Categories
гадаад мэдээ

Си Зиньпин ахмад дайчдад медаль гардуулна

БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголын таван ахмад дайчинд ойн медаль гардуулахаар болжээ.1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд у ийнхүү монголын ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж буй аж.

Ойн медаль гардуулах ёслол өнөөдөр 17.00 цагт манай улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яаманд болно. БНХАУ-ын хувьд зөвхөн Монголын ахмад дайчдад талархал илэрхийлэн энэхүү медалиа өгч байгаа юм.

Categories
гадаад мэдээ

В.Путин Б.Обаматай өнөөдөр уулзана

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахаар болсон тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

В.Путин өнөөдөр болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 жилийн ойн чуулганд оролцож, үг хэлэх юм. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаар болсон аж.

Хоёр гүрэнд хэлэлцэх асуудал их байгаа юм. Тухайлбал Сирийн хямрал, Исламын улсын эсрэг тэмцэл зэрэг асуудалд АНУ, ОХУ-ын хамтын ажиллагаа шаардлагатай байгааг шинжээчид онцолж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

НӨАТ-ын буцаан олголтоо 2017 оноос өгнө

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар баталсан. Иргэдэд татварын өгөөжийг илүү хүртээмжтэй болгох тус хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм. Уг хуульд иргэд худалдан авсан бараа, үйлчилгээндээ төлсөн НӨАТ-ын дүнгийн 20 хүртэлх хувийг буцаан авах, төлбөрийн баримтаараа сугалаанд оролцох тухай заалт нэмжээ.

Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газрын дэргэд “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хөгжүүлэх” төслийн нэгжийг байгуулжээ. Тус төслиин нэгжийн захирал Р.Отгонтулга “Хууль хэрэгжиж эхэлснээр аж ахуйн нэгжүүд кассын машины систем ашиглан нэг ижил стандартын төлбөрийн баримт хэвлэнэ” хэмээн ярилаа. Уг баримтаар иргэд сугалаанд оролцох боломжтой юм байна. Бас буцаан олголтын урамшууллыг арилжааны банкуудтай хамтран иргэн бүрт олгохоор ажиллаж байгаа аж.

Сангийн дэд сайд С.Пүрэв “Хууль хэрэгжсэнээр аж ахуйн нэгжүүдийн бүртгэл тооцоо сайжрах ач холбогдолтой. Мөн бүхий л худалдан авалт бүртгэгдэн, ил тод байдал хангагдана” гэв. Иргэд буцаан олголтоо 2017 оны эхний хагаст авах боломж бүрдэх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Төмс, хүнсний ногооны хураалт 58.9 хувьтай байна

Улс орон даяар ургац хураалтын ажил эрчимтэй явагдаж байна хэмээн ХХААЯ-наас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 92.9 мянган га-гаас 78.9 мянган тонн үр тариа, 7.1 мянган га-гаас 80.1 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 40.7 мянган тонн хүнсний ногоо, 8.4 мянган га-гаас 10.7 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 31.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 58.9 хувьтай явж байна.

Төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд явагдаж байгаа бол тарианы болцтой холбоотойгоор үр тарианы хураалт бага зэрэг удаашралтай явагдаж байна. Ургац хураалтын ажилд 1200 гаруй цэргийн албан хаагч, 750 оюутан залуучууд гэрээгээр ажиллаж байна.

Ус цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 26, 29-нд тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж салхи ихтэй байхын зэрэгцээ шөнөдөө 0-5 градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаа тул ургацыг хөлдөж хайрагдахаас хамгаалахыг орон нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгжийн захирал болон тариаланчдад анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна

Манай улс Дэлхийн аялал жуулчлалын өдрийг 2003 оноос ХААИС-ийн багш оюутнуудын санаачилгаар тэмдэглэж эхэлсэн бөгөөд өөрсдийн мэргэжил болон аялал жуулчлалын салбарыг сурталчлах ажлыг хийж эхлүүлжээ. Улмаар 2007 оноос Монголын аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгээс уг арга хэмжээг өргөжүүлэн зохион байгуулж аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд аялал жуулчлалын улсын олимпиад зарлан тэмдэглэж иржээ. Манай улс энэ жил “Торгон замын аялал жуулчлалд Монгол улсын оролцоо” сэдвийн хүрээнд уг өдрийг зохион байгуулж байна.

Энэ жилийн оюутнуудын дундах аялал жуулчлалын олимпиадад хот, хөдөөгийн 11 их, дээд сургуулийн 15 багийн 100 гаруй оюутнууд оролцож эрдэм, мэдлэгээ уралдуулсан ба Центавр, Оюутны Эрдэм Шинжилгээний бага хурал болон спорт явган аяллын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Харин өнөөдөр үндэсний түүхийн музейн өмнөх талбайд аялал жуулчлалын сургуулиуд “Торгон замын аялал жуулчлалд Монгол улсын оролцоо” сэдвээр үзэсгэлэн гаргах бол Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Жуулчны нүдээр монгол орон” фото зургийн үзэсгэлэн гаргаж мөн туроператор компаниуд өөрсдийн аяллын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж сурталчлах болно. Энэ удаагийн арга хэмжээг Аялал Жуулчлалын Багш Судлаачдын Нийгэмлэг, БОНХАЖЯ-ны Торгоны замын аялал жуулчлалын төслийн нэгж, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Монголын Үндэсний Их Сургууль, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Блейк Айбекс экспедишн ХХК, Монголын түүхийн музей зэрэг байгууллага дэмжиж, хамтран зохион байгуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

”Намрын ногоон өдрүүд” үргэлжилж байна

“Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга арав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингисийн талбайд эхэлсэн уг арга хэмжээ энэ ирэх сарын 5-ыг хүртэл “Мишээл Экспо” худалдааны төвд үргэлжлэх аж, Энө өдрүүдэд “Монгол хүнс-органик хунс-2015”, “Алтан намар-2015” ургацын баяр гэсэн салбар үзэсгэлэн худалдааны хүрээнд олон арга хэмжзз зохион байгуулагдана.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн өсөлт гурван хувьд хүрнэ гэв

Азийн Хөгжлийн Банкнаас эдийн засгийн сэдвээр жил бүр нийтлэн гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” тайлан гарсан байна. Уг тайланд БНХАУ болон БНЭУ-ын эдийн засгийн өсөлт сул, томоохон аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн сэргэлт удаашралттай байгааг тэмдэглэжээ. Энэ нь хөгжиж буй орнуудын 2015 болон 2016 оны эдийн засгийн өсөлтийн төлвийг өмнөх таамаглалаас доошлуулахад нөлөөлсөн хэмээн тэд үзсэн байна.

Монгол Улсын ДНБ- ий өсөлт өмнөх онтой харьцуулахад оны эхний хагаст гурван хувь болж буурсан нь “Азийн хөгжлийн төлөв” тайлан дахь жилийн өсөлтийн таамаглал тооцоотой дүйцсэн. Оюу толгойн ил уурхайгаас олборлох зэсийн хүдэр, алт, мөн баяжмалын үйлдвэрлэл улам бүр өсч байгаа нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашралаас Монгол Улсад үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөллөхийн зэрэгцээ үйлвэрлэлийн салбарын өсөлтийг өндөр хэвээр буюу 12.1 хувьд хадгалахад нөлөөлсөн байна.

Мөн энэ оны өсөлтийн таамаглалыг гантай жилийн ургацын алдагдлаас голлон шалтгаалж 2.3 хувь болгон буурууллаа. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт 2016 оны дунд үеэс эхлэх тул ирэх оны ДНБ-ий өсөлтийн хувь хэмжээ сэргэж гурван хувьд хүрнэ гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Бразил руу 90 хоног визгүй зорчино

Монгол Улсаас Бразил улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа тус улсын Гадаад харилцааны сайд Мауро Виейра нар “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гары үсэг зуржээ.

Мөн хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааны тухай Харилцан ойлголцлын санамж бичиг” үзэглэж, “Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичиг” солилцсон байна. Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдсанаар талууд хоёр талын сонирхолд нийцэж буй чиглэлээр багш, судлаач, мэргэжилтнийг харилцан солилцох боломж бүрдэж байна.

Түүнчлэн, хоёр орны Гадаад хэргийн яамд хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд дипломат ажилтнуудыг харилцан солилцож, туршлага судлах, дипломат академи хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой болж буй юм. Уг санамж бичгийг байгуулах үеэр Бразилийн тал өөрийн Дипломат академидаа Монголоос эхний ээлжинд нэг дипломатчийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаа илэрхийлжээ.

Үүнээс гадна визийн нөхцөлөөс харилцан чөлөөлөх тухай ноот солилцсон өдрөөс хойш 30 хоногийн дараагаар хоёр орны иргэд аялал жуулчлал зэрэг ашгийн бус зорилгоор 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих, мөн ижил хугацаанд түр оршин суух эрхээ сунгах буюу нэг жилд 180 хүртэлх хоног харилцан визгүй зорчих юм байна.

Categories
мэдээ нийгэм

Авто худалдааны цогцолбор нээлтээ хийнэ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Авто худалдааны цогцолборын эхний ээлжийг энэ долоо хоногт ашиглалт оруулах ажээ. Тус цогцолбор нь автомашины худалдаа, сэлбэг хэрэгсэл гээд цогц үйлчилгээг иргэдэд хүргэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Нийслэлд төвлөрсөн автомашины олон захуудыг уг цогцолбор руу нүүлгэх ажил эхлээд байгаа ажээ.. Цаашлаад орон нутгаас ирж буй автомашинууд нийслэл рүү орохгүйгээр шууд цогцолбор руу ирэх замыг шийдсэн гэнэ. Ингэснээр нийслэлийн толгойны өвчин болсон замын түгжрэлийг бууруулах боломжтой хэмээн албаныхан харж байгаа юм. Авто цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтад гэхэд 20 тэрбум төгрөгийг зарцуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчид урлагаар өрсөлдөнө

Сэтгүүлчид ирэх сарын 16-17-нд урлагаар өрсөлдөх аж. Анх Монголын сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан урлагийн их наадмыг МСНЭ, “MGL” медиа группээс хамтран зохион байгуулсан билээ. Хоёр дахь удаагийн энэ наадамд оролцогчдыг МСЭ-ийн төв байранд 10 дугаар сарын 1-н хүртэл бүртгэж, шалгаруулалт 16-нд нийслэлийн “Улаанбаатар” чуулгын байранд явагдах бөгөөд шилдэг оролцогчдын гала тоглолтыг 17-ны өдөр зохион байгуулах юм.

Оролцогчид Монголын сэтгүүл зүйн салбарын үүсэл хөгжлийг харуулсан мэндчилгээнээс гадна дуу, бүжиг, уран уншлага, хөгжим, ардын урлаг гэсэн төрлөөр өрсөлдөх юм. Шалгарагсдыг 1-3 байр эзлүүлж урамшуулах аж.