Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар ашигт малтмал олборлох явдал гарсаар байна

Мэргэжлийн хяналтийн байгууллагын ээлжит цахим хурлаар нийслэл, орон нутагт хийгдэж буй хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ болон бусад ажлын талаар мэдээлэл өглөө. Орон нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчлүүд цөөнгүй гарч байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох арга хэмжээг аван ажиллаж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Баянгол сумдад зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байсныг шалгаж, 7 нөхөрлөл, иргэдийн үйл ажиллагааг зогсоон, экологийн хохирол тооцож байна.

Архангай аймгийн МХГ, орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран Цэнхэр сумын Орхон багт шалгалт хийж, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайд үйл ажиллагаа явуулж байсан хоёр ААН-ийг талбайгаас гаргажээ.Алт олборлолтын явцад тогтоосон нууруудын далан хаалтыг сэргээж, шинээр дахин далан, хаалт барьж бохир усыг гадагш урсахаас сэргийлжээ.Түүнчлэн улсын байцаагчийн тавьсан шаардлагыг зөрчин, лац хөндөж үйл ажиллагаа явуулсан ААН-д 38.4 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэр дээр хууль бусаар алт олборлон, байгаль орчин бохирдуулж байсан зургаан ААН, 90 орчим иргэдийн үйл ажиллагааг аймгийн МХГ-аас таслан зогсоож, тэдгээрийн 100 гаруй техник, тоног төхөөрөмжийг албадан нүүлгэсэн аж.

Говь-Алтай аймгийн МХГ-аас ХЭҮК, БОНХАЖЯ-тай хамтарсан ажлын хэсэгт орж “Таян нуур”-ын төмрийн хүдрийн уурхайн үйл ажиллагаанд хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчны болон орчны эрүүл ахуйн чиглэлээр хяналт, шалгасан байна.

Архангай-Хархорин, Хархорин-Хужирт, Хархорин-Өгийнуур, Арвайхээр-Баянхонгор, Элсэнтасархай-Арвайхээр чиглэлийн авто замуудын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлдөг цэгүүдийн судалгааг хийжээ.

Дундговь аймгийн Мандал сургуулийн үдийн цайнаас сурагчид хордож, шинжилгээний хариугаар батлагдсан тул холбогдох хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Цахим хурлаар МХЕГ-ын Ш.Раднаасэд зарим аймгуудад нөхөх сэргээлт нэрээр алт ухах, нөхөн сэргээлт хийсэн талбайд дахин олборлолт явуулж байгаад анхаарах, “Хүний төлөө зөв тус” аяны хүртээмжийг сайжруулж, идэвхижүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг дарамтгүй явуулах, БНХАУ руу мах экспортлох аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллах зэргийг үүрэг болголоо.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх талаар ярилцлаа.

ЕСБХБ 2001 оноос манай улстай техникийн хамтын ажиллагаагаа эхлүүлж, 2014 оны байдлаар 2,6 сая еврогийн 17 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байна. Тус банк Улаанбаатарт суурин төлөөлөгчийн газраа 2006 онд нээснээс хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.

Манай улсын хувийн хэвшлийн олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, санхүүжилт олгосонд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Тус банкны Ерөнхийлөгч Сэр Сума энэ оны гуравдугаар сард манай улсад хийсэн ажлын айлчлалынхаа үеэр Засгийн газартай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, Засгийн газрын бүтээн байгуулалт, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын дэд бүтцийн салбар, тухайлбал төмөр зам, эрчим хүчний томоохон төслүүдийн санхүүжилтэд тус банкийг оролцуулах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд Европ Азийг холбосон дэд бүтэц бий болгохоор ажиллаж байна. Энэ салбарт бизнесийн өргөн боломж байгааг тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 12 хэм дулаан

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа газар тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2015 оны 09 дүгээр сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутгаг болон зүүн зүгийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Дорнод Дарьгангын тал нутгаар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 11-13 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Агаар мандал дахь салхин гол

Дэлхийг хамгийн
богино хугацаанд агаарын бөмбөлгөөр тойрох уралдаан 1800 оны дунд үеэс эхлэлтэй.
Европын орнуудаас ихэвчлэн адал явдалд дуртай залуус ийм аялалд гардаг байж. Уралдаан
жилээс жилд өргөжсөөр 1800 оны сүүлчээр дэлхийг 80 хоногт тойрсон мэдээлэл цацагдсан
нь хүн бүрийг гайхашруулж байсан гэдэг. Шинжлэх ухааны хөгжил тийм өндөрт ирээгүй
байсан учраас 80 хоногт дэлхийг тойрсон асуудлыг эрдэмтэд тухайн үедээ төдийлөн
анхаарсангүй. Тэгээд ч 1900 он гарахад дэлхий нийт дайны хөлд донсолж энэ нээлт
мартагдсан удаатай.

Харин дэлхийн
хоёрдугаар дайн эхлэхэд АНУ-ын нутаг дэвсгэрт Японы тэсрэх бөмбөгийг тээвэрлэсэн
агаарын бөмбөлөг салхиар туугдан ирэх болжээ. Уг нь агаарын бөмбөлөг 600-хан км
яваад л унах ёстой байтал 3-4 бүр таван мянган км замыг туулан АНУ-ын нутагт тэсэрч,
иргэдийг түгшээх болсон учраас асуудлыг судалж эхэлсэн байдаг. Шалтгааныг судалсаар
дэлхий дээр асар хүчтэй салхин гол урсч байдгийг олж тогтоосон байгаа юм. АНУ-ын
эрдэмтдийг энэ нээлтийг хийхээс өмнө япончууд энэ тухай мэдчихээд АНУ руу мянга
гаруй тэсрэх бөмбөг тээвэрлэсэн агаарын бөмбөлөг хөөргөсөн нь энэ байж. Энэ бол
1940 оны эхээр болсон явдал. Нэг ёсондоо 12-14 мянган метрийн өндөрт 4-10 мянган
км цагийн хурдтай салхин гол баруунаас зүүн тийш мөнхөд урсч байдгийг ийнхүү олж
нээжээ. Ийм салхин гол дэлхийн төв бүслүүрт нэг, хойд өмнөд хагаст тус бүр хоёр
нийт тав байдаг гэж байгаа. Эргэлтийн хүчээс үүсч байгаа уг салхин голыг ашиглан
дэлхийг 21-хэн хоногт агаарын бөмбөлгөөр тойрсон нь хамгийн сүүлийн жишээ юм.

Categories
мэдээ нийгэм

Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулахаар боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэлээ. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулах зорилгоор АНУ-ын ЭКСИМ банкнаас Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газарт авах 9,7 сая ам.долларын зээлийн 85 хувьд баталгаа гаргахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

Барилгын хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах хөрөнгийн үлдэгдэл 15 хувийг 2016 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНУ-д хийсэн айлчлалын явцад MIC industries корпорацийн төлөөлөгч уулзаж бүтээгдэхүүнээ санал болгосны дагуу Батлан хамгаалах яаманд барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборыг худалдан авах талаар судлан үзэх үүрэг, чиглэл өгсөн юм. Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн хангалт үйлчилгээний газраас гаргасан тооцоогоор өнөөгийн зах зээлийн ханшаар 48х24 метрийн хэмжээтэй барилгыг тоосгоор барихад 1.3 тэрбум зарцуулагдаж байгаа бол хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмжөөр ийм хэмжээний барилга барихад 300 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Уг хөдөлгөөнт цогцолбор нь 1000 ам.метр талбайтай барилгыг нэг өдөрт гүйцэтгэх хүчин чадалтай юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Иргэдийн санал хүсэлтийг холбогдох албаны хүмүүст хүргүүлэв

Баянзүрх, Налайх дүүргийн иргэдээс автозам засвар, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданд ирүүлсэн санал хүсэлтийг Нийслэлийн автозамын газар (НАЗГ) болон ЗЦГ-ын холбогдох албаны хүмүүст өнөөдөр хүлээлгэн өглөө.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Өнгөрсөн долоо хоногт гэр хорооллын дахин төлөвлөлт, нийтийн тээврийн шинэчилсэн үйлчилгээний талаар ирүүлсэн санал хүсэлтийг НЗД Э.Бат-Үүлд хүргүүлсэн. Мөн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбад санал хүсэлтээ хүргүүлсэн.

Баянзүрх, Найлайх дүүрэгт гэрлэн дохиогүй, замын тэмдэг, тэмдэглэгээгүй, хурд сааруулагчгүй автзам олон байна. Энэ нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлээр иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг НХЗГ-ын Зам ашиглалтын байцаагч О.Энхбаатар, ЗЦГ-ын Техник, Замын хяналтын тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Батзориг нарт хүргүүлж байна” гэлээ.

Энэ үеэр НАЗГ болон ЗЦГ-ын удирдлагууд 2015 онд Баянзүрх, Налайх дүүрэгт хийсэн автозам засвар, шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ.

2015 онд НАЗГ-аас хорооллын доторх автозамын засвар, шинэчлэлд 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Тус хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 4, 8, 16, 18 хороонд орон сууцны хорооллын дундах автозамд засвар, шинэчлэлийн ажил хийж байгаа аж. Одоогоор ажлын гүйцэтгэл 30 хувьтай байгаа бөгөөд 10 сарын 01-нд дуусахаар төлөвлөжээ. Түүнчлэн 13 замд нөхөөс хийх, 5 байршилд гэрлэн дохио шинээр байршуулахаар төлөвлөж, тендер зарлах ажлыг зохион байгуулж байна хэмээн НАЗГ-ын Зам ашиглалтын байцаагч О.Энхбаатар хэллээ.

Мөн ЗЦГ-ын Техник, замын хяналтын тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Батзориг, ЗЦГ-аас хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, учирч болох хор хөнөөлийг багасгах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Баянзүрх дүүргийн хувьд онц ноцтой буюу хүнд хэлбэрийн автозамын осол, гэмт хэрэг буурч байгаа. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор эвдрэл ихтэй автозамыг шинэчлэн, засварлах хэд хэдэн ажлыг НАЗГ-т захиалж, гүйцэтгүүлсэн. Иргэдээс ирүүлсэн аливаа санал хүсэлтийг судлан, тухай бүрт нь хариу өгч байгаа” гэлээ.

Categories
мэдээ спорт

Шатрын шинэ цолтон хоёроор нэмэгдэв

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо явагдсан ФИДЕ-гийн 86 дугаар хуралдаанаар шатарчдад цол олголоо. Монголын шилдэг өсвөрийн шатарчин Д.Номин-Эрдэнэд олон улсын мастер цол хүртээжээ. Тэрбээр жил хүрэхгүй хугацааны өмнө эмэгтэйчүүдийн их мастер болж байсан юм. Харин энэ удаа цолоо дахин ахиуллаа. Д.Номин-Эрдэнэ Монголын шатарчдаас 15 настайдаа эрэгтэй Олон улсын мастер цол хүртсэн анхны шатарчин болж байна. Түүнчлэн Говь-Алтай аймгийн “Хан Алтай” клубийн шатарчин эмэгтэй ФИДЕ мастер У.Лхамсүрэн олон улсын мастер цолтны эгнээнд шилжжээ. Түүний хувьд 15 жил шатрын спортоор хичээллэж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 11.5 сая ам.доллар худалджээ

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн 1989.06-1995.90 төгрөгийн ханшаар 26.2 сая ам.доллар, 311.06-312.6 төгрөгийн ханшаар 61.0 сая юань худалдан авах саналыг үндэслэн, Монголбанк 11.5 сая ам.долларыг 1995.10 төгрөгийн хаалтын ханшаар, 29.00 сая юанийг 311.55 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдав.

Энэ өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 94.9 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.

Categories
гадаад мэдээ

Австралийн шинэ ерөнхий сайд өмнөд Хятадын тэнгист анхаарал хандуулна

Австрали улсын шинэ ерөнхий сайд Малколм Турнбулл хилийн чанад дахь асуудлуудад юун түрүүнд анхаарал хандуулна гэдгээ мэдэгдлээ. Үүний хүрээнд өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдалд урьдынхаасаа илүү нөлөөтэй оролцож, бүс нутгийн орнуудын тэнгисийн маргааныг аль болох энхийн замаар шийдвэрлэхийг оролдох гэнэ.

“Хятад улс өмнөд тэнгист цэрэг, дайны зориулалтаар хөгжүүлэлт явуулахаа азнах хэрэгтэй” гэж шинэ сонгогдсон ерөнхий сайд өгүүлсэн байна.

Хятад улс сүүлийн жилүүдэд өмнөд тэнгис орчимд хиймэл арлууд байгуулж, үүн дээр усан флотын хүчирхэг анги, нэгтгэлүүд байрлуулах болсон нь хөрш зэргэлдээ орнуудын болгоомжлол, дургүйцлийг хүргэж байгаа. Хэрэв энэ асуудалд Австрали оролцвол Хятадын түрэмгий гэгдээд буй бодлогод хязгаарлалт тавьж чадна гэж ажиглагчид үзсэн юм. Учир нь Австрали бол Хятадын хамгийн том худалдааны түншүүдийн нэг билээ.

Турнбулл энэ асуудлаар “Би АНУ-Австрали-Хятад тэргүүтэй орнуудын худалдааны балансыг тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлэхээр хичээх болно. Хятад улсын дипломат нөхөрлөл бүс нутгууддаа үргэлж зөв алхам хийхэд хүчин нөлөө болж ирсэн” гэж Турнбулл ярьсан байна.

Categories
мэдээ нийгэм

Ундны усны эх үүсвэрийг хамгаалахыг онцлов

Зүүн Хойд Азийн хотуудын “Хотын ногоон хөгжил” форум 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хот суурин газрын тогтвортой эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгууламж, усны менежмент сэдвээр хэлэлцэж, туршлага солилцож байна. Улаанбаатар хот ундны болон хэрэглээний усаа газрын гүнээс авдаг.

Нийслэлчүүдийн хэрэглээ жил ирэх бүр нэмэгдэх хандлагатай байгаа учраас өөр эх үүсвэрээс усны хэрэглээгээ авах зайлшгүй шаардлага тулгарч байгааг албаныхан онцолж байна. Тиймээс усны нөөцийг дахин тогтоох, усны эх үүсвэрийг хамгаалалтанд авах шаардлагатай гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ форумын үеэр онцолж байсан юм.