Categories
мэдээ цаг-үе

Б.Даш-Ёндон: Би улс төрд дам оролцож байгаа

МАН-ын дарга асан, философийн ухааны доктор Б.Даш-Ёндонтой ярилцлаа.

Би улс төрд хийдэг юмаа хийчихсэн гэж боддог

-Та улс төрөөс хөндий, хэсэг чимээгүй байлаа. Энэ хугацаанд эрдмийн ажил хийж байв уу?

-Улс төрөөс хөндийрнө гэж юу байхав. Улс төрд биечлэн оролцох, дам оролцох гэж байна. Би өөрийгөө улс төрд, улс төрийн ажилд дам оролцож байгаа гэж бодож байгаа.

-Алсаас удирдаж байна гэж үү?

-Үгүй ээ, бичиж байгаа ном зохиолуудаараа улс төрийн асуудлыг хөндөж байна.

-Ямар ном бичиж байгаа юм?

-Философийн, нийгмийн шинжлэлийн номууд минь улс төртэй холбогдоно шүү дээ. Улс төрийн хариуцлага, улс төрийн ёс суртахуун, улс төрийн ёс суртахууны дундаж үзэл гэсэн юмыг л бичиж, ярьж байгаа юм. Тэр маань улс төрд дам оролцож байна гэсэн үг. Нэг үгээр зохиол бүтээлээрээ оролцож байна. Тэрнээс биш алсын удирдлагаар хангах юм уу, хэн нэгэнд мэдээлэл өгөх, зөвлөгөө заавар, чиглэл өгөх энэ тэр бол байхгүй.

-Залуучууд тантай ирж уулздаг уу. Тухайлбал намын залуучууд?

-Уулзана аа. Хувийн шугамаар ирнэ.

-Жишээ нь намын залуус улс төрд цаашид яаж оролцох талаараа зөвлөгөө авах гэж ирэх үү?

-Тийм яриа болно. Улс төрийн байдал ямар байна. Юу болж байна гэх мэтээр хувийн шугамаар уулзахдаа ч ярьдаг л юм. Тэрэнд нь би идэвх муутайхан шиг тэгсхийгээд л хариу өгнө.

-Чухам яагаад улс төрөөс дөлөөд байх болов. Тантай ярилцах санал тавихад ч улс төр ярихгүй гээд цааргалаад байсан. Улс төрийн халуун тогоонд орлоо, үйл явцад оролцлоо гэхэд таныг хэн үгүйсгэх юм бэ?

-Би бол улс төрд хийдэг юмаа хийчихсэн гэж бодож байгаа. Одоо биечилж, гардаж оролцох залуучууд л тэр юмаа өөрснийхөө хүсэл, дур, сонирхлоороо хийх цаг болсон.

-Залуус алдаж, буруу зүйл хийвэл яах вэ?

-Тэдний л хэрэг.

-Тэд алд дэлэм алдаад Монгол Улс минь хайран болчих вий гэж бодохгүй байна гэж үү?

-Бодолгүй яахав. Аль ч намаас эрх мэдэлтэй байгаа хүмүүс нь ирж санаа оноо авахгүй болохоор чинь эрх мэдэлгүй, сонирхогч залуучууд гүйгээд юу ч сонсоод нэмэргүй. Хэрэгжүүлж чадахгүй юм чинь. -Тэгвэл эрх мэдэлтнүүд тантай уулзаж зөвлөгөө авбал улс төрд өөрийн байр сууриа хэлж зөвлөж залах уу?

-Хэлж болно. Гэхдээ бид нар чинь улс төрийн гал тогооноос гадна байгаа, миний хувьд бол бүр гадна байгаа шүү дээ. Ийм тохиолдолд мэдэхгүй юм их байна. Яг одоо дотор нь буцалж байгаа хүмүүст юу тулгараад, яах ёстой, ямар хэлхээ холбоо сулраад, ямар нь чангараад, хаашаа яваад байгааг мэдэхгүй, мэдэгдэхгүй байгаа учраас хамаагүй дэмий юм яриад хэрэггүй шүү дээ.

Миний хувьд зөвлөнө гэдэг чимээгүй суухыг л хэлнэ

-Ширээний ард болдог сэм хуйвалдаан, уулзалт зэргээс л ангид байгаа болохоос ерөнхий зангаргаараа бол та юу болоод байгааг харж л суугаа. Тэрнээс биш улс төрийн талаар та юу ч мэдэхгүй байна гэвэл би хувьдаа итгэхгүй юм байна.

-Ерөнхий юм яахав дээ. Ерөнхий юмыг хэн чиг л ярина шүү дээ. Амьдрал ийм байна, юмны үнэ, авлига хэтэрлээ л гэнэ, гэмт хэрэг өсч байна гэх зэргээр бүгдээрээ л ярьж байгаа. Тэнгэрээс ямар нэг юм гарч ирээд надад бүгдийг хэлэхгүй. Дотроосоо өөрөө нэг их мундаг хүн болоод гаргаад тавиад байх юм байхгүй. Энэ л нийгмийн дунд амьдарч байгаа болохоор их сайндаа л тэр хүний ном ийм байдаг, ийм сургаал байдаг гэхээс цаашаа гарахгүй. Тийм учраас зөвлөнө гэдэг чимээгүй суухыг л хэлж байгаа юм.

-Чимээгүй сууж зөвлөж болох уу?

-Болж л байна. /инээв/

-Таны бичиж байгаа номуудын талаар сонирхмоор байна…

-Олон бий. Сүүлийн үед би “Монголын хөгжлийн философи” гээд зохиол хэвлүүлсэн л дээ. Тэр номыг уншихаар монгол хүн бүхэнд л санах бодох, уншиж ойлгоод ажил хэрэгтээ хэрэгжүүлэх тийм л зүйлүүд бий. Зүгээр хийсвэр, Гегелийн онол шиг мэргэжлийн хүн үзэхээс бусдад нь хамаагүй тийм юм бичээгүй. Нийтлэг, хэн ч уншаад ойлгоод тунгаагаад явах юм байгаа. Ер нь бүх л эрдэмтэд нийгэм шинжлэлийнхэн тиймэрхүү л юм бичиж байгаа.

-Та Монгол Улсыг яаж хөгжих ёстой гэж номондоо бичсэн бэ?

-Ёс суртахуунд гарч байгаа энэ олон алдааг засахгүй бол болохгүй л дээ.

-Ямар алдаа?

-Хээл хахууль, ёс суртахууных мөн үү, мөн. Гэмт хэрэг ёс суртахуунтай хамаатай юу хамаатай. Албан тушаалын гэмт хэрэг гарч байна. Луйвар гарч байна. Энэ чинь ёс суртахууны доголдол мөн үү, мөн. Улс төр ёс суртахуун хоёр бол нягт холбоотой. Тийм учраас хэцүү цагт ёс суртахууныг сайн ярих ёстой.

-Аль ч цаг үед залуу үеэ шүүмжилж, орчин үеийн хүүхдүүд гэж ирээд л ярьцгаадаг. Таныхаар орчин үеийн залуус ямар байна?

-Тийм л дээ. Чиний хэлж байгаагаар аль хэдэн мянган жилийн өмнө л, эртний Грекийн философичид сургаалаа бичиж, номлож байх үед л энэ яриа чинь үргэлж явж байсан.

Одоогийн залуус нэг л биш гээд. Хүн бол өөрөө өнгөрчихсөн хугацаагаа, амсаад туулчихсан зүйлээ өтлөөд ирэхээрээ хамгийн сайхан үе гэж боддог. Миний амьдарч байсан цаг үе хамгийн сайхан гэж сэтгэл зүйн хувьд тэгж боддог. Оролцох зүйлдээ оролцоод шийдэх юмаа шийдэлцээд урагшаа явж байгаад өтлөөд байгалийн жамаар хүч чадал нь сулраад ирэхээр мэдээж хэрэг байраа тавьж өгнө. Тэр үедээ бид эд нарын хийж байгаа юмыг ингээд хийчих байсан гэж заавал боддог. Тийм учраас залуу үеэ голох, шүүмжлэх юм заавал гарч ирнэ. Энэ бол гарцаагүй. Гэхдээ онож шүүмжилж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь л ялгаатай.

Нөхцөл байдал бол хувираад байдаг. Нэг хэсэг сайхан үе байсан бол нэг хэсэг хэцүү төвөгтэй үе гарч ирнэ. Улс орны амьдралд сэтгэгчид философичдын хэлдэг цөвүүн цаг ирэх нэг үе байна. Нэг хэсэг гайгүй байна. Социализмын үеийн хүмүүс бол тэр үеэ л сайхан байсан гэж хэлж байгаа. Хүүхэд сургууль төгсөнө, ажилтай. Айх зовлон байхгүй. Сургалт, эмнэлэг үнэ төлбөргүй. За тэгээд бас хэцүү байсан юмаа бодно. Дэлгүүр оочертой, унаа унаш ховорхон, юу юу ч гэдэг юм. Хамгийн гол нь санаа зовох юм бага байлаа. Эрүүл энх байх, хүүхдээ сургаж хүмүүжүүлэх, ажилд нь санаа зовох юмгүй байсан. Тэр бол ахмад хүмүүст үргэлж бодогдож, үргэлж хоорондоо ярьж байгаа. Гэтэл одоогийн эрх мэдэлд байгаа энэ хүмүүс тийм болгож чадахгүй. Нийгэм нь өөр болчихсон учраас. Тэгэхээр нөгөө өмнөх цаг үе нь ахмад хүмүүст үгүйлэгдээд байдаг. Мөн тэр үеийн төгсөгчид, оюутан залуучуудын сурч чадаж байсан хэмжээ доор орчихсон юм шиг байгаа юм. Энэ яагаад гэхээр боловсролын системд гадна талыг дуурайсан халтар хултар өөрчлөлт хийснээс болоод ийм юм руу орчихсон. Одоо боловсрол дорой байна гээд байгаа нь үүнтэй холбоотой. Тэгэхээр энийг бас засах хэрэгтэй. Энэ дээр тэрний буруу болчихлоо, энэний буруу болчихлоо гэх юм байхгүй. Төрийг бид яах гэж бий болгож байгаа юм гэхээр төрөөр хамгаалуулах, сайн сайхан амьдрах гэж л тэр шүү дээ. Тэрнээс би ганцаараа шовойгоод байж байдаг бол тэр төрийн хэрэг биш. Харин тэр төр нь сайн ажиллаж байх ёстой. Монголын төр муу ажиллаж байгаа. Энд л хамаг учир байна.

-Та Ардын намыг удирдаж байсан хүн учраас ардчиллынхан эрх барихаар ингэж шүүмжлээд байгаа юм биш биз.

-Ингэж харж болохгүй. Яагаад гэвэл би зөвхөн өнөөдрийн төр засгийг шүүмжилж байгаа юм биш. Нийтдээ 1990-ээд оноос хойш л ийм болчихлоо.

-Тэдний төр барихдаа гаргасан алдаа нь юунд байна?

-Гадныг дуурайж давхиснаас ийм боллоо. Өөрийн онцлогоо харгалзахгүйгээр туйлширч нэгийг дуурайж, нөгөөг дагаад л, дуурайж байгаа улс орон нь тэс өөр нөхцөлтэй байж байгаа шүү дээ. Хамаг юм бусдыг дуурайснаас болж байгаа юм.

-Төвч үзэл, онолын талаар нэлээд эрт таны бичсэн ном байдаг даа. Тухайн цаг үедээ энэ онолоор явбал зөв гэж та гаргаж тавьсан байх. Нагаржунайн төв үзлээс үүдэлтэй онол байх аа?

-Тэр бол яахав эртнээс уламжлалтай л төв ёсны гүн ухааны онол. Нагаржунайн гүн ухаанаар тодруулаад дахин ном хийх гээд сууж байна.

Даяарчлал гэж яриад байгаа чинь шахалт юм шүү дээ

-Нөгөө номны үргэлжлэл үү?

-Бараг л тийм юм даа. Гэхдээ тэрнээс жаахан өөр. Дэлхий дахин, том хүчтэй улс орон бусад жижиг улс орноо шахаж байна.

-Яаж шахаж байна. Манайх тэр шахуулж байгаад нь багтаж байна уу?

-Тийм. Даяарчлал гэж яриад байгаа чинь шахалт юм шүү дээ. Тэр шахалт бол жижиг буурай орнуудыг хүнд байдалд оруулж байгаа. Энэ бол Латин Америкийн орнууд, Африкийн орнууд, Дундад азийн жижиг орнуудад маш хохиролтой. Үүнийг төрийн тэргүүнүүд, НҮБ, олон улсын томоохон байгууллагууд хэлж шүүмжилдэг ч яаж ч чадахгүй байгаа. Манайхан даяарчлал болж байна гээд л давхиад байдаг. Глоблизация гэдэг үгээ орчуулах гээд л ядаад байдаг. Зарим нь даяарчлал, зарим нь даяаршил гэвэл таарна гээд л. Би бол энэ хоёр орчуулгыг хоёуланг нь оночтой биш гэж үздэг. Даяарчлал гэхээр хүчээр хийж байна гэдэг утга байгаа. Нэгэнт тийм юм чинь тэрнийг үг сүггүй дагаад явах ёстой, эндэхээ бодохгүй, тэнд тэгж байгаа бол тэрүүгээр явна гэж хэлээд байх шиг. Энэ утгаар бол ойлголт нь буруу өгөөд байх шиг. Даяаршил гэхээр аяндаа л уудаг цаасанд бэх асгасан юм шиг өөрсдөө уусан орж байгаа мэт. Энэ хорвоо дээр тэнд л оччихвол сайхан юм байна гэх юм байхгүй. Угтаа энэ хоёрыг авцалдуулж бодоод монгол хүн юу гэж бодож байх ёстой вэ гэвэл нэгэнтээ хоёр юм хоёулаа байгаад байна шүү дээ. Аль нэгийг нь хэтрүүлж болохгүй, өөрөөр хэлбэл даяарчлал гэдэг нь өөрийн эрхгүй автаж, үг сүггүй дагах, нөгөө талаас нэгэнт даяарчлал гэж байгаа юм бол бид тэр лүү орох ёстой болж байна. Тэгэхээр минийхээр бол даяаршихуй гэдэг монгол үгийг хэрэглэмээр байгаа юм. Энэ нь ертөнц дээр ийм юм өрнөх ёстой. Хэрэв болж байх юм бол тэр дотор өөрсдийгөө зохицуулж явах ёстой. Дундаж үзэл буюу төв үзэл гэдгийн ерөнхий цаад санаа нь л энэ шүү дээ. Харин даяарчлал, даяаршил хоёр нь туйлшрал болчихоод байгаа юм. Даяарчлалын үр дүн гэж гар утаснаас аваад технологи гээд элдэв долоон юм орж ирж байна гэдэг. Угтаа даяаршихуй л явж байгаа нь тэр. Юу өнөөдөр хэцүү байна гэхээр улс орны, улс төрийн бодлогод тэр даяарчлал нь нөлөөлдөг. Дээрээс нь үндэсний соёл, ёс суртахуун, зан уламжлалд их хүнд цохилт ирээд байгаа. Тэрийг нь бид өөрсдөө мэдэхгүй байгаа юм. Үндэсний хамгаалалт хэрэгтэй. Нэгэнт орчихсон бол орсон хойноо хамгаалах хэрэгтэй.

-Зарим хүн хэлдэг шүү дээ. Цагаачдаар дүүрсэн улс үндэстэн байхад заавал ингэж монгол цус яриад байх ямар хэрэгтэй юм, нөгөө хэсэг нь монгол цөөхүүлээ учраас цус холилдвол үндэстэн мөхнө гэх мэт. Нэг үе гадаад иргэнтэй суухыг их хүнд хүлээж авдаг байсан. Одоо ч таагүй ханддаг хүмүүс байна. Сүүлийн үед залуус гадаадад сурч амьдрахдаа гадаад эхнэр, нөхөртэй болж байна. Гэтэл хүний зүрх сэтгэлийг яалтай билээ. Ингэхэд ер нь улс үндэстэн өөрийгөө яаж авч үлдэх ёстой юм?

-Тэр гэрлэлт гэр бүлийн асуудал бол өөр байх. Монгол хүн монголоороо байя гэвэл бусдаас шууд хамааралгүй байх хэрэгтэй. Бусад улс орноос хамааралгүй байя гэвэл өөрөө юмаа хийдэг болъё. Дэлхийд эдийн засгийн хямрал боллоо гэхээр дагаад навсайгаад л уначихаж байна шүү дээ. Жишээ нь хөдөө байгаа малчин хүнд эдийн засгийн хямрал гэдэг худлаа байдаг. Тэр чинь малынхаа махыг идчихнэ. Сүүгээ саагаад цайгаа уугаад цагаан идээгээ идчихнэ. Ямар юм яриад хямрал гээд байгаа юм.

Тэгэхээр өөрийнхөөрөө байна гэдэг үндэсний соёл зан заншлыг хадгалаад өөрөө юмаа хийчихдэг байхыг хэлээд байна. Хүүхэд нь эрлийз байна уу, бүр хурлийз болоод явна уу тэр бол нэг их хамаатай биш. Цус бол тэнд хамаагүй байхаа. Би тэгж бодож байна. Одоо чинь хөдөө аж ахуй нь нэг ган болохоор л баларчихдаг. Нэг зуд болохоор балардаг. Тэнд ямагт бэлтгэл хэрэгтэй. Өөрснөө юмаа хийдэггүй. Өөрснөө хийж байгаа гээд жижиг, дунд үйлдвэрийнхэн байнга нэг гомдол ярьж байна ш дээ. Төрийн дарамтаас болоод ингэж, тэгж дампуурч байна гээд. Төрд алба хааж байгаа нөхдийн хувийн сонирхлоос болж ийм асуудал үүсээд байна шүү дээ. Энэ мэтийг зохицуулчихдаг улс орон зөндөө л бий. Нэг юм хийхдээ гарах үр дагавар нь ямар байх, сөрөг тал нь юу байна гэдгийг заавал бодох ёстой. Хуулийг бас тэгж хийх хэрэгтэй. Бидний яриад байдаг улс төрийн зөвлөгөө гэнэ үү, оюуны зөвлөгөө ч гэнэ үү, энэ намууд чинь тийм л юм яриад байдаг даа. Монголд шинэ зүйл зөндөө нэвтэрч байна. Хувийн сургууль гэдэг шинэ зүйл. Сөрөг үр дагавар нь хэвлэлийнхний шүүмжилдгээр баахан дипломтой цэвэрлэгч гарч ирээд байна.

Нөгөө талаасаа аав ээжийг нь төлбөрийн хүчтэй дарамтад оруулаад. Хэдэн зуун сургууль байна. Энэ бол цэгцэрсэн байх ёстой. Гурван сая хүн дотроо хэдхэн хүн суралцаж байгаа. Тэрийг эвийг нь олж болно. Заавал капиталист нийгэм ийм байдаг, барууны орон ийм байдаг гэж ярьж болохгүй. Яаж энэ хэдэн нөхдийн ахуйг сайжруулах вэ гэж бодох, хийх л төрийн хэрэг. Түүнээс биш төрийн дээд, доод, дунд албан тушаалд орчихоод би энэнээс яаж ашиг олох вэ гэдэг бол муухай бөгөөд маш хортой. Хэн ч мэдэж, хэн ч хэлж байгаа ч хэвээрээ л байдаг.

Тэгээд энийгээ Үндсэн хуулиас болоод байна гэсэн юм яриад байна. Үнэн хэрэгтээ Үндсэн хуулиа ч мэдэхгүй байгаа шүү дээ.

-Тэрийг яаж засах юм?

-Одоо Үндсэн хуулиас салбарлаж гарсан хуулиудыг засах хэрэгтэй. Манайд 400 гаруй хууль байгаа. Хоорондоо цөмөөрөө зөрчилтэй. Тэрнийг нэгтгээд цэгцлэх хэрэгтэй. Би номондоо тийм санаа хэлээд байгаа. Талийгаач Чимид бид нар бас тийм зүйл яриад яаж ч чадахгүй байсан юм чинь. Нэгдсэн бодлого гэж алга.

-Хууль баталдаг хүмүүстэй тулж уулзаад хэлж ярьж болдоггүй хэрэг үү. Эрхбиш та нарын үгийг сонсох байлгүй дээ.

-Тийм юм байхгүй. Тэр тухай яриад ч хэрэггүй.

-Яагаад?

-Яагаад гэвэл тэр хууль чинь янз бүрийн сонирхлоосоо гарч байдаг. Тийм учраас ёс суртахууныхаа боловсролыг дээшлүүлэх, нийгмийн шинжлэлийн мэдлэгээ сайжруулах хэрэгтэй байна, тэр эрх мэдэлд гарч байгаа хүмүүс.

Барууны, зүүний үзэл гэж байхгүй болсон

ФИЛОСОФИД БУРХАНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ БАЙДАГГҮЙ

– Та нэгэнт улс төр ярихгүй гэсэн болохоор арай өөр сэдэв ярья л даа. Жишээ нь философийн хуучин онолууд хэр өөрчлөгдөж байгаа вэ. Идеализм, материализм гээд л яриад байдаг байсан. Зарим нь огт шашингүй ч болоод байх шиг. Зарим нь бүр шашинжаад ч байх шиг. Тэгснээ тэнгэр, бөө нар олон ч болох шиг. Учир тойм нь олдохгүй л юм ярьцгаах юм.

-Өрнө дахинд философийн урсгалуудыг материализм, идеализм гэж хоёр хуваагаад хичээл ном зааж, би ч өөрөө тийм хичээлүүд зааж л явлаа. Дорно дахиныг ажиглаад байхад материализм, идеа­лизм гэж ярьдаггүй юм байна. Хятадын Лаоз, Энэтхэгийн Нагаржуна гээд хэдхэн том хүн байгаа шүү дээ. Яахав Дундад Азийн нэр алдар нь дуурсч чадаагүй эртний их сэтгэгчид байдаг л гэж байгаа юм. Одоо бол материализм, идеализмын тухай яриа байхгүй болсон.

-Огт байхгүй гэж үү?

-Тийм. Философийн урсгалуудын тухай л яригдана. Шашны асуудал дээр нь гарч ирж байгаа юм. Эдийн засгийн доройтол, нийгмийн цөвүүн байдлаас хамаараад манай хүмүүсийн оюун санаа нь хямарч байгаа. Тэрнээс чинь болоод бөө удган, мэргэч төлгөч, өөр юу ч билээ гарч ирээд байна.

Хүн өөрийнхөө юмыг хийж чадахгүй бусдаас асуудаг болчихоод байна. Их олон хүн зам мөрөө заалгана, яана ийнэ гэнэ үү. Үхэл хагацал болж байгаа үед тэр бол хамаа алга. Там, диваажинг үзэж хараагүй учраас байдаг бол яах билээ гээд л зам мөр гаргана гэж ёс үйлддэг. Энэ бол сэтгэлийн асуудал. Харин өвдөж зовохдоо, шийдвэр гаргахдаа хүртэл ямар нэг бөө удган, лам, мэргэн түргэн хүнээс асууна гээд явж байдаг. Энэ чинь ердөө л өөрөө чадалгүй, өөртөө итгэлгүй хүний ажил.

-Ингэхэд та шашингүй үзэлтэй юу?

-Тийм. Ер нь философид бол бурханы тухай ойлголт байдаггүй. Философичдын бурхан гэж сургаал номдоо дурддаг нь өөр юмыг хэлээд байгаа юм.

-Тэр нь юу юм?

-Бүх зүйлийн үндэс болж байгаа философи чинь юмны чанад талыг, хийсвэрлэлийг хөөцөлддөг. Энэнээсээ дээд хийсвэрлэл байна гэдэгт хүрч байгаа юм л даа. Нагаржуна бол хоосон чанар гэж байгаа юм. Аристотель бол матери хэлбэр гэж байх жишээтэй. Лаоз бол дао гэж нэг юм байгаа гэж хэлээд байдаг.

-Тэр дао гэдгийн тухай?

-Бас л хийсвэрлэл. Бүх юм тэр дао гэдгээс үүсээд дао гэдэг рүү эргэж орж байна гэдэг. Тэгэхдэээ л Лаоз тэнгэр гэсэн үгнүүд хэрэглээд байгаа юм. Тэр нь цаанаа тэр даогоо хэлээд байгаа. Нагаржуна өөрийн зохиол дотор бурхан гэж хэлээд байгаа. Тэр нь хоосон чанараа хэлж байгаа. Бурхан Будда гэж бас хэлдэг. Бурхан Буддад мөргөж биширч байна гэж хэлээд байдаг. Тэр Будда хоосон чанарын онолын суурийг тавьсан учраас тэгж хандаж байх жишээтэй. Гүн ухааныг тайлбарлах гэснээсээ болоод хүн бүр тэрийг нь ойлгож чадахгүй учраас санааг нь ойлгуулахын тулд хялбарчлаад тэр хялбарлчлалаасаа шашин гарч байгаа юм.

-Тэгэхээр шашныг огт үгүйсгэж болохгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Хүмүүст байх ёстой. Хүмүүсийн сэтгэл санаанд байх ёстой. Яагаад гэвэл шашны сургаж байгаа ёс суртахууны сургаал нь хүнийг хязгаарлаад байдаг. Философи уншаад тархиа хязгаарлах чадалтай тийм оюунтай хүн хорвоод цөөхөн байдаг юм байна. Шашнаар айлгаад, шунавал тамд унана ч гэдэг юм уу, хулгай хийвэл бас л нэг муу юм руу орно, хойд төрөлдөө ингэнэ, тэгнэ гэдэг. Тэгж бариад байгаагаараа шашин бол хүнд хэрэгтэй. Хүн тэгэхээр хулгай хийх, муу үйл хийх гэж байснаа больдог ч юм уу, хийхээсээ эмээдэг, хийвэл болохгүй гэж боддог.

-Аливаа юманд ямар нэг учир холбоос байдаг шүү дээ. Муу зүйл хийхээр үр дагавар нь ирэх ч юм уу. Хүнд нэг сайн зүйл хийхээр өөрт сайн зүйл тохиолдох ч юм уу. Үйлийн үр гэж ярьдаг шиг. Тэр үйлийн үрийн тухай өгүүлдэг бас философи юм уу?

-Философи. Буддагийн философи.

-Есүс Христ, Мухамедынх ч бас философи уу?

-Тийм. Муу юм хийчихээд муу юм тохиолдох нь зөндөө. Хэн нэгэн муу юм хийчихлээ. Хариуд нь муу зүйл болохоор аль нэг бурхан залхааж байгаа юм биш. Ертөнцийн бүх юм уялдаа холбоотой. Тэр уялдаанаас болоод байгаа юм.

-Яагаад ийм байдаг юм бол. Зүгээр л нэг учир хол­боотой байна гэж байхгүй гэж бодоод л хүмүүс ямар нэг ид шид, бурхан, далдын хүчинд итгээд байдаг шиг..

-Хоосон чанарын онолыг би товч хэлье. Энэ миний зүүж байгаа цаг байна. Энэ юунаас тогтож байна. Баахан механизмаас тогтож байгаа. Тэрний нэг нь л байхгүй бол энэ ажиллахгүй. Энэ цагны аль нэг эрэг шургийг авч хаяад. Тэгж авч хаясан муу зүйл эргэж надад яаж тусч байна гэхээр энэ цаг ажиллахаа больчихож байна. Ийм л юм байгаа. Цаг гэж ийм юм дээрээс пүд гээд уначихаагүй. Үүнийг хүн хооронд нь угсарч бүтээсэн. Тэр угсарч бүтээснийг шүтэн барилдлага, хэлхээ холбоо гэж байгаа юм. Юмс бүгдээрээ ийм хэлхээ холбоотой. Тийм хэлхээ холбоо сайн муу янз бүр л байна.

НАМ ГЭДЭГ БАЙХ ЁСТОЙ ЗҮЙЛ

– Ямар ч байсан идеализм, материализм гэдэг байхгүй болж. Намуудын баруун, зүүний үзлийн тухай яриач. Таны яриад байдаг төв үзэл энэ хоёрын дундуур нь л явна гэсэн үг үү. Өнөөдөр аль нэг үзэл хамаарахгүй, хамтарч эрх бариад байгаа нь төв үзэл мөн үү?

-Тэр чинь төв үзэл биш шүү дээ. Ингэж хоорондоо нийлж бужигнаж байгаа чинь хуйвалдаан болохоос биш төв үзэл гэдэг өөр л дөө. Төв үзлийн тухай олон философич ярьдаг, судалдаг. Ямарваа туйлшрал байхгүй байхыг л хэлнэ гэж маш товчхоноор тодорхойлох юм даа. Баруун, зүүн үзэл гэдэг чинь Европт алга болчихсон юм. Ер нь дэлхийд байхгүй. Байхгүй болоод хоёр зуун жил болж байна.

-Би бол одоо ч байгаа л гэж боддог. Тэгээд барууны, зүүний үзэл байхгүй юм бол манайд байгаа намууд маань юу болж таарах вэ. Байхгүй болчихсон үзлээр яагаад яваад байдаг хэрэг вэ? Ер нь Монголд ээлжилж эрх барьж байгаа хоёр том нам тэгвэл ямар үзэлтэй нам болж таарав?

-Ардын нам бол зүүний гэж байгаа юм. Ардчилсан нам барууных л гэж байгаа. Хэрэг дээрээ тийм юм байхгүй. Амьдрал дээр хар л даа. Зүүнийх бол зүүний бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл Ардын нам Засгийн эрх барьж байхдаа барууны баримтлалаар яваад л байсан, эрх баригчид одоо зүүний чиг баримжаатай асуудлыг шийдэж байгаа юм зөндөө л байгаа шүү дээ.

-Манайд холилдоод, байхгүй болсон гэж та хэлээд байна. Дэлхийд тэгвэл ямар байна. Мэдэх нь ээ баруун, зүүн гээд л байж л байх юм билээ.

-Европын орнуудад барууны зүүний гэж ярьдаг нь хэвээрээ байгаа юм. Гэтэл цаанаа амьдрал дээр бол байхгүй болчихсон.

-Үүнийг философичид тэгж хэлж байна уу, ерөөсөө л тийм болчихсон юм уу?

-Өөр юм хэлж чадахгүй байгаа учраас л баруун, зүүн гэсэн нэршлээрээ яваад байгаа юм.

-Хэрэв үзэл баримтлал нь байхгүй болчихсон юм бол нам байх хэрэг байна уу?

-Нам байх ёстой.

-Нам гэдэгт ямар нэг үзэл баримтлал, явах зам гэж байх ёстой биз дээ?

-Баруун, зүүн гэж нэрлэхгүйгээр явж болно л доо. Би бол үндэсний ардчилсан үзэл санаа гэдэг л Монголд байх ёстой гэж үздэг. Тэр үндэсний ардчилсан үзэл санаа бол дундаж үзэл л дээ. Баруунсаад ч байх юмгүй, зүүнсээд ч байх юмгүй, ард түмэнд юу хэрэгтэй байна тэрнийг л хийх хэрэгтэй. Олон жил би үүнийг ярьж байгаа юм аа.

-Таны бичсэнийг уншаад л аль нэг нам энэ замаар явъя гэхгүй л байлгүй. Тэгэхээр та өөрөө улс төрд оролцож байж үүнийгээ хэрэгжүүлэх юм биш үү?

-Тэр дэмий. Болгох гэж оролдоод болоогүй юм чинь дахиад болохгүй биз.

-Яаж тэр билээ?

-Намайг удирдаж байхад манай нам миний хэлээд байгаа үзлээр л явсан юм шүү дээ. Тэрний дараа ардчилсан социалист үзэл гэж гарч ирээд нөгөө тийшээ туйлширчихаж байгаа юм. Хэрэв ардчилсан социализмыг ярьж байгаа бол одоогийн Швед, Дани, Норвеги, Австри шиг ийм хэмжээнд хүрэх ёстой. Тэд бол социализм ярихгүй ч гэсэн социализмд хэрэг дээрээ орчихсон орнууд. Мэдээж хэрэг тэнд дутагдал энэ тэр их л байгаа л даа. Гэхдээ биднээс хамаагүй даваад явчихсан.

-Тэр орнууд социализм, ардчилал хоёрын дундуур яваад байна гэсэн үг үү?

-Зөв холбож чадсан гэсэн үг. Алинаас нь ч хэрэгтэйг нь аваад зөв хөгжүүлж чадсан. Одоо тэр лүү чинь орох маягтай юм яриад байгаа.

-Хаана тэгж ярьж байгаа гэж….

-Дэлхий даяар ярих гээд байна. Яриад ч эхэлж. Бид капитализм гэж яриад байдаг шүү дээ. Угтаа сонгодог капитализм бол алга болчихсон. Марксын үеийн цус балчгаар урссан капитализм гэж хэлээд байдаг нь байхгүй болсон. Одоо юу яригдаж байна гэхээр баруунд капитализм гэж яриад байгаа чинь чөлөөт зах зээл гэдгийг хэлээд байгаа шүү дээ. Социализм нь төлөвлөлттэй, тогтвортой эдийн засагтай байхыг л хэлээд байгаа юм. Өрнөдийн улс төрийн том зүтгэлтнүүд, НҮБ-ын дарга ч тэмдэглэсэн байна лээ. Чөлөөт зах зээл либерализм гэдэг бол явахгүй нь ээ. Энэ дэлхийг хямралд хүргээд байна гэсэн бол Оросын философичид, Өмнөд Солонгосынхон бас энэ тухай их ярьж байна. Харин Хятад бол тусдаа өөрийн гэсэн нэг дэлхий. Өөрийн бодолтой, өөрийн гүн ухаантай.

-Хятадуудын явж байгаа зам зөв үү?

-Зөв. Айхтар. Тэр олон хүнийг барьж байх ёстой. Хятадад анги үүссэнтэй хамаагүйгээр төр үүссэн шүү дээ. Аж ахуйг яаж эрхлэх вэ, яаж цөмөөрөө газар тариаланг хөгжүүлэх вэ гэдгээсээ болж зохион байгуулалтад орж, тосгон сууринг нэг нь удирддаг болох маягтайгаар төр үүссэн. Өөрийн гэсэн уламжлалтай. Тэр нь Күнз, Лаоз хоёрын гүн ухаан дээр тулгуурласан. Хятад чинь өөрсдийгөө Дундад улс гэдэг шүү дээ.

-Тэгвэл хятадууд энэ хү­мүү­сийн философиор явдаг юм байж. Монголын үндсэн философи нь юу юм?

-Манайх чинь нүүдэлчин орон, ард түмэн учраас бясалгаад философи гаргаад сууж байх зав зай байгаагүй байх. Буддын шашин дэлгэрс­нээс хойш буддын гүн ухаан нэлээд хөгжсөн юм билээ.

-Манайхан монгол ухаан гэж ирээд л ярьдаг шүү дээ..

-Тэр ч яахав, Монголынхоо онцлогийг л хэлж байгаа юм. Соёмбыг Монголын гүн ухааныг үндэслэсэн гэж би ном гаргасан. Энэ номын ихэнх нь зураг. Тэгээд тайлбартай. Ийм бэлгэдлийн гүн ухаан бол дэлхий дээр байхгүй. Занабазарын бүтээ­сэн соёмбыг би бэлгэдлийн гүн ухаан гэж байгаа юм. Энийг чинь хүн яаж ч тайлбарлаж болно. Бүрэн гүйцэд тайлбарлаж чадахгүй. Хичнээн ч тайлбар гарч болно.

Дэлхий дээр хаана хэн юу гэж байна, авахыг нь аваад гээхийг нь гээгээд өөрийн онцлогт тааруулж л явах ёстой юм. Бидний хүчин чадал бас дутаж байна л даа. Тоохгүй байх гэхээр эдийн засаг өөрөө ийм байдаг. Тоох гэхээр дэлхийн улс орнууд тасраад талийлаа. Манайх хоцорлоо. Тэндээс ч ийм юмыг авъя, эндээс ч ийм юмыг авъя гээд л гүйлдээд байдаг. Тэрийгээ уншиж сайн судлаагүй болохоор хэрэгтэй хэрэггүй юмнууд цуглуулцгаагаад л, хэрэгтэй, хэрэггүй юмны үгэнд ороод л явчихаж байгаа юм. Дэлхий дээр социализм задрах үед ч тийм юм болсон шүү дээ. Тэгэхээр аль болох өөрийн онцлог, өөрсдийн байж байгаа царайг сайн тунгаах ёстой. Энэн дээрээ манайхны эв түнжин их муу байна. Эрх мэдэл, эд хөрөнгө, эв нэгдлийн төлөө биесээ яаж ч мэдэх нь.

ГҮН УХААНТНУУДЫН ХЭЛЖ ЯРЬДАГ, СУРГААЛ НОМ БОЛ ЭЦСИЙН ДҮНДЭЭ ЯГ АДИЛХАН

-Ер нь яаж зөв явах вэ. Заримдаа ч зөв гэж бодсон зүйл буруу болчих нь бий…

– Ёс суртахуун л байна шүү дээ. Ард түмний тогтсон ёс суртахуун байна. Дээрээс нь эрдэмтэд, Күнз, Лаоз, Будда, Нагаржуна, Аристотелийн ёс суртахууны том сургаал байгаа. Заримыг нь шашинд оруулаад л байгаа болохоос.

-Энэ олон философичид, сэтгэгчид хоорондоо зөрчилтэй зүйлс яриад байдаг биз дээ?

-Яг эцсийн дүндээ яг адилхан л байдаг юм. Нэг юман дээр очиж бууж байгаа юм.

-Дао, хоосон чанар, хэлбэр гээд байгаа нь бүгд адилхан гэсэн үг үү?

-Тийм. Философичид тийм юм хэлж байгаад тэндээсээ ёс суртахууны сургаалаа гаргадаг. Нагаржуна хоосон чанарын онолоо гаргачихаад хэрвээ чи хорвоог хоосон чанартай гэж үзэж байгаа бол, чи амьдралдаа өөрийнхөө суртахуун, оюун ухааныг тэр хоосон чанарыг ажигласнаараа тогтоож авах хэрэгтэй. Тэр нь дундаж үзэл рүү орчихдог юм. Туйлширч болохгүй. Амьдрах ёстой юу, ёстой. Сайхан амьдрах хэрэгтэй юу, хэрэгтэй. Гэхдээ тэр шунал, хүсэл, тачаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл энэ бүх юмыг хэмжээнд нь байлгах хэрэгтэй. Тэгэхээр ёс суртахууны сургаалаар нь явна гэж бараг байхгүй. Уншаад нээрээ тийм байна гэж ойлгож байгаа тэр хүн л тэр сургаалаар явъя гэлээ ч хажуудах чинь болохгүй байхаар чи дахиад л тэрүүгээрээ явж чадахгүй шүү дээ. Нийтээрээ ёс суртахууны сайн чанарт хүрэх ёстой.

-Шинжлэх ухаан хар нүх гэж нэг юмны тухай яриад байдаг. Тэрний талаар юу гэж боддог вэ?

-Одоо юу гэж яриад байгааг нь мэдэхгүй юм. Хар нүх гэж физикийн ухаанд л ярьдаг байсан шүү дээ. Энэ огторгуйд хязгааргүй их нүх бий гэж. Тэр хязгааргүй нүхийг нь очоод үзчихээгүй учраас мэдэхгүй. Тэгэхдээ юу ч байж магадгүй. Бидэнд бол таньж мэдээгүй юм учир тоймгүй байгаа. Үй олон таамаглал хажуугаар нь явж байгаа. Далайн усны хэмжээг тогтоож чадахгүй шүү дээ.

-Тоо бодоод л гаргачих юм биш үү?

-Тэр худлаа. Миний толгойд хэдэн үс байгааг хэн яаж мэдэхэв.

-Хүний үс хэд байдаг гээд тоо гаргачихсан л байдаг..

-Тэр бол багцаагаар л хэлж байгаа юм. Аягүй бол тэрүүгээр эрдмийн зэрэг цол хамгаалж байгаа биз. Ойгүй хар нүх ярьдаг чинь ертөнц үүсэхдээ хаос гэдэг юмнаас үүссэн гээд эртний Грекийн гүн ухаанчид ярьдаг. Эмхгүй байдал гэсэн үг. Эмх замбараагүй юм гэдэг нь харанхуй юм байж таарнаа даа. Хоорондоо эвцэлдээ авцалдаагүй, хар нүх гэсэн утгатай юм л даа. Цаад санаа нь хоосон чанар гэсэн л үг. Хоосон чанар гэхээр тийм юм харагдаж байна гэхийн аргагүй. Юм хоорондоо шүтэн барилдсан учраас энэ гэж нэг юм алга. Мөнх юм байхгүй, мөнх бус юм байхгүй. Тэр хоёрын завсар байна. Тэр хоёрын завсрыг бид харж чадахгүй. Энэ бол бодис мөн, энэ бол бодис биш гээд л миний энэ барьж байгаа дэвтрийг тайлбарлаад явчихдаг. Таван махбод гээд байгаа шү дээ. Тэр махбод чинь дангаараа өөрөө ингээд байж байгаа юм биш. Шүтэн барилдаж хоорондоо авцалдсанаас гарсан. Мөнх биш учраас өөрөө өөрчлөгдөнө. Мөнх байж байвал бүх зүйл тасар­хай, бие биеэсээ хамаагүй болно. Жишээ нь би хэнээс ч хамаагүй болох нь байна шүү дээ.

-Улс төр, намын тухай асуултаас зугтаад байгаа ч ганц асуулт асуучихъя. Намыг удирдаж байгаа хүмүүс намаа ангаахай дэгдээхэйний үүр мэтээр бодож хаяж орхиж болохгүй гэж та хэлсэн. Энэ хэнийг хэлсэн юм бэ?

-Би дан ганц залуусыг хэлээгүй. Нийтэд нь хэлж байгаа юм. Нам гэдэг бол эрх мэдэлд гарах гэж байгаа гарах сонирхолтой хүмүүсийн эрх ашиг сонирхлыг нь хамгаалж байдаг газар биш гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрх мэдэл албан тушаал ахихын тулд намд ордог юм биш. Намын зорилго нь өөр юм.

Нийгмийг удирдахын тулд зөв зүйтэй оролцохыг хэлээд байгаа. За өөр зүйл ярина гэчихээд л улс төр лүү хальтирч асуучих гээд байх юм. Улс төр ярихгүй гэж анхнаасаа хэлсэн шүү дээ. Хэрүүлийн нэмэр байдаг юм.

Categories
мэдээ цаг-үе

Б.Энх-Учрал: “Салхи” хамтлаг үүнээс хойш залуусыг уриалан дуудсан уран бүтээл хийнэ

Монголын хөвгүүдийн
хамтлагийн анхдагч гэгддэг “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” хамтлагийнхан
хамтран “Мартагдашгүй” нэртэй тоглолтыг ирэх сарын 9-нд толилуулахаар болжээ. Уг
тоглолтын талаар “Салхи” хамтлагийн дуучин Б.Энх-Учралаас тодруулав.

-“Салхи” хамтлагийн
хувьд тоглолтоос гадна ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Манай хамтлаг саяхан
“1998” гээд хуучин дуунуудаасаа бүрдсэн шинэ цомог гаргалаа. Мөн жилийн өмнө дандаа
шинэ дуунууд багтсан “Эрхэмсэг хөг” цомог гаргасан. Эдгээр цомгуудад орсон дуунууд
үзэгч, сонсогчдод их хүрч байгаа. Тиймээс бид цомогт багтсан шинэ дуунуудаа клипжүүлэхээр
бэлтгэж байна. Зарим нь олон нийтэд цацагдахад бэлэн болчихсон.

-Танай хамтлагийнхан
тэр болгон тайзан дээр гараад байдаггүй. Ер нь хаагуур юу хийж явна вэ?

-Манай Д.Насанбат,
А.Алтанхуяг, Т.Дашдондог гээд бүгд л хувь хувийнхаа алба, амьдралыг хөөгөөд л, өөрсдийн
зурагдсан заяа төөргийнхөө замаар явж байна даа.

-Хамтлагийн гишүүд
ямар мэргэжилтэй билээ?

-Программист, орчуулагч,
бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн байгаа.

-Таны хувьд?

-Бизнесийн удирдлагаар
мэргэжил эзэмшсэн. Одоо өөрийн хувийн компанитай.

-Саяхан Солонгост
суугаа монголчууддаа зориулж тоглолт хийсэн гэж сонссон?

-Тийм ээ. Саяхан Солонгост
ажиллаж амьдарч буй монголчуудынхаа хүсэлтээр очиж тоглолт хийгээд ирсэн. Үнэхээр
сайхан тоглолт болсон. Монголчуудтайгаа нэг өдрийг халуун дотно сайхан өнгөрүүлсэн.
Харин Солонгосоос ирээд зарим чуулгын уран бүтээлч залуустай нэлээд хамтарч ажилласан.

-Хамтлаг байгуулагдаад
нэлээд олон жилийг ардаа орхиж. Олон ч дурсамж түүх болон үлдсэн байх. Анх байгуулагдаж
байсан үеэ эргэн дурсвал…

-Манай хамтлагийнхан
чинь III, IV хорооллын хүүхдүүд шүү дээ. Тэр үеийн хамтлагууд ч ихэнхдээ нэг дош,
довны хүүхдүүд байсан. Аль байранд ямар хүүхэд гайгүй гитар тоглож, дуулж байна
гэдгийг андахгүй. Нэг өдөр манай хамтлагийн ахлагч Насанбат, Дашдондог хоёр над
дээр ирж хамтлаг байгуулах санал тавьсан юм. Бид орцны гитарчид. Тэр сайн энэ сайн
гэж ам дамжиж бие биенээ олдог байхгүй юу. Ингээд “Мартагдашгүй хайр” дууг анх дуулж
байлаа. Анхны бүтээл маань ч хүмүүст хүрлээ. Араас нь “Ухаарч амжаагүй бүхний чинь
төлөө”,“Нандин хайр” гээд олон дуу гаргасан.

-Тухайн үед хэдэн
настай байсан бэ?

-17, 18 настай хүүхдүүд
байсан. Манай хамтлаг чинь 10 жилд байхдаа олонд танигдаж байлаа шүү дээ (инээв).

-Хэр биеэ тоож
байв. Үе тэнгийнхэн дундаа хит болоод ирэхээр ямар санагдаж байв?

-Их сайхан байсан.
Манай хамтлагийнхан энгийн. Хаана хүүхдүүд сагс, гитар тоглож байна хамт очоод тоглоно.
Гудамжинд ч хамаагүй. Бүтээлүүд олонд хүрээд ирсэн чинь таарсан хүн бүр л “Та нар
салж болохгүй шүү. Энэ эрчээрээ яваарай” гэж их урам өгдөг байлаа. Бид ч салах эрхгүй
ард түмний өмч болсон гэдгээ ойлгож улам урам зориг орсон доо.

-“Ухаарч амжаагүй
бүхний чинь төлөө…Ухаангүй дурласан хайрынхаа төлөө” дууг одоо ч залуус дуулах
дуртай. Энэ дууг анх эмэгтэй хүн дуулсан гэсэн?

-“Айзам-2” хамтлагийн
аргил гитарчин О.Хүрэлбаатар ахын дуу. Эмэгтэй хүн дуулдаг дуу, үнэн. Би бүр бэлтгэлээр
нь зөндөө сонссоор байгаад дурлачихсан. Тэгээд хамтлагийнхандаа хэллээ. О.Хүрэлбаатар
ахад ийм нэг дуу байна. Хэдүүлээ гуйвал яасан юм гэсэн чинь манай хамтлагийнхан
ч зөвшөөрлөө. Ингээд нэг өдөр Хүрэлбаатар ахад хэлсэн чинь “Үгүй. Энэ чинь эмэгтэй
хүний дуулдаг дуу” гээд хавьтуулдаггүй. Яахав анхнаасаа эмэгтэй хүнд зориулаад бүтээсэн
болохоор өнгө, ая хэмнэлийн хувьд ч эмэгтэй хүн дуулахад зохимжтой байсан л даа.
Тэгээд эцэстээ Хүрэлбаатар ахыг ятгаж, эмэгтэй хүн шиг нарийхан зөөлөн аясаар дуулсан.
Гоё ч үгтэй.Тийм болохоор хүмүүст их хүрсэн байх.

-“Айзам-2” хамтлагийн
гитарчин О.Хүрэлбаатар, гитарчин Гантөр хоёр танай хамтлагийн бараг бүх дууг хийсэн
гэдэг?

-“Ухаарч амжаагүй
бүхний чинь төлөө” зэрэг хэд хэдэн дуу Хүрэлбаатар ахынх. “Хагацал үзээгүй хайр”,
“Хайрын тухай яримааргүй байна” зэрэг дуу гитарчин Гантөр ахын дуунууд шүү дээ.
Анхнаасаа хамтарч ажиллаад сурчихсан болохоор нэг нэгийгээ их мэдэрч ойлголцдог
нь хамтын бүтээл туурвихад амар санагддаг.

-Хэзээ ч мартагддаггүй
тоглолт юу байв?

-Хамтлаг байгуулагдаад
удаагүй байхад “Ардын эрх” хит парад болдог байсан. Монголын хамгийн мундаг уран
бүтээлчид оролцож ая дуугаа өргөдөг.

Мөн хамгийн шилдэг
арван хамтлагийг шалгаруулна. Манай хамтлаг ч яахав хамгийн түрүүнд гарч дуулчихаад
үзэгчид дунд ороод суучихлаа.

-Тоглолт үзээд
л…ямар хамтлагуудыг шүтдэг байсан бэ?

-Ёстой үзэгчдийн дунд
ороод акулуудын тоглолтыг үзнэ ш дээ. Өөрсдөө хамтлаг гэдгээ ч мартчихна. Тэр үед
“Камертон”,“Номинталст” хамтлаг жинхэнэ шуугиулдаг байлаа. Хамгийн сүүлд “Никитон”
хамтлаг тайзан дээр бут ниргээд л дууслаа. Тэгээд шилдэг арван хамтлагийг сүүлээс
нь зарлалаа. Нэгт “Никитон” гэж зарлаад л араас нь тусгай байр “Салхи” хамтлаг гэдэг
байгаа. Бид хэд бөөн хөөр. Тусгай байр гэдэг чинь том амжилт шүү дээ. Тэгсэн хамтлагууд
тайзны араас гарч ирж шагналаа авч байхад манайхан үзэгчид дундаас үсрээд гарсан.
Хүмүүс нэрхийтэл инээж байсан. Тусгай байр эзлээд радиогийн алтан фондод дуугаа
бичүүлэх эрх, “Ардын эрх” сонинг бүтэн жил захиалах эрхээр шагнуулж байлаа.
Тэр л хамгийн гоё дурсамжтай бэлэг байсан даа.

-Хайрын тухай олон
жил дууллаа. Одоо сэдвээ өөрчилж уран бүтээл хийе гэж боддог уу?

-Энэ тоглолтын дараа шинэ дуун дээр ажиллана. Арай
өөр өнгө аястай бүтээл төрөх байх. Анх хайрын тухай дуу дуулж залуусыг уян зөөлөн
сэтгэлтэй болоосой гэж их хүсдэг байсан. 17 жил хайрын дуу дуулсан. “Салхи” хамтлаг
үүнээс хойш хайрын дуунаас илүүтэйгээр залуусыг уриалсан уран бүтээл хийнэ.

-Энэ удаагийн хамтарсан
тоглолтын онцлог юу вэ?

-Бид өөр өөрсдийн
хит уран бүтээлээ үзэгчдэд нэгэн дор хүргэх болно. Тийм болохоор хүмүүст ч илүү
мэдрэмж төрөх байх. Үнэхээр та бүхний хүсэн хүлээсэн сайхан тоглолт болно гэдэгт
итгэлтэй байна.1990-ээд оны залуусын дурсамжийг сэргээх зорилгоор, жүжигчилсэн хэлбэрээр
“Титэм” хамтлагийн дуучин Л.Тайванбат зохион байгуулж байгаа гэдгийг онцолмоор байна.

-Нэг хамтлаг хичнээн
дуу дуулах бол?

-Таваас зургаан дуу
дуулна. Хамтлагийнхаа хамгийн хит гэсэн дуугаа сонгож хүмүүст хүргэх зорилготой.

-Тоглолтын тасалбарын
үнэ?

-Тоглолт “UB
Palace”-т болно. Тасалбар үнэ 40, 80 мянга гэсэн хоёр сонголттой байгаа.

Categories
мэдээ цаг-үе

ЖЕРРАРД: “Намайг “Юнайтед”-ыг үзэн ядах хүмүүжлээр өсгөсөн юм”

Сүүлийн үед
хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг маш их татаж байгаа “Ливерпүүл”-ийн домогт довтлогч
Стивен Жеррардын намтрыг өгүүлсэн номын хэсгээс хүргэе.

Тоглолт эхлэх тэр
өглөө надад нэг л сонин мэдрэмж төрөөд байсан юм. Бие халаалт хийх гээд талбайд
гарах үед “Юнайтед”-ын хөгжөөн дэмжигчид намайг доромжилдог дуугаа чарлаж эхлэлээ.

Стиви Жеррард,
Жеррард

Санаандгүй байтал
өгзгөөрөө ойчлоо

Демба Бад бөмбөгөө
алдчихлаа

Дэмий юм хийчихлээ
дээ, Стиви Жеррард

Тэд хэсэг ийнхүү дуулж
байснаа залхсан юм байлгүй дуулах дуртай доромжлол руугаа шилжин “Чи бараг л аварга
болсон. Чи бараг л аварга болсон, гэхдээ л чадаагүй, чи аварга болоход жаахан дутсан”
хэмээн дуулах үед уур хилэн дээд цэгтээ тулж байлаа.

Эхний үеийн тоглолт
“Ливерпүүл”-“МЮ”-ийн тулаан гэж хэлэхээргүй тун тайван өрнөж байсныг гайхмаар. Уг
нь бид чинь бие биесээ хяргадаг байхгүй юу. Хоёрдугаар үе эхлэхийн өмнө би биеэ
халаангаа домогт “Энфилд”-ээ тойруулж хараад талбайд гарахаар бэлтгэж эхэллээ. Энэ
миний хувьд хамаг залуу насаа өнгөрөөсөн төрөлх хотынхоо хөлбөмбөгийн ногоон талбайд
заналт дайсныхаа эсрэг сүүлчийн удаа гарч буй мөч юм шүү дээ. Хоёрдугаар үеийн тоглолт
эхлэнгүүт би Хуан Мататай тулж бөмбөг хаашаа ч юм ойгоод алга болов. Эргээд хартал
Андреас Эррера над руу хамаг хурдаараа гүйж орон зайг минь таглах нь ээ. Намайг
дамжуулалт өгөх агшинд түүний хөл гулсаад л хажууханд хүрээд ирлээ. Би тэвчсэнгүй.
Миний бутсын хадаас түүний хөлийн булчингийн хамгаалалт байхгүй хэсэг рүү нь шигдэж
байгаа нь мэдрэгдээд. Мэдээж тэр их л өвдсөн байх. Гэхдээ би гараа өргөж “Юу ч болоогүй
байхад ямар бааштай амьтан бэ” гэх царай гаргахыг хичээн ямар ч мэргэжлийн хөлбөмбөгч
ийм тохиолдолд аюулыг хэрхэн өөрөөсөө зайлуулдаг билээ тийм л аргыг бодож байлаа.
Даанч талбайн шүүгч Аткинсоны над руу шийдэмгий алхах хөдөлгөөн таалагдсангүй, тэр
ч хүрч ирээд шууд л улаан хуудас өглөө. Заналт дайсан “Юнайтед”-ын эсрэг тоглож
буй сүүлчийн тоглолтдоо 38-хан секунд тоглоод улаан хуудас авч хөөгдөж буй би өөрийгөө
“Чи юу хийчих вэ, усан тэнэг чинь” хэмээн хараахаас өөр яах билээ.

Намайг “Манчестер
Юнайтед”-ыг үзэн ядах хүмүүжлээр бойжуулж өсгөсөн юм. Ийм үзлийг бидний тархинд,
зүрхэнд суулгаж “Ливерпүүл”-ийн балиашиг хэмээх онцгой хүмүүс болгосон бөлгөө. Энэ
хоёр баг, энэ хоёр хот хэзээ ч хоорондоо эвтэй найртай байсангүй. Манай “Ливерпүүл”
амжилтаараа өнө олон жилийн туршид тэдний дээр байсан ч харамсалтай нь Алекс Фергюсоны
үеэс энэ давуу талаа алдаж эхэлсэн дээ. Цаг хугацаа өнгөрч би улсынхаа шигшээд дуудагдаж
эхлэх үеэсээ Бекхэм, Невилл, Руни зэрэгтэй мөр зэрэгцэн тоглох болсноор энэ үзэн
ядалт бага зэрэг намжсан ч алга болоогүй. “Юнайтед”-ын эсрэг тоглох бүртээ бид бие
биенээ хурцалж, шүүгчийн шүглийн дуу дуусах хугацааг зарлах хүртэл яс махаа тасартал
үзэлцдэг байлаа. 26 жилийн туршид би энэ замаар явсан. Миний гэрт, миний эсрэг тоглож
байсан олон багийн, олон хөлбөмбөгчийн надтай солилцсон цамц дурсгал болон хадгалагдаж
байдаг. Би маш олон хөлбөмбөгчидтэй тэмцээний дараа футболкоо солилцож байлаа. Гэхдээ
“Юнайтед”-ын нэг ч хөлбөмбөгчтэй солилцож байгаагүй. Тийм ч учраас тэднийхэн надтай
цамцаа сольё гэж санал тавьдаггүй. Тийм ч учраас тэдний улаан цамц манай гэрт байхгүй.

Миний төлөөлөгч Струан
Маршалл нэг удаа надад “МЮ”-ын ахлах дасгалжуулагч Фергюсон намайг багтаа элсүүлэхийн
тулд зальжин арга бэлдэж байгаа тухай санууллаа. Дараахан нь Гари Невилл шигшээгийн
цугларалтын үеэр намайг “Юнайтед”-ын эгнээнд багтвал бүгд баярлах болно, тэсэн ядан
хүлээж байна, түүнийг сэр Алекс явуулсан, чи “за” гэхэд л болно гээд л ятгасан юм.
2004 онд Фергюсон намайг “Английн хамгийн их нөлөөтэй хөлбөмбөгч” гэж зарлаад “Жеррардыг
багтаа багтаахыг ямар ч дасгалжуулагч мөрөөддөг” гээд л ярилцлага өгч байлаа шүү
дээ. Гэтэл 13 жилийн дараа хэвлэгдэн гарсан номондоо намайг байдаг л нэг жирийн
хөлбөмбөгч гээд л бичдэг юм даа. Бидний харьцаа нэг ийм л байсан. Юм үнэнээрээ байх
сайхан. Би дасгалжуулагч Фергюсоныг хүндэтгэдэг.

Заримдаа Скоулз, Кин
нар манайд байсан бол “Ливерпүүл” хэдэн удаа аваргалах байсан бол, би Бекхэмтэй,
төвдөө Кинтэй, зүүн талдаа Гиггзтэй, довтолгоондоо Руд ван Нистелройтой гүйсэн бол
гайхалтай байх байжээ гэж боддог. Ийм багт
би ч нэг их төвөг учруулахгүй тоглож чадах байсан шүү.

Бэлтгэсэн

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бөөсөнд хутга гаргадаг сайд нар олшрох төлөвтэй

Өнөөдөр шинээр томилогдож очоод ажлын гараагаа эхэлж буй сайд дарга нар эргэн тойрондоо байгаа төрийн албан хаагчдыг үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймүүлж, яг дэргэд нь шадарлах, торгон цэрэг нь байх төрийн албан хаагчдад дайсан мэт хандаж байна. Өнөө маргаашгүй улс орныг сүйрүүлж, ард түмнийг хорлох гэж байгаа бөөн дайсан дунд орсон ганц эерэг дүрийн баатар мэт аашлах боллоо. Энэ эх захгүй бужигнааныхаа гол дүрд өөрсдөө тоглох болсон нь хэрээс хэтэрч, цагаандаа гарсан хэрэг болов. Тэдгээр сайд дарга нарын жижигхээн зүйл дээр эр бяраан гайхуулж буйг нь хараад яая даа гэмээр харамсал төрж байна. Саяхан Зам тээврийн сайд болсон М.Зоригтын жишээн дээрээс харъя. Энэ хүн бол Их хурлын гишүүний ажилдаа цаг завынхаа цөөн хувийг зориулдаг, харин твиттер фэйсбүүкт ажлынхаа ихэнх хувийг зарцуулдаг гэж хүмүүс ярьж, бичдэг. Магадгүй цахим ертөнцөд жиргэж, гэрэл зургаа оруулахад дийлэнх цаг заваа зориулдаг болсноор зарим иргэд “Аанхаа, ийм нэг их хурлын гишүүн байдаг юм байна” гэж таних болсон байх. Гэтэл сошиал медиагийн идэвхтэй хэрэглэгч маань Зам тээврийн сайдын суудлыг авсныхаа маргааш нь шахуу яамныхаа сошиал медиа-г хаалаа. Ингэснээр яамны мэргэжилтнүүд, ажилчид фэйсбүүк, твиттерт нэвтрэх эрхээ хасуулав. Тогтворгүй үзэл баримтлалтай хүн улс төрд байдаг. Учир нь М.Зоригт гишүүн Интернэтийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэдхэн сарын өмнө өргөн барьсан. Тэрбээр энэхүү хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг интернэтийн орчинд баталгаажуулахыг зорьсон хэмээн мэдээлж байсан юм даа.

Зам тээврийн яаман дээр ингэж сүрхий ажил хийж аваад зүүн аймгуудын зам руу жирийлгэсэн. Тэнд тавьж очоод авто замын компаниудын гэрээг цуцалж дахиад гэрээ хий гэв. Зам тээврийн яам өнгөрсөн зургадугаар сард компаниудтай гэрээ байгуулсан аж. Гэвч Хөгжлийн банк санхүүжилтээ оройтуулсан нь тэдэнд хугацаа алдах шалтгаан болжээ. Замынхан Хөгжлийн банк гэрээнд хойрго хандаж улсын ажил цалгардуулсан талаар Засгийн газарт танилцуулахыг М.Зоригт сайдад учирласан ч өнгөрсөн наймдугаар сарын 15-наас энэ сарын 15 хүртэлх ажлын цалгардлын хариуцлагыг компаниудтай тооцон ийнхүү гэрээг нь цуцлав. Эхний цас орж өвөл хаяанд ирлээ. Залгуулаад хавар болж сонгуульдана. Хэдүйдээ зам тавих болж байна. Улсаас авах мөнгө нь орж ирээгүйгээс хугацаа алдсан эдгээр компаниуд Монгол Улсад яаж дайсагнасан учраас нэгэнт эхэлсэн ажлыг нь замын дунд зогсоов. Хардаж харвал өөрийнх нь нөлөөний компаниуд л тэнд нь оролцъё гэсэн байж мэдэх юм даа. Ер нь бол зүүн чиглэлийн автозам ашиглалтад орох нь өнгөрөв бололтой. Тэнд “дайснууд” бий болсон учраас тэр шүү дээ.

Нөхөр тэндээсээ давхиж ирээд шуурхай хуралдаан хийж Зам тээврийн яамны бүх дарга нарын машиныг хөдөө орон нутагт замын ажил дээр ажиллаж буй залуучууд руу шилжүүлэх, улмаар хот дотор явж байгаа машинуудад GPS байрлуулж хаана явааг нь хянах шийдвэр бас гаргав. Энэ одоо сайдын хийх ажил мөн үү. Байгууллагынх нь дисспечер л хянана биз дээ. Төрийн дарга нарын машинаар оролдохоор дагуулж хийцлүүлдэг урьдын практикууд бий. Өмнө нь нэг сайд ийм юм ярьж бүх жилүүдийг хураасан чинь өнөө дарга нар нь уриалгахнаар хүлээж авангуутаа хуучирсан 470-уудаа бүгдийг нь актлаад зөрүүлээд бүгд шинэ 200-нууд аваад уначихсан юм. Төрийн албанд шийдвэр хэрэгждэг, харин үр дүн нь ингэж л эргэдэг. Энэ мэтийг нь мэдэх болсон ард түмэн одоо юу гэдэг гэхээр “Өө яахав, наанаа хэмнэлт гэсэн шударга дүртэй цаанаа өөрийн бизнесээ шахдаг томчуудын үйлдэл” гэж. М.Зоригт сайдын энэхүү жижиг шийдвэрүүдийг бөөсөнд хутга гэдэг нь биш гэж байгаа юм бол нөгөө хариулт нь дээрх ард түмний ярьж байгаа болно. Гадаадын хөгжсөн нийгэмд яамныхаа машинаар хүүхэн шуухан хүргэж үйлчиллээ хэмээн огцорсон шуугиан бий. Харин жижигхэн Монголд энэ нь огт өөр. Хүүхдээ цэцэрлэгт хүргэх машин, эхнэрийн машин, албаны машин… нэг өрхийн авто хэрэгслүүд хөдөлгөөнд олноор оролцож байгаагаас хотын энэ их түгжрэл, нерв бий болдог. Үүний оронд даргаа хүлээгээд зогсож буй албаны машинд бензинийг нь хийгээд авгайгаа, хүүхдээ авахуулчих нь зөв. Гурван машины оронд нэг нь л хөдөлгөөнд оролцож байгаа биз дээ. Амьдралтай бодлого боловсруулахыг өнөөдрийн сайд дарга нараас цаг үе шаардаад байна шүү дээ.

Зам тээврийн сайд М.Зоригтын бөөсөнд гаргаж буй хутга цаашаа ч үргэлжилж байна. Саяхан “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд очиж гэнэтийн шалгалт хийв. Сайдын дагуулж очсон ганц хүн нь МАН-ын пиарыг сошиал ертөнцөд хийдэг Цогоо. Цогоо нь гонжоом зангиатай сайд нь ч юм шиг. Хажуу дахь М.Зоригт болохоор хүзүүндээ гэрэл зургийн аппараттай зурагчин нь ч юм шиг. Төрийн сайдын намба төрх бол иргэн хүнд итгэл үнэмшил төрүүлэх эхний алхам болдог. Ялангуяа 2000 жилийн төрт ёсны түүхтэй Монголын ард түмний хувьд энэ нь их чухал. Тэрнээс цагаачдын тив Америкт бол жинсэн цамцтай сенатор харайж явдаг л даа. Зам тээврийн яаманд хэвлэл мэдээллийн алба, хэвлэлийн төлөөлөгч гэж байдаггүй юм уу. Байдгийг нь шинэ сайд нь мэддэггүй юм уу. Дагуулж яваа нөхөр нь бол эрх баригчдыг айхавтар шүүмжилж, элдвээр хэлдэг хүн. Тэгээд л гэнэтийн шалгалт гэж шинэ сайдыг хөөргөөд, нисэхийнхнийг ёстой нэг хяргалаа, бужигнууллаа гэж сошиал медиагаар жиргээд, түүнд нь сайд М.Зоригт баясаад байгаа юмуу даа. Ингээд нисэх буудал дээр шалгаж, сайжруулж, бужигнуулаад байгаа юм нь юу байна гэхээр нөгөө л бөөсөнд гаргасан сайдын хутга. Гадаадын иргэн Монгол Улсын дархан хилээр есхөн минутын дотор гүйгээд гарах ёстой гэнэ. Тийм чирэгдэлгүй үйлчилгээг үзүүл гэж сайд М.Зоригт үүрэг өгч, биелүүлэхгүй бол хатуу хариуцлага тооцно гэжээ. Үүнийгээ хэрхэн бодитой ажил хэрэг болж байгааг шалгахаар Цогоог дагуулж очсон нь тэр байж. Нөхөр сайд зорчигчдын танхимд зургийн аппаратыг зэхэн, цагаа тоолон зогсов. “Эйр Чайна”-гийн нислэгээр ирсэн зорчигчдыг бууж ирэх үеэс, хүлээн авагчийн танхимд гарч иртэл нь цагаа харж, даалгавар биелсэн эсэхийг шалгатал зорчигчид 14 минутад багтан гарч ирж сайдын уурыг нь хүргэв. Угтаа есхөн минутад багтах ёстой. Мөн лут хяналт, шалгалт шүү. Тэгээд “Эйр Чайна”-гаар ирсэн нэг хужаа манай улс руу есхөн минутад амжиж орох нь Монгол Улсад ямар ашигтай юм бэ. Монгол гэдэг улс чинь хэн дуртай нь хэдхэн минутын дотор гүйгээд орчихдог онгорхой нүх юм уу. Монгол төрийн алтан босго шүү дээ. Тусгаар Монгол Улсын үүд хаалга ажиллаж байна. Үүрэг хүлээж, тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчид тэнд ажиллаж байна. Монгол төрийн хамгийн хүнд суртал харинчиг тэнд л байх ёстой. Бүгд өмнө нь бөхөлзөж, хүлээж, ширтэж зогсох ёстой. Дэлхийн ардчиллын өлгий АНУ хил гааль дээрээ хэдэн цагаар хүлээлгэдгийг та бид мэднэ. Гэтэл Монголын хилээр гадныхныг зүгээр л гүйлгээд гарга гэж байгаа төрийн сайдыг хараад үнэндээ гайхаш тасрахад хүрч байна. Сайдынхаа ийм жижиг сажиг ажлыг хараад салбарынхан нь, мэргэжлийн хүмүүс нь бүүр нэг гайхширчихсан зогсож байгаа юм.

Монголын төр ингэж л жижгэрч байна даа. Ерөнхий сайд нь хилийн бүсэд нэг сэтгүүл зарлаа гэж дарга нарыг нь халлаа. Нэгэн загвар зохион бүтээгч хүүхэн “Намайг татвараа төл гэж загналаа” хэмээн уйлан хайлан ховлоход нь татварын даргаа дуудаж загналаа. Юу болоод байгаа юм бэ. Энэ бүгд Монголын төр бөөсөнд хутга гаргаад байгааг, хэтэрхий жижигхэн юмаар хөөцөлдөөд байгааг, дээрээ жижгэрэхээр дороо бүр хуурсанд хутга шөвөг тулгадаг болсныг харуулж байна.

Үнэхээр Зам тээврийн сайд та ажил хийх гээд байж ядаад аргаа олохгүй байгаа юм бол 270 сая ам.доллараар төмөр зам барина гээд говьд аваачаад овоолчихсон шороон дээр арга хэмжээ ав. Наад есөн минутын дотор хужаа оруулахын чинь дэргэд жинхэнэ Зам тээврийн сайдын хийх ажил. Говийн шороо, бороо хоёрт 270 сая ам.доллар хийсээд, урсаад алга болж байна лээ. Яг энэ асуудалд наад твиттерчнээ ашиглаач. Энэхүү далангийн овоолго ч сайд хүнд жижигдэх ажил. Ядаж нарийн, өргөн царигийн бодлогыг өөр түвшинд аваачих, эдийн засгийн тооцоон дээр суумаар байна. Транзит тээвэрлэлт дээр хоёр хөрштэйөө эрх ашгаа хэрхэн нэгтгэх талаар тогтож бодмоор байна. Наад нэг гэрэл зураг дарахаа, жиргээ миргээгээ ирэх зургадугаар сар хүртэл больчихооч. Салбарынхаа бүх мэдээллийг нэгтгэж хар, анализ хий, бодлого боловсруул. Битгий бөөсөнд хутга барьж гүйгээд бай.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-оос “Нэг ангийнхан”-ы гэрэлт түүхийг уншаарай

“Өдрийн сонин”-ы амралтын дугаар хэвлэгдэж, захиалагчдынхаа гарч хүрлээ. Энэ дугаарт нийтлэгдсэн материалуудаас онцлон тоймлож танилцуулъя.

Монгол Улс технологийн шилдэг 1000 инженертэй болохоор Япон улсад оюутнууд суралцуулахаар болсон билээ. Тэгвэл өчигдөр инженерүүдийн хичээлийн шинэ жилийн нээлт болов. Энэ үйл явдлаас хийсэн “Өдрийн сурвалжлага”-ыг нэгдүгээр нүүртээ онцоллоо.

Мөн Аж үйлдвэрийн яамнаас өчигдөр экспортоороо тэргүүлсэн 94 компанийн төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийв. Энэ уулзалтыг олзуурхан сурвалжилж, экспортлогчдын хамгийн их хүсч буй үгийг нийгэмд хүргэж байна. Нэг, хоёрдугаар нүүрээс уншаарай.

Бямба гаригийн дугаар бүрт хүргэдэг уламжлалт “Нэг ангийнхан” буланд Монголын цагдаагийн салбарын 1995 оны төгсөгчид уригдлаа. Нийгэм ардчилалд шилжээд удаагүй байсан үед цагдаа болсон 30 шижигнэсэн залуу дэслэгчээс хурандаа болтлоо албандаа зүтгэжээ. Тэдний гэрэлт түүхийг нэг, зургадугаар нүүрээс унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы өдөр бүхний дугаарын нийтлэлийн гол бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт нийтлэлч Л.Мөнхтөрийн “Ном уншиж ухааждаг хүнгүй болж ном бичиж солиордог хүн олширчээ” нийтлэл хэвлэгдлээ.

Мөн түүнчлэн цаг үеийн сурвалжлага, уран зохиолын “Өд, бэх” булан, амралтын өдөрт зориулсан “Амрах агшин” булан, “Өдрийн зочин” булангууд хуваарьт нүүрт гарлаа. Манай сонины өнөөдрийн дугаарыг Монгол шуудан, Улаанбаатар, Скай шуудан, Түгээмэл шуудангийн бүх салбарууд, сонин борлуулах цэгүүдээс аваарай. Мөн дөрөвдүгээр улирлын захиалга явагдаж буйг дуулгая. Та захиалга өгөхийг хүсвэл 99112954, 88111375 дугаарт холбогдоорой.

Categories
мэдээ спорт

Баянхонгор аймагт Бага олимп болж байна

Баянхонгор аймгийн Бага олимпийн наадам
өчигдөр нээлтээ хийжээ. Зургаан хоног үргэлжлэх Бага олимпийн нээлтийн ёслолд
тус наадмыг санаачлагч УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, олимпийн
Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Д. Сумъяа, Ц.Мөнхзаяа, П.
Лхамдэгд, Б.Батгэрэл, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Э.Бэхбаяр
нарын шилдэг тамирчид хүрэлцэн очсон байна. Наадмын урьдчилсан шатны тэмцээнүүд
төв, хангай, говийн гэсэн гурван бүсэд нэгэн зэрэг эхэлжээ. Гурав дахь удаагийн
наадамд нийт сумдыг хамрасан 30 багийн тамирчид спортын 15 төрлөөр өрсөлдөх юм.
Олимпийн наадмыг угтан зохиогддог энэхүү наадам хамгийн анх найман төрлөөр
явагдсан бол дараагийн бага олимп 12 төрөл, гурав дахь наадам ийнхүү 15 төрөл
болон өргөжжээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашин ачиж, журамлах ажлыг түр зогсоожээ

Автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан тээврийн хэрэгслийг ачиж, журамлах ажлыг энэ сарын нэгнээс түр хугацаагаар зогсоожээ.

Учир нь Замын хөдөлгөөний тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн холбоотойгоор өмнөх хуулийн хүрээнд гарсан дүрэм журмууд хүчингүй болсон байна.

Гэхдээ цаашид нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг ачихгүй болно гэсэн үг биш аж. Ачилтын асуудлыг дахин журмаар баталж, торгуулийн асуудлыг дахин хэлэлцэж байж хэрэгжүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

ААН-үүд кассын машины баримтаараа сугалаанд оролцох боломжтой болно

Иргэдэд татварын өгөөжийг илүү хүртээмжтэй болгох үүднээс Улсын Их Хурлын хаврын чуулганаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн төслийг тус тус баталсан. Уг хуулинд иргэд худалдан авсан бараа, үйлчилгээндээ төлсөн НӨАТ-ын дүнгийн 20 хүртэлх хувийг буцаан авах, төлбөрийн баримтаараа сугалаанд оролцох тухай заалтуудыг нэмж тусгасан байна.

Энэхүү буцаан олголт, урамшууллын системийн хэрэгжилтийг үр дүнтэй ажил болгох үндсэн дээр Татварын ерөнхий газрын дэргэд “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хөгжүүлэх” төслийн нэгжийг Засгийн газрын 285 тоот тогтоолоор байгуулсан. Тус ажлын хэсэг ижил төстэй системийг амжилттай нэвтрүүлж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн БНХАУлсын Тайвань муж, Бүгд Найрамдах Словак улсын туршлагыг судалж үзэн оновчтой технологийн шийдлийг боловсруулжээ.

Дээрх орнуудын хувьд иргэдийнхээ дунд зөвхөн сугалааны урамшууллыг зохион байгуулдаг бол манай улсын тухайд сугалааны урамшууллаас гадна буцаан олголтын урамшууллыг нэмж өгснөөрөө энэхүү жишгийг дэлхий дахинд анхлан нэвтрүүлж хэрэгжүүлсэн улс болно.

НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл Татвар төлөгчийн үүргийн 1.8 дах заалтад Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэрэглэх гэсэн заалтыг нэмэлтээр оруулсан.

Хууль хэрэгжиж эхэлснээр нийт ААН-үүд кассын машины систем хэрэглэж нэг ижил стандартын төлбөрийн баримтыг хэвлэх ба иргэд уг төлбөрийн баримтаар сугалаанд оролцох боломжтой. Мөн буцаан олголтын урамшууллыг Арилжааны банкуудтай хамтран иргэн бүрт олгохоор ажиллаж байна.

Энэхүү хуулийн хүрээнд ААН-үүд нь бараа, ажил үйлчилгээний борлуулалтын баримтын мэдээллийг татварын нэгдсэн системд цуглуулах зорилгоор Pos API 2.0 хэрэглэгчийн системтэй уялдан ажиллах модуль хөгжүүлэн гаргаад байна. ААН-үүд нь өөрсдийн системийн онцлогт тохируулан https://vatps.mta.mn/possapi цахим хуудаснаас авч өөрийн системд суурилуулна.

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бол “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн төсөл 2015 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болохоор шийдвэрлэгджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Сүхбаатар МАН-аас гарчээ

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар МАН-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр гарч байгаа тухай бичиг, мөн намын батлахаа Дархан-Уул аймгийн 10 дугаар багийн намын үүрийн дарга Ж.Оюунд өгсөн тухайгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдээлээд байна.

Түүнийг МАН-аас гарч, МАХН-д элсэнэ гэх мэдээлэл хэд хоногийн өмнө цацагдсан. Үүнийг нотлох мэт тэрбээр МАН-аас албан ёсоор гарсан тухайгаа зарлалаа. Ж.Сүхбаатар нь 2008 онд Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдож, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байв. 2012 оны УИХ-ын сонгуульд дахин Дархан-Уул аймагт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм.

МАН дээрх сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа удирдлагуудаа өөрчилж, энэ үеэр түүнийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгох сунгаа Бага хурлын төвшинд болсон ч гишүүдийн олонхи нь дэмжээгүй юм. Ж.Сүхбаатар тухайн үед Бага хурлын дараа “МАН Т.Бадамжунай гэх мэт авлигачдаасаа салаагүй цагт цэвэршихгүй” гэх хатуухан үгийг твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв. Тэрбээр 2012 оны сонгуулийн дараа АНУ-ыг зорьж, хэсэг хугацаанд тэнд амьдарсан билээ.

Үүнээс хойш нам гүмхэн байсан экс гишүүн өнгөрсөн зун МАХН-ын даргатай уулзаж, олны анхаарлыг татсан бол өнөөдөр ийн МАН-аас гарч, дуулиан тарилаа. МАН-ын гишүүд дотроос хамгийн ирээдүйтэй улстөрч хэмээн үнэлэгдэж байсан энэ эрхэм юуны учир өрх тусгаарлаж, сул хүн болсон нь удахгүй тайлагдах биз ээ.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг тохижилттой 77 аж ахуйн нэгж шалгарлаа

Энэ оны нийслэлийн шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулах “Цэмцгэр-Улаанбаатар” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Арга хэмжээ Чингисийн талбайд зохион байгуулагдаж нийслэлийн удирдлагууд шалгарсан байгууллага аж ахуйн нэгжийн удирдлага, иргэдэд шагнал гардуулсан. Болзолт уралдаанд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн 19000 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцсон. Нийт 45. гаруй тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийж, 33.4 га талбайд шинээр ногоон байгууламж хийж, 401.2 га талбайн цэвэрлэгээ, угаалгыг хийнцэвэр цэмцгэр орчин бүрдүүлснийг онцолж байгууллага иргэдэддээ талархал илэрхийллээ.

Нийслэлийн 376 жилийн ойг угтан зарласан энэхүү уралдаанд эхний шатанд 631 аж ахуйн нэгжшалгарсан. Тэдгээр шалгарсан байгууллагуудын мэдээлэл, фото зургийг олон нийтийн сайтад байршуулан иргэдээс санал асуулга авч 2 дахь шатанд 28 номинацид 148 аж ахуйн нэгж шалгарснаас Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллагаар 77аж ахуйн нэгж шалгарлаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

:ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВ номинацид

Чингис трейд ХХК Хар хорин худалдааны төв /БГД 20-р хороо/

Моннидэр ХХК Оргил худалдааны төв /Налайх хот 1-р хороо/

Хүннү Молл худалдаа үйлчилгээний цогцолбор төв /Хан-Уул 4-р хороо/

Жасиун ХХК-ийн худалдаа, үйлчилгээний төв /Сүхбаатар-13-р хороо/

НОМИНАЦИ 2- ХӨНГӨНИЙ ҮЙЛДВЭР

Ханбогд Кашимер ХХК-Сонгинохайрхан 20-р хороо

Мөнхийн үсэг ХХК-Хан-Уул 3-р хороо

НОМИНАЦИ 3- ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР

Талх чихэр ХК- Сонгинохайрхан 29-р хороо

АПУ ХК-Хан-Уул 15-р хороо

НОМИНАЦИ 4- ХҮНСНИЙ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР

МК интернэшнл ХХК-/Баянгол 17-р хороо

НОМИНАЦИ 5- ХӨНГӨНИЙ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР

UBT Модны үйлдвэр- /Сүхбаатар 16-р хороо/

НОМИНАЦИ 6- СУПЕРМАРКЕТ

Алтан Жолоо трейд ХХК Сансар супермаркет /Сонгинохайрхан 6-р хороо/

Жетро Холдинг ХХК-ийн Жетро супермаркет / Хан-Уул 1-р хороо/

НОМИНАЦИ 7- МИНИМАРКЕТ

Од Сэр Чандмань ХХК /Сүхбаатар-16-р хороо/

Ургах өглөө ХХК Нархан мини маркет / Баганууур 1-р хороо/

НОМИНАЦИ 8- ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР

New happy day хүнсний дэлгүүр /Сонгинохайрхан 1-р хороо/

Атар баяр ХХК /Баянзүрх 8-р хороо/

Хангайн булаг ХХК /Багахангай 2-р хороо/

Түмэн хос ХХК /Чингэлтэй 8-р хороо/

Хан-эрдэнэ ХХК /Сүхбаатар 15-р хороо/

ЖОЗЭ ХХК /Чингэлтэй 13-р хороо/

Есөн чандмань ХХК хүнсний дэлгүүр /Баянгол 23-р хороо/

Мөнх дуурсах ХХК /Хан-Уул 9-р хороо/

НОМИНАЦИ 9- ХҮНСНИЙ БИШ БАРААНЫ ДЭЛГҮҮР

Номын худалдааны төв /Сүхбаатар 8-р хороо/

Батцээг ХХК /Хан-Уул 3-р хороо/

НОМИНАЦИ 10- ХҮНСНИЙ МУХЛАГ

Жаран өнөр бүл хүнсний мухлаг /СХД 22-р хороо/ -үг хэлнэ

Номин хүнсний мухлаг / БЗД 17-р хороо/

НОМИНАЦИ 11- РЕСТОРАН

Үлэмж агь катеринг ХХК Калифорни ресторан / СБД 3-р хороо/

Серж Эксклюзив ХХК Батько Опанас ресторан /БЗД 1-р хороо/

Голден барелл ресторан /БЗД 14-р хороо/

НОМИНАЦИ 12- БААР

Зол халиун соронз ХХК Соронз баар

Стар интер трейд ХХК

НОМИНАЦИ 13- КАФЕ

Гурван билэг ХХК Папаминго кафе

НОМИНАЦИ 14- ГУАНЗ

Сити зоог хоолны газар

BON APETIT цайны газар

Нүүдэлчин зоог

НОМИНАЦИ 15- ҮСЧИН ГОО ЗАСАЛ

Соёл салон / Баянгол 18-р хороо/

Үлэмж грейс ХХК-ийн Грейс салон /СБД 3-р хороо/

НОМИНАЦИ 16- НИЙТИЙН ХАЛУУН УС

Чандмань халуун ус /СХД 5-р хороо/

Жижиг дунд үйлдвэрийн төвийн харъяа Нийтийн халуун ус /БНД 4-р хороо/

НОМИНАЦИ 17-АМРАЛТЫН ГАЗАР, ЖУУЛЧНЫ БААЗ

Их хуралдай амралт /Налайх хот 1-р хороо/

Тэрэлж Лож амралт /Налайх хот 1-р хороо/

НОМИНАЦИ 18-ЗОЧИД БУУДАЛ

Баянгол зочид буудал ХХК /СБД 1-р хороо/

Кемпински зочид буудал /БЗД 4-р хороо/

НОМИНАЦИ 19- СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО

Итгэл-1 СӨХ /СХД/

Цэнгэг СӨХ /Налайх хот/

Трю-Эл хотхоны ашиглалтын алба /БЗД/

Зөгийн үүр СӨХ /СБД/

Баянгол дэлгэрэх СӨХ

Тулга-1 СӨХ /ХУД/

Вива сити СӨХ /ХУД/- үг хэлнэ

Сод хөгжил СӨХ /БНД/

НОМИНАЦИ 20-ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА

Баянзүрх дүүргийн 20-р хороо

УБЦТС ТӨХК

УБ зүтгүүрийн депо

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ

НОМИНАЦИ 21- ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

Ардчиллын ордон

Оюуны ундраа групп

НОМИНАЦИ 22- ИХ ДЭЭД СУРГУУЛЬ

Шинэ анагаах ухаан дээд сургууль

Батлан хамгаалахын их сургууль

НОМИНАЦИ 23- ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

55-р тусгай дунд сургууль

1-р сургууль

17-р сургууль-үг хэлнэ

Орос–Монголын хамтарсан 3-р дунд сургууль

НОМИНАЦИ 24- ЦЭЦЭРЛЭГ

71 дүгээр цэцэрлэг

23-р дугаар цэцэрлэг

5-р цэцэрлэг

Сейнт Паул цэцэрлэг

НОМИНАЦИ 25- ЭМИЙН САН

Шинэ зун эмийн сан

Тавин ус ХХК эмийн үйлдвэр, бөөний худалдаа

НОМИНАЦИ 26- ЭМНЭЛЭГ

СХД-ийн ЭМТөв

Сэтгэцийн эрүүл мэндийн төв

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв

Улсын нэгдүгээр Төв эмнэлэг

НОМИНАЦИ 27- ТЕАТР, ТЕЛЕВИЗ

Фучэри холдинг ХХК Соёлын ордон-үг хэлнэ

UBS телевиз

НОМИНАЦИ 28-СПОРТЫН ОРДОН, КЛУБ

Усан спорт сургалтын төв

Эко спорт цогцолбор

ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ

Ариг банк ХУД-3-р хороо

70-р цэцэрлэг Чингэлтэй-2-р хороо

29- БОЛЗОЛТ УРАЛДААНД ТЭРГҮҮЛСЭН ДҮҮРЭГ

Сүхбаатар дүүрэг

Баянгол дүүрэг

Багануур дүүрэг

30- БОЛЗОЛТ УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ДҮҮРГҮҮД

Баянзүрхдүүрэг

Чингэлтэй дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан дүүрэг