Улаанбаатар хотын хэд хэдэн байршилд усан хөшиг хийхээр төлөвлөж эхнээсээ ашиглалтад ороод байгаа. Зайсангийн гүүрэнд хийж байгаа усан хөшигийн ажил дуусч улсын комисст хүлээлгэж өгөх гэж байжээ. Гэтэл уг усан хөшигийн 141 хошууг хулгайлсан байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн албан хаагчид хулгайчдыг үйлдэл дээр нь баривчилсан байна. Мөн өмнө нь энэхүү усан хөшигийн ч цахилгааны гэрэлтүүлгийн утсыг хөвж авсан хэрэг гарч байжээ.
Month: September 2015
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын 8-ны өдөр хуралдаж Монгол Улс байнга төвийг сахих тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгыг хэлэлцээд дэмжин хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж зөвлөмж гаргажээ. Уг шийдвэрээр “Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид, Монгол Улсын байнга төвийг сахих статусыг дэмжиж, эрх зүйн үндсийг нь бүрдүүлэхийг УИХ-д, Монгол Улсын байнга төвийг сахих статусыг тунхаглаж тогтоол гаргах, бусад улс, олон улсын байгууллагаар дэмжүүлж, хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт тус тус зөвлөмж болгосон байна.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлого явуулах, улс орноо улс төр, дипломатын аргаар батлан хамгаалах зорилтын үүднээс төвийг сахих чиглэлээр явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаагаа хэлбэржүүлж тунхаглах нь зүйтэй гэж ҮАБЗ үзсэн байна. Төвийг сахих бодлогын үндсэн зарчмууд Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс зэрэгт туссан нь Монгол Улс байнга төвийг сахих статусаа тунхаглах эрх зүйн болон бодлогын үндэслэл болж байгаа юм.
Монголын шүүх шударга шүүх байх ёстой гэсэн уриан доор иргэд нэгдэж Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа жагсаал хийж байна. Иргэд шүүхийн шударга бус үйл ажиллагааг шүүмжилж жагсч байгаа аж. Мөн Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн шүүх хурлыг хорих ангид хийж байгаад бухимдалтай байгаагаагаа ийн илэрхийлж байгаа юм байна. Түүний өмгөөлөгч “Л.Гансүх одоогоор албан ёсоор хэрэг нь батлагдчихсан хоригдол биш. Гэтэл сэжигтэнийг шууд хорьж, шүүх хурлыг нь хорих ангид хийж байгаа нь хүний эрхийг дээд зэргээр зөрчсөн үйлдэл” гэж мэдэгдээд байгаа юм.
Уншигч тантай уулзуулж байгаа энэ хүнийг А.Чулуун гэдэг. Шил, лааз түүж амьжиргаагаа залгуулдаг, тэтгэврийн хэдээ хадгалж байгаад хувьцаа худалдаж авдаг, хөрөнгийн зах зээл дээр аль ерээд оноос тоглож эхэлсэн, ном унших дуртай гэж ирээд яривал сонирхмоор намтартай эрхэм. Хөрөнгийн бирж дээр арилжааны мэдээ авах гэж ирэхэд нь өчигдөр уулзаж ярилцлага авсан юм.
-Улс төрийн товчооны Төмөр-Очир гуайн орчуулсан “Мөнгө” зохиолоос хөрөнгийн зах зээлтэй анх танилцсан гэж сонссон. Тэр чинь хэдэн он билээ?
-Өө их эрт, 1968 он. Анх уншаад хөрөнгөтөн оронд л ийм сүрхий сайхан зүйл хөгжсөн байх нь гэж бодоод өнгөрсөн. Эмиль Золягийн зохиол л доо. “Мөнгө” гэдэг тэр номонд 1850-иад оны үеийн хөрөнгийн зах зээлийн тухай гардаг юм. Элдэв юм гарна. Хувьцаа аваад баяжсан хүн ч гарна. Хувьцаа аваад юу ч үгүй болсон дүр ч бий.
-Эдийн засагч болохоор хөрөнгийн зах зээлийг сонирхож харсан байх нь?
-Тэр үед би их сургуульд сурч байсан л даа. Ах нь Дорнод аймгийн хүн. Аав, ээж минь хоёулаа тэндхийн уугуул. Арваа онц төгсөөд МУИС-ийн эдийн засгийн ангид орсон юм. 1970 онд сургуулиа төгсөөд Төв аймгийн Барилга конторт эдийн засагчаар очсон. Тэндээ дөрвөн жил ажилласан.
-Өөр ажилд томилогдсон хэрэг үү?
-Үгүй ээ, яах аргагүй болоод саналаараа гарсан юм. Тэр үе чинь социалист нийгэм. Өмнө нь хэзээ ч байгаагүй шударга сайхан, агуу их Октябрийн хувьсгалын нөлөөгөөр хүн нь хүнээ дарлан мөлжих ёсыг үүрд устгасан шинэ нийгэм байгуулж эхэлсэн гэдэг байлаа. Үнэн хэрэгтээ тийм байгаагүй. Манай даргын ах нь Намын төв хороонд ажиллана. Тэгж байтал Увс аймгийн Чандмань сумын нэг хүн манайд ерөнхий нягтлангаар ирлээ. Арын хаалга нь Улстөрийн товчооны гишүүн хавьцаа. Ер нь өнгөрсөн нийгэм чинь тэр чигтээ арын хаалганых байсан шүү. Арын хаалгатай хүн гайгүй алба хашна. Манай дарга, ерөнхий нягтлан хоёр надад талгүй. Яамнаас хүн ирэхээр энэ хүн юу ч хийдэггүй, шинэ санаа гаргадаггүй гэж танилцуулна. Ажлаасаа цэрэгт явна гээд гарсан л даа. Чих муу учраас цэрэгт тэнцээгүй. Ажил нэлээд хайсан. Он гарсан хойно Усны аж ахуйн яаман дээр очлоо. Азаар Борнуурт эдийн засагчийн орон тоо байна гээд тийшээ очсон. Тэндээ долоон жил ажиллаад хотод ирсэн хүн дээ. Дахиад л ажил олдоогүй хэсэг таваргасан.
-Яагаад, уг нь номыг нь үзсэн эдийн засагч хүнд ажил олдмоор юм?
-Арын хаалганы нийгэм байсан гэж би хэлсэн дээ. Тийм л шалтгаанаар олдоогүй хэрэг. Би танд нэг жишээ ярья. Сүхбаатар дүүргийн хөдөлмөр нийгмийн хангамжийн хэлтэс гэж байлаа. Ганц хүний орон тоо гарч л дээ. Өчнөөн хүн очиж. Тэгсэн тэндхийн намын хороонд ажилладаг мэргэжилтэн миний таньдаг нэг хүний бичиг баримтыг барьж гүйж байгаад оруулсан юм билээ. Ажилдаа ороод хэдхэн хонож байтал буцаагаад гаргачихсан байгаа юм. Илүү том ар талтай хүн гарч ирсэн учраас гэсэн тайлбар хэлсэн гэдэг. Ах нь ийм л нийгэмд амьдарч байсан хүн. Сүүлдээ нам дагахгүй бол болохгүй нь гэж бодсон л доо. Тэгээд цэргийн газар дагавал намд орох нь гайгүй юм билээ гээд нормчин хийж үзлээ. Тэнд очоод ч бараагүй. Бас л арын хаалгагүй бол мэргэжлээрээ ажиллахгүйг ойлгоод 1985 онд гарсан.
-Ажлаасаа гараад самар түүж зардаг болсон гэж дуулсан. Орлого хэр байв?
-Сард 1200 төгрөгийн орлоготой. Тэр үеийнхээр бол орлогч сайдын цалин (инээв). Богд ууланд самар түүхээр гардаг хориод хүн байсан юм. Аягыг нь нэг төгрөг гээд самар зарж эхэллээ. Ардчилал ялтал самраа зарсан. Намар нь зүгээр суухгүй хөдөө явж тарвага өвчинө. Анчдын байнгын бригад гэж байсан юм. Тэдэнтэй явж өвчинө л дөө. Нэг анчинг тарвага өвчдөг нэг хүн дагана. Тарвага олноор нь агнадаг хүнийг гурван өвчигч дагана. Цэрэнчимэд гэдэг анчин бүр өдөрт 70 тарвага агнана. Нэг тарвага өвчихөд хоёр төгрөг. Хоёр сар шахуу яваад 1200 төгрөг, хоёр дөчийн бедон тарваганы махтай хотод орж ирнэ. Ардчилал эхлээд тарвага, самрын аль аль нь алга болсон л доо. Ажилгүй болсон хүмүүс олноороо Богд ууланд гарчихсан. Бие биеийнхээ самрыг хулгайлна, дээрэмдэнэ, есөн жорын л юм гарч эхэлсэн. Хэтрүүлж хэлбэл хүн бүр тарваганд явсан даа.
-Ардчилал эхлээд шууд хөрөнгийн зах зээл рүү оръё гэж бодсон уу?
-Шууд ч үгүй л дээ. Нэг хэсэг ундаа зарсан. Төгрөг 20 мөнгөний ундааг зах дээр наймаа хийж байгаа улсад таван төгрөгөөр зардаг байлаа. Гэтэл ундаа үйлдвэрлэгчид ундаагаа машинаар нь зах дээр аваачаад бөөний үнээр нь зараад эхэлсэн. Ингээд амь зуудаг бизнес маань алга болж байгаа юм. Тэгээд хөрөнгийн зах зээл рүү орсон доо.
-Эхлээд ямар компанийн хувьцаа авч байв?
-Тэр үед чинь ямар ч хувьцаа авсан гүйдэг байсан. Хувьцаа аваад байж байтал дараахнаас нь өсөөд эхэлсэн. Тэгж байгаад овоо мөнгөтэй боллоо. Гэхдээ авсан хувьцааны маань ихэнх нь дампуурсан. Одоо хувьцааны шинэ үе эхэлж байна. Хөрөнгийн бирж дээр оршин тогтнох бололцоогүй компаниудын хувьцааг бүгдийг нь хасчихлаа. Бололцооны компаниуд нь үлдсэн. Тэгэхээр энэ зах дээр тоглох боломж тэр үеийнхээс ч илүү байгаа гэсэн үг. Би Хөрөнгийн бирж дээр заримдаа сардаа нэг, зарим үед долоо хоногт нэг удаа ирдэг. Ер нь долоо хоногтоо нэг удаа ирээд арилжааны мэдээ авчихвал болчихдог.
-Хувьцааг нь авах компаниа яаж сонгодог вэ, олон жил ажиллаад ирэхээр арилжааны мэдээгээ төвөггүй уншаад, мэдрээд сурчихдаг уу?
-Компаниудаа мэднэ л дээ. Арилжааны мэдээгээ цуглуулаад гурван жилийн өмнө ямар байсан, одоо хэд байна гэх мэтээр харьцуулаад уншчихна. “Улаанбаатар” зочид буудлын хувьцаа 250 төгрөгөөр эхэлж байсан юм. Гэтэл одоо 100 мянган төгрөг. Тэр үед би ямар нэг аргаар “Улаанбаатар” зочид буудлын 5000 хувьцаа авсан бол өнөөдөр 500 сая төгрөгтэй болох байсан юм билээ.
-Хувьцаанаас хамгийн их ашиг хийсэн тохиолдлоо сонирхуулаач?
-Их олж байсан үе бий. Гэхдээ сайн наймаа хийдэг хүнийг яаж гүйцэхэв. 4000 төгрөгөөр авсан хувьцаагаа 64 мянган төгрөг болгосон удаа байгаа. Хувьцааны ашиг гэж нэлээд юм авдаг байсан. Одоо ч авч байгаа. Хувьцааны ашгийг жилээр ярина л даа. Бид хувьцаагаа зарж ашиг олохгүй. Хувьцааны үнийн өсөлтөөс нэлээд юм олдог. Бэлэн мөнгөний хувьд жилд гурван сая төгрөгөөр л шинэ хувьцаа авч байгаа юм. Өнөөх маань жилдээ зургаа, долоон сая болоод үржчихнэ. Урьд нь авчихсан хувьцааны үнийн өсөлт гэж бий. Авсан хувьцаагаа зарна гэхээс илүү улам өсөхийг нь хүлээнэ. Ер нь хувьцааны захаас ашиг олно гэдэг урт удаан хугацааны үйл явдал шүү дээ. Хувьцааны томчууд чинь өсөх хувьцааг дарсаар байгаад мөнгөждөг. Би тэр аргаар явж байна л даа.
-Жилдээ арваад саяыг бол чөлөөтэй л олдог юм байна даа?
-Бараг тийм байх. Гэхдээ хувьцааны зах чинь нууцлалтай байх ёстой шиг байгаа юм. Томчуудаас та ямар компанид хувьцаа эзэмшдэг вэ гэж асуухад хариулдаггүй биз дээ (жуумалзав).
-Та одоо хаана амьдарч байгаа вэ?
-Гэр хороололд амьдарч байгаа. Хүмүүс байр аваач гэдэг л юм. Хувьцааны зах зээл дээр тоглож байгаа хүнд чинь эргэлтийн хөрөнгө хэрэгтэй. Хувьцаагаа зараад байр авчихвал цаашдаа ямар ч бизнес эрхлэх аргагүй болж таарна. Би 1945 онд төрсөн хүн. Дал гараад явж байна. Нас дээр гарсан ч мөнгөө өсгөж хүссэн зүйлдээ заръя гэсэн бодол, хүсэл маань хэвээрээ.
-Хувьцааны зах дээр тоглож багагүй мөнгө олдог хүн лааз, шил цуглуулаад явна гэхээр гайхах хүн гарч мэдэх л юм. Хувьцааны ашгаараа өөр бизнес эрхэлье гэж бодож байсан уу?
– Ер нь тэгээд хувьцааны арилжаа амьдрал маань болчихож. Шил, лааз цуглуулах чинь их нэмэртэй. Тэтгэврийнхээ мөнгөнд хүрэхгүй шүү дээ. Унших ном, өмсөх хувцас, хоол ундаа бол шил, лааз тушааж олсон мөнгөөрөө аргалчихдаг. Тэтгэвэр гэж сард 280 мянган төгрөг авна. Тэрийгээ хувьцаандаа оруулдаг юм. Тэгээд ч зүгээр сууснаас амьдрал дунд явна, хөдөлмөрлөнө гэдэг сайхан. Шил, лааз цуглуулахаас гадна амралтын өдрүүдээр сонин, ном зардаг юм. Дэлгүүрт сууж байгаа улс сонин, ном их харна. Авдаг хүмүүсээ мэддэг болохоор яваад зарчихдаг. Ер нь амрах дургүй. Болж л өгвөл хөдөлж, ажиллаж байх дуртай.
-Гэхдээ л мөнгөө ийм юманд ингээд зарчих юмсан гэсэн бодол төрнө биз?
-Хүссэн хэмжээндээ хүрсэн үед л зарна даа. Дор хаяж 300 сая төгрөгтэй байж хүссэн зүйлээ эхлэх боломжтой болно. Тэр хүртэл нэлээд үзэх байх аа.
-Таныг хувьцаа эзэмшигчдийн хуралд идэвхтэй суудаг гэж сонссон. Компанийн захирлуудтай яриа хөөрөө үүсгэнэ биз?
-Тэдэнтэй ярих дуртай. Хувьцаа эзэмшигчдийн хуралд зах зээлд хөлөө олчихсон сүрхий улс очдог. Танилцаад хууч хөөрөхөд урамтай, хэрэгтэй. Хувьцаа эзэмшигчийн хурлын мэдээллийг “Өдрийн сонин”, “Өнөөдөр”-өөс харна. Олж чадаагүй зараа брокероосоо авчихна. Хуулиараа бол компаниуд хувьцаа эзэмшигчдийнхээ хурлын зарыг сониноор зарлах ёстой л доо. Бидэнд чинь хуралдаа сууна гэдэг хамгийн сайхан үе. Том сайд дарга нар хувьцааныхаа хуралд ирдэггүй юм. Хувьцаа эзэмшигчдийн хуралд орохыг хориглосон байдаг юм шиг билээ. Төлөөний хүнээ явуулаад байх шиг харагддаг.
-Хөрөнгийн бирж дээр тан шиг тууштай арилжаа хийдэг хүн хэчнээн байгаа бол?
-Байнгын хувьцаа зардаг нь гэвэл тавь, жараад бий байх шүү. Хувьцааны арилжаанд оролцогчид насны хувьд янз бүр. Залуус их оролцож байна. Халиад нэг юм ярихад сүүлийн үед нэг олзуурхмаар мэдээ дуулдаж байна. Ямар нэг компанийн хувьцаанаас эзэмших нэг хүний хувьцааны дээд хязгаарыг тогтоож өгнө гэсэн агуулгатай хуулийн төсөл явж байгаа дуулдсан. Гэхдээ их хурлын гишүүд хувиа бодсон улс учраас ард түмэнд хэрэгтэй ийм санаачилгыг дэмжихгүй л болов уу гэж урам хугарах юм. Уг нь энэ заалт батлагдчихвал энгийн иргэд хувьцааны зах руу орж мөнгөө өсгөхөд их нэмэртэй.
-Та хэчнээн компанийн хувьцаа худалдаж авсан бэ?
-Жараад компанийн хувьцаа худалдаж авсан байдаг юм. Гэхдээ ашигтай нь арав гаруй.
-Хөрөнгийн зах зээл рүү орох хэр хэцүү вэ?
-Эхлээд 5000 төгрөгөөр дансаа нээлгэнэ. Дараа нь бас нэг данс нээлгэж мөнгөө хийнэ. Брокертоо би энэ хувьцааг авна гэж захиалгаа өгөөд л болоо. Хамгийн гол нь арилжааны мэдээгээ сайн харж байх хэрэгтэй.
-Арилжаа хийх идэвхтэй үе гэж байх уу?
-Байлгүй яахав. Би гэхэд л зун мөнгөө хурааж байгаад хувьцааны зах руугаа өвөл ордог. Өвөл хувьцааны үнэ унадаг юм. Компаниуд мөнгөөр дутагдаж эхэлдэг үе л дээ. Одоо хувьцааны үнэ уналттай байгаа нь үнэн. Гэхдээ эргээд өснө л дөө. Америкт хямралын үеэр ханш нь унасан хувьцаа авсан улс одоо хожиж байна.
-Та аль чигийн ном сонирхож уншдаг вэ?
-Түүхийн номонд дуртай. Бизнесийн ухааны номонд гар татахгүй. Сүүлд “Наполеон” гэдэг ном уншлаа. Энх-Амгалан хааны тухай нэг ном авсан. Уншиж амжаагүй байгаа. Сүүлийн үед сонирхолтой номнууд хэвлэлтээс гарангуутаа алга болж байна шүү. Анзаараад байхад амжилттай яваа хүмүүс ном их уншдаг. Ном уншдаг учраас л бусдаас давуу амьдарч байна л даа. Тийм байх чадвараа номноос авч байна.
-Хамгийн үнэтэй авч байсан ном гэвэл…?
-“Коммунизмын хар ном”-ыг 50 мянган төгрөгөөр авч байсан.
-Уншсан номныхоо тоог багцаалдаад хэлэх боломжтой юу?
-Өө, тоогоо алдсан. Ах нь номгүйгээр амьдрах аргагүй болчихсон хүн л дээ. Зав гарвал ном бариад авдаг дадалтай болчихсон. Манай гэрийн хогшил, эд гэвэл ном л байна. Хуучин цагт унших ном ховор байсан. Үзэл суртлын шүүлтүүр гэж айхавтар юм байлаа. Тэр дундаа миний унших дуртай түүхийн, хаад, ноёдын ном их ховор байсан цаг. Одоо бол мөнгө л байвал хүссэн номнууд байна шүү. Гэхдээ хүний шунал барагдах биш. Уншмаар номнууд орчуулагдаж өгөхгүй л байна. Жишээ нь Суворовын тухай ном огт алга. Линкольн, Вашингтоны тухай ном уншмаар санагдах юм. Уг нь аль дээр үед “Жизнь замечательных людей” гэдэг том цувралаар орос хэл дээр гарчихсан л даа. Орос хэлэндээ сайн биш учраас орчуулагдчих болов уу гэж хүлээж суух юм.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарт холбогдох
хэргийн шүүх хурал есдүгээр сарын 2-нд товлогдсон хэдий ч зарим гэрч нар ирээгүйн
улмаас найм хоногоор хойшилсон. Тодруулбал Үндэсний аудитын газрын байцаагч
Ш.Ичинхорлоо, “Багануур” компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нар шүүх
хуралд ирээгүй юм. Ийн гурав дахь удаагаа хойшилсон шүүх хурал нөгөөдөр буюу
есдүгээр сарын 10-нд болно. Гэхдээ тус хурал шүүхийн танхимд бус цагдан хорих
461 дүгээр ангид болохоос гадна 10-ныг хүртэл Л.Гансүх нарыг үргэлжлүүлэн хорих
шийдвэрийг шүүгч нарын зүгээс гаргасан билээ. Тэгвэл үүнийг эсэргүүцэн Л.Гансүх
Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Шүүхийн мэргэжлийн хороонд есдүгээр сарын 2-нд
гомдол гаргасан бөгөөд үүнийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Шүүхийн мэргэжлийн хороонд, Уранцэцэг танаа
гомдол гаргах нь
Л.Гансүх миний бие нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүгч
Х.Идэр, Б.Мөнх-Эрдэнэ, Ч.Отгонбаяр нарт холбогдуулж гомдол гаргаж байна.
1. Шүүх хуралд гэрчээр дуудсан Ш.Ичинхорлоо, М.Отгонбаяр нар
ирээгүй, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны төлөө 2015 оны
есдүгээр сарын 2-ноос 10 хүртэл үндэслэлгүйгээр цагдан хорьж байна.
2. Монгол Улсын Үндсэн хууль, шүүхийн захиргааны тухай хууль, шүүгчийн
эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгах хуульд зааснаар шүүх эрх
мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл дээрх гурван шүүгч шүүх
эрх мэдлийг шоронд хэрэгжүүлэх буюу хорих 461 дүгээр ангид шүүх хурлыг хийх
шийдвэр гаргасан нь дээрх хуулиуд болон өргөсөн тангаргаасаа няцсан увайгүй үйл
явдал боллоо гэж үзэж байна.
3. Надад холбогдох шүүх хурлыг нээлттэй, шүүхийн ерөнхий зөвлөлийн
зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахыг зөвшөөрсөн хариу өгсөн.
Уг шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүлэхгүйн
тулд, Авлигатай тэмцэх газрын олон хууль бус үйлдлүүдийг ил болохоос хаацайлж,
сэтгүүлч нарыг уг хуралд оруулахгүйн тулд АТГ-т барьцаалагдсан шүүгч Х.Идэр нар
ийм шийдвэр гаргалаа.
4. АТГ-т барьцаалагдсан гэдэг нь миний хэргийг шүүхэд шилжүүлэхийн
өмнөхөн шүүгч Х.Идэрийн төрсөн ах Х.Тамирыг хар тамхины хэргээр барьсны
дараахан миний хэргийг дүү дээр нь хуваарилуулсан. Өөрөөр хэлбэл ахаар нь
барьцаалж дүүг нь хүссэнээрээ хөдөлгөж байна. Энэ бүгдийг маш нарийн зохион
байгуулалттайгаар хийсэн. Одоо ах Х.Тамирыг нь АТГ шалгаж байгаа. Энэ хэргийг
олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулснаар АТГ-ын явуулж байсан хууль
бус үйл ажиллагаанууд ил болж ард түмэн АТГ-ын үнэн нүүр царайг таньж, тэнд
ажиллаж байгаа хүн хэлмэгдүүлдэг, улс төрийн захиалга биелүүлдэг албан хаагч,
дарга нар ил болно. Иймд албан тушаалаа ашиглаж захиалгаар, үндэслэлгүйгээр
дээрх олон хуулийг зөрчин өргөсөн тангаргаасаа няцан шүүх эрх мэдлийн нэр хүндийг
унаган шоронд шүүх хурал хийх шийдвэр гаргасан Х.Идэр нарын гурван шүүгчид
хариуцлага тооцож өгнө үү.
Монгол Улсын Үндсэн хууль, шүүхийн захиргааны тухай хууль, шүүгчийн
эрх зүйн байдлын тухай хуулиудад “… шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”
гэсэн заалтын дагуу шүүх хурлыг шоронд биш Монгол Улсын үндсэн хуулийн дагуу
байгуулагдсан Монгол Улсын шүүхэд шүүлгэх хүсэлтэй байгааг минь хүлээн авч
шийдвэрлэж өгнө үү.
Шүүхийн
ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танаа
Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн
эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүх эрх
мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл Баянзүрх, Сүхбаатар,
Чингэлтэй дүүргийн шүүгч Идэр, Мөнх-Эрдэнэ, Отгонбаяр нар шүүх эрх мэдлийг
шоронд хэрэгжүүлэх буюу хорих 461 дүгээр ангид шүүх хурлыг хийх шийдвэр
гаргасан нь дээрх хуулиуд болон өргөсөн тангаргаасаа няцсан увайгүй үйл явдал
боллоо гэж бодож байна. Надад холбогдох шүүх хурлыг нээлттэй, шүүхийн ерөнхий зөвлөлөөс
олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахыг зөвшөөрсөн хариу өгсөн. Уг
шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүлэхгүйн тулд,
АТГ-ын олон хууль бус үйлдлүүдийг ил болгохоос хаацайлж, сэтгүүлч нарыг уг
хуралд оруулахгүйн тулд АТГ-д барьцаалагдсан шүүгч Х.Идэр нар ийм шийдвэр
гаргалаа.
АТГ-т барьцаалагдсан гэдэг нь миний хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнөхөн
шүүгч Х.Идэрийн төрсөн ах Х.Тамирыг хар тамхины хэргээр барьж, дараахан нь
миний хэргийг дүү дээр нь хуваарилуулж, өөрөөр хэлбэл ахаар нь барьцаалж дүүг
нь хүссэнээрээ хөдөлгөж байна. Одоо ах Х.Тамирыг нь АТГ шалгаж байгаа. Энэ
хэргийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулснаар АТГ-ын явуулж
байсан хууль бус үйл ажиллагаанууд ил болж ард түмэн АТГ-ын үнэн нүүр царайг
таньж, тэнд ажиллаж байгаа хүн хэлмэгдүүлж, улс төрийн захиалга биелүүлдэг
албан хаагч дарга, нар ил болно.
Монгол Улсын үндсэн хууль, шүүхийн захиргааны тухай хууль,
шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад “… шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх
хэрэгжүүлнэ” гэсэн заалтын дагуу шүүх хурлыг шоронд биш Монгол Улсын Үндсэн
хуулийн дагуу байгуулагдсан шүүхэд шүүлгэх хүсэлтэй байгааг минь хүлээн авч
шийдвэрлэж өгнө үү.
-АНУ, Японы зах зээл дээр хамгийн үнэтэй косметикийн тосны суурь нь адууны тос байгаа-
Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Монхимо” ХХК-ийн “Адуу” нэрийн кальци нөхөх бүтээгдэхүүн нь үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнгээс гран-при шагнал авсан. Уг бүтээлийнх нь талаар тус компанийн захирал М.Ариунаатай ярилцлаа.
-Адууны яснаас гаргаж авсан кальциа сонирхуулахгүй юу. Нэлээд шагнал авсан дуулддаг?
-Анх судлагдаж байхаасаа “Адуу” брэнд олны анхааралд орсон. 2009 онд экспортын чиг баримжаатай оюуны багтаамжтай бүтээлийн шагнал авч байсан. 2010 онд Монголын инженерүүдийн чуулганы үеэр Монгол Улсын шилдэг арван бүтээлийн нэг болж байлаа. Мөн 2013 онд Монголд үйлдвэрлэв үзэсгэлэнгээс Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын брэнд бүтээгдэхүүнээр шалгарч байв. 2014 оны Монгол Улсын шинжлэх ухааны салбарын оны шилдэг бүтээлээр шалгарч байсан. Саяхан үндэсний үйлдвэрлэгч нарын үзэсгэлэнгээс гран-при авч үндэсний нэрийн бүтээгдэхүүн боллоо. Худалдаанд гараагүй судалгаа хийгдэж байхдаа л олон арга хэмжээнд шалгарсан. Үүгээрээ манай улсын хүн амын эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой экспортын сайн бүтээгдэхүүн болжээ гэдэг нь нотлогдоно. Бид сүүлийн 10 гаруй жил энэ шинэ бүтээгдэхүүн дээрээ ажиллаж байгаа л даа. Ер нь аливаа шинэ бүтээгдэхүүнүүд тэр тусмаа эрүүл мэндийн чиглэлийнхэд хугацаа шаарддаг. Цаад шалгуур нь ч өндөр байдаг.
-Ясны сийрэгжилт ер нь хэр элбэг өвчин юм бэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны судалгаагаар 200 сая хүн яс сийрэгжилтэд нэрвэгдсэн байна гэж үздэг. Яс сийрэгжих өвчин удаан хугацааны турш үүсдэг. Эхэндээ өвдөж мэдэгддэггүй болохоор чимээгүй тахал гэж зарлаад ясны сийрэгжилтийг оношилдог аргыг гаргасан. Ясны сийрэгжилтийг сийрэгжиж байгаа хурдыг тогтоодог рентген аргыг гаргасан байгаа. Үүнийг бид Монголдоо оруулж ирсэн. Аймаг хотуудад арав гаруй лаборатори байгуулаад байна. Үзүүлсэн хүмүүсийн эмчлэх шаардлагатайг нь эмчлээд бусдад нь амьдралын хэвшлийн зөвлөгөө өгдөг. Ясны сийрэгжилтээс үүдэлтэй 150 гаруй өвчин байдгийг олон улсын эрдэмтэд тогтоочихсон байгаа. Бид өөрсдөө ийм сайхан баялагтай мөртлөө ясны сийрэгжилтэд ихээр өртөж байна.
-Адууны кальцийг ууснаар яс сийрэгжилт хэр хурдан эдгэрэх вэ?
-Импортын бэлдмэл хэрэглэдэг, нэгэнт яс нь сийрэгжсэн хүмүүс хоёроос гурван жилийн дараа 20-25 хувь л нөхөгдсөн байдаг. Гэтэл манай адууны ясны кальцийн бэлдмэлийг хэрэглэсэн хүмүүсийг хоёр, дөрөв, зургаан сарын дараа гээд гурван давтамжтайгаар үзэхэд 35 хувиас дээш бүрэн нөхөгдсөн судалгаа гарсан. Нэг курс буюу хоёр сар уугаад амраад явдаг. Түүнээс биш тасралтгүй ууна гэсэн ойлголт байдаггүй. Эрдэс, амин дэм, тэжээлүүдийн хүн нэг удаагийн хэрэгцээгээр авах ёстой норм, тун гээд бүр сайдын тушаал байдаг. Энэ тун дээр үндэслэж бид норм, тунгаа гаргадаг.
-Гадаадын ямар орнуудад бүтээгдэхүүнээ гаргаж байна?
-Олон шат дамжлага дамжиж байж Монгол Улсын биологийн идэвхт бүтээгдэхүүний улсын бүртгэлд бүртгүүлнэ. Зөвхөн БНСУ-ын Хүнс эмийн хяналтын шинжилгээний лабораторид 20 гаруй удаа шинжилгээнд явуулсан байдаг юм. Зөвхөн нэг орны зах зээл дээр гаргахын тулд шүү дээ. Одоогоор зөвхөн Солонгост гаргаж байна. Хэд хэдэн орон сонирхлын түвшинд бидэнтэй хамтарч ажиллаж байна. Ялангуяа манай урд хөршийн Шинжлэх ухаан, хөгжлийн яамных нь хүмүүс дөрвөн удаа манай дээр ирж уулзаж байсан.
Гаднаас жуулчны шугамаар зорьж ирж манай кальцийг хэрэглэж байгаа хүмүүс их байдаг. Солонгосоос манайд хамтарч ажиллахаар ирсэн нэг доктор сар гаруй кальци уусан. Тэгээд гэнэтхэн л өвдөхөө больчихсон талаараа ярьж байсан нь санаанд тод байна. Сүүлийн үед Якут, Тува, Халимаг, Буриад гээд ОХУ-аас хүмүүс ирж авах болсон. Тэд ах дүү хамаатан саднуудаараа дамжуулаад мэддэг болчихсон юм байна. Америкаас захиж авч уудаг эрдэмтэд бий. Саяхан олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр Шинэ Зеландын эрдэмтэн манай ажилтантай таарсан байна лээ. Тэр өөрийнхөө бүтээлүүд дунд Монголын кальци үнэхээр сайн болжээ гээд тавьчихсан байх жишээтэй. Ялангуяа эрдэм шинжилгээний чиглэлийн хүмүүс олноор ирдэг. Япон, хятадууд их авч байгаа. Тэд гэр орныхон, ээж аавдаа бэлэглэнэ гээд аваад явдаг.
-Яс сийрэгжилтийн өвчин ямар насны хүмүүсийг ихэвчлэн хамарч байна?
-Манайд дөрвөн настайгаас эхлээд азай буурлууд ч ирдэг. Гэтэл хамгийн сонирхол татсан бас сэтгэл эмзэглүүлсэн асуудал бол манай хүүхэд, залуусын дунд ясны сийрэгжилтийн түвшин өндөр байна. Хөгшин хүмүүсийн түвшинд хүрчихсэн. Зарим нь настай хүмүүсээс ч муу. Идээ ундааны соёл, амьдралын хэв шинж нөлөөлөөд байгаа хэрэг л дээ. Цахим ертөнцөөс шалтгаалаад шөнө нойргүйдэл ихтэй байдаг юм байна. Энэ нь яс сийрэгжилтэд нөлөө үзүүлдэг. Нөгөө шалтгаан нь кола, чипс, архи, тамхины хэрэглээ их нөлөөтэй. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлтээс сэргийлэх эм хэрэглэдэг гээд олон шалтгаанууд байдаг. Энэ бүхнээс болоод залуучууд ясны сийрэгжилтэд өртөөд байна. Ялангуяа хийжүүлсэн ундаа, чихэртэй хоол унд их нөлөөлж байгаа гэдгийг тодотгоё. Мөн цэвэр агаарт, экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж байгаа орон нутгийн иргэдийн яс уг нь сайн байх ёстой. Гэтэл манайхан тос ихтэй сүүгээ шууд хөөрүүлээд уучихаж байна. Тэр тослог нь калцийг шимэгдэхгүй болоход нөлөөлснөөр яс сийрэгжилтэд өртөх явдал бий.
Зөвхөн кальци гэлтгүй D аминдэмийн дутагдал ч их байна. Нийслэлийнхний амьдралын хэв шинж битүү байшингаас гараад машинд суугаад өөр нэг байранд очдог боллоо. Үүнээс шалтгаалж D аминдэмийн дутагдал ихтэй болсон гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон манай монголын эрдэмтэд тогтоочихсон шүү дээ. Тэгэхээр кальцийн хэрэглээ зөв байлаа ч D аминдэмийнхээ алдагдлыг нөхөж чадахгүй бол хүний биед хэрэгтэй гол хүчин зүйлүүдийн дутагдалд ороод эхэлж байгаа юм.
-Тэгэхээр хэрхэн сэргийлэх вэ?
-Амарч байгаа үедээ ууланд гарах, амьсгалаа задлах, зуны улиралд нарны хортой үеэс бусад цагт аль болох биеийнхээ хэсгүүдийг ил гаргаж явах зэргээр амьдралынхаа хэв шинжийг өөрчлөх шаардлагатай болж байгаа. Манайхан хүүхдүүдийнхээ хөлийг янгинаж өвдөхөөр өндөр болох гэж байна гэдэг. Гэтэл хэт их янгинаж өвдөж байгаа хүүхэд ясны сийрэгжилттэй байх магадлалтай. Багадаа ясны сийрэгжилттэйгээ мэдэж эмчилж чадвал бусад өвчин тусах магадлал буурна. Дээр нь удаан хугацаанд ясных нь нягт нь хадгалагддаг. Нягт нь өндөр байх тусам хугарах эрсдэл нь бага байна шүү дээ.
-Адуунаас кальци гаргаж авах санаа анх хэрхэн гарсан юм бэ?
-Манай эрдэм шинжилгээ, судалгааны төвийн захирал химийн ухааны доктор Д.Дэмбэрэлням 2000-2010 он хүртэл БНСУ-ын нэр хүндтэй сургуулиудад судлаач профессороор ажиллаж байсан. Тэр үедээ Пусанд Энжигийн нанотехнологийн төвд дунгийн яснаас нано бүтэцтэй кальци гаргаж авах төслийн ажилд хамтарч оролцож байсан. Мөн бөөрний өвчлөлийн үед хэрэглэдэг нано бүтэцтэй кальцийн давсны шинэ төрлийн технологи дээр ажиллаж байхдаа нэгдүгээр автороор патентын байгууллагаас патент авсан байдаг юм. Ингээд адууны яснаас кальци гаргаж авах төслийг удирдсан. Дунгийн яснаас гаргасан кальци бол кальцийн шохой хэлбэрийн эрдсийн гаралтай зүйл байсан. Манай кальци бол жинхэнэ био органик кальци.
-Био органик кальцийг өөр амьтнаас гаргаж авч болох уу?
-Арав гаруй жилийн өмнөөс эхлээд өндөр хөгжилтэй орнууд үхрийн яснаас кальци гаргаж авч эхэлсэн. Тэгээд биологийн идэвхт нэгдэл хэлбэрээр, яс нөхөх материал болгож хэрэглэж байлаа. Мөн шүдний пломб, паалан сэргээх гээд олон чиглэлээр хэрэглэсэн байдаг. Гэтэл мал аж ахуйгаас байнгын өндөр ашиг авахын тулд асар их хэмжээгээр химийн гаралтай тэжээлээр бордсоноос шалтгаалсан олон төрлийн өвчин гарсан. Үхрийн галзуу, боом, прион зэрэг өвчнүүд байна. Иймэрхүү өвчнүүдийг хилийн хорио цээртэй гоц халдварт өвчин гэдэг. Тиймээс Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага болон бусад олон байгууллагаас үхрийн ясыг хэрэглэсэн бүтээгдэхүүнүүдэд хориг тавьж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Шинэ Зеланд, Австрали зэрэг мал аж ахуй нь өндөр хөгжсөн хэдэн орнууд үхрээс кальци гаргаж авч байгаа.
-Тэгвэл адууны яснаас ганцхан танай компани кальци гаргадаг уу?
-Энэ бүтээгдэхүүн олон орны сонирхлыг татаж байна л даа. Тухайлбал, солонгосууд адууны ясаар кальци хийж тодорхой хэмжээгээр зах зээл дээр гаргаж байна. Гэхдээ зөвхөн Чежү арал дээр байдаг адууныхаа нөөц дээр тулгуурласан болохоор их хэмжээгээр хийж чадахгүй байгаа. Кальцийн бүтээгдэхүүн нь 50-120 мянган вон гээд багагүй үнэтэй юм билээ.
-Үхрээс өвчин гараад байна гээд хориглочихсон юм байна. Адууг яагаад хориглоогүй хэрэг вэ?
-Бид малын гаралтай үнэ цэнтэй түүхий эдийг өндөр технологид суурилсан аргаар гүн боловсруулалт хийнэ гэж ярьдаг. Эцсийн бүтээгдэхүүн болтол нь нарийн боловсруулсанд л байгаа юм. Мөн адуу салаа туурайтай амьтад шиг өвчин тусахгүй. Адуу цомбон туурайтай шүү дээ. Дандаа соргог бэлчээрээр явдаг, шалбааг ус уудаггүй. Тиймээс хамгийн аюултай өвчнүүдийг тусдаггүй амьтан. Энэ онцлогийг нь бид ашигласан. Дээрээс нь адуу өөрөө маш нягт ястай. Адууны мах чанаж идэхэд мөлжүүр нь яснаасаа салахгүй үлддэг дээ.
Яснаас гадна адууны тос Японд 1980 оноос эхлээд зах зээл дээр хүчтэй гарч эхэлсэн. Япон адуугүй орон шүү дээ. Гэтэл Өвөрмонгол, Монгол, Казакстан болон ОХУ-ын морины соёлтой, айраг хийдэг бага ястнууд гээд ямар л адуутай газар байна тэндээс тосыг нь авч байна. Одоо ялангуяа АНУ, Японы зах зээл дээр хамгийн үнэтэй косметикийн тосны суурь нь адууны тос байгаа. Хөгшрөлтийг сааруулдаг бодисууд ихтэй. Хүүхэд, хөгшдийн гар нүүр, биеийн саван, тосны суурь болдог. Ерөөсөө 5, 20, 50 грамм л гэж ярина. Тийм бага савлагаатай хэрнээ үнэтэй байдаг. Мөн адууны тосонд хорт хавдраас сэргийлэх маш чухал биологийн идэвхт нэгдлүүд байдаг. Зөвхөн тос, яс нь ийм байна. Махыг нь идэхэд монголчууд өвөл даардаггүй гэлцдэг шүү дээ. Гүүний саамыг манайхан эрт дээр үеэс хэрэглэж ирсэн. Одоо саамны сувилал олширлоо. Хэлж тоолж баршгүй тийм олон бүтээгдэхүүнүүдийг адуунаас л гаргаж болж байна.
Манай компани, эрдэм шинжилгээний байгууллагын хувьд 2010 онд энэ “Адуу” нэрийг барааны тэмдгээр баталгаажуулсан. Дэлхийн зах зээл дээр ч бид “Адуу” брэндээрээ л гарна. Монголынхоо нэрийг дэлхийн зах зээл дээр Японы “Сони” гэдэг шиг мэдрүүлэхийг хүсч ажиллаж байгаа ийм л хамт олон. Хилийн хорио цээртэй өвчин тусдаггүй амьтан учраас адуу руу их дайрч байна даа. Хятад руу түүхий эд болон бууз, банш хэлбэрээр ч их гарч байх шиг байна. Ашиг тусыг авахын тулд адууны аж ахуйгаа анхаарах л ёстой.
-Түүхий эдээ хэрхэн цуглуулж байна?
-Айл болгоны жалга довонд нядалж байгаа адууны ясыг түүгээд явах боломжгүй. Мах бэлтгэлийн цөөн хэдэн үйлдвэрүүдтэй гэрээтэй ажиллаж мал эмнэлгийн хяналтад орсон шинэ ясыг хэрэглэдэг.
Ж.БАЯРСАЙХАН
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр урд хөршийг зорилоо. Тэрээр БНХАУ-ын Далянь хотноо болох зуны Давосын чуулга уулзалтад оролцох юм. Түүний айлчлал энэ сарын 11-ыг хүртэл үргэлжилнэ.
Ерөнхий сайд Зуны Давосын чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд оролцохоос гадна Орчин цагийн торгоны зам сэдэвт хуралдаан, Инноваци ба Япон сэдэвт дугуй ширээний бизнес уулзалт, Хятадын эрчим хүчний салбарт гарч буй өөрчлөлтийн төлөв байдлын талаарх удирдагчдын яриа, хэлэлцүүлэгт тус тус оролцоно.
Мөн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч, гүйцэтгэх захирал Клаус Шваб, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Бүгд Найрамдах Гүрж Улсын Ерөнхий сайд Иракли Гарибашвили нартай албан ёсны уулзалт хийж, CCTV телевизэд ярилцлага өгөх ажээ.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын
Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар энэ сарын
10-11-ний өдрүүдэд ОХУ-д айлчилна.
Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд
Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай
албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа,
эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын
Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга С.Е.Донской,
Хөдөө, аж ахуйн сайд А.Н.Ткачев нартай тус тус уулзаж, Монгол, Оросын
стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны явцыг дүгнэж, цаашид
өргөжүүлэн хөгжүүлэх шинэ боломжийн талаар санал, мэдээлэл солилцож,
хоёр талын хооронд яригдаж ирсэн зарим асуудлыг урагшлуулах, бүс нутаг,
олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцох болно
гэж ГХЯ-аас мэдээлж байна.
Монголын Үйлдвэрчний эвлэлээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт улсын хэлэлцээрийн биелэлтийг шаардах жагсаал зохион байгуулахаар шийджээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 60 гаруй хувиар буурсан ч манай улсад шатахуун, тосны үнэ буурахгүй цахилгаан, дулааны үнэ өсч, сургалтын төлбөр, хүнс, өргөн хэрэглээний бараа, бүх үйлчилгээний үнэ нэмэгдэж, цалин тэтгэврийн худалдан авах чадвар хоёр дахин унасан учраас жагссаж байгаа гэнэ.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо энэ сарын 7-14-ны өдрүүдэд Зүүн Ази тивийн орнуудын хөлбөмбөгийн фестиваль зохион байгуулагдаж байгаа билээ.
14 хүртэлх насны тамирчид оролцож буй хөлбөмбөгийн наадамд зохион байгуулагч Хятад орноос гадна Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Япон, ХонгКонг мөн Макау, Гуам, Монгол зэрэг 10 орны баг тамирчид өрсөлдөхөөр болоод байгаа билээ. Тэмцээний техникийн зөвлөгөөн өчигдөр болсон бөгөөд өнөөдөр манай баг эхний тоглолтоо хийх ажээ.