Categories
мэдээ нийгэм

Кёкүтэнхо Н.Цэвэгнямд хүндэтгэл үзүүлэв

Япон улсын Элчин сайдын яам болон Монгол дахь Япончуудын нийгэмлэг Кёкүтэнхо Н.Цэвэгнямд хүндэтгэл үзүүлэв.

Кёкүтэнхо Н.Цэвэгням нь монгол сумочдын анхдагч бөгөөд зодог тайлсныхаа дараа Оошима дэвжээний ояката болж, залуу сумочдод багшлахаар болсон юм.

Кёкүтэнхо Н.Цэвэгням 1992 онд анх дэвжээн дээр гарснаас хойш 23 жил хагасын хугацаанд Макүүчи зиндааны түүхэнд хамгийн олон удаа буюу 1470 удаа, 99 башё тасралтгүй барилдсан бөгөөд дайчин барилдааны шагнал хүртсэн хамгийн ахмад сумоч болсон зэрэг амжилтыг үзүүлсэн билээ.

Хүлээн авалтад 50 хүн оролцож, Кёкүтэнхо Н.Цэвэгнямын амжилтыг хамтдаа дурссан ба энэ үеэр Кёкүтэнхо Н.Цэвэгням “Өнөөг хүртэл сумогийн ертөнцөөс олон зүйл сурсан. Цаашид Монголын анхны ояката гэдэг нэрээ өндөрт өргөж, сайн шавь нарыг бэлтгэх болно“ хэмээв.

Categories
мэдээ спорт

ОУХМ Ц.Мөнхзул РИО-2016 олимпийн эрхээ авчээ

“Дэлхийн цом”-ын тэмцээнээс ОУХМ Ц.Мөнхзул РИО-2016 олимпийн эрхээ авчээ.

Тэрбээр Азербайжаны Габала хотод болж байгаа буудлагын тэмцээнээс 584 оноогоор финалд шалгарч, улмаар хагас финалд 13 оноо авснаар 6-р байр эзлэн олимпийн эрхээ авсан байна.

Харин 50 метрийн сонгомол гар бууны эрэгтэй дасгалд 56 тамирчин буудсанаас ОУХМ Э.Даваахүү 549 оноогоор 37-р байранд оржээ. Түүнчлэн 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд 85 тамирчин буудаж, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 578 оноогоор 20-р байранд, ОУХМ Ө.Өлзийням 559 оноогоор 73-р байранд тус тус бичигдэв.

Рио-2016 олимпийн эрх олгох сүүлчийн “Дэлхийн цом”-д 90 орны 1100 бууч цэц мэргээ сорьж байна. Монголын багийн хувьд Гавьяат тамирин О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Ч.Нарантуяа нарын 10 тамирчин оролцож байгаа бөгөөд цомын тэмцээн энэ сарын 14-нд дуусна.

Монголын буудлагын тамирчдаас ийнхүү Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Г.Нандинзаяа, Ц.Мөнхзул нарын гурван тамирчин 2016 оны олимпийн наадамд өрсөлдөх эрхээ аваад байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Эрхэмбаяр: Гялайж гялтайх томоохон ажил Ардын намд үнэхээр байдаггүй

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяртай ярилцлаа.

АН Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийн дагуу МАН-ын зургаан сайдыг чөлөөллөө. Цаашид АН ямар бодлого барин Засгийн газарт ажиллах юм бэ. Ардын намтай хамтарч ажиллаад үзлээ. Эцэст нь Засгаас гаргалаа. Гэсэн ч МАН-ынхан зургаан сайдаа маш сайн ажилласан гэж дүгнэсэн…

-Ардчилсан намын ҮЗХ-ны шийдвэр гарахдаа 2016 оны сонгуульд ард түмнээрээ шууд дүнгээ тавиулах нь зөв гэж үзсэн. Өнөөдрийн энэ байгаа шиг өөх ч биш булчирхай ч биш хамтарч байгаа дүр эсгэхээ бол,ё гэж үзсэн. Тиймээс бид АН 2012 онд сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө цаашид ажиллана. Уг “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөр нь асуудлыг дөрөвхөн жилээр харах нь оновчтой биш гэж үзээд ядаж найман жилээр асуудалд хандъя гэж мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж байсан. Мөрийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа газрууд бий. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд 30 жилийн хугацаанд анх удаа эрчим хүчний үйлдвэрлэлийг 25 хувиар нэмэгдүүлж чадсан. 10 жилийн хугацаанд барьсантай тэнцүү хэмжээний автозамыг хоёрхон жилийн дотор барилаа. Жилийн 18-20 хувийн хүүтэй байсан орон сууцны зээлийг найман хувь болгон ипотекийн зээлийг босгож чадлаа.

Монголын бүх үеийн Засгийн газар дотроос анх удаа эдийн засгаа солонгоруулах, өөрсдөө эдийн засгаа босгож үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тал дээр бодитой алхмуудыг хийлээ. Түүнчлэн “Гудамж” төслийн хүрээнд маш том дэд бүтцийг бүтээн байгуулж чадсан гэх мэтээр нүдэнд үзэгдэж гарт баригдах ажлуудыг хийсэн нь Ардын намаас ялгарах томоохон бодлогын концепцын ялгаа юм. Тиймээс энэ бүгдийгээ цаашид манай нам үргэлжлүүлнэ.

Гэхдээ өргөс авсан юм шиг гэнэтхэн хоёр жилийн дотор бүх зүйл сайхан болохгүй. Тэр ч утгаараа “Монгол хүн-2020” хөтөлбөр хүн бүрийн сэтгэл ханамжийг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байгаа нь үнэн.

Тиймийн тулд цаашид энэ бүгдийгээ сайжруулах үүднээс хичээнгүйлэн ажиллах болно. Хоорондоо эв нэгдэлтэй, сахилга баттай байхыг хатуу баримтлан ажиллана.

-Гэхдээ АН-ынхан өөрсдөө гуйж оруулчихаад хүн чанаргүй зан гаргалаа гээд байгаа шүү дээ?

-Монголын парламент зөв зүй тогтол руугаа орж байна. АН хамтарсан гэрээгээ цуцалж томоохон сөрөг хүчинтэй боллоо. Ээлжит бус чуулганы хуралдаанаас харахад нэг их туньсан, гомдсон зүйл хэлж байна лээ. Үүнийг нь харахаар АН-ынхан хүн чанаргүй, увайгүй зан гаргаад багаа хуулж хаясан юм шиг ийм байдлаар асуудалд хандаад байна. Гэхдээ энэ нь аль аль талдаа улс төрийн төлөвшил ямар байгааг харуулсан хэрэг л дээ. Бид бурхан шиг гэгээрсэн цэвэр цэмцгэр хүмүүс биш. Ардын намынхан ч ялгаагүй. Нам гэдэг чинь хүмүүсийн нэгдэл.

Энэ нийгмийн байгаа дүр төрх, толь нь бид тул хэрээ хэрээнийхээ харыг гайхаад яахав дээ. Өнөөгийн энэ нөхцөлд хэн хэнээсээ тасраад илүү гарчихсан юм алга. Харин дээр хэлсэнчлэн илүү бодлогыг АН гаргаад ажилладаг. Энэ бүхэн нь нүдэн дээр ил харагдаж байгаа зүйл. Ардын нам 1990 оноос хойш бодлогын чанартай нийгмийг урагш нь хөтөлсөн зүйлийг хийгээгүй. Н.Энхбаярын засаглалын үед ОХУ-д төлөх их өрийг тэглэсэн. Энэ бол Н.Энхбаярын л гавьяа. Өөр нэг зүйл нь С.Баярын Засгийн газрын үед хөдөө аж ахуйн ганц салбар тэр дотроо газар тариаланд Атрын гуравдугаар аяныг эхлүүлэн тодорхой хэдэн компанид төрөөс дэмжлэг үзүүлсэн. Өөр гялайж гялтайх томоохон ажил Ардын намд үнэхээр байдаггүй. Ийм л бодлогын хоёр том эрс тэс ялгаатай, хөгжлийн төлөө тавьж буй концепц нь эрс тэс ялгаатай намууд юм.

-Та АН, МАН-аас бодлогын хувьд тэс ондоо орон нутгийн автозам, “Гудамж” төслийг гардан гүйцэтгэсэн гэж хэллээ. Гэхдээ Ардын намын зүгээс бондын мөнгийг дэндүү үрэлгэн зарсан гэж шүүмжлээд байгаа?

-Аливаа юмыг бодитой ярих ёстой. Ардын нам 2008-2012 онд хоёр их наяд төгрөгийг ард түмэнд 1.5 сая төгрөг болгон тараасан. Тэндээс гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ганц ч зүйл үлдээгүй. Тэр нь хувцас хунар, өмсөж зүүх зүйл болоод дууссан. Эцэст нь нийгэмд ажил хийхгүйгээр 21 мянга, 123 мянган төгрөг авч болдог гэсэн буруу жишиг тогтоосон. Энэ орчлон дээр ямар ч хүн дөрвөн мөч нь хөдөлж эрүүл саруул байгаа бол хөдөлмөрлөх л ёстой. Хөдөлмөрлөсөн хөлснийхөө хүчээр амьдрах хэрэгтэй. Харин ахмадууд болон хүүхдүүдийн асуудал бол арай өөр зүйл. МАН 2008 онд хавтгайрсан халамж тараах амлалт өгснөөрөө өнөөдрийн эдийн засгийн хямралын эх үүсвэрийг тавьсан. Тэрийг нь өнөөдөр бид төлж байна. Тухайн үед азаар нүүрсний үнэ нэг тонн нь 150 ам.долларт хүрч, зэс, алтны үнэ нэмэгдэж, Австралид үер болж манайхаас нүүрсээ авахаас өөр аргагүй байдалд хүрсэн үе буюу 2010, 2011 онуудад эдийн засаг 17.6 хувь хүртэл өссөн. Эдийн засаг ингэж өсч байхад хэчнээн зуун тэрбумаараа татварын орлого давж байсан. Энэ бүхнээрээ баялгийн сангийн хуримтлал бий болгохын оронд бүгдийг нь бэлэн мөнгө болгон тарааж дууссан. Эдийн засгийн энэ өсөлттэй үед Эрдэнэтийн татварын орлогоос урьдчилан 200 сая ам.доллар авч мөн л тараасан. Мөн Айвэнхоу майнзтай гэрээ байгуулж Оюу толгойг хөдөлгөхдөө 350 сая ам.доллар авч тараасан. Түүнчлэн Чалкогоос 250 сая ам.доллар авч тараасан. МАН-ын хийсэн ажил бол ердөө л олсон бүх гэнэтийн ашгийг тараах байсан. Тэр ч бүү хэл ирээдүйгээсээ зээлж тараасан юм. Ингэж л Монгол Улсыг дампууруулсан. Одоо л төсвөө хумья, буруу бодлого явуулж байна гэж их сайхан шүүмжилж байна. Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нарын гишүүд ийм зүйл ярьж битгий жүжиглэ. Өмнө нь та нар ямар сайхан алтан үеийг ийм болгочихоод өнөөдөр юу яриад байгаа юм бэ. Нэг их ухаантай юм шиг зүйл яриад байдаг. Үнэндээ эдийн засгийн хямралын эхлэлийг та нар л тавьсан шүү. Ирээдүйгээ харсан юм бол зах замбараагүй яах гэж мөнгө тараасан юм. МАН-д ямар ч бодлого байхгүй. АН бол харин эсрэгээрээ нэг сая төгрөгийн эрдэнийн хувьцаа тараасан. Ямар ч бэлэн мөнгө яриагүй. АН иргэн бүрт Эрдэнэс Таван толгойгоос 1072 хувьцаа эзэмшүүлсэн.

-Үнэндээ бол иргэн бүрийн 1072 хувьцаа ямар ч хөдөлгөөнд ороогүй, амьгүй байсаар байгаа. 1072 хувьцаагаа хаана байгааг ч мэдэхгүй хүмүүс Монголоор дүүрэн алхаж байна?

-Үүнийг үнэ цэнд ортол нь бид явна. Бэлэн мөнгө гэдэг их амархан ч ардаа их гай дагуулдаг гэдгийг бид харлаа. Түүгээр нь ард түмэн баяжаад юу олсон юм. Ард түмэнд юу ч үлдээгүй. 1072 хувьцааг үнэ оруулахын тулд АН цаашид ч явах болно. Өнөөдөр орон нутгийн Таван толгой гээд Өмнөговийн Таван толгой бий. Тэндээс хүн бүр нэг сая гаруй төгрөгийн хувьцааны ашиг хүртсэн байна. Нутаг орноо хөгжүүлэхийн тулд 103 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тэгэхээр төрийн өмчит компани иргэддээ үнэ цэнтэй хувьцаа өгч орон нутгаа хөгжүүлж болдог жишээг гаднаас биш дотроосоо эр. Өмнөговийг хар. Тиймээс Эрдэнэс Таван толгойн 51 хувь нь төрд байгаа. Тэр 51 хувь дотор чинь иргэн бүрийн 1072 хувьцаа яваа. Гэтэл МАН 17.6 хувийн эдийн засгийн өсөлт дээр нэмэх нь бөөн өр тавьж бэлэн мөнгө болгон тараасан. Үүнийг бодлого гэхгүй.

Нөгөө талдаа биднийг шүүмжилцгээ. Бидэнд дутагдалтай, буруу хийж байгаа зүйл, боловсон хүчний асуудал санасан хэмжээнд хүрч ажиллахгүй байгаа гэх мэт зүйлс бий. Үүн дээр би шүүмжлэлтэй ханддаг. Албан тушаал авангуутаа их зан гаргаад пээдийдэг хүмүүст хариуцлага тооцох ёстой.

-Хариуцлагаа тооцох байх л даа. Гэхдээ 25 жилийн өмнө АН-д байсан Р.Гончигдорж, Д.Дорлигжав тэргүүтэй хүмүүс өнөөдөр залуучууддаа зайгаа тавьж өгөхгүй байна. Намдаа салхи савир оруулж, шинэ цус сэлбэхгүй байна гэдэг шүүмжлэл байдаг шүү дээ. Эхлээд ажил хийлгээд үз. Дараа нь хариуцлагаа тооц гэсэн зарчмаар явах ёстой гээд байгаа?

-Ярьсан хэлсэн, туулаад ирсэн замнал нь ямар байдаг юм. Хэн нь ямар амжилттай явна, хэн нь буруу яваа гэдгийг иргэд өөрсдөө дүгнэдэг. 1990 онд манай намд явж байсан хүмүүсийг бүгдийг нь сайн, бүгдийг нь муу гэж хэлэхгүй. Мэдээж сайн яваа хүн нь сонголтоороо гараад л ирдэг. Ард түмэн өөрсдөө сонгож гаргачихаад энэ хүмүүс байсаар байна гэж ярьж байгаа нь нэг талдаа өрөөсгөл юм. Ли Куан Ю гээд Сингапурын ерөнхийлөгч байсан даа. Тэр хүн 30 жил энэ улсыг босгох гэж явсан. Хэрэв манайд байсан бол буг боллоо гэж энэ хүнийг хэлэх нь байна, тийм үү. Тэр хүн үнэхээр ажилласан. Азийн болон бусад орнуудын улстөрчдийн жинхэнэ карьер 50 наснаас эхэлж байна. Манай энэ улстөрчид чинь дөнгөж 50 гарч байгаа. Уг хүн нь үнэхээр буруу зүйл хийсэн бол манай нам ч гэсэн өмөөрч хамгаалаад явахгүй. Хуулийн дагуу явах ёстой. Тиймээс зөв яваад зорьж чадвал бүх хүнд боломж бий. Би гэхэд л багийн даргаас эхлээд бүхий л ажлыг хийсэн. Энэ залуучууд юу ч хийгээгүй мөртлөө газрын дарга болно гэдгээ болих хэрэгтэй. Нэг зүйл дээр аль намынх байх нь хамаагүй залуусыг шүүмжилж байгаа. Багаас нь ажлыг хийж үз гэдэг юм. Газрын дарга, албаны дарга, тэнд дарга болно гэдэг зүйлийг хүлээж авах дургүй. Тийм зүйл гэж байдаггүй юм. Гудамжинд явж байгаад яамны Төрийн нарийн бичгийн дарга болдог асуудал АН гэлтгүй МАН-д байна.

Улс төрөөр жаахан танигдаад ирэхээрээ албан тушаал авдаг энэ том эндүүрлийг нийгэм даяараа болих ёстой.

-Сүүлийн үед олны анхааралд орсон нэг асуудал бол мэдээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс АН-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн мэдэгдэл. Гэвч одоо нам гүм болчихлоо. АН-ын дарга нь Ерөнхий сайдаа хийх үү, Ерөнхий сайд нь АН-ын дарга болох уу гэдэг асуудал одоо ч асуултын тэмдэгтэй хэвээр байна. Үүн дээр тайлбар өгөөч?

-Манай нам нэгдүгээрт олонхи болоогүй. Хоёрдугаарт манай намын дүрэмд намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн заалт огт байхгүй. Хэнийгээ намын дарга болгохыг бид улс төрийн нөхцөл байдлаа үнэлж шийдвэрлэх болохоос хэн нэгэн хүний саналаар асуудал шийдэгдэхгүй.

Ерөнхий сайдын тавьсан энэ санал бол хариуцлага муутай зүйл болсон. ҮЗХ-ны гишүүн Ч.Сайханбилэгийн хувьд энэ саналаа Ардчилсан намд тавьж болох юм. Гэхдээ болохгүй.

-Юу гэсэн үг вэ?

-ҮЗХ-г хуралдуулах эрх зүйн субъект бол зөвхөн намын дарга. Эс бөгөөс ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэг нь гарын үсэг зураад ҮЗХ-г хуралдуул гэсэн шаардлага тавьсан нөхцөлд намын дарга 14 хоногийн дотор ҮЗХ-г хуралдуулдаг. Өөрөөр 226 ҮЗХ-ны гишүүн тус бүрдээ Ч.Сайханбилэг шиг санал гаргаад байвал яах юм. Гуравдугаарт, ҮЗХ-ны гишүүн Ч.Сайханбилэг санал гаргаж болохоос биш Ерөнхий сайдын хувиар Ардчилсан намын асуудалд ордог нь буруу. МАН-ынхан үүнийг шүүмжлээд байгаа нь үнэний ортой. Ерөнхий сайд АН-ын ҮЗХ-г хуралдуул гэсэн санал тавина гэдэг чинь жинхэнэ утгаараа нам төрийн ажил холилдоно гэсэн үг. Тиймээс Ч.Сайханбилэг ядахдаа АН-ын ҮЗХ-ны гишүүний хувиар саналаа гаргаж болох байсан тул үүнийг авч хэлэлцэх шаардлагагүй. Дүрмээрээ ямар ч боломжгүй.

-Өвөл АН-ын дарга фракцгүй нам боллоо гэдгийг албан ёсоор зарласан. Гэтэл МАН-ын зургаан сайдыг чөлөөлснөөс хойш танай намынхан фракцаараа хуралдаад завгүй байх шиг байна лээ. Энэ фракц гэдэг зүйлээ хэзээ болих юм?

-Фракцаараа нийлээд явж байгааг чи яаж мэдсэн юм.

-Төрийн ордонд явж байхад нүдэн дээр дэндүү ил байгаа зүйлийг бүгд л харж байна?

-Фракцгүй Ардчилсан нам болсон гэдгийг Б.Наранхүү гишүүнийг янз бүрийн фракцийн хүмүүс нийлээд дэвшүүлж байгаагаас харж болно.

-“Нэг ардчилал”-ынхан дэвшүүлсэн байна лээ…

-Тухайн асуудлаар санаа бодлоо нэгтгэхийг үгүйсгэх аргагүй. Фракцгүй Ардчилсан нам гэж зарласан нь нийт намын гишүүдээ нэг болгох, нэг зорилгын төлөө явах, фракц гэж дэвэргэхгүй байх бодлого юм. Нэг намын төлөө, нэг зорилгын төлөө хамтраад явах нэг алхам нь фракцгүй Ардчилсан нам болох байсан. Тэр нь ч бас харагдлаа. Үүнээс гадна Засгийн газрын асуудал болон бусад асуудлууд дээр Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээ дагаад явж байна. Нам нь нам шиг байж улс төрийн хариуцлагаа хүлээх ёстой. Намын гишүүдийн дэмжлэгийг авч улс төрийн томоохон албан тушаалд томилогдчихоод намаа нулимаад байдаг хүмүүстэй бид хатуухан ярина.

-Төрийн дээр нам сандайлсан байна гэдгийг Ардын намынхан хэлж байсан. УИХ дахь бүлэгтээ хүртэл үүрэг өгч байна гэж шүүмжилсэн?

-Ардын намынхан Засгийн дээр нам гараад сандайлчихлаа гэж яриад байгаа. Ингэж тогтсон чиг хандлага руу явж байгаа нийгмийн тархийг буруу угааж улдан чангааж болохгүй. Бид бүлэгтээ үүрэг өгдөггүй. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүддээ үүрэг өгсөн. Үүнийг мушгиад байх шаардлагагүй. Аливаа парламентын засаглалтай улс оронд аль нам олонхийг бүрдүүлж байгаа нь Засгийн газрын гишүүдээ томилж, нам нь чиглэлээ өгдөг дүрэмтэй. Ардчилсан намын дүрэмд хоёр сайд солилоо гэхэд намын Гүйцэтгэх зөвлөлөөр орно гээд байгаа. Бусад орнууд ч гэсэн ялгаагүй тийм зарчмаар явж байна. Өнөөдрийн бодит байдлыг ард түмэнд буруу тайлбарлаж парламентын тогтолцоог буруу ойлгуулж байгаа нь нийгэмд маш сөрөг нөлөөтэй. Урагшаа явж буй нийгмийн нийт массын сэтгэлгээг буруу чиглэл рүү гацааж байна. Ардын нам аливаа зүйлийг улдан чангаадаг шүү дээ.

-Танай намын залуус намаа шинэчилнэ гээд хурал дээрээ хүртэл лоозон барьж орж ирж байсан. Намын бодлого шийдвэр буруу яваад байна гэдэг зүйлийг мэдэгдэж байсан даа…

-Намаа шинэчилнэ гэсэн залуус нэлээд олон шаардлагыг намд тавьсан. Тэндээс нь авч анхаарах зүйл байсан. Өмнө нь намаар яригдаж амьдрал дээр хэрэгжүүлэхэд түвэгтэй зүйлс ч мөн түүн дээр нь байна лээ. Ер нь асуудлаа тавих нь зөв. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал гээд тодорхой зүйлсийг анхаарч байж намын удирдлагууд шийдвэрээ гаргадаг. Намын удирдлагууд шийдвэрээ гаргасан байхад санал тавьсан хэдэн хүн болон өөрсдийгөө хөдөлгөөн гээд зарласан хүмүүст таалагдаж болно. Эсхүл таалагдахгүй байж болно. Эцсийн бүлэгтээ намынхаа төлөө явах ёстой. Таалагдахгүй бол тэмцдэг байж болно. Гэхдээ нам нам шиг байх хэрэгтэй. Би тэдгээр залууст “Наад шаардлагаас чинь авах ч юм байна. Авахгүй ч юм байна. Таалагдахгүй бол та нар өөрсдийнхөөрөө бай. Суулт хийж болно. Тэмцэж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж болно. Тэр бүгдийг чинь бид хаахгүй, чөлөөтэй. Гэхдээ үүнээс чинь намын удирдлага айхгүй. Тэр дундаа намын ерөнхий нарийн бичгийн дарга айна гэж байхгүй” гэдгийг хэлсэн. Ер нь намын удирдлагын хэмжээнд яаж явах ёстой тэр хэмжээгээр нь явна. Харин үүгээр шантаажилна гэж байхгүй. Эрхэмбаяр намайг үүгээрээ айлгаж, шантаажилж, буулт хийлгэнэ гэж байгаа бол үгүй. Тийм юм байхгүй гэдгийг хэлмээр байна гэдгийг ч хэлсэн.

-Засгийн газраас оруулж ирсэн асуудлуудаа Их хурал нь гацаадаг гэсэн шүүмжлэл бий. Таван толгойн асуудал орж ирэхэд Их хурал нь ажлын хэсэг байгуулж дүгнэлт гаргуулан эргүүлэн татуулсан. Саяхан гэхэд Засгийн газраас векселийн бичгээр компаниуд хийсэн ажлынхаа хөлсийг өгөх гэхэд Их хурал мөн л ажлын хэсэг байгуулаад хойшлуулчихлаа. Их хурал, Засгийн газар нь хоёр тийшээ хараад суусаар байх юм уу?

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын хувь заяатай холбоотой энэ асуудлаар Монголын ард түмний 100 хувийн өмч байгаа Эрдэнэс Таван толгойг, Монголын ард түмний нэг хувийн ч өмчлөлгүй болгох эрх байхгүй. Таван толгой гэдэг чинь зургаан тэрбум тонны нөөцтэй Монголын ард түмний баялаг. Ерөнхий сайд намтайгаа, УИХ-тайгаа ярихгүйгээр иймэрхүү шийдвэр гаргаж болохгүй. Цаашид гэнэтхэн оруулж ирдэг байж болохгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Векселийг манай УИХ-ын гишүүд судалсан. Дэндүү улс төржсөн энэ Засгийн газрын үед хийлгэсэн ажлаас илүү 2004-2012 оны асуудлууд ч их орсон байна лээ. Тухайн үеийн Засгийн газруудын бантагнуулсан зүйлс их орж, улс төрийн өнцгөөс асуудлыг шийдсэн асуудал байгаа юм билээ. Эрх зүйн хувьд вексел гэдэг чинь төсөв гэсэн үг. Вексель бол төсвөөр хийгддэг тул сүүлд нь төсөвт тавигдаж байж төлөх тул Их хурал ядаж юун дээр өгч байгаа вэ гэдгийг харах эрхтэй. Тэр талаасаа асуудалд хандаж байгаа юм билээ. Векселийг гаргах нь зөв. Ажлаа хийсэн компаниудад мөнгийг нь өгөх нь зөв. Ялангуяа 2012-2015 оны хооронд хийсэн баасыг Засгийн газрын цэвэрлэх ёстой. Хүнээр юм хийлгэсэн бол өгөх ёстой.

-Тэгэхээр өмнөх Засгийн газрын үед хийгдсэн ажлынхаа хөлсийг өгч болохгүй гэсэн үг үү. Хэтэрхий амиа бодсон зүйл болчих гээд байгаа юм биш үү. Өмнөх Засгийн газруудад АН эвслийн Засгийн газар байгуулаад орж л байсан санагдах юм. Таны яриагаар бизнесийн салбарынхныг ялгалаа гэж ойлгох болов уу?

-Гарцаагүй хийсэн ажлыг өгөх ёстой. Өгч болохгүйгээр хийсэн ажлууд бий гэж зарим гишүүд үзэж байгаа юм билээ. Түүнээс тэр, энэ Засгийн газрынх гэдэг нь чухал биш. Танилцуулгыг хараад асуудлыг хурдан шийдээд явчих байх. Гэхдээ аливаа зүйл хяналттай байх нь зөв. Хичнээн тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа зүйл.

-Ирэх намар Таван толгойн асуудлыг дахин өргөн барих байх. Таван толгойг хэзээ шийдэх вэ. Оюу толгойн хөрөнгө оруулалт хэзээ орж ирэх вэ?

-Оюу толгойн хөрөнгө оруулалт энэ намраас орчихно. Үүн дээр Монгол Улс олон улсын өмнө нэр хүндээ авч гарахын тулд ихээхэн уян хатан хандаж байгаа. Нэг ёсондоо буулт хийсэн гэж ойлгож байна. Тиймээс Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт ойрын хугацаанд явах нь тодорхой.

Таван толгойн хувьд Ерөнхий сайдын оруулж ирсэн төсөл хэтэрхий нэг талыг барьсан гэдэг дээр хувь хүний байр сууринаас хандахад ч мэдрэгдэж байгаа юм. Яахаараа 60 жилээр нэг компанид 51 хувийг нь өгөөд нөгөөд нь 49 хувийг нь өгдөг юм бэ. 2-3 метр хөрс хуулаад эксковатороор ачуулах зүйл дээр тийм ч их хөрөнгө орохгүй. Манай намын Гүйцэтгэх зөвлөлөөс 51 хувь нь төрд байх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс бусад улсуудтайгаа хурдан хугацаанд тохиролцожэнэ төсөл яваасай гэж бодож байна. Үүнийг явуулах хэрэгтэй. Явуулахын тулд АН зүтгэнэ.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Төрийн сүлдний зураач Ц.Ойдов: Шоронд орчихолгүй ардчилсан хувьсгалтай золгосон доо

“Төрийн
сүлдний зураач” хэмээн алдаршсан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн,
зураач, яруу найрагч Цэвээндоржийн Ойдовтой уулзаж хөөрөлдлөө. Энэ уран
бүтээлчийн тухай Буддын шашны ренбүүчи, Холливудын нэрт жүжигчин Стивен Сигал
“Зэн сургаалд “Шалгуур даваагүйгээр гэгээрэл гэж байдаггүй” гэдгийн бодит жишээ
бол Ойдов гуайн туулсан зам мөр билээ. Цаг үеийн дэглэм, улс төрийн үзэл
бодолтой үл нийцэж байсан энэ хүн уран бүтээлээ нуун дарж ирсэн ч итгэл
бодолдоо үнэнч үлдсэн нь юутай их зориг тэвчээр вэ” гэж дуу алдсан байдаг.

-Авьяас
билигтнийг төрсөн нутаг усных нь шүтэн барилдлагатай холбон үзэх нь элбэг. Та
аль нутгийн хүн билээ?

-Би Архангай
аймгийн Хашаат суманд 1953 онд төр­сөн хүн. Аав ээж хоёр минь нүүдэлчин
ухаантай малчин хүмүүс байлаа. Миний мэргэшил гэвэл тухайн үед дөрвөн жил
суралцдаг Дүрслэх урлагийн дунд сургуульд дөрөвдүгээр дамжаандаа шууд элсэн орж
ганц жил сураад онц дүнтэй төгссөн. Дараа нь Монгол Улсын их сургуулийн түүхийн
ангид таван жил суралцан 1980 онд төгсөж байлаа.

-Ямар бүтээл
туурвиж уран бүтээлээ эхэлж байв?

-Өвөрхангай
аймгийн Хархорин сумын найман жилийн дунд сургуулийг 1968 оны хавар төгссөн
арван таван настай жаахан хүүхэд Улаанбаатар хотноо ирж, Үйлдвэр хоршооллын
үйлдвэр урлагийн сургуулийн уран сийлбэрийн ангид элсэн, Монголын алдарт
сийлбэрч уран Чуваамидийн гарын шавь болсон доо. Далан нэгэн онд сургууль
төгсөх жилээ “Улаач” хэмээх сийлбэрийн анхны бүтээлийг хийж, ардын хувьсгалын
тавин жилийн ойд зориулсан зураач урчуудын үзэсгэлэнд оролцлоо. Дараа жил нь энэ
бүтээлээрээ Мон­голын урчуудын эвлэлийн шаг­налыг арван найман насандаа хүртэж,
үүндээ урамшин хоёр жилийн дотор “Улаан номынхон”, “Хужиртын домог”, “Араатан”,
“Таван эрдэнэ”, “Дурдатгал”, “Жаргалын зам өөд” “Зуны тэмээ” зэрэг их бага
хэмжээний арваад бүтээл хийсэн. Энэ сийлбэрүүд Уран зургийн галерейд байгаа
шүү.

-Дөрвөн жил
сурдаг ДУДС-ийг ганцхан жилийн дотор төгссөн гэдэг тань ямар учиртай билээ?

-Төрийн шагналт,
ардын зураач Д.Амгалан багшийн шийдвэрээр Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран
дархан, төмөрлөгийн чимэглэлийн дөрөв­дүгээр курст шууд орж суралц­санаа л хэлж
бай­гаа хэрэг. Өмнө нь олонд танигд­сан нэлээд сийлбэр хийсэн болохоор намайг
шууд оруулсан болов уу. Нэг жил сурахдаа бас ч үгүй онц төгссөн юм шүү.
Суралцах хугацаандаа дэл­хийн урлагийн түүхийг урлаг судлаач Л.Батчулуун
багшаараа заалгасан минь нүдийг минь овоо нээж өгсөн дөө.

-Таны уран
бүтээлийн зам тань тийм ч дардан байгаагүй гэж сонссон юм байна?

-Би дэлхийн
шилдэг уран бүтээл хийхдээ л хийнэ гэснээрээ зургаа зурж, шүлгээ нууцаар
бичсээр л үндсэндээ өнөөдрийг хүрсэн. Бүтээлээрээ уруудаж буруудаж, аав ээж, ах
эгч бурхны оронд одсон ч өнчин хоёр охин дүүгээ хүний зэрэгт хүргэх бэрх
амьдралын хүн-цайз байхыг эрмэлзсэн минь талаар болоогүй ээ. Амьдралын эрхээр
арга буюу аавынхаа өвлүүлж үлдээсэн алтан нуухтай, шүрэн толгой­той, гартааман
хөөргийг зарж, гэр, хашаа байшингаа ч заран найз нөхдийнхөөрөө олон жил хэсч
амьдарсан даа.

-Яагаад тэгж
хэрэн хэсч амьдрах болов?

-Яах юу байхав,
мөнөөх социализмын л уршиг. “Тэрс үзэлтэн” хэмээх хоч зүүсэн болохоор Дүрслэх
урлагийн сургуулийн багшийн ажлаас хөөгдөж, дараа нь хаана ч ажиллах эрхээ
хаалган, зөвхөн гудамжинд л бичгийн цаасанд багтах хэмжээний зургаа зурж,
шүлгээ бичиж нууцалдаг байв шүү. Үзэсгэлэнд оролцох, хэвлэн нийтлэх эрхээ бүрэн
хаалгуулсан. Чингис гээд хэлчихвэл шоронгийн хаалга онгорхой байсаар цагаан
морин жилтэй золгосон доо. Шүлэг эрчимтэй бичиж эхэлсэн үеэс өнөөг хүртэлх дөч
гаруй жилд “Цасны эгшиг” гэдэг ганц шүлэг л “Спортын мэдээ” сонинд хэвлэгдэж,
араажаваар “Гийнгоо” шүлгээ 1983 оны гуравдугаар сарын 11-нд уншсан. Тэр үед

“Хурмаст
хойморлож хонодог долоон мөнгөн нүд би

Хуурын хоёр
чавхдсанд багтаж эгшиглэдэг од би

Хур үнсэж
буухад эрхэс өөд өндийсөн өвс би

Хулжсан хайр
эзэгнэсэн өвгөдийн шүлгийн сүнс би”
гэж
л омогшиж омголонтож явлаа даа.

-Таныг “төрийн
сүлдний Ойдов” гэхээр анддаггүй ч шүлгүүдийг чинь уншигчид тэгтлээ мэддэггүй
байх аа?

-Мэдэгдэхээр ч
мэрийж чардайж явсангүй дээ. Мэднэ, мэдэгдэнэ гэдэг хоёр янз. Ер нь бол дал
наяад оны найз нар маань намайг дэндүү сайн мэднэ дээ. Би шүлгүүдээ модернист
арга зарчим баримталж бичдэг. Авангардизм амтанд орж бичсэн “Нялх ангирын
цуваа” хэмээх бүлэг шүлгүүд надад байдаг. Би бол Монголын орчин үеийн яруу
найраг дахь анхны модернист уран бүтээлч. Би ер нь олон юмаар хөөцөлдсөн хүн.
Бага залуу байхдаа шүлэг ч бичдэг, өгүүллэг ч оролддог байлаа. Олон юмаар
оролдоход хүний оюун задарч, ухаан тэлдэг. Миний багш эрдэмтэн зохиолч, түүхч
археологич Хөдөөгийн Пэрлээ түүхч, орчуулагчаас гадна шүлэг, өгүүллэг бичдэг,
архи ч уучихдаг, ядахнаа гутал, богц сайн хийдэг хүн байсан. Би тэр хүний бүх л
юмыг сурах гэж оролдсон. Шүлэг өгүүллэгээ бусдыг дуурайхаас үхтлээ айдаг
болохоор өвөрмөц хэлбэрийг хайсан. Сүүлдээ энэнээсээ болж буруудаад “Цог”
сэтгүүл болон бусад сонин хэвлэлд бүтээл минь хэвлэгдэхээ байсан. Тэр үед би
гомдож гутарч уран бүтээлээ орхиогүй. Харин ч шазруун зан хөдөлж, уран зохиолын
бүхий төрөл, дүрслэх урлагийн олон чиглэлээр ажиллаж, өөрийгөө зовоосон.
Тиймдээ ч өнөөдөр би мянга мянгаар тоологдох бүтээлээ хэвлүүлж, ботилж сууна
даа.

-Та яг юунаас
болж хэвлэн нийтлэх эрхээ хасуулсан бол?

-Хөрөнгөтний
харгис урсгалаар бүтээлээ туурвидаг хэмээн Дотоод яамны далд мөрдлөгөнд орсон
байж. Тэр үед ажлаасаа хөөгдсөн хүнийг урлаг соёлын ажилд авахгүй учир шоронд
орчихоогүй нь их юм гэж залбираад л алхаж явлаа. “Цог” сэтгүүлийн “Оч” буланд
залуу зохиолчдын шинэ шүлгийг тавина. Би хэдэн шүлгээ бариад сэтгүү­лийн нарийн
бичгийн дарга Д.Батбаярт бараалхлаа. Тэд­ний өрөөнд зохиолч Д.Уриан­хай,
Б.Лхагвасүрэн нар байж таараад миний шүлгийг уншиц­гаав. Лхагвасүрэн “Урианхай
бид хоёрын завсар ийм л зай байвал байна, байхгүй бол байхгүй” гэхэд нь би
“Эгнээд зогсчихсон хоёр хүний хоорондуур дараалал дайрч орохгүй хө. Доор чинь
хөлдүү хүйдэс шиг өнхрөхгүй, харин толгой дээгүүр чинь харайж тонгочих л байх
шүү” гэж хэлсэн юм. Үүнээс ч болсон уу, дараа нь Д.Батбаяр “Тарваа эрхлэгч
чиний шүлгүүдийг хассан шүү” гээд өнгөрсөн. Ийм байдлаар миний нэг ч бүтээлийг
бас үзэсгэлэнд тавил­гүй хасдаг байлаа. “Ойдов сүүлийн жилүүдэд юу ч зураагүй”
гэх нэрийдлээр Монголын урчуудын эвлэлээс бас л хөөлөө. Зохиолчдын хороонд
анхны номын урал­даанд “Нарны алтан сүү” номоо өгч хасагдлаа. Дараа жил нь
“Хүн, Нар, Дэлхий” хэмээх шүлэглэсэн роман минь уралдаанд шалгарсан ч яруу
найргийн зөвлөлийн эрхлэгч Д.Пүрэвдорж “Шүлгийн номын уралдаан болохоос нэг
сэдэвт зохиолын уралдаан биш гээд чиний номыг хассан шүү” гэсэн. Сүүлд
сонсохнээ миний номын оронд өөрийн шавь Д.Төрбатын “Улаан жигүүр” номыг
батлуулж оруулсан юм билээ.

-Та тэр үед
ажил албагүй яаж аж төрж байв?

-Авьяас хаачихав,
аргагүй­дэх ч юу байхав гээд киноны уран бүтээл рүү орсон доо. “Мандухай цэцэн
хатан” киноны цэргийн хувцас, зэр зэвсэг, эд хэрэгслийн ерөнхий зураач, “Цэц
магнай” киноны ерөнхий зураачаар ажиллалаа. Тэгж ингэсээр 1990 оны ардчилсан
хувьсгалтай золгож, төрийн сүлдний уралдаан зарласнаар 200 гаруй зураачийн 900
гаруй загвар ирснээс миний төсөл зураг 85 хувийн саналаар ялалт байгуулж,
батлагдав. Бас монгол төрийн эрдэнийн тамганы загварыг зохион батлуулж гурван
дархны хамт хийж гүйцэтгэлээ. Ингэж л би ард олноосоо төрийн зураач хэмээх аман
шагналаар шагнаг­дан урамшсан даа. Үүнээс хойш “Мөнх тэнгэрийн хүчин дор”
киноны эх загварын зураач, “Хүннү гүрэн”, “Занабазар” зэрэг уран сайхны болон
баримтат олон киноны ерөнхий зураачаар
ажилласан байна. Миний ажлын бас нэг үе бол 1995-1998 онд “Улаанбаатар хивс”
компанид ерөнхий зураачаар уригдан ажиллаж олон төрлийн хивсний эх загвар
зохиож үйлдвэрлүүлсэн байдаг юм шүү.

-Таны зурсан
төрийн сүлдний морийг “Модон” энэ тэр гэж нэлээд гоочилсон байх шүү…

-Атаачид өөчлөөд,
гооч­лоод яахав дээ. Миний сүлдийг УИХ-аараа батлаад, ард түмэн маань биширч
сүслээд явж л байна.

-Таны тухай
цахим орчинд “Дүрслэх урлаг, уран зургийн хэд хэдэн төрөл жанраар гурван
мянгаад бүтээл туурвиснаас “Хөх монголын хас туульс” хэмээх есөн боть номын
тэргvvн дэвтэр болох “Огторгуйн цагаан зөн” ботид 600-гаад шvлэг зураг,
бэлгэдэл, хэвлэмэл бvтээл оржээ” гэсэн байна лээ. Таны бүтээлүүд хэвлэгдээд
эхэлжээ?

-“Огторгуйн
цагаан зөн” ботид маань дорно дахинд хөгжиж байсан хос уянгын бүтээлүүд орсон.
Уран бүтээ­лийн маань хувийн хөмрөгт роман, тууж, өгүүллэг, зураг, судалгааны
хорин боть ном лав бий. Өнгөрөгч онд “Хар галавын төгсгөл буюу миний зүүдэн
халаг” ном маань англи хэлнээ хэвлэгдэж, нэрт орчуулагч Саймон Бекхэм Смит
Америкийн Пэн байгууллагын Орчуулгын сангийн шагналыг хүртсэнд баяртай байгаа.
Би 1995 онд Английн нийслэл Лондон хотноо “Мөнх тэнгэрийн хүчинд ивээгдсэн Хөх
Монгол” хэмээх үзэсгэлэнгээ гаргаж, европын хүн ардаас магтаал сонсон омогшиж
явсан бол өнөөдөр европ, америк тивийн хүмүүс номыг минь англиар унших учир
жанцантай байжээ.

-Танай “Гал”
бүлгэмийн тэргүүн, яруу найрагч Мэнд-Ооёо “Дүрслэх урлагийн музейд
шилжүүлсэн Ойдовын “Хашир малчин” хэмээх
томоохон модон сийл­бэр бол Чингис хааны амьд дүр болсон” гэж байсан. Тэр
бүтээл чинь одоо хаа байна?

-Харамсалтай нь
тэр бүтээл маань музейд гарсан түймэрт өртчихсөн. Гэхдээ гэрэл зургаар азаар
үлдсэн шүү.

-“Гал”-ын
нөхдийнхөө талаар хууч хөөрөөч?

-Яривал ч олон
сайхан дурсамж байлгүй яахав. Чиний багш О.Дашбалбар бидний тухай “Мэнд-Ооёогийн
гэр бол наяад оныхны утга зохиолын “жанжин штаб” байсан бөгөөд байнгын зочин нь
Д.Нямсүрэн, Д.Цогт, Л.Мягмарсүрэн, Ж.Саруул­буян, Ц.Ойдов, Я.Баатар,
Ш.Гүрбазар, Ү.Хүрэлбаатар, Ж.Оюунцэцэг нар байсан бөгөөд ажилтай нь ажлаасаа,
хичээлтэй нь хичээлээсээ тараад шууд тэднийхийг зүглэнэ. Оройжин шуугин онгирч,
бие биенийг хөөргөж, бичсэн шүлгээ гайхуулна. Баруун тийшээ Толгойтод буй
Ц.Ойдовынх руу шуугилдан алхаж, өв­лийн шөнийн агаар бүлээс­тэл ноцолдсоор
очиж, Рерих, Сейкерос, Ван Гог, Эдвард Мунхын зураг үзэж шагшиж, хажуу айлыг нь
үл унтуу­лан шуугилдан, мар­гааш нь Зуун айлын тэнд буй Мягмарсүрэнгийнх рүү
Энхтайваны гүүр даван алхац­гааж, бас л шөнөжин шүлэг ярьж, бичиж, ирээдүйг
мөрөөдөн үүр цайлгаж, хувцастайгаа түр дугхийгээд, өглөө эрт тал тал тийшээ
бутарч, үдэш нь бас л Мэнд-Ооёогийнд цуглан аль нэг тийшээ гарч өгнө. Уулын
аманд буй Цогтынд очиж мөн л элсэн чихэртэй хар цай гүзээлж, гурилтай хоол
идэж, түүнийгээ Волошин, Цэдэндорж, Уйтмены шүлгүүдээр амтлан бие биеэсээ өрсөн
шүлэг уншиж, өдрийн сониноо урал­дан хүүрнэдэг сэн” гэж халуун сайхан дурсамж
бичсэн байдаг даа. “Гал”-ынхны маань шүлэг бүтээлийн англи хэлнээ хэвлэгдсэн
номын баяр саяхан МУИС-ийн дугуй танхимд сайхан болсон доо.

Л.Батцэнгэл

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын өсөх идэр начин, Даншигийн арслан Р.Пүрэвдагва: Улсын ч бай, Даншигийн ч бай арслан гэдэг өөрөө бэлгэ дэмбэрэлтэй цол

“Даншиг наадам – Хүрээ цам 2015” шашин соёлын наадмын үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх зодоглосон билээ. Тус наадамд Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хороо, “Бөх­билэгт” дэвжээ, “Хера холдинг” компанийн бөх Монгол Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлж Даншиг наадмын арслан цол хүртсэн бол Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Баянзүрх дүүргийн бөх, Монгол Улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэж заан цол хүртсэн юм. Ингээд Даншиг наадмын арслан, Монгол Улсын өсөх идэр начин Рэнчинбямбын Пүрэвдагватай ярилцсанаа хүргэе.

-Энэ олон жилийн дараа зохиогдсон Даншиг наадмаас арслан цол хүртсэнд баяр хүргэе.

-Баярлалаа. Бурхан шашны соёл, аугаа их түүхийг үр хойчдоо таниулж ойлгуулах, цаашлаад гадны жуулчдыг татах зорилгоор Даншиг наадмыг 93 жилийн дараа зохион байгууллаа.

Миний тухайд гэвэл энэ сайхан наадамд түрүүлж арслан цол хүртсэндээ баяртай байна. Учир нь хамгийн сүүлд 1924 онд зохиогдсон Даншиг наадамд манай Архангай аймгийн бөх Луу гүний Вандан аварга түрүүлж байсан бол энэ олон жилийн дараа би түрүүллээ. Энэ удаад мөн л манай аймгаас Даншигийн арслан төрж байгаад миний хувьд их бэлгэшээлтэй байгаа.

-Даншигийн арслан цол хүртэнэ гэдэг таны хувьд хэр хүндэтгэлтэй байна?

-Мэдээж хүндэтгэлтэй байлгүй яахав. Улсын ч бай, Даншигийн ч бай арслан гэдэг өөрөө бэлгэ дэмбэрэлтэй цол. Тиймээс миний хувьд их бэлгэшээж, хүндэтгэж байгаа. Даншигийн арслан араасаа улсын арслан, цаашлаад аварга дагуулах ерөөлтэй ч юм билүү.Бөх хүн цолныхоо хэмжээнд, цолоо дүүргэж барилдах их чухал гэж ярьдаг шүү дээ. Тийм болохоор олон жил тасарсан Даншиг наадамд амжилттай барилдаж гараагаа сайхан эхлүүлсэндээ сэтгэл дүүрэн байна. Цаашдаа ч тогтмол сайн барилдана гэж бодож байгаа.

-Бөхийн барилдаан сугалааны зарчмаар явагдсан болохоор үзэгчид ч найраагүй, ёстой бяр чадалтай нь түрүүллээ гэж ярьж байна…

-Ерөнхийдөө наадмын зохион байгуулалтын тал дээр ард түмэн ам сайтай байгаа санагдсан. Бөхчүүд ч сайхан барилдлаа.

-Архангай аймаг аргагүй бөхийн нутаг юм аа. Гэхдээ ихэнх бөхчүүдийн гараа Буян гэдэг хүнтэй салшгүй холбоотой гэж сонссон. Та ч гэсэн Буян багшийн шавь гэв үү?

-Тийм ээ. Миний төрж өссөн Архангай аймаг бөхийн өлгий нутаг. Улсдаа хамгийн олон улсын цолтонтой аймаг. Ийм сайхан нутаг усанд төрснөөрөө би үргэлж бахархдаг. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Д.Рагчаа, заан Ч.Санжаадамба гээд энэ олон алдар цуутай бөхчүүдээ залгамжилж яваадаа өөрийгөө хувьтай хүн гэж боддог шүү. Архангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч Ч.Буян гэж багш байсан. Манай багш аймгийн хурц арслан цолтой. Дархан аварга Г.Өсөхбаяр, гарьд Д.Рагчаагаас эхлээд Архангайн олон сайхан бөхийн анхны багш. Би отгон шавь нь. Манай багш намайг сайн бөх болно гэж ярьдаг байсан. Би одоо ч мартдаггүй. Цаашид миний араас нутгийн олон дүү нар улсын цолны босгоор алхана гэдэгт итгэл дүүрэн байгаа. Сэтгэл гаргаад хөдөлмөрлөж яваа хэнд ч давахгүй даваа гэж байхгүй болов уу.

-Та Монгол Улсын гарьд Д.Рагчаатай ураг төрлийн холбоотой байх аа?

-Тийм ээ. Би эцэг, эх хоёр талаасаа бөхийн удамтай. Гарьд Д.Рагчаа аавын талаас ураг төрөл. Мөн улсын харцага М.Батжаргал, аймгийн арслан Бат-Отгон, Гансүх гээд олон бөх бий. Мөн ээжийн аав нь Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат аймгийн заан Шагдар гэж хүн байсан. Сумандаа агент хийдэг байсан болохоор хүмүүс андахгүй. Үеийн хөгшчүүл өвөөг бас сайн бөх болох байсан гэж ярьдаг.

-Тэгэхээр бөх болох замнал аль бага наснаас тавигджээ?

-Тэгсэн шүү. Аав, ээжийн хамаатан алинд ч очсон бүгд л намайг ерөөсөө л бөх болох хүн гэдэг байсан. Би ч бөхөд дуртай.

-Аав тань бас бөхийн засуул гэсэн. Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Миний аавыг Рэнчин­бямба, ээжийг Оржпагма гэдэг. Манай аав нутагтаа бөхийн цол дууддаг засуул хүн. Би хоёр дүүтэй, айлын ууган хүү. Бага байхдаа үеийнхэнтэйгээ сав л хийвэл ноцолддог, их хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Намайг хүүхэд байхаас л аав маань бөх болгоно гээд наадам дагуулж хэсдэг байсан. Бүр наадам болгоноор ирж хүүгийнхээ дээлийн захыг мушгиж дэмждэг миний ганц фэн шүү дээ. Би аавынхаа ачаар улсын цол хүртээд өдий зэрэгтэй зүлэг ногоон дэвжээнд зодоглож яваа гэж боддог. Аав, ээжээрээ бахархаж, тэднийгээ хүндэлж явах шиг сайхан зүйл энэ орчлонд үгүй шүү дээ.

-Та Бөхийн өргөөний барилдаанд зодоглох гээд бүртгүүлж чадахгүй буцсан түүхээ ярьсан байсан. Энэ дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Би биеийн тамирын “Аварга” дээд сургуулийг төгссөн. Тухайн үед заалны бүх л барилдаанд зодоглохын тулд өглөө эрт Бөхийн өргөөний гадаа дугаарлаж бүртгүүлдэг байсан юм. Тэгсэн нэг удаа өвлийн хүйтэн өглөө эрт дугаарлаж зогсч зогсчихоод хасагдчихдаг юм. Шарандаа гэртээ харих замдаа уйлж билээ. Одоо хүртэл тэр өдрийг мартдаггүй юм. Сүүлдээ ч яахав гайгүй барилдаад ирэхээр хоцорч ирсэн ч гэсэн оруулчихдаг болсон. Барилдаад давах тусам түүндээ урамшаад, ер нь бөх гоё шүү дээ.

-Та гурван жилийн өмнө улсын цол хүртэж байсан. Ер нь бөхийн спортоор хэчнээн жил хичээллэж байна?

-Би арав гаруй жил барилдаж байна. Ардын хувьсгалын 91 жилийн ойн улсын их баяр наадмаар тав давж улсын начин цол хүртсэн. Төрийнхөө наадамд гурав дахь жилдээ зодоглодог жил И.Доржсамбуу гарьдаар начин болсон. Улсын цол хүртэнэ гэдэг хүссэн аавын хүү болгоны аваад байдаг зүйл биш юм билээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Нутаг ус, аав ээждээ залбираад, бөхийн ёс жудгаа сахиад, бэлтгэл сургуулиа тогтмол хийгээд, хувийн сахилга батаа анхаараад явж байхад хүссэн цолоо авах өдөр заавал ирдэг гэдэгт би итгэдэг. Тиймээс цаашдаа илүү их амжилт гаргах болно.

-Та заал, танхимын барилдааныг алгасалгүй оролцож, жигд амжилттай барилддаг бөхчүүдийн нэг. Тэгэхээр энэ амжилт таны уйгагүй хөдөлмөрийн үр дүн биз?

-Тэгж хэлж болно. Миний хувьд улсын цолтных ч бай, аймгийн цолтных ч бай аливаа барилдааныг алгасахгүй барилдахыг хичээдэг. Тэгээд ч хүний туршлага гэдэг ямар ч мэх, ямар ч бярнаас илүү байдаг гэдгийг би мэдэрсэн.

-Ер нь зан чанарын хувьд нэлээд хурц санагддаг. Учраа бөхтэйгөө барилдахдаа ч дайрч барилдаж харагддаг…

-Би их шартай. Ер нь шулуухан ч зантай байх. Дэвжээн дээр гарсан л бол унасан ч, давсан ч шуудхан дайраад л барилдчихдаг.

-Өөр спортоор хичээллэдэг үү?

-Чөлөөт бөхөөр л нэг үе барилддаг байсан. Олон улсын хэмжээний мастер. Анх чөлөөт бөхөөр барилдаад өсвөр, идэрчүүдийн УАШТ-д ордог байлаа. Чөлөөтийн улсын аваргын тэмцээнд орж л анх удаа Бөхийн өргөөтэй танилцаж байсан. Тэмцээний үеэр даралтад орчихоод дээшээ харахад гадаа байгаа юм шиг их л том санагдаж билээ.

-Одоо таны жин, өндөр хэд вэ?

-Өндөр 183 см, жин 120 кг.

Д.Даваасүрэн

Categories
мэдээ цаг-үе

Контемпорари урлагийн VIII триенналь монгол зургийг онцлов

-Орчин үеийн монгол зургийн амин сүнс нь юу байх вэ –

Австралийн Куинсленд хотод болох Орчин үеийн урлагийн Ази Номхон далайн орнуудын наймдугаар триеннальд манайхаас Б.Баатарзориг, Б.Номин, Д.Үүрийнтуяа, Г.Гэрэлхүү нарын дөрвөн зураач оролцохоор сонгогдлоо. Триеннальд оролцохоор шалгарсан 30 орчим орны 80 уран бүтээлчийн нэрсийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр зарлав. Асар хурдтай хувиран өөрчлөгдөж буй өнөөгийн цаг үед нийгэм, улс төрийн үзэл баримтлал, соёлын орчин дахь хүн төрөлхтний дүр төрхийг уран бүтээлчид хэрхэн илэрхийлж байна вэ. Чухам үүнийг зураачид өөр өөрсдийн арга барилаар хэрхэн илэрхийлснийг триенналийн цуврал үзэсгэлэн харуулах юм. Триеннальд Непал, Киргиз, Ирак болон манай улс анх удаа оролцож байгаа юм байна. Анх 1993 онд зохиогдож эхэлсэн энэ триенналь өдгөө дэлхий даяар зохион байгуулагдаж буй 160 бенналь, триенналиудаас Ази, Австрали, Номхон далайн орнуудын орчин үеийн урлагийн цорын ганц цуврал триенналь бөгөөд гурван жил тутамд зохиогддог. Куйнслэндийн орчин үеийн урлагийн галерейн кураторын баг бүс нутгийн галерейнууд, уран бүтээлчдийн урлангуудаар явж наймдугаар триеннальд оролцох уран бүтээлчдийг сонгон шалгаруулсан бөгөөд манайхаас монгол зургийн зураачдыг сонгожээ. Орчин үеийн урлагийн Ази Номхон далайн орнуудын VIII триеннальд манайхаас монгол зургийнхныг сонгон шалгаруулсан нь гадаад ертөнц орчин үеийн монгол зургийн хэв шинжийг сонирхож байгаагийнх болов уу. Уг триеннальд Монгол, Киргиз гэхчлэн Төв Азийн орнууд анх удаа оролцож байгааг зохион байгуулагч талаас онцолж байгаа. Манайхаас шалгаран оролцож буй зураачдын уран бүтээлийн зарим сониноос сонирхуулахад, Д.Үүрийнтуяа монгол ахуй, аж байдлын сэдэвтэй бүтээлүүдээрээ оролцож байгаа ажээ. Түүний бүтээлүүдэд голдуу завсрын өнгө онцгой үүрэг гүйцэтгэдэг. Хурц, тод өнгөнөөс зайлсхийдэг нь түүний хэв маяг гэлтэй. Тэрбээр Хонконгийн нэгэн галерейд гэрээт уран бүтээлчээр харьяалагддаг байна. Тиймээс тус галерейгаас гадаадад зохион байгуулдаг томоохон үзэсгэлэнгүүдэд мөн оролцдог гэнэ. Үүнээс өмнө Английн Лондонд болсон Төв Азийн орнуудын “Бурхад газар дэлхийн хооронд” нэртэй орчин үеийн урлагийн үзэсгэлэнд Д.Үүрийнтуяагийн эртний “Торгоны зам”-ын сэдэвт суурилсан орчин үеийн монгол зургийн бүтээлүүд нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байв. Түүнчлэн ХБНГУ-ын Дюселдорф хотод зураач М.Батзориг, ХБНГУ-ын барималч Лиза Лукас, Силвиа Шрайбэр нарын хамт “Монголын тухай дурсамж” нэртэй хамтарсан үзэсгэлэн гаргаж байв.

“976” арт галерейгаас дэглэн үзүүлдэг “Орчин үеийн монгол зураг” үзэсгэлэнг хүмүүс санаж байгаа байх. Тэр үзэсгэлэнд дээрх дөрвөн зураачийн бүтээл үзэгчдийн анхаарлын төвд байсныг санаж байна. Орчин үеийн иргэншлийн “эмх цэгцгүй” орчин, ялангуяа монголчууд бид нүүдэлчин, суурин хоёр иргэншлийн мөргөлдөөн дунд хэрхэн амьдарч байгааг эдгээр зураачид өөр өөрийнхөөрөө өгүүлдэг. Түүгээрээ магадгүй орчин үеийн монгол зургийн өнгө төрхийг бий болгож байж ч болох юм. Дэлгэмэл орон зайд өрнөж буй үйл явдлуудыг хүүрнэх мэт өгүүлдэг монгол зургийн уламжлалт онцлог өнөө цагт хэрхэн хадгалагдаж бас өөрчлөгдөн хөгжиж байгааг Ази Номхон далайн орнуудын наймдугаар триенналиас гадны сонирхогчид харах нь ээ. Триеннальд оролцогч өөр нэг зураач нь Б.Баатарзориг. Мэргэжилтнүүд түүнийг монгол зургийн бүтээлүүдийг контемпорари, модерн, сюрреал өнгө аястай гэж тодорхойлдог. Зохиомжийн хувьд дэлгэмэл, төвлөрсөн дүрслэлтэй хэрнээ тэдгээрийн агуулгыг ихэд чухалчлан үздэг, уламжлалт зурагт арай өөрөөр хандаж, монгол зурагт өөрийн гэсэн хэв маягийг оруулж ирэхийг хүсдэг гэж тэрбээр ярьсан. Түүний бүтээлүүдээс монголчуудын хэрэглээний соёлын чухал дурсгал болох модон авдрын бүтээл хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг. Авдар бол нүүдэлчний соёлын ахуйн онцгой нэгэн тусгал төдийгүй түүн дээрх хээ угалз, амьтны дүрслэл, өнгөний сонголт тэргүүтэн нь монголчуудын бэлгэдлийн сэтгэлгээ бүхий оюуны соёлын онцлогийг ч хадгалж байдаг. Эндээс Б.Батзориг санаа авч “шинэ монгол зураг” гаргах санаагаа олжээ. Тэрбээр хуучны эд өлгийн уламжлалаас орчин үеийн хэв шинжтэй бүтээл хийх, орчин үеийн сэдвийг тэр уламжлалтай хослуулж нэгэн шинэ урлагийг гаргаж болох юм гэж үзэсгэлэнгийнхээ үеэр ярьж байсан. Түүний зарим бүтээлд эртний эд өлгийн, шашны эд зүйлс , янз бүрийн дүрслэл бүхий металл зургандаа шигтэх мэтийн холимог техник ч харагдана. Хуучны эд зүйлс нь тухайн цаг үеэ өөртөө шингээсэн байдаг тул түүн дээр зурсан зураг илүү амьд болно гэж тэрбээр үздэг байна. Түүний “авдарны” бүтээлүүд нь материалын талаасаа уламжлалыг дагах боловч өгүүлэмжээрээ голдуу нийгмийн амьдралын өөрчлөлт, шилжилт зэргийг илэрхийлсэн байх ажээ. Мөн зураач Г.Гэрэлхүү анхны бие даасан үзэсгэлэнгээ 2013 онд “Төөрөлдсөнтэй ярилцахуй” нэртэй гаргаж байсан. Түүнчлэн Үндэсний Уран зургийн галерейгаас зохион байгуулдаг оны шилдэг бүтээл, МУЭ хорооноос зохион байгуулдаг “Шинэ бүтээлүүд”, “Алтан бийр”, “Хөрөг”, “Хавар”, “Монголын сайхан орон”, “Наадам”, мөн Монгол зургийн нийгэмлэгээс зохион байгуулдаг уламжлалт үзэсгэлэнгүүд, Хонконгийн Шони галерейн “Хотын хүүрнэлүүд”, АНУ-д болсон Фолк Арт Фестивал зэрэг томоохон үзэсгэлэнгүүдэд оролцож байжээ. Тус триен­наль нь ирэх арваннэгдүгээр сарын 21-нд нээгдэж ирэх 2016 оны дөрөвдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх юм байна. Орчин үеийн монгол зургийн амин сүнс нь юу байх вэ. Ийм шинэ асуултын өмнө эдгээр зураачид зогсч буй нь мэдээж. Хүний иргэншлийн нүүдэлчин, суурин хэмээх тэс ондоо хоёр хэвшлийн мөргөлдөөн дундах монгол хүний сэтгэлгээг тэд хэрхэн дэлгэн харуулах бол. Чухам эндээс л орчин үеийн монгол зураг хэв шинжээ сая олох биз ээ.

Н.Пагма

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БХИС-ийн багш машинаа жолоодуулах гэж зөвшөөрөлгүй авч явснаас болж дүү минь амиа алдсан

-Багшийнхаа машиныг жолоодохоор сургуулиасаа гарсан хүү хоёр хоногийн дараа амиа алджээ-

Батлан хамгаалахын их сургуулийн багш хувийнхаа машиныг жолоодуулахаар Ахлагчийн сургуульд сурч байсан сонсогчийг салааны захирагчийн зөвшөөрөлгүй авч явжээ. Сонсогч залуу гадуур явж байгаад учир битүүлгээр амиа алдсан байна. Гэтэл сургуулийн дүрмээс гадуур сонсогч авч явж машинаа жолоодуулсан багш, зөвшөөрөл олгосон жижүүр багш хоёр цалингийн 20 хувиар торгуулаад өнгөрчээ. Талийгаачийн ар гэрийнхэн хүний амийг цалингийн 20 хувиар үнэлсэнд гомдолтой байгаагаа ярьж манай сонинд хандсан юм. Хорьхон настайдаа зуурдаар амиа алдсан залуугийн эгч М.Золзаяатай ярилцлаа.

-Талийгаач сургуулиа төгсөх гэж байсан юм уу?

-Дүүг минь М.Мөнх-Эрдэнэ гэдэг. 1995 онд төрсөн. Батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн курст нэг жил сураад хонхны баяраа тэмдэглэхээс тавхан хоногийн өмнө харамсалтайгаар амиа алдлаа. Ахлагчийн сургуулийн сонсогчид даваагаас баасан гариг хүртэл сургууль дээрээ байрладаг. Төгсөх дөхчихсөн байсан болохоор сүүлийн гурван долоо хоногт сонсогчид өглөө хичээлдээ яваад орой харьчихдаг байсан. Гэтэл зургадугаар сарын 19-ний өдөр дүү минь ээж рүүгээ яриад “Ирэх долоо хоногт хонхны баяр болох учраас энэ долоо хоногт сургууль дээрээ байрлах юм байна” гэж яриад жолооны үнэмлэхээ хаана байгааг асуусан юм билээ. Жолооны үнэмлэхээр яах гэж байгааг нь асуухад “Манай багш үнэмлэхээ аваад ир гэсэн юм” гэж ярьсан гэсэн. Ингээд өдөр дүү минь гэрт ирээд үнэмлэхээ аваад явсан байна лээ. Орой 20.00 цаг өнгөрч байх үед ээж гар утас руу нь залгахад холбогдохгүй байсан гэсэн. Хориод минутын дараа эргэж залгаад “Ээжээ, энэ долоо хоногт очиж чадахгүй юм байна. Сургуулиас гаргахгүй гэнэ” гэж ярьсан. Жолооны үнэмлэхээ аваад явсан болохоор бид эргэлзээд салааны захирагч М.Одбаяр руу залгаж сургууль дээрээ байрлаж байгаа эсэхийг асуухад “Захирлын тушаал гарчихсан. Сонсогчид сургууль дээрээ байрлаж байгаа” гэсэн. Ингээд л бид дүүгээ сургууль дээрээ байгаа гэж итгэчихсэн. Гэтэл дүү минь гадуур явж байгаад хүнд гэмтчихсэн байсныг зургадугаар сарын 21-ний өдөр мэдсэн.

-Юу болсон юм бол?

-Дүүгээ сургууль дээр байгаа гэж бодож байтал зургадугаар сарын 21-ний ням гаригийн өглөө Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс аав руу залгаж “Танай хүүхдийн биеийн байдал хүнд байна. Яаралтай ир” гэж дуудсан. Бид сандарч салааны захирагч руу нь залгаж, сургууль дээрээ байх ёстой хүн яагаад эмнэлэгт хэвтсэнийг асуухад “Би баасан гаригаас хойш сургууль ороогүй. Сургууль руу яриад асуугаад хариу өгье” гэсэн юм. Биднийг эмнэлэг рүү явж байтал М.Одбаяр ахлагч эргэж яриад “Манай сургуулийн багш машинаа бариулах гээд жижүүр багшид хэлчихээд танай хүүг баасан гаригт аваад явсан байна. Түүнээс хойш танай хүү сургуульдаа ирээгүй гэнэ” гэсэн.

-Эмнэлэгт очиход дүүгийн чинь биеийн байдал хэр байсан бэ. Багшийнхаа машиныг жолоодоод хаагуур явснаа ярьсан уу?

-Эмнэлэгт очиход дүүгийн минь бие маш муу байсан. Яаж эмнэлэгт хүргэж ирснийг нь асуухад “Ботаникийн орчмын байрны гаднаас олсон” гэсэн. Ням гаригийн өглөө нэг эмээ цайныхаа дээжийг өргөхөөр цонхоороо хартал дүү минь “Намайг авраарай” гээд орилоод байсан гэсэн. Тэгтэл дүүгийн минь ойролцоо машиныхаа хажууд зогсч байсан залуу “Энэ хүүхэд байшингийн дээрээс уначих шиг боллоо” гэж хэлсэн байна лээ. Эмээ түргэн, цагдаад дуудлага өгчихөөд найман давхраас буугаад ирэхэд өнөөх хажууд нь зогсч байсан залуу явчихсан, дүү минь орилоод хэвтэж байсан гэсэн. Тэгээд түргэн ирээд дүүг минь аваад эмнэлэгт хүргэсэн байна лээ. Эмч нь “Архи уусан шинж алга. Бие нь маш хүнд байна” гэж бидэнд хэлсэн. Биднийг эмнэлэгт очиход дүүгийн минь зүрх зогсоод байсан. Тэгж байгаад 13.00 цаг өнгөрч байхад нас барсан. Үнэхээр юу ч ярьж чадаагүй.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан уу. Гадны нөлөөтэй нас барсан юм болов уу?

-Тархи нь гэмтээгүй. Бүсэлхийнээс доош бүх яс гэмтэлтэй. Өвчний шок, дотуур цус алдалтаас болж нас барсан гэдэг дүгнэлт гарсан.

-Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа биз дээ?

-Нас барсан өдөр нь эрүүгийн хэрэг үүсгэдэг юм билээ. Хоёр байцаагч дамжиж хоёр сар шахам шалгасан нэр зүүгээд сэжигтэй зүйл ерөөсөө олсонгүй. Олохыг ч хүсэхгүй байгаа нь ажиллаж буй байдлаас нь харагдах юм. Одоо хоёр сар болоод дүүг минь амиа хорлосон гэдэг шалтгаанаар хэргийг нь хаах гэж байгаагаа хэлсэн. Хэрвээ миний дүү сургуульдаа байсан бол ийм зүйл болохгүй байсан. Тэр багш дүүгээр минь хэдэн өдөр, хаагуур машинаа жолоодуулсныг ч тогтоогоогүй.

-Дүүг чинь зөвшөөрөлгүй, нууцаар шахам сургуулиас нь авч явсан багш юу гэж мэдүүлсэн бол?

-Батлан хамгаалах их сургуулийн Инженерийн сургуулийн дадлагын багш ахлах ахлагч, Б.Мягмарсүрэн өнгөрсөн зургадугаар сарын 19-ний өдөр машинаа жолоодуулаад “Драгон” орох хэрэгтэй байна гэж Ахлагчийн сургуулийн эргүүлийн ахлагч ахлах ахлагч С.Сайнбаярт хэлсэн юм билээ. Тэгээд С.Сайнбаяр миний дүүг гэр рүү явуулж жолооны үнэмлэхийг нь авахуулаад хулгайгаар сургуулиас гаргачихсан. Өнөөх Б.Мягмарсүрэн нь дүүгээр минь машинаа жолоодуулаад явсан. Энэ тухайгаа цагдаад мэдүүлэхдээ “Би машинаа жолоодуулж “Драгон” орчихоод 21.00 цаг өнгөрч байхад Газарчин дээд сургуулийн орчимд буулгачихаад машинаа өөрөө жолоодоод гэр рүүгээ явсан. Түүнээс хойш тэр сонсогчийг яасныг мэдэхгүй” гэж мэдүүлсэн. Жижүүр багш С.Сайнбаяр нь “Манай сургуулийн багш машин барьдаг сонсогч өг гэхээр нь талийгаачийг явуулсан. Оройн хоолондоо ирэхгүй болохоор нь Мягмарсүрэн багш руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Маргааш нь ч Мягмарсүрэн багш утсаа нээхгүй байсан” гэж мэдүүлсэн.

-Нууцаар гаргасан сонсогч нь хоёр өдөр сураггүй болчихсон байхад салааны захирагчид нь эсвэл ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй гэж үү?

-Хэлчихсэн бол бид дүүгээ хайх байсан. Гэтэл бямба гаригийн өдөр жижүүр багш аавын утас руу залгаад “Мөөгий (талийгаач)-тэй ярья” гэсэн байгаа юм. Сургууль дээрээ байгааг нь хэлэхэд дахиад хэдэн минутын дараа өөр утаснаас залгаж найз нь гэж өөрийгөө танилцуулаад талийгаачийг асуусан. Аав гайхаад “Та нар бүгд сургууль дээрээ байрлаж байгаа биз дээ” гэхэд “Ах аа, зарим сонсогч чөлөөгөөр гарчихсан байгаа” гэсэн байдаг. Манай эмэгтэй дүү рүү мөн өөр утаснаас залгаж асуусан байгаа юм. Жижүүр багш өөр, өөр утаснаас яриад байсныг хожим нь цагдаад бүртгүүлсэн дугаарыг нь хараад мэдсэн. Тэр хүн талийгаачийг гэртээ байхгүйг хэд хэд утсаар ярьж мэдсэн хэрнээ салааны захирагч, сургуулийн захиргаанд ч мэдэгдээгүй. Тэгсэн атлаа өөрөө жижүүрээсээ буугаад явчихсан байдаг. Ням гаригт эмнэлэгт хүргэгдсэний дараа л бид болон сургуулийнхан нь мэдэж байгаа хэрэг.

-Талийгаач өөрөө утасгүй явсан юм уу?

-Мобиком, Юнителийн дугаар барьдаг байсан. Гэтэл утас нь алга болчихсон байсан. Тэр бүү хэл, сургуульд нь байдаг өөрийнх нь шүүгээнд байсан хувцас хунар, хэрэглэл нь ч олдоогүй. Бид талийгаачийн ажил явдлыг дуусгачихаад сургууль дээр байсан хувцас, гар утас зэргийг нь авъя гэсэн чинь “Юу ч алга” гэсэн. Цэргийн сургууль болохоор биднийг оруулдаггүй. Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчид нь хэлтэл “Та нар сургууль руу орох шаардлагагүй. Угаасаа юу ч байгаагүй гэнэ” гээд ойртуулаагүй. Цэргийн сургуульд сурч байсан болохоор дүү минь нууцаар л бид нартай ярьдаг байсан. Баасан гаригийн орой ээж рүү ярьснаас хойш утас нь холбогдохгүй байсан. Сургууль дээрээ байгаа болохоор утсаа нээхгүй байна гэж л ойлгосон.

-Сургуулиасаа баасан гаригт гарсан гэсэн. Ням гаригийн өглөө хүртэл найз нөхөдтэйгөө холбоо барьсан болов уу?

-Дүүд минь машинаа бариулсан Б.Мягмарсүрэн багш дүүгээс минь яг хэдэн цагт, хаана салсныг тогтоогоогүй. Дүү минь ахлагчийн сургуульд орсноос хойш найз нөхөдтэйгөө бараг уулзахаа больсон. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Батлан хамгаалах их сургууль дээр улаан бурхан өвчин гарснаас хойш нэг сар хорионд байсан. Дараа нь дадлага гээд бас сар хориотой байсан учраас сүүлийн хэдэн сар найзуудтайгаа огт холбогдоогүй. Найзуудаас нь сураглахад нэг ч хүнтэй уулзаагүй байсан. Ахлагчийн сургуульд 120 сонсогч сурч байсан. Манай дүүгийн сурч байсан салаа 39 сонсогчтой. Тэднээс мэдүүлэг аваад өгөөч, сургуулиасаа гарахдаа ямар байдалтай байсныг асуугаач гэж мөрдөн байцаагчаас нь гуйгаад үр дүнд хүрсэнгүй. Багш нар нь дарамталж байсан уу, сэтгэл санаа нь ямар байсан бэ гэдгийг найзуудаас нь асуугаад өгөөч гэхэд байцаагч ганцхан хүүхдээс мэдүүлэг авсан. Тэр нь бараг манай дүүг мэдэхгүй гэж мэдүүлсэн байна лээ. Дүүг минь өнгөрснөөс хойш тав хоногийн дараа хонхны баяр нь болж, наадмын дараа бүгд тараад явчихсан. Тэр хүртэл байцаагч нь сонсогчид руу маргааш ярина, маргааш ярина гэсээр байгаад цаг алдчихсан. Бид ангийнхантай нь уулзахаар юу ч ярьдаггүй.

-Сургуулийн зүгээс дарамталсан байсан байх магадлалтай гэж үү. Талийгаач найз охинтой байсан уу. Гэр бүлийнхэнтэйгээ маргалдсан зэрэг асуудал бий болов уу?

-Дүү минь ойрын үед сургуульдаа сонирхолгүй болчихсон байсан. Нэг удаа сургуулиасаа гармаар байна гэж хүртэл ярьж байсан. Дүү минь архи огт амсдаггүй. Дүү минь самбо бөхөөр барилддаг байсан. Өнгөрсөн гуравдугаар сард Эрдэнэтэд тэмцээнд оролцохоор чөлөө гуйхад өгөөгүй юм билээ. Дуртай спортоороо ч хичээллэж чадахаа болилоо гээд сургуульдаа дургүй болчихсон байсан. Дарамт байсан эсэхийг мэдэхгүй. Дүүг минь наймдугаар давхрын шатны дэргэдэх цонхоор унасан гэж таамаглаж байгаа юм билээ. Дүүг минь дээрээс унасан байх гэж ярьж байсан залууг ч олоогүй. Ахлагчийн сургуульд ороод найз охиноосоо салчихсан, холбоогүй байсан. Талийгаач айлын ганц хүү. Манай бага дүү. Бид дүүдээ хатуу үг ч хэлдэггүй. Гэр бүлийнхэнтэйгээ маргалдсан асуудал байхгүй.

-Хоёр сарын хугацаанд мөрдөн байцаагч хэдэн хүнээс байцаалт авч, ямар дүгнэлт гаргасан юм бэ?

-Ерөөсөө дүүг минь нууцаар авч явсан Б.Мягмарсүрэн, С.Сайханбаяр нараас ганц мэдүүлэг авсан. Ангийнх нь нэг сонсогчоос асуусан. Б.Мягмарсүрэнгийн машин хаагуур, хэдий хүртэл явсныг замын камер шүүгээд тогтоогоод өгөөч гэж гуйгаад дийлээгүй. Дүүгийн минь барьж байсан мобикомын дугаар өөрийнх нь нэр дээр байдаг. Юнителийн дугаар миний нэр дээр байдаг. Дугаарыг нь шүүлгээд хаашаа ярьсан, ямар хүмүүстэй холбогдсоныг нь шалгаад өгөөч гэж хүссэн ч бас л бүтээгүй. Би Юнителээс гадагшаа залгасан утасны жагсаалтыг авч мөрдөн байцаагчид нь өгсөн. Гэтэл өнөөг хүртэл дүүгийн минь ярьсан хүмүүс рүү холбогдоогүй байгаа. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсийн мөрдөн байцаагч Т.Алтангэрэл шалгаж байсан. Бид ажил явдал дууссаны дараа өдөр болгон ярьж юу болж байгааг нь асууж, замын камер шүүгээд өгөөч, утасны жагсаалтаар нь шалгаад өгөөч гэж хүссэн. Харамсалтай нь ямар ч ажил хийгээгүй. Дүүг минь өнгөрсөнөөс хойш 21 дэх хоног дээр өвөө минь нас барчихсан (уйлав). Өвөөгийнхөө ажил явдлыг өнгөртөл мөрдөн байцаагчтай холбогдож чадаагүй: Замын камерын бичлэг сар болоод устчихдаг юм байна. Өвөөгийн ажил явдал дуусаад мөрдөн байцаагч руу ярьтал замын камерын бичлэг устчихсан байна гэсэн. Тэгээд “Би ээлжийн амралтаа авлаа энэ хэрэг хошууч Т.Мөнхжаргалд шилжлээ” гэсэн.

-Сургуульдаа байрлаж байсан сонсогчийг нууцаар гаргасан, авч явсан хоёр багшийг шалгасан уу?

-Үгүй. Үүнд үнэхээр гомдолтой байна. Б.Мягмарсүрэн багш дүүг минь хэд хоног дагуулж, хаагуур явсныг ч тогтоогоогүй. Ганц мэдүүлэг аваад л орхичихсон. Т.Мөнхжаргал хошуучид хэрэг шилжсэний дараа Ахлагчийн сургуулийн захирал, салааны захирагч, жижүүр багш, машинаа бариулсан багш нар аавтай уулзсан. Мөрдөн байцаагч “Энэ хүн хүүхдээ алдчихлаа. Сургуульдаа байх ёстой хүүхдийг та нар зөвшөөрөлгүй гаргаснаас болж энэ хүүхэд амиа алдсан байна” гэсэн чинь сургуулийн захирал “Бид хоёр багшийнхаа нэг сарын цалингийн 20 хувиар торгосон. Өөр арга хэмжээ авч чадаагүй” гэсэн. Төрийн албан хаагчийн цалин 600 мянга гэж бодоход цалингаас нь нэг удаа 100 мянган төгрөг хасаад өнгөрсөн бололтой юм. Хүний амийг ингэж үнэлж байгаад үнэхээр гомдолтой байна. Тэр хүмүүс ажлын хариуцлага алдсанаас болж миний дүү нас барсан. Гэтэл машинаа бариулсан багш ч, жижүүр багш ч ганц удаа уулзаж уучлалт гуйгаагүй.

-Дүүг чинь амиа хорлосон гэдэг шалтгаанаар хэргийг хаах гэж байгаа юм уу?

-Хоёр мөрдөн байцаагч хэргийг шалгасан нэртэй хэдхэн хүнээс мэдүүлэг авчихаад дүүтэй чинь хамт явсан хүмүүс тогтоогдохгүй байна, сэжигтэй хүн алга, амиа хорлосон байж таарах нь гээд хэргийг хаана гэж хэлсэн. Амиа хорлосон гэж үзвэл хоёр сарын дараа хэргийг хаадаг юм байна. Ядаж гар утасных нь жагсаалтыг шалгаад ямар хүмүүстэй холбоо барьсныг тодорхой болгосон бол бид гомдохгүй байсан. Б.Мягмарсүрэн багш дүүгээр минь машинаа бариулаад хаагуур, яаж явсныг тодорхой болгосон бол бас ийм зүйл ярихгүй байлаа. Гэтэл хуулийнхан нэгийгээ өмөөрч байгаа аястай мөрдөн байцаагч юуг ч тодорхой болгохыг хүсэхгүй байна.

Ц.Өрнөх

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Завгүй улс төр

Энэ зунжин наадамлалаа. Энэ зунжин улстөржлөө. Жилийн жилд улстөрчдийн бараа зуны сардаа харагдахаа больдогсон. Харин энэ удаа ээлжит бус чуулган зарлаж, Засгийн газраас МАН-ын сайд нарыг огцруулж, дараагийн ээлжнийхэн Ерөнхий сайдын үүдийг сахиж, чөлөө завгүй. Улс төр цаашид ч нам гүм болохгүй нь үйл явцаас тодорхой. Ирэх жил сонгууль болно. Жил хүрэхгүй хугацаа үлдэж. Улстөржилт намар, хавар, өвөл ч тасрахгүй, бүр ч их өрнөнө.

АН-ын тэргүүлсэн Засгийн газар ялалт авчрахаар л ажиллах ёстой

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын зургаан сайд огцорч, тэдний орны хүн томилогдох ажил ид өрнөж байна. Энэ үйл явц МАН, АН хоёрын түр зуурын ханьслыг ирэх сонгууль дуустал хоёр тийш болголоо.

АН-ын горилогчид дэндүү олон, сайдын суудал тоотой. Сайд болсон нь баярлаж, хоосон хоцорсон нь гомдол тээн үлдэнэ. Гэлээ гээд сайдын шийдвэр гарч л таараа.

Н.Алтанхуягийн Засгийн газар хийсэн ажил ч их байлаа. Алдсан нь бас бий. Харин Ч.Сайханбилэг засаг тэргүүлэхээр гарч ирэхдээ шийдлийн Засгийн газар байна хэмээн зоригтой дуугаран “Таван толгой Оюу толгойгоо явуулна. Хөрөнгө оруулагчдыг татах дорвитойхон алхмууд хийнэ. Хамгийн чухал нь эдийн засгийг өөд татахад гол зорилгоо болгож ажиллана” гэсэн. Гэвч түүний хийсэн алхам бүрт саад учирч байлаа. Хүний өөрийн намынхны ашиг сонирхол хамгийн том саад болов. Ямар ч байсан зургаан сайдыг нь огцруулсан ч өөрийг нь хэвээр үлдээлээ. Одоо түүнд ажиллах шийдэл гаргах боломж л өгөх хэрэгтэй. Түүнээс биш ажлыг нь хийлгэхгүй бол хэн гээч агуу нь ч гарч ирээд хүнд байдлаас гаргахгүй. Тэрээр зориглож хийх гэсэн Таван толгойгоо явуулж чадсангүй. Ажил хийх, улс орноо өөд татах цаг хугацаа бага байна. Ч.Сайханбилэг түүний танхимын гишүүдэд ажил хийх боломж л олго. АН-ын хувьд 2016 оны сонгуулийн ялалтыг авчрах Засгийн газар байх хэрэгтэй. Үүнийг хаа хаанаа бодолцон сайд нарын сонголт зөв байх хэрэгтэй. Гар нийлж ажиллах хүн хэрэгтэй. Учир нь нэг танхимын сайд нарын нэг нь муу ажиллавал Ерөнхий сайдтайгаа танхим тэр чигээрээ муу нэр зүүчихдэг. Ардчилсан нам засаг толгойлсон энэ хугацаанд дандаа муу нэртэй байгаагүй. Эхлээд ямар сайн нэртэй байлаа. Хүмүүс амаа олохгүй магтаж сайшааж байлаа. Төд удалгүй урьд хожид ийм муу засаг байсангүй гэж ирээд хэлэх муу үгээ барсан. Австралид үер болж Монголын эдийн засаг 17 хувийн өсөлттэй гарч байсан үед нүүрс ашигтай байснаа үнэ нь буусан. Манайх ч олигтой бодлого явуулж чадаагүй, Австралид дандаа үер болох шиг санаж асуудалд хайнга хандсанаас нүүрсний үнэ буухтай зэрэгцэн эдийн засаг нь доройтсон. Мөн уул уурхайгаасаа ашиг олох нь бүү хэл алаагүй баавгайн арьсыг булаацалдаж аль ч үгүй болсон. МАН үүнийг өөрсдөө сайндаа эдийн засгийн өсөлт бий болгоод АН гарч ирээд уначихсан мэтээр улстөржүүлэхээ мартаагүй л дээ. Олон нийт ч МАН өсгөснийг АН тараагаад хаячихлаа гэж хүлээж аваад эхэлж. Эрх баригчид үргэлж шүүмжлэлд өртөж байдаг. Алдаа оноо байлаа гэхэд туулайн чинээ алдаа уулын чинээ оноог нь үгүй хийчихдэг. Тиймээс одоо жил хүрэхгүй хугацаанд алдаа оноогоо дэнслэн өөрсдийн хийсэн бүтээснийг олон нийтэд зөвөөр ойлгуулж, “Шийдлийн засгийн газар ийм зүйлийг шийдэж чадсан” гэж ам бардам хэлэх ажлуудыг хийх хэрэгтэй.

Ардчилсан нам Засаг толгойлоод юу ч хийгээгүй гэж хэлж боломгүй. Олон зүйл хийсэн. Хийсэн ажил нь олон нийтэд хүрээгүй, нэр хүнд нь унахад өөрсдөө ч буруутай. Ардчилсан нам гарч ирсэн цагаасаа хойш хэвлэл мэдээлэлд дэндүү харгис хандаж байлаа. Хэвлэлийн эсрэг хууль тогтоол шийдвэрүүд байнга гаргаж байв. Энэ нь тэдний том алдаа байсан. Нийтийн сүлжээг ашиглаж мөн л чадаагүй. Харин МАН олон нийтийн сүлжээнд өөрийн гэсэн тоглолтуудаа хийж хэдэн жилийн нүүр үзлээ. Сошиал сүлжээг засаг барьж байгаа улс төрийн хүчин удирдаж болдог. Харин АН үүнийг анзаараагүй юу анзаарсан ч хийж чадсангүй юу. АН одоо алдаагаа засч, дотоодын тэмцлээ зогсоож ажиллах л үлдлээ.

МАН цөөнхийн байр сууринаас хандана хэмээн Засгийн ажлыг явуулахгүй

Цээжинд хуралдсан гомдол хорслоо багтааж ядан байгаа МАН эрт баярлах болоогүй. Эдийн засаг хүндхэн, Засгийн газар ажил хийх боломж хүндхэн байх тусам МАН-ынхан баярлах болж. Улс орон гэхээсээ улс төр, сонгууль л гол зорилго нь болсон МАН-ын хувьд АН-ын суганд хавчуулагдаж байсан үеэс одоо илүү эрх чөлөөтэй, шүүмжлээд суухад санаа зовох зүйлгүй болсон. Тэд Засгийн газрыг олигтой ажиллуулахгүй, хийснийг нь шүүмжилж суух нь дамжиггүй. Болж өгвөл дахиад нэг Засгийн газар огцруулах санаа ч бий. АН-ын Засгийн газар ажиллаж чадахгүй байна гэсэн суртал ухуулга явуулж, сайд нар нь хэрхэн хэрэг төвөгт орооцолдсон, идсэн уусан гээд л ер зүгээр суулгахгүй. Нэг засагт байхдаа ар хударгаар нь байнга шүүмжилж байсан. Гэхдээ жаахан эмээж байсан. Засгаа муулахаар өөрсдөө хамтарчихсан байдаг. Харин одоо байдал өөр болсон. Одоо айх ичих зүйлгүй дураараа муулна. Ажлыг нь гацаана. Элдэв айхтар хэл аманд оруулж барахгүй байлаа гэхэд аар саархан зүйлээр ч муухай харагдуулж чадна. Олон нийтийн сүлжээг ашиглан эрх баригчдын эсрэг сөрөг пиараа явуулж, сайд нарыг томилгоонд саад болж, эсвэл томилогдсон сайд нарыг чадалгүй, чансаагүй, мэдлэггүй боловсролгүйгээр дуудаж, өөрийнхөө сайд нартай жишин олон нийтэд харуулахыг хичээх болов уу. “Ийм хүмүүс засаг толгойлохоор улс орон ингэж баларч байгаа юм” гэсэн ойлголтыг өгөхөөр илүүтэй ажиллана. Өөрсдийгөө дөвийлгөн АН-ыг улс орныг сүйрүүлж байна гэсэн пиар давамгайлна. Сөрөг хүчний байр суурин дээрээ очлоо хэмээн мэдэгдэж байгаа тэд үүндээ хэт итгэж улс төр хийн Засгийн ажилд аль болох саад хийхийг эрмэлзэнэ. Энэ улс төр нь аль хэдийнэ эхэлчихээд байгаа.

Шударга ёс эвслийнхэн зөв ажиллавал оноо цуглуулах боломжтой

Шударга ёс эвслийнхэн улс төрийн хоёр том намын талцал, улс орны нөхцөл байдал, улс төрийн ая данг харж, зөв ажиллавал оноо цуглуулах боломж бий. Хоёр том намын хоорондын талцал тэдэнд улс төрийн дараагийн нүүдлээ хийх боломж олгож байна. Засагтаа багтаж, сонгуулиар овоо хэдэн суудал авах эсэх нь тэдний улс төрийн зөв алхмаас шалтгаална. Өрнөж байгаа улс төрийн үйл явц бүрээс оноо зулгаах боломж бий. Гол нь нэг буруудчихвал нэгмөсөн буруудаад явчихна. Эвслийнхний хувьд хувийн тоглолт хийдэг хүн цөөнгүй нь аюул дагуулж болох юм. Тэдний давуу тал гэвэл хоёр намын зодоон дундаас айхтар оролцоогүйгээр өөрсдөө ашигтай хувилбараар явах л чухал.

Олон нийт юу хүсч байна

Олон нийт амар амгалан, хангалуун амьдрахыг л хүсдэг. Төр засаг нь тогтвортой хэрүүл тэмцэл бага, ажлаа сайн хийдэг, төр ажлаа сайн хийхгүй байлаа ч хийж байгаа мэт харагдахад л дуртай. Хамгийн гол нь ард түмний аяганд ордог боорцогны тоо л нэмэгдэх ёстой. Тэгж байж л төр засаг сайн ажиллаж байна гэж дүгнэнэ. Тэд өөр юугаар ч саналаа өгөхгүй. Идэх хоол нь хасагдахгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй амар амгалан байхад л өөр юу хэрэгтэй байхав. Нийтийн тэр хүслийг биелүүлэхийн тулд л эрх баригчид ажиллахаас өөр гарцгүй.

Энэ жил улс төр өрнөл ихтэй байна. Улс төр нь завгүй буцлаад байхаар хэн ажил хийх билээ. Одоо АН-ын ирээдүй эв нэгдэл, дорвитойхон ажлууд, Таван толгой, Оюу толгой, эдийн засгаа аврах зөв шийдлээс шалтгаалах бөгөөд хүндхэн байгаа өнөө үед болчимгүй буруу алхам, дотоодын зөрчлөөс аль болох хол байх хэрэгтэй юм. Намын дарга З.Энхболд улс төрийн туршлага, карьер, хамгийн гол нь намынхаа эв нэгдлийг хангаж уран бэрийн нүүдэл хийж улс төрийн намаа ч, улс орноо ч өөд татахад гол анхаарлаа хандуулах биз ээ.

Д.Хүслэн

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Автобусаар үйлчлүүлэгчид хүн чанараа гээжээ

Ууртай, харилцааны
соёл­гүй, үйлчлүүлэгчидтэй зүй бусаар харилцдаг кондуктор хэмээх ажлын байр устаж,
хүнээс ч ухаалаг, нягт нарийн тооцоо хийдэг цахим карт нийтийн тээвэрт нэвтрээд
хэд хонолоо. Дэлхийн жишигт нийцсэн, дэвшил болж байгаа байх. Гэхдээ өнгөрсөн хэд
хоногт энэ шинэчлэлийг да­гаад хүний мөс, мөн чанартай холбоотой доголдол гарсан
нь ажиглагдаж байна. Тод­руулбал, цахим карттай иргэд бууж, суух бүртээ картаа ун­шуулж
үйлчилгээ авсных нь хөлс данснаас нь цахим тооцоолуураар тооцогдон хийгдэж байгаа.

Харин карт аваагүй
ир­гэд тусгай хайрцагт нэг удаа­гийн төлбөр болох 500 төгрөгийг хийсний дараа үйл­чилгээ
авна. Энэ байдлыг далимдуулсан иргэд ч 500 төгрөг төлөх байтал улаан цагаан 100
төгрөг шургуулсан болоод зорчих болж. Бүр мөнгө төлөлгүй дайран орж хэдэн буудлын
дараа хээвнэг бууж одох тохиолдол ч ихэсчээ. Картгүй иргэд бүг­дээрээ л ийм араншин
гаргаж байгаа бололтой юм. Үнэндээ ахмад настнуудад л цахим үнэмлэхийг тараасан
учраас нийслэлийн нийтийн тээврээр зорчигчдын 80 ор­чим хувь нь мөн чанараа ийн
харуулж байгаа бололтой. Харин тасалбар тасалдаг бай­хад мөнгөө өгөөгүй хү­нийг
өшигчиж, нүдсээр авто­буснаас хөөж буулгадаг бай­сан кондукторууд үүнийг ёстой л хараагүй мэт өнгө­рүүлэх болсон
гэлцэнэ. Яагаад гэвэл тэдэнд ашиггүй болж, халаасанд нь мөнгө орохоо байсан учраас
тэр. Үйлчлүүлэгчид хийгээд кон­дук­торуудын мөн чанар ийм байна. Асуудалд анхаарахгүй удвал салбар санхүүгийн алдагдал
хүлээж нийтийн тээврийн үйлчилгээ доголдож ч мэдэх. Өнгөрсөн өдрүүдэд Лондонгийн
метро буюу ний­тийн тээвэрт доголдол гарч тус хотын дөрвөн сая иргэн өнөөдөр ч ажилдаа
ирж, бу­цаж чадахгүй байгаа нь асуу­дал хүндэрвэл нөхцөл байдал хэрхдэгийн жишээ
биз.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ нийгэм

Өршөөлөөр хуулинд ямар хүмүүс хамрагдах вэ

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Багагүй маргаан дагуулаад байгаа уг хуулийн төслийн цаана Н.Энхбаяр гэх хүн байгаа гэхээсээ илүүтэй анх удаа ял эдэлж буй залуучууд, эмэгтэйчүүдийн тухай асуудал ч бий гэдгийг хуулийнхан хэлж байлаа.

-ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛГОХООС ИЛҮҮ ЗАСЧ, ХҮМҮҮЖҮҮЛЭХ ТОГТОЛЦОО БИЙ БОЛНО

Монгол Улсад 2009 оноос хойш Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж гараагүй байдаг. Манайд мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиудыг чанга байна хэмээн шүүмжлэх нь бий. Хуулийнхны хэллэгээр хэт шоронжсон хуультай гэгддэг. Иймээс төр төмөр нүүрээ харуулсан шигээ Өршөөлийн хуулиар боломж олгох цаг нь болсон гэлтэй. Гэхдээ хэнд хэрхэн гэдгийг хуульчдын тайлбарлаж байгаагаар сийрүүлье. Өнөөдрийн байдлаар Монголд 7000 гаруй хоригдол байгаагаас 3000 орчим нь хүндэвтэр, үлдсэн нь бусад төрлийн буюу заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй хүмүүс аж.

Монгол Улсын төсвөөс жилд 12 тэрбум төгрөгийг хоригдлуудын зардалд өгдөг. Өөрөөр хэлбэл, нэг ялтанд өдрийн 10650 төгрөгийн зардлыг төрөөс гаргадаг. Жилд нэг ялтанд 200 мянган төгрөгийн хувцас тараадаг аж. Эдгээр иргэнийг нийгмээс зайлшгүй тусгаарлах шаардлагагүй хэмээн олон хүн шүүмжилдэг. Тухайлбал, ял эдэлж буй иргэдийн ихэнх танхай, залилан, жижиг хулгайн гэмт хэрэг үйлдсэн байдаг байна. Жишээ дурьдвал, иргэн Б иргэн О-гийн 10 мянган төгрөгийг хулгайлснаар Эрүүгийн хуулиар давтан хулгай хийсэн гэдэг үндэслэлийн дагуу 10 жилийн ял сонсож байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 145.4-т урьд булаах дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд дахиад хулгайн гэмт хэрэг үйлдсэн бол 10-аас дээш жилийн ял онооно гээд заачихсан учир хуулиа л дагахаас аргагүй. Гэтэл иргэн Б дөнгөж 20 настай. Хэдийгээр хохирлоо барагдуулсан ч 10 жилийг төмөр торны цаана өнгөрүүлэхээс аргагүй. Хоёр залуу хоорондоо үл ойлголцоод, гар зөрүүлсэн тохиолдолд зодсон нь танхайн гэмт хэрэгтэн болдог зэрэг хэт хатуу хуулийн хүлээсийг зөөлрүүлэх цаг нь болсон биз ээ.

Манай улстай адил ардчилсан улс орнууд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг засч, хүмүүжүүлэх арга замыг сонгож, нийгмийн ажил хийлгэдэг бол манай улсад “ялтан” болгодог хатуу тогтолцоотой байдаг байна. Тиймээс энэ байдлыг халах нэг арга зам нь Өршөөлийн хууль хэмээн хуульчид хэлж байлаа.

-ӨРШӨӨЛИЙН ХУУЛИНД ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭД ХАМААРАХГҮЙ

Судалгаанаас үзвэл 2006 онд Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан иргэдийн 90 гаруй хувь нь дахин ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй байна. Өршөөлийн хууль хэрэгжвэл 3000 орчим ялтан суллагдах бөгөөд үүнд давтан гэмт хэрэг үйлдсэн, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ялтнууд хамаарахгүй аж. Мөн эмэгтэйчүүд, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээд хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бол тэд хуульд хамрагдана. Өөрөөр хэлбэл, хүндэвтэр гэмт хэрэгтэй хэрнээ гурван жил хүртэлх ялтай байвал суллагдана. Харин түүнээс дээш ялтай бол 50 хувийг нь чөлөөлөх юм. Мөн хуулийн ач холбогдолын хүрээнд хорих ялынхаа хэмжээ дор хаяж 20-30 хувь багасна.

Эдүгээ 70 хувьтай байгаа рецедив, давтан гэмт хэрэг нь буурна. Гол нь шоронгоос суллагдсан хүн, хорих ялаар шийтгүүлсэн хүнийг нийгэм нь буруутгахгүй байх боломж бий болно. Нийгэмд ядаж л давтан гэмт хэрэг гарах нь багасах юм. Ял шийтгэлтэй эсэхийг цагдаа, тагнуулынхан шаардлагатай бол хардаг байх ёстой. Түүнээс биш аль ч газар ажилд авахдаа тэр хүний ялтай үгүйг шалгах ёсгүй. Эрүүгийн хариуцлагаа бид бусдад боломж олгодог, алдсан дээр нь ахиад түлхдэггүй, нөлөөллийн урьдчилсан сэргийлэх чанартай, болохоо байсан хүмүүст нь чангахан шиг шийтгэдэг, тэрийгээ болж өгвөл засаад хүмүүжүүлээд авчихдаг.

Болохгүйгээр нь нэлээд сайн ажил хийлгэчихдэг хуультай болох цаг нь хэдийнэ болсон. Залуу насны ааг омог, буруутай үйлдэл, аргагүй хамгаалалт, насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэргээсээ болж нэг насаараа гэмт хэрэгтэн болдог хатуу тогтолцооноос салж, энэ хууль үйлчилснээр 3000 иргэн гэр бүлийнхэнтэйгээ уулзаж элгээ дэвтээх юм. Алдаатай нь түлхэж, төмөр торны цаана суулгахгүйгээр төр нь иргэндээ дахин боломж олгох нь ардчилсан улсын нэг тод жишээ биз ээ.