Categories
мэдээ нийгэм

Концессоор 30 сургууль, цэцэрлэг барина

Улсын хэмжээнд Концессын гэрээгээр нийт 72 сургууль, цэцэрлэгийн
цогцолбор барихаар төлөвлөсөн билээ. Үүний 30-ыг нь энэ онд ашиглалтад
оруулах төлөвлөгөөтэй байгаа бол үлдсэн 42 бага сургууль, цэцэрлэгийн
цогцолборыг ирэх онд ашиглалтад оруулах юм байна. Концессын гэрээгээр
барих эдгээр барилгаас таван сургууль, цэцэрлэгийг цогцолборыг нь
нийслэлд барина.

Энэ ажил ямар шатандаа үргэлжилж байгаа талаар нийслэлийн Боловсролын
газрын барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнай
ингэж ярилаа.

Ямартай ч Концессын гэрээгээр нийслэлд баригдах таван сургуулийн
барилгын ажил үргэлжилж, хоёр ажил нь гэрээний, гурав нь тендэрийн
шатандаа явж байгаа аж.

Концессын гэрээгээр сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэх нь олон
талын ач холбогдолтой гэдгийг албаныхан онцолж буй. Тухайлбал, богино
хугацаанд буюу хоёр жилийн дотор 72 бага сургууль, цэцэрлэгийг
цогцолбороор нь баригдана. Өмнө нь компаниуд зөвхөн барилга бариад
хүлээлгэж өгдөг байсан бол одоо баригдах барилгуудад бүх асуудлыг
цогцоор нь шийдэж байгаагаараа онцлог. Нөгөөтэйгүүр энэ гэрээний
нөхцөлөөр барилга барьсан компани 20 жилийн хугацаанд цогцолборынхоо
үйлчилгээ бусад асуудлыг хариуцахаар заасан нь бас давуу тал юм.

Цаашид аймаг, орон нутагт шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэгийг
Концессын гэрээгээр гүйцэтгэх асуудлыг үргэлжлүүлэн судлах бөгөөд 2016
оноос хэрэгжүүлэх зорилт тавьсан талаар албаны хүмүүс хэлж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Люмино” хамтлагийн ахлагч Д.Тэмүүжин буюу MCBeatz: “Монголын 100 шилдэг дуу”-нд хип хоп ганцхан дуу орсон нь манай хамтлагийн “Намайг дагаад цэнгэ”

Нэгэн үе “Намайг дагаад цэнгэ”, “Хүнийх”, “Сэмбий” зэрэг олон дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан “Люмино” хамтлаг энэ сарын 21-нд “Хэмнэл нэрэгч” бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Ингээд тус хамтлагийн ахлагч Д.Тэмүүжин буюу MCBeatzтэй ярилцсанаа хүргэе.

-Танай хамтлагийн тоглолт энэ сарын 21-нд “Crocus Event Hall”-д болох гэж байна. Тоглолтынхоо талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ удаагийн тоглолт “Люмино”- хамтлагийн хувьд их онцлогтой. Учир нь бид есөн жилийн дараа тоглолтоо хийх гэж байна. Бид 2006 онд “Lumino-Yahuu” нэртэй тоглолтоо “UB Palace”-д хийж байсан. Түүнээс хойш манай хамтлаг бие даасан томоохон тоглолт хийгээгүй. Харин жижиг хэмжээний хип хоп шоу маягийн тоглолтууд нэлээн хийсэн юм байна. Тэгвэл энэ удаа концерт гэдэг утгаараа тоглолт маань зохион байгуулагдаж байгаа бөгөөд тоглолтын найруулгыг “On’n Off” продакшн хариуцан ажиллаж байгаа. Тоглолт зохиомжийн дагуу тавигдана гэсэн үг.

-Тоглолтын нэрний тухайд…

-Манай хамтлагийнхан ярилцаад арай өвөрмөц тэгсэн хэрнээ сонсголтой содон нэр өгье гэж нэлээд ярилцсаны эцэст “Хэмнэл нэрэгч” гэсэн нэр өгөхөөр шийдсэн. Манай шинэ цомгийн нэр л дээ. Шинэ брэнд үг. Цагаан идээг боловсруулж нэрдэг шиг бид аялгуу, хөгжмийг дахин нэрж илүү чанартай, өөр зүйл болгож хүмүүст хүргэж байгаа гэдэг утгаар ийм нэр сонгосон.

-Хэд хэдэн удаа танай хамтлаг тоглолт хийнэ гэж байгаад сураг тасарсан санагдаж байна. Энэ удаа тийм зүйл болохгүй биз дээ?

-Тийм ээ. Хүмүүс санаж байгаа бол манай хамтлаг тоглолт хийх гэж байгаад хэд хэдэн удаа больсон. Бүр тоглолт хийх талаар реклам цацчихсан тохиолдол ч байсан. Тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалаад тоглолт цуцлагдах тохиолдол бий. 2008 онд гэхэд л хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ойн тоглолт хийхээр нэлээд хэдэн телевиз, ФМ, радиогоор реклам, мэдээлэл цацагдчихсан байсан. Тэгсэн гэнэт гахайн ханиад гараад нийслэлд карантилчихсан. Хоёр ч удаа шүү дээ. Ингээд тухайн үедээ яалт ч үгүй улс орон даяар үүссэн асуудлаас болоод тоглолтоо хийж чадаагүй. Хоёр жилийн өмнө мөн л 15 жилийн ойгоо тэмдэглэж тоглолтоо хийх гэсэн чинь хамтран ажиллахаар ярилцсан хоёр, гурван байгууллагууд тодорхойгүй шалтгааны улмаас тоглолтын маань товыг хойшлуулсаар байгаад больсон. Харин энэ удаа бид тийм асуудал гарахгүй гэдгийг итгэлтэй хэлмээр байна. Яагаад гэвэл энэ тоглолтыг үзэгчдээс илүү бид өөрсдөө ч их хүсэн хүлээж байна.Тэгээд ч тоглолтыг сүүлийн үед томоохон шоу тоглолтыг чадварлаг зохион байгуулдаг мэргэжлийн “On’n Off” продакшн зохион байгуулж байгаа учраас бид ч сэтгэл хангалуун байгаа.

-Есөн жил гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд танай хамтлагийнхан юу хийв?

-Манай хамтлаг уран бүтээлийн хувьд зогсолт хийгээгүй. Шинэ уран бүтээлүүд мэр сэр хийж л байсан. Яахав хэсэг хугацаанд бид гэр бүл зохиож, нийгэмд байр сууриа олохын тулд уран бүтээлдээ цаг зав бага гаргасан байж магадгүй. Гэхдээ бүр дуугаа дуулахгүй хөндийрсөн юм бол байхгүй.

-Хамтлаг анх байгуулагдаж байсан дурсамжаасаа яриач…?

-Яг энэ асуултыг энд нууц үлдээе.

-Яагаад?

-Яагаад гэвэл “Люмино” хамтлаг хэрхэн байгуулагдаж байсан тухай бяцхан хорин минутын баримтат киног “TJ Entertaiment” студид хийгээд дөнгөж сая дууслаа. Өнөө орой (өчигдөр) юм уу маргаашнаас (өнөөдөр) олон нийтэд цацагдана. Тиймээс фэнүүдээ манай хамтлагийн баримтат киног заавал үзээрэй гэж хэлмээр байна. Бид энд ярьснаас илүү сонирхолтой байх болов уу.

-Хамтлаг анх таван гишүүнтэй байгуулагдаж байсан. Сүүлд хоёр нь хасагдаад гурван гишүүнтэй болсон. Ямар учраас хамтлагийн бүтцэд өөрчлөлт орсон юм бэ?

-Манай хамтлаг 1998 онд анх байгуулагдахдаа таван хүний бүрэлдэхүүнтэй байсан. 2000 оны сүүлээс хамтлаг гурван гишүүнтэйгээр уран бүтээлээ хийх болсон. Ямарваа нэгэн нөхөрлөл, үйл ажиллагаа явцын дунд шигшигдээд л үлддэг. Бүх л салбар дээр ийм байдал харагддаг. Анх тавуулаа нийлж хамтлаг байгуулсан боловч Чинзо маань Англи явж, Хөлөгөө маань тусдаа уран бүтээл хийнэ гээд гарсан. Тэгээд л Д.Анхбаатар буюу Skitzo, Б.Батхишиг буюу Baji бид гурав хамтлагтаа үнэнчээр үлдсэн дээ. Өнгөрсөн хугацаанд бид гурав өөрсдийнхөө хэмжээнд нэлээд уран бүтээл хийсэн гэж бодож байгаа. Давтагдсан тоогоор 150 гаруй бие даасан болон шоу хэлбэрээр тоглолт олон улсад болон орон нутагт хийсэн,”Танихгүй охины захидал” уран сайхны кино, долоон диск, 40 орчим видео клипийг хийж үзэгч сонсогч түмнийхээ хүртээл болгосон байна.

-Мөн гадаадад амьдарч, ажиллаж буй монголчууддаа зориулж нэлээн тоглолт хийсэн санагдаж байна?

-2005 оны дөрөвдүгээр сард Бээжин хотод анх тоглолт хийж байсан. Түүнээс хойш Вашингтон, Чикаго, Денвер, Юта, Санфранциско, Лос Анжелес зэрэг хотуудад очиж тэнд ажиллаж амьдарч байгаа монголчууддаа зориулан тоглолт хийж байсан. Мөн 2006 онд Солонгосын Сөүл хотод “Монгол туургатан-2006” урлагийн наадамд оролцсон, мөн онд Европын улсуудаар явж тайлан тоглолтоо хийсэн. Швейцарь улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын урилгаар Женев хотод ажиллаж амьдарч байгаа монголчууддаа манай хамтлаг хоёр өдөр тоглолт хийгээд үргэлжлүүлэн Лондон, Ирландын Дүблин хотод тус тус тоглолтоо хийж байсан юм байна. ОХУ-ын Улаан-Үд хотноо Оросын болон Буриад, Хөх хотод “Надтай цуг баяс” бүрэн хэмжээний тайлан тоглолт хүртэл хийж байлаа.

-Уран бүтээлээ хийж эхэлснээс хойш нийт хэдэн цомог гаргасан бэ?

-Бие даасан зургаан цомог гаргасан. 2001 он “Энд гарч ирэв” гээд анхны цомгоо гаргаж байсан. Мөн “Ирээд буцсан хайр минь”, “Гэрэлт хорвоод”, “Ламбугайн нулимс”, “Хуучин сургууль”, хамгийн сүүлд 2006 онд “Lumino & yah-uu” цомгоо гаргасан. Түүнээс хойш хамтлагийн гишүүд тус тусдаа хэд хэдэн уран бүтээл хийсэн. Миний хувьд хоёр цомог, нэг ном бичсэн байна. Анхаа маань дан хөгжмийн цомог гаргасан байгаа “Nomads” гээд. Бажи болохоор олон клип гаргасан гээд ер нь бид уран бүтээлийн хувьд завсарлаагүй. “Сэмбий” дуу аль 2009 онд хийгдсэн хэрнээ 2013 онд олны хүртээл болсон байх жишээтэй.

-“Намайг дагаад цэнгэ” дууг мэдэхгүй хүн ховор. Нэг хэсэг залуусын амнаас гардаггүй дуу байлаа. Сүүлд гарсан “Сэмбий” бас л нэг хэсэг хит болсон шүү?

-Бид диско клубт дуулдаг байх үед төрсөн дуу бол “Намайг дагаад цэнгэ”. Бараг бааранд байхад санаа төрсөн гэхэд болно. Клубын хоёр давхарт гараад харахад хүмүүс үсэрч бүжиглэж байгааг хараад л шууд “хөөрхөн охин тэр доор шоволзож байна” гээд л нүдэнд харсан зүйлээ бичиж бүтсэн дуу. Тухайн үедээ дуу маань гарсан үеэсээ л фм, радиогийн хит парадыг байнга тэргүүлдэг байсан. “Монголын 100-н шилдэг дуу”-ны нэгээр ганцхан хип хоп дуу шалгарсан нь “Намайг дагаад цэнгэ”. Тэр ч утгаараа караоке энэ тэрд одоо хүртэл дуулагддаг юм билээ. Караокед орсон хүн тэр дууг дуулахгүйгээр гардаггүй гэсэн (инээв). Одоо хүртэл хит дуу хэвээрээ байгаа биз. Энд тэнд дуулахаар очиход энэ дуугаа дуулаач л гэдэг. Хааяа их санаа зовдог л доо, дандаа дуулсаар байгаад ичээд гэх үү дээ. Гэхдээ яахав дуулах ёстой л юм чинь. Харин “Сэмбий” дууны тухайд гэвэл энэ монголчуудын дээр үеэс хэрэглэж ирсэн хэлц үг. Дээшээ босоо бай гэсэн утгатай. Монгол хэлний хар ярианд бол цэмбэгэр, сэмбэгэр гээд цэвэрхэн зүйлийг хэлдэг. Тэр утгаар нь нэрлэсэн. Мэдээж сонсоход л ойлгомжтой, сэргэлэн бай цовоо бай босоо бай гэсэн бэлгэтэй үг. Нэрнээсээ ч бас хамаараад хүмүүсийн сонсох дуртай дуу болсон байх.

-“Люмино” рэп хэв маягаар дуулдаг цөөхөн хамтлагийн нэг гэхэд улагийн салбараас чамгүй олон шагнал хүртэж байсан. “Пентатоник” наадмын шагналыг дөрвөн ч удаа хүртсэн билүү?

-Тийм. “Люмино” хамтлаг Монголын хөгжмийн ертөнцийн дээд шагнал Пентатоник шагналыг дөрвөн удаа хүртэж байсан. 2000 оны “Шилдэг хип хоп хамтлаг”, 2003 оны шилдэг дуу “Намайг дагаад цэнгэ”, 2005 оны шилдэг хип хоп хамтлагийн дуу “Freestyle”, мөн оны шилдэг этник дуугаар “Ламбугайн нулимс” зэрэг дуу маань тодорч байсан. Түүнчлэн манай хамтлагийн уран бүтээл 2003 онд “Алтан микрофон” хөгжмийн наадмын “Шилдэг шинэ давалгаа,шилдэг хамтлаг”-аар, 2004 оны “HIT awards” наадмын оны шилдэг цомог, шилдэг клипээр тодорч байсан бөгөөд “UBS music video awards” наадмаас хэд хэдэн удаа шагнал хүртэж шилдэг хамтлагаар шалгарч байлаа.

– Хамтлагийн гишүүд урлагийн сургууль төгссөн үү. Таны хувьд ямар мэргэжилтэй вэ?

-Би МУИС-ийг төгссөн. Монгол хэл судлаач мэргэжилтэй. Манай хамтлагт урлагийн сургууль төгссөн хүн байхгүй, бид цэвэр хоббигоороо өөрсдийнхөө мэдрэмжээрээ л уран бүтээл хийж яваа. Олон жил уран бүтээл хийгээд ирэхээр эзэмшсэн мэргэжил шиг л болчихдог юм байна. Ингээд бодоход мэргэжлийн сургууль төгссөн гэхээсээ илүүтэйгээр хүн өөрийнхөө авьяас, чадвар, зорилгыг олж түүнийгээ лавшруулан сурч амжилт гаргасан хүмүүс л нийгэмд их юм шиг.

-Цаашдаа “Люмино” хип хоп чиглэлээр уран бүтээл хийсээр л байх уу. Энэ урсгалд хөгшдөх юм биш биз?

-Яалаа гэж (инээв). Бид дахиад шинэ цомог хийнэ, өмнө нь “Люмино” яаж идэвхтэй уран бүтээл хийдэг байсан яг тэр цаг үе рүүгээ эргээд очно. Ер нь олон шинэ юм хийгээд эхэлчихсэн байгаа. “Сэмбий” дуунаас хойш хийгээд эхэлсэн гэх үү дээ. Шинэ цомог гаргах гээд бичлэгэндээ ороод явж байна. Мэдээж анх уран бүтээл хийсэн урсгалаараа л уран бүтээл гаргана. Ямар гэнэт поп стилиэр дуулалтай биш. Чадах ч үгүй. Цаашдаа манай хамтлаг продюсер чиглэлээр түлхүү ажиллана. Шинэ хамтлаг дуучид гаргах, шоу зохион байгуулах гээд хийх олон ажил байна.

-Тоглолтынхоо үзэгчдэд хандаж юу гэж хэлмээр байна?

-Мэдээж тоглолтод манай хамтлагийг сонсох дуртай үзэгч, фэнүүд маань ирнэ. Тиймээс дууны үгнүүдээ бүгдээрээ сайн цээжлээрэй гэж хэлмээр байна. Бид үзэгчдээ дуулуулдаг хамтлаг. Өмнө нь олон ч тоглолтод энэ уламжлалаар явж ирсэн. Манай хамтлагийн дууг ч хүмүүс андахгүй мэднэ. Мөн “On’n Off Production” тоглолтыг маань маш сайхан найруулж байгаа болохоор тоглолтод ирсэн хүмүүст илүү сонин содон зүйлийг үзүүлнэ гэж бодож байна.

Д.Даваасүрэн

М.Мишээл

Categories
мэдээ цаг-үе

Р.Бат-Эрдэнэ: Эрэлттэй хөтөлбөрүүдийн төлбөр байгалийн ухааныхаас өндөр байгаа

МУИС-ийн захирал, доктор Р.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Намар болохоор их сургуулиудын төлбөр анхаарал татаж байна. Сургалтын төлбөр нэмэгдсэн гэх мэдээлэлтэй зэрэгцээд, чанар сайжирсан уу гэсэн асуулт дагаж байна. Танай сургуулийн хувьд байдал ямар байгаа вэ?

-Сургалтын төлбөр сургуулийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг гол эх үүсвэр. МУИС-ийн хувьд сургалтын төлбөрөөс гадна бусад орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх санаачилгууд гарч байгаа. Ийм учраас 2016 оны санхүүгийн төлөвлөлтийг хийхдээ МУИС-ийн нийт орлогод сургалтын төлбөрөөс олох орлогын хэмжээ 51 хувь орчим байхаар тооцсон. Одоогоос дөрвөн жилийн өмнө энэ хэмжээ 78 хувь байсан. Энэ нь сургалтын төлбөрөөр дамжиж суралцагчид очих дарамтыг хэт өсгөхгүй байх чиг барьж байгаагийн илэрхийлэл.

-Сургалтын төлбөрөөс бүрэн хамааралтай байдал харьцангуй буурч байгаа гэсэн үг үү?

-Хамаарал буурч байгаа. Гэхдээ нэг хүний төлдөг төлбөрийн хэмжээ буураагүй. Үнэ тарифийн өөрчлөлт, шинээр бий болох үйлчилгээ, шаардлагатай үйл ажиллагааг өргөтгөх хэрэгцээнээс үүдэлтэйгээр зардал өсч байна. Их сургуулийн бүрдүүлж буй орлого үндсэндээ оюутны суралцах үйл ажиллагааг дэмжихэд шууд болон шууд бусаар зарцуулагддаг. Төлбөрийн хэмжээг тогтоохдоо бодит зардлыг бүхлээр нь оюутны нуруун дээр үүрүүлээгүй юм. Гэтэл зардал гаргахгүйгээр чанар аяндаа бий болохгүй. Ер нь сургалтын төлбөр гэдэг сургууль ашиг олж байгаа хэрэг ерөөсөө биш. Гарч байгаа зардлаа үйлчилгээ авч байгаа хүмүүстэй хувцаалцах хэлбэр.

-Энэ жил МУИС оюутнууддаа шинээр юу санал болгож байгаа вэ?

-Орж байгаа орлогын ихэнх нь үйл ажиллагааны санхүүжилтэд явдаг. Сургалтын орчинг сайжруулахтай холбоотой нэлээд хөрөнгө оруулалтыг БСШУЯ, Засгийн газраас хийсэн. Зөвхөн энэ онд гэхэд Засгийн газрын шугамаар тэрбум гаруй төгрөгийн лаборатори, тоног төхөөрөмж энэ сургуульд нийлүүлсэн байна.13 лаборатори шинээр байгуулсан. Гэх мэтчилэн төр үүсгэн байгуулагчийн хувиар их сургуулиудад оруулж байгаа хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдлээ. Улсын төсвөөс, олон улсын байгууллагын гарал үүсэлтэй зээл тусламжийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Ийнхүү шинээр байгуулж буй лабораторийг ажиллуулахын тулд ашиглалтын зардлыг өсгөх шаардлага гарч байна. Нөгөө талаас МУИС хамгийн шилдэг багш нарыг ажиллуулахыг хичээдэг. Энэ хүмүүсийг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн сургуулиуд юм уу гадны хөрөнгө оруулалттай томоохон сургуулиудад багшийн цалин хэд байна? Монгол Германы технологийн сургуулиар жишээ авч болно. Тийм сургалт явуулахын тулд багшид хэдийг төлж байна. Нэг багшид хэдэн оюутан ногдож байна. Түүнтэй харьцуулбал МУИС түүнтэй адилтгах төрийн өмчийн их сургуулиуд маш бага зардлаар ажиллаж байна. Энэ нь шилдэг мэргэжилтнийг татаж ажиллуулах өрсөлдөх чадварыг бууруулж, эргээд чанарт их нөлөөлж байна л даа.

-Тэрбум гаруй төгрөгийн лабораторитой болжээ. Эдгээр нь оюутнуудад яаж үр ашгаа өгөх юм?

-Их сургуулиудад ерээд оноос хойш хөрөнгө оруулалт хийгдээгүй юм шүү дээ. Сүүлийн хоёр, гурван жилд их сургуулиудад хөрөнгө оруулалт хийгдэж байна. Лабораториудын ихэнх нь байгалийн ухааных.Суурь судалгаа хийнэ. Сургалтад ашиглагдана. Энэ лабораториудыг ашиглаад манай багш нараас олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгдэх бүтээл гарах нөхцөл бүрдэнэ. Хамгийн гол нь энд оюутнууд өөрсдөө ажиллана. Зөвхөн ном хэвлэлээр дамжуулж бус хүүхдүүд өөрсдөө туршаад чадвар суух, мэргэжлээ гүн бат эзэмших салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь энэ лабораториуд.

-Суурь судалгаа гэснээс МУИС ямар судалгаа эхлүүлж байгаа вэ?

-Энэ лаборатори дөнгөж суурилагдаад ажиллаж эхэлж байна. Үүн дээр судалгааны янз бүрийн ажлууд хийгдэнэ. Түүнээс гадна лаборатори маань их сургуулиас гадна байгаа эрдэмтэн судлаачдад ч нээлттэй байх юм. Одоогоор МУИС-ийн багш нарын бэлтгэсэн үйлдвэрлэлд нэвтрүүлээд тодорхой ашиг өгч болох 22 судалгааны чиглэл бий. Мянган инженерийн хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн багш нар Японы профессоруудтай хамтран 10 чиглэлээр хамтарсан судалгаа эхлүүлсэн. Энэ хүрээнд бий болсон мэдлэг их сургуулийн сургалтад шингэх юм. Өнөөдөр МУИС судалгааны их сургууль болно гэдэг. Үүний тулд энд хийж байгаа сургалтын шинжлэх ухааны түвшин ч өндөр байх учиртай. Ийм учраас сургуулийн зардал нэмэгдээд байна.Өнөөдөр манай залуучуудын дунд байгалийн ухааны чиглэлээр суралцах сонирхол харьцангуй бага байна. Энэ жил БСШУЯ-наас МУИС-д 3500 оюутан элсүүлэх хяналтын тоо өгсөн. Үүнээс Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбарт 540 орчим оюутан элсүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 240 хүүхэд элссэн байна. Энэ өөрөө зардал өндөртэй сургалт байдаг. Энэ чиглэлээр мэргэших сонирхол их биш. Тиймээс зах зээл дээр эрэлт ихтэй байгаа, өрсөлдөөн ихтэй хөтөлбөрүүдийн төлбөрийг өндөр тогтоож,их сургуулийнхаа нийт үйл ажиллагааг дэмждэг нөхөн шилжүүлэлтийн систем бүх сургуульд байдаг. Энэ жишгээр явж байна. Энэ агуулгаараа өрсөлдөөн ихтэй, хүмүүс ихээр сонирхдог Олон улсын харилцаа, хууль, бизнесийн чиглэлийн хөтөлбөрүүдийн төлбөр байгалийн ухааныхаас өндөр байгаа. Энэ бол энэ сургуульд явж байгаа нийт хөтөлбөрүүдээ дэмжих, энэ зардлаас хуваалцаж байгаа хэрэг. Нөгөө талаас бид их сургуулийн хөтөлбөрийг өргөн суурьтай болгосон. Ерөнхий сууриараа нийт оюутанд хүртээмжтэй хичээлүүд явж байгаа. Тэр дундаас нийт оюутнууд сонголт хийнэ. Их сургуулийн шинжлэх ухааны түвшин дээшилнэ гэдэг сурч байгаа нийт оюутанд өгөөжөө өгөх өөрчлөлт.Аль болох хичээл хоорондын уялдаа холбоог сайжруулж, суралцагчид хувьсан өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээг хангах, энэ түвшинд ойртсон боловсрол эзэмшихэд нь туслахад чиглүүлэн зохион байгуулсан хөтөлбөрт шилжиж байна.Хөтөлбөрийн шинэчлэлт хийж байгаа учраас зардал нэлээд өсч байна. Нөгөө талд нь МУИС аль болох технологид суурилсан, сургалтыг өргөтгөх чиг барьж байна. Номын сангаа цахимжуулж байна. Багш нарынхаа хичээлийг цахим хэлбэр рүү шилжүүлж эхэлж байна. Энэ нь оюутан сургууль дээр ирж лекцийн танхим лабораторид сууж хичээллэхээс гадна шаардлагатай бол гэрээсээ, байгаа газраасаа сургуулийн систем рүү нэвтэрч хичээлээ татаж, нөхөж үзэх боломжийг нээх юм. Олон улсын хэмжээнд дэлхийн тэргүүлэх сургуулиуд лекцүүдээ онлайн нээлттэй болгож байна. Үүнд МУИС бэлтгэж байна.

Өмнө нь их сургуульд элссэн, бидэнтэй сургалтын төлбөр, сурах нөхцөлийн талаар гэрээ байгуулсан оюутнуудын төлбөрийн өөрчлөлт 12 хувь байгаа. Сургуулийн Удирдах зөвлөл зургадугаар сард хуралдсан. Манай сургуулийн Удирдах зөвлөлд оюутны төлөөлөл дөрөв байдаг. Дээр нь Монголын оюутны холбооны төлөөлөл байдаг. Ингэхээр үндсэндээ нийт 21 гишүүний маань тав нь шууд оюутны төлөөлөл болдог. Сургалтын төлбөрийн асуудал дээр ялангуяа энэ хүмүүс маань маш идэвхтэй оролцдог. Зургаан сарын эхээр маш нухацтай хэлэлцүүлэг болсон. Ямар ч байсан үргэлжлэн сурч байгаа оюутнуудын төлбөрийг огцом нэмэгдүүлэхгүй, аль болох боломжийн хэмжээгээр хязгаарлая гэж тогтсон.

-Шинэ оюутнуудын хувьд төлбөр хэдэн хувиар нэмэгдсэн бэ?

-Өмнөх жилтэй харьцуулбал нэлээд өссөн. Уг нь тэрнээс ч илүү өсөх байр суурь үндэслэлийг Удирдах зөвлөлийн гишүүд олон талаас нь хэлэлцсэн. Үнэхээр Монгол Улсын шилдэг их сургууль болох гэж байгаа бол үйл ажиллагаагаа бүрэн хэмжээгээр санхүүжүүл. Хойш нь битгий тавь. Хувийн сургууль, цэцэрлэгээс бага төлбөртэй МУИС гэж байх нь хэр зохимжтой юм бэ. Хамгийн сайн хүмүүсийг энд ажиллах сайхан нөхцөл бүрдүүл гэж шаардлага тавьсан. Удаан хэлэлцсэн. Энэ бүхний дүнд өнгөрсөн жилээс нэлээд нэмэгдсэн. Өнгөрсөн жил нэг багц цагийн төлбөрийн хэмжээ 57 мянган төгрөг байсан. Энэ жил 74 мянга болсон. Хамгийн өндөр өсөлт түрүүний нэрлэсэн өрсөлдөөн ихтэй сургуулиуд дээр байгаа. Бизнесийн сургууль дээр гэхэд нэг багц цагийн төлбөр 96 мянга, Олон улсын харилцааны сургууль дээр 91 мянга болсон.

-Гадны өндөр төлбөртэй нэр хүндтэй сургуулиудын хувьд мөнгөтэй суралцахыг хүссэн хүмүүсээс өндөр төлбөр аваад үнэхээр толгой сайтай ч төлбөрийн чадваргүй оюутнуудаа тэтгэлгээр сургах арга зам байдаг юм билээ?

-Өнгөрсөн жил их сургууль 200 гаруй сая төгрөгөөр дотоодын тэтгэлгийн сан бүрдүүлсэн. Гэхдээ бид нэгнийх нь төлбөрөөр нөгөөг нь тэтгэнэ гэхээсээ гадны эх үүсвэр бүрдүүлэхийг чухалчилж байгаа. Ялангуяа МУИС төгсөгчдөөс сургуулиа дэмжих, тэтгэлгийн сан бүрдүүлж эхэлж байна. Тухайлбал 1997 онд МУИС төгссөн хэсэг залуус өнгөрсөн хавар 53 сая төгрөгтэй их сургуулийн оюутан, багш нарт зориулсан Сургууль хөгжүүлэх сан байгуулсан. Үүнийг бусад төгсөгчид дэмжиж байгаа юм билээ. МУИС-д зориулсан гадны эх үүсвэртэй сангууд нэлээд байдаг. Япон, Солонгосын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, оюутны авьяас чадварыг дэмжсэн тэтгэлгүүд бий. МУИС-ийн оюутанд зориулсан стипенд гэж бий.

-Судалгаанд суурилсан их сургууль байна гэцгээдэг. Төрөөс судалгаа захиалж санхүүжүүлдэг үү эсвэл энэ зөвхөн лоозон юм уу?

– Монгол Японы хамтарсан мянган инженерийн хөтөлбөрийн хүрээнд Японы эрдэмтэдтэй хамтарсан арван чиглэлийн судалгааны ажил санхүүжих юм. Энэ нэлээд том дэмжлэг болно. Судалгааны чиглэлийг манай багш нар санал болгосон. Монгол Улсын байгаль, түүхэнд түшиглэсэн судалгааны ажлууд байна. Зах зээлд ашиг олж болох бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр судалж байна. Сүү цагаан идээний найрлага, эмчилгээний чанарыг тодорхойлох үүндээ үндэслээд Монголд төдийгүй бүс нутаг олон улсын зах зээлд борлогдох шинэ бүтээгдэхүүний технологийн шийдлүүд ч явж байна. Нефть, сансрын судалгааны төслүүд ч бий. Байгаль орчны бохирдолтой холбоотой судалгаануудыг Шинжлэх ухаан технологийн сангаас ч, БОНХЯ-наас ч захиалж хийлгэж байгаа. Төрийн байгууллагуудын захиалгаар ч хийж байгаа ажлууд байна. Сүүлийн үед аж ахуйн нэгжүүдийн захиалга орж ирж байгаа. Оюу толгойнхонтой ойрын үед уулзах байх. Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль гэж харьцангуй шинэ сургууль бий. Үүнийг Монгол Улсын гадаад бодлого, дотоод төрийн бодлогын үндсийг судалж дүн шинжилгээ хийдэг, төр засгаас явуулж байгаа бодлогуудад анализ дүгнэлт хийж, олон нийтэд танилцуулдаг, бодлого боловсруулагчдад бодлогын зөвлөмж өгөх чадавхитай сургууль болгож хөгжүүлэх юм.

-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлт хийгдэж байна. Шинэчлэл МУИС-иас эхэлсэн болохоор ч тэр үү эсэргүүцэл шүүмжлэл их байдаг. Эсвэл шинэчлэл хийхдээ багш оюутнуудаа төдийлөн сонссонгүй юу. Хэтэрхий гадныхныг хуулбарлах замаар явсан юм болов уу гээд асуулт их байна?

-Шинэчлэл судалгаанд үндэслэсэн. Их сургууль өөрөө 2012-2013 онуудад томоохон судалгаа хийсэн байдаг. Үүндээ их сургуулийн багш нарыг оролцуулсан.Энэ судалгаанд суурилсан юм. Хамгийн гол нь Монгол Улсын хөгжлийн нүүр царай болсон тэргүүлэх сургууль олон улсын хэмжээнд байр сууриа эзлэхийн тулд тогтсон жишиг стандартаас дутахгүйгээр өөрийгөө хөгжүүлэх ёстой. Тэнд байгаа ерөнхий соёл энэ их сургуульд суух ёстой. Тэгж байж энд яваа процесс үр дүн олон улсын хэмжээний хамтын нийгэмлэгт ойлгомжтой, байж хүлээн зөвшөөрүүлнэ. Энэ чиглэл рүү явж байгаа. Энэ нь өөрөө зайлшгүй хийх ёстой хөгжлийн сонголт байсан.Сургуулийн хэмжээнд маш олон хэлэлцүүлэг явсан юм билээ. Энэ шинэчлэлийг хийх шийдвэрийг Удирдах зөвлөл гаргасан. Удирдах зөвлөл гэдэг МУИС-ийн парламент. Тэгэхээр энэ бол тухайн үед сургуулийг удирдаж байсан нэг хоёр хүн дур зоргоороо дангаараа гаргасан шийдвэр гэж яагаад ч хэлж болохгүй.

-Өмнөх захирлын үед ч их эсэргүүцэл шүүмжлэл өрнөсөн. Дээд боловсролын шинэчлэлийн асуудлаар маш удаан ажиллаж байгаа хүнийг МУИС-ийн захирлаар тавихыг бодоход энэ сургуулийн шинэчлэл амин чухал байсан юм болов уу?

-МУИС-д явж байгаа процесст олон хүн ач холбогдол өгч байгаа. Л.Гантөмөр сайд, яамныхан, сургуулийн гадна байгаа хүмүүс ч сургуулийн хувь заяаг сонирхож, санаа зовж байгаа шүү дээ.Энэ ажилд томилогдсоны дараа олон хүн уулзаад их сургуулийн хөгжилд ямар тус дэмжлэг хэрэгтэй байна. Их сургууль үүргээ гүйцэтгэх ёстой, хөгжих ёстой гэдгийг мэдрүүлж байсан. Тэр хүмүүсийн дэмжлэгийг татаж авчирч үйл ажиллагааны зардлын бүтцийг өөрчлөх гээд байна. Гадны дэмжлэгийг бодитой оруулж ирж энэ сургуулийн хөгжилд ашиглах нь их сургуулийг удирдаж байгаа хүний үүрэг. Миний хувьд дээд боловсрол их сургуулийн шинэчлэлийн ажилд ямар нэг байдлаар оролцож ирлээ. Л.Гантөмөр сайд ажлаа авсны дараа Дээд боловсролын бодлогын зөвлөл гэж байгуулсан. Тэнд ажиллаж байсан учраас энэ сургуульд өрнөсөн үйл явцын талаар баримжаатай, мэдээлэлтэй явсан. Шинэчлэлийн бодлогыг тасалдуулахгүй авч явах үүрэг өгч энэ ажилд томилсон.

-12 жилийн сургалтад шилжсэний дараа элсэгчдийн тоо буурсан нь их дээд сургуулиудын санхүүжилтэд сөргөөр нөлөөлж байна гэсэн яриа явж байна. Энэ танай сургуульд мэдрэгдсэн үү?

-Тиймэрхүү нөлөө бий. Гэхдээ энэ нөлөө нэг жилийн л асуудал. Ирэх жилээс дахиад төгсөгчдийн тоо нэмэгдэнэ. МУИС-ийн хувьд цаашдаа тэлэлтээ зогсоож байгаа. Аль болохоор шигшмэл хүүхдүүдийг сургана. Тийм учраас суралцагчдын тоо одоогийнхоос буурна.Оюутны тоогоор өөрийгөө авч явдаг сургууль биш, хамгийн авьяастай хүүхдүүдийг шигшиж авдаг сургууль болно. Өнгөрсөн жилийнхээс суралцагчдын тоог бууруулна гэж төлөвлөж байна. Яг элсэлт явахад зарим салбарт бидний бууруулсан тооноос ч цөөн оюутан элсч байна. Жишээлбэл байгалийн ухааны чиглэлээр гэхэд бидний төлөвлөснөөс ч цөөн хүүхэд элссэн учраас нөхөн элсэлт зарлаж байгаа.

Б.Янжмаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаачид АНУ-ын өмчийн эрх рүү тэмүүлдэг

Улаанбаатарын эдийн засгийн клубын гишүүдийн ээлжит уулзалт өчигдөр “Туушин” зочид буудалд болов. Тус клуб нь Монголд тулгарч буй эдийн засгийн асуудлуудыг томоохон бизнесменүүд, эдийн засагчид, улстөрчдөд хэлэлцэх боломж олгодог юм байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Хавайн их сургуулийн профессор, эдийн засагч, улстөрч Кен Скуленд “Худалдаа цагаачлалын бизнес эрхлэгчид: Хөгжил цэцэглэлийн замд” сэдвээр лекц уншив. Түүний лекцийг товчлон та бүхэнд хүргэж байна.

Инфляци нэмэгдэхэд Засгийн газар хамгийн их хождог

Би 22 жилийн өмнө Монгол оронд ирж байсан. Тэр үед хүмүүс нь сайхан сэтгэлтэй, зочломтгой, уудам тал нутагтай, байгаль нь үзэсгэлэнтэй байв. Гэхдээ улс орны эдийн засаг хүнд, иргэд ядруухан байсан. Харин өнөөдөр харахад эдийн засаг нь өөрчлөгдөж, хүмүүсийн сайхан сэтгэл, онгон байгаль нь хэвээр байгааг харж байна. Намайг энэ арга хэмжээнд урьж оролцуулсан зохион байгуулагчдад баярлалаа. Би эдийн засгийн хөтөлбөрүүдийг удирддаг. 2014 онд Шанхай, Австрийн эдийн засгийн уулзалтыг би эхнэрийн хамт зохион байгуулж байсан. Одоо Индонезийн Балид “Эдийн засгийн либералчлал”, дараа жил Мароккад уулзалтыг зохион байгуулна. Энэ уулзалтууд дээр чөлөөт эдийн засгийн тухай ярина. Мөн БНХАУ, Гүрж зэрэг орнуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Миний хувьд Монголын эдийн засгийн талаар мэргэшсэн хүн биш. Гэхдээ эдийн засагч мэргэжилтэйн хувьд дэлхийн бүхий л эдийн засгийн зарчмуудыг хамарсан мэдлэгтэй байдаг. Миний хувьд ядуурал гэхээсээ илүү яаж чинээлэг болсон бэ гэдэг асуултад хариулт хайх нь зөв гэж үздэг яагаад гэвэл ядуурал эрт дээр үеэс хүний нийгмийн дунд оршин тогтносоор ирсэн. Харин сүүлийн хэдэн зуун жил чинээлэг байдал гэж бий болсон. Дэлхийн эдийн засгийн индексээр татварын хувь хэмжээ, гэрээ хэлэлцээрийн баталгаатай байдал, мөнгөн хуримтлалын хамгаалалт, хил дамнасан худалдааны чөлөөт байдал, засаглалын чанар, авлигын түвшин зэргээр хэмжиж болдог. Эдийн засгийн индексээр Хонконг, Сингапур зэрэг орнууд олон жил тэргүүлсээр ирсэн. Эдийн засгийн эрх чөлөөгөөр Зимбабве, Венесуэль зэрэг орнууд доогуур орж байна. Латин Америкийн орнуудад 1950-иад онд үр хүүхэдтэйгээ шилжин сууршихад таатай байсан бол өнөөдөр тухайн бүсэд таагүй нөхцөл үүссэн. Гэтэл тухайн үедээ маш ядуу байсан ч өнөөгийн “Азийн бар” гэж нэрлэгдэж байгаа Тайван, Хонконг, Сингапур зэрэг орнууд өнөөдөр хамгийн амьжиргаа сайтай орчин болж өөрчлөгдсөн. 1950 оноос хойш Латин Америкийн орнуудын ДНБ 1-2 дахин өссөн бол “Азийн бар”-уудынх 40-50 дахин өсчээ. Эдийн засаг нь өндөр өсөлттэй орнуудын засаглал нь ил тод сайн, авлигын түвшин бага байдаг. Энэ нь тэдгээр орнуудыг колони байсан орнуудаасаа илүү их орлоготой, чинээлэг амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна. Жишээлбэл орчин таатай байсан Латин Америкт 1950 онд төрсөн хүний амьжиргааны түвшин мөн тухайн үед “Азийн бар” орнуудад төрсөн хүнтэй өнөөдөр харьцуулахад 40-50 дахин доогуур байх жишээтэй. Энэтхэгийн жишээн дээр авч үзье. Фермерүүдийн хувьд оюуны өмч маш чухалд тооцогддог. Гэтэл Их Британи улс ой мод, тариалангийн талбай, бэлчээр зэргийг их сүйтгэсэн байдаг. Энэ бүхнийг зохицуулах хууль байхгүйгээс бараг өлсгөлөн болж байсан. Харин өнөөгийн нөхцөлд фермерүүд гүүгл, GPS зэрэг орчин үеийн цахим хэрэгслүүдийг ашиглаж өөрийн газрын бүртгэлийг хийлгэснээр газрын ашиглалт сайжирч, улмаар ашиг нь нэмэгдэнэ. Улмаар олсон орлогоороо үр хүүхдүүдээ сургах гэх мэт эерэг үзүүлэлтүүд гарч байна. Олон оронд өмчийн эрх, харилцааг зохицуулж өгөөгүй байна. Гэтэл өмчийн эрх гэдэг нь эдийн засгийг хангах нэг нөхцөл болдог. Мөн инфляцийн асуудал байна. Зимбабвегийн хувьд бонд гаргасан. Тухайн үедээ бонд 100 ам.доллараар гарч байсан боловч өнөөдөр үнэгүй шахам болчихоод байна.

Төрөөс фермерүүдэд дэмжлэг үзүүлэх нь 1940 онд зогссон

Хүмүүс маргаашийн хэрэгцээндээ зориулж мөнгө хадгалж байдаг. Энэ нөгөө хэсэг хүмүүст тэр мөнгийг нь зээлж хэрэгцээгээ хангах боломж олгоно. Инфляцийн үед үл хөдлөх хөрөнгө, газартай улсуудын хөрөнгийн үнэлгээ нэмэгддэг. Гэхдээ инфляцийн үед хамгийн их хождог нь Засгийн газар. Яагаад гэвэл Засгийн газарт маш их үл хөдлөх хөрөнгө байдаг. Нөөцөө алтаар бүрдүүлсэн байдаг Чөлөөт эдийн засаг бол чинээлэг иргэдийг төрүүлэх нөхцөл бүрдүүлдэг. Жишээлбэл, Хонконг өөрсдийн газар нутгийн байрлалыг ашиглаж чөлөөт худалдааг хөгжүүлсэн. Шинэ Зеланд улс дэлхийн хамгийн хяналттай худалдааны эдийн засагтай улс байсан. Швейцарь улс бас адил хяналттай эдийн засагтай байсан. Гэтэл Швейцарь үсрэнгүй хөгжсөн бол Шинэ Зеландын хөгжил маш удааширсан. Тус улсад фермерүүддээ янз бүрийн улсын дотаци өгдөг байсан. Энэ нь тухайн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ашигтай юу, үгүй гэдгийг бодитоор мэдрэх боломж олгодоггүй. Харин энэ төрөөс дэмжлэг үзүүлэх явдал нь 1940 онд зогссон. Өмнөх социалист маягийн тогтолцоо нурснаар Шинэ Зеланд улс чөлөөт худалдааг дэмжих, зах зээлийн эдийн засгийг дэмжих болсон. Грек улсад бас ийм арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж би бодож байна. Дотаци авч байсан фермерүүд аливаа шинэтгэлийн арга хэмжээний дараа дэмжлэг авахаасаа илүү арай ухаалаг бодлого явуулах хэрэгтэй гэдгийг ойлгосон байдаг. Нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх, сортоо сайжруулах, зардлаа багасгах гэх мэт өмнө тоодоггүй байсан зардал бууруулж, ашиг нэмэгдүүлэх аргуудыг хэрэгжүүлдэг. Мөн Засгийн газар нь зардлаа маш ихээр бууруулж, төрийн албан хаагчдыг 30 хувиар цомхотгосон байдаг. Засгийн газар татвар бууруулж, харьяа байгууллагууд нь ашиг олж, зардлаа бууруулах арга олж байв. Жишээлбэл Цаг уурын байгууллага олон нийтэд цаг агаарын байдлыг мэдээлэхээс гадна, цаг агаарын мэдээ илүү чухал хэрэгцээтэй байгууллагуудад тусад нь мэдээлэл боловсруулах зэрэг үйлчилгээ үзүүлж төлбөр авч зардлаа бууруулсан. Грек улс ийм арга хэмжээг хэрэгжүүлсэн бол өнөөгийн хүнд байдалд орохгүй байсан байх. Шинэ Зеландын Засгийн газар шинэчлэл хийснээр эдийн засгийн өгөөж бүх нийтэд хүртээмжтэй болно. Цөөн хэдэн хүнд өндөр ашиг авчирдаг тогтолцоог устгана гэдгээ мэдэгдсэн. Шинэ Зеландын энэ туршлагыг Монгол Улсад хэрэгжүүлж болох юм. Танай хөрш БНХАУ туршлага болохоор орон. Хятад улсын эдийн засгийг энэ мянганы од гэж болно. Өнгөрсөн хугацаанд Хятад улс 250 сая хүнийг ядуурлаас гаргасан. Гэхдээ тус улс эдийн засгийн индексээр олон улсад доогуур жагсаж байна. Хятад улс яагаад доогуур жагсаж байна гэвэл энэ улс маш том улс. Нэг муж л гэхэд нэг улсаас олон хүн хүн амтай. Хятадын зүүн мужийн зарим хэсэгт Хонконгоос илүү амьжиргаатай байгаа. Гэтэл бусад олон мужид хяналттай эдийн засагтай тул олон хүн ядуу буурай, орлого багатай байна гэж үзэж байна. Энэ хэсэг нь нийт жингээрээ нөгөө чинээлэг хэсгээ дардаг учраас эдийн засгийн үзүүлэлт доогуур гарна. Эдийн засгийн эрх чөлөөний индекст бас үзүүлэлт чухал гэж би үзэж байна. Энэ нь шилжилт хөдөлгөөн. Энэ бодлогыг хэрэгжүүлдэг орнууд чадварлаг боловсон хүчнийг өөртөө төвлөрүүлж чадна. 1912 онд АНУ байгуулсан компаниудын 33 хувийг цагаачид байгуулсан гэдэг мэдээ байна. Яагаад цагаачдыг онцлоод байгаа юм бэ гэж надаас олон хүн асуудаг. Цагаачид АНУ-ын үндсэн иргэдтэй харьцуулахад бизнес хийх хүсэл эрмэлзэл их байдаг. Тэд эрсдлийг өөр дээрээ авч, даван туулах чадвар өндөр байдаг. Бизнес эрхлэгчдэд шаардлагатай тэр их эрсдэл даах зэрэг чадвар нь цагаачдад байдаг шинж чанаруудтай адил харагддаг. Миний эхнэрийн хувьд хятадаас гаралтай АНУ суурьшсан хүн байдаг. Манай хүний хувьд дэлхийн бөмбөрцгийн нөгөө хагаст очиж өөрийн хүсэл зориг, эрч хүчээр илүү сайхан амьдрах хүсэл зориг байсан. Хүн эрх чөлөөтэй газарт л өөрийн байгаа боломжоо ашиглаж хүчээ сорьж амьдарна. Эдийн засгийн эрх чөлөөтэй орнууд өөрийн ажиллах хүчээ хоёр дахин нэмэгдүүлдэг. АНУ энэ бодлогыг хэрэгжүүлснээр өөрсдийн чадварлаг боловсон хүчнээ арав дахин нэмэгдүүлж чаддаг. Зарим оронд шилжин суурьшигчид өмнөхөөсөө илүү амьдрах боломж байдаг боловч АНУ тэмүүлэх нь их байна. Хүмүүсийн цагаачдын эсрэг үзэл нь шашин шүтлэг, ажлын байрны асуудлаас болдог. Надтай хамт нэг герман оюутан сурч байсан. Германд цагаачдаас айж байгаа бол асуудал цагаачдад өөртөө итгэлгүй, өрсөлдөх чадваргүй герман иргэнд байна гэж үзнэ. Эхний ээлжинд суурьшихаар ирж байгаа цагаач иргэн сайн хүн үү, муу хүн үү гэдэг мэдэгдэхгүй байж болно. Гэхдээ яваандаа эрсдэл даах чадвартай, өрсөлдөөнд тэсвэртэй гэдэг нь батлагддаг. Газрын тосоор жишээ авч болно. Хүний төлөө дайн хийхээсээ илүү газрын тосны төлөө дайн олон болдог. Гэтэл газрын тос ямар ч баялаг бүтээдэггүй. Өсөн үрждэггүй, хөгжиж дэвждэггүй эд. Харин хүн өсөж дэвжиж үржиж олширно. Гэтэл зарим нэг нь хүмүүс өсөж үржээд бидэнд аюул занал учруулна гэж үздэг.

Төсөл нэрээр мөнгө гуйвуулж авлигыг өөгшүүлэх хэрэггүй

Ихэнх улс оронд цагаачдын төлөө ба эсрэг үзэлтэй улсууд байдаг. Яагаад тэд цагаачдад ээлтэй ханддаг вэ гэвэл хөрөнгө оруулалт, ажлын байр, чадварлаг боловсон хүчин нэмэгдэнэ гэж үздэг. Ийм үзэлтэй бизнесменүүд Засгийн газартайгаа харьцахад хэцүү байдаг. Харин АНУ цагаачдын асуудалд ээлтэй ханддаг орны тоонд орно. Хавайн зарим компаниуд хятадуудтай гэрээ хийх замаар ажиллах хүчээ бүрдүүлдэг. Португаль улс бас анх цагаачдад ээлтэй ханддаг улс байсан. Хөрөнгө мөнгө, ёс заншлаа авчраад ирж байгаа цагаачдад нааштай хандаж байсан. Тухайн үедээ хөрөнгө оруулалтыг маш сайн ашиглаж чадсан. Харин хожим нь шашин шүтлэг бусад шалтгаанаас болоод энэ бодлого нь өөрчлөгдсөн. Улс орон бүрт иргэддээ үзүүлэх халамж өөр байдаг. Өндөр халамж үзүүлдэг орнуудад цагаачдын асуудал багагүй байдаг. АНУ-ын халамжийн бодлогод дурласан цагаачид их байдаг гэж ярьдаг. Миний бодлоор бол тийм биш. Тэдэнд амьжиргааны төлөө гэхээсээ илүү бизнес эрхлэх сонирхол нь давамгайлсан байдаг. Учир нь тэд халамж өндөртэй орчныг биш бизнес эрхлэх таатай орчинд илүү суурьшсан байдаг. Мөн донор орнууд өндөр түвшний мэргэжилтнүүдээ гадаадад ажиллуулж мөнгөн шилжүүлгээр орлого олох боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Буурай хөгжилтэй орнуудын иргэд хөгжингүй орнуудад хөдөлмөрлөж ар гэр лүүгээ, эх орондоо илгээж байгаа мөнгөн гуйвуулгын хэмжээ ихээр нэмэгдэж байна. Зарим орны ДНБ-ий найман хувьд хүрсэн гэсэн мэдээ бий. Хөгжингүй орнууд буурай орнуудад элдэв төсөл хөтөлбөр нэрээр мөнгө гуйвуулж авлига мэтийн асуудал үүсгэж байснаас хөдөлгөөн шилжилтийг чөлөөтэй болгох нь тухайн орны иргэдэд илүү ашгаа өгнө гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Зарим хүмүүс хүн ам нүүдэл, шилжилтийг таашаадаггүй. Гэтэл хүний түүх байнгын нүүдэл байсан. Хүн амын төвлөрлөөс тээршаадаг. Харин эсрэгээр хүний төвлөрөл нь өөрөө эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх боломж олгодог. Томоохон хотууд л хүчтэй эдийн засагтай байдаг. АНУ-ын нийт газар нутгийн гуравхан хувийг том хотууд эзэлдэг. Лас Вегас эзгүй цөл байсан. Тэнд хүн амын төвлөрөл бий болсноор дэлхийн хамгийн том эдийн засагтай хот үүссэн. Нью Йорк, Лос Анжелес хотууд томорсоор л байна. Хүн амын өсөлт нь илүү их эдийн засгийн нөөцийг бий болгож байна. Хөгжингүй орнуудын төрөлт буурч байна. Хүн амын хөгшрөлт нь үйлдвэрлэлийг саармагжуулж, тэтгэвэр тэтгэмжийн асуудал үүсгэнэ. Канадын Ванкувер Айланд арал дээр 28 Хонконг улсыг байгуулах боломжтой. Хүйн Шарлат гэдэг газар есөн Хонконг байгуулж болно. Дээр нь энэ бүс маш их эрчим хүчний нөөцтэй. Энэ төвлөрсөн олон сая иргэн нефтийн бизнес эрхлэх боломжтой. Эдгээр нөхцөлүүдийг харвал цагаачлалд ээлтэй хандана гэдэг бол илүү ашигтай байж болно. Түүнээс ч илүүтэйгээр хүмүүнлэгийн сайн үйлст тооцогдоно. Бас хүн хүндээ хүмүүнлэг хандаж байгаа ёс зүйн асуудал юм.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Я.Санжмятав: Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад Монголын 50 хүүхэд оролцоно

УИХ-ын гишүүн Я.Санжмятавтай ярилцлаа.

-Зургаан сайдыг өргөн барих асуудал анхаарлын төвд байсаар байгаа. МАН-ын зургаан сайдыг чөлөөллөө гээд л янз бүрийн яриа гарч байна. Та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Их л сүрхий дэвэргэж яриад байгаа болохоос аль ч улс оронд сайдууд нь огцорч, чөлөөлөгдөж л байдаг шүү дээ. Засгийн газар нь бүрэлдэхүүнээрээ огцорчихсон биш МАН-ын зургаан сайдыг чөлөөлж, орных нь сайд нарыг томилох асуудал яригдаж байна. Энэ бүхэн процедурын дагуу явах ёстой. Одоо цаг бага үлдсэн тул ажил хийх хүнээ даруйхан сонгоод цаашаа явах нь хамгаас чухал байна. Сандал суудлын төлөө биш санаандаа хүртэл ажиллаж чадах хүнээ суудалд нь тавих л үлдлээ шүү дээ.

-Таны санаачилсан нэгэн томоохон ажлын талаар мэдээлэл авах гэсэн юм. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Завхан аймгийн 24 суманд “Өсвөрийн 9999 монгол шатарчид”-ын тэмцээн болсон. Энэ үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов ирээд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан. Тэгвэл хэдхэн хоногийн дараа Монголын нийслэлд өсвөрийн дэлхийн шатрын олимпиад болох гэж байна?

-Энэ жил Монгол Улсад 16 нас хүртэлх хүүхдүүдийн шатрын дэлхийн олимпиад болох гэж байна. Уг тэмцээн нь олон улсын шатрын холбооны календарт орчихсон төсөв санхүү нь улсын төсөвт суучихсан төлөвлөгөөт арга хэмжээ. Сүүлийн үед монгол хүүхдүүд шатрын спортоор хичээллэн үр дүн нь сайн гарч байгаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль авч байна. Нас насныхаа ангилалд рейтинг нь өсч байгаа гэдгийг манайхан анзаарсан байх. Хүүхдүүд шатар тоглон тодорхой хэмжээний үр дүнгүүд гараад байгаа хэдий ч олон улсын томоохон тэмцээнүүдэд олноороо орох боломж тааруу байгаа юм.

-Зардал хөрөнгөтэй холбоотой юу?

-Олон улсын тэмцээнд явахад тухайн орон нэг багийн зардлыг л даадаг. Манайхан гурван багтай явах гэхээр хоёрынх нь зардлыг өөрсдөө олох шаардлага тулгардаг. Тиймээс тэмцээнд оролцох таван тамирчин нэг дасгалжуулагчаас бусад хүмүүс тэмцээнд оролцоход эдийн засгийн хувьд хүнд болдог. Монгол хүүхдүүд бусад орнуудын хүүхдүүдээс оюун ухааны чадамж, сэтгэлгээ муутай биш эдийн засгийн асуудлаас болж хохирч үлддэг л дээ. Энэ байдлаас гарах гарцыг би хувьдаа эрж хайдаг юм. Ноднин 9999 хүүхдийн шатрын тэмцээнийг Завхан аймагт зохион байгуулж, дараа нь Улаан-Үдэд хүүхдүүдээ тэмцээнд оруулсан. Мөн Завханы хүүхдүүд БНСУ-д тэмцээнд оролцоод ирсэн. Монгол хүүхдүүдийн хувьд бусад орны олон жил системтэй бэлтгэгдсэн хүүхдүүдээс илүү байна уу гэхээс дутахааргүйгээр тэмцээнд оролцдог. Тийм болохоор манай орноос хол болдог байсан дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэл төрсөн хэрэг. Тиймээс ноднин 9999 шатарчдын тэмцээний үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Илюмжиновт санал тавьсан юм.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах орнуудын дунд өрсөлдөөн хэр байсан бэ?

-Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад гурван орон өрсөлдөж Монгол Улс эрхээ авсан. Учир нь 9999 хүүхдийн шатрын тэмцээнийг нэг аймагт зохион байгуулж чадсан юм чинь Дэлхийн аваргыг танай улс зохион байгуулж чадна гэж үзээд эрхийг олгосон. Дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах Засгийн газрын шийдвэр, Эрүүл мэнд спортын яамнаас тушаал гарсан байгаа. Миний хувьд Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч гэсэн сонгуульт ажилтай хүн. Тиймээс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хорооны даргаар томилогдсон.

-Энэ удаагийн Дэлхийн аваргад хичнээн орны өсвөрийн шатарчид өрсөлдөх юм бэ?

-Одоогоор 24 орны 32 гаруй баг тэмцээнд оролцоно гэдэг мэдүүлгээ өгчихөөд байгаа. Манай орны хувьд дээрх багууд дээр нэмж 10 баг оролцуулах юм. 10 удаагийн Дэлхийн аваргад оролцох зардлыг хэмнэж энэ тэмцээнд оролцуулж байгаа гэж ойлгож болно. Би мөнгөгүй улмаас Дэлхийн аваргад оролцож чадсангүй дээ гэдэг харууслыг үр хүүхдүүд минь сэтгэлдээ тээж, доголон нулимстай үлдээхгүй гэдэг утгаар нь бүх хүүхдүүдээ ижил гараанаас оролцуулахаар болсон юм. Монгол Улсын хөгжлийн түлхүүр нь мөнгө санхүү гээд олон зүйлийг манайхан ярина. Хамгийн чухал үндсийн үндэс нь хүн байдаг. Тэр дундаа улс орны ирээдүй болсон хүүхдүүд байдаг юм. Бид зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх, чадамжтай Монгол Улсыг бий болгохын тулд хүүхдүүдийн сэтгэн бодох, хөгжил дэвшил рүү явах бололцоог нь шатрын спортоор олгоё л гэж байна. Сумын хүүхдүүд аймагтаа, улсдаа уралдаад медалийнх нь тоо нэмэгдээд байдаг. Ер нь монголдоо хичнээн медаль авсан бай тивийн аваргад ядаж оролцохгүй байгаа нь харамсалтай байгаа байхгүй юу. Тэр хүүхдийн оюун санааны хөгжилд нь олон улсын тэмцээн их нөлөөлнө биз дээ. Дэлхийн түвшний тэмцээнд оролцох хүүхдүүдийн хүслийг гүйцэлдүүлж эх оронд минь болж буй дэлхийн аваргад хэнийгээ оролцуулах вэ гэж толгой өвтгөх асуудалгүй боллоо. Энэ тэмцээн болсноор Дэлхийн хэмжээний ринг дээр Монголын 50 хүүхэд өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Гадаад дотоодын үеийн нөхдөөсөө өөрийнхөө чадвар хэр байгааг мэдрэх боломж бүрдэж байгаагаараа энэ тэмцээн онцлог болно.

Ирэх оноос Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авах хүсэлтэй байгаа. Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээ эх орондоо зохион байгуулмаар байна. Магадгүй 2020 онд Монголд дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг авах боломжтой. 2020 он гэхэд манай орон дэлхийн шатрын аваргатай болохыг үгүйсгэхгүй. Миний хүсч байгаа зүйл бол 2022 оноос өмнө дэлхийн шатрын аваргатай болох.

-Тэмцээнд ямар рейтингтэй хүмүүс оролцох бол?

-Дэлхийн аварга гэдэг утгаараа тааруу тамирчин оролцохгүй. Тэмцээнд оролцох тамирчид 2000-аас дээш рейтингтэй супер мастер 10 оролцоно. Шатрын спорт өндөр хөгжсөн орнуудаас маш олон мастерууд хүрэлцэн ирнэ. Тэр хүмүүс Монголын хүүхдүүдэд шатрын спортын чадамжийг мэдрүүлж өгнө гэдэг нь маш чухал. Дэлхийн олон шилдэг шатарчид ирснээр манай орны хүүхдүүдийг дасгалжуулах бэлтгэлийг нь хангуулах боломж бүрдэнэ. Чадварлаг шатарчин хүүхдүүдийг гадаадын сургуульд сургах бололцоо эндээс бүрдэнэ гэж харж байгаа. Тиймээс гурван сарын өмнөөс бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн болохоор ажил дуусч байна. Тэмцээн маш сайн болно гэдэгт итгэлтэй байгаа. Мөн дэлхийд монголоо сурталчлах юм.

-Монголоо сурталчлах ямар боломж байгаа юм бэ?

-Олон улсын шатрын холбоо дэлхийн 181 оронд салбартай. 181 оронд 10 өдрийн турш үргэлжлэх тэмцээнийг онлайнаар шууд үзэх юм. Тэмцээн наймдугаар сарын 19-нд эхэлж 29-нд дуусах өдөр хүртэл тэмцээний дундуур монгол гэж ямар орон бэ гэдгийг харуулна. “Найрсаг Улаанбаатар” гэдгээ сурталчилж өгмөөр байна. Монгол гэдэг улсад уул уурхайгаас гадна хөгжих боломж байна, хөрөнгө оруулах бололцоо бий гэдгийг мэдрүүлэхийн тулд ажиллаж байгаа. Эдийн засгийн форум гээд хоёр өдөр хуралддаг. Тэгвэл монголд хөрөнгө оруулалт хийж байгаа компаниуд бидэнтэй хамтарч ажиллаад арван өдөр компаниа дэлхийд сурталчлах юм. Үүгээрээ давуу талтай тэмцээн болно. Өдөрт 4-5 цагийн тэмцээн болох тул үүнийг дэлхийн орнууд шууд үзнэ. Тэмцээнд ирсэн орнууд манай улсыг сонирхож таарна. Тэр үеэр нь танай компанийг болон ямар салбарт хөрөнгө оруулалт хүсч байгаа талаар нь сурталчилна. Бид эдийн засгийн хүндрэл байна гээд гараа хумхин суулгүй гарц гаргалгаатай, хөрөнгө бага зардаг хэрнээ илүү үр өгөөжтэй төсөл хэрэгжиж байгааг дуулгамаар байна.

Миний хувьд хаврын чуулган завсарлахаар тойрогтоо ажиллаад, дараа нь эх орондоо хэрэгтэй нэг зүйл хийе гэсэн нь энэхүү Өсвөрийн дэлхийн шатрын олимпиадыг зохион байгуулах ажил байлаа. Ямартай ч тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа.

-Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ гар утас, компьютерийн тоглоомоос хэрхэн холдуулах вэ гэдэг асуудал толгойны өвчин боллоо. Хүүхдийг үүнээс хол байлгах нэг арга нь энэхүү шатрын спорт ч юм шиг. Өнгөрсөн жил Завханы 9999 хүүхдийг шатар тоглож сургасан нь тус аймгийн хүүхдүүдэд оюуны том хөрөнгө оруулалт болсон гэж тус аймгийнхан ярьдаг юм билээ?

-Эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоосон нэг зүйл бол хоолгүй, хувцасгүй байх биш тоглоомонд донтсон хүүхдүүдээ яах вэ гэдэг асуудал болоод байгаа нь үнэн. Хүүхдүүдийг шатраар дамжуулан арай өөр зүйл рүү анхаарлыг нь хандуулах хэрэгтэй байна. Манай Завханы хүүхдүүд аялалд явах юм уу хэд хэдээрээ нийлээд ийшээ тийшээ явахдаа “За ганц нүүчих үү” гэдэг болсон. Бидний үед бол барилдчих уу, тэвэг тоглочих уу гэдэг байсан бол охидууд нь матик, черта тоглох уу гэдэг байлаа. Одоо бол Завханы хүүхдүүд морин хуураа нэг хөглөчихье, шатар нүүчихье гээд сэтгэхүй нь өөр болсон байгаа. Тиймээс эрүүл хүүхэд өсч торних нэг боломжийг нээж өглөө хэмээн дотроо сэтгэл хангалуун байгаа.

-Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадын үеэр нас харгалзахгүй оролцох “Mongolia open” тэмцээн болно гэсэн мэдээлэл байгаа. Тэр нь ямар учиртай тэмцээн юм бэ. Хүссэн хүн бүхэн оролцож болох юм уу?

-“Mongolia open” нээлттэй тэмцээн нас, зэрэглэл харгалзахгүй. Гэхдээ зэрэглэлийн хувьд өндөр рейтингтэй хүмүүс нь 40 ам.доллар төлөх бол рейтинг багатай оноогоо нэмэх гэж байгаа хүмүүс 100 ам.доллар төлж оролцох юм. Одоогоор 122 хүн бүртгүүлээд байна. Ноднин 9999 шатарчдын тэмцээнийг зохион байгуулсан хүний хувьд энэ тэмцээнийг өөрийнхөө ивээл дор зохион байгуулж байгаа. Энэ тэмцээн маань мөн л наймдугаар сарын 19-29-ний хооронд 10 хоног үргэлжилнэ. Мастерт дэвшиж оноо цуглуулж байгаа хүмүүс оролцож оноогоо ахиулах боломжтой л доо. Хожсон тохиолдолд зургаан сая төгрөг авах юм. Үндсэндээ бооцоот тэмцээн маягийн зүйл явах юм. Тиймээс энэ өдрүүдэд хоёр тэмцээн зэрэг явна гэсэн үг.

Тэмцээний үеэр манай тамирчин бусад орны шилдэг тамирчидтай найз нөхдийн, багш шавийн барилдлага тогтоох боломжтой. Энэ тэмцээн “Хүннү молл” цогцолборт болно. Тэр утгаараа бид “Хүннү молл”-ыг сурталчилж өгөх үүрэг авч байгаа юм. 181 оронд бид “Хүннү молл”-ын үйл ажиллагааг сурталчилж өгнө. Үүний дүнд “Хүннү молл” бидэнд үнэгүй талбайгаа ашиглуулж байгаа. Бид ингэж л хэн хэнийхээ дутууг нөхөж ажиллах ёстой. Нямдаваа захиралтай “Хүннү молл”-ынхондоо талархаж байгаагаа хэлмээр байна. Тэмцээнд оролцохоор ирсэн хүмүүс шатар тоглохоос гадна олон үйлчилгээг монголд авна. Энэ нь бас л эдийн засаг шүү дээ. Эдийн засагт тодорхой эргэлтийг бий болгох юм. Хүнээ хөгжүүлж, нөхөрлөлөө бий болгож, эдийн засагтаа бага гэхгүй эргэлт бий болгож, монголоо сурталчилсан арга хэмжээ болно. Мэдээллийн спонсороор ТВ9 телевиз ажиллана.

-Нэг зүйлийг лавлахад дэлхийн шатрын холбооны гишүүнээр монголын маш олон хүүхэд элсэхээр болсон гэв үү?

-Ноднин 9999 тэмцээнд оролцсон хүүхдүүд дээр нэмэгдээд 10182 хүүхэд Дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элсэх юм. Монгол Улс шатрын орон гэдгийг, монгол хүүхэд цаашид дэлхийд хүчтэй өрсөлдөгч болон гарч ирнэ гэдгийг тунхаглаж байгаа нэг зүйл энэ байх болно. Дэлхийн өнцөг булан бүрт шатар сайн тоглож байгаа хүүхдүүдээс дэлхийн нэртэй компаниуд ирээдүйн боловсон хүчнээ сонгон шалгаруулдаг дэлхийн жишиг байна. Тэдгээр компаниуд Монголын хүүхдүүд яахаараа ийм мундаг байдаг юм бэ гээд түрүүлж санал тавьдаг болгохын тулд хийж байгаа ажил. Дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элссэн хүүхэд жилд 24 мянган төгрөг төлнө. Сард 2000 төгрөг гэсэн үг. Тэр хүүхэд дэлхийн хаана ч болж байгаа тэмцээнийг үзэх боломжтой болохын сацуу ямар ч тэмцээнд онлайнаар оролцох боломжтой. Шатрын тухай шинээр гарсан бүх номуудыг өөрийнхөө картаар хуулаад авах бололцоотой гээд давуу тал ихтэй. Хүүхдүүд комьютерийг тоглох хэрэгсэл гэдэг нүдээр биш арай өөр чиглэлд ашиглаж сурахад нөлөө үзүүлнэ. Дэлхийн шатрын холбоонд гишүүн элсүүлэхэд заавал бүгдийг нь хотод дуудах шаардлагагүйгээр хөдөө малын бэлчээрт байгаа хүүхэд модемоор интернэтэд холбогдон өөрийн анкетыг өгөөд л гүйцээ. Гишүүн болсон бүх хүүхдийн картыг тэмцээн дууссаны дараа хүргүүлнэ. Эхний ээлжинд 24 мянган төгрөгийн асуудлыг шийдсэн байгаа.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Зарим нислэгүүд саатжээ

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж улс хоорондын болоод орон нутгийн
хэд хэдэн нислэг хойшлогджээ. Хойшилсон нислэгүүдийг хугацаанаас нь
хоёр цагийн дараагаар нисгэх төлөвлөгөөтэй байна.

Тухайлбал, өнөөдөр өглөө нислэг үйлдэх байсан Истамбул, Эрээн,
Даланзадгадын нислэг хойшлогдсон байгаа бөгөөд эх сурвалжийн хэлснээр
Истамбулын нислэг гэхэд 11.00 цаг хүртэл хойшилжээ.

Мөн Улаанбаатараас гарах орон нутгийн хоёр нислэг саатсан бол орон
нутгаас Улаанбаатар руу ирэх гурван нислэг саатаж, хөөрөх хугацаагаа
хойшлуулсан мэдээлэл байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэд зээлээ төлж чадахгүй байгаагаас ломбардныхан машины ченж болжээ

Автомашин барьцаалж зээл олгодог ломбард, хувь хүмүүс машины ченж болжээ. Учир нь зээл авсан иргэд мөнгөө төлж чадахгүй хугацаа хэтэрч, алданги төлөх болсноор барьцаанд тавьсан машинаа авч чадахаа больжээ. Зарим банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байгаа 200 гаруй машины бичиг хураалгаастай тухай ч мэдээлэл ирлээ. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж иргэд ээмэг, бөгж, утас, компьютероо ломбардад орхих болсон талаар бид сурвалжилж байсан. Тэгвэл одоо унаагаа орхихоос аргагүй болжээ.

“Хугацаа хэтрээд долоо хоновол л барьцааны машиныг зарна”

Бидэнд мэдээлэл өгсөн иргэн “Нет капитал” банк бус санхүүгийн байгууллагад машинаа барьцаанд тавьж зээл авчээ. Тэрбээр зээлээ хугацаанд нь төлж байгаад өнгөрсөн сараас хойш төлж чадаагүй гэнэ. Барс худалдааны төвд лангуу түрээсэлж, наймаа хийдэг байсан тэрбээр бараа зарагдахгүй байснаас ажлаа орхижээ. Гэнэт орлогогүй болсон учраас зээлээ төлж чадахгүй байгаа гэнэ. Тэр залуу “Барс худалдааны төвд наймаа хийж байхдаа бараагаа зөөх гэж суудлын автомашин авсан юм. Эргэлтийн мөнгөтэй болох гээд машинаа барьцаанд тавиад зээл авчихсан. Гэтэл нэг сар зээлээ төлөөгүй гэдэг шалтгаанаар машиныг минь зарах гээд байна” гэлээ.

Бид “Нет капитал” банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагчтай холбогдоход “Зээлийн хугацаа хэтрээд долоо хоносон л бол манай байгууллага зарах эрхтэй. Угаасаа энэ тухай гэрээндээ заачихсан байгаа. Та гэрээгээ уншиж, зөвшөөрсөн учраас гарын үсэг зурсан биз дээ. Сар зээлээ төлөөгүй бол алданги нь талийж өгсөн. Угаасаа зарагдахаас аргагүй юм байна” гэлээ. Харин тус байгууллагын Чингэлтэй дүүрэг дэх салбар дээр очиход өөр хариулт хэллээ. “Нет капитал” банк бус санхүүгийн байгууллага авто машин барьцаалж 500 мянгаас 50 сая төгрөг хүртэлх зээл олгодог юм байна. Зээлийн сарын хүү дөрвөн хувь бөгөөд нэгээс гурван сарын хугацаатай зээл авах боломжтой. 500 мянган төгрөгийн зээл авбал 35 мянган төгрөг, түүнээс дээш мөнгөн дүнтэй зээл авбал 75 мянган төгрөг авдаг аж. Машин лизингээр худалдаж авахаар бол мөн дөрвөн хувийн хүү төлнө. Харин хугацаа нь 1-12 сар байх юм билээ. Чингэлтэй салбарын захирал Д.Мөнхтуяа “Яг манай салбар дээр хураагдсан, зарагдах гэж байгаа машин байхгүй. Зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байгаа бол бид үйлчлүүлэгчтэйгээ ярилцана. Машинаа зараад мөнгөө төлөх боломж олгоно.

Хэдээр худалдах вэ гэдгийг тохиролцоно. Шууд зарчихдаг гэж ойлгож болохгүй. 200 гаруй машин барьцаанд байгаа гэдэг нь манай үйлчлүүлэгчдийн тухай мэдээлэл болохоос зарагдах гэж байгаа машины тоо биш” гэлээ. Тэдний зээлийн гэрээ байгууллагын нууцад хамаардаг бололтой, үзүүлэхгүй гэнэ. Барьцаанд хураагдсан машин, эд зүйлээ борлуулах асуудлыг дотоод журмаараа зохицуулдаг гэдэг тайлбарыг хэлсэн юм. Зээл авахаар гэрээ байгуулбал л дотоод журам, гэрээтэй нь танилцах боломжтой гэсэн.

“Сайн” ломбард барьцаанд байгаа 100 гаруй машин зарна

Баянзүрх дүүргийн “Да хүрээ” захын зүүн талд байдаг “Сайн” ломбардад очиход үйлчлүүлэгч байсангүй. Зээлийн эдийн засагч нь “Манайх автомашин барь­цаалж 300 мянгаас арван сая төгрөг хүртэлх мөнгийг сарын хугацаатай 5.5 хувийн хүүтэй зээлүүлдэг. Хүүгээ төлөөд зээлээ сунгах боломжтой. Ихэнхдээ иргэд Prius 20 маркийн машин барьцаалдаг. Гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд зээлдэгч ирж эдийн засагчтай уулзаад сунгах боломж бий. Хэрвээ ингээгүй тохиолдолд гэрээнд заасан ёсоор барь­цаанд байгаа автомашин ломбард­ны хувийн эзэмшил болдог” гэлээ. Түүний тайлбар­ласнаар зээл төлөх хугацаа дууссанаас хойш 15 хоногийн дараа уг машиныг зарах эрх ломбардад үүсэх аж. Эзэн нь зээлээ төлж чадалгүй, ломбардны эзэмшил бол­сон машиныг зарах борлуу­лагчид ажилладаг гэнэ. Гэрээт борлуулагч нь “Сайн” ломбардад хураагдсан машинуу­дыг зардаг аж. Цайз захын зүүн урд “Сайн ломбард зээлийн барьцаанд хураагдсан автомашин худалдаа” гэсэн хаягтай гарааж, зогсоол байх юм. Зогсоолд ихэвчлэн жийп байх аж. Суудлын тэрэгнүүдээс Prius-20 цөөнгүй харагдсан. Ломбардны барьцаанд байгаа гэдэг утгаараа зах зээлээс хямд үнэтэй гэнэ. Тиймээс машин сонирхох хүн олон байлаа. Тэнд 2011 онд үйлдвэрлэсэн “Landcruiser-200” маркийн автомашин 70 сая, 2007 оны “Landcruiser-100” 30 сая төгрөгийн үнэтэй зарагдаж байна. 2001 оны “lexus 470” 23 сая төгрөгийн үнэтэй аж. “Prius” загвараасаа хамаараад 3.5-7 сая төгрөгийн үнэтэй. Борлуулагч залуу “Энэ жил барьцаанд хураагдсан машины тоо харьцангуй өссөн. Харь­цангуй хямд үнээр зардаг болохоор хүмүүс маш их сонирх­дог” гэлээ. “Prius-20” маркийн машинаа барьцаанд тавиад, зээлийнх нь хугацаа хэтэрсэн бүсгүй машинаа яаж авах талаар сураглаж явахтай таарлаа. Түүнд борлуулагч залуу “Алданги чинь маш их мөнгө болсон. Тэгээд ч prius машины үнэ буурчихсан байгаа. Ломбарданд хүү, алданги төлж байхаар эндээс машинаа найман сая төгрөгөөр худалдаад авчих” гэдэг зөвлөгөө өгчээ. Учир нь ломбардны алданги хоногийн 0.5 хувийн хүү байдаг гэнэ.

“Маш шил” ломбард машин барьцаалж нэг сарын хугацаатай зээл олгодог гэнэ. Машиныг нь харж байгаад 2-3 сая төгрөгийн зээл олгодог гэнэ. Сарын дотор мөнгөө, хүүтэй нь төлж чадахгүй бол машиныг нь борлуулах эрх үүсэх гэнэ. Тэднийд хугацаа хэтэрсэн учраас ломбардны мэдлийнх болсон гурван машин байгааг эдийн засагч нь хэлсэн. Үнэ тохирвол зарна гэдгийг мөн ярина лээ.

“Да хүрээ” хавийг тойрсон хэд, хэдэн ломбардаар явахад хүмүүс яагаад машинаа зээлийн барьцаанд алдаад байгаа дүр зураг ерөнхийдөө тодорхой болох аж. Өнгөрсөн жил, өнөө зун хоёр олон сумын ой болсон. Ойдоо явах гэж байгаа хүмүүс банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй лизингээр машин авчихсан. Эргээд зээлээ төлж чадахгүй урьдчилгаанд төлсөн мөнгө ч үгүй, машин ч үгүй үлдэх болжээ. Зарим нь хураасан хэдэн төгрөгөө шавхаад машин авчихсан. Нутаг руугаа явах, наадамлах зардлаа олохын тулд машинаа барь­цаалаад зээл авчихсан. Ирээд мөн л мөнгөө төлж чадахгүй машингүй үлдэх болжээ. Зээлээ эргээд төлөх боломжтой эсэх, тогтмол ажил­тай эсэхийг ломбард харгалзахгүй зээл олгодог учраас барьцааны баахан машинтай үлддэг бололтой юм.

Хуулиас гадуурх дотоод журам, гэрээний нөхцөл

Сонин, зарын сайтуудад автомашин барьцаалж зээл олгох тухай маш олон зар байв. Зарын дагуу холбог­доход ихэвчлэн хувь хүмүүс автомашин барьцаалж зээл олгож байна. Ингэхдээ машиныг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад мөнгө зээлдэг юм байна. Зээлээ төлж чадахгүй бол машин нь өнөөх зээлдүүлэгчийн өмч болох гэрээ байгуулах аж. Гэрээ нь ихэнхдээ нууц. Зөвхөн зээл авахаар бол гэрээний нөхцөлийг харуулна гэнэ. Тэдний зээлийн хугацаа нэг сар. Сарын хүү нь зургаан хувь байх аж. Хувь хүмүүс ийм үйлчилгээ үзүүлж байгаагаа “Явдаг ломбард” гэнэ. Өөрөөр хэлбэл, зээл авч байгаа хүн машинаа өөрөө унаж болно. Харин нэр нь зээлдүүлэгчийнх байх ёстой. Зээлээ хүүтэй нь төлсний дараа машинаа буцаагаад өөрийнхөө нэр дээр шилжүүлэх аж. “Да хүрээ” захад машин зардаг ченж залуу “Автомашин барьцаалж зээл олгодог хүмүүс өөрсдөө машины ченж байдаг юм. Ломбардууд бас ченжүүдтэй холбоотой ажилладаг. Тэд зээл олгохдоо машиныг нь багаар үнэлж, шуурхай мөнгө өгдөг. Зээлээ эргэн төлөх чадвартай эсэх нь зээлдүүлэгчид огт хамаагүй. Машинаа барьцаалаад хоёр, гурван сая төгрөг зээлчихсэн хүн сарын дараа бөөнд нь өнөөх мөнгөө төлөхөд хэцүү. Тэгээд л машинаа алдчихдаг. Энэ төрлийн үйлчилгээ нэг ёсны машин хямд авах арга болчихсон байгаа. Машин барьцаалж зээл олгоно гэсэн жижиг ломбард, хувь хүмүүс рүү залгаад “Машин зарах уу” гэж асуухад бүгд зарах машинтай байдгийн учир энэ. Машинаа барьцаанд тавь­сан хүн хэл ам хийх гэвэл бөөнөөрөө гэрт нь очиж дарам­талдаг тохиолдол ч бий. Бүр зээл авсан хүн өөрөө машинаа зараад алдангийг нь төлнө гэсний төлөө хоёр хоногийн дотор зар гээд гэрт нь очоод хөзөр тоглоод суучихсан ч тохиолдлыг мэднэ. Иргэд машинаа хурдан зарж чадахгүй шүү дээ. Алданги нь маш өндөр байдаг учраас унаагаа хоёр, гурван сая төгрөгийн барьцаанд хаяад явахаас аргагүй болдог” гэлээ. Үнэхээр ч машин барьцаалж зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдоход 2009 оны “Prius-20” 11 сая, 2006 оны “Harrier” 21 сая төгрөгөөр зарна гээд өөр олон машин байгааг сонирхохыг урилаа.

“Зээл авахдаа гэрээг нь сайн унших хэрэгтэй”

Иргэд бага мөнгө зээлээд, эргээд машин ч үгүй үлдэж байгаа нь эрхзүйн мэдлэг тааруу байгаатай холбоотойг хуульч бас ярив. Хуульч, өмгөөлөгч Ц.Энхтүвшин “Машинаа болон хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьж зээл авч байгаа бол тухайн ломбардныхаа гэрээтэй маш сайн танилцах хэрэгтэй. Тодорхой хугацааны дараа барьцаанд байгаа эд зүйлийг өөрийн болгоно гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байх ёстой. Ломбардны гэрээн дээр “гэрээний хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дараа эд хөрөнгийг худалдаалж ломбардны орлого болгоно” гэж заасан байдаг. Мөн хуга­цаагаа сунгаагүйгээс гарсан хохирлыг тухайн ломбард хариуцахгүй гэж бичсэн. Энэ нь Иргэний хуулийг шууд зөрч­чихсөн байгаа хэрэг. Иргэний хуульд зааснаар хугацаа дууссан бол 14 хоногийн дотор зээлдэгчийн гэрийн хаягаар мэдэгдэл хүргүүлэх учиртай. Дараа нь зарах талаар тохиролцож, зарж борлуулсны дараа ломбард зээлүүлсэн мөнгөн дүнгээ, хүүтэй нь аваад зөрүүг эзэнд нь олгох ёстой. Гэтэл манайхан утсаар дарамтлах төдий ярьчихаад барьцааны эд хөрөнгийг зарчихдаг. Эсвэл “Одоо энэ манай өмч” гэж ханддаг. Хэрвээ ломбард­ныхан ийм хандлага гаргасан бол үйлчлүүлэгч Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй” гэсэн юм.

Ц.Өрнөх

Б.Сувд

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Уламжлалт уул уурхайн мөхөл

Хүн төрөлхтөн уул уурхай ашигладаг болоод хэдий жил болсныг хэлэхэд хэцүү. Хүн буй болохоос өмнө хомо нэндэртальчууд зэвсэг багаж хийхийн тулд цахиур олзворлож байсан археологийн олдвор бий. Тэрнээс ч өмнө хомо эритикус хэмээх хүн дүрстэн хатуу чулуу олзворлон сүх зэрэг багаж хийж байж. Одоогийн Швейцарийн Арслан агуйгаас олдсон зэсийн уурхай нь 43 мянган жилийн өмнөх учир мэдэгдэж буйгаар хүний ашиглаж эхэлсэн анхны уурхай юм.

Давсны эртний уурхай дэлхийн хаанаас ч олддог гэнэ. Хүмүүс нэн эртнээс зэвсэг хийхийн тулд зэс, төмрийг, гоёл чимэглэлд үнэт чулууг, хуримтлал арилжаанд алт мөнгө зэрэг үнэт металлыг олзворлодог байжээ. Хятадууд манай эринээс 4000 жилийн урьдаас нүүрс олборлон түлшинд хэрэглэдэг байсныг дөнгөж XIII зуунд Марко Поло олж мэдэн европчуудад очиж хэлж өгсөн байна.

Уул уурхайн үйлдвэрлэл үйлдвэржилтийн эринээс эхэлж маш өөрчлөгдөн машинжиж, технологижсон юм байна. Ялангуяа ХХ зуунаас эхлэн шинжлэх ухааны асар их амжилт нь олон эрдэс бодисыг хэрэглээнд оруулсан учир энэ салбар маш эрчимтэй хөгжив. Олзворлох технологи шинэчлэгдсэн, олзворлох хүрээ өргөссөн, олзворлох хэрэглээ нэмэгдсэн. Харин хэрэгцээ шаардлагын цаад утгад нэг их өөрчлөлт ороогүй юм.

Хүн төрөлхтөн уул уурхай ашиглах болсноор асар их дэвшилд хүрсэн боловч үүнээ дагаад хүрээлэн буй орчноо сүйтгэсэн нь нэн их. Аж үйлдэрийн хувьсгалын үеэр энэ салбарт тэргүүлж асан Англи улс утаандаа дарагдаж, бараг л зэрэгцээд яваа хоёр хүн биенээ харж чадахгүйд хүрч байв. Гэвч технологийн дэвшил, мөн эрчим хүчний үүсвэр болох нүүрстөрөгчийн түүхий эд дэлхий даяар элбэг олсон зэрэг шалтгаанаар байгалиа сэргээж чадсан юм. Гээд аж үйлдэрийн хувьсгал дэлхий нийтийн үйлс болсноор нүүрс төрөгчийн уламжлал болох түүхий эдийн хэрэглээ тархан нэг л мэдсэн манай дэлхий хүлэмжийн хийндээ хучигдан ирээдүй нь аюул заналд оржээ.

Чухам иймээс 1991 онд Киотогийн протоколоор нүүрстөрөгчийн давхар исэл буй болгогч түүхий эдийн олзворлолт ашиглалтыг ойрын хугацаанд эрс багасгах санаачилга гаргасан юм. Харин энэ талын хамгийн том хэрэглэгч Хятад, АНУ, Энэтхэг, Бризил уг протоколд хамрагдахаас татгалзжээ. Дэлхийн хүрээлэн буй орчны байдал улам муудан, дулаарал цаашид нэмэгдэх боллоо. Энэ хооронд нүүрстөрөгчийн давхар исэл буй болгогч түүхий эдийг орлуулах шинэ технологийн хайгуул ихэд амжилт олж, өдгөө эрчим хүчний шинэ эх үүсвэрийн нөөц буй болон түрүүнээсээ үйлдвэрлэл хэрэглээнд нэвтэрч эхлэв.

Нүүрстөрөгчийн уламжлал болох нефть, байгалийн хий, нүүрс зэргийг байгаль орчинд хоргүйгээр ашиглах шинэ технологи нэвтэрч эхлэв. Нүүрсний ордуудын дээгүүр тогтсон метан давхаргыг сорж бөөгнөрүүлэн ашиглах технологи гарлаа. Метан болон бусад органик хийн шаталт байгальд хор учруулдаггүй. Мөн нүүрсийг хийжүүлэх технологи эрс хямдрав. Өдгөө занарын хувьсгал гэж их ярьж байна. Занарыг хямд аргаар хийжүүлэх технологи нээгдэн ашиглагдсанаар АНУ өнгөрсөн жилээс эрчим хүчний эх үүсвэрээр дэлхийд нэгдүгээрт орох орон болов. Нефть үйлдвэрлэлээр Саудын Аравийг давж, нефть, хий экспортлохыг хориглосон 1973 оны хуулиа цуцлав. Чухам үүний үр дүнд 130 доллар хүрч байсан нефтийн үнэ 50 доллараас доош орж ирсэн ба удахгүй улам хямдарна гэж үзэж байна.

Нүүрсийг шатаан хэрэглэх уламжлалт хуучин технологиос татгалзах асуудалд АНУ, Хятад зэрэг том хэрэглэгчид зөвшилцөлд хүрэн хуучин технологитой уурхай болон үйлдвэрүүдээ олноор нь хааж эхлэв. Дагаад нүүрсний хэрэглээ эрс бууран үнэ нь эрчимтэй унаж эхэлсэн төдийгүй энэ хямдрах процесс цаашид үргэлжилнэ гэж үзэж буй аж. Нүүрсийг шингэрүүлэн хэрэглэж болох авч үүнээс ч хямд өртгөөр байгалийн хий гаргаж авах (жишээ нь занар болон даврагын хий) арга технологи хүчтэй нэвтэрч буй тул цаашид төдийлөн амжилт олохгүй гэж үзэж буй юм.

Эрчим хүчний өөр эх үүсвэр хайж олох эрэл маш их амжилтад хүрч байна. Юун түрүүн атомын станц маш ирээдүйтэйд тооцогдоно. Технологи нь сайжирч, өртөг нь хямдарч буй энэ салбарын тохиолдсон ослыг нь хэт өргөмжлөн, цаашид ч ийм байх юм шиг сурталчилдаг ч цөмийн эрчим хүч нь хүн төрөлхтний ирээдүй мөн. Үүний зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчинд сүүлийн үед асар их амжилт оллоо. Нарны эрчим хүчний ашиглалтад одоохондоо хувьсгалын гэмээр ахиц гараагүй байна. Харин салхины эрчим хүч ашиглах асуудалд үндсэн эргэлт гарлаа. Дэлхий дээр салхины урсгалын гурван том төв байдаг нь Анд Кордлерийн нурууг дамжсан урсгал, Хойд мөсөн далайг эмжсэн урсгал, Монголын говийг дагасан урсгал. Эхнийхийг нь Хойд Америкт хэдийнэ эрчимтэй ашиглаад эхэлсэн, дараагийнх нь өнөөгийн технологи ашиглах боломжгүй, гурав дахийг нь Хятадын Өвөр Монголд ашиглаж эхэлж байна. Өдгөө салхины ганц сэнс хуурай газарт найман мегаватт, далайд 15 мегаватт эрчим гаргах чадвартай болжээ. Автомашины хөдөлгүүрийг хий болон цахилгаанаар орлуулах ажил тун түргэцтэй тархаж буй. Олон оронд хотын тээврийг цахилгаанаар ажиллуулдаг болж байна. Саяхан япончууд ус задлах аргачлал нээснээ зарлалаа. Энэ нь амьдралд нэвтэрвэл эрчим хүчний хувьд жинхэнэ том эргэлт, аугаа хувьсгал болно доо.

Эрчим хүчний эх үүсвэр болсон түүхий эдээс гадна бусад өртөг ихтэй хэрэгцээ өргөнтэй бусад түүхий эдийг ч орлуулах синтетик маягийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл амьдралд өргөнөөр нэвтэрсээр байна. Дамжуулагч гол түүхий эд бол зэс. Гэтэл үүнийг бал чулуугаар орлуулах технологи гараад ирлээ. Үүнээс болж сүүлийн хоёр жилд балын үнэ гурав дахин өсчээ. Хичнээн өсөөд зэсийн өртгөөс хямд байх нь лавтай.

XIX зуунаас эхлээд манай дэлхийн улсууд аж үйлдвэржсэн хөгжингүй орнууд, тэдэнд түүхий эд болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэгч буурай орнууд гэсэн хоёр ертөнцөд хуваагдсан билээ. Гэтэл 1980-аад онд нээгдсэн биотехнологийн ухаан хөдөө аж ахуйг хай технологи болгон хувиргав. Аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнууд хөдөө аж ахуйн уламжлалт арга барилыг үндсээр нь өөрчлөн асар хямд өртөгтэй, үр өгөөж нь маш арвин салбар болгожээ. Буурай орнуудын уламжлалт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ нэг талаас унаж нөгөө талаас чанар нь гологдох болов. Тэдний зүгээс даяаршлыг жигшсэн эсэргүүцэл их гарч буй боловч хорвоо өөрийн жамаар хөгжин дэвжсээр. Шинжлэх ухааны хөгжил хэнд ч дийлдэхгүй л дээ. Яг үүнтэй адил процесс уул уурхайн салбарт гарч байна. Уламжлалт уул уурхайн үйлдвэрлэлийн технологи эрчтэй шинэчлэгдэн технологийн дэвшилд голлон тулгуурлах болсон төдийгүй урьд хэрэглэж байсан уул уурхайн олон түүхий эд хэрэгцээнээс гарч орлох илүү бага өртөгтэй, илүү чадамжтай, илүү олдоцтой шинэ бүтээгдэхүүнд байраа тавьж өгч байна. Энэ процесс эргэлтгүй.

2015.8.10

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос Даншиг ба “нутаг болдоггүй” Улаанбаатар нийтлэлийг уншаарай

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай үндэсний хэмжээний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар танд хүрч байна. Энэ дугаарт улс оронд болоод дэлхий дахинд өрнөсөн олон үйл явдал багтлаа. Тухайлбал, тариа буудайны хэрүүл хийж байх хойгуур гурил, гоймонгийн хомсдол орж байгаа талаар өдрийн сурвалжлага бэлтгэлээ.

УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн тухай хуулийг баталсан билээ. Энэ талаар Ерөнхийлөгч өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Төрийн тэргүүн хуулийн төлсийн талаар ямар байр суурьтай байгааг өнөөдрийн дугаараас уншаарай.

Улс төр нүүрнээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ярилцлагыг тольдох боломжтой. Мөн улстөрийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудыг ч хүлээн авч уншаарай.

Нийтлэлийн бодлогоороо нийгэмд жин дардаг Баримт, үзэл бодол нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Даншиг ба “нутаг болдоггүй” Улаанбаатар” нийтлэл хэвлэгдлээ.

Цаг үе нүүрт Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасангийн “Хэрсүү ухаант эрхэм хүмүүс” нийтлэл хэвлэгдсэн байна.

Өчигдөр болсон гол үйл явдлын нэг бол оюутан цэрэг тангараг өргөх ёслол байлаа. Чингэсийн талбайд 1000 оюутан эгнэн зогсч, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн, тангараг өргөцгөөсөн юм.

Пүрэв гаригийн энэ дугаарт олон сонирхолтой ярилцлага нийтлэгдсэн байгаа. “Гайс” хамтлагийн дуучин А.Төгсбаярын ярилцлага нийтлэгдлээ. Тус хамтлаг энэ сарын 28-нд фэнүүдтэйгээ уулзахаар болжээ. Тоглолтын сонин хачин хийгээд хамтлагийн уран бүтээлийн тухай энэ дугаараас уншаарай.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой байх ажээ. Цаг агаарын урьдчилсан тоймыг зөвхөн “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас дэлгэрүүлэн унших боломжтой.

Categories
гадаад мэдээ

Роберт Давни Жуниор дахин дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчнээр тодорлоо

Форбесоос дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчнээр Роберт Давни Жуниорыг нэрлэлээ. Тэрээр гурван жил дарааллан энэхүү жагсаалтыг тэргүүлж байна. Тэрээр өнгөрсөн жил 80 сая долларын ашиг олжээ. Жагсаалтын удаахь байруудад Хонг Конгийн кино жүжигчин Жэки Чан 50 сая доллар, Вин Дизел 47 сая долларын ашигтайгаар оржээ. Энэ удаагийн жагсаалтанд анх удаа олон улсын жүжигчид багтсан байна. Болливүүдын Амитабх Баччан болон Салман Хан нар долоодугаар байранд оржээ. Жагсаалтанд долоон орны 33 жүжигчин багтсан бөгөөд тэд нийтдээ 877 сая долларын ашиг олжээ.

  • Роберт Давни Жуниор: 80 сая доллар
  • Жэки Чан: 50 сая доллар
  • Вин Дизел: 47 сая доллар
  • Брэдли Күүпер: 41.5 сая доллар
  • Адам Сандлер: 41 сая доллар
  • Том Круз: 40 сая доллар
  • Амитаббах Баччан: 33.5 сая доллар
  • Салман Хан : 33.5 сая доллар
  • Акшав Кумар: 32.5 сая доллар
  • Марк Вахлберг: 32 сая доллар