Categories
мэдээ спорт

Японы 105 настай тамирчин дэлхийн шинэ дээд амжилт тогтоов

Өнгөрсөн лхагва гаригт Японы хурдан гүйгч
Хидекити Миязаки 100 метр зайд, 105-аас дээш насны ангилалд дэлхийн шинэ дээд
амжилт тогтоосон талаар “France-Guyane”-д мэдээлжээ. Дээрх зайг 42.22
секундэд туулсан тэрбээр гараан дээр хэдэн хором алджээ. Учир нь тэрээр гүйж
эхлэх дохио сонсоогүй байна. Миязаки 105 насныхаа маргааш өдөр ийнхүү амжилттай
гүйжээ.

Гүйлтийн дараа олимпийн зургаан удаагийн аварга
Усайн Болтын жишгээр тамирчин өвөөд “Алтан Болт” гэдэг хоч өгч, “Гиннесийн
амжилтын ном”-ын төлөөлөгчид дээд амжилтын батламжийг гардуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Цас орсонтой холбоотойгоор зарим нислэг хойшлогджээ

Өнөөдөр Улаанбаатар хотод цас орсонтой холбоотойгоор одоогоор дөрвөн нислэг хойшлогдоод байна. Тодруулбал, Берлин-Москвагийн нислэг хойшлогдон Улаанбаатарт 23.45 цагт буухаар болсон байна. Харин Хонконгийн нислэг 17.45, Ханбогдын нислэг 22.45 цаг хүртэл хойшлогджээ. Мөн Бээжингийн нислэг тус тус хойшлогдсон мэдээ байна.

Харин Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр салхи шуурга ширүүсээгүй, нойтон цас л орж байгаа учраас орон нутгийн зам хааж, тээврийн хэрэгсэл хязгаарласан зүйл байхгүй гэв.

Categories
мэдээ спорт

Хүүхдийн найрал дууны шалгаруулалт эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг “ шалгаруулах 23 дахь уралдааныг зарлалаа.

Тус уралдааныг 10 дугаар сарын 7-ноос 16 хүртэл хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд анхан шатны шалгаруулалтыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар 10 дугаар сарын 7, 8, 9-ний өдөр тусгай хуваарийн дагуу дүүрэгтээ зохион байгуулна. Дүүрэг тус бүр гурван хамтлагийг шалгаруулж, төгсгөлийн шатанд оролцуулах юм. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг Монголын хүүхдийн ордонд 10 сарын 16-нд зохион байгуулж, амжилттай оролцсон сургуулиудын сурагчид 10 дугаар сарын 29-нд болох нийслэлийн өдрийн хүндэтгэлийн тоглолтод оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Дархан аварга Д.Цэрэнтогтох агсанд зориулж хүрэл хөшөө босгоно

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга, чөлөөт бөхийн ази тивийн аварга Д.Цэрэнтогтох агсаны гэгээн дурсгалд зориулж нутгийн зон олон нь хөшөө босгохоор болжээ. Хөшөөний эх загвар гарсан бөгөөд тун удахгүй хөшөөг сүндэрлүүлэх аж. Хөшөөг хүрлээр цутгах бөгөөд уг үйл ажиллагаанд зориулан хандивын аян эхлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийд үнэлэгдсэн дүрслэхийн бүтээлүүд хотыг чимнэ

Нийслэлчүүд долоо хоног урлагаар тэр дундаа дүрслэх урлагаар амьсгалах нь ээ. Учир нь Улаанбаатар хотын 376 жилийн ой, Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд соёлын аялал жуулчлал, соёлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, олон нийтэд урлагийн боловсрол олгох зорилгоор “UB Art Fair-2015” арга хэмжээг энэ сарын 25-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Мөрөнгийн нисэх буудлыг Д.Гунгаагийн нэрэмжит болголоо

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудлыг Улсын баатар, гавьяат нисэгч Д.Гунгаагийн нэрэмжит болгож, түүний төрсөн нутаг Төмөрбулаг суманд хөшөөг нь босгосон байна.

Хөшөөний нээлтийн арга хэмжээ ирэх бямба гарагт болох юм байна. Д.Гунгаа нь Монголын анхны нисэгч бөгөөд нийтдээ 2 сая гаруй км агаарын замыг туулж, 12000 гаруй цаг агаарын хөлгөөр нислэг үйлдсэн Монголын анхдагч, манлайлагч, нисэгчдийн түүчээ нь юм. Түүнчлэн 1939 оны Халх голын дайны үед ганцхан сарын дотор 158 удаа байлдааны нислэг үйлдсэн байдаг. Тэрбээр нэг хүүдээ мэргэжлээ өвлүүлсэн нь өдгөө МХК-ийн захирлаар ажиллаж буй Г.Жаргалсайхан юм.

Categories
мэдээ цаг-үе

Хавар зуныг ч мэдрэлгүй хайртынхаа амь насыг аврахын төлөө тэмцсээр…

“Номин талст”-ынхны
тоглолт энэ сарын 26-нд болохоор зар гарчээ. Тасалбарын үнэ 150 мянган төгрөг бөгөөд
ердөө 300 ширхэг зарагдах юм байна. “Яагаад ийм хязгаарлагдмал хүрээнд, бас ийм
өндөр үнэтэй тоглолт хийж байгаа юм. Бидэнд зориулаагүй юм уу” гэсэн фэнүүдийнхээ
гоморхсон асуултад дуучин Т.Дэлгэрмөрөн “Ах нь эхнэрээ амьдруулах гэсэн юм. Түүнгүй
хорвоо надад наргүй мэт билээ” хэмээсэн хариу өгчээ. Гэргий нь хүнд өвчилсөн юм
байна. “Өөрийн минь төлөө санаа зовох хүнтэй гэж өегхөн бодоход амьдрал сайхан”
гэсэн О.Дашбалбар найрагчийн үг бий. Дэлгэр­мөрөн дуучны маань эхнэр алзахгүй ээ,
сайн ханьтай учраас. Сүүлийн өдрүүдэд бичсэн Т.Дэлгэрмөрөнгийн тэмдэглэлийг уншсан
олон хүн дуучинд болоод гэр бүлд нь урам өгч зоригжуулсан бэлгэ дэмбэрэлтэй сайхан
үгсийг илгээж байна.“Номин талст” болон
дуучин Т.Дэлгэрмөрөн бол нэгэн үеийн залуусын шүтээн билээ. Одоо ч тэдний дуу фэнүүдийнх
нь гэрт, машинд, ажлын өрөөнд, диско зааланд эгшиглэж, тоглолт хийхийг нь анан хүлээж
байдаг олон шүтэн бишрэгчтэй. Хамтлагийнхан байнга уран бүтээлээ хийхээ больсон
энэ цагт Т.Дэлгэрмөрөн ганцаараа болон бусад дуучидтай хослон олон сайхан бүтээл
хийсээр байгаа. Аав ээж, амраг садан, найз нөхөд, эх орон, хайрын тухай гээд тэр
бүгдийг дуулдаг. Дуугаараа бусдад урам өгч, эрч хүч бэлэглэж, ухаарал хайрлаж, дуундаа
өөрөө ч уяран хайлдаг нэгэн. Харахад баахан
сагсуу гэмээр ч дуугаа дуулахаар түүн шиг зөөлөн хүн үгүй мэт харагддаг. Дээгийгийн
дуулдаг дуунууд олон хүнийг уйлуулж, ухааруулж, омогшуулж сэтгэл юуг нь хөглөж байдаг
гайхалтай увидастай. Аялгуу эгшиг нь асрагч аргаддаг гэгэлгэн хөгтэй. Ийм сайхан
дууны эгшиг дуурьсал нь тэнгэрт ч хүрдэг биз гэж бодогдоно. Баяр ёслол элдвийн арга
хэмжээнд очихоосоо илүү асрамжийн газрын хөгшчүүлийг зорин очиж дуулж өгдөг. Хорих
ангид тоглолтоо хийж байгаа тухай мэдээлэл байнга гарч байдаг. Энэ бүхнээсээ тэрбээр
бусдад эерүү зөөлөн сэтгэл төрүүлдэг. Энэ бүх эерэг үйлсээс нь хуралдсан сайхан
энерги түүнд заавал байх ёстой. Түүний үйлс бүтнэ ээ.

Т.Дэлгэрмөрөнгийн
гэргий Жулиана хэмээх хатагтай олны нүдэнд тэр болгон ил гараад байдаггүй. Хар шил
зүүсэн хээнцэр бүсгүй хаа нэг нөхрийгөө даган яваа харагддаг. Харин дуучинг эхнэрээ
зоджээ гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл тарах үед тэрбээр нөхрийгөө өмгөөлөн
хэвлэлийн хурал хүртэл зарлаж байсан удаатай. Дээгий эхнэрээ байнга сарнайгаар “дарж” байдаг тухай найзууд нь ярьсан
байдаг. Мөн хазгай гишгэн төмөр торны цаана хоригдож байхдаа эхнэртээ өдөр бүр шахуу
захидал явуулдаг байсан тухай ч ярьдаг. Тэдний хайран дундаас гарсан хөөрхөн охин
бий. Энэ мэтээр хайртай дуучнаа, түүний гэр бүл, сайхан хайрын түүхийг нь бид бүгд
мэддэг билээ.

Харамсалтай нь, дуучны
маань гэргий хүнд өвдөж, түүнийхээ эмчилгээний зардалд зориулж Дээгий болон “Номин
талст” хамтлагийнхан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр тоглолтынхоо талаар болон
хайртай гэргийнхээ талаар ингэж бичжээ.

“Сайхан хайр гэж
байдаг юм

Олбол түүнийгээ
алдаж болохгүй ээ…
гэж
Лодойдамба гуай зүгээр ч нэг хэлээгүй байсныг мэдрэх тусам бидний хайр бадамлан
гэрэлтэж бусдын сайн сайхны төлөө юу үзэж туулснаа хайрынхаа хүчээр ялж үзүүлнэ
ээ, ах дүүс ээ. Бидэнд та нарын минь сайхан сэтгэл үнэн зүрх маш том урам болно
оо.

Амь алдар нэг ах дүүс
минь бидэнд хүний хорвоог сайхнаар төгсгөх хийморь байгаа гэдгийг би заавал харуулах
болно оо”.

“Номин Талст”-ынхан
маань есдүгээр сарын 26-нд нэгэн сайн үйлсийн аянд та бүгдийг уриалж байгаа юм.
Бид ойрд тоглолт хийгээгүйдээ гол нь биш,ер нь дуунд дуртай хөгжимд хайртай,тэр
дундаа манай хамтлагийг сонсдог жинхэнэ ойр дотныхонтойгоо нэг өдрийг ч гэлээ сайхан
өнгөрүүлэхийг хүссэний гол учир шалтгаан бол манай гэр бүлийн, миний эхнэрийн, та
бүхний бага ч атугай мэдэх хайрын минь төлөө юм аа.

Бидний босгосон тэр
л амьдралын эхлэл агуу хайр минь яг л та хоёрынхтой адилхан. Хэн хүний амьд­ралд
юу эс тохиохыг тэр гэхэв, хэл амнаас хол энд би хамгийг дэлгэрүүлээд юу хийнэ, хайртай
та нар минь мэдрэхэд болно.Хайлган сэтгэлгүй, бодсоноо тунгаадаггүй зарим нэгэн
маань зүрхэнд чулуу зоосоор удаж байна, би айж байна.

Хавар зуны улирлыг
мэдрэлгүй хайрынхаа амь насны төлөө зүтгэсээр тэмцсээр өнөөдөртэй золгож байна.
Ийм урт хугацаанд хайртын минь охин бид хоёроо гэсэн сэтгэл агуу, хамт олны минь
үнэнг мэдэх хайр уудам хэдий ч бид энэ аймшигт өвчинтэй тэмцсээр л байна.

Харамсалтай нь, итгэл
найдвар минь суларч тэр минь миний гарыг атгахаан болих гээд байна.Түүнгүй ертөнц
охин бид хоёрт байгаад хэрэггүй дээ, ядаж харамсахгүйгээр үлдэх хэн нэгний төлөө
бүгдийг хийхийг хүснэ ээ, би бас бид.

За ийм л учраас “Номин
Талст” хамтлаг маань гэнэт ийм шийдэлд хүрсэн юм. Тоглолт маань халуухан болох байх,
харин та бүгдийн тав тухыг бид чанартай бэлдэж байна.

Тоглолтод урилгаар
жинхэнэ супер одууд ирнэ та бүхэн ойрд хараагүй болохоор гоё байна гэдэгт итгэлтэй
байна. Тансаг ширээ, амтат хоол зууш, тайван орчин, тасархай тоглолт, DJ party энэ
бүхнийг бэлдэж байна аа.

Ах дүүсээ намайг бодож
биш өөрсдөдөө сайхан боломжийг зориулж хайртай хамтлагтайгаа хамгаас дотно нөхөдтэйгөө
сайн үйлсийн аянд дуу нийлүүлэн нэгдэнэ гэдэгт би итгэж байна аа. Уйлахгүйг л хичээх
хэрэгтэйдээ би, уяхан амьтан шүү дээ чааваас. Бас гоё хит дуунуудаа хамтдаа дуулахыг
тэсэн ядан хүлээж байна, за хагас сайнд уулзъя. Хаа болохыг билет авсан улс мэдэх
болно, түр баяртай бидэнд амжилт ерөөгөөрэй амны билэгтэй Монгол хүн та”.

Ийм эмзэг, бас тийм
нэг гунигтай ч гэмээр тэмдэглэлийг хүн бүр нулимстай уншлаа. Дуучны хайрынхаа төлөө
зориулж буй энэ тоглолтын тасалбар аль хэдийнэ дууссан гэнэ. Сайн үйлийн үр сайнаар
боловсордог гэдэг. Зөвхөн Дэлгэрмөрөнг сонсдог олон мянган фэнүүд нь энэ өдрүүдэд
түүний гэр бүлд сайныг ерөөж, гэргийг нь эрүүл саруул болохыг хүсч байгаа.

Дуучны өөрийнх нь
хэлс­нээр уйлахгүйг хичээж, зовлон­гийн өмнө хатуу зогсоорой. Түүнийхээ гарыг алдалгүйгээр
итгэлтэй атгаж, олон олон жилийг охинтойгоо хамтдаа туулаарай гэсэн гэгээн ерөөл
тавья.

Categories
мэдээ цаг-үе

Монголд тарьсан усан үзэм нэг кг нь 20 мянган төгрөгийн үнэтэй

“Ногоон сор”
ХХК-ийнхан усан үзэм тарьж Монголдоо анхдагч болж байна. Манайд усан үзэм ургаж
байна гэхээр олон хүн гайхаж байгаа биз. Гэхдээ усан үзэмний мод суулгаад,
ургац хураагаад, бүр худалдаанд гаргаж эхэлжээ. Гурван жилийн өмнө Солонгос
улсаас хүрэн усан үзэмний мод авчирч хүлэмжинд суулгасан нь тухайн жилдээ овоо
ургасан гэнэ. Сортоосоо хамаарч ургац өгөх хугацаа нь харилцан адилгүй байдаг
болохоор өнгөрсөн жил анхны жимсээ өгчээ. Дээжээс нь зах зээлд нийлүүлэхэд “Маш
гоё амттай байна” гэх үнэлгээ авч урамшжээ. Гэхдээ эхний жил бага ургац авдаг
болохоор олонд тэгтлээ танигдалгүй өвөлтэй золгосон байна. Харин энэ жилээс
арвин ургац хурааж худалдаанд гаргажээ. Хүрэн усан үзэм нэг кг нь 20 мянган
төгрөгийн үнэтэй. “Барс” захын хажууд байх “Буудай” төв, “Меркури” худалдааны
төв зэрэг газраас худалдаж авч болох юм байна. Амтны хувьд Хятад усан үзэмтэй
харьцуулахын аргагүй. Элдэв гашуун амтгүй. Зөөлөн чихэрлэг амттай юм билээ.

Эднийх усан
үзэмнээс гадна гүзээлзгэнэ, өргөст хэмх, улаан лооль, тарвас тарьж байгаа. Тус
компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр БНСУ-д хүлэмжийн аж ахуйд туслах ажилтнаар
ажиллаж байгаад эх орондоо иржээ.

Тэнд найман
жилийн турш ажиллахдаа сурч мэдсэндээ тулгуурлан хүлэмжийн аж ахуйтай болохоор
шийджээ. Анх Баянзүрхийн товчооны зүүн хойд талд дөрвөн хүлэмж барьж
гүзээлзгэнэ тарьж эхэлсэн гэнэ. Хэдийгээр тэнд ажиллаж байхдаа бүх зүйлд
оролцдог байсан боловч нарийн ширийнээс хол явснаа ойлгож мэргэжлийн хүнгүй бол
хэцүүдэх нь гэдгийг ойлгосон гэнэ. Манайд гүзээлзгэнэ тарихад нарийн зөвлөгөө
өгөх мэргэжилтэн ховор байсан учраас Солонгосоос хоёр мэргэжилтэн урьж авчирчээ.
Улмаар заавар зөвлөгөө авч гэр бүлийнхнээ дайчлан гүзээлзгэнэ тарих ажилд
ханцуй шамлан орсон байна. Гүзээлзгэнэ тарих амаргүй гэсэн. Яг л бага насны
хүүхэд арчилж байгаа мэт тордохгүй бол ургацаа өгөхгүй. Өрөөний хэм, чийгшлийг
тогтмол хэмжээнд барихгүй бол болохгүй. Байх ёстой дулаанаас ганцхан хэмээр л
зөрүүлэхэд унжийчихдаг гэсэн. Хэрэв бүх зүйлийг нарийн тааруулж чадвал өгөөжөө
хурдан өгнө. Үрсэлгээгээ суулгаснаас 45-60 хоногийн дараа л гэхэд цэцэглээд
ирнэ. Цэцэг нь жимс болно. Жимсээ хурааж авахдаа мөчрийг тэр чигтээ тасдаж
болохгүй. Хэрэв тасдчихвал жимсээ дахиж өгөхөө болино. Зөв хурааж аваад,
усалгаа болон орчныг нь байх ёстой горимд барьж чадвал бүтэн гурван сарын турш
ургац өгдөг ажээ. Үрийг нь АНУ болон БНСУ-аас авчирдаг. Ургац хэр зэрэг авах нь
үрээсээ бас хамаарна. Тиймээс маш сайн чанарын үрийг оруулж ирдэг гэсэн. Сайн
чанарын үртэй, арчилгаа сайтай, хүлэмжнийхээ чийг, хэмийг зөв тохируулбал
өнжөөд 100 кг гүзээлзгэнэ хураадаг юм байна. Одоогоор гүзээлзгэнээ граммлан
зарж байгаа бөгөөд 300 гр-ын савлагаатай нь 15 мянган төгрөг.

Тус компанийн
хүлэмжний агрономич Ж.Ганхуяг гүзээлзгэнийхээ хүлэмж рүү дагуулан оров. Шинэхэн
жимсний үнэр хамар цоргихын зэрэгцээ зөгийн дүнгэнэх нь сонсогдоно. Эрхий
хурууны хэмжээтэй гүзээлзгэнэ газраар нэг ургажээ. Мэдэхгүй хүн буруу тасдаж
аваад дахин цэцэглүүлэхгүй болгодог тул болгоомжтой байхыг анхааруулав. Зөв
тасдаж авахыг заалгаж аваад хэд хэдийг түүв. Амт гэж янзтай. Солонгос, Хятадаас
оруулж ирдэг амт муутай гүзээлзгэнийг бодвол яг л уулнаас түүсэн мэт час хийж
байна. Ганц нэг хэлбэр муутай жимс таарсан нь зөгийтэй холбоотой гэнэ. Зөгий
эр, эм цэцгийн тоосыг бие биед нь хүртээснээр гүзээлзгэнэ зөв хэлбэрээ олдог
ажээ. Эднийх анхны жил үүнийг мэдэлгүй тариад л байж. Гэтэл нэг л хэлбэр галбир
муутай мөртлөө амттай жимс ургажээ. Харин дараа жил нь Дарханаас 10 мянган
зөгий авчирч тавихад хэлбэр нь засраад арвин их ургац өгсөн гэнэ.

“Ногоон сор” ХХК
гүзээлзгэнэ тарьж болохыг мэдсэн хойноо өргөст хэмх, улаан лооль, тарвас тарьж
эхэлжээ. Анхны дөрвөн хүлэмж багадаад байсан болохоор Төв аймгийн Эрдэнэ сумын
нутагт буюу Цонжин болдогт долоон га газартай болов. Өдгөө гурван га-д хүлэмж
барьж жимс, ногоо тарьж байгаа юм байна. Одоогоор 32 хүлэмжтэй. Чингис бондоос
2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авч хүлэмжүүдээ барьсан гэсэн. Өргөст хэмх,
улаан лоолийг жилдээ хоёр удаа тарина. Дундаа нэгээс хоёр сарын хугацаатай
амраана. Харин гүзээлзгэнийг жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй тарих
боломжтой. Тарвасны тухайд дөрөвдүгээр сарын сүүлээс арваннэгдүгээр сар хүртэл
тарина. Жимс, ногооныхоо төрлийг нэмэгдүүлэхийн тулд гаднаас үр авчирдаг гэсэн.
Тарвас гэхэд гурван төрлийнхийг тарьж байгаа юм байна. Гадна тал нь шар дотроо
улаан, гаднаа хар ногоон боловч дотроо шар өнгөтэй. Нөгөөх нь ердийн тарвас.
Тарвасны мод дээшээ ургадаг бөгөөд жимсээ даахгүй болох үед газарт буулгадаг
ажээ. Усалгааг нь зөв тохируулж чадвал 800 м2 талбайгаас өдөр бүр нэг тонныг
хурааж авдаг гэсэн. Үүнийгээ зах зээлд нэг кг-ийг нь 3500 төгрөгөөр зарж байгаа
ажээ.

Өргөст хэмхний
тухайд урт, богино хоёр төрлийнхийг тарьдаг. Өнжөөд хоёр тоннын ургац авдаг
гэсэн. Ургацаа нэг кг-ийг нь 2000-2500 төгрөгөөр үнэлж байгаа гэсэн. Харин
улаан лооль ердийнхийг тарьдаг. Харин энэ жилээс туршилтын журмаар хүрэн
өнгөтэй үр суулгажээ. Хоёр хоногт 700-800 кг ургац хурааж байгаа бөгөөд нэг кг
нь 3500-4000 төгрөгийн үнэтэйгээр худалдаанд байгаа юм байна. Эднийх жимс,
ногооныхоо үрийг гаднаас авчирдаг. Ихэвчлэн БНСУ-аас оруулж ирдэг бөгөөд зарим
тохиолдолд урд хөршийн хамгийн сайн чанарын үзүүлэлттэй ногооны үр оруулж ирдэг
юм байна. Үрээ авахдаа хамгийн сайн чанарынхыг сонгоно. Сайн чанарын үр өндөр
үнэтэй. Гэхдээ мөнгөө бодоод хямд үр авчихвал богино хугацаанд ургаж, ургацаа
бага өгдөг юм байна.

“Ногоон сор”
ХХК-ийн ажилтнууд өглөөний 05 цагаас ажлаа эхэлнэ. Шинэхэн ургацаа 07 цагт
хотод хүргэдэг юм байна. Нэг ёсондоо өдөр бүр шинэ ургац нийлүүлдэг гэсэн үг.
Гаднаас орж ирж байгаа жимс, ногооноос ялгарах онцлог нь бордоо. Химийн
гаралтай ямар ч зүйлийг ашигладаггүй гэсэн. Зөвхөн хонины бууц, тахианы
сангасаар борддог. Хонины бууцаа хөдөө айлуудаар яваад цуглуулчихна. Малчид
бууцаа яаж цэвэрлэх вэ гээд байж байдаг болохоор хотыг нь цэвэрлэнгээ авчихна.
Бас болоогүй танай хонины бууцаар бид ийм зүйл ургуулж байна гээд
бүтээгдэхүүнийхээ дээжээс өгдөг гэсэн. Тахианы сангасыг ч бас ийм маягаар олно.
Тахианы фермтэй газар очоод хаях гэж байгаа сангасыг нь авчихдаг гэсэн. Ингэж
байгалийн бордоо хэрэглэснээр цэвэр байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн авдаг
ажээ. Ашгаа бодоод, гүзээлзгэнээ том ургуулахын тулд янз бүрийн химийн бордоо
ашиглаж болох ч хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдэлдэг юм байна. Гаднаас орж
ирсэн жимс, тэр дундаа гүзээлзгэнэ том байдаг нь химийн бордоотой холбоотой
ажээ.

Эднийх усалгаагаа
гүний худгаар шийджээ. Хашаандаа гурван гүний худагтай. Системийн тухайд
харилцан адилгүй. Тухайлбал, гүзээлзгэнийг л гэхэд дуслаар усалдаг систем
ашигладаг гэсэн. Өргөст хэмх, улаан лоолийг гаднаасаа төв шугам гүйлгэж байгаад
дотроо шалаанк гүйлгэж задгайгаар усалдаг гэнэ. Өвлийн хүлэмжүүд нь дотроо
паартай юм. Паараа уурын зуухаараа халаачихна. Бас хүлэмж бүрт нэмэлт зуухтай
болохоор шаардлагатай тохиолдолд галладаг ажээ. Уг нь хүлэмжийн аж ахуй газар
тариалангийн бусад салбарыг бодвол ургац алдана гэх зүйл харьцангуй багатай ч
гэлээ маш их арчилгаа шаарддаг юм байна. Бас өвөл цасанд дарагдах тохиолдол
байдаг гэсэн. Гэхдээ байгалийн гамшиг л тохиолдохгүй бол эрсдэл харьцангуй
бага.

Ногоон сор”
ХХК-д 40 гаруй хүн ажилладаг юм байна. Бүгд л шинийг санаачлан Монголд ямар
жимс ургуулж болохыг судалдаг гэсэн. Усан үзэм тарихаасаа өмнө тоор тарьж үзтэл
жимсээ өгч бөөн баяр болжээ. Гэвч тухайн үед шинэ хүлэмж бариад ажил ихтэй
байсан болохоор дахиж тариагүй гэсэн. Ямар ч байсан ургах юм байна гэдгийг
мэдсэн болохоор ойрын хэдэн жилдээ худалдаанд гаргах хэмжээнд тарина гэж
байлаа. Эндхийн мэргэжилтнүүд “Монголд гадил тэргүүтэй халуун орны жимс л
ургахгүй байх. Бусад нь ургах боломжтой” хэмээн ярьж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Авьяаслаг монголчууд” хэмээх ийм гэгээлэг шоу Монголд ямар их хэрэгтэйг мэдрүүлж байна

Ойрын хэдэн өдөр нийгэм даяар “Авьяаслаг монголчууд” шоугаар амьсгалж
байна. Дэлгүүр хоршоо, албан байгууллага, автобусанд гээд хаа сайгүй л энэ
шоуны тухай яриа өрнөнө. Ингэж ярилцаж байгаа хүмүүсийн царайнаас мишээл
тодорч, орчин тойрондоо гэрэлтэй энерги үүсгэж байгаа нь сайхан. “Монгол-HD”
телевизийн гаргасан “Авьяаслаг монголчууд” шоу үнэхээр цагаа олжээ. Монголын
нийгэмд яг ийм цагаан шоу үгүйлэгдэж байсан нь харагдаж байна. Уг цэнгээнт
нэвтрүүлгийг үзсэн хүмүүсийн амнаас ам дамжсан баяр хөөр ийм бодол төрүүллээ.

Ингэхэд бид зурагтаар чухам юу үздэг юм бэ. Ямар нэвтрүүлэг үзсээр ирэв.
Айхавтар хөрөнгө, бэл бэнчинтэй улсуудын мөнгөөр зодож хийсэн захиалгат
нэвтрүүлэг, гүтгэлгийн шоуг тольддог байж. Тэр дундаа хэн нэгнийг хятадын
эрлийз, хурлийз болгож батлах гэсэн шоуг үзэхдээ “Ямар мундаг нэвтрүүлэг болов
оо” гэж шуугиад л. Эсвэл өөрсдөө хийсэн тэнэг нэвтрүүлгүүдийг үзнэ. Уригдсан
зочдоо уйлуулж, бэлхүүснээс доош асуудлыг хөнддөг гэхчилэн дэмий, балай
шоунуудыг үзсээр ирлээ. За тэгээд хамгийн олон үзэгчтэй, хүмүүсийн шимтэх
дуртай, хамгийн сонирхолтой зохиомжтой нь УИХ-ын Засгийн газрыг огцруулах
хуралдаан. Энэ бол нэлээд том хэмжээний мэргэшсэн шоунд орно. Ерөнхий
продюсертой, тусгай зохиолтой, дүртэй, эхлэл, өрнөл, оргил хэсэгтэй. Бас
тайлалтай. Шоу сценарийн дагуу маш сонирхолтой байдлаар үргэлжилдэг болохоор
хүмүүс үзэх их дуртай байдаг биз. Чуулганы эхэнд хэн юу хэлж, ямар шат
дараалалтайгаар цааш холбож, асуудлыг олны анхаарлын төвд аваачихын тулд тэр,
тэр уурлаж, хоорондоо зөрчилдөнө гэх зэргээр шоу сценарийнхаа дагуу явдаг.
Ийнхүү Засгийн газрыг огцруулах ажил нь телевизийн шоу болжээ. Бид зурагтаар
ийм л шоу, нэвтрүүлгүүдийг үзэж байна. Өдөржин донсолгоотой, савлагаатай
мэдээллүүд авсныхаа дараа гоё хүүхэн, сайхан залуу, тансаг амьдралтай Солонгос
сериалаа үзэж нэг санаа амраад унтацгаана даа. Яг энэ үед “Монгол HD” телевиз
“Авьяаслаг монголчууд” хэмээх цагаан шоу хийж, орон даяар цацаж байгаа нь ёстой
нэг загатнасан газар маажих шиг боллоо. Аймаг, аймгаас оролцож байгаа
авьяастнуудын мундгийг магтан шагшиж, тэднээр бахархан баясах боломжийг
олгосноороо энэ шоу үнэхээр кайфтай.
Орон даяар төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчуудыг байлдан
дагуулж эхэлсэн энэ шоуг хэвлэл мэдээллийн байгууллага хөрөнгө хаяж, яг барууны
стандартаар хийж байгаа юм.

Ер нь бол нийгэмд улстөржилт хоцрогдож байна дөө. Ард түмэн тэр дундаа
залуучууд улам баруунжиж байгаа. Үүний нэг жишээ бол барууны дээрх шоуг үнэхээр
таатайгаар хүлээж авсан явдал. Мөн барууны томоохон баярууд болох шинэ жил, зул
сар, улаан өндөг, халлувин зэргийг манайхан үндэсний баяр шигээ л тэмдэглэдэг
болсон. Харин манай эрх баригчид, улс төрийн хүчнүүд улам зүүн тийш хэлбийж
байгаа нь харамсалтай. Тэдний улстөржсөн жүжиг нь нийгэмд ард түмнийг дэндүү
залхааж буй. Дээр нь намуудын нэр хүндийг ч унагааж байгаагаараа тэдний цаашдын
карьерт ч хортой доо.

Нийгэм буюу залуучуудад хэвлэл мэдээллийн хэрэгсэл маш чухал үүрэгтэй.
Гэтэл нийгмийг чиглүүлэн залж явах ёстой манай хэвлэлүүд хамгийн их баруунжихын
эсрэг, зүүн төвийн коммунист үзэл суртлыг дэмжсэн өнгө аястай ухуулгыг хийж
байгаа нь хоцрогдсоны шинж. Харин цаг үеэ олсон “Авьяаслаг монголчууд” хэмээх
ийм гэгээлэг шоуг хийж, гаргаж ирсэн “Монгол HD” телевизийнхэнд амжилт
хүсье.

М.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Х.Намсрай: Манай нийгэм үргэлжид ийм будлиантай, хачин байх нь гэж санаа зовсны хэрэггүй

Шинжлэх
ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт,
Чингис хааны одонт академич Х.Намсрайтай ярилцлаа.

-Та лекц унших үеэрээ “Хүмүүс нийгмийн бүхий л харилцаанд орохдоо яарч,
сандарч, нэгэнтэйгээ өрсөлддөг. Хүн урт удаан насалдаг болчихвол юунд ч яарахаа
болиод, бүх юм амар тайван болно” хэмээн дурдаж байсан?

-Энэ бол бүх ертөнцийн зүй тогтол. Яагаад гэвэл хорвоо, ертөнц, хүний
нийгэм бүгд цаг хугацаа, орон зайн дотор цаг хугацаатай өрсөлдөж хөдөлгөөн
хийдэг учраас ийм байгаа юм. Бид хөдөлгөөнгүй гээд нэг бодъё л доо.
Улаанбаатарын бүх юм зогсчихсон, нар, сар хөдлөхгүй гэж төсөөлөхөөр их сонин
байгаа биз. Боломжгүй. Тийм учраас ертөнцийн хөгжлийн зүй тогтол цаанаасаа ийм
хөдөлгөөнд захирагдаж явсан байгаа юм. Тэгэхээр хүн болоод бидний нийгэм бас л
энэ хөдөлгөөний нэг хэсэг болохоороо энэ гайхамшигтай зүй тогтолд захирагддаг.

Амьгүй байгаль, амьтай байгалийн ялгаа, зүй тогтол нь юу байна гэхээр
амьгүй байгаль нь амьтай байгальтай харьцуулснаар мөнхийн маягийн хөдөлгөөнтэй
гэж зүйрлэдэг. Нар байж л байна, гийж л байна. Дэлхий эргэлдэж л байна. Он цаг
хугацаа өөрчлөгдөж л байна. Өдөр хоног солигдож л байна. Хүний амьдралыг амьгүй
байгалийн энэ хөдөлгөөн зүй тогтолтой харьцуулахад өчүүхэн богинохон хугацаанд
болж өнгөрдөг. Ухаан нь манай дэлхий 4.5 тэрбум жилийн настай. Нар бол түүнээс
илүү настай. Хүний 80-100 жилийн настай зүйрлэвэл мөнхийн шахуу байгаа биз. Хүн
олдсон насны хэмжээндээ ийм их юм бүтээх гэж, их орон зай эзлэх гэж, их цаг
хугацааг амжуулах гэж хэмжээлшгүй их хөдөлгөөнд ордог. Энэ бол хүний нийгэм
хөгжихийн хэрээр улам хурдасна. Бидний өвөг дээдсийн үед аажуу уужуу байсан.
Хонь бэлчиж л байна, малаа сааж л байна. Яарч тэвдээд байх юм байхгүй. Хэвийн
амьдрал нь ийм байснаас бидний өвөг дээдсийн амьдрал тайван уужуу, сэтгэл
өндөртэй байсан. Одооны амьдралын хэв маяг яаж байна гэхээр нэгэнт шинжлэх
ухаан техникийн хөгжил, юм хурдсаад ирэхээр хүн түүнд амжихын тулд маш их
хичээл зүтгэл, санаачилга, хурд, хүч хэрэгтэй болж байгаа юм. Бидний хүүхдийг хар л даа. Хуучин бол
найм, есөн настайдаа сургуульд ордог байсан бол одоо тав, зургаан настайдаа
сургуульд ороод ч юмаа амжуулж чадахгүй байна. Нэг талаас хүний нийгмийн
хөгжил, зүй тогтол ийм хурдассан зүйл рүү орж ирж байгаа юм. Энэ нь юутай
холбоотой вэ гэхээр бидний амьдралын утга учир материаллаг ертөнц рүү
сонирхолтой байгаа байхгүй юу. Бидний өнөөдөр барьж байгаа гар утас маргааш юу
болох билээ, гурван жилийн өмнө барьж байсан гар утас ямархуу хэлбэр дүрстэй
болж байна вэ. Үзэж байсан телевиз маань аналог байснаа тоон системтэй болж
байна. Хөгжлийн энэ зүй тогтолтой нийлээд хүний амьдралын утга учир ийм
хурдассан хэлбэрт орж байгаа юм.

Хүн төрөлхтний жам ёсоор бол бид ийм гоё, бүгдээрээ хэлэлцэж зөв буруугаа
шийддэг сайхан ардчилсан нийгэмд шилжлээ шүү дээ. Ардчилсан нийгмийн гол амин
сүнс нь юу байна вэ гэхээр бүх юмыг энэ хөгжлийн зүй тогтолд тааруулж хөгжүүлэх
зорилготой. Манай нийгмийн хөгжил хөдөлгөөн хүн болгоны санаанд тохирно гэж
байхгүй. Ийм хууль байдаггүй юм. Миний хувьд манай нийгмийн хөгжил сайхан явж
байна гэж бодоход нөгөө хүний хувьд ийм буруутай байна, ийм зүй тогтолтой
байна, энэ нь болохгүй байна гэнэ. Байгалийн хууль зүйгээр нийгмийн хөгжил бол
хүн болгоны санаанд тохирсон зүг, чиглэлээр явдаггүй учраас хэлэлцдэг ийм
хэлбэрт орж байгаа байхгүй юу. Бүгдээрээ хэлцдэг. Тэгээд дундаас нь гол чиглэл
гаргана аа даа. Тэрийгээ бүгдээрээ дагаж мөрддөг. Та тэр чиглэлтэй таарахгүй
байгаа ч нэгэнт олон түмэн, нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа учраас бусадтайгаа
адил түүнийг дагаж мөрдөж явна. Энд л манай ардчилсан нийгмийн амин сүнс явж
байна. Бүх дэлхий ардчилсан нийгмийг сонгож байгаа байхгүй юу. Түүнээс биш нэг
хаан юм уу, нэг хүн хүрч ирээд хүчээр ингэж хөгжинө, ингэж явна гэсэн зарлигаар
явна гэвэл боломжгүй. Энэ бол нийгмийн зүй тогтлоос гажиж байгаа хэрэг.

-Өршөөлийн тухай хууль манай нийгэмд хүчтэй хэлэлцэгдлээ. Эсрэг тэсрэг
байр суурь илэрхийлж санал бодол хуваагдаж байсан ч эцэст нь хэрэгжиж байна. Ер
нь хүн хүнээ уучилж, өршөөхийн ухаан гэж том зүйл байдаг байх аа?

-Энэ л манай энэрэнгүй нийгмийн гол амин сүнс байхгүй юу. Бидний өвөг
дээдсийн шүтэж ирсэн бурханы сургаалын гол санаа. Хүн хазгай гишгэж болно,
халтирч унаж болно, буруу замнаж болно, тийм ээ. Бие биеэ дэмжиж, бүгдээрээ нэг
нэгнээ баясгаж, дэм болж, муу сэтгэлгээг нь зөв болгож муу санааг арилгаж явах
ёстой юм. Уг нь бид ийм хувь тавилантай. Гэтэл бид энэхэн борхон амьдралын
хөгжлийн шаардлагаас болоод бие биетэйгээ өрссөн, уралцсан, нэгнээ түлхсэн,
нэгэндээ атаархсан, сайн юм хэлэхээсээ дургүйцэж , түүнийгээ дотроо нуусан ийм
нэг уралдаант нийгмийн буруу зүйл байна. Энийг өршөөнө, тэр нь сайн байна, энэ
нь муу байна гэдэг чинь дээр ярьсан шиг Өршөөлийн тухай хууль хүн болгонд
таалагдахгүй. Хүн болгонд таалагдахгүй, хүн болгон сайн боллоо гээд алга ташин
баярлахгүй. Энэ чинь нийгмийн хөгжлийн нэг зүй тогтол байхгүй юу.

Бүх гишүүдэд нь таалагдах албагүй, энэ Өршөөлийн тухай хууль. Гэхдээ
үүнийг бүгдээрээ, УИХ-аараа хэлэлцэж, Ерөнхийлөгчийн санаа бодлоор шүүлгэж гарч
байгаа учраас хөгжлийн улаан утас юм уу, нэг чиг хандлага гарч ирж байна шүү
дээ. Тэрийгээ бүгдээрээ дагах нь зүйн хэрэг. Хөгжил их олон шаттай.

-Бид аль шатандаа яваа юм?

-Эхэн, дунд, боловсронгуй, төгс гээд олон шаттай. 25 жил гэдэг тодорхой
нэлээд удаан хугацаа. Гэхдээ 250 жилийн хугацаанд хөгжсөн улсын хэмжээнд бол
багахан. Тийм учраас бидний хөл, гараа олохгүй ч байгаа юм уу, санаа сэтгэлийн
үймээнтэй байгаа нь хөгжлийн анхан шатны өсөлтийн өвчин гэж нэрлэж байгаа юм.
Бас чиг өвчин гэхгүй юм, ийм нэг хэв маяг байхгүй юу. Оросоор поведение,
англиар behave гэдэг. Тэгэхээр манай нийгэм үргэлжид ийм будлиантай, хачин байх
нь гэж санаа зовсны хэрэггүй. Энэ одоо ингээд дарагдана. Яваандаа алга болоод
Швейцарь, Швед, Финланд шиг айвуу тайвуу, бүгдээрээ бүтээлч ажиллагаатай тийм
байдал руу дөхөөд л байна гэсэн үг.

-Мөхөл рүүгээ явж байгаа гэж уйтай боддог хүмүүс бий шүү дээ?

-Өө, үгүй, үгүй. Тэгэхгүй. Ямар ч мөхөл байхгүй. Харин эхний энэ шатанд
өсөлтийн зүй тогтол нь, юмнууд нь ингэж илэрч гарч байгаа нь сайн байгаа
байхгүй юу. Сэдэрч байна гэсэн үг. Тэгэлгүй нуугдмал байгаад байсан бол ёстой
өнөө Арабын орнууд шиг юм болох ч юм билүү. Тийм биз дээ.

-Арабын орнууд шиг гэнэ ээ…

-Тийм ээ. Тэгэхээр энэ чухал зүйл. Бодит зөрчил нь ингээд хүмүүсийн
нүүрэн дээр харагдаж байна. Нүдэнд харагдахгүй айхавтар юм бугшаад байж болно
шүү дээ. Тэрийг мэдэхгүй, бид. Тэр нь дэлбэрэлт маягаар хорт хавдар шиг юм
болно. Харин бид бол нийгмийн хорт хавдрыг эхлээд таньж мэдчихэж байгаа байхгүй
юу. Тэгэхээр энэ чинь арилна.

Манай нийгэмд айхавтар хүчтэй хувьсгал маягийн юм гарах ёсгүй. Яагаад
гэвэл бид зөв, ардчилсан замаа сонгосон. Бүгдээрээ хэлэлцдэг, бүх юм ил тод.
Жишээлэхэд, алттай уурхайг ухна гэхэд ухуулахгүй гэсэн хүн гарч ирээд л байдаг.
Хэрвээ чимээгүй байж байгаад ухуулах юм бол тэр чинь жинхэнэ аюултай юм
болгоно. Яагаад гэвэл бүгдээрээ хэлэлцсэн учраас зөв юмаа олсон учраас тэр чинь
эмчлэгддэг. Олон санаа мөргөлдөж байж тэрний дундаас бодит үнэн гардаг нь сайн
хэрэг. Бид шүүмжлэлтэй хандаад байна. Дундчуул маань ядуураад, нэг хэсэг хүмүүс
дээш гараад байна. Энэ бол физикийн хэлээр харьцангуй ойлголт байхгүй юу. Яг
үнэндээ тэд баяжаад жигтэйхэн юм болоод байна уу, бид нар ядуураад байна уу
гэдэг чинь хоорондоо шүтэлцээтэй, харьцангуй чанартай. Хүн болгон машинтай
шахуу, хүн бүр компьютер, гар утастай. Хөгжил дэвшил байгаа л биз дээ.
Хөндлөнгөөс харахад нэг их ядуураад байгаа юм шиг. Тэгсэн мөртлөө зарим
орныхонтой жишвэл бүгд hybrid машин уначихсан. Бусад орнуудтай харьцуулбал
нэлээд тансаг, гоё байгаль, нөхцөлтэй сайхан орон юм гэж харагдахаар байгаа
байхгүй юм. Аливаа юмыг харьцангуй ойлгох ёстой. Харьцангуйн онол бол
гайхамшигтай онол. Бодит үнэн мөн үү, биш үү гэдгийг тодорхойлоход хэцүү. Нэг
хэсэг баячуултай, нөгөө хэсэг нь доошоо ороод байгаа биш. Энэ бол ямар нэгэн
зүй тогтлынхоо хэлбэрт орох ёстой. Хөгжлийнхөө жам ёсоор, горимоороо орно гэсэн
үг. Энийг манай хөгшчүүл амны билгээс ашдын бэлгэ гэж ярьдаг шүү дээ. Юм
болохгүй, бүтэхгүй байна гэж нэг хэсэг нь ярьж байдаг. Нөгөө хэсэг нь зүй тогтлоороо гарч ирээд
устаад үгүй болоод зөв зам руугаа явж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж байгаа нь
бий. Гэхдээ засч залруулах юм зөндөө бий.

-Баячуудыг үзэн ядах сэтгэлгээ манай нийгмийн бас нэг өвчин. Социализмын
үед баячуулыг үзэн яддаг байсан тэр хандлагын ул мөр, үзэл бодол явсаар л
байгаа нь олон зүйл дээр харагддаг?

-Миний сая хэлдгээр энэ чинь харьцангуйн онол. Манайд чөтгөрийн нэг
үлгэр байгаа. Овоо гайгүй дээш нь гарснаа доош нь татаад тамын ёроол руу
оруулчихдаг. Энэ яагаад ингэв гэхээр бидний олон мянган жилийн мал маллагааны
арга туршлагаас болоод ийм нэг сэтгэлгээ цусанд шингэсэн байж мэдэх юм. Энэ бол
миний өвөлжөө, энэ хэсэг бол минийх. Энэ бол миний хаваржаа, энэ бол миний мал
усалдаг горхи гээд ерөнхийдөө бид иймэрхүү гоё шүтэлцээтэй ш дээ. Зун хангай газар руугаа нүүчихээд өвөл
болохоор өвөлжөөндөө буучихна. Үүний
хажуугаар “Би чиний өвөлжөөг авна. Энэ газарт малаа бэлчээнэ” гэх тэмцэл
өрнөсөн явдалгүй олон мянган жил явчихсан улс чинь одоо гэнэт ийм юманд
орчихоор самгарддаг байхгүй юу. Тийм учраас л “Өө, энэ их баян нөхөр юм гэнэ”,
“Бидний мөнгийг идээд байдаг юм байна” гэцгээнэ. Яахав зарим нь үнэхээр тийм
байж болно л доо. Гэхдээ энэ бол цөөхөн, мянганы хэдхээн хувь нь буруу замаар
хөлжсөн байж болох юм. Гэвч ихэнх нь зүтгэл хүчээрээ явж, овсгоо самбаа гаргаж
ухаанаа уралдуулж ингэж л гарч ирсэн байгаа. Энэ бол харьцангуй ойлголт.

-Монголчууд эзний сэтгэлгээтэй. Тэр нь замын хөдөлгөөнд оролцоход л
анзаарагддаг. Ийм зантай болсноо бахархмаар үүх түүхтэй өвөг дээдэстэйгээ
холбодог шүү дээ?

-Олон мянган жил тэгээд сурчихсан, бүх юмны эзэн. Бүх юмнаас
хамаарахгүй. Тэнд улс төр болж байна уу, яаж байна хамаагүй. Мал, арьс шир,
цагаан идээ нь байж л байна, тийм учраас монгол хүн чинь бие даасан нэг монгол
хүн байхгүй юу. Би бол ерөөсөө л Чингис хаан гээд л (Инээв). Ийм сэтгэлгээ олон
мянган жил өвлөгдөж ирсэн учраас хамтын юманд орж сураагүй.

-Бид бокс, бөхөд амжилт үзүүлдэг хэрнээ багийн спортоор явдаггүй нь
үүнтэй холбоотой юу?

-Багаараа болохоороо муу болчихдог, ганцаараа болохоороо товойгоод
гараад ирдэг. Нэг нэг уулын өвөрт амьдардаг, тэндээ олон мянган жил
амьдарчихсан хүний сэтгэлгээ байхгүй юу. Үүнд буруу юм байхгүй. Одоо бол яаж
байна вэ гэхээр мангасын ходоод гэдэг энэ том дөрвөн уулынхаа дунд бүгдээрээ
шахцалдаад хүрээд ирэхтэй зэрэг сэтгэлгээний хувьд хямрал болж байгаа биз дээ.
Би энэ дунд ганцаараа эзэн байх ёстой гэсэн маягийн. Тийм учраас бие биеэ
хүндэтгэх, зан харьцааны хувьд хүндэтгэж харьцах, нэгэндээ туслах харилцаа
яваандаа бүрэлдэж эхэлнэ шүү дээ.

Хэдхэн жилийн өмнө манай хотын энэ гудам ямар их түгжрэлтэй, хэцүү
зовлонтой байлаа. Одоо ямар сайхан болж байна вэ. Автобусанд ороход бөөн л хог
байдаг байлаа. Одоо ямар ч хог алга. Бүгдээрээ цэмцгэр. Хөгжлийн шат чинь
ингээд л яваад байна. Гэнэт хөгжчихнө гэж байхгүй. Хүний сэтгэлгээ гэнэт
мундаг, гайхамшигтай болно гэж байхгүй. Манай залуучууд хаалгаар гарахдаа ард
нь ямар хүн байна, хөгшин хүн байна уу, тэр хүн гараа хавчуулах нь уу гэдэг нь
падгүй хаалгаа хаагаад гараад явчихдаг. Хаалгаа бариад дараачийн хүндээ
хүлээлгэж өгдөг ийм сэтгэлгээ жижигдэхгүй. Та нар хараарай, манай оюутан
залуучууд хаалгаа саваад саваад л гараад явчихна. Хойно нь профессор багш байна
уу, хүүхдүүд байна уу хамаагүй. Ийм жижигхэн сэтгэлгээний үр дүнд юм хөгжиж,
дэвшиж байдаг зүй тогтолтой. Энэ бас цаг хугацааны асуудал.

-Дэлхийн хаан болох амархан. Монголын хаан болох хамгийн хэцүү гэдэг?

-Монгол хүн бүр өөрийн сэтгэлгээ, санаа бодлоороо явдаг.

-Ийм байх нь алсуураа муу зүйлд хүргэх үү?

-Муу юм болно гэж байхгүй. Сэтгэлгээний хөгжлөөрөө хамтын сэтгэлгээ рүү
шилжинэ. Шилжихэд хугацаа шаардана. Тодорхой хугацаа шаарддаг юм. Тэр шаарддаг
юм тав, зургаан настай хүүхдүүдийн хүмүүжлээс л эхэлнэ шүү дээ, ер нь. Энэ бас
юутай холбоотой байна вэ гэхээр бидний материаллаг хангамжтай холбоотой. Зарим
нь гурав, дөрвөн байртай. Хачин хачин үзэгдээгүй жийп машинуудтай. Зарим нь
автобуснаас өөр унаагүй. Жижигхэн бор гэртэй. Тэгш бус эд материалын энэ
хангамж чинь хүний сэтгэлгээнд яг тэр хэвээрээ буудаг. Хорч, атаархах сэтгэл
эндээс л ургаж гарч ирдэг. Нийгэм хөгжиж жигдрээд дундчуулын эзлэх хувь 75-80
хувьд болоод ирэхээр бүгдээрээ нэгэн ерөнхий сэтгэлгээний зүй тогтолд орно шүү
дээ. Бид социализмын үед хот хөдөөгийн ялгаа гэж баахан ярьдаг байсан.

Өнөөдрийн байдлаар зам харгуй тавиад ирэхээр тэр ялгаатай байдал
ерөнхийдөө алга болоод ирж байна. Мянгат малчин хотын дунд хэрийн сэхээтний
амьдралын түвшинд жигдрээд ирж байна. Ийм юм гарч ирдэг юм.

-Хэдий бид нийслэлдээ төвлөрдөг ч зуны улирал эсвэл амралтын өдрүүдээр
Улаанбаатараас зугтдаг хандлагатай болсон. Аль болох хүнгүй, сүлжээ харилцаагүй
газарт очиж амрахыг илүүд үзэх нь элбэг?

-Энэ бол техникжсэн нийгмийн гол өвчин. Маш их мэдээлэлтэй, маш их
хурдан ийм үед залхдаг байхгүй юу. Япончууд хээр хөдөө хоноод од харагдсан
цэлмэг тэнгэрийг харахсан гээд Монголд ирж байна. Өглөө босоод л ажил дээрээ
суудаг, нэгэн хэвийн амьдрал, унаа уншны энэ их бухимдал нь хүнийг оюун ухааных
нь хувьд ерөнхийд нь залхааж байна. Биеийн залхалтаас гадна, оюун ухааны
ядаргаанд ордог. Тийм болохоор бид анхныхаа ахуй амьдралд тэмүүлж байгаа биз
дээ. Хөдөө хээр талд, шувууд жиргэсэн, ногоон дэнж дээр өнжиж хэвтэхсэн гээд.

-Хүмүүс аз жаргал гэхээр өнгөрсөнд болж дууссан дурсамжуудаа ихэвчлэн
ярьдаг. Бүх сайхан юм яагаад өнгөрсөн цаг дээр болчихсон байдаг юм?

-Яагаад гэвэл дамжиж ирсэн учраас тод үлдэж байгаа байхгүй юу. Ялангуяа
багын ахуй амьдрал илүү тод. Тэр байхад тийм байж билээ, саахалт айл маань тийм
байж билээ, нүүж байхад цай өгдөг байж билээ, одоо ийм ч юм байхгүй. Настай хүн
“Нохойгоо хорь оо” гэхэд гүйж гараад морийг нь барьж өгч буулгаад, гэртээ
оруулдаг байсан энэ сайхан зан чанар хаачив, яачихав гэж байгаа. Тэр үеийн
нийгмийн хөгжлийн ийм үе хөгшчүүлийн хувьд алтан үе нь. Тэр байсан үе нь одооны
бидний асар их техникжсэн нийгмийн хөл хөдөлгөөн, хурдыг даахгүй учраас
тэрийгээ бодож байгаа юм. Одооны залуучууд энэ үедээ илүү дасч байгаа шүү дээ.
Танай тэр үе яасан бүдүүлэг юм, одооны бид нартай яаж зүйрлэх юм. Тэр чинь юу ч
биш гэх маягаар.

Нэг гэртээ арвуулаа амьдардаг байлаа. Аав, ээж, хүргэн, бэр гээд бүгд л
нэг гэрт амьдарцгаана. Тэр байдлыг одооны сэтгэлгээгээр харвал их сонин, яаж тэгж
чихэлддэг байна аа гэцгээнэ. Тэр үеийн энэ байдал одооны хүүхдүүдийн тархинд
буухгүй.

Хөгжлийн шат нь хойтох юмаа үгүйсгэж байж нарийн хөгждөг байхгүй юу.
Одооны энэ шатыг үгүйсгэж дараачийн шинэ шатанд гарна. Дараачийн шатанд очоод
байсан бүх юмаа үгүйсгэж түүний дараачийн шатанд очдог ийм зүй тогтолтой.
Ерөнхийдөө хөгжил төгс төгөлдөр юм руу л яваад байгаа юм. Хуучныхаар бол
коммунизм маягийн юм руу, бүгдээрээ
баахан жаргалтай, сайхан хоол унд, байртай, өвчин зовлонгүй, урт удаан настай.
Социализмын үед, капитализмын үед ч, одоогийн энэ үед ч гэсэн бидний тэмүүлэл
тэр л байгаа юм. Бүгдээрээ жаргалтай, хөгжилтэй, санаа нийлсэн, бие биеэ
хайрлаж хүндэтгэсэн. Энэ чинь бурханы сургаалаар бол диваажин. Гэхдээ үүнийг
нийгмийн амьдралд тулгаад ирэхээр маш их хэцүү, айхавтар даваа байх нь байна
шүү.

Үргэлжлэл бий