Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Мөнх-Оргил: “Fugees” хамтлагийн дуучин Lauryn Hill-тэй Америкийг тойрон тоглолт хийж байлаа

Ардын жүжигчин
Цогзолмаагийн зээ, ардын жүжигчин Н.Сувдын хүү, дууны найруулагч, гитарчин Т.Мөнх-Оргилтой
ярилцлаа.

-Ардын жүжигчин Л.Цогзолмаа
гуайн зээ, ардын жүжигчин Н.Сув­дын хүү гитарчин Т.Мөнх-Оргил гэж хэлэхэд сонир­холтой
сонсогдож байна. Жүжигчний мэргэжил сон­гоход илүү ойр байгаагүй хэрэг үү?

-Ээжийн талынхан бараг бүгд урлагийн
амьдрал хөө­сөн хүмүүс байдаг. Эмээ, ээж хоёр жүжигчин. Харин нагац эгч Ганчимэг
маань Хөгжим бүжгийн коллежид ажилладаг. Мөн ээжийн бага дүү “Инээмсэглэл” хамт­лагийн
дуучин Ганхуяг ах байна. Ерөнхийдөө дандаа л урлагийн чиглэлээр явсан хүмүүс дээ.
Бат-Оргил ах “Ганхуяг ахын гитар тог­лохыг хараад л тогломоор санагдсан” гэж ярьдаг.
Тэгээд ах ч “Аж богдын харуул” гээд дуулаад, гитар тоглоод л. Миний хувьд ахынхаа
гитар тоглохыг хараад, дуурайгаад их л сонирхолтой санагддаг байсан. Ингээд нэг
мэдсэн жүжигчнээс илүү гитар руу хальтраад орчихсон доо.

-Хөгжмийн мэргэжил сонгоход
гэрийнхэн тань хэрхэн хүлээж авч байв?

-Намайг анх гитар хөгжмийг сонгоод
сургуульд суралцах гэж байхад гэрийнхэн чи хөгжмөөр явж яах гэсэн юм бэ гэдэг байсан.
Тэгээд дуртай юм болохоор яалт ч үгүй хүлээн зөвшөөрсөн дөө. Одоо бол сайхан мэргэжил
эзэмшээд эзэн болоод л явж байна.

-Америкт гитарын чиг­лэлээр сургуульд сурсан гэсэн?

-АНУ-ын Виржиниа мужийн Редфордын их сургуульд суралцаж гитар, хөгжмийн
бизнес, дууны инженер гэсэн гурван чиглэлээр бакалаврын зэрэг авсан. Сургуулиа төгс­сөнийхөө
дараа жил гаруй Нью-Йорк хотод бичлэгийн студид мэргэжлээрээ ажил­лаж байлаа. Дараа
нь бу­цаж сургуульдаа очиж ма­гистрын зэрэг хамгаалсан. Магистрынхаа зэргийг бол
яг цэвэр гитарын тоглолтоор хамгаалж байсан юм. Тэгээд буцаж Нью-Йорк руу нүүж очоод
арай өөр мэргэжлээр буюу бичлэгийн студид биш ерөнхийдөө амьдаар тоглох хамтлаг,
уран бүтээлчидтэй хамтарч ажилласан даа.

-Яг гитар хөгжмөөр га­­даадад мэргэжлийн сур­гуульд суралцсан хүн Мон­голд
өөр байдаг уу?

-Сайн мэдэхгүй юм. Орос зэрэг оронд явсан хүн байдаг байлгүй дээ.

-Тэндээ ямар хүмүүстэй хамтарч ажиллаж байв?

-Би таван Грэммитэй хү­мүүстэй гитар тоглодог байлаа. Мастерынхаа зэргийг
хам­гаалсны дараа аялан тог­лолтын ажлаар “Fugees” хамтлагийн дуучин Lauryn
Hill-тэй Америкийг тойрон тоглолт хийж байсан юм. Бу­сад орнуудад ч тоглолтод явж
байсан.

-Америкаас хэзээ ирсэн бэ?

-Америкт 2000-2012 оны хооронд сурч, ажиллаж, амь­дарсан. 2013 онд эх орондоо
ирсэн.

-Нью-Йоркод ажиллаж байгаад яагаад хүрээд ирсэн юм бэ. Алдартай хүмүүстэй
ажиллаж, том хотуудаар тоглолт хийхэд оролцоод явах сайхан биш үү?

-Аялан тоглолтоор их явдаг байсан тухайгаа ярьсан шүү дээ. Жилд доод тал
нь зургаан сар аялан тоглолтоор явчихдаг байлаа. Бразил ч юмуу эсвэл Америкийг тойроод
яв­чихна гэсэн үг. Ингээд яваад байхаар гэр бүлийн амьдрал бэрхшээлтэй болж эхэлдэг.
Эхнэртэйгээ хамт байх цаг багасна. Тэгээд л “White Arch” студийн захирал Батсуурь
ахыг Монголд ажиллах санал тавихад нь хүрээд ирсэн дээ. Ерөнхийдөө арав гаруй жил
эх орондоо ирээгүй байсан. Иймээс гэр бүлийнхэнтэйгээ ойр байя гэсэн бодол төрсөн.
Бас эхнэртэйгээ өдөр болгон нэг хотод ажиллаж, орой бүр гэртээ харина гэдэг гоё
шүү дээ.

-Одоо яг ямар ажил хийж байна?

-“White Arch” студийн ерөн­хий продюссер, хөгжмийн найруулагчаар ажиллаж
бай­на. Манайх киноны ажил их хийдэг. Одоо “Single Ladies 2” киноны дуу авалтан
дээр явж байгаа. Дараа нь би хөгжмийн зохиолчоор ажиллана. Мөн “White Arch”-ын хажуугаар
би өөрөө “The library records” студиэ байгуулж байгаа. Энэ студиэрээ дамжуулж амьд
хөгжмөөр гарч ирж байгаа шинэ хамтлагуудыг дэмжиж ажиллана. Шинэ хамтлаг ч гар­­гаж
ирэхээр ажиллаж байна.

-Хамтлагуудыг их удаан бэлдэж байж гаргаж ирдэг гэдэг?

-Тэгэлгүй яахав. Миний анх яг эхлээд гаргаж ирж байсан “The colours” хамтлаг
бай­на. Надтай гурав дахь жил­дээ ажиллаж байгаа. Одоо хоёр дахь цомгийнхоо ажил
дээр ажиллаж байна. Ерөн­хийдөө одоо яг том алхмаа хийх гэж байгаа гэж болно.

-Та өөрөө аль нэг хамтлагт тоглож байна уу?

-Би бол гитарист. Ерөн­хийдөө чөлөөт уран бүтээлч гэж явдаг. Дуучин Б.Сарантуяа,
С.Наран, “3 охин”, “Никитон” гээд дандаа артиструудтай хамтарч гэрээгээр тоглодог.

-Яагаад амьд хөгжмийн хамтлаг бэлтгэх болсон юм бэ?

-Би “Жакал”, “Scream” гээд амьд хөгжмийн хамтлагуудтай уран бүтээлээ анх
эхэлж байсан. Тэгээд яг одоо харж байхад миний байсан үеэс амьд хөгжмийн хамтлагуудын
уран бүтээлээ туурвих нөхцөл нь илүү сайн болоогүй байна. Наад зах нь бэлтгэл хийх
байр олдохгүй байх явдал байна шүү дээ. Тиймээс л амьд хөгжмийн залуу хамтлагийг
дэмжиж ажиллах зорилготой.

-Хамтлагаа “Play time”-д оруулсан уу?

-Тийм. “Play time”-д орол­цоод шилдгээр тодорсон. “The colours”-оос гадна
хоёр, гурван хамтлаг гэрээ байгуулах шатанд явж байгаа.

-Дээр “Single ladies 2” кинон дээр ажиллаж байгаа гэж ярьсан. “Мандухай
сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэдэг ч юм уу хуучны кинонуудын хөгжим
тухайн цагт тийм ая байсан мэт мэдрэмж төрүүлдэг. Харин манай сүүлийн үеийн кинонуудын
хөгжмийг тааруухан хийдэг болсон гэж шүүмжлэх хүн бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Бүгд муу гэж хэлж болох­гүй л дээ. Гоё хөгжим олон л байна. Мөн хэцүүхэн
юм ч бий. Миний анзаарч байгаагаар бол ихэнх киноны хөгжим цөөхөн зохиолч дээр оччихдог
юм билээ. Тэгэхээр хөгжмүүд нь хоорондоо адилхан болох магадлал их л дээ. Өөр өөр
олон хүнээр хийлгэж байж л төрөл бүрийн өнгө аяс, жанртай болно. Миний яг одоо зориод
ажиллаж байгаа зүйл бол хөгжим хийгээд дүрсэн дээр тавьчих биш харин хөгжим дээрээ
дөрөөлж монтажаа хийх, эмоцийг хөгжмөөр илүү сайн гаргаж өгөх юм. Түүнээс гадна
киноны дуугаралт дээр маш их анхаарч ажилладаг. Манай кинонууд дээр хүмүүс хоорондоо
аяархан ярьж байгаад гэнэт орилдог цочмоор хэсгүүд гардаг шүү дээ. Тэгвэл түүнийг
өөрчилж дуугаралтуудыг ерөнхийд нь яг дэлхийн стандартад аваачих ажил хийж байна.

-Хөгжмийн найруулагч гэдэг арын албанд мэдэг­дэх­гүй өнгөрдөг ажил. Ту­хайлбал, “Сонор”-ын Б.Халиун гэхэд СТА цол
тэмдэгтэй. Харин найруулж ажилласан дууг нь дуулсан хүмүүс бараг цөм гавьяат болчихсон.
Үүнийг юу гэж бодож байна?

-Хийж байгаа зүйлдээ хүн сэтгэл ханамжтай, баяр­тай байвал бусад нь дараачийн
асуудал гэж би боддог. Хөгж­мийнхөн дундаа Халиуныг мэдэхгүй хүн байхгүй шүү дээ.
Өөрийнхөө хийж байгаа зүйлд дуртай, хайртай байвал тэгээд л болоо шүү дээ.

-Монголдоо ирээд гурван жил өнгөрсөн юм байна. Хэр тохижсон бэ. Гэр бүлийн
хүн чинь хаана ажилладаг вэ?

-Тохижилгүй яахав. Ма­най эхнэр Триша одоо Америкийн худалдааны танхимын
гүйцэтгэх захирал хийж байгаа.

-Монгол хэлээр хэр сайн ярьж байна?

-Яахав таксинд суугаад, өөрийгөө ойлгуулаад хүрэх гэсэн газар луугаа явахтайгаа
шүү. (инээв)

-Гадаад хүнтэй суухад гэрийнхэн тань хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Сайхан хүлээж авсан. Гэхдээ гэр бүлийнхээ талаар сонинд яриад хэрэггүй
байх гэж бодож байна.

-Эхнэртэйгээ хэрхэн та­нилцаж байсан бэ?

-Бид хоёр нэг сургуулийн бакалаврын ангийн бие биенээ таньдаг оюутнууд байсан
л даа. Манай хүн олон нийттэй харилцах харилцааны мэр­гэжилтэн. Харин би бака­лаврынхаа
ангийг дүүргээд ажиллаад явчихсан. Эхнэр маань үргэлжлүүлээд шууд магистрт орсон
юм билээ. Би нэг жилийн дараа эргээд магистрт суралцсан. Тэр үедээ л үерхэж эхэлсэн
дээ. Тэгээд гэрлээд хүүтэй болсон.

-Энэ зун ой, бүсийн наадам ихтэй байлаа. Амарч наадамд явав уу?

-Амрах боломж гарсангүй. Ерөнхийдөө ажил ихтэй бай­лаа. Тэгж байгаад дараа
зунаас амрах боломж олдох байх аа.

-Морь, бөхөд дуртай юу?

-Сонирхолгүй яахав. Гэх­дээ наадмаар бөх гэхээс илүү голын эрэг дээр загас
бариад явж байх дуртай даа.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Японы компаниуд үндэсний үйлдвэрлэгчдэд ингэж зөвлөлөө

Хүнс хөдөө аж ахуйн яам болон Аж үйлдвэрийн яамнаас Япон улсын Шизүока мужтай хамтарсан “Бизнес форум”-ыг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү бизнес уулзалтад Японы Шизүока мужийн гадаад худалдаа хөрөнгө оруулалт, хүнсний болон газар тариалангийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл, хог хаягдлын боловсруулалт, цахилгаан эрчим хүч, өндөр настны асрамжийн үйлчилгээ, шашны эд зүйлийн худалдаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20-иод аж ахуйн нэгж оролцсон бөгөөд тэдэнтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Монголын компаниудын төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Тус “Бизнес форум” ижил төстэй бусад уулзалтуудаас илүү өвөрмөц, үр дүнтэй болсон гэдгийг онцлох нь зүйтэй.

Тусгайлан зассан танхимд хоёр орны хэдхэн дарга нар суучихаад, өөдөөс нь харан суух Монголын бизнес эрхлэгчдэд баахан хууль дүрэм, стандарт ярьж, болж бүтэхгүйн саад тотгорыг тоочиж байгаа болов уу гэсэн бодол тээсээр ХХААЯ ортол тэс өөр дүр зураг угтлаа. Томоо гэгчийн танхимд 10 гаруй ширээг дугариг хэлбэрийн болгож засаад, ард нь Шизүока мужийн аж ахуйн нэгжүүдийн захирал, дэд захирал, менежер дарга нар өөрсдийн орчуулагчийн хамт суужээ. Харин Монголын компаниудын төлөөлөл тэдний өөдөөс харж сууж байгаад зөвлөгөө авч, бүтээгдэхүүнээ Японд экспортлох эсвэл хамтарч ажиллах гарц эрэлхийлэхийн сацуу зарим нь хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаагаа дуулгаж байгаа харагдлаа. Зөвлөгөө авахаар суусан хүний ард, ширээ болгоны өмнө хамгийн багадаа дөрвөөс таван хүн дугаарлан зогсож байгаа харагдлаа. Тэд бүгд өөрсдийн үүсгэн байгуулсан компанийнхаа цаашдын үйл ажиллагааг өргөтгөх, гадаад харилцаагаа тогтворжуулах, Японд бүтээгдэхүүнээ экспортлох хүсэл сонирхолтой хүмүүс байлаа. Тэдэн дотроос хог хаягдал дахин боловсруулах, хүнсний бүтээгдэхүүний борлуулалт, түгээлт болон газар тариалангийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл худалдааг иргэд түлхүү сонирхож байлаа.

Японы “Well be food system” бол хүнсний бүтээгдэхүүний олон улс дамнасан борлуулалт, түгээлтийг хариуцан ажилладаг олон жилийн туршлагатай компани аж. Тус компанийн ерөнхий захирал Фүрүтани Хироёши “Хөвсгөл-Их тайга” компанийн гүйцэтгэх захирал Ц.Амгаланхүү нар уулзалдаж байхтай таарав. “Хөвсгөл-Их тайга” компани 1995 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд энэ хугацаанд дугуй булантай ногоон цайнаас өгсүүлээд бөөр, элэг, зүрх зэрэг эрхтний үйл ажиллагааг дэмжих цай, халгайны зутан шөл, хар ямааны бэлдмэл, савласан аарц, чацарганы сироп, даршилсан жимс, үсний лосьон зэрэг 40 гаруй нэр төрлийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. “Хөвсгөл-Их тайга” компанийнхан өөрсдийн бүтээгдэхүүнийг Япон руу экспортлох боломжийг эрэлхийлэн энд иржээ. “Хөвсгөл-Их тайга” компанийн гүйцэтгэх захирал Ц.Амгаланхүү “Манай бүтээгдэхүүнүүд цэвэр байгалийн гаралтай, чанартай учраас Япон руу гаргасан тохиолдолд богино хугацаанд үйлчлүүлэгчидтэй болж чадна гэдэгт итгэлтэй байна. Австрали, Америк зэрэг орон руу хувь хүмүүс өөрсдөө болон ойр дотныхондоо хэрэглүүлэхээр бага хэмжээгээр авч явдаг. Тэд үнэхээр ам сайтай байгаа. Гагцхүү хэрхэн яаж албан ёсоор экспортлох тал дээр танай компаниас зөвлөгөө авах гэсэн юм” гэвэл “Well be food system” компанийн захирал Фүрүтани Хироёшиго “Монголын хүнсний үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнийг цэвэр байгалийн гаралтай гэдгийг аль эртнээс мэднэ. Тиймээс Японд гаргасан тохиолдолд дорхноо худалдан авагчтай болчихно гэдэгтэй би ч гэсэн санал нэгдэж байна. Хамгийн гол нь байгалийн гаралтай органик чанарыг нь олон улсын лабораториос баталгаажуулсан байх шаардлагатай. Монголд одоогоор олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хүнсний шинжилгээ хийгддэггүй учраас бүтээгдэхүүний дээжийг Японд шинжлүүлж болно. Үүнд чамгүй мөнгө зарцуулагдах учраас өөр арга сүвэгчлэх хэрэгтэй. Байнга холбоотой байж, та бүхэн эндээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээг хаана хэрхэн хямдаар өгч болохыг судал, бид тэнд танай хүнсний бүтээгдэхүүний дээжийг зардал багатайгаар шинжлэх арга замыг олохыг хичээе” хэмээн нэрийн хуудсаа солилцлоо.

Тэдний хажууханд Японы үйлдвэрийн хог хаягдал цэвэрлэгээний компанийн менежер Нитоү Ёшихидэ “Маргад эрхи” компанийн захирал Л.Батжаргалтай уулзаж байлаа. “Маргад эрхи” компани хаягдал шил боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийдэг бөгөөд өдгөө тоног төхөөрөмжөө суурилуулаад, 100 мянган тонн түүхий эд цуглуулчихсан байгаагаа дуулгасан юм. Ийн үйлдвэрлэлээ эхлүүлэх гэтэл эргэлтийн хөрөнгөгүй болчихсон аж. Учир нь тэдний үйлдвэрлэсэн замын бордиур зарагдахгүй байгаа гэнэ. Чанарын хувьд экспортын бүтээгдэхүүнээс хол илүү ч санхүүгийн хямралаас үүдэн замын ажил удаашрах болжээ. Хэрэгжиж буй ганц нэгхэн замын төсөлд бордиураа борлуулах гэтэл аль хэдийн хятадын компанитай гэрээ хийчихсэн эсвэл хэтэрхий бага үнэ санал болгодог байна. Тэгэхээр нь цэцгийн сав, дурсгалын хөшөө зэргийг дан ганц шил гэлтгүй өөр бусад төрлийн хаягдал ашиглан хийжээ. Гэсэн хэдий ч борлуулалт тааруу байгаа гэнэ. Иймээс Л.Батжаргал шинэ технологи судлахаар өнгөрсөн жил Японд очжээ. Тэнд хаягдал шилийг боловсруулаад замын бордиур, асфальт доогуур дэвсдэг чийг нэвтрүүлдэггүй хавтангаас гадна хөрсний чийгийг хэвийн түвшинд тогтоон барих тусгай нунтаг бодис хүртэл гаргаж авах технологийг судлаад иржээ. Үүнийг эх орондоо нэвтрүүлэх гэтэл гурван сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлага­тай байгааг тэрээр учирлав. Тэрээр “Хятад, Орост ч нэвтрээгүй тус технологийг эх орондоо оруулаад ирэх юм бол газар тариалангийн салбарт асар дөхөмтэй. Хаягдал шил болон бусад материал ашиглан дээрх нунтаг бодисыг гаргаж авах юм. Ингээд тариалангийн талбайд цацсан тохиолдолд үер болоход тариа урсахгүй, ган болоход хуурайшиж үхжихгүй. Өөрөөр хэлбэл их хэмжээний бороо орвол энэ бодис усыг өөртөө шингээнэ. Хурц нар гарсан үед өөртөө шингээсэн чийгээ газарт унагана. Хэрэв энэ технологи үнэхээр үр ашигтай нь батлагдвал төрөөс уг төслийн санхүүжилтийн хөрөнгийн 70 хувийг буцаан олгоно гэсэн. Түүнээс биш шууд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гээгүй. Ингээд л эргэлтийн хөрөнгөгүй гацчихаад байна. Ашиглаагүй тоног төхөөрөмж, хэрэглээгүй 100 мянга гаруй түүхий эд л хашаанд хэвтэж байна” гэсэн юм. Харин Нитоү Ёшихидэ “Монголд төр, худалдан авагч, үйлдвэрлэгч гэсэн гурвалсан холбоог сайжруулахын тулд дахин боловсруулсан бүтээгдэхүүн чанаргүй гэсэн нийтлэг сөрөг ойлголтыг хог хаягдлыг дахин боловсруулж, эх дэлхийгээ цэвэрлэж байгаа гэх эерэг болгож өөрчлөх хэрэгтэй. Мэдээж чанарын хувьд сайн гэдгийг ойлгуулах ёстой. Манай компанийн зүгээс гурван сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулах тал дээр судалъя” гэсэн юм. Түүнчлэн “Цогц шийдэл” компани Японы үйлдвэрийн хог хаягдал цэвэрлэгээний компанид өөрийн ажилчдаа дадлагажуулах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд хоёр тал хэдэн хүнийг, хэр удаан хугацаанд сургахаа тодорхой болгосны дараа эргэн холбоо барихаар болов.

“Мөнх тулга” компанийн захирал Л.Жаргал газар тариалангийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Ийда Юпитер” компанийн ерөнхий захирал Ийда Рёоичирогоос зөвлөгөө авсан юм. “Мөнх тулга” бол уул уурхайн нөхөн сэргээлт, үрсэлгээний компани бөгөөд Японы тоног төхөөрөмж чанартай гэх үүднээс тус уулзалтыг зорин иржээ. “Ийда Юпитер” компанийн ерөнхий захирал Ийда Рёоичиро “Манайх газар тариалангийн техник, технологиороо улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Бүтээгдэхүүн маань хэтэрхий үнэтэй биш ч гэсэн өндөр чанартай. Хоёр орны хоорондын худалдааны гэрээ ёсоор татвараас чөлөөлөгдөх учраас харьцангуй хямд үнээр та бүхний гар дээр очно” хэмээн тайлбарлав. Л.Жаргал ч хэлсэн бүгдийг нь хичээнгүйлэн тэмдэглэн авч байлаа.

ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд уул уурхайн салбар уналттай байгаа өнөө үед хөдөө аж ахуйн бизнесээ дэмжих нь чухал гэдгийг энэ үеэр онцлов. Тэрээр “Өнгөрсөн оны тавдугаар сард манай яам Японы Шизүока мужтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд Японы хөдөө аж ахуйн салбартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс Аж үйлдвэрийн яамтай хамтарч уг форумыг зохион байгуулж байна. Хоёр орны хувийн хэвшлийнхэн яамны оролцоогүйгээр үргэлжлүүлэн хамтарч ажиллах боломж үүгээр нээгдэж байгаа юм. Гагцхүү эрх зүйн талаар ийм зохицуулалт, төрөөс ийм дэмжлэг хэрэгтэй гэсэн санал тавибал бид шийдвэрлэхийн төлөө ажиллана. Шаардлагатай үед зарим хууль тогтоомжийг шинэчлэх, өөрчлөх, захирамж гарган, тэднийгээ дэмжинэ. Өөрөөр хэлбэл дотооддоо хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг таатай болгох тал дээр голчлон анхаарч байгаа. Шизүока муж бол уур амьсгалын хувьд манайхтай төстэй учраас хөдөө аж ахуйн салбарт хамтарвал илүү үр дүнтэй гэсэн үг. Энэ салбарт хөрөнгө оруулж байсан арвин туршлагатай. Тэгээд ч Монгол, Японы хооронд чөлөөт худалдааны гэрээ хийгдсэн учраас ХАА-н бүтээгдэхүүн, техникийг харилцан татваргүй экспортолж, импортлохоор болсон. Энэ гэрээний хэрэгжил­тийг эрчимжүүлэх нь уг арга хэмжээний гол зорилго нь. Японоос хөрөнгө оруулалт татаад эргээд ганц Япон гэлтгүй гадаад зах зээл рүү гаргах боломжтой. Бидэнд түүхий эдээс гадна хөрөнгө оруулах таатай орчин бүрэлдсэн бол тэнд өндөр технологи, хөрөнгө байна. Энэ хоёрын төгс цогцлоос баялаг бүтээж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортолж, гадаад валют олъё гэсэн хэтийн чиг шугамыг баримталж байна” хэмээв.

М.Ууган-Эрдэнэ

Гэрэл зургийг Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

“Болор цом“-д аман хүзүүдсэн Н.Билгүүн, тархины мэс засалч Ц.Энхбаяр тэргүүтэй төгсөлтийнхөн

Нэг ангийн 10 гаруй хүүхэд хөдөө болон гадаадаас ирж амжаагүй сурагчдынхаа өмнөөс гээд 21 Дарь эхиийг бэлгэдэж 21 мод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарилаа. Эдгээр сурагчид бол 1985 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын нэгдүгээр арван жилийг төгссөн 10а ангийнхан. Сурагчийн ширээнээс зах хязгааргүй хөврөх амьдралын их далайд хөл тавьснаас 30 жилийн дараа ангийн нөхөд ийн уулзаж байгаа юм. Тэд ангийнхаа уулзалтыг зүгээр нэг өнгөрөөхийг хүссэнгүй. Ангийн багшийнхаа хамт сайн үйлс бүтээж мод тарьж, хүүхэд ахуй цагтаа зочилж амжаагүй Монголын хүүхдийн ордноор морилж, өөрсдийнхөө хэмжээнд бяцхан улаан хивсний ёслолын арга хэмжээ зохиожээ. Аливаа зүйлийг албан ёсны, дэг журамтай, ажил хэрэгч зохион байгуулдаг нь энэ ангийн онцлог гэлтэй. Арвайхээрийн 10а анги бүрдсэн түүх бас л сонин тохиолтой. Учир нь тухайн үед Өвөрхангай аймгийн зарим сумдын сургууль найман жилийн төгсөлттэй байдаг байжээ. Тиймээс Арвайхээрийн нэг, хоёрдугаар арван жилийн сургуульд сумдаас ирсэн сурагчид хуваагдан ордог байж. Нэгдүгээр арван жилийн 10а-д бусад сумдаас ирсэн онц сурлагатан, шилдэг сурагчид нь оржээ. Тэр үед сургуулийн захирал ангийн бүрэлдэхүүнийг шийдвэрлэдэг байсан учраас анги даасан Ц.Хатанбаатар багшид ихэд завшаантай хийгээд хариуцлагатай ажил ногдсон гэдэг. Сурагчдынхаа тодорхойлолт, хувийн хэргийг хартал дандаа сурлага, авьяас билгээрээ бусдыгаа манлайлагчид нэг ангид цугларсан байжээ. Ц.Хатанбаатар өөрөө шинэ залуу багш учраас сурагчдаасаа сүрдэж байсан аж. Бүр толгойтой үсэнд нь ургасан ганц нэг цагаан үсээ үүр цайтал түүсэн удаатай. Учир нь ангийнхаа сурагчдын өмнө, арчаагүй, дорой, хөгшин харагдахгүй гэсэн бодолтой байж. Тэр үед ямар үсээ будах биш гээд энэхүү нууцаа ийн 30 жилийн дараа сурагчдадаа ярьж бөөн хөгжөөн болов. Ангийн багш нь хатуужилтай, их зарчимч, ажил хэрэгч, аливаа ажлыг хариуцлагатай хийдэг болохыг ангийн охин Б.Уранбилэг дурсав. Тиймээс аймагтаа төдийгүй улсад манлайлагч тэргүүний анги байжээ.

Тус анги 13 эмэгтэй, 24 эрэгтэй сурагчтай. Төгсөх жилээ улсын тэргүүний Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, аймгийн тэргүүний ХЗҮ-ээр шалгарч байсан байна. Тухайн үед урлаг спорт, нийтийн ажил, нийгмийн арга хэмжээнд идэвхтэй оролцож түрүүлж байж л улсын тэргүүний ХЗЭҮ-т тооцогддог байсан гэнэ. Ялангуяа орон нутгийн сургуулиас хүртсэн тохиолдол ховор. Тэд 1984 оны улсын шугам зургийн олимпиадын аварга анги төдийгүй сургуулийнхаа урлаг урлал, гар бөмбөгийн аварга анги болж байжээ. Мөн улсын багт наадмын хошой аваргын эзэн анги. Багш нар “Хэдий чинээ мундаг сурагчидтай байна төдий чинээ багш нь дагаж хөгждөг” гэж ярьдаг үнэн болохыг тус ангийнхан баталж байна.

Ц.Хатанбаатар математикийн багш учраас ангийнхан нь математикийн олимпиадад гаргууд оролцдог байж. Нийслэлийн нэгдүгээр сургууль, Орос гуравдугаар сургууль сурлагаараа манлайлдаг үед хотынхонтой эн зэрэгцэж улсын математикийн олимпиадад шавь Д.Энхцэцэг дөрөвдүгээр байрт орж байсан удаатай. Харин орос хэлний хичээлд Должинсүрэн, Ичинноров, Энхцэцэг, Мядагмаа зэрэг сурагчид бусдаасаа илүү сайн байсан бол шугам зурагт Г.Бат-Эрдэнэ гаргууд нэгэн. Түүний бэлтгэсэн ханын сонин аймагтаа байнга нэгдүгээр байрт шалгардаг байж. 10а ангийнхан сурлагаараа үеийнхнээ манлайлахаас гадна өөрсдөө хүүхэлдэй оёж хүүхэлдэйн театр ажиллуулж, мөн шил түүж олсон орлогоороо боломж тааруу сурагчдын ахуй амьдралд нь тусалдаг байсан гэнэ. Үе тэнгийнхнээ хошуучилж явсан нэг ангийнхан өнөөдөр ч өөрсдийн сонгон ажиллаж буй салбартаа ч мөн хошуучлагч нь болж эх орондоо мэдлэг оюунаараа тодорхой хувь нэмрээ оруулж явна. Анги болгонд улс төрийн дууны хамтлаг байсан гэнэ. 10а анги “Энхийн уриа” хамтлагтай. Тус хамтлагийнхан нь зарим гадаад дууг өөрсдийн сонсголоор бичиж дагаж дуулна, гитар тоглоно. Мөн л аймагтаа олон удаа түрүүлсэн. Хамтлаг Уранбилэг, Шүр, Ичинноров, Должинсүрэн, Мөнхцэцэг,Энхбаяр, Бямбаа гээд долоон гишүүнтэй. Уранбилэг нь Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн шавь хөгжмийн зохиолч Соёлын тэргүүний ажилтан С.Бямбасамдангийн охин юм. Түүний олон ч сайн шавь нар Монголын соёл урлагийн салбарт нэрээ гаргаж яваа билээ. Тэрээр аавынхаа авьяасыг өвлөж авсан нэгэн. Өдгөө Монголын хүүхдийн ордонд ерөнхий нягтлан бодогч мэргэжлээр ажиллаж байгаа ч ангийнхандаа зориулсан дуунд ая бичээд авсан шаггүй авьяастай нэгэн. 1990 оны яруу найргийн “Болор цом” наадамд яруу найрагч Б.Ичинхорлоо түрүүлдэг жил

“Тэнгэр түшсэн уулс хурмастын салхийг задалж

Тэртээх холын дуртгал зүрх тэмтрэн эгшиглэхүй

Бодол тээсэн амьдралын нүцгэн шороог үлгэж

Босоо хөх тэнгэрт зогсоогоороо мөргөмүү” хэмээн уншиж аман хүзүүдэж байсан Нямбуугийн Билгүүн энэ ангиас төрөн гарсан. Монгол Улсын ардын эмч, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, академич алдарт Х.Хайрулла эмчийн шавь Ц.Энхбаярыг тархины мэс заслаар Монголын урдаа барьдаг цөөхөн эмч нарын нэг гэгддэг. Тэгвэл тэрээр мөн л энэ ангиас төрөн гарсан. Түүнчлэн 10а ангийн Д.Энхцэцэг Засгийн газрын хэрэг эрхлэх газар ажиллаж байгаа бол багшийнхаа мэргэжлийг өвлөж боловсролын салбарт Г.Бат-Эрдэнэ, Л.Должинсүрэн, Н.Мөнхцэцэг нар багшаар ажиллаж байна. Тодруулбал, Г.Бат-Эрдэнэ, Л.Должинсүрэн нийслэлийн 28 дугаар сургуульд, Н.Мөнхцэцэг Дархан хотод багшилж байна. Мөн Ичинмөнх Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга бол Булган аймагт барилгын салбарт Л.Амарсайхан амжилттай ажиллаж яваа нэгэн. Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станцын инженерийн албаны дарга Б.Сүрмаахорол мөн л тус ангийг төгссөн. Тэрээр шүлэг бичих авьяастай. Нутгийнхаа тухай “Зүүн хоолой” дуу зохиож байсан бол энэ удаа “Миний ангийн андууд” дууны шүлгийг бичиж Б.Уранбилэг ая зохиож ангийнхаа нөхдөд бэлэг барьжээ. Мөн А.Бат-Эрдэнэ, З.Бямбаа нар бизнесийн салбарт амжилттай яваа аж. Тэд ангийнхаа уулзалтыг ивээн тэтгэхээс гадна ангийнхаа тухай ном хүртэл хэвлүүлж байгаа юм байна. Тиймээс анги хамт олон нь баярлаж талархсанаа манай сониноор дамжуулж хүргэсэн.

10а ангийн Д.Шүр, Д.Мядагмаа, Н.Билгүүн, Б.Оюунчимэг нар өдгөө гадаадад ажиллаж амьдарч байгаа бөгөөд ангийнхаа нөхөд, багш хамт олонтойгоо байнга холбоотой байдаг гэнэ. Уулзалтаар ирсэн ангийнхан нь эдгээр нөхөдтэйгөө интернэтээр холбогджээ. “Одоо үед ч амар болжээ. Хоёрыг уулзуулж холыг учруулдаг интернэт гэж сайхан холбоо байдаг болж” хэмээн ангийнхан наргив. Энэ удаагийн уулзалтаар яруу найрагч Н.Билгүүн шинэ номынхоо дээжээс ангийнхандаа мөн гардуулсан байна. Тэд “Бид нар тэргүүлэгч бүхий л зүйлд авьяастай байсан болохоор Монголын хүүхдийн ордонд орж үзэхийг их хүсдэг байлаа. Энэ бол манай ангийнхны мөрөөдөл. Харин сая уулзаж мөрөөдлөө биелүүллээ” гэж хожим биелэгдсэн хүслийнхээ талаар их л догдлонгуй ярив. 10а ангийнхан аймагтаа анх гандболын спортыг дэлгэрүүлж байсан бас л сонирхолтой түүхтэй. Энэ бүхэн нь Боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Цэстийн Хатанбаатар багштай холбоотой гэдгийг шавь нар дуу нэгтэй онцолсон.

Багшийнхаа аливаа ажилд хариуцлагатай ханддаг зан чанарыг өвлөж энэ нь өнөөдрийн ажил амьдралд нь нөлөөлсөн гэж шавь нар нь багшаараа бахархаж байсан. Саяхан Өвөрхангай аймгийн Арвайхээрийн нэг, хоёрдугаар арван жилийн сургуулийн 30 жилийн ойн баяр болжээ. Тиймээс тус сургуулийн нийт төгсөгчдөдөө 10а ангийн зүгээс баярын мэнд хүргэж буйгаа илэрхийллээ.

Д.Даваасүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Найрсаг хөдөө”-дөө дотоодын жуулчдыг татъя

Наадмын олон хоногийн амралтаар монголчууд эх орноороо аялах, амрах сонирхолтой болсныг харлаа. Тав, зургаа хоногийн амралтаараа Хайнань арал, Байгаль нуур руу хошуурдаг байсан бол одоо Хөвсгөл далай, Аварга тосон руу цувдаг болжээ. Баяр наадмын өдрүүдэд Хөвсгөлд албаныхны өгсөн мэдээллээр 60 мянга, албан бус тоогоор 100 мянган машин очсон. Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэдээгээр тэдгээр өдрүүдэд 70 мянган жуулчин Хөвсгөлд очсоны ихэнх нь дотоодын аялагчид. Мөрөн-Хатгалын чиглэлийн зам ашиглалтад орж, машин унаатай явахад саадгүй болсноор Монголынхоо “Швецарь”-ийг олноороо зорьсон нь тэр. Дахиад Хөвсгөлд очихоор төлөвлөж байгаа, үзэхийг хүссэн маш олон хүн бий. Хөвсгөлөөс гадна наадмын өдрүүдэд Хэнтийн “Аварга тосон”, Өвөрхангайн “Хужирт” битүү амрагчидтай байна лээ. Цаашлаад Увсын 90 жилийн ойгоор Увс, Хяргас нуурын эрэг хавиар эрээн алаг харагдсан. Ойгоо тааруулаад нуур усандаа шумбах гэж очсон хэдэн мянган дотоодын жуулчин эрээн алаг харагдуулсан нь тэр. За, тэгээд facebook, twitteг-тээ Монголынхоо хаа нэг үзэсгэлэнт газар, уул усанд очоогүй хүний зураг байхгүй. Бүгд аяллынхаа сонин сайхныг гэрэл зурагтайгаа хуваалцжээ. Энэ бүхэн Монгол шиг өргөн уудам нутагтай, бахархмаар үзэсгэлэнт байгальтай улсад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүгээр дамжиж орон нутаг, тэндхийнхэн баяжих, хөлжих бүрэн боломжтойг харуулж байна. Үүний тулд орон нутгийн зам харгуй, дэд бүтцийг хөгжүүлэх нь хамгийн түрүүний ажил. Хөвсгөлийн зам ашиглалтад орсон даруйд 100 гаруй мянган машин зорчиж байгаагаас харахад л дардан замтай бол монголчууд хөндлөн гулд давхиад байх боломжтой болсныг харуулж байна. Алслагдсан Баян-Өлгий аймаг руу гурван хоног явдаг байсан. Баянхонгорын зам ашиглалтад орсноор хойш хоёр өдөр давхиад орчихдог болсон. Увс руу хоёр, гурван хоног сэгсчүүлдэг байсан бол Завхан аймгийн нутаг Солонготын даваа хүртэл алаг цоог замтай болсноор нэг шөнө, хоёр өдөр яваад оччихдог болжээ. Энхэл донхол ихтэй, даваа гүвээний зам засаагүй цагт фургон, “УАЗ-469” машинаас өөр сонголтгүй байсан бол одоо “Prius”, “Ist” гээд суудлын тэрэгний цуваа тасрахаа больсон. Эрдэнэт, Дарханы чиглэлд нийтийн тээвэрт явдаг тохилог, урт автобус баруун аймгууд руу түвэггүйхэн явж байна. Гэх зэргээр зам тавих, засах ажил орон нутагт урагшилж байгаа. Орон нутгийн хөгжлийн сан, улсын төсвөөр ирэх жилүүдэд ч цөөнгүй зам ашиглалтад өгөхөөр ажил өрнөж байгааг харснаа дотоодын аялагчид ярьж байгаа.

Харин одоо хөдөөг, хөдөөнийхнийг дотоодын жуулчдыг хүлээж авахад бэлтгэх шаардлага байна. Хөвсгөлийн жишгээс харахад л орон нутгийнхан нэг удаагийн ашиг харж увайгүй аашилж байгаа нь харагдлаа. Үүгээрээ дараа дахиад зочлох сэтгэгдлийг унтраачихаж байгаа нь бас анзаарагдлаа. Аялал жуулчлалын салбарт хэзээ ч нэг удаагийн олз, ашиг гэж байдаггүй. Дахиад олон хүнийг ирүүлэхийн тулд найрсаг, алсыг харсан байхыг энэ төрлийн бизнес эрхлэгчдээс шаарддаг. Тийм ч учраас нийслэл “Найрсаг Улаанбаатар” аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд нийслэлийн гудамж, талбайн хаяг, нэршлийг тов тодорхой зааж, жуулчдыг татах урлаг соёлын олон арга хэмжээ зохион байгуулж байна. Цэвэр цэмцгэр байхын тухайд ч олон ажил хийлээ.

Одоо энэ аяныг хөдөөд эхлүүлэх шаардлагатай болжээ. Ингэхдээ хамгийн түрүүнд аль аймгийн аль суманд үзэсгэлэнтэй газар, нуур ус байгаа талаарх тодорхой, ойлгомжтой мэдээлэлтэй тараах хуудас олныг бэлтгэх хэрэгтэй байна. Манайхан сургаар, аяллын нэвтрүүлгээр л энэ тухай тойм төдий мэдээлэлтэй байдаг. Амралтаа аваад гэр бүлээрээ хотоос гараад баруун аймгуудаар явахад л дэлхийн хаана ч байхгүй үзэсгэлэнт байгаль хүлээж байгаа. Төв аймгийн нутагт Манзуширын хийдийн туурь, Хустайн байгалийн цогцолбор, Гүнжийн сүм, Зоргол хайрхан, Цогт хунтайжийн Дуутын хадны бичээс гээд үзүүштэй олон газар бий. Тэр бүхэн хотын төвөөс тэдэн км, тийм замтай гэдгийг тодорхой харуулсан танилцуулах хуудсыг аймаг бүр гаргамаар байна. Цаашлаад Хархорум хот, Эрдэнэзуу хийд хүртэл хэд буудаллаж, яаж очихыг тодорхой болгох хэрэгтэй. Архангайд очиход л Хоргын тогоо, Чулуутын гол, Тэрхийн цагаан нуур, Суварга хайрхан уул, Тайхар чулуу, Билгэ хааны цогцолбороор яаж аялах маршрут тодорхой байвал аялагчид төөрөхгүй, будилахгүй, очих газраасаа зөрөхгүй. Увс аймагт Хэцүү хад гэж гайхамшигтай үзэсгэлэнтэй газар байдгийг жуулчид аяллын нэвтрүүлгээс харснаас очиж үзсэн нь цөөн. Тэгвэл Хяргас нуур дэлхийд хамгийн тааламжтай зөөлөн устай нуурт тооцогддог. Эрдэс давсных нь хэмжээ хүний арьсанд гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү нөлөө үзүүлдэг гэдгийг увсынхан өөрсдөө таниулж сурталчлах хэрэгтэй. Хяргас нуурын усанд шумбангаа, урд хэсэгт нь байдаг “Хэцүү хад”-ны үзэсгэлэнг бишрэхийн тулд ямар зам туулж, хэрхэн хүрэхийг ч тодорхой болгох хэрэгтэй. Ховдынхон Цэнхэрийн агуй, хадны сүг зургийнхаа үүх түүх, бэлгэдлийн талаар танилцуулга хийж, Хар-Ус нуурын шагшуурга ямар гайхалтай мэдрэмж төрүүлдгийг хорхой хүртэл сурталчлах хэрэгтэй. Энэ мэтээр Монголын нэг аймагт очиход л сум бүрт дахин давтагдашгүй үзэсгэлэн гоо, тансаг орчин хүлээж байгаа. Нэг сумын иргэд өөр аймгийн нөгөө сумынхаа байгалийн сайхныг мэдрэхийг бас хүсч буй. Энэ хүсэл дээр нь тулгуурлаад сум орон нутаг газар орноо маш сайн сурталчлах хэрэгтэй.

Өөрийнхөө газар нутгийн гайхамшгийг таниулахаас гадна явж очих замыг нь тодорхой заамаар байна. Зүүн аймгууд руу гараад давхилаа гэхэд замын шатахуун түгээх станцын түгээгч, эсвэл цайны газрын тогооч л дараагийн сум хүртэлх зай, очих газрынх нь тухай мэдээлэл өгдөг. Замын тэмдэг байх боловч бас тодорхой бус. Тиймээс замын жуулчны бааз, цайны газрууд зочдоо хаана ирсэн, үүнээс тэдэн км-т тийм газар бий, тэнд тийм буудал байгаа зэрэг тодорхой мэдээлэлтэй байх нь чухал.

00-ынхоо асуудлыг хэрхэн шийдсэнээр нь тухайн улсын соёл, хөгжлийг харчихдаг. Тэгвэл манай хөдөөд аялахад хамгийн том асуудал нь 00. Замын цайны газрын 00 нь ч хүн орохын аргагүй байдаг. Жуулчдыг татахын тулд сумууд өөрийнхөө газар нутагт тодорхой зайтай “Био 00” байрлуулахад тийм ч их зардал гарахгүй. Нэг үеэ бодоход аялагчид тааралдсан газраа хогоо цацахаа больсон. Торонд хийгээд хогийн цэгт үлдээх сэтгэхүйтэй болчихсон. Гэхдээ тортой хог тээгээд, эвгүй үнэр гаргаад олон км явах сайхан биш. Тиймээс сумаас зам дагуух газрууддаа хогийн цэг байрлуулмаар байна.

Үүнээс гадна гадны улсуудад аялагчдын зам дагуу хөнгөн зууш, бургер зардаг цэг олныг байгуулсан байдаг. Аялагчид ч зам зуураа хөнгөн, шинэ хоол идээд явчихдаг. Манай замын цайны газрууд тостой цуйван, гурилтай шөлөөс өөр хоолны сонголт бараг байхгүй. Тэгвэл аймгийн жуулчин хариуцсан байгууллагууд зохион байгуулаад зам зуур хуушуур, шорлог хийдэг хөнгөн хоолны цэгүүд байгуулбал жуулчдын тав тухыг хангах нь гарцаагүй.

Энэ мэт зохион байгуулалтаас гадна дотоодын жуулчдад үйлчилгээ үзүүлдэг иргэдийнхээ сэтгэхүйг найрсаг болгох нь хамгийн чухал байна. Манайхан дов жалганы үзэлтэй, танихгүй хүндээ ёозгүй, таньдаг нэгэндээ саймширдаг муухай зантай. Танихгүй хүнээсээ их мөнгө, гадаадын иргэнээс бүүр их мөнгө нэхэх хандлага хөдөөнийхөнд бий. Нэлээд олон хүн давхиад очвол үйлчилгээнийхээ үнийг бууруулах биш үржүүлчихдэг гэмтэй. Хатгалд таван ортой гэрт 80 мянган төгрөгөөр хонуулдаг байснаа олон хүн цуглангуут нэг ороо 80 мянган төгрөгөөр үнэлчих жишээтэй. Бас зориод, зочлоод очсон үйлчлүүлэгчдэдээ чин сэтгэлээсээ ханддаггүй, мөнгө болгож хардаг нь муухай. Нэг удаа мөнгө олоод өнгөрөөх биш дараа жил, дахиад илүү ашиг олохын тулд чин сэтгэлийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэйг ойлгуулмаар байна. Үүний тулд орон нутагт, цайны газар, жуулчны бааз гээд аялагчдыг хүлээж авдаг байгууллага, айл өрх бүрт нэгдсэн стандарт мөрдүүлэх хэрэгтэй. Гадаад, дотоодын ялгаагүй зочилж очсон хүн бүрт нэг үнээр, ижил төрлийн сэтгэл ханамжтай буцах үйлчилгээ үзүүлдэг бизнес эрхлэгчдэд л зөвшөөрлийг сум, орон нутгийн захиргааны байгууллагаас өгмөөр байна. Учир нь аялагч Батынхан Хатгал суманд очиж, Хатгалын тухай сайн муу сэтгэгдэлтэй буцахаас тэнд гэр гуанз ажиллуулдаг Доржийн тухай төдийлөн бодохгүй. Тиймээс сэтгэлд хүрсэн үйлчилгээ үзүүлдэг, найрсаг хүмүүст л үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох хэрэгтэй.

Хөвсгөлийн зам дээр портер машин дээрээ майхнаа ачаад давхиж яваа ахтай таарч билээ. Архангайгаас Хөвсгөл далайг үзэх гэж явсан тэр ах хүүд хатгалынхан сайхан сэтгэгдэл төрүүлбэл ирэх зун ах дүүгээ, нутаг усныхныгаа дагуулаад дахиад амарна. Ёозгүй санагдвал хэдэн төгрөгөө цуглуулж байгаад Байгаль нуур руу хөдөлчих вий. Тэгэхээр яалт ч үгүй “Найрсаг хөдөө” аян эхлүүлж дотоодын жуулчдыг татъя.

Б.Цэцэгдэлгэр

Categories
мэдээ цаг-үе

Нисгэгчгүй онгоц

Энэ удаагийн танин мэдэхүйгээр алсын удирдлагатай, нисгэгчгүй автомат онгоцыг сонголоо. General Atomics Aeronautical Systems-ийн үйлдвэрлэсэн нисгэгчгүй анхны онгоц 1994 оны долдугаар сард нислэгээ хийж байжээ. 1995 онд үйлдвэрлэгдсэнээс одоог хүртэл 360 онгоц угсраад байгаа юм байна. Төслийн өртөг нь 2.38 тэрбум дол­лараар эхэлж нэг ширхгийн үнэ 4.03 сая доллараар үнэ­лэгддэг байна.

General Atomics MQ-1 Predator нисгэгчгүй онгоцыг олон улсад (UAV) гэж нэрлэдэг. Америкийн General Atomics компани бүтээсэн бөгөөд Америкийн нисэх хүчинд ашигладаг. 1990-ээд оны эхээр танилцуулагдсан бөгөөд тэрнээс хойш тасралтгүй хөгжиж, ашиглагдаж байна. Анхны загварууд нь камер болон бусад ганц нэг сенсор (мэдрэгч) зөөх төдий байсан бол өнөөдөр хоёр ширхэг AGM-114 Hellfire пуужингаар тоноглогдож байлдааны ажиллагаа хүртэл явуулах чадвартай болжээ. 1995 оноос хойш даалгавар биелүүлж Афганистан, Пакистан, Босни, Серби, Ирак, Йемен, Ливи, Сири, Сомали зэрэг олон оронд ашиглагдаж байна. Rotax хөдөлгүүртэй, сэнсээр ажилладаг байна. 400 nmi (460 nmi нь 740 км) зайд 14 цаг хүртэл нисэж бааз руугаа буцаж ирж дөнгөдөг гэнэ. 2001 оноос эхлэн RQ-1 нь гол нисгэгчгүй онгоц болж ашиглагдсан бөгөөд Афганистан, Пакистанд олон даалгаврыг амжилттай биелүүлсэн. Энхийн зорилгын хүрээнд хил орчмын эргүүл хийх, салхи, цаг агаарын хүнд орчинд шинжилгээ судалгаа явуулах, маш том талбайг хамарсан түймэр зэрэг гамшгийн үед зураг видео авах зорилгоор ашиглагдаж байна.

Одоогоор Япон даатгалын компани автомашины ослын мэдээллийг цуглуулахын тулд бага оврын нисгэгчгүй онгоц ашигладаг байна. “Sompo Japan Nipponkoa” даатгалын компани уг үйлчилгээг энэ оны гуравдугаар сараас явуулж эхэлсэн аж. Уулын энгэр, далайн гадарга зэрэг хүн хүрэхэд хэцүү газруудын бичлэгийг энэхүү онгоцоор хийх бүрэн боломжтой гэдгийг албаны хүмүүс мэдээлжээ. Уг нисгэгчгүй онгоцыг хоёр хүнээс бүрдэх баг удирдан ажиллуулдаг байна.Осол болсон газрын зургийг бүрэн авах асуудал ажилтнуудад тулгардаг бөгөөд уг төхөөрөмжийг ашигласнаар богино хугацаанд бүх мэдээллийг цуглуулах боломжтой болсон гэж тус компанийн зүгээс онцолж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Оюутан цэргүүд энэ сарын 12-нд халагдана

Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан хамрагдсан билээ.

Тэд долоон их, дээд сургууль дээр зургаан бүлгээр онолын мэргэжил сургалт явуулжээ.
Харин цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт өнгөрсөн зургадугаар сарын 15-наас эхэлсэн бол энэ сарын 12-нд Чингисийн талбайд тангараг өргөснөөр өндөрлөх юм байна.

“Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэж, улс орноо батлан хамгаалах иргэдийн бэлтгэл сайжирч, их дээд сургууль төгсөгчид Төрийн албанд ажиллах нөхцөл бүрдэнэ.

Оюутан залуус их дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн тусгай бэлтгэл сургалтад хамрагдах замаар цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломж бүрдэж байгаа юм.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт 2014 онд 418 оюутан хамруулан бэлтгэж, цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга мэргэжлээр бэлтгэсэн байдаг. Энэ жилийн оюутан цэргүүд ч буудагч-тасгийн дарга баг мэргэжлээр бэлтгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд цахим картаа хичээл эхлэхээр авна

Нийслэлийн нийтийн тээвэрт шинэ систем хэрэгжүүлж, иргэд бэлэн мөнгө төлөхгүй цахим карт уншуулан зорчих болсон. Нийтийн тээврээр үйлчлүүлдэг хүн бүрт хамаатай энэ ажил төдийлэн жигдрээгүй байгаа учир кондукторууд хянагчаар ажиллаж буй юм.

Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяа дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн төвд хандан цахим картаа авч эхэлсэн. Харин оюутнуудын цахим картыг есдүгээр сарын 1-нээс худалдахаар болжээ. Уг нь оюутны цахим картыг энэ сарын 15-наас худалдаалж эхлэх байсан ч Монголын оюутны холбоо “Улаанбаатар смарт карт” компанитай гэрээ байгуулаагүйгээс болж хойшлоод байгаа юм байна. Одоогоор оюутны цахим картыг хэдэн төгрөгөөр худалдаалах нь тодорхойгүй байна. Карт худалдаж авсан оюутнууд давхар виза картаа захиалах шаардлагатай аж.

Categories
мэдээ эдийн-засаг

“Жени энержи Монгол дахь үйл ажиллагаагаа хумих нь

”Монголын занарын салбарт хөрөнгө оруулсан “Genie Energy” компани, Монгол дахь үйл ажиллагаагаа хумьж байгаа гэж мэдэгджээ. Ингэснээр компанийн гол төсөл болох Израйль дахь занарын хайгуулд илүү төвлөрөх боломж бүрдэнэ хэмээн компанийн зүгээс үзэж байгаа аж. “Genie Oil Shale Mongolia” компанийн зургадугаар сард өгсөн мэдээллээр, өнгөрсөн онд эрлийн гэрээ байгуулсан Чойр-25 талбайн хээрийн судалгааны ажил дуусч, дээжид урьдчилсан байдлаар дүгнэлт гаргах ажил хийгдэж байгаа юм байна. Дундговь аймагт орших Чойр-25 талбайн хээрийн эрлийн ажилд 305 сая төгрөгийн зардал гаргасан гэнэ.

“Genie Energy” Израйлийн хойд хэсэгт занарын эрэл идэвхтэй явуулж байгаа аж. Энэ төсөл ойрын ирээдүйд амжилт олох боломжтой гэж компани үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Бохирын худагт унаж амиа алджээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Залаатын аманд үйл ажиллагаа явуулдаг “Ундрах рек” ХХК-ний бохирын худагт хүн унасан байна гэсэн дуудлага өчигдөр онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Д /25 настай, эрэгтэй/ бохирын худагт унаж нас барсан байсныг цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ойрын хэд хоногтоо хална гэв

Цаг, уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр Монгол орны нийт нутгаар ойрын хэд хоногтоо халуун байх нь. Улаанбаатар хотод л гэхэд өнөөдөр өдөртөө 29 хэмийн халуун, шөнөдөө 14 хэм байна. Наймдугаар сарын 10-ны даваа гаригт Улаанбаатарт 33 хэм хүрч халах бол мягмар, лхагва гаригуудад 30 хэм хүртэл халах гэнэ.

Агаарын температур огцом нэмэгдэхтэй зэрэгцэн нарших, даралт ихсэх, зүрх судасны өвчлөл нэмэгддэгийн дээр халууцсандаа хүмүүс гол, нуур барааддаг. Ингэхдээ анхаарал сэрэмжгүйгээс болж усанд живэх аюул нүүрлэж байгаа тул үер усны аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ, ЦЕГ-аас онцгойлон сануулж байна.