Categories
мэдээ нийгэм

С.Бат-Эрдэнийн номын нээлт болно

Зохиолч, хэл бичгийн ухааны доктор Сономжамцын Бат-Эрдэнийн шинэ бүтээлүүд хэвлэгдэн гарлаа. Сономжамцын Бат-Эрдэнэ нь ОХУ-ын Москвагийн Багшийн их сургуульд хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалж, эдүгээ ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнд ажиллаж байна. Хүүхэд ахуй, оюутан цагаасаа уран бүтээлээ эхэлсэн тэрээр энэ удаад Москвад сурч ажиллаж байх үедээ туурвисан шүлэг найргаасаа дээжлэн “Сэтгэлийн танхим” номоо өргөн барьж байна.

Сономжамцын Бат-Эрдэнэ нь ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарт ажиллаж, хэлний соёл, хэлний боловсролын талаар эрдэм шинжилгээний олон өгүүлэл бичиж нийтэлсэн авьяаслаг эрдэмтэн юм. Хэл шинжлэлийн ухааны мэргэжилтэн хүний хувьд хөөрхөн үрсийнхээ өхөөрдөм яриаг гярхай ажиглаж сонирхолтой нэгэн ном бүтээжээ. Түүний “Аав-нар” бүтээл нь хүүхдийн ертөнц, тэдний гайхам ухааныг хэлтэй нь холбож хөгжилтэй, зугаатай илэрхийлснээрээ онцлог бүтээл болно. Өдгөө “хүүхдийн хэл” бол хэл шинжлэлийн салбар дотроо сэтгэц хэл шинжлэлийн салбарын гол судлагдахуун болон хөгжиж байгаа билээ. Түүний яруу найргийн “Сэтгэлийн танхим”, хүүхдэд зориулсан “Аав-нар” хэмээх бүтээлүүдийн нээлт өнөөдөр 15.00 цагаас Интерном их дэлгүүрт болно.

Categories
мэдээ нийгэм

Малайзийн шүүх Н.Золзаяад цаазаар авах ял оноов

Малайзад хар тамхины хэрэгт холбогдсон Монголын иргэн Н.Золзаяагийн шүүх хурал болж, давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын иргэн Н.Золзаяад цаазаар авах ял оноох шийдвэр гаргасан байна. Уг хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн Сайд, Гадаад хэргийн сайд анхаарлаа хандуулан хэргийн эдрээтэй байдлыг дахин нягталж үзэх, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд Малайзын холбогдох байгууллага, албан тушаалтны анхаарлыг хандуулахаар захидал хүргүүлсэн байна. Мөн Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хуралд зориулж буюу түүний эрх ашгийг нь хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлслөхөд шаардагдах 68.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы дугаарт нэрт академич Х.Намсрай цаг үеийн асуудлаар сонирхолтой ярилцлага нийтлэгджээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар уншигчдын гаргт хүрлээ. Тус сонины тэргүүн нүүрт эх орондоо усам үзэм тарьж буй “Ногоон сор” ХХК-ийн талбайгаас бэлтгэсэн сурвалжлага оржээ. Сурвалжлагын үргэлжлэлийг XI нүүрнээс уншаарай. Түүнчлэн “Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан нь” дуулиант буланд энэ удаа “Тариалангийн салбар дахь “Буудай ажиллагаа” нийтлэл хэвлэгдсэн байна.

Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт III нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Цэдэнбалыг зайлуулсан гол шалтгаан-Эрдэнэт” нийтлэл оржээ. Мөн лхагва гаригийн дугаарт Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Чингис хааны одонт академич Х.Намсрай цаг үеийн асуудлаар сонирхолтой ярилцлага дэлгэжээ. Түүний ярилцлагын үргэлжлэлийг XVII нүүрнээс та бүхэн уншаарай.Бүгд найрамдах Унгар улсын Гадаад хэргийн яамны Үндэсний аюулгүй байдал хариуцсан төрийн нарийн бичгийн дарга Микола Истваны ярилцлага, Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан нарын сонирхолтой ярилцлагууд энэ дугаарт багтжээ. Жил жилийн наадмын дараа бөхчүүдийн допингийн асуудал хүмүүсийн анхаарлын төвд байдаг. Тэгвэл энэ жил допинг илрээгүй гэх мэдээллийг Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан ярьжээ. Энэхүү ярилцлагыг XV нүүрнээс унших боломжтой юм. Мөн энэ дугаараас уншигч та бүхэн цаг агаар, валютын ханш зэрэг өдөр тутмын олон хэрэгтэй мэдээллийг уламжлал ёсоор авах болно.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Уулчин Г.Өсөхбаяр: Хэрвээ эвгүйтсэн бол тав битгий хэл 25 хүн бүгд амиа алдахаар аймшигтай нөхцөл байдал угтсан

Монгол
Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяртай ярилцлаа.

-Таны хувьд
энэ жил нэг зорилгоо биелүүлсэн гэсэн. Аль тивийн ноён оргилд гарсан бэ?

-Миний хувьд
дэлхийн тивүүд дэх ноён оргилуудад бүгдэд нь гарч үзэх зорилго­той. Энэхүү
зорилгоо бие­лүү­лэхийн тулд олон жил төлөвлөж байна. Цаг хугацаа, хөрөнгө
мөнгө ч их шаардагдах юм. Ямартай ч энэ зун Австрали тивийн ноён оргил
Коскиусзкод дөрөвдүгээр сарын 21-нд гарч чадлаа.

-Энэ удаагийн
авиралт бусдаас юугаараа онцлогтой байв?

-Би өмнө нь Хойд
Америкийн ноён оргил Маккенлиа, Африкийн дээвэр Килиманжаро уулын оргил зэрэгт
дандаа л ганц, хоёроороо гарч байсан. Харин энэ удаа зөндөө олон монголчуудтай
гарсан. Австралид амьдарч буй монголчууд хамт гарсан. Бараг 20 гаруй хүн гарсан
байх. Миний хувьд энэ удаагийн авиралт үнэхээр сайхан дурсамж үлдээсэн гэдгийг
хэлмээр байна. Нутаг нэгтнүүдтэйгээ, олуулаа нэг ч гэсэн тивийн оргилд
гарсандаа баяртай байна. Аяллын тухай нэвтрүүлэг удахгүй телевизээр цацагдах
байх. Одоо Өмнөд Америкийн Аконкагуагийн оргил, Антарк­тид тивийн Винсон Массиф
оргилд гарах үлдээд байна.

-Монголдоо
ямар ави­ралт хийв. Аль аль ууланд авирав?

-Ерөнхийдөө Алтай
Таван богд ууланд гарсан.

-Хэдэн удаа?

-Алтай Таван
богдод гурав… бараг дөрвөн ч удаа гарсан юм байна. Монголын ууланд зуны
гурван сар гарахад л цаг агаарын хувьд ч тэр хамгийн тохиромжтой үе байдаг. Нэг
авиралт хийхэд дунджаар 10 хоног зарцуулдаг.

-Сошиал дахь
хүмүүсийг хараад байхад бараг амрал­тын өдрөө тааруулаад ийм ууланд авиралт
хийгээд ирье гэж харагддаг. Тийм боломж бий юу?

-Ямар ууланд
авиралт хийхээс шалтгаална. Хотоос урагшаа Богд ууланд явган алхах, мөс, цастай
Алтай Таван богдод авиралт хийх хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий.
Ялангуяа мөсөн голтой ууланд авирна гэдэг маш их эрсдэлийг дагуулж байдаг.
Яахав манай монголчуудад нэг давуу чанар байдаг. Маш их эрч хүчтэй, тэвчээртэй.
Харамсалтай нь үүнийгээ буруу ашигладаг. Гадныхан бол ууланд гарахаар
төлөвлөвөл дүрэм журмынх нь дагуу олон хоног, сар сургалтад хамрагдаж, хувийн
бэлтгэлээ хангадаг. Харин манайхан бол шууд л өнөөдөр шийдээд маргааш явчихдаг
байх жишээний. Энэ нь наад зах нь эрүүл мэндээрэй хохирч үлдэх хор уршигтай.
Нэгэнт алдсан эрүүл мэндийг хэзээ ч нөхөж авч чадахгүй шүү дээ. Цаашлаад амь
насаараа хохирох аюулыг дагуулж байдаг.

-Өнгөрсөн зун
Алтай Таван богдод Монголын таван уулчин эндсэн харамсалтай явдал болсон. Дээрх
хүмүүс мөн л сошиалд нэг­дэж, ямар ч бэлтгэл сур­гуу­лилтгүй явсан гэсэн?

-Фэйсбүүкээр
нэгдсэн хүмүүс гэсэн. Энэ зун үнэхээр монголын түүхэнд, уулчдын түүхэнд хар
бараанаар тэмдэг­лэгдэх том гарз тохиож, таван хүн эндлээ. Энэ тухай дурсахаас
ч бэрх байна. Уулчдын хувьд үнэхээр эмзэг асуудал болоод байгаа. Олон жил
ууланд авирсан, манай туршлагатай уулчин
МУ-ын гавьяат тамирчин Болд­баатар ах уг ууланд авиралт хийж яваад эндсэн.
Даанч манайхан анзаараагүй. Одоо ч анзаарахгүй хайнга хандсан хэвээр л байна.
Хэрвээ энэ чигээрээ замбараагүй яваад байвал энэ жагсаалт улам л уртсах болно.
Дараагийн ээлжинд би ч байж болно. Хэн ч мэдэхгүй. Осол хэлж ирэхгүй шүү дээ.

-Тухайн
хүмүүсийн зарим нь мэргэжлийн уулчид байсан гэдэг. Та таних уу?

-Нэг эгч, нэг
залуу хоёрыг нь л зүс танина. Хаа нэг уулч­дын цугларалт дээр таарч байсан.
Тэрнээс сайн мэдэхгүй. Бусад нь бол бараг анх удаа ууланд авирсан хүмүүс гэсэн.
Нэг залуу нь бүр гадаадад сурдаг. Монголд ирэнгүүтээ шөнөдөө ууланд авирах гээд
гараад явчихсан гэж сонссон. Гэрийнхэн нь ч мэдээгүй байсан. Тухайн үед
“Монголиан экспедишн” компаниас зохион байгуулсан уулчдын багт ороогүй сайн
дураараа баг бүрдүүлж явсан хүмүүс юм билээ. Ер нь сүүлийн үед фэйсбүүкээр
хараад байхад ууланд гарахыг их уриалдаг болж. Гэхдээ ямар ууланд гарах гэж
байгаагаа ядаж судлах хэрэгтэй. Мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ядаж л авирах гэж
байгаа уулынхаа зүг наанадаж хоёр хоног харж, бүх зүйлээ тооцоолох ёстой шүү
дээ. Ялангуяа мөсөн голтой ууланд авирна гэдэг тэр чигээрээ эрсдэл.

-Алтай Таван
богд ууланд хичнээн мөсөн гол байдаг вэ?

-Монголд мөсөн
голтой уул хэдхэн бий. Үүний нэг нь Алтай Таван богд уул. Мөнх хайрхан бага
зэрэг мөсөн голтой. Бас Увс аймагт байрлах Цагаан дэглий уул байна. Ууланд
авирагчдын хувьд хамгийн хэцүү эрсдэл бол мөсөн гол. Ийм төрлийн ууланд авирах
тусам халширдаг, айдаг бол­чих­дог. Уулчид ууланд авирах тусам л өөрийгөө
жижигхэн гэдгийг мэдэрдэг. Ялангуяа мөсөн голтой ууланд авирахын тулд уулаа маш
их мэддэг, дадлага, туршлагатай байх ёстой.

-Хүйтний
оргилд гарах тогтсон зам байдаг уу?

-Алтай Таван богд
ууланд авирах гурван ч зам байдаг. Бүр олон жил яваад дадал болчихсон зам.
Ихэвчлэн уулынхаа ар шилээс өгсөж гардаг. Өдөрт зургаан цаг авиралт хийнэ гээд
бодохоор Хүйтний оргил дээр гарахад гурав хоног зарцуулагддаг.

-Осол болохоос
өмнө­хөн таныг амиа алдсан уулчид­тай замд таарсан гэсэн?

-Нэг л замаар
явдаг учраас ууланд авирах үед авиралт хийж буй бусад хүмүүстэй таардаг. Тухайн
үед ч бас тэдэнтэй таарсан. Нэг л замаар өгсөж, уруудаж байгаа юм чинь
таарахаас аргагүй.

-Хэдэн цагийн
үед таарсан юм бэ?

-Үдээс хойш замд
зөрсөн. Уулын бичигдээгүй дүрэм байдаг. Ямар ч ууланд өглөө эрт авиралт хийгээд
үдээс хэтрэхгүй оргил дээр нь гараад хурдхан бууж орой­ноос өмнө отогтоо хүрсэн
байх ёстой. Үдээс хойш болчихоор цаг агаарын хувьд таагүй болчихдог. Миний
хувьд тухайн өдөр 12 хүний бүрэлдэхүүнтэй хоёр багтай өглөө эрт оргилд нь
хүрчихээд бууж явсан. Тухайн хүмүүстэй явсан багийнхны хувьд хэтэрхий оройтсон
болов уу.

-Та хэзээ нь
ослын талаар мэдсэн бэ?

-Буусан хойно
мэдсэн. Араас таван хүнтэй нэг багийнхан олдохгүй байна, төөрчихлөө гэж хэлсэн.
Үнэ­хээр харамсаад ч барахгүй байна. Цасан шуурга шуурч байсан болохоор буцаад
явж хайх ямар ч боломжгүй байсан.

-Тогтсон зам ч
гэсэн төөрөх магадлалтай юу?

-Цасан шуургатай
үед хэцүү. Төөрөх бол энүүхэнд. Таван метрийн зайтай явж байгаа хүн харагдахгүй
бол­тол цасаар шуурах тохиолдол ч бий. Ийм үед нэг алхам ч хазгай гишгэхгүй,
өмнөх хүнийхээ мөрөөр явах хэрэгтэй.

-Ер нь оргил
хүртэл зам хэр бартаа ихтэй вэ?

-Маш их. Гишгэсэн
мөрөө­рөө эргэж бууна шүү дээ. Мөсөн голтой уулын хамгийн гол эрсдэл бол цасан
шуурга, мөсөн ангал. Хэрвээ 50 метрийн ангал руу нэгийгээ алдахад дэлхийн
хамгийн шилдэг уулчин байгаад ч татаж гаргаж чадахгүй. Бусдыгаа эрсдэлд
оруулахгүйн тулд орхиод явсан тохиолдол зөндөө байдаг.

-Таны хувьд
эрлийн багийн­хантай хамт ажилла­сан хүн. Талийгаачдыг ангал руу унаагүй,
эрлийг эрт эхлүүлсэн бол аврах боломжтой ч байсан гэсэн яриа тухайн үед гарч
байсан. Үнэхээр тийм боломж байв уу?

-Ангал руу
унаагүй. Одоо хэлэхэд хэцүү л дээ. Үнэхээр аймшигтай газраар явсан байсан. Тэд
Хүйтний оргилд гарчихаад буух замдаа төөрсөн юм шиг байна лээ. Цасан шуургатай
үед хэцүү шүү дээ. Шуурганаар асар том хунгарлаад тогтчихсон цасны яг доогуур
багийнхан бүгд явж өнгөрсөн байсан. Эхний багийнхан явахад цас бага багаар сууж
ан цав үүссэн байх. Ингээд яг сүүлийн баг гарах үед цас нурж дээрээс нь унасан
юм шиг байсан. Сүүлийн хүмүүс л дарагдсанаас биш эвгүйтсэн бол тэнд явсан 25
хүн бүгд амиа алдаж болохоор тийм аймшигтай нөхцөл байдал угтсан. Осол болох
үед өмнөх багийн хүмүүс бусдынхаа орилох дууг сонссон гэж ярьж байсан.

-Төөрснөө
мэдсэн бол ямар арга замыг сонгох нь зүйтэй байсан бол оо?

-Ямар ч үед
оргилоо буцаад олох хэрэгтэй.

-Хүйтний оргилоос
хэр зайнд осол болсон байсан бэ?

-200 метр орчим
юм уу даа. Төөрөлтийн гол шалтгаан цас. 2009 онд санагдаж байна. Ерөнхийлөгч Н.Энхбаяр уг ууланд
авираад буух замдаа төөрөөд эргэж оргилоо олох шийдвэрт хүрсэн байгаа юм. Бид
нар очих үед оргилоос 50 метрийн зайтай байсан. Тэр хооронд л хэдэн цаг холхиод
бүр мөр гаргачихсан байсан. Хажууд нь явсан ахмад уулчид яахаа мэдэхгүй байхад
тэр хүн ууланд хэрхэн гарах, төөрсөн тохиолдолд яах вэ гэдгээ уншчихсан
мэдээлэлтэй байгаа байхгүй юу. Хэрвээ ууланд төөрвөл оргилоо олох нь хамгийн
зөв шийдэл.

-Ер нь Алтай
Таван богдод цаг агаар байнга сэрүүвтэр байдаг уу?

-Янз бүр. Майк,
богино өмдтэй гарчихмаар дулаахан өдөр байна. Куртиктай гар­чихаад байхад
даарах өдөр ч байна. Гэхдээ өглөө эрт гараад оргилд нь хүрлээ, зургаа
дарууллаа, эргээд шууд буух ёстой. Гэтэл манайхан архи, сүү өргөх болоод
явчихна. Зарим нь бүр дуулна. Манайхан багахан найр хийчих гээд байдаг. Тэгж
болохгүй шүү дээ. Цаг агаар яаж ч өөрчлөгдөж болно. Хурдхан л буух ёстой. Миний
хувьд ихэвчлэн гадныхантай гардаг. Гадаадын уулчид бол дүрэм, журмын дагуу
явдаг. Тэгж болохгүй гэсэн л бол шууд хүлээж авна. Наад зах нь Хүйтний оргилоос
буух замд дөнгөж авирч яваа хүмүүс ч таардаг. Тухайн үед та нар хэтэрхий
оройтсон учраас эрсдэлтэй, маргааш авир гэж хэлдэг. Харамсалтай нь төдийлөн
хүлээж авдаггүй. Гадныхан бол шууд л хүлээж аваад бууна. Монголчууд “Энэ Өсөхөө
өөрөө оргилд нь гарчихаад биднийг ингэж хэлээд. Өсөхөө гарч байхад яагаад би
гарч болдоггүй юм” гэсэн байдлаар ханддаг. Үнэндээ ууланд авирах бүр уулын
бүтэц хүртэл өөрчлөгдчихсөн байдаг.

-Хэзээ хамгийн
таатай үе вэ?

-Мэдээж цаг агаар
тогтуун үед гарахад байгалийн хувьд үнэхээр үгээр илэрхийлэмгүй үзэсгэлэнтэй.
Зөвхөн тавхан оргил байдаггүй. 50, 60 уулын оргил харагдана ш дээ. Үнэхээр
гайхамшигтай. Би гарах болгондоо л дуу алддаг. Найман сарын дундуур оргилд нь
гарахад нар сар зэрэг гарчихсан харагддаг. Гэхдээ жил, сар болгон уулын бүтэц
өөр. Зургаан сард мөсөөр хучигдсан хөрс хатуувтар байсан бол долдугаар сард
суларчихсан байна. Энэ өнгөлөн далдлалтыг хүмүүс мэддэггүй. Харин наймдугаар
сард бүх ангалууд нь ил гарч ирдэг. Тиймээс наймдугаар сард нэлээн олон удаа
авирч үзэх хэрэгтэй. Гэхдээ тэр ангалуудыг
нүдээрээ харсан хүн тэр болгон уул руу зүглээд байдаггүй.

-Таны хувьд
тийм ангал олон харж байсан уу?

-Доошоо харахад
ёроолгүй харанхуй ангал ш дээ. Алтай Таван богдод тоолохын аргагүй тийм ангал
бий. Олон жил ууланд авирсан мэргэжлийн уулчин учраас туршлагаараа л явна. Ангалтай газрын цасны
өнгө ямар байх, хаанаас нь ямар судал орж ирсэн байна гээд нарийн ажиглана.
Тэрнээс энд нэг ангал байдаг, энд бас гээд тойроод гүйгээд байхгүй ш дээ. Мөсөн
голын эрсдэлүүд хамгийн аймшигтай. Алтай Таван богдын мөсний зузааныг 150 метр
гэдэг байх аа. Японы эрдэмтэд, Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийнхэнтэй
хамтраад мөсний судалгаа хийж байгаа. Мөс маш их хайлж байна гэсэн мэдээлэл
байгаа. Мөс хайлна гэдэг уулчдын хувьд улам их эрсдэл хүлээж байна гэсэн үг.
Жил ирэх тусам аюул нэмэгдээд л байна.

-Ер нь ууланд,
тэр дундаа мөсөн голтой ууланд гарахдаа ийм багаж хэрэгсэл, тийм хувцастай явна
гэсэн стандарт байдаг биз дээ?

-Байлгүй яахав.
Яахав сошиал ертөнц дэх хүмүүсийг хараад байхад Алтай Таван богд руу бараг
дээлтэйгээ гүйгээд гарчихлаа. Пүүзтэй гараад ирлээ би гээд л ярьдаг. Мэдээж
ууланд гарч байгаа нь сайн байна. Ууланд гарах тусам эр зориг нэмэгдэнэ.
Туршлагатай болно. Гэхдээ нэн тэргүүнд аюулгүй байдлаа хангах нь чухал.
Стандартаараа бол наад зах нь гурван төрлийн гуталтай байх ёстой. Доор амрах
үедээ сандаал, тавчиг, авирахдаа өөр гутал, оргилд гарахдаа бас нэг гуталтай
байх шаардлагатай. Гэвч манайхан ганцхан гутал­тай явчихаад доор шавар
шалбааганд гутлаа норгочихдог. Чийг авсан гутал дээш гарах явцад хөлдөнө,
хайрна. Ингээд хөлөө хөлдөөх тохиолдол хүртэл гардаг.

-Мэдээж мөсөн
голтой ууланд авч явах ачааны тогтсон жин байдаг байх?

-Зарим хүмүүс би
уулын оргил руу 40 кг ачаатай гарлаа ш дээ гэдэг. Мэргэжлийн хүмүүсийн хувьд
үнэхээр инээд­тэй хэрнээ сонин санагддаг. Өөртөө мундаг санагдаж байгаа боловч
ямар ч хэрэггүй ачаа яах гэж үүрдэг юм бэ. Тийм ачаатай гарч байгаа нь өөрийнх
нь л буруу. Стандартын дагуу 20 кг ачаатай л байх ёстой. Ууланд таван кг
нэмэгдэнэ гэдэг аймшигтай зүйл байхгүй юу. Манайхан хэрэгтэй, хэрэггүй баахан
юм цүнхэндээ хийчихсэн байдаг. Цүнхнийхээ аль талд ямар ачаагаа хийхээс эхлээд
цүнхний нэг бүч хүртэл нарийн учиртай байдаг байхгүй юу. Жижигхэн алдаанаас
болж өөрийгөө, цаашлаад бусдын амийг хамт аваад явах тийм эрсдэлийг өөрсдөө бий
болгодог. Би Эверестийн оргилд 21 удаа гарч Гиннесийн номонд бичигдсэн нэгэн
уулчинтай хамт Монголын Бүргэд хайрхан гээд ууланд хамт авирсан. Би түүнтэй
өмнө нь далайн түвшнээс дээш 8848 м-т орших Эверестэд хамт гарч байсан юм.
Гэтэл 4100 метрт орших ууланд гаран гартлаа амандаа маань мэгзэм тасралтгүй
уншиж байсан. Тэр хүн тийм өндөр ууланд олон удаа гарчихаад биеэ тоогоод энэ юу
байхав гэж болох шүү дээ. Үүнийг сүүлийн үед уулын спорт сонирхож буй залуус
сайн ойлгох ёстой. Уул чихтэй, нүдтэй, амьтай гэдэг. Би үүнд 100 хувь итгэдэг.
Хэзээ ч уулыг бүү бас.

-Сүүлийн үед
ганц, нэг удаа ууланд явган аялал хийсэн хүмүүс өөрсдийгөө уулчин гэдэгт итгэж
энэ нь эргээд эрсдэл дагуулж байх шиг…

-Миний хувьд би
хэдий мэргэжлийн уулчин ч гэлээ байнгын бэлтгэл сургуулилт­тай байдаг. Алхана,
хүчний бэлтгэл хийнэ. Ууланд авира­хад сэтгэл зүйн бэлтгэл бас хамгийн чухал.
Алтай Таван богдод авирах явцад ажиглагддаг л даа. Саяхан нэг явахад цасаар
шуураад өнгөцхөн дарагдчихсан ангалын хажууханд хүний мөр байсан. Үнэхээр ганц
нэг ууланд явган аялал хийгээд, эсвэл ганц удаа хүн дагаж авирчихаад дараа нь
“өө би мэднэ, амархан” гээд баахан чадахгүй хүн дагуулаад явчихдаг. Ядаж
олсныхоо зангилааг зөв зангидаад сурчихгүй байж шүү дээ. Олсны нэг зангилаа
хүртэл чухал. Яахав сүүлийн үед мэргэжлийн багаж хэрэгсэл их орж ирдэг болж.
Мөнгөтэй байлаа гээд яаж ашиглахаа мэдэхгүй баахан багаж авчихдаг. Очоод нэгийг
нь ч ашиглаж чадахгүй байх тохиолдол зөндөө гардаг. Тэгэхээр мэргэж­лийн
хүмүүст хандаж, зөвлөгөө авч сургалтад хамраг­дах ёстой. Өөрийнхөө аминаас
гадна бусдын амийг аюулд учруулж байна гэдгээ хүмүүс ухамсарлах хэрэгтэй байна.

-Нэг олсонд
хэдэн хүн явах стандарттай байдаг юм бэ?

-Мөсөн дээр явж
байгаа тохиолдолд нэг олсонд хоёрхон хүн л явах ёстой. Олсны диаметр, замаасаа
шалтгаалж олсонд хэдэн хүн орохоо тооцоолдог. Дунджаар олсныхоо диаметрээс
хамаарч 5-6 хүн л нэг олсонд ордог. Харин манайхан нэг олсонд 10, түүнээс дээш
хүн чихчихдэг нь хамгийн аймшигтай алдаа. Олсны хоорондын зай таван метр байх
ёстой. Гэтэл 50 метрийн олсонд арван хүн оруулсан байдаг. Гэтэл нэг, хоёр эгнээ
явлаа, дараагийн хүмүүс татагдаж доошоо унах эрсдэл маш их. Хэдий таван метрийн
зайтай ч аюул арилчих юм биш. Амь алдах эрсдэл чинь өндөр болж байна гэсэн үг.
Миний хувьд сайн итгэсэн хүндээ нэг багаа хариуцуулаад тав таван хүнтэй хоёр
олсонд хуваадаг. Түүнээс илүү бол би хяналт тавьж чадахгүй шүү дээ. Тиймээс
залуустаа олсноосоо хэзээ ч гарч болох­гүй, ахлагчийнхаа үгнээс гарч болохгүй
зэрэг уулын бичигдээгүй алтан дүрмээ л дага гэж захимаар байна.

Categories
америкийн-монголчууд булангууд мэдээ цаг-үе

Элчин сайд Женнифер Зимдалл Галт тангаргаа өргөв

Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа

2015 оны есдүгээр сарын 14-ний өдөр, АНУ-ын Төрийн Департаментийн Франклины танхимд Монгол Улсад суух шинэ элчин сайд Женнифер Зимдалл Галт элчин сайдын тангараг өргөлөө. Ёслолын эхэнд Төрийн Департаментийн нарийн бичгийн даргын орлогч Патрик Кэннеди Женнифер Галтыг танилцуулав.

Женнифер Зимдалл Галт нь Төрийн Департаментийн Олон Нийтийн Албаны зөвлөх, АНУ-ын НАТО дахь Төлөөлөгчийн газрын олон нийтийн албаны зөвлөх, Зүүн Ази, Номхон далайн орнуудын хэлтсийн орлогч дарга зэрэг албыг хашиж байсан ажээ. Монгол Улсад томилогдохоосоо өмнө БНХАУ-ын Гуанжоу хот дахь 450 гаруй ажилтантай Консулын газрын даргаар ажиллаж байв. Анх 1989 онд Югославын Белград хот дахь Элчин Сайдын Яаманд ажилласнаар дипломат ажлын гараагаа эхэлсэн тэрбээр хятад, франц, испани, итали, серби-хорват хэлээр ярьдаг ажээ. Женнифер Зимдалл Галт нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Түүний нөхөр Фритц Галт хорь гаруй роман бичсэн, нэртэй зохиолч хүн аж. Тагнуул, адал явдлын сэдвээр голчлон бичдэг бөгөөд зохиолынх нь үйл явдал ихэвчлэн гэргий Женнифер Галтынх нь ажиллаж байсан улсуудаар өрнөдөг нь санамсаргүй тохиолдол биш юм. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Булгаагийн Алтангэрэл, АНУ-аас Монголд сууж байсан элчин сайдууд болох Марк Минтон, Жонатон Аддлтон, Памела Слуц болон албаны бусад хүмүүс оролцов. Женнифер Зимдалл Галт есдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсыг зорьж, албандаа орно.

“Пирамидын цом” хөлбөмбөгийн тэмцээн

АНУ-ын Вашингтон хотноо “Пирамидын цом” Монгол туургатны хөлбөмбөгийн тэмцээн болов. “Пирамидын цом” гэж нэрийдсэний учир нь тус тэмцээнийг АНУ-д монголчуудын үүсгэн байгуулсан “Пирамид Гранит” компани зохион байгуулдагт оршино. Монгол туургатны тэмцээн болтлоо өргөжсөн спортын баярт Монгол Улсаас гадна Буриад, Халимагийн баг тамирчид оролцон өрсөлдлөө. Хоёр өдөр тэмцэлдсэний эцэст зохион байгуулагч “Пирамид” баг аварга болж, Буриадын “Хара морин” мөнгө, Мон Юнайтед баг хүрэл медаль хүртлээ.

Хүрэл медальт Мон Юнайтед баг

Америкийн кино театрт анх удаа монгол кино

Найман сард Виржиниа мужийн Фоллс Чөрч хот дахь “Анжелика” хэмээх кино театр “Ар хударга” киног албан ёсоор гаргалаа. Өмнө нь Монгол Улсын уран бүтээлчдийн хийсэн баримтат кинонууд Үндэсний Газарзүйн Хүрээлэн, бусад албан газрын кино танхимд болон төрөл бүрийн кино наадмын хүрээнд гарч байсан бол энэ удаад Америкийн олон нийтийн кино театрт, бүрэн хэмжээний уран сайхны кино анх удаа гарснаараа онцлог байв. 150 суудалтай танхимд нийт дөрвөн өдөр (өдөрт нэг удаа) гарснаас дүгнэхэд Вашингтон хот орчмын 600 шахам үзэгч “Ар хударга” киног үзсэн байна. Киноны нээлтэд зохиогч, продюсер Дашдоржийн Болдбаатар оролцлоо.

Америкийн монголчууд чөлөөт бөхчүүдээ дэмжив

Америкийн монголчуудын ДАШТ-д монголчуудаа дэмжиж хийлгэсэн футболка

Чөлөөт бөхийн ДАШТ есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Лас Вегас хотноо болсон билээ. Чөлөөт бөхчүүдээ хөгжөөн дэмжихээр АНУ-ын өнцөг булан бүрээс монголчууд Лас Вегаст очлоо. Цэнгэлдэх хүрээлэнд хаа сайгүй Монгол улсын далбаа намирч, С.Батцэцэгийг алтан медалийн тавцан дээр зогсоход заал тэр чигээрээ Монгол Улсын Төрийн дууллыг даган дуулсан юм. Америкийн монголчууд мөн тэмцээнд болон тамирчдадаа зориулан тусгай футболка хийлгэж иржээ. Харь улсад болж буй тэмцээн дээр зочин багийнхан хөгжөөн дэмжигчгүйгээсээ болж сэтгэл санааны хувьд өрсөлдөгчөөсөө дутуувтар байдаг нь ямар ч спортын бичигдээгүй хууль. Тэгвэл энэ удаад Америкийн монголчууд баг тамирчдаа тийм байдалд оруулсангүй. Тэр нь ч бас багийн өндөр амжилтад зохих хэмжээгээр нөлөөлсөн буй заа.

“Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь сурвалжлагч

М. САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Хүү маань бэлгэтэй сайн өдөр аавынхаа гар дээр ирсэнд баяртай байгаа

Энэ сарын
16-ны өглөө Маршалын гүүрэн дээр нэгэн эх машинд амаржиж нөхөр нь хүүгээ эх
барьж авсан явдал гарсан. Хүүгээ өөрөө эх барьж авсан Ц.Хатанбаатартай
ярилцлаа.

-Та өөрийгөө
болон гэр бүлийнхнийгээ танил­цуулахгүй юу?

-Би хотод төрж,
өссөн. Аав, ээжээрээ яривал Өмнөговь аймгийн харьяалалтай хүн дээ. “М-Ойл”
группын санхүүгийн албанд менежер хийж байна. Эхнэрийг маань Дархижав гэдэг.
МУИС-ийг санхүү нягтлан бодох чиглэлээр төгссөн хүн бий. Өмнө нь “Хас” банкинд
хамт ажиллаж байхдаа эхнэртэйгээ танилцаж байлаа. Тэгээд 2009 онд гэр бүл
болсон. Өнгөрсөн хугацаанд гурван хүүтэй боллоо. Том хүү Тэмүүлэн маань
нэгдүгээр анги, дунд хүү Хантүшиг цэцэрлэгийн ахлах бүлэгт суралцдаг. Танай
сониноор дамжуулаад эхнэртээ маш их баярлалаа гэж хэлье дээ. Сайхан гурван хүү
төрүүлж өглөө.

-Яаж яваад
эхнэр тань Маршалын гүүрэн дээр амаржчихав аа?

-Манайх
Улаанбаатар сувиллын хажууд байдаг. Урд өдөр нь эход харуулахад хүүхэд арай
доошлоогүй байна, төрөх болоогүй, арваад хоног дутуу гэж байсан. Тэр өдөр эхнэр
өвдөөд “Өчигдөр баахан гадуур явчихсан болохоор базалж өвдөж байх шиг байна”
гэж байлаа. Төрөх гээд өвдөж байна гэж санаагүй юм билээ. Тэгээд жаахан тайван
хандсан. Сүүлдээ өвдөлт нь ихэсч 103-т дуудлага өгсөн л дөө. Түргэн тусламжийнхан
“Буянт-Ухаад явж байна энэ дуудлагыг авчихаад очъё” гэсэн. Манай машин явдаггүй
өдөр байсан. Тэгээд одоо яахав дээ машинаа асаагаад гарсан даа. Түрүү долоо
хоногт Европын хамтын ажиллагааны олон улсын хурал боллоо шүү дээ. Тэр хурлаас
болоод зам хаачихсан. Гэрээсээ гараад л таг бөглөрчихсөн. Төв замаар болохгүй
юм байна гээд аваарын гэрлээ асааж хашлаганы наагуур цаагуур явж байгаад
Зайсангийн урдуур тойрсон. Ингээд Маршалын гүүрэн дээр ирэхэд манай хүн төрсөн
л дөө.

-Хоёулаа л
яваад байсан уу?

-Тийм ээ. Гэхдээ
103-ынхан дундуур нь утасдаад одоо яаж байна гээд байсан л даа. Тэд Нисэхээс
ирэх болохоор нэлээд зайтай байсан. Тэгээд л би өөрөө эх барьж авсан. Замаа
чөлөөлж ч зогсоогүй. Явж байгаад аваараа асаагаад зогссон. Цагаа тулахаар
хүүхэд эх бариад авчихдаг л юм байна. Би санхүүгийн мэргэжилтэй. Эмнэлгээс хол
хүн шүү дээ. Харин төрснөөс нь хойш 10 минут орчмын дараа түргэн тусламж хурдан
ирсэн шүү.

-Эмнэлгийн
хэрэгсэл байсан байжээ?

-Төрөх гэж явсан
болохоор ариун цэврийн хэрэглэлээс эхлээд байсан л даа. Хүүхдийн өлгийгөө
аваагүй байсан. Монголчууд чинь төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэж ярилцдаг шүү
дээ. Төрсний дараа нь хүүхдэдээ өлгий авъя гэж бодоод явсан хэрэг. Тэгээд
хүүгээ ор хөнжлийн даавуунд өлгийдөөд эхнэрийн хэвлий дээр тавьчихсан. Харин
түргэн тусламж удалгүй ирж хүйг нь тасалсан. Нэлээд ч сандарсан. Яалт ч үгүй л
зам дээр төрж таарсан даа. Азаар ямар нэгэн хүндрэл гараагүй. Хэрвээ машин
дотор янз бүрийн юм болбол хэцүү шүү дээ.

-Хүүдээ нэр
хайрласан уу?

-Одоогоор
амжаагүй байна. Ирэх долоо хоногт нэр өгнө дөө. Эх, хүүхдийн бие сайн байгаа.
Өглөө 8:30 цагийн алдад төрсөн болохоор жаахан даарсан. Ажлын цагтай
давхацчихаар зам бүр айхтар түгжирчихсэн хэрэг. Нэгдүгээр төрөх дээр очоод
маргааш нь манай хоёр эмнэлгээс гарсан. Ингээд эхнэр маань дархан бэр
болчихлоо. Тэр өдөр бас намрын дунд сарын шинийн гурван гээд хурим найр их
болсон сайн өдөр байсан юм билээ. Тийм өдөр аавынхаа гар дээр ирсэнд нь их
бэлгэшээж байгаа.

-Эмч нар юу
гэж байна?

-Ийм тохиолдол
гардаг юм биш үү. Гэхдээ хотод төв суурин газар машин дотор төрнө гэдэг ховор
байх. 103-т буруу юм байхгүй л дээ. Үнэхээр ажлын ачаалал их, машины хүрэлцээ
багатай юм шиг байна лээ. Харин ч хойноос утасдсаар байгаад ирж хүйг нь
тасалсан. Хүйг нь таслалгүй, эхэс нь гарахгүй удвал амь насанд нь ч аюултай юм
билээ.

-Ар гэрийнхэн
нь юу гэж байна?

-Эгч дүүсдээ
загнуулсан. Яасан баларсан юм та хоёр хүнээ боддоггүй юм уу гээд.

-Даавууны
долоо хоногоо аваагүй юм уу?

-Тэгж байгаад
авна даа. Бид хоёр хоорондоо шууд авах уу, хэсэг байж байгаад авах уу гээд ярилцаад
байна. Хоёр ээж хэд хоногтоо байгаа болохоор гайгүй байх.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ нийгэм

Хадгаламжийн хүүгээс татвар авах нь цаг үеэ олсон зохицуулалт мөн үү?

Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдээс хүүгийн татвар авч эхэлнэ. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зарим хэсэг, заалтад нь энэ тухай нэмж оруулсан ч тухайн үед УИХ-ын гишүүд энэ зохицуулалтыг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хойшлуулах хүсэлт гаргаад байсан билээ.

Хуулийг хэлэлцэх үед зарим гишүүд энэ заалтыг эсэргүүцэж “Эхлээд монголчууд маань мөнгөө хадгалуулаад сураг. Дараа нь ийм зохицуулалт хийе”, “Цөөн тооны их хадгаламжтай харилцагчдаас татвар аваад эхэлбэл тэд мөнгөө банкнаас татаж банкны үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байсан юм.

Манай улсын хувьд нийт хадгаламж эзэмшигчдийн гуравхан хувь нь л 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай. Хэрэв ийм хууль хэрэгжиж эхэлбэл 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд хүүгээсээ 10 хувийн татвар төлнө.

Хууль санаачлагчид их хэмжээний хадгаламжтай иргэдээс татвар авах нь тэдэнд ямар нэг хүндрэл учруулахгүй гэж үзэж, татварын энэ шинэчлэл нь эргээд банкуудыг урт хугацааны нөөцтэй байлгах боломж бүрдэнэ гэж тайлбарлаж байгаа. Харин банкуудын хувьд нөхцөл байдал хүндэрч эхэлнэ. Ялангуяа эдийн засаг хумигдаж, хямралтай тэмцэлдэж байгаа энэ үед ийм маягаар их хэмжээний хадгаламжтай иргэдийнхээ халаасыг тэмтрэх нь туйлын буруу гэдэгтэй эдийн засагчид санал нэгджээ. Угтаа ийм зохицуулалтыг эдийн засаг тэлсэн үед хэрэгжүүлдэг гадны туршлага байдаг ч манайд үнэндээ цагаа олоогүй бололтой. Хэрэв ийм хуультай болчихвол 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд мөнгөө хувааж, өөр банкинд байршуулах, эсвэл гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр хуваан банкинд хадгалах зэргээр аль болох татвар өгөхгүй байх аргаа олно. Мөн үүнийг дагаад мөнгө хүүлэгчид гарч ирж элдэв гэмт хэргийн гаралтыг нэмэх аюултай. Өндөр хүүтэй гэдгээр нь ББСБ-уудад ч данс нээлгэх гарц бий. Түүнчлэн төгрөгөө валют руу шилжүүлээд гадны банкуудад ч хадгалуулна.

Монгол Улсын хувьд 1990-ээд оны дундуур ийм хуулийн зохицуулалт хийсэн нь банкны салбарыг унагаж ББСБ-уудыг борооны дараах мөөг шиг олшроход нөлөөлсөн гэж үздэг.

УИХ-ын гишүүдийн дунд “Хэдхэн хүнд Монголын хөрөнгө мөнгө төвлөрчихсөн байгаа. Тэднээс л татвар авах гэж байна гэж ойлгож болно” гэсэн байр суурьтай нь бий. Харин үүнийг хүнийг хөрөнгө мөнгөөр нь гадуурхаж, Үндсэн хуулийг зөрчсөн ноцтой явдал гэж үзэгчид байна.

Онолын хувьд эдийн засгийн тэлэлтийн үед уг татварыг авч болно гэдэг ч манай эдийн засгийн төлөвийг ажиглахад хямрал гүнзгийрвэл энэ татвараас болж банкнаас мөнгө их хэмжээгээр гадагшлах хандлагатай. Манай банкнуудын хувьд системийн тогтолцоо нь арван жилийн өмнөхтэй харьцуулбал харьцангуй найдвартай, тогтвортой болсон болохоор хүүгийн татвараас болоод хүчтэй ганхахгүй байх магадлалтай юм. Орлого олсон бол Орлогын албан татвар төлөх ёстой. Хадгаламжийн хүү гэдэг нь орлогын нэг төрөл учраас яалт ч үгүй татвар өгөх хэрэгтэй болно. Хэрэв үнэхээр ийм зохицуулалт хийгдээд их хэмжээний төгрөгийн хадгаламжтай иргэд банкнаас мөнгөө татаж эхэлбэл тэдэнд өөр нэг гарц бий. Тэр нь үнэт цаасны зах зээл рүү орох, хувьцаа худалдан авах. Энэ хувилбарыг зарим эдийн засгийн шинжээчид их хэмжээний хадгаламжтай иргэдэд санал болгож байгаа аж. Иргэд болоод эдийн засагчдын зүгээс гарч буй үзэл бодол, тайлбар ерөнхийдөө иймэрхүү байгаа юм. Харин банкны диллер, ажилтнуудаас энэ талаар тодруулахад “Яг ийм хуулийн талаар тодорхой уншиж судалсан зүйл алга. Бусад хүмүүстэй л адил мэдээлэлтэй байна. Хэрвээ их хэмжээний хадгаламжтай иргэдийн хүүнээс татвар аваад эхэлбэл банкны хувьд алдагдалд орох магадлалтай. Хадгаламж гэдэг чинь иргэдэд зээл болж очдог мөнгө шүү дээ. Энгийнээр ингээд ойлгох хэрэгтэй. Тэгэхээр банкнуудын хувьд зээл олгох чадамжаа тодорхой хувиар алдана. Одоогоор ийм зүйл болбол банкны салбар хүлээж авах чадамжгүй. Тухайн иргэн мөнгөө банкнаас татаад гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр өөр банкуудад данс нээлгэж байршуулбал бас алдагдалтай. Хадгаламжийн хэмжээ өндөр байх тусмаа хүртэх хүүгийн хэмжээ ихэсдэг. Ингэхээр энэ зохицуулалт ямартай ч эдийн засаг хямарчихсан байгаа үед тохиромжгүй, цаг үеэ олоогүй явдал болох байх. Гэхдээ яг ямар нэртэй хууль, зүйл заалт ингэж яригдаад байгааг сайн мэдэхгүй юм. Энэ талаар сайн мэдээлэл байхгүй байна” гэсэн нийтлэг хариулт өгч байлаа.

Д.САРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Гончигдорж: Хуулийн дөрвөн заалтыг хамтатган хэрэглээд өршөөлийн ажлыг шууд зохион байгуулах боломжтой

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой ярилцлаа.

-УИХ хоригийг хүлээж авсан. Одоо ээлжит чуулганаар нэмэлт, өөрчлөлт
оруулна. Өршөөлийн хуулийг яг ямар түвшинд хэрэглэгдэж байгаа гэж ойлгож
болохоор байна вэ?

-Өршөөлийн хууль одоогийн шатандаа бол хүчин төгөлдөр. Хүчин төгөлдөр
хууль үйлчлээд өршөөлийн ажлыг зохион байгуулах комисс ажиллаж байгаа. Энэ
хуулийг байхгүй болчихсон эсвэл завсрын гэж ойлгож болохгүй. Ерөнхийлөгчийн
тавьсан хоригийн дагуу хоёр заалт нь хасагдаж үлдсэн заалтууд нь хүчин төгөлдөр
үйлчилж байна гэсэн үг. Харин яаж хэрэглэх вэ гэдэг дээр процессийн хувьд
өршөөлийг зохион байгуулж байгаа болон өршөөлийн ажиллагааны зохих шийдвэрийг
бүрэн эрхийнхээ дагуу гаргах шүүх бүрэлдэхүүн асуудалтай тулгарч болно. Тийм
бол тодорхойгүй байдлыг нь тодотгож өгөх боломжтой байгаа. Ээлжит бус чуулганы
хуралдаан өндөрлөхөд энэ байр сууриа ч илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл
Ерөнхийлөгчийн хоригийг хуулийн дагуу хэлэлцсэн, эцэслэн шийдвэрлэсэн. Хориг
хүлээж авсантай холбогдуулаад оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал үүгээр
дууссан. Тиймээс энэ хуулийг хэрэглэхэд боломж хязгаарлагдмал асуудлууд байвал
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж болно гэсэн үг. Байнгын
хорооны хуралдаан дээр ийм асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон ч ирц бүрдээгүй.
Ирц бүрдээгүйг гишүүдийн залхуу, хойрго байдлаас болоогүй гэж би үзэж байгаа.
Яагаад гэвэл гишүүдийг энэ асуудалд ямар нэгэн саналтайгаар ороход нөлөөлөх,
улс төрийн дарамтыг бий болгочихлоо. Үүнийгээ дэмжээд явъя гэсэн нэг хэсэг нь
авлигыг дэмжигчид болж байгаа бол эсэргүүцсэн хэсэг нь авлигатай тэмцэгч мэт
харагдана. Ухаандаа Миеэгомбын Энхболд авлигатай цогтой тэмцэгч болж би
авлигачдыг өөгшүүлэгч болж таарч байна. Нийгэмд яг л ингэж орчуулагдан хүрч
байгаа. Ийм улс төрийн шахалт, дарамтаар дарамтлаад байхаар УИХ-ын гишүүд
УИХ-ынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлж өөрийнхөө итгэл үнэмшлээр, өөрийнхөө үзэл
бодлоор оролцох боломжууд маш ихээр хязгаарлагдаж байгаагийн нэг илэрхийлэл нь
байнгын хорооны ирц бүрдээгүй асуудал. Гэхдээ байнгын хорооны ирц бүрдээгүй,
байнгын хороо энэ асуудлыг УИХ руу оруулж ирээгүй гэдэг нь хоригийг эцэслэн
шийдвэрлэх асуудалд ямар ч талаараа саад болоогүй. Тийм учраас хориг эцэслэн
шийдвэрлэгдсэн.

-Хуулийг одоо байгаагаар нь хэрэглэж болох нь ээ. УИХ заавал нэмэлт
өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн үг үү?

-Энэ хуулийг гаргахдаа өршөөлд хамааруулахгүй хүмүүс гээд есдүгээр
зүйлээрээ заагаад өгчихсөн. Үлдсэн хэрэг нь өршөөлд хамрагдах учиртай.
Тавдугаар зүйлээрээ өршөөн хасах асуудал нь шийдэгдэнэ. Одоо үлдсэн хүмүүс нь
яах юм гэдэг л асуудал байгаа. Яаж, ямар хэлбэрээр өршөөгдөх юм. Ямар
процедураар гээд эхлэхээр асуудлууд гарч болзошгүй. Түүнээс биш өршөөлд
хамаарах, өршөөгдөх нь ойлгомжтой зүйл. Тэгэхээр шүүгчид болон бусад хүмүүс
Өршөөлийн хуулийн 10.10 дахь заалт (Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ялтангуудыг
энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээшлүүлсэн байдлаар нэг удаа өршөөлд
хамааруулна) гэж заасныг хэрэглэх байх. Эрх зүйн байдлыг нь дээшлүүлсэн хэлбэр
гэдэг бол анхны 4.1-ийн үзэл санаа буюу бүрэн өршөөлд хамааруулах тухай
асуудал. Бүрэн өршөөлд хамааруулсугай гэж шууд заасан заалт байхгүйгээс
процессийн хувьд бэрхшээл үүсч магадгүй учраас УИХ-ын ээлжит бус чуулганы
төгсгөлд нэмэлт өөрчлөлт оруулахыг хичээсэн. Тоогоор ишилсэн нь тав, есдүгээр
зүйл дээр хориг тавьж байгаа юм шиг ойлголт руу оруулчихаж. Ер нь тав, есдүгээр
зүйл нь өөрийнхөө харилцааг бүрэн зохицуулчихсан учраас үлдсэн зохицуулалт
дөрөвдүгээр зүйлээр хийгдэж байна гэдэг агуулга руу нь оруулаад өршөөлд
хамааруулахгүй болон хасан өршөөхөөс бусад хэргүүд нь бүрэн өршөөгдөх болж
байгаа. Хууль эрх зүйн ийм зохицуулалтыг нь үүсгээд өгчихсөн. Одоо Үндсэн
хуулийн Цэцийн маргаан гарлаа ч гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмаараа хуульд
дордуулсан заалт оруулж болохгүй. Нэг үгээр хэлбэл өршөөлд хамааруулна гэснийг
нэмэлт оруулаад өршөөлд хамааруулахгүй гэсэн шийдэл гаргах боломжгүй. Яагаад
гэвэл болоод өнгөрсөн хэргүүд дээр яригдаж байгаа. 2015 оны долдугаар сарын
2-ны 24 цагаас өмнө болоод өнгөрсөн зүйл дээр хүчин төгөлдөр үйлчлэх хуулийг
дордуулсан хэлбэрээр гаргаж болохгүй. Тэгвэл Үндсэн хуулийн суурь зарчмыг
алдагдуулна. Ер нь Өршөөлийн хууль гэдэг бол Эрүүгийн болон Эрүүгийн байцаан
шийтгэх хуулийг үл хэрэглэж өршөөл үзүүлэх хууль. Бүр тодруулж хэлбэл Эрүүгийн
болоод Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг давж үйлчилнэ гэж гаргаж ирсэн юм. Тийм
учраас одоо олон түмнийг талцуулж, санаа сэтгэлийг нь хоёрдуулахаа больсон нь
дээр. Тэр асуудал дууссан. Зөвхөн тавдугаар зүйлд нэмэлт оруулъя, анх удаа
хэрэг хийсэн улсуудыг өршөөлд хамааруулахгүйгээр оруулчихаж, хоёр жил хасъя гэж
Ерөнхийлөгчийн санаан дотор явсан. Түүнийг ярьж болно. Эрх зүйг нь дээрдүүлсэн
байдлаар задалж ярих юм бол аливаа хуулиар хориглогдож, хязгаарлагдахгүй.

-Өршөөлийн хууль гарсан ч хүмүүс хоригдож эрх нь зөрчигдөж байна гээд
байгаа. Суллах ажиллагаа явагдаад эхэлчихсэн үү. Өршөөлийн хууль хэрэгжсэн байх
ёстой хугацаа гэж байна уу?

-Үндсэн хуулийн гол асуудал энэ. Үндсэн хуулийн хүний эрхийн хэсэг дээр
хэнийг ч хууль бусаар хорьж цагдаж болохгүй гэж заасан. УИХ Өршөөл үзүүлэх
хуулиа баталж, тогтоол гаргасан. Аравдугаар сарын 5-ны дотор УИХ-д танилцуулна
гэж. Бүрэн дуусга гэсэн агуулгыг ямар ч байлаа гэсэн энэ тогтоолд оруулж
аравдугаар сарын 5-ны дотор өршөөгдөх нь өршөөгдөж, өршөөн хасагдах нь өршөөн
хасагдаад асуудал дуусах ёстой гэсэн ойлголт байгаа юм. Тийм учраас үлдсэн
хугацаа нь хасагдах юм уу бүрэн чөлөөлөгдөх хүмүүс хорих газарт хоригдохгүй
байх эрхээ эдлэх ёстой ч хоригдвол Үндсэн хуулийн том зөрчил рүү орно. Бидний
хүний эрхийг нь нэгдүгээрт тавьчихъя, бусад асуудал нь хоёр, гуравдугаар зүйл
гэж яриад байсан нь үүнтэй ч холбоотой. Хориг нэлээд хугацаанд хойшлуулчихлаа.
Хориг авсантай холбогдож хасагдсан хоёр заалт бол процессийн ойлгомжгүй байдлыг
үүсгэсэн байж болно. Түүнээс биш агуулгын хувьд ойлгомжгүй байдал үүсгээгүй.
Тод хэлье, энэ хуулийн агуулгын үзэл санаанд ямар ч өөрчлөлт ороогүй.
Тодорхойгүй байдалд орсон бол өршөөл үзүүлэх комиссынхон энэ энэ зүйлүүдийг УИХ
тодотгох шаардлага байна гээд оруулаад ирэх хэрэгтэй. Тэгээд хууль санаачлах
эрхээрээ УИХ-ын гишүүд хэлэлцээд явах боломжтой.

Бид энд цаг алдах биш тэнд хүмүүсийг нэг хоног ч болов хоригдохгүй байх
боломжийг бүрдүүлэх ёстой. Бидний үүрэг тэр. Өршөөх ажиллагаа тасралтгүй,
богино хугацаанд явагдах ёстой.

-Хуульд өөрчлөлт оруулах таны санал ажлын хэсгээс дэмжигдэж байнгын
хороон дээр ирчихээд байгаа. Гэтэл таны гаргасан санал хоригийг хүлээж авсан
аваагүй ямар ч ялгаагүй болгочихлоо гэх шүүмжлэл гарах болсон?

-Хоригийг хүлээж авсан аваагүй ялгаагүй болгочихоод байгаа юм биш. Хориг
яагаад буруу тавигдах байдал руу орчихсон юм бэ гэдэг л байхгүй юу. Өөрөөр
хэлбэл тав, ес дээрээ шууд хориг тавихын оронд өөр байдлаар явсан. Тийм
болохоор “Ерөнхийлөгч хориг тавихдаа энэ заалтуудыг тэгж ойлгоод хориглосон юм
бол тийм биш шүү” гэдгээр нь засч байгаа юм. Энэ заалт тэгж ойлгогдохгүй, энэ
заалт ингэж ойлгогдоно гэдгээр нь зассан гэсэн үг. Тэс өөр зүйл л дээ. Анхнаасаа
хоригийг тав, есдүгээр заалтад тавьсан бол хэтэрхий ойлгомжтой байх байсан.
Тэгэхээр өнгөн засал хийсэн юм шиг гэж ойлгож ярьж байгаа нь энэ хуулийг өнгөц
ойлгосон хүмүүсийн үг. Ийм байдлаар хоригийн томъёоллыг тавьж Ерөнхийлөгчийн
хүсэл санааг гүйцэлдүүлэх боломжийг хязгаарлаж, хориг хэлэлцэхдээ талцуулаад,
гишүүдийг чөлөөтэй саналаа өгөх боломжгүйд хүргэж, улс төрийн намуудыг ч
шударга, шударга бишээр нь уралдуулж хуурамч нүүр царай гаргуулах байдал руу
орчихож. Өршөөлийн хууль бол улс төрийн харилцаа биш. Хуулийг улс төр болгож
талцлыг эхлүүлсэн МАН-д харамсч байна. Тэнд томоохон эрх зүйчид байдаг. Ингэж
эхлэх ёсгүй байсан. Улс төрийн харилцаагаар биш эрх зүйн энэрэнгүй ёсны
харилцаагаар ярьдаг зүйлийг хоёр лагерт хуваачихаад байна.

-Ерөнхийлөгч авлига, албан тушаалын хэргийг өршөөхгүй гэсэн ч нэмэлт
өөрчлөлт оруулчихвал өршөөгдөх юм биш үү?

-Хүчин төгөлдөр байдалд өөрчлөлт оруулаагүй. Өршөөнө гэсэн заалт нь
хүчин төгөлдөр байгаа юм чинь яах юм. Би биш ш дээ. Надтай, хоригтой
хамааралгүйгээр үүнийг УИХ оролцсон гишүүдийнхээ 80-н хэдэн хувиар баталж хүчин
төгөлдөр болгоод өгчихсөн юм. Дахин хэлье хууль батлагдаж гараад л Ерөнхийлөгч
бид хоёроос хамааралгүй болчихсон юм. Дөрөв, долдугаар зүйл түдгэлзэж бусад нь
хүчин төгөлдөр үйлчилсэн байхгүй юу даа. Хэн ч түүнийг хөндөөгүй асуудал.

-Дахин хориг тавина гэх яриа бас гарч байгаа?

-Үүнийг мэдэхгүй. Нэг тавьсан зүйл дээрээ дахин хориг тавихгүй нь
ойлгомжтой. Яагаад гэвэл УИХ хоригийг нь хүлээж авах хэмжээндээ хүлээж авсан.
Хориг тавьсан заалтууд дээр нь хүлээгээд авчихсан байна. Үүнээс цаашилж хориг
тавиагүй зүйл дээр нь хамааруулж хүлээж авахгүй. Угаасаа хуульд бий. Хориг тавьсан хоёр
заалтын үйлчилгээ нь түр зогсоно гэж. Бусад нь хүчин төгөлдрөөр үргэлжилнэ. Ес,
тавдугаар зүйл нь үргэлжлээд явчихсан. Хориг тавиагүй байхад яаж тодорхой зүйл
нэмж эрх зүйн байдлыг дордуулах юм. Тавдугаар зүйл дээр нь эрх зүйн байдал нь
дээрдэх юм гэж нэмэлт оруулж болно. Гэхдээ энэ нь хориг тавьсантай
холбоогүйгээр л явах ёстой. Энэ асуудлыг одоо ч ярихад нээлттэй байгаа. Ийм
байхад олон улсын нэгдэн орсон гэрээ конвенци зөрчигдсөн гэх мэтээр асуудал
яриад эхэлж. Тэгвэл олон улсын гэрээ хэлэлцээрт нэгэнт хүчин төгөлдөр болчихсон
хуулийн эрх зүйн байдлыг дордуулах байдлаар хуульчилж болохгүй гэсэн заалт бий
шүү. Тийм учраас асуудал эцсийн бүлэгтээ тодорхой байдалтай байгаа боловчиг
тодорхойгүй байдлаар сунжруулж улс төрийн шинжтэй хожоо олох гэсэн үйл хөдлөл
байна. Магадгүй тойруу эрх ашгаа хадгалах гэж оролдсон оролдлогууд ч байх шиг.
Энэ бүхнийг туулаад гарчихна гэж бодож байгаа.

-Хуулийг яаралтай хэрэгжүүлж, хүлээлтийг хурдан шийдвэрлэх ямар боломж
байгаа вэ?

-Миний санаагаар бол эрх зүйн хувьд Өршөөлийн хуулийн есдүгээр зүйл,
тавдугаар зүйл, 10.10 дугаар заалт, нэгийн нэг дэх хэсгийг хэрэглээд өршөөн
хамаарахгүй болон өршөөн хасахаас бусад гэмт хэргүүд бүрэн чөлөөлөгдөнө гэсэн
дүгнэлтээр өршөөлийн ажлыг шууд зохион байгуулах боломжтой. Энэ дөрвөн заалтыг
хамтатган хэрэглэхэд 4.1-ийг хуучнаараа байсантай адилаар өршөөлийн ажлыг
зохион байгуулах боломжтой гэсэн үг.

-Тэгвэл Ц.Нямдорж гишүүн ямар үндэслэлээр нэг ч хүн суллагдахгүй гэж
ярьсан юм бол?

-Тийм зүйл байхгүй. Өршөөлийг өмнө нь комисс хийдэг байсан бол одоо шүүх
шийднэ. Шүүх шийдэхээр өөрийнхөө хэрэглэдэг тэгсүгэй, ингэсүгэй гэсэн хэллэг нь
алга гээд байгаа хэрэг. Харин энэ дөрвөн заалтыг хэрэглэхээр бүтэн өршөөсүгэй
гэдэг хуулийн үзэл санаа нь гарч ирж байгаа юм. Тэгээд ч Өршөөлийн хууль бол
Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа давж үйлчлэхээр гарсан. Яг ийм
маргааныг 2008 оны Татварын өршөөлийн хууль дээр гаргаж байсан. Саяын миний
хэлснийг үндэслээд Нямдоржийн үгийг тоолгүйгээр цаашаа явж байсан удаатай. Тэр
үед бас л үүнийгээ хэлж байсан юм.

-Ер нь Өршөөлийн хуульд нэмэлтийг хийх боломж байсан ч АТГ-ынхнаас
болоод асуудал ахиад удаашрах шиг болсон?

-АТГ бол энэ хууль дээр сонирхлын зөрчилтэй. Яагаад гэвэл АТГ хэрэг
мөрдөж, мөрдөн байцаадаг. Тэр авлига, албан тушаалын болон бусад хэргүүдийг
өршөөлд хамааруулахаар УИХ хуулиа тогтоочихсон. Тэр үүднээсээ АТГ сонирхлын
эерэг болоод сөрөг гэсэн хоёр зөрчилтэй.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авч, хариуг нь цахимаар өгдөг боллоо

Эрүүл мэнд, спортын яамнаас 2015 оныг “Анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж,чанарыг сайжруулах” жил болгон зарласан . Анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулж, дээд шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулж, эрүүл мэндийн цогц үйлчилгээг ард иргэддээ хүргэхээр зориж байна.

Иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө авч шаардлагатай шинжилгээнүүдийг өгөх боломж бүрдэж эхлээд байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпараци хооронд хамтран ажиллах санамж бичиг, эрүүл мэндийн хөтөлбөрийн гэрээнд өнгөрсөн оны 11 дүгээр сард гарын үсэг зурсанаар “Иргэний эрүүл мэндийг сайжруулах” төслийн ажлууд шат дараатай хэрэгжиж эхлээд байгаа нь энэ юм.

Энэ хүрээнд Руйсанса корпарациас буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж байгаа 1,2 тэр бум төгрөгийн үнэ бүхий шээсний орчин үеийн хурдавчилсан оношлуур, тоног төхөөрөмжөөр Өрхийн эрүүл мэндийг төвүүдийг хангаж эхэллээ.

Энэхүү шээсний орчин үеийн хурдавчилсан оношлуур,тоног төхөөрөмж нь шээсний шинжилгээгээр дамжуулан 10 гаруй үзүүлэлтээр хариуг багцалж, цахим системээр дамжуулан хувь хүний эрүүл мэндийн өөрчлөлтийг мэдээлснээр аливаа өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжоор хангах ба улмаар иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхэд ихээхэн түлхэц болох юм.

Шээсний орчин үеийн хурдавчилсан оношлуур,тоног төхөөрөмжийг ашиглах, унших сургалтыг нийслэлийн 140 гаруй Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтэнүүдэд үе шаттайгаар зохион байгуулж өнөөдөр оношлуур,тоног төхөөрөмж болоод сургалтад хамрагдсан эмч мэргэжилтэнүүдэд гэрчилгээг нь гардуулах арга хэмжээ боллоо.

Энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хэлэхдээ “ЭМСЯ-ны зүгээс өрх, сумын эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, сумын эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса Корпараци хоорондын хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шээсний орчин үеийн хурдавчилсан оношлуур,тоног төхөөрөмжөөр хангаж байгаа нь бидний зорилтын нэг алхам болж байна” гэлээ гэж ЭМСЯ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Цогт, Г.Маралмаа нарыг маргааш шүүнэ

Дөрвөн настай охиноо онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдсан шалгагдаж байгаа Т.Цогт болон Г.Маралмаа нарын шүүх хурал энэ сарын 17-нд болох ёстой байсан ч шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч М.Хувцагаан орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх шалтгаанаар хойшлогдсон. Шүүх хурал маргааш буюу энэ сарын 24нд болох юм. Өнгөрсөн тавдугаар сард Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон ч уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Нэмэлт мөрдөн байцаалтаар Т.Цогтыг бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэгт татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 гэсэн зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин шүүгчдэгч Г.Маралмаа нь одоогоор есөн сартай жирэмсэн бөгөөд хэзээ мөдгүй амаржихаар байгаа юм. Түүнийг Өршөөлийн хуульд хамрагдана гэсэн мэдээлэл байгаа ч үүнийг хуульчид няцааж байна.