай, 1200 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй билээ. Тус группийн гол салбар болох эмийн үйлдвэрийн тухай Монос Группийн GMP эмийн үйлдвэрийн цогцолборын төслийн захирал И.Балжиннямтай ярилцлаа.

-Монос Групп Монголын анхны хувийн эмийн үйлдвэрийг байгуулсан. Үүссэн байгуулагдсанаас өнөөг хүртэлх 25 жилийн хугацаан дахь үйлдвэрийн хөгжлийг товчхон дүгнэвэл?

-Анх 1990 онд нийт гурван хүний бүрэлдэхүүнтэй, зөвхөн ургамал савладаг, гоо сайхны цөөн нэр төрлийн тос хийдэг ийм л үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлж байсан байдаг. 1994 онд одоогийн “Монос “ Эмийн үйлдвэр байрлаж буй байранд нүүж ирээд Гален цех, Шахмал эмийн цех, Үрлэн эмийн цех гэж нээгээд , ерөнхийдөө бол орчин үеийн Европ эмнүүдийг үйлдвэрлэж эхэлсэн. Мөн 1996 онд хажуудаа Зохион бүтээх товчоо гэж байгуулсан нь одоогийн Эм судлалын хүрээлэнгийн үндэс суурийг тавьсан. Зохион бүтээх товчоо байгуулагдсанаар Читамон, Эрвалкор, Натурвит, Салимон, Нефромон гэх мэт олон сайхан шинэ эм хийж эхэлсэн байдаг юм. 2000 онд би үйлдвэрлэл эрхэлсэн захирал болж байлаа. Мэдээж үйлдвэрлэлийн тоо хэмжээ тогтмол өсч, бүтээгдэхүүний чанар, нэр төрөл байнга сайжирсан байдаг.

-Монос Групп олон улсын стандартад нийцсэн GMP үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар ажиллаж буйг мэднэ. Хэзээ ашиглалтанд орох вэ?

-Ер нь бол GMP стандартын шаардлага хангасан эмийн үйлдвэртэй болно гэдэг бол Моносчуудын төдийгүй Монголчуудын мөрөөдөл байлаа. Намайг анх “Монос”-д ажиллахаар ирж байх үед GMP үйлдвэр байгуулна гээд 8 мянган метр газар авчихсан, анхан шатны зураг төсөл боловсруулчихсан байсан юм. Тэгээд 2004 оноос эхлээд би энэ төсөл дээр ажиллаж эхэлсэн, маш олон сайхан хүнтэй хамтарч ажилласан. Бид юуны өмнө 1 метр кв ажлын байранд 1 метр кв ногоон байгууламж байх ёстой гэсэн заалтыг үндэслээд 8 кв мянган метр газарт бол багтахгүй юм байна гэж үзсэн. Яг энэ үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Нисэх орчимд иж бүрэн үйлдвэрлэлийн район байгуулах төсөл Улаанбаатар хотын захиргаан дээр яригдаад, бид ч хамтарч ажиллахаар хүсэлт тавиад ажилласан. Харамсалтай нь яг шийдэгдэхийн өмнөхөн нь зориулалт нь өөрчлөгдөөд одоогийн байгаа спорт цогцолбор баригдсан. Ингээд бид Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт одоо байрлаж буй газраа боломжтой гэж үзэн, нийт 4 га газар авсан. Ер нь 4 га газар байж иж бүрэн эмийн цогцолборыг байгуулах боломж, нөхцөл бүрдэхээр байсан юм. Анх д эд бүтэц байхгүй, хур хогтой, хөрсний эвдрэлд орчихсон газар байсныг бид хүлээж аваад маш яаралтай нөхөн сэргээж төслийг эхлүүлэх үндсэн нөхцлөө бүрдүүлсэн. Төслийн хувьд гадны хүчин зүйлээс шалтгаалан, олон ч удаа шинэчлэгдсэний эцэст 2009 онд эцэслэж, бэлэн болсон юм. Ингээд Европийн Сэргээн Босголтын банктай хамтрахаар болж, 2012 оны 9 сард барилгын маань ажил эхэлсэн. Одоогийн байдлаар бол бид цогцолборын гадна барилгыг бүрэн барьж дууслаа. Дэд бүтэц буюу дулаан, зам талбай, цахилгаан, цэвэр бохир ус бол бүгд шийдэгдсэн. Одоо хамгийн чухал буюу GMP үйлдвэр болон тоног төхөөрөмжүүдээ угсрах ажил 70 орчим хувьтай явж байна. Энэ 2015 ондоо багтаад туршилтын үйлдвэрлэлээ эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ бол бидний 25 жилийн ойдоо барьж буй бэлэг төдийгүй Монголын эм хангамжийн салбарын хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр юм.

-Хэзээ GMP эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн эм хэрэглэгчдийн гарт очих вэ?

-Энэ оны сүүлээр тур­шилтын бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэнэ. 2016 оны эхний улиралд шинэ үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх төлөв­лөгөөтэй байгаа. Гэхдээ одоогийн манай үйлдвэр маань ч GMP стандартын тогтолцоо нэвтэрүүлсэн бө­гөөд итгэмжлэгдсэн Чанарын хяналтын лаборторийн хя­налтан дор GMP стандарт хангасан түүхий эд, материалаар 80 гаруй төрлийн эм бэлдмэл үйлдвэрлэж байгаа. Үүнээс 30 гаруй хувь нь Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бол орсон байдаг бөгөөд 40 орчим хувь нь Эм судлалын хүрээлэн дээр зохион бүтээгдсэн эмүүд . Мөн 10 орчим нэр төрлийн эм нь эх орны эмийн ургамлын гаралтай. Хэлбэрийн хувьд шахмал, капсултай, үрлэн, тос тосон түрхлэг, галлины бэлдмэл , нунтаг гэх мэт. Хальсан бүрхүүлтэй эм гэж ярьдаг даа. Ходоодонд уусдаг, нарийн гэдсэнд уусдаг, амт үнэрийг нь дарах гэх мэт олон зорилгоор хальсан бүрхүүлтэй эм хийдэг. Уг эмийг Монголд зөвхөн “Монос” л хийж байна.

-Та Монос группийн үйлдвэрлэлийн функцийг олон жил хариуцаж байна. Дотоодын эмийн үйлдвэрийн, тэр дундаа “Монос”- ын үйлдвэрлэсэн эмийг барууны өндөр хөгжилтэй орнуудын эмтэй харьцуулвал чанарын хувьд ямар байдаг вэ?

-Ерөнхийдөө бол зарчим нь хаа ч адилхан, үйлдвэрлэж буй технологи, эмэнд орж буй бодисууд маань ч адилхан. Нэг жишээ ярья л даа. Манай компани 2004 онд тухайн үеийн Улсын Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторитай хамтарч, парацетемол эмийн уусалтыг Германы … эмтэй / нэрийг нь нууцлав. Сур/ харьцуулж шинжилсэн юм. Судалгааны дүнгээр манай “Монос”-т үйлдвэрлэсэн эм, Германы … эмний чанар хоёр үндсэндээ адилхан байсан. Задралт нь бол бараг манай эм арай хурдан, уусалт нь бол яг адилхан байсан. Өөрөөр хэлбэл Германы эм манай эм хоёр чанарын хувьд адилхан байна л гэсэн үг. Саяхан ч бас үйлдвэрлэж буй антибиотик бэлдмэлүүддээ Европоос орж ирдэг ижил молекулуудтай харьцуулсан судалгааг АШУҮИС болон Японы Жичи АУИС-ийн лаборатори хамтарсан судалгааны багаар хийлгүүлсэн. Тус судалгаагаар эмчилгээний ижил үйлдэлтэй болох нь нотлогдсон.

-Гэхдээ яг хэрэглээ талаас нь харвал дотоодын хэрэглэгчид маань гадаадын эмийг илүү чанартай гэж үзэн хэрэглэсээр л байгаа?

-Тийм л дээ. Ер нь бол Монголчууд бидэнд гадны л юмыг сайн гэж үздэг хандлага түгээмэл шүү дээ. Гадаадад хийгдсэн л бол сайн байгаа байх гэж боддог нь нууц биш. Энэ нь магадгүй олон жил үндэсний үйлдвэр хөгжөөгүйтэй холбоотой байх гэж боддог юм. Ер нь бид юм үйлдвэрлэдэггүй шахам орон байлаа шүү дээ. Гэхдээ хэрэглэгчдийн дунд Монголын, тэр дундаа Моносын эм сайн гэж сонгох явдал олон байгаа төдийгүй улам бүр олширсоор л байгаа. Моносын Цитрамоныг л авбал сайн үйлчилдэг, гадных ч үйлчлэхдээ тааруу байна гэсэн үгсийг би өөрөө ч олонтаа сонсож байлаа. Нэгэнт чанар өдөр ирэх тутам сайжирч байгаа болохоор сонголт ч дотоодын эм рүүгээ түлхүү ханддаг болох нь эргэлзээгүй. Бага зэрэг цаг хугацааны л асуудал болов уу? Би боддог юм, “Монос” –ын эм л сайн юм гэх хэрэглэгчдийн үг л манай хамт олонд 25 жил хөдөлмөрлөх хүчийг өгсөн байхаа гэж.

-Танай “Нефромон” бөөр хамгаалах бэлдмэл ОХУ-ын зах зээлд худалдаалагдаж эхэлсэн шүү дээ. Дэлхийн бусад оронд “Монос”-ын бусад бүтээгдэхүүн худалдаалагдах цаг хэзээ бол?

-Бидний хувьд маш тодорхой зорилтууд дэвшүүлэн ажиллаж байна. Манай “Нефромон” ОХУ-д худалдаанд гарч байгаа. Гэхдээ “Нефромон”-ы хувьд бол ОХУ-дахь хамтарч байгуулсан компани маань бидний бүтээлийг үйлдвэрлэж гаргах хувилбараар худалдаалагдаж буй юм. Ер нь гадагшаа эм гаргахад нилээд хэдэн шалгуур бий л дээ. Эхний ээлжинд эмийн үйлдвэр маань Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын GMP стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ сертификатаар баталгаажуулах хэрэгтэй. Бидний бүтээн байгуулалтын нэг зорилго ч энэ. Одоогоор бараг 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихээд байгаа, цаашид ч нэмэгдэх байх. Гэхдээ энэ бүтээн байгуулалт бол GMP стандартыг нэвтрүүлэх ажлыг 100 хувь гэж үзвэл ажлын 50 хувь нь л юм.Үлдсэн 50 хувь нь бол боловсон хүчин, хүнтэй холбоотой асуудлууд байгаа. Үйлдвэрлэлээ зөв зохистой хийж баримтуулж, баталгаажуулж чаддаг, ямар ч тохиолдолд зөв дадал маань огт өөрчлөгдөггүй, улам сайжраад явдаг байх гэсэн GMP стандартын тогтолцооны шаардлага юм. Манай ажилчид ч гадаадад шаталсан сургалтанд хамрагдаж буй бөгөөд маш сайн суралцаж байгаа. Ер нь GMP үйлдвэр ашиглалтанд орсноор Монголд үйлдвэрлэсэн эм, эмийн бүтээгдэхүүн шууд гадаадад худалдаалагдах том хөшүүрэг болно. Мөн манайх нэр бүхий дөрвөн компанитай хамтран Дуслын шингэний үйлдвэрийг дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай барьж буй бөгөөд ажил маань бас л 70, 80 хувьтай явж байна. Энэ ондоо багтаад бид туршилтын үйлдвэрлэлээ эхлээд, шинэ бүтээгдэхүүнээ ирэх оны эхээр хэрэглэгчдэд хүргэх юм. Дуслын шингэний үйлдвэр ашиглалтанд орсноор эх орныхоо хэрэгцээг бараг 100 хувь хангана. Манай үйлдвэр ашиглалтанд орсноор дотоодын эмийн үйлдвэрлэлийг бараг 2 дахин нэмэгдүүлэх боломжтой.

-Монголын эмийн үйлдвэрлэлийн ирээдүйг та хэрхэн харж байна?

-Эм хангамжийн сал­барын ирээдүйг ярихын өмнө өнгөрсөн үеэ цухас дурьдах хэрэгтэй. Яагаад гэвэл 1990 онд нийгмийн тогтолцоо өөрчлөгдөхөд эрүүл мэндийн салбараас хамгийн түрүүнд хувьчлагдсан нь эм хангамжийн салбар. Гэхдээ тухайн үед ямар ч бэлтгэлгүй хувьчилсан. Ингээд хувьчлалын үр дүнд 1990 оноос өмнө бий болгосон байсан эм хангамжийн салбарын материаллаг бааз үндсэндээ байхгүй болсон. Олон зориулалтын эмийн санг хувьчилж, зориулалт бусаар ашигласан. Ер нь хувийн эм хангамжийн салбарынхан ёстой тэгээс эхэлсэн. Одоо эргээд харахад 25 жилийн дотор олон улсын жишигт хүрсэн эмийн сангууд , фарм маркетууд хүртэл бий боллоо. Эмийн үйлдвэр гэхэд 30 –аад , эмийн сан 1200, эм хангах нийлүүлэх 140 орчим төв үйл ажиллагаа явуулж байна. Гол нь улсаас ямар ч дэмжлэг авалгүй энэ түвшинд хүрсэн . Одоо бол бид тооноос чанарт шилжих цаг болсон. Яваандаа зах зээлийнхээ жамаар стандартад нийцсэн хэдэн эм ханган нийлүүлэх, үйлдвэрүүд , аптекууд л үлдэх байх. Мэдээж чанарын хувьд дэвших нь тодорхой. Звөхөн манай Монос Группийн харьяа Эм судлалын хүрээлэнд гэхэд л 40 орчим шилдэг эрдэмтэд ажиллаж байна. Үүнээс гадна ч олон сайхан эрдэмтэд бусад хүрээлэнд ажиллаж байгаа. Олон ч судалгаа хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байх. Энэ бүхэн нь бүтвэл эрүүл мэндэд тустай олон сайхан эм гарна. Тэгээд Монголчуудын бүтээсэн эм дэлхийн нэртэй брэнд болох цагийг авчрах л Монголын эм зүйчдийн туйлын хүсэл шүү дээ. Хол сонсогдож магадгүй л дээ, гэхдээ галт тэрэг хөдөлчихсөн.

-Ерөөлөөр болог. Таньд Монос Групп үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Би 1995 онд 3-р курстээ Монос гэх их айлтай холбогдсон. Тухайн үед Монос Групп 4 семистр дарааллан онц сурсан оюутанд өөрийнхөө нэрэмжит тэтгэлгийг өгөх тийм шийдвэр гаргасны анхныхыг нь би хүртсэн юм. Тэр цагаас хойш одоог хүртэл Монос гэдэг их айлтай хамт байна даа. Энэ хугацаанд хамтран ажиллаж байсан бүх Моносчууддаа баярын мэнд хүргэж, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.

М.ГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Г.Ариунбуян: Албан хаагчдын гүйцэтгэх үүрэг, нийгмийн баталгаа зэрэг олон асуудлыг энэ хуулиар зохицуулна

Онцгой байдлын ерөнхий газрын Штабын дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянтай ярилцлаа.

-Манай аврагчид ОХУ-д гарсан түймрийг унтраахаар өнгөрсөн долоо хоногт мордлоо. Монголын аврагчдын ур чадвар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн илрэл гэж харагдаж байна л даа…?

-2011 онд Японд олсон цунамийн гамшгийн дараа онцгой байдлын аврагчдаас бүрдсэн баг очиж, сэргээн босгох ажиллагаанд гар бие оролцсон. Мөн бид зэвсэгт хүчний салбарт, НҮБ-ын мандаттайгаар энхийг сахиулах үйл ажиллагаанд багаа илгээж оролцдог уламжлалтай. Энэ удаад ОХУ руу багаа илгээж буй явдал нь гадаад улс оронд үүрэг гүйцэтгэж буй хоёр дахь томилолт. ОХУ-ын Буриад улсад энэ оны гуравдугаар сараас эхлээд ихээхэн хэмжээний ой хээрийн түймэр гарсан. Одоо хүртэл унтрааж чадахгүй байгаа. Түймрийн тархалт их нэмэгдсэн. 1995 онд манай Засгийн газар ОХУ-ын Засгийн газартай үйлдвэрлэлийн осол, байгалийн гамшигтай тэмцэх тэдгээрийн үр дагаврыг арилгахад хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан байдаг. Энэ хүрээнд Аврах тусгай анги, Дархан аймгийн Онцгой байдлын газрын нийт 50 албан хаагчдаас бүрдсэн багийг илгээсэн байгаа.

-Ямар багаж хэрэгсэлтэй явцгаасан юм бол?

– Гал унтраах багаж, тоног төхөөрөмж бүхий гурван тээврийн хэрэгсэлтэй, явсан. Мөн галын аюулгүй байдлыг хангах нөмрөг зэрэг бусад хэрэгслүүдээ авсан байгаа. Тэд долоо хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэнэ. Хэрэгцээ шаардлага гарвал энэ хугацааг сунгах томилолт өвөртөлсөн.

-Манай улс олон улсын аврах багтай болохоор төлөвлөж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-2014 онд НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үнэлгээний баг манайд ирсэн. Тэд Онцгой байдлын албаны эрэн хайх ажиллагааны чадавхийг үнэлээд явсан. Ингээд 21 заалт бүхий зөвлөмж гаргаж, манай улсыг дунд зэрэглэлийн олон улсын аврах багтай болооч гэсэн л дээ. Энэ дагуу бид бүхэн ажиллаж байгаа. Олон улсын түвшинд бага, дунд, дээд гэсэн аврах багийн зэрэглэл байдаг . Олон улсын дунд зэрэглэлийн аврах баг 50 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ багийг бэлтгэхийн тулд дадлага сургууль явуулж, чадвар суулгах хэрэгтэй. Мөн дунд зэрэглэлийн аврах багт тохирсон багаж тоног төхөөрөмж шаардлагатай. Бидний хувьд олон улсад үүрэг гүйцэтгэх багаа байгуулж, 2017 онд эргэж үнэлүүлэх үүрэг хүлээсэн.

-Онцгой байдлын салбар хэд хэдэн хуулийг шинэчлэн батлуулсан. Мөн Онцгой байдлын албаны хуулиа санаачлан боловсруулж, ирэх намрын чуулганд оруулахаар ажиллаж байгаа юм байна. Энэ мэтчилэн хууль эрх зүйн шинэчлэлүүд хийх шаардлага тулгарч байна уу?

-Манай байгууллагын үйл ажиллагааг зохицуулж байгаа Гамшгаас хамгаалах хууль 2003 онд батлагдсан. Галын аюулгүй байдлын тухай хууль сая шинээр батлагдлаа. Улсын нөөцийн тухай хууль манай үйл ажиллагааг зохицуулж ирсэн. Ер нь арав гаруй хууль эрх зүйн актууд байдаг. Хараад байхад дэлхийн цаг агаарын дулаарлаас үүдэлтэй хохирлын хэмжээ жил ирэх тусам өсч байна. Нөгөөтэйгүүр манай хуульд байгаа нэр томъёо, олон улсын хуулийн заалтуудтай зарим талаасаа нийцэхгүй болсон юм байна. Мөн гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, чиг үүрэг бүхий байгууллага, бусад байгууллагуудын харилцаа нь тодорхойгүй байгаад байдаг. Гамшгаас хамгаалах үе шатуудыг заагаагүй олон шалтгаанууд байгаад байгаа. Энэ үндэслэл шаардлагын дагуу Гамшгаас хамгаалах хуулийг өөрчлөхөөр ажиллаж байна. Уг хуулийн 20 гаруй хувьд нь онцгой байдлын салбарын албан хаагчдын эрх зүйн харилцааг зохицуулсан асуудал бий. Процессын хууль маань давхар нэг байгууллагын дотоод албан хаагчдын асуудлыг оруулаад байх нь зохимжгүй. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай бие даасан хууль байх хэрэгцээ шаардлага тулгараад байна.

Манай салбарын хувьд өнөө жил эрх зүйн томоохон шинэчлэлүүдийг хийлээ. Галын аюулгүй байдлын тухай хуулиа батлууллаа. Галын аюулгүй байдлын чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үүргийг тодорхой болгосон. Энэ хүрээнд гал гарсан тохиолдолд аймаг, орон нутгийн засаг захиргааны нэгжийг түшиглэсэн сайн дурын гал унтраах нэгжийг байгуулах асуудлыг нээлттэй гаргаж ирсэн. Дээр нь Онцгой байдлын албаны тухай хуулийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар батлуулсан байгаа. Энэ бол манай албаны хувьд анхдагч хууль. Онцгой байдлын албаны чиг үүрэг, тогтолцоо, зохион байгуулалт, албан хаагчдын ажиллах үүрэг, нийгмийн баталгаа зэрэг олон асуудлыг уг хуулиар зохицуулахаар судалж байна.

-Онцгой байдлын албан хаагчид хүнд нөхцөлд ажилладаг. Тэдний нийгмийн асуудлыг шийдэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Онцгой байдлын салбарын нийт 4000 гаруй албан хаагчийн 70 гаруй хувь нь аврагч, гал сөнөөгч. Ер нь амьдралын нөхцөл байдал хүнд. Төрдөө өргөсөн тангарагтаа л үнэнч явж байна. Өглөө гэрээсээ гараад хаана үүрэг гүйцэтгэ гэнэ тэнд очиж ажилладаг. Олон хоног хөдөө хээр үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс албан хаагчдын нийгмийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой. Удирдлагуудын зүгээс үүнд байнга анхаарлаа хандуулж ажилладаг. Судалгаагаар нийт албан хаагчдын 10-15 хувь нь орон сууцанд амьдарч байна. Тиймээс бид БХБЯ, ТОСК-той хамтраад “Буянт-Ухаа-2” хороололд 300 албан хаагчийг орон сууцаар хангахаар ажиллаж байна. Мөн Хан-Уул дүүрэг, Нисэхийн орчимд 72 айлын орон сууц барьсан. Ирэх онд ашиглалтад оруулна. Бас Амгалангийн 063 дугаар ангийн байрлалд байдаг 360 айлын орон сууцны барилгыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Дээр нь нийслэл, орон нутгийн онцгой байдлын газрууд маань өөр өөрсдийнхөө чиглэлээр албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байгаа.

-Олон хоногоор хөдөө хээр, хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг аврагчдын томилолтын мөнгө хүрэлцдэггүй гэх асуудал жилийн жилд гардаг. Ер нь аврагчдын томилолтын зардал нэмэгдсэн үү?

-Сангийн яамнаас төрийн албан хаагчийн томилолтын зардлыг баталсан журам байдаг. Тэр жишгээр нэг аврагчид 29500 төгрөгийн томилолтын зардал баталж өгдөг. Үүнд тухайн аврагчийн хоол, унд, байрны зардал бүгд багтдаг л даа. Тэгэхээр хаанаа ч хүрдэггүй асуудал үүсдэг.

-Нэг үеэ бодвол онцгойгийнхон багаж хэрэгслээр хангагдаж байгаа. Гэхдээ 100 хувь чадавхижихад 240 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг танай албанаас мэдээлж байсан л даа. Улсын төсөв, гадны санхүүжилтээр шийдэх боломжтой юу?

-Онцгой байдлын албанд ашиглаж байгаа багаж тоног төхөөрөмжүүдийн хувьд ихэвчлэн ЗХУ-ын үед 1970-1980 онд үйлдвэрлэгдсэн, эдэлгээний хугацаа нь дууссан байдаг. Ашиглахад тун хүндрэлтэй, зарим нь таг зогссон байгаа. Одоогийн байдлаар манай албаны техник, тоног төхөөрөмжийн бэлтгэл байдал 30-35 хувьтай байна. Өнөө жилийн хувьд Шадар сайд анхаарлаа хандуулж нэлээд дэвшилттэй байлаа. Нийт 20 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэсэн л дээ. Тоног төхөөрөмжүүд эхнээсээ ирж, төв орон нутаг, салбаруудад хуваарилагдахаар бэлэн болоод байгаа. Мөн бид бүхэн төсөл хөтөлбөрүүдийн шугамаар техник тоног төхөөрөмжийг сайжруулах ажил зохион байгуулж байна. Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр таван сая еврогийн хөрөнгө оруулалттайгаар техник, тоног төхөөрөмжийг сайжруулах төсөлд хамрагдсан. Энэ хүрээнд 16 гал унтраах машиныг нийлүүлэхээр Австрийн талтай тохиролцсон байгаа. Мөн Япон улсын Жайкагийн дэмжлэгтэйгээр нийслэлд явж байгаа автомашинуудаа шинэчилсэн. Ер нь манай онцгой албаны хувьд гамшиг тохиолдсон үед шуурхай ажиллах тоног төхөөрөмж дутагдалтай байдаг. Жишээлбэл, баруун аймагт гамшиг тохиолдлоо гэхэд машинаар хэдэн цаг явж очих билээ дээ. Хугацаа алдана. Гэтэл аврах ажиллагааг шуурхай явуулах өөрийн гэсэн онгоц байдаггүй. Бид нисэх бүрэлдэхүүн бэлтгэх асуудлаар ОХУ-тай ярилцсан байгаа. Харин манайхтай ижил төстэй үүрэг бүхий БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ зэрэг хүчний байгууллагууд бүгд хамтран ажилладагт баяртай байдаг.

-Өнөө жил хатуу өвөл болно гэж байгаа. Онцгой байдлын салбар өвөлжилтийн бэлтгэл хэр хангаж байна?

-Онцгой байдлын салбар улсын нөөцийн өвс тэжээлийг хангах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ хүрээнд Засгийн газар болон Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өвс тэжээлийн нөөцийг улсын нөөцийн салбаруудаар дамжуулан бэлтгэх ажлыг зохион байгуулж байгаа. УОК-ын шийдвэрийн дагуу өнгөрсөн хавар улсын нөөцийн салбаруудад байгаа зайлшгүй шинэчлэх шаардлагатай өвс, тэжээлийг эргэлтэд оруулж, сэлбэсэн. Сая УОК-оос өгсөн үүрэг даалгаврын дагуу өвс тэжээлийн дахин нөөцийг бүрдүүлж, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа.

-Өнөө жилийн гамшгийн дүн мэдээг сонирхуулахгүй юу?

-2015 он гарсаар Монгол Улсын хэмжээнд 4000 гаруй аюулт үзэгдэл бүртгэгдсэн байгаа. Үүний улмаас 130 гаруй хүн амиа алдаж, 40 гаруй хүн бэртэж гэмтсэн. 140-өөд мянган толгой мал хорогдсон. Шууд хохирлынх нь хэмжээ 39 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Нийтдээ 869 хүний амийг аварч, иргэд аж ахуйн нэгжүүдэд учирсан 18.6 тэрбум төгрөгийн хохирлыг болзошгүй гамшгаас хамгаалсан дүн мэдээ байгаа.

Тэгэхээр сүүлийн жилүүдэд дэлхийн цаг агаарын дулаарал, гамшигт үзэгдлүүд нэмэгдэж байгаа, нөгөө талаас хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой, мөн улс орны хөгжил, хотжилт гээд энэ олон хүчин зүйлээс хамаарч байгалийн аюулт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэж байна л даа. Дэлхий нийтэд түгээмэл гардаг 30 гаруй аюулт үзэгдлийн арав гаруй нь Монгол Улсад гардаг.

-Ой хээрийн түймэр, усанд осолдсон дуудлага нэлээд зонхилсон байх. Урьдчилан сэргийлэх талаар ямар ажлуудыг хийдэг юм бэ?

-Монгол Улсын хэмжээнд 16 аймгийн 108 суманд 289 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн байгаа. Ой хээрийн түймрийн улмаас нийтдээ долоон сая орчим га ой, бэлчээрийн талбай шатсан. Олон айл өрх орон гэргүй болж, амьжиргааны эх үүсвэр болсон малаасаа салсан хохирол учирсан. ОБЕГ гамшиг ослыг бууруулах талаар холбогдох байгууллагуудын дэмжлэгтэйгээр хамтарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум түймэртэй байна. 570 гаруй га талбай шатсан. Одоогоор цурманд оруулаад бүрэн унтраахаар ажиллаж байгаа. Үер усны аюул нэлээд зонхилдог. Жил жилийн судалгааг аваад үзэхээр дунджаар 100-110 хүн санамсар болгоомжгүйгээр усанд осолдох тохиолдол байдаг. Энэ жилийн хувьд усны ослын золгүй тохиолдол 80 гаруй удаа бүртгэгдэж, 80 хүн амиа алдсан байна. Урьдчилан сэргийлэх хүрээнд бид ард иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тогтмол өгч, хүмүүс ихээр очдог гол, мөрөн, нуурын эрэг орчим завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулах, сурталчилгааны самбар байрлуулах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа хэдий ч иргэдийн санамсар, болгоомжгүй байдлаас усны ослын тоо, дамтамж буурахгүй байна.

-Болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхгуудыг хэрхэн ашиглаж байна. Үр дүн нь ямар байна?

-Үр дүнгээ өгч байгаа шүү. Нийслэлд 60 ширхэг , Булган, Сэлэнгэ, Дундговь аймагт тус бүр цамхаг байрлуулсан. Нийслэлийн хувьд энэ цамхгаар жилд нэг удаа олон нийтэд хандсан мэдээлэл өгдөг. Ард иргэд дохио санамж авч байгаа. Сүүлийн үед барилга байгууламж нэмэгдэж, зарлан мэдээллийн үйлчлэх цар хүрээ хаагдмал болоод байгаа. Тиймээс цамхгуудыг шинэчлэн сайжруулах шаардлага бий.

-Сүүлийн жилүүдэд хотын хүн ам нэмэгдэж байгаатай холбогдуулан төлөвлөлтгүй баригдсан байшин барилга, гэр хорооллын асуудал ихээхэн яригддаг. Хот төлөвлөлтийг зохион байгуулахад онцгой байдлын салбарын мэргэжилтнүүд оролцдог уу?

-Учир дутагдалтай асуудлуудын нэг бол энэ. Газар зохион байгуулалт хот төлөвлөлтийн бодлогод онцгой байдлын албанаас мэргэжилтэн оролцох зохион байгуулалт байдаггүй. Дээрээс нь иргэд хаа дуртай газраа очиж буудаг. Ямар нэгэн эрсдэл тохиолдоход түргэн тусламж, онцгойгийнхон очиход орц, гарцыг нь хаачихсан тохиолдол элбэг байдаг нь хүндрэлтэй асуудлуудын нэг. Нийслэлд Монгол Улсын хүн амын 40 гаруй хувь нь амьдарч байна.

Улаанбаатар хот газар хөдлөлт, үерийн эрсдэлтэй бүс болохоор иргэд нь ч, холбогдох байгууллагууд нь ч хаа, хаанаа анхаарах хэрэгтэй. Дэлхий ертөнц, Монгол орон, бүс нутаг маань амар тайван, аюул осолгүй амгалан сайхан байгаасай гэж хүсч байна даа.

М.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

“Ламмермурын сүйт бүсгүй” тайзнаа

-ДБЭТ-ын улирлын тоглолт аравдугаар сарын 3-нд эхлэх
бол бусад театрынх тодорхойгүй байна-

Театруудын шинэ
улирлын тоглолт эхлэх цаг ойртож байна. Одоогоор Дуурь бүжгийн эрдмийн театраас бусад нь
тоглолтын хувиараа гаргаагүй байна. ДБЭТ 53 дахь улирлын тоглолтоо ирэх
аравдугаар сарын гурван, дөрөвний бямба, ням гаригт Ж.Вердийн “Аида” дууриар нээхээр
төлөвлөжээ. Аравдугаар сарын 10, 11-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг
тоглох бол 17, 18-ны өдрүүдэд энэ онд тавьж байгаа шинэ дуурийнхаа анхны
тоглолтыг хийхээр төлөвлөжээ. Тус театр энэ жил Италийн хөгжмийн зохиолч
Гаэтано Доницеттийн “Ламмермурын сүйт бүсгүй” (Lucia di Lammermoor) дуурийг
тайзнаа тавьж байгаа юм байна. Бэльканто дуурийн нэрд гарсан эл бүтээлийг
БНСУ-ын найруулагч ирж манай театрт тавьж байгаа юм байна. Удирдаачаар УГЗ
Н.Туулайхүү ажиллажээ. Түүнчлэн аравдугаар сарын 24, 25-нд Х.Билэгжаргалын
“Ламбугайн нулимс” дуурь, аравдугаар сарын 30, арваннэгдүгээр сарын нэгний өдөр
А.Аданы “Жизель” балетыг тус тус тоглосноор эхний сарын тоглолт өндөрлөж байна.
ДБЭТ тоглолтын хувиараа бүтэн жилээр гаргадаг уламжлал энэ удаа тасарч байна. Энэ
нь шинээр дуурь тавьж байгаатай холбоотой гэнэ. “Ламмермурын сүйт
бүсгүй”-г дуучид, симфони оркестрынхоо
бүрэлдэхүүнээр БНСУ-ын Тэжон хотын
театрт ирэх арваннэгдүгээр сард тоглохоор болжээ.

Ламмермурын
сүйт бүсгүй

Италийн хөгжмийн
зохиолч Доминико Гаэтано Доницетти энэ дууриа Шотландын зохиолч Вальтер Скоттын
“Ламмермурын сүйт бүсгүй” хэмээх түүхэн эмгэнэлт зохиолоос сэдэвлэн Сальвадор
Каммараногийн цомнолоор бичсэн байна. Дуурийг 1835 онд бичжээ. Тухайн үе нь
Ж.Россини зохиол бүтээлээсээ хөндийрч, Винченцо Беллинигийн амьдралын сүүлчийн
өдрүүд тохиосон нэг ёсондоо Италийн дуурийн ертөнцөд агуу их зохиогчдоос
Доницетти ганцаараа ноёрхсон үе байв.
Нөгөө талаас, Европ дахины сонирхол Шотландын түүх, соёлд ид татагдаж
байсан цаг үе таарсан нь Доницеттийн дуурийн амжилтад том түлхэц өгчээ. Үе
уламжилсан дайсагналцал, ширүүн дайн тулаануудын түүх XIX зууны уншигч
үзэгчдийн сонирхлын сэдэв байв. Уг
дуурийн үйл явдал XVII зууны Шотландын амьдралын түүхэн нэгэн мөчлөгт хамаарах
юм. Анхны тоглолтоо Европын хамгийн эртний, харин Италийн хамгийн том дуурийн
театр болох Неаполийн “Сан Карло” театрт
1838 оны есдүгээр сард хийжээ. Мөн
ондоо Лондонд, 1839 онд Парист ,
1842 онд Америкт тавигдав. “Ламмермурын сүйт бүсгүй”-г XX зуунд 1903-1972 оныг
хүртэл Метрополитанд тасралтгүй тоглосон.

Доницеттийн
бэльканто дуурь нь XX зуунд агуу удирдаач Караяаны удирдан тоглуулснаар дуурийн
хөгжимд цоо шинээр амьдарч эхлэв.
Дэлхийн II дайны дараа Герберт Караяаны удирдсанаар XX зууны номер нэг
сопрано Мариа Каллас 1952 онд Ла Скалад,
1954, 1955 онд Берлинд, Австралийн нэрт сопрано Элстон Сазерленд 1959, 1960 онд Английн Роял театрт тоглов.
Үүгээр тэд “Ламмермурын сүйт бүсгүй” дуурьт хөгжмийн цоо шинэ амьдралыг
авчирлаа. “Ламмермурын сүйт бүсгүй”
дуурь дэлхийн дуурийн театруудын сонгодог репертуарт гол бүтээлүүдийн нэг болон
үлдэв. 2008-2013 онд дэлхий даяар хамгийн олон удаа тоглосон 21 дуурийн нэг нь
энэ байлаа.

Доницеттийн
амьдралаас товчхон хүргэе. Тэрбээр 1797-1848 оны хооронд амьдарч байсан. Россини, Беллини нарын хамт арван есдүгээр
зууны эхэн үеийн белканто дуурийн удирдагчид байв. Анхны дууриа 19-тэйдөө
бичсэн нь “Хоёрдугаар Пигмалион” хэмээх нэг бүлэгт инээдмийн дуурь юм. Энэ
дууриа 1816 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл ердөө
зургаахан хоногт бичсэн гэдэг. Энэ үедээ тэр Болонийн хөгжмийн академийн оюутан
байв. Гэвч энэ дуурь бичигдсэнээсээ хойш 150-иад жилийн дараа 1960 оны
аравдугаар сард Италид тавигдав. Доницетти 74 дуурь бичсэн. 1844 оноос эхлэн
Неопольд Доницеттийн 51 дуурийг бүгдийг тавьжээ. 1830-аад оноос Доницеттийн
карьер эрс өсөв. 1890 онд “Анна Болейн” дуурийг нь Миланы театрт тавьсан нь
Италийн болон олон улсын театрын амьдралд хүчтэй нөлөөлж, улмаар 1832 онд “Дурлалын охь”, 1842 онд тавьсан
“Дон Паскуале” тэргүүт дууриуд нь түүний нөлөөг улам хүчтэй тэлэв. Доницеттийн
онгод авьяас “Ламмермурын сүйт бүсгүй” дуурь дээр асар хүчтэйгээр оргилон
гарчээ.

Араас нь 1837 онд “Роберто Деверё” дууриа бичиж тайзнаа тавьсан нь нэрд
гарав. 1938 оноос тэрбээр урлагийн томоохон төв Парис хотыг сонирхож дөчин
оноос Неаполь, Ром, Парис, Венийн
хооронд аялан дууриа бичиж тоглуулсаар байв. Харамсалтай нь 1843 оны үеэс
хүндээр өвдөж, 1847 оны сүүлээр найз нөхөд нь түүнийг төрсөн нутаг Бергамод нь
авчирлаа. Ийнхүү 1848 оны хавар тэрээр
төрсөн нутагтаа өөд болов. Доницетти 75 дуурь, 16 симфони, 19 квартет, 193 дуу,
гурван оратори, 28 кантат, дан хөгжмийн концертууд, сонатууд зэрэг олон зуун
бүтээл туурвисан хүн юм. Есөн настайдаа сүмийн дэргэдэх хөгжмийн сургуульд орж,
дараа нь Болонийн хөгжмийн академид
суралцан, арван естэйдөө анхны
дууриа бичсэн Доницетти энэ бүхнийг амьдрал, уран бүтээлийнхээ 26 жилийн
хугацаанд туурвисан байдаг. Нутгийнхаа
нэгэн пүүсэд манаачаар ажиллан голоо зогоох төдий ядуу амьдарч асан эцэг Андреа
Доницетти нь 18 настай Жозеппе болон есөн настай Гаэтано хөвгүүдээ сүмийн
дэргэдэх хөгжмийн сургуульд хөтлөн аваачсан нь энэ бүхний эхлэл байв.

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганзориг: Монгол дэлхийд давсны хэрэглээ өндөртэй улсын тоонд ордог

Эрүүл мэнд,
Спортын яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын, нийгмийн
эрүүл мэндийн хэлтсийн хоол тэжээл хүнсний аюулгүй байдлын бодлогын
хэрэгжүүлэлт зохицуулалтыг хариуцсан мэргэжилтэн, анагаах ухааны доктор Д.Ганзоригтой ярилцлаа.

-Давсны
хэрэглээг бууруулах үндэсний стратеги батлагдчихлаа. Монгол Улсын хувьд давс
хэт их хэрэглэдэг орны тоонд орж байгаа юу?

-Дэлхийн улс
орныг бүсчлэн авч үзвэл манай улс бүсдээ хамгийн өндөр давсны хэрэглээтэй гэж
гардаг. Урд хөрш болох Хятад улс гэхэд есөн грамм давс хоногт хэрэглэж байхад
манай улс 11 граммыг хэрэглэдэг. Бүр баруун аймгийн нутгуудаар хоногт 16 грамм
давс хэрэглэж байна.

Дан ганц эрүүл
мэндийн байгууллага давсны хэрэглээгээ бууруулах талаар ярихаар хүнсний
үйлдвэрлэл эрхлэгчдэд тэр бүр хүрээд байдаггүй. Тийм болохоор олон салбарыг
хамарсан үйл ажиллагаа болгохын тулд ажлын хэсэг байгуулаад хөтөлбөр
боловсруулсан юм. Эхэндээ хамтран ажилласан байгууллагууд дургүй байсан ч эрүүл
мэнд талаас нь сайн тайлбарласны үр дүнд
зөвшөөрсөн. Судалгаагаар давсны хэрэглээг бууруулахад эдийн засаг болон хүн
амын эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байгаа.

-Давс их
хэрэглэснээр ямар өвчин үүсэх вэ?

-Дэлхий даяар
халдварт бус өвчний тархалт ихэсч, нас баралт нэмэгдэж байгаа. Монголын
хэмжээнд нас баралтын шалтгааныг жагсаавал дөрөвт нь халдварт бус өвчин орж
байгаа. Энэ халдварт бус өвчнийг үүсгээд байгаа зүйл нь амьдралын буруу хэвшил,
буруу хооллолт тэр дундаа давс, чихэр, өөх тосны хэт хэрэглээ, хөдөлгөөний
дутагдал. Давс их хэрэглэхээр зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх, яс
сийрэгжих, зүрхний шигдээс, тархины цус харвалт, ходоодны хавдар зэрэг өвчнүүд
бий болдог. Эдгээр өвчнүүд манай хүн амын нас баралтын тэргүүлэх хүчин зүйл нь
болоод байна. Хэрэв бид давсныхаа хэмжээг бууруулах юм бол нас баралтын тоог
бууруулах бололцоотой. Энэ нь ганцхан манай улсад ч биш өөр улсад ч байдаг
асуудал. Дэлхий даяар халдварт бус өвчнийг бууруулъя, зөв зохистой хоол­лолтыг
нэмэгдүүлье, давсныхаа хэмжээг багасгая гэсэн том том бодлогын баримтууд гаргаад дэлхийн эрүүл мэндийн чуулганаар
гишүүн орнууд бүгд дэмжээд баталчихсан. 2025 он гэхэд хүн амын хоногийн давсны
хэрэглээг таван граммаас бага байлгаж чадвал халдварт бус өвчинтэй холбоотой
нас баралтыг 18-24 хувиар бууруулах бололцоотой. Түүнийг тоолбол олон сая хүний
амь аврагдана.

-Стратегийг
боловсруу­лахын өмнө судалгаа хийсэн үү?

-Бид давсны
хэрэглээгээ багасгах зорилт тавихаасаа өмнө “Талх чихэр” компанитай туршилтын
төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулсан юм. Тус гэрээгээр талханд агуулагдах давсны
хэмжээг тодорхой хэмжээгээр бууруулахаар тохирсон. Талхны давсны хэмжээг
бууруулсан ч ямар ч хүнээс гомдол ирээгүй. Харин эсрэгээрээ “Талх чихэр”
компанийн тухайн жилд импортолж авдаг байсан давсны хэмжээ хэдэн тонноор
буурчихсан байгаа юм. Хиам хийдэг махны чиглэлийн үйлдвэрүүдэд бас ижил саналыг
тавьсан. Мөн л хүмүүс гомдол мэдүүлээгүй.

-Ямар бүтээгдэхүүнд
давс их агуулагдсан байдаг вэ?

-Давсны талаарх
судалгаа хийхэд талх, цай зэрэг монголчуудын нийтлэг хэрэглэдэг хүнсний 81.6
хувь нь олон улсын ангиллаар давс ихтэйд
тооцогдсон. Хүмүүсийн өдөр тутамд иддэг нийтийн хоолны 83.6 хувь нь давс ихтэй
байдаг гэсэн судалгаа бий.

-Энэ стратеги
арван жилийн хугацаатай гэсэн. Арван жилийн хугацаанд Монгол Улс хоногт хэдэн
грамм давс хэрэглэдэг болох вэ?

-Арван жилийн
дараа гэхэд Монголын хүн амын давсны хэрэглээ одоогийн түвшнээс 30 хувиар
буурна. Одоо бид 11 грамм давс хэрэглэж байгаа бол 7.5 грамм давс хэрэглэдэг
болно гэсэн үг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүн хоногт таван граммаас
бага давс хэрэглэх ёстой гэж заасан байдаг. Бид арван жилийн дараа энэ заалтад
хүрэхгүй ч байж магадгүй. Ер нь долоон грамм орчим давс хэрэглэдэг болгохоор
зорьсон байгаа.

-Хувь хүнээс
асуулга асууж үзсэн үү. Хүмүүс энэ талаар ямархуу мэдээлэлтэй байдаг юм бол?

-Бид 2013 онд
давсны хэрэглээний тухай судалгаа хийсэн. Тэр судалгаагаар нийт хүн ам давсны
талаарх мэдээ мэдээлэл муутай байсан. 19.1 хувь нь давс ихтэй хүнсний талаар,
12 хувь нь давс ихтэй хоол, хүнс эрүүл мэндэд нөлөөлөх талаар, 95 хувь нь давс
багатай хүнсний бүтээгдэхүүн хэрхэн сонгох талаар мэдлэг багатай байсан. Давсны
талаар мэдээлэл тун муу гэсэн үг. Иймээс бид бүтэн нэг зорилтыг хүн ам руугаа
чиглүүлсэн байгаа юм.

-Бодлогын
хүрээнд ямар ажлууд хийх вэ?

-Бид бодлогоор
хүнсний бүтээгдэхүүнд байгаа стандарт дахь давсны хэмжээг бууруулахаар
ажиллана. Мөн телевизээр давс ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг сурталчлахгүй байх
зэргийг бодлогодоо оруулах хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, зар
сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа. Хүний эрүүл мэндэд
хортой хүнсний бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглоно. Сурталчилсан ч татварыг
нь илүү авахаар зүйлчлэх юм. Мөн хилээр оруулж ирэх давс ихтэй бараанаас татвар
нэмж авах зэрэг арга хэмжээ авна. Хүнсний стандартад 100 грамм тухайн хүнсний
бүтээгдэхүүнд таван граммаас бага давс агуулсан байх ёстой. Савласан
бүтээгдэхүүний шошгон дээр давсны хэмжээ заавал тавигдсан байх ёстой гэдэг
заалтыг бодлогын түв­шинд заавал оруулж байгаа.

Үндсэндээ энэ
стратегийг хэрэгжүүлэхэд гурван том зорилт бий. Нэгдүгээрт, эрх зүйн орчин
бүрдүүлэх. Хоёрдугаарт, давсны хэрэг­лээг бууруулах. Энэ зорилтод төр, хувийн
хэвшил бие биенээ дэмжиж ажиллана. Энэ үйл ажиллагааны үр дүнг хянах
байгууллага маш сайн ажиллах шаардлагатай. Бүтээгдэхүүний шошгон дээр давсны
агууламжийг бичсэн эсэхийг шалгахаас эхлээд сайн ажиллавал сайн үр дүнд хүрнэ.

Гуравдугаарт, хүн
ам руу чиглэсэн давсны тухай мэдээлэл сурталчилгаа явуулна. Энэ нь иргэд хүнсээ
зөв сонгох, давсыг зохистой хэрэглэх мэдлэг, дадлыг эзэмших орчин бий болгох
замаар хүн амын давсны хэрэглээг бууруулахад оршиж байгаа юм.

-Стратегийн
бодлого хэрэгжүүлж хүмүүст мэдлэг өгчихөөр давсны хэрэглээ багасах байх?

-Тийм, наад зах
нь үйлдвэрлэгчид бүтээгдэхүү­нийхээ шошгонд агуулагдаж байгаа давсных нь
хэмжээг бичдэг болно. Мэргэжлийн хяналтынхан тэдний ажлыг сайн хянадаг болно.
Чихрийн хэрэглээг багасгана гэж ярьж эхлэхэд чихэргүй ундаа гараад ирсэн шүү
дээ. Түүнтэй адил манай хүнс давс багатай шүү гээд үйлдвэрлэгчид маань өөрсдөө
сурталчилгаа хийгээд эхлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Гадаад паспортоо сунгуулах бол “Өргөө”-гийн өмнө очоорой

Иргэний үнэмлэх, гадаад паспортоо сунгуулах бол Баянгол дүүргийн нутаг, “Өргөө” кино театрын өмнө өнөөдөр очоорой. Учир нь тэнд Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ болно. Энэ үеэр Баянгол дүүрэг дэх төрийн байгууллагууд иргэдэд үйлчилж, хуульзүйн мэдээлэл зөвлөгөө өгнө. Иргэний үнэмлэх, гадаад паспортыг газар дээр нь сунгаж, олгох зэрэг төрийн олон төрлийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэнэ. Уг арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
Хил хамгаалах ерөнхий газар
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
Улсын бүртгэлийн ерөнхий газар
Архивын ерөнхий газар
Тахарын ерөнхий газар
Хууль сахиулахын их сургууль
Хууль зүйн үндэсний хүрээлэн
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
Хууль зүйн туслалцааны төв зэрэг төрийн байгууллагууд оролцож, иргэдэд үйлчлэх аж.