Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар эдгээр асуудлыг шийдвэрлэв

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна

Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа.

Төмөр замын тээврийн салбарт дан ганц аж ахуйн нэгж төрийн чиг үүргийг аж ахуйн үйл ажиллагаатай хамтад нь 70 жил эрхлэн явуулж иржээ. 2007 онд Төмөр замын тээврийн тухай хууль батлагдсанаар энэ салбарт өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр үйл ажиллагаа эрхлэх боломжийг бий болгож, төр, аж ахуйн чиг үүргийг зааглан, эрх зүйн орчныг сайжруулсан юм.

Төмөр зам шинээр барих, олон улсын сүлжээнд холбогдох ачаа, тээврийн ложисткийн цогц үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой хэд хэдэн төслийг төмөр замын тээврийн салбарт хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бататгасан эрх зүйн шинэ зохицуулалт бүхий бизнесийн таатай орчин, бусад тээврийн төрөлтэй уялдсан, оновчтой тээврийн систем үгүйлэгдэж байна. Төмөр замын салбарын шинэтгэлийн хүрээнд эрдэм шинжилгээний судалгаа, туршилт хийх, хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, нормативын баримт бичгийг шинээр болон шинэчлэн боловсруулах, тэдгээрийг мөрдөж хэрэгжүүлэхэд хөрөнгийн эх үүсвэр шаардагддаг тул уг асуудлыг хуульчлан зохицуулах зэрэг шаардлагууд төслийг боловсруулах үндэслэл болж байна.

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдаж гарах холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Боловсролын салбарын болон сургалтын байгууллагын удирдлага, засаглалын шинэ зарчмыг хэрэгжүүлэх замаар чанарын баталгаажилтын тогтолцоог нэвтрүүлэх, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор хуулиудын төсөлд дээд боловсролыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгаж, удирдлага, зохион байгуулалт, менежментийг олон нийтийн оролцоонд суурилсан, хараат бус байхаар зохицуулалт оруулжээ.

Дээд боловсролын сургалтын байгууллагуудыг төрийн өмчийн, ашгийн төлөө бус хувийн, ашгийн төлөө сургуулиуд гэсэн статусаар ангилж, тус бүрийн удирдлага, засаглалын зарчмыг тодорхой болгон томъёолсон байна. Боловсролын тухай хуулиар боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагын эрх хэмжээ, чиг үүргийг өргөжүүлж, сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь тухайн сургалтын байгууллагын түвшинд мөрдөх хөгжлийн бодлого, дүрэм, журам боловсруулах болон төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд оролцох, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төсвийн зарцуулалтад хяналт тавих, зөвлөл үйл ажиллагаагаа багш, ажилтан, олон нийтэд тайлагнадаг байх зохицуулалт хийжээ. Боловсролын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бий болгож, хуулийн зохицуулалтгүй орхигдсон зарим харилцааг төсөлд тусгасан байна.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцлээ

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, үзэл баримтлалын төслийг батлахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт даалгалаа.

Шинэчилсэн найруулгын төсөлд бүх нийтийн соёл, урлагийн боловсролыг дэмжих, соёл урлагийн үйлчилгээг хангах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зохицуулалтыг тусгана. Эдгээр зохицуулалтыг тусгаж хуулийн төсөл батлагдсанаар Соёлын тухай хуулийн эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, соёлын байгууллага, ажилтан, албан хаагчдын өмнө тулгамдаж байгаа асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж байна.

Эрүүл мэнд, спортын салбарын ажлын хэрэгжилт 73 хувьтай байна

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэнд, спортын чиглэлээр туссан зорилтын хэрэгжилт, тус салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба танилцууллаа.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хууль, эрх зүйн шинэчлэл хийх ажлыг зохион байгуулан Эмнэлгийн тусламжийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Биеийн тамир, спортын тухай хуулийн үзэл баримтлалын төслийг боловсруулжээ.

Эрүүл мэндийн салбарын бүртгэл, мэдээлэл, эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах технологийн шинэчлэл хийх зорилтын хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Цахим эрүүл мэнд” санхүүжилтийн гэрээ хийгдэж, үйл ажиллагаагаа энэ сарын сүүлээр эхлүүлж, туршилтын суурилуулалтыг 2 эмнэлэгт хийхэд бэлэн болжээ.

Эмийн үнийн өсөлт, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор 2016 оноос эмийн худалдааг ерөнхий худалдан авалтын хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг хийж, Худалдан авах ажиллагааны газартай хамтран ажиллаж байна.

2015 оны 9 дүгээр сарын 15-ны байдлаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэнд, спортын салбарын ажлын хэрэгжилт 73 хувьтай байна гэж танилцууллаа.

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулна

“Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд Хууль зүйн сайдтай хамтран баталж, бодлогын баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгалаа.

Тус бодлого-д Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн алсын хараа, эрхэм зорилго, баримтлах зарчмыг тусган төрөөс баримтлах аливаа бодлогын баримт бичгийн утга санааг илэрхийлэхийн зэрэгцээ “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн XXI зууны үндсэн хурдасгуур гэж үзнэ” гэсэн цогц бодлогын зорилттой уялдуулан тодорхойлжээ. “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого” нь манай улсын гишүүнчлэл бүхий Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны чиглэлийн байгууллагуудаас дэвшүүлсэн зорилт, гаргасан зөвлөмжид нийцэж байгаа юм. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Мэдээллийн аюулгүй байдлын, Өгөгдөл хамгааллын, Өргөн нэвтрүүлгийн, Цахим засгийн холбогдолтой хуулиудыг шинээр боловсруулж, батлуулах, Харилцаа холбооны тухай, Шуудангийн тухай, Радио долгионы тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болно.

Аглагийн хийд хүртэл хатуу хучилттай авто зам барина

“Аглагийн хийд хүртлэх 6,2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессийн гэрээг “Хансуун зам” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

“Аглагийн хийд хүртлэх 6,2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барилгын ажлыг концесс эзэмшигч энэ оны 12 дугаар сарын 15-ны дотор багтаан хийж, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 2016 оны Улсын төсвөөс нөхөж авахаар гэрээний төсөлд тусгажээ.

Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулна

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулах зорилгоор АНУ-ын ЭКСИМ банкнаас Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газарт авах 9,7 сая ам.долларын зээлийн 85 хувьд баталгаа гаргахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

Барилгын хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах хөрөнгийн үлдэгдэл 15 хувийг 2016 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНУ-д хийсэн айлчлалын явцад MIC industries корпорацийн төлөөлөгч уулзаж бүтээгдэхүүнээ санал болгосны дагуу Батлан хамгаалах яаманд барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборыг худалдан авах талаар судлан үзэх үүрэг, чиглэл өгсөн юм. Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн хангалт үйлчилгээний газраас гаргасан тооцоогоор өнөөгийн зах зээлийн ханшаар 48х24 метрийн хэмжээтэй барилгыг тоосгоор барихад 1.3 тэрбум зарцуулагдаж байгаа бол хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмжөөр ийм хэмжээний барилга барихад 300 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Уг хөдөлгөөнт цогцолбор нь 1000 ам.метр талбайтай барилгыг нэг өдөрт гүйцэтгэх хүчин чадалтай юм.

Товч мэдээ

– Гадаад хэргийн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 10-11-нд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

– Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 9 дүгээр сарын 2-3-нд БНХАУ-д болсон 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон дүнг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцууллаа.

– 2015 оны 9 дүгээр сарын 28-30-нд Вьентьян хотод зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссийн XX хуралдаанд оролцох Монголын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

– Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны 9 дүгээр сарын 9-11-нд БНХАУ-ын Далянь хотод болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Шинэ манлайлагчдын IX уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

– Далай ашиглах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайдад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: Ухсан нүхэндээ өөрсдөө уначихаад бурууг Ардын намаас хайх хэрэггүй

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.

-Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Их хурал хүлээгээд авчихлаа. Харин уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжсангүй. Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар өөрийн бодол, дүгнэлтийг хэлэхгүй юу?

-Сүүлийн үед улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явцыг харахад эрх баригчид үнэндээ эрх барьж чадахгүй байна. Засагт хамтарч ажиллаж байхдаа бид хэлсэн үгэндээ эзэн болж, хийх ёстой ажлаа хийж ирсэн. Сүүлийн хоёр жил Засгийн эрх барьж буй АН эдийн засгийг яаж унагаж, ард түмний амьдралыг хэрхэн доройтуулснаа өөрсдөө харж, дүгнэлт хийж байгаа биз ээ. Хэн нь эрх барьж чаддаг, хэн нь эрх барьж чаддаггүйг одоо захын хүнээс асуухад л тодорхой хэлнэ дээ.

МАН эрх барьж байхдаа эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэснээр өрхийн орлого бодитоор нэмэгдсэн. 2012 онд өрхийн бодит орлого 47 хувиар нэмэгдсэн статистик үзүүлэлт бий. Хэчнээн айл орох оронтой, унах унаатай болж, ирээдүйдээ ямар их итгэлтэй болж байлаа. Харин өнөөдөр бүх юм эсрэгээр, хоногийн хоолноосоо хэтрэхгүй болтлоо иргэд маань туйлдаж байна.

Үнэгүй хувцас тараана гэхэд иргэд маань яаж шөнө нойроо хугаслан оочерлож байгаа, “Номин”-гийн сугалаа явагдахад хэдэн мянгаараа азанд найдан гудамж дүүртэл зогсож байгааг улс даяараа харлаа. Ийм байхад “Амьдрал сайхан байна” хэмээн дарга нар худлаа ярих хэрэггүй. Нөгөө улс шиг хөгжиж хүн шиг амьдарна гэдэг нь энэ гэж үү хэмээн хүмүүс шогширч байна. Эрх барьж чадахгүй байгаагийн наад захын жишээ л энэ шүү дээ.

-Өнгөрсөн хаврын чуулган улс төрийн намууд хамтарсан үед болсноороо онцлог. Бас зунжингаа УИХ завсаргүй хуралдлаа. Үр дүнг та хэрхэн үзэж байгаа вэ?

-Хамтарсны үр дүнд гарсан ахиц дэвшил байлгүй л яахав. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд эдийн засаг тодорхой хэмжээнд тогтворжиж эхэлсэн. МАН-ын бүлэг зөв зүйлд нь дэм болж, буруу зүйлд хазаар болж ажилласан.

2012 оны сонгуулийн дараа бүрдсэн Их хурал зургаан удаа чуулганаа хуралдуулсан. Энэ хугацаанд өнгөрөгч хаврын чуулган л хамгийн үр дүнтэй нь байсан. Хаврын чуулганаар 22 бие даасан хууль, 130 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь бид эх орон, ард түмнийхээ төлөө нэгдэж ажиллавал үр дүн гардгийг дахин нотолсон. Харамсалтай нь МАН-ыг зөвхөн Засгаас гаргахын тулд л ээлжит бус чуулган зарлаж, хямарсан эдийн засгаа аврах биш хэдэн хүнийг сайд болгох асуудал ярьсаар зун намрыг барлаа. Дахин дахин ээлжит бус чуулган зарласан ч товлосон асуудлуудаа ч хэлэлцэж дуусгалгүй завсарлалаа. Хоёр удаагийн ээлжит бус чуулган эрх баригчид Засгийн эрх барьж чадаж байгаа эсэхдээ дүн тавиулсан чуулган болсон. Эдний болчимгүй үйлдлээс болж төр засаг, УИХ-ын нэр хүнд шалдаа унаж байна. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүйг АН-ынхан мэдэж байгаа байлгүй дээ. Тэд өөрсдийнхөө ухсан нүхэнд өөрсдөө л уначихлаа. Үүний бурууг Ардын нам юм уу, ард түмнээс, гадна дотны хүчин зүйлээс хайх хэрэггүй. Буруугаа бусдад тохож, элдэв нэр хаяг зүүж, уснаас хуурай гарах гэж оролдох бүр ч утгагүй.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрснээс болж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан. Тиймээс өнөөдрийн улс төрийн өрнөлийг эдийн засагтай холбоотой гэж харахаас өөр замгүй байна. Танай намыг Засгийн эрх барьж байхад уул уурхайн экспортын бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байсан. Нүүрсний экспорт гэхэд жилд 30 сая тоннд хүрч байлаа. Харин есөн сая гаруй тонн нүүрс одоогоор экспортлоод байна. Эдийн засгийн хүндрэлийг АН-аас хайгаад утгагүй юм биш үү. Дэлхийн зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнэ тэртэй тэргүй унаж байна шүү дээ?

-Эдийн засгийн өсөлтөд гадаад экспортын бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ тодорхой хэмжээнд нөлөөлсөн нь үнэн л дээ. Өнөөдөр яагаад экспортын хэмжээ буурав гээд аваад үзэхээр гадаад нөхцөл байдлаас илүүтэй сүүлийн хоёр жил төр барьсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа буруу байсантай холбоотой. Хэрвээ өмнөх Засгийн газрын үед явуулж байсан бодлогыг үргэлжлүүлэн “Чалко”-той байгуулсан гэрээг мөрдсөн бол, Оюу толгой, Таван толгойгоо АН доторх фракц хоорондын өчүүхэн явцуу эрх ашгийн зөрчлөөс болж гацаагаагүй бол, төмөр замаа яриад л суух биш аль хэдийнэ тавьчихсан бол уул уурхайн экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ ингэж шалдаа буурах байсан гэж үү. Оюу толгой ингээд таг зогсчих байсан уу. Таван толгойн төмөр замыг тавьсан бол өнөөдөр экспорт буурах биш харин ч нэмэгдэх л байлаа. Яах аргагүй бодлогын алдаа, болчимгүй үйлдэл, төрийн залгамж чанар алдагдсанаас л болсон.

Монгол бол нэг л улс. Нэг улс бол нэг айл гэсэн үг. Энэ айлын эхнэр, нөхөр, хүүхдүүд нь хоорондоо хэрэлдэж уралцаад, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байвал энэ айлын амьдрал яаж дээрдэх юм. Өрхийн тэргүүн буюу олонхи болж Засгийн эрх авсан АН-ынхан анхнаасаа тооцоо судалгаатай зөв бодлого хэрэгжүүлсэн бол эдийн засгийн нөхцөл байдал боломжийн хэмжээнд байхаар байлаа. Гэтэл тэд бодлого ярих биш өөр хоорондоо хэрүүл хийж, улстөржиж, талцан хуваагдсан. Зөвхөн намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд өмнө нь эрх барьж байсан Засгийнхаа бодлогыг үгүйсгэсэн. Үнэндээ ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө ч олигтой хэрэгжүүлж чадахгүй оромдож байна. Нэг үгээр хэлбэл тэдний бодлогогүй, харалган явсны горыг улсаараа амсаж байна.

-Гэхдээ эдийн засгийн өсөлт өндөр байгаа үед нь хуримтлал бий болголгүй МАН-ынхан халамж хэлбэрээр бүх мөнгөө цацаад дуусгасан гэдэг. Хэрэв тэр үед хуримтлал бий болгосон бол өнөөдрийн хүндрэлийг даван туулах хангалттай боломж байсан гэж ярьдаг шүү дээ?

-Эдийн засагт өнөөдөр бий болсон хүндрэлийн автор нь эрх баригчид өөрсдөө. Бид тогтсон хөгжлийн бодлоготой, товхийсон сан хөрөнгөтэй, өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн эдийн засгийг одоогийн эрх баригчдад хүлээлгэн өгсөн. Ханыг нь дугуйлж тооныг нь өргөчихсөн гэрийг эд нар ганцхан жилийн дотор л нурааж орхиод өнөөдөр тархиа гашилгаж сууна.

Эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцаан дээр л үнэ тогтдог. Эрэлт байхгүй бол нийлүүлэлт үгүй. Эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд хувь хүмүүсийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх ёстой. Тиймээс тодорхой хэмжээнд эрэлтийг бий болгох бодлогыг МАН явуулсан. Нөгөө талдаа нийлүүлэлтийг дэмжсэн бодлого ч явуулсан. Тэр утгаараа эрэлт, нийлүүлэлтийн харьцаа зохистой явж ирсэн тул эдийн засгийн өндөр өсөлт бий болж байсан юм. Иргэдийн худалдан авах чадвар сэргэж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байлаа. Үүн дээр эрэлт, нийлүүлэлтийг зохистой байлгахын тулд хөрөнгө оруулалт, хэрэглээг дэмжсэн бодлогыг хослуулан явуулж ирсэн. Тэгж л 17 хувийн өндөр өсөлт бий болсон. Харамсалтай нь энэ бүхэн одоо дурсамж болон үлдэж. Өнөөдрийн нөхцөлд Монголын эдийн засаг ердөө гурван хувь болтлоо агшлаа. Энэ маань иргэдийн идэх хоол, өмсөх хувцас тэр хэмжээгээр хорогдсон гэсэн үг шүү дээ. Орлогогүй, олдог хэд нь хомсодсон айл юугаараа бараа бүтээгдэхүүн худалдаж авах билээ. Иргэдийн худалдан авах чадвар илт буурчихаар дөнгөж хөл дээрээ босч байсан үндэсний үйлдвэрүүдийн ихэнх нь дампуурч байна. Эрх баригчид өнөөдөр хоёрхон жилийн дотор долоон аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон гээд л сүржин үлгэр яриад байна. Гэтэл энэ долоон аймгийн авто замын 50 хувь нь өмнөх засгийн үед хэдийнэ баригдчихсан байсан юм шүү. Эрх баригчид ард иргэдийн амьдралыг ийм болтол нь доройтуулснаа ядаж хүлээн зөвшөөрөх хэмжээний ёс зүйтэй байх ёстой.

-МАН Засгийн газарт хамтарч байх хугацаандаа бүхий л томоохон яамдуудад хүмүүсээ сайдаар тавьсан. Тэр үедээ энэ яриад байгаа бодлогоо хэрэгжүүлээд эхэлсэн бол өнөөдрийн нөхцөлд бага ч атугай дэм болох байсан юм биш үү. Ниргэсэн хойно нь хашгирав гэгч л болоод байх шиг санагдах юм?

-2012 оноос хойш тасралтгүй өсөж байсан ам.долларын ханш МАН-ыг Засгийн газарт ажиллаж байх хугацаанд 1820 төгрөг хүртлээ буурсан. Энэ бол манайхны явуулж байсан бодлогын тодорхой үр дүн гэж хэлж болно. Уг нь эдийн засагт гарсан үр дүнгийн нааштай эхлэл байсан. Харамсалтай нь биднийг цаашид ажиллах боломж бололцоог өгсөнгүй. Хоёр жилийн хугацаанд унагасан бодлогын алдааг зургаахан сарын дотор засна гэдэг амаргүй хэдий ч МАН-аас томилогдсон зургаан сайд сайн ажилласан. Ерөнхий сайд нь “Өнгөрсөн хоёр жил бидний гаргасан алдааг засахад туслаач ээ. Та нар хамтарч ажиллаач ээ. Бид үнэхээр эрх барьж чадахгүй юм байна аа” гэж уйлж дуулсан урилга ирүүлсэн. Тэгсэн хэрнээ Ерөнхий сайд нь өөрөө зургаан сайдаа огцруулах бичгийг өргөн барьж, “Энэ зургаан сайдыг бид муу ажилласан гэж сольж байгаа юм биш. Үнэхээр сайн ажилласан. Гэхдээ улс төрийн шийдвэр гараад огцруулахаас аргагүй нөхцөл байдалд орууллаа” гэж мэдэгдсэн. Энэ бол Ерөнхий сайдын зүгээс зургаан сайдад өгсөн үнэлэлт дүгнэлт юм. Танхимын тэргүүн нь ингэж дүгнэж байхад АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн дүгнэлт энэ тэр бол зүгээр л шалтаг төдий хөөрхийлөлтэй зүйл юм даа.

-Та яриандаа АН засаглаж чадахгүй байна гэдгийг хэдэнтээ дурдлаа. Ирэх жил сонгууль болно. Тиймээс битүүхэндээ биднийг дэмжээрэй гэдгээ хэлээд байгаа юм уу даа?

-МАН-ын рейтинг тасралтгүй өсч байгаа. Харин АН-ын рейтинг тасралтгүй унасаар л байна. Энэ нь АН эрх барьж чадахгүй байгаагийн бодит жишээ. Иргэд тулхтай улс төрийн хүчин өөр байдаг юм байна гэдгийг яс махандаа тултал мэдэрч байна. МАН-ын рейтинг парламентад суудалтай болон суудалгүй намуудаас хамгийн өндөр явж байна. Энэ бол хараат бус олон байгууллагын судалгаанаас харагдаж байна л даа. Ард иргэдийн итгэл дэмжлэг сэргэж, нэмэгдэж байгаа учраас бид илүү хичээж хариуцлагатай ажиллах ёстой гэж ухамсарлаж байгаа.

-Ж.Энхбаяр гишүүн та хоёр Уул уурхайн сайдад бензин, шатахууны үнийг бууруулах тухай шаардлага хүргүүлсэн. Ингэхдээ онцгой албан татварыг тэглэх ёстой гэж зарим гишүүн ярьсан. Онцгой албан татварын мөнгөөр өнөөдөр хүүхдийн мөнгө зэрэг халамжийн мөнгийг олгож байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд онцгой албан татвар байх ёстой юм биш үү?

-Онцгой албан татварыг тэглэхээс өөр зохицуулалтын арга хэмжээг авах ёстой. Н.Алтанхуягийн Засгийн газар нефтийн үнийг тогтвортой байлгана гээд Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс ихээхэн хэмжээний зээлийг маш бага хүүтэйгээр нефть импортлогч компаниудад олгосон. Хоёрдугаарт, жирийн иргэд ам.долларыг 2000 төгрөгөөр авч байхад нефть импортлогч компаниуд ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож авдаг байсан. Мөн Онцгой албан татварыг чөлөөлж байлаа шүү дээ.

2012 онд дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 120 ам.доллар байсан бол одоо 40 ам.доллар болж огцом буурлаа. Татварын хөнгөлөлтийн дэмжлэг үзүүлээд байхад бензин, шатахууныхаа үнийг яагаад хямдруулж болдоггүй юм бэ?

Онцгой албан татвар байх ёстой. Ханшийн зөрүүн дээрх төрийн дэмжлэг хаачив аа. Маш бага хүүтэй өгсөн зээл хаашаа орчихов. Дэлхийн зах зээл дээр гурав дахин хямдарчихаад байгаа нефтийн бүтээгдэхүүнээ өндөр үнэтэй байсан тэр үеийн ханшаар нь зарсаар л байна. Үүн дээр зохицуулалт хийх ёстой гэсэн шаардлагыг бид тавьсан. Р.Жигжид сайдыг Уул уурхайн сайдаар анх томилоход ч ярьж байсан. Сайд болонгуутаа энэ асуудлыг шийднэ гэсэн ч шийдэж өгсөнгүй.

Гуравдугаарт, улсын хэмжээнд бензин шатахууны үнэ яагаад ижил үнэтэй байж болдоггүй юм. Стратегийн бараа бүтээгдэхүүний үнэ болох эрчим хүч, бензин шатахууны үнийг нэг дүнд бариулмаар байна. Суурь үнэ болсон эдгээр бүтээгдэхүүний үнэ нэг болчихвол Улаанбаатар, Ховд, Дорнодод амьдарч буй хүмүүс ижил үнэтэй бүтээгдэхүүн авах боломж бүрдэнэ. Яагаад алслагдсан газар амьдарч байгаа хүмүүс нь шийтгүүлж байгаа юм шиг өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн авах ёстой гэж. Бид ард иргэдийнхээ амьдралын чанарт анхаарах шаардлагатай. Гарц гаргалгаа нь байсаар атал хийх хүсэл эрх баригчдад ердөө ч алга.

-Бензин, шатахууны бизнесийн ард томоохон ашиг сонирхол дагаж явдаг. Улстөрчид нефть импортлогчдын ард байдаг гэж ярьцгаадаг. Ийм нөхцөлд үнэ бууруулах боломж байгаа гэж үү?

-Нэг хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих уу. Нийтийн эрх ашгаа эн тэргүүнд тавих уу гэдэг хоёр сонголтын өмнө бид байна. Дэлхийн зах зээл дээрх ханштай үнээ тэнцвэржүүллээ гээд тэр хүмүүс дампуурчихгүй л байлгүй. Тиймээс яагаад нийтийн эрх ашгийн төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарлаж болохгүй гэж. Тэр хүмүүсийг дампуур гэж байгаа юм огт байхгүй. Олж байгаа 10 төгрөгийнхөө дөрвийг нь ард түмэндээ зориулчих л гэж хүсч байгаа хэрэг л дээ.

-Манай улс Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр барина гээд байсан нь юу болов. Дотооддоо үүнийгээ шийдээд явчихвал заавал нефть импортлогч нараас хараат байх албагүй юм биш үү. Нефть боловсруулах үйлдвэрийг олон жил ярилаа. Одоо ажил хэрэг болгож болохгүй юм уу?

-Төрийн залгамж чанар алдагдсан, Монгол Улс хөгжлийн тодорхой бодлоготой болж чадахгүй байгаагийн илрэл энэ юм. Сү.Батболдын Засгийн газрын үед Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гарч, “Петровис”, “Шунхлай”, “Сод Монгол”, “Магнай трейд” зэрэг компани хөрөнгө оруулаад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя гэсэн. Харамсалтай нь Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд энэ ажил бүрмөсөн зогссон. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Дорнод, Зүүнбаянд нефть боловсруулах үйлдвэр байгуулъя гээд явж байх жишээтэй. Найман сарын дараа сонгууль болно. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар нь хаана нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэх юм, бүү мэд. Төрийн зөв бодлогыг цаашид үргэлжлүүлэх ёстой. Гэвч үргэлж улстөрждөг, бие биеэсээ ялгарах гэсэн үзлээс болж төрийн бодлого савладаг. Төрийн бодлого тогтворгүйн хар гайгаар өнөөдөр өндөр үнэтэй импортын шатахуун хэрэглэж байна. Нөгөө талд Тамсаг булагт сая сая баррель нефтиэ түүхийгээр нь экспортолж байна. Тиймээс аль ч засгийн үед чиг шугамаасаа хазайдаггүй урт хугацааны хөгжлийн тогтвортой, тууштай бодлогыг УИХ дээр боловсруулж байгаа. Энэ асуудал шийдэгдвэл нефтьтэй холбоотой олон асуудал шийдлээ олно.

-Хөгжлийн бодлогын асуудлаар парламент дахь намын бүлгүүдийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажил яагаад сураггүй болчихов?

-МАН 2011 онд “Ард түмний хөгжлийн хөтөлбөр 2031” гээд 20 жилийн хугацаанд Монгол Улсыг ингэж хөгжүүлнэ гэсэн тооцоо судалгаатай хөтөлбөр баталсан. 2013 онд нийгэм, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тул МАН-ын XXVII Их хурлаар ард түмний хөгжлийн хөтөлбөртөө тодотгол хийсэн. Үүнийг өөрчилсний дүнд “2021-Ард түмний хөгжлийн зорилт”-ыг баталсан. Улс төрийн намуудыг үүн дээр хамтарч ажиллаач ээ хэмээн Үндэсний зөвшилцлийн уриалга гаргасан. Үүн дээр тулгуурлан 2014 оны нэгдүгээр сард УИХ-д урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг өргөн барьсан. 2014 оны дөрөвдүгээр сард УИХ дээр МАН, АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга нарын ахалсан Ажлын хэсэг байгуулсан. Ажил явагдаж байгаа. Намрын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлнэ. Урт хугацааны хөгжлийн бодлогоо баталж чадвал БИД НЭГ МОНГОЛ болно. Бидний зовлон, жаргал, үндэс угсаа гээд бүх зүйл нэг байтал яагаад дэмий хоорондоо зөрчилдөж цаг алдаж, хөгжлөө хөшөөх ёстой гэж.

-Намрын чуулганаар урт хугацааны хөгжлийн бодлогыг хэлэлцэхээр оруулж ирсэн байна лээ. Хүлээлттэй байсан Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль багтсангүй…

-Төрийн тогтолцоогоо улам боловсронгуй болгох шаардлага бий. Тэр ч утгаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үздэг. Сонгуулийн хуультай холбоотой гэхээр хар машины асуудал байна. Төрийн эрхийг ард түмэн барьж байна уу, хар машин барьж байна уу? Энэ эргэлзээг арилгах ёстой. Ард түмэн тэр чигтээ хар машинаар сонгууль явуулахыг дэмжихгүй байгаа. Хэрхэн ард түмний гарт төрийн эрх мэдлийг байлгах вэ гэдгийг шийдэхийн тулд Сонгуулийн хуульд зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл өнөөдөр үүнээс том асуудлууд бидний өмнө тулгарчихлаа. Цалин тэтгэврээ яаж тавьж, эхэлсэн хөрөнгө оруулалтуудаа яаж дуусгах вэ гэдэг толгойны өвчин боллоо. Монголчууд 60 сая толгой малтай болсон гэж цээжээ дэлдэж байгаа ч үнэндээ малын түүхий эдийн ханш унаж байна. Үүнийг дагаад хөдөөгийн ард иргэдийн амьдрал хүндэрч байгаа. Энэ жил ургацынхаа 50-60 хувийг алдана, импортоор гурил авна гэж байна. Бид мах, гурилаа өөрсдөө бэлдэж, үйлдвэрлэж чаддаг байсан. Гэтэл бид хийж чаддаг байсан зүйлээ хийж чадахаа болилоо. Тиймээс МАН-ын гишүүд махны экспортыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа юм. Мал махыг экспортод гаргаж, малын гаралтай түүхий эдийн үнийг тогтвортой байлгах тал дээр шаардлага тавьсан. Өнөөдөр уг нь бид нэгэнт хүрсэн түвшнээ яаж хөгжүүлэх вэ гэж ярих ёстой байтал хүрсэн түвшнээсээ уруудаж байгаа энэ уналтыг хэрхэн зогсоох вэ гээд ярьдаг болж. Эрх барьж буй нам бодлогогүй явж ирсний горыг ард түмэн амсаж байна даа.

-Мах экспортолно гэж манайхан яриад байгаа ч гадны импортлогч орнуудын хувьд стандарт шаардлага өндөр. Энэ бүхнийг даван туулж махаа гаргана гэдэг амаргүй л байх?

-Энэ асуудал сүүлийн хоёр жилд учирч байгаа асуудал биш. Өмнөх жилүүдэд ч гарч байсан. Социализмын үед хэдэн сая малыг хөлөөр нь туугаад гаргадаг байсныг мэдэх байх. БНХАУ малыг хөлөөр нь, махаар нь ч авъя гээд ярьж байна. Манай улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь яваад байгаа хэрнээ энэ бүхэн яагаад бодит ажил хэрэг болохгүй байна вэ. Энэ асуудлыг бодит ажил болгоно, зөвхөн төрийн өмчит компани мах худалдаж авна, экспортолно гээд “Монгол мах” корпорацийг байгуулсан. 20 жилийн турш энэ чиглэлээр явж ирсэн компаниудыг туслах үүрэгтэйгээр оролцохоор болгосон. Өрсөлдөөнийг хязгаарлах тусам монополь байдал бий болдог. Төрийн өмчит “Монгол мах” корпораци байгуулсныг буруу гэж үзэж байгаа. Махны салбарт 20 жил туршлага хуримтлуулсан компаниудаа дэмжих ёстой. Тэдэнд 20 жил харьцсан түнш гэж бий. Нэг худалдан авагчтай байвал нийлүүлэлт түүнээсээ л хамааралтай байдаг. Тиймээс аль болох олон худалдан авагч бий болгох замаар эрэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэр хэмжээгээр махны үнийг өсгөх боломжтой. Тиймээс махны экспортыг ганцхан монополь компаниар биш, олон компаниар явуулах нь зөв.

-Сүүлийн үед УИХ-ыг тарах ёстой гэсэн байр суурийг хэд хэдэн гишүүд илэрхийллээ. Мөн Засгийн газрыг огцруулах асуудал ч хөндөгдөж байна. Та үүний талаар юу гэж бодож байна?

-МАН бол хариуцлагатай, тулхтай улс төрийн хүчин. Бүхэл бүтэн төрийн эрх барих дээд байгууллагыг тараах асуудлыг зүгээр нэг босож суухын зуурт ярьж болохгүй. Монголын төр эзэнтэй хариуцлагатай байх ёстой. Эрх барьж байгаа нэг намын алдаатай бодлого, нэр хүндээс болж төрийн тогтолцоо тэр чигээрээ эмх замбараагүй болж, хууль тогтоох байгууллагын хүчин чадал шавхагдаж, ард түмний төрд итгэх итгэл унаж байна шүү дээ. Үнэхээр энэ УИХ үлдэж байгаа хугацаандаа үр дүнтэй ажиллаж чадах уу гэдэг асуудал санаа зовоож байна. Зөвшилцөл, ойлголцлын замаар явбал томоохон асуудлуудаа шийдэх боломж бий. МАН тулхтай, тууштай байр сууриа баримталсаар байх болно. Харин эрх баригчдын ойлгомжгүй байдал цаашид үргэлжилсээр байвал УИХ-ын хүчин чадал хугацаанаасаа өмнө бүрэн шавхагдаж дуусахыг үгүйсгэхгүй. Тийм болохоор эрх баригчид илүү хариуцлагатай, бодлоготой ажиллах шаардлагатай байна.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийд сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цул-Улаан багийн иргэн алга болоод эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн талаар өмнө мэдээлсэн.

50 настай, эрэгтэй М 2015.09.10-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.09.16-ны өдөр өгчээ. Тусаймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 23 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Ховд голын Абкейн арал гэдэг газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан. Тэгвэл ар гэрийн хүсэлтээр эрлийн ажиллагааг түр зогсоосон байна.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчдийн урлагийн их наадам болно

Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” уламжлал ёсоороо 2015 оны 10-р сарын 16,17- ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

НЭГ. УРЛАГИЙН ИХ НААДМЫН НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:
Хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэх, оролцогчдын дундаас урлагийн өндөр авъяас билэгтэй ажилтнуудыг тодруулан шагнаж урамшуулж алдаршуулах зорилготойгоор 2 жил тутамд уламжлал болгон зохиогдоно. “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл”, “MGL MEDIA GROUP” нар тус тус ажиллана. Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын хамт олны санаачилсан энэхүү наадам нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн холбоод болон байгууллагууд тэдгээрийн ажилтнууд оролцдог урлаг, соёлын хамгийн том баяр гэдгээрээ онцлог юм.

ХОЁР: УРЛАГИЙН ИХ НААДМЫН ХАМРАХ ХҮРЭЭ:
Нийслэл хотод болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд, холбоод тэдгээрийн ажилтнууд урлагийн их наадамд оролцох эрхтэй бөгөөд доорхи төрлүүдэд 1-р байр, 2-р байр, 3-р байрын эздийг тодруулахын зэрэгцээ 1-р байр эзэлсэн шилдгүүдийн дундаас шилдгийн шилдэг Гранпригийн эзнийг тодруулж шагнаж урамшуулан алдаршуулна.

ГУРАВ: УРЛАГИЙН ИХ НААДМЫН ТӨРЛҮҮД:
“Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” дараах төрлүүдээр зохион байгуулагдана.

I. Багийн мэндчилгээ:
Сэдэв: Монголын сэтгүүлзүйн салбарын үүсэл хөгжлийн
тухай үзүүлэх.

II. Дууны төрөл:
• Рок поп дуу
• Хип Хоп дуу
• Эстрад дуу
• Нийтийн дуу
• Гадаад дуу

III. Уран уншлагын төрөл:
• Шүлэг, найраглал
• Богино өгүүллэг

IV. Бүжгийн төрөл:
• Орчин үеийн бүжиг
• Цэнгээнт бүжиг

V. Хөгжмийн төрөл:
• Гоцлол хөгжим
• Хамтлаг

VI. Ардын урлагийн төрөл:
• Уртын дуу
• Ардын богино дуу
• Ардын бүжиг
• Үндэсний хөгжим
• Бий бийлгээ
• Хөөмий, Исгэрээ

ДӨРӨВ: УРЛАГИЙН ИХ НААДМЫН ХУВИАР:
Болох хугацаа: 10-р сарын 16,17-нд.
Болох газар: Нийслэлийн Улаанбаатар Чуулгын байранд.
Бүртгэлийн хугацаа: 10-р сарын 01-ний өдөр хүртэл.
Техникийн зөвлөгөөний анхны хурал
10-р сарын 3-нд 12:00 цагт.
Наадмын шалгаруулалт
10-р сарын 16-нд 10:00-20:00 цагт.
Наадмын шилдгүүдийн Гала тоглолт
10-р сарын 17-нд 19:00 цагт.

ТАВ: УРЛАГИЙН ИХ НААДМЫН БҮРТГЭЛ:
– Наадамд оролцогчдыг “Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл”-ийн төв байранд зарлагдсан хугацаанд ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэхийг үндэслэн бүртгэлийн анкетыг бөглүүлэн авч бүртгэнэ.
– Наадамд оролцогчдын бүртгэлийн анкетыг “Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл”-ийн төв байр ЧД-ийн 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 44-р байрны 5 давхарт 501 тоотод хүлээн авна.
– Наадамд оролцогчид бүртгэлийн хураамж буюу мандатны төлбөр төлсөн байна.
– Наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг доорхи дугааруудаас лавлах боломжтой 11330948, 99991706, 99841725, 88004147, 99004147.

ЗУРГАА: УРЛАГИЙН ИХ НААДМЫН БУСАД ЗҮЙЛС:
– Наадамд оролцогчдын техникийн зөвлөгөөний хурал дээр “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын нарийвчилсан төлөвлөгөө, дүрэм журмыг танилцуулна.
– Наадамд оролцогчид нь шаардлага хангасан тоглолтын хувцас, хэрэглэл, хөгжим шуумыг ашиглаж үзүүлбэрээ толилуулах бөгөөд оролцогчдын багийн мэндчилгээний шалгаруулалтанд үзүүлбэрээ толилуулах хугацаа 8 минутаас ихгүй байна. Мөн гоцлолын төрлийн шалгаруулалтанд үзүүлбэрээ толилуулах хугацаа 4 минутаас ихгүй байна.
– Наадамд оролцогчид нь бүртгэлээ 2015 оны 10-р сарын 01-ний өдөрт багтаан зохион байгуулагчдад хандана хийлгэсэн байна.
– Хөдөө орон нутгаас оролцож буй оролцогчид өөрсдийн зардлаар ирж наадамд оролцоно.
– Бүртгэлийн мандатгүй болон бусад зөрчил нь баримтаар баталгаажсан тохиолдолд тухайн оролцогчийг зохион байгуулах комиссын зүгээс наадмаас шууд хасах хүртэл арга хэмжээг авна.
– Наадамд оролцогчид нь наадмыг зохион байгуулахтай холбоотой бүх уулзалт, арга хэмжээний эхлэх, дуусах цагийг хатуу чанд баримтлан оролцоно.
– Наадмыг зохион байгуулах явцад гарсан аливаа маргаантай асуудлыг наадмын зохион байгуулагчид болон шүүгчид тухай бүрт нь шийдвэрлэнэ.

УРЛАГИЙН ИХ НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан 5000 зуух тараана

Намрын налгар өдрүүд ард хоцор өвлийн түрүүч айсуй. Жил бүрийн өвөл асуудал болон яригддаг нөгөө утааны цаг үе ирж байна. Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар “Цэвэр агаар сан”-г байгуулж иргэдэд сайжруулсан зуух тараагаад гурав дахь өвөлтэйгөө золгох гэж байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, авто зам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд автомат болон автомат бус багажаар 2-5 төрлийн үндсэн бохирдуулах бодисыг тодорхойлон хянаж байна. Агаарын бохирдлын хэмжээнд хийсэн уг судалгаагаар 2013- 2014 оны хүйтний улиралд агаар бохирдуулагч бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүхэрлэг хий 20, нарийн ширхэглэгт тоосонцор 21, азотын давхар исэл 26 хувиар тус тус багассан дүн гарсан байна. Үүнээс үзэхэд агаарын бохирдол тодорхой хувиар буурсан байна.

Тэгвэл энэ жил Цэвэр агаар сангаас нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд нэмж 5000 орчим сайжруулсан зуухыг олгохоор төлөвлөгдөж байгаа аж. Гэхдээ тус сангаас олгодог татаасын хэмжээ буурч иргэдийн төлөх мөнгө нь нэмэгдэх юм байна. Ер нь гэр хорооллын иргэдийг сайжруулсан зуухаар хангах төсөл, хөтөлбөр үүгээр дуусгавар болж байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улсын их хурлын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. Тэрээр тойрогтоо ажиллаж байхдаа УИХ-аас батлагдан гарсан хууль, тогтоол, бусад шийдвэрийн талаар иргэдэд танилцуулга хийж, мэдээлэл өгөхийн зэрэгцээ иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байгаа аж.

Тэрээр “Миний бие өнгөрсөн долоо хоногт эрүүл мэнд, эмнэлэгтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн саналуудыг багцлан салбарын сайдад нь уламжилж, тодорхой асуудлуудыг шийдэх амлалт авсан. Өнөөдөр иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Баянзүрх, Налайх дүүрэг дэх зам засварын хүсэлт, иргэдээс гарсан авто замын төлөвлөлттэй холбоотой саналуудыг уламжлах, гэрэлтүүлэг, хурд сааруулагч, замын тэмдэг, тэмдэглэгээний асуудлыг яаралтай шийдүүлэхээр Замын цагдаагийн газрын холбогдох мэргэжилтнийг ирүүлээд байна. Түүнчлэн нийтийн тээврийн зарим маршрутыг уртасгах, чиглэл нэмэх иргэдийн хүсэлтийг Нийслэлийн авто замын газарт хүлээлгэн өгч, шийдүүлэх хүсэлт хүргүүлж байна” гэлээ.

Хэвлэлийн хурлын төгсгөлд тэрээр Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 11 хэсэгт зам засварын ажил хийх, Баянзүрх дүүргийн дөрвөн байршилд нийтийн тээврийн маршрут сунгах, чиглэл нэмэх хүсэлтийг Нийслэлийн авто замын газрын Зам ашиглалтын байцаагч О.Энхбаатарт хүлээлгэн өглөө. Мөн тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт есөн байрлалд хурд сааруулагч, найман хэсэгт гарц тэмдэглээг нэн яаралтай хийлгэх хүсэлтийг тавьжээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг журамлажээ

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 408 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 347 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 15 бүртгэгдэж, 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч- 11, зорчигч-5. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2 . Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн насны 3, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Тодруулбал, БЗД-ийн нутаг Доржийн гудамж, Эрдэнэтолгойн МТ ШТС-н хойд замд Х.Сонота маркийн авто машины жолооч Б нь Т.Клугер маркийн П жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 08 настай эрэгтэй Т нарын 2 хүүхэд гэмтжээ.

Мөн Сүхбаатар аймгийн Уул баян сумын нутаг Их цагаан гэдэг газар Т.Pesso маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 63 настай эмэгтэй О нас барсан байна.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөхөөр сонгогдсон иргэдийн бүртгэлийн хугацааг сунгажээ

Дөрөвдүгээр ээлжийн цахим газар өмчлөлд болсон бөгөөд тус ээлжинд 22 байршил заагдсаны 16 нь Сонгинохайрхан дүүрэгт зарлагдсан билээ.

Харин НӨХГ-аас газар өмчлөхөөр сонгогдсон иргэд дүүргийнхээ газрын албанд энэ сарын 23-ны дотор багтаж хандаж, бүртгэлээ хийлгэхийг анхааруулсан юм.

Тиймээс ч Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд хэт их байгаагаас энэ өдрүүдэд тус дүүргийн газрын албанд иргэд дараалал үүсгэж байгаагаас тус газрын алба ихэд ачаалалтай ажиллаж байгаа аж.

Бүртгэл энэ сарын 10-аас эхэлсэн бөгөөд одоогоор тус газрын албаар дамжуулан найман мянган иргэн бүртгүүлээд байгаа юм байна. Харин үлдсэн хүмүүс нь хичнээн оочер дараалал үүсгэж байгаа ч хугацаандаа амжихааргүй болсон тул бүртгэлийн хугацааг ирэх аравдугаар сарын 7-ны өдрийг хүртэл сунгасан байна.

Categories
мэдээ спорт

Боксын ДАШТ-д оролцох монголын нэг тамирчныг хасчээ

Удахгүй Катарын Доха хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. AIBA-гийн дүрэм шинэчлэгдэж тивийн аваргад амжилт гаргасан эхний долоон тамирчин ДАШТ-д оролцох эрх авсан. Уг дүрмийн дагуу монголын дөрвөн тамирчин ДАШТ-д орох болсон. Тэгвэл 56 кг-ын жинд өрсөлдөх Э.Идэрхүүгийн нэр Катараас Монголын боксын холбоонд ирүүлсэн урилгад байгаагүй бөгөөд хасагдсан байна. Учир нь зохион байгуулагч орныхоо давуу эрхийн дагуу 56 кг-ын жинд өөрийн тамирчнаа оруулж, Э.Идэрхүүг хассан гэх. Энэ талаар Монголын боксын холбооныхон Катар руу холбогдох захиадал илгээжээ. Ямартай ч захидлын хариуг хүлээж байгаа аж.

Categories
мэдээ спорт

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар ЗАХХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогдлоо

Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны 46 дахь Гүйцэтгэх Хорооны хурал Ардчилсан Солонгос улсад энэ сарын 19-ны өдөр болж өндөрлөлөө.

Зүүн Азийн 10 орныг нэгтгэсэн тус холбооны хуралд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар оролцлоо. Уг хурлаар МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарыг Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүнээр сонгох тухай хэлэлцсэн байна.

Ингээд санал хураалтын эцэст МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар 100 хувийн саналаар Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн болсон байна. Мөн тус хурлын үеэр МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар БНАСАУ-ын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Ри Жон Мутай уулзан хоёр улсын шигшээ багууд харилцан нөхөрсөг тоглолт хийх, БНАСАУ-ын мэргэжлийн тоглогчдыг Монгол улсад тоглуулах болон Монгол улсаас шалгарсан хүүхэд багачуудыг Ардчилсан Солонгос улсын хөлбөмбөгийн бэлтгэлийн төвд хамруулах зэрэг олон асуудлыг ярилцсан байна.

Нөгөөтэйгүүр, БНАСАУ-ын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ри Жон Мугийн хувьд Монголын Хөл Бөмбөгийн Холбоотой хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.