Categories
мэдээ спорт

Өсвөрийн хөлбөмбөгчдийн фестивальд Монголын дөрвөн баг өрсөлдөнө

Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн гурав дахь удаагийн фестиваль өнөөдөр БНСУ-ын Ансон хотод эхэлж байна.

Тэмцээний 12 хүртэлх насны ангилалд БНСУ-ын 19, Монголын дөрөв, БНХАУ-ын хоёр, Тайланд, Зүүн Тимор, Палестин, Балба, Камбож, Афганистан, Узбекистан, Пакистан, Энэтхэг, Бангладеш, Лаос, Тажикистаны тус бүр нэг, нийт 37 баг өрсөлдөх юм.

Монголын багууд ямар хэсэгт хуваарилагдсаныг сонирхуулъя.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг нэгдүгээр хэсэгт БНХАУ-ын “Yinhe,” Пакистаны шигшээ баг, БНСУ-ын “Mokpo Yeonsan”, “Eunji”-тай,

“Хараацай” клуб тавдугаар хэсэгт Камбожийн шигшээ баг, БНСУ-ын “Sihueng”, “IDS Football Class”, “Phoenix”-тэй,

“Хүчит Чулуут-ДМЮ” зургаадугаар хэсэгт Узбекистаны алдарт “Пахтакор”, БНСУ-ын “Giovanni”, “Juyeon”, “J Soccer”-той,

Сүхбаатар аймгийн шигшээ баг долоодугаар хэсэгт Тажикистаны шигшээ баг, БНСУ-ын “Buyong”, “FCCT.T.S”, “Sangin”-тай хуваарилагдав. Баг тус бүр өнөөдөр хоёр тоглолт хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Малайзад Консулын газраа нээлээ

Монгол Улс Малайз Улсын нийслэл Куала Лумпур
хотноо Консулын газартай боллоо. Консулын газрын нээлт наймдугаар сарын 6-ны
өдөр болсон бөгөөд нээлтэд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцжээ.
Тэрбээр Консулын газрын нээлтэд оролцохын сацуу Малайз Улсад суугаа
Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзсан байна. Сайд Л.Пүрэвсүрэн АСЕАН-ы
бүсийн чуулга (АРФ)-ны Сайд нарын 22 дугаар уулзалтад оролцож явах зуураа ийн
шинэ Консулын газрын туузыг хайчилжээ.

Монголчуудын эрх зөрчигддөг орны тоонд
Малайз улс дээгүүр жагсдаг. Тус улсад Монголын цөөнгүй иргэн амь насаа
алдаж, халдлагад өртөж байсны олонх нь охид бүсгүйчүүд юм. Тиймээс манай улс
өөрийн гэсэн Консулын газартай болсноор иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад илүү
дөхөм гэж ажиглагчид дүгнэж байна.

Categories
мэдээ спорт

Соёолон насны морьд гарааны зурхайгаас хөдөллөө

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа Даншиг наадам-Хүрээ цам -2015 наадам өнөөдөр албан ёсоор эхэлсэн. Шашин, соёлын энэхүү наадам хоёр өдөр үргэлжлэх юм.

Соёолон насны хурдан морьдын уралдаанд газар газраас ирсэн 112 гаруй соёолон гарааны зурхайгаас хөдөллөө. Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн алба хаагчид гараа, барианы зурвасыг хамгаалан ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Эрээн-Улаанбаатар чиглэлд 200 км/ц хурдтай галт тэрэг үйлчилнэ

Монгол Улс анх удаа Эрээний боомтоос цааш автомашинаар туршилтын тээвэр хийхээр болжээ. БНХАУ-тай хамтран хийх туршилтын тээвэрт Монгол, Хятадын талаас тус бүр таван автомашин Улаанбаатар-Тянь жин чиглэлд тээвэрлэлт хийхээр төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор урд хөршийн холбогдох албаныхан Монголд хүрэлцэн ирээд байгаа юм байна. Хоёр орны дамжин өнгөрөх тээврийн асуудлаарх хамтын ажиллагаанд ахиц гарч байна хэмээн салбарынхан үүнийг дүгнэж байна.

Үүнээс гадна БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, худалдаа, хамтын ажиллагааны асуудлаар Эрээн хотод гурван тал чуулах гэж байна. Үүгээр авто замын боомтын шуурхай нэвтрүүлэхийг эрчимжүүлэх, боомтын бараа эргэлт, хяналт шалгалтыг хөнгөвчлөх зэрэг худалдаа, тээвэртэй холбоотой асуудлыг хөндөхөөр болжээ. Цаашид УБТЗ нийгэмлэг нь тээврийн чанарыг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Тухайлбал, Монгол Улсаар дамжин өнгөрөх хурдны галт тэрэгний боломжит маршрутыг судалж байгаа аж. Энэ хүрээнд Эрээн-Улаанбаатар хотын хооронд 200 км/цаг-ийн хурдтай хурдан галт тэрэг явуулахаар төлөвлөжээ. Харин агаарын тээвэрлэгч “МИАТ” компани зах зээлийн эрэлт дээр тулгуурлан есдүгээр сард Берлин, Франкфурт хот руу нэмэлт нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Энэ удаад холын нислэгийг Москва хотоор дамжихгүйгээр, шууд эцсийн чиглэлд үйлдэхээрээ онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн 2000 албан хаагч бэлэн байдалд ажиллаж байна

“Даншиг наадам-Хүрээ цам-2015” шашин, соёлын наадам өнөөдөр Хүй долоо худагт болж байна. Өнөөдөр 2000 орчим цагдаагийн албан хаагч наадамчин олны аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа аж. Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ.

Categories
мэдээ спорт

Н.Түвшинбаяр нэг давлаа

Булган аймгийн Сайхан сумын харьяат Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглож байна.

Тэрбээр нэгийн даваанд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат У.Мөнхчулуунтай сугалаа тааран барилдаж, учраа бөхөө давав. Нэг давсан бөхчүүд хоёрын даваанд мөн сугалаагаар барилдана.

Categories
мэдээ спорт

Олон улсын байт харвааны тэмцээн болж байна

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, дэлхийн
аварга, гавъяат тамирчин Д.Дэмбэрэл, Баянцагаан сумын уугуул, Гавьяат
дасгалжуулагч Ц.Жамъяансүрэн асаны нэрэмжит олон улсын байт харвааны
тэмцээн Зуунмод хотод болж байна.

Тэмцээнд ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Хөх хот,
Монголын шигшээгийн 80 гаруй тамирчин 4 өдрийн турш ур чадвараа сорьж энэ
сарын 8-нд дүнгээ гаргана. 1993 оноос хойш 22 дахь жилдээ болж буй уг
тэмцээнийг Монголын байт харваан холбоо, Биеийн тамир, спортын газар хамтран
зохиож байна. Тэд тус аймгаас тив, дэлхийд түрүүлсэн олон тамирчин
төрсөн тул,цаашид энэ төрлийн спортод амжилт гаргах бүрэн
боломжтой хэмээн үзэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдээр зуун айлын замыг хаана

Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор наймдугаар сарын 8-наас 10-ны хооронд дараах авто замыг түр хугацаагаар хаана.

Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, 100-н айлын авто замыг наймдугаар сарын 9-ний 22:00 цагаас 10-ны 08:00 цаг хүртэл хааж бохир усны шугам засварлана.

Мөн 120 мянгатын уулзвараас Их Монгол Улсын гудамж хүртэл замыг наймдугаар сарын 8-ны 22:00 цагаас 10-ны 08:00 цаг хүртэл хааж дулааны магистраль шугамын угсралтын ажил хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Даншиг наадмаар унзад голч нарын тэмцээн болов

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам -2015” наадам Хүй долоон худагт болж байна. Наадмын хүрээнд лам нарын дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн өрнөж байгаа аж. Сонирхуулахад балин, тосон урлалын тэмцээн өнөөдөр болсон юм. Балин гэдэг нь хуурч болгосон арвайн гурилаар хийж бурхны өмнө тавих суварган, гурвалжин цац хэлбэртэй өргөлийн идээ юм. Балин өргөснөөр гадна дотны саад тотгор, хэрүүл тэмцэл, дайсан тотгор, өвчин зовлон, ган зуд тэргүүтэн эс зохилдох шалтгаан бүгд амирлуулж нас буян хайрлана хэмээдэг. Мөн унзад, голч нарын тэмцээн болсон. Хурал уншлагын зан үйлийн гол тушаалтан бол унзад, голч нар байдаг аж.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос цагаа 30 минутаар ухраахаар болжээ

Хойд Солонгосын эрх баригчид өөрийн цагийн бүстэй
болж, одоо хэрэгжиж байгаа цагаа 30 минутаар ухраах болсноо зарласан байна. Одоогоор Хойд, Өмнөд Солонгос,
Япон улсууд нь нэг цагийн бүсэд буюу GMT+9 (Гринвичийн цагаас 9 цагийн урд)
гэсэн цагийн бүсэд байдаг юм. Гэхдээ
энэ цагийн бүсийг хоёр Солонгос нэгдмэл, Японы бүрэлдэхүүнд байх үед (1910-1945
он) шийдэж байж. Хойд Солонгочууд ийнхүү “Пьёньяны цаг” гэсэн өөрийн шинэ
бүстэй болсноор Японы колончлолын үеэс өвлөж үлдсэн ёсоос салж байгаагаа давхар
харуулж байгаа гэнэ. Шинэ
цагийн бүс наймдугаар сарын 15-наас буюу Солонгосыг Японы колончлолоос
чөлөөлсний 70 жилийн ойн өдрөөс хэрэгжиж эхэлнэ.