Categories
мэдээ нийгэм

“Прокурорын алдрын танхим”-ын нээлт боллоо

Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ой, “Прокурорын албаны өдөр” –ийг тохиолдуулан Улсын Ерөнхий Прокурорын Газрын дэргэдэх “Прокурорын сургалтын төв”-д “Прокурорын Алдрын танхим” шинээр байгууллаа. 1930 оны 4 дүгээр сард хуралдсан БНМАУ-ын 6 дугаар Их Хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Улсын Бага Хурлын 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор “Улсын прокуроруудаас гүйцэтгэх эрх үүргийн дүрэм”-ийг батлан гаргаснаар Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөн түүхтэй. Прокурорын Алдрын танхим”-д тавигдсан үзмэр гэрэл зургууд нь прокурорын байгууллагын түүхийг харуулж байгаагийн зэрэгцээ шинэ залуу прокурор ажилтнуудад байгуллагынхаа түүхийг таниулж ойлгуулах, сургалт явуулахад чухал ач холбогдолтой болсон байна. Одоо улсын хэмжээнд 510 гаруй прокурор, прокурорын туслах ажилтан 200 гаруй ажилладаг.

Categories
мэдээ нийгэм

Талийгчийн суусан машиныг хайж байна

Долдугаар сарын 14-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин галт тэргэнд дайруулан амиа алдсан хэрэг гарсан билээ. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар талийгч амиа хорлосон гэсэн боловч гэрийнхэн нь гадны нөлөөтэй нас барсан гэж үзэн хуулийн байгууллагаар шалгуулж байна. Цагдаагийн байгууллагаас галт тэрэгний жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Машинистыг вагоноо амжиж зогсоож чадах байсан эсэхийг шинжээчид одоогоор шалгаж байна. Түүнчлэн талийгчийн суусан таксины жолоочийг эрэн сурвалжилж байна. Түүнийг хар бараан өнгийн королла эксио юм уу аллион маркийн машинд суусан гэж гэрчүүд мэдүүлжээ. Тиймээс цагдаагийн байгууллага Авто тээврийн үндэсний төвийн өгсөн судалгааны дагуу энэ төрлийн 260 гаруй машинд хяналт шалгалтыг явуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

1000 км-ийн морины уралдаан үргэлжилж байна

Морин спортын олон улсын 40 гаруй тамирчид Төв аймгийн Эрдэнэсант сумаас Хөвсгөл нуур хүртэл 1000 км мориор уралдаж байна. “Монгол дэрби-2015” хэмээх тус уралдаан энэ сарын 5-нд эхэлж, 15-нд барианд орох аж. “Монгол Дэрби”-гийн тухай National Geographic”, “Telegraph”, “Dailymail.uk зэрэг хэвлэлүүдэд “Дэлхийн хамгийн урт морин уралдаан” хэмээн онцолдог. Экстрим аяллын төрөлд маш сонирхолтой, шинэ үзэгдэл болсон тус тэмцээнийг “The Adventurists” компани зохион байгуулдаг байна.

Зохион байгуулагчдын нэг Кэти Вилингс анхны буюу 2009 оны дэрбид оролцож байхдаа монголчуудын морийг хүндэтгэн дээдэлдэг ёс заншил, хөдөөний амьдралд дурлажээ. Зуны улиралд Монголд амьдардаг тэрбээр өвөлд нь Сибирьт, Байгаль далайн хөлдсөн мандал дээгүүр хуучин мотоциклиор уралддаг.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй тоглоомын газруудыг хаажээ

Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн газартай хамтран автомат тоглоомын үйлчилгээ эрхэлж буй 13 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг шалгажээ. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан есөн аж ахуйн нэгж байгууллага, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоож хоёр аж ахуйн нэгж байгууллага, таван иргэнд нийт дөрвөн сая 800-аад төгрөгөөр торгожээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар интернэт кафе 43, цахим тоглоом 255 нийт 298 газрыг шалгаж, журмын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 52 иргэн, нэг аж ахуйн нэгжийг нэг сая 70 мянган төгрөгөөр торгож, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран 44 газрын үйл ажиллагааг зогсоож, 19 газарт зөрчил дутагдлыг арилгуулах талаар албан мэдэгдэл хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Японы богино хугацааны олон удаагийн визийг өнөөдрөөс олгоно

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдож өнгөрсөн тавдугаар сард Япон улсад ажлын айлчлал хийх үеэр тус улсын Ерөнхий сайд Ш.Абэ энгийн паспорт эзэмшигч Монгол Улсын иргэдэд “Богино хугацааны олон удаагийн виз” олгох болсон тухайгаа мэдэгдсэн билээ. Энэ дагуу Япон улсын Засгийн газар “Аялал жуулчлалыг дэмжин улс орноо хөгжүүлэх” бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх, мөн Монгол Улсын Засгийн газраас тавьж байсан удаа дараагийн хүсэлтийг харгалзан үзэж өнөөдрөөс Монгол Улс дахь Элчин сайдын яамаараа дамжуулан “Богино хугацааны олон удаагийн виз” олгож эхлэхээр болсон юм.

Categories
мэдээ спорт

Леброн Жеймс, Степэн Карри тэргүүтэй олимпод орох сагсчдын нэр тодорч эхэллээ

Зуны олимпын гучин нэг дэх наадамд оролцох АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн удахгүй тодорно. Харин бэлтгэлд гарах 34 сагсчид өчигдрөөс тодорч эхэлсэн бөгөөд бэлтгэлийн дараа Рио-де-Жанейрогийн олимпт өрсөлдөх багийг бүрдүүлэх юм. Одоогоор Леброн Жеймс, Дуайт Ховард, Дреймонд Грин,Степэн Карри, Клей Томпсон, Харрисон Барнс нар бэлтгэлд дуудагдаад байна. Америкийн сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг нь олимпт арван зургаан удаа оролцсоноос арван гурав түрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Солонгост амиа алдсан хоёр иргэний цогцсыг авчирна

Монгол Улсын иргэн Ш
овогтой О болон Н овогтой Ц хэмээх хоёр залуу энэ 4-нд БНСУ-ын Канвон мужийн Чүнчон хотын У-воль тосгоны У-воль
гүүрний доор цагийн ажил хийж байгаад усанд унаж осолдсон харамсалтай хэрэг
гарсан. Талийгаач Ш.О, Н.Ц нар нь БНСУ-д жуулчны 3 сарын визээр ирж, цагийн
ажил хийж байгаад осолдсон юм.Өнгөрөгч
долоо хоногт Ш.О гийн ар гэрийнхэн БНСУ руу явсан юм. Харин Н.Ц гийн ар
гэрийнхэнтэй холбогдож чадаагүй байгаа аж. Юутай ч талийгаачдын цогцосын энэ долоо
хоногтоо багтаж эх оронд нь авчрах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хятадын орчин үеийн урлагийн үзэсгэлэн гарч байна

БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр, Монголын зураачдын эвлэлийн тэргүүн П.Цэгмид нарын урилгаар БНХАУ-ын Зураачдын Эвлэлийн 13 төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Эдгээр зураачид Хятад үндэсний уран зураг орчин үед хэрхэн хөгжиж буйг харуулсан уран бүтээлүүдээ дэлгэн “Хятадын орчин үеийн урлаг 2015” үзэсгэлэнгээ гаргалаа.

Энэ удаагийн үзэсгэлэнд 12 хятад уран бүтээлчийн 40 гаруй шилдэг уран бүтээлийг үзэгчдэд зориулан дэлгэжээ. Үзэсгэлэн Монголын орчин үеийн уран зургийн галлерейд гарч байна.

Энэхүү үзэсгэлэнгээс олон мянган жилийн түүхтэй Хятад үндэсний уран зураг хэрхэн хувьсан өөрчлөгдсөн хийгээд өнөө цагийн Хятад зураачдын уран бүтээлийн өнгө төрх, арга барил бүхий бүтээлийг сонирхож болно.

Categories
гадаад мэдээ

Аав нь сонсголын бэрхшээлтэй охинтойгоо ингэж ижилсжээ

Шинэ Зеландын Алистер Кэмпбелл гэх эр сонсголын бэрхшээлтэй охиныхоо
сэтгэлийг нь засах арга олжээ. Өдгөө
зургаан настай Шарлотт охин нь дөрвөн наснаасаа хойш сонсголын төхөөрөмж буюу
дуу авиа хүлээн авах имплант зүүдэг болжээ. Харин түүний аав охиныхоо сэтгэлийг
засах үүднээс үсээ хусаж сонсголын төхөөрөмжийн дүрстэй шивээс хийлгүүлжээ. Аав охины энэхүү өхөөрдөм зураг цахим
сүлжээнд тарсан даруйдаа олны талархлыг хүлээж, сонсголын бэрхшээлтэй иргэдийг
хүндэтгэх үзлийг түгээхэд тус боллоо гэж Foxnews сайтад мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Сэтгэшгүй” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн “Мария” ХХК, “Сэтгэшгүй” ХХК хуулийн этгээдүүдийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.

Тус эмнэлэг, сувилалуудын талаар харьяа татварын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болгов.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН

ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭМНЭЛЭГ, СУВИЛЛЫН НЭРС

Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нэр

Тусгай зөвшөөрлийн төрөл

Тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй үйлчилгээний чиглэл

Мария ХХК

Эмнэлэг

Дотор, мэдрэл, уламжлалт, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээ, клиник биохимийн лабораторийн оношлогоо

Сэтгэшгүй ХХК

Эмнэлэг, сувилал

  • Бариа засал эмчилгээ
  • Сэргээн засах эмчилгээ