Categories
мэдээ улс-төр

Туркменистан улсын ерөнхийлөгчтэй уулзлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр буюу есдүгээр сарын 27-ны өдөр Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедовтой уулзлаа.


Уулзалтын үеэр Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов хоёр улсын харилцаа амжилттай өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Туркменистаны соёлын өдрүүд болон хоёр улсын хамтарсан Бизнес Форумыг энэ сарын 22-25-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсныг сайшаав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нөөц боломж их байгааг дурдаж, цаашид эрчимжүүлэх хэрэгтэйг онцлов. Монгол Улс уул уурхай, мал аж ахуйн бүтээгдэхүүнээр баялаг, харин Туркменистан нефть, байгалийн хийн нөөцөөр арвин тул худалдаа, эдийн засгийн салбарт өргөн боломж байгааг дурдлаа.

Мөн талууд хөдөө аж ахуйн салбарын харилцааг хөгжүүлэх талаар судлах хэрэгтэйг онцлов. Тухайлбал Монголоос мах, махан бүтээгдэхүүн экспортлох, Туркменистанаас сайн үүлдрийн мал оруулж ирэх боломж байгааг ярилцав. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, туршлага судлах тухай ярилцлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

ДБЭТ-ын энэ оны үзвэрийн хуваарь гарлаа

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын энэ жилиин үзвэрийн хуваарь гарсан байна. Тус театрын уран бүтээлчид 53 дахь улирлынхаа нээлтийг Ж.Вердийн “Аида” дууриар нээж, Ж.Доницетти “Лучиа ди Ламмермур” дуурийг үзэгчдэдээ шинээр хургэх юм.

АРАВДУГААР CAP

Ж.Верди “Аида” дуурь П.И.Чайковский “Хунт нуур” балет Ж.Доницетш “Лучиа ди Ламмермур” дуурь Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурь А.Адан “Жизель” балет

АРВАННЭГДҮГЭЭР CAP

А.Адан “Жизель” балет Ж Россини “Севилийн үсчин” дуурь Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” балет П.И.Чайковский “Франческа да римини”

Х.Вера “Диваажин энд байна” балет “Classico” гоцлол дууны концерт “Нүүдэлчдийн намар” найрал дууны концерт

АРВАН ХОЁРДУГААР CAP

“Балетийн үдэш”

П.И.Чайковский “Цөмөөхэй балет”

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад үг хэлэв

НҮБ-ын
Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо салбар
хуралдаанаараа эхлэв. Энэ удаагийн Ерөнхий Ассамблейн түүхэн 70 жилийн ойн
чуулганд дэлхийн 120 гаруй орны төр, засгийн тэргүүн болон Ромын Пап Франсис
оролцож буйгаараа онцлог болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
есдүгээр сарын 25-ны өдөр болсон “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах
НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцов.

“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр” нь
тунхаглал, тогтвортой хөгжийн 17 зорилго, 169 зорилтоос бүрдсэн ба тэдгээрийг
хэрэгжүүлэхэд дэлхийн орнууд хэрхэн хамтран ажиллах тухай тусгасан байна.
Энэхүү хөтөлбөр нь НҮБ-ын 2000 онд баталсан Мянганы Хөгжлийн Зорилтуудыг
өргөжүүлэн хэрэгжүүлэх зорилготой юм.

Ерөнхийлөгч НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад
оролцохдоо хэлсэн үгийг хүргэж байна.

Нью-Йорк хот, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны
өдөр

Эрхэм дарга нар аа,

Ерөнхий
нарийн бичгийн дарга аа,

Шинэ зууны эхэнд бид Мянганы Хөгжлийн
Зорилтууд баталж, хэрэгжүүлж ирсэн. Бидэнд олон зорилгодоо амжилттай хүрсэн
хэдий ч заримд нь алдсан. Гэвч нийтэд нь харвал дэлхийн хамтын нийгэмлэг гол
сорилтоо давж чадсан. Энэ бүхнээс бид их сургамж авч, том дэвшилд хүрсэн.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ удаа түүхэн
баримт бичиг баталлаа. НҮБ-ын гишүүн 193 улс тогтвортой хөгжлийн төлөөх хөтөч
зургаа тохиролцлоо. Хүн төрөлхтөн эдүгээ ирэх 15 жилийн улам бүр түгээмэл,
зоримог төлөвлөгөөтэй боллоо.

Түгээмэл, бүх нийтийн ийм тохиролцоо өмнө нь
хүн төрөлхтний түүхэнд байгаагүй.

Энэ нь цогц, тууштай гэдгээрээ онцгой. Нэн чухал
зорилтууд, эдийн засаг, нийгмийн олон сорилтууд, хүрээлэн буй орчны тулгамдсан
асуудлаа бид тодорхойллоо.

Үүнийг
бүтээж чадсан бүгдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хичээнгүй, цаг
наргүйгээр, уйгагүй зүтгэсэнд баярлалаа. Хүн төрөлхтний төлөө 2030 он хүртэлх
түүхэн зорилтуудыг тодорхойлох асар өндөр үүргийг тэд үүрч чадлаа.

Түүний
бүрэн хэрэгжилтийг хангах нь одоо гишүүн улс, бид бүхэнд оногдлоо.

Дарга нар
аа,

Олон
улстай хамтран ажиллах Монгол Улсын үүрэг амлалт тууштай хэвээр байна.

Энх
тайван, хөгжлийг цогцлоох хамтын үүргээ бид биелүүлнэ.

Тогтвортой
хөгжлийн зорилтуудын амжилт нь үр дүнтэй даян дэлхийн түншлэл, Засгийн газар
хоорондын идэвхитэй харилцаа төдийгүй иргэний нийгэм, хувийн хэвшлийн уян хатан
хамтын хүчин чармайлтаас хамаарна.

Эдийн засаг, нийгмээ хөгжүүлэх нь улс орон
бүрийн суурь хариуцлага мөн гэдгийг тэмдэглэхийг хүсч байна. Гэхдээ бусдын
дэмжлэг хэрэгтэй, далайд гарцгүй, хөгжиж буй зэрэг олон улс орон байгааг
дэлхийн хамтын нийгэмлэг мөн мартах учиргүй.

Улс орон бүр сайн засаглал, эрх зүйт
ёс, хүний эрхийн зөв бодлогын төлөө байнга зүтгэх ёстой гэдэг нь
тодорхой.

Тогтвортой хөгжлийн эдгээр зорилтуудаа
хэрэгжүүлэхэд тэдгээрт болон Аддис Абба-гийн Үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт
томъёолсончлон эрчимтэй, өргөн хүрээг хамарсан, нээлттэй тогтолцоо бидэнд
хэрэгтэй. Найдвартай хэрэгжүүлэх, нягтлах, хариуцлагатайгаар зохицуулах
хууль эрх зүйн орчин, тогтолцоог бид бүрдүүлэх ёстой.

Бид шударга байх ёстой. Улс орон, засгийн
газар бүр даян дэлхийн зорилтод өөрийн бололцоо, оногдох хариуцлагын түвшингээр
өөрийн хувь нэмрээ идэвхитэй оруулах ёстой. Түүнчлэн энэ жилийн сүүлчээр Парист
болох хуралдаанаар бид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх даян дэлхийн
хэлэлцээр дээр бид санал нэгдэх ёстой.

Дарга нар
аа,

Энх тайвныг дэмжих,

Хүний эрхийг дээдлэх,

Эдийн засаг, нийгмийн цогц хөгжлийн төлөө
НҮБ-ыг байгуулсан үндсэн зорилгодоо хүрэхийн тулд бүх хүч чармайлтаа бид
дайчлах хэрэгтэй.

XXI зуунд НҮБ бидний хүн төрөлхтний төвд
хэвээр үлдэнэ гэдэгт итгэж байна.

Баярлалаа

Categories
мэдээ нийгэм

Сургуульдаа хүрэх хамгийн аюултай ЗАМУУД

Дэлхий
даяар хичээлийн шинэ жил эхэлж, багачууд эрдэм номд шамдан суралцаж буй. Үүнтэй
холбоотойгоор AdMe.ru эрдэм мэдлэг олж авахын тулд зарим газарт хүүхдүүд ямар хэцүү
зам туулдгийг үзүүлсэн гэрэл зургийг баримтаар
нийтэлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сарын сүүлчээр шороон болон цасан шуургатай

Өвөл хаяанд
ирснийг сануулан манай орны ихэнх нутгаар нойтон цас хаялж эхэллээ. Цаг агаар
сэрүүсч байгаатай холбогдуулан Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн цаг
уурч Ч.Сарантуяагаас дараахь мэдээллийг авав.

үүний
мэдээлснээр уржигдар буюу есдүгээр сарын
23-нд Завхан, Говь-Алтайн хойд тал, Завханы бүх нутаг, Хөвсгөлийн нутаг,
Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар бороо орж, шөнөдөө нойтон цас оржээ. Газар
тариалангийн бүс нутаг болох Булган, Сэлэнгийн зарим газраар ахиу хэмжээтэй дуу
цахилгаантай бороо орсон байна. Тухайлбал, Сэлэнгийн Орхонтуулд 28 мм, Баруун
хараад 22 мм, Сэлэнгийн Сүхбаатарт 26 мм, Булганы Энхтолгойд 13 мм, Сэлэнгийн
Орхонд 16 мм, Дарханы урд талаар 12 мм хүртэл нэлээд их хэмжээний хур
тунадастай байв. Харин зүүн аймгуудаар буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатарын баруун
талаар есдүгээр сарын 23-24-нд бороотой байсан бол баруун бүсийн нутгаар хур
бороо харьцангуй бага байжээ. Агаарын хэмийн хувьд шөнөдөө төвийн бүс нутгаар
+02 хэм дулаанаас Хөвсгөл, Архангайн нутаг руу -5,-6 хэмийн хүйтэн, Хөвсгөлийн
Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр зэрэг хойд талын бүс нутгаар -13 хэм хүрч цочир
хүйтэрсэн. Мөн Завхан зэрэг баруун хойд бүсийн нутгаар -10-12 хэм хүйтэн хонож
бусад нутгаар -5 хэм хүрч хүйтэрчээ. Урд шөнийн хувьд төвийн болон зүүн
аймгуудын нутгаар нойтон цас орлоо гэв.

Өнгөрсөн хоёр
өдрийн хувьд цаг агаар ийм байсан бол
өнөөдрөөс эхлэн есдүгээр сар дуустал тэнгэр хангай улам тогтворгүйжиж, хүйтний
эрч чангарах төлөвтэй гэлээ. Өнөөдөр зүүн зүгийн нутгийн зүүн хэсэг, ялангуяа
Дорнодын тариалантай нутгаар бороо, нойтон цас холилдон орно. Баян-Өлгий, Ховд,
Завхан тэргүүтэй баруун аймгууд, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар хур
тунадас харьцангуй багатай, говь талын нутгаар +13-18 хэм, хойд талын бүс
нутгаар +7-12 хэмийн дулаан байна. Маргааш Хөвсгөл, Архангай болон хойд хэсгээр
хур тунадастай сэрүүвтэр байх бол 27-нд Баян-Өлгий, Увс буюу баруун зүгийн нутгийн баруун, Дорнод, Хэнтий,
Сүхбаатарын хойд хэсгээр, 28-нд баруун зүгийн нутаг, Төв, Булган, Орхон,
Сэлэнгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 27-нд баруун зүгийн нутгаар,
28-29-нд ихэнх нутгаар секундэд түр зуур
18-20 метр хүрч, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар шороон шуурга шуурна.
Уулархаг нутгаар цас орж, шороон болон цасан шуурга шуурч цаг агаар тогтворгүй
болохыг анхаарууллаа. Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -5-12 градус хүйтэн, өдөртөө 2-7
градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус
дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан
байна.

Ирэх өдрүүдэд цаг
агаар ийн хүйтрэх тул малчид, ард
иргэдийг салхи шуурганы үеэр төөрөх,
малтайгаа уруудах, осгох зэрэг эрсдэлээс
урьдчилан сэргийлж, жолооч нарыг баталгаатай зам, гүүр, гармаар зорчин тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг
ханган, бензин, шатахууны нөөцтэй явахыг Онцгой байдлын ерөнхий газраас
анхаарууллаа. Мөн цас орж, цочир хүйтрэх
тул тариаланчид болон аж ахуйн нэгж, байгууллагуудыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга
хэмжээ авахыг сануулжээ. “Өнгөрсөн хоёр өдөрт бороо цас орсонтой холбоотой зам,
даваа хаагдсан юм байхгүй. Гэхдээ Дархан-Уул аймгийн Шарын гол орчим замын нөхцөл
байдал хүндэрсэн. Үүнд холбогдох албаны хүмүүс зам чөлөөлөх арга хэмжээ авч
байгаа.

Мөн одоогийн
байдлаар манайд цас борооны улмаас зам, тээврийн осол гарсан, хүн төөрсөн
осгосон талаар ямар нэгэн мэдээлэл
ирээгүй байна” хэмээн Онцгой байдлын ерөнхий газрын Цаг уур хариуцсан
мэргэжилтэн Ч.Туяа мэдээлсэн юм.

Арав,
арваннэгдүгээр сард цаг агаар, хур тунадас ямар байх вэ?

Аравдугаар сарын ерөнхий төлөвөөр агаарын температур олон жилийн дундаж
орчим байх аж. Нутгийн баруун өмнөд
хэсэг буюу баруун аймгуудын урд талын
нутгаар олон жилийн дунджаас бага зэргийн дулаан, хур тунадас нутгийн ихэнх
хэсгээр олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй. Гэхдээ баруун зүгийн нутгийн
өмнө тал, Өмнөговийн баруун хэсэг, Дорноговийн өмнөд, Дорнодын хойд тал болон
зүүн урд талын нутгаар олон жилийн дунджаас багавтар хур тунадастай. Баруун
зүгийн нутгийн хойд, төвийн бүс нутгийн зарим газар тухайлбал Төв аймгийн урд
тал, Өвөрхангайн хойд хэсэг Дундговийн хойд тал Говьсүмбэрийн нутаг,
Дорноговийн хойд тал Хэнтийн урд талын нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй ажээ.
Мөн Архангай, Хөвсгөлийн ба­руун талаар бага зэргийн ахиу цас орох аж.
Арваннэг, арванхоёрдугаар сард агаарын температур олон жилийн дундаж орчим
байна. Хур тунадас арваннэгдүгээр сард нутгийн өмнөд хэсэг болон зүүн, төвийн
нутгаар бага зэрэг ахиу, арванхоёрдугаар сард ихэнх хэсгээр дунджаас ахиу байх
төлөвтэй байгааг Ус цаг уурын орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлэв. “Гэхдээ
энэ нь ерөнхий төлөв тул тухайн сардаа
нарийвчлан судлаад, өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч урьдчилсан
төлөвөөр ахиу цастай гарч байгаа. Энэ зун ихэнх нутгаар, тэр дундаа төвийн
бүсээр гантай байсан тул хадлан тэжээлийн бэлтгэл тааруу байгаа. Иймд өвлийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй”
гэдгийг цаг уурч Ч.Сарантуяа анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Э.Төмөрхуяг: Хүүхдийн амь авраад шагналд нь компьютер тоглож байлаа

Өнгөрсөн
долдугаар сарын 23-нд машинд түгжигдсэн бага насны хоёр хүүхдийг Хан-Уул
дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэслэгч Э.Төмөрхуяг, ахлах ахлагч
У.Түвшинтөгс нар аварсан билээ. Саяхан дэслэгч Э.Төмөрхуягийн эхнэр Б.Нямдарь
өөрийн фейсбүүк хуудастаа “Нэг өдөр ажлаасаа ирэхдээ нөхөр маань гартаа том
наалт наачихсан ирсэн юм. Яасан юм бэ, юу болов гээд асуутал “Миний гар зүгээр
ээ, цонх хагалах шаардлага гараад” гэхээр нь угаасаа адал явдалтай цагдаагийн
амьдралыг мэдэхээс хойш лавлаж асуулгүй орхисон юм. Тэгсэн саяхан “Өнөөдөр
үндэсний телевизэд ярилцлага өгөөд” гэсээр орж ирдэг байгаа. Халуун өдөр машинд
цоожлуулаад ухаан алдсан хоёр хүүхдийн амийг миний хань аварчээ, Энэ тухайгаа
наддаа ч баярхаж яриагүй, тийм л даруухан хүн шүү. Дунд сургуульд сурч байхдаа
хүн аалзаар “өвчилчихсөн” жаахан хүүг цонхоор хөл алдаж унахад доор нь тосож
авч, амийг нь аварч байсан юм. Тэгээд боловсролын яамны шилдэг сурагч алтан
медалиар шагнуулсан. Нөмрөгтэй хувцсаа өмсөөгүй л болохоос амьдрал дээрх
жинхэнэ супермэн ааваараа охин бид хоёр нь бахархдаг шүү” хэмээн бичсэнийг маш
олон хүн түгээж, бас лайк дарсан билээ. Ийнхүү дээрх болсон үйл явдлын талаар
дэслэгч Э.Төмөрхуягтай ярилцлаа. Тэрбээр
2006 оноос Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажиллаж байгаа аж.

-Машинд
түгжигдсэн хүүхдүүдийг яаж гаргаж авсан юм бэ?

-Манай цагдаагийн
хэлтсээс “Нисэхэд машин дотор хоёр хүүхэд цоочлогдсон, нэг хүүхдийнх нь бие
муу. Яаралтай очиж гарга” гэж үүрэг өгсний дагуу ахлах ахлагч У.Түвшинтөгсийн
хамт газар дээр нь очсон. 13.00 цагийн үед л дээ. Очтол “Тоёота Ист” маркийн
автомашин дотор хоёр хүүхэд түгжигдсэн байсан. Ээж нь бүр сандарчихсан, хаалгыг
нь онгойлгох гэж хутга, төмрөөр хөшсөн бололтой, урд хаалганы будаг нь
халцарчихсан байсан. Машинд түгжигдсэн хүүхдүүдийн нэг нь ой гарантай, нөгөө нь
хоёр настай. Ээж нь гэртээ боорцог хийж байгаад машинд тоглож байсан хүүхдүүдээ
анзаараагүй юм билээ. Хүүхдүүдийнхээ уйлах чимээнээр гараад хартал машинд
түгжигдчихсэн байсан гэсэн. Нөхөр нь машиныхаа түлхүүрийг аваад явчихсан.
Тэгэхээр нь зүүн хойд хаалганых нь жижиг шилийг хагалж, гараа оруулж байгаад
дотроос нь онгойлгох гэсэн чинь болдоггүй. Хаалганы түгжээнд гар хүрэхгүй
байсан хэрэг л дээ. Гараа бас шилэнд нь зүсчихсэн. Тэгэхээр нь төмрөөр том
шилийг нь цохиж хагалаад, хүүхдүүдийг гаргасан. Гадна талаас нь шууд цохиод
хагалчих гэхээр хүүхдүүд рүү шил үсрэх гээд байсан болохоор өнөөх хагалсан
жижиг цонхоороо гараа оруулж байгаад, дотроос нь гадагш цохиж цонхыг нь
хагалсан.

-Таны аварсан
хүүхдүүдийн нэг нь эмнэлгээс гараад удаагүй байсан гэсэн байх аа?

-Хоёр настай
хүүгийн гэдэс боолттой байсан. Төрөлхийн эмгэгтэй гэдгийг нь сүүлд л мэдсэн.
Тэр хүүхэд урд суудал дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан бол нэг ойтой дүү нь
уйлаад, суудал дамнаад мөлхөөд байсан. Хоёулаа усан хулгана болтлоо
хөлөрчихсөн. Зуны халуун өдөр, битүү машинд ямар байх нь ойлгомжтой шүү дээ.
Жижиг цонхыг хагалахад саун шиг халуун агаар өөдөөс пүн хийж байгаа юм чинь.
Магадгүй хугацаа алдсан бол амь насанд нь аюул учирч болзошгүй байсныг
үгүйсгэхгүй. Хаалгаа онгойлгосны дараа, ээж нь хүүхдүүдээ аваад гэр лүүгээ
орсон. Толгой биеийг нь бүлээн усаар шавшиж байгаа харагдсан. Өрхийн эмч ирсэн
байсан.

-Одоо
хүүхдүүдийн бие сайн байгаа биз дээ?

-Саяхан эмээ нь
нэг сайтад ярилцлага өгөхдөө хүүхдүүдийн бие сайн гэж хэлсэн байна лээ. Би ар
гэрийнхэнтэй нь холбогдоогүй.

-Та бас дунд
сургуульд сурч байхдаа хүүхдийн амь аварсан гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй яриач?

-2004 оны
арваннэгдүгээр сард болсон явдал л даа. Тухайн үед ахлах ангид сурч байлаа.
Хичээлээ тарчихаад, сургуулийнхаа хажууханд ангийнхаа хөвгүүдтэй сагс тоглож
байтал дөрвөн настай жаахан хүү тагтан дээрээ гарчихаж. Тэднийх тавдугаар
давхарт байсан шиг санагдаж байна. “Миний дүү гэр лүүгээ ор. Наанаа зогсох
аюултай шүү” гэтэл “Ээжийгээ энд хүлээгээд байж байна” гэсэн. “Ээж чинь ирж
байгаа гэсэн. Гэртээ орохгүй бол ээж нь удаж байж ирнэ гэсэн шүү” гэсэн чинь
“Худлаа яриад бай. Хэрэв үнэн юм бол та манай ээжийн нэрийг мэдэх юм уу” гэж
билээ. Их сэргэлэн цовоо хүү байсан. Төд удалгүй хүүхэд уйлах чимээ гарахаар нь
тэр зүгт харвал өнөөх хүү тагтныхаа гадна талаас зүүгдчихсэн байдаг байгаа. Хөл
нь сарваганаад, дээшээ гарах гээд зүтгээд байсан. Тэр дор нь ангийнхаа
хөвгүүдийн гаднах хувцсыг тайлуулж, хооронд нь холбож уяад, дэвсгэр маягийн
зүйл болгосон. Тэрнийгээ хэдэн талаас нь татаад, хүүгийн дор бариад зогстол төд
удалгүй өнөөх хүү дээрээс унасан. Азаар хүү бидний холбож уясан хувцас дээр
унаж, бэртэж гэмтээгүй. Тэгснээ шууд босоод гүйдэг байгаа. Удалгүй хажуу дахь
дэлгүүрээс ээж нь гарч ирээд, гэртээ орхиод гарсан хүүгээ гадаа гүйж явахыг
хараад их гайхсан. Ээж нь “Миний хүү яагаад энд явж байгаа юм бэ” гэтэл орцны
үүдэнд сууж байсан эмээ нар “Хүү чинь тагтнаасаа унаад, энэ хүүхдүүд аварсан.
Яахаараа ийм нялх амьтныг гэрт нь гацааранг нь орхидог юм” гээд зэмлэнгүй
хэлсэн санагдаж байна. Маргааш нь хүүгийн аав сургууль дээр ирээд, бид нарт
баярласнаа илэрхийлсэн. Тэгээд “Дүү нартаа маш их баярлалаа. Ах нь дүү нартаа
яаж туслах уу” гэхээр нь “Компьютер тоглоомын газар ормоор байна” гэж билээ.
Өгсөн мөнгөөр нь компьютер тоглоомын газарт бүтэн өдөр тоглосон доо. Маргааш нь
бүгд нойрмоглоод, зарим нь бүр ширээгээ дэрлээд унтчихсан. Багш нар орж ирээд
“Хичээл дээр яагаад унтаад байгаа юм” гэж загнатал охидууд “Эд нар өчигдөр
хүүхэд аварсан юм. Тэгээд аавынх нь өгсөн мөнгөөр компьютер тоглосон гэсэн” гэж
хэлсэн. Үүнийг сонсоод уурлаж, загнаад байсан багш нар “Өө тийм уу. Тэгвэл дүн
гаргахад 10 хувь нэмж тооцно” гээд инээмсэглэсэн.

-Таныг ЦЕГ-аас
шагнасан гэдэг үнэн үү?

-Одоогоор шагнуулаагүй байна. Миний
тодорхойлолтыг явуулсан гэсэн. Гэхдээ надаас илүү гавьяа байгуулсан олон мундаг
цагдаа бий. Би албан үүргээ гүйцэтгэж явахдаа машинд түгжигдсэн хоёр хүүхдийг
аварснаас өөр зүйлгүй. Тэр бүү хэл цагдаагийн албан хаагчид ганц шөнийн дотор
гудамжинд унтчихсан олон арван хүнийг эмнэлэгт хүргэж өгдөг. Энэ бол бидний
үүрэг юм даа.

Categories
мэдээ соёл-урлаг

А.Түмэн-Өлзий, Л.Сөрөлт нар тоглолт хийнэ

Уртын дуучин А.Түмэн-Өлзийгийн уран бүтээлийг шимтэн сонсогчид олон. Хоолойны цар хүрээ сайтай, сайхан дуулдаг хэмээн магтуулдаг дууч бүсгүй нярайлаад удаагүй байгаа билээ.

Тэрбээр хөл хүнд байх хугацаандаа “Шинэ үе” хошин урлагийн хамтлагийн жүжигчин Л.Сөрөлттэй “Хайрын тэнгэр диваажин” дууг дуулж, олны хүртээл болгосон юм.

Тэгвэл дээрх уран бүтээлчид маань тун удахгүй хамтран тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал, тэд ирэх аравдугаар сарын 9-нд “Хайрын тэнгэр диваажин” нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ.

Жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нар өмнө нь “Хөөрхөн” дууг хамтдаа дуулж олны хүртээл болгосон. Харин одоо тэдний “Нандин” хэмээх дуу хит болоод байгаа юм.

Categories
гадаад мэдээ

2030 он хүртэлх дэлхийн хөгжлийн хөтөлбөрийг батлав

Нью-Йорк хотноо “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 25-27-нд болж байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалтад дэлхийн 150 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар оролцож байгаа юм.

Нэг дор хамгийн олон төр, засгийн тэргүүн нар цуглаж байгаагаараа онцлог болж буй энэхүү дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Өнөөдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын 193 гишүүн орнууд хуралдаж, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг баталлаа.

Энэ нь дэлхийн улс орнуудын ирэх 15 жилийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох түүхэн чухал ач холбогдолтой баримт бичиг юм.

Бразил Улсын Рио де Жанеро хотноо 2012 онд чуулсан Рио+20 НҮБ-ын бага хурлаас баталсан “Бидний хүсч буй ирээдүй” баримт бичиг, шийдвэрийн дагуу даян дэлхийн тогтвортой хөгжлийг тодорхойлж боловсруулах үүрэг бүхий Нээлттэй ажлын хэсэг байгуулсан.

Дээрх ажлын хэсэг 2013-2014 оны хооронд өргөн хүрээг хамруулан 13 удаа албан хуралдаа зохион байгуулахын хамт яриа, хэлэлцээ хийж иржээ.

Үүний мөрөөр 17 үндсэн зорилтыг хамрах 169 зорилгод хүрэх “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг боловсруулсан юм.

Categories
мэдээ нийгэм

”Буянт-Ухаа II”-ын цэцэрлэгийн барилгын ажил дуусчээ

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа “Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгын барилга угсралтын ажил 64.2 хувьтай үргэлжилж байна.

Харин тус хорооллын 240 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын угсралтын ажил бүрэн дуусчээ. Цэцэрлэгийн дулаалга, шал, дотор өрлөгийн ажил мөн дууссан аж. Гадна засал, цонх суурилуулалт, дээвэр, инженерийн шугам сүлжээний ажлууд үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногоо хураалтын ажил 58,9 хувьтай байна

Улс орон даяар ургац хураалтын ажил эрчимтэй явагдаж байгаа талаар Хүнс хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар

  • 92.9 мянган га-гаас 78.9 мянган тонн үр тариа,
  • 7.1 мянган га-гаас 80.1 мянган тонн төмс,
  • 3.8 мянган га-гаас 40.7 мянган тонн хүнсний ногоо,
  • 8.4 мянган га-гаас 10.7 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авчээ.

Үр тарианы хураалт 31.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 58.9 хувьтай явж байна. Төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд явагдаж байгаа бол тарианы болцтой холбоотойгоор үр тарианы хураалт бага зэрэг удаашралтай байгаа талаар яамнаас мэдээллээ.

Ургац хураалтын ажилд 1200 гаруй цэргийн албан хаагч, 750 оюутан залуучууд гэрээгээр ажиллаж байна.