Categories
гадаад мэдээ

Тайландын хааныг шүүмжилсэн этгээд 28 жил хорих ял сонсов

Тайландын иргэн Чиан фэйсбүүкийн хуудсандаа “Бид Эзэн хаанаасаа татгалзах цаг болсон. Ардчилал хэрэгтэй. Түүний гэр бүлийн хэрэгцээг хангахын тулд энгийн иргэд өдөр шөнөгүй ажиллах ёсгүй. Хэрэгцээг нь цаашид хангасаар л байх уу” гэсэн утга бүхий шүүмжилсэн өнгө аястай мэдээлэл оруулжээ. Энэ нь олны анхаарал татаж, сүүлдээ Цэргийн шүүхээс ял сонсоход хүргэжээ.

Тайландын Эзэн хаан Бумибол Адуляадеж болон түүний гэр бүлийг доромжлох нь хориотой байдаг санж. Өмнө нь ийм тохиолдол гарч хэд хэдэн иргэн шүүхээс ял сонссон удаатай. Энэ удаад Чиан олон нийтийн сүлжээнд ийнхүү мэдээлэл оруулснаар 60 жилийн ял сонссон ч хэргээ хүлээж, уучлал гуйсан учир ялынх нь хэмжээг бууруулж 28 жил болгосон байна.

Д.САР

Categories
мэдээ нийгэм

Хэт халуунаас сэрэмжлүүлжээ

Азийн ихэнх орнуудад хэт халуун үргэлжилж байна. Өнгөрсөн өдрүүдэд Японд хэт халууны улмаас 15 мянга орчим хүн эмнэлгийн түргэн тусламж авчээ. Харамсалтай нь 32 хүн амь насаа алдаад байна. Халууны улмаас эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн тоо тус улсын нийслэлд их байгаа бөгөөд өндөр настан, хүүхдүүд илүүтэй өртөж байгаа гэнэ. Өнгөрсөн хоногт Японы хотуудад агаарын хэм 36-39 хэм хүрчээ.

Холбогдох байгууллагуудын зүгээс ирэх сарын 15-ныг хүртэл ард иргэдээ анхаарал сэрэмжтэй байж, өдрийн цагаар төдийлөн гадуур явахгүй байхыг сануулж, шингэн зүйл ууж, хүүхэд хөгшдөдөө анхаарал хандуулахыг зөвлөжээ. Цаг агаарын урьдчилсан төлөвөөр Японд энэ долоо хоногийн сүүлчээр агаарын хэм 26 болж буурах ч дахин халах магадлалтай байгаа аж.

Д.САР

Categories
мэдээ нийгэм

Машинистууд 15.5 кг алт гаргахыг завджээ

Замын-Үүд боомтоор 15.5 кг алт хууль бусаар хил гаргахаар завджээ. Энэ хэргийг вагоны машинистууд үйлдэх гэж байсныг тагнуул болон гаалийнхан хамтран илрүүлсэн байна. Галт тэрэгний машинистууд зүтгүүртээ алт нууж хууль бусаар хил дамнуулахыг оролдсон явдал өмнө нь бас гарч байсан аж. Гаалийн мэргэжилтнүүд жил бүр галт тэргийг хэрхэн яаж шалгах талаар УБТЗ-тай хамтран сургалт зохион байгуулдаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Жуулчны визээр Солонгост очоод ажиллаж байгаа хүмүүст зориулсан зөвлөмж гаргажээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 2012 онд байгуулсан “Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээр”-ийн дагуу БНСУ-д зорчих манай иргэдэд 90 хүртэлх хоногийн хугацаатай виз олгох болсон билээ.

Гэтэл сүүлийн үед БНСУ-д аялал, жуулчлалын зориулалттай 90 хүртэлх хоногийн хугацаатай визээр зорчсон манай зарим иргэд хөдөлмөр эрхлэх тохиолдол цөөнгүй гарч байна. Аялал, жуулчлалын зориулалттай визээр зорчоод улмаар тус улсад хөдөлмөр эрхлэх нь ажил олгогчтой албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой амь нас, эрүүл мэндийн болон бусад даатгалд хамрагдах боломжыг хааж байгааг иргэд анхаарах нь зүйтэй гэж Гадаад хэргийн яамнаас зөвлөмж гаргажээ.

Хөдөлмөр эрхлэх визтэй тохиолдолд БНСУ-ын “Хөдөлмөрийн стандартын тухай хууль”, “Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн тухай хууль”, “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль” зэрэг хуулиар эрхээ хамгаалуулах боломжтойгоос гадна ажлаас халагдсаны болон нутаг буцах зардлын даатгалд тус тус хамрагдах боломжийг олгох юм байна.

Иймд БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр төлөвлөж байгаа бол зохих ангиллын виз, зөвшөөрлийг авахыг Гадаад хэргийн яамнаас иргэддээ зөвлөж байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахтай холбогдсон мэдээлэл, зөвлөмжийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн www.labornet.mn цахим хаягаар орж авч болох нь ээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн хамгаалалтын бүсүүдийг шинэчилнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/656 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар батлагдсан ”Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүс”-ийг шинэчлэн тогтоох Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана.

Ажлын хэсгийн тайланг ирэх сарын 01-ний өдрийн дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Галзуу, боом өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хорт салст халуурал” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Маэди-Весна” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 5 аймгийн 8 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит багийн “Гэцийн давааны-Ам” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.07.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн суурьт хонины цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Алагын тохой” гэдэг газар малчин Б-ийн 3 үхэр 2015.07.26-ны өдрөөс 08.02-ны өдрүүдэд халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг, устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн “Хүрдэтийн толгой” гэдэг газар малчин М-ийн 1 тугал 2015.07.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутагт малчин Ш-ийн 1 үхэр 2015.07.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутагт малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд хонь, ямааны “Маэди-Весна” өвчин болох нь;

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.07.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Цагаан дов” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Categories
мэдээ нийгэм

280 мянган тонн буудай хураан авна

Урьдчилсан мэдээллээр газар тариалангийн нийт нутгийн 60-65 хувиас ургац хураана гэж албаны эх сурвалж мэдэгдлээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ онд ойролцоогоор 280 мянган тонн орчим буудай авна гэж тооцоолж буй аж. Иймд хүнсний улаанбуудай, үрийн буудайн нөөцийг бүрдүүлэхэд 80 тэрбум төгрөг, ногоон тэжээл бэлтгэхэд 10 тэрбум төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар шийдүүлсэн байна. Уг мөнгөөр дотоодынхоо тариаланчдын тарьсан стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг худалдаж авах юм байна.

Энэ жил нийт нутгаар гантай ч аймаг, сумдын хувьд өөр өөр байсан учраас ургацын болц ч харилцан адилгүй байгаа аж. Иймээс тариа хураалтын үеэр сум цаашлаад аж ахуй нэгжүүд техник, тоног төхөөрөмжөө тохируулан сайжруулж, болцоор нь ангилж хураах системд шилжүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

“UB Food Festival” гурав дахь жилдээ болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Вива сити” хороололд “UB Food Festival 2015” үйл ажиллагааг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү фестиваль нь 3 дахь жилдээ болж байгаа бөгөөд нийслэлчүүдэд их хотын хоолны соёлыг таниулж,1000-3000 төгрөгөөр орон орны амтат зоогийг амталж үзэх боломж олгодог онцлогтой.

“UB Food Festival”-д Улаанбаатар хотын шилдэг 50 орчим ресторан, кафе, хүнсний үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниуд оролцох юм. Фестивалийн үеэр шилдэг тогооч нарын халз тулаан, гэр бүлийн бургер идэх уралдаан гэхчилэн олон сонирхолтой шоу хөтөлбөр болно. Мөн уламжлал ёсоор “Sweet Kitchen” facebook группын авъяаслаг эзэгтэй нар бүтээлч дизайнлаг, өвөрмөгц бялуу хийж, ирсэн зочдоо дайлах юм.

Уг үйл ажиллагааг “М Си Эс Проперти” ХХК, “M Си Эс Эстэйтс” ХХК, “Монголиан Гүрмэ энд Катеринг” ХХК, “Green Gold”, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал Жуулчлалын газар, Монголын Тогооч нарын Холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулах гэж байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Дэлхийн аваргын А хэсгийг М.Уранцэцэг тэргүүлнэ

“Астана-2015” жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинг дэлхийн аварга гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар тэргүүлэх бол эмэгтэй 48 кг-ын жинг дэлхийн аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг тэргүүлэн барилдана. Дэлхийн чансааг хол тэргүүлж буй М.Уранцэцэгийн жинд энэ удаад 35 орны 45 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байна.

Тэмцээн уламжлал ёсоор топ 8-д эрэмблэгдсэн тамирчид хэсэг толгойлох бөгөөд А хэсгийг манай гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүлэн барилдах бөгөөд түүний хэсэгт тэмцээний чансааны #8 Украины Мариана Черняк орно. Харин В хэсгийн Гвеней Писаогийн Тасиана Лима тэргүүлж байна. Түүнчлэн С хэсгийг Аргентиний Паула Парето тэргүүлэх бол өнгөрсөн оны дэлхийн аварга Ами Кондо D хэсгийг тэргүүлэх нь тодорхой болоод байна. Гэвч энэ жинд топ 8-д эрэмблэгдээгүй дэлхийн шилдгүүд байгаа бөгөөд олимпийн аварга Бразилийн Сара Менезес, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Японы Харүна Асами, олимп, дэлхийн медальт Чарлин ван Сник, Универсиадын аварга БНСУ-ын Жеон Бо-Кюн нар сугалаагаар аль хэсэгт шидэгдэж орох нь сонирхол татаж байна. Түүнчлэн энэ жинд манай улсаас 17 настай Бишрэлтийн Хорлоодой хүч үзэх бол ОУХМ Галбадрахын Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс анхны тэмцээндээ барилдана.

Categories
мэдээ нийгэм

Оюутан цэргүүд тангараг өргөнө

Монгол шуудан компанийн дөрвөн давхрын хурлын танхимд

09:00 цагт Төрийн өмчийн компаниудын хувьчлалтай холбоотой сургалт болно. Утас: 88008781

Хангарди ордны гаднаас

10:30 цагт нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат, Ц.Энхцэнгэл нар нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлын явцтай танилцана.

Эзэн Чингис хааны талбайд

11:00 цагт Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол болно. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож үг хэлнэ.

Хууль зүйн үндэсний хүрээлэнд

11:00 цагт УЕПГ-аас Прокурорын байгууллагын 85 жилийн ойг тохиолдуулан хэвлэлийн бага хурал мөн “ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЦААШДЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт онол практикийн бага хурал болно. Утас: 99887748

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд

11:00 цагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ны хүрээнд төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд болон залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагууд идэвхтэй хамрагдаж хамтран 21 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Утас: 88093607

БСШУЯ-нд

11:30 цагт БСШУЯ, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс бакалавр, магистр, докторын сургалтад суралцах оюутнуудад тэтгэлгийн урилга гардуулах ажиллагаа болно. Утас: 98119897