Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Иргэд зээлээ төлж чадахгүй байгаагаас ломбардныхан машины ченж болжээ” сурвалжлага нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдлээ. Энэ өдрийн дугаарт нэрт нийтлэлч Баабарын “Уламжлалт уул уурхайн мөхөл” нийтлэл хэвлэгдлээ. Тэрээр шинэ техник, технологийн хөгжлийн дүнд уламжлалт уул уурхай улам бүр хумигдаж байгаль орчинд аль болох ээлтэй технологийг ашиглаж эхэлсэн талаар өгүүлсэн юм. Энэ талаар сонирхолтой бичсэнийг гуравдугаар нүүрээс уншаарай. Мөн Өршөөлийн хуулийг өчигдөр баталсан. Уг хуультай холбоотой мэдээлэл манай сонины нэгдүгээр нүүрт хэвлэгдлээ. Хаалттай хэлэлцсэн тус хуулийн дүнд 3000 орчим хоригдол чөлөөлөгдөж, хүнд болон онц хүнд гэмт хэрэг хийсэн этгээдийн ял хоёр жилээр хөнгөрч байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна.

Чанаргүй зээл сар бүр нэмэгдэж байгаа нь статистикийн мэдээнээс тодхон харагддаг. Үүнийг хөндсөн “Иргэд зээлээ төлж чадахгүй байгаагаас ломбардныхан машины ченж болжээ” сурвалжлагыг нэг болон долдугаар нүүрээс сонирхоорой.

Мөн УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарын сонирхолтой ярилцлага энэ дугаарт багтсан юм. Р.Бурмаа “Өвөлжилт хүндэрч болзошгүй сургаар хувийнхаа эрх ашгийг шийдүүлэх гэж хууль бусаар дарамт үзүүлж буй явдалд автахгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Өчигдөр Хавайн их сургуулийн профессор эдийн засагч, улстөрч Кен Скуленд лекц тавьсан. Түүний лекцийг “Цагаачид АНУ-ын өмчийн эрх рүү тэмүүлдэг” гарчигын дор тоймлон хүргэснийг 11 дүгээр нүүрээс амтархан уншаарай. Энэ мэтчилэн уламжлалт сонирхолтой материалууд бүхий нүүрнүүд хэвлэгдээд байна. Шинэ технологийн талаар бичсэн 15 дугаар нүүрээс ганд тэсвэртэй буудай монгол эрдэмтэд гаргаж авсныг мэдэх боломжтой бол 12 дугаар нүүрт удахгүй “Хэмнэл нэрэгч” тоглолтоо хийх гэж буй “Люмино” хамтлагийн ахлагч Д.Тэмүүжинтэй хийсэн сонирхолтой ярилцлага нийтлэгдээд байна.

Өдрийн сонин өглөө бүр тантай хамт

Categories
мэдээ нийгэм

Хяналтын постууд 24 цагаар ажиллана

Наймдугаар сарын 12-ноос ирэх сарын 05-ны хооронд Авто тээврийн
үндэсний төв, орон нутгийн цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын
байцаагчид хамтран орон нутгаас Улаанбаатар хотыг зорин ирэх
автомашинуудыг 24 цагийн турш шалгахаар болжээ. Ингэхдээ Төв аймгийн
“Баянчандмань”, “Лүн”, Хэнтийн “Хэрлэнгийн гүүр”, “Өлзийт хороолол”,
“Хоолтын даваа” гэсэн таван байршилд тусгай пост гарган ажиллах юм.
Есдүгээр сарын нэгний өдөр дөхөхөөр орон нутгаас нийслэлийг зорих
автомашины тоо олширдог. Гэхдээ зөвшөөрөгдсөн суудлын тооноос хэтрүүлж
хүн тээвэрлэдэг. Мөн үзлэг оношилгоонд хамруулаагүй бүрэн бус тээврийн
хэрэгсэлтэй холын замд зорчдог. Хотоос алслагдсан аймгуудаас бага оврын
ачааны “Портер”, “Бонго” зэрэг машинуудын тэвшин дээр сүүдрэвч, бүхээг
хийж хүн зөөдөг гэхчилэн зөрчил олонтаа гардаг гэдгийг Авто тээврийн
үндэсний төвийн Тээврийн газрын дарга Ж.Энхбат мэдээллээ. Тэрбээр
хэлэхдээ “Дээрх зөрчлүүдийн аль нэг нь илрэх бол замд нь шууд шалгаж,
оношлогоонд хамруулах, зорчигчдыг буулгаж, машиныг журамлах, торгох
зэрэг хариуцлагыг тухайн жолооч нарт хүлээлгэнэ” гэлээ.

ЗАМД НЬ ШУУД ҮЗЛЭГ, ОНОШЛОГООНД ОРУУЛНА

Хэрэв баруун аймгуудаас Улаанбаатарыг зорих автомашин үзлэг,
оношилгоондоо ороогүй бол замд нь Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай
зэрэг аймгууд дахь АТҮТ-ийн салбар төв рүүгээ явуулан оношлуулах юм
байна. Харин зүүн аймгуудын чиглэлд яваа, оношлогоондоо хамрагдаагүй
машинуудыг Чойр, Сайншанд дахь салбарт очиж, тээврийн хэрэгслээ үзлэгт
оруул гэсэн шаардлагыг замын цагдаа, АТҮТ-ээс тавина. Одоогийн мөрдөгдөж
буй Авто тээврийн тухай хуулиар оношлогоондоо хамрагдаагүй жолооч нарыг
25-50 мянган төгрөгөөр торгоно. Харин есдүгээр сарын нэгнээс эхлэн
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулиар үзлэг,
оношлогоондоо хамрагдаагүй жолооч нарыг 96 мянган төгрөгөөр торгох юм.

339 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ОНОШЛОГООНДОО ОРЖЭЭ

АТҮТ-ийн тооцооллоор 2015 онд 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл
үзлэгт хамрагдах ёстой аж. Харин наймдугаар сарын 9-ний байдлаар улсын
хэмжээнд 339 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт
хамрагдсан байна. Гэхдээ 8214 нь үзлэгт тэнцээгүй гэв. Үүнээс
Улаанбаатар хотод 164 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт
хамрагдсан. Түүний 4700 нь үзлэгт тэнцээгүй байна.

ЖОЛООЧ НАРЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БИЧИГ БАРИМТЫГ ШИНЭЧИЛНЭ

Мөн орон нутгийн замд зорчин яваа жолооч таны тээврийн хэрэгслийн
гэрчилгээ бусад бичиг баримт чанарын шаардлага хангахгүй норсон,
урагдсан, сэмэрсэн байвал газар дээр нь тус бичиг баримтаа солих
шаардлагыг тавьж, тээврийн байцаагчид газар дээр нь сольж өгөхөөр
болжээ.

ХОТ ХООРОНД ЯВАХ ТАСАЛБАРАА ЦАХИМААР ЗАХИАЛААРАЙ

Орон нутагт зорчих гэж байгаа иргэд заавал зорчигч тээврийн төв рүү
явах шаардлагатай болдог. Тэгвэл өнгөрсөн долдугаар сараас эхлэн орон
нутаг руу явах хүн өөрийнхөө явах чиглэлийн тасалбарыг онлайнаар
захиалах боломжтой болжээ. Ингэхдээ Авто тээврийн үндэсний төвийн албан
ёсны сайтад хандаж захиалгаа өгнө. Мөн онлайнаар тасалбар захиалахад
нэмэлт төлбөр шаардагдахгүй. Жишээлбэл иргэн та маргааш Өвөрхангай аймаг
руу явахаар боллоо гэхэд өнөөдөр орой дээрх төвийн албаны сайтад хандаж
тасалбараа захиалж болно. Мөн сарын дараа Өвөрхангай аймаг руу явах
байсан ч 30 хоногийн өмнө буюу өнөөдөр ч тасалбараа цахимаар захиалж
болох нь.

Categories
мэдээ нийгэм

Их, дээд сургуулиудын төлбөр 10-40 хувиар нэмэгджээ

2015-2016 оны хичээлийн жилд их дээд сургуулиудын сургалтын төлбөр 10-40
хүртэлх хувиар нэмэгдсэн байна. Тухайлбал, Монгол улсын их сургууль
(МУИС) сургалтын төлбөрөө 12 хувиар, харин шинээр элсэгчдийн төлбөрөө
30-40 хувиар нэмсэн байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
(АШУҮИХ) өнгөрсөн жил 58 мянга 500 байсан кредит цагийнхаа төлбөрийг
энэ жил 70 мянга болгож нэмэгдүүлжээ. Нэгдүгээр курсийн оюутан жилд
дунджаар 34 кредит судалдаг гэж үзвэл жилийн төлбөр нь 2.3 сая төгрөг
болсоныг тус сургуулийн удирдлагууд мэдээллээ. Харин Монгол улсын
боловсролын их сургууль (МУБИС) сургалтын төлбөрөө 1.9 сая төгрөгөөс
хэтрүүлэхгүй буюу 10-15 орчим хувиар нэмсэн бол хамгийн олон оюутантай
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн (ШУТИС) сургалтын төлбөр хэд
болж нэмэгдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн их
сургууль (ХААИС) өнгөрсөн сард болсон Удирдах зөвлөлийн хурлаараа
сургалтын төлбөрөө 15-25 хувиар нэмэх шийдвэр гаргажээ. Энэ нь тус
сургуулийн сургалтын төлбөр 1.8-2.2 сая төгрөгийн хооронд байхаар
тогтсон гэсэн үг юм. Нэг талаас их дээд сургуулиуд үйл ажиллагаагаа дан
ганц сургалтын төлбөрөөсөө санхүүжүүлдэг нь сургалтын төлбөрийг жил бүр
тогтмол нэмэгдүүлэхэд хүргэж буйг сургуулийн удирдлагууд тайлбарлажээ.
АШУҮИС-ийн удирдлагын мэдээлснээр энэ жил улсын төсвөөс ямар нэгэн
санхүүжилт олгоогүй, үйл ажиллагаагаа зөвхөн сургалтын төлбөрөөрөө
санхүүжүүлж байгаа юм байна. Нийт санхүүжилтийн 70 гаруй хувь нь багш,
ажилчдын цалин, хөлсөнд зарцуулагддаг байна. Харин Монголын Оюутны
холбоо их дээд сургуулиуд төлбөрийн хэт өндөр нэмэгдсэн гэж үзэж
эсэргүүцсэн албан шаардлага хүргүүлээд байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мөнхзул РИО-2016 олимпийн эрхээ авлаа

Азербайжаны Габала хотод болж буй буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр явагдсан 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд нийт 85
тамирчин буудсанаас ОУХМ Ц.Мөнхзул 584 оноогоор финалд шалгарч, улмаар
хагас финалд 13 оноо авснаар 6-р байр эзлэн, РИО-2016 олимпийн эрхээ
өвөртөллөө.

Өнөөдөр явагдсан 50 метрийн сонгомол гар бууны эрэгтэй дасгалд 56
тамирчин буудсанаас ОУХМ Э.Даваахүү 549 оноогоор 37-р байранд оржээ.

Өнөөдөр явагдсан 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд 85 тамирчин
буудсанаас МУХБ О.Гүндэгмаа 578 оноогоор 20-р байранд ОУХМ Ө. Өлзийням
559 оноогоор 73-р байранд орлоо.

Categories
мэдээ улс-төр

Эмэгтэй гишүүд мэдээлэл хийв

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн
Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, З.Баянсэлэнгэ, Р.Бурмаа нар өнөө дөр хэвлэлийн хурал хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг хэвлэлийн хурлыг нээж хэлсэн
үгэндээ, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 3 жил хэлэлцэгдэж байж
энэ оны 07 дугаар сард УИХ-аар батлагдсан. Үүнтэй холбогдуулан Улсын Их
Хурлын эмэгтэй гишүүд энэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх бэлтгэл ажилд
хяналт тавин ажиллаж байна. Тухайлбал, хууль хэрэгжихэд хамгийн чухал
шийдвэрлэх асуудал бол улсаас олгох дэмжлэгийн мөнгийг төсөвт суулгах
бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны багцад хүүхэд харах
үйлчилгээнд зориулан 50 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэхээр Улсын Их
Хурлын эмэгтэй гишүүд ажиллаж байна гэв. Мөн түүнчлэн Хүүхэд харах
үйлчилгээний тухай хууль хэрэгжихтэй холбогдуулан энэ сарын сүүлээр
хэлэлцүүлэг зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр олон зүйл илүү тодорхой
болно гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл мэдээлэл хийх үеэр, орон нутагт
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаар мэдээлэл дутмаг байна.
Энэ хуульд, “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш
боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан
гэрчилгээ авсан байх ба 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна. Нэг
иргэн таваас дээш хүүхэд харахгүй. 3 иргэн хамтраад нэг дор 15 хүүхэд
харж болно. Хүүхэд харах үйлчилгээний байранд өөр үйлчилгээ явуулахыг
хориглох бөгөөд байрны стандартыг Засгийн газраас батална” гэдэг заалтын
талаар дэлгэрэнгүй тайлбарлав.

Мөн энэ хуулиар эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион
байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан ба нэг хүүхдэд ногдох
тогтмол зардлыг улсын цэцэрлэгтэй адил байхаар тогтоосон болохыг Улсын
Их Хурлын гишүүн С.Одонтуяа онцолж байсан бол Улсын Их Хурлын гишүүн
З.Баянсэлэнгэ хэлэхдээ, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж
дараа одоо байгаа цэцэрлэгийн гаднах талбайн хэмжээг зөв зохистой
ашиглах горим уруу шилжих хэрэгтэй гэв.

Төгсөлд нь Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд сэтгүүлчдийн сонирхсон
асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Өсвөрийн шатарчид 11 медаль хүртлээ

Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Солонгос улсын Сүван
хотноо энэ сарын 3-нд эхэлсэн билээ. Энэхүү тэмцээнд манай улсаас
эрэгтэй 17, эмэгтэй 13, нийт 30 тамирчин оролцож багийн ахлагчаар
Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Г.Эрдэнэбаяр ажилласан байна.
Азийн 15 орны 282 өсвөрийн шатарчид оролцсон энэхүү тэмдээний эмэгтэй
стандарт төрөлд 12 насанд С.Тамир, 10 насанд Б.Мөнгөнзул мөнгөн медаль
хүртлээ. Харин 14 насанд Т.Номиндалай, 10 насанд Б.Алтантуяа, найман
насанд Г.Халиунаа хүрэл медаль хүртжээ. Тэгвэл эрэгтэй стандарт төрөлд
10 насанд Г.Амартүвшин, 12 насанд Б.Батсүрэн хүрэл медаль хүртсэн байна.
Харин эмэгтэй рапидын төрөлд найман насанд Д.Анударь мөнгө, 10 насанд
Б.Алтантуяа, 14 насанд Т.Номиндалай хүрэл дээр буужээ. Мөн Блицийн
төрөлд Н.Наран-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн юм. Энэхүү тэмцээн өнөөдөр
өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Хоёр аймагт түймэртэй байна

Улсын хэмжээнд хоёр аймагт түймэртэй байна. Тодруулбал, Увс аймгийн
Өндөрхангай сумын Цалуу багийн “Нуурын овгор” гэдэг газар /сумын төвөөс
зүүн хойд зүгт 50 км/ ойн түймэр гарчээ. Уг түймрийг унтраахаар тус
аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нэг автомашин, орон
нутгийн 28 иргэн, гурван автомашин, нийт 40 хүн гурван хоногийн турш
ажиллаж байна.

Мөн Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улаан-Эрэг тусгалт” гэдэг
газар /Аймгийн төвөөс хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/
бас л ойн түймэр гарсан байна. Түймрийн голомтод аймгийн Онцгой
байдлын газрын 20 албан хаагч, хоёр автомашин, орон нутгийн 10 иргэн,
дөрвөн мотоцикль, нийт 30 хүн ажиллаж байна.

Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Сээрийн дэнж” гэдэг газар
/сумын төвөөс баруун хойд зүгт 35 км/-т мөн л түймэртэй байна. Түймрийг
унтраахаар орон нутгийн 10 иргэн, 1 автомашин, Хилийн 0245 дугаар
ангийн 11 албан хаагч, нэг автомашин, нийт 21 хүн, хоёр техник
хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаад цурамд оруулсан байна. Гэвч түймрийг
цурамнаас дахин алдсан учир аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан
хаагч, нэг автомашинтай, орон нутгийн 45 иргэн хүч нэмэгдүүлэн ажиллаж
байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд хоёр картаар зорчихоор болжээ

Нийтийн тээвэрт цахим машиныг нэвтрүүлсэн. Ингэснээр иргэд 3600 төгрөгөөр карт худалдан авч түүнийгээ 500-90 000 төгрөгөөр цэнэглэж зорчиж байна. Харин нийтийн тээврээр үнэгүй зорчдог оюутнуудын картыг ирэх хичээлийн жилээс олгож эхлэх билээ. Ингэхдээ оюутнууд хоёр төрлийн картаар автобусанд зорчих юм байна. Нийтийн тээврээр үйлчлүүлэх Улаанбаатар смарт карт компанийн оюутнуудад зориулсан карт гэж бий. Үүнээс гадна давхар Төрийн банкны картыг ашиглах аж. Монголын оюутны холбооны хэвлэл мэдээллийн ажилтан М.Санчирбаатарын хэлж буйгаар оюутны карт нь бусад энгийн картнаас ялгагдах зүйлгүй гэнэ. Тиймээс оюутан гэдгийг нотлохын тулд тэдний нэр бүхий Төрийн банкны картыг давхар хэрэглүүлэхээр болжээ. Ирэх жилээс энэ хоёр картыг нэгтгэх арга хэмжээг авна хэмээн мэдээлсэн юм.

Оюутнуудын хувьд өөрийн сургуулийн оюутны холбоогоор дамжуулан энэ сарын 25-наас захиалгаа өгч хоёр картаа авна. Төрийн банкны картыг 8900 төгрөг, нийтийн тээврээр үйлчлүүлэх оюутны картыг 3600 төгрөгөөр авах юм.

Эхний ээлжинд есдүгээр сарын 1 гэхэд 63 мянган оюутанд олгох карт бэлэн болжээ. Оюутны картын давуу тал нь хаяж үрэгдүүлсэн тохиолдолд картаа хаалгах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалт цуцлах эсэхийг иргэдийн санал шийднэ

Одоо үйлчилж буй дугаарын хязгаарлалтыг энэ сарын 15-наас цуцлах тухай яригдаж байгаа.

Энэ талаар Нийслэлийн Замын цагдаагийн
газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан “Энэ сарын 15-аас
дугаарын хязгаарлалт цуцлах тухай асуудлыг иргэдээс тавьж байгаа. Үүнтэй
холбоотойгоор иргэдийн дунд санал асуулга явуулж байна. Санал асуулгын дүнг харгалзан, дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэхийг шийдвэрлэнэ” гэдэг хариулт өгсөн.

Мөн хичээлийн шинэ жил эхлэх үеэр
нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал, нягтрал ихэсдэг. Үүнийг зохицуулах
зорилгоор есдүгээр сарын 1-ээс өмнөх хоёр долоо хоногийн бямба, ням
гариг буюу наймдугаар сарын 22, 23, 29, 30-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын төгсгөлийг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.

Ингэснээр бямба гаригуудад улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин явах бол сондгой тоогоор төгссөн нь ням гаригт зорчино.

Categories
мэдээ улс-төр

Солонгосын төлөөлөгчтэй уулзжээ

УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын ерөнхийлөгч
Г.Батхүү, тус форумын Удирдах зөвлөлийн гишүүд болох УИХ-ын гишүүн
Л.Болд, Су.Батболд, Н.Батцэрэг, Ж.Батсуурь, С.Одонтуяа, Н.Энхболд нар
өнөөдөр /2015.08.11/ Солонгос-Монголын хамтарсан форумын ерөнхийлөгч Ү
Юн Гын тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Монгол-Солонгосын эдийн засгийн форумын ерөнхийлөгч Г.Батхүү,
Монгол-Солонгосын эдийн засгийн форумын үйл ажиллагааг Солонгосын тал
идэвхтэй дэмжиж ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд, хоёр орны ард түмний
найрамдалт харилцаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхээс гадна мал
аж ахуй, газар тариалан, бусад салбарт шинэ технологи нэвтрүүлэхэд
сүүлийн үед ихээхэн анхааран ажиллаж байгааг дурдлаа. Тэрбээр, эрүүл
мэнд, боловсролын салбарын хамтын ажиллагаа идэвхжиж буйд сэтгэл
хангалуун байгаагаа илэрхийлээд цаашдаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд
анхаарч ажиллана хэмээлээ.

Монгол-Солонгосын эдийн засгийн форумын Удирдах зөвлөлийн гишүүд
уулзалтын үеэр, Солонгосын тал монгол оюутнуудыг суралцахад дэмжлэг
үзүүлж буйд талархаж байгаагаа хэлж байлаа.

Солонгосын “Алтан гадас” сангаас монголын 20 оюутныг тус улсад
тэтгэлэгтэйгээр суралцуулах болсон бөгөөд тус сангийн тэргүүн Чон Жан
Сон өмнө нь Солонгос-Монголын хамтарсан форумын ерөнхийлөгчөөр ажиллаж
байсан бөгөөд энэхүү уулзалтад оролцсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд мөн
багтсан юм.

Солонгос-Монголын хамтарсан форумын дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн
салбарын эмч мэргэжилтнүүдийг сургахаас гадна, зургаан аймгийн 40 гаруй
суманд ногоочдод зориулсан сургалтыг солонгос мэргэжилтнүүд хариуцан
явуулж, нийт 800 гаруй ногоочдыг хамруулсан талаар УИХ-ын гишүүн,
Монгол-Солонгосын эдийн засгийн форумын ерөнхийлөгч Г.Батхүү хэлж
байлаа.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
Б.Болдбаатар, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал
Т.Буян-Ундрах болон албаны бусад хүмүүс байлцав. Солонгос-Монголын
хамтарсан форумын төлөөлөгчид уулзалтын дараа УИХ-ын чуулганы танхим,
Төрийн ордонтой танилцсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.