Categories
энтертаймент-ертөнц

Ховор ягаан алмаазыг дуудлагаар худалдана

Дуудлага худалдааны “Christie’s” ордон 16.08 кратын жинтэй, ховор ягаан алмаазыг Женевт үнэ хаялцуулах гэнэ. Энэ тухай Нью-Йорк хотын “Christie’s” ордны төлөөлөгчид мэдээлжээ.

Тэгш өнцөгт хэлбэртэй, шуудангийн маркийн хэмжээтэй уг чулууг 23-28 сая доллараар үнэлсэн байна. Уг алмааз нь урьд өмнө үнэ хаялцуулж байсан ийм төрлийн чулуунуудаас хамгийн том нь юм. Хэрэв ховор ягаан алмааз шинжээчдийн тооцоолсон үнэнээс илүү өндөр үнээр зарагдвал ийм төрлийн болон ийм өнгийн чулууны хувьд хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан чулуу болно гэж “Christie’s” ордныхон онцлон хэлжээ.

Аравдугаар сард ховор ягаан алмаазыг Хонконг, Нью-Йорк болон Лондон хотод олон нийтэд үзүүлнэ. Женевт 11 дүгээр сарын 6-наас үзүүлэх төлөвтэй байна. Алмаазыг худалдан авагч нэр өгөх эрхтэй гэнэ. Ховор алмаазыг дуудлага худалдаанд тавьж буй хүн АНУ-ын иргэн гэдгээс өөр тодорхой мэдээллийг “Christie’s” ордныхон өгөөгүй байна. Дуудлага худалдаа Швейцарийн нийслэл хотод 11 дүгээр сарын 10-нд болж магадгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Японд сурах Монгол инженерүүдэд илүү ихийг бүтээхийг захив

Япон улсад 1000 инженер сургах төслийн хүрээнд байгуулагдсан ШУТИС-ийн дэргэдэх Коосэн сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо.

БСШУЯ, олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага, Япон улсын Засгийн газар хамтран “Инженер технологийн дээд боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа. Энэхүү төсөл нь дэлхийд технологиороо тэргүүлэгч Япон улсад 1000 инженер бэлтгэх, МУИС, ШУТИС-ийн инженерийн хөтөлбөрийг тус улсын инженерийн сургалтын хөтөлбөртэй ижил түвшинд хүргэх зорилготой.

Хамтарсан бакалаврын хөтөлбөрийн хүрээнд Японы их, дээд сургуулиудтай хамтран 2.5 жилийг ШУТИС-д, үлдсэн 2 жилийг нь Японы их, дээд сургуульд суралцан дүүргэснээр хоёр сургуулийн дипломтой төгсөж аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтнүүд болох юм.

Нээлтийн ажиллагаанд БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр оролцон үг хэлэв. Тэрбээр инженерийн чиглэлээр Япон улсад сурч байгаа, сурахаар бэлтгэж байгаа оюутнуудад хандан хэлэхдээ, “Та бүхнийг дэлхийн шилдэг инженер болгох зорилготой энэ төслийн санхүүжилт бол Японы ард түмний татварын мөнгө. Сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж анхны түрүүгээ аваад “Багшийнхаа ачийг яаж хариулах вэ?” гэсэн асуултад “Би багшаасаа илүү бөх болж багшийнхаа ачыг хариулна” гэж хэлсэн. Үүнтэй адил манай инженерүүд ирээдүйд Япончуудаас илүүг бүтээж, багштайгаа эн зэрэгцэх биш багшаасаа илүү гарч Япончуудын ачийг хариулаарай” хэмээн захив.

Одоогоор Япон улсад инженерийн чиглэлээр 83 багш, оюутан, 186 оюутан бэлтгэл хөтөлбөр буюу Коосэн сургуульд суралцаж байна.

Categories
мэдээ улс-төр

Засварын санхүүжилтийг яаралтай шийдвэрлэхийг даалгав

Сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн засварын ажлын санхүүжилтийг нэн тэргүүнд шийдвэрлэхийг даалгалаа.


“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, хөдөө аж ахуйн салбар болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа. Хуралд яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд оролцож, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулж, биелэлтийг зохион байгуулах Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт ямар байгаа талаар мэдээлэл хийлээ.

Холбогдох хүмүүсийн мэдээллийг сонссоны дараагаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт яам, агентлаг, аймаг, нийслэлийн удирдлагуудад тодорхой ажил, асуудал хариуцсан албан хаагчид барилгын обьект, малчны хот зэрэг газар дээр нь очиж ажиллан, тулгамдсан асуудлуудыг шуурхай зохицуулан шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн засварын санхүүжилтийг нэн тэргүүнд цаг алдалгүй шийдвэрлэж байхыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгоод ажил хариуцсан хүмүүсийн хариуцлагагүйгээс цаг үеийн ажил саатан, өвөлжилтийн бэлтгэл ажилд хүндрэл учруулсан тохиолдолд холбогдох албан хаагчдад хариуцлага тооцно гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга анхаарууллаа

Categories
энтертаймент-ертөнц

Обама Си Зиньпинд тусгай зоог барив

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус улсад айлчилж буй БНХАУ-ын дарга Си Зиньпинийг айлчлалаа өндөрлүүлж, эх орондоо буцахтай холбогдуулан “Blair House”-т тусгай зоог барьжээ. Энэ талаар “USA Today” мэдээлсэн байна.

АP агентлагийн уламжилснаар, хүндэтгэлийн тусгай зоогийг тус улсад амьдардаг хятад үндэстэн, нэрт тогооч Анита Лу урилгаар ирж хийсэн байна. Зоогийн цэст хонины махаар хийсэн шарсан мах, төрөл бүрийн жимсээр хийсэн десерт, далайн хавч зэрэг багтжээ.

АНУ нь 2011 онд тус улсад айлчилсан БНХАУ-ын дарга Ху Жинтао болон түүнийг дагалдан явсан 225 хүн тус бүрийг 550 ам.доллараар үнэлэгдэх хоолоор дайлж, зоог барьсан нь тухайн үедээ шүүмжлэл дагуулж байсан аж. Энэ удаа Хятадын төрийн тэргүүнд барьсан хүндэтгэлийн зоогт хэдэн зочин уригдсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хоёрыг хамтад нь сайн малчнаар өргөмжилнө

ХХААЯ-наас “Аваргуудаа сонсъё” сэдэвт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат, Улсын сайн малчдын уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү уулзалтад Хөдөлмөрийн яам, ХАХНХЯ, ХАА-н бирж, Мал эмнэлэг үржлийн газар, Аймаг дундын отрын бүс нутгийн захиргаа, Мал хамгаалах сан, Удмын сангийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран оролцож байгаа бөгөөд 21 аймгаас 44 малчин уригдан иржээ.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа махны экспортын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажлынхаа талаар малчдад танилцуулж, санаа бодлыг нь сонслоо. Түүнчлэн малчдад тулгамддаг гол асуудлуудын нэг болох малын хулгайг салбарын яамны зүгээс бодлогын хүрээнд анхаарал тавих болсон гэдгийг онцолсон юм.

“Цаашид Улсын гавьяат малчин, сайн малчин зэрэг цол тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт хамтад нь олгохоор шийдвэрлэсэн. Учир нь мал маллах, малынхаа тоо толгойг өсгөх зэрэг нь малчин гэр бүлийн хамтын ажиллагаа байдаг. Тиймээс нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёрт олгох зүйтэй юм” гэв. Малчдын зүгээс тус саналыг дэмжиж байна гэдгээ илэрхийллээ.

Хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, Улсын сайн малчдын хувьд залгамж халаа, бэлчээрийн даац, малчдын тэтгэвэр зэрэг тулгамдаж буй асуудлуудаа сайдад танилцуулсан юм. Тодруулбал, өнөөдрийн байдлаар зарим аймаг сумдад залуу малчдын тоо эрс багассан гэдгийг ахмад малчид хэлж байна. Түүнчлэн салбарын яамнаас малын тоонд бус чанарт анхаарах бодлого явуулж байгаа нь зүйтэй гэдгийг уулзалтад оролцож буй малчид онцолж байлаа.

Categories
мэдээ спорт

“Хангарьд сити” лигийг тэргүүлж эхэллээ

“ХҮРХРЭЭ 1-Р ЛИГ” тэмцээний тэргүүлэгчдийн 2-р эгнээнд бичигдэж байгаа “Хангарьд Сити” баг өчигдөр “Монголын тэмүүлэл” багтай 7-р тойргийн тоглолтоо хийлээ. “Хангарьд Сити” баг ердөө ганцхан ялагдалтай байгаа учир үлдсэн тоглолтоо сайн хийхэд ирэх жилийн “Хүрхрээ” дээд лигт шилжих багийн нэгээр тодрохыг үгүйсгэхгүй.

“Монголын тэмүүлэл” багийн тухайд лигтээ үлдэхийн тулд мөн үлдэж буй тоглолтуудаас оноо шаардлагтай байлаа. Гэсэн ч энэ тоглолтод “Хангарьд Сити” баг 8:4 харьцаатай ялалт байгууллаа. Гадаа цаг агаарын хувьд тун сэрүүн байгаа ч тамирчид нээлттэй тоглолтыг үзүүлсэн. “Хангарьд Сити” багийн тамирчин Л.Мөнгөншагай 3 гоолыг оруулсан нь багийн хувьд тун чухал байлаа.

Ийнхүү “Хангарьд Сити” зургаа дахь хожлоо байгуулсан хоёр дахь багаар тодорч, “Continenta”l багийн хамтаар лигийг тэргүүлж байна.

Categories
энтертаймент-ертөнц

Монгол тахийн унага Японд мэндлэжээ

Токио хотын Тама амьтны хүрээлэнд энэ оны 6 дугаар сарын 19-ний өдөр монгол тахь унагалсан байна. Монгол тахь Японд ирсэн түүхийг үзвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Япон улсад айлчлах үеэрээ Токио хотын Тама амьтны хүрээлэнд зочилж, тус хүрээлэн дэх тахийн тоо толгойг өсгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Энэ ажлын хүрээнд 2012 онд манай ЕТГ, Япон улсын Токио хотын захиргаатай санамж бичиг байгуулж, 2013 онд Швейцарийн Цюрих хотын амьтны хүрээлэнгээс гурван монгол тахийг Токио хотын Тама амьтны хүрээлэнд нутагшуулсан байна. Үүнээс хойш 2 жилийн дараа анхны унага төржээ. Токио хотын захиргаа, амьтны хүрээлэн унаганд “Ирмүүн” гэдэг нэр өгчээ. Тама амьтны хүрээлэнгээс тус үйл явдлыг тэмдэглэх ёслолын арга хэмжээг ирэх сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Сэтгэгдэл” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Залуу Зураач Н.Гүнчинсүрэнгийн “Сэтгэгдэл” нэртэй хөрөг зургийн бие даасан үзэсгэлэн 2015 оны 09-р сарын 21- ны өдөр 18:30-д Bluemoon art галерейд нээлтээ хийх гэж байна.

Тус үзэсгэлэнд Зураачийн 40 орчим бүтээл дэлгэгдэх юм. Бүтээлүүд нь эгэл жирийн дүрээс эхлэн түүхэн болон олны танил эрхмүүдийн хөргүүдээс бүрдсэн. Мөн зураач хөрөг зургууддаа бодит хүнийг дүрслэхээс гадна тухайн хүний дотоод ертөнц болон мэргэжлийн онцлогийг илүү тусгажээ.
Арга ажиллагааны хувьд бодит реалист чиглэлээр гол төлөв бүтээлүүдээ туурвисан нь үзэгчдэд илүү ойрхон сэтгэгдэл төрүүлмээр. Тэрээр Монгол улсын Дүрслэх Урлагийн сургуулийг сурч төгсөөд Красноярскийн Урлагийн академид суралцаж төгсжээ.
Categories
мэдээ спорт

Д.Отгонхүү Эльбрусын оргилд гарах сонгон шалгаруулах тэмцээнд нэгдүгээр байранд орлоо

Европ тивийн ноён оргил Кавказын нурууны Эльбрус уулын 5642 м өндөртэй баруун оргилд гарах “X international Elbrus race 2015” уулын гүйлтийн олон улсын тэмцээн болох гэж байна. Энэ сарын 19-нөөс 27-ны өдрүүдэд болох уг тэмцээнд манай уулчин Д.Отгонхүү оролцохоор ОХУ-ыг зорьсон.

Энэхүү тэмцээнд ОХУ, АНУ, Казакстан, Беларусь, Франц, Анголь, Польш зэрэг 10 гаруй орны тамирчид оролцож байгаа бөгөөд гүйлтийн тэмцээний сонгон шалгаруулалт энэ сарын 22-нд болж өнгөрлөө.

Сонгон шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчин Д.Отгонхүү 01 цаг 05 минутын хугацаанд гарч түрүүлсэн бол хоёрдугаар байранд Польш улсын тамирчин Марсин Ржезотко, гуравдугаар байранд ОХУ-ын тамирчин Артем Хвостов удааллаа.

Тус сонгон шалгаруулах тэмцээнд тэнцсэн 13 тамирчин үндсэн тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Харин манай тамирчин үндсэн тэмцээний үеэр гараанаас гарч түрүүнд явж байсан ч 4800м зам туулсны дараа өвдөгний бэртэл нь сэдэрч тэмцээнийг орхисон байна.

Уулчин Д.Отгонхүүгийн хувьд Монгол улсаас ганцаараа оролцож байгаа бөгөөд Эльбрус уулын 5642 м өндөрт дөрөв дэх удаагаа зорчиж байна. Тэрээр өнгөрсөн зургадугаар сарын 11-нээс 14-ний хооронд Ховд аймгийн нутагт болсон МУГТ Уулын спортын ОУХМ Т.Гүррагчаагийн нэрэмжит Цамбагарав -2015 өндөр уулын улсын аварга шалгаруулах тэмцээний соло хурдны авиралтад 2:07:00 цаг авирч, шинэ рекорд тогтоосон билээ.

Categories
энтертаймент-ертөнц

Таксины тооцоо боддог апп гарчээ

Монголд такси барихад учирдаг түгээмэл бэрхшээлийн нэг нь тооцоо хийх явдал. Таксины жолооч нар тооцоолсноос олон км хэлж, өндөр үнэ нэхэх нь бий. Тэгвэл такси барих үедээ хэдэн км явснаа тодорхойлдог Taxidyoo нэртэй аппликэйшн гарчээ.

Та энэ аппликэйшнийг гар утсандаа татаж авсан тохиолдолд хэдэн км явсныг тооцон, үнийг (1 км-800, 900, 1000 төгрөгөөр тооцох сонголтуудтай) автоматаар бодож гаргадаг байна. Та таксиндаа суунгуутаа аппликэйшнийг ажиллуулж эхлэх ёстой.

Явсан замыг 100 метрийн нарийвчлалтай, тооцооны мөнгийг 100 төгрөгийн нарийвчлалтай гаргадаг аж. Өөрөөр хэлбэл бутархай гарч байгаа тохиолдолд, жишээ нь 1150 төгрөг гарч байгаа тохиолдолд автоматаар дээшээ бүхэлдэж 1200 төгрөг болох тохиргоотой байна.

Энэ апп явсан зам маршрутыг Google Map дээр харуулдаг юм байна.