Categories
мэдээ нийгэм

Маргааш оюутан цэргүүд тангараг өргөнө

Энэ сарын 12-нд “Оюутан цэрэг-2015” хөтөлбөрт хамрагдсан 985 оюутан цэрэг Чингисийн талбайд тангараг өргөнө. Оюутан цэргүүдийн тангараг өргөх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол Соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр болон тангараг өргөх дайчдын ар гэрийн төлөөлөл оролцоно.

Categories
мэдээ спорт

Бодибилдингийн тэмцээнээс манай тамирчид амжилт дүүрэн иржээ

WBPF (World Bodybuilding & Physique Federation) тэмцээн энэ сарын 7-9-ны өдрүүдэд ХонгКонгт амжилттай зохион байгуулагджээ. Энэхүү тэмцээнд оролцсон манай тамирчид амжилт дүүрэн ирлээ. Тодруулбал уг тэмцээний -80кг ангилалд Монголын хоёр удаагийн мистер Э.Ганзориг мөнгөн медаль, тэмцээний +80кг ангилалд Монголын мистер Л.Баянхүү шагналт 4-р байранд шалгарсан байна. Түүнчлэн Хонгконгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай тамирчин Н.Анужин оролцож хос алтан медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хандгайтын замыг энэ сарын 13-ны өдөр хүртэл хаана

Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Шаргаморьтын уулзвараас Хандгайт чиглэлийн 6.75 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 08 дугаар сарын 06-ны 22.00 цагаас 08 дугаар сарын 13-ны 06.00 цагийн хооронд замыг бүрэн хааж, хучилтын ажил хийж байна. Зам хаах үед тээврийн хэрэгслүүд зурагт заасан түр замаар зорчино уу гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Дэлгэрням: Дэнзэн биеийн байдал нь маш хүнд байхдаа өлсгөлөн зарлачихлаа

-Г.Дэнзэнг онц ноцтой гэмт этгээдүүдтэй нэг камерт 80 хоног байлгахдаа АТГ-аас хоёрхон удаа байцаалт авсан-

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асанГ.Дэнзэнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. ТэрбээрШШГЕГ-ын харьяа Урьдчилан саатуулах 461 дүгээр хорих төвд хоригдоод 80 хонож байгаа юм. Г.Дэнзэн хорих ангидаа өнгөрсөн баасан гаригаас нойтон өлсгөлөн зарлаад байгаа. Энэ талаар түүнийөмгөөлөгч Ц.Дэлгэрнямтайярилцлаа.

Г.Дэнзэн өлсгөлөн зарласан гэсэн. Ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Миний үйлчлүүлэгч Г.Дэнзэн өнгөрсөн долоо хоногийн баасан гариг буюу 2015 оны наймдугаар сарын 7-ноос нойтон өлсгөлөн зарласан. Өөрөө “Хуурай өлсгөлөн зарлана, би өөрийнхөө болон бусад эрх нь зөрчигдөж хоригдож байгаа хүмүүсийн төлөө өлсөнө. Шударга үнэний төлөө миний амь нас үрэгдэх надад хайран биш. Гол нь ардчилсан улсад үнэн, шударга ялах ёстой учраас өлсгөлөн зарлахаар шийдлээ” гэсэн. Бид яаж ч учирлаад өлсгөлөн зарлахыг нь болиулж чадаагүй. Эрүүл хүн юуг ч бүтээж, амжуулж, ялж чадна гэж олон удаа хэлж ятгаж байгаад арай гэж нойтон өлсгөлөн болгуулсан. Хэзээ шингэн юм уухаа болихыг бид хэлж мэдэхгүй. Биеийнх нь байдал маш хүнд, тус хорих төвийн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээгээ зогсоогооч, шударга үнэнийг олооч гэсэн шаардлага тавьж байгаа.

Г.Дэнзэнг саатуулах хугацааг ямар үндэслэлээр сунгасан бэ. Хэд дэх хоногтоо хоригдож байна вэ?

-2015 оны долдугаар сарын 15-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны Эрүүгийн хэргийн шүүхээс цагдан хорьж, мөрдөх хугацааг сунгах тухай захирамж гаргасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1, 69.3 дугаар зүйл заалтад заасныг үндэслэн манай үйлчлүүлэгч Дэнзэнг хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр дээрх захирамжийг гаргасан гэж байгаа. Гэхдээ ингэж сунгаснаар ямар үр дагаварт хүрч байна вэ гэхээр нэгдүгээрт, манай үйлчлүүлэгч сэтгэл зүйн маш хүнд байдалд байгаа, хоёрдугаарт биеийн байдал нь хүнд, нарийн мэргэжлийн эмчид яаралтай үзүүлэх хэмжээнд хүрсэн байгаа.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах эрхтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй зэрэг эрхүүд нь зөрчигдөж байгаа юм. Цаашлаад үйлчлүүлэгч маань 0-3 насны хүүхэдтэй. Хүүхдийнх нь эрх давхар зөрчигдөж байгаа. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн долдугаар зүйлийн 7.1-д заасан “Эцэг, эхийгээ боломжийн хэрээр мэдэх”, “Эцэг, эхийнхээ хайр халамжийг хүртэх, мэдрэх”, хүүхдийн хүсэл зоригийнх нь эсрэг эцэг, эхээс нь салгахгүй байна гэх мэт эрхүүд ноцтойгоор зөрчигдөж байна. Мөн Дэнзэнгийн аав өндөр настай. Хүүгээ хоригдсоноос хойш нойргүй болчихсон, хоол идэхгүй, хүнтэй юм ярихаа больсон байдалтай, биеийн байдал нь хүнд байгаа. Учир нь гал голомтыг нь залгах ганц хүү нь Дэнзэн.

Гуравдугаарт, Г.Дэнзэн өмнө нь элэгний халдварт гепатит өвчнөөр гурван удаа өвчилж, эмчилгээтэй байсан. Үүний улмаас элэгний хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, хоолны болоод эрүүл ахуйн байнгын дэглэм сахидаг байсан. Гэтэл урт хугацаагаар цагдан хоригдсоны улмаас хоолны дэглэм алдагдаж, орчин нөхцөл нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж эхэлсэн. Үүний дээр өөр олон өвчлөл нэмэгдсэн нь тогтоогдоод, нарийн мэргэжлийн эмчид яаралтай үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлага тулгараад байгаа. Тодруулбал, хоолойны үрэвсэл, ходоодны шарх, хеликобактеритай болсон нь тогтоогдсон. Сүүлийн өдрүүдэд үйлчлүүлэгчийнхээ биеийн жинг үзэж амжсангүй. Хамгийн сүүлд буюу зургадугаар сарын 22-нд жинлүүлж үзэхэд 461 дүгээр хорих ангид саатуулагдахад орсноосоо есөн килограмм жин алдсан байсан. Биеийнх нь байдал ийм хэмжээнд хүрээд байхад гадуур байцааж яагаад болдоггүй юм бэ. Манай үйлчлүүлэгч хэргийн бодит байдлыг тогтооход ямар нэг саад учруулаагүй, ямар ч идэвхтэй үйлдэл гаргаагүй. Жишээ нь, хэн нэгэнд захиа дамжуулж, үгсэн хуйвалдаагүй. Харин ч АТГ-ын мөрдөн байцаагчдад маш хүндэтгэлтэй хандаж, асуултад нь үнэн бодит мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн байдлаар гурав дахь сардаа хоригдож байна. Хэргийн үнэн бодит мэдээллийг олох боломжит хугацаа хангалттай өнгөрсөн.

Мөрдөн байцаалт ямархуу явагдаж байна вэ. Өнгөрсөн хугацаанд хэдэн удаа байцаалт авсан бэ?

-АТГ-аас Дэнзэнг хориод 78 хоногийн хугацаа өнгөрсөн ч хоёрхон удаа байцаалт авсан. Нэг удаад нь сэжигтний байдлыг танилцуулж, нөгөөх нь яллагдагчийн үүднээс мэдүүлэг авсан. Намайг Дэнзэнгийн өмгөөлөгч болсноос хойш хоёр удаа л мэдүүлэг авсан гэсэн үг. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа учраас бидэнд хуулийн дагуу хавтаст хэргийг танилцуулаагүй байна.

Эрүү үүсгэсэн зүйл ангийг тодорхой хэлж өгөөч?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 153-т зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, сэжигтэн болон яллагдагчаар татсан байгаа.

Дэнзэн эмнэлэгт хэвтсэн гэсэн. Эмчлүүлж байхдаа өлсгөлөн зарласан юм уу?

-Биеийнх нь байдал өдөр ирэх тусам муудаж байгаа. Цахим сайтуудаар бичсэн байсан учраас би хэлж байгаа юм шүү. Үйлчлүүлэгч маань 461 дүгээр хорих ангийн А-гийн гурвын 28 гэдэг дугаарын камерт гурван хүний хамт хоригдож байгаа. Нэг нь халдварт гепатит өвчнөөр өвдөж, эмнэлэгт эмчлүүлээд эргэж ирсэн байсан. Нөгөөх нь хүн амины онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүн байсан. Тэр хүн нь үйлдсэн хэргийнхээ талаар нэлээд дэлгэрэнгүй хэд хэдэн удаа ярьсан байдаг. Үүнээс болоод манай үйлчлүүлэгчийн сэтгэл санаа нэлээд гутралд орсон нь ажиглагдсан. Хэцүү нөхцөл байдалд байгаа. Сэтгэл зүйн хувьд хүнд нөхцөлд байхаас гадна эрүүл мэндийн хувьд маш хүнд байгаа. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд гэм буруугүйд тооцно гэдэг. Гэтэл ийм хэмжээнд хүртэл нь хорьж байна. Үйлчлүүлэгчийг маань заавал үхлүүт болгож байж асуудлыг шийдэх, гаргах шаардлага байхгүй. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэмтэн юм шиг хандаж, элдэв мэдээлэл гаргаж байгаад гомдолтой байгаа.

Албан тушаалын хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг хүн амины ноцтой хэрэг үйлдсэн хүнтэй хамт хорихыг хориглосон зүйл заалт байдаг юм уу?

-Энэ бол 461 дүгээр хорих ангийн дотоод журмын асуудал. Давтан үйлдэлтэй хүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнтэй хамт хорьдоггүй. Мөн онц хүнд гэмт хэрэгт холбогдсон хүнийг сэжиглэгдэж байгаа хүнтэй хорих нь зохимжгүй. Энэ талаар хуулийнхан ч ярьдаг. Уг нь Б төрлийн камерт төрийн албан тушаал хашиж байхдаа сэжиглэгдэж буй хүмүүсийг хорих ёстой. А төрлийнх нь 91.2 буюу хүндрүүлэх бүлэгтэй хүний амь насанд хүрсэн хүмүүстэй хамт хорьж байгаа нь буруу юм. Учир нь хамт хоригдож байгаа хүмүүс нь цаазаар авахуулах хэмжээний ял сонсч болохоор гэмт хэрэг үйлдсэн хүмүүс.

Дэнзэнг сонинд ярилцлага өгсний маргааш АТГаас гэрээс нь очиж баривчилсан байдаг. Ингэхдээ эхнэрийнх нь хамаатны гэрт хүртэл нэгжлэг хийсэн гэдэг. Энэ үнэн үү?

-Дэнзэнгийн орон байранд үзлэг, нэгжлэг хийсэн байдаг. Мөн гэр бүлийнх нь хүний нэр дээр байдаг ч Дэнзэн болон гэр бүл нь амьдардаггүй, хамаатных нь орон сууцанд үзлэг нэгжлэг хийсэн байдаг. Тус орон сууцанд амьдардаг хамаатнуудынх нь орон байрны халдашгүй байдал, захидал харилцаа зэрэг олон эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа. одоогоор энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авч чадаагүй байна. Мөн орон байрных нь түлхүүрийг өгөлгүй, Дэнзэнгийн эхнэр, хүүхэд гэртээ орж чадахгүй олон хоносон. АТГ-аас саяхан гэрийнхээ түлхүүрийг ав гэж надаар дамжуулуулсныг уламжилж хэлсэн. Энэ нь мөн л Үндсэн хуульд заасан тодорхой эрхүүдийг зөрчсөн явдал.

Таны хувьд үйлчлүүлэгчтэйгээ холбоотой байцаалт болон бусад ажиллагаанд хэрхэн оролцож байна вэ?

-Миний хувьд хууль сахиулж буй албан хаагчдад хүндэтгэлтэй хандаж байгаа. Мэдүүлэг, байцаалт өгөх өдөр нь цаг тухай бүрт нь очиж ажиллаж байна. Нэг хүний хэлсэн үгийг би зориуд иш татмаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хувь хүний эрх чөлөө бол манай ардчиллын тулгуур чулуу юм аа. Монголчууд эрх чөлөөнд хайртай. Учир нь бид түүнийг нөр их хөдөлмөрийн үр дүнд олж авсан юм. Аливаа чөлөөт орны төр засаг цөөн хэдэн хүний өмч биш” гэж Европын парламентын чуулганд хэлсэн. Гэтэл Дэнзэн гэж хувь хүний эрх чөлөөг хэн, ямар үндэслэлээр хязгаарлаад, хэн булаагаад байна вэ. Ямар нэг гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдоогүй байхад энэ хүнийг яагаад цагдан хориод байгаа юм бэ. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 63.2, 70 дугаар зүйлийн 70.1-д таслан сэргийлэх арга хэмжээ авахад юу юуг харгалзан үзэх вэ гээд заасан байдаг. Тодруулбал, тухайн хүний гэр бүл, ажил албан тушаал, эрүүл мэндийн байдал гээд бүх зүйлийг харгалзан үзэх ёстой. Гэтэл манай үйлчлүүлэгчид энэ зүйл заалтуудыг харахгүй байна вэ. Эндээс би хуулийнхан цагдан хорих арга хэмжээг тухайн иргэнийг ямар нэг гэмт хэргийг “Би үйлдсэн” гэж хэлүүлэх арга хэрэгсэл болгон ашиглаад байгаа юм биш биз гэж эргэлзэхэд хүрч байгаа.

Дашрамд нь, би үйлчлүүлэгчийнхээ үгийг бас олон нийтэд дамжуулж хэлмээр байна. Тэрбээр “Шударга шүүх, ардчилсан төр хүний эрх эрх чөлөөний баталгаа болдог төдийгүй тухайн улс орны эдийн засгийн хөгжлийн нэг хөшүүрэг болдог. Шударга шүүх тухайн орныхоо эдийн засгийн 10 гаруй хувийг авч явдаг. Өөрөөр хэлбэл, шүүх болоод шүүгч шударга байвал энэ бүхэн бий болдог гэсэн үг. Тэгвэл манай улсын хувьд шударга шүүх, шүүгч хэр олон юм бол. Шүүхийн шинэчлэлийн тухай сүүлийн үед их ярьж байгаа. Хэлбэр, агуулгын аль талаас шинэчлэл явагдаж байна вэ гэх хүн олон байна. Өөрөөр хэлбэл, ялгааг нь олж харж, үнэлж чадахгүй байна. Уг нь хослох ёстой. Үүнийг эрхэм шүүгч, шүүхийн ажилтнууд анхааралдаа аваасай гэж хүсч байна. Мөн Монгол Улсын шүүх, прокурорын байгууллагын ажилтан, алба хаагчид АТГ-ын далайсан газар далд орж, далласан газар ил гардаг болчихсон юм биш биз дээ. Надад өөрийн эрхгүй ийм эргэлзээ төрөөд байна” гэдгийг дамжуулж өгөхийг хүссэн. Мөн цагдан хорих арга хэмжээг авч байгаа ажилтнууд уг арга хэмжээг зүгээр л үйлдвэрлэж байна. Хэн хүснэ тэр бүрт захирамж үйлдэж өгдөг байдал газар авсан юм биш биз гэж байсан. Одоохондоо энэ бүгдийг өөрөө хэлэх боломжгүй байгаа учраас та дамжуулж өгөөрэй гэсэн юм.

Өлсгөлөн зарлаад ч ямар нэг шийдвэр, хариу ирэхгүй бол яах вэ?

-Би дээр хэлсэн. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэсэн Үндсэн хуулийн зарчим байдаг гэж. Тиймээс Дэнзэнг гадуур байцаах бүрэн боломжтой. Энэ талаар шат шатны байгууллагад хандаж байна. Гол нь энэ хүн гэм буруутай үйлдэл, үг хэл гаргаагүй. Цагдан хорих захирамж гаргасан эрх бүхий хүмүүс Дэнзэнг гадуур байцаах бүрэн боломжтойг мэдэж байгаа. Хэрвээ гадны улс руу явчихна гэж сэрэмжилж байгаа бол хилээр гарах хориог нь тавьчихаж болно. Эсвэл эд хөрөнгө барьцаалан таслан сэргийлэх арга хэмжээг зогсоох боломжтой. Манай үйлчлүүлэгч нөхцөл байдал ийм болчихсон байхад оргон зайлж, хүндрэл учруулах хүн биш. Өндөр ухамсартай хүн учраас үнэн зөвийг олохын тулд өлсгөлөн зарлачихаад байж байна.

Монголчууд цөөхүүлээ шүү дээ. Гэтэл хүний нэр хүндэд хэтэрхий бүдүүлгээр хандах байдал маш их байна. Гэм буруутай нь нотлогдож, шүүхээр тогтоогдоогүй байхад “Энэ хүн ийм юм идсэн. Тэгсэн, ингэсэн” гээд л зарлаж, хэвлэлээр бичүүлээд байгаа нь маш харамсалтай. Гэм буруугүй нь тогтоогдоод ч энэ сэв амархан арилахгүй. Одоо хүртэл нарлахаар гаргахад нь хоригдож байгаа хүмүүс “Дэнзэн тэгсэн ингэсэн” гэж элдэв үгээр хэлж, дайрч байгаа тухай үйлчлүүлэгч маань надад ярьж байсан. Цагдан сэргийлэх төвийг гэмт хэрэг хүлээлгэх арга хэрэгсэл битгий болгооч. залхаан цээрлүүлж, өвчтэй болгож, гэр бүл, ах дүү хамаатныг нь давхар битгий яллаач ээ гэж хүсмээр байна.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ нийгэм

Японы нэрт эрдэмтэд эдийн засгийн хөгжлийн онолын лекц уншина

Монголбанкнаас эдийн засаг болон эрх зүйн шинжлэх ухааны суурь судалгаа эрхлэн явуулдаг дэлхийн хэмжээний эрдэмтэн судлаачдыг урьж, Монгол улсын эдийн засаг, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зах зээлийн эдийн засаг, эрх зүйн тогтолцооны хөгжлийн хандлагын талаар лекц уншуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ удаад Япон Улсын алдарт Токиогийн их сургуулийн хууль зүйн профессор Шозо Ота болон Киотогийн их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Макото Яно нар 2015 оны 8 дугаар сарын 28-ны Баасан гарагт Монголбанкинд хүрэлцэн ирж “Зах зээлийн чанар болон эдийн засгийн хөгжлийн харилцан хамаарал” сэдвээр лекц уншина.

Профессор Макото Яно нь Японы Эдийн засгийн ухааны холбооны ерөнхийлөгч, Киотогийн их сургуулийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, Япон эдийн засгийн тойм (Japanese Economic Review) сэтгүүлийн удирдах редактор зэрэг алба хашиж байсан, мөн АНУ-ын Корнел, Ратгерс, Японы Ёкохамагийн Үндэсний их сургууль, Кейо болон Киотогийн их сургуулиудад эдийн засгийн ухаанаар хичээл зааж ирсэн дэлхийд нэртэй эрдэмтэн юм. Профессор Яно 1977 онд Токиогийн их сургуулийн эдийн засгийн факультетыг дүүргэж 1981 онд АНУ-ын Рочестерийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.

Профессор Шозо Ота нь 1982 онд Токиогийн их сургуулийн хуулийн ангийг магистрын зэрэгтэйгээр төгсөж АНУ-ын Беркли дэх Калифорнийн их сургууль, Нью-Йорк дахь Колумбийн их сургуулиудад зочин судлаачаар ажилласнаас хойш Иргэний хэргийн процесс, Эрх зүй ба Нийгмийн ухаан, Эрх зүй ба Эдийн засгийн ухаан, Японы эрх зүй зэрэг сэдвээр Японы Нагоя, Кейо, София, Токиогийн их сургуулиуд, АНУ-ын Колумб, Мичиганы их сургуулийн хуулийн сургуулиудад багшилж иржээ. Профессор Ота нь улс орнуудын хууль, эрх зүйн тогтолцоог нийгмийн ухааны арга хэрэгсэл ашиглан судлан шинжлэх талаар Японд төдийгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон судлаач эрдэмтэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганхуяг: Дараагийн сонгууль бодсон улстөржилтөөс иргэд залхсан байна

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

Ямартаа ч хамтарсан Засгийн газрын бүрэл­дэхүүнээс МАН-ыг явуулчихлаа. Таны хувьд МАН орон нутагт сонгуулийн ажлаа эхлүүлсэн талаар шүүмжлэлтэй хандаж байсан. Зургаан сайдыг огцруулсан процессыг хэрхэн харж байгаа вэ?

-Улс төрийн ажил бол багаар хийдэг зүйл. Үүнийг хэн хэн нь мэдэж байгаа. МАН-ыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргах шийдвэрийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл гаргасан. Улмаар УИХ дахь бүлэг ч мөн хамтран ажиллах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гаргах болсон гол үндэслэл нь “Нэгэнт олигтой хамтарч ажиллаж чадахгүйгээс УИХ дахь олонхийг бүрдүүлж байгаа АН хариуцлагаа үүрч, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь зүйтэй” гэж үзсэн хэрэг. Нөгөө талдаа УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд цөөнхийн хяналт байх нь чухал ач холбогдолтой, улс орны эрх ашигт нийцнэ гэж үзсэн. Зургаан сайдыг огцруулах процесс олон нийтэд ил тод байсан. АН-ын бүлэг өмнөх шийдвэрээс шийдлийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, цаашид олонхиороо гарсан шийдвэрийг бүлгийн гишүүн бүр тууштай дэмжих зэрэг асуудал дээр бүрэн санал нэгдэж чадсан нь АН төлөвшсөнийг харууллаа гэж үзэж байна.

Эвслийн Засгийн газраас Ардын намыг явуулах гол нөхцөл юу байсан гэж үзэж байна вэ. Зургаан сайдыг явууллаа гээд сайн үр дүн гарах уу?

-Энэ талаар манайхан ярьсан. Нөгөө талаас нь хэлвэл Эвслийн Засгийн газар байгуулагдаад сар ч болоогүй байхад л тодорхой бус шалтгаанаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж засгаас гарах эсэхийг хэлэлцэж байсныг хүмүүс санаж байгаа байх. Мөн хоёр намын хооронд байгуулсан гэрээгээр зөвхөн улс төрийн албан тушаалтны хүрээнд сэлгээ хийхээр тохирсон байсан юм. Гэсэн ч МАН-ын зүгээс төрийн захиргааны албан хаагчийг олноор нь халж сольсоор байсан. Үүнийг нь манай бүлгийн гишүүд хэлсээр байтал хүлээж аваагүй. Зарим яам тэр бүү хэл албан хаагчийнхаа 40 орчим хувийг сольсон байсан. Мөн ах дүүгээ ажилд авсан нь тогтоогдсон юм билээ.

Нэг зүйлийг зайлшгүй хэлэх хэрэгтэй. Эвслийн Засгийн газрыг хамтран байгуулсан хэрнээ УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх нь цөөнхийн гишүүд шиг ажиллаж ирсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш УИХ-аар хэлэлцэгдсэн 35 хуулийн 22 дээр нь МАН-ын гишүүдийн 50-иас дээш хувь нь эсрэг санал өгсөн гэсэн судалгаа гарчээ. Хамгийн ноцтой нь хаврын чуулган эхлэхийн өмнө болон чуулганы дундуур ардын намын зүгээс орон даяар “Бид хамтдаа” аяныг өрнүүлсэн. Тэр хүрээндээ хамтарсан Засгийн газар, түүнчлэн АН-ын нэр хүндийг унагаахад чиглэсэн ухуулга, сурталчилгааг ихээр явуулсан гэсэн л дээ. Энэ бүх үйлдэл нь хамтарсан Засгийн газар байгуулахад хийсэн гэрээг зөрчсөн. Ер нь иргэд дараагийн сонгууль бодсон улстөржилтөөс залхсан байна.

Тэгээд л хамтрах гэрээгээ цуцлахаар болсон юм уу?

-Энэ нөхцөл байдалд намын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу 2001 онд Үндсэн хуульд орсон “УИХ-д олонхигүй тохиолдолд Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэхтэй” холбогдсон өөрчлөлтийг УИХ болон Засгийн газрын тухай хуульд суулгах, дээр нь улс төрийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий хуулийн төслийг боловсруулж АН-ын дарга З.Энхболдоор дамжуулж МАН-ын удирдлагад хамтарч санаачлах саналыг тавьсан боловч хүлээж аваагүй. Энэ төслийн улс төрийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх гэдэг нь өнөөгийнх шиг УИХ-д олонхигүй тохиолдолд УИХ-д бүлэгтэй намууд хамтарч Засгийн газрыг байгуулсан бол, тэр засгийн газар огцорсон ч тухайн парламентын хугацаанд Засгийн газрыг хамтарч байгуулах зохицуулалт байсан. Харамсалтай МАН нь энэ саналыг хүлээж аваагүйгээс өнөөгийн нөхцөл байдал бий боллоо.

УИХ-д олонхигүй тохиол­долд байгуулагдсан хамтарсан Засгийн газрыг тогтвортой ажиллуулах эрх зүйн зохицуулалт тодорхойгүйгээссонгууль дөхөхөөр аль нэг нам, эвсэл нь хамтарсан Засгийн газраас улс төрийн оноо цуглуулах зорилгоор гардаг. Хамтарч ажиллаж байсан мөртлөө сонгуульд ялахын тулд уг Засгийн газрынхаа үйл ажиллагааны талаар гүтгэлгийн чанартай шүүмжлэлүүдийг нийгэмд илт явуулдаг л даа. Энэ байдал нь иргэдэд сонгуульд оролцогч нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон бодлогод анхаарлаа хандуулж, зөв сонголт хийхэд сөргөөр нөлөөлдөг. Цаашид энэ асуудлыг хуульчлах шаардлагатай.

МАН-ынхан Засгаас гарахад ямар нэгэн асуудал байхгүй гэсэн ч яг огцруулахын өмнө бол нэлээд шүүмжлэлтэй хандаж байх шиг байсан. Үнэхээр эвийг хичээгээд явах боломж байсангүй юу?

-Ямар нөхцөл байдал үүссэн талаар дээр ярьсан. Засгийн газарт орсон МАН-ын гишүүд аль болох үүрэгт ажлаа сайн хийхийг бодож байсан байх. Нэгэнт гэрээ зөрчигдсөн, нөгөө талаас МАН-ын гол зорилго нь дараагийн сонгуульд бэлдэх гэдэг нь ойлгомжтой болсон учир АН-ыг дээрх шийдвэр гаргах сонголтод хүргэсэн. УИХ-д 50 хүртэл гишүүнтэй олонхийг бүрдүүлэх боломжтой бөгөөд, ингэснээр улс төрийн тогтвортой байдлыг хадгалах боломжтой.

Засгийн газрын үр дүнг дүгнэ гэвэл та юу гэх вэ. МАН-ынхан бол сайд нараа маш сайн ажилласан гээд байгаа?

-Зарим сайд боломжийн ажилласан гэж ойлгож байгаа.МАН-ын гишүүд орсон Засгийн газрын ажил гэхээсээ илүүтэйгээр Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн, хийж байсан ажлыг хэр үр дүнтэй үргэлжлүүлсэн бэ гэдэгт анхаарал хандуулах нь зүйтэй болов уу. Хүмүүстэй уулзахад нүдэн дээр илт бий болсон бүтээн байгуулалтын шинэчлэлийн Засгийн газрын хийсэн ажилд нэлээд ам сайтай байгаа нь тодорхой ажиглагдаж байсан.

Дараагийн зургаан сайдыг Их хурал дотроос томилох тухай яриа гарч байна. Бас л дан, давхар дээлийн асуудал сөхөгдөөд томилгоо хийхэд хүндрэлтэй байх болов уу?

-Засгийн газрын зургаан гишүүнийг томилоход нэг их хүндрэл гарахгүй болов уу гэж бодож байна. Учир нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь ардчиллын зарчимд ч, хуульд ч нийцэж байгаа. Зүгээр манай парламентын гишүүдийн тоо цөөхөн учир УИХ-ын Засгийн газартаа тавих хяналт сулардаг гэж ярьдаг. Энэ хяналт хүчтэй цөөнх бий болох учир хангалттай гэж бодож байна.

Одоо ч гадны хөрөнгө оруулагч гэж мөрөөдөх ч эрхгүй болчихов уу даа. Энэ эдийн засгийн төлөв байдлыг та хэрхэн харж байгаа вэ?

-2012 оны сонгуулийн өмнө ба хойно хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг тогтворгүй болгочихсныг хүмүүс мэдэж байгаа. Харин шинэчлэлийн Засгийн газрын үед болон, хамтарсан Засгийн газрын үед уул уурхай болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай болгож чадсан. Эдийн засаг сайнгүй байна. Гол нь манай гол нэрийн нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг ашигт малтмалын зах зээлийн үнэ уналттай байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулсаар байна.Харин Шинэчлэлийн Засгийн газрын үед бондын санхүүжилтээр уул уурхайгаас бусад салбарыг нэлээд сайн дэмжсэн. Энэ арга хэмжээнээс тодорхой үр дүн гарах болов уу гэж бодож байна. Оюу толгойн далд уурхайн асуудал шийдэгдсэн. Угтаа бол анхны хөрөнгө оруулалтыг хоёр тэрбум гаруй ам.долллараар хэтрүүлсэн нь гол асуудал болж байсан. Тэрнээс хууль, гэрээнд зааснаар ямар нэг тодорхой бус шалтгаанаар хөрөнгө оруулалтыг зогсоож болохгүй юм. Хойшид ч гэсэн үүн дээр анхаарах учиртай. Таван толгойн ордод хөрөнгө оруулагчдыг оруулах асуудал жаахан удааширч байна. Гэхдээ Эрдэнэс Таван толгой компани үйл ажиллагаа явуулж байгаа. Нүүрсний үнийн уналт доод цэгтээ хүрсэн энэ үед хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх нь манай талын ашиг орлогод их хэмжээгээр сөргөөр тусах тул харзнаад байх шиг байна. Нөгөө талаас Хамтарсан Засгийн газрын үед оруулж ирсэн Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгох хэлэлцээр,тэр гэрээний төсөл маш тааруу байсныг тэмдэглэмээр байна.

Яагаад?

-Энэ ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон, Монголын төр, ард түмэн хувьцаа эзэмшдэг компани. Гэтэл 60 жилийн хугацаанд ордоо 100 хувь ашиглуулаад борлуулалтаас зөвхөн хоёр хувийн нөөц ашигласны төлбөр авах гэрээний төсөл байсан.Гэвч өнөөгийн нүүрсний зах зээлийн үнэ уналттай энэ үед ч хоёр хувийн роялтигийн оронд 51 хувьд оногдох ноогдол ашгаа авахад 4-5 дахин илүү ашиг авахаар тооцоо гарсан байна. Хөрөнгө оруулагчдад хөрөнгийн биржийн үнэлэмжээр Эрдэнэс Таван толгой компанийн хувьцааныхаа 30 хүртэл хувийг худалдаад орж ирсэн орлогоор нь ордтой холбогдсон бүтээн байгуулалтын ажлыг хийх бүрэн боломж бий. Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг барьцаалж зээл аваад, 60 жил ноогдол ашиг авахгүй байх гэрээний төсөл хийсэн нь анхаарал татсан асуудал. Монголын талд ашиг муутай, өмнөх алдаагаа улам даамжруулсан гэрээний төслийг засч сайжруулах гэж байгаа УИХ дахь АН-ын гишүүд, АН-ын даргад олон түмэн ам сайтай, энэ байр суурийг дэмжиж байгаа.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж буй хуулиудыг дэмжиж ярьж байхыг сонссон. МАН-ынхан харин эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж байх юм. Энэ хуулиудын үр дүнг та хэрхэн дүгнэх вэ?

-Уг нь баялаг бүтээгчдийг дэмжих эдгээр хуулийн төслийг баталж гаргана гэж нөгөө хамтарсан Засгийн газар байгуулах гэрээндээ заасан юм шүү дээ. Далд байдалд байгаа хөрөнгө,орлогыг ил болгох, ил болгосон хөрөнгө, орлогыг хуулийн хариуцлагаас чөлөөлөх зорилготой Эдийн засгийн ил тод байдлын болон Өршөөлийн тухай хуулийг батлах талаар бүтэн нэг жил ярилаа. Уг нь ийм хуулийн төслийг удаан хэлэлцдэггүй нь олон улсын жишиг юм. Нэг жил буюу ийм урт хугацаанд баталж гаргалгүй маргалдсанаар төсвийн орлогын бүрдэлтэнд үзүүлж буй сөрөг нөлөө нэмэгдсээр байна. Энэ хуулиуд батлагдсанаар 40 хувьтай байгаа далд эдийн засаг багасч, тэр хөрөнгө орлого эдийн засгийн эргэлтэд орох нь Монгол Улсын эрх ашигт хамгийн их нийцэх, чухал ач холбогдолтой байх болно. Тэр төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтантай холбоотой авлига, хээл хахууль зуучилсан зэрэг хэргийгөршөөлд хамруулахгүй гээд хуулийн төсөлд биччихсэн байна лээ.

Ийм байхад л цөөнхийн зарим гишүүн өөрсдийгөө чөлөөлөх гэлээ гээд илт үндэслэлгүй яриад байгаа нь ойлгомжгүй асуудал. Ер нь УИХ дахь цөөнхийн үндсэн ажил нь иргэдийн сонголтоор эрх барьж байгаа олонхийг муухай харагдуулах явдал болсныг олон нийт мэддэг болсон байна лээ. Шинэчлэлийн Засгийн газрын үед УИХ-ын чуулганы хугацааны 60 гаруй хувьд нь хэн нэгнийг огцруулах асуудал ярьсан нь үүнийг нотлоод байх шиг байна. Цаашид УИХ-ын олонх, цөөнхийн гишүүнээсээ үл хамаарч улс орны хөгжилд чухал шаардлагатай оновчтой бодлогын шийдвэр гаргахын тулд ухаан уралдуулах, бод­лого өрсөлдүүлэх, үндсэн үүрэгтэй, тийм тангараг өргөснөө гишүүд байнга барим­талж ажилладаг болмоор байна. Үүнийг ч сонгогчид ялгаж сурсан шүү дээ. Эдийн засаг өндөр өсөлттэй үед бизнесээ өөдрөгөөр төсөөлж байсан баялаг бүтээгчид, энэ өсөлт нь огцом саарсан болон үндэсний валютын ханшийн уналтаас хүнд байдалд орсон нь эдгээр хуулийг баталж гаргах шалтгаан болсон.

Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан гаргалаа. Уг хууль батлан гарсан өдрөөсөө хойш хэрэгжихээр тусгасан байна лээ. Энэ хуулийн талаар ярихгүй юу?

-Энэ хуулийг гаргахын ач холбогдлын ихэнхийг дээр ярьсан. Энэ хуулиар ямар төрлийн татвар, хөрөнгийн зөрчлийг өршөөлд хамруулах вэ гэдгийг тодорхойзааж өгсөн байгаа. Энэ хууль сайн,үр дүнтэй хэрэгжих эсэх нь Өршөөлийн хууль батлагдах эсэхээс шууд хамаарна.

Энэ хууль батлагдан гарсан юм чинь нуусан орлогоо хүмүүс ил болгох хандлага хэр байгаа вэ. Зарим гишүүний хувьд энэ хуулийн нэрийн доор бүхнийг нь ил болгоод дараа нь эрүү үүсгээд шалгаад явна гэдэг зүйлийг яриад байсан л даа?

-Далд байдалтай байгаа хөрөнгө,орлогоос дээр дурьдсан хуулиуд батлагд­санаар ил гарах хэмжээг урьдчилж тодорхой хэлэх боломжгүй. Судалгаанаас таамаглаж хэлэхэд далд эдийн засаг 40 орчим хувьтай байгаа гэх бөгөөд, энэ нь найм орчим их наяд төгрөг. Бүгд ил болно гэж байхгүй болов уу, нарийн тоо хэлэх боломжгүй.

Хуулийн хугацааны үргэлжлэл хэр удаан байх вэ. Энэ хүрээнд хэр хэмжээний мөнгө ил болох боломжтой бол?

-Хуулийн үйлчлэх хугацаа гурав хүртэл сар байхад хангалттай болов уу даа.

Та Монгол Японы парламентын холбооны тэргүүн. Монгол Японы хооронд визгүй зорчихоор болжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монголчууд Японд тодорхой хугацаанд визгүй зорчих асуудал Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах үеэр Япон улсад айлчилсан Ерөнхий сайд болон УИХ-ын даргын айлчлалын үеэр идэвхтэй яригдаж байсан. Монголчууд Японд визгүй зорчдог болсноор Эдийн засаг, хөрөнгө оруулалтын тусгайлсан эрх зүйн орчинтой болсон хоёр орны иргэдийн харилцан зорчилт нэмэгдэж, ингэснээр хоёр тийш чиглэсэн мэдээлэл, мөнгө, технологийн урсгал нэмэгдэх нь дамжиггүй.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Хийлч Дээгий: Орой гэрэл асаахад бүх зүйл нь ил харагддаг шил, толь болсон урлагийн сургууль мөрөөдөж байна

Хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.

Таныг өөрийн “Deegii’s music school” хөгжмийн сургуулиа нээгээд завгүй байгаа гэж сонссон. Сургуулиа хэзээ нээсэн бэ. Уран бүтээл дээрээ ажиллаж байгаа юу?

-Сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү хөгжмийн сургуульдаа анхаарал хандуулж байна. Сургуулиа энэ оны дөрөвдүгээр сард нээсэн. Нэгэнт эхэлсэн ажил учраас тэрэндээ санаа тавиад ажиллаж байна.

Хэдээс хэдэн насныхан хичээллэж болох вэ?

-Таваас дээш насныхан гэсэн ангилалтай байгаа. Хүүхдүүдийн хөгжлөөс л хамаарна. Хичээлийн дараа буюу 14.00 цагаас хойш орой болтол хичээллэж байгаа.

Сургууль тань нээгд­сэнээс хойш ямар хүмүүс ирж хичээллэж байна?

-40 хүрч байгаа мөртлөө хөгжмөөр нэг ч гэсэн ая тоглоод сурчих юмсан гэж олон жил бодож явлаа, хэзээ ч боломж нь бүрддэггүй байсан юм гээд ирж байна. Нөгөө талаас одооны хүмүүс хүүхдүүдээ багаас нь хөгжмийн боловсрол эзэмшүүлэх нь үүрэг гэж үздэг болжээ. Энэ нь ч зөв л дөө. Би хүүхдүүдээс нь гадна эцэг, эхчүүддээ бас их анхаарал хандуулдаг юм. Хүүхэд гэдэг бол порлон. Тэр хүүхдэд юу зааж, юу өгнө бүгдийг хурдан сурдаг. Тэд хүүхдээ зүгээр нэг мундаг математикч болгоод өсгөчихье гэж боддоггүй. Дотоод хүн гэдэг талаас нь хөгжүүлэх юмсан гэсэн мундаг хүсэлтэй эцэг, эхчүүд ирдэг юм. Тэр хүүхдийг өсгөж хүмүүжүүлж байгаа эцэг, эхчүүд миний хувьд маш том сонирхолтой сэдэв болдог.

Сургуулийн төлбөрийн хувьд ямархуу вэ?

-Хүмүүс манай сургуулийг үнэтэй гэж ойлгоод бэргэдэг. Би тэрэн дээр том хаалт тавимаар байна. Өнөөдөр нэг дэлгүүр ороод долоо хоногийн хүнсээ авахад хэдэн төгрөг болдог билээ. Гэтэл үнэндээ хоол гэхээсээ илүү хор цуглуулдаг шүү дээ. Хоёр тор хүнс аваад гарахад л 200 мянган төгрөг болно. Гэтэл манай сургалтын төлбөр хоёр тор хүнснээс хямдхан. Сарын хугацаанд найман удаагийн ганцаарчилсан сургалтыг хүүхдэдээ зориулна. Бүтэн сар хүүхэд тань хөгжмийн ертөнцөөр амьдарна гэдэг маш том боловсрол. Тэр талаас нь харж хүүхдүүдээ явуулаарай гэж би зөвлөмөөр байгаа юм.

Та анх хийл хөгжмийг хүмүүст таниулж, их хурдан олонд танигдсан. Тухайн үед менежментээ яаж хийсэн бэ?

-Өнөөдрийнхтэй харьцуул­бал хийл хөгжмийг олон хүн тоглодоггүй байсан. Би анх удаа хийл хөгжмийн CD гэж гаргаж байлаа. Анхны юм гэдэг сонин, содон учраас хүмүүст хүрэх нь хурдан байсан. Дээрээс нь сонгосон зохиол нь их оновчтой болсон байх. “Хэнтийн өндөр ууланд” гэсэн аялгуу маань монголчуудын бахархал болсон зохиол учраас хэн ч гэсэн гоё хувилбараар тоглоод гараад ирэхээр содон байсан. Менежмент гэж яривал зөв сонголт. Тухайн үед үнэхээр анхдагч байсан учраас хүмүүст их таалагдсан байх.

-“Үлэмжийн чанар” дууг үсээ хусаад, хагас нүцгэн тоглож байсан чинь бас содон шийдэж, багагүй зориг гаргаж хийлээ дээ гэж харах хүн олон байсан. Тэр талаараа дурсаж яриач?

-Эргээд харахад бараг 10 жилийн өмнө хийгдсэн уран бүтээл. Өнөөдрийг хүртэл хүмүүс ярьж, үздэг. Хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгж хийх нь хамгийн чухал. Их ч зориг гаргасан. Хийвэл хийсэн шиг хийе гэдгийн дотор том зорилго агуулагдаж байгаа. Тэр зохиолыг маш их судалж хийсэн учраас чанартай болсон. Хэзээд хуучрахгүй байгаагийн гол шалтгаан нь энэ байх.

Таныг долоон настайгаа­саа хийл хөгжмөөр хичээл­лэж эхэлсэн гэдэг. Яагаад хийл хөгжмөөр хичээл­лэхээр болсон юм бэ?

-Хөгжим бүжгийн коллежид хийлийн ангид ороод л хийлийн мэргэжлээр явсаар байгаад өдий хүрлээ. Одоо эргээд харахаар хувь заяаны л асуудал. Заримдаа хүн өөрөө сонгодог бол заримдаа өөрөө сонгогддог. Долоон настай хүүхэд дурлаад өөрийнхөө хүсэл зоригоор сонгохгүй шүү дээ.

Таныг их сургуульд орох­доо өөр мэргэжил сонгосон гэдэг юм билээ?

-Хөгжим бүжгийн коллеж төгсөөд 1998 онд хүн болгон англи хэл сурч эхэлж байсан үе. Гуравдагч улс гүрэн Монголын өмнө нээгдэж байсан цаг. Хөгжмийн хүн гэхээр хөгжмөөрөө яваад байвал уйтгартай шүү дээ. Энэ нь өрөөсгөл ойлголт. Тиймээс хэлтэй бол хөлтэй гэдэг утгаараа хэлээ сонгож ШУТИС-ийн орчуулагчийн ангид орж байлаа. Хөгжмийнхөө хажуугаар инженер, орчуулагч мэргэжилтэй болсон шүү.

Сургуулиа төгсөөд 2002 онд Америк руу явж тэндхийн СУИС-ийг хийл хөгжмөөрөө суралцаж төгссөн. Дараа нь Монголдоо ирэхийг үнэхээр их хүссэн. Би Монголдоо байх дуртай. Монголдоо байхаар өөрийнхөө дуртай амттай амьдралаар амьдарч чаддаг. Америкт сурсны хувьд мэргэжлийн гэхээсээ илүү маш том амьдралын туршлага болсон доо. Яагаад гэвэл 20 настай хүн заавал гадаадын их дээд сургуулиудад суралцах ёстой гэдэг шүү дээ. Тэр миний залуу насны маш том мөрөөдөл байсан. Мөрөөдлөө биелүүлсэн. Амьдралыг таньж, хүн болох сургуулилтыг тэнд илүү хийсэн дээ.

Бага залуу насны чинь талаар ярилцъя. Та айлын хэд дэх хүүхэд вэ. Аав, ээж тань юу гэж захидаг байв?

-Дөрвөн хүүхэдтэй айлын бага нь. Миний бага залуу нас социализмын үед өнгөрсөн. Одоо хүмүүст үлгэр домог шиг сонсогддог болж. Тухайн үед бүх зүйл нийгмээрээ хүмүүждэг байсан. Хувийн амбиц байгаагүй. Хувийн юм гэж ерөөсөө байгаагүй шүү дээ. Улс нь цаанаасаа ясли, цэцэрлэг, сургууль гээд л бараг нийгмийн хүн болж хүмүүждэг байсан. Улс орон хүмүүсээ төрөхөөс өсөх, сурах хүртэл нь бэлтгэдэг үе байлаа. Ээж, аав ажилдаа явна. Улс орондоо зүтгэнэ. Үүний хариуд хүүхдүүд нь сургуульд суралцдаг байлаа. Одоо бол улс орон гэхээсээ илүү хувь хүн өөрийнхөө төлөө зүтгэдэг болсон цаг. Тэр утгаараа эргээд маш өндөр үнээр хүүхдэдээ боловсрол олгодог болсон.

Уран бүтээлийнхээ онцлогийг яриач. Эрс тэрс ялгаатай бүтээл гаргаж байв уу?

-Миний мэргэжлийн хувьд онцлог нь сонгодог урлаг. Сонгодог урлагийг яагаад ч толгойг нь доош харуулж болохгүй. Сонгодог гэдэг зүйлийг хэзээ ч хэн ч эвдэж болдоггүй юм. Түүнийг баримтлахгүй байх аргагүй. Дээрээс нь сонгодог хөгжим гэдэг хэдэн зууны өмнө хөгжчихсөн зүйл. Өнөөдөр бид ямар зуунд амьдарч байгаа билээ. Тэр цаг үеэ мэдрэхгүй бол бас их хэцүү. Яг энэ хоёр зүйлийн огтлолцол дээр миний уран бүтээл оршдог. Одоо цаг дээр өнөөдрийн хүмүүсийн хөгжмийг ойлгох потенциал ямар байна тэрэнд тааруулж уран бүтээлээ хийх ёстой. Уран бүтээлийн гол чиг сонгодог дээр тулгуурласан мөртлөө өнөөдрийн массын сэтгэхүйд зориулсан зүйл хийдэг. Угаасаа урлагийнхны даалгавар хүмүүст дэлгэрүү­лэх, сэнхрүүлэх, нийгмийг зөөлрүүлэх үүрэгтэй. Үндсэн философийг нь барьж уран бүтээлээ хийдэг. Тэрнээс биш айхтар эвдээд харыг цагаан болгож, цагааныг хар болгож хийнэ гэж байхгүй л дээ. Магадгүй сонгодог урлагийг цахилгаан хөгжмөөр тоглож байгаа нь хүмүүст айхтар эвдлээ гэж харагддаг байж болох юм. Чингис хаантайгаа зүйрлэхэд л тэр олон мянган цэргийнхээ өмнө гараад яаж ярьдаг байсныг мэдэхгүй. Гэтэл одоо микрофон, спикер гээд асар өндөр хүчин чадалтай цаг үеийн ололтууд гарсан. Яг л тэрэн шиг үндсэн хэв маяг байгаа ч технологийг л ашигласан хэрэг.

Та хийл цуглуулдаг уу?

-Цуглуулга гэхгүй байх. Миний хувьд хэрэгцээтэй л багаж маань шүү дээ. Надад үндсэн аяа тоглодог сонгодог хийл, сайн чанарын буюу сүүлийн үеийн цахилгаан хийлүүд байгаа. Сонгодог хийл жинхэнэ мастерийн уран бүтээлээ гаргах зэвсэг учраас хамгийн үнэтэй байдаг.Цахилгаан хийлийг энд тэнд явж байхдаа авчихдаг юм. Голчлон “Yamaha” брэндийн хийлээр тоглодог.

Найз нөхдийнхөө талаар яриагаа үргэлжлүүлье. Амьдралд хэрэгцээтэй зүйлийн нэг шүү дээ?

-Миний хувьд хүн өөрөө маш олон талсттай болор гэж ойлгодог. Тэр олон талстыг бүрэн гүйцэд ойлгох найз гэдэг маш ховор. Би аливаа юманд хавчиг байхыг хүсдэггүй. Бүх төрлийн хүмүүсийг хүлээж авах шугам нь өргөн байх ёстой гэж үздэг. Ер нь олон найзтай байна гэдэг өөрөө өөрийгөө олох хамгийн гол зэвсэг. Хүнийг таниад байх нь юу юм, өөрийгөө л нээдэг юм.

Таны барим­талдаг зарчим?

-Өөрөө өөртөө үнэнч байх. Энэ амьдарч байгаа цаг хугацаа бол миний цаг хугацаа. Энэ хугацаандаа өөрөө өөртөө үнэнч амьдрах юмсан гэж боддог. Нэг ч гэсэн илүү амьсгалах юмсан. Миний төлөө хэн ч амьсгалж чадахгүй. Би ч гэсэн хэний ч төлөө амьсгалж чадахгүй шүү дээ. Тиймээс миний хувьд маш том зүйл бол өөрөө өөртөө зориулсан амьсгал бүр минийх байгаасай гэж хүсдэг.

Гэр бүлээ танилцуу­лаач?

-Хүмүүс мэднэ шүү дээ. Дэлгээтэй ном шиг байхыг хүсдэггүй.

Та өөртөө хэр их цаг зав гаргадаг вэ?

-Өөртөө цаг гаргана. Би л өөртөө цаг гаргахгүй бол хэн миний өмнөөс надад цаг гаргах вэ дээ. Тэр бол үндсэн шугам. Эмэгтэй хүний хувьд өөртөө цаг гаргаж чадна гэдэг маш том арчаа.

Чингисийн талбай дээр “Учиртай гурван тол­гой” дуурь тоглоход хүмүүс сонгодог урлагийг гудамжинд гаргачихлаа гэж нэлээд шүүмжилсэн. Та ямар бодолтой байна?

-Тэр хүмүүсийн харж буй амьдралын өнцөг тийм л хар бараан байгаа юм. Ард түмэн олон ургальч санааг гаргадаг гэдэг шүү дээ. Үнэхээр сайхан цэцэг ургуулаад харуулсан ч гэсэн тэр дундаас шүүмжлэх хүн гарч ирнэ. Тиймээс хар бараан зүйлд ач холбогдол өгөхөө больцгооё гэж л хэлмээр байна. Урьд хожид болоогүй л сайхан наадам боллоо шүү дээ. Сайхныг нь магтвал тэрийг хийж байгаа хүмүүсийн сэтгэл улам баярлаж, урам орно. Миний хувьд гайхамшигтай санагдсан. Наадмын өдрүүдэд талбай дээр өнжлөө дөө гэдэг шиг л юм болсон доо.

Та жил болгон тоглолтоо хийдэг шүү дээ. Энэ жилийн тов гарсан уу?

-Яг шийдэгдээгүй байна. Амьдрал баялаг юм чинь гэнэт л хийнэ дээ.

Өөрийн чинь хувьд хамгийн хайртай уран бүтээлээ нэрлээч гэвэл та юуг онцлох вэ?

-Миний тоглодог бүх л уран бүтээл миний хувьд үнэ цэнтэй. Ард нь гарсны дараа эргээд харахад яаж энэ бүгдийг хийсэн юм бэ гэж боддог. Одоо харахад дандаа 20-иод насны уран бүтээл байгаа юм. Гоё ч нас байдаг юм байна. Ер нь 30 хүрээгүй байхдаа л ихзүйл хийчихмээр юм биш үү. Эрсдлээ сайн мэдэхгүй маш их зоригтой байдаг үе. Хүн алдаж болно. Зовох ч байх. Гэхдээ тэр үед зовж байгаагаа ч мэддэггүй юм билээ. 30 нас гараад ирэхээр хашир болчихдог юм байна. Эрсдлээ их боддог болж. Магадгүй 30-аас өмнөх насныхан уншиж байвал залуудаа хийсэн ямар ч ажил хэрэгтэй, амттай байдаг юм шүү гэж хэлье.

Хэдэн цомог гаргасан билээ. Цомгууд тань хоорондоо ялгаатай юу?

-Би дөрвөн цомог гаргаж байсан. Уран бүтээлийн үе байж дээ. Ардын дууг орчин үеийн хэв маягт оруулаад сүүлдээ тэр нь этник гэдэг хэллэг болсон байгаа. Яг сонгодог чиглэлээр цэвэр хийлээр бас нэг цомог гаргаж байлаа. Дээрээс нь хамтарсан уран бүтээл их хийсэн. Хамгийн сүүлд “Мint” клубээс зохион байгуулсан шоунд дуучин Энхзолтой хамтарч гоё транс ая хийсэн байна лээ. Тэгэхээр уран бүтээлийн хэв маяг хязгаарлагдахгүй л дээ. Яагаад гэвэл хийл хөгжим өөрөө юу л бол юу тоглож болдог. Уртын дуу ч тоглож болно.

Та ямар мөрөөдөлтэй хүн бэ?

-Мөрөөдөл чинь бас сүүлийн үед шунал ч юм шиг болчих гээд байгаа шүү. Мэдээж мөрөөдөлгүй яахав. Өнөөдөр би өөрийн гэсэн сургууль дээрээ сууж байна. Сургууль маань 10-аад анги танхимтай. Гэхдээ давуулаад мөрөөдөхөд тусдаа биеэ даасан зургаа, долоон давхар байшин байгаасай гэж хүсч байна. Гаднаас нь харахаар нэвт харагддаг. Нэг давхар нь тэр чигээрээ бүжгийнх, хоёр давхар нь бүтэн оркестр суугаад тоглодог. Гурван давхар нь ганцаарчилсан ангиудтай. Доороо бас концертын гоё заалтай байгаасай гэж хүсч байна. Тэр байшин маань метроны буудлын хажууд эсвэл вагоны хажууд байрлалтай зөрж өнгөрч байгаа хүмүүст нэвт харагддаг. Орой гэрэл асаахад бүх зүйл нь ил харагддаг шил, толь болсон урлагийн гоё сургууль мөрөөдөж байна.

С.Ариунжаргал

Categories
мэдээ цаг-үе

Аянгын хамгаалалт болон газардуулгын систем суурилуулагч “АЧ СВС” ХХК

Манай сонин энэ удаагийн “Баялаг бүтээгч” буландаа газардуулгын систем болон Аянгын хамгаалт, нисэх буудлын хяналт зөвлөгөө зэрэг олон талт үйлчилгээ үзүүлдэг манай улсын томоохон инженерингийн компани болох “АЧ СВС” ХХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан танилцуулахыг зорилоо.

“АЧ СВС” ХХК нь 2007 онд байгуулагдсан бөгөөд төслийн удирдлага, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт, сургалт, гадаад худалдаа, системийн интеграци зэрэг инженерингийн чиглэлийн ажлуудыг гүйцэтгэдэг Инженеринг, төслийн удирдлагын болон зөвлөх компани юм. Тус компани иргэний нисэхийн төрөл бүрийн чиглэлээр мэргэжлийн өндөр түвшний зөвлөх үйлчилгээ үзүүлэх, менежментийн зөвлөгөө өгөх, нисэх буудлын техник-эдийн засгийн үндэслэл судалгаа боловсруулах, нисэх буудлын төлөвлөлт, дизайн хийх, нисэхийн бүтээн байгуулалт болон үйлдвэрлэлийн гэрчилгээжүүлэлтийн асуудлаар төрийн байгууллагуудтай хамтран ажиллахад зөвлөгөөгөөр хангах, нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын тоног төхөөрөмж, хэрэгслийг техникийн шаардлагын дагуу нийлүүлж суурилуулах, засвар үйлчилгээ хийх, сургалт явуулах зэрэг өргөн хүрээний үйлчилгээ үзүүлэгч, Монгол Улсын иргэний нисэхийн салбарт анхдагч бөгөөд өргөн туршлагатай, хариуцлагатай зөвлөх, инженер-компани бөгөөд гадаад худалдаа, цахилгаан, холбооны салбарт үйл ажиллагаа мөн явуулдаг ажээ.

ГАЗАРДУУЛГЫН СИСТЕМ БОЛОН АЯНГЫН ХАМГААЛАЛТ

Газардуулга гэж хүмүүс их сонссон боловч чухам ямар үүрэг, ач тустай талаар сайн мэдэхгүй. Бидний олонхи нь газардуулгыг аянга цахилгаанаас авран хамгаалах хэрэгсэл гэсэн ерөнхий ойлголттой байдаг.

Энэ утгаараа газардуулга бол үйлдвэр, цахилгаан станцад л хэрэгтэй болохоос айл гэр, албан тасалгаанд хэрэггүй гэж үздэг. Гэтэл аливаа барилга байгууламжийн хаана ч хэрэг болох ба үргэлж ашиглагдаж байх ёстой талаар мэддэггүй байжээ. Бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байдаг цахилгаан хэрэгслүүдийн гурван сэрээтэй залгуурт хүртэл мөнөөх газардуулга хэмээх ач тустай зүйлийн зарчим хадгалагдаж, биднийг болзошгүй аюулаас хамгаалж байдаг байх нь. Энэ талаар “АЧ СВС” ХХК нарийн мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг юм байна. Компанийн үйлчилгээний хариуцлага нь иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлын стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэхээс гадна хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны хамгаалалт, чанар баталгаажуулалтыг олон улсын шаардлагад нийцүүлэн компанийн дотоод ба гадаад үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлж ажилладаг аж. Нэг үгээр бол “АЧ СВС” газардуулгын төрөл бүрийн тоног төрөөрөмжийг нийлүүлж, газардуулга угсралт гүйцэтгэлийн ажлыг хийж өгч байгаа юм байна.

Мөн тус компанид мэргэжлээрээ 20-иос дээш жил ажилласан өргөн туршлагатай, агаарын тээврийн зохицуулалт, агаарын хөлгийн ашиглалт, нисэхийн эдийн засаг, менежмент, нисэх буудал ба аэродромын үйлчилгээ, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, агаарын навигацийн үйлчилгээ, газрын үйлчилгээ гэх мэт олон төрлөөр мэргэжлийн зөвлөхүүд ажилладаг ба олон улсын стандарт шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг захиалагч, үйлчлүүлэгч нартаа хүргэх, мэдлэг, туршлага ноу-хаугаа хуваалцан ажилдаг байна.

Компанийн сүүлийн жилүүдэд хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаас дурьдвал:

• Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт баригдсан Ханбумбат нисэх буудлын дизайн гаргалт, зураг төслийн боловсруулалт, төслийн зөвлөх үйлчилгээ, техникийн хяналт, аэронавигацийн ба нисэхийн үйл ажиллагааны болон нисэхийн аюулгүй байдлын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт, нисэх буудлын ашиглалтад оруулалт, гэрчилгээжүүлэлтийн бэлтгэл, бусад.

•Ханбумбат нисэх буудлын барилга угсралтын ажлын техникийн шаардлагын боловсруулалт.

•Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Овоот нисэх буудлын аэродромын байдлын шинжилгээ/судалгаа, их засварын ажил.

•Олон улсын Төслийн менежментийн институтээс гаргасан Төслийн менежментийн мэдлэгийн багц (PMBOK-Project Management Body of Knowledge)-ыг тус институтын зөвшөөрлийн дагуу Монгол Улсад нутагшуулах ажил зэргийг нэрлэж болох аж.

Тоногтөхөөрөмж БОЛОН УГСРАЛТ үйлчилгээ

“АЧ СВС” компани нь газардуулга, аянгын хамгаалалтын төхөөрөмж үйлдвэрлэгч БНХАУ-ын Thunder Eagle Technology компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд тус компанийн газардуулгын зэс бүрээстэй ган гадас, зэс утас, зэс бүрээстэй ган утас, газардуулгын хомучик холбоосууд болон гагнуурын хэв, гагнагч нунтаг, газардуулгын эсэргүүцэл бууруулагч газардуулга, аянгын хамгаалалтын зориулалттай орчин үеийн технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ашиглан тоног төхөөрөмж болон барилга байгууламжид газардуулга, аянгын хамгаалалтын ажил хийн гүйцэтгэж байна. Мөн борлуулалт худалдан авалт хийж байгаа юм байна.

Компанийн инженерүүд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Ханбумбат нисэх буудлын цаг уурын автомат станц MAWS 301-ийн аянгын хамгаалалт ба газардуулга, Үүлний өндөр хэмжигч Ceilometer CL31 төхөөрөмжийн газардуулга, ИНЕГ-ын харьяа Баянхонгор, Ховд, Өлгий, Дэглий цагаан, Доной, Мөрөн, Чойбалсан, Гурвансайхан нисэх буудлуудын перроны газардуулга, Дэглий цагаан, Өлгий, Ховд, Доной, Алтай, Баянхонгор, Мандалговь, Гурвансайхан, Баруун-Урт, Өндөрхаан, Мөрөн нисэх буудлуудын цаг уурын автомат станц MAWS 301-ийн аянга зайлуулагч ба газардуулга, УСУГ-ын харьяа цэвэр усны худгуудын хлорын байрны аянга зайлуулагч ба газардуулга, Хэт Моторс компанийн шинэ байранд газардуулга болон аянга зайлуулагчийн ажлуудыг хийжээ. Тэд одоо таны тоног төхөөрөмжид газардуулга, аянгын найдвартай хамгаалалтыг санал болгож байна.

“АЧ СВС” ХХК нь иргэний нисэхийн салбарт хэрэглэгдэх төрөл бүрийн техник, тоног төхөөрөмжийн техникийн шаардлагыг боловсруулах, олон улсын болон Монгол Улсын холбогдох шаардлагыг хангасан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулах, сургалт явуулах, ашиглалтад оруулах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг юм байна. Мөн тэд тоног төхөөрөмж нийлүүлэн, захиалагчид хүлээлгэн өгснөөр өөрийн үүргийг бүрэн биелүүлсэн гэж үздэггүй ба ашиглалтад оруулсны дараах хяналт шалгалт, арчилгаа, үйлчилгээ, сэлбэг материалын хангалт зэргийг тасралтгүй үзүүлэх зарчмыг хатуу баримтлан ажилладаг нь олон компани, аж ахуй нэгжийн талархлыг хүлээжээ.

“АЧ СВС” ХХК нь гадаад, дотоодын өөрийн харилцагч байгууллага, компаниудтай харилцан итгэлцэл, удаан хугацааны тогтвортой нягт хамтын ажиллагааны үндсэн дээр ажиллахыг эрхэмлэдэг ба иргэний нисэхийн салбарт нэр бүхий үйлдвэрлэгч нарын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа юм байна. Тухайлбал,

•Иргэний нисэхийн аюулгүй байдлын тоног төхөөрөмж, системийн үйлдвэрлэгч, дэлхийд тэргүүн эгнээнд жагсдаг Англи улсад бүртгэлтэй Smiths Detection (хуучнаар Hei­mann Systems) компани.

•АНУ-ын аэродромын болон ялангуяа Гал унтраах, авран хамгаалах үйлчилгээний тоног төхөөрөмж, автомашин үйлдвэрлэгч Oshkosh Corpora­tion.

•Цаг уурын тоног төхөөрөмж, систем үйлдвэрлэгч Финланд Улсын Vaisala компани зэрэг дэлхийд тэргүүлдэг компаниуд ажээ.

“АЧ СВС” ХХК нь өөрийн үйл ажиллагаандаа захиалагчийн хүсэлт, чанарыг эрхэмлэдэг ба чанартай, үр бүтээмжтэй, олон улсад танигдсан бөгөөд үнэ өртгийн хувьд аль болохуйц боломжтой тоног төхөөрөмж, системийг Монгол Улсад нийлүүлэхийг эрмэлздэг.

Мөн түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын хүрээнд иргэний нисэхийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, системийн бүрэн өөрчлөлт хийх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр олон төсөл арга хэмжээг удирдан, гар бие оролцож ирсэн туршлагатай менежер, төслийн удирдагч, гадаад худалдааны ажилтнуудтай гэнэ.

“АЧ СВС” ХХК нь өөрийн үйл ажиллагаандаа гадаад харилцаа, мэргэжлийн туршлагатай боловсон хүчин, тэдний өргөн туршлага, компанийн тогтсон соёл зэрэг бүх нөөц бололцоогоо ашиглан дайчилж чаддаг компани юм билээ.

Хаяг: СБД, Энхтайвны өргөн чөлөө 36, УжМ Байр 201 тоот

Холбогдох утас: 70009767, 99114130, 89015200

дэлгэрэнгүй мэдээллийг: www.achhold­ing.mn-ээс аваарай

Г.ДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдийн засаг ойрын хоёр жилдээ сэргэхгүй таамагтай ч Оюу толгой хөдөлвөл…

Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн энэ оны урьдчилсан таамгийг 3.3 хувь болгож бууруулаад буй. Дөрөвдүгээр сард гаргасан урьдчилсан таамгаас 0.2 хувиар буурсан үзүүлэлт. ОУВС Өмнөд Ази, АНУ, Африкийн улсуудын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулаад байна. Уг нь гурван жилийн өмнө тус сангийнхан дэлхийн эдийн засгийг энэ онд хэвэндээ орж, 4.8 хувийн өсөлттэй гарна хэмээн таамаглаж байсан юм. Орос, баруун Европ хүндхэн, урд хөршийн эдийн засгийн удаашрал үргэлжилсэн хэвээр тухай таагүй мэдээг шинжээчид байсгээд онцолж байгаа. Ер нь дэлхийн эдийн засаг уналттай биш юмаа гэхэд удаашралтай гэсэн үнэлгээг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд өгсөн хэвээр байна.

Ердөө хэдхэн жилийн өмнө ирээдүйн БРИКС гэгдэж , М-3 гэсэн томъёололд багтаж байсан Монголын эдийн засаг ч таагүй дүр зурагтай. М-З гэдэг нь Монгол, Мозамбик, Мьянмар гэсэн гурван улсын товчилсон нэр л дээ. Гурвуулаа байгалийн баялаг ихтэй, баялгаа ашиглаж хөгжих боломжтой учраас олон улсын шинжээчдийг ингэж таамаглахад хүргэсэн хэрэг. Гурван М-ээс Мьянмар л гадаадын хөрөнгө оруулалтыг татах чигт дажгүй байх шиг. Онцлохоор нэг таатай мэдээ гэвэл Дэлхийн банкны саяхан гаргасан жагсаалт. Нэг хүнд оногдох үндэстний орлогоор ангилдаг жагсаалтад манай улс дундаж дээд шатанд багтжээ. Жил бүр найман улсыг ардаа орхисон гэх амжилт бий юм билээ. 2011 онд манай улс энэ жагсаалтад “дундаж” улсын ангилалд багтаж байж.

Цаашид эдийн засаг нь хоёр оронтой тооноос буухгүй таамагтай улсуудаас Монгол хасагдаагүй ч өнөөхөндөө сайн биш байна. Гол шалтгаан нь тодорхой. Доллар олдог гол бүтээгдэхүүнийх нь үнэ дэлхийн зах зээл дээр навс уначихсан.

Дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ уруудсан хэвээр байгааг статистикаас харж болно. Саяхан Дэлхийн банкнаас гаргасан таамаглалыг сонирхуулъя. Газрын тос, нүүрсний ханш өмнөх онтой харьцуулахад 39 хувиар унана гэсэн гутранги таамаг гарчээ. Металлын ханш гэхэд л 10-12 хувиар уруудах нь, тэдний таамагласнаар. Хятад, Энэтхэг тэргүүтэй зэс, нүүрс зэрэг эрдсийн том хэрэглэгчдийн эрэлт буурч, таваарын арилжаа сүүлийн арваад жилийн доод цэгтээ хүрсэн нь ч ташуур болох нь ойлгомжтой. Дээр нь нүүрс, металлаа нийлүүлдэг урд хөрш маань үйлчилгээ голлосон эдийн засагт шилжсэнээ зарлаад, зарласан бодлогоо хэрэгжүүлээд эхэлчихсэн. Нүүрс, металлын үнэ Хятадын зах зээл дээр унаж байгаа нь цаанаа бас ийм учиртай. Нэг гэгээтэй мэдээ гэвэл Хятадын зэсийн хэрэглээ нэг хувиар өснө гэсэн таамгийг Дэлхийн банк гаргасан. Тэгтлээ нөлөөлөхөөр өсөлт мэдээж биш. Тэгэхээр эдийн засаг нь уул уурхайгаас хамааралтай Монголын хувьд таагүй байдал үргэлжилсэн хэвээр гэсэн үг. Экспортын дийлэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ навс уначихаар төсвийн орлого өм цөм дутах нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гэдэг шиг л тодорхой зүйл. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 109.8 сая ам.доллар буюу 4.4 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 158.5 сая ам.доллараар буурсан нь голлож нөлөөлсөн гэж статистикийнхан өнгөрсөн сарын эхээр мэдээлсэн. Сангийн сайдаас эхлээд төсөв ямар байгааг яриад эхэлсэн учраас илүүг нуршаад яахав.

Нэг үе олсон доллараараа зэсийн өмнө гишгэж явсан нүүрсний үнэ аажим уруудсаар байгаа. Дотоодын уурхайнуудаа дэмжих бодлого барьж буй урд хөрш гаднаас авах нүүрсний татвараа аль хэдийнэ нэмж, босгыг нь өндөрсгөөд эхэлчихсэн. Манайхаас нүүрс худалдан авдаг компаниуд ч хэмжээгээ танаад удаж байна. Төмөр замгүй, угааж баяжуулж, боловсруулах үйлдвэргүй Монголын нүүрс ийм үед хүнд байдалд орох нь ойлгомжтой. Нүүрсний экспортын голыг нугалж байгаа “Эрдэнэс Таван толгой” гэхэд л төлөвлөснөөсөө бараг хоёр дахин бага нүүрс гаргах боломжтойгоо зарлалаа. Дээр нь өдрөөс өдөрт унаж байгаа үнэ бөөн нэрмээс.

“Оюу толгой”, “Эрдэнэт” гэсэн хоёр том мотор зэрэг ажиллаж байгаа болохоор зэсийн үнэ уруудсан ч гэлээ нүүрснийх шиг хэцүү дүр зураг одоохондоо алга. Экспортолж байгаа хэмжээ нь дажгүй учраас төсөв бас ч гэж хоосонгүй. “Голдман сакс” зэсийн ханш ирэх жилийн эцэс гэхэд 4500 ам.доллар руу уруудна гэсэн сөрөг таамаг хэлээд буй. Одоогоор зэсийн ханш сүүлийн зургаан жилийн доод цэгтээ хүрсэн гэхээр болгоомжлохоос аргагүй таамаг. Гэхдээ 6600 ам.доллар болно гэсэн өөдрөг таамаг ч бий. “Блүүмбэрг”-ийн судалгаанд оролцсон шинжээчид ийм өндөр ханш хэлээд байгаа юм. Зөрөөтэй хоёр таамгийн аль нь биелэхийг урьдчилж таах хүн өнөөхөндөө алга. Гэхдээ ихэнх шинжээчид Хятадын эрэлт ойрын жилдээ лав нэмэгдэхгүй гэж ам нийлүүлж байгааг харахад зэсийн ханш 6000 хол давах нь юу л бол. Энэ төсвийн тухай хуульд тонн зэсийг 6354.7 ам.доллараар төсөвлөсөн. Гэтэл сүүлийн үеийн байдлаар Лондонгийн металлын бирж дээр 5185 ам.доллараар үнэлэгдэж байна. Зэсийн ханш төсөвт тусгаснаас бараг 20 хувиар сул байна гэсэн үг.

Алтны ханш ч таатай биш байна. Ердөө гуравхан долоо хоногийн дотор алтны том худалдан авагч Орос, Хятадад 5.4 тэрбум ам.долларын алдагдалд хүргэсэн гэх тооцоог “Блүүмбэрг”-ийн шинжээчдийн баг хийжээ. Сүүлийн үед өсөлттэй цөөхөн металлын нэгд орж байсан төмрийн хүдрийн ханш ч ялгаагүй уналттай. Сүүлийн нэг сар орчмынхоо дээд цэгээс эргэж буусан гэх мэдээллийг “Блүүмбэрг” саяхан цацлаа. Шалтгаан нь Хятадын гангийн эрэлтийн бууралт. Эсрэгээрээ нийлүүлэлтийн илүүдэл улам нэмэгдсээр байгаа нь ханшид сөрөг нөлөө үзүүлж байна. Төмрийн хүдрийн ханш өнгөрсөн оны өдий үетэй харьцуулахад 46 хувиар буураад байгаа юм.

Ам.доллар олдог нүүрс, зэс, алт, төмрийн хүдрийн ханшийн зах зээл нэг иймэрхүү, төсөв нимгэрэх нь тодорхой энэ үед болгоомжлохоос аргагүй асуудал нь зээлийн төлбөр. Монгол Улс энэ онд 1.2 тэрбум ам.долларын зээл төлнө. Өнгөрсөн оныхоос дөрөв дахин их зээлийн төлбөр хийнэ гэсэн үг. 2017 оноос бондын төлбөр хийгдэж эхэлнэ. Ийм хүнд үед засгаас валютын урсгалыг нэмэх чигт анхаарч байгааг дурдахгүй орхиж болохгүй. Сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн даваа гаригт Засгийн газар Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд 20 сая еврогийн шугам нээхийг Хөгжлийн банкинд зөвшөөрсөн шийдвэр гаргаад байгаа юм.

Гадаадын хөрөнгө оруулалт тасарсан гэж хэлж болох нөхцөл үүсчихсэн энэ үед хөрөнгө оруулалт татах нэг том суваг бол Таван толгой. Төсөл хэрэгжиж эхэлбэл дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн таамаг тооцоо бий. Гэхдээ Таван толгой хөдөлнө гэхэд хэцүү байдал үүссэнийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Засаг бужигнаантай энэ үед коксжих нүүрсний нөөцтэй том ордын хувь заяа хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй хэвээр байгаа. Хөрөнгө оруулалт даллах том төслийн дүр төрх иймэрхүү үед гадаадын хөрөнгө оруулалттай зарим төслүүд хүрээгээ хумьж эхэлснийг онцолъё. Занарын салбарт хөрөнгө оруулаад эхэлчихсэн Америкийн “Жени энержи” Монгол дахь үйл ажиллагаагаа хумьж, Израйль дахь занарын хайгуулдаа анхаарахаа мэдэгдээд удаагүй байна. Нүүрсний салбарт хөрөнгө оруулах сонирхолтойгоо илэрхийлсээр удаж буй Америкийн “Пийбоди” Монголыг орхисон гэж ирээд яривал Монголоос татгалзсан хөрөнгө оруулагчид өчнөөн бий. Оюу толгой, Таван толгой зэрэг том төслүүдийг хүлээсэн хөрөнгө оруулагчдын эргэлзээ тайлагдаагүйг энэ мэт жишээнээс харчихаж болно.

Эдийн засгийн ганц өөдрөг мэдээ гэвэл өмнийн говьд хэрэгжиж буй ”Оюу толгой” төсөл тойрсон нааштай сургууд. Далд уурхайн төлөвлөгөөнд засаг, компанийн зүгээс гарын үсэг зурсан үйл явдал бага ч гэсэн найдлага төрүүлж байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын аль аль нь энэ төслийг урагшлуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлчихсэн. “Рио”-гийн зүгээс ч ондоо багтаж санхүүжилтийн гэрээ энэ тэр шийдэгдэнэ гэсэн өөдрөг таамаг хэлж буй. Тэгэхээр ирэх оны эхээр далд уурхайн бүтээн байгуулалт эхэлчих болов уу. Далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилбэл таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ирэх дөрвөн жилд хийх юм. Эдийн засаг ойрын хоёр жилдээ лав сэргэхгүй гэсэн прогнозыг шинжээчид хэлж байгаа ч Оюу толгой хөдөлвөл дэлхийг хамарсан хямралыг Монгол дажгүй даваад гарчихна гэсэн өөдрөг таамаг бас бий.

Ц.Баасансүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Даншиг наадмын арслан Р.Пүрэвдагвын ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан жил бүрийн наймдугаар сарын дунд үеэс хөдөө орон нутгаас нийслэлийг зорих иргэд эрс нэмэгддэг. Тэдний дийлэнх нь оюутан залуус байдаг. Үүнтэй уялдуулан энэ орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд автобусныхаа тоог нэмэгдүүлж, шаардлагатай зарим арга хэмжээг авахаар болжээ. Энэ тухай “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарын өдрийн сурвалжлагаас уншаарай. Батлан хамгаалахын их сургуулийн багш өөрийн машинаа жолоодуулахаар салааны захирагчийн зөвшөөрөлгүйгээр авч гарсан сонсогч учир битүүлгээр амиа алджээ. Талийгчийг орон сууцны наймдугаар давхраас унаж нас барсан хэмээн таамаглаж байгаа бөгөөд хэргийн нарийн учрыг тайлсан эсэх талаар долдугаар нүүрт хэвлэгдлээ. Сайд нарын томилгоог зөв хийснээр улс төрийн төдийгүй нийгмийн амьдралд ямар эерэг үр дүн авчирч болохыг гуравдугаар нүүрэнд орсон “Завгүй улс төр” нийтлэлээс уншаарай. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрөөр зохиогдсон Даншгийн наадамд түрүүлж даншиг наадмын арслан цол хүртсэн Монгол Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва болон төрийн сүлдний зураач Ц.Ойдов нарын сонирхолтой ярилцлагууд мөн өнөөдрийн дугаарт багтлаа.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ