Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд-2015” нөгөөдөр эхэлнэ

“Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээ
ирэх бямба гаригт эхэлнэ. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Намрын ногоон
өдрүүд” энэ сарын 26-27-ний өдрүүдэд Чингисийн талбайд, 29-ний өдрөөс аравдугаар сарын 5 хүртэл Мишээл
Экспо худалдааны төвд болно. Энэ
удаагийн үзэсгэлэн худалдааны үеэр “Монгол хүнс-органик
хүнс-2015”, “Алтан намар-2015” ургацын баяр гэсэн салбар
үзэсгэлэн худалдааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.
Ирэх сарын 5-нд Мишээл экспод “Намрын ногоон өдрүүд-2015”-ын шилдгүүдийг
тодруулснаар энэ арга хэмжээ өндөрлөх юм байна

Categories
мэдээ нийгэм

Жирэмслэхээс хамгаалах хэрэгслийг маргааш үнэгүй түгээнэ

Жил бүрийн есдүгээр сарын 26-ны өдрийг “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Үүний хүрээнд маргааш Сонгино-Хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд жирэмслэхээс хамгаалах эм бэлдмэлийн талаар иргэдэд зөвлөгөө өгч, сургалт, сурталчилгаа зохион байгуулж, Жирэмслэхээс хамгаалах арга хэрэгслийг үнэ төлбөргүй түгээх аж.

Монгол Улсад 2014 оны байдлаар 18,145 үр хөндөлтийн тохиолдол бүртгэгдэж, 1,000 эмэгтэйн 21.4 хувь нь үр хөндүүлж байна. Энэ нь өмнөх оныхоос 2,517 тохиолдлоор буюу 13.8 хувиар өссөн.

Хувийн эмнэлэгт үр хөндүүлсэн тохиолдол өмнөх оныхоос 553-аар буюу 3.0 хувиар өссөн байна. Эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 6.6 хувь нь 20-иос доош насных, 69.3 хувь 20-34 насных, 23.7 хувийг 35-49 насныхан тус тус эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн Городок тосгонд “Бага оврын цэвэрлэх байгууламж” ашиглалтад орлоо

Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт “Бага оврын цэвэрлэх байгууламж” ашиглалтад орлоо. “Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт бага оврын цэвэрлэх байгууламж барих” төсөл нь нийслэлийн ИТХ-ын 2011 оны 8/74 дүгээр тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д батлагдан хэрэгжсэн юм.

Уг төсөл нь тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрийн бохир усыг цэвэрлэж, Улаанбаатар хотын ундны эх үүсвэр болох Туул голыг бохирдуулахаас сэргийлж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, цаашид 2030 хүртэлх ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ суурьшлын бүс бий болох нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Шинэ цэвэрлэх байгууламжийг Налайх дүүргийн Городок тосгоны хуучин цэвэрлэх байгууламж байсан талбайд “Набсан” ХХК концессын гэрээгээр барив.

Categories
мэдээ нийгэм

Байгууллагуудын халаалтыг ирэх сарын нэгнээс өгнө

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Эрчим хүсний сайдын гаргасан “Халаалтын улирал эхлэх, дууусах хугацааг тогтоох тухай” 2015 оны есдүгээр сарын 14-ний өдрийн 122 тоот тушаалын дагуу Улаанбаатар, Эрдэнэт, Чойбалсан хотуудад энэ сарын 15-наас төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтыг төлөвлөгөөт хугацааны дагуу өгч эхлэсэн.

Харин дээрх бүс нутгуудад “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээ хийсэн аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг аравдугаар сарын 1-ний өдрөөс өгнө. Мөн Архангай, Булган, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Орхон, Төв, Увс, Хөвсгөл аймгуудын халаалтыг өгч эхлээд байгаа бол бусад аймгуудад ирэх сарын 1-ээс халаалтыг бүрэн өгч эхлэх аж.

Эрчим хүсний сайдын гаргасан тушаалд зааснаар улсын хэмжээнд халаалтын улирал эхлэх, дуусах хугацаа нь 2015 оны есдүгээр сарын 15-аас 2016 оны тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Categories
мэдээ спорт

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Аки башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башёг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11 дэх өдрөө тэргүүлж байна. Харин энэ сард япон бөхчүүдээс хамгийн сайн барилдаж байгаа маэгашира Икиой нэг унаатай, 10 даваатай удаалж байна.

Тэрүнофүжи өчигдөр ижил цолтон Котошёогикүтэй хүчээ үзэн давсан юм. Тэрбээр өнөөдөр Точиозантай барилдана. 71 дэх Их аварга Какурюү М.Ананд өчигдөр Сэкиваке Миёгорюүтэй барилдаж хатакоми мэхээр давлаа. Маргааш тэрбээр Котошёогикү Сэкивакетэй барилдана. Манай бөхчүүдээс Таканойва А.Баасандорж, Кагамио Б.Нанжид,Токитэнкү А.Хүчитбаатар нар өвдөг шороодов. Маргааш Таканойва, Асасэкирюү Б.Дашнямтай барилдана. Ичиножёо А.Ичинноров Точиношинд унасан бол Тамаваши озэки Кисеносатод уналаа. Харин 11 дэх өдрийн барилдаанд Асасэкирюү Б.Дашням, Кёкүшюүхо Эрдэнэбаатар нар өрсөлдөгчөө давсан.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-өөс сургалт явуулж байна

“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын талаар хүн амд шуурхай мэдээлж эрт сэрэмжлүүлэх нь” сэдэвт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан уулзалт ярилцлага ХӨСҮТ-д болж байна. Уулзалт ярилцлагад ХӨСҮТ, ЭМСЯ, ДЭМБ, НЭМХ, ЗӨСҮТ-ийн холбогдох албаныхан болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцож байна.

Энэ үеэр “Эрсдэлийн үеийн мэдээлэл харилцаа холбоо нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үеийн эрт сэрэмжлүүлэх”, “Монгол Улс дахь цочмог халдварт өвчний өнөөгийн байдал, эрсдэл, тэдгээрийн дэгдэлтийн үеийн мэдээлэл харилцаа холбоо”, “Зоонозын халдварт өвчний талаар олон нийтэд шуурхай мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх”, “Үйл явдлын мэдээлэл цуглуулах, ард иргэдэд сэрэмжлүүлэх” зэрэг сэдвийн дор мэдээлэл өгч, харилцан ярилцаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Номин талст, Сүнс, Камертон, Салхи, Guys хамтлагууд хамтарсан тоглолт хийнэ

“Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” хамтлагийнхан хамтран, ирэх аравдугаар сарын 9-нд “Ub Palace”-т “Мартагдашгүй” нэртэй тоглолтоо толилуулах гэж байна. Хэвлэлийн бага хурлын үеэр “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “Би энэ тоглолтыг мөрөөддөг байсан. Олон жилийн өмнөөс ийм тоглолт хийхээр ярьсаар ирсэн. Энэ маань биеллээ олох гэж байгаад баяртай байна. Хэдийгээр бид тус тусдаа хамтлагууд ч гэсэн энэ удаад нэгдэн, нягтарч гарын таван хуруу мэт болох ёстой. Ингэж байж үзэгчдийг байлдан дагуулсан, бут авсан тоглолт хийх учиртай” гэв.

“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ “Мэдээж үзэгч олныг байлдан дагуулсан, тэдний дурсамжийг сэдрээх сайхан хайрын дуунууд эгшиглэх болно. Бид ч өөрийн уран бүтээлээсээ сонгож, хайрын сайхан дуунаасаа дуулна” хэмээн ярьсан юм. Харин “Guys” хамтлагийн дуучин М.Мягмар “Тоглолтыг жүжигчилсэн хэлбэрээр найруулан тавина. Хамтлаг тус бүр шилдэг уран бүтээлээсээ хүргэнэ. Гэхдээ манай хамтлаг ямар дуу дуулах вэ гэдэг нь сюрприз хэвээр байсан дээр болов уу” гэв.

Хамтлагийнхны хувьд дууны сонголтын асуудал маш хүнд байгаа хэмээн онцолж байв. Энэ талаар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “Нөгөө хамтлагуудынхаа дууны сонголтыг харахаар сүрдмээр сүрдмээр хит дуунууд байсан. Тийм болохоор манай хамтлагийнхан дууны сонголт дээр нэлээн эргэлзэж, бодож, хүнд сонголт хийхээс аргагүйд хүрсэн” гэв. Тоглолтын тасалбарын үнэ 40, 80 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Categories
гадаад мэдээ

Си Жиньпиний АНУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна

Хятадын удирдагч Си Жиньпиний АНУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Тэрбээр энэ сарын 22-нд гэргийн хамт АНУ-ын Сиэтл хотоос айлчлалаа эхлүүлсэн юм. Си Жиньпин энэ удаагийн айлчлалаараа хоёр орны хооронд үүссэн үл ойлголцлыг арилгах, АНУ-ын бизнес технологийн салбарын томоохон төлөөлөгчидтэй уулзаж, хэлэлцэх аж. Энэ үеэр кибер халдлагын асуудлыг гол болгон хэлэлцэж байна.

Жиньпин очсон өдрийнхөө орой улс, төр бизнесийн төлөөлөгчидтэй уулзсан бол есдүгээр сарын 23-нд Полсоны хүрээлэнд болсон бага хуралд оролцлоо. Мөн Эверетт хот дахь Boeing компанийн угсралтын үйлдвэрт зочилжээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын кибер тагнуулчид АНУ-ын Засгийн газар, томоохон компаниудын сүлжээнд халдсан талаар Вашингтоноос мэдээлж байсан. Мөн Хятадад амьдарч байсан Санди Фан Гиллис гэгч эмэгтэй тагнуулын хэргээр хоригдсон зэргээс үүдэн хоёр орны хооронд багагүй зөрчилдөөнтэй асуудал байгаа юм. Эдгээр асуудлаар талууд хэлэлцжээ. Си Жиньпин Америкийн томоохон хэвлэлийн нэг болох “Уолл Стрит Журнал”-д ярихдаа “Кибер тагнуул болон сүлжээнд нууцаар нэвтрэх нь хууль бус. Хятадын Засгийн газар ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг дэмждэггүй” гэжээ. Түүний айлчлалын үеэр Сиэтл хотод мянга гаруй хүн оролцсон жагсаал болж айлчлалыг нь эсэргүүцсэн бана.

Ноён Си Жиньпин есдүгээр сарын 25-нд Вашингтон хотыг зорин, Б.Обаматай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн оройн зоог барих аж. Харин есдүгээр сарын 28-нд Нью-Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Батсайхан: Ам.долларын ханш өссөн шалтгаан нь сэтгэлгээнээс болоод байна

Төрийн
банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхантай ярилцлаа.

-Орон сууцны
зээлийн урьдчилгаа арван хувь байх нь хэр бодитой шийдвэр вэ?

-Боломжгүй зүйл
байхгүй. Гэхдээ боломж ба шийдвэрийн үр дагавар гэж бий. Өмнө нь боломжийг нь
бүрдүүлээд 70 хувийг нь зээлж байсан. Тэр утгаараа тухайн зээлдэгчийн нэг сард
төлөх ачаалал харьцангуй бага байсан л даа. Арван хувь гэдэг маань ерэн хувиар
зээл авна гэсэн үг. Сарын төлбөр нэмэгдэж, тухайн сард ногдох хэмжээ өндөрсөөд
ирнэ. Хугацааны хязгаараасаа хамаараад
зээлийн өр орлогын хэмжээ хангагдахгүй
байх магадлал өснө. Урт хугацаандаа өрийн дарамт өснө. Тухайн хүндээ зээлийн багцын ачааллыг
нэмэгдүүлнэ. Уг нь олон хүнд зээл олгох тусмаа сайн. Арван хувийн
урьдчилгаагаар орон сууцны зээл олговол зээл олгох хүний тоо харьцангуй цөөрөх
магадлалтай. Таван хүн тутамд нэг зээлдэгчийн тоо хомсодно гэсэн үг.

-Долларын
хадгаламжийн хэмжээ өсч, төгрөгийнх буурч байгаа гэсэн. Энэ хэр бодитой тооцоо
вэ?

-Ер нь бол
дотоодын эх үүсвэр хомсдож байгаа. Эдийн засгийн ДНБ саарсантай холбоотой л
доо. Энэ оны эхний хагас жилд ДНБ гурван хувиар өссөн. Тэгэхээр энэ хэрээр
хуримтлалын хэмжээ буурна гэсэн үг. Үүнийг дагаад хадгаламжийн хэмжээ буурах
хандлага ажиглагдаж байгаа. Төгрөгийн хадгаламж буураад долларын хадгаламж
өсөөд байгаа. Долларжих хандлага өндөр байна гэсэн үг. Монголын хувьд хаана ч
байхгүй онцлогтой. Сэтгэлгээнээс их хамааралтай эдийн засаг. Хүмүүсийн
хандлагын өөрчлөлтөөс эдийн засаг нь хамаараад байдаг. Долларын хадгаламж өсөөд
байгаа нь ийм учиртай. Түүнээс биш долларын хэрэгцээ тэр хэмжээгээр өссөн хэрэг
огт биш. Оны эхний хагас жилд гадаад худалдааны тэнцэл эерэг байгаа. Импорт
буурсан, экспорт өссөн. Уг нь онолын хувьд экспорт нь өсөөд, импорт нь буурч
байгаа нөхцөлд долларын ханш сулрах ёстой. Гэтэл сулрахгүй байгаа нэг шалтгаан
нь ам.долларын хадгаламж өсч байгаатай холбоотой. Эдийн засгийн эрэлт нийлүүлэлтийн
харьцаагаараа зохицуулагддаг долларын үнэ маань буурах нөхцөл байдал үүсчихээд байхад
буурахгүй байна гэдэг сэтгэлгээ нөлөөлсөн хэрэг л дээ.

-Зээлийн чанаргүйдэл
банкуудын толгой өвтгөсөн асуудал. Энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

-Нийслэлийн хэмжээнд
чанаргүй зээлийн нийт багцад эзлэх хувь хэмжээ 6.9 хувь болоод өсчихсөн. Мэдээж
хамгийн эхний том нөлөөлөл бол уул уурхайн зогсонги байдал. Мөн барилгын салбарын
борлуулалтаас хамаарч байгаа. Барилгын салбарын хувьд эрэлтээс нийлүүлэлт нь давчихсан.
Үүнээс болоод орон сууц борлогдохгүй байх
хандлага ажиглагдаад эхэлчихлээ. Өөр нэг онцлох зүйл гэвэл эдийн засаг зогсолтын
байдал руу орчихлоо. Түрүүн хэлсэнчлэн сэтгэлгээтэй холбоотой зүйл ч байгаа. Эдийн засаг маань буурчихаагүй. Бага ч гэсэн өсч
байгаа. Гадаад худалдааны баланс эерэг нөхцөлд өнөөдрийн түвшинд гацалт үүсэх учиргүй
л дээ. Сэтгэлгээ талаас нь тайлбарлавал цаашид яах бол гэдэг байдлаар худалдан авалтан
дээр зогсолт үүсчихээд байгаа юм. Хандлагыг хараад байна гэсэн үг. Үүнийгээ дагаад
бизнесүүдийн дунд өр авлагын хэмжээ нэмэгдчихсэн. Энэ нь эргээд зээл төлөх чадварт
нөлөөлж байгаа. Ялангуяа уул уурхай, барилгын зээл өндөртэй банкнууд дээр эрсдэлийн
түвшин өндөр байна.

-Эдийн засаг хоёр,
гурван жилдээ сэргэхгүй гэж байгаа энэ үед зээлийн багцад сөрөг нөлөө гарах нь ойлгомжтой.
Ер нь ийм үед банкууд яах ёстой вэ?

-Банкууд зээл олгохдоо
тодорхой тооцоо судалгаа, ирээдүйн урсгалын төсөөллийг хардаг. Онолын хувьд бизнес
эрхлэгчдийн орлого гучин хувиар буурахад банкны зээл төлөх чадварт нөлөөлөхгүй байхаар
зохицуулалттай явж байгаа. Гэхдээ 30 хувь гэдэг бол хатуу тоо биш. Тодорхой хүчин
зүйлийн нөлөөлөл байна. Бизнесийн зогсолтын нөлөөллөөс болж зээл төлж чадахгүй байдалд
орох тохиолдол гарч байгаа. Энэ мэт нөхцөл байдал үүсчихсэнийг үгүйсгэхгүй. Үүнээс
гарахын тулд банкууд харилцагчтайгаа илүү ойр ажиллах ёстой. Зээлийн эрсдэл гэдэг
бол ганцхан банкны эрсдэл биш. Харилцагчийн өөрийнх нь эрсдэл. Тийм учраас харилцагчтайгаа
ойр, эргэх холбоотой ажиллах ёстой.

-Уул уурхай гэхэд
ойрын жилүүддээ сэргэхгүй гэж байгаа. Тэгэхээр уул уурхайн салбарт түлхүү зээл олгосон
банкуудын хувьд дампуурах эрсдэл өндөр байна гэж ойлгож болох уу?

-Банкуудын хувьд өөрийнх
нь менежмэнт. Хэрэглэгдэхүүн олон байгаа. Хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд
харилцагчдадаа авч хэрэгжүүлдэг арга хэмжээ хангалттай бий. Тэр арга хэрэгслээ цаг
алдалгүй авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгж байж
харилцагчаа, өөрсдийгөө ч эрсдэлээс хамгаална. Эрсдэлээс гарах арга замаа харилцагчтайгаа
нүүр тулж яриад хэрэгжүүлээд явбал тийм хүндрэлтэй асуудал одоогоор тохиогоогүй
байна.

-Юанийн ханш шинжээчдийн
таамгаар суларлаа гэхэд манайд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Эдийн засгийн нөхцөл
байдал хурдан хугацаанд саарч байгаа үзэгдэл ганцхан Монголд болж байгаа үзэгдэл
биш л дээ. Дэлхийн нэлээд хэдэн орон, ялангуяа Хятадад бий болчихсон. Үүнээс үүдэлтэй
сулрал манайд мэдээж сөрөг нөлөө үзүүлнэ. Гэхдээ манайх нийт импортынхоо 90 гаруй
хувийг зөвхөн Хятадтай хийж байгаа. Гадаад худалдааны тэнцлийн хувьд юанийн ханш
сулрах нь эерэг үр дагавар авчрах магадлал өндөр. Эсрэгээрээ эдийн засгийн нөхцөл
байдал иргэдийн санхүүгийн боловсролд эерэг нөлөө үзүүлж байгаа. Хэрэггүй зүйлээ
худалдаж авдгаа больж байна. Тэгэхээр импорт автоматаар буураад эхэлчихэж байна
гэсэн үг.

-Юанийн ханш суларвал
манайхаас худалдаж авдаг эрсдэлийн хэмжээ буурна гэсэн болгоомжлол бас бий…?

-Хэмжээ буурахаас
гадна үнэ буурч байгаа асуудал бий. Зэсийн үнэ 18 орчим хувиар буурсан. Нүүрсний
үнэ 21 хувиар уруудчихсан. Энэ байдал эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх том хүчин
зүйл болоод байна л даа.

-Ам.долларын ханшин
дээр ямар төсөөлөл байна?

-Ер нь манай эдийн
засаг их жижигхэн. Тийм учраас том өөрчлөлтөөс хамаарах хамаарал нь их өндөр. Оюутолгой,
Тавантолгой хэрэгжээд явчихвал манай эдийн засаг дороо сэргээд ирнэ. Эдийн засаг
сэргэхийнхээ хэрээр экспортоо нэмээд явчихвал долларын ханш буурна. Өнгөрсөн хоёр,
гурван жилийн хугацаанд бид экспортыг орлох чиглэлийн бүтээгдэхүүнээ дэмжчихлээ.
Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн олон болж байна. Гаднаас авч хэрэглэдэг байсан зүйлсээ дотооддоо
хэрэглэдэг болсон. Муу сайн хэлэгдээд байгаа Чингис бондын үр өгөөж нь эргээд экспортыг
нэмэгдүүлэх хөшүүрэг болсон. Нөлөөллөө үзүүлж эхэлж байна л даа. Хамгийн сайн үр
дагавар нь импорт буурсан үзүүлэлт. Импортоор
авдаг байснаа дотооддоо хийдэг болчихсон. Цаашлаад экспортлох боломж гарч ирсэн. Экспортлох боломж нэмэгдэхийн хэрээр
дотогшоо урсах гадаад валютын урсгал нэмэгдэх юм. Энэ хэрээр төгрөгийн ханшийг чангаруулахад
эерэг нөлөө үзүүлэх юм.

-Төгрөгийн хадгаламжийн
хүүнээсээ татвар төлөх хуульд банкуудад ямар нөлөө үзүүлэх бол?

-Банкууд зээлийн
хүү өндөр байна гэж ярьдаг даа. Үүний цаана хадгаламжийн хүү өндөр байгаа юм.
Олон улсын түвшинд хадгаламжийн жилийн хамгийн өндөр хүү гурван хувьтай байгаа.
Гэтэл манайд бараг хорин хувь хүрээд байгаа. Зээлийн хүү олон улсад есөн
хувьтай байхад манайх бас л хорин хувьтай байна. Тэгэхээр хадгаламжийн хүү өндөр
байгаатай холбоотойгоор нийт санхүүгийн секторын 90 хувь нь банкин дээр ирчихэж
байгаа юм. Хадгаламжийн хүүгээр орлого олж байгаа бол түүнээс нь татвар авна гэдэг
хууль хэрэгжээд эхэлсэн нь ийм учиртай. Энэ хууль хэрэгжээд эхлэхээр хадгаламж эзэмшиж
байгаа хүмүүс өөр хөрөнгө оруулалт руу мөнгөө байршуулах ч юм уу, хадгаламжийн хүүгээ
өсгөхийг шаардах гэх мэт хандлагууд гарах байх.

-Банкны салбарт
энэ л асуудал болоод байгаа даа гэсэн шалтгаан байна биз?

-Миний бодлоор банкны
сектор харьцангуй сайн хөгжиж байгаа. Саяхан даа, Азийн банкны холбооны гучдугаар
чуулган гэж Монголд болсон. Азийн банкирууд Монголд ирж Монголын банкны үйл ажиллагаатай
танилцаад явсан. Тэд Монголын банкны системийн хөгжлийг дэлхийн хэмжээнд хүрчээ
гэж дүгнэсэн. Энэ бол том үнэлгээ. Банкны системийн хөгжил дэлхийн түвшинд хүрсэн
юм бол эрх зүйн орчин нь бас тэр хэмжээнд хүрэх ёстой. Эрх зүйн орчин хоцроод яваад
байх талтай. Банкны холбоо энэ тал дээр санаачилга гаргаж ажиллаж байгаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Дозынхон “Бид Элэг Нэгтэн” уралдааныг зарлалаа

“Хөх толботон”, “Кино шиг амьдрал”, “Дүүлэн нис” зэрэг дэлгэцийн бүтээлүүдээ үзэгчдэд хүргэсэн DOZ энтэйртаймэнт өдгөө Doz Plus энтэйртаймэнт болон өргөжиж шинэхэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. “Doz Plus” энтэйртаймэнт,
“Me Monwichit Production”, “Spear” production хамтран бүтээсэн “Элэг Нэгтэн” уран сайхны киноны албан ёсны трэйлэр гарч та бүхэндээ өмнө нь хүргэсэн.
Тус киноны найруулагчаар Ш.Доржсүрэн, продюсераар А.Мөнгөнзул, зохиолчоор Ш.Доржсүрэн, Ж.Дүүрэнтөгс, Ц.Байгалмаа нар ажилласан бөгөөд уран бүтээлчдийн зүгээс Бид Элэг Нэгтэн уралдаан зарлажээ. Тодруулбал, Хэн нэгэн таньд чин сэтгэлээсээ туслаж байсан, өөр хэн нэгэн таньд энгийн бөгөөд сэтгэлээсээ туслаж байсан, эсвэл өөр хэн нэгний тусыг та харж байсан бол тэр сэтгэл хөдлөм мөчүүдээ (Зураг, Текст, Видео) болгон Элэг Нэгтэн МУСК фэйсбүүк хуудас руу илгээнэ. Ингэхдээ тус хуудастлайк дарж, тус постыг Public тохиргоотой шэйр хийсэн байх.

Шалгаруулалтыг
2015 оны
09-р сарын 23-аас 10-р сарын 01-ны 12:00 цагаас өмнөх хугацаанд Хамгийн их лайк, шэйр, сэтгэгдэл цуглуулж оноо авснаар хамгийн олон оноотой эхний гурван хүнд 10-р сарын -2нд болох “Элэг нэгтэн” УСКиноны нээлтэнд хүрэлцэн ирэх хос урилга болон Доз Плас энтертайментын гарын бэлгийг гардуулах юм.

Оноо авах журам, Пэйж лайк хийх – 2 оноо, Тус постыг шэйр хийсэн байх (Public) – 2 оноо, Таны бидэнд явуулсан мэдээллийн пост

Оноог бодох журам, 1 Лайк – 1 оноо, 1 сэтгэгдэл – 1 оноо, 1 шэйр 1 оноогоор тус тус бодох гэнэ.