Categories
мэдээ нийгэм

Замын компани гараажийг албадан буулгахыг хүлээлгүй замаа тавьчихжээ

-Гараажийг албадан буулгасан байв-

“Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч, Цагдаагийн дэд хурандаа Энхбаяр шинээр тавигдах гэж байгаа замын ажилд саад болж, авто гараажаа буулгахаас татгалзсан гэнэ. Үүнээс болж Баянгол дүүргийн XV хороо XXVII байрны ард шинээр тавигдах зам засварын ажил хэд хоногоор хойшилжээ. Зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа “Жи Жэй Си” компани графикийн дагуу хийгдэх ажлын хугацаа хойшлох байсан учраас гараажийг тойруулаад замаа тавьчихсан байна” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

“Жи Жэй Си” компанийнхан юуны учир гараажийг тойруулж зам тавьсан талаар болон хууль хяналтын байгууллагад 30 гаруй жил ажилласан хурандаа цолтой эрхэм нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд яагаад саад учруулсан талаар нэхэн сурвалжиллаа.

Баянгол дүүргийн XV хороо XXVII байр буюу зам тавьсан газарт очлоо. “Жи Жэй Си” компанийнхан гарааж байсан газрыг тойруулаад замаа тавьчихсан байв. Шинээр зам тавих технологийн дагуу гурван давхарга бүхий хайргаар хучилт хийж бэхжүүлээд дээрээс нь аспальт асгаж, индүүдэж нягтаршуулаад цагаан будгаар тэмдэглэгээг нь хүртэл хийжээ. Баянгол дүүргийн газрын алба, Өмч харилцааны газрынхан энэ сарын 11-нд зам тавихад саад болсон авто гараажийг албадан буулгажээ. Гараж байсан газарт удахгүй зам тавих гэнэ.

“Бид иргэн Энхбаярт шаардах бичиг олон удаа хүргүүлсэн” гэв

Баянгол дүүргийн XV хорооны Засаг дарга Ж.Ариунхандаас энэ талаар тодруулахад “Манай хорооны нутаг дэвсгэр 25, 26, 27 дугаар байрны авто замыг шинэчилж, зассан. Гэтэл манай хорооны хоёр иргэн авто гараажаа нүүлгэхгүй, газраа чөлөөлж өгөхгүй удсан. Хорооны зүгээс хуулийн дагуу албан ёсоор мэдэгдэх хуудас өгсөн. Төмөр гараажны эзэн газраа чөлөөлөөд өгчихсөн. Харин бетонон гаражны эзэн газраа чөлөөлж өгөхгүй байсан. Бид ч хэд хэдэн удаа мэдэгдэх болон шаардах бичгийг иргэн Энхбаярт өгсөн. Иргэн Энхбаяр бидэнд “Гараажаа буулгахад их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй болоод байна. Иймд улсаас албадан буулгаад өгөх юм бол надад татгалзах зүйл алга. Албан буулгаад журмын хашаанд хийчих. Дараа нь мөнгө төгрөгийг нь өгөөд гараажаа авчихаж болох байх” гэж мэдэгдсэн. Ингээд хороо ажлаа хийж, албадан буулгах Засаг даргын захирамж гаргахаар санал, гомдлоо өгсөн юм. Дүүргийн Засаг дарга ч гараажийг албадан буулгахыг зөвшөөрсөн байсан. Ингээд Өмч харилцааны газар болон Газрын албаныхан гараажийг албадан буулгаж газар чөлөөлөх гэж байхад зам засварын компани үүнийг нь хүлээлгүй замаа тавьчихсан байсан” гэв.

Гарааж тойруулж зам тавихыг мэргэжлийн хяналт, Нийслэлийн авто замын газраас зөвшөөрчээ

“Жи Жэй Си” компанийнхан гараажийн суурь байсан газарт хайрга асгаж, индүүдэх ажил хийж байлаа. Нөгөөдөр гэхэд аспальт дэвсээд бүрэн янзалж дуусах гэнэ. Өмчийн харилцааны газар болон Газрын албаныхан гараажийг албадан буулгах гэж байхад хэд хоног хүлээж чадалгүй зам тавьсан талаар “Жи Жэй Си” компанийнхан албан ёсны тайлбар өгөхөөс татгалзсан юм. Харин тэр хавийн оршин суугчид зам засварын компанийн талаар ийн ярьж байна.

XXV байрны оршин суугч Г.Мягмарсүрэн “Манай энэ хавийн зам олон жил болоод их муудсан. Борооны усанд идэгдэж энд тэндгүй гүнзгий нүхтэй болчихсон. Харин Нийслэлээс энэ жил шинээр зам засах, машины зогсоол барих хөрөнгө мөнгийг бүрэн шийдэж өгсөн гэсэн. Шинээр тавигдах замын зураг төсөлд хамрагдсан зөвшөөрөлгүй гараажийг буулгах ажлыг өнгөрсөн сараас хийсэн юм. Гэтэл нэг иргэн гараажаа чөлөөлөхгүй байсан. Газрын албаны хүмүүс “Гараажны эзний утас холбогдохгүй байна. Хөдөө явсан бололтой” гэж байсан. Хэд хоногийн дараа гараажных нь хаалга онгойчихсон, дотроос нь эд зүйлсээ гаргаж ачааны машинд ачиж байгаа харагдсан. Хоёр гурван ч удаа зөөснийг цонхоороо харсан юм. Гэтэл зам засварын компани замаа тавиад эхэлчихсэн. Гарааж тойруулаад замаа тавиад бүр цагаан будгаар тэмдэглэгээ хийчихсэн. Өмнө нь энд тэнд айлууд газраа чөлөөлж өгөхгүй, зам засварын ажил хойшлоод байгаа гэх мэдээлэл гардаг байсан. Албадан нүүлгэн шилжүүлэлгүй шууд тойруулаад барьсан нь сонин санагдаад байгаа юм. Уг нь төр хүчтэй гэдгээ харуулаад албадан буулгаад ажлаа эхлүүлэх ёстой биз дээ. Гарааж тойруулж зам барихыг Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрсөн гэсэн. Дээрх хоёр байгууллагын хяналтын инженерүүд зөвшөөрөхгүй бол гүйцэтгэгч компани дур мэдэн барина гэж байхгүй. Гарааж байсан газрыг үлдээснээс болж замын чанарт нөлөөлж магадгүй гэж бодож байна. Мэдээж суурин хэсэгт хэд хэдэн удаа индүүдэх ёстой. Гэтэл индүү нь томдоод хайрга шороогоо сайн нягтаршуулж чадахгүй нь тодорхой байна. Дараа нь гарааж байсан газрын тэр хавиас хагарал үүсч, нүх гарвал хэн хариуцлага хүлээх вэ” гэв. Иргэн Энхбаярын гараажийг буулгалгүй үлдээх сонирхол шат шатны байгууллагад байсан гэдгийг оршин суугчид хэлж байв.

Гараажны эзэн Энхбаяр: Миний нэр хүндэд халдаж байна

Хэрэв дээрх мэдээллийг Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхбат твиттер хуудастаа “Enkhbataa @avirbayar Монголд хууль дүрэм гэж байдаг бол тэрийг хамгийн түрүүнд сахиж, бусдыг үлгэрлэх чиглүүлэх үүрэгтэй хүн баймаарсан”, “@Oogiinoo: @Enkhbataa хэлэх үг олддоггүй ээ. Бөөн тусгай хангамж. Цагдаагийн хошууч ингэж байгаа юм чинь Хурандаа, Генералууд яах бол! @Enkhbataa Жирийн иргэнийг далайлгаж болдог. Задарсан хошуучийг дийлдэггүй оронд амьдармааргүй бна. Гэвч мэдээлэл яг үнэн үү?? @avirbayar, @AHXAAP1 @avirbayar Дээд байгууллага нь ямар арга хэмжээ авахыг харах л үлдлээ дээ. Жирийн иргэд байсан бол БУДАА болно доо @MongolianPolice” гэх мэтээр жиргээгүй байсан бол нураахгүй байсан гэх мэдээллийг өгөх хүн олон байв. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн хошууч авто гараажийн эзэн юм байна гэх мэдээлэл ч гарсан. Тэгвэл гараажийн эзэн Энхбаяр нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч, Цагдаагийн дэд хурандаа цолтой нэгэн юм байна. Шинжээчээр 30 гаруй жил ажиллаад гурван жилийн өмнө тэтгэвэртээ гарсан байна. Бид түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

-Таныг цагдаагийн албан хаагчийн нэр хүндээ ашиглаж нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд саад учруулж байгаа гэх мэдээлэл гараад байна. Яагаад гараажаа буулгаж авахгүй байсан юм бэ?

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний нэр хүндийг унагаж илтэд гүтгэсэн худал мэдээлэл гараад байгаад маш их харамсч байна. Би нэр төрөө сэргээлгэнэ гэж бодож байна. Гараажны асуудлаас болж маш их дарамт шахалт ирлээ. Би Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ажилладаг хошууч цолтой хүн биш. Шүүхийн шинжилгээний хүрээлэнд 33 жил ажилласан жирийн нэг шинжээч. Шинжээчээр 33 жил ажиллахдаа нэг ч удаа даргын албан тушаал хашиж байгаагүй. Гараажаа 2000 оны үед энд авчирсан. Угсармал бетонон гараажийг тухайн үед өндөр үнээр худалдаж авч байсан. Гарааж маань хоёр хэсэг болохоор өргөгч кран, том тэвштэй ачааны машин хөлсөлж авчраад буулгаж байв. Хороо болон газрын албанаас надад мэдэгдэх хуудас өгсөн. Би түүнийг нь хүлээж аваад “Гараажаа буулгах гэхээр өндөр өртөг гараад байна. Маш хүнд болохоор кран хөлсөлж, ачуулна. Дээрээс нь том тэвштэй машинаар хоёр удаа зөөнө. Мөн өдрийн цагаар хүнд даацын машин хотын төвөөр явж болохгүй болохоор шөнөөр ачих зэрэг асуудал гарч ирсэн. Энэ бүгдийг тооцоолж үзэхээр 700 гаруй мянган төгрөг болсон юм. Мөнгөний боломж одоогоор алга байна. Улсаас албадан буулгана гэвэл надад татгалзах зүйл байхгүй. Дотор байгаа зүйлийг нь бүгдийг нь суллаж, буулгахад бэлэн болгоод өгье” гэж хэлсэн. Нийгэм даяар шуугиан тарьсан асуудал болно гэж бодоогүй. Гарааж байрлуулах газар ч надад байхгүй. Тэтгэврийнхээ мөнгийг өөр зүйлд зарцуулах гээд зээл авчихсан болохоор мөнгөний боломж олдохгүй нь тодорхой байсан. Дүүргийн газрын албаны мэргэжилтэнтэй хэдэн удаа уулзаж энэ хавийн гарааж байгаа газарт байрлуулж болохгүй юм уу гэж асуухад боломжгүй гэсэн. Ингээд Хөвсгөл аймаг руу дүүгийнхээ хуриманд явсан. Энэ хооронд замын компани ажлаа хурдан хийхийн тулд гарааж тойруулаад зам тавьчихсан байна лээ. Үүнийг Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын нэг дарга олон нийтийн сүлжээнд худал мэдээлэлтэй цацсан байсан. Тэртэй тэргүй улсаас албадан буулгах нь тодорхой болчихсон байсан.

-Таныг утсаа авахгүй, гэртээ байхгүй алга болчихсон байсан гээд байгаа шүү дээ?

-Тэр үед Хөвсгөл явчихсан байсан гэдгээ дээр хэлсэн шүү дээ. Хөдөөнөөс ирээд гараажаа суллаж эд зүйлсээ авах гэж их юм болсон. Дөрөв хоног гарааж руугаа орж чадаагүй гээд бод. Ойр хавийн замыг тэр чигт нь хаачихсан. Арай гэж унаа, тэрэг аваад ирэхээр гараажны хаалга таглаад хүнд даацын машин тавиад алга болчихдог. Хөлсөлж ирсэн машины жолооч хүлээж чадахгүй гээд яваад өгдөг. Насаараа төрийн байгууллагад ажилласан хүний хувьд төр ямар хүчтэй вэ гэдгийг мэднэ. Их хотын бүтээн байгуулалтад санаатайгаар саад учруулсан зүйл байхгүй.

-Таны машины цонхыг хагалсан гэсэн үү?

-Тиймээ. Нэг хүн миний машины зургийг “Газраа чөлөөлөлгүй зам бариулж чадсан цагдаагийн машин” гээд цахим хуудастаа тавьчихсан байсан. Өглөө босоод ирсэн машины цонх хага цохичихсон байна лээ. Цагдаагийн байгууллагаас над руу холбогдож юу болоод байгаа талаар тодруулж асууж байна лээ. Мөн ажиллаж байсан газраас хүртэл яагаад чих халууцуулаад байна вэ гэж залгасан. Хамт ажиллаж байсан болон найз нөхөд, ах дүү гээд маш олон хүн утсаар холбогдож байна. Гараажаа суллаж бэлэн болгочихоод гэртээ байж байхад хүртэл албадан нүүлгэхээр ирсэн Өмчийн харилцааны газар болон Газрын албаны мэргэжилтэн гараажны цоож эвдчихсэн зогсч байсан. Энэ мэтээр миний нэр хүндэд халдсанд гомдолтой байгаа.

Э.Баатар

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Даншиг ба “нутаг болдоггүй” Улаанбаатар

САЙН ЯВАА
Л БОЛ САЙХАН НААДАМД!

Монгол хүний аз жаргалын
хэмжүүр нь баяр наадам билээ. “Жилдээ сайн
явсан нь шинэлэхэд мэдэгдэнэ” гэж ярьдаг нь ч тийм учиртай. Харин зовох цагт бол
нөхрийн чанар л танигдана гэдэг. Жалга жалгын мухарт сар, жилээр бясалгасан ганцаардлаа
үргээж, олон түмэнтэйгээ бужигнах тэр өдрүүдэд гангарах морь, гоёх дээлтэй байвал
амьд яваагийн хэрэг бүтдэг ард түмэн, бид. Их Д.Нацагдорж бээр үндэстнийхээ эрүүл
энх ба аз жаргалын ийм мэдрэмжийг “Эрүүл явбал улсын наадмыг үзнэ” хэмээн яруу сайхан
илэрхийлсэн байдаг. Эрүүл явахын цаад зорилго нь наадам үзэх гэж л хэлээд байна
даа.

Тийм болохоор сум
орондоо эмнэлэг сургууль барьсан удирдагчийг бус тэгш ойг нь сайхан тэмдэглүүлж,
гоё наадам хийлгэсэн дарга нарыг хайрлан хүрээлдэг. Тийм учраас тэмдэглэлт ойн дараа
бүтээн байгуулалт бус харин сумын төдөн жил гэсэн хөшөө, “Тавтай морилно уу” гэдэг
хаалга үлддэг. Олон түмэн түүндээ сэтгэл хангалуун хоцорно.

Дээр доргүй, үнэн
сэтгэлээсээ ханддаг болохоор монгол наадам
үнэхээр төгс төгөлдөр. Үнэн голын баяр хөөрөө шингээж нааддаг болохоор гадаадынхан
монгол наадмыг сонирхоод байдаг бололтой.

ДАНШИГ БОЛ ЧИНГИСИЙН
ЭРЭЛ

Даншиг наадам сэргээн
хийж байна. Анхдугаар богд Өндөр гэгээнийг
хутагтын ширээнд залаад “мандтугай” хэмээн хийсэн наадам бололтой, даншиг
гэдэг нь.

Их Чингис хааны үед
бар арслан явсан монгол үндэстэн нэг мэдэхэд
бутран салж, тал нутаг дүүрэн “батганы толгой” болон таржээ. Энэ үед нийт монголчуудыг
нэгтгэх үзэл санааны шүтээн эрэлхийлж явсаар шарын шашныг сонгосон аж. Анхдугаар
Богдыг ширээнд залснаар жалгын нэг тарж явсан монголчууд нийт дундын үзэл сурталтай,
оюун санааны удирдагчтай болоод авав. Түүнийг Түшээт ханы гэр бүлээс тодруулсан
нь ч завсрын тохиол бус. Нийт монголчуудын үзэл санааны удирдагч эзэн Чингэсийн
алтан ураг дотроос тодорсон нь алсын хараатай улс төрийн бодлогын үр байсан хэрэг.
Үүнийгээ тэмдэглэж их наадам хийсэн нь даншиг бөлгөө. Энэ утгаараа даншиг нь монголчуудын
нэг нэгдлийн баяр, Чингис хааныг орлохуйц үзэл санааны удирдагчтай болсны тэмдэглэлт
өдөр ажгуу. Нэгэнт үзэл санааны нэг удирдлагатай болсон монголчууд түүнийгээ тойрон
хүрээлж, их гүрнээ сэргээх бодлогоо алхам алхмаар хэрэгжүүлж эхэлсэн байна.

Монголчуудын ийм санааг
ойлгосон Манж Чин гүрний хаан яаралтай хариу бодож олоод Богд Жавзандамба хутагтын
дараа дараагийн дүрийг зөвхөн Түвдээс тодруулж байх зарлиг буулгасан байна.

УЛААНБААТАР БОЛ
НУТАГ БИШ

Хүн амын гуравны нэгээс
илүү нь нийслэлдээ суух боловч монголчууд Улаанбаатар хотдоо сэтгэл багатай. Ахмад
үеийнхэн нь төрсөн нутаг хэмээн аль нэг аймаг сумыг нэрлэнэ, үр хүүхэд нь “Сэлэнгэ
аймгийн, Хөвсгөл аймгийн уугуул” хэмээн өөр газарт сэтгэл зүрхээрээ харьяалагдана.
Улсын наадмаар “Улаанбаатар хотын уугуул” хэмээн цоллуулах бөх байдаггүй нь нэгийг
өгүүлэх мэт.

Нийслэлийн иргэд маань аль нэг аймаг сумаас Улаанбаатар хотод насаараа
томилогдсон элчин, төлөөлөгчийн сэтгэлтэй. Анхны хайраа мартаж чаддаггүй, түрүүчийн
авгай нь сэтгэлээс гардаггүй нэг тиймэрхүү хань ижлийн төрхтэй. Аятайхан боломж
гармагц л нутагтаа очоод мал маллаад суучих санаатай явуулын хүн, бусдын нутагт
малаа таргалуулж яваа оторчинтой ч адил юм уу?
Гэтэл хөдөөнөө байгаа, ялангуяа залуу үе нь хот газар орж, иргэншлийн бужигнаанд
нэгдэх бөөн мөрөөдөл.

ХХ зууны эхний хагасаас
социалист маягаар суурьшиж, 1990 оноос жам ёсны иргэншил рүү орсон бидний нүүдэлчний
сэтгэхүйн нөлөө л юм даа. Учир нь нэг газарт
хаашаа ч нүүлгүй, нэг насаараа байтугай хэдэн үеэрээ хөдөлгөөнгүй сууна гэдгийг
бидний далд ухамсар хүлээн зөвшөөрөх болоогүй л бололтой. Хот бол өвөлжөө, хаваржаа,
зуслан, намаржааны аль нь ч биш гэдгийг бид сэтгэл зүрхээрээ мэдэрч дуусаагүй аж.
Хотыг соёлжуулан, иргэншүүлэх ажлын амин сүнс нь чухам энд буй санагдана.

ӨӨРИЙН НААДМААС
ӨӨРИЙН НУТАГ

Даншиг наадмыг нийслэлийн
наадам, Улаанбаатар хотынхны их баяр болгон тэмдэглэж байгаа бололтой. Даншигийг жуулчдыг татах зорилгоор
хийж байгаа гэх боловч цаад учир холбогдол нь өөр юманд байгаа санагдана. Найр наадамд
дуртай монголчуудад аз жаргалын шинэ мэдрэмж нэмнэ гэдэг бол асуудлын зөвхөн өнгөн
тал нь. Хамгийн гол нь хотын өөрийн гэсэн наадамтай болно. Магадгүй, бөхчүүдийг
“Хан уул, Сүхбаатар дүүргийн уугуул” хэмээн цоллож, “Чингэлтэй дүүргээс ногт ганзагалж
ирсэн бөх гэнэ” гэлцэн шивэр авир хийнэ л биз. Чингэлтэй ч, Хан уул ч хотын маань
л хэсэг. Хамгийн гол нь монголчууд нийслэлийн,
хотын наадамтай болно гэдэг нь түүнээ тойрон нягтрах, “минийх” гэсэн соёл, үзэл
суртлын голомт үүсгэх сайн талтай.

Бид хотын соёл, энээ
тэрээ гээд их ярьж байна. Энэ нь “Улаанбаатар
хот бол минийх” гэх сэтгэл бий болгохоос эхтэй. Харамсалтай нь бид нийслэлээ, Улаанбаатар хотоо түр сууж байгаа намаржаа, хэсэгхэн
зуурын өргөн айлсалт мэтээр далд ухамсартаа төсөөлөөд байгаа юм. Бид, ер нь бол
“Улаанбаатарт байгаа миний аав” гэгчээр
Завханаас, Дорнодоос, Увсаас нийслэлд сууж байгаа хүмүүс байхаа болих учиртай. Шинэ
үеийн багачуудын сэтгэхүй өөр болсон байж болох ч хотынхоо хувь заяаг тодорхойлж
байгаа хэсгийн сэтгэл зүй ийм л байгаа.

Монголчуудын хувьд
орон нутгаа хамгийн их мэдэрдэг үе бол наадам, цагаан сар. Бөх үзэж байгаа хүмүүс
энд л нутаг нутгаараа талцаж, аймгийнхаа, бүсийнхээ морь бөхийг дэмжинэ. Харин даншигаар
дамжуулан хот өөрийн наадамтай болж байгаа нь Улаанбаатар өөрөө “нутаг” болох эхлэл
санагдана.

Нутаг гээд байгаа
нь ийм учиртай. Улаанбаатараар дүүрэн нутгийн зөвлөл байдаг нь бараг л албан бус
засаг захиргааны нэгж гэлтэй. Хэнтий бол нутаг, Дорнод бол нутаг байхад Улаанбаатар
бол нутаг биш аж. Улаанбаатар хотын ой энээ тэрээ болох боловч тэр нь улсын нийслэлийн
хувьд яригдаад хот нь тоогдохгүй өнгөрнө. Даншигийн тухай ярьсны учир энэ.

Ер нь монголчуудын
хамгийн дуртай баяр, амьд яваагийн бахдал болсон баяр наадмыг ч үндэстнийхээ эв
нэгдэл рүү чиглэсэн менежмэнтээр хөтлөх цаг болсон санагдана. Өнгөрсөн жил Монголын
дийлэнх сумд, өнөө жил үлдсэн хэсэг нь 90 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэлээ. Наадмыг
муухай хийж үзээгүй монголчууд бүгдийг нь үзэл суртлын өндөр хэмжээнд тэмдэглэсэн.
Гэтэл энэ нь хуучин хошуугаа тарааж бутаргасны л ой юм шүү дээ. Өрх тасран айл гэр
нэмэгдэх нь жам ёс, амьдралын баяр мөн. Харин аймаг хуваагдан, хошуу тасрах нь үндэстний
бахархал яавч биш төдийгүй хэтийдвэл улс
задрахын цондон.

Иймээс хуучин аймаг
хошууныхаа ойг нийлж тэмдэглэвэл дөрөв таван зуугаар хэмжигдэх сүртэй урт ой болох
ба ойр хавийн сум аймаг нэгдсэн нижгэр наадам болно. Одоо ч “манай сум, танай сум,
манай аймаг, чиний аймаг” гэлцэн хэрэндээ толхилцож явдаг хүмүүс нэг хошуу, нэг
аймгаа эргэн санаж төрөлсөж, ах дүүснэ. Монголчууд нэг талаасаа тарж бутрах дуртай
боловч түүнийгээ нөхөх мэт төрөлсөх дотносох шалтаг хайж явдаг онцлогтой. Хуучин
аймаг хошуугаа дагасан сайхан нөхөрлөл, дотносох нөхцөл дорхноо бүрдэнэ. Жишээлэхэд, “Манай Цэцэн ханыхан” гээд ярихад өнөөгийн хэдэн
аймаг, олон арван сумаар салсан хамтлагийг
нэг туган дор авчирна. Ийм ой наадмууд нь үндэстний эв нэгдлийн цөм үүсгэх бөгөөд
бидний иргэншлийн замд ус агаар мэт хэрэгтэй “улсаараа нэг гэр бүл” гэдэг үзэл санаа
руу нэг алхам дөхүүлнэ.

Жич: Хэрвээ чи монгол
хүн юм бол наадамд дуртай л байгаа. Бөх барилдаж, морь уралдаж байхад дэргэдүүр
нь өнгөрч чадахгүй. Бас, монгол хүн л болсон хойно дуртай юмыг нь хийхээр дургүй
нь хүрч “Даншиг гэнэ ээ, хэнд хэрэгтэй юм бэ” хэмээн учиргүй чадуулчихсан дүрээ
үзүүлж ч яваа бол уу? Яагаад гэж үү, чухам энэ сэдвээр л “Иргэншлийн замд: Монголын
соёлын альманах” гэж ном бичлээ шүү дээ. Нөгөө “Сайн эрээс хулигаан, коммунистаас
жентельмэн” гэдэг нэрээр бичээд байсан ном ш дээ.

07.08.2015

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ази эрчүүдэд европ зөвлөгөө хэрэггүй

Европ, ази хүмүүс харагдах байдал, алхаа гишгээ, ааш зан гээд олон зүйлээрээ ялгаатай. Төрж өссөн орчин хийгээд уламжлан авч яваа ёс жаяг нь ч өөр. Ийм байтал Монголд буй зөвлөгөөний ном, цахим ертөнцөөр түгж байгаа гоо сайхан, харилцааны элдэв заавар, зөвлөгөө бүгд барууныхны өдөр бүр амьдралдаа мөрддөг жагсаалт байх юм.

Европ ээжүүдийн нялх үрдээ хийж өгдөг хоол ази ээжүүдийн хийдгээс өөр. Ази бүсгүйчүүдийн үс, арьсны бүтэц барууны эмэгтэйчүүдийнхээс ондоо.

Цахим ертөнцөд “Нөхрөө хэрхэн дуулгавартай байлгах вэ”, “Эрчүүдтэй яаж харьцах вэ. Тэднийг араасаа хэрхэн гүйлгэх вэ” гэх мэтийн зөвлөгөө уншигч ихтэй. Гэр бүл судлаач, сэтгэлзүйчдийн хувьд барууныхны энэхүү зөвлөгөөнүүд шүдний өвчин нь болжээ.

Европ эрчүүдэд “хэрэглэж” ирсэн дээрх зөвлөгөөнүүд монгол эрчүүдэд зөвлөх биш харин зовлон болж хувирдаг. Европ, ази эрчүүдийн хувьд эмэгтэй хүнийг эргүүлэх, болзоонд урих, хайр сэтгэлээ илчлэх нь тэнгэр газар шиг. Ийм атал барууны эрчүүдэд хэрэг болох зөвлөгөөг гүндүүгүй, жаахан дотогшоогоо зантай монгол эрчүүдэд хүчээр нааж, европын эрс шиг аяглахыг шаардах нь тун тохиромжгүй.

Гэр бүл судлаачдын хувьд эхнэрүүдэд элдэв зөв­лөгөөний дагуу нө­хөртэйгөө харьцахгүй байхыг санал болгож “Уламжлалт ёсоо хааяа ч гэсэн сөхөж харж бай” гэж өөрсдөд нь эргээд зөвлөдөг болж. Манай эрчүүд ч “Бидэнд европ зөвлөгөө харш” гэдэгтэй санал нэгдэж байна билээ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан хязгаарлах хуваарь

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр нийслэлийн таван дүүрэг болон Налайх, Төв аймагт эрчим хүчний хязгаарлалт хийхээр төлөвлөжээ.

14/VIII

Баянзүрх

10.30-17.30

2, 27-р хороо Их Дарь эхийн 3, 4, 6, 7, 8, 14, Дунд Дарь эхийн 46, 47, 48-р гудамж болон ойр орчимд

Чингэлтэй

10.30-17.30

2-р хороо 2-р 40 мянгат 12, 20, 21, 25, 26, 27, 28, 51, 56-р байр, Евро фарма, Тун эрдэнэ ХХК-ууд, Холбоо сан болон тэдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

10:30-18:00

7-р хороо Нүхтийн 1-7-р гудамж ойр орчимд

22.00-01.00

4, 5, 7, 9, 10-р хороо 73-р цэцэрлэг, 60-р сургууль, Жаргалант, Нүхт, Сонсголон, Яармаг, Дэнж, Буянт ухаа, Тайнь, Арцатын гудамжууд болон тэдгээрийн ойр орчмоор

Сонгино-хайрхан

11:00-18:00

11, 28-р хороо Зээлийн 4, 5, Сансарын 1-р гудамж, ЗДТГ, Хас Уран Дөш ХХК, НАЗУ констракшн ХХК болон тэдгээрийн ойр орчмоор

Баянгол

11.00-18.00

10-р хороо 4-р хороолол 10А, Б, 47-1, 3, 48А, Б, 49, 52, ХД-53, 83-1, 83-2, ҮТ-46-р байр, Цагдаагийн 60 айл болон ойр орчимд

Төв аймаг

11.00-17.00

Алтанбулаг, Баян-Өнжүүл сум чиглэлийн бүх хэрэглэгчид

13, 14/YIII

Чингэлтэй

10.00-18.00

12, 13-р хороо. Янмал үйлдвэр, Бээлийний үйлдвэр, Гурван чанар эмнэлэг, Булаг 9-10, 12-р, Сургууль 10-11, 13-19-р гудамж , тэр орчмын хэрэглэгчид

13, 14, 17-21/YIII

Сонгино-хайрхан

10.00-18.00

1, 22-р хороо. Хилчин, Баянголын гудамжууд, Усан сан, МТ ШТС-ын орчим, Экс эм экс, Гео кад ХХК, ХҮЯ-ны, UB зуслангууд, Төмөр транст, Сэрх тайгам, Комодо, Байгууламж, МТ маркет, Отголжий, Москва комплекс, ХХК-иуд, тэр орчмын хэрэглэгчид

10-14, 17-21/YIII

Төв аймаг

09.00-18.00

Зуунмод сумын Зам анги, Зэндмэнэ суварга, 5-р сургууль, ДЭХГазар, Уурын зуухууд, Сэргэлэн сум, Баянхошуу, УАА задгай, 5-р хорооны жишиг хороолол, Цэвэрлэх байгууламж болон тэдгээрийн ойр орчмоор

3-7, 10-14, 17-21/YIII

Налайх

10.00-18.00

4-р хороо Нисэхийн 24-42-р гудамж

Categories
гадаад мэдээ

Хойдын Ерөнхий сайдын орлогч цаазлагдсан тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд шуугив

Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийнхэн мягмар гаригт Ким Чен Уны тушаалаар БНАСАУ-ын Ерөнхий сайдын орлогч Чхве Ен Гон (Choe Yong-gon)-г тавдугаар сард цаазалсан тухай мэдээлснийг “ВВС” дамжуулжээ.

Тэрбээр ойн таримлын салбарт улс орны удирдагчийн бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлснийх нь дараа тйинхүү цаазалсан байна. Чхве Ен Гон барилга, барилгын материалын салбар хариуцсан сайд байсан аж.

Өнгөрсөн оны зургадугаар сард тэр, долоон дэд ерөнхий сайдын нэгээр томилогдсон ба Эдийн засгаа өсгөхийн тулд Өмнөд Солонгостой харилцаагаа хадгалах нь Пхеньяны хүсэл гэж үзэж байсан гэнэ.

Түүнийг хамгийн сүүлд арванхоёрдугаар сард албан ёсоор олон нийт харжээ Хойд Солонгост орлогч сайдыг гүйцэтгэсэн тухай ямар нэг мэдээ гараагүй. Ёнхапын мэдээллээр 70 орчим дээд албан тушаалтаны хамт амь насаа алдсан байна.

Categories
мэдээ спорт

Монголын баг Узбекстаны шигшээд 14:0-ээр хожигдлоо

БНХАУ-ын Вэйнань хотноо үргэлжилж буй “Торгоны зам” Олон улсын тэмцээний хоёр дахь тоглолтоо Монгол улсын өсвөрийн шигшээ баг өчигдөр Улаанбаатарын цагаар 17:00 цагаас Узбекистаны шигшээ багийн эсрэг хийлээ. Монгол улсын 15 насны шигшээ баг эхний тоглолтод талбайн эзэн БНХАУ-ын 16 насны шигшээ багт 9:0-ээр хожигдсон бол Узбекистан мөн эхний тоглолтдоо Киргизстаны багт дийлдээд байгаа юм.

Тэгвэл хоёр дахь тоглолтдоо манай шигшээ баг Узбекстаны шигшээд 12:0-ээр хожигдож, хичээл заалгалаа. Уг нь шигшээ багийн дасгалжуулагч Войжислав Бралушич өмнөх тоглолтоо алдаагаа давтахгүй хэмээн ярьсан байсан ч түүний хүссэнээр болсонгүй бололтой. Узбекстаны шигшээ баг тоглолтын эхний 45 минутад 9 гоол оруулсан. Тодруулбал, 1, 2, 6, 8, 17, 27, 30, 32, 38 дахь минутад гоолджээ. Харин хоёрдугаар үеийн 51, 52, 61, 68, 74 дэх минутад гоолдож, манай багийг бутниргэсэн байна.

Тэгвэл нөгөө талд Хятадын шигшээ баг Киргизстаны шигшээ багийг 4:0-ээр буулгаж авч, хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ намар сургууль, цэцэрлэгийн 14 цогцолбор ашиглалтад орно

Энэ намар сургууль, цэцэрлэгийн 14 цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгуулж байгаа эдгээр цогцолбороос одоогоор 3-4-ийнх нь ажил удааширчээ. Харин 11 дүгээр сар гэхэд арав нь ашиглалтад орох боломжтой гэж албаныхан үзэж байна. Сургууль, цэцэрлэгийг нэг дор цогцолбор хэлбэрээр барих нь хүүхэд болон эцэг, эхчүүдэд хэрэгтэй гэж Нийслэлийн засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат цогцолборуудын ажлын явцтай танилцах үеэр хэллээ.

Нийслэлийн хөрөнгөөр 10 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн нийслэлийн болон улсын төсвөөр нийгмийн салбарын 82 төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Траншейны нүхэнд автомашинаа гэмтээвэл хохирлоо нөхөн төлүүлнэ

Иргэд траншейны нүх рүү автомашиныхаа
дугуйг оруулж доод хэсгийн эд анги болон явах ангиа эвдсэн тохиолдол их
гардаг. Хуулинд нэрлэснээр үзлэгийн таг буюу траншейны нүх нь холбооны,
бохир болон цэвэр, халуун усны гэх мэт тус тусдаа үүрэг зориулалт бөгөөд хариуцах эзэнтэй байдаг байна.

Тиймээс ирэх есдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэх Замын
хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар энэ асуудлыг шийдэж жолоочид
учирсан хохирлыг тухайн нүхний тагийг хариуцсан байгууллага төлж,
хариуцлага хүлээхээр болж байгаа юм.

Тодруулбал, хуулийн 54.18-д “Зам
дээр хийгдсэн үзлэгийн болон шүүрт худгийн таг байхгүй, алга болсон,
эвдэрсэн, замын зорчих хэсгийн түвшинтэй нэг түвшинд
байрлуулагдаагүйгээс зам тээврийн осол, хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн
болон зам тээврийн осол, хэрэг гарсан бол хариуцдаг аж ахуйн нэгж,
байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчлийг арилгуулан, албан
тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр /192 мянга/, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр/960
мянга/ торгох шийтгэл оногдуулна” гэж заажээ.

Categories
мэдээ нийгэм

30 жилийн тэртээ хаягдсан хэтэвчийг нь олж өгчээ

Их Британийн 66 настай фермер эр Дерек Гэмблд 30 гаруй жилийн тэртээ галт тэргэнд хаясан хэтэвчийг нь буцааж өгчээ.
Ингэхдээ дотор нь байсан мөнгө нь бүрэн бүтэн хадгалагдаж үлдсэн аж.
Энэ бүх хугацаанд түүний хэтэвч суудлын арын хөндийд хэвтэж байсан
бөгөөд галт тэргийг засварлах үеэр гарч ирсэн байна.

Хэтэвчин
дотор байсан зүйл огт хөндөгдөөгүй гэнэ. Тэнд нэг фунт стерлингийн
мөнгөн тэмдэгт, бага зэрэг зоосон мөнгө, төмөр замаар зорчих тасалбар
байв. Хэтэвчин дотор мөн Дерек Гэмблын хаягтай төлбөрийн баримт хэвтэж
байжээ. Хэтэвчийг олсон төмөр замын компанийн ажилтан хаягийн дагуу
фермер эртэй холбогдсон аж.

Categories
мэдээ нийгэм

Хандгайтын замыг нээлээ

Нийслэлийн
замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Шаргаморьтын
уулзвараас Хандгайт чиглэлийн 6.75 км авто замын шинэчлэлтийн ажлын
хүрээнд энэ сарын 06-ны 22.00 цагаас өнөөдөр 06.00 цагийн хооронд замыг
бүрэн хааж, хучилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Өнөөдрөөс тус замыг нээж
байна.