Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-д “Донорын өдөрлөг” болж байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвд /ГССҮТ/ өнөөдөр “Донорын өдөрлөг” болж байна.

Өнгөрсөн өдрүүдэд зарим мэдээллийн сайтуудад тус эмнэлгийн Түлэнхийн
тасаг цусны нөөцгүй болсон тул цус хандивлах аян зохион байгуулна гэх
мэдээлэл гарсан нь ташаа мэдээ гэв.

ГССҮТ нь үйл ажиллагааны чиглэлээрээ шууд өөрийн байрандаа донорын
цусыг авдаггүй бөгөөд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс цус, цусан
бүтээгдэхүүнээ гэрээгээр авдаг тухай тус төвийн захирал Н.Эрдэнэбаяр
ярилаа. Энэ ч утгаараа өнөөдрийн зохион байгуулж буй “Донорын
өдөрлөг”-ийг хоёр байгууллагын гэрээний дагуу жилд нэг удаа явуулдаг аж.

“Донорын өдөрлөг”-т 16-аас дээш насны, шарлаж байгаагүй иргэд ирж,
цусаа хандивлах боломжтой. Цусаа хандивлан эрдэнэт хүний амь аврах буянт
үйлсэд нэгдэхийг хүссэн иргэд иргэний үнэмлэхтэйгээ тус төвд очино.
Донор болох иргэд өмнөх орой нь өөх тостой хоол, сүү сүүн бүтээгдэхүүн
хэрэглээгүй байхыг эмч нар санууллаа.

Дашрамд тэмдэглэхэд, ГССҮТ-ээс өдөрт ойролцоогоор 250-300 хүн эмнэлгийн тусламж авдаг гэсэн тооцоо байдаг.


ЦУСНЫ ХОМСДОЛД ОРООГҮЙ

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 2014 оны эний найман сарын байдлаар
11232 нэгж бүхэл цус цуглуулж байсан бол энэ оны мөн үед 13841 нэгж
болж, 23%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн жилүүдэд олон нийтэд
чиглэсэн сургалт, сурталчилгааны ажил сайжирч, иргэдийн дунд цусны донор
болох хандлага нэмэгдэж байгаатай холбоотой 2015 онд өнгөрсөн оны мөн
үеэс донорын тоо 11.6%-иар өссөн гэсэн тооцоог тус төвөөс гаргажээ.
Харин цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ 2014 оны эхний найман сард нийт
27810 нэгж байсан бол 2015 оны мөн үед 32949 нэгжид хүрч, 18.5%-иар
өссөн үзүүлэлттэй байна. Энэ онд цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээний
61.7%-ийг нь Улсын I төв эмнэлэг, ГССҮТ, Шастины III төв эмнэлэг,
ЭХЭМҮТ-ийн Хүүхэд болон Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгийн хэрэглээ
зонхилон эзэлж байгаа аж.


Эмнэлгүүдийн ЦЦБ-ний хэрэглээ /2014, 2015 оны эхний найман сарын байдлаар/


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сарангэрэл: Цэцэрлэгийн хүүхдийг хүчээр бус өөрсдийнх нь хүсэл сонирхлоор сургах хөтөлбөр юм

Сургуулийн өмнөх
боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг өнгөрсөн жилийнхээс шинэчилж, 2016-2017
оны хичээлийн жилд хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хөтөлбөр нь хүүхэд бүрийг
боломжит хурдаар хөгжүүлэх, хүүхдийн сонирхлыг илрүүлэн судлах, хөгжүүлэх
зарчимд суурилсан юм. Сургуулийн өмнөх боловсролын болон суурь боловсролын
сургалтын цөм хөтөлбөрийг “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, “Зөв
Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн үзэл санаа, зорилгод тулгуурлан шинэчилсэн
байна. Эдгээр цөм хөтөлбөр, сурах бичгийг боловсролын эрдэм шинжилгээ арга зүйн
байгууллага, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн
бус байгууллагын төлөөлөл 160-аад багш, судлаач, мэргэжилтэн хамтран
боловсруулжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 3-6-ны хооронд зохиогдож буй
сургалтад хамрагдаж буй Завхан аймгийн Боловсрол, соёлын газрын сургуулийн
өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Энэ хөтөлбөрт танай аймаг
хэзээнээс хамрагдсан бэ?

-Сургуулийн өмнөх боловсролын
сургалтын цөм хөтөлбөрийг 2014-2015 оны хичээлийн жил туршиж Завхан аймгийн
Улиастай сумын 12 цэцэрлэгийн нэг нь болох нэгдүгээр цэцэрлэг хамрагдсан юм.
Туршилтын хугацаанд зөвхөн нэг цэцэрлэгээр зогсохгүй бусад бүх цэцэрлэгтээ энэ
цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажилласан. Одоо бүх багш нар сургалтад
хамрагдаад цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаа.

-Хичээлийн хөтөлбөрт ямар
өөрчлөлт орох юм бэ?

-Өмнө нь олон хөтөлбөрөөр хичээллэж
байсан. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого гээд 20
дугаар тушаалаар батлагдсан бодлого хэрэгжиж байсан юм. Энэ бодлогын хүрээнд
хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаагаа боловсруулаад багш зааж, хүүхэд тэр
хичээлийг хүссэн хүсээгүй сурдаг байсан. Харин энэ хөтөлбөрөөр хүүхдийн боломж,
хөгжил дээр тулгуурлаад өөрийнх нь хөгжлийн хурдаар сурах боломжийг олгосон цөм
хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт зөвхөн багш гэлтгүй эцэг эх, хүүхдүүд бүгд ач
холбогдол өгч хичээллэж байгаад баяртай байгаа.

-Энэ хөтөлбөрийн ач
холбогдол юу вэ?

-Манай цэцэрлэг өмнө нь 30-35
хүүхэд нэг бүлэг болж явдаг байсан. Тус бүлэгт стандартын дагуу бага, дунд,
ахлах бүлэгт сурах ёстой зүйлийг л сургадаг байсан юм. Харин одоо нэг бүлэгт
ганцхан хөгжүүлэх төв ажиллахаар зохицуулсан байгаа. Бусад цэцэрлэгийн нэг
бүлэгт 5-10 хөгжүүлэх бүлэг ажилладаг бол манайд нэг л бүлэг ажиллана гэсэн үг.
Хүүхэд нэг сэдэв тоглоом сонгоод тоглоход тус тоглоомыг сонгосон цэцэрлэгийн 10
бүлгийн 30 хүүхэд нэг ангид орно. Нэг ёсондоо холимог насны бүлгээр хичээллэж
болно гэсэн үг. 2,3,4,5 настай бүх хүүхдүүд өнөөдөр би эмч гэдэг тоглоомоор
тоглохоор сонгосон бол нас харгалзахгүй бүх хүүхэд тоглоно. Энэ нь багт чиглэж
байгаагаараа чухал алхам. Би үүнд л их олзуурхаж байна. Өөрийнхөө сонирхлоор
хичээллэж байгаа учраас хүүхдүүд өөрсдөө ч их дуртай байдаг. Эцэг, эхчүүд ч
гэсэн хүүхдүүд баяр баясгалантай байгаа болохоор их дэмждэг. Одоогоор сургалтын
боломж бүрэн хангагдаагүй байгаа учраас эцэг эхчүүдийн дэмжлэг бас их хэрэгтэй
байгаа.

-Холимог насныхан хамт
суралцахаар ойлголцох нь ямар байдаг вэ?

-Эхлээд бага бүлгээс орж
ирсэн хоёр хүүхэд, дунд бүлгээс орж ирсэн гурван хүүхэд гээд ялгараад
зогсчихдог байсан. Одоо байдал өөр болсон. Ахлах бүлгийн хүүхдүүд маань дүү
нараа халамжилж байгаа юм л даа. Айлын ганц, хоёроороо байдаг хүүхдүүд
хоорондоо их сайн нийгэмшдэг гэсэн үг. Хоорондоо ойлголцоход эхэндээ багшийн
чиглүүлэх ажиллагаа хэрэгтэй. Бага бүлгийнхэндээ ахлах бүлгийнхэн яаж зааж өгөх
вэ гэдгийг чиглүүлж чадаж байвал бүлгээр ялгарахгүй. Миний дүү гээд хөтлөөд л
юмаа хамт хийгээд л эхэлдэг юм. Энэ нь багаар ажиллах чадварыг хүссэн хүсээгүй
бий болгодог хөтөлбөр. Өмнө нь бага бүлэг 15 минут, бэлтгэл бүлэг 25-30 минут
гээд үйл ажиллагаагаа цагаар баталчихдаг байсан бол одоо хүслийг нь харгалзаж
өөрөө хэдэн минут тоглож ханах нь уу гэдгийг хардаг болсон. Хүүхдийн ийм
ажиллагаа нь хүүхдийг хөгжүүлдэг юм байна гэдэг нь харагдаж байгаа. Өмнө нь
хүүхдийг тоглоомоор хөгжүүлдэг гэдэг байсан бол одоо багш хүүхдүүд нэгдэж
хөгжүүлэх үйл ажиллагаагаа өөрсдөө хийдэг болж байгаа нь энэ хөтөлбөрийн давуу
тал. Бүх хүүхдийг хөгжүүлэхийн тулд багшаас гадна цэцэрлэгийн харуул, тогооч
зэрэг тэнд ажиллаж байгаа бүх хүмүүс ажиллаж байгаа.

-Одоо болж байгаа багш
нарын сургалтаар юу зааж байгаа юм?

-Би энэ сургалтад хоёр дахь
удаагаа хамрагдаж байна. Хавар сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр, бага
боловсролын хөтөлбөрийг хөгжүүлж орон даяар явуулсан үр дүнг ярилцсан. Одоо
сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр, суурь боловсролын шинэчилсэн
хөтөлбөрийг орон даяар хэрэгжих учир үүнийг яаж хэрэгжүүлэх талаар хэлэлцэж
байна. Мөн туршилт хийж байх хугацаанд ямар бэрхшээл, эргэлзээ гарав, түүнийг
яаж орон нутагт шийдэх вэ гэдгийг зааж байна. Сургалт энэ сарын 6-ныг дуустал
явагдана. Бид орон нутагт очоод үүнийг гардаж хэрэгжүүлэх учраас идэвхтэй
суралцаж байна.

-Танайд уг төслийг
хэрэгжүүлэхэд нэг жилийн хугацаанд гарсан үр дүнг дүгнэвэл?

-Хэрэгжилтийн багийнхан үр
дүнг нь гаргаад судалгаа хийсэн байна лээ. Хүүхдийн хөгжлийн ахиц 23.4 хувьтай
яваа юм байна. Өмнө нь судалгаагаар улсын дундаж 85-тай байдаг байсан тэр
дундаж хэвэндээ байна гэсэн. Шинэ юм болохоор шууд гарсан үр дүн одоогоор ховор
байна. Гэхдээ өмнө нь албан хүчээр сургаад байдаг зүйлийг хүүхдийн сонголт,
онцлогт тулгуурлаж хийж байгаа учраас илүү үр дүнтэй байгаа.

С.Ариун

Categories
мэдээ улс-төр

АН гэрээгээ өөрсдөө эхэлж зөрчсөн

МАН-ын
дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын
бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Су.Батболд нар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд МАН-ын дарга М.Энхболд “АН, МАН-ын хооронд байгуулсан хамтран
ажиллах итгэлцлийн гэрээг бодитоор дүгнэж чадахгүй байсаар гэрээ цуцлагдлаа.
Монголын төр цаашид хариуцлагатай болох ёстой. Анх АН-ын зүгээс таван бүлэг 20
гаруй асуудал бүхий гэрээ байгуулсан. Манай намын хувьд эдийн засгийн нөхцөл
байдал хүнд байна. Та нарын туршлага хэрэгтэй байна гэсэн тул бид улс орноо
бодож орсон. Тэр ч утгаараа бид алдааг нь засахад дэм болъё гэж хамтрах шийдвэр
гаргасан. Гэрээнд тусгагдсан томоохон ажлууд болох Оюу толгой, Таван толгойн
асуудал АН-ынхнаас болж гацсан. Уг нь одоо байгаа гэрээг муутгахгүйгээр
асуудлаа шийдэхэд хамтраад явна гэсэн ч Ерөнхий сайд, АН-ын дарга, УИХ-ын
даргын хандлага муу байсан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг
яаран батлах гэж байна. Үндсэн хууль, Сонгуулийн хуулиа Их хуралд ч өргөн
бариагүй байгаа. Бид амаа үдүүлнэ гэж анхнаасаа хамтраагүй. Манай намын сайд
нарыг халгаа сэлгээ их хийсэн гэж шүүмжилсэн. Үнэндээ бүх яаман дээр халаа
сэлгээ хийгдсэн. Харин ч АН-ынхан өөрсдөө хангалтгүй ажилласан шүү” гэдгийг
тодотголоо. Харин МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Манай нам орон
нутгаар Бид хамтдаа аянаа хийж байгаа нь үнэн. Иргэдтэй уулзаад явж байхад
тэдний зүгээс эдийн засгийн хямрал яагаад үүсэв. Бондуудын зарцуулалт ямар
шугамаар явсан гээд их олон зүйл асуусан. Манай намын гишүүд, Засгийн газрын
гишүүд худлаа ярьж чадаагүй тул үнэнээр нь хариулсан. Манай намын хувьд 2012
оноос хойш Засагт орох хүртэлх хугацаанд бий болсон зүйлсийн хариуцлагыг
хүлээхгүй. Сайханбилэгийн Засгийн газарт хамтарсан хугацааныхаа хариуцлагыг
хамтдаа үүрнэ гэдгээ хэлсэн. Гэрээ цуцаллаа гээд манай намынхан янз бүр болоод
байгаа юм алга. Ерөнхий сайд, АН-ын дарга нар манай бүлгийн хуралд орж ирээд
хамтарсан Засгийн газарт үндсэн чиг үүргийн яамд болох Сангийн яам, БОНХАЖЯ-ыг
УИХ-ын гишүүдээр удирдуулж болно гэсэн. Тэр ч утгаараа дээрх хоёр яаманд
манайхаас УИХ-ын гишүүд очсон. Харин нөгөө дөрөв нь гаднаас томилогдсон. Гэрээг
АН л өөрсдөө зөрчсөн. Ардчилсан намын фракцын зөрчил улсыг туйлдуулж байна”
гэсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Анх гэрээг бид бичгээр
байгуулсан. Гэрээний заалтан дээр 2016 оны сонгуулийн үр дүнгээс бий болсон
Засгийн газар байгуулагдтал хүчин төгөлдөр байна гээд заачихсан. Анх энэ
гэрээнд хоёр намын дарга, Бүлгийн дарга, гэрээ байгуулах ажлын хэсгийн дарга
нар гарын үсэг зурцгаасан. Алд биед ам гэрч, албан бичигт тамга гэрч гэдэгдээ.
Бидэнд албан бичгээр хандах ёстой” гэв. Түүнчлэн дараагийн сайд нарын асуудлаа
бушуухан шийдэх ёстойг сануулснаар хурал өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 14 гал түймэр гарлаа

Өнгөрсөн хоногтнийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 14,
техникийн болон ахуйн холбогдолтой осол 5 нийт 19 удаагийн дуудлагаар
гарч үүрэг гүйцэтгэжээ.

Тодруулбал, энэ сарын
6-нд Баянзүрхдүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13 дугаар гудамжны
242/а иргэн С.Т-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт, 8 метр хашаа, 5
ханатай хураалттай гэр, 2х2 хэмжээтэй 2 ширхэг амбаар эд хогшлын хамт,
244 тоотын иргэн Б.Б-ийн 8х7 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг
унтраасан байна. Мөн тухайн өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо,
Морингийн 4 дүгээр гудамжинд иргэн Н.Б-ы 37-13 УНЦ улсын
дугаартай Nissan March загварын автомашин шатаж байсныг унтраажээ.

Түүнчлэн, Нийслэлийн Аврах ангийн
бүлгийн 5 албан хаагч, 1 автомашинтай, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2
дугаар хэлтсийн 2 албан хаагчийн хамт Гачууртын эцсээс Баянзүрхийн гүүр
хүртэл завьтай усны эргүүл хийж голын эрэг дагуу амарч байсан 98 иргэнд
усны ослоос урьдчилан сэргийлэх талаар ухуулга яриа хийж 30 санамж
тарааж, 56 автомашиныг голоос холдуулах арга хэмжээ авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутнуудыг тээвэрлэхэд өндөр шаардлага тавина

2015-2016 оны хичээлийн жил эхлэх
дөхөж байгаатай холбоотойгоор Авто тээврийн үндэсний төв болон ЦЕГ-аас
хамтран “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.


Наймдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжлэх нэгдсэн
арга хэмжээний үеэр хөдөөнөөс хотыг зорих оюутнуудыг тээвэрлэх жолооч
нарт өндөр шаардлага тавих юм байна.

Юун түрүүн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон
тооноос олон хүн тээвэрлэхгүй байхыг онцгойлон сануулж байна. Түүнээс
гадна зорчигчдын зааланд гар тээшнээс бусад овор хэмжээ ихтэй ачаа
ачсан, бага оврын автобусан дээр ачаа ачиж тээврийн хэрэгслийн
тэнцвэржилтэд нөлөөлөх аюултай байдал үүсгэсэн бол жолоочид хариуцлага
тооцох ажээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл
жолоодох, хурд хэтрүүлэх, бүрэн бус, улсын үзлэг, оношилгоонд ороогүй
тээдрийн хэрэгслээр зорчихыг хатуу хориглож байгаа юм. Шөнийн цагаар
гэрэл шилжүүлээгүйгээс болон гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгогч
наагаагүйгаас осол аваар гарах нь олонтаа тохиолддогийг ч сануулсан
байна.

Наймдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 31-нийг хүртэлх
хугацаанд орон нутгаас ирэх оюутан, сурагчид, зорчигчдод үйлчлэхээр 55
чиглэлд, үндсэн графикийн дагуу 1740, нэмэлтээр 672, нийт 2412 тээврийн
хэрэгсэл гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хорь хоногт зам тээврийн ослоор 37 хүн нас барсан

Орон нутгийн замд зам тээврийн осол гарах нь эрс нэмэгдсэн байна. Энэ талаар Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэр­гэжилтэн ахлах дэслэгч Д.Төрбаттай ярилцлаа.

-Өнгөрсөн долдугаар сарын дунд үеэс хөдөө орон нутаг дахь зам тээврийн осол нэмэгдсэн гэх мэдээлэл гарсан байсан. Үүнээс яриагаа эхэлье?

-Долдугаар сарын 10-наас 31-ны хооронд Замын цагдаагийн газарт ослын шинжтэй 6100 гаруй дуудлага ирснээс 4400-гаад хэрэг дээр манай албан хаагчид ажиллалаа. Дээрх хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1500 гаруй жолоочийг саатуулж, учирч болох зам тээврийн ослоос урьдчилан сэргийлсэн. Урин дулааны улирал ирсэн учраас орон нутгийг зорих иргэд олширч, орон нутагт гарах зам тээврийн осол нэмэгдсэн. Тодруулбал орон нутгийн замд 25 ноцтой осол гарч, 37 хүн амь насаа алдсан. Ослын зонхилох шалтгаан нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй. Хөдөөд тавигдсан хатуу хучилттай автозамын зорчих хэсэг нарийн байдгаас гүйцэт түрүүлэх, бартаа саад тойрч гарахдаа хөвөө хэсгийн шороон замаар явах нь элбэг. Ийн тээврийн хэрэгслийн тэнхлэгүүд өөр өөр гадаргуу дээр явах үед хурдаа хасах, огцом тормозлох нь онхолдох гол шалтгаан болоод байна. Энгийнээр бол баруун урд болон хойд дугуй шороон зам дээр, зүүн урд болон хойд дугуй засмал зам дээр хурдтай явж байгаад тормозлоход хүндийн жин баруун урд төвлөрснөөр тэр чигт хазайж, улмаар онхолддог. Яагаад гэвэл шороон болон асфальт бетон хучилттай зам дээрх автомашины дугуйн барьцалтын коэффициент өөр. Үүнийг жолооч нар тэр бүр мэддэггүй. Дөрвөн хүний амийг авч одсон Хөвсгөлийн замд гарсан осол мөн л энэ шалтгааны улмаас гарсан. Ланд-200 маркийн автомашин хурд хэтрүүлэн гүйцэж түрүүлэх үедээ огцом тормоз гишгэсэн байгаа юм. Долдугаар сарын 19-ний 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, Улаанбаатараас 123 дахь км-ийн замд “Мицүбиши эйртрек” маркийн машин онхолдож, хоёр хүн нас барж, хоёр хүн гэмтсэн. Долдугаар сарын 14-нд 08 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг буюу автовокзалын замд “ниссан санни” маркийн машин онхолдож зорчиж явсан 24 настай эрэгтэй нас барсан. Долдугаар сарын 15-нд 19 цаг 20 минутын орчимд Дархан-уул аймгийн Хонгор сум орчимд “ланд-200” маркийн автомашин онхолдож, хоёр хүн нас барсан нь бүгд дээрх шалтгааны улмаас гарсан.

-Хөвсгөл аймгийн чиглэл дэх хатуу хучилттай автозамд олон ноцтой осол гарсан байсан. Саяхан ашиглалтад орсон, эвдрэл гэмтэл, энхэл донхолгүй шинэ замд яагаад олон осол гараад байгаа юм бол?

-Долдугаар сарын 13-нд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын хоёрдугаар багийн нутаг дахь Их сараалж хэмээх газар “тоёота королла” маркийн автомашин онхолдож хоёр хүн нас барж, гурван хүн бэртсэн. 17-нд Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоноос Мөрөнгийн чиглэлийн 10 дахь км-т “тоёота альфард” машин онхолдож, нэг хүн нас барж, нэг хүн гэмтсэн гэх зэрэг осол гарсан. Дээрх ослууд мөн л хурд хэтрүүлснээс үүдэлтэй. Тээврийн хэрэгслийн хурд хүч, ая тух эрс сайжирсан өнөө үед дийлэнх жолооч нар хотоос гараад давхих ёстой юм байна гэсэн ташаа ойлголттой байдаг. “Ланд Крузер-200” машин жолоодож яваа бол тогтворжилт сайтай учраас онхолдохгүй юм шиг эндүүрдэг. Угтаа бол орон нутгийн замд Улаанбаатар хот дотор тээврийн хэрэгсэл жолоодохоос илүү ур чадвар шаардагддаг. Мөн орон нутгийн замд 80 км-ээс дээш хурдалж болохгүй байтал жолооч нар хотоос гараад хурдны хязгааргүй мэт давхидаг. Зарим нь бүр хотоос гараад л хурдны зам мэт ташаа ойлгодог. Гэтэл хурдны зам гэдэг чинь шал өөр юм байхгүй юу. Зөвхөн нэг чигийн хөдөлгөөний өргөн 17 метр, гурваас дөрвөн эгнээтэй. Ингэхээр замын зорчих хэсгийн нийт өргөн хамгийн багадаа 34 метр гэсэн үг. Ийм зам Улаанбаатарт бүү хэл Монгол Улсын хэмжээнд байхгүй. Харин Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр Алтанбулагийн боомтоос Замын-Үүд хооронд Улаанбаатарыг дайруулан хурдны зам тавихаар яригдаж байгаа.

Орон нутгийн замд дан ганц автомашин гэлтгүй Хятадад үйлдвэрлэсэн мотоциклиос унаж олон ч идэр залуус амиа алдсаар байгаа нь харамсалтай. Өнгөрсөн сард хэд хэдэн ийм төрлийн осол гарсан.

-Тухайлбал?

-Долдугаар сарын 18-нд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Хонгорын дэрс гэдэг газарт хятадад үйлдвэрлэсэн мотоцикль унаж явсан 36 настай эрэгтэй Э онхолдож, нас барсан. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун хойш 22 км-т улсын дугааргүй, мөн л хятадад үйлдвэрлэсэн мотоцикль унаж яваад онхолдож, амиа алдсан. Мөн энэ сарын 2-нд шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт хэн болох нь тодорхойгүй нэгэн иргэн улсын дугааргүй, марк нь тодорхойгүй мотоцикль унаж яваад, осолдож амь насаа алдсан.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс халаасны онооны системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Энэ тухайд?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотой 20 гаруй хууль эрхзүйн баримт бичиг шинэчлэгдэж байгаа. Мөн жолооч нарыг зөрчил гаргасан тохиолдолд торгох, машиныг нь журамлах, эрхийг нь хасахаас өөр хариуцлагын шинэ тогтолцоо буюу “Халаасны оноо” гэсэн үнэлгээний системийг нэвтрүүлэхээр судалж байна. Өөрөөр хэлбэл жолооч бүр үзлэг оношилгоондоо хамрагдаж, өөрийн 100 оноогоо баталгаажуулна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргасан тохиолдолд оноо хасагдана. Ингэсээр оноо нь нэг жилийн дотор дуусвал жолоодох эрх тань шууд хасагдана гэсэн үг. Хэн ч гэсэн олон дахин зөрчил гаргаж, халаасны оноогоо дуусгахыг бодохгүй учраас жолооны ард суухдаа торгуулаад өнгөрөх юм чинь яахав гэж бус олон дахин зөрчил гаргавал эрхээ ч хасуулж магадгүй гэсэн нэг талаас айдас, нөгөө талаас хариуцлагатай болно гэсэн үг. Өнөөдөр бол зөвшөөрөлгүй газар хэдэн удаа ч машинаа байршуулсан бай, торгуулиа төлөөд журмын хашаанаас авчихдаг. Харин Япон, Солонгос зэрэг оронд ашигладаг дээрх үнэлгээний системийг хэрэглээд эхэлбэл тухай бүрт 20 оноо хасагдлаа гэж үзвэл таван удаа машинаа ачуулаад л үнэмлэхээ хураалгана. Энэ бол жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх маш үр дүнтэй арга.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Маргааш Чингисийн талбайд 500 лам ном хурна

Маргааш өглөө 06:00-08:00 цагийн хооронд
Чингисийн талбайд “Даншиг наадам-Хүрээ цам”-д оролцох 500 лам
нийслэлийн иргэд, сүсэгтэн олонд зориулж ном хурна. Энэ үеэр Итгэл,
Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол,
Ногоон Дарь Эх, Цагаан Дарь Эх, Шашин дэлгэрэхийн ерөөлийг айлдах юм.

Мөн энэхүү арга хэмжээнд оролцох иргэдэд
Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг,
Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн
нийт 12 суурьшлын цэгээс 24 тээврийн хэрэгсэл өглөөний 05:30, 05:45
цагаас Чингисийн талбай руу үнэгүй үйлчилгээ үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Эрээн-УБ-ын чиглэлд хурдтай галт тэрэг явна

Монгол
Улс анх удаа Эрээний боомтоос цааш автомашинаар туршилтын тээвэр
хийхээр болсон талаар Зам тээврийн яамнаас мэдэгдлээ. БНХАУ-тай хамтран
хийх туршилтын тээвэрт Монголын талаас тав, Хятадын талаас таван
автомашинаар Улаанбаатар-Тянжин чиглэлд тээвэрлэлт хийхээр төлөвлөжээ.
Үүнтэй холбоотойгоор урд хөршөөс холбогдох албаныхан Монголд хүрэлцэн
ирээд байгаа юм байна. Ийнхүү хоёр орны дамжин өнгөрөх тээврийн
асуудларх хамтын ажиллагаанд ахиц гарч эхэлнэ гэж салбар яамнаас нь
тодотголоо.

Үүнээс гадна БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын
эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, худалдаа, хамтын ажиллагааны
асуудлаар Эрээн хотод гурван тал чуулах юм байна. Үүгээр авто замын
боомтын шуурхай нэвтрүүлэхийг эрчимжүүлэх, боомтын бараа эргэлт, хяналт
шалгалтыг хөнгөвчлөх зэрэг худалдаа, тээвэртэй холбоотой асуудлыг
хөндөхөөр болжээ.
Төмөр замын салбарт харин тарифын
өөрчлөлт мөрдөгдөж эхлээд буй энэ үед Эрээн-Улаанбаатар чиглэлд хурдны
галт тэрэг явуулахаар төлөвлөснөө Улаанбаатар төмөр замын дарга
Л.Пүрэвбаатар мэдэгдлээ.
Энэ сар гарснаар чулуун нүүрс болон
экспортын нүүрс, автомашин, унадаг дугуй, мотоцикл зэрэг тээврийн
хэрэгсэл, ХАА-н механизм, тэдгээрийн эд анги, Жонш, жоншны концетрат
зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх тариф тус бүр
10 хувь нэмэгдэх талаар шийдвэрийг Ерөнхий хорооны хурлаар гаргаад
байгаа юм. Ингэснээр Орон нутгийн нүүрсний тээврийн тариф хүчингүй болж
байна.
Цаашид УБТЗ нийгэмлэг нь тээврийн
чанарыг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулах болж, Монгол Улсыг дамжин
өнгөрөх хурдны галт тэрэгний боломжит маршрутыг судалж байгаа юм байна.
Энэ хүрээнд Эрээн-Улаанбаатар хотын хооронд 200 км/цаг-ийн хурдтай
хурдны галт тэрэг явуулахаар төлөвлөжээ. Харин агаарын тээвэрлэгч “МИАТ”
компани зах зээлийн эрэлт дээр тулгуурлан есдүгээр сард Берлин,
Франкфурт хот руу нэмэлт нислэг үйлдэхээр болсон байна. Энэ удаад холын
нислэгийг Москва хотоор дамжихгүйгээр, шууд эцсийн чиглэлд үйлдэнэ
гэдгээр онцлог гэдгийг салбарын яамнаас тайлбарлалаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Японы хамтарсан бизнес форум болно

Хүнс, хөдөө аж ахуйн яам Япон улсын
Шизүока мужтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр
орны “Бизнес форум”-ыг өнөөдөр болно.

Наймдугаар сарын 7-ны 13.00 цагаас
ХХААЯ-нд болох уг форумд Японы талаас хүнс, гадаад худалдаа, хөдөө аж
ахуйн зөвлөгөө, махны худалдаа, үл хөдлөх, хог хаягдал, эмнэлгийн тоног
төхөөрөмж, бордоо үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүч, ногоон цайны
үйлдвэрлэл, халамж өндөр настны асрамжийн газар, шашны эд зүйлийн
худалдаа, чандар оршуулгын зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж
ахуй нэгжүүд оролцох юм.

Бизнес форумд японы талаас 13 аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна.

Categories
мэдээ спорт

Б.Ойдовчимэд аваргын төлөө барилдана

“Сараево-2015” өсвөрийн жүдочдын дэлхийн
аварга шалгаруулах тэмцээн Босни-Герцеговин улсын Сараево хотноо
өчигдөр эхэлсэн билээ.

Тэгвэл эмэгтэйчүүдийн
40 кг-ын жинд Баасансүрэнгийн Ойдовчимэд аваргын төлөө барилдахаар
боллоо. Тэрбээр хагас шигшээд Румыний бөхтэй барилдаж, үндсэн цагт
үнэлгээ тэнцэж, нэмэлт цагт торгуулиар учраагаа ялснаар аваргын төлөө
барилдах эрхтэй болсон байна. Тэрбээр аваргын төлөө ОХУ-ын Ольга
Борисоватай барилдана.

Харин эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Баянмөнхийн Нармандах Италийн бөхөд
ялагдаж хүрэл медалийн төлөө Бразилийн бөхтэй барилдахаар болжээ.