Categories
гадаад мэдээ

Мьянмарт үерийн улмаас 100-гаад хүн амиа алджээ

Өнгөрсөн зургадугаар сараас хойш Мьянмарт үер бууж, хөрсний гулгалт болсоор байгаа аж. Тус улсын засгийн газрын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, одоогоор үер болон хөрсний гулгалтын улмаас 99 хүн амь эрсэдсэн нь тогтоогджээ. Мөн 360 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Гол, нуурын ойролцоо байдаг олон байшин барилга усанд автжээ.

Албаны хүмүүсийн хэлснээр, усны түвшин нэмэгдсээр байгаа ч ус гатлах завь, сал байхгүй гэсэн шалтгаанаар олон хүн гэрээсээ явахгүй байгаа аж. НҮБ Мьянмарт есөн тэрбум долларын тусламж үзүүлэхээ амалжээ. Хоргодох байранд байгаа бүх хүнд тусламжийн хоол хүнс, эм тариа хүрэлцэхгүй байна. Байдал илүү дордож болзошгүй гэж албаны хүмүүс хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхэд хамтарна

Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн байранд өнөөдөр 12.00 цагт тус төвийн дарга Б.Нарантуяа БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны харьяа Сэргээн засалтын үндэсний төвийн ерөнхийлөгч Сеон Жээ Лиитэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

Тус хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засалтын тусламж үйлчилгээг үзүүлэх мэргэжилтнүүдийн ур чадварыг дэлхийн стандартад хүргэх сургалтанд хамруулах аж.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд аливаа ялгаваргүйгээр нийгмийн харилцаанд тэгш оролцох, бие даан хөгжих нөхцөл бүрдэж, амьдралын чанар нь сайжрах олон талын ач холбогдолтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Живж амиа алдах тохиолдол ихэсчээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Бойны тохой” гэдэг газар “Орхон” голын усанд 9 настай, эрэгтэй С живсэн байна. Энэ тухай дуудлагыг өнгөрсөн баасан гаригийн 15:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгснөөр 11 албан хаагч, хоёр завь, хоёр автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр өдрийн 08:15 цагт цогцсыг олж, аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.

Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хуучин карьерын тогтоол усанд 17 настай, эмэгтэй Л живсэн байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 17:28 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Баянзүрх гүүрний баруун талд “Туул гол”- д иргэн 29 настай, эрэгтэй Г живсэн байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 19:17 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ спорт

2019 оны сагсан бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн Хятадад болно

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ээлжит хуралд өрвөн жилд нэг удаа болдог сагсан
бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнийг 2019 онд Хятадад зохион
байгуулахаар боллоо. Уг нь 2018 онд тус тэмцээн зохиогдох байсан ч
өвлийн Олимп, хөлбөмбөгийн дэлхийн аварга, Азийн наадам зэрэг томоохон наадмуудаас зөрүүлж, нэг жилээр
хойшлуулжээ.

2019 оны сагсан бөмбөгийн дэлхийн аваргыг зохион
байгуулах эрхийн төлөө Франц, Латви, ОХУ, Венесуэль, Мексик зэрэг улс өрсөлдсөн
ч эхний шатнаас хасагдсан. Харин сүүлийн шатанд БНСУ, БНХАУ, Филиппин үлдсэн.
Ингээд сүүлийн санал хураалт явагдахад БНХАУ-д 21 гишүүний 14 нь санал өгч, урд
хөрш ялалт байгууллаа.

Өмнөх дэлхийн аваргуудад дээд тал нь 24 улсын баг
оролцдог байсан. Харин ирэх тэмцээнд 32 улсын шигшээ өрсөлдөх болов. Европ
тивээс 12, Ази, Номхон далайн орнуудаас 8, Хойд болон Өмнөд Америкаас 7,
Африкаас 5 улсын багт эрх олгох аж.

Categories
мэдээ нийгэм

Их, дээд сургуулиудын 2015-2016 оны сургалтын төлбөрийн нэгдсэн мэдээлэл

Их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт болоход багахан хугацаа үлдээд байна. Зарим сургуулиудын бүртгэл хэдийнэ эхэлжээ.

Үүнтэй холбогдуулан бид улсын сургуулиудынөнгөрсөн жилийн болон энэ жилийн төлбөрийн мэдээллийг хүргэж байна. Зарим их сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, төлбөрийн хэмжээг тогтоосон болзарим нь төлбөрөө хэд болж нэмэгдэхийг хараахан тогтоогүй байгаа аж.

Энэ хичээлийн жилийн хувьд ЕБС-ийг 19 мянган хүүхэд төгсч байгаа нь өмнөх оныхоос даруй хоёр дахин бага юм. Тиймээс элсэгчид бага байгааг харгалзан үзэж энэ жил их, дээд сургуулиуд төлбөрөө нэмжээ.

-МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ-

МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж, 2015-2016 хичээлийн жилд II-V курсийнхээ сургалтын төлбөрийг инфляцийн өсөлттэй уялдуулан 12 хувиар, шинэ элсэгчид буюу I курсийн оюутнууд мэргэжлийн чиглэлээсээ хамаарч сургалтын төлбөрөө өмнөх жилээс 30-40 хувиар нэмсэн байна. Суурь хураамж: 112.000 төгрөг байна.

1. МУИС ШУС-/ бүх хөтөлбөр/ 1р курс 68,900,2р курс 66,000, 3-4р түвшин 51,400

2. МУИС-ХШУИС-/ бүх хөтөлбөр/ 1р курс 74,000, 2р курс 71000 , 3-4р курс 51,600

3. МУИС-ХЗС-/ бүх хөтөлбөр/ 1р курс 81,800,2р курс 72,300, 3-5р курс 52100

4. МУИС-ОУХНУС-/ бүх хөтөлбөр/ 1р курс 85,300, 2р курс 75400 3-4р курс 52,400

5. МУИС-БС-/ бүх хөтөлбөр/ 1р курс 89,700,2р курс 79,400 3-4р курс 52900

6. Завхан, Орхон сургуулийн бүх хөтөлбөрүүд 1р курс 49,200,2-4р курс 47,200

-МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ-

МУБИС-ийн сургалтын төлбөр энэ хичээлийн жилд өмнөх жилийнхээсээ 10-12 хувиар нэмэгдсэн ч 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар сургуулийн удирдах ажилтнууд ярилцсан байна. Харин сургалтын төлбөрийг тодорхой гаргаагүй байгаа учраас бид өмнөх жилийн сургалтын төлбөрийн мэдээллийг оруулав.

Д/д

Дансны нэр

Данс

1

Нийгэм, хүмүүнлэгийн сургууль

5031748034

2

Урлаг, биеийн тамирын сургууль

5031748045

3

Математик, байгалийн ухааны сургууль

5031748056

4

Багшийн сургууль

5031748067

5

Боловсрол судлалын сургууль

5031748078

-ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ-

Шинжлэх ухааны технологийн их сургуулийн энэ хичээлийн жилийн төлбөр хэд болж өөрчлөгдсөн тухай элсэгчид болон хуучнаар суралцаж байсан оюутнуудад ирээгүй, тодорхойгүй байгаа юм. Наймдугаар сарын сүүлээр төлбөрийн асуудал бүрэн тодорхой болно. Албан бус мэдээгээр энэ жил суралцаж байсан оюутнуудын нэг кредитийн төлбөр дунджаар 18%-аар буюу 10.000 орчим төгрөгөөр нэмэгдэж байгаа аж. Ингээд ШУТИС 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн мэдээллийг хүргэе.

-ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ-

Хөдөө аж ахуйн их сургуулийн хувьд Нэгдүгээр курсийн оюутны сургалтын төлбөрийг25 орчим хувиар, харин бусад курсийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн сард болсон Удирдах зөвлөлийн хурлаараа шийдвэрлэсэн аж. Өнгөрсөн жил ХААИС-ийн удирдлага сургалтын төлбөрөө 49 хувиар нэмэх санал гаргаж байсан. 2013 онд ХААИС-ийн нэгдүгээр курсийн оюутны сургалтын төлбөр-1500000, дөрөвдүгээр курс-1200000 төгрөг байсан юм. Энэ тоо 49 хувиар нэмэгдэнэ гэж тооцвол 1.8-2.2 сая төгрөг болно. Тэгвэл энэ жил ХААИС-ийн төлбөр дээрх тоонд хүрээнд байна. Ийн төлбөрөө нэмж байгаа шалтгаанаа инфляцитай уялдуулж буй, мөн хөдөө орон нутгаас оюутнууд их ирдэг учраас шинээр оюутны байр барих асуудалтай холбон тайлбарладаг.

-БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ-

Батлан хамгаалахын их сургууль одоогоор энэ хичээлийн жилийнхээ төлбөрийг батлаагүй байгаа гэв.

-АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ-

Төрийн өмчийн их, дээд сургуулиас хамгийн өндөр хувиар сургалтын төлбөрөө нэмж байгаа сургууль нь АШУҮИС. Тус сургууль шинэ элсэгчид буюу нэгдүгээр курсийн сургалтын төлбөрийг 45 орчим хувиар нэмсэн бол хоёр болон түүнээс дээш курсийн сургалтын төлбөрт өөрчлөлт оруулахгүй юм байна.Өмнөх жилийн сургалтын төлбөрийн мөнгөн дүнг хавсаргав.

Бакалаврынболовсрол:

1.Анагаахын чиглэл – I –р дамжаа2.850.000

2.Эрүүл мэндийн чиглэл I –р дамжаа 2.850.000

3.Сувилахуй I –р дамжаа 2.184.000

4.Сувилахуй /шаталсан/ I –р дамжаа 2.637.432

5.Эх барихуй I –р дамжаа 1.933.932

6.Эх барихуй /шаталсан/ I –р дамжаа 2.637.432

Дипломын боловсрол:

7. Сувилагч /диплом/ I –р дамжаа 1.579.200

8.Уламжлалтын бага эмч, сувилагч I –р дамжаа 1.579.200

9.Эм найруулагч I –р дамжаа 1.680.000

10.Лабораторийн техникч I –р дамжаа 1.685.600

11.Эм найруулагч /1.5 жил/ I –р дамжаа 2.542.400

12.Лабораторийн техникч /1.5 жил/ I –р дамжаа 2.542.400

13.Туслах сувилагч I –р дамжаа 565.600

Төгсөлтийн дараах сургалт:

14.Мэргэжил олгох– 282,000

15. Мэргэжил дээшлүүлэх – 94,000/141,000/188,000

16. Богино хугацааны 10000 –1 кредит цаг

Categories
мэдээ улс-төр

АН-ын Ам, Ажлын зөрүү

АН-ынхан Монголын улс төрөөс өөрсдийгөө баллуурдаж орхив. 2012 онд ялалтын тугаа мандуулж сүр дуулиантайхан Засгийн газар байгуулж байсан тэд хоёрхон жилийн дараа хөнжил дотроо хөлөө жийлцэж, жаргалтай газар хүн тогтдоггүйн үлгэрийг үзүүлсэн. Ардчилсан намынхан төр барьж чаддаггүй гэдгээ Монгол Улсын парламентийн түүхэнд хоёронтоо харуулчихлаа. “Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэдэг үг өнөөдрийн АН-ынханд хамааралтай санагдана. Н.Алтанхуягийнх нь “Шинэчлэл”-ийн тодотголтой Засгийн газар “МАН-тай МАН-гүй засгаа болгочихно” гэж “пээдийгээд” амаараа шороо үмхэж, элгээрээ газар мөлхсөн. Бүр цаашилбал, төрийн мөнгөөр түрийвчээ зузаалж, түмний хөрөнгөөр хөлжөөд авсан үнэн ч бас тэдэнд хамаарна. Хамаарах хамаарахдаа дэндүү их хамаарна. Хамжааргагүй загнасны гор нь гарч ахлах зөвлөх, хүргэн хүү хоёр нь “дээлээ нөмрөх” дээрээ тулчихаад байгаа. Ардчилсан намын дарга асан нь Монгол Улсын эдийн засгийн уутны амыг доош нь харуулаад сэгсэрчихсэн гавьяа байгуулсан тул “огцрох” одонгоор энгэрээ мялаасан. Ерөнхий сайд асныг ийн шагнасан хүмүүс нь АН хийгээд өөрийнх нь толгойлдог “Алтангадас”, өрөөлийн толгойлдог “Шонхор” фракц.

Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар Монгол Улсыг ямар хүнд нөхцөл байдалд оруулсныг одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МАН-ын Бага хурлын гишүүдэд илгээсэн захидлын зах зухаас харагдана. “Бидэнд байгаа муу мэдээ нь бид бас ёроолдоо хүртэл уначихаагүй байдал улам дордож мэдэхээр байна. Сайн мэдээ нь бид бүгдийг хяналтаасаа алдчихаагүй засч залруулж болох боломж бүрэн байсаар байгаа юм” /Ч.Сайханбилэгийн МАН-ын Бага хурлын гишүүдэд илгээсэн захидлаас хэсэгчлэн авав/ гэсэн нь өмнөх Засгийн газар улс орныг ямар хүнд байдалд оруулсныг гэрчилнэ. Улмаар “Манай ард түмэн “өнгөрсөн бүхэнд хүн болгон цэцэн, үлтэрсэн маханд шүд болгон хурц” гэж ярьдаг нь ч учиртай. Арагшаа биш урагшаа харж ажиллаж байж бид улам уужуу болно. Унаган улс төрийн хүчин маань бусаддаа үлгэр дууриал болох учиртай. Бидэнд хамтран хийх ажил их байна” хэмээсэн нь Ц.Нямдорж гишүүний хэлдгээр огиудас хүрмээр нялуун үгтэй ажгуу. Үнэхээр Ч.Сайханбилэгийн хүссэнээр улс төрийн ууган хүчин бусдадаа үлгэр дууриал болж ирснийг ард түмэн мэднэ. Цаашдаа ч үлгэр дууриал болсоор байна. Гэхдээ зангараг, тангараг гэдэг хоёр үг монгол хэлний үгийн санд нь байдаггүй АН-ын гишүүдэд хичнээн ч үлгэр дууриал үзүүлээд нэмэргүй ажээ. Тэдгээр хүний нэг нь одоогийн АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд. Ерөнхий сайд нь бүрэн эрхийнхээ хугацаанд намуудтай зөвшилцөж засагтаа уриад, дөмөгхөн шиг ажиллаж байхад “чоно борооноор” гэгчээр эзгүй хойгуур нь дур мэдэн МАН-ыг засгаас хөөх шийдвэр гаргачихсан. Бүр Ерөнхийлөгч хүртэл дуудаж уулзаад ой тоонд нь ортол хэлсэндээ хүрч бай, хэлснээ хэрэгжүүлж бай гэж хэлээд ч нэмэр болоогүй. Эцэст нь Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх санаатай бичиг явуулсан. Эрхэм Ерөнхийлөгч, “Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий зургаан гишүүнийг огцруулах тухай саналтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай санал нь улс орны нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүнд, ард түмний аж амьдралд таагүй нөлөөлж, улмаар улс төрийн тогтворгүй байдал бий болгох үр дагавартай байж болзошгүй тул уг асуудлыг дэмжихгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэсэн. Гэвч намын даргынхаа шахаанд орсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ерөнхийлөгчийн үгийг нохой хуцсан чинээ тоосонгүй МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын даргад өргөн барив. АН-ынхан ийм л увайгүй улс. Ам ажил хоёр нь алд дэлэм зөрдөг энэ “ужиг өвчин” одоогийн Ерөнхийлөгчөөс улбаатай. “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг биз дээ, яг л тэрэн шиг. Ч.Сайханбилэгийн “нялуун үг”, З.Энхболдын “шуналт сэтгэл”, Ц.Элбэгдоржийн “худал үг” гурав ард түмний нуруун дээр хүндхэн ачаа болж бууна гэдгийг эрх баригчид даанч ухаарахгүй байх шиг. Энэ байдал удаан үргэлжилбэл монголын ард түмний дургүйцэл дээд цэгтээ тулна. Эрх баригчид хэлсэн л бол хийдэг байх ёстой. Өчигдөр нэг юм ярьчихаад, өнөөдөр ярьснаа мартдаг ийм маягаар явбал АН өөрсдийгөө л булшилна. Тэдэнд улс төрийн зангараг, төлөвшил үнэхээр дутагдаж байна. АН хэзээ төр барьж сурах юм бол доо, чааваас…

С.НЭМЭХ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан зүйлийн талаар бодох нь бясалгал болдог

Дээрхийн гэгээн XIV далай лам “Амар тайван амьдрахуйн зурлага” номынхоо өмнөтгөлд бясалгалын тухай онцолжээ. “Хүмүүний хувьд бид бүгд зовлонгоос салж, жаргалд хүрэхийг хүсдэг. Харин жаргалд хүрэхийн тулд сэтгэл оюунаа ариусгах нь нэн чухал гэдгийг би амьдралынхаа туршлагаас олж мэдсэн. Миний шүтдэг Бурханы шашны ёсонд сэтгэл оюунаа ариусгах хамгийн үр дүнтэй арга зам нь бясалгал хийх явдал хэмээн сургадаг. Бясалгал хэмээх нь завилан сууж сэтгэл санаагаа чөлөөлнө гэсэн утгатай боловч, бас сайн сайхан зүйлийн талаар бодож сэтгэнэ гэсэн утга агуулдаг” хэмээн Дээрхийн гэгээнтэн өгүүлжээ.

Бид бүхэн хорвоод мэндэлсэн цаг мөчөөсөө эцэг эхийн энэрэл хайр, нинжин сэтгэл анхаарал халамжаар өсч бойждог хийгээд хожим нь амьдралд нухлагдаж, өвчин эмгэгт нэрвэгдэх, насан өтлөх цагт дахин бусдын гар харах болсноо ухаардаг. Хүмүүн бид энэ насныхаа эхэн адагт бусдын хайр энэрэл халамжаар өлгийдүүлдэг мөртлөө хүчин чадал төгс ид дунд насандаа бусдад яагаад анхаарал халамж тавьдаггүй юм бэ хэмээн Далай ламтан айлдсан нь нэгийг бодогдуулна. Бид маш тэвчээртэй байснаар ерийн үед бэрх санагдаж байсан зүйл тийм ч бэрх бус болдог. Тэвчээр үгүй бол маш хялбар зүйл ч давахын аргагүй бэрх болно. Олон зүйл бидний хандлагаас хамаарна гэсэн Далай ламын зөвлөгөөг санахад илүүдэхгүй буй за.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зарим худалдааны төв хичээлийн хэрэгслийн хямдрал зарласан ч сэлүүхэн байна

Наадмын дараа намар гэдэг шиг наймдугаар сар гарангуут “Хичээл эхэллээ”, “Дэвтэр, цүнх юу билээ. Хаана, ямар үнэтэй байна” гэсэн яриа айл бүрт өрнөдөг. Учир нь энэ сард эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаах том ажилтай. Жил бүрийн наймдугаар сарын сүүлийн өдрүүдэд худалдааны төвүүд, дүүргүүдэд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа болдог уламжлалтай. Гэхдээ тэр үед олон хүн бужигнаад, сонголт хийхэд түвэгтэй байдаг зовлон ч бий. Харин өчигдөр зах, худалдааны төвүүдээр явж сурвалжлага хийхэд хичээлийн хэрэгсэл худалдаж байгаа лангуу, хэсгүүд хүн цөөнтэй, сэлүүхэн байлаа.

“Оргил” худалдааны төвд үзэсгэлэн худалдаа эхэлжээ

Гуравдугаар хорооллын эцэс дэх “Оргил” худалдааны төвд өнгөрсөн долдугаар сарын 27-ноос “Бичиг хэрэгслийн үзэсгэлэн худалдаа-2015” эхэлжээ. Тэднийх наймдугаар сарын 10-ныг хүртэл “campap”,”maped”, “m&g” зэрэг бичгийн хэрэгсэлдээ онцгой хямдрал зарласан гэнэ. Гэхдээ яг хэд байгаад хэдэн төгрөг болж хямдарсан нь тодорхойгүй харагдсан. Цүнх, үзэгний сав зэргийн үнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бага зэрэг нэмэгджээ. Харин дэвтрийн үнэ өнгөрсөн оныхтой адил байв.

Худалдааны төвд хүн багатай, сэлүүхэн байна лээ. Тиймээс худалдагчид нь үйлчлүүлэгчдэдээ сонголт хийхэд зөвлөж, харьцуулалт хийх боломжийг олгож харагдсан. Бага насны хүүхдээ дагуулсан залуу хос тор дүүрэн дэвтэр авч байв. Тэдний том хүү нь гуравдугаар ангид орох аж. “Манайх нялх хүүхэдтэй болохоор хөл хөдөлгөөн эхлэхээс өмнө том хүүгийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэж явна. Дэвтэр, үзэг бал харьцангуй хямд байна. Харин цүнх сонголт багатай, үнэтэй юм. Ямар ч байсан хоёр хайрцаг дэвтэр авчихлаа. Цүнхийг нь дөхүүлж байгаад авна” гэсэн юм. Тэд хүүгийнхээ хичээлийн бэлтгэлийг хангахаар 200 мянган төгрөгтэй гарсан тухайгаа яриад ийм хэмжээний мөнгөнд бэлтгэл хангагдчих юм байна гэж тооцоолж байгаагаа хэллээ.

“Оргил” худалдааны төвд Малайзын “Campap” брэндийн 12 хуудастай нимгэн дэвтэр 145 төгрөгийн үнэтэй байна. Зузаан цаастай, хавтас нь зурагтай бол 210 төгрөг болох аж. Хайрцгаар нь авбал 62500 төгрөг болох юм байна. Цаашлаад 24 хуудастай бол 290, 32 хуудастай нь 350, бүр 96 хуудастайг авбал 850 төгрөгийн үнэтэй байв. Зургийн дэвтэр хуудасны тоо, хуудас нь салдаг, салдаггүйгээсээ хамаараад 410-1080 төгрөгийн үнэтэй. Нотны дэвтэр 420-600, өнгийн цаас 400-780 төгрөгийн үнэтэй зарагдаж байлаа.

Үзэгний савны тухайд 1000 төгрөгөөс эхлээд 10 мянга хүртэл төгрөгөөр зарагдаж байна. Охидынх бол барби хүүхэлдэйн дүрстэй, зурагтай, ягаан улаан өнгөтэй өхөөрдөм сав их байна. Хөвгүүдийнх машины дүрстэй, хүүхэлдэйн баатрын зурагнуудтай юм. Энгийн загвартай нь ч байна. Арван мянган төгрөгийн үнэтэй үзэгний сав дотроо бал, өнгийн будаг, тэмдэглэлийн дэвтэр, үзүүрлэгч, баллуур гээд цогц хэрэгсэлтэй. Олон тасалгаатай, нээгддэг загвартай юм. Ийм үзэгний сав шинэ загварынх гэдгийг худалдагчид онцолж, үйлчүүлэгчид ч их сонирхож харагдлаа. Өнгийн будаг, баллуур, будаг, харандаа брэнд өнгө загвараасаа хамаараад өөр, өөр үнэтэй. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг худалдаж авч байгаа хүмүүсийг анзаарахад будаг, бал, өнгийн цаас гээд дагалдах хэрэгслүүдийг 40-50 мянган төгрөгт багтаагаад авчихаж байгаа бололтой юм.

“Оргил” худалдааны төв зарим цүнхэндээ 50 хүртэлх хувийн хямдрал зарлажээ. Цөөн тоотой үлдсэн цүнхээ хямдруулж байгааг худалдагч нь тайлбарласан. Нэг талдаа үүрдэг цүнх 14 мянгаас хямдраад долоон мянган төгрөг болжээ. 35 мянгын цүнх 21 мянган төгрөг болсон байв. Нэгдүгээр ангийн хүүхдэд бариулмаар хөнгөн, жижгэвтэр үүргэвч 21 мянган төгрөгийн үнэтэй харагдсан. Дугуйтай загвар нь 71 мянгаас эхлээд 90 гаруй мянган төгрөгийн үнэтэй ч байв. Цүнх материалын чанар, өнгө загвараас хамаараад 7-95 мянган төгрөгийн үнэтэй харагдана лээ. Худалдагч “Одоо бол бүх загвар байгаа. Наймдугаар сарын 10 гэхэд шилэгдээд дуусчихдаг юм” гэж байсан.

“Нарантуул”-ын худалдаачид сэтгэл дундуур байна

“Нарантуул” худалдааны төвийн бичгийн хэрэгсэл зардаг лангуу үйлчлүүлэгчгүй шахам байв. Лангуу түрээслэдэг эмэгтэй “Өдийд наймааны оргил үе байдаг байсан. Гэтэл хүмүүс нэгдсэн үзэсгэлэн худалдаа хүлээгээд байх шиг байна. Энэ жил худалдан авагч алга. Түрээсээ арай гэж төлж байна” гээд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Малайз, польш, монгол дэвтэр мөн л ширхэг нь 150 төгрөгөөс эхлээд 900 төгрөгийн үнэтэй байлаа. Үзэг бал, харандаа, будаг нь “Оргил”-ынхтой үнэ адилхан юм.

Харин цүнхний тухайд сонголт ихтэй юм. Сурагчийн цүнх том жижгээсээ хамаараад 10-80 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жил даавуун материалтай, хөнгөн цүнх ихэвчлэн зарагдаж байгааг худалдагч ярьсан. “Нарантуул” захад цүнхний наймаа хийдэг С.Батбаяр “Энэ сарын 15-наас шинэ бараа ирнэ. Монголчууд цагийг нь тулгаж байж хөдлөх юм. Хичээл эхлэх дөхөхөөр урд ч цүнхний үнэ нэмэгдчихдэг. Тэгээд бид дагаад үнээ нэмэхээс аргагүй болдог. Өнгөрсөн жилийн загварууд хямд байгаа. Гэхдээ энэ жил хүмүүс хөнгөн, барихад эвтэйхэн цүнх их авч байна. Өнгөрсөн жил түрдэг, том овортой, зурагтай цүнх их зарагдсан. Энэ жил энгийн үүргэвч, даавуун материалтай цүнх ихэвчлэн зарагдлаа. Шинээр ирэх загварууд маань ч тийм байна” гэсэн юм. Цүнх сонирхож явсан эмэгтэй “Манайх сургуулийн насны дөрвөн хүүхэдтэй. Хичээлийнх нь бэлтгэлийг бага багаар хийе гэж бодоод явж байна. Өнөөдөр нэг цүнх авчихаад, ирэх долоо хоногт өөр нэгийг авбал нэг дор их зарлага гаргаж байгаа нь мэдэгддэггүй юм. Гэхдээ хүүхдүүдийн хичээлийн хэрэгсэлд бараг 500-гаад мянган төгрөг орчихдог” гэж ярилаа.

Улсын их дэлгүүрт үзгэн балны үнэ 2999 төгрөгөөс эхэлж байна

“Нарантуул” худалдааны төвөөс Улсын их дэлгүүрийг зорилоо. Дэлгүүрийн тавдугаар давхарт бичгийн хэрэгслийн төрөлжсөн хэсэг бий. Одоогоор үзэсгэлэн худалдаа тэнд нээгдээгүй байсан. Тэнд үзгэн бал 2999 төгрөгөөс дээш үнэтэй байв. Харин запас нь 999 төгрөгийн үнэтэй. Үзэгний сав охидынх 9999-13999 төгрөг, хөвгүүдийнх 3999-9999 төгрөгийн үнэтэй харагдсан. 12 хуудастай дэвтэр 279 төгрөг, 48 хуудастай бол 899 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Хүүхэлдэйн киноны баатрын зурагтай, буддаг тэмдэглэлийн дэвтэр 13900 төгрөгийн үнэтэй. Ийм дэвтэр бусад худалдааны төвд харагдаагүй. Бичгийн ширээний иж бүрдэл буюу үзэг балны сав, хайч зэрэг 9999 төгрөг. Цүнхний хувьд материал ч, загвар ч бусдаас өөр харагдана лээ. Хажуудаа үүрдэг цүнх 44900, үүргэвч бол 89900 төгрөг гэх мэт үнэтэй. Энд үйлчлүүлэгч мөн л сэлүүхэн байна. Гадаад голдуу иргэд үйлчлүүлж харагдана лээ. Тэдний хувьд ихэвчлэн цүнх худалдаж авч байсан.

Зах, худалдааны төвүүд дэх бичгийн хэрэгслийн худалдаа ийм байна. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс нэг их нэмэгдээгүй ч сэлүүхэн, үйлчлүүлэгч цөөнтэй байсан. Дүрэмт хувцасны тухайд энэ сарын дундуур нэгдсэн журмаар худалдаанд гарах аж.

Ц.Өрнөх

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

АН өөртөө, гишүүддээ итгэ

Ардчилсан нам
өөртөө итгэлтэй бай, өөрсдийн гишүүддээ итгэ. Өөрсдөөсөө кайф аваад цааш яв.
Өөртөө, өөрсдийнхөндөө итгэдэггүй л дээ. МАН-тай хамтарч Засгийн газар
байгуулсан шүү дээ. Аль ч намд адгийн шаарууд байдаг. Тэд бол цөөхөн. Том эрх
ашгаа бодоод тийм юмнуудаа дийлэнх олонх нь үл тоогоод явах ёстой юм л даа.
Тэгж чадаагүй учраас л өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал үүслээ шүү дээ. Ард
түмэн АН-д итгээд, та нар л төр барь гэж 2012 оны сонгуулиар олонх болгосон.
Өрсөлдөгч намыг нь цөөнх болгосон. Тэгтэл өөрсөндөө итгэхгүй, өрсөлдөгч хамгийн
том улс төрийн хүчнээ гуйж авчраад Засгийн газарт хамтарцгаасан. Хамтдаа хэсэг
яваад тарыг нь таниад, өөрсдөө эргээд хүнд байдалд орсон хойноо Засгаасаа шахаж
гаргалаа. Засгийн газарт хамтарсан өдрөөсөө эхлэн МАН-ын сайдууд очсон
яамдынхаа боловсон хүчинг тэр чигээр нь халж, хамаатан садан, хамтрагчдаа албан
тушаалд тавьж эхэлсэн. Лавтай 500 орчим төрийн албан хаагч үндэслэлгүй ажлаасаа
халагдсан нь бүгд АН-ын гишүүн байсан хүмүүс байдаг. Ч.Сайханбилэг, С.Баярцогт
хоёр бол “За дүүрч, одоо ингээд улс орныхоо ажлыг хийх байх” гэж нүдэн балай,
чихэн дүлий зүтгэсэн. Гэтэл өнөө МАН-ын сайдууд нь залгуулаад сонгуулийн
ажилдаа ханцуй шамлаад орчихсон. Тэр байтугай УИХ дотор байгаа МАН-ын бүлгийн
гишүүд нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг үргэлж зүхэж, Баруун бүсийн зам,
Хөшигтийн хөндийн замын ажлыг зогсоосон. Засгийн газраас өргөн барьсан хуулийн
50 хувиас дээшийг нь Ардын нам эсэргүүцсэн.
Үүнийг яаж хамтарсан гэхэв. Н.Алтанхуягийн үед ч МАН ажил хийлгээгүй шиг
Ч.Сайханбилэгийн үед хамтраад ч тэд ажил явуулсангүй. Хэдэн зуун хамаатан
садан, хамтрагчдаа ажилтай болгосныг нь ажил гэхгүй юм бол. Ийм байдалтай эвсэж
хамтрах нь угаасаа утгагүй зүйл болж хувирсны эцэст ийнхүү Засгийн газраас
МАН-ын зургаан сайдыг гаргалаа. Улс төрийн агуулгаараа бол Засаглалд олонх
байгаа намын дарга улс төрийн шийдвэр гаргах түвшинд хамгийн том нь. Түүний
шийдвэр хамгийн бодитой. Тийм болохоор АН-ын дарга З.Энхболд “Ажлаа муу хийж
байгаа хэдэн сайдыг чөлөөлөх нь асуудал биш, ямар Засгийн газрыг огцруулж
байгаа биш” хэмээн байр сууриа олон нийтэд ил тодорхой илэрхийлсэн. Энэ байр
суурь нь бодит биелэл болж өчигдрийн УИХ-ын чуулганаар Шадар сайд У.Хүрэлсүх,
Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам
тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Байгаль орчин, аялал жуучлалын сайд
Д.Оюунхорол нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Урьд нь энэ хоёр
нам эвсэж Засгийн газрыг байгуулж байсаан. С.Баярын Засгийн газрын үед. МАН-ын
зүгээс хамтрахыг гуйсан шалтгаан нь тодорхой байсан. Нэгдүгээрт, Долоон сарын
1-ний хэрэг явдлыг гарцаагүй намжаах шаардлага гарсан. Ингэхийн тулд сөрөг
хүчин АН-тайгаа эвсэж найрсах. Хоёрдугаарт, Оюу толгойг хөдөлгөх зайлшгүй
шаардлага С.Баярт байсан. Тэгэхийн тулд АН-тай эвсэх найрсах. Ийм том
шалтгаанууд байсан учраас нэг зоонтог дор зогсож аадар бороонд цохиулахгүй
өнгөрөхийг хичээлгүй яахав. Өмнөх эвслийн суурь шалтгаан ийм байсан бол
өнөөдрийн АН-МАН хоёрын 2014 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр байгуулсан
Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан шалтаг шалтгаан нь юу
байв. Дээрх хоёрын хэмжээний том шалтгаан байсан уу? Байсан нь өөрөө дээрх
хоёроос дэндүү жаахан эрх ашгийн нэгдлүүд байв уу? Үүний учрыг мэдэх хүмүүс нь
мэдэж байгаа.

“Ингэх л байсан юм бол эхнээсээ юу гэж эвсэж
Засаг байгуулъя гэсэн юм” гэдэг үг энэ өдрүүдэд их сонсогдож байна. Тийм л дээ,
эхнээсээ МАН-гүйгээр Засгийн газраа байгуулаад, улс орноо засаглаад явж болоод
л байсан. Тэгсэн л болохоо байгаад явчихсан шүү дээ. Өнөөдрийн энэ бүх
Засаглалын тогтворгүй байдлын эхлэл нь өөрсдөөс нь эхтэйг АН бас хүлээн
зөвшөөрөх л ёстой. Арай хийж нэг юм сонгуулиар олонхи болсон. Азгүй нь АН-ынхан
засаг барилаа гэсэн юм шиг Монгол Улсын ганц ахиухан мөнгө олж байсан эрдэс
баялаг, уул уурхайн баялагийнх нь үнэ олон улсад уначихсан. Үүнийг Чингис
бондоор нөхөж босгоод Н.Алтанхуягийн Засгийн газар ажлыг явуулсан. Гэтэл гэнэт
дан дээл, давхар дээлийн асуудал босч ирсэн. Үүнийг нь сөрөг хүчин овжин
ашигласан. Олон жилийн дараа овоо нэг юм Засаглалын түвшинд олуулаа болж, Засаг
төр барьж үзэж эхэлж байтал шүү. Улс орныг удирдаж авч явах хэмжээнд Ардчилсан
хүчнийг аваачих юм шүү, аваачиж үзэх юм шүү гэсэн олон мянган хүний итгэл
сэтгэл, хүч хөдөлмөр, үнэт зүйл талаар болох шахсаны эцэст ийнхүү олонхийн байр
суурин дээрээ өнөөдөр эргээд очлоо.

Өнөөдөр нөхцөл
байдал иймдээ хүрсэн учраас асуудлыг дараагийн түвшинд харахыг хичээе. Ерөөсөө
Монголын улс төр МАН-гүйгээр явж болох л юм байна шүү дээ. Долоон сарын 1-нийх
шиг гэнэтийн үйл явдал л гарчихгүйн юм бол. Оюу толгой, Таван толгой, Цагаан
суварга… Монголын саалийн үнээнүүд болох бүх том ордыг МАН-тай, МАН-гүй
асуудал нь шийдэгдээд явах л юм байна. АН туршлагажиж байна. Алдаа оноон дээрээ
суралцаж байна. Асуудал болохгүй гэдгийг цаг алдалгүй мэдэрч байна. Боловсон
хүчний хангалттай нөөцтэйгээ 2012 оны сонгуулийн дараагаас эхлэн мэдэж авлаа.
Нийгмийн сэтгэл зүйн 30 хувь баттай АН талд байдаг, нөгөө 30 хувь нь МАН руу.
Үлдсэн 40 хувийг хааш нь татах дээр хэрхэн ажиллах тухайгаа АН мэдэхийн цаагуур
мэддэг улс төрийн хүчин болж төлөвшиж чадлаа. Одоо юунаас болоод МАН-тай заавал
ч үгүй ярилцаж тохирохгүй бол болохгүй гээд байх юм бэ. Хувь хүмүүс, хувь улс
төрчдийн хоорондын харилцааг бол мэдэхгүй. Улс төрийн шийдвэрийн хувьд өнөөдөр
АН, МАН-гүйгээр цаашид улс орны хувь заяаг авч явах хэмжээнд хүрчээ. Үүнийг л
хаа хаанаа хүлээн зөвшөөрөх цаг болж.

Өнөөдөр АН-ын нэр
хүнд ард түмний дунд уналаа гэнэ. Тэгээд МАН-ын нэр хүнд өссөн юм уу. Түүн шиг
худлаа пиар байхгүй. Аль аль нам нь “Бадарчин баярлах болоогүй” гэдгийг мэдэж
байгаа. АН-ын нэр хүнд лав сонгуулийн хэмжээнд хүртлээ унаагүйг судалгаанууд
баталж байгаа юм. Яахав эхнээсээ Засгаараа оролдолгүй явсан бол өнөөд­рийнхөөс
харьцангуй дээр байх боломж байсан. Гэхдээ энэ алдаа нь тэгтлээ улс орны
хөгжлийг татаж чангаах хэмжээнд очоогүй. Харин улс төрийн агуулгаараа гишүүддээ
итгээгүй, ядаж гишүүнээ ажилд томилж чадахгүй юмаа гэхэд ажлаас нь халуулахгүй
байх хэмжээний байр суурьгүйд хүрсэн явдал юм. Энэ нь намд нь дэндүү хор
хохиролтой байлаа. Тэрнээс биш АН-ын гишүүд дэмжигсэд Алтайн таван Богдоос
Соёлз уул хүртэл, Орвог хошууны бор толгойгоос Монгол шарын даваа хүртэл
Монголын энэ өргөн уудам нутгийн хаана нь ч мянга мянгаараа ажиллаж амьдарч
байна. Халхын хавтгайн аль ч захад очоод таван хүнтэй уулзахад гурав нь
гарцаагүй ардчиллын дэмжигч нөхөд байдаг юм шүү дээ. Хэнээс ч хамааралгүйгээр
өөрсдийгөө болгоод ирсэн тэдэнд юу хэрэгтэй юм, өөрийнхөөрөө жаргаж,
өөрийнхөөрөө зовох эрх чөлөөг авчирсан ардчилал л хэрэгтэй шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Ганхуяг: МАН бусад намуудаас түрүүлж санхүүгээ ил болгох үүрэгтэй

Монгол ардын намын Шинэчлэлийн хорооны дарга Б.Ганхуягтай ярилцлаа.

-МАН-ын Шинэчлэлийн хорооны зүгээс намын дарга, генсек, бүлгийн дарга нартаа мэдэгдэл хүргүүлсэн байна. Шинэчлэлийн хорооныхон хэсэг чимээгүй байсан хэрнээ яагаад гэнэт мэдэгдэл хүргэх болсон нь сонин байна?

-МАН-ын Шинэчлэлийн хороо намын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, ил тод, нээлттэй бөгөөд иргэдийн дэмжлэгийг авч чадах, төлөвшсөн намыг бий болгох олон зорилтыг намын үндсэн дүрэм, хөтөлбөрт 2013 онд хуралдсан хорин долдугаар Их хурлаар хэлэлцүүлэн, суулгаж өгсөн. Эдгээр зорилтууд нь нэг өдрийн дотор хэрэгжчихдэг зүйл биш юм. Харин ч байнга сайжруулж, гүнзгийрүүлэх үүргийг бид хүлээсээр байгаа. Цаашид ч энэ талаар санаачилга гарган ажиллах болно. Бид өнгөрдөг хавар Шинэчлэлийн хорооны Бага хурлаараа “Нийгмийг тэнцвэржүүлэх есөн зарчим” тамга бичгийг боловсруулж, түүнийхээ хүрээнд ажлаа төлөвлөөд явж байгаагийн нэг хэсэг нь манай мэдэгдэлд тусгалаа олсон байгаа.

-Танай хорооны зүгээс хамтарсан Засгийн газарт ажилласан намын бүлэгтээ ямар дүгнэлт өгөх вэ. Эвслийн Засгийн газар байгуулахад МАН-ын зарим гишүүд эсэргүүцэж байсан ч танайхан орсон. Одоо харин Засгаас гарч байгаа асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Мэдэгдэлд дурдсанаар үнэхээр танай нам аялдан дагалдагч сул дорой нам болсон юм уу?

-Хамтарсан Засгийн газарт ажилласан сайд нар муу ажиллаагүй. Харин ч Ардчилсан намын сайд нар сайн ажиллаагүйг иргэд хэлж, дүгнэж байгаатай санал нийлнэ. Гэхдээ МАН бол бусад намтай харьцуулахад төлөвшсөн нам гэж ойлгодог, Тиймдээ ч дотоод өрсөлдөөн, шүүмжлэлийг эрүүлээр хүлээн авч чаддаг, тусгадаг. Засгийн газраас хөөгдсөн асуудалд хэт хүлцэнгүй хандсаныг шулуухан хэлэх хэрэгтэй. Хамтарсан шиг хамтарч чадаагүй, хоёр үзүүртэй зүү шиг ажилласныг бүгд харсан. Ер нь хамтарвал хамтарсан шиг ажиллаад, үгүй бол больчих шиг сайхан юм байхгүй дээ. Хоёрын хооронд дээгүүрээ тэврэлдээд, доогуураа өшиглөлцөөд байвал ямар сайн байх вэ дээ. Тэгээд гарах гэж байгаа бол гарсан шиг гарчихгүй, бас л бөөрөнхийлөөд байхаар чинь ард иргэд яаж дуртай байх юм бэ.

-“Ил тод, нээлттэй нам” болох зорилт дор намынхаа санхүүжилтийн байдлыг зарлаж, хандив, орлого, зарлагын тайлан, мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэйгээр танилцуулах ёстой гэж мэдэгдэлдээ дурдсан байна. Энэ бүхэн өнөөдрийг хүртэл хаалттай явсаар ирсэн юм уу. Нээлттэй болгох боломж байна уу?

-Ганцхан МАН ч биш, бүх нам санхүүжилтийн ил байдлыг зарлаж, хэний ч хардлага, сэрдлэггүйгээр ажиллах ёстой. Энэ бол үүрэг. Тэгж байж л ард иргэдийн өмнө очиж үнэн зүйлийг ярьж чадна. Түүнээс биш хаанаас мөнгө олсноо нууж хаачихаад үнэн зүйл ярьж байгаа гэдгийг хэн мэдэх юм. Хэн нэгний захиалгаар, эсвэл улс төрд орж мөнгө хулгайлах зорилготой явж байна гэж ойлгохоос өөр замгүй. Хэрэв МАН санхүүгийн ил тод байдлаа зарлавал олон иргэдийн итгэлийг олж, нийгэм дэх нэр хүнд маш хурдан өснө. Намын дарга нарт санхүүгээ учиргүй нуугаад байх юм байхгүй байх гэж бодож байна. 2016 оны ялалтын суурь болох учиртай. Одоо намууд ямар ч гоё хөтөлбөр гаргаж ирээд ард иргэд хууртагдахаасаа өнгөрсөн. Харин дотооддоо байгаа асуудлаа ил гаргаад, санхүүгээ тайлагначихвал харин өөрөөр хандах байх шүү. МАН бусад намуудаас түрүүлж санхүүгээ ил болгох үүрэгтэй. Учир нь 94 жилийн түүхтэй, Монголын тусгаар тогтнол, төрийн ноён нуруу, хөгжлийн уураг тархи болсон байгууллага.

-МАН-ын III Бага хурлын хуралдааныг яаралтай хуралдуул гэж мэдэгдэлд байна. Намын дүрмээрээ хуралдах боломж байгаа юм уу.

-Манай нам хатуу чанд сахих ёстой Үндсэн дүрэмтэй байгууллага. Энэ дүрмийн хүрээнд хоёрдугаар Бага хурлаараа хамтарсан Засгийн газарт орох эрхээ авсан. Тэгвэл өнөөдөр Бага хурал хуралдахгүйгээр шууд хөөгдөж байна. МАН бол зүгээр хэн нэгэн зохион байгуулалтгүй, хөтөлбөргүй намын гэх хэдэн нөхдүүдэд хөөгддөг нам уг нь биш. Удирдах удирдуулах ёстой, эрх барих байгууллагатай, гарсан шийдвэр нь биелдэг нам. Гэтэл сүүлийн үед Удирдах зөвлөлийн хурал ч ирцгүй хуралдаж, гарсан шийдвэрийг нь намын дэргэдэх байгууллага нь хүртэл тоож, авч хэлэлцэхээ больчихлоо. Энэ бол эмгэнэл шүү. Намын Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан шиг гардаг, бусад нь заавал дагаж мөрддөг байх нь хамгийн чухал. Ингэж чадахгүй байгаа бол чадамжгүй болж, удирдах удирдуулах ёс нуран унаж байгаагийн тод илэрхийлэл. Тэгэхээр чадамжтай, чадалтай нам гэдгээ Бага хурлаа хуралдуулж, улс төрийн зоригтой, зорилготой шийдвэр гаргаж харуулах хэрэгтэй.

-Гэхдээ Шинэчлэлийн хороонд Засгийн газрын ШӨХТГ гэдэг бүхэл бүтэн агентлаг өгчихөөд байхад ийм мэдэгдэл гаргаж байна хэмээн эсэргүүцэх МАН-ын гишүүд байна. Энэ бүхнийг намаасаа шаардах бус өөрсдөө харин намдаа хийсэн ажлаа тайлагнах хэрэгтэй гэх юм?

-Улс төр гэдэг бол улс орныг удирдах тухай цогц бодлогын нэгдэл. Улс орныг хүн удирддаг, хэрэв удирдахыг хүсвэл хийж чадах зүйлээ бодлого, хөтөлбөр болгож, түүнийгээ ард түмэнд танилцуулж, төрийн эрхийн төлөө өрсөлддөг биз. Тэгвэл МАН-ын Шинэчлэлийн хороо өөрийн “МАН-ын бодлого шинэчлэлийн хөтөлбөрийн найман зорилт”, “Нийгмийг тэнцвэржүүлэх есөн зарчим” тамга бичиг гэсэн бодлогын хоёр том бичиг баримтыг намдаа танилцуулж, бодлого, хөтөлбөрт тусгуулж чадсан. Зарим зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд хамтарсан засагт тодорхой санал тавьж ажилласан. Цаашид ч, 2016 оны сонгууль, түүний дараа ч хэрэгжүүлэх саналуудаа тавьж, холбогдох албан тушаалыг хариуцаж, ачаагаа үүрэлцэн ажиллах болно. Нуух зүйл байхгүй. Бид нийгмийн хамгаалал, боловсрол, иргэний эрхийг хамгаалах болон хөдөө аж ахуйн бодлого, хөтөлбөрийг илүүд үздэг байгууллага. Эдгээр салбарын ажлыг хийчих хэмжээний боловсон хүчний нөөц бидэнд байгаа.

-“Эдийн засгийн ил тод байдал”-ын тухай хуулийг иргэд эсэргүүцэж байгаа тухай мэдэгдэлд байна. Харин ч эсрэгээрээ дэмжээд байгаа юм биш үү. “Эрүүгийн хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Зөрчлийн тухай хууль” гээд Засгийн газрын хуулиуд дээр МАН-ын бүлгийн зүгээс иймэрхүү байдлаар гацаалт хийдэг болохоор төрийн ажлаа урагшлуулах үүднээс Засгаас гаргаж байгаа юм биш үү?

-Шударга хөдөлмөрлөөд үр өгөөжөө хүртэж чадахгүй иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүдийг дэмжих хууль болохоос хуулийн ард авлигач, төрөөс мөнгө хулгайлсан хулгайч нар хамгаалагдан үлддэг “Хана, хэрэм” болох зорилготой хууль байхыг эсэргүүцэж байгаа. Ноцтой ноцтой заалтууд байгааг бүгд л харж байна. Хөрөнгө орлогоо нуусан хүн, төрөөс мөнгө идчихээд гадаадад нуусан мөнгөө оруулж ирэх гэж байгаа нөхдүүдэд зориулсан, гэмт хэрэгтнийг гавьяа байгуулсан хүн болгож хувиргадаг хууль байх ёсгүй. Харин шударгаар баялаг бүтээгчдийг дэмжсэн шиг дэмжсэн эрх зүйн зохицуулалт байх ёстой. Эрүүгийн хуулийн хувьд хохирогчийг биш гэмт этгээдийг илүү хамгаалахад чиглэгдсэн байгаа нь анхаарал татаж байгаа шүү. Тэгээд ч ард түмний, улс орны эрх ашгийн эсрэг зүйлийг ажил гацаах нэрийн дор хүчээр батлуулдаг үйлдэл Ардчилсан намын үед л гарч байгааг хүмүүс мэдэж авсан. Худлаа эв нэгдэл, хоосон ухаан, хууль бус ажил хийх нэрээр булхай, луйвраа нууц, хаацайлдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй дээ.

-Танай намын зүгээс Бага хурлаа хуралдуулахгүй бол Шинэчлэлийн хорооны зүгээс ямар арга хэмжээ авах вэ. Цаашид улс төрд ямар байр сууринаас хандах бол?

-Хамтарсан Засагт орохдоо асуусан, гарахдаа асуух байлгүй дээ. Учир нь Бага хурлын гишүүд яагаад хамтран ажиллаж чадаагүй талаар тайлбар сонсох эрхтэй. Мөн хамтарсан Засгийн газарт орохдоо намын Бага хурлын гишүүдийн өмнө олон олон амлалт өгч байсан. Үүний хэрэгжилтийн талаар сонсох хэрэгтэй. Тэгээд ч зүгээр хөөгдөөд гардаг нам биш, нөгөө талаар энэ чинь зөвхөн намын асуудал биш, улс орныг зөв удирдах тухай асуудал. Үүнийг бага зүйл гээд орхих ёсгүй. Ер нь бид намын удирдлагад зайлшгүй хийвэл зохих, хийх үүрэгтэй ажлыг нь сануулсан, хийхийг санаачилж байгаа. 2016 онд ялалт байгуулах нь чухал болохоос биш хэн нэгэн даргад таалагдах ямар ч сонирхол алга. Санхүү, хандив, орлого, зарлагын ил тод байдлаа зарлахгүйгээр олон суудал авч, хол тасархай ялна гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Айл гэрт ч гэсэн хардлага байгаад байвал яаж тайван амьдрах юм бэ. МАН жил бүр санхүүгийн тайлангаа татвар, хяналтын байгууллагад өгдөг шүү дээ. Энэ асуудлаас айгаад байх зүйл биш гэж бодож байна. Цаашид Шинэчлэлийн хороо иргэд, гишүүдийн дунд “гурван төрлийн асуулга” явуулна. Ямар хэлбэрээр МАН 2016 оны сонгуульд оролцох талаар. Санал авах байр ажиллуулна.

Э.ЭНХБОЛД