Categories
мэдээ нийгэм

“Монгол төрийн их дуулал” эгшиглэж байна

Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэж эхэлсэн. Тэгвэл яг одоо Чингисийн талбайд “Монгол төрийн их дуулал” 261 найрал хөгжимчдийн тоглолт болж байна. Тоглолтонд үндэсний хувцасаараа гоёсон урлаг соёлын ажилтнууд XIII зууныг илтгэхүйц урлагийн тоглолтуудаа үзүүлж сонирхуулсан юм.

Өнөөдөр Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээ 17.00 цагт АНУ-ын хөгжмийн зохиолч Griffes Charles Tomlinson-ий “Хубилай сэцэн хааны цэнгэлийн ордон” симфони найрлын нээлтээр үргэлжилнэ. Соёлын төв өргөөнд болох симфони найрлын нээлтээр эсгий туургатны үндэсний хувцасны фестиваль болох аж.

Categories
мэдээ нийгэм

Уурхайн шороонд дарагдав

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан багийн “Цагаанцахир” гэдэг газар 30 настай эрэгтэй бичил уурхайн 20 метрийн гүнд шороонд дарагджээ. Энэ тухай дуудлагыг онцгойгийнхон есдүгээр сарын 21-ний 18.00 цагаас хойш эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Categories
мэдээ спорт

ДАШТ-д оролцох урилга ирүүлжээ

БНХАУ Шиняан хотноо болсон Ази тивийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт дөрвөн баг оролцож, эрэгтэй I шигшээ баг мөнгөн медаль хүртсэн байна. Уг тэмцээний шигшээд шалгарсан БНХАУ болон Монгол Улсын шигшээ багыг 2016 оны 10 дугаар сард урд хөршид болох 3х3-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох урилгыг ирүүлжээ. Ингэснээр Монголын сагсан бөмбөгчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохоор болж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цул-Улаан багийн иргэн 50 настай эрэгтэй энэ сарын 10-нд гэрээсээ гараад сураггүй болсон. Онцгойгийнхон энэ тухай дуудлагыг энэ сарын 16-нд авч, есөн алба хаагч, орон нутгийн 14 иргэнтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан билээ. Улмаар энэ сарын 20-ны өдөр ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрлийг зогсоожээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д мах экспотлох талаар хэлэлцэнэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ОХУ-ын айлчлалын хүрээнд махны экспортыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл тус асуудлаар өнөөдөр Хүнс, хөдөө ахуйн яаманд “ОХУ-д махны экспортыг нэмэгдүүлэх боломж, зах зээл” сэдэвт зөвлөлдөх уулзалт болох гэж байна. Та бүхэн ирж мэдээлэл авна уу. Тус зөвлөгөөнд: Сангийн сайд Б.Болор УИХ-ын гишүүн Тэрбишдавга Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-ын Монгол Улсад суугаа Бүрэн эрхэт элчин сайд И.К.Азиков Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Мэргэжлийн хяналтын газрын дарга Ш.Раднаасэд Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат болон бусад холбогдох албаны хүмүүс оролцоно. Мөн ОХУ-д мах экспортлох зөвшөөрөлтэй махны компанийн удирдлагууд оролцоно Зөвлөгөөн өнөөдөр 14.00 цагт эхлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Сурагчид үдийн цайнаасаа хорджээ

Мэргэжлийн хяналтийн байгууллагын ээлжит цахим хурлаар нийслэл, орон нутагт хийгдэж буй хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ болон бусад ажлын талаар мэдээлэл өглөө. Орон нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчлүүд цөөнгүй гарч байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох арга хэмжээг аван ажиллаж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Баянгол сумдад зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байсныг шалгаж, 7 нөхөрлөл, иргэдийн үйл ажиллагааг зогсоон, экологийн хохирол тооцож байна.

Архангай аймгийн МХГ, орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран Цэнхэр сумын Орхон багт шалгалт хийж, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайд үйл ажиллагаа явуулж байсан хоёр ААН-ийг талбайгаас гаргажээ. Алт олборлолтын явцад тогтоосон нууруудын далан хаалтыг сэргээж, шинээр дахин далан, хаалт барьж бохир усыг гадагш урсахаас сэргийлжээ. Түүнчлэн улсын байцаагчийн тавьсан шаардлагыг зөрчин, лац хөндөж үйл ажиллагаа явуулсан ААН-д 38.4 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэр дээр хууль бусаар алт олборлон, байгаль орчин бохирдуулж байсан зургаан ААН, 90 орчим иргэдийн үйл ажиллагааг аймгийн МХГ-аас таслан зогсоож, тэдгээрийн 100 гаруй техник, тоног төхөөрөмжийг албадан нүүлгэсэн аж.

Говь-Алтай аймгийн МХГ-аас ХЭҮК, БОНХАЖЯ-тай хамтарсан ажлын хэсэгт орж “Таян нуур”-ын төмрийн хүдрийн уурхайн үйл ажиллагаанд хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчны болон орчны эрүүл ахуйн чиглэлээр хяналт, шалгасан байна.

Архангай-Хархорин, Хархорин-Хужирт, Хархорин-Өгийнуур, Арвайхээр-Баянхонгор, Элсэнтасархай-Арвайхээр чиглэлийн авто замуудын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлдөг цэгүүдийн судалгааг хийжээ.

Дундговь аймгийн Мандал сургуулийн үдийн цайнаас сурагчид хордож, шинжилгээний хариугаар батлагдсан тул холбогдох хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн өргөдөл хүлээн авах хугацааг сунгалаа

Нийслэлийн иргэдэд цахим системээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, энэ сарын 09-нд дууссан бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн 27 дугаар хорооны байранд, Баянзүрх дүүрэгт сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Хан-Уул дүүрэгт сонгогдсон иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өргөдөл гаргаж баталгажуулж байгаа юм. Өргөдлийг энэ сарын 23 хүртэл хүлээн авч дуусах байсан ч ажлын 10 хоногоор сунгаж, 10 сарын 7-ны өдрийг хүртэл хүлээн авахаар боллоо. Нийслэлийн иргэд Та бүхэн газар өмчлөх өргөдлөө хугацаандаа багтаж баталгаажуулна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно

НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт Нью-Йорк хотноо энэ сарын 25-27-ны өдрүүдэд болно. Энэхүү дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм байна. Дээд хэмжээний уулзалтад 160 гаруй улс Төр, засгийн тэргүүн, 30 гаруй улс Гадаад хэргийн сайд нар оролцох аж. Уг Дээд хэмжээний уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах юм байна. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд 6 үндсэн сэдвээр өндөр түвшний хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 27-ны өдөр болох “Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Увсад ассан түймрийг цурманд оруулжээ

Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Хотлын дэнж” /сумаас 30 км/ гэдэг газар энэ сарын 19-нд ойн түймэр гарсан. Аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгаас 4 иргэн, нийт 14 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.09.20-ны өдрийн 21:15 цагт цурманд оруулсан. Цурман дотроо 2 голомттой, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ачааны машин суудлын тэрэгтэй мөргөлдөж хоёр хүн нас баржээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвш багийн нутагт Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн авто замд /аймгийн төвөөс 6 орчим км-т/ Гранд марк-2 загварын автомашин, Норд бенц загварын ачааны машинтай уржигдар шөнө мөргөлджээ. Ослын улмаас Дундговь аймгийн Луус сумын харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/, Ц /34 настай, эмэгтэй/ нар газар дээрээ нас барсан байна. Хэргийн газарт аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 7 албан хаагч, Цагдаагийн 13 албан хаагч,нийт 20 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.