Categories
мэдээ спорт

“Rally Mongolia” 3335 км замд уралдана

“Rally Mongolia” автомашин мотоциклын холын зайн олон улсын уралдаан
өнөөдөр эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах болсон
тэмцээний энэ удаагийн маршрут Арвайхээр хүртэл 625 км замд уралдах
бөгөөд нийт 8 өдрийн турш 3355 км замд уралдах юм. Тэмцээнийг Японы
SSER байгууллага “Ямада” сан, Монголын автомашин, мотоциклийн спортын
холбоотой хамтран, Монгол Улсад 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа
бөгөөд ихэвчлэн говийн бүсэд голлон зохион байгуулж ирсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг журамлана

Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгооны хариуцлагын арга хэмжээг ирэх сарын 1-нээс чангатгахаар болжээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийн албан татвар хураах, үзлэг оношилгоонд цагтаа хамрагдаагүй бол шууд журамлах юм байна. Одоогоор автомашины үзлэг оношилгоонд ороогүй тохиолдолд 5-25 мянган төгрөгөөр торгож, гэрчилгээг нь хурааж байгаа.

Categories
гадаад мэдээ

Хүний насыг 135 жил болгон уртасгаж чадна

Испанийн эрдэмтдийн буй болгосон
залуужуулах үрлийн талаар олон орны эрдэмтэд хэлэлцүүлэг өрнүүлж эхлэв.
Испанийн эрдэмтдийн бүтээсэн энэхүү эм хүний насыг 135 жил болгон
уртасгаж чадах юм. Одоогоор эрдэмтэд энэхүү эмийг хулгана дээр туршиж,
65 хувийн амжилттай байгаа гэжээ. Гайхамшигт эмийг Овьедо их сургуулийн
анагаахын салбарын эрдэмтэд тун санамсаргүйгээр бүтээсэн байна. Тэд
хүнийг маш хурдан хөгшрөлд хүргэдэг ховор төрлийн өвчнийг судалж байхдаа
хулгана дээр эсийн уураг хаагч хоёр молекулийн үйл ажиллагааг
зохицуулах эмийг туршиж үзсэн байна. Гэтэл энэхүү эмийн нөлөө нь
гайхамшигтай үр дүн үзүүлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл зөвхөн эсийн
хөгшрөлтийг зогсоогоод зогсохгүй зарим эсийг сэргээж байсан аж.
Судалгааны дүнг “Nature Cell Biology” сэтгүүлд хэвлэсэн байна. Тиймээс
эрдэмтэд өнөөдөр “залуужуулах үрэл” бүтээх ажилдаа оров.

Тэдний хэлснээр ганц хоёрхон судалгааны
дараа энэ эм бэлэн болж худалдаанд гарч чадах гэнэ. Юуны өмнө судлаачид
хөгшрөлтийн процессыг хариуцдаг бие махбодийн эсийг уураг
ялгаруулагчаас ялгахаар оролдож эхэлсэн гэнэ. “Бид энэ өвчний талаар
судалж байхдаа хулганад ч энэ шинж тэмдэг илэрдэг учраас судалгаа хийхэд
тун тохиромжтой юм хэмээн үзсэн. Туршилтын энэ боломж нь онолын хувьд
бидэнд эмнэлзүйн туршилт хийх үндэслэл болж чадсан.”хэмээн судалгааны
багийн ахлагч Фернандо Гарсия Осорио хэлэв. Өмнө нь эрдэмтэд хорт
хавдрын эсийн хөгжлийн механизмыг зогсоох төсөл дээр ажиллаж байсан юм.
Тэд хорт хавдар нь хүний уургийн сүлжээ гэмтсэний улмаас идэвхждэг гэсэн
судалгаа гаргаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн багш нарт сануулга өгөв

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хариуцлага тооцох тухай захирамж
гаргажээ. Уг захирамжид “Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн
6.1.2 дахь заалтад заасан улирлын төсвийн гүйцэтгэлийг хуулийн хугацаанд
шилэн дансны цэст байршуулаагүй Сонгинохайрхан дүүргийн 92 дугаар
цэцэрлэгийн эрхлэгч Л.Лхагважид, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар
цэцэрлэгийн эрхлэгч Б.Ариунаад сануулах сахилгын шийтгэлийг
ногдуулсугай” гэсэн байна.

Categories
мэдээ спорт

Дэлхийн өсвөрийн шатарчид Улаанбаатар хотноо өрсөлдөнө

Дэлхийн 180 гаруй орныг эгнээндээ
нэгтгэсэн спортын хүчирхэг холбоодын нэг болох Олон улсын шатрын холбоо
/ОУШХ-FEDE/ -ноос тив, дэлхийн түвшины 50 гаруй тэмцээнийг жил бүр
зохион байгуулдаг уламжлалтай. Тэдгээрийн нэг нь 2008 оноос уламжлалт
тэмцээний нэг болон зохион байгуулагдаж ирсэн Өсвөрийн шатарчдын дэлхийн
Олимпиад энэ жил манай улсад зохиогдохоор болжээ.

Энэхүү олимпиад нь 16-аас доош насны
өсвөрийн шатарчид багийн төрлөөр өрсөлддөг онцлогтой бөгөөд өнгөрсөн жил
Унгар улсад 32 улсын 52 багийн 242 шатарчид оролцсон байна. Монгол Улс
энэхүү нэр хүндтэй арга хэмжээг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж,
16 хүртэлх насны “Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад 2015”-ыг эх
орондоо зохион байгуулах эрхийг олж авсан аж.

Олимпиадыг эх орондоо зохион
байгуулснаар хүн төрөлхтөний оюуны спортын хаан гэгдэх шатрын спортыг
түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхээс гадна эх орноо сурталчилах таатай
боломж хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Энэхүү арга хэмжээ
энэ сарын 19-29 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох бөгөөд ОУШХ-ны
ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Шейх
Султан Бин Халифа Ал-Нейхан нар хүрэлцэн ирэх гэнэ.

ОУШХ-ноос энэхүү тэмцээнийг зохион
байгуулах эрх өгөхдөө манай улсад шатрын спорт хурдацтай хөгжиж байгаа,
түүний дотхоос өсвөрийн шатарчид жилээс жилд өндөр амжилт үзүүлж, ур
чадвар нь жилээс жилд өсөж байгааг чухалчилсан аж. Тухайлбал, сүүлийн 3
жилийн амжилтыг харахад Өсвөрийн дэлхийн аварга 1, Сурагчдын дэлхийн
аварга 1, Өсвөрийн Ази тивийн аварга 2, Сурагчдын Ази тивийн аварга 4
төржээ. Мөн өнгөрсөн 3 жилд 16 мөнгөн медаль, 9 хүрэл медаль хүртсэн
байна.

Манай улсад анх удаа зохиогдох энэхүү
тэмцээний үеэр “Mongolia open” олон улсын нээлттэй тэмцээн, ОУШХ-ны
шүүгч, дасгалжуулагч цол олгох, сургуулийн шатрын багш нарт зориулсан
тусгай сургалт, семинарууд зохиогдоно. Энэ удаагийн олон улсын
тэмцээнийг амжилттай зохион байгуулснаар ОУШХ-ны нэр хүндтэй
тэмцээнүүдийг эх орондоо жил бүр зохион байгуулах боломж нээгдэх гэнэ.

Тухайлбал, Ази тивийн өсвөрийн аварга
шалгаруулах тэмцээн /2016/, Ази тивийн сурагчдыг аварга шалгаруулах
тэмцээн /2017/, Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /2018/
зэргийг зохион байгуулах эрхийг авах боломжтой гэнэ. Мөн 2021 оны
Дэлхийн цом, 2022 оны Дэлхийн шатрын Олимпийг эх орондоо зохион
байгуулах таатай нөхцөл бүрдэх юм байна.

Categories
гадаад мэдээ

Нэрт жүжигчин Женнифер Анистон хуримлав

Холливудын нэрт жүжигчин Женнифер Анистон жүжигчин, найруулагч
Жастин Терутай гэр бүл болжээ. Хуримын ёслол Ж.Анистоны Лос-Анжелес хотын
Бель-Айр дүүрэгт орших харшид болсон байна. Хосуудын хамаатан садан, дотно найз
нөхөд гээд 74 хүн цайллаганд уригджээ. Тэд хэвлэл мэдээллийнхнээс энэ бүхнээ
нуух гэсэн боловч чадсангүй, гэрэл зурагчид хэд хэдэн зураг дарж амжсан байна.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг лам нарыг тодруулна

Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг
тохиолдуулан Гандантэгчинлэн хийдээс шашны үндсэн түүхэн гурван үйлийг
сэргээж лам хуваргуудын дунд ном хаях, балин буюу тосон урлал, унзад
голч нарын тэмцээнийг Хүй долоон худагт зохион байгуулав.

Бурхан тахих үед бурханы ном айлдах хийдийн лам нарыг тэргүүлэгч
хуваргыг Унзад хэмээн нэрийддэг. Унзадад баргил хоолойны цар хүрээ
сайтай хуваргыг томилдог байна.

Мөн балин хийнэ гэдэг нь хуурч болгосон арвайн гурилаар бурханы өмнө
тавих суварган, гурвалжин цац хэлбэртэй өргөлийн идээ юм. Балин
өргөснөөр аливаа гадна дотны саад тотгор, хэрүүл тэмцэл, өвчин зовлонг
ариусгадаг гэж үздэг.

Ном хаялцах нь мэтгэлцээний шинжийг агуулдаг. Учир нь бурхан багшийн
судар ном хэдий үед дэлгэрсэн, хаанаас үүсэлтэй зэрэг олон талаас нь
асууж хэлцэхийг хэлдэг аж.

Дээрх гурван тэмцээнд нийслэлд болон орон нутагт үйл ажиллагаа явуулж
буй сүм хийдүүдийн 20 орчим лам оролцож, өөрсдийн ур чадвар, авхаалж
самбаагаа сорин өрсөлдөв. Тэмцээний нэгдсэн дүн өнөөдөр гарах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт Хүрээ цам харайх ёслол болж байна

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн
Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы
шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран
зохион байгуулж байгаа Даншиг наадам-Хүрээ цам -2015 наадам өчигдөр
албан ёсоор эхэлсэн.

Харин яг одоо Хүй долоон худагт Хүрээ
цам харайх ёслол болж байна. Цамын ёс заншил, утга учрыг Монголын
сүсэгтэн олон болоод гадаадын жуулчид судлаачдад зориулан англи, монгол
хэл дээр тайлбарлан хүргэж байна. Хүрээ цамыг тусгай бэлтгэгдсэн лам нар
дэг, тэгийнх нь дагуу харайж байгаа юм.

Эрт дээр үеээс монголчууд “тойрон
бүжих” ухаан буюу “цам” хэмээх нууц бясалгал дияаны зан үйлийг уламжлан
ирсэн билээ. Энэхүү уламжлагдан ирсэн шашны зан үйлийн ёсыг тус хийд
нь шашны номын ёсоор нарийн дэг, жаягийн дагуу хийсээр ирсэн юм.

Цам бүжиг нь Цаст төвдийн орноо бурхан
шашныг дэлгэрүүлэхээр анхны сүм дуганаа барих тэр үед хар зүгийн лус
савдгууд харшласанд Энэтхэгийн их багш, ловон Бадамжунай нууц тарнийн
ёсонд тулгуурлан цам бүжгийг дэглэн гаргаж улмаар цам бүжих зан үйлээр
хар зүгийн лус савдгуудыг номхруулан дарж, төвийн анхны хийд болох Цогт
төгөлдөр Самъяа хийдийг байгуулж байсан эртний түүхтэй ажээ.

Монголд шарын шашинтай хамт дэлгэрсэн
цамыг “Жарах цам” буюу “Хүрээ цам “ хэмээн нэрийдсээр ирсэн байдаг.
Хүрээ цам нь хэдийгээр Төвдөөс уламжлагдсан боловч монгол төрх байдал,
монгол зан үйлийг нэгэнтээ шингээсэн бидний шашны соёлын нэгэн чухал өв
болтлоо хөгжин дэлгэрч чадсан байх юм. Цам бүжиг нь нэг талаасаа соёл
урлагийн нандин өв, нөгөө талаас аливаа зовлон зүдгүүр, муу бүхний
үндэсийг таслан амирлуулах зорилготой шашны зан үйл тул нүдээр үзэж
баясахаас гадна сүжиглэн залбирч биширвэл эрдэм гардаг ажээ. Ийм ч
учраас урд урдын мэргэдүүд “цам үзсэн хүний сэтгэл ариусч, ирээдүй
хойчдоо гэгээрэлд хүрэн бурхан бовьсадваа нарын гэгээн дүртэй учрахын
ерөөлийн дээд болдог” хэмээн үздэг байна.

Categories
мэдээ спорт

330 харваач цэц мэргэнээ сорьж байна

Анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын
мэндэлсний 380 жилийн ойд зориулсан “Даншиг наадам-Хүрээ цам-2015”
шашин, соёлын наадмын Сур харваанд нийт 340 орчим харваач өчигдөр өдрөөс
хойш цэц мэргээ сорьж өнөөдөр 14:00 цагт дүн нь гарах юм.

Эрэгтэй 230, эмэгтэй 110 харваач сум
тавьж нум эвшээлгэж байна. Сур харваанд Д.Норжмаа, Л.Отгонбаяр тэргүүтэй
Монгол Улсын мэргэн 23, спортын цол зэрэгтэй 180, 100 гаруй залуу
харваач оролцож байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Таеквондогоор шинэ амжилт тогтоосон хүүхдүүд

БНСУ-д өнгөрсөн сарын 18-наас энэ сарын 2-ны хооронд таеквондогийн олон улсын нээлттэй гурван цуврал тэмцээн болсон. Энэхүү тэмцээнд манай өсвөрийн 15 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт оролцсон юм. Тэд 12 алт, таван мөнгө, найман хүрэл медаль хүртэн бусад орнуудын тамирчдаас илт илүү гэдгээ харуулсан юм. Энэ нь манай таеквондогийн түүхэнд шинэ дээд амжилт боллоо. Уг цуврал тэмцээнүүдэд Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид болох С.Янжинлхам, М.Түмэнбаяр, н.Тэмүүжин, н.Нацагдорж, н.Оюун-Эрдэнэ нар оролцсон бол тэдний дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Хо Ин Ён нар ажиллажээ.

Харин бага насны ангилалд Монголын таеквондогийн өсвөрийн шигшээ багийн тамирчид болох Т.Энхжин, М.Цэгц, Б.Билгүдэй, Б.Энх-Амгалан, Т.Өсөхбаяр, Г.Түвшин нар оролцож, дасгалжуулагчаар өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Ү.Ган-Эрдэнэ ажилласан аж. Өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалд Улаанбаатар хотын Налайх дүүргийн тамирчин О.Энхбилгүүн, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын тамирчин М.Мөнхбат, Орхон аймгийн тамирчин Э.Баасанханд, О.Азхүү нар оролцсон. Дасгалжуулагч Хо Ин Ён “Монголд таеквондогийн спорт маш сайн хөгжиж байна. Би монгол хүүхдүүдэд таеквондо заагаад хоёр жил боллоо. Энэ хугацаанд монгол хүүхдүүд миний санаж байснаас илүү хурдан энэ спортоор суралцаж, амжилт гаргаж байгаа. 2020 онд болох олимпийн наадамд өрсөлдөх, сайн тамирчид болон өснө гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэмцээнүүдийн талаар тодруулахад, хамгийн эхэнд долдугаар сарын 18-20-нд Жонжугийн олон улсын нээлттэй тэмцээн болсон. Зөвхөн энэ тэмцээнд л гэхэд 37 орны 4500 гаруй тамирчид хүч үзжээ. Тэмцээний пүмзэ буюу таеквондогийн техникийн төрлийн 9-10 насны ангилалд Т.Энхжин хүрэл медаль авсан нь тун “булган сүүлтэй” байжээ. Үргэлжлүүлэн дээрх төрлийн 10-11 насанд Б.Энх-Амгалан алт, 12-13 насанд М.Цөгц хүрэл, 12-13 насанд Б.Билгүдэй хүрэл, Т.Өсөхбаяр хүрэл медаль тус тус хүртсэн юм. Мөн 13-14 насанд Г.Түвшин пүмзэ төрөлд хүрэл медаль хүртээд зогсохгүй тулааны төрөлд нас нэмж орон өсвөрийн ангиллын 55 кг-д мөнгөн медаль авсан байна. Түүнчлэн Үндэсний шигшээ багийн тамирчин С.Янжинлхам 49 кг жинд алтан медалийн эзэн болсон.

Түүний дараа өнгөрсөн сарын 22-27-ны өдрүүдэд болсон Чунчоны олон улсын нээлттэй тэмцээнд 57 орны 4300 гаруй тамирчид оролцсон байна. Уг тэмцээний 8-10 насны 35 кг-ын жинд Т.Энхжин алт, 10-11 насны 35 кг-ын жинд Б.Энх алт, 11-13 насны 34 кг-ын жинд Б.Билгүдэй алт, 11-13 насны 38 кг-ын жинд Т.Өсөхбаяр алт, 11-13 насны 45 кг-д М.Цэгц мөнгөн медаль хүртсэн. Мөн О.Баасанханд 57 кг-ын жинд, М.Мөнхбат 58 кг-ын жинд тус тус мөнгөн медаль хүртсэн байна.Сүүлийн тэмцээн долдугаар сарын 30-наас энэ сарын 2-ны өдрүүдэд зохиогдсон Сонгнам хүүхдийн олон улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Үүнд 14 орны 1300 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Т.Энхжин, Б.Билгүдэй, Б.Энх-Амгалан, Т.Өсөхбаяр, М.Цэгц нар жин жиндээ тэргүүлж, алтан медалийн эзэд болцгоожээ. Мөн Хөтөл хотын тамирчин М.Мөнхбат хүрэл медаль, Налайх дүүргийн тамирчин О.Энхбилгүүн алтан медаль, Орхон аймгийн тамирчин Э.Баасанханд мөнгөн медаль, О.Азхүү хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирцгээсэн юм.

Чунчон болон Сонгнам хүүхдийн олон улсын таеквондогийн тэмцээнд мөнгө, хүрэл медаль хүртсэн М.Мөнхбат “Энэ тэмцээнд оролцохын тулд маш их хүчин чармайлт гаргаж хөдөлмөрлөсөн. Өмнө нь би таеквондогийн пүмзэ болон үзүүлэх тоглолтын төрлөөр олон тэмцээнд оролцож байр эзэлж байсан. Харин энэ удаад таеквондогийн тулааны төрлөөр анх удаагаа оролцож амжилт гаргасандаа баяртай байна. Анх зодолдож суръя гэж энэ спортыг сонирхсон ч хичээллэх явцдаа таеквондо гэдэг зүгээр нэг спорт биш, бие хамгаалах хамгийн том урлаг юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс улам бүр энэ спортод дурлаж тууштай хичээллэн илүү их амжилт гаргахыг хүсдэг. Бид өдөрт дунджаар 7-8 цаг бэлтгэл хийж байгаа. Цаашдаа олимп, дэлхийн аварга болж эх орныхоо тугийг олон улсын дэвжээнд мандуулахыг хүсдэг. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн төлөө маш их хичээж, хөдөлмөрлөнө” гэж ярилаа. Тэдний бүгдийнх нь хүсэл олимп, дэлхийн аварга болох аж. Таеквондогийн төрөлд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсан эдгээр тамирчдын их спортын замд нь амжилт хүсье.

Ж.БАЯР