Categories
арын-нүүр булангууд мэдээ

Тулай өвчин дөч гарсан эрчүүдэд ихэвчлэн тусдаг

Тулай өвчин нь голдуу дөч гарсан эрэгтэй хүнд тусдаг. Сүүлийн үед хоолны зуршил европжсоноор өвчлөгсдийн нас урьд өмнөхийг бодвол залуужиж хорь гучин насныханд ч илрэх болжээ. Тулай өвчнөөр өвчилсөн хүн үе мөчний үрэвслээр өвдөхөөс гадна бөөр юм уу тархи, зүрх судасны согог тусах тохиолдол их байдаг тул биеэ бүхэлд нь арчилж тордож байх нь чухал аж. Тулай хурц өвдөлтийн үед бусад үе мөчний үрэвслээс хүчтэй өвддөг. Мөн түүнчлэн нэг шөнийн дотор хавдаж хүндрэх нь ч байдаг гэнэ. Ойролцоогоор ерэн хувь нь нэг үенд байнга дахьдаг бөгөөд хөлний хурууны эхний үед тусах тохиолдол элбэг байдаг. Тохой, өвдөг, гарын хурууны үенд ховор тохиолдоно. Архаг тулай өвчний үед сул өвдөлт үлддэг. Тулай өвчинтэй нягт холбоотой өвчин бол хэт таргалалт, цусан дахь өөх тосны хэмжээ ихсэх, өндөр даралт, судасны хатуурал, чихрийн шижин зэрэг бөгөөд эдгээр өвчний үед цусан дахь шээсний хүчлийн хэмжээ өндөр гардаг.

Тулай өвчнөөс үүдэлтэй үе мөчний үрэвсэл нь уурган дахь пурины солилцоо муудсанаас болж түүний ялгарал болох шээсний хүчил үе мөчинд талст бий болгосноор үрэвсэл үүсгэдэг өвчин юм. Ихэвчлэн үүрээр үе мөч өвдөж сэрдэг бөгөөд үе мөч улайн хавдаж хүчтэй өвддөг. Ийм өвчтэй хүн амьтны дотор эрхтэн, чөмөг, тархи, загас, сам хорхой, шош зэрэг пурин элбэг агуулагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн идэхийг чанд хориглох хэрэгтэй.Тос, чихэр, давс багатай зүйлс идэхийг эрхэмлэж, зохих хэмжээний уураг элбэгтэй хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Буцалсан ус ахиухан уух сайн ч бөөрний чадавхи муудсан хүн болгоомжтой хандах хэрэгтэй гэнэ. Хамгийн гол дэглэм нь архи уухыг цээрлэх.

Ялангуяа шар айраг, айраг, кофе, цай зэргийг бага хэрэглэж, халуун ногоо зэрэг өдөөлт ихтэй хүнсний зүйл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ойр ойрхон шинжилгээ өгч, биеийн жингээ тогтоон барьж, тураах дасгал, биеийн тамирын дасгал бэлтгэл хийн, биеийнхээ дархлааг нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Бөөсөнд хутга гаргадаг сайд нар олшрох төлөвтэй” нийтлэлийг гуравдугаар нүүрнээс уншаарай

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Хоёрдугаар нүүрт Батлан хамгаалах яамны дэд сайд А.Баттөртэй “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдийн байрны асуудлаар ярилцлаа. Тодруулбал хэдхэн хоногийн өмнө С.Цэрэнчимэдэд өгсөн хоёр өрөө байраа Батлан хамгаалах яамнаас нэг өрөө болгожээ хэмээх шуугиан цахим ертөнцөд дэгдээд байсан билээ. Гуравдугаар нүүрт “Бөөсөнд хутга гаргадаг сайд нар олшрох төлөвтэй нийтлэл” орсон бөгөөд Зам тээврийн яамны сайдаар томилогдоод удаагүй байгаа М.Зоригтын зарим зохисгүй үйлдлийг шүүмжлэн бичжээ. Тухайлбал тэрээр сайд болуутаа яамынхаа сошиал медиаг хааснаар Зам тээврийн яамны ажилчид фейсбүүк, твиттерт орох эрхээ хасуулсан юм. Мөн зүүн аймгуудын замын компанитай яамны зүгээс байгуулсан гэрээг цуцалснаас гадна “Чингис хаан” олон улсын нисэх буудалд гэнэтийн шалгалт хийсэн байна. Энэ талаарх дэлгэрэнгүйг гуравдугаар нүүрнээс уншаарай. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Сайдын цаг” уулзалтад оролцох үеэрээ нефьт боловсруулах цогцолборын ажил эхэлсэн, адууны ширийг экспортлох эрх нээлттэй байгаа, 2017 он гэхэд бүх аймгийг хатуу хучилттай авто замаар холбох болон ирэх хавраас зарим төрлийн хүнсний ногооны татварыг нэмэгдүүлэх болсон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. Сонины зургадугаар нүүрт “Хуулийнхны хатуурхал буюу Д.Амарсайхан агсны үхлийн шалтгаан” хэмээх цуврал нийтлэлийн эхний хэсэг гарлаа. Одоогоос жил таван сарын өмнө газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Д.Амарсайхан цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа учир битүүлгээр амиа алдсан билээ. Түүний биеийн байдал хүндхэн байсан учраас өмгөөлөгч нь шоронгоос гаргах хүсэлтээ удаа дараа тавьж байсан ч хүлээн аваагүй юм. Ирэх сарын 9-нд “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” зэрэг хамтлагийн уран бүтээлчилд хамтарсан тоглолтоо хийх байгаа билээ. Тус тоглолтын талаарх “Салхи” хамтлагийн дуучин Б.Энх-Учралын ярилцлага 17 дугаар нүүрт орсон бол Английн “Ливерпүүл” багийн тоглогч Жерардын амьдралын талаарх сонирхолтой нийтлэл 16 дугаар нүүрэнд багтлаа. Түүнчлэн МАХН-ын (одоогийн МАН) ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Даш-Ёндонгийн ярилцлаганы үргэлжлэл, гавьяат багш Д.Мандахсан, “Чингис лэнд девелопмент” группын гүйцэтгэх захирал Г.Гантулга нарын сонирхолтой ярилцлагууд өнөөдрийн дугаарт багтлаа.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан нийтлэлийг уншаарай

Одоогоос жил таван сарын өмнө газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Д.Амарсайхан цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа учир битүүлгээр амиа алдсан билээ. Түүний биеийн байдал хүндхэн байсан учраас өмгөөлөгч нь шоронгоос гаргах хүсэлтээ удаа дараа тавьж байсан ч хүлээн аваагүй юм. Тэрээр саатуулагдахаасаа өмнө эмчилгээ хийж байсан гэдэг. Шалтгааныг нь хуулийнхан “Дээрээс өгсөн шийдвэр” гэснээс тоймтой хариу өгөлгүй хорьсоор л байсан юм. Харин түүнийг нас барсны дараахан амиа хорлосон, зүрхний шигдээсээр нас барсан гэсэн албан бус яриа гарснаас бус хуулийнхан, холбогдох албан тушаалтнууд бодитой мэдээлэл өгөөгүй юм. Тухайн үед УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж, хуулийнхны үйл ажиллагаанд шалгалт хийж байсан. Үүнийгээ Хууль зүйн байнгын хороонд ч тайлагнаж байсан. Гэтэл өнөөдөр талийгчийн ямар шалтгааны улмаас амь насаа алдсан нь тодорхойгүй байсаар байна. Хуулийнхан, намын нөхөд нь ч түүний талаар дурсахаас зайлсхийх болсон өнөө үед бид хэргийг мартагнуулж бус, үнэнийг олох ёстой гэдэг байр сууринаас эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайлаа. Д.Амарсайхан агсны үхлийн шалтгааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, баримт, нотолгоог “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас бүрэн эхээр нь уншаарай.

Categories
мэдээ спорт

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар зодог тайлах шийдвэр гаргажээ

Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар өнөөдөр зодог тайллаа. Тэрбээр “2016 оны Риоде Жанерогийн олимпод Монголын жудочид бахдам амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд, олимпийн тэнгэрт эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэхийн төлөө тамирчдаа бэлтгэж, гар бие оролцон, дасгалжуулахаар болсондоо баяртай байна. Олимпийн аварга хэмээх өөрийн авч чадаагүй цолыг өөрийн бэлтгэх тамирчдаараа авахуулахын төлөө чармайх болно оо. Зодог тайлах тухай Жудо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараанаас бодож эхэлсэн. Дасгалжуулагч болсноор заал танхимдаа ирдгээрээ ирж, бэлтгэл сургуулилтаа хийдгээрээ хийнэ” гэсэн юм.

Categories
булангууд мэдээ томилолт

Нарны солонго шиг үзэгдээд өнгөрсөн Чинжигийн Булган хангайгаар…

Түмэн хүн хөлхсөн
галт тэрэгний буудал түжигнээн тачигнаан дүүрэн. Ирж буцах хүний тавилантай
зүйрлэм одох, үдэхийн гэгээхэн гуниг хөшиглөн намиатна. Булган хангайн намар
өглөөгүүр будан хүдэнд нь хөлөө дүрж бууна гэхээс Эрдэнэт чигийн вагонд дөнгөж
суусан атлаа сэтгэл нэг л догдлонгуй. Эргэн тойрноо харвал над шиг догдлонгуй
хүн ч алга. Суудалдаа тухалсан зорчигчид “Одоо явдаггүй юм байх даа” гэж
битүүхэн хүлээсэн хүмүүс. Ер хүний хорвоо гэгч цаг мөч тутам хүлээж догдолж,
урагш тэмүүлэхийн гэгээн заяа гэлтэй. “Улаанбаатар” өртөөнөөс хөдөлснөөс хойш
хажууд тухалсан улаан тэрмэн дээлтэй, бүрх малгайтай хижээл нас­ны ах, сүүлд
танилцахад солонгос, түрэгт найман жил хараар ажилласан гэх залуу, орж ирсэн
цагаасаа ам хуурайгүй хүүрнэх тавиад насны эгч, “Этүгэн” сургуулийн нэгдүгээр
курсын оюутан хүү, Баруунхараа дээр бууна гэх аятайхан бүсгүй гээд хэдий сайн
танихгүй ч бүгд л сэтгэлд дотно санагдана. Ам хуурайгүй эгч Эрдэнэтийн
цагдаагийн томоохон албан тушаалтны гэргий гэнэ. Уурхайн хотхонд урд өдөр нь
үерхдэг бүсгүйгээ, эмээтэй нь, хүүтэй нь сүхдэж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан
тухай өгүүлж, аян замын хамсаатнуудаа түгшүүрлүүлээд авав. “Ийм ноцтой хэрэг
манай сонин дээр гарсан баймаар юм. Эрэн сурвалжлахын Хүрлээ “Балдорж” шагнал
авах гэж хөө­рөөд анзаараагүй өнгөрчихсөн юм болов уу” хэмээн өглөөнөөс хойш их
ажилтайдаа түүртэн гарчиглаж амжаагүй “Өдрийн сонин”-оо үүргэвчнээсээ гарган
шаржигнууллаа. Цагдаагийн даргын эхнэрийн амнаас сонссоноос өчнөөн бодитой,
хэдийнэ бичсэнийг уншаад, золгүй явдалд гуниглаж, эрээн бараан аж төрөл, эгэл
жирийн ардынхаа зовлонг ч алдаа оноогүй бичиглэдэг үзэг нэгтнээрээ бахархах
сэтгэл төрлөө.

Нийтийн вагоны
дотоод долгионоор

“Аргадаж
гэгэлзсэн аялгууг сонсоход

Асгартал уйлмаар болдоггүй ч билүү

Алдаа онооны хатуухан үнэнийг

Атгахан зүрх дэнсэлдэггүй билүү

Эгшиг яруухан
дууны хорвоод

Эмзэг сэтгэл
бөмбөрөөд байх юм аа”

гэсэн ардын жүжигчин Долгорын сэтгэл гэгэлзүүлсэн дуу явж, нэг л амьдрах
энэ хорвоодоо утга учиртай амьдрахын гэгээн учиг хөвөрдөнө. Хүн ер нь юуны
төлөө төрж, юу бүтээж буцнам. Эхийн халуун хэвлийгээс хүй орчлонд унахдаа муу
үйл үйлдэж, эцэг эх, элгэн саднаа зовоох гэж алтан рашаан шиг амьдын агаар
залгилдаггүй байлтай. Ийм нэгэн гуниг сэтгэлийн гүнд огшино. “Тэр залуу яах гэж
энгэртээ наасан энхрий хайртнаа түйвээв ээ. Хэрвээ энэ дууг сонсоод утгын
гүнийг нь мэдэрч чадсан бол тийм булай хэрэг үйлдэхгүй л байх байсан даа”
гэхээс нулимс аяндаа цийлэгнэнэ. Галт тэрэг түжигнэн тачигнан харанхуйн дундуур
урагшлах нь угсраагаар тачигнатал галлах нэгэн хүчит бууны сум хар эрчээрээ хаа
нэгтээ очиж хагацал гунигийг бэлэглэх гэж исгэрэн нисэж явах шиг санагдана. Түг
таг, түг таг. Нэг л түгшүүртэй ч юм шиг нойр ч эс хүрнэ. Дарханы өртөөн дээр
зогсох бүтэн цагийн хооронд таван вагоноор тусгаарлагдан нэгэн харгуйд хамт
яваа гавьяат жүжигчин Намдагийн Төмөрхуяг ахын тусгай өрөөнд зочилж, халуун
элгэн сэтгэлээр хууч баахан хөөрөв. Бид төрийн соёрхолт хөгжмийн зохиолч
Цэдэн-Ишийн Чинзоригийн “Дууны хорвоо” улсын уралдааны зочноор уригдаж яваа юм.
Төмөрөө ах “Чинжигийнхээ “Намрын дурсамж”, “Хорвоод ганцхан ээждээ” дуунуудыг
дуулж хос жигүүртэй явсан залуу халуун өдрүүд минь энүүхэнд юм шиг санагдаж
байна. Танай Хонгор нутгийн яруу найрагч Намжимын Сүхбат бид ч их дотно явлаа шүү дээ.

Чинзориг сүүлд
надад

“Марал мичдийн
анивчаан дундаа

Манхайх саран
гэрэлтэй юм даа

Булгилах
зүрхэнд хүсэл дуудсан

Булбарай чи
минь ганцхан юм даа”

гэсэн үгтэй “Холын од руу харвачих вий дээ” дуугаа өгөхөд нь дуулаагүй.
Налайхын уурхайд осол гарч арваад сайхан залуу эндээд, тэдний нэг
Д.Баасанжаргал гэх залуугийн тэмдэглэлийн дэвтрээс олдсон үг шүү дээ. Би өмнө
нь Чинжигийнхээ гунигтай аялгуутай хэд хэдэн дууг дуулж алдрын моринд дөрөөлөөд
байсан ч нэг л дуулж төвдөхгүй буцааж өгсөн. Харин “Чингис хаан”-ы Жагаа маань
дэндүү сайхан дуулсан даа. Чинзоригийн дуу ер нь л нэг хүний сэтгэлийн
чавхдасыг хөндсөн аятай, цаанаа л нэг амьд байдаг юм даа” гэснээ “Чинжиг минь
их зөөлөн сэтгэлтэй хүн сэн. Яруу найрагч Шагдарын Уянга тэр хоёр нийтийн
унаанд явж байтал нүдэнд хүйтэн нэг залуу ирж дээрэлхэн, сандал дээр нь суугаад
тэр хоёрыг буулгахад унааны мөнгөгүй алхаж явахдаа “Төмөрөө минь байсан бол бид
хоёрыг дээрэлхэж чадахгүй дээ” гэж хоорондоо ярьж явсан байдаг юм, хөөрхий дөө”
гэж нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэв. Энэ л үед Чинжиг аялгуу зохиосон төрийн
шагналт зохиолч Далхаагийн Норовын “Эцсийн тушаал” жүжгийн дууны

“Хүлгийн
сайныг унасан юмсан

Хүний дээд нь
явсан юмсан

Хүүгээ үнсэж
амжаагүй юмсан

Хүслээ гүйцээж
чадаагүй юмсан”
гэсэн
гашуухан үг цээжин цаана огшоод ирлээ. Халхын сайхан дуучинтай уулзаад
харанхуйд вагон руугаа алхаж явахад эгшигийн гэгээт их туурвилчийн аялгуунууд
чихнээ сонсогдох шиг болж сэтгэл нэг л цэлмүүхэн болов. Эрдэнэтийн өртөөн дээр
үүрийн жингээр буухуй намрын өглөө нэг л жихүүхэн. Биднийг тосох унаанууд
хэдийнэ иржээ. Хийл бололтой хөгжмийн зэмсэг үүрсэн хоёр тэрсхэн охин их
хөгжмийн зохиолчийн амьд ахуйдаа харж амжаагүй ихэр үрс Номинцэцэг, Сувданцэцэг
нар ажээ. Эрдэнэтээс цааш Овоотын хөтөл дээр гарч очиход наран сиймгэр пансан
үүлсийн чинадаас мандаж, сайтар ажвал эрдэнийн долоон өнгийн солонго нумлан
татжээ. Хамт яваа хөгжим бүжгийн багш бүсгүйчүүдэд сонин болгон хэлбэл тэгтлээ
тоосон шинжгүй. Намрын сайхан өглөө наран солонго харна гэдэг тийм ч элбэг
тавилан ч биш дээ, хорвоо минь.

Ийм л гэгээн
өглөө Чинзориг хөгжмийн зохиолч

“Алтан бороо
навчис асгарна

Аясын хонгор
салхи үлээнэ

Арын номин тайга дуниартана

Аав л ээжийн
минь нутаг санагдана

Моддын орой
тэндээ шуугина

Могодын айраг
дэргэд шаагина

Хайлан дуулан
суумаар аа

Хангайн сайхан
намар аа”
гэж
сэтгэлийн чавхдасаа хөглөн догдлон алхаа биз ээ. Монгол нутгийн минь баян
хангай Булган чигт намар налайжээ. Айлуудын яндангаас цэнхэр утаа эгц дээшээ
суунаглах нь тэнгэрийн мөнгөн зүү шиг санагдана. Тэртээ дээгүүр нисэн өнгөрөх
онгоцны цагаан утаатай тэр л тэнгэрийн мөнгөн зүү нийлж уярал хайр, учрал
хагацлын эгшгийг хөвөрдөн бүтэн бүрний хорвоог бүрдүүлэх мэт бодогдоно.
“Монголдоо алдартай “дүүгүүр” Гомбосүрэн начингийнх энүүхэн Зоон давааны доохно
шүү дээ. Айраг нь ч өдийд янзын байгаа даа” гэж нутгийн найрагч эгч цаанаа л
амттай тамшаалан, шүлсээ залгих нь шүлгээ уншдагаас нь ч уянгалаг юм шиг.
Айргийн бодон ганзагалсан хужаа мотоцикльтнууд замын дагуу үе үехэн шурхийн
зөрнө. Хөеөгөө зөөх хулгана шиг нэвсийтэл өвс ачсан бичил тэргүүд дэнхэлзэн
ойртож ирснээ сэвсхийн зөрж одно. Түлээ мод овоолон ачсан нэг нь харин нуруугаа
гонолзуулах гуна шиг аажуухан уужуухан урагшилна. Хүйтний улирлыг санаа амар
давах сан гэсэн хүн зоны хөдөлмөр бүтээлийн ид үе хөдөө нутагт айлчилжээ.
Ногоорон дуниарч, хүрэнтэн улаарч, алтран шарласан хөглөгөр моддын хаяагаар
зулзаган жаахан бургас, хуш эгнэсэн нь өвлийн өвөөгөө даган тойрон бүжигт ирсэн
тоодон даашинзтай цасан гоо охид шиг цаанаа л үзэмж төгөлдөр харагдана.

“Нарны
тасархай атгаж

Наадаж тоглосон нутаг юмсан

Насны босго алхаж

Наргиж цэнгэсэн газар юмсан

Өрөл мойлтой
нутагтаа

Өвлөөс урьтаад
очих юмсан

Өсөж торнисон
газартаа

Өвдөг сөгдөөд мөргөх юмсан” гэсэн буурал найрагч Н.Дагвадоржийн
“Нутгаа санах юм аа” шүлэгт нэрт хөгжмийн зохиолч маань ийм л гэгэлгэн намраар
аялгуу зохируулаа болов уу гэх бодол аяндаа төрнө. Чинжиг ер нь хаашаа ч янзын
гэгэлгэн гэгээн, уяхан сэтгэлтэн байсан юм бэ дээ. Аялгуу зохиосон дууных нь
шүлгүүдийг уншихад л аяндаа цээжлэгдмээр, аяыг сураад аялмаар дэндүү уяхан мөрүүд
тааралдаад нулимс мэлмэрэх гээд хэцүү юм. Булган хотын хаалгаар оров уу, үгүй
юу л төв засмалын дагуу Чинжигийн зураг хаа сайгүй өлгөөтэй харагдаж, “Дууны
хорвоо-2” гэсэн зарлалын хулдаасан хөшгүүдийг ирийтэл татжээ. “Ямархан хүү
төрүүлсэн”-ээ эх нутаг нь ийн гүнээ хүндэтгэжээ.

Есдүгээр сарын
18-ны өглөө “Булган” зочид буудалд аяны тоосоо шилгээсхийгээд аймгийн Хөгжимт
жүжгийн театрыг зүглэлээ. Булганчууд бүгд нэгэн дор цуглаа юу гэлтэй
хүн-цэцгийн хүрээлэн үүсчээ. Нийслэлд тэр бүрий нэгэн зэрэг таараад байдаггүй
ардын жүжигчин Н.Жанцанноров, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, ардын
жүжигчин Ш.Чимэдцэеэ, Самбуу, гавьяат жүжигчин, СУИС-ийн профессор
А.Ичинхорлоо, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа, урлагийн гавьяат зүтгэлтэн,
хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Т.Сэр-Од, Дархан хотын “Залуучууд” театрын дарга,
гавьяат жүжигчин Н.Түвшинтөгс, гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг, Ц.Өлзий-Орших,
Үнэнхүү, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Р.Энхбазар, Буянхишиг,
соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч С.Оюун, яруу найрагч У.Булган,
Ж.Батцэцэг, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын удирдаач, хурандаа Б.Ганхуяг,
Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэл, Буриад улсын
гавьяат жүжигчин Долгормаа, хөгжмийн зохиолчийн эгч Ц.Цэнд-Аюуш, гэргий
Д.Ганмягмар, хүргэн ах Батбаатар, ангийн багш Хандсүрэн, Цэгмид, ихэр охин
нарын хүндэт зочид, улсын уралдаанд оролцохоор ирсэн Өвөрмонгол, ОХУ-ын Буриад,
Монгол Улсын 89 мэргэжлийн дуулаачид. Монголын хөгжмийн их суутан, Могодын
тэнгэрлиг аялгууч, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн
нэрэмжит “Дууны хорвоо-2” олон улсын уралдаан

“Идэр омголон
насны өнгөөр

Эрдэж бардаж яваагүй билүү

Эндүү андуугийн халуухан харгуйд

Эргээд санахад харамгүй л билүү

Уянга яруухан
дууны хорвоод

Удаан
амьдармаар санагдах юм аа”

хэмээн тэнгэрийн их найрал эгшиглүүлэн ёслол төгөлдөр эхэлвэй. Багадаа
“Төмөртогоо” нэртэй байсан Чинзориг агсан түмэн зөгий, буман эрвээхэйг урин
даллах анхилуун балт цэцэг мэт хүмүүний дээд хөгжмийн гэгээн билигтэн байсныг
сэтгэлдээ бахархлын цуурайтай, нүдэндээ уярлын нулимстай харан баясав, би. Ай,
бараан бүхэн сарнин арилах аялгуу дууны хорвоо мину.

Уралдаан
эхлүүлээд хөгжмийн зохиолчийн багш Н.Жанцанноров, их туурвилчийн уран бүтээлийн
анд Б.Шарав нараар тэргүүлүүлсэн урлаг соёлынхон Ц.Чинзоригийн сурч байсан
нэгдүгээр сургууль, “Эрдэм” ахлах цогцолбор сургуулийн багш сурагчидтай уулзаж
халуун дулаан дурсамжаа хуваалцав. Булган хотын соёлын төвд мөн Чинжигийн
сурагч ахуйн ангийн хорин зургаан найзтай, олон түмэнтэй чин сэтгэлийн
хөөрөлдөөн үүсгэв. Дурсамж хөөрөлдөөн инээд хөөр, баяр гунигийн сувдан нулимс
дүүрэн өнгөрөв. Чинжиг ер нь их алиа, жигтэйхэн шооч хүн байсан гэнэ. Ганц
жишээ дурдахад л анд Шарав нь хань Ганмягмарыг нь гуйгаад ирэхэд “Зуу татдаг
нь манайд байна

Зурагтаар
гардаг нь танайд байна

Дуу зохиодог
нь манайд байна

Дурлалдаа
шатдаг нь танайд байна

Авгай сольдог
нь манайд байна

Авч суудаг нь
танайд байна”
гэж
гуйв уу хө гэж өөрийгөө хүртэл онигоонд оруулчихсан сууж байсан гэнэ. Төрийн
соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны нэрэмжит “Дууны хорвоо-2” улсын
уралдаан хоёр өдрийн турш дуу хуураар цалгисны эцэст Цэргийн дуу бүжгийн
эрдмийн чуулгын дуучин Б.Батбаатар тэргүүн байр, таван сая төгрөг, цорын ганц
хувь Чинзоригийн дүр бүхий цомын эзэн болсон. Удаах байруудад аймгийн Хөгжимт
жүжгийн театрын дуучин Б.Чинсанаа, Үндэсний дуу бүжгийн чуулгын дуучин, соёлын
тэргүүний ажилтан П.Баярмагнай, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин
Д.Содномдаржаа, Улсын филармонийн дуучин Т.Отгонбаяр нар шалгарсан юм. Булган
хангай нутгаас хүлгийн жолоо залахад “Мөнгөн сартай уйтан замбуулинг

Мөнхийн юм шиг
санаагүй л билүү

Сүүдэр гэрлийн
алагхан заяаг

Сүүмэлзээд
өнгөрөхөд гунихгүй л билүү

Айзам яруухан
дууны хорвоод

Ахин дахин
төрмөөр байх юм аа”

гэж амандаа аялсаар унаандаа суув. Бүтэн хоёр хоног энэ дууг чагнасаар чихэнд
хоногшсоных ч биш аяндаа л сэтгэлд нэгийг өгүүлж аялагдаад байсан даа. Ай,
Чинжиг гэж аугаа тэнгэрийн туурвилч юм даа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд КАРЕК-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцлоо

Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөгжлийг дэмжих, бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК Азийн хөгжлийн банктай хамтарч Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр КАРЕК -ийн “Хөрөнгө оруулалтын чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Чуулганд 26 улсын 350 орчим төлөөлөгч оролцож “Зөв хөрөнгө оруулалтыг хэрхэн олж тогтоох, хэрэгжүүлэх” талаар өөрсдийн туршлагаа хуваалцахаас гадна CAREC-ийн гишүүн орнуудын өндөр албан тушаалтнууд өөрийн улс орны бизнест хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалт татах тэргүүлэх салбаруудаа танилцуулж, шинэ бизнес, шинэ хөрөнгө оруулалтын боломжийн талаар хэлэлцэж байна.

Тус чуулга уулзалтын үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, КАРЕК -ийн гишүүн орнуудтай хамтран бизнес эрхлэх, олон улсын хөрөнгө оруулагчидтай уулзах боломжийг Монголын бизнес эрхлэгчид, компаниудад олгох ийм арга хэмжээ зохион байгуулж буй “Эрдэнэс Монгол” ХХК, Азийн хөгжлийн банк болон оролцсон бүхий л хүмүүст талархлаа илэрхийллээ.

Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК) бол энэ бүс нутагт эдийн засгийн хамтын ажиллагаа болон бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хөгжлийг дэмжих, ялангуяа, ядуурлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг хөтөлбөр юм. Гишүүн орнуудын хувьд хөтөлбөрт хамрагдсанаар бусад орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулах нөхцөл боломж бүрдэж байна. Монгол Улс энэ хөтөлбөрийг эхнээс нь идэвхтэй дэмжиж оролцож ирсэн гэлээ.

Азийн хөгжлийн банк сүүлийн 25 жилийн хугацаанд манай улсын хөгжлийн гол түнш байж, олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллаж ирсэн. Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, тус хөтөлбөрийн гишүүн орнууд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломжтой. Монгол Улс эдийн засгаа бэхжүүлэхийн төлөө үндэсний хэмжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Олон төсөл хөрөнгө оруулагчаа хүлээж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, хамтран ажиллах боломж, бизнес эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар ажиллаж буй. Ийм боломж нөхцөлийг бүрдүүлэх нь манай улсын хөгжлийн гол тулгуур гэдгийг Ерөнхий сайд онцлоод хамтран ажиллахыг урьж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Махны үйлдвэрт эрсдлийн үнэлгээ хийх төлөөлөгчид иржээ

Монгол Улсын Засгийн газар хоёр хөршдөө 1 тэрбум
ам.долларын мах экспортлохоор болж, хэлэлцээрүүд хийгдэж байгаа.

Мах экспортлох бэлтгэл ажлын хүрээнд БНХАУ-ын
хорио цээрийн байгууллагын найман төлөөлөгч ирж, баруун аймагт судалгаа
шинжилгээ хийхээр болжээ. Төлөөлөгчид махны үйлдвэрүүдэд эрсдлийн үнэлгээ хийж,
хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаж байгааг шалгах аж.

Шалгалтын дүн гарсны дараа БНХАУ-д мах экспортлох
үйлдвэрүүдэд нэмж зөвшөөрөл олгох асуудал яригдах юм байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар мах экспортлох
зөвшөөрөлтэй 41 үйлдвэрээс 26 нь ОХУ-д, таван үйлдвэр нь БНХАУ-руу гаргах
зөвшөөрлийг тус бүр авсан байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас аналог станцуудыг унтрааж эхлэнэ

Манай улсад өргөн нэвтрүүлгийн аналог
системээр телевиз үздэг 160-200 мянган хэрэглэгч байдаг аж. Эдгээрийн 100 орчим
мянга нь зөвхөн нийслэлд бүртгэлтэй гэсэн судалгаа байдаг байна.
Даяаршлын эрин үед уг системийг халж тоон системд шилжих зайлшгүй шаардлага
гарч буй тул өнгөрсөн оны долоодугаар сарын 31-нээс эхлэн аналог
системийг тоон систем болгох ажил эрчимжиж эхэлсэн.

Тэгвэл маргаашаас эхлэн Улаанбаатар хотын
зарим хэсэг болон Баян-Өлгий, Ховд, Увс аймагт цөөн тооны байршилд өргөн
нэвтрүүлгийн аналог системийг унтрааж эхлэх бөгөөд ирэх оны
нэгдүгээр сарын 1-н гэхэд Монгол Улс тоон системд бүрэн шилжсэн байх юм.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймагт робот сургалтын лаборатори байгуулжээ

Өвөрхангай аймгийн Уянга сумын сургууль лего робот сургалтын лабораторитой боллоо. Ерөнхий боловсролын сурагчдад техник технологийн суурь боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилт бүхий Залуу зохион бүтээгчдийн дугуйланг сэргээх санаачилгыг УИХ-ын дарга З.Энхболд гаргасан бөгөөд “Аум алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мягмардорж 40 сая төгрөгөөр санхүүжүүлснээр Уянга суманд лего робот сургалтын лаборатори байгуулсан байна.

Мөн “Робот хөгжил” ТББ- аас Уянга сумын ерөнхий боловсролын сургуулиудын зургаан багшийг сургалтад хамруулжээ. Тус лабораторид ухаалаг самбар, компьютер, роботын төхөөрөмж гээд шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг суурилуулсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 11.2 сая ам.доллар нийлүүлжээ

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1993.20-1999.10 төгрөгийн ханшаар 24.0 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Мөн 310.06-311.61 төгрөгийн ханшаар 36.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Монголбанк 11.2 сая ам.долларыг 1996.00 төгрөгийн хаалтын ханшаар, 10.50 сая юанийг 310.66 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлжээ. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.