Categories
мэдээ цаг-үе

Тариалангийн салбар дахь “Буудай ажиллагаа”

Манай зарим тариаланчид “Алтан загасны үлгэр”-т гардаг эмгэнтэй адил үйлдэл олныг гаргах болжээ. Зах зээлийн эдийн засагтай ардчилсан улсад амьдарч байгаа тэд тарьсан, тариагүй буудайдаа урамшууллыг татвар төлөгчдөөс нэхэж авна. Тарьсан буудай нь ургаагүйн хариуцлагыг төрөөс шаарддаг. Чанаргүй буудайг нь авсангүй гэж гурилын үйлдвэрүүдийг дарамтална. “Импортоор буудай авчирвал бид сүйрлээ”гэж салбар яамаа айлгана. Бороо ороогүйгээс тариа нь ургаагүйн хохирлоо төрөөр төлүүлэхийг шаардана.

Бизнес эрхэлж байгаа нэрээр төр, татвар төлөгчдөөр тэтгүүлж байгаа зарим нэг тариаланчдын луйврын шинжтэй хууль бус үйлдлийг тодорхой хүрээнд “Буудай ажиллагаа” хэмээн хэдүйн нэрших болжээ. Энэ үйлдлийнх нь талаар эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайлаа.

ХУРААСНААСАА ИЛҮҮГ МЭДҮҮЛЖ УРАМШУУЛАЛ АВДАГ ГЭВ ҮҮ

Өнгөрсөн жил манай улс түүхэндээ байгаагүй их ургац авсан гэж дээр, дооргүй хөөрцөглөсөн. Гэтэл өнөөдөр гурилын үйлдвэрүүд агуулахдаа буудайгүй болчихсон тухайгаа ярьж байна. Тэгвэл өнгөрсөн жил хураасан буудай хаачив гэдэг асуудал гарч ирнэ.

Манай улсын ургацын тайлант хугацаа аравдугаар сарын 1-нээс дараа жилийн есдүгээр сарын 30-ныг хүртэл байдаг аж. Өөрөөр хэлбэл, ургацын нэг жилийн тайлант хугацаа дуусах гэж байна. Өнгөрсөн жил буудай хурааж эхлэхийн өмнө гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн улаан буудайн үлдэгдэл дууссан. Ингээд тайлант жилийн хугацаа эхлэхэд манай улс 488 мянган тонн улаан буудай хураан авч, түүхэнд шинэ амжилт тогтоосон тухайгаа мэдээлсэн билээ. Үүнээс гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаасан 354 мянган тонн улаан буудайн урамшуулал болгож тариаланчдад төрөөс 25 тэрбум төгрөгийг олгосон. Нэг тонн буудайд 70 мянган төгрөгөөр тооцож дээрх урамшууллыг 908 иргэн, аж ахуйн нэгжид тараасан юм. Хүнсний шаардлага хангасан гэх 354 мянган тонн улаан буудай үүргээ гүйцэтгэж гурил болж чадсан уу гэдэг асуудал гарна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2014 оны аравдугаар сарын 1-нээс он дуустал улсын хэмжээнд 60 мянган тонн гурил үйлдвэрлэжээ. Харин 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 31 хүртэл дотоодын гурилын үйлдвэрүүд 120 мянган тонн гурил үйлдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш 180 мянган тонн гурил үйлдвэрлэжээ. Олон жилийн дунджаар тооцвол энэ сард 13 мянган тонн гурил үйлдвэрлэх судалгаа бий. Ингэхээр 193 мянган тонн гурилыг дотооддоо үйлдвэрлэсэн гэсэн үг. Ийм хэмжээний гурилыг 257 мянган тонн улаан буудайг тээрэмдэж хийсэн аж. Үүний 13 мянган тонн буудайг импортоор оруулж иржээ. Импортоор оруулж ирснийг нь хасвал 245 мянган тонн буудайгаар гурил үйлдвэрлэжээ. Гэтэл 354 мянган тонн улаан буудайд урамшуулал олгочихсон байгаа. Урамшуулал авсан, гурил үйлдвэрлэсэн буудайн зөрүү болох 110 мянган тонн буудай хаачив. Одоогоор гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан буудайн үлдэгдэлгүй шахам байгаа аж. Шахам гэхийн учир нь 18-20 мянган тонн буудайн үлдэгдэл байгааг есдүгээр сард үйлдвэрлэх 13 мянган тонн гурилд зориулна гэж тооцжээ. “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Чинзориг дөрөвдүгээр сард буудайн нөөц дууссан гэдгийг манай сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон.

Татвар төлөгчдийн мөнгөнөөс урамшуулал авчихсан, гурил болох учиртай 110 мянган тонн буудай яагаад сох дутчихав. Эх сурвалжуудын мэдээлснээр тариаланчид урамшуулал авахын тулд ургацаа өндрөөр мэдээлж, гурилын үйлдвэрүүдтэй тохиролцож, хуурамч баримт бүрдүүлж урамшуулал авдаг гэнэ. Жил бүр буудайн тариалалтын болон ургацын баланс зөрдөг нь бас үүнтэй холбоотой. Тариаланчид нэг тоо, салбарын яам өөр тоо мэдээлдэг. Иргэд тэг дундуур нь барагцаалаад мэдээлэл авчихдаг. Гэтэл оны сүүл рүү буудайгүй болж, үйлдвэрүүд зогсонги байдалд орон гурилын хомсдолд орж, үнийн хөөрөгдөл үүсдэг. Хомсдолд орсноос үүдэж энэ сард гурилын үнэ өмнөх сарынхаас 0.9-1.8 хувь нэмэгдчихсэн байгаа. Тариаланчдын энэ урамшуулал авах гэж ургацын хэмжээгээ нэмж мэдээлдэг талаар анх удаа ч нийтэд ил болгож байгаа хэрэг биш. Энэ талаар олны дунд сүүлийн хэдэн жил яригдсаар ирсэн.

ГУРИЛ БОЛОХ УЧИРТАЙ БУУДАЙ ДАМЛАГДАЖ СПИРТИЙН ҮЙЛДВЭРТ ОЧДОГ

Арав гаруй жилийн өмнө УИХ-ын 23 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогыг баталсан. Энэ бодлогын зорилт нь “Хүнс, хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн мах, сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, импортыг бууруулан, экспортыг нэмэгдүүлэх”-д чиглэгдсэн. Бодлогын хүрээнд тариаланчдыг дэмжиж, гурилынхаа хэрэгцээг дотооддоо хангахын тулд тариаланчдаас гадна гурил үйлдвэрлэгчдийг дэмжиж ирсэн. Хариуд нь дотооддоо үйлдвэрлэсэн буудай авч, гурилаа хямд өртгөөр зарах шаардлагыг салбарын яам тавьж ирсэн. Өнгөрсөн жилийн тухайд буудайгаа 550 мянган төгрөгөөр авч, гурилаа нэг кг-ыг 850 төгрөгөөс дээшгүй үнээр зарах гэрээ хэлцэл хийсэн байдаг.

Гэтэл гурил үйлдвэрлэх буудай дууссан гэдэг шалтгаанаар өнөөдөр нэг кг гурилын үнэ мянга гаруй төгрөг болчихсон байгаа.

Гурилын үйлдвэрүүд үнэхээр буудайгүй болсон уу гэвэл бас үгүй. Монголд гурил үйлдвэрлэдэг 70-аад аж ахуйн нэгж байдаг гэх боловч тоног төхөөрөмжийн хувьд хангалттай, өндөр хүчин чадалтай арван үйлдвэр ажилладаг юм байна. Тэдний агуулахад яг хэдийд хэр хэмжээний буудай байгааг салбарын яам нарийн тогтоож чаддаггүй бололтой. Учир нь үйлдвэрүүд санхүүгийн тайлан, үйлдвэрлэлийн мэ­дээ­гээ цаг тухайд нь гаргаж өгдөггүй учраас нарийн мэдээ­лэл байхгүй гэдгийг холбогдох байгууллагууд хэлсэн.

Ийм байдлаас гурилын үйлдвэрүүд авсан буудайгаа спиртийн үйлдвэрүүдэд борлуулдаг гэх мэдээлэл ирэв. Өөрөөр хэлбэл, урамшуулалд тодорхойлж өгсөн буудайгаар гурилын үйлдвэрүүд гурилаа үйлдвэрлэхгүй, спиртийн үйлдвэрүүдэд дамлаад зарчихдаг аж. 2014 оны аравдугаар сард “Эрдэнэт фүүдс” компани буудайг “Аровона” спиртийн үйлдвэрт нийлүүлсэн баримт байна. Мөн тус компани Зүүнхараагийн спиртийн үйлдвэрт 1200-гаад тонн улаанбуудайг нийлүүлжээ. Тус компани 57 аж ахуйн нэгжээс 33.1 тонн буудай хүлээн авсан байдаг. Мөн “Сайхан хүнс“, “Орбит” зэрэг гурилын үйлдвэрүүд ч спиртийн үйлдвэрүүдэд буудай дамлаж зарсан баримт байна. “Сайхан хүнс” компани гэхэд 10 аж ахуйн нэгжээс 3.5 тонн буудай авсныхаа нэлээдийг спиртийн үйлдвэрт дамлажээ. “Орбит” компанийн тухайд 56 тариаланчаас 12.5 тонн буудай авсан байдаг. Үүнийхээ багагүй хэсгийг мөн л зарчихсан байна. Спиртийн үйлдвэрт албан ёсоор тушаагддаг буудайн хэмжээ гурилын үйлдвэрүүдэд өгдгөөс бага атлаа спирт үйлдвэрлэлийн хэмжээ буурахгүй байгаагийн нууц энэ. Өөрөөр хэлбэл, гурил болох учиртай буудай эсрэгээрээ спирт болж үйлдвэрлэгдээд байгаа хэрэг. Тэгсэн атлаа гурил үйлдвэрлэх буудайны нөөц байхгүй, гурилын нийлүүлэлт тасарч, хомсдол үүсэх нь гэдэг мэдээлэл тарааж, үнээ хөөрөгддөг аргатай аж. Зөвхөн гурилын үйлдвэр ч биш тариалсан буудайныхаа тонн тутмаас 70 мянган төгрөгийн урамшуулал авсан тариалангийн компани буудайгаа гурилын үйлдвэрт биш спиртийн үйлдвэрт тушаажээ. Тухайлбал, буудайн урамшуулал авсан “Гацуурт” компани өнгөрсөн наймдугаар сард Сэлэнгэ аймгаас АПУ компанид 5000 тонн улаан буудайг нийлүүлсэн байна.

Тариалангийн салбар дахь “БУУДАЙ АЖИЛЛАГАА

-2007 ОНООС ХОЙШ ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙГЭЭР 130 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТАРИАЛАНЧДАД УРАМШУУЛАЛ БОЛГОЖ ӨГСӨН-

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичиг, хөтөлбөрийн хүрээнд импортын хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2007 оноос стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн иргэд, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгож байгаа. Өөрөөр хэлбэл, талбай дээрээ тариа тарьж, түүнийгээ гурилын үйлдвэрт тушаасан тариаланчид жил бүр урамшуулал авч ирсэн. 2007 онд 217 аж ахуйн нэгж, иргэнд нэг тонныг 60 мянган төгрөгөөр тооцож дөрвөн тэрбум төгрөг олгосон байдаг. Дараа жил нь нэг тонн улаан буудайд 80 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 393 иргэн, аж ахуйн нэгж 11.1 тэрбум төгрөг авсан. 2009-2011 он хүртэл нэг тонн улаан буудайд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Ингэхдээ 2009 онд 10.5, 2010 онд 10.9, 2011 онд 14.5 тэрбум төгрөгийн урамшууллыг тариаланчдад олгожээ. 2012 онд нэг тонн улаан буудайн урамшууллын хэмжээ 100 мянган төгрөг болсон бол дараа жил нь 150 мянган төгрөг болсон. Зуун мянган төгрөгийн урамшуулал олгох үед 794 аж ахуйн нэгж 27.9, 150 мянга олгох үед 808 тариаланч 25.3 тэрбум төгрөг авсан байдаг. Харин өнгөрсөн жил 908 иргэн, аж ахуйн нэгжид нэг тонн улаан буудайд 70 мянган төгрөгөөр тооцож 25 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон. Ингээд найман жилийн хугацаанд 5517 аж ахуйн нэгжид 128.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ.

Үүн дээр Хүнс, хөдөө аж ахуйн яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газраас улаан буудайн урьдчилгаа 20-30 хувь, шатахууны урьдчилгаа 50 хувь, ургамал хамгааллын бодис, уриншийн гербицид гэх мэтээр дэмжлэг авдаг.

Татвар төлөгчдөөс 130 шахам тэрбум төгрөгийн урамшуулал олгосны хариуд хямд, чанартай улаан буудай нийлүүлэх шаардлагыг төрөөс тавьсан. Үр дүнд нь иргэд хямд гурил идэх байлаа. Гэтэл урамшуулал авсан тариаланчид маань тасралтгүй үнээ нэмж ирсэн. 2012 онд тонн улаан буудай 350 мянга, дараа жил нь 420 мянга, өнгөрсөн жил 550 мянган төгрөг болсон. Одоо зарим компани буудайгаа 630 мянган төгрөгөөр зарж байгаа мэдээлэл байна. Үүнийг дагаад нэг кг нь 550 төгрөг байхаар тооцсон гурил аль хэдийнэ 1000, 1600 төгрөгт хүрчихсэн юм.

Бодит байдал ийм байхад татвар төлөгчдийн мөнгөөр тариаланчдыг харамгүй “халамжилсан” Хүнс, хөдөө аж ахуйн яам эхлүүлсэн хөтөлбөртөө хяналт тавьж, үр дүнд нь дүгнэлт хийж чадаж байна уу гэдэг асуудал гарч ирнэ. Манай сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжууд тариалангийн салбар дахь “Буудай ажиллагаа”-гаар хэд, хэдэн аргаар мөнгө завшиж болдгийг тайлбарласан. Хамгийн ноцтой нь тариаланчид, гурил үйлдвэрлэгчид дээрх аргыг нэг бүрчлэн тайлбарлаж, ярьж өгсөн юм шүү. Мэдээлэл сонсохоор бүгд л байж болох арга юм. Байж болох гэхийн учир нь салбарын яамнаас мэдээлэл хүсэхээр “тодорхойгүй” гэдэг хариултыг өгч байв. Өөрөөр хэлбэл, салбарын яам тодорхойгүй баримт үндэслээд урам­шуулал өгчихдөг, түүнийгээ хянадаггүй. Тариалангийн компани яг хэдэн тонн буудай тарьсан, буудайг нь авсан үйлдвэрүүд хичнээн хэмжээний гурил үйлдвэрлэсэн зэрэг бодит баримт салбарын яаманд байдаггүй юм байна. Бидний татварт төлсөн мөнгө төрийн нэрээр ингэж л урсаж байна.

Эх сурвалж болсон зарим тариаланч, гурилын үйлдвэрүүдийн мэдээллийн мөрөөр “Буудай ажиллагаа”-ны аргуудыг тоймлон хүргэе.

ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭДЭГГҮЙ КОМПАНИУД Ч УРАМШУУЛЛЫН БУУДАЙ АВДАГ

Гурилын үйлдвэрүүдээс гэрээ, баримт аваад огт тариагүй буудайд урамшуулал авах арга байдаг гэнэ. Урамшууллын буудай авсан 50-60 гурилын үйлдвэрээс тогтвортой үйл ажиллагаа явуулдаг нь ердөө л арав. Тэгсэн атлаа гурил үйлдвэрлэдэггүй компани арав, хорин тонн буудай авчихсан байх юм. 2013 оны ургацаас хүнсний буудай хүлээн авсан 48 гурилын үйлдвэр байна. Өнгөрсөн онд 46 гурилын үйлдвэр 318.9 мянган тонн улаанбуудай авчээ. Тэдэнд улаанбуудай нийлүүлсэн 908 иргэн, аж ахуйн нэгж тонн тутамд 70 мянган төгрөгийн урамшуулал авсан. Гэтэл буудай авсан гэж салбар яаманд баримт бүрдүүлж өгсөн компаниудын цөөнгүй нь өнгөрсөн жил огт гурил үйлдвэрлээгүй байна. Тэгэхээр тэд тариаланчдаас буудай авсан гэх хуурамч баримт бүрдүүлж, урамшууллаас ашиг хүртсэн байх магадлалтай. Зарим нь бүр авсан буудайгаа спиртийн үйлдвэрт дамлаж зарсан тухай өчигдрийн дугаартаа нийтэлсэн. “Эрдэнэт фүүдс”, “Хангай хүнс” зэрэг олон компанийн нэр энэ ажиллагаанд яригддаг юм билээ. Өнгөрсөн жилийн ургац хураалтын дүнгээр гурилын үйлдвэрт 317.8 мянган тонн буудай, спиртийн үйлдвэрт 25 мянган тонн буудай хуваарилсан баримт байдаг. Гэтэл спиртийн үйлдвэр авсан түүхий эдээсээ хэд дахин илүү бүтээгдэхүүн гаргасан, гурилын үйлдвэрүүд төлөвлөснөөсөө бага гурил үйлдвэрлэсний учир энэ.

Мөн өөрөө буудайгаа тарьсан гэж мэдүүлээд хэд, хэдэн гурилын үйлдвэр урамшуулал авчээ. Гэхдээ тэдгээр үйлдвэрүүд хэр хэмжээний гурил үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байдаг аж.

Эх сурвалжийн өгсөн дээрх мэдээллийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас тодруулга авахад тоймтой хариу өгсөнгүй. Урамшуулал авах гэж материал бүрдүү­лэхдээ гурилын үйлдвэр тариалангийн компаниас тэдэн тонн улаан буудай авсан гэдэг баримт салбарын яамдаа өгдөг аж. Түүн дээр нь үндэслээд урамшуулал олгодог. Түүнээс яг үйлдвэрт хэдэн тонн буудай очсоныг хянадаггүй өнөөг хүрчээ. Эргээд буудай авсан үйлдвэрүүд тэдэн тонн гурил үйлдвэрлэлээ гэсэн цаасан баримт авчраад хөнгөлөлттэй зээлд хамрагддаг. Тэр баримт нь мөн л баталгаагүй. Учир нь салбарын яамандаа 700 тонн гурил үйлдвэрлэсэн гэдэг баримт бүрдүүлж өгсөн компани татварын тайландаа 500 тонн гурил хийсэн гэж мэдүүлдэг юм байна. Татварын тайланг салбарын яам нь огт үндэслэдэггүй аж. Өөрөөр хэлбэл, урамшууллыг ч хөнгөлөлттэй зээлийг ч хяналтгүйгээр “найзан дундаа” олгосоор хэдэн жилийг өнгөрөөжээ. Тухайлбал, “Барил трейд” гурилын үйлдвэр 17 аж ахуйн нэгж, компаниас 14.687 мянган тонн буудай худалдаж авсан гэх баримт Хүнс, хөдөө аж ахуйн яамны судалгаан дээр байна. Өөрөөр хэлбэл, 17 аж ахуйн нэгж 14.687 мянган тонн буудайн урамшуулал авчээ. Гэтэл тус үйлдвэр “Ургац хүдэр”, “Гацуурт-Номгон буудай”, “Гацуурт-Сэлэнгэ хүнс”, “Гацуурт-Скрин”, “Гацуурт-Арго”, “Гацуурт-Монгол ногоо” зэрэг тариалангийн компаниудаас 10280 тонн буудай авсан гэдэг мэдээг хожим гаргажээ. Эндээс дөрвөн мянган тонн буудайн зөрүү гарч байна. Эндээс 280 сая гаруй төгрөгийн урамшууллын зөрүү гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, авсан буудайныхаа хэмжээг нэмж бичиж, тариаланчдад урамшуулал олгожээ.

ҮРИЙН БУУДАЙГАА ХҮРТЭЛ МЭДҮҮЛЖ УРАМШУУЛАЛ АВДАГ ГЭВ ҮҮ

Зарим тариаланчдын өгсөн мэдээллээр компаниуд ирэх жил тарихаар хадгалж байгаа үрийн буудайгаа урамшуулалд хамруулдаг “Буудай ажиллагаа” байдгийг ярьж өглөө. Үрийн буудайгаа гурилын үйлдвэрт тушаах улаан буудайн хэмжээндээ давхар тооцож үйлдвэртэй гэрээ байгуулдаг, тэр баримтаа салбарын яаманд өгч урамшуулал авдаг юм байна. Бүр өмнөх жилд ургацын балансдаа оруулаад хэдийнэ урамшуулал авчихсан атлаа буудайгаа үйлдвэрт өгөлгүй өөрсдөө хадгалж байгаад ирэх жил дахиад давхар урамшуулал авах арга байдаг гэнэ. Үүнээс гадна тэжээлийн үзүүлэлт бүхий буудайгаа хүнсний буудайд оруулан тооцуулаад урамшуулал авах арга байдгийг зарим тариаланч ярилаа. Хуультай, хяналттай, хариуцсан яамтай улсад ийм арга байх учиргүй мэт санагдаж байгаа биз. Гэтэл салбарын яам нь үүнийг үгүйсгэсэн хариулт өгч чадсангүй. 2007 оноос хойш тариаланчдад урамшуулал олгож ирэхдээ аль компани ямар талбайд буудай тарьсан, түүнийхээ хэдэн хувийг хурааж авсан, хичнээнийг нь гурилын үйлдвэрийн агуулахад хүргэж буулгасан зэргийг салбарын яам хянаж чадаагүй гэв. Тийм боломж ч байгаагүй юм байх. Дөнгөж энэ жилээс сансраас хиймэл дагуулын тусламжтайгаар ургацын талбайг хянаж эхлэх юм байна.

Салбар яамныхаа толгой дээр гарсан, “Эрх” тариланчдаа хянах, тэдний үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэлд нь бүрэн хяналт тавьдаг, болохгүй байгааг нь дараа жилийн урамшууллаас хасдаг, хэлсэндээ хүрээгүй бол хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо сул байгаагийн үр дүнд татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий урсгаад байдаг бололтой. Гэхдээ бүх тариаланч, гурилын үйлдвэр дээр дурдсанчлан заль, бохир аргыг хэрэглэдэг, төрөө хуурдаг гэсэн үг биш. Тэдэн дунд хөдөлмөр зүтгэлээр ажиллаж, өөрийнхөө компанид болоод орон нутагтаа хөрөнгө оруулж, хөгжилд нь хувь нэмэр болсоор ирсэн, хүмүүс олон. Тэд шударгаар хөдөлмөрлөөд авч, хүртэж чадахгүй байгаа урамшуулал, дэмжлэгийг цөөн хэдэн “сүйхээтэй” нөхөд хуваан хүртчихээд, нийт тариалангийн болон гурилын үйлдвэрлэгчдийн нэрийг унагаад яваад сэтгэл нь эмзэглэж, санаа зовж явдаг тариаланч, гурил үйлдвэрлэгчид нийт компаниудын дүн мэдээ, санхүүгийн тайланд шалгалт оруулж, үнэн зөв мэдээлж, шударгаар урамшууллаа авч байгаа эсэхийг шалгуулахаар салбар яамандаа шаардлага хүргүүлж, мөн хянах шалгах эрхтэй байгууллагад хандсанаа бас ярьсан. Улсын мөнгө гэдгийг “урамшуулал, дэмжлэг” гэх нэрийн дор цөөн хэдэн хүмүүст өгдөг шударга бус байдлыг хянах, болохгүй байгааг нь зогсоох шаардлага, цаг үе нь ирсэн бололтой.


Categories
мэдээ цаг-үе

Хуулийнхны хатуурхал буюу Д.Амарсайхан агсны үхлийн шалтгаан

“Нүүрс” хөтөлбөрийн
гэх хэргээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх
нарыг таван өдрийн турш шүүлээ. Шүүх хуралдааныг телевизээр шууд дамжуулж, үзсэн
хүн бүр дүгнэлтээ хийсэн биз. Шүүхийн шийдвэрийг шүүх эрхгүй ч таван өдрийн турш
шүүх хуралдааныг үзэж, ажигласан хүмүүс хуулийн байгууллага хэрхэн иргэний нэр төр,
эрүүл мэнд, ар амьдралыг нь орхигдуулдгийг сонсч, мэдэрч хуулийн байгууллагынхан
хүний эрхийг зөрчдөг гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрснээ илэрхийлж байна. Тэр хэрээр
Л.Гансүх нарын хэрэг нийгмийн анхаарлыг татаж, шуугиан тарьж байгаа.

Тэгвэл одоогоос жил
таван сарын өмнө нийгэм яг ийм айдаст автаж, дээр дооргүй шуугиж байлаа. Төрийн
хамгаалалттай Урьдчилан хорих 461 дүгээр ангид 2014 оны тавдугаар сарын 14-ний өдөр
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан учир битүүлгээр нас барсан нь олон хүнийг
сэртхийлгэсэн. Өмгөөлөгч нь удаа дараа
батлан даалтад гаргах, эмчилгээ хийлгэх хүсэлт тавиад байхад хуулийнхан “Дээрээс
чиглэл өгсөн” гэдэг үгээр халхавчилж сэжигтнийг шоронд хорьсоор байгаад ийм эмгэнэлтэй
үйл явдал болсон. Тухайн үед МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь бүлгийн дарга Д.Бямбацогт
нар Ерөнхий сайдын өрөөнд дайрч орж арав хоногийн хугацаатай шаардлага өгч байв.
Шаардлагын нэг үндэслэлд “Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Д.Амарсайхан
цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад амь насаа алдсан нь хууль хүчний
байгууллага хариуцлага алдсанаас үүдсэн” гэж бичсэн байсан. Улмаар хариуцлага алдсан
хүмүүсийн асуудлыг хэлэлцэж, арга хэмжээ авахыг шаардаж байлаа. Энэ дагуу УИХ-ын
Хүний эрхийн дэд хороо хуралдаж Д.Амарсайхан агсантай холбоотой асуудлаар Хууль
зүйн сайд Х.Тэмүүжин, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нар мэдээлэл хийж, ШШГЕГ-ын даргаар
ажиллаж байсан Д.Ядамдорж хариуцлага хүлээ­хэд бэлэн гэдгээ мэдэг­дэж байлаа. Бүр
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түв­дэндоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж,
хуулийнхны үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлтээ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд
танилцуулсан. Төрийн хамгаалалтад хоригдож байсан хүн учир битүүлгээр амиа алдсан
нь ингэж УИХ-ын түвшинд хүртэл яригдаж, тэр
хэрээр олны анхаарал татаж байв. Гэтэл жил таван сар гаруй хугацааны дараа хуулийнхан
ч, намынх нь нөхөд ч талийгаачийн нэрийг дурсахаас зайлсхийж байна.

Талийгаач Д.Амарсайхан
юуны учир амиа алдсан, эмнэл­гийн тусламж авч чадсан уу гээд олон асуулт хариултаа
хүлээсээр бай­гаа. Амиа хорлосон, зүрхний шигдээсээр нас барсан гэдэг албан бус
яриа хөвөрч байгаад намжсанаас хуулийнхан, УИХ-ын ажлын хэсэг тоймтой, албан ёсны
мэдээлэл өгөөгүй.

Цаг хугацаа өнгөрөх
тусам мартагнуулах санаархал хуулийнханд ч, намынх нь нөхдөд ч байгаа гэж талийгаачийн
ойрын хүмүүс харддаг юм билээ. Гэвч “Өдрийн сонин”-ы шарласан хуудсанд тухайн үед
болж өнгөрсөн бүхэн түүх болон хадгалагдсан. Энэ удаад ч бид Д.Амарсайхан агсан
ямар оноштой байсан, эмч нар хэрхэн тусламж үзүүлсэн, шүүх эмнэлгийнхэн яаж дүгнэлт
гаргасан зэргийг эх сурвалжийн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт,
талийгаачийн бие ямар байдалтай байсан зэргийг өмнө нь хэн ч, хаана ч тодорхой мэдээлж
байгаагүй юм билээ. Хуулийнхан, эрүүл мэндийн салбарынханд ч бүрхэг үлдсэн гэсэн
үг. Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр баримт цуглуулж явахад эрүүл мэндийн салбарынхан,
мэргэжлийн эмч нар Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчдийн тавьсан оношийг
эрс үгүйсгэж байлаа. Харин хуулийнхан “Нэгэнт хаагдчихсан хэргийн араас юу ярих
вэ” гэж өөрсдөөсөө холдуулж байсан юм. Шоронд амиа алдсан хүмүүсийн 80-90 хувьд
зүрхний шигдээс гэдэг онош тавьдаг юм билээ. Д.Амарсайхан агсанд ч ийм л нийтлэг
оношоо тавьсан байсан. Энэ онош үндэслэлтэй эсэх нь бас эргэлзээтэй.

Д.АМАРСАЙХАН АГСНЫ ТУХАЙД

МАН-ын Бага хурлын
гишүүн Дашзэвэгийн Амарсайхан 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд Улаанбаатар
хотын лаборатори нэгдүгээр дунд сургууль, 1988 онд МУИС-ийн Худалдаа, эдийн засгийн
дээд сургууль, 1999-2001 онд ХБНГУ-д дээд курст тус тус суралцаж төгссөн байна.
Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр цолтой. Тэрээр 1987-1991
онд Улсын эм хангамжийн үндэсний газрын мэргэжилтэн, 1991-1995 онд “Адистат” ХХК-ийн
захирал, 1995-1999 онд “Шинжээч-XXI” Нийгэм, эдийн засгийн дээд сургуулийн дэд захирал,
2001-2003 онд “Азийн хөгжлийн банк”-ны төслийн зохицуулагч, 2003-2012 онд Газрын
тосны газрын дарга, хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Газрын тосны салбарын үйл ажиллагааг
эрчимжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй ажилласан шилдэг
сэхээтнүүдийн нэг байсан гэдгийг олон хүн ярьдаг. Тууштай, хүн чанартай эрхэм байсан
гэж ойрынхон нь дурсдаг.

ТАЛИЙГААЧИЙГ ЮУНЫ
УЧИР ЦАГДАН ХОРИВ

Д.Амарсайхан агсныг
анх 50 тэрбум төгрөгийг гадаадад байдаг “Sun wang” компанийн дансаар дамжуулж хувьдаа
завшсан гэх хэргээр АТГ-аас шалгаж байгаа гэх яриа сонсогдож эхэлсэн. Тодруулбал,
Засгийн газраас “Петрочайна Дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах
гэрээний орлогоос тодорхой хэмжээний мөнгийг нь нууц данс руугаа шилжүүлэн угаасан
хэрэгт холбогдсон гэж мэдээлэгдэж байлаа. Энэ хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй
гэх үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон. АТГ-аас үүсгэсэн хэрэг хэрэгсэхгүй
болсны дараа Д.Амарсайхан агсанд холбогдох хоёр дахь хэрэг гарч ирсэн нь бусдаас
авлига авсан гэх үндэслэл байв. Өөрөөр хэлбэл, 2013 оны долдугаар сараас эхлэн АТГ-аас
Д.Амарсайхан агсныг бусдаас авлига авсан хэргээр шалгаж эхэлсэн байдаг. Улмаар
2013 оны арванхоёрдугаар сарын 18-наас цагдан хорьсон. Талийгаачийн өмгөөлөгчийн
зүгээс тухайн үед үйлчлүүлэгчийнх нь биеийн байдал муу байгаа учраас батлан даалтад
гаргах хүсэлтийг тавьж байжээ. Хүсэлтээ “Д.Амарсайхан олон дахилттай нойр булчирхайн
архаг үрэвслийн улмаас байнгын эмчилгээ хийлгэж, хоолны дэглэм сахих шаардлагатай,
дэглэм алдагдсан тохиолдолд өвчин сэдэрдэг.

Тархины судасны агшилтаас
хамаарсан тархины хүчтэй өвдөлт (мигрень) өгдөг болон ходоод, элэгний архаг үрэвслийн
улмаас эмийн хамаарал ихтэй. Даарч хөрөх, хүйтэн чийгтэй нөхцөлд байх боломжгүй”
гээд эмч нарын онош, эмнэлзүйг хавсаргаж байсан баримт байна. Ийм оноштойгоор батлан
даалтад гаргах хүсэлтээ хэргийг шалгаж байсан АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн комиссар
Э.Бямбажав, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр, АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар
Б.Хурц, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, орлогч прокурор
Ц.Батболд нарт өгч байжээ. Өөрөөр хэлбэл,
Д.Амарсайхан агсан архаг хүнд өвчтэй, байнга эмчийн хяналтад байж, хоолны дэглэм
сахьдаг байжээ. Ийм учраас тухайн үед талийгаачийг батлан даалтад гаргаж эмнэлэгт
хэвтүүлсэн байна. Гэтэл зургаа хоногийн дараа дахин цагдан хорьжээ. Тухайн үед хорих
ангийн эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээг үргэлжлүүлэхийг хүссэн ч Урьдчилан хорих
461 дүгээр ангийнхан зөвшөөрөөгүй аж. Ингээд 18 хоног хоригдсоны дараа талийгаачийн
архаг өвчин сэдэрч, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл
цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг
өөрөө цуцалж байсан баримт байна.

ЭМЧЛҮҮЛЖ БАЙХАД
НЬ ОРГОЖ МАГАДГҮЙ ГЭЖ ХОРЬЖЭЭ

Түүнээс хойш талийгаач
эмнэлэгт хэвтэж, байнга эмчилгээ хийлгэж байжээ. Гэтэл О.Сарангэрэл прокурор “Д.Амарсайхан
хүнд гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалтаас оргож болзошгүй” гэдэг үндэслэлээр
цагдан хорих хүсэлт гаргаж, шүүх талийгаачийг 2014 оны тавдугаар сарын 15-наас эхлэн
45 хоног цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Шүүхийн захирамжийг талийгаачийн ар гэрийнхэн,
өмгөөлөгч нь огт мэдээгүй аж. Ингэж хорьсноос хойш О.Сарангэрэл прокурор талийгаачтай
нэг удаа ч уулзаагүй гэнэ. Өмгөөлөгч нь 2014 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн
прокурорын газрын орлогч прокурорт “…Эрүүл мэндийн хувьд маш муу болохыг хяналт
тавьж буй прокурорт удаа дараа мэдэгдэж, хангалттай баримтаар нотолсоор байхад цагдан
хорьж байгаагаас өвчин дахин дахин сэдэрч, биеийн байдал нь улам муудах, улмаар
амь насанд нь аюултай байдал үүсэх эрсдэлтэй. Энэ байдлыг харгалзан батлан даалтад
гаргаж өгнө үү” гэж хүсэлт тавьж байжээ. Гэтэл тав хоногийн дараа О.Сарангэрэл прокурорын
гарын үсэгтэй “Гомдлыг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн тогтоол гаргасан байна.
Үүнийгээ өмгөөлөгчид нь өгөлгүй шууд хавтаст хэрэгт хавсаргачихжээ.

Прокуророос ямар нэгэн
хариу аваагүй өмгөөлөгч Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр,
Б.Батболор нарт хүсэлт гаргасан ч батлан даалтад гаргаагүй аж. Мөн Дүүргийн эрүүгийн
хэргийн анхан шатны II шүүхийн шүүгчид хандахад “Эрүүл мэнд нь муу болохыг мэдлээ,
ойлголоо. Цагдан хорих 461 дүгээр анги эмнэлэгтэй, тэнд эмчлүүл” гээд цагдан хорих
захирамжийг хэвээр үлдээж байжээ.

“ДЭЭРЭЭС ЭМЧИЛГЭЭ
ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН”

Урьдчилан хорих
461 дүгээр анги өөрөө эмнэлэгтэй, тэнд эмчлүүл гээд шүүхээс батлан даалтад гаргаагүй
тухай дээр өгүүлсэн. Тэгвэл архаг өвчин нь хөдөлчихсөн байсан Д.Амарсайхан агсныг
461 дүгээр ангийн эмнэлэгт нэг хоног ч хэвтүүлээгүй аж. Өмгөөлөгч нь эмнэлэгт хэвтүүлж
өгөөч гэдэг хүсэлтийг мөн л удаа дараа тавьж байжээ. Үүнийгээ хорих ангийн эмнэлгийн
эмч нар “Дээрээс чиг үүрэг өгсөн, эмчилж болохгүй” гэж тайлбарлаж байсан тухай яриа
өнгөрсөн жил гарч байсан. Хавтаст хэрэгт ч энэ тухай баримт орж, Хүний эрхийн дэд
хорооны хурал дээр яригдаж байсан. Талийгаач хоригдож байх хугацаандаа ар гэрийнхнийхээ
явуулсан эмийг алдаг оног ууж байснаас өөр эмнэлгийн тусламж аваагүй. Ингээд
2014 оны тавдугаар сарын 13-ны өдөр 12.00 цагт эргэлтээр ирсэн төрсөн ахтайгаа уулзжээ.
Үдээс хойш 15.00 цагийн орчимд өмгөөлөгчтэйгөө уулзахаар эргэлтийн өрөөнд сууж байгаад
гэнэт “Үхлээ, ёо ёо” гэж хэлээд ухаан алдсан гэдэг. Тухайн үед уулзалтын өрөөнд
Ц.Чандмань, Х.Анхбаяр, н.Энхбат нар байсан бөгөөд эмнэлгийн тусламж дуудсан гэдэг.
Талийгаач сэргэхдээ “Ёо ёо, үхлээ шүү дээ, өвдөөд байна” гэж орилж байжээ. Хорих
ангийн эмч нар дөрвөн минутын дотор очсон гэдэг. Улмаар талийгаачид массаж, хиймэл
амьсгал хийсэн гэдэг. Мөн 103 дугаарт дуудлага өгчээ. Анхны тусламж үзүүлсэн эмч
нар талийгаачийн өв­чүү, хавиргыг хугалсан, даралт багатай хүнд даралт бууруулах
тариа хийсэн, 103-ын эмч нарыг хорих ангид оруулахгүй цаг алдсан гэх мэт олон баримт
бий. Энэ тухай дараагийн дугаарт үргэлж­лүүлэн мэдээлэх болно.

Categories
мэдээ цаг-үе

Монголын цагдаад дэслэгчээс хурандаа болтлоо зүтгэсэн нэг ангийнхан

“Цагдаагийн
дээд сургуулийг 1995 оны хавар шижигнэсэн 20 залуу төгсөж байлаа. Сургуулийнхаа
захирлаас дипломоо гардаж авчихаад цагдаагийн шинэхэн форм өмсч, дэслэгч цол тэмдгээ
мөрөндөө зүүчихсэн, ёстой будаг нь ханхалсан шинэ машин гэдэг шиг шинэхэн офицерууд
хөөрч явлаа. Тоондоо алхаж байх үе үнэхээр сайхан байжээ” гэж Монголын цагдаагийн
20 жилийн түүхийг бичилцэж, өнөө цагт шинэ залуу цагдаа нарын өмөг түшиг, багана
болж яваа хурандаа нар хоорондоо ярилцах ажээ. Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа
Цагдаагийн дээд сургуулийг 1995 онд төгссөн алба хаагчид 20 жилийн дараа ангиараа
уулзаж байхад нь уулзаж, онцоллоо.

Шилдгүүд цугларсан 4д

Монгол Улс
ардчилсан нийгэмд шилжээд дөнгөж жил болж байсан хүнд хэцүү цаг үед цагдаагийн алба
хаагч болохоор сэтгэл шулуудсан 30 гаруй залуу нэг анги болсон түүх ингэж эхэлсэн
байна. Цагдаагийн дээд сургуулийн Хуулийн 4д ангид нийслэлийн цагдаагийн хэлтсийн
болоод хөдөө, орон нутгийн шилдэг алба хаагчид суралцахаар элсч байжээ.

Тэдний дунд
Цагдаагийн дунд сургуулиас урилгаар А.Отгонбаатар, Г.Буянхишиг нар ирж байж. Д.Эрдэнэпүрэв
гэж хүн буудаж хөнөөчихөөд хотын төвөөр буутай явж байсан, яахаас ч буцахгүй шийдчихсэн
гэмт этгээдийг барьж, нийгэм даяар дуулиан тарьсан нөхөр ч ирсэн байна. Найрамдлын
районы цагдаагийн алба хаагч н.Бат-Амгалан, Д.Ганболд, Ховдоос Б.Энхбат, Сэлэнгийн
цагдаагаас Пүрэвдагва, Сүхбаатар аймгаас Нямхүү Өвөрхангай аймгаас Хуягсүрэн, Булганаас
Болдсайхан зэрэг залуус цугларчээ. Тэдний дунд аравдугаар ангиа төгссөн хоёр хүүхэд
л байсан гэнэ. Залуус хэдийгээр цагдаагийн алба хаагчийн ажлыг нэр төртэй гүйцэтгэж
байсан ч энэ өдрөөс тохой нийлүүлэн суусан оюутнууд болжээ.

Төр засаг
тогтворгүй, хямралтай үе байсан болохоор сонсогч нарт дүрэмт хувцас өгч чадахгүй,
хоол унд хомс учир сургуулийн хуаранд бус гэрээр нь байлгадаг гээд л хүнд асуудал
олон байсан гэнэ. Зургадугаар сард Цагдаагийн дээд сургуулийн бүх сонсогчийг Төв
аймгийн Баянчандмань суманд байх Цагдаагийн сургалтын төвд аваачсан байна. Дандаа
цагдаад ажиллаж байгаад ирсэн нөхдүүд нэг анги болсон учир 14 хоногийн карентинд
шууд явуулах шийдвэр гаргажээ. Ингээд 4д ангийнхан карентинд очтол бусад ангийнхан
олон хоног жагсаал сургуулилт хийгээд хөл гараа хэдийнэ олчихсон байж. Нөгөөдүүл
ч бусдаас юугаараа дутах вэ гээд шаргуу хичээллэж, жагсаалд алхаж эхэлсэн байна.
Ингээд сонсогч нарын бага наадам Марш тактикийн тэмцээн эхэлжээ. Энэ үед нэгэн хөгжилтэй
үйл явдал болж байсан гэнэ. Энэ тухай сонирхлоо. Аравдугаар ангиа төгсөөд ирсэн
н.Нармандах гүйх үеэр бусдаасаа ихэвчлэн хоцордог байсан аж. Түүнээс болж бусдаасаа
түрүүлээд адуу шиг гүйгээд алга болчихсон Б.Энхбат зэрэг сонсогчид тээр ард үлдсэн
нөхөд рүү буцаж гүйж ирээд хайрцагтаа ордог байсан аж. Нэг удаа бүрий болсон хойно
бусдаасаа сүүлдэж хоцорсон н.Нармандах гал тогоо руу ортол шанагатай цай байж. Аваад
уучихаж. Гэтэл төмс угаасан усыг хар цай гэж андуураад залгилчихсан гэнэ. Маргааш
нь Марш тактикийн уралдаан болж байтал нөгөө Нармандах чинь бэлтгэлийн үеийнхээсээ
ч удаан гүйгээд байсан гэнэ. Түрүүлж гүйсэн хэд нь буцаж гүйж хайрцагтаа орж байтал
Нармандах гэнэт хайрцагнаасаа гараад өөр зүг рүү харайлгаж гарсан байна. Тэгснээ
хамгийн түрүүнд таарсан бутны араар ороод шууд бие зассан гэнэ. Сургагч багш Төрмөнх
дээр Эрдэнэболд дарга гүйж ирээд “Энэ чинь юу болж байна вэ” гэж асуутал “Би сонсогч
Нармандахыг бие засуулж байна” гэж илтгээд бөөн инээдэм болж байсан гэнэ. Энэ мэт
хөгжөөнтэй, дурсамжтай зүйл тэдний нөхөрлөлд өч төчнөөн бий.

Цагдаагийн дээд сургуульд
ардчилал авчирсан нь

Цагдаагийн
бие бүрэлдэхүүнд цөөнгүй жил ажиллаж байгаад ирсэн болохоор тэдний ангийнханд дээд
курсийнхэн нь оны ялгаа гаргаж амжилгүй төгссөн гэдэг. Эхэндээ тэднийг ажлын талбараас
ирсэн мундгууд гэдгийг мэдэлгүй оны ялгаа гаргах гэж үзсэн гэнэ. Ангиараа нөгөөдүүлтэйгээ
гар зөрүүлэх тохиолдол ч гарсан байна. Бүр Говь-Алтай аймгаас ирсэн Энхбаатар дээд
курсийнхээ нөхдүүдийг айлгах гэж балиус гутлынхаа түрийд хийж ирээд “Балиус” Энхбаатар
гэдэг хочтой болж байж. Гэсэн ч дээд, доод курсийн ялгаа газар авалгүй тэгсхийгээд
намжжээ. Цагдаагийн дээд сургуульд 4д ангийнхан тухайн үеийг оны ялгаа гаргахгүй
болтол нь нам дарж чадсан байна.

Үүний дараа
тэд “Бид Ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ” гээд
багш нартайгаа оюун ухаанаараа мэтгэлцдэг болжээ. Энэ нь тухайн цаг үедээ шинэ содон
үйл явдал байсан төдийгүй настай багш нарын хувьд эвэртэй туулай үзсэн юм шиг сэтгэгдэл
төрүүлдэг байж. Өөрөөр хэлбэл, ардчиллын үнэт зүйлийн эхлэлийг энэ ангийнхан мөн
тавилцсан гэсэн үг. Тэд зүгээр нэг мэтгэлцээд зогсохгүй хичээлийн явц, сургалтын
талаар “Энэ сургалт буруу явагдаад байна. Үүнийг ингэж өөрчлөх хэрэгтэй” гээд шүүмжилж,
байр суурин дээрээ бат зогсох болжээ. Нэргүй гэх багш нь хичээл тарсны дараа гүйлгэж,
бэлтгэл хийлгээд тараахгүй байсан аж. Нөгөөдүүл ч энэхүү зүй бус харилцааг эсэргүүцжээ.
Энэ үеэр сонсогч Д.Ганболд “Та биднийг тамлаж байна. Бэлтгэлийг хийх цагтаа хийе.
Бид хичээлээ тараад гэртээ харимаар байна. Би нөлөөтэй сонсогч, хэрэв сонсогч нарыг
таныг эсрэг хөдөлгөх юм бол чадна шүү” гэж хэлээд авч. Үүнээс болоод “нөлөө Ганболд”
гэдэг хочтой болжээ.

Мөн Сургалтын
төвийн захирагч Төрмөнхөд хандаж “Бид нар цэргийн мэдлэгтэй. Энэ шороон дээр элэг
дөрвөөрөө мөлхөж чадахгүй” гээд өөрийг нь мөлхүүлсэн байна. Сургуулийн орлогч захирал
Батаа нэг удаа хурал хийж дуусаад “Сонсогч нарт асуух асуулт байна уу” гэж асуужээ.
Гэтэл ангийнх нь нэг сонсогч “Надад нэг хүсэлт байна” гээд боссон байна. “Аль анги
вэ” гэж эргүүлэн асуутал буруу сонсоод “Би архи уугаагүй” гэж хариулж байсан аж.
Аль анги вэ гэснийг архи уучихсан юм уу гэж сонссон байна. Энэ мэт Ардчилсан улсад
амьдарч байгаагаа тэд тухайн цаг үедээ ойр орчнынхондоо мэдрүүлж чадсан байна. Бүр
анги дундаас “Ардчилал” Цолмон гэсэн хочтой болсон байна. Энэ мэт хөгжилтэй дурсамж
ар араасаа цуврах ажээ. 20 гаруйхан настайгаасаа санчигны үсээ буурал болтол цагдаагийн
албанд зүтгэсэн хурандаа нар 25 жилийн өмнөх цэл залуухан сонсогч байсан цаг үедээ
очсон юм шиг л байв. Нүд нь гэрэлтээд л залуу насныхаа гэгээн дурсамжийг ярин инээлдэх
ажээ.

АТГ-т Ц.Шинэбаяр
Х.Баярцогт нар ажиллаж байгаа гэнэ. Налайх, Төв аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар
ажиллаж байсан Г.Буянхишиг төгссөн сургуульдаа олон жил багшилжээ. Одоо Баянзүрх
дүүргийн гуравдугаар хэлтэст Тасгийн даргаар ажиллаж байгаа аж. Ангийн дарга Б.Бат-Амгалан
Цагдаагийн ерөнхий газарт Хэлтсийн даргаар ажиллаж байгаад саяхан Сонгинохайрхан
дүүрэгт Тасгийн даргаар очжээ. Ангийн “од”, буутай гэмт хэрэгтнийг хотын төвөөс
баривчилж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс одон авч байсан Д.Эрдэнэпүрэв Хөвсгөл аймгаас
гавьяаны амралтдаа гарсан байна. Цагдаа нар дундаа эрэнгийн хэмээн алдаршсан Б.Энхбат
Цагдаагийн ерөнхий газарт, Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж
байсан Д.Ганболд Нийслэлийн цагдаад ажиллаж байгаа гээд бүгд өндөр цолтой, удирдах
албан тушаалтнууд болсон байна. Бүгд л дэд хурандаагаас дээш цолтой болжээ.

Тэд жил бүр
уулздаг гэсэн. Дарга болсон нэгэндээ мөнгө нийлүүлж байгаад сэлэм, шонхор шувууны
баримал авч өгдөг гэнэ. Гэр бүлээрээ Монголынхоо үзэсгэлэнт газраар аялж, амьдралын
жаргал зовлонгоо хамтдаа элээж байгаагаа хэлж байлаа. 20 жилийнхээ ойн уулзалтад
ирсэн 4д ангийнхан одон тэмдгээ зүүж, жагсаалын хувцсаа өмсөөд сүр хийморьтой харагдаж
байв. Тэд гэрэл зургаа авахуулсаны дараа нэгэн буйдхан газар очиж залуу насаа дурсахаар
гарч одсон юм.

Шилдэг мөрдөгч
болох гэж мөрөөдөж, хэрэг илрүүлж байна гэж зүүдэлж явсан тэд “Ийм сайхан өдөр гэмт
хэрэг ярихгүй шүү” гээд инээлдэж байлаа. Тэд ард түмнийхээ сайн сайхны төлөөх энхийн
манаанд 20 жил бат зогсож чадсан гавьяатнууд билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зөв санаа жижигддэггүй

Төвийн нэгэн дунд сургуулийн удирдлага, сурагчдыгаа хичээлдээ ирэхдээ мэдрэгчтэй дэлгэц бүхий ухаалаг гар утас авчрахыг хориглосон журам гаргажээ. Энэ ямар зөв санаа вэ. Өнгөрсөн хавар охиныхоо сургуульд хичээл завсарлах үеэр нь очих хэрэг гарсан юм. Энд тэнд бөөнөөрөө цугларч гар утасны тоглоомоор тоглох бага ангийнхан, мөн л гар утсан дээр татсан зураг, хов живээ хоорондоо солилцож буй ахлах ангийн охид, бараг нам гүм гудамж гэсэн дүр зураг харагдаж билээ.

Биднийг бага байхад дунд сургуулийн арван минутын завсарлага гээч юу байлаа даа. Хөлийн чилээ гаргах энэ богино хугацаанд ноцолдоно, зодолдоно, охидуудыг уйлуулна, тэвэг тоглоно, эцэст нь баахан хөлс нь гоожсон хүүхдүүд хонхны дуутай зэрэгцээд ангидаа ордог байсан.

Хөгжил бол мөхлийн нөгөө тал гэдэг заримдаа үнэн ч юм шиг санагдах юм. Энэ гар утас гээч хичнээн ухаалаг болох тусам хүмүүсийн ганцаардал улам л гүнзгийрч байна. Хүүхдүүдийн хөдөлгөөнийг ухаалаг утаснууд хорихоос гадна бага наснаасаа эхлэн үнэтэй зүйл хэрэглэх, хэрэглэж чадахгүй байгаа нэг нь гэр бүлээ, эцэг эхээ үгүйсгэх явдалд хүргэж байна. Тэр сургуулийн журманд энгийн улаан ногоон товчтой утас хэрэглэхийг зөвшөөрч, мэдрэгч бүхий дэлгэцтэй утас давтан авчирсан тохиолдолд эцэг эхэд нь хариуцлага тооцдог зарчимтай юм билээ.

Бусад сургуулиуд ч ийм журмыг хэрэгжүүлж яагаад болохгүй гэж.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“С.Зоригийн хэргийг илрүүлдэггүй юм гэхэд ил болгооч” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы шинэ долоо хоногийн дугаар хэвлэгдэж, уншигч захиалагчдадаа хүрч байна. Өнөөдрийн дугаарын шилдэг нийтлэл, онцлох ярилцлага, сурвалжлагаас тоймлон хүргэе. Даваа гариг бүрт уламжлан хүргэдэг “Танайд өнжье” буланд “Завханы Батсүх” нэрээр ард түмний эрхэм танил болсон, гавьяат жүжигчин Батсүхийн өргөө хоймор зочилж, уран бүтээл хийгээд ахуй амьдралын энгүүн сайхан хууч дэлгэснээ хүргэж байна. Манай сурвалжлах хэсгийн бэлдсэн “Завханы Батсүх” сурвалжлага тэмдэглэлийг нэг, 12 13 дугаар нүүрээс уншаарай. Улс төрийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн цаг үеийн өгсөн ярилцлага болон Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайдын Эдийн засгийэ бодлогын зөвлөх Д.Батмөнхийн ярилцлага гарлаа. Тэрбээр бонд дахин гаргаж л зээлээ төлөх байх гэв. “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт нийтлэлч Э.Энэрэлийн “С.Зоригийн хэргийг илрүүлдэггүй юм гэхэд ил болгооч” нийтлэл хэвлэгдлээ. Энэ нийтлэлд С.Зориг агсны хэрэг яагаад илрэхгүй байна вэ, ядаж энэ хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгооч гэдгийг дэвшүүлэв. Мөн “Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан нь” цуврал хүрч байна. Д.Амарсайхан агсны хорих ангид амь насаа алдсан хэргийн мөрөөр сурвалжилж, цувралаар хүргэж байгаа билээ. Нийгэм бараг мартагнаад байгаа энэ хэргийн талаарх баримт, нотолгоог нэг, долдугаар нүүрээс үргэлжлүүлэн уншина уу. Түүнчлэн Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн “АТГ, прокурор хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг иргэд мэдэж авсан” ярилцлага 11 дүгээр нүүрт хэвлэгдэв. Тэрбээр саяхан болсон Л.Гансүх нарыг шүүсэн хурал Монголд маш буруу жишиг тогтоож байгаа тухай болон Б.Мөнгөнтуяагийн буруутайг шүүх тогтоогоогүй байж амьдралыг нь там болгож байгааг өгүүлэв. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав манай сонинд ярилцлага өглөө. Тэрбээр говийн хүн хэрнээ уул харахаараа ухаан алдчихдаг гэв. Буурал найрагчийн ярилцлага 17 дугаар нүүрт нийтлэгдлээ. Мөн түүнчлэн “Эх орон сумаас эхэлнэ” буланд Архангай аймгийн Хотонт сумын тухай манай сэтгүүлч М.Ууган-Эрдэнэ бичиж нийтлэв. Эдгээр болон бусад цаг үеийн мэдээллүүд, хуваарьт булангууд гарлаа.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ


Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-оос С.Зориг агсны хэргийн талаар бичсэн нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы шинэ долоо хоногийн дугаарт гарч буй зарим нийтлэл, ярилцлагаас онцолж дуулгая. Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт нийтлэлч Э.Энэрэлийн нийтлэл хэвлэгдэж байна. Түүний туурвисан шинэ нийтлэлд С.Зориг агсны хэрэг яагаад илрэхгүй байна вэ гэдгийг хөнджээ. Ядаж энэ хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгооч гэдгийг мөн дэвшүүлсэн байна.

Удахгүй аравдугаар сарын 2-ны өдөр тохионо. Тэр өдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, учир битүүлгээр амь насаа алдсан хэргийг улс даяараа дурсацгаадаг. Ингэж хэвшил болоод хэдийнэ 17 жил болсон байна.

“Өдрийн сонин”-ы 2015 оны есдүгээр сарын 28-ны өдрийн дугаараас дээрх нийтлэлийг бүрэн эхээр уншаарай. Дашрамд дуулгахад манай сонины дөрөвдүгээр улирлын захиалга явагдаж байгаа тул та 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоорой.

Categories
мэдээ спорт

Аки башёд Какүрюү М.Ананд түрүүллээ

Японы мэргэжлийн сумогийн намрын тэмцээн болох Аки башёд
Монголын сумоч ёкүзона Какүрюү М.Ананд
13 даваа 2 унаатайгаар түрүүлж хоёр дахь удаагаа эзэн хааны цом хүртлээ. Тэр тэмцээний сүүлчийн өдөр нутгийн дүү
Тэрүнофүжи Ган-Эрдэнэтэй
аваргын төлөө үзэлцэж дотуур хагалж халах мэхээр ялав. Энэ удаагийн тэмцээнд гэмтлийн улмаас
69 ба70 дахь аваргууд болох М.Даваажаргал, Д.Бямбадорж нар барилдаагүй юм.

Categories
мэдээ нийгэм

Хоёр настай хүүхдийг эсэн мэнд олжээ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн иргэн 20 настай эмэгтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Хойт-Агуйтын ойд самар түүхээр явсан тус сумын иргэн 20 настай эрэгтэйг эрэн хайж байгаа мэдээлэл байсан. Мөн энэ сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Ус багийн Ташаа гэдэг газар хоёр настай эмэгтэй хүүхэд алга болсон талаар дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газар ирсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын долоон албан хаагч, нэг автомашин, Цагдаагийн байгууллагаас гурван албан хаагч, нэг автомашин, орон нутгийн 17 иргэн, таван автомашин, нийт 27 хүн, долоон техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 26-ны өдрийн 10:50 цагт эсэн мэнд олж сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.

Categories
гадаад мэдээ

Йозеф Блаттерт эрүүгийн хэрэг үүсгэж, байцаалт авчээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Йозеф Блаттерын хэрэг дуулиан дагуулсаар л байна.

Түүнд эрүүгийн хэрэг үүсгэснийг Швейцарь улсын Хууль зүй, цагдаагийн яамны сайтад мэдээлжээ. Есдүгээр сарын 24-25-нд ФИФА-гийн Гүйцэтгэх хорооны хуралдааны дараа Йозеф Блаттерийг Швейцарийн Ерөнхий прокурорын газраас дуудан байцаалт авсан учир хуралдааны дараа хийхээр товлосон хэвлэлийн бага хурлыг цуцалжээ.

Йозеф Блаттер 2005 оны есдүгээр сарын 12-нд 2010, 2014 онуудын хөлбөмбөгийн ДАШТ-нийг зурагтаар дамжуулах эрх олгох тухай Карибын хөлбөмбөгийн холбоотой гэрээ байгуулж гарын үсэг зуржээ. Гэвч ФИФА-гийн ерөнхийлөгчийн үүргээ зөрчин байгууллагадаа ашиггүй гэрээ байгуулсан гэж Йозеф Блаттерийг буруутгаж байгаа билээ.

Түүнээс гадна, 1999 оны нэгдүгээр сараас 2002 оны зургадугаар сар, 2011 оны хоёрдугаар сард хийсэн ажлын хөлс гэж ФИФА-гийн хөрөнгөөс хоёр сая швейцарь франкийн хууль бус төлбөрийг УЕФА-гийн ерөнхийлөгч М.Платинид шилжүүлсэн гэж Швейцарийн Ерөнхий прокурорын газраас үзсэн бөгөөд Платини нь хоёр сая швейцарь франк авснаа хүлээн зөвшөөрчээ.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 1-нээс нийслэлийн албан татварын хууль хэрэгжиж эхэлнэ

Аравдугаар сарын нэгнээс нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногийн пүрэв гаригаас нийслэл хотын есөн дүүрэгт амралтын газар, зочид буудал, уушийн болон зоогийн газраар үйлчлүүлсэн, согтууруулах ундаа, тамхи худалдан авсан тохиолдолд иргэд 0.5-1 хувийн татвар төлнө. Нийслэлийн татварыг НӨАТ-ын өмнөх үнээс тооцож, бараа үйлчилгээний үнэ дээр нэмж төлнө гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлсэн юм. Ирэх долоо хоногт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар нийслэл хотын албан татварын хэмжээ 0.5 хувь байх уу, эсвэл нэг хувь байх уу гэдгийг эцэслэн шийднэ.

Хууль хэрэгжиж эхэлснээр аж ахуйн нэгжүүд сар бүрийн 10-ны дотор татвараа төлж, улиралд нэг удаа тайлангаа тавих юм. Хуулийн хүрээнд 8500 орчим аж ахуйн нэгж хамрагдаж, нийслэлийн төсөвт 13 тэрбум гаруй төгрөг төвлөрөхөөр байгаа ажээ.