Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Батсуурь: Өршөөлийн хууль ямар ч эерэг үр дүн авчрахгүй

Х.Батсуурь эдийн засагч, инженер мэргэжилтэй. Английн Лондонгийн Эдийн засгийн их сургууль, болон АНУ-ын Вашингтоны их сургуульд боловсрол эзэмшсэн. АНУ-д байрлах Дэлхийн аюулгүй байдлын хүрээлэн, Дэлхийн банк, MCG капитал хөрөнгө оруулалт, Тетра Тек инженер технологийн корпораци зэрэг байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байсан судлаач юм. Түүнтэй Өршөөлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, улс орны өрийн асуудлаар ярилцлаа.

-Өршөөлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гаргах нь үнэхээр зарим улстөрчдийн тайлбарлаж байгаа шиг эдийн засаг тэлэх боломж авчрах уу?

-Тэгэхээр 2007 оны 12 сарын 28-нд Татварын хуулиудад өөрчлөлт оруулах тухай хууль баталсан санагдаж байна. 2008 оны хоёрдугаар сард Татварын өршөөлийн тухай хууль баталсан. Энэ хоёр хууль хоорондоо холбоотой. Тодорхой хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд татварын өршөөл үзүүлэх зорилготой хууль байсан. Үүнээс хойш долоон жилийн дараа бид бас дээрхтэй ижил төстэй хоёр хуулийг оруулж ирээд хэлэлцэж байна. Судлаач, эдийн засагчийн үүднээс харвал Өршөөлийн хууль ямар ч эерэг үр дүн авчрахгүй. Гадаад улс орнуудын туршлагыг нэгдүгээрт би авч үзлээ. Хоёрдугаарт манай улсад долоон жилийн өмнө энэ төрлийн хуулиуд хэрэгжсэн байдлыг судаллаа. 2007-2008 онд батлагдсан яг тэр хууль үндсэндээ бага зэрэг өөрчлөгдөөд хэлэлцэгдэж байна. 2008 оны Татварын өршөөлийн хуулийн талаар гаргасан албан ёсны дүн шинжилгээ, судалгаа баримтууд байдаггүй юм байна. Зөвхөн хоёр гурван тоо явдаг. Тэр тоог аваад үзэхээр бодит байдалд нийцэхгүй байна. Энэ талаар хамгийн их ярьж байгаа хүн Урбанекийн гэгддэг Б.Лхагжав. Тэр хүний ярьж байгаагаар тухайн үед олон хүн нуусан дарсан хөрөнгөө ил болгосноос эдийн засагт 4,5 тэрбум долларын хөрөнгө бий болсон гэж ярьдаг. Хамрагдсан хүрээ нь бага, цөөн тооны компани хамрагдсан гэж гомдол мэдүүлдэг. Хэрвээ үнэхээр 4,5 тэрбум долларын хөрөнгө ил гарсан бол эдийн засаг тэр хэмжээгээр тэлэх байсан. Яагаад гэвэл энэ мөнгө тухайн үеийн ДНБ-тэй тэнцэх хэмжээтэй. Татварын орлого бууралттай гарсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль батлагдсанаас хойш бүтэн жилийн дараа харин ч дордсон. Үүнийг тоогоор хэлье. 48163 мянган аж ахуйн нэгж 2008 онд бүртгэгдсэн. Дараа жилд 52175 болж өссөн. Өмнөх жилээс 8,5 хувиар өссөн байна. Гэтэл хууль хэрэгжсэний дараа шинээр олон компани бүртгүүлсэн гэдэг нь худлаа болж таарч байна. Яагаад гэвэл сүүлийн 15 жилийн дунджаар том татвар төлөгч компаниудын тоо дунджаар 15 хувиар өсч байсан. Харин Өршөөлийн хууль гарсны дараа татвар төлөгчдийн тоо дөнгөж 8,5 хувиар өссөн байх юм. Үнэхээр тэр олон компани ил гараад шинээр бүртгүүлсэн бол энэ тоо бас хэмжээндээ байдаггүй юм аа гэхэд өсөх учиртай. Сонирхолтой нь 2007 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 253 тэрбум төгрөг байжээ. 2008 оны эцсийн дүнг авч үзвэл аж ахуйн орлогын албан татвар 205 тэрбум болж буурсан байна.

-Тэгвэл өмнөх Татварын өршөөлийн хуулийн үр шимийг хэн хүртсэн юм бэ?

-Цөөн тооны хэдхэн компани хүртсэн гээд байгаа юм. Дахиад долоон жилийн дараа бусад нь татварын өршөөлийн үр ашгийг хүртэх ёстой гэнэ. Юуны өмнө 2008 онд хэрэгжсэн Татварын өршөөлийн хуулинд хамрагдсан компаниудыг, өршөөл хүртсэн мөнгөн дүнтэй нь ил болгох ёстой. Татварын өршөөлийн хуулийг зөв гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл ямар ч улсын практикт долоон жилийн давтамжтайгаар Татварын өршөөл үзүүлдэг туршлага байхгүй. Энэ уг үндсээрээ буруу. Үнэхээр энэ хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол өмнө нь татварын өршөөлд хамрагдсан компаниуд дахин өршөөгдөх ёсгүй. Татварын өршөөлийн хуульд хувь хүн, компани нэг л удаа хамрагдахад хангалттай. Компани дунджаар 40-50 жил амьдардаг. Тэгвэл 50 жилд нэг л удаа өршөөл үзэх ёстой. Нэг компани долоон жилийн давтамжтайгаар өршөөлд хамрагдаад явчихвал сөрөг үр дагавар ихтэй. Хамгийн гол нь татвараа шударгаар төлж ирсэн компаниудад хохиролтой. Хоёрдугаарт ёс суртахууны сөрөг нөлөөг бий болгодог. Бусад компаниуд татвар төлөхгүй байхыг эрмэлздэг. Магадгүй тодорхой тооны компаниуд татварын өршөөл эдлээд байх юм бол монополь үүсгэнэ.

-Өршөөлийн хууль өмнөхөөс зарчмын ялгаагүй гэж та хэлэх гээд байна уу?

-Зарчмын ялгаа байхгүй. Харин ч нууц эвгүй заалтууд орсон байна. Тухайлбал Өршөөлийн хуулийн төслийн гурвын нэгт, Эрүүгийн хуулийн 158, 159, 161,166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөнө. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан этгээдүүд энд хамаарна гэсэн. Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйл анги гэхээр үнэт цаасны хууль тогтоомж зөрчих тухай хууль гэж байна. Даатгалын асар их гэмт хэрэг гарсан. Оршин суугчид хэлэлгүйгээр Орон сууцны конторуудаар дамжуулаад мөнгө авдаг хэрэг, Өршөөлийн хуульд хамрагдахаар хуулийн төсөлд тусгасан байна. Энэ бол хамгийн наад захын хэрэг. Татвар төлөхөөс зайлсхийсэн гэх мэтээр эдийн засгийн том хэргүүдийг өршөөх нь. Үнэт зүйлсийг хулгай хийгээд хилээр гаргасан гэх мэтээр гэмт хэргийг өөгшүүлсэн цогц бодлого хэрэгжих нь. Дээрээс нь аудитийн хууль дүрэм зөрчсөн бол, чи 10 сая төгрөгийн ашигтай ажиллаад ашиггүй ажилласан гэвэл ямар ч асуудалгүй өршөөгдөөд явж байна. Өршөөлийн хуульд байгаа хамгийн ноцтой асуудал татварын акт тавигдсан нь төлөгдөхгүй байхаар болж байна.

-Бусад орны хувьд юуг нь өршөөдөг жишиг байдаг вэ?

-Татварын өршөөл үзүүлэхдээ хэзээ ч татварын актыг өршөөдөггүй. Хөрөнгөө ил болголоо, одоо байгаа татвараа төлөх эдийн засгийн боломжгүй байсан бол мөнгөн торгууль, эрүүгийн хариуцлагаас өршөөж болно. Тавигдсан татвараас өршөөнө гэдэг хуулиа үгүйсгэж байгаа хэрэг. Манайд болохоор Өршөөлийн хуулиараа хэрэгжих ёстой хуулиа үгүйсгээд хуулиа завхруулж байна. Хоёрдугаарт энэ заалтууд орсноор авлигаар хулгайгаар олсон мөнгө хөрөнгүүдийг тэр чигээр нь хуульчлаад гэмт хэргээс нь өршөөж байна. Ямар ч гадны улс оронд ийм юм байхгүй.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд шүүмжлэлтэй хандахаар юу байна?

-Ил тод байдлын хуулийн зургаагийн 4-т энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Засгийн газар батлана гэж заасан байна. Энэ хуулийн төслийн өмнөх хувилбар хоёрдугаар сард хэлэлцэгдсэн. Үүн дээр хуулийн дагуу өршөөлд хамрагдсан, нууцлахаар заасан мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэхийг хориглоно гэж заасан байсан. Хэрэв энэ талаар илүү дутуу юм бичих юм бол хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгохоор заасан. Тэгээд 2009 оны нэг сарын нэгнээс 2014 оны нэг сарын нэгний өдрийг хүртэл тайлан бланс хөрөнгө орлогын мэдүүлэг төрийн архивт үлдэх ёстой албан бичгүүдийг устгахаар тусгасан. Энэ хэсгээ шинэчилсэн хувилбартаа аваад хаясан. Шинэ хувилбартаа энэ хэсгээ яаж далд хэлбэрээр оруулсан гэхээр 6-гийн 4-т зааснаараа энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Засгийн газар батлана гэсэн. Засгийн газрын журмыг хууль батлагдсан хойно өөрчилж чадахгүй шүү дээ. Засгийн газар архивт байгаа авлига, татвар, гэмт хэрэгтэй холбоотой материалуудыг устгах нь байна.

-Хуулийн төсөлд судлаачид олон нийтийн саналыг авсан юм болов уу?

-Үгүй тийм юм байхгүй. Ажлын хэсэг нь олон нийтэд нээлттэй зарлах, дуудах асуудал байхгүй. Одоо ч УИХ хаалттай хэлэлцэж байгаа.

-Өрийн асуудлыг та бас судалсан гэсэн. Эдийн засгийг тэлэхийн тулд ахиад зээл авах хэрэгтэй гэсэн санал бодол байдаг. Нөгөө хэсэг нь болохоор улс орон өрийн дарамтад орлоо гэдэг. Үнэхээр улс орон дампуурах эрсдэл бий юу?

-Дампуурах магадлал бий. Үндсэндээ Монгол Улс 20,9 тэрбум долларын гадаад өртэй. Энэ бол ДНБ-ний 175 орчим хувьтай тэнцэж байгаа. Энэ бол асар их тоо.

-Гадаад өрийн таазыг ДНБ-ний 60 хувьд барихаар тогтлоо гээд байсан биш билүү?

-Улсын нийт гадаад өрийн тухай ярьж байна. Энэ хувийн компаниудын өр болон Засгийн газрын өрийг оролцуулсан тоо. 60 хувийн босго гэдэг бол Засгийн газрын гадаад өр. Бид өрийн босго гэж ярихаараа дандаа Засгийн газрын гадаад өрийг яриад байгаа юм. Гэтэл эдийн засаг 80 хувь хувийн хэвшлээс хамааралтай гэдэг. 16 тэрбум долларт хүрээд байгаа хувийн хэвшлийн гадаад өрийг ярихгүй байгаа. Энэ бол эдийн засагт асар их дарамт учруулах өр.

-Хувийн хэвшлийнхэн эргээд ашгаа олохоор төслүүдэд зээлээ зарцуулсан байлгүй дээ?

-Тэгдэггүй л байхгүй юу. Хүмүүс ингэж боддог. Гэтэл Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болонгуутаа УИХ-д хэлсэн үгэндээ “2008-2009 оны санхүүгийн хямралын үед бусад орнуудад үр дүнтэй хэрэглэсэн “Bail Out”-ын аргыг одоо бид хэрэглэх цаг болсон. Компаниуд банкнаас нэмж зээл авах, барьцаалах хөрөнгө үндсэндээ байхгүй болж, бие биендээ авлага, өглөгийн асар том сүлжээг үүсгээд байна” гэж онцолсон шүү дээ. Bail out гэдэг маань Засгийн газрын барьцаагаар өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр компаниудаа аврана гэсэн үг. Тэгэхээр бодит байдалд эдийн засгийн дүн шинжилгээ хийж үзвэл манай Засгийн газар хэм хэмжээнээсээ хэтэрсэн өртэй, хувийн корпорациуд ч хэмжээнээсээ хэтэрсэн өртэй болсон. Эдийн засгийн бодит чадавхи байхгүй учраас Засгийн газартаа хандаад bail out хий гэж байгаа юм. Энэ нь Засгийн газар тэдэнд авралын мөнгө өгөх ёстой, авралын зээл олгох ёстой гэсэн үг. Гэтэл манай улсын гадаад өр 21 тэрбумаас ч давсан байх магадлалтай. Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор нэмж зээл авсан. Доллар 1995 хүрч байна. Эдийн засаг улам хүндрээд байдаг. Тэгсэн мөртлөө нэмж зээл аваад байдаг.

-Ноцтой сонсогдож байна шүү?

-Энэ датанууд ил байгаа. Энд ямар ч хүн анализ хийх боломжтой. Энд би ямар ч нууц дата ашиглаагүй. Олон нийтэд хүртээлтэй байгаа мэдээллүүдэд үндэслэсэн дүгнэлт. Монгол банкны сайт руу ороод үз. Саяын тоонууд гараад ирнэ. Хамгийн гол нь олон улсын стандартыг мэдэж байх ёстой.

-Улс орон хэзээ дампуурах магадлалтай гэж та үзэж байна?

-2017 онд дампуурлаа зарлах магадлал маш өндөр. Яагаад гэхээр зээлээр нөхөөд амьдарч байна. Нэмж зээл авах магадлал ч гарч ирж байгаа. Гуйланчлалаар амьдраад 2017 оноос эхлээд бидний авсан гадаад зээлүүд төлөгдөж эхлэнэ. 2008-2009 онуудад авсан хувийн корпорациудын зээлийн хугацаа нь 2017-2021 онд дуусч байгаа. “Чингис бонд”, “Самурай бонд”, Хөгжлийн банкны бондуудын зээл бас яг 2012 онд авсан. Ерөөсөө 2017 оноос хойш сэхэл байхгүй цохилтод орох гээд байна.

-Тэрнээс өмнө ашиг өгөх төслүүд байгаа байлгүй дээ. “Таван толгой”, “Оюу толгой” гээд яриад байгаа?

-Тийм эдийн засгийн бодит нөөц бололцоо байхгүй. Эдийн засгийнхаа явцыг хар л даа. Систем нь буруу. Одоо ч “Оюу толгой”-н ил уурхай ашигтай ажиллаж байгаа. Гадныхны мэдэлд ихэнх хувь нь байдаг учраас бүдүүлгээр хэлэхэд орлогыг нь нуугаад, ашгийг нь гаргахгүй өөрсдийнхөө бусад салбар руу оруулж байгаа. Африкт эсэргүүцэл гараад төслүүд нь алдагдалтай байгаа учраас манай энэ төслөөр барьцаалж, мөнгө босгоод, тэр мөнгө нь цаашаагаа яваад, манай төсөл рүү орохгүй байна. “Оюу толгой”-г бид одоогийн байдлаар эдийн засгийн хамгийн өгөөжтэй хэлбэрээр ашиглаж чадахгүй, алдагдалд орчихсон. “Оюу толгой” дээр Монгол Улсад хамгийн багадаа нэг тэрбум долларын өр үүсчихээд байгаа. “Оюу толгой”-г зуун хувь хяналтандаа авч чадах юм бол эдийн засаг сэргэнэ. Гэхдээ гадаад, дотоодын хулгайч нар хамтарч ажиллаж байгаа. Улс орон тэдэнд хамаа байхгүй. “Таван толгой”-д жаахан хөрөнгө оруулалт хэрэгтэй. Шударга, эх оронч сэтгэлгээтэй хүмүүс хөрөнгө босгоод явж болно. Тэгүүлэхгүйгээр хувийн корпорациуд булаацалдаад алалцаад байгаа юм. Таван толгой ил уурхай. Тэнд асар их хөрөнгө оруулалт хэрэггүй. Хятадууд нүүрс худалдаж авахгүй, эсвэл нүүрсний үнийг зориудаар унагах дарамтууд л бий. “Таван толгой”-г үнэгүйдүүлэх цогц бодлогын нэг хэсэг нь нүүрсийг үнэгүйдүүлэх байсан.

-Тэгээд бид яах ёстой вэ?

-2017 он тулаад ирэхээр өрийг өрөөр, зээлийг зээлээр төлнө. Нэмэлт зээл аваад авсан зээл нь хуучин зээлээ дарахад явна. Энэ бол ганцхан Монголд болж байгаа асуудал биш шүү. Хоцронгуй хөгжилтэй улс орнуудад түгээмэл байдаг зүйл. Ялангуяа уул уурхайн баялаг ихтэй улс орнуудад хэрэгжээд ирсэн асуудал. Урт хугацааны түрээс нэрийн дор магадгүй газар нутаг зарагдана. Том том ордууд тэр чигээрээ гадны мэдэлд очно. Тэгж өрөө дарж болно. Эдийн засгийн бололцоо бол байхгүй. Одоогийн энэ мэргэжлийн бус хандлагаар явбал бид 2017 оноос наана ч дампуурч болно. Мэргэжлийн хүмүүс дорвитойхон бодлогын өөрчлөлт хийвэл 2017 оны цохилтыг зөөлрүүлж магадгүй.

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

“Хирошимагийн цурхиралт”

-ДЭЛХИЙН II ДАЙНЫ ШУВТАРГА 1945 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 6-НД ЯПОНЫ ХИРОШИМА ХОТОД АТОМЫН БӨМБӨГ ХАЯСНЫ 70 ЖИЛИЙН ОЙ ӨЧИГДӨР ТОХИОЛОО

Польшийн хєгж­мийн зо­хиолч Кшиштоф Пендерецкий 1960 онд “Хирошимагийн эмгэнэлийн дуулал” буюу “Хирошимагийн цурхиралт” хэмээх маш сонин хийцтэй симфони зохиол бичсэн. Энэ нь 52 утсан хєгжимд бичсэн, хорьдугаар зууны эхний хагасын хамгийн алдартай авангард бїтээлїїдийн нэг юм. “Хирошимагийн цурхиралт” эмгэнэлийн дуулал нь гарсан даруйдаа дэлхий дахины сонирхлыг асар ихээр татаж, 28 настай залуу хєгжмийн зохиолч Пендерецкийг ихэд алдаршуулжээ. Пендерецкий 1961 онд энэ зохиолоороо ЮНЕСКО-гийн шагнал хїртэв. Уртаашаа найман минут гуч орчим секунд їргэлжилдэг энэ зохиол нь уламжлалт хєгжмийн дуугаралт, дуурьсах боломжийг орчин їед цоо шинээр нээсэн бїтээл байв. Ийнхїї хєгжмийн зэмсгийн характерыг шинээр нээх нь тухайн хєгжмийн зэмсгийн дуугарах боломжийг маш эртний, язгуур, євєрмєц онц­­логоор нь дамжуулан зэмсгийн тембр, эрч хїчийг илїї нарийвчлалтайгаар нээн харуулахыг зорьдог. “Хирошимагийн цурхиралт” бол чухамдаа ийм бїтээл юм. Хожим нь Пендерецкий энэ талаараа “Эхэндээ энэ нь абстракт тєсєєлєл тєдий байж, сэтгэл дотор минь байнга сонсогддог байлаа. Харин яг бичиж байх їедээ би маш хїчтэй сэтгэлийн хєдєлгєєнд автсан байлаа” гэсэн байдаг. “Хирошимагийн эмгэнэл” нь дуулал хэмээх тєрєл жанрынхаа хувьд бад­­рангуй ариун байдал, сїйрэл гамшгийн аль алийг нь єгїїлдэг. 1964 оны арав­дугаар сард Пендерецкий бичихдээ “Энэ бїтээл маань Хирошимагийн хор хохирлыг хэзээ ч мартаж орхих учиргїй гэсэн миний гуйвшгїй итгэл їнэмшлийн илэрхийлэл байлаа” гэжээ.

Тэрбээр энэ бїтээлээрээ хєгжмийн уламжлалт би­чилтээс ангид байж хєгжимч­дєєс хєгжимдєх ур чадвар, єєрєєр хэлбэл, нїдэнд “їл їзэгдэх дїрслэл”-їїдийг гаргаж тавих єргєн боломжийг нээж єгсєн. “Цурхиралт” бол хєгж­­мийн єнгєний дїрслэлийн багтаамжийг асар єргєн дэлгэр болгон боловсруулж, єнгєний єгїїлэх чадварыг хїчтэй нээсэн бїтээл билээ. Орчин цагийн хєгжмийн гайхамшигтай энэ бїтээлийн зохиогчийн амьдрал намтраас одоо товчхон сонирхуулъя. Кшиштоф Пендерецкий 1933 онд тєрсєн. Тэрбээр хєгжмийн зохиолчоос гадна удирдаач хїн юм. Тїїнийг єнєє цагт амьд байгаа суутан гэж ч нэрлэж байв. Пендерецкий дєрвєн дуурь, найман симфони, найрал дууны, дан хєгжмийн олон арван бїтээл бичсэн. Хєгжмийн зохиолчийн карьер нь 1959 онд Варшавын намрын фестивалиас эхэлжээ. 1970-аад оны дунд їеэс авангардизмаас татгалзаж симфони хєгжмийн хєг эгшигжїїлэг, зэмсгийн дуугарах ер бусын боломж, этгээд євєрмєц тєрх аль алийг нь ашиглах болсон байна. Энэ шинэ хандлагаа баялаг эгшигжїїлэг, аялгууны яруу тунгалаг, энгийн найруулга бїхий Хийлийн нэгдїгээр кон­церт, Хоёрдугаар симфони, “Польш реквием” зэрэг бїтээлдээ хэрэгжїїлж эхлэв.

2008 онд 75 насныхаа тєрсєн єдрєєр тэрбээр Гер­манд болдог Рейнгоугийн олон улсын хєгжмийн их наадамд “Польш реквием”, “Кредо” тэргїїт гурван бїтээлээ єєрєє удирдан тоглуулав. 2001 онд “Кредо” бїтээлээрээ Грэммийн шагнал хїртсэн. “Кредо”-гийн дэлхийн нээлт Орегоны Бахын фестивалийн тайзнаа эгшиглэж байв. Гурван хїїхдийн эцэг тэрбээр єдгєє Польшийн Краков хотод амьдарч туурвиж байна. “Хирошимагийн цурхиралт”-ыг дотроос нь сонсгох энэ бїтээлийн талаар товчхон єгїїлэхэд ийм. Тэр аймшигт єдєр, тэр цурхиралтыг хїн тєрєлхтєн їл мартахын учир юу вэ.

Дэлхийн хоёрдугаар дайны шувтарга 1945 оны наймдугаар сарын 6-нд Японы Хирошима хотод АНУ атомын бємбєг хаясны 70 жилийн жилийн ой єчигдєр тохиолоо. Цємийн бємбєг дэлбэрсэн газраас хэдхэн зуун метрийн зайтай байрлах Энхтайвны дурсгалын цогцолборт болсон ойн эмгэнэлийн ёслолд Японы улстєрчид, нийгмийн зїтгэлтнїїд, дэлхийн 100 улс орны тєлєєлєгчид оролцов. Атомын бємбєгийг дэлхийд анх удаа хїмїїсийн эсрэг ашигласан энэ хэрэг явдлыг эргэн санавал, АНУ-ын “Энола Гей” нэртэй “Б29” /B29/ бємбєгдєгч онгоц Хирошимад “Little Boy” (“Бяцхан хїї”) хэмээх атомын бємбєг хаясан. Їїний улмаас 166 мянган хїн амь їрэгдсэн бєгєєд олонх нь бємбєгдєлтийн улмаас їїссэн галд шатсан учир амь їрэг­дэгсдийн тоог єнєєг хїртэл тодорхой тогтоож чадаагїй байгаа. Тїїнчлэн олон мянган хїн цацраг идэвхит бодисын хор хєнєєлєєс їїдсэн элдэв євчнаар амиа алдсан билээ. Хирошимаг бємбєгдсєнєєс гурван єдрийн дараа 1945 оны наймдугаар сарын 9-нд АНУ- ын “Бокскар” нэртэй “Б29” бємбєгдєгч онгоц Нагасакид “Fat Man” (“Тарган залуу”) хэмээн нэрлэсэн атомын бємбєг хаясан бєгєєд учруулсан хор хохирлоороо Хирошимагаас арай бага гэдэг. Энэ їеэр 80 мянган хїн амь їрэгдэж, Хирошимагийн нэгэн адил бємбєгдєлтийн дараах гамшгийн улмаас мєн олон мянган хїн амь насаа алдан, япончуудын удмын санд нєхєгдєшгїй гай зовлонг авчирсан. Хирошимагийн бємбєгдєлтийн хор уршиг їргэлжилсээр байгаа нь їнэндээ тєсєєлшгїй юм.

Одоо Япон улсад ажиллаж байгаа Олон улсын Улаан Загалмайн нийгэмлэгийн эмнэлгїїд атомын бємбєгийн дэлбэрэлтэд єртсєн олон мянган хїнд, тэдний хїїх­дїїдэд эмнэлгийн тусламж їзїїлсээр байгаа тухай 70 жилийнх нь ойн ємнєх энэ єдрїїдэд тус нийгэмлэг мэдээлэв. Уг мэдээллээс їзвэл, Хирошимагийн атомын бємбєгдєлтєєс амьд їлдсэн хїмїїст зориулсан эмнэлэгт 2014 оны гуравдугаар сараас 2015 оны дєрєвдїгээр сар хїртэл 4657 хїн эмчлїїлсэн бєгєєд тэдний гуравны хоёрт нь уушги, бєєр, гэдэсний хорт хавдар туссан гэжээ. Харин Нагасаки хот дахь “Генбоку” эмнэлэгт сїїлийн нэг жилд атомын бємбєгдєлтєєс амьд їлдсэн 6030 хїн эмнэлгийн тусламж авчээ.

Н.Пагма

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-нд “Эдийн засаг ойрын хоёр жилдээ сэргэхгүй таамагтай ч Оюу толгой хөдөлбөл…” нийтлэл гарлаа

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдлээ. Өнгөрсөн
амралтын хоёр өдөр нийслэлчүүд Хүй мандлын дэнж дээрээ хоёр өдөр даншигдлаа.
Манай сонин Даншиг наадам дээрээс “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Даншигийн
сонин сайхныг өнөөдрийн тэргүүн нүүрнээс уншина уу. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
улс төрд өрнөж буй үйл явдлын талаар ярилцлага өглөө. Засгийн газрын хэрэг
эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн өнгөрсөн долдугаар сараас хойш хоригдож
байгаа. Тэрбээр өөрийг нь эрүүдэн шүүж байна гэж үзээд өнгөрсөн баасан гаригаас
өлсгөлөн зарлаж эхэлжээ. Энэ тухай түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням анх удаа
ярилцлага өглөө.

Баримт
үзэл бодлын нүүрт манай сэтгүүлч Ц.Баасансүрэн эдийн засгийн нөхцөл байдал,
ирээдүйн талаар тойм бичлээ. Түүний “Эдийн засаг ойрын хоёр жилдээ сэргэхгүй
таамагтай ч Оюу толгой хөдөлбөл…” нийтлэлийг III нүүрээс уншина уу.

БНСУ-д
ажиллаж байсан манай улсын гурван иргэн харамсалтайгаар амиа алдсан. Мөн
өнгөрсөн долоо хоногт найман иргэн усанд осолдож амиа алдсан байна. Энэ талаарх
сэрэмжлүүлэг мэдээллийг XI нүүрээс уншина уу.

Солонгосын
хойг чөлөөлөгдсөний 70 жилийн ойд зориулан доктор Б.Лхагваатай хийсэн ярилцлага
өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ. Мөн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Улс төр
судлалын тэнхимийн эрхлэгч С.Мөнхбат улс төрд өрнөж буй үйл явдлын талаар
судлаачийн хувиар ярьсан юм. Түүнийхээр Ардчилсан нам 2016 оны сонгуульдаа
бэлдээд эхэлжээ. Дэлгэрэнгүй ярилцлагыг V нүүрээс унших боломжтой. Соёл урлагийн нүүрт хийлч Дээгий
ярилцлага өглөө. Тэрбээр энэ жил тоглолтоо хийх үү, сургуулийнх нь онцлог юу вэ
гэх зэргийг ярилцлагаас нь уншина уу.

Эдгээр болон цаг үеийн бусад
мэдээ мэдээллүүд манай өнөөдрийн дугаарт гарлаа.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч
та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь
35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас
очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан
авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын
үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх
сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн
сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той
холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба
энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт
холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт
холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН
СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Архангай нутгаас 93 жилийн дараа Даншгийн арслан цолтон төрлөө

Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд хүчит 256 бөх зодоглосон. Даншиг наадмын бөхийн барилдаан нь Үндэсний их баяр наадам, Сар шинийн баярын бөхийн барилдаанаас өөр зохион байгуулалтаар явагдсанаараа онцлог байлаа. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын үеэр бөхчүүд цолныхоо эрэмбээр оноолтоо авч барилддаг бол Даншиг наадмаар цолны эрэмбэгүй, сугалаагаар оноолт таарч хүч үзсэн. Уг барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд ямар ч цолгүйгээр сугалаа татан барилдсан. Ховд аймгийн Буянт сумын харьяат Оргихын Хангай Увс аймгийн Давст сумын харьяат Пүрэвийн Бүрэнтөгсөөр тав давж даншигийн начин, Булган аймгийн Могод сумын харьяат уран барилдаант Эрдэнэбилэгийн Энхбат Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Сүхбаатарын Мөнхбатыг шодооны барьцнаас давснаар даншигийн начин цолны болзол хангасан. Энэ жил шинээр улсын начин болсон Сүхбаатар аймгийн Мөнххөөн сумын харьяат Болдбаатарын Батжаргал Хөвсгөлийн Хөхчирэнгэрээр мөн л тав даван туг тойрлоо. Хөвсгөлийн Тосонцэнгэлийн Цэдэвийн Содномдорж бэлтгэл сайтай байгаагаа харуулж Сэлэнгийн Орхонтуулийн Түвдэндоржийн Өсөх-Ирээдүйг орхисон бол Баянхонгор аймгийн Заг сумын харьяат Дашдоржийн Цэрэнтогтох Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Д.Амарсайханд тахим буулгасан юм. Ховдын Чандманийн Б.Пүрэвсайхан даншиг наадамд Баянзүрх дүүргийн бөх хэмээн зарлуулан барилдсан бөгөөд Булганы Б.Хашбатыг түвэггүй орхин илүүрхсэн. Архангай аймгийн Булган сумын харьяат Рэнцэнбямбын Пүрэвдагва Булганы Бүрэгхангайн М.Өсөхбаярыг давснаар анхны даншгийн начин цолтнууд болсон.

Харин зургаагийн даваанд Б.Пүрэвсайхан Ц.Содномдоржид, Б.Гончигдамбын хувьд Д.Амарсайханыг гуд татан шилдэж дараад түвэггүй давснаар даншигийн өсөх идэр начин болсон бол Р.Пүрэвдагва Бо.Батжаргалаар, Э.Энхбат О.Хангайг орхисноор улсын өсөх начин цолтойгоо дүйхүүц даншигийн өсөх идэр начин болсон юм. Харин шөвгийн дөрөвт Б.Гончигдамба Булганы Э.Энхбаттай барилдан давхар шуудагнаас гараа холбон өргөж давсан бол, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэлийн Ц.Содномдорж Архангайн Р.Пүрэвдагвад өвдөг шороодлоо. Даншигийн заан цолны болзол хангасан Б.Гончигдамба, Р.Пүрэвдагва нар үзүүр түрүүнд үлдсэн юм. Архангайн Булганы Р.Пүрэвдагва Гончигдамбаас барьц дутуу байсан ч барьцаар ааглан шахахад нь тонгорч давснаар хорин нэгдүгээр зууны анхны даншиг наадамд найм даван түрүүллээ. Түүнээс өмнө 1922 оны даншиг наадамд Луу гүний Вандан аварга даншиг наадамд түрүүлж байсан түүхтэй билээ

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн эрхлэгч нарт хариуцлага тооцжээ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хариуцлага тооцох тухай захирамж гаргажээ. Үүнд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад заасан улирлын төсвийн гүйцэтгэлийг хуулийн хугацаанд шилэн дансны цэст байршуулаагүй Сонгинохайрхан дүүргийн 92 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Лхагважид, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Ариунаад сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсугай” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөө орой 100 айлын замыг хаана

Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор энэ сарын 8-10-ны хооронд дараах зарим авто замыг түр хугацаагаар хаахаар болсон. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн VII хороо, 100-н айлын авто замыг наймдугаар сарын 9 буюу өнөө оройны 22:00 цагаас маргааш өглөөний 08:00 цаг хүртэл хааж, бохир усны шугам засварлах юм байна. Түүнчлэн 120 мянгатын уулзвараас Их Монгол Улсын гудамж хүртэл замыг наймдугаар сарын 8-ны 22:00 цагаас 10-ны 08:00 цаг хүртэл хааж дулааны магистраль шугамын угсралтын ажил хийх аж.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цэрэг”-үүд ирэх лхавга гаригт халагдана

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Төв аймгийн Алтанбулаг суман дахь Сургалтын нэгдсэн төвд цэргийн мэргэжлийн бэлтгэлд гарсан “Оюутан цэрэг”-үүдээ эргэлээ. Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан хамрагдаж, долоон их, дээд сургууль дээр зургаан бүлгээр онолын мэргэжил сургалт явуулсан юм. Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт өнгөрсөн зургадугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд энэ сарын 12-нд Чингисийн талбайд тангараг өргөснөөр өндөрлөх аж. “Оюутан цэрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэж, улс орноо батлан хамгаалах иргэдийн бэлтгэл сайжирч, их дээд сургууль төгсөгчид Төрийн албанд орж ажиллах нөхцөл бүрдэж байгаа. Мөн оюутан залуус их дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн тусгай бэлтгэл сургалтанд хамрагдах замаар цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломжтой болсон юм. “Оюутан цэрэг” хөтөлбөрт 2014 онд 418 оюутан хамруулан бэлтгэж, цэргийн тангараг өргүүлэн, буудагч тасгийн дарга баг мэргэжлээр бэлтгэсэн байдаг. Энэ жилийн оюутан цэргүүд ч буудагч тасгийн дарга баг мэргэжлээр бэлтгэгджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Даншгийн начин цолны болзол хангасан бөхчүүдийн нэрс тодорлоо

Жил болгон зохион байгуулагдахаар болж
байгаа “Даншиг наадам – Хүрээ цам – 2015”-ын хүчит бөхийн барилдааны
тавын даваа эхэллээ. Бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол
харгалзахгүйгээр сугалаагаар барилдаж байна. Монголын Бурхан шашинтны
төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд
Даншгийн Арслан, үзүүрлэсэн бөхөд Даншгийн Заан, зургаа давсан бөхөд
Даншгийн чимэгтэй Начин, тав давсан бөхөд Даншгийн Начин цолыг тус тус
олгож, үнэмлэх тэмдгийг гардуулах юм. Энэхүү олгосон цол нь зөвхөн
“Даншиг – Хүрээ цам” наадамд л хүчин төгөлдөр үйлчилнэ.

Тав давж “Даншгийн начин” цолны болзол хангасан бөхчүүд:

1.О.Хангай

2.Э.Энхбат

3.Бо.Батжаргал

4.Р.Пүрэвдагва

5.Б.Гончигдамба

6.Д.Амарсайхан

7.Ц.Содномдорж

8.Б.Пүрэвсайхан

Яг одоо Хүй долоон худагт “Даншгийн чимэгтэй Начин” цол олгох зургаагийн даваа үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Н.Мөнхбаясгалангийн зээрд халзан их насанд түрүүллээ

“Даншиг наадам- Хүрээ цам 2015” наадам
энэ амралтын өдрүүдээр болж байна. Даншиг наадмын дөрвөн насны морьдын
уралдаан өнөөдөр их насны морьдын уралдаанаар үргэлжиллээ.

ИХ НАС-ны морьдын
уралдаанд Нийслэлийн Хан-Уул дүүргийн уяач Н.Мөнхбаясгалангийн зээрд
халзан морь түрүүлж, торгон жолоогоо өргүүлэв. Уралдаанд 121 их насны
морьд шандас сорьсноос НЗДТГ-ын уяач С.Очирбатын хүрэн халзан аман
хүзүүдэв. Төв аймгийн Лүн сумын уяач А.Эрхэмбаярын хүрэн айргийн
гуравт, Төв амгийн Борнуур сумын Ч.Буянхүүгийн хул айргийн дөрөвт, Төв
аймгийн Баянчандмань сумын уяач С.Чинбатын сартай хүрэн морь тус тус
айрагдлаа.

АЗАРГА – Уралдаанд Төв
аймгийн Баянцагаан сумын уяач Х.Баярбатын Хээр азарга түрүүллээ. Булган
аймгийн Дашинчилэн сумын уяач Д.Зоригоогийн Бор азарга аман хүзүүдэж,
Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Б.Шагдаржавын Хүрэн халзан азарга
айргийн гуравт, Булган аймгийн Орхон сумын уяач Б.Батсайханы Сайхан
саарал айргийн дөрөвт, Завхан аймгийн Идэр сумын уяач Ш.Үнэнбатын Дэлбэг
хээр айргийн тавд хурдалсан юм.

СОЁОЛОН насны уралдаанд
13 аймгийн 112 соёолон шандасаа сорьсоноос Төв аймгийн Бүрэн сумын
Ө.Жамаагийн “Хул” соёолон түрүүлж, Төв аймгийн Баянжаргалан сумын уяач
Б.Мөнхтүвшингийн “Хонгор халзан” үрээ аман хүзүүдэн торгон жолоогоо
өргүүллээ. Мөн Дундговь аймгийн Адаацаг сумын уяач О.Ганбаагийн “Хонгор
халзан” айргийн гуравт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уяач
Ж.Хоролбаатарын “Ембүү хээр” айргийн дөрөвт, Төв аймгийн Сэргэлэн сумын
уяач У.Ганхүүгийн “Хул” айргийн тавд тус тус хурдлав.

Categories
мэдээ спорт

Хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ

Жил болгон зохион байгуулагдахаар болж
байгаа “Даншиг наадам – Хүрээ цам – 2015”-ын хүчит бөхийн барилдааны
тавын даваа эхэллээ. Бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол
харгалзахгүйгээр сугалаагаар барилдаж байна. Монголын Бурхан шашинтны
төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд
Даншгийн Арслан, үзүүрлэсэн бөхөд Даншгийн Заан, зургаа давсан бөхөд
Даншгийн чимэгтэй Начин, тав давсан бөхөд Даншгийн Начин цолыг тус тус
олгож, үнэмлэх тэмдгийг гардуулах юм. Энэхүү олгосон цол нь зөвхөн
“Даншиг – Хүрээ цам” наадамд л хүчин төгөлдөр үйлчилнэ.

Харин яг одоо начин цол олгох тавын даваа эхэлсэн байна.